Categories
мэдээ эдийн-засаг

ШӨХТГ-т он гарснаас хойш тендертэй холбоотой 79 гомдол иржээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2021 он гарснаас хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотой 79 гомдлыг тендерт оролцогчдоос ирүүлжээ.

Өнгөрсөн сарын 31-ний байдлаар ирүүлсэн нийт 79 гомдлын 39 нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, уг хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй нэг, 8 нь тендерийн оролцогч биш байв.

Мөн 10 нь тендерт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, 6 нь тендерийн нээлт хийсэн, 2 нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол байсан аж. Түүнчлэн нэг нь гомдлоо дахин гаргасан, нэг нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлт, 10 нь хянагдаж байгаа юм байна.

ШӨХТГ-аас хууль зөрчсөн нийт 39 захиалагчид тендерийн баримт бичигт тендерт оролцох сонирхол бүхий аж ахуй эрхлэгчдийг оролцуулж, өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтийг оруулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгджээ. Нийт 27 захиалагч тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулсан бөгөөд өөрчлөлт оруулсан тухай албан бичгээр мэдэгдсэн байна.

Нийт ирүүлсэн тендерийн гомдлын 28 хувийг уул уурхайн салбар, 20 орчим хувийг эрүүл мэндийн салбар, 13 хувийг барилгын салбар эзэлж байна. Уул уурхайн салбарт холбогдох 22, эрүүл мэндийн салбарт буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендертэй холбоотой 16, барилга, дэд бүтэцтэй холбогдох 10, эрчим хүчний салбарт холбогдох 5, даатгалын үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах тендертэй холбоотой 3 гомдол ирүүлсэн байна.

Ирүүлсэн гомдлыг захиалагчаар нь ангилбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендертэй холбоотой 19 гомдол ирүүлснээс 9 нь хууль зөрчсөн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан 7 тендертэй холбоотой гомдол ирүүлснээс 5 нь хууль зөрсөн байна. Бусад нь “Монголросцветмет” ТӨҮГ, “Шивээ-Овоо” ХК, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг газруудтай холбоотой байна.

Categories
мэдээ эдийн-засаг

DAX Цахим Хөрөнгийн бирж олон улсын жишиг, стандарт руу шилжиж, өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой боллоо

Ард Санхүүгийн Нэгдлээс Ард Аппликэйшн болон DAX буюу Цахим Хөрөнгийн Биржид гарч байгаа шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд Ард Санхүүгийн Нэгдлийн охин компанийн удирдлагууд оролцсон юм.


Ч.Ганзориг: DAX-ын шинэлэг, дэвшилтэт хувилбарын тусламжтайгаар арилжаанд илүү хялбараар оролцоорой

Ард Экс компанийн Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: Digital Assets Exchange буюу DAX нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай Цахим Хөрөнгийн Бирж бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх гурван сар гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж ирлээ. Түүнчлэн Олон улсын платформуудын жишгээр арилжаагаа цахимаар явуулдаг ба блокчэйн технологид суурилсан криптовалютыг чөлөөтэй арилжаалах боломжийг олгодог. Бид үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 860 мянга орчим харилцагчийн 578 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн байна. Энэ тоо юуг илтгэж байна гэхээр манай улсын зах зээлд криптовалютын арилжаанд оролцож, хөрөнгө оруулах сонирхолтой иргэд их байгааг илтгэж байна. Үнэндээ, бид анх DAX-ыг зах зээлд нэвтрүүлэхдээ ийм өндөр үр дүн гарна гэж тооцоогүй. Гэтэл бидний хүлээлтээс хэд дахин давсан арилжааг хийсэн. Тиймээс өнөөдөр DAX нь өөрийн вэб сайт дээр суурилсан хувилбараа нэвтрүүлж байгааг харилцагчдадаа дуулгахад таатай байна. Үүнтэй зэрэгцэн DAX нь өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс Ард аппликэйшний цэсээс хасагдаж байгаа. Тиймээс dax.mn хэмээх өөрийн вэб сайт дээр ажиллах юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ард Аппликэйшн руу нэвтэрсний дараа тус аппликэйшн дотор байрлах DAX цэсээр арилжаанд ордог байсан бол одоо ийнхүү тусдаа вэб хуудастай болсныг танилцуулж байгаа юм. Ийнхүү DAX нь тусдаа вэб хуудастай болсноор цаашид олон улсын криптовалютын биржүүдийн ажилладаг жишиг, стандарт руу шилжиж, илүү өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой болохоос эхлүүлээд олон давуу тал бий болж байна. Бид энэхүү шилжилтийг дагаад харилцагчдад аль болох хялбар байдлаар арилжаанд оролцох боломж олгох шийдлүүдийг ашиглалаа. Энэ дашрамд дурдахад, биткойн, криптовалютын орлого, зарлагыг өчигдрөөс нээж байгаа юм. Үүний үр дүнд иргэд биткойноо манай биржид орлого байдлаар хийж зарж бэлэн мөнгө болгох, мөнгөө Ард Аппликэйшн ашиглаж аль нэг банкныхаа дансанд татан төвлөрүүлэх боломжтой. Эрхэм харилцагч та бүхэн DAX-ын шинэлэг, дэвшилтэт хувилбарын тусламжтайгаар арилжаанд илүү хялбараар оролцоорой. Нийт харилцагчдыг dax.mn дээр байрлах видео болон зурган зааврын дагуу вэб сайт хувилбар руу шилжиж арилжаандаа оролцохыг хүсье” гэв

Г.Тэлмэн:Ард Аппликэйшн хэрэглэгчдийн тоо 1.000.000-д, АрдКойн эзэмшигчдийн тоо 600 мянга гаруйд хүрээд байна

Инйхүү шинэчлэгдсэн Цахим Хөрөнгийн Биржийн талаар танилцуулсны дараа Ард Кредит компанийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн мэдээлэл өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, Ард Кредит нь 2011 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй нээлттэй хувьцаат компани билээ. Манай компани 2020 оны тавдугаар сард Монголбанкнаас Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд уг чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан анхдагч банк бус санхүүгийн байгууллага болсон юм. Ард Кредит нь Монголбанкнаас олгосон Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийн хүрээнд АрдКэш цахим мөнгийг гүйлгээнд гарган Ард Аппликэйшнээр дамжуулан санхүүгийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг эрмэлзэн ажиллаж ирлээ. Бид өнгөрсөн хугацаанд төр засгаас хэрэгжүүлж буй Цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх үйлчилгээний өртгийг бууруулах бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд уг чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, бодлогыг амьдралд хэрэгжиж биеллээ олоход онцгой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тухайлбал, харилцагчдын дунд хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн болох АрдКойныг Ард Санхүүгийн Нэгдэл зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор Ард Аппликэйшн хэрэглэгчдийн тоо 1,000,000-д, АрдКойн эзэмшигчдийн тоо 600 мянга гаруйд хүрээд байна. Бид энэ жил харилцагчдынхаа тоог нэг саяд хүргэхийг зорьж байсан. Энэхүү зорилгодоо энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан хүрсэндээ баяртай байна. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоол бий. Уг тогтоолыг дагалдан гарсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.7.3-т Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, иргэн хуулийн этгээдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан байдлаар хиймэл, оюун ухаан, блокчейн технологид суурилсан төлбөрийн, татварын, биржийн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр заасан байдаг. Тиймээс ч бид цар тахал дэгдсэн энэ үед зайнаас үйлчилгээ авах боломжийг харилцагчдадаа олгож байгаа нь томоохон үр дүн гэж дүгнэж байгаа гэв.

Цахим мөнгөний журамд ойрын хугацаанд өөрчлөлт оруулах хэрэгтэй

Тэрээр, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй хобоотойгоор цахим төлбөр тооцоонд банкнаас бусад хуулийн этгээд оролцох боломж нээгдсэн гэдгийг онцлож яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр хэлэхдээ, манай хамт олон тус хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө Ард Аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус хуульд нийцүүлэн Монголбанкнаас Ард Кредит компани цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл авсан. Тиймээс бид АрдКэш буюу цахим мөнгийг гаргасан. Ард Аппликэйшн буюу санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой үйлчилгээ Ард Санхүүгийн Нэгдлийн өмч. Үүнд Ард Кредит компани цахим мөнгө гаргаж АрдКэшыг нэвтрүүлснээр нэг оролцогч нь болсон. Тэгэхээр манай 1 сая харилцагчид цахим төлбөр тооцоонд хэсэгчилсэн байдлаар, тодорхой хэмжээнд оролцож байгаа. АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан харилцагчдад олгодог, блокчейн технологид суурилсан урамшууллын лоялти оноо бөгөөд бид оноогоо бусдад шилжүүлэх, арилжих зэрэг төрөл бүрийн боломжийг харилцагчдад олгох платформыг хөгжүүлсэн юм. Манай харилцагчид үйлчилгээ авснаараа, Ард Аппликэйшнд бүртгүүлснээрээ тус оноог өөртөө цуглуулдаг. Мөн манайхаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахдаа оноогоо ашиглан хөнгөлөлт эдлэх боломжтой. Хэдийгээр Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд Монголд төдийгүй Дэлхий нийтэд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа хэдий ч хууль, дүрэм, журмын зохицуулалт, техник технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн алхаж чадахгүй байгаагийн улмаас харилцагчдаас Ард Аппликэйшны гүйлгээний хязгаар, АрдКойн лоялти онооны талаар багагүй гомдлууд ирсээр байна.Учир нь Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны Цахим мөнгөний журамд өдөрт нэг харилцагч нэг удаадаа сая төгрөг шилжүүлэх боломжтой бөгөөд өдрийн дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар тогтоож, үндсэн дансны үлдэгдэл 50 сая төгрөг байхаар тусгасан. Энэхүү журмыг 2-3 жилийн өмнө баталсан. Тиймээс манай харилцагчид биднээр дамжуулж төв банк болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа юм. Өнөөдөр хэрэгжиж байгаа журам харилцагчдын шаардлагыг хангахгүй байна гэдгийг хэлж байна. Харилцагчдаас ирүүлж буй гомдлууд нь гагцхүү эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлага, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журамд үйл ажиллагаагаа нийцүүлэхтэй холбоотойгоор үүсэж байгаа тул бид Ард Аппликэйшнд мөрдөгдөж буй гүйлгээний хязгаар нь иргэд, харилцагчдын шаардлагад нийцэхгүй байгаа, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байгаа талаар саналыг 2020 оны 8 болон 12 дугаар саруудад Төв банкинд уламжлан хамтран ажиллаж байна. Тиймээс цаашид энэ журам удахгүй өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.

Б.Гантиг: Криптовалют, блокчейны салбар Дэлхийн хөгжлөөс хоцрох биш хөл нийлүүлэн алхах ёстой

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн хуулийн этгээдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан байдлаар үйл ажиллагаа явуулахыг бодлого байдлаар дэмжихээр тусгасантай холбогдуулан цаашид төр засаг, төрийн эрх бүхий байгууллагууд баялаг бүтээгч, дотоодын аж ахуйн нэгжээ Дэлхийтэй хөл нийлүүлэн, манлайлан алхахад бодлогоор дэмжин Монгол Улсын бизнес эрхлэгчид, харилцагч, хэрэглэгч, нийт ард түмнээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэсэн эрх чөлөөт улсын баян иргэд болоход дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид өөрсдийн сайн мэдэх уламжлалт лоялти оноог блокчейн технологи ашиглан шинэ түвшинд хүргэхийг зорьж байна. Бид хэрэглэгчиддээ эрх чөлөө, хөрвөх чадварыг өгч, маш том боломж нээж байна. Өнөөдөр АрдКойн 1 сая гаруй Монголчуудад хүрчихсэн байна. Дэлхий даяар криптовалют, блокчейны салбар хөгжлийн шинэ түвшинд хүрчихсэн байгаа энэ үед Олон улсад гаргана. Дэлхийн улс орнууд энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт, өөрчлөлт шинэчлэлтийг хийж байна. Тиймээс бид Дэлхийн хөгжлөөс хоцрох биш, хөл нийлүүлэн алхах ёстой. Ингэхдээ стандартын дагуу, шат шатаар өгссөөр олон сая хэрэглэгчдэд хүргэхийг зорьж, өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байна. АрдКойны хувьд 2021 онд нэлээд их ажил хийхээр төлөвлөж, Олон улсын зах зээлд гарахаар ажиллаж байна.

П.ЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Мөнхжаргал: “Эрдэнэс Таван толгой”-н бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

“Эрдэнэс-Таван толгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-ныг хүртгэл үргэлжлэх юм байна. Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллараар бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл, аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Иргэдийн хувьд банкин дахь долларын хадгаламжийн хүү хоёр хувиар тооцогдож байгаа. “Эрдэнэс” бондын арилжаанд оролцвол даруй 4.8 хувиар илүү өгөөж ашиг хүртэнэ гэсэн үг. Бондын хугацааг хоёр жилээр тогтжээ. Өндөр дүнтэй заиалга өгөх боломжтой хоёр хэсэг бий гэж хөрөнгийн захынхан тодотголоо. Эхнийх нь банкууд, хоёр дахь бүлэг нь хадгаламж бүхий иргэд. Банкууд өнөөдрийн тухайд илүүдэл мөнгөө төв банкны үнэт цаасанд зургаан хувийн хүүтэй байршуулж буй. Бондын арилжаанд гадныхан оролцох боломжтой гэнэ. Бондын арилжаанд оролцохыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компанидаа хандахад л болох нь. Утсаар, онлайнаар захиалга өгч, бонд худалдаж авч болох аж.

1072 хувьцааны дансаа нээлгэсэн хүмүүсийн тухайд шинээр данс нээлгэх шаардлагагүй, нээлгэчихсэн дансандаа мөнгө байршуулж арилжаанд оролцох боломжтой хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлж байна. “Эрдэнэс Таван толгой”-н бонд 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй байна.

Эрдэнэс Таван толгойкомпанийн бонд тойрсон асуудлаарГоломт капитал ҮЦКХХКийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.


-“Эрдэнэс Таван толгойбол төрийн өмчит компани. Тэр утгаараа энэ удаагийн бонд ямартаа ч эрсдэл багатай гэсэн давуу талтай байх нь…?

-Тэгнэ. Ер нь Засгийн газрын үнэт цаасыг хамгийн найдвартай гэж үздэг л дээ. Улс тэр чигээрээ дефольт зарлахгүй л бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Засгийн газар 2012-2016 онд үнэт цаас гаргаж, тэр нь хөрөнгийн зах зээлийн тулах багана болж байсан. Энэ удаа төрийн өмчит компани зах зээлээс мөнгө татах гэж байна. Тэр утгаараа эрсдэлгүй гэсэн давуу талыг хамгийн түрүүнд онцлохоос аргагүй. Товчхондоо аль аль талдаа ашигтай. Бонд худалдаж авсан хүмүүст ч, бонд арилжаалж хөрөнгө татаж байгаа компанид ч. Компани банкнаас бага хүүтэйгээр мөнгө босгоно, хүмүүс банкны хадгаламжийн өгөөжөөс өндөр ашиг хүртэнэ. Бидний хувьд хөрөнгө оруулалтын соёлыг л өөрчлөх гэж ажиллаж байгаа. Бид хадгаламжинд мөнгөө хийдэг, арилжааны банкнаас зээл авдаг энэ тогтолцоогоор сүүлийн 30 жил явлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ том биш. Эдийн засаг маань 30 их наяд байхад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наядаар хэмжигддэг. Банкны актив ч мөн 30 их наяд шүү дээ. Тэгэхээр монголчууд өнөөхөндөө арилжааны банкны системээр 100 хувь явж байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд эзэмшдэг. Хөрөнгө оруулалт татаж, өгөөж ашгаа нэмэх хэрээр 1072 хувьцааны өгөөж ч дагаад өсөх нь ээ?

-Та зөв харж байна. Иргэдийн эзэмшдэг хувьцааны өгөөж дагаад өсөх давуу талтай. Тэгэхээр энэ удаагийн бондын өгөөжийг улсаараа хүртэнэ гэсэн үг. Мэдээж ойрын арав гаруй жил “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн борлуулалт өндөр хэмжээгээр өсвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа хүний ногдол ашиг өснө. Нүүрс үнэ цэнэ, хэрэгцээтэй байх үед борлуулалт өсөж Монголын төгрөгийн валютын урсгал өснө гэсэн үг л дээ. Экспорт өсөх тусам Монголын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь тодорхой.

-“Эрдэнэс Таван толгойхөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бол?

-“Эрдэнэс Таван толгой” компани цаашдын гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. Угаах үйлдвэр барина, дэд бүтцээ хөгжүүлнэ. Дэд бүтцээ хөгжүүлчихвэл борлуулалт нь дагаад өсөх нь тодорхой. Жилдээ 30 сая тонн нүүрс борлуулна гэж байгаа шүү дээ.

Энэ удаагийнх нээлттэй бонд гэсэн тодотголтой байгаа. Нээлттэй бонд хамгийн ашигтай зөв хувилбар мөн үү?

-Хөрөнгийн зах зээлийн хамгийн эрүүл хувилбар. Нээлттэй бондын гол ялгаа нь хөрөнгийн биржээрээ дамжиж зарагдана. Гэхдээ хөрөнгө оруулагчид мөнгө нь хэрэгтэй болвол бирж дээр бондоо зараад мөнгөө авчихаж болно. Бусдаар бол хамгийн найдвартай тогтвортой хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Ер нь бол цагаа олсон бүтээгдэхүүн. Хадгаламжийн хүү буурсан байгаа үед төрийн өмчтэй, Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг, сүүлийн таван жил бизнес моделоо баталчихсан, нүүрсээ арван доллараар олборлоод 60 доллараар зарж хангалттай мөнгө хийж яваа компани ийм бонд гаргана гэдэг хаа хаанаа ашигтай шийдэл л дээ.

Хоёр их наяд гэхээр том дүн сонсогдоод байх юм. Энэ хэмжээний мөнгө зах зээлээс цуглах боломжтой юу?

-Хоёр их наяд гэсэн том дүн сонсогдож байж магадгүй. Гэхдээ банкны хадгаламжийн хэмжээ 20-30 их наяд руу дөхөж байгаа. Энэ бол иргэдээс бүрдсэн хадгаламж. Өөрөөр хэлбэл, зах зээлд хангалттай бэлэн мөнгө байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н хувьд өмнө ньЧалко”-гоос 500 сая ам.доллар татаж байсан бол өнөөдөр дотоодоосоо хөрөнгө татаж төслийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэж байгаа нь бас л том давуу тал шүү…?

-Бидний хувьд арай өөр түвшинд хүрсний шинж л дээ. Гадныхнаас мөнгө хүсч “Чалко”-гоос 500 сая ам.доллар авч байсан үе тодорхой хэмжээнд өнгөрөөд байна. Монголчууд өөрсдөө дэд бүтцийнхээ том төслийг санхүүжүүлэх тухай ярьж байна гэдэг яалт ч үгүй том давуу тал. “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко”-гоос 500 сая ам.доллар аваад яасныг бүгд мэдэж байгаа. Харин энэ удаа “Монголоосоо мөнгө босгоё, хөрөнгө оруулалт хийгээд өгөөжийг нь та хүрт” гэж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа энэ төсөл сайн хэрэгжээд ирвэл иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны өгөөж өсөх нь тов тодорхой асуудал. Засгийн газар, “Эрдэнэс Таван толгой” хоёр бондоо гаргая гээд зарлачихлаа. Одоо монголчуудад бондоо худалдаж авах ажил л үлдээд байна.

Хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй гэхээр банкинд мөнгөө хадгалуулсан иргэд олноороо сонирхох л юм байна…?

-Хадгаламжийн хүү буурчихсан, дунджаар 8.5 болсон гэж тооцвол арван хувийн татвараа хасаад 7.6 хувь руу орчихож байгаа юм. “Эрдэнэс” бондын хувьд арван хувиар гарч байгаа. Татварын шинэ хуулиар нээлттэй бондын хувьд арван хувь биш таван хувийн татвар авна. Арван хувиас таван хувийг хасахаар 9.5 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бондын бодит өгөөж 9.5 хувь. Дахиад хэлэхэд, эрсдэлгүй гэдэг утгаараа энэ удаагийн бонд давуу талтай.

-“Эрдэнэс Таван толгойирэх жилүүдэд хэр ашигтай ажиллах нь нүүрсний зах зээлийн өнгө төрхөөс хамаарна. Нүүрсний зах зээл ямар байх бол?

-Нүүрсний зах зээл ямар вэ гэхээс илүү төмрийн зах зээл ямар байх вэ гэдэг нь чухал. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний эрэлт Хятадын гангийн үйлдвэрийн хэрэгцээнээс хамаарна гэсэн үг. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн тухайд гангийн хэрэгцээ өсөх нь тодорхой. Тэгэхээр нүүрсний зах зээл дажгүй байх нь ойлгомжтой. Хятад улс Австралийн коксжсон нүүрсийг авахгүй байгаа. Уг нь энэ бүхнээс хамгийн түрүүнд өгөөж хүртэх улс нь манайх байсан юм. Гэхдээ бодитой хэмжээгээр хүртэж чадахгүй байна л даа. Гол шалтгаан нь дэд бүтэц. Гэтэл ОХУ өнөөдөр өндөр өгөөж хүртээд эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгө оруулалт татаж дэд бүтэцдээ анхааръя гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай. Монголын нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Хятад гээд харахаар ирэх жилүүдэд нүүрсээ дажгүй үнээр их хэмжээгээр борлуулах боломж бүрэн бий.

Бондын зах зээл зээлийн хүүг буулгах том хөшүүрэг болдог гэж ярьдаг. Манай хувьдЭрдэнэс Таван толгой”-н араас компаниуд бонд гаргаад эхэлбэл хүү буурах бодит нөхцөл үүсэх нь ээ?

-Компаниуд “Эрдэнэс Таван толгой”-н араас дотоодын зах зээл дээр бонд гаргаад эхэлбэл хоёр л юм болно. Компаниуд банкнаас 15 хувиар зээл авч байсан бол 10 хувиар бонд гаргаад санхүүжилт татчихна. Нөгөө талаас иргэд банкны хадгаламжаасаа илүү хүүтэй бонд худалдаж авах ашигтай. Бондын зах зээл томрох тусам хөрөнгө оруулалтын сангууд илүү их худалдан авалт хийж эхэлдэг. Одоохондоо бол нээлттэй бондууд цөөхөн л дөө. Хөрөнгийн зах зээлд компанийн нээлттэй бонд бараг байхгүй. 2017 онд “Сүү” бонд гэж гаргахад зургаан тэрбум л байсан. Нэг жилийн бонд байсан учраас дуусчихсан, одоо хөрөнгийн зах зээл дээр байхгүй гэсэн үг. Засгийн газрын ихэнх үнэт цаас энэ жил дуусч байгаа. Тэгэхээр бондууд байхгүй гэчихэж болно. Бондын зах зээлийг харвал Япон, Солонгост бонд гаргаж хүүгээ бууруулсан тодорхой хэмжээний түүх байдаг. Манай улсын хувьд арилжааны банкны системээсээ хэсэг хэсгээр өөрчлөгдөж эхлэх гээд байна гэсэн үг л дээ. Томоохон компаниуд Монголын хөрөнгийн зах зээл жижигхэн байна гээд бонд гаргадаггүй. “Эрдэнэс Таван толгой” зориод бонд гаргачихсан байгаа тохиолдолд араас нь бонд гарах өчнөөн боломж нээгдэнэ. Тэгж байж хөрөнгийн зах зээл хөгжинө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна

Засгийн газраас эдийн засгийг сэргээх, эрүүл мэндийг хамгаалах 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлж, энэ хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар олгож эхэлсэн. Үндсэн зээлээ нэг жилийн дараагаас төлж эхэлнэ. Маш бага хүүтэй зэрэг өмнө нь байгаагүй нэн хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгаа нь худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид, хувь иргэдийг хошууруулж байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал таагүй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд эрсдэл өндөртэй энэ цаг үед хүмүүс бага хүүтэй зээл авч, арилжааны банкуудад хадгалуулах замаар хүүгийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой хэмээн эдийн засагчид хардаж байгаа.

Тодруулбал, өнөөгийн байдлаар төв банкны бодлогын хүү зургаан хувь, арилжааны банкуудын хадгаламжийн хүү 9-10 хувьд хэлбэлзэж байна. Үүн дээр хүүнээс хүү тооцох аргачлалаар тооцвол жилд дунджаар 10-11 хувийн хүү тооцогдох боломжтой аж. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудын хадгаламж болгож хувиргаснаар гурван жилийн хугацаанд дунджаар 20 орчим хувийн ашиг хүртэх боломжтой. Үүнийг 500 сая төгрөгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг болж байна. Хэрэв нэгээс дээш буюу 2-3 компаниар зээл авбал ямар ч эрсдэл хүлээхгүйгээр зөвхөн хүүний зөрүүнээс 200-300 гаруй сая төгрөгийн ашиг хүртэх боломжтой байна.

Тэгвэл уг зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас жил бүр 60-70 тэрбум төгрөгийг гаргахаар тооцоод байгаа билээ. Нэгэнт ийм ашиг хүртэх боломж бүрэлдсэн учир иргэд, аж ахуйн нэгж банкны шаардлага хангасан аль болох олон компаниар зээл авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ хандлагыг сошиалд компани авна, зарна гэсэн нууцлалтай хэд хэдэн групп, мөн зарын томоохон сайтуудаас харж болохоор байв. Хүмүүсийн хамгийн их сурагласан компаниудын гол шалгуур НӨАТ төлөгч, сүүлийн 2-3 жилд үйл ажиллагаа явуулж байсан, ямар нэг өр төлбөргүй гэсэн байв. Өөрөөр хэлбэл, гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах шалгууртай нийцүүлж байгааг харж болно. Уг шалгуурыг хангасан хүмүүс компаниа 40 сая төгрөгөөс дээш, дунджаар 45 сая төгрөгөөр үнэлж байгаа бол компани худалдаж авах хүсэлтэй иргэд аль болох хямдруулах сонирхолтой байна. Тусгай зөвшөөрөлтэй, Х тайлантай компани зарах зарын доор сайндаа л 1-2 сэтгэгдэл байгаа бол НӨАТ төлөгч компанийн зарын доор 20-оос дээш сэтгэгдэл хөврөнө.

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компаниа 100 сая төгрөгөөсярина

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани зарна гэсэн зарын дагуу иргэн Бтэй холбогдож тодруулсан юм. Тэрбээр зээл авах барьцаа хөрөнгөгүй, эргэлтийн хөрөнгө дутагдалтай тул гурван хувийн хүүтэй зээл авах шалгуур хангасан компаниа зарахаар шийдсэн гэв.


Компани зарна гэсэн зарын дагуу холбогдож байна. Хэдэн онд байгуулагдсан бэ. авсан тохиолдолд гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Бид арилжааны банкнаас зээл авах боломжтой эсэхийг судлуулж үзсэн. Та бүхэн барьцаа хөрөнгө гаргачихвал зээл авах шаардлага бүрэн хангасан байгаа. Байгуулагдаад гурван жил болж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэрээт дэлгүүрүүдтэй. Татвар, нийгмийн даатгалын тайлангаа цаг тухайд нь гаргаж ирсэн, ямар нэг асуудалгүй.

Ямар төрлийн үйлдвэрлэл явуулдаг вэ?

-Манайх хүнсний чиглэлээр ажилладаг. Ерөнхийдөө өөрсдийн брэнд бүтээгдэхүүнтэй гэж ойлгож болно. Худалдаж авбал сар гаруй хэрэглэх бүтээгдэхүүний түүхий эд, шошго, сав баглаа боодол, бүхээгт амьжиргаа цагаан автомашиныг дагалдуулж өгнө. Сүлжээ дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээ, компанийн утасны дугаар, цахим хаяг бүгд дагалдана.

Үйлдвэрийн байр орох уу?

-Үгүй. Компанийн эрх болон үргэлжлүүлээд ажиллуулах боломжтой дээр дурдсан зүйлс байгаа. Жижиг тоног төхөөрөмжүүд бий. Түүн дээр үнэ тохирч болно. Мөн шаардлагатай гэвэл үйлдвэрлэлийн үйл явц, түгээлт, дэлгүүрүүдтэй харилцах зэрэгт бид туслаад өгч болно.

Танай компани ямар үнэтэй вэ. яагаад үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа юм бэ?

-100 сая төгрөг. Үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа нь хувийн шалтгаантай. Бас барьцаа хөрөнгөгүй учир банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүй байна. Тиймээс заръя гэж шийдсэн. Бид Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахаар бэлэн төсөл бичсэн байгаа. Хэрэв авах бол энэ төслөө бас үнэгүй дагалдуулж өгнө.

-100 сая төгрөгөөс хямдруулах уу?

-Уулзаж байж л болно доо. Хямдруулах боломжтой.Гол нь бид ганц компанийн гэрчилгээ бус бүхэл бүтэн бизнесээ борлуулж байгаа юм. Тэгэхээр энэ үнэлгээг гаргаж ирсэн.

Танай компанийг нэр дээрээ шилжүүлж авлаа гэхэд хөнгөлөлттэй зээл авах банкны шаардлагыг хангах уу?

-Банкны шаардлага дээрээ эзэмшлийн хөдөлгөөнтэй холбоотой шаардлага тавиагүй байсан. Тэгэхээр болох байх гэж ойлгож байгаа. Хэрэв болохгүй гэвэл дотроо гэрээ байгуулаад одоогийн эзэмшигчийн нэр дээр зээл аваад дараа нь шилжүүлэх боломжтой.

“2019 онд бага дҮнтэй ч ХамаагҮй тайлан илгээсэн байхёстой

Бид компани авна гэсэн зарын дагуу иргэн Жтэй холбогдож, тодруулсан юм. Тэрбээр энэ сард багтаж компани авахтэй холбоотой 20 шахам зар тавьжээ.

Ямар компани худалдаж авах вэ?

-2019 оноос хойш ажиллаж байгаа, татварын өр ширгүй, НӨАТ төлөгч компани бол авна. Ядаж 2018, 2019 онд бага дүнтэй ч хамаагүй тайлан илгээсэн байх ёстой.

Үйл ажиллагааны чиглэл хамаарах уу. 2020 онд үйл ажиллагаа эрхлээгүй бол яах вэ?

-Гадаад худалдааны чиглэлийн компани байвал сайн. 2019 онд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай. 2020 оноос үйл ажиллагаа нь ковидын улмаас зогссон байж болно. 2019 онд 80 болон 180 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байсан гэсэн шалгууруудаар үнэ нь хэлбэлзэнэ.

Та гурван хувийн хөнгөлөлттэй зээл авах зорилгоор компани худалдан авч байна уу?

-Таньтай компани худалдан авах эсэх асуудлаар л ярина. Бид шилжүүлж авсан компаниа ямар зорилгоор ашиглах нь тусдаа, таньд хамааралгүй асуудал. Хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдах учир та санаа зовох шаардлагагүй.

нөат төлөгч, 2019 онд тайлангаа гаргаж байсан, татварын өр ширгүй компани ямар үнэтэй авах вэ?

-Бидний тавьсан шалгуурыг хангаж байвал 20 сая төгрөгөөс эхэлнэ. Борлуулалтын орлого зэргээс хамаарч дээд тал нь 40 сая төгрөг болно.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компанийн зэсийн экспорт зогсчээ

“Оюутолгой” компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр /2021.03.30/ мэдэгджээ.

Учир нь “Covid-19”-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Хятад-Монголын хил дээрх түүхий эдийн солилцоог Хятадын талаас зогсоосон байна. Тиймээс Хятадын талын худалдан авагчдад аль болох богино хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр “Оюутолгой” компани Засгийн газартай хамтран ажиллаж байгаа аж.

Тус компани дээр Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор 9.726 ажилтанд PCR-ийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан ч нийт ажилчдын аюулгүй байдлын үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил түр завсарлаад байгаа юм.

“Оюутолгой” компани уурхайн ажилчдаа ээлжээр ажиллуулдаг бөгөөд Улаанбаатар хотоос халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа талаар эх сурвалжийн мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.turquoisehill.com/

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 2088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр ажлын байрыг дэмжих, ипотекийн болон урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн талаар мэдээлэл өгөв.

Ажлын байрыг дэмжих зээлийн тухайд 3 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, Аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг байна.

Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн тухайд 1078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.

Ипотекийн зээлийн хувьд 2043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Наранбаатар: Төмөр замын 55 тэрбумын хэрэгт шүүх, прокурорын байгууллага оролцсон

Эдийн засагч Л.Наранбаатар АТГ-аар ҮАБЗ-ийн НБД А.Гансүхийн улсад 55 тэрбум төгрөгийн хохирлыг дахин шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдлээ.

Эдийн засагч Л.Наранбаатар “Төмөр замын бүтээн байгуулалт хэмээн Чингис бондоос 780 гаруй тэрбум төгрөг авсан байдаг. Энэ бондын мөнгөний хүүг өнөөдөр хүртэл төлж байгаа. Тэгвэл тухайн үед Зам, тээврийн сайд байсан Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нар туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 55 тэрбум төгрөгийг идэж, ууж шамшигдуулсныг 2015 онд прокурор тогтоосон байдаг.

А.Гансүхэд 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл энэ үүсгэсэн хэргийг 2017 оны 5 дугаар сард шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу шилжүүлсэн. Энэ шүүгч ҮАБЗ-ийн ажилтан Б.Баасанцогтоос нэг сая төгрөг авсан авсан байдаг. Мөн хамт секс партинд цуг оролцсон. Б.Баасанцогт бол А.Гансүхийн бэлтгэсэн гарын хүн. Ингээд шүүгч З.Болдбаатар, А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2017 онд прокурорын байгууллагаас А.Гансүхийг 55 тэрбум төгрөг шамшигдуулсан хэмээн үзэж дахин давж заалдсан байтал прокурорын эсэргүүцлийг хүлээн авалгүй С.Соёмбо-Эрдэнэ шүүгч хэрэгсэхгүй болгосон. Үүний хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон. Гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос тогтоосон байтал Ерөнхийлөгч прокурорыг дарамталсан гэж үзэж байна.

Иймд шинээр үүссэн нөхцөл байдал үүссэн тул хэргийг дахин шалгаж өгөхийг хүсэж АТГ-т хандаж байна. Түүнчлэн улсад учруулсан 55 тэрбум төгрөгийг дахин нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж байгаа харуулсан явдал” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Цар тахлын эрсдэлийг бууруулж чадвал Монголын эдийн засгийн өсөлт зургаан хувийг давах боломжтой гэв

Олон улсын байгууллагуудын энэ оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай таамаглалууд харьцангуй эерэг болсоор байна. Хэдийгээр “Ковид-19” цар тахлын улмаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнууд жигд бус сэргэлттэй нүүр тулж байгаа ч Хятад улс өнгөрсөн онд огцом сэргэлтийн замд орж, эдийн засаг нь цар тахлын өмнөх түвшинг давсан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлэх хүчин зүйл болох аж. Энэ тухай Дэлхийн банкнаас өнгөрсөн долоо хоногт шинэчлэн гаргасан тайланд дурджээ. Тус тайлангаас харахад Хятад улсын эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшинг давсан бол бусад орнуудын хувьд цар тахлын өмнөх түвшингээс 5 хувиар доогуур байгаа аж. Энэ нь Хятад цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн өсөлтийг чирэх голлох зүтгүүр болохоор хичээж байгааг харуулна.

Манай улсын хувьд эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүд цар тахалтай дасан зохицож, улмаар 2021 онд эдийн засаг хурдацтай сэргэх төлөвтэй байгааг онцолжээ. Гэхдээ уг тайланд манай улсад сүүлийн хэд хоногт хурдацтай нэмэгдэж буй халдварын тархалтаас үүдэлтэй эрсдэлийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Тайланг боловсруулах явцад халдварын тархалт харьцангуй бага байсантай холбоотойгоор эерэг төсөөлөл гаргахад нөлөөлсөн байх талтай. Ямартаа ч манай улсын эдийн засгийг энэ онд 4.3 хувиар өснө гэж таамаглаж байсан бол сүүлийн байдлаар энэ төсөөллийг зургаа хүртэл хувьд аваачжээ. Өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх хүчин зүйлд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төлөвлөгөөний хүрээнд олгож байгаа хөнгөлөлттэй зээлүүд нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн сэргэлтэд дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцсон аж. Үүн дээр нэмээд эрдэс түүхий эдийн үнэ өндөр байх төлөвтэй байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж, уул уурхайн салбарыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцолжээ. Анх Дэлхийн банкнаас энэ онд зэс тонн нь 6300, алт 1740, нүүрс 57.8 ам.доллар байна хэмээн таамаглаж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар зэс 8929, 1725 ам.долларын ханштай байна.

Түүнчлэн, Хятад, Австралийн харилцаанаас үүдэж манай улсын хамгийн том экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний ханш 2021, 2022 онд тогтвортой байх төлөвтэй байгаа аж.

Гэхдээ дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх төлөвтэй учир эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл авчрах эрсдэл байсаар байгааг анхааруулжээ. Вакцины одоо байгаа нөөц болон хуваарилалтын төлвийг харахад 2021 оны эцэс гэхэд аж үйлдвэржсэн улс орнууд нийт хүн амынхаа 80-аас дээш хувийг, хөгжиж байгаа улс орнууд 55 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ онд эдийн засаг огцом өсөх эерэг төсөөлөл байгаа ч вакцинжуулалтын хурд, нөөцөөс хамаарч гэнэтийн эрсдэлүүд үүсэх магадлал ч бийг анхаарах ёстой аж. Харин 2022 оноос дэлхийн ихэнх хүн ам вакцинжуулалтад хамрагдсанаар эдийн засгийн өсөлтөд үүсэх эрсдэлүүд намжиж, тогтвортой өсөх боломжууд нэмэгдэхээр байна. Хүн амын 75 хувиас 80 хувь вакцинжуулалтад хамрагдсан тохиолдолд “Ковид-19” вирус тахлын хэмжээнд тарах эрсдэлгүй болно гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд тодорхойлжээ. Хэрэв вакцинжуулалтын хэмжээ энэ түвшинд хүрсэн нөхцөлд иргэдийн амьдралын хэв маяг эргэж энгийн үеийнх рүү шилжиж, ямар нэг хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдалд орох шаардлагагүй болно.

Цар тахлын хүнд үеийг даван туулахаар эрмэлзэж, эдийн засгийн өсөлт рүү тэмүүлж байгаа улс орнуудад нийгэм рүү чиглэсэн хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн байна. Энэ нь манай улсын хувьд ч тун хамааралтай сэдэв аж. Тодруулбал, 2020 онд тус бүс нутаг дахь ядуурал сүүлийн хэдэн арван жилд анх удаа буурсангүй. Цар тахлын улмаас, бүс нутгийн 32 сая хүн ам ядуурлаас ангижрах боломжоо алджээ. “Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн цочрол нь ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг тасалдуулж, тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна” хэмээн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Виктория Кваква хэлсэн байна. Иймд 2021 онд эдийн засгийн сэргэлт эхэлмэгц улс орнууд хүн амын эмзэг бүлгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг яаралтай авахыг анхааруулжээ. Түүнчлэн, дижитал технологийн тэгш бус хүртээмжтэй холбоотойгоор амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох боломж доогуур байсан. Энэ байдал манай улсад илүү их байсан байх магадлалтай. Захын гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүд теле хичээл үзэх боломж хязгаарлагдмал, эцэг, эхийн анхаарал халамж сул байдлаас хамаарч хичээлээс хоцрогдох явдал түгээмэл байсныг салбарын судалгаа харуулсан. Иймээс боловсролын чанартай хүрээтээмжийг бий болгоход анхаарах шаардлагатайг сануулжээ. Нөгөөтэйгүүр, цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсон нь олон улсын төлөв байдлаас харагдаж байгаа аж. Тодруулбал, Лаос улсад судалгаанд оролцогчдын 25 хувь, Индонез 83 хувь нь цар тахлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдсэн гэж хариулсан байна.

Мөн бүс нутгийн хэмжээнд эдийн засгийг сэргээх арга хэмжээний багцуудад “ногоон” арга хэмжээнээс илүүтэй “хүрэн” үйл ажиллагаа давамгайлж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, байгаль орчны асуудлыг хойш нь тавьж, эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг экологид халтай алхмуудыг хэрэгжүүлэх хандлага түгээмэл байгаа тул ногоон эдийн засгийг дэмжихийг уриалсан байна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ЗГ: Цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг баталлаа.

Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.

Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг, нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Дөлгөөн: Монголбанк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгална

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Монгол банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгална. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгсэлд энэ оны хоёрдугаар улиралд нийт 350 хүртэл тэрбум төгрөг олгоно. Энэ санхүүжилтийг 200 хүртэл ажилтантай худалдаа үйлчилгээ, боловсруулах салбарын ААН-д олгож, хамрах хүрээг өргөтгөжээ.

Инфляци улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатарт 2 хувь байна. Цаашид эдийн засаг идэвхжих хэрээр инфляци өсөх төлөвтэй байна. Мөн шатахуун, сайжруулсан түлшний үнэ инфляцид нөлөөлнө. Вакцинжуулалт амжилттай үргэлжилбэл эдийн засаг сэргэн, ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн хэмжээндээ хүрнэ

Оны өмнө Хаан банкны хүү 9.8 хувьтай байсан бол Төрийн банк 8.6 хувь байна. 200 гаруй хувь хүн ААН-үүд 57 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн” гэв.