Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк: Нийт 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгжид олгов

Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр 2021 оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг 48442 иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн бөгөөд 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгж, 7662 иргэнд олгоод байна.

“Covid-19” цар тахлын тархалтаас шалтгаалан бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор уг зээлийн олголт удаашралтай байгаа хэдий ч энэ хугацаанд банкууд өмнө хуримтлагдсан зээлийн хүсэлтүүдийг судалж, эцэслэх ажлыг зогсолтгүй хийж байгаа бөгөөд хөл хорио цуцлагдсаны дараа судалж дууссан зээлүүдийг иргэдэд олгохоор ажиллаж байгаа болно. Олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр санхүүжилтгүйн улмаас “Ажлын байрыг дэмжих зээл” зогсоод байгаа гэсэн мэдээлэл үндэслэлгүй бөгөөд уг хөнгөлөлттэй зээл нь тухайн банкны өөрийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа, банкнаас олгох эх үүсвэрийн хэмжээнд хүрээгүй тохиолдолд 2021 оны аравхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгогдох боломжтой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төрөөс 290 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны төлбөрийг төлжээ


Засгийн газар 980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр 290 тэрбум төгрөгийг төлөөд байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хороо мэдээллээ.

Засгийн газраас айл өрхийн болон зарим ААН, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэгслийн төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс энэ оны долдугаар сарын 1 хүртэл төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн юм.

Төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 683 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 297 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 980 мянган хэрэглэгч хамрагдаад байгаа юм. Энэ оны эхний 3 сард цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрөө Засгийн газраас хариуцуулж байгаа хэрэглэгчдийн нийт төлбөр 345 тэрбум төгрөг болсноос 290 тэрбум төгрөг буюу 84 хувийг Засгийн газраас төлөөд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 604 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийн сонсов.

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8784 зээлдэгчид олгоод байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн хуралдаанаар, коронавируст халдвар /COVID-19/-ын талаар хийж буй судалгааны төслийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд танилцуулав. Энэ чиглэлээр 2020-2021 онд нийт 14 судалгаа хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний дөрвөн сард нүүрс, газрын тосны экспорт өсчээ

2021 ны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцууллаа.

Энэ оны эхний дөрвөн сард газрын тос, нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс өссөн бол зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт буурсан байна.

Бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээг мөн үетэй нь харьцуулан харвал: /2021.01.01-2021.04.25/

  • Нүүрс 7,333.3 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3,404.3 мянган тонноор буюу 86.6 хувиар өсчээ. Өнгөрсөн оны мөн үед манай улс нийт 3.928.9 мянган тонн нүүрс экспортолж байв.
  • Газрын тос 1.711.3 мянган баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1,267 мянган баррелиар буюу 285 хувиар өсчээ.
  • Зэсийн баяжмал 374.6 мянган тонныг экспортолсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35.2 мянган тонноор буюу 8.6 хувиар буурсан үзүүлэлт болов. 2020 оны эхний дөрвөн сард манай улс 409.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байв.
  • Төмрийн хүдэр, баяжмал 2.403.8 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 216 мянган тонноор буюу 8.2 хувиар буурчээ. 2020 оны эхний дөрвөн сард 2,2619.9 мянган тонныг экспортлож байсан юм.

Түүнчлэн Монголбанк энэ оны эхний дөрвөн сард 3,875.4 кг үнэт метал худалдан авсан өмнөх оны мөн үеэс 2.716.7 кг-аар буюу 41 хувиар буурсан үзүүлэлт болжээ.




Categories
мэдээ эдийн-засаг

МҮЭХ: Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цар тахалтай холбоотой хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна. МҮЭХ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийнхээ эрх ашгийг байнга хангах ёстой.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

Дэлхийн улс орнууд эв санааны нэгдлийн өдөр иргэд хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө дор бүрнээ хамтран ажилладаг. Эл жишгийн дагуу цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд цар тахлын үеийн дүрмийн дагуу хүргэж өгөөд ирлээ.

50-60 хувийн цалин өгч байгаа аж ахуйн нэгжүүд өнөөдөр их байгаа. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нөлөөлж байгааг хэлмээр байна” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкуудын зээлийн үлдэгдэл 2.8 хувиар нэмэгджээ

Банкуудын зээлийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 2.8 хувиар нэмэгдэж, 17.5 их наяд төгрөгт хүрчээ.

Тодруулбал өмнөх оны мөн үеийнхээс хувийн байгууллагын зээл 3.2 хувиар багасаж, 8.1 их наяд төгрөгт, иргэдийн зээл 4.4 хувиар өсөж 8.9 их наяд төгрөг болсныг Монголбанк мэдээлэв.

Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 их наяд төгрөг буюу 9.2 хувь нь гадаад валютаар олгожээ. Өмнөх сарынхтай харьцуулахад зээлийн үлдэгдэл 494.2 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар нэмэгдсэн нь иргэдийн зээл 4.3 хувиар, хувийн байгууллагын зээл 1.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.

Харин банкуудаас “МИК” ОССК-д шилжүүлсэн иргэдийн ипотекийн зээлийг нэмж тооцвол нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар, өмнөх сарынхаас 2.3 хувиар нэмэгдсэн байна.

Зээл олголт, эргэн төлөлт тайлант сард шинээр олгосон зээл өмнөх сарынхаас 1.017.8 тэрбум төгрөгөөр, эргэн төлсөн зээл 544.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Шинээр олгосон зээлийн 6.5 хувь буюу 155.8 тэрбум төгрөгийг гадаад валютаар олгосон аж.

Чанаргүй зээлийн 73.8 хувийг, хугацаа хэтэрсэн зээлийн 78 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байсан бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэл 2.013.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхтай харьцуулахад 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Чанаргүй зээлийн 11.6 хувь нь гадаад валютынх аж. Мөн, чанаргүй зээлийн 20.6 хувийг уул уурхай, 19.3 хувийг боловсруулах, 13.5 хувийг барилга, 10.7 хувийг үл хөдлөх, 7.5 хувийг худалдааны салбарынх эзэлж байлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: “Рио тинто”-той ойлголцоход мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна

ЗГХЭГын дэд дарга Б.СолонгоотойОюу толгойтөслийн хэлэлцээ тойрсон асуудлаар ярилцлаа.


Засгийн газар Лондонгийн арбитрийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар болчихлоо. Гадны хуулийн фирм зөвлөсний үндсэн дээр гурван асуудлаар хандах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Яг ямар асуудлууд гэдгийг нь дэлгэрүүлж тайлбарлаач?

-Нууцын зэрэгтэй учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Ярьж болох хэмжээндээ л тайлбар хэлье. Эхлээд маргаан яагаад үүсэв гэдгийг дурдах нь зөв байх. Татварын ерөнхий газрын татварын актыг Рио тинто, Оюу толгой компаниуд хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд маргаан үүсгэсэн. Энэ маргааны хувьд Монголын Засгийн газар татварын актыг үндэслэлтэй гээд байр сууриа хамгаалаад ажиллаж байгаа. Хэрвээ маргаан үүсвэл Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн заалт Хөрөнгө оруулалтын гэрээнд бий. Үүний дагуу маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний маргаантай холбоотой заалтыг хүндэтгэж үзээд маргаанд байр сууриа хамгаалж олон улсын хуулийн фирмтэй хамтраад ажиллаж яваа. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, Оюу толгой компани Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр захиргааны хэргийн маргаан үүсгэсэн, Лондонгийн арбитрын шүүх дээр ч маргаан үүсгэсэн. Одоогийн маргааны тухайд 2020 оны хоёрдугаар сард эхлүүлсэн. Өөрсдийнх төлөхгүй гээд байгаа 2018 оны 350 тэрбум төгрөгтэй холбоотой маргаан л даа. Энэ маргаанаа Засгийн газартай тохиролцъё гэсэн ч Монголын тал татварын асуудлаар тохиролцох, эвлэрэх боломжгүй гээд маргаан үүсээд явж байна.

Хариу тайлбар өгөх хугацаа дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хойшлогдоход өөр ямар нэг шалтгаан байсан уу?

-Арбитрын маргаан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа хугацааг Монголын Засгийн газар, Оюу толгой компанийн аль аль нь өөрийн дураар шийдэх боломжгүй. Монгол Улсын Засгийн газар хариу тайлбар өгөх хугацааны тухайд 2020 оны арванхоёрдугаар сард 2016-2018 оны татвар ногдуулалт, төлбөрт хийх хянан шалгалтаар 649 тэрбум төгрөгийн ногдуулалттай татварын акт гарсантай холбогдуулж, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлогдсон. Энэ актыг бас Оюу толгой компани хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 2018, 2020 оны татварын актуудын гарч байгаа үндэслэлүүд нь адилхан учраас үргэлжилж буй арбитрын маргаан дээрээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх цаг хугацаа, хуваарь тухайн компани, хүмүүсийн үзэмжээр шийдэгддэггүй, Арбитрын бүрэлдэхүүнээс зөвшөөрөл авдаг. Арбитрын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж хоёр талын хуулийн зөвлөхүүд мэтгэлцэж байгаад шийдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэхтэй холбоотой заалтын дагуу маргаан үүсгэж байгаа бол 60 хоног зөвшилцөх хугацаа олгодог. Тийм учраас 60 хоногийн зөвшилцөх хугацааг нь баримтлаад маргаанаа үүсгэ, өөрөөр хэлбэл гэрээний заалтаа баримталж ажилла гэсэн л дээ. Оюу толгой компанийг дөрөвдүгээр сарын 2-нд нэхэмжлэхээ нэмэгдүүлсэн шаардлагаа өг гэсэн. Харин Монголын Засгийн газрыг дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбараа өг гэсэн шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн гаргасан. Засгийн газар шаардлагатай бүх асуудал дээр хуулийн зөвлөхтэйгөө нягт хамтарч байр сууриа хамгаалах чиглэлд ажиллаж байна.

Хуульч хүн гэдэг утгаар тань тодруулж асуумаар санагдлаа. Засгийн газарт зөвлөж яваа хуулийн зөвлөхийн зөвлөгөөнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Хуулийн зөвлөхийн тухайд энэ маргаанд Монгол Улсын Засгийн газрыг ялалт байгуулуулахын төлөө зөвлөж байгаа нь тодорхой. Олон улсын нэр хүндтэй хуулийн фирмийн хувьд мэргэжлийн хариуцлагын хүрээнд үндэслэлтэй зөвлөгөө өгч яваа гэж харж байна.

Сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэлүүд рүү оръё. Үндэслэлүүдийн нэгт Оюу толгой, Рио тинто компаниуд хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй гэсэн тодотгол харагдсан. Яг юуг яаж зөрчив гээд асуух асуулт их байна?

-Хэвлэлийн мэдээлэл гарсан хүрээнд мэдээлэл өгөх боломжтой байна. Рио Тинто, Туркойс Хилл, Оюу толгой компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Засгийн газрын тухайд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөнд үндэслэж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хамгаалж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд шийдвэр гаргасан.

Засгийн газар хэлэлцээний явцад улстөржсөн хандлага гаргалаа гэх шүүмжлэл дуулдаж байна л даа. Хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож яваа хүний хувьд энэ шүүмжлэлд ямар хариу хэлэх вэ?

-Засгийн газар ямар нэг байдлаар улс төрд автагдсан ч юм уу, эсвэл үндэслэлгүйгээр асуудалд хандахгүй байгаа.Монголын Засгийн газарт санаа зовохуйц асуудлууд байгаа учраас шаардлага тавьж яваа. Шаардлага тавьсны дүнд хөрөнгө оруулагч тал далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах боломжтой гэж хэллээ. Менежмэнтийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэж хэлж эхэлж байна. Ийм шаардлага тавиагүй бол ямар ч бизнес эрхлэгч өөрсдөдөө ашигтай заалтаас татгалзахгүй шүү дээ.

Хэлэлцээнээс гарах нэг том шийдэл бол далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөг цуцлах. Төлөвлөгөөг цуцалсны дараа шинэ гэрээний асуудал үүсч таарна. Шинэ гэрээний санхүүжилтийн загварын хувьд ийм л байвал зүгээр гэх мэт тодорхой төсөөлөл Засгийн газарт байгаа юу?

-Бид “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байна. 92 дугаар тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийн талаар тодорхой заалт бий. Манай улс 34 хувиа хадгалж үлдэхийн тулд шинээр хувьцаа гаргах бүрд 34 хувьдаа дүйцүүлж хөрөнгө оруулалт оруулах ёстой. Үүнийг “Туркойз хилл” компани зээл олгох хэлбэрээр санхүүжүүлж байна. Энэ зээлийн хүү өндрөөс гадна зээлийг хэзээ төлөх вэ гэсэн асуудал бий. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнүүдэд зээлийг Монголын Засгийн газарт ирээдүйд төлөх ногдол ашгаас нь эргүүлэн төлнө гээд заачихсан. Рио тинто үүн дээр үндэслээд санхүүгийн нарийвчилсан тооцоо боловсруулсныг та мэдэж байгаа. Тэр тооцоонд туссан өр хуримтлагдах асуудал яг одоо анхаарлын төвд яригдаж байна. 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй болно гэдгийг лавшруулаад харахаар Оюу толгой компани 2051 он хүртэл Монгол Улсын 34 хувьд ногдох зээлийг эргүүлэн төлөх хэмжээний ногдол ашиг төлөхгүй гэсэн дүр зураг гарч байгаа. Яагаад ногдол ашиг төлөхгүй болж байна вэ гээд харахаар энэ компанийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон гэх асуудал санхүүжилттэй холбоотой маш том асуудал үүсгэж байна. 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орсон байх төсөөлөлтэй ажиллаж байсан. Далд уурхайгаас олборлолт хийгээд эхэлбэл нийт олборлолтын хэмжээ гурав, дөрөв дахин нэмэгдэнэ. Орлого нь ч гурав, дахин нэмэгдэх хүлээлт бий. Энэ онд далд уурхай ашиглалтад орж компанийн санхүүжилтийн бүтэц сайжрах хүлээлттэй байсан ч тэгсэнгүй л дээ. Хугацаа нь хойшилж, орж ирэх мөнгөн урсгал хойшиллоо. Үүнээс гадна 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал үүсчихлээ. Товчхондоо энэ компанийн өрийн дарамт маш их байна.

Өрийн хэмжээ нь хүүтэйгээ нийлээд хэд хүрчихээд байгаа билээ?

-Одоогийн байдлаар Оюу толгой ХХК хуримтлагдсан хүүтэйгээ нийлээд 12 тэрбум ам.долларын өртэй байна. Одоо үйлчилж буй гэрээний хүрээнд энэ компани бүх өрөө төлөөд, ашигтай ажиллаад хувь нийлүүлэгчдэдээ ногдол ашиг төлж эхэлсний дараа манай 34 хувьд ногдох зээлийг эргэж төлөх нөхцөлтэй байгаа.Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг санхүүжүүлсэн зээлийн хэмжээ одоо 2.2 тэрбум ам.доллар байна.

Зээлийн хүү өндөр, ногдол ашиг хуваарилалтын хугацаа өчнөөн жилээр ухарсан гэх мэт асуудал олонтой ийм загварыг сайжруулж өөрчлөх ямар нэг хувилбар байна уу, Засгийн газарт?

-Оюу толгой компанийн үйл ажиллагааг сайжруулах, өрийн дарамтыг нь бууруулж, илүү үр ашигтай ажиллуулахад юу хэрэгтэй вэ гээд харахаар мөнгөн урсгалыг нь анзаарах шаардлагатай болчихож байгаа юм. Ингээд харахаар менежмэнтийн төлбөр, зээлийн хүүд их хэмжээний төлбөр төлж байна. Менежмэнтийн төлбөр, зээлийн хүүг бууруулбал энэ компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх боломжтой. Төслийн үр өгөөжийг цаашдаа Монголд илүү үр өгөөжтэй, ашигтай болгох чиглэлд юу хийх ёстой вэ гээд яривал татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй байна. Оюу толгой компани илүү ашигтай ажилладаг болох хэрэгтэй байна л даа. Рио тинто зардлаас хувь тооцож менежмэнтийн төлбөр авч байгаа нь хариуцлагатай ажиллах хөшүүрэг бүрдүүлж чадаж байна уу гээд харахаар асуудал бий. Илүү гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой, үнэхээр сайн ажиллавал менежмэнтийн төлбөр авах хэрэгтэй л дээ. Ийм байдлаар менежмэнтийн төлбөрийн бүтцийг өөрчилье, зээлийн хүүг бууруулъя гээд ажиллаж байна.

Оюу толгой төсөл хэрэгжээд олон жил болсон, далд уурхайн бүтээн байгуулалт өрнөөд овоо хугацаа өнгөрчихлөө, одоо заавал Рио тинтод менежмэнтийн төлбөр өгөх шаардлагагүй, тэглэх боломжтой гэсэн байр сууриуд дуулддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Заавал их хэмжээний төлбөр авахгүй байх боломжтой гэж хардаг. Рио тинто одоогийн байдлаар гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардлын гурван хувь, Оюу толгой компанийн үйл ажиллагааны зардал болон урсгал хөрөнгө оруулалтын зардлын зургаан хувиас тооцож менежмэнтийн төлбөр авдаг. 2019, 2020 оны байдлаар жил бүр 180 сая орчим ам.долларыг зөвхөн менежмэнтийн төлбөрт авсан. Үүн дээр нэмээд Рио тинто компани төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл гэж жил бүр 80 орчим сая ам.долларыг санхүүгийн жил эхлэнгүүт урьдчилж авч байгаа. Рио тинто болон түүний харилцаа хамааралтай компаниудад жилд очиж байгаа дүнг харахаар 260 орчим сая ам.доллар болж байна. Энэ бол Оюу толгой компанийн борлуулалтын нийт орлогын дөрөвний нэгтэй тэнцэх мөнгөн дүн. Мэдээж ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа хөрөнгө оруулалтын зардал эрс багасна, үүнийгээ дагаад менежмэнтийн төлбөр буурна гэсэн хүлээлт бий. Гэхдээ заавал үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлаас хувь тооцож авах шаардлага байна уу, ийм их хэмжээний төлбөр авах үндэслэл бий юү гэсэн асуудал гарч байгаа. Рио тинто гэдэг дэлхийн хэмжээний уул уурхайн компанийн нөү хау технологи, оюуны өмчийг ашиглаж байна гэдэг утгаараа тодорхой хэмжээний төлбөр өгөх боломжтой ч гэлээ гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа гэх мэтчилэн асуудлыг харахаар яалт ч үгүй хариуцлагын асуудлыг хөндөж тавих ёстой байх.

Рио тинто дэлхийн бусад улсуудад ч уул уурхайн том төсөл хэрэгжүүлдэг. Бусад улс, тухайлбал АНУ, Австрали гэх мэт уул уурхай өндөр хөгжсөн улсуудад менежмэнт хийснийхээ төлөө хэр хэмжээний төлбөр авдаг юм бол, тэр талаар сонирхсон уу?

-Таны онцолсончлон Рио тинто компани зөвхөн Монгол Улсад хамтарсан компани ажиллуулдаггүй. Дэлхий даяар олон оронд хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийж, менежмэнтийг нь хэрэгжүүлдэг. Тухайлбал, Чилид Эскондида гээд дэлхийн хэмжээний том уурхайг BHP Billiton компанитай хамтарч ажиллуулдаг. Тэр уурхайн менежмэнтийг BHP Billi­ton хэрэгжүүлдэг. АНУ-ын Ресолюшн зэсийн төсөл дээр Рио тинто компани менежмэнтээ хэрэгжүүлээд BHP Billiton хамтарч ажилладаг. Бид асуудаг л даа. “Та нар бусад хамтарсан компани дээрээ менежмэнтийн төлбөрийг зардлаас хувь тооцож ийм их хэмжээгээр авдаг уу” гэхээр тодорхой мэдээлэл, хариу өгдөггүй.

Бизнесийн нууц энэ тэр гээд асуудал байдаг байх л даа?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид нэг л тодорхой шаардлага тавьж байгаа. Бусад хамтарсан компанидаа засаглалын ямар жишиг практик барьдаг вэ тэр жишгээ Монголд хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьж байна. Бүр тодруулбал, менежмэнтийн төлбөрийг яаж тооцож авдаг, зардал дээр хэрхэн хяналт тавьдаг, ашигтай ажиллагааг ямар шийдлээр хангадаг гэх мэт асуудлууд дээр баримталдаг сайн засаглалын жишгүүдээ Монгол Улсад мөрдүүл гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Хөрөнгө оруулалтын зардал өндөр, зээлийн хүүгийн дарамт их учраас Оюу толгой компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх хугацаа хойшилсон, ашигтай ажилласан ч 11 жил дараалж ашгийн татвар төлөхгүй гэсэн мэдээллийг өмнө нь өгч байсан. Гэрээ байгуулахдаа анхнаас нь энэ асуудлаа тооцоогүй юм уу гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Анхнаасаа энэ асуудлаа харж мэдэж гэрээгээ байгуулаагүй юм уу гэсэн шүүмжлэл сонсогддог л доо. Анх гэрээ байгуулахад хөрөнгө оруулагч талаас өгч байсан санхүүгийн тооцоолол, ТЭЗҮ одоо огт өөр болчихсон. Анх гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт дөрөв орчим тэрбум ам.доллар гэсэн мэдээллийг хөрөнгө оруулагч тал Засгийн газарт өгч байсан юм билээ. Гэтэл энэ компанийн одоогоор Монголд зарцуулсан гэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум ам.доллар болсон. Зөвхөн гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л 6.75 тэрбум ам.доллар зарсан гэх жишээний. Бидэнд анх өгсөн хөрөнгө оруулалтын төсөөлөл ч өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулалтын хувьд ихэвчлэн хувьцаа хэлбэрээр санхүүжүүлнэ гэж байсан. Гэтэл зээлийн санхүүжилт өндөр хэмжээтэй байна. Зээлийн хүүгийн дарамтаас болоод санхүүжилтийн зардал өндөр болсон, үүнээс шалтгаалаад төслийн үр өгөөжийн хуваарилалтад маш том өөрчлөлт гарсан тухай та бид хоёр түрүүн ярьсан. Монголчууд өнгөрсөн рүүгээ өнгийж нэгнийгээ буруутгах биш, харин “Рио тинто” компани Монгол Улсын үе үеийн Засгийн газарт өгч байсан амлалтаа биелүүлсэн үү гэсэн асуудлыг ярих ёстой. Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний тухайд гэхэд л 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардалтай, 2021 оны эхний улиралд ашиглалтад орно, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн амлалт нь зургаан жилийн дараа биелээгүй. “Рио тинто”-гийн өөрсдийнх нь өгсөн амлалт шүү дээ. 2020 оны арванхоёрдугаар сард өөрсдийнх нь гаргасан санхүүгийн нарийвчилсан тооцооллоос харахаар хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа албан ёсоор 22 сараар хойшилсон байгаа.

Хөрөнгө оруулагч тал бас нэг шалтгаан хэлдэг л дээ, бид ямар нэг асуудал гарангуут тухай бүрд нь Оюу толгойн ТУЗд мэдээлдэг, Оюу толгойн ТУЗийн гишүүдээс засагт мэдээлдэг бүтэц нь ажиллахгүй байгаа юм биш үү гэсэн утгатай тайлбар дуулддаг. Оюу толгойн ТУЗд Монголыг төлөөлсөн гишүүд сайн ажиллаж чадахгүй байгаа юм биш үү?

-Рио тинтогийн хувьд ТУЗ-өөс хангалттай мэдээлэл авдаг, шийдвэрээ хамт гаргадаг, үүн дээр Монгол Улсын Засгийн газар төслийн талаар бүрэн мэдээлэл авдаг гэдэг л дээ. Гэхдээ бидний дүгнэлтээр Хөрөнгө оруулагч тал Оюу толгой компанийн ТУЗ-д мэдээллийг маш ерөнхий байдлаар өгдөг. Ерөнхий байдлаар асуудал танилцуулаад ерөнхий шийдвэр гаргаад байх нэг өөр. Үнэхээр асуудал юунаас болж байгаа талаар дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч тэр мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргах огт өөр асуудал шүү дээ. Товчхондоо мэдээллийн тэнцвэргүй байдлаас болж үл ойлголцол их үүсдэг. Туркойз хилл компанид Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдэд өгдгөөсөө хамаагүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч байх жишээний. Тодруулж хэлбэл, Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүдэд очоогүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл Рио тинто, Туркойз хилл компаниуд дээр очдог гэсэн асуудал үүсч байгаа. Уг нь “Оюу толгой” компани эхлээд ТУЗ-ийнхөө гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, Эрдэнэс Оюу толгой компаниар дамжуулж мэдээллийг авах ёстой. Гэтэл Эрдэнэс Оюу толгой компани болон манай ТУЗ-ийн гишүүдэд өгч байгаа мэдээлэл нь маш хязгаарлагдмал, маш ерөнхий байдаг. Туркойз хилл компанийн жилийн тайлангаас Оюу толгой компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч байна шүү дээ.

-“Эрдэнэс Оюу толгойкомпаниас авах боломжгүй мэдээллийг тэндээс авдаг гэсэн үг үү?

-“Эрдэнэс Оюу толгой” компаниар дамжуулж авъя гэхээр маш ерөнхий мэдээлэл орж ирдэг.

Тэгэхээр хэлэлцээ хийж байгаа Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компанийн хооронд мэдээллийн тэнцвэргүй байдал том асуудал болж байна гээд ойлгочихож болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна. Мэдээллийн тэнцвэргүй байдалтай холбоотойгоор сүүлийн арав гаруй хоног Засгийн газраас дэвшүүлж тавьж байгаа нэг асуудал бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт, хугацаа хойшлолтын шалтгааныг судалж тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санал гаргаж хөндлөнгийн шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Хөндлөнгийн шинжээч томилох асуудлыг “Рио тинто” эхэндээ маш дургүй хүлээж авсан. 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр эсэргүүцсэн санал өгч байсан. Манай ТУЗ-ийн гишүүд Туркойз хиллийн ТУЗ-ийнхөнтэй анх удаа нэгдмэл байдлаар санал өгч байж хөндлөнгийн шинжээч ажиллуулах шийдвэрийг гаргуулж байсан түүх бий. Гэтэл одоо Рио тинто хөндлөнгийн шинжээчийн ажлаа хийхэд нь шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзаж байна.

Ямар шалтгаанаар татгалзаж байгаа юм бол, бизнесийн нууц гэх мэт нарийн асуудал юм болов уу?

-Хөндлөнгийн шинжээчийн тухайд Оюу толгой компанитай нууцлалын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Оюу толгой төсөлтэй холбоотой, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг авъя гэхээр “Манай компанийн дотоод асуудал, дотоод баримт бичиг” гээд өгөхгүй байна. Мэдээж бид үндэслэлгүй шалтгаанаар мэдээлэл авахыг хүсээгүй. Рио тинтогийн Австрали дахь үйл ажиллагаа ч юм уу, АНУ, Канадад болж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авъя гээгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгждэг Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллээ өгнө үү гэхээр Засгийн газарт битгий хэл дүгнэлт гаргах гээд ажиллаж яваа хөндлөнгийн шинжээчид өгөхөөс татгалзаад байна. Иймэрхүү мэдээллийн тэнцвэргүй байдлын асуудлыг лавшруулаад харахаар түрүүн та бид хоёрын хөндсөн засаглалын асуудал руу орчихоод байгаа юм. Рио тинто гадагшаа “Дэлхийн хэмжээний уул уурхайн компани дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж байна” гэх мэтээр гоё мессэж өгдөг. Гэхдээ яг Монгол дахь үйл ажиллагааг нь харахаар өөрсдийнх нь вэб сайтан дээрх бодлого, зарчимтай зөрчилдөхүйц хэмжээний асуудлууд байсаар байна. Давтаад хэлэхэд, бид Рио тинтод “Энэ асуудлууд дээрээ засаглалаа сайжруулаач” гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 4.6 сая хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 2,291,490,580.06 төгрөгийн үнийн дүн бүхий 4.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Үндэсний хувьчлалын сан” (XOC+15.00%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB+7.84 хувь )-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” (ETR-12.24 хувь) болон “УБ-БҮК” ХК (BUK-11.41 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 181,567 нэгж эрхийг нийт 102.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.8 хувиар өсөж, 37885.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,772,856,525,544.98 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк: Энэ сарын 25-нд ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээг түр зогсооно

ПОС машин

Монголбанк мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байна.

Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул дурьдсан хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг үүгээр мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернет банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана гэсэн байна.

Тиймээс иргэд яаралтай төлбөр, тооцоо, гүйлгээ хийх болсон тохиолдолд мобайл банкаа ашиглахыг зөвлөж байна” гэв

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлого 78.1 хувийн гүйцэтгэлтэй байна

Гаалийн байгууллага улсын төсөвт 2021 оны эхний дөрөвдүгээр өссөн дүнгээр 1.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх юм. Үүнээс 853.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Төсвийн татварын орлого 78.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 195.9 тэрбум төгрөгөөр илүү байна.

Манай улс 2021 онд 10.8 их наяд төгрөгийн татварын орлого олохоор төлөвлөсөн. Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг болоод байв.

Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээгээр төсвийн орлого одоогийн байдлаар өнгөрсөн оныхоос 17.5 орчим хувиар нэмэгджээ. Эдийн засгийн идэвхжлийн гол үндсэн үзүүлэлт дотоодын НӨАТ-ын орлого 26 хувиар давж, өнгөрсөн оны мөн үеэс 20 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн ААН-ийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй тэрбум төгрөгөөр давж, төлөвлөсөн хэмжээнээс 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа эерэг үзүүлэлттэй байна.

Монгол Улсын 2021 оны төсвийг 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор, 13.9 их наядын зарлагатай, 2.1 их наядын алдагдалтай байхаар баталсан юм.

2021 онд уул уурхайгаас 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Нэг ёсондоо энэ онд уул уурхайгаас олох орлого төсвийн 26 хувийг бүрдүүлэх юм. Тодруулбал:

  • зэсээс 1.5 их наяд төгрөг,
  • нүүрснээс 1.3 их наяд төгрөг,
  • алтнаас 231 тэрбум төгрөг,
  • төмөр, төмрийн хүдрээс 98 тэрбум төгрөг,
  • эрдэс баялгийн бусад түүхий эд, бүтээгдэхүүнээс 263.5 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн юм.

ҮСХ-ны эх сурвалжаар улсын нэгдсэн төсвийн орлогын бүтцийг танилцуулбал, 85.8 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 2.9 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого, 2.5 хувийг Ирээдүйн өв сангийн орлого тус тус бүрдүүлдэг.