Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хүлээн авагчийн нэр данс зөрүүтэй шалтгаанаар 32.144 иргэний гүйлгээ буцаагджээ

Хүүхэд бүрт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс х эхлэн хүүхдийн мөнгө олгохоор  болсон

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр /пүрэв/ гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн. Энэ талаар Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан “Татварын албанаас Оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг төлөлтийг иргэн бүртээ тэгш хуваарилж байна. Мөн энэхүү гүйлгээг бид 7-10 хоногийн дотор хийж дуусгахыг зорьж байна” гэж мэдэгдсэн.

2021 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна. Үүнд:

  • Хүлээн авагчийн данс хаагдсан,
  • Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
  • Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авч бичсэн,
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон

Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Иргэдийн 85 хувь нь 300 мянган төгрөгийн дэмжлэгээ авчээ

Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилготой тарааж буй 300 мянган төгрөгийн талаар Сангийн сайд өчигдөр Clubhouse-д мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Хөл хорио тавьж байгаатай холбоотойгоор иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгож байгаа. “Оюу Толгой” ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын 93-р тогтоолоор төсвийн орлогод бүртгэсэн.

Шинэчлэгдэн батлагдсан татварын багц хуулийн заалтуудаар дээрх татвар төлөлтийг улсын төсвийн орлогод бүртгэх боломж бүрдсэн. Үүний үр дүнд 3.373.025 иргэн тус бүрт нь хөл хорионы үеэр 300 мянган төгрөг олгож байна.

Энэхүү дэмжлэгийг үзүүлснээр инфляцийн зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэсэн хүлээлт байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 2.6 хувь байгаа бол төв банкны энэ жилийн инфляцийн зорилт 6 хувь (+- 2) байгаа юм.

Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд ~2,850 төгрөг дээр тогтвортой байгаа” гэлээ.

Иргэн бүрт 300 мянган төгрөгийг тараахтай холбоотой Засгийн газрын 93-р тогтоол нь
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.

Сангийн яамнаас өгч буй мэдээллээр иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийг иргэдийн 85 хувьд арилжааны банкуудын оролцоотойгоор шилжүүлээд байгаа бөгөөд анх удаа Монгол Улсын иргэн бүрт ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Эрдэнэбат: Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай албан тушаалтнуудыг шалгаж, сольж байж асуудал цэгцэрнэ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт тойрсон сэдвээр ярилцлаа.


Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж, 26 хувьд хүргэж байна. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд зайлшгүй ийм арга хэмжээ авахаас аргагүй болсон тухай тайлбарладаг. Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхдээ анхнаасаа ул суурьгүй хандсан. Нийгмийн даатгалын санд жил бүр төсвөөс 500-600 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа тухай ярьдаг. Гэхдээ өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн хуримтлал тэтгэвэр авч буй хүмүүст хүрэлцэхгүй учир төсвөөс татаас өгөөд байгаа юм биш. Төр нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж, даах ёстой иргэд гэж бий. Цэрэг, цагдаа гэх зэргээр төр даах ёстой бүлэг байдаг. Нэмээд улс төрийн янз бүрийн амлалттай холбоотойгоор нийгмийн даатгалд нөхөж хамруулсан хүмүүс байна. Үүнийхээ мөнгийг төр өгөх ёстой. Гэтэл үүнийг төсвөөс гаргачихъя, даатгуулагч нарт үүрүүлчихье гэсэн байдлаар хандаж байна.

Улстөрчдийн амлалттай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй боловч түүнийгээ нөхөн төлүүлэх, эсвэл тэдэн жил төлснөөр тооцох гэх зэргээр хуримтлалын хэмжээ өсөөгүй байхад тэтгэвэр авагч нарын бааз суурийг нэмэгдүүлсэн зүйл их орж ирсэн. Энэ ачааллыг даатгал төлж байгаа бүх хүн үүрч байна шүү дээ?

-Тийм. Тэтгэврийг наашлуулах, 1990-2000 оны хооронд ажилгүй байсан хүмүүсийн даатгалыг нөхөн төлөх, малчдаа харж үзэх гэх зэргээр улс төрийн амлалттай холбоотой шийдвэрүүд олон гарсан. Нэг талаас иргэдээ харж үзэх нь зөв. Гэхдээ улс төрийн амлалтаас үүдэлтэй зардлын асуудлыг төр өөр байдлаар санхүүжүүлэх ёстой. Гэтэл мөрөөрөө ажлаа хийгээд даатгалаа төлөөд явж байгаа хүмүүсийн нуруун дээр үүрүүлчихэж байна. Тухайн үед ОУВС-гийн хүмүүстэй уулзаж байхад “Та нар ямар татвар, шимтгэлээ хэрхэн өсгөөд төсвийнхөө алдагдлыг багасгах дотоод хэрэгт бид оролцохгүй” гэж хэлсэн байдаг. Ингээд тухайн үеийн сайд нар үл хөдлөх, тансаг хэрэглээний барааны татварыг нэмэхгүй, харин нийгмийн даатгалыг нэмчихье, тэтгэврийн насыг уртасгачихъя, тэтгэвэр тогтооход тооцдог аргачлалыг нь тав бус долоон жил болгочихъё гэх зэргээр буруу бодлогын сонголт хийсэн. Үүний дараа 2017 онд У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар гарч ирлээ. Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар. Тухайн үед Сангийн сайд “ОУВС-гийн хөтөлбөр дууссаны дараа манай эдийн засаг тогтворжоод ирэх үед бид энэ татварыг эргэн авч үзнэ. Одоо нэгэнт тохирсон гэрээн дээр ямар ч арга алга” гэсэн байдлаар тайлбарлаад өнгөрсөн юм. Анх нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх шийдвэр гаргах үед үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хөдөлмөрчдийн саналыг аваагүй, шууд шийдчихсэн шүү дээ. Үндсэндээ сүүлийн гурван жилийн дотор цалингийн сангаас авах татвар шимтгэлийн хэмжээ таван хувиар нэмэгдээд байна.

Шимтгэл төлдөг ч түүнийхээ үр өгөөжийг хүртэж чадахгүй байгаа нь иргэдийг бухимдуулдаг. Хэрэв арилжааны банкинд хүүтэй хадгалдаг бол тэтгэвэрт гарахад 400-500 сая төгрөгөөр хэмжигдэх хуримтлал үүсгэх боломжтой байгаа?

-Төр иргэнээсээ яах гэж шимтгэл авдаг юм. Ирээдүйд тэдэнд тэтгэвэр болгож олгох гэж авч байгаа. Гэтэл өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ мөнгөөр дөнгөн данган аргацааж байгаа. Хэрэв нас барчих юм бол улсад төлж ирсэн шимтгэл нь нөхөж олдохгүй. Монгол эрчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 24 хувь нь тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө нас барж байна.Хавдарт 4000, зүрх судсаар 5000, аваар ослоор 2000, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өчнөөн мянган хүн нас барж байна. Эргээд ар гэрт нь юу ч олдохгүй. Үнэхээр харамсалтай тоо. Нийгмийн даатгалын тогтолцооны үр өгөөжийг сайжруулаагүй байж шимтгэлийг нэмж байгаа нь логикийн алдаатай. Хэрэв шимтгэл нэмж байгаа бол үр өгөөж тэр хэрээр өсөх учиртай. Иргэндээ өгөөжтэй байвал хүн ирээдүйгээ бодоод харин ч өндөр төлөхийг бодно шүү дээ. Хожим ямар ч өгөөжгүй зүйлд хэн мөнгө өгөх дуртай байх юм бэ. Таван “цаас”-аа ар гэртээ зарцуулсан нь дээр биз дээ. Ядаж л хүнд өвчин туслаа гэхэд өмнө нь шимтгэл болгож хуримтлал үүсгэсэн мөнгөнөөсөө 10 хувийг нь аваад гадаад, дотоодод эмчлүүлж болдоггүй юм бэ. Насаараа шимтгэл төлчихөөд тэтгэврийн насанд хүрэлгүй нас барахад ганц сая төгрөг л ар гэрт нь олдож байна. Гэтэл буяны байгууллагын хамгийн хямд үйлчилгээ нэлээн хэдэн жилийн өмнө 1.5 сая төгрөг байсан. Хөшөөний чулуу зэрэг бүх юмаа урдаас оруулж ирдэг. Юанийн ханш байнга өсөн нэмэгдэж байгаа.

Олон нийтийн хөрөнгийг ашиглаж эрх мэдэл бүхий хүмүүс ашиг хийсээр ирсэн гэж шүүмжилдэг. Энэ байдал эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн алдагдалд ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Одоо татвар нэмж энэ алдагдлыг бууруулах гэж хичээж байна?

-Шимтгэлийг нэмэхгүй байх боломж бололцоо, зохицуулалт байсан уу, байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгалын 230 тэрбум төгрөг “Капитал” банкинд хэвтэж байна. Гэвч дампуурчихсан. Банкны эрх хүлээн авагч нар маш муу ажиллаж байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэж хардаж байна. Ер нь энэ мэт асуудал 2012 оноос эхтэй. Улстөрч нар өөрсдийн хамаарал бүхий этгээд, явцуу сонирхолтой хүмүүсийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд шургуулж байгаад энэ сангаас мөнгийг нь хулгай хийдэг. Сангийн хөрөнгийг өсгөж үржүүлэх тал дээр санаачилга гаргадаггүй. Эсвэл өсгөж байна гээд банкинд хийдэг. Хариуд нь зөрүүлээд хүү цохидог. Дээр нь давуу эрхээр тухайн банкнаасаа зээл авдаг ашиг сонирхлын зөрчлүүд илрээд, нотлогдсон тухай УИХ-ын дарга хэлж байна. Ингээд энэ байдалд хяналт тавья, шинэчлэл хийе гээд тухайн зөвлөлд нь үйлдвэрчний эвлэлээс төлөөллөө оруулъя гэхээр “Байж бай, та нар шалгуул” гэж ярьж байна. Бидний орох гээд байгаа шалтгаан гэвэл хулгайг илрүүлэх явдал. Харин улстөрч нар бол нүүдлийн шувуу шүү дээ. Цөөн жил энэ албан тушаал дээр байна. Тиймээс асуудалд явцуу байдлаар ханддаг. Ашиг сонирхлын зөрчил орж ирдэг. Иймээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөвлөлд байсан бүх хүн шалгуулах учиртай. Маш олон асуудал эндээс гарч ирнэ. Зарим нь сайн дураараа ажлаа өгөх ёстой.

Би эрүүл мэндийн даатгалын зөвлөлд хандаж хэлмээр байна. Өнөөдөр тус сангийн мөнгө гээд 134 тэрбум төгрөг Капитал банкинд байгаа. Дээрээс нь тус сангаас мөнгө авах гэсэн сүлжээ, лобби бүлэглэлүүд бий. Ийм олон ашиг сонирхлыг хэн атгахыг хүсч байна вэ. УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл уг зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн. Би энэ хүний ур чадвар, мэдлэгт эргэлзэхгүй байна. Харин энэ хүн үнэхээр даатгуулагчийн төлөө ажиллана гэдэгт эргэлзэж байна. Төрийн өмчийн хорооны даргын зөвлөх хүн. Өмнө нь улс төрд олон жил болсон, сайд хийж байсан. Дээрээс нь 65 хүрчихсэн болов уу. Энгийн ажилтан бол төрийн албанаас 65 хүрээд чөлөөлөгдөнө. Гэтэл энэ хүн байгаад байдаг. Цаад шалтгаан нь юу вэ. Ер нь бүх улс оронд дээрх сангаас улстөрчдийг хол байлгадаг үндсэн зарчим мөрдөгддөг. Улстөрчид нийтийн сангийн мөнгөтэй холбоотой байх нь бүү хэл сангийн эрх бүхий албан тушаалтнуудтай хувийн зорилгоор уулзсан тохиолдолд хариуцлага хүлээж албан тушаалаа өгдөг.

Дээрээс нь Ч.Цолмонгэрэл гээд төслийн ажилтан байна. Яамтай хамааралтай хүн. Тэгэхээр энэ хүн хэний үгэнд орох вэ. Уг нь даатгуулагчийг төлөөлж тэнцвэрийг хангах ёстой шүү дээ. Гэтэл Монголд амьдардаггүй. Хуралдаа нэг ч сууж байгаагүй. Ийм хүмүүс байгаад байдаг. Өөрчилье, засъя гэхээр үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс оруулдаггүй. Биднийг хаалганы цаана байлгаж байгаад хулгай хийх гэж байна. Өнөөдөр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүх хариуцлагатай албан тушаалтнуудыг хянаж, шалгаж, бүгдийг нь сольж байж асуудал цэгцэрнэ. Ганц хоёроор нь солиод нэмэргүй.

Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой маргаан их гардаг. Энэ тухайд?

-Би өөрийнхөө жишээн дээр л ярья. Манай хамаатны хүн хавдартай болсон учир хөдөөнөөс ирээд ХӨСҮТ-д үзүүлж, аппаратаар харуулах гэхэд бараг сар хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл хажуу талын эмнэлэгт дараалалгүй харуулахад багц дүн нь 500-600 мянган төгрөг болж байсан. Хөдөөний хүнд хуримтлал байхгүй учир ах дүүгээсээ зээлээд болгосон. Улсын эмнэлэг хүлээгээд 20-30 хоног хүлээж байх хооронд хавдар нь үсэрхийлээд аминд нь хүрвэл яах вэ. Хувийн эмнэлгүүд даатгалаар үйлчилдэг болсон л гэнэ. Иргэнээс ч мөнгө аваад, цаагуураа бичилт хийгээд даатгалаас ч мөнгө цохиод байхыг үгүйсгэхгүй. Ер нь хувийн эмнэлгүүд хамгийн хөнгөн хавдрын эмчилгээг аваад, улсын эмнэлэгт хүндийг нь өгчихсөн. Адилхан нийгмийн даатгалаас санхүүжилт авна. Хавдрын бүх мэс заслыг 10 сая төгрөг болгочихсон. Ингээд хөнгөн хагалгаануудыг хувийн эмнэлгүүд нь түүж аваад улсын эмнэлгүүдийн эмч нарыг авчирч хагалгаа хийлгэдэг. Нөгөө хэд нь ажил төрлөө зохицуулаад очдог. Цалин бага учир өөр арга байхгүй. Дарга, эрх мэдэлтнүүдийг ашиг хийлгэмээргүй байна.Хэрэв үнэхээр сайн хагалгаа хийсэн бол зардлын 10 сая төгрөгөөс тодорхой хувийг нь эмчид өгье л дөө. Тэгвэл тэд хувийн эмнэлэг рүү гүйгээд байхгүй. Бизнес, улстөрчдийн нийлсэн олигархиуд сангийн хөрөнгөөс хол байх хэрэгтэй. Ийм дампуурчихсан эрүүл мэндийн нийгмийн даатгалын зөвлөл гэж юу байдаг юм. Эмийн бизнес байна. Бас л бөөн будлиан. Цаашид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй болгохыг шаардаж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийтийн мөнгө шүү дээ.

Г.БАТ

Categories
мэдээ эдийн-засаг

“Rio Tinto” Оюу толгойн санхүүжилтийн талаар “Turquoise Hill”-тэй тохиролцоонд хүрчээ

Австралийн “Rio Tinto” групп Монгол дахь Оюу толгой зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлаар “Turquoise Hill Resources” компанитай тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ.

Талуудын зөвшилцсөн санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөө нь далд уурхайн төсөлд шаардлагатай үлдсэн 2.3 тэрбум орчим ам.долларын талаар тусгасан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд байгуулсан гэрээнүүдийг орлох ажээ.
“Rio Tinto”-гийн мэдээлснээр, талууд 1.4 тэрбум хүртэлх ам.долларын өрийн төлөлтийн бүтцийг дахин өөрчилж, 500 сая хүртэлх ам.долларыг санхүүжилтийн одоогийн зохицуулалтуудын дагуу нэмэлт зээлийн хувиар босгохыг эрмэлзэх гэх мэт тохиролцоонд хүрчээ. Уг баримт бичгийг одоо Оюу толгой компани, Монголын Засгийн газар баталгаажуулах юм.

“Энэхүү гэрээ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болж, Монголын эдийн засагт урт хугацаанд үр өгөөжөө өгөх Оюу толгойн бүтээн байгуулалт үргэлжлэхэд томоохон алхам боллоо. Монголын Засгийн газрын дэвшүүлсэн асуудлуудыг сонсон шийдвэрлэж буй нь Оюу толгойн далд уурхайн төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд тун чухал юм” гэж “Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд мэдэгджээ.

Мөн “Turquoise Hill” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгч Стив Тибо, “Бид Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх талаар “Rio Tinto”-той бүтээлч, шударга тохиролцоонд хүрсэндээ баяртай байна. Цаашдын үйл ажиллагааг тодорхой цаг хугацаатайгаар тусгасан гэрээг байгуулснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдэнэ. Бид Монгол Улс, монголчууд гэх мэт хувьцаа эзэмшигч бүх талд үр өгөөжөө хүртээхэд үргэлжлүүлэн анхаарна” гэв. Мөн “Rio Tinto”, “Turquoise Hill” одоо үргэлжилж буй арбитрын ажиллагааг зогсоохоор тохиролцсон байна.

Эх сурвалж: Montsame.mn

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр болсныг зарлалаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо” гэв.

Мөн “2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн.

Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн” гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан “3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны банкуудад 20 сая ам.доллар нийлүүллээ

Өнөөдөр гадаад валютын ээлжит худалдаагаар Монголбанк арилжааны банкуудад 20 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.

Өмнөх дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 22 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм. Төв банкны сүүлийн албан ханшийг харахад төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2849.96 байна

Categories
мэдээ эдийн-засаг

Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн оны үйл ажиллагааг дүгнэлээ

Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг бөгөөд 2020 оны жилийн ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүллээ.

Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 3260 зохицуулалтын этгээд, 2473 даатгалын төлөөлөгч, нийт 5733 иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт хяналт тавьж ажилласан. Зохицуулалттай нийт этгээд 2016 оноос хойш 2.5 дахин өссөн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагааг хянах чиг үүрэг Хороонд ирсэн. Үүнтэй холбоотойгоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн онд санхүүгийн бус бизнесийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны үйл ажиллагааг зохицуулалтад оруулах бүртгүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн ФАТФ-аас өгсөн үүргүүдийг хууль эрх зүйн шинэчлэл, үндэсний эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, олон нийтэд мэдээлэл түгээх гэсэн 4 чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авснаар Монгол Улсыг 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаас, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдөр Европын холбооны Хар жагсааалтаас хасагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тайлант онд санхүүгийн зах зээл ДНБ-ий 15.4 хувьд хүрсэн нь өмнөх оноос 2 пунктээр, 2016 оноос 4.5 пунктээр нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Хорооны дарга Д.Баярсайхан танилцуулгын үеэр онцолсон юм.

Санхүүгийн салбар тус бүрээр 2020 онд хийж хэрэгжүүлсэн онцлох зарим ажлаас дурдвал,
Хөрөнгийн зах зээл: 2019 оноос 12.5 хувиар өсөж 3.0 их наяд төгрөгт хүрлээ. Нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөгт, хөрвөх чадварын хэмжээ 18 хувьд хүрсэн. Нийт арилжааны 82.5 хувийг хувьцаа, 7.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 8.9 хувийг компанийн бонд, 0.9 хувийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлж байна.

Даатгалын зах зээл: Даатгалын хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрч, нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Даатгалын хүртээмжийг хэмждэг даатгалын гүнзгийрэлт 0.57 хувьд хүрч өмнөх оноос 0.01 пунктээр, даатгалын нягтрал 61,117.0 төгрөг болж өмнөх оноос 0.7 хувиар өссөн.

Банк бус санхүүгийн байгууллаг /ББСБ/-ын салбар: Байгууллагуудын нийт хөрөнгө өмнөх оноос 16.0 хувиар өсөж 2.0 их наяд төгрөгт, салбарын харилцагчдын тоо 2.8 саяд, зээлдэгчдийн тоо 1.9 дахин өсөж 788.1 мянгад хүрсэн нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ уг салбарт хурдацтай нэвтэрсэнтэй холбоотой. Харилцагчдын 88.4 хувь нь зээлдэгчдийн 40.0 хувь нь финтекийн үйлчилгээ авсан. ББСБ-дын зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 84.8 хувь нь хэвийн зээл байна.

Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/: Салбарын нийт хөрөнгө өмнөх оноос 15.0 хувиар өсөж 256.0 тэрбум төгрөгт хүрсэн. ХЗХ-дын нийт гишүүдийн тоо 2020 онд өмнөх оноос 2.4 хувиар өсөж 72,651 болсон.

Санхүүгийн бус бизнесийн салбар: Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 167 компани 2020 онд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн ба нийт 610.3 мянган м.кв талбай, 281.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдаж, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 88.6 мянган м.кв талбай, 39.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ. Харин үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны 30 хуулийн этгээд, 399 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр 2020 онд үйл ажиллагаа явуулж, үнэт металл, үнэт эдлэлийн 577.0 тэрбум төгрөгийн худалдах, 624.2 тэрбум төгрөгийн худалдан авах арилжаа хийсэн юм.

Өнгөрсөн онд цар тахлаас шалтгаалж санхүүгийн зах зээлд эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал тулгарсан ч УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /ковид-19-/ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх”, 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр Хороо хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах, нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, санхүүжилт босгох таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу хоёр биржийн хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бүрдүүлснээр анх удаа зах зээлийн үнэлгээ 3.0 их наяд төгрөгт хүрсэн. Мөн энэ он гарсаар Монгол Улсад анх удаа олон нийтэд нээлттэй арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэхийн зэрэгцээ Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN)-ийн тодорхой хувьцааг Канадын хөрөнгийн бирж рүү амжилттай хөрвүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон.

Цаашид ч хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл рүү татахын тулд юуны түрүүнд хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулж хуулийн этгээдийн олон сонголтод хэлбэрийг бий болгох, түүнчлэн манай улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлж чадах зээлжих зэрэглэл өндөртэй олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудыг зах зээлд татан оролцуулж, хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд ажиллана гэдгээ Хорооны дарга Д.Баярсайхан танилцуулсан юм.

Тайлантай холбоотойгоор Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, байнгын хорооны гишүүн Т.Доржханд, Д.Батлут, М.Оюунчимэг нар асуулт асууж, салбарын хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийг хурдацтай хөгжүүлэх хөгжлийн оновчтой бодлого явуулах чиглэлийн хүрээнд Хорооны удирдлагуудаас хариулт, тайлбар авч, санал бодлоо хэллээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Categories
мэдээ эдийн-засаг

186 тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгожээ

Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохыг Засгийн газар дэмжжээ – Week.mn

Сангийн яамнаас өгсөн мэдээллээр, энэ сарын 5-ны байдлаар 2488 зээлдэгчид 186.7 тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгожээ.

Энэ онд ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолоод байна. Үүнээс гадна ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулснаар өрхийн улирлын хэрэглээний 7-8 орчим хувь нь ипотекийн зээлийн хөнгөлөлтөөр санхүүжигдэж байгаа гэсэн судалгааг Монголбанкаас гаргасан байна.

Улсын хэмжээнд нийт 55 мянга гаруй зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг энэ оны долоодугаар сарын нэгэн хүртэл хойшлуулаад байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд: Хэлэлцээг аль аль талдаа үр өгөөжтэй, амжилттай болно гэж итгэж байна

Оюу толгой төсөл тойрсон асуудлуудаар нэг талаас Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талаас Рио Тинто компани хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Хөрөнгө оруулагч талын хэлэлцээрийн багийг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, засгийг төлөөлсөн багийг ХЗДХийн сайд Х.Нямбаатар ахалж буй. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болдтой хэлэлцээр тойрсон асуудлуудаар ярилцсанаа хүргэе.


Оюу толгойн хэлэлцээр албан ёсоор эхэлсэн үү, урьдчилсан яриа хөөрөө л өрнөөд байна уу?

-Юуны түрүүнд Монголдоо, эх орондоо ирээд ажиллаж байгаадаа баяртай байна. Би мэдээж монгол хүн, гэр бүл, хүүхдүүд маань ч Монгол Улсын иргэд. Тиймээс миний хувьд энэ чухал ажлыг амжилттай хэрэгжүүлж, талуудын хооронд нэгдсэн байр суурийг бий болгож, яригдаад байгаа нарийн, ярвигтай асуудлуудад төвлөрч, хамтын ирээдүйг босголцохын төлөө шаргуу ажиллаж байгаа.

Хоёр талын ажлын хэсгүүд өмнө нь онлайнаар хэд хэдэн удаа хуралдсан. Миний хувьд Х.Нямбаатар сайд, сайдын ахалж байгаа ажлын хэсэгтэй нэг өрөөнд суугаад биечлэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Монголдоо ирээд байна. Бид хэлэлцээнд шинэ баг бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Бидний хувьд талуудын харилцаанд шинэ салхи оруулж, харилцааг сайжруулж, шинэчлэхийн төлөө ажиллаж байна.

Ингэхийн тулд Рио Тинтогийн зүгээс хамгийн тэргүүнд хийх ёстой зүйл бол нөгөө ажлын хэсгийн дэвшүүлж буй асуудлуудыг сайтар сонсож, ойлгож, нээлттэй хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, итгэлцлийг бий болгоход оршиж байна.


Хэлэлцээрээс маргаантай, тохиролцоонд хүрэхэд бэрх асуудлыг онцлооч гэвэл та юуг онцлох вэ?

-Ер нь маргаантай асуудал тийм ч олон биш. Татварын асуудал бий. Тэр нь Лондонгийн арбитрын шүүхээр шийдэгдээд явна. Менежмэнтийн зардлын хувь, зээлийн хүүг хэрхэн яаж буулгах тухай асуудал яригдаж байгаа. Энэ бүхнийг бид ойлгон хүлээн авч ажиллана. Ногдол ашигтай холбоотой асуудал яригдаж таарна. Нэлээд нарийн төвөгтэй, энгийн хялбараар тайлбарлахад хэцүү асуудлууд. Тийм ч учраас иймэрхүү асуудлыг, Оюу толгойн талаарх бусад ойлголтуудыг илүү сайн таниулан тайлбарлах нь бидний нэг зорилго.

ЗасгаасБусад асуудалгэсэн тодотгол доор тодорхой саналууд оруулж ирнэ гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Бусад асуудал гэдэг дээр яг юу ярих талаар ерөнхий багцааг Засгийн газрын ажлын хэсгээс өгсөн үү?

-Одоогийн байдлаар тодорхой санал ирээгүй байна.

Засгийн газраас гүний уурхайн зардлын хэтрэлт дээр хөндлөнгийн шинжээч ажиллуулна гэж байгаа. Зарим эдийн засагч Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дэлхийд шинэ гэдэг утгаараа хөндлөнгийн шинжээч олоход хэцүү гэсэн утгатай байр суурь илэрхийлж харагдсан…?

-Гүний уурхайн техникийн талын шинжээч байх учиртай. Уулын ажлын нөхцөл нь яаж өөрчлөгдсөн юм, үүнтэй холбоотойгоор шинэ гаргаж байгаа дизайн нь тохиромжтой юу үгүй юү, дахиж 15 км тунель ухах шаардлагатай байгаа эсэхийг тооцож үзнэ гэсэн үг л дээ. Товчхондоо геотехникийн л асуудал. Хөрсний сийрэгжилтийг ойлгодог хүн байх ёстой. Тийм шинжээч шалгаруулж авах нь асуудал биш байх. Засгийн газар шинжээчдээ сонгон шалгаруулна.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж буй явц. 2021 оны 3-р сар

Хэлэлцээрийн үеэр хоёр тал ямар асуудал дээр цаг авахаар байна?

-Гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал ярилцах ёстой зүйлсийн эхэнд жагсаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа гээд харахаар ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалчихсан гэсэн үг. Ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхэлнэ. Тэр үеийн шинэ гэрээ ямар байх вэ гэдэгт анхааръя гэж байна. Мэдээж гүний уурхайн хөрөнгө оруулалт дахиад хийгдэж, бүтээн байгуулалт нь үргэлжлээд явна. Тэр үед ямар эрсдэл гарах вэ гэдгээ ярилцаж таарах байх.Нэг том эрсдэл бол зардал. Бизнес учраас зардал нь дээш доош болж хэлбэлзэх нь тодорхой. Бизнес хийж байгаа хамтрагчид гэдэг утгаараа аль аль талдаа эрсдлээ ойлгоод цааш явах байх.

Рио Тинто болон жижиг хувьцаа эзэмшигчдийн хооронд өрнөж буй маргаан юунаас үүдэлтэй, одоо ямар байдалтай байна вэ?

-Бид Оюу толгойн үйл ажиллагааг нийт хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдын өмнөөс удирдан явуулдаг. Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай үргэлжлэх нь Засгийн газар, Эрдэнэс Оюу толгой, Туркойз Хилл, Туркойз Хиллд давуу хувьцаа эзэмшдэг Рио Тинто гээд бүх талуудын ашиг сонирхолд нийцнэ гэж харж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Туркойз Хилл, Рио Тинто хамтран зөвшилцөж, төслийн санхүүжилтийн санамж бичиг байгуулсан. Ер нь Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа амжилттай хэрэгжихийг бүх талууд харахыг хүсч байгаа. Тийм ч учраас бид хамтарч ажиллана. Туркойз Хиллийн төлөөлөл ч бас Монголд бий. Засгийн газартай хийж байгаа яриа хэлэлцээнд оролцоод явна. Бид олон нийт, зах зээлд мэдээлэл хүргэх үүрэг хариуцлагаа үргэлж мөрдөж ажилладаг. Энэ үүргээ умартсан гэсэн утга агуулсан аливаа мэдэгдэл ор үндэсгүй. Онцолж хэлэхэд, Оюу толгойн хүрсэн амжилтаар бид бахархдаг.

Оюу толгойн ил уурхай Рио Тинтогийн хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй уурхайн нэгт тооцогддог. Оюу толгойн аюулгүй ажиллагаа, ажилчдын сэтгэл ханамж ч хамгийн шилдэгт тооцогддог гэдгийг зориуд тодотгож дурдмаар байна. Оюу толгойн уурхай сая гаруй тонн зэсийн баяжмалыг зах зээлд тасралтгүй нийлүүлсэн бахдам амжилттай яваа.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн хэчнээн хувийг уул геологийн нөхцөл хөрснөөс үүдсэн асуудал эзэлж байгаа бол?

-2016 оны ТЭЗҮ-ийг хялбаршуулан нэг жишээн дээр тайлбарлая. Панелчлан олборлох болон нураах тэсрэлтүүдээ жижиг жижгээр явуулъя гэсэн уулын ажлын төлөвлөгөөтэй ажилласан юм. Тэсрэлтээ жижиг хэмжээгээр хийгээд явахаар орчин, радиус нь жижиг талбайг хамарна аа даа. Тэгж ажилласан учраас дэд бүтэц нь харьцангуй гайгүй байсан. Жижиг жижгээр тэсэлсээр тунелүүдээ эргүүлж ухах гэтэл яг эргэж байгаа хэсгийн тулгуур баганынх нь хөрс сул болж таарсан. Ийм шалтгаанаар уурхайн шинэ дизайн гаргахаас аргагүй болсон. Тэсэлгээг өмнөх шиг жижиг зайд биш, томоор хийх шаардлагатай нүүр тулчихаар дэд бүтэц нь өөр болчихож байгаа юм. Агааржуулалтын хоолой, тунель энэ тэр гээд нийтдээ 10 гаруй км илүү малталт явуулахаас гадна нуралт үүсэхээс сэргийлж маш том төмөр багана хоёрыг суулгаж, хүдрийн биетээ 0, 1, 2 гээд гурав хуваахаар болсон. Биетийн чулуулаг, хатуулаг чанар сул байсан учир, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн тэргүүнд тавьж зарим бэхэлгээнүүдийг сольж, тулгууруудыг нэмэх, зузаатгах зэрэг ажлыг хийсэн. Нарийн учир шалтгааныг мэдээж хөндлөнгийн шинжээчид нягтлан тогтоож “Эрдэнэс Оюу толгой” болон ТУЗ-ийн тусгай хороонд танилцуулах байх.

Хөрсний асуудал үүсэхийг анхнаас нь мэдэж байсан мөртлөө сүүлд нь зарласан гэсэн хардлагыг зарим улстөрч хэлж байсан. Анхнаас нь мэдэх боломж үнэхээр байгаагүй юу?

-1300 м гүнд байгаа чулуулгийн хатуужилтыг урьдчилан мэдэхэд хүндрэлтэй. Гүндээ ороод тунелийн малталт хийж байх үедээ хэвтээ өрмөөр дээж авч лабораторид шинжлүүлж байж л мэдэх боломжтой. Австралид шинжлүүлснийхээ дараа шинэ мэдээлэл дээрээ үндэслэн гүний уурхайн дизайныг шинэчлэн гаргасан. Маш их цаг, хөдөлмөр шаардсан ажил байсан л даа. Дизайн баталсны дараагийн үе шатанд өртгийн тооцоогоо нарийвчилж гаргасан. Өөрөөр хэлбэл, чулуулгийн асуудлаас үүдэж гүний уурхайн санхүүжилтийн зардал хэдээр өсөхийг тооцоолохын тулд хугацаа зарахаас аргагүй байсан. Дахиад хэлэхэд, уулын нөхцөл хүндэрлээ, зардал 1.2-1.8 тэрбум ам.доллараар илүү гарах нь байна шүү гэдгийг урьдчилж мэдээлсэн. Дашрамд дурдахад, бидний өнгөрсөн долоо хоногт ШУТИС дээр нээсэн Геотехникийн лаборатори яг ийм шинжилгээг Монголдоо хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Бид өмнө нь иймэрхүү төрлийн шинжилгээгээ Австрали руу явуулж шинжлүүлдэг байсан бол ШУТИС-д нээсэн лабораторид энэ бүхнийг шинжлэх боломж бүрдчихлээ. Метро барих, байшин цутгах гээд том бүтээн байгуулалтуудад маш хэрэгтэй лаборатори.

Оюу толгой тойрсон асуудлууд дээр улстөржилт их байдаг учраас улс төр чигийн хардлагуудыг тодруулж байр суурийг тань сонсох гээд байгааг ойлгоорой. Зардлаа өсгөх нь өөрсдөд нь ашигтай учраас хөрөнгө оруулагч тал зардлаа өсгөөд байна гэсэн хардлагыг зарим улстөрч хэлж байгаа харагдах юм…?

-Бид гүний уурхайн зардал нэмэгдсэн, анхлан төлөвлөсөн хугацаанаас хоцрохоор болсон тухай мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Оюу толгойн үр өгөөж талуудад хэрхэн хуваарилагдахыг шинээр харах шаардлагатай, зүй ёсны хэрэг гэж бид үзэж байна. Засгийн газар энэ асуудалд сэтгэл дундуур, болгоомжлолтой хандаж яваа гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас бид яриа хэлэлцээ хийхдээ Засгийн газрын санаа бодлыг илүү сайн сонсож ойлгохыг хичээн ажиллана.

Хөрөнгө оруулагч талаас Оюу толгой төсөлд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, хэд нь татвар хураамж бусад хэлбэрээр Монголын эдийн засагт шингэж үлдсэн бэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Хөрөнгө оруулагч тал 2009 оноос хойш 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсны 2.9 тэрбум ам.доллар нь улсад төлсөн татвар, хураамжууд. За тэгээд бэлтгэн нийлүүлэгч, ажилчдын цалин хөлс гэх мэтийн төслийн дам нөлөөг тооцвол Оюу толгой төсөлд оруулсан 11 тэрбум ам.долларын ойролцоогоор 8 тэрбум нь Монголын эдийн засагт уусаад шингэчихсэн гэж хэлж болно. Товчхондоо Оюу толгойн хөрөнгө оруулалт орсноороо манай улсын эдийн засаг энэ хэмжээгээр тэлсэн болов уу. Ингээд харахаар “Яасан их мөнгө зарцуулдаг юм бэ” гэж шүүмжлэх нь өрөөсгөл болчихож байгаа юм. Илүү мөнгө зарцуулах хэрээр улсад илүү татвар төлж байгаа. Энэ хөрөнгийг анх төсөл эхлэхэд Рио Тинто болон олон улсын хөрөнгө оруулагчид бүхэлд нь гаргасан. Засгийн газрын зүгээс Эрдэнэс Оюу Толгой компаниар дамжуулан хувь эзэмшсэн боловч ямар ч хөрөнгийг шууд гаргаагүй.

Өнөөг хүртэл Оюу толгойн орлого ашиг энэ анхны хөрөнгө оруулалтыг буцаан төлөхөд биш, харин Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гүний уурхайг барьж байгуулахад бүрэн зарцуулагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн орлого ашиг нь эргээд Монголдоо болон Оюу толгойдоо зарцуулагдаж байгаа.

Оюу толгой татварт жар, далан саяыг өгдөг байж 250-350 сая ам.доллар төлдөг гэж мэдээлээд байх юм гэх шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Оюу толгой 2010 оноос хойш нийт 2.9 тэрбум ам.доллар буюу жил бүр 250-300 сая ам.долларын татвар төлсөөр ирсэн. 60 гаруй сая нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Үүний цаана НӨАТ, суутган татвар, хувь хүний орлогын албан татвар гаалийн хураамж гэх мэтийн олон төрлийн татвар хураамж бий. Уул уурхайн компани НӨАТ-ын буцаан олголт авдаггүй. НӨАТ гэхэд л зардалтай холбоотой ажил. Хөрөнгө оруулагч тал зардал гаргахгүй бол НӨАТ төлөхгүй. НӨАТ-аа яагаад тооцоод байгаа юм гэсэн шүүмжлэл дуулддаг л даа. Орлого байхгүй, зардлаа л хийж байгаа болохоор НӨАТ-аа тооцохоос аргагүй.Өнгөрсөн жилд НӨАТ гэж төсөвт 150 орчим сая ам.доллар төлсөн байгаа. Таны асуугаад байгаа хэмжээний тухайд үлдсэн нь бусад татвар байдаг.

Рио Тинто заавал менежмэнт хийх албагүй, Оюу толгойн удирдлагууд өөрсдөө хийгээд явчих бололцоотой, тийм учраас менежмэнтийн төлбөрийг тэглэх боломжтой гэсэн байр суурь дуулддаг. Тийм боломж бий юү?

-Оюу толгой бол үнэхээр нүсэр, өдөрт 12.000 хүн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байдаг уурхай. Өдөр тутам 300.000 тонн хөрс хөдөлгөж зөөвөрлөн боловсруулж, үүнээсээ ойролцоогоор 2-3 тонн зэсийн баяжмал гаргаж байна. Ил уурхайн олборлолт, үйл ажиллагааг тасралтгүй явуулахын зэрэгцээ гүний уурхайгаа барьж байгуулж байгаа. Газрын гадаргуугаас 1350 метрийн гүнд 200 гаруй километрийн урттай, том жижиг олон төрлийн хонгил, тунелийг холбогдох дэд бүтцийнх нь хамт байгуулж яваа. 1350 метрийн гүн дэх бутлуур л гэхэд долоон давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй асар том төхөөрөмж угсарсан байх жишээний. Ил уурхайн олборлолт, гүний уурхайн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, 12 мянган хүний аюулгүй ажиллагааг өдөр тутам хангаж, удирдан зохион байгуулна гэдэг амар ажил биш. Үүний тулд уул уурхайн тусгай мэдлэг, техникийн чадвар, туршлага, нарийвчлан боловсруулсан үйл ажиллагааны системүүд байх шаардлагатай. Тийм учраас Оюу толгой шиг том хэмжээний уурхайг аюул осолгүй барьж байгуулж, үйл ажиллагааг нь хангахын тулд шаардлагатай туршлага, чадвар, технологи бүхий хамтрагч хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн өнөөгийн байдлаар Оюу толгой Рио Тинто группийн олон арван уурхай дотроос аюулгүй ажиллагаагаараа тэргүүлж байна. Рио Тинтогийн менежмэнтийн дагуу Оюу толгойн зэсийн баяжмалыг өндөр сайн үнээр борлуулах хэлэлцээг хийж, уурхайг хамгийн үр ашигтай ажиллуулж, байгаль орчны өндөр стандартыг ханган ажиллах боломжтой болж байгаа. Энэ мэтээр менежмэнт, удирдлага зохион байгуулалтаар хангаж, 150 гаруй жилийн турш хөгжүүлж ирсэн технологи, мэдлэг туршлагыг нь бид ашиглаж байгаа учраас Рио Тинто тодорхой хувиар менежмэнтийн төлбөр авдаг.

Засгийн газраас менежмэнтийн төлбөрийг бууруулах гэх мэтээр яг таг санал тавьсан зүйл бий юү?

-Ер нь бол Оюу толгойгоос Рио Тинтод менежментийн төлбөрт төлж байгаа мөнгөн дүн нь төсөлд зарцуулагдаж буй хөрөнгө зардлын багахан хэсгийг л эзэлдэг. Засгийн газрын зүгээс менежмэнтийн төлбөрийн талаар асуудал дэвшүүлж байгаа. Бидний хувьд тэр бүхнийг нь ойлгон хүлээн авч ажиллана.

Рио Тинтогийн олон улсын 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас авсан 4.4 тэрбум ам.долларын зээлийн өрийн үлдэгдэл, хугацааны талаар тайлбар хэлээч?

-2015 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо Рио Тинто, Туркойз Хилл, Эрдэнэс Оюу толгой компаниуд болон зээлдүүлэгчдийн төлөөлөл гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан. Энэ төслийн санхүүжилтийг одоогоор бүхэлд нь гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан. Үүний ачаар гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж, мянга мянган монгол залуус, олон зуун дотоодын компани, бизнес эрхлэгчид гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцоод явж байна. Төслийн санхүүжилтийн багцын эргэн төлөгдөх хугацаа нь 12-15 жил тодруулж хэлбэл, 2027-2029 онд таарч байгаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн дүнгээр 34 хувиар өсчээ

Хоёрдугаар сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 99 сая ам.доллар байсныг Төв банк мэдээллээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт сарын дүнгээр буурсан ч жилийн дүнгээр өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний хоёр сараар харвал нийт 199 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулжээ.

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “Сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа гуравдугаар сард зарласан юм. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал “Covid-19″ цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч тогтворжиж эхэлсэн байна.

БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ гэж дүгнэжээ. Энэ онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орох тооцоог Монголбанк хийсэн байна. Үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрдүүлнэ.