Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хассан гэх жүжиг

Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр 2017 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ ажил олгогч болон даатгуулагчийнх тус бүр долоон хувь байсныг 9.5 хувь болгон нэмэгдүүлсэн. Ингэхдээ хуулийн дагуу ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг тус бүр 2018 оноос нэг хувь, 2019 оноос 0.5 хувь, 2020 онд мөн нэг хувиар буюу гурван жилийн хугацаанд 2.5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Цар тахалтай холбоотойгоор 2020 онд хэрэгжих нэмэгдлийг нэг жилээр хойшлуулсан. Ингээд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хоёр хувиар (ажил олгогч нэг хувь, даатгуулагч нэг хувь) нэмэгдэж байгаа. Энэ нь ажил олгогч болон ажил хийдэг хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Аль аль нь одоо байгаа шүлс шиг жоохон цалингаа юу ч үгүй болгох нь гэж дургүйцэв. Үүнтэй уялдуулж өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн дээрх хоёр хувийг бууруулахыг хэлэлцэж олонх дэмжсэн. Угтаа хоёр хувиар бууруулж байгаа хэрэг огт биш. НДШ-ийг таван хувиар нэмэх гэж байгаад гурвыг нь нэмчихсэн. Үлдсэн хоёр хувийг нь цар тахлаас болоод нэмэхээ больё л гэж байгаа юм. НДШ-ийг хоёр хувиар бууруулчихлаа гэж хөөрцөглөөд ярьж байгаа бүхэн шоу. Шоу хийгээд байгаагаа НДШ-ийг хасч байна гэж яриад байх юм. Бүх зүйл хуучнаараа л байгаа. Иргэд ч энэ бүхнийг чинь мэдэж байгаа.

Нэгэнт нийгмийн даатгалын тухай бичсэнийх манай тэтгэвэр яагаад ийм бага байдаг, даатгалын мөнгө нь яагаад арвиждаггүй тухай хэдэн зүйл эргэцүүлье гэсэн юм. Манай улсын нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо харьцангуй залууд тооцогдох ч ижил хугацаанд, манайхаас сүүлд энэ системийг эхлүүлсэн улс орнуудад энэхүү салбар нь аль хэдийнэ туршлагажин тогтворжчихсон жишээ олонтаа. Харин манай Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан хөгжиж өөдлөх бүү хэл, сангийн сав нь хоосорч дампуурахад ойрхон байна. Иргэд шимтгэл төлсөөр байтал даатгалын сан нь хоосорч, улсаас шууд татаас авах замаар үйл ажиллагаа явуулдаг нь хачирхалтай. Иргэд бүх насаараа хөдөлмөрлөөд шударгаар шимтгэлээ төлөөд явсан байтал нэг л мэдэхэд сан нь хоосорч, хэн нэгэн ялсан намын томилогдож ирсэн дарга хумсалж, бүр алдагдалтай ажилладаг. Түүнийгээ нөхөхийн тулд бүх ачааг ажил хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр үүрүүлдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тоо-цоолсноор сая орчим цалинтай хүний 34.7 хувь нь бүх төрлийн татвар шимтгэлд зарцуулагдаж байна гэсэн тооцоо байна. Энэ нь хүмүүсийн гар дээр тун бага мөнгө үлдэж байна гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилийн дотор НДШ таван хувиар нэмэгдсэнээр иргэдийн орлого 10 хувиар буурч. Татвар нэмэгдсэн ч тэр нь үр ашигтай зарцуулагдсан бол иргэд нь дургүйцдэггүй. Харин манайд татвар үр ашиггүй зарцуулагдаж байгаад л иргэд туйлын дургүйцдэг. Манай улсын хувьд цалингаас суутгах татвар шимтгэл зэрэгт маш болгоомжтой хандах ёстой. Ялангуяа ирээдүйгээ даатгаж байгаа гэсэн итгэлээр Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийнхээ итгэл үнэмшлийг алдах, сөрөг байлгах маш хортой гэж шинжээчид үздэг.

Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч 50, 50 хувиар төлдөг. ААН үүнийг төлөөгүй бол асар их дарамт ирдэг. Гүйлгээг нь зогсоож, дансыг нь хаадаг, ингээд дампууруулах зүйл рүүгээ явдаг. Тэр ажил олгогч өөрийнхөө тавин хувийг төлөхөөс гадна өөрийн байгууллагад ажиллагч хувь иргэний мөнгийг хурааж төлүүлж байх ёстой гэсэн хууль байдаг. Социализмаас салаад ардчилсан нийгэмд 30 жил амьдарчихаад ААН хувь хүнд яагаад санаа зовох ёстой гэж. Хувь хүн өөрөө өөрийнхөө төлөө санаа зовох ёстой. Тэр хүн тэтгэвэрт яаж гарах нь өөрийх нь л санаа тавих ётой зүйл баймаар юм. Ажил олгоод ажилласан хөлсөнд нь ажил олгогчийн өгөх ёстой төлбөрөө төлөөд дахиад хувь хүний өгөх татварыг заавал хурааж авч нийгмийн даатгалд төлж байх үүрэг бол ямар ч хэрэггүй дэмий үүрэг юм. Зүгээр үүрэг байдагсан бол ч яах вэ гэхсэн. Үүнийгээ биелүүлээгүй бол тухайн ажил олгогч шууд шоронд явах хүртэл хатуу хуулийн заалттай байдаг.

Цалингийн 30 хувийг НДШ нэрийдлээр татчихдаг. Энэ нь ААН-үүдэд мөн л дарамт болж ирдэг. Өгч байгаа жаахан цалингийн гучаад хувийг аваад явчихаар тэр хүнд юу үлдэх юм бэ. Тэгээд цалин багатай гэсэн муу нэр ажил олгогчдод очдог. Тэднийг шулаач, харамч, зарж байна гэх зэргээр нийгэм даяараа харааж байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өгөөжийг ажилтан ч, компани ч яваандаа хүртэхгүй болчихоод байгаад гол учир бий. Ажиллаж ажиллачихаад тэтгэвэртээ гарахдаа дөнгөж гурван зуухан мянган төгрөгөөр л гарцгаадаг. Тэгэхлээр энэ салбар дахь тогтолцоо, зохицуулалтын бурууг дан ганц шимтгэл нэмэх хэлбэрээр аврах боломжгүй. Шимтгэл хураамж дээд цэгтээ тулчихаад байна. Үүнээс цааш нэмэх юм бол ажил олгогч ч ажил хийж яваа хүмүүс ч тэсэхгүй. Нийгмийн даатгалын одоо байгаа үрэлгэн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй болоод удаж байна. Дор хаяж иргэдэд өөрсдөд нь сонголтыг өгөх хууль гаргамаар байна. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. 20 хэдтэй залуу ажилд ороод, тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү.

Ер нь Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж нүсэр том энэ байгууллага байх шаардлага байна уу. Орчин үед бүх зүйл цахимжсан байхад баахан хүн ажиллуулж татвар төлөгчдийн мөнгийг үрж байх хэрэг байна уу. Хагас цэрэгжсэн форм цолтой бараг цагдаа, цэргээсээ том энэ байгууллага юу хийдэг юм бэ. НДЕГ гэж аймаг, сум бүрт салбартай энэ байгууллагад хийх ажил байдаг юм уу. Энэ олон мянган орон тоог цөөлөх хэрэгтэй. Иргэдэд цар тахлын үед улсаас олгосон 300 мянган төгрөг, 50 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүлэхэд ганц ч хүний хэрэг байсангүй. Тийм байхад эдний хэрэг байна уу. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банкинд байршуулаад алдсан. НДШ-д хуримтлуулсан мөнгийг удирдаж буй сайд нь үрээд л дуусдаг. Ийм л жишиг одоо хүртэл явлаа. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Капитал банк дампуурахын өмнөх өдөр тухайн үеийн ХНХ-ын сайд байсан С.Чинзориг 300 тэрбумыг шилжүүлсэн байсан. Нийгмийн даатгалын мөнгийг үрэн таран хийчихээд С.Чинзориг гишүүн сайхан сайхан зүйл яриад одоо УИХ-д сууж байна. Ийм жишээ бүх эрх барьж байсан намд байгаа. Нийгмийн даатгалын мөнгийг өсгөж байна гэдэг нэрийдлээр хүүг нь хулгай хийдэг. Огтхон ч өсдөггүй. Нийгмийн даатгалд хуримтлагдаж байгаа мөнгө гэж байдаггүй. НДШ-ийн мөнгө гэж байхгүй явсаар өдийг хүрсэн. Нүсэр том бүтэцтэй энэ үрэлгэн байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Гэтэл гадны улсад нийгмийн даатгалын мөнгө нь тоо томшгүй өсч байдаг. Нийгмийн даатгал нь ашигтай ажиллаад ирэхээр эргээд тэтгэвэр авагчдадаа сайнаар нөлөөлдөг.

Өссөн мөнгөний ашгаас тэтгэврийнхэндээ олгодог жишээ олон байдаг. Мөн өөр маягаар ч тэтгэвэр олгодог аргууд энэ дэлхийгээр нэг байгаа биз ээ. Хамгийн ойрын жишээ гэхэд бидний өдөр бүр үздэг солонгос сериал дээр тэтгэвэрт гарах болохоор нь бүх төлсөн нийгмийн даатгалаас нь хувиар бодоод нэг дор мөнгийг нь өгчихдөг бололтой юм билээ. Энэ бол байж болох л жишиг. Шударга л санагдаж байна. Хүн амын насжилт тийм ч өндөр биш манай улсын хувьд Нийгмийн даатгалын сан алдагдалтай, ямар ч нөөцгүй байна гэдэг нь энэ сангийн менежмэнт буруу, тэнд намаас очсон луйварчид л хагартлаа баяжиж ирснийг харуулж байгаа юм. Тиймээс бид гадны улсын туршлагаас судлах хэрэгтэй.

Бас нэг инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг шийдвэр саяхан гарсан. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66. Гэтэл тэтгэврийн насыг 65 болгосон. Тэтгэвэрт гараад нэг жил болоод бурхан болсон тохиолдолд насаараа төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл шууд л улсын орлого болдог. Үр хүүхдэдээ өвлүүлэх, үр шимийг нь хүртдэггүй тогтолцоо манайд хэрэгждэг. Энэ бүгдээс харахад, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэгч байгууллага иргэдийг мөлжих байгууллага юм уу. Хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө шимтгэл төлөх хэрэг байна уу гэх зүйл иргэдийн дунд яригддаг.

Ер нь нийгмийн даатгалыг улс төрөөс хол байлгах ёстой. Аливаа зүйл улс төртэй хутгалдаад ирэхээрээ л явдаггүй, хөгждөггүй. Улстөржсөн шийдвэрүүд хэрхэн хохирол, алдагдал учруулдаг жишээ энэ салбараас тод харагддаг. Даатгуулагч иргэд, ажил олгогчдод ачаалал үүрүүлдэггүй зөв системд оруулах шийдэл өнөөдөр үгүйлэгдэж байна. Хувийн даатгалын ажил эхлэл төдий байгаа, сайн хөгжиж өгөхгүй л байна. Энэ арга цаашид хөгжинө гэхэд бас хэцүү. Яагаад гэвэл хувийн даатгал хийж байгаа байгууллага цаашид 80 жил байж чадах уу гэдэгт хэн ч баталгаа гаргаж чадахгүй. Дээр нь бидний хэн нь ч зуун жил бизнес хийж үзээгүй, монголчууд бүүр нэг газар, нэг ажил удаан хийх дэмий гэж үздэг. Тэгэхлээр энэ хувийн байгууллага гучин жилийн дараа байх уу гэдэгт хэн маань ч итгэхгүй байна. Мөнгө хурааж байгаад л хулхидаад, дампуурсан гэж хуураад л арилна гэх айх айдас бидний ясанд шингэсэн. Хувийн тэтгэврийн байгууллагууд төртөй хамтарвал бас арай итгэл төрүүлэхүйц юм даа. Эрхбиш улс байх байлгүй дээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Авлигын гэмт хэрэг буурчээ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний дөрвөн сард 7842 болж, өмнөх оны мөн үеэс 2288 (22.6 хувь)-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2132 (34.7 хувь)
  • Хулгайлах гэмт хэрэг 1,728 (59.4хувь)
  • Мал хулгайлах гэмт хэрэг 271 (46.8хувь)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 194 (7.7хувь)
  • Дээрэмдэх гэмт хэрэг 116 (55.8хувь)
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 95 (42.6хувь)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 189 (2.5 дахин), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22 (53.7хувь)-иар тус тус өссөн байна.

2021 оны дөрөвдүгээр сард 2,344 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 221 (10.4 хувь)-ээр өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 254 (23.4хувь), залилах хэрэг 101 (17.4хувь), хулгайлах хэрэг 87 (28.4хувь)-гоор өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 52 (53.6хувь)-оор, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 37 (46.8хувь)-гоор буурсан аж.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ эхний дөрвөн сард 41 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 (10.8хувь)-өөр өсчээ. Харин 2021 оны дөрөвдүгээр сард 11 бүртгэгдсэн нь өмнөх сараас 5 (31.3%)-аар буурсан байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний дөрвөн сард авлигын 139 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 (12.6хувь)-иор буурсан үзүүлэлттэй гарчээ.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 12 (10.2%)-оор,
  • Хахууль өгөх гэмт хэрэг 10 (62.5%)-аар,
  • үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 8 (80%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин 2021 оны дөрөвдүгээр сард 48 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 14 (41.2%)-өөр өссөн байна.

Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 6 (24%)-гаар,
  • Хахууль авах гэмт хэрэг 6 (2 дахин)-гаар,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (3 дахин)- аар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн 139 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад,

  • 106 (74.1%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 25 (17.5%) нь хахууль авах гэмт хэрэг, 6 (4.2%) нь хахууль өгөх хэрэг,
  • 2 (1.4%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 4 (2.8%) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байжээ.
Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Татварын орлого өсч, өрхийн цалин хөлсний орлого буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2021.05.17) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.


Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарболд “Нийгмийн статистик төрөлт, нас баралтаас шууд хамааралтай байдаг. Он гарснаас хойш 23959 хүүхэд мэндэлсэн. Covid-19-ийн үед төрөлт нэмэгдэх тооцоолол байсан ч төдийлөн нэмэгдээгүй. Монгол Улсад халдварт өвчний тархалт улирлын хугацаанд 2000-3000 тохиолдлын хооронд байдаг байсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Covid-19-ийн 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, цар тахлын нөхцөл байдал өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.

Дараагийн үзүүлэлт бол нийгмийн даатгалын орлого 15.1 хувиар, зарлага нь 17.4 хувиар тус бүр өссөн үзүүлэлт. Нийгмийн даатгалаас өндөр настны тэтгэврийг 344900 хүн буюу 75.9 хувь, хөгжлийн бэрхшээлтэй 69977 хүн буюу 15.4 хувь бусад тэтгэвэр тэтгэмж авч буй 39270 8.7 хувийг эзэлж байна. Нийгмийн халамж нэмэгдэж, сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах иргэд буурсан үзүүлэлттэй гарлаа.

Өрхийн орлогын тухайд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар өрхийн ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 24.4, ХАА-н орлого 17.1 хувь, цалин хөлсний орлого 11.7 хувиар буурчээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРЛОГО 34.1 ХУВИАР ӨСӨВ

Үндэсний тооцоо, судалгаа, шинжилгээний газрын дарга А.ДЭМБЭРЭЛ:

-ДНБ 9.2 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар ХАА 14 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Тухайлбал, уул уурхайн салбар 29.7 хувь, үйлчилгээний салбар 6.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 10.7 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байсан юм.

2021 оны эхний улиралд ХАА-н салбар 6.6 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 15.7 хувь, уул уурхайн салбар 34.1 хувь, үйлчилгээ 3.6 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.ОЮУНЖАРГАЛ:

-Оны эхний дөрвөн сарын байдлаар, өрийн үлдэгдэл төрийн салбар 0.2 тэрбум, хувийн салбар 1.5 их наяд байна. Мөн чанаргүй зээл хоёр их наяд байгаа юм. Харин хэвийн зээл 14.4 их наяд, хугацаа хэтэрсэн зээл 1.3 их наяд төгрөг байна. Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 11 хувь, хугацаа хэтэрсэн зээл долоон хувийг тус бүр эзэлжээ.

Төсвийн орлогын бүтцийг авч үзвэл, татварын орлого 75.9 хувь, татварын бус орлого 13.2 хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.2 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 5.6 хувь эзэлж байна. Татварын нийт орлого эхний улирлын байдлаар дөрвөн их наяд болж, өмнөх оны мөн үеэс нэг их наядаар өслөө. Харин хадгаламжийн хувьд төгрөгийн хадгаламж дөрвөн их наяд төгрөг, валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Ковидын хөл хорионы дараа эдийн засгийн өршөөл зайлшгүй хэрэгтэй

– ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ДАЛИМДУУЛЖ МАН-ЫН ГУЧ ГАРУЙ ЭРХ МЭДЭЛТЭН ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭС МУЛТАРСАН ТҮҮХ ӨНГӨРСӨНД БИЙ –


МҮХАҮТын ерөнхийлөгч асан, бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


Эдийн засгийн өршөөлийн хуулийг дахиж гаргахгүй гэсэн мэдэгдлийг Сангийн сайд саявтар хийчихлээ. Дахиж өршөөл үзүүлэх шаардлагагүй нөхцөл бүрдчихсэн гэсэн үг үү?

-Сангийн сайд тийм мэдэгдэл хийсэн л дээ. Гэхдээ бид хатуу хөл хорионд улсаараа байлаа, жил хагасын хугацаанд. Тайлан гаргаж өгдөг ная гаруй мянган аж ахуйн нэгж өнөөдөр гэхэд 33 мянга руу уруудчихсан, 500 гаруй мянган ажлын байр алга болсон, эдийн засгийн макро тоонууд тэр чигтээ хасахтай гарсан. Хөл хориотой үеийн татварын эрх зүйн орчны зохицуулалтын асуудлууд байх ёстой ч үүнийг хийж чадаагүй. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2020 оны гуравдугаар сарын 28-нд анхны мэдэгдлээ хийсэн, цар тахалтай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл, татварын хүү торгууль, алдангийг төлүүлэхгүй гэж. Энэ мэдэгдлээ 2020 оны арваннэгдүгээр сарын 9-нд дахиад бататгаж хийсэн юм. Ингэж мэдэгдсэн хэрнээ эрх зүйн актыг нь бүрдүүлж өгөөгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хэсэг төлүүлэхгүй явсан даа, тэгэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн хуулинд өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна Зөрчлийн хуулинд байдаг нийгмийн даатгалтай холбоотой хэсгийг ч өөрчилсөн. Ерөнхий сайдын мэдэгдсэн хүү торгууль, алдангийг тооцохгүй гэдэг бол бараг өршөөлийн хууль. Монгол Улсын 31, 32 дахь Ерөнхий сайд ингэж мэдэгдсэн ч татварын ерөнхий хууль, татварын хуулийн зөрчилтэй холбоотой хуульд өөрчлөлт хийгээгүй. Бизнес зогссонтой холбоотой хүү, торгууль өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй яваа гэсэн үг.

Ерөнхий сайдын мэдэгдэл эрх зүйн акт болоогүй учраас бизнесийнхэн хүү, торгуулийн асуудалтай яваа байх нь ээ?

-Тэгж ойлгож болно.Уг нь Ерөнхий сайдын мэдэгдэл хууль эрх зүйн акт шүү дээ. Хамгийн аюултай нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын багц хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуультай холбоотойгоор журам гаргах ёстойгоос өнөөг хүртэл арваад журам нь батлагдаагүй. Ковидын үеийн татварын шалгалтууд яаж хийгдэж, маргаан таслах зөвлөлийн хурал, захиргааны хэргийн шүүхүүд ямар зарчмаар явагдах вэ гэдэг нь журмуудаар зохицуулагдах ёстой. Гэтэл ганц ч журам гараагүй гацааны байдалтай яваа.

Сангийн сайдын хийх ёстой ажил биз дээ?

-Уг нь тийм, гэхдээ Б.Жавхлан сайд олж харахгүй байна л даа. Татвар талдаа ямар ч мэдлэг алга.

Дахиад асууя, өмнө нь татварын өршөөлийн хууль цөөнгүй гарсан, одоо ийм хууль үнэхээр хэрэггүй болчихсон уу?

-Хэрэггүй болсон гэж хэлэх аргагүй асуудал. Өмнө нь батлагдсан татварын өршөөлийн хуулийн үр дүнг манай МАН-ын Засгийн газар үргэлж хүртсээр ирсэн.

Бүр системтэйгээр ярья. 1992 оны Үндсэн хуулиар хүний эрх, аж ахуй эрхлэх эрх чөлөөг анх удаа олгосон. 1993 онд үүнийг дагаад татварын хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Гэхдээ иргэнээ өмчгүй байлгах, эдийн засгийн эрх чөлөөг нь боомилсон социалист систем урсгалаараа цаашаа яваад өгсөн л дөө. П.Жасрай гуайн Засгийн газрын үед аж ахуйн нэгж 45 хувь хүртэл дөрвөн шатлалтай татвартай байсан. Энэ өндөр татвараас болоод 1992-1996 онд бүх аж ахуйн нэгж (тухайн үед 1852 байгууллага байв) дампуурсан. Ингэж явсаар 1996 онд хөдлөх ямар ч аргагүй болчихсон байсныг М.Энхсайхан Ерөнхий сайд болоод засч чадсан юм. Эдийн засгийн либерал бодлого явуулсны үр дүнд 45 хувийн татвар багасах үйл явц өрнөсөн л дөө. Сүүлд 2006 онд АН-ын залуус татварууд өндөр байна гээд дөрөв арвын бодлого гэж гаргаж ирсэн. Үүнийг нь 2006 оны зургадугаар сарын 19-нд М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллах үедээ батлуулсан түүхтэй. НӨАТ-ыг арван хувь, аж ахуйн нэгжийн орлогын татварыг 25, 10, нийгмийн даатгалын шимтгэлд компани 19 хувийг төлж байсныг 10 хувь болгосон. Дараа нь 2007 оны тавдугаар сард Татварын ерөнхий хуулийг (Ц.Нямдоржийн зассан хууль. Тухайн үед Үндсэн хуулийн Цэц түүнийг энэ шалтгаанаар түүнийг огцрох үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаж байв) баталсан. Социалист улбаатай өндөр татварын системийг багасгасан шинэ систем үйлчилж эхэлсэн гэсэн үг.

Таны хэлж байгаа шинэ систем 2008 оноос хэрэгжиж эхэлсэн байх аа?

-Тэгсэн, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ шинэ системийг ажиллуулахын тулд өмнө нь 2007 оны арванхоёрдугаар сарын 25-нд УИХ-ын хаалттай хуралдаанаар татварын зарим хууль ба нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэх хууль гэж баталсан. Тэр хууль 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 2008 оны долдугаар сарын 1-ний хооронд үйлчилсэн. Бүртгэгдээгүй ажил үйлчилгээ орлогоо ил гаргаж бүртгүүлээрэй, тэгсний дараа татварын шинэ хуулиар явна шүү гээд гаргасан хууль л даа.

Таны яриад байгаа наад хуулийг чинь эрх баригчид өөрсдөдөө зориулж гаргаад өөрсдөө ашигласан гэж шүүмжилдэг…?

-Нуугаад байх юмгүй үнэн л дээ. Зургаахан сарын хууль баталчихаад Сангийн яам, Татварын ерөнхий газраас журмыг нь бүр сүүлд баталж байсан юм. Өөрөөр хэлбэл, 45-хан хоног үйлчлээд дууссан хууль. Энэ хуулийн дүнд 5.6 тэрбум ам.долларын орлого ил гарсан байдаг. Гэхдээ хамрагдсан тоо нь маш бага. 43000 компани бүртгэлтэй байснаас 2200 компани л боломжийг ашигласан. Ийм тэнцвэртэй бус эрх зүйн орчин үүсгэчихсэн учраас тэр алдааг нь засах гэж 2015 онд эдийн засгийн өршөөлийн хуулийг баталсан юм. Хүмүүсийн мэддэггүй нэг асуудал бий. 2008 оны нэгдүгээр сарын 21-нд Татварын өршөөлийн хуулийг баталсан. Тэр хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Татварын акт тавиулсан хүмүүст тавьсан өршөөл л дөө. Мөн тэр өдөр Эрүүгийн хуулиас таван зүйл авсан юм. Нэг нь татварын, нөгөөх нь албан тушаалтны гэмт хэрэгтэй холбоотой 253 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Албаар зориудаар хүчингүй болгосон. Бүр тодруулж хэлбэл, татварын өршөөлийн хуулийн эрх зүйн өөрчлөлтийг далимдуулж эрүүгийн хуулиас өндөр албан тушаалтны хэргийг мулталсан.

Эрүүгийн хуулиас ямар хүмүүсийн хэргийг мулталсан гэж?

-Тухайн үед 2000-2008 оны гэмт хэргүүд өршөөгдсөн. Нийтдээ 34 албан тушаалтан өршөөгдсөн байдаг. Бөмбөгөрийн хэрэг, хадгаламж зээлийн хоршоо, Хадгаламж банкны асуудал буюу У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчдийн казинодсон хэргийг өршөөсөн. Эрүүгийн хуулиас зүйл алга болгож гэмт хэргээ дарсан байдаг юм. Ц.Нямдорж, Ц.Шаравдорж, Д.Лүндээжанцан нарын бүгдийнх нь нийлж хийсэн зүйл л дээ.

Өндөр албан тушаалтнуудын хэргийг ингэж цайруулах болсон цаад шалтгаан нь юу юм бол?

-Сонгууль. 2008 оны сонгуулиар одоогийн МАН, тухайн үеийн МАХН 35 хувийн рейтингтэй байсан. 34 албан тушаалтан нь ял авбал рейтинг нь тэг хувь руу уруудах байсан учраас С.Баяр дарга тухайн үедээ тэгж сэтгэсэн хэрэг. Эрүүгийн хуулиас зүйлийг нь алга болгоод буцааж оруулсан цаад түүх нь энэ л дээ.

Буцааж сэргээсэн түүх нь сонирхолтой санагдчихлаа…?

-Би тухайн үед энэ асуудлыг олон нийтэд мэдээлсэн юм. Тэр мэдээллийн дагуу УИХ-аас надад захиа ирсэн л дээ. 2008 оны хоёрдугаар сарын 7-нд ирсэн тэр захианд “Таны хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулиас 253 дугаар зүйл санамсаргүй алга болсныг буцаагаад орууллаа” гэсэн утгатай өгүүлбэр бий. Эрүүгийн хуулиас зүйл алга болоход үндсэн зарчмынх нь дагуу түүнд хамаарах бүх хэрэг, мөрдөн байцаалт өршөөгддөг. Дахиад хэлэхэд, тэр хүрээнд 34 албан тушаалтан өршөөгдсөн. Эрүүгийн хууль буцаж үйлчилдэггүй учраас тэр хэргүүд тэгээд замхарсан. Ингээд харахаар системийн өөрчлөлтийг өөрсдөдөө зориулаад хийчихсэн гэж шүүмжлэхээс аргагүй байдаг л даа. Жижиг бизнес эрхлэгчид буюу ердийн иргэд учраа олоогүй өнгөрсөн. Дараа нь эдийн засаг 17 хувь хүрсэн. Үүнд макро түвшинд хийсэн татварын системийн өөрчлөлт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Товчхондоо 2008 онд хийсэн татварын системийн өөрчлөлтийг 99 хувь нь ашиглаж чадаагүй. 2010 онд үр дүнгээ харсан чинь өнөө 2200 компани дээр бизнесийн бүх төвлөрөл явагдсан байсан. Монополиуд бий болж эхэлсэн. Жижиг дундууд нь бүгд байхгүй болсон л доо. Тэр үед би Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх байсан юм. Бодит байдал нь ийм байгаа учраас татварын хуулинд системийн өөрчлөлт хийе гээд ажиллаж эхэлсэн. Тэр сонгуулиар АН засгийн эрх авч уул уурхайн түүхий эдийн үнэ тав дахин унаж, 17 хувийн өсөлттэй эдийн засаг навс унасан. АН-ын залуус дахиад нэг капитал оруулж ирэх ёстой, Б.Лхагважавын яриад байдаг бүртгэгдээгүй капиталыг оруулж ирье гээд ажилласан байдаг юм. Тухайн үед манай улсад ирсэн Нобелийн шагналт Эрнандо Сато хүртэл “Улаанбаатарыг чинь тойроод гэр хороолол гэж зургаан тэрбум ам.долларын хөрөнгө бүртгэлгүй байна” гэж хэлснийг та ч сонссон байх. Капиталаа бүртгэлжүүлж байж капитализм явдаг гээд бүргтгэлийн системийг дахиад ажиллуулахаар зүтгэсэн. Бүртгэдэг хамгийн гол систем нь НӨАТ гэж хараад 2015 онд шийдэл болгосон. Тэр үед Ж.Эрдэнэбат Сангийн сайд, У.Хүрэлсүх Шадар сайд байсан юм. Тухайн үед НӨАТ-ын хуулийг л баталсан. МАН, АН хамтарч байгаад 2015 оны наймдугаар сард салсан. Тэр далимаар 2015 оны наймдугаар сарын 17-нд Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталсан юм.

Эдийн засгийн ил тод байдлын хуулийг батлах болсон хамгийн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Өмнөх татварын өршөөлийн, ил тодын хуулийг тэгш бус хэрэглэснээс болоод 12 мянган компанийн эзэд нягтлангууд цагдаагийн үүдэнд оччихсон байсан юм. 12 мянган хүнд эрүү үүсгэх нөхцөл үүсчихсэн байсан гэсэн үг. Эдийн засаг нь хасах нэг рүү уруудчихсан цаг шүү дээ. Тийм хэцүү үед бизнес эрхлэгчид нь хэдэн мянгаараа шоронгийн хаалга татах гээд зогсоно гэдэг том асуудал. Тийм учраас өршөөл үзүүлье гээд наймдугаар сарын 17-нд эдийн засгийн ил тодын хуулийг баталсан. Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталсан бас нэг шалтгаан бий. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын бүртгэл эхлэх гээд байсан юм. Тэр шийдвэрийн дараа 18 мянган компани өршөөлд хамрагдаж 34 их наядын ажил үйлчилгээ орлогыг ил гаргасан. 1990 оноос хойш 2016 оны нэгдүгээр сарын 1 хүртэл бий болсон өмч, хөрөнгө, үйлчилгээ гээд бүртгэгдээгүй юмаа л бүртгэсэн. Түүнээс биш бэлэн мөнгө огт гарч ирээгүй. Үүнийг зарим нь улс төр болгож өчнөөн тэрбумыг оффшорт нуулаа энэ тэр гэж шүүмжилсэн л дээ. Дараа нь 2013-2017 онд эдийн засаг айхавтар хямарсан. 34 их наядыг ил гаргаж, НӨАТ-ын систем ажиллаж эхэлсэн учраас тэр хэцүү цагт ажраагүй. 2017 оны татварын орлого нэг их наядаар давсан. 2018 оных ч нэг их наядаар давсан. Товчхондоо системийн өөрчлөлт хийж чадсан учраас ийм үр дүн гарсан юм. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 18-нд ээлжит бус чуулган хуралдуулж татварын үлдэгдэл багц хуулиудыг батлуулж чадсан. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цар тахалтай нэг жил гаруй хугацаанд татварын асуудал гарсангүй нь энэ шийдвэрүүдийн үр дүн. У.Хүрэлсүхийн батлуулсан хуулийн хамгийн том гавьяа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг 25, 10, 1 болгосон явдал. Өнөөдөр 1.5 тэрбумын орлоготой аж ахуйн нэгж тайлангаа өгөөд яг НӨАТ шиг 90 хувийг нь буцааж авч байгаа. 300 саяас доош орлоготой хүн орлогынхоо нэгхэн хувийг бүртгүүлээд тайлан өгөхгүй байж болно. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар хоёрыг энэ ажлаа сурталчлахгүй яваад нь гайхаад байдаг юм. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс татварын багц хууль бүгд шинээр шинэчлэгдсэн. НӨАТ-ын систем маш сайн ажиллаж эхэлсэн. Дахиад шинэ систем ажиллах гэж байна. Яг энэ үед уг нь Өршөөлийн хууль маягийн зүйл хэрэгтэй байсан юм. Гэтэл өршөөл үзүүлэх нь битгий хэл бүх бизнесээ жил хагасжин хорьчихлоо.

Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг ашиглахын тулд дампуурах дөхсөн компаниуддаа өршөөл үзүүлж, дэм өгөх маягийн ажил хийх ёстой гэж үү?

-Ерөөсөө л тэр. Тайлангаа 1.5 жил зогсоосноос болж НӨАТ-ын өрөнд орсон, орлогын албан татварын өртэй яваа компаниудаа төр өршөөх хэрэгтэй. Учир нь төрийн зохицуулалтаар эдийн засаг явагдана гэсэн системийг ашиглаж төр бүх бизнесийг зогсоосон. Яг тэгж зогсоосон шигээ татварын систем, даатгалын системийг зогсоох л ёстой. Монгол улсын төр засаг 1996, 2008 онд иргэндээ эрх чөлөө өгсөн. 2016 онд аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн. Үр дүнд нь улсын татварын орлого дандаа нэг их наядаар давж байсан. Эрх чөлөө өгөх тусам, татварыг багасгах тусам татварын орлого нэмэгдэж байсан. Өнөөдрийн хамгийн том шоглоом юу гээ. Энэ бүхнийг хийж байсан филосифичид нь эрх барьж байгаа хүмүүс дотор алга.

Хэн хэнийг хэлээд байна та?

-М.Энхсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Ариунсан, Ж.Эрдэнэбат нарыг хэлж байна л даа. Энэ хүмүүс татварын реформуудыг хийхэд маш сайн оролцсон. Тухайн үеийн МҮХАҮТ ч сайн оролцож байсан. Эдийн засгийн өршөөлийн хууль яг эрүү үүсгэх хэмжээний буруутай, төсвийн мөнгө луйвардсан, улсын баялгийг хулгайлсан улсад огт хамаагүй байсныг хэлмээр байна. Сүүлд нь хар жагсаалтад орсон процессыг Ч.Хүрэлбаатар сайд албаар эдийн засгийн өршөөлийн хууль руу нааж буруутгасан. 2017, 2018 онд төсвийн орлого нэг нэг их наядаар нэмэгдсэн нь НӨАТ-ын систем, өршөөлийн хууль гэдгийг Ч.Хүрэлбаатар тайлбарлаж чадаагүй. Тэр бүү хэл, энэ реформыг эсэргүүцэж байсан гэдэг утгаараа МАН таг дуугүй өнгөрсөн. Ковидыг далимдуулаад эдийн засгийг коммунизм маягаар зуун хувь удирдах процесс руу орж ирж байна л даа. Ялангуяа төрийн өмчтэй 40 компани дээр тухайлж яримаар байна. Төрийн эрхшээлд байдаг эдгээр компани дангаараа эдийн засгийн 40 хувийг хангадаг. Эдийн засгийн 40 хувийг төр барьчихсан гэсэн үг. Хувийн хэвшлийн тухайд хөл хорионы зогсолтоос болоод эрх чөлөө нь хаагдангуут төрийн компаниуд давамгай орж ирлээ л дээ.

Засгийн газар яг одоо яах ёстой вэ?

-Хасахтай эдийн засаг руу капитал оруулах хэрэгтэй байна. Мүглэнд орсон аж ахуйн нэгжүүдээ сэргээхийн тулд урам өгөх хэрэгтэй. У.Хүрэлсүхийн татварын алданги, хүү торгуулийг 2020 онд авахгүй гэсэн мэдэгдлийг хуульчилж өгөх хэрэгтэй. Татварын ерөнхий хууль, Зөрчлийн хуульд зохих өөрчлөлтийг нь хийж өгөөд, хэд дахин багассан татвар төлөгчдөө буцааж сэргээмээр байна. 1990 оноос хойших дөрвөн том хямралаас гарсан арга нь ерөөсөө л иргэн аж ахуйн нэгждээ эрх чөлөө өгсөн. Эдийн засгийн эрх чөлөөг нь, чөлөөтэй ажиллах урмыг л өгсөн. Гарцыг нь гаргаж өгөөд өөрсдөө холдож байсан. Төр өөрөө юм хийх гэж дайраагүй. Одоо бол манай төр бүх аж ахуйн нэгжээ царцаачихаад өөрсдөө бүхнийг хийнэ гэж дайраад байна. Улсын гайгүйхэн хэдэн үйлдвэрийн олсон ашгийг нийгмийн халамжид өгч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг бахархмаар байна

Татварын ерөнхий газар Монгол Улсын 2020 оны Шилдэг татвар төлөгчдийг алдаршуулж, олон нийтэд зарлав. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт ийнхүү Шилдэг татвар төлөгчдийг зарладаг болоод 22 жил болж байна.

Татварын байцаагч гэхээр сүнсгүй айж зугтаж, нуугддаг, татвар гэхээр эвэртэй туулай үзсэн мэт цочирддог байсан үе бий. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гайхахаа больсон байлгүй. Товчхондоо, УИХ-ын гишүүд, дарга, сайдууд, цэрэг, цагдаа, эмч, эрүүл мэндийн салбар гээд төрд хамааралтай бүхий л байгууллагын зардлыг татвараар төлж байдаг. Татвар бол эдгээр салбарынхныг цалинтай байлгаж, эднүүсийг амьдруулдаг юм. Монгол Улсын амьдарч буй, хөдөлж байгаа бүх юм татвараар бүтэж байдаг. Маниусыгаа элдвээр хэлээд, чичлээд айлгаад байгаа цагдаа хүчнийхэн, гудамжаар явахаар журамлаад торгоод байгаа замын цагдаа нар, “Гадуур тэнэлээ” гээд балбаад байсан хэв журмын цагдаа нарыг чинь татвар төлөгчид бид л цалинжуулдаг юм шүү дээ. Бидний цалингаасаа илүүчилж өгсөн төгрөг татвар болж, тэдэнд цалин болж очиж амьдралыг нь тэтгэдэг. Ийм учраас их ч бай, бага ч бай татвар төлөгчид бол зах зээлийн нийгэмд маш хүндтэй байдаг юм. Бизнес эрхлэгчид бол гол татвар төлөгч учир тэднийг зах зээлийн нийгмийн “бурхад” гэх нь бий.

Гэтэл ялангуяа бизнес эрхлэгчдийн талаарх монголчуудын нийтлэг хандлага онцгүй. Бизнес эрхлэгчдийн тухай сэтгэлгээ, хандлагадаа өөрчлөлт оруулах цаг нь болсон. Социализмаар бараг 100 жил явчихсан болохоор монголчуудын сэтгэлгээнд бизнес эрхлэгчдийг буруугаар ойлгож, үзэн яддаг үзэл нэвт шингэж, автоматаар тэр нь үе үе сэдэрч, дохио өгөөд байдаг “эмгэг”-тэй болцгоосон. Уг буруу сэтгэлгээг халъя гэвэл ард иргэддээ бизнес, эдийн засгийн салбарын тухай зөв ойлголтыг төрүүлж өгөх ёстой. Иргэддээ багаас нь энэ талаар ярьж өгч, зөв мэдээллээр хангах нь ирээдүйд Монгол Улс бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалчдад таатай орон болох шимтэй хөрстэй болно гэсэн үг. Бизнес эрхлэгч гэхээр л “Хүн шулж байгаа юмнууд”, “Шуналтай” гэж аль хоцрогдсон үеийн юмаа л ярьдаг. Тиймэрхүү ёс бус хандлага нь аль хэдийнэ социализмтайгаа нуран уначихсан. Систем нь нуран унасан ч тэр сөрөг хандлага, буруу үзэл нь тархинд нь шингэсэн учир байсхийгээд л дээрх үгсээ бизнес эрхлэгчид рүү шидэлж байгаа харагддаг. Эрүүл нүдээр харахаар бизнес эрхлэгчид хүн шулж байгаа юм ер байхгүй, хүнийг боол болгоод байгаа ч юм үгүй. Хуучин цагт “Улсад ажил хийнэ” гэж ярьдаг байлаа. Тэр нь одооныхоор төрийн алба л даа. Улсад ажил хийх, хувьд ажил хийхийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Харин ч хувийн хэвшилд ажиллахад түмний төлөө гэсэн сэтгэл илүү гаргана, хэдэн ажилтныхаа цалинг нь цаг хугацаанд нь, хэмжээнд нь тавьж байхыг зорьж өдөр шөнөгүй зүтгэцгээнэ.

Тийм ч учраас ингэж шударга ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй тэдгээр хүмүүс дотроос Шилдэг татвар төлөгч иргэдээ онцлон шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай болчихсон нь энэ. Чухал биш байсан бол дуугүй өнгөрч, татвар төлөгчдөө тоохгүй хаях байсан биз дээ.

Өмнө нь ихэвчлэн аж ахуйн нэгжээр нь шалгаруулдаг байсан бол энэ жил Хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэнийг зарласан нь олон хүний талархлыг хүлээлээ. 2020 онд иргэн Ж.Оджаргал 8.7 тэрбум, Ж.Од 4.6 тэрбум, Л.Элдэв-Очир 502.5 сая, Д.Сүрэнхорлоо 311.5 сая, Ж.Энхбаяр 222 сая, Л.Чинбат 154.4 сая, Л.Болд 154.1 сая, Д.Ончинсүрэн 139.9 сая, Б.Уянга 124.9 сая, Ж.Баттулга 123.6 сая төгрөгийг тус тус улсын татварт өгснөөрөө сайшаагдлаа.

Энэ аравхан хүний нэг жилд өгсөн татвар нь нийлээд 15 тэрбум төгрөг болж байна. Үүнийг нь аймгуудын 2021 оны төсөвтэй харьцуулахад сонирхолтой зүйл ажиглагдлаа. Жишээ нь, энэ жил Өмнөговь аймагт 14.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ 10 хүний өгсөн татвараас 400 саяар бага байна. Тэр бүү хэл, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалын 2020 онд улсад төлсөн татвар нь 8.4 тэрбумын төсөвтэй Булган аймгийнхаас 300 саяар илүү дүнтэй байна.

Арвуулаа нийлээд Булган, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төсвөөс их төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, 17 тэрбумын төсөвтэй Сэлэнгэ, Увс аймгийн хэмжээний төсвийг ч өлхөн гаргачихаар хэмжээний харагдаж байна. Ийм их хэмжээний төгрөгийг татварт өгч байна гэдэг бахархахгүй байхын аргагүй сайхан үйл явдал. Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг гайхалтай, бахархалтай.

Эд чинь хувь хүмүүс шүү дээ. Энэ арван хүн шиг ийм хөдөлмөрч, иргэний үүргээ ёсчлон биелүүлж, эх орныхоо төлөө бодитой хувь нэмрээ оруулдаг бизнес эрхлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Энэ арваа 100 болгомоор байна. Тэр зуугаа цааш нь 1000 болгоё. 1000 нь хөгжиж, дэгжээд 10 мянгад хүрэг. Төр нь бизнес эрхлэгчдээ дэмжиж сүйд болдоггүй юм аа гэхэд савраа татахад л биесээ чирээд босоод ирчихнэ гэж энэ салбарынхан өөрсдөө ярьдаг. Ингэчихсэн байхад Монгол Улс баян тарган, чинээлэг ард иргэдтэй болно. Иргэд баян бол төр баян гэж хэлсэн чинь угтаа ийм л учиртай юм шүү дээ. Эдгээр арван иргэндээ баяр хүргэе ээ, та нараар бахархаж байна аа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Төр бодит байдлыг үнэлж чадахгүй байна гэж бизнесийнхэн дүгнэлээ

МҮХАҮТ-аас сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хямрал эдийн засагт нүүрлэж, компаниуд маш хүнд байдалд орсон тухай мэдээлж, шийдвэртэй арга хэмжээ авахыг засгийн газарт анхаарууллаа. Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийг энэ онд 6.8 хувь, ирэх жил 7.2 хувиар өснө хэмээн таамаглаж байгаа. гэтэл бодит байдал дээр эдийн засгийг тэтгэх голлох салбарууд уналтад ороод байгааг хэлэв.

2019 онд нийт экспортын 84 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, нэхмэл эдлэл болон бусад салбарын экспорт үлдсэн хувийг бүрдүүлж байжээ. Тэгвэл 2020 онд нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш өсөн өндийж, гадаад зах зээлд хүрээгээ тэлэх гэж хичээж байсан бизнесүүд бүхэлдээ уналтад орсон гэсэн үг юм. гэвч төр засаг нөхцөл байдлыг бодитой үнэлж чадахгүй байгаад бизнес эрхлэгчид бухимдаж байна.

Тодруулбал, 2020 онд ажилгүйдлийн түвшин 4.3 хувь хэмээн гаргасан. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй байгааг МҮхаҮТ-ын удирдлагууд хэлэв.

Тус онд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94.4 тэрбум төгрөг болж, 2019 оноос хоёр дахин нэмэгдсэн байна. ийм байхад ажилгүйдэл буурсан мэтээр тайлбарлаж, уг тоонд суурилж бодлого боловсруулж байгаа нь төр бодит байдлыг огт үнэлж, цэгнэж чадахгүй байгаагийн илрэл хэмээсэн юм.

Улмаар татварыг нэмж байгаа нь тун ойлгомжгүй байдал үүсгэж буйг хэлэв. Монголын бизнесийн орчны судалгааны 2020 оны дүнг 2017 оныхтой харьцуулахад эрс муудсан байна.

Үүнд хүний нөөц, санхүүгийн зах зээлтэй холбоотой асуудал хамгийн хүндрэлтэй болохыг хэлснээс гадна татварын орчинд муу гэсэн үнэлгээг тавьсан аж. Ялангуяа, бизнес эрхлэгчид гаалийн албан татвар, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд 2.50-иас дээш үнэлгээг өгсөн байна. Энэ нь татварын орчинг муу хэмээн үнэлсэн гэсэн үг аж. Хамгийн сүүлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр цаг үеэ олоогүй болохыг хэлсэн. Одоо уг нэмэгдэл шимтгэлийг төлөх нь бүү хэл өмнөх өрийн дарамтаасаа хэрхэн гарах вэ хэмээн компаниуд шаналж байгаа аж. Нийгмийн даатгалд төлөх өр нь 2019 оныг бодвол өссөн ба тэр дундаа 120 хоног хүртэлх төлөөсний өр нь гурав дахин өссөн байна. Үүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуйн нэгж (160 мянган даатгуулагч), даатгалын шимтгэлийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Энэ мэтээр цар тахлын хүнд үед татварын өндөр ачааллуудыг компани, иргэд даахаа больж байгааг хэлэв. Манай улс нэг хүнд ногдох ДНБ ойролцоо орнуудтай харьцуулахад татварын хувь хэмжээ өндөр. Тухайлбал, Индонез улсад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлд 2, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлд 5.74, нийт шимтгэл 7.74 байдаг бол Монголд энэ харьцаа 12.5, 15.5, нийт 28 хувь байгааг хэлсэн. Хичээн зүтгэж олсон мөнгөнөөсөө ийм өндөр хувиар шимтгэл төлж байгаа ч эргээд өгөөжийг нь дорвитой хүртэж чадахгүй дуусч буй нь эмгэнэл аж. Нэмээд татварын өндөр ачааллаас гадна торгууль шийтгэл их байгааг дурдсан. 2020 онд 2.2 сая гаруй зөрчилд 66 тэрбум төгрөгийн торгууль тавьсан аж.

Хатуу хөл хориог ухаалгаар зохицуулаагүй гэв

Нөгөөтэйгүүр, цар тахлын улмаас хүндрэлд орсон компани, бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй зээлээс хувь хүртэх боломж хязгаарлагдмал байгааг хэлэв. Зээл авч чадаагүй иргэд 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах Олон нийтийн зөвлөлөөс явуулсан судалгаанд оролцож, дараах шалтгааныг хэлсэн байна. Тэдний 51 хувь нь зээлийн нөхцөл хатуу, 32 хувь нь барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй хэмээн хариулжээ. Өнөөгийн байдлаар Монголбанкны мэдээллийн санд 8000 аж ахуйн нэгж, 300 мянган иргэнийг чанаргүй зээлдэгч хэмээн бүртгэсэн байна. Эдгээр иргэн, компанид ямар ч төрлийн зээл олдох боломжгүй байгаа юм. Энэ мэт хүндрэлүүдтэй зэрэгцээд хатуу хөл хорио бизнесийн салбарт асар том дарамт авчирсан байна. Тодруулбал, “Oxford Martin”-аас нийтэлсэн хатуу хөл хорионы индексийг харахад Монгол Улс тэргүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг индекс нь 0-100 гэсэн үнэлгээг өгдөг. Харин Монгол Улсын хувьд 100 гэсэн үнэлгээг авсан бөгөөд хатуу хөл хорионы үед эдийн засгийг үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэсэн үг юм. Гэтэл олон улсад хатуу хөл хорионы үед хүн амын эрүүл мэндийг бодохоос гадна бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад анхаарч иржээ. Үүнд Орос, Хятад, АНУ зэрэг орнууд багтаж байна. Тэд 70-80 гэсэн үнэлгээ авсан байна. Нэг үгээр хэлбэл, хатуу хөл хорио тогтоосон ч бизнесийн үйл ажиллагааг тодорхой түвшинд эрхлэх боломжийг бүрдүүлж өгсөн гэсэн үг. Харин манайд хатуу хөл хорио гэхээр бүх зүйлээ нам хаагаад, эдийн засаг, компаниудаа уналтад оруулж “тэмцсэн” байна. Харамсалтай нь бүхий л бизнесийг боомилсон уг шийдвэрийн ачаар цар тахлыг дарж авч чадсан уу. Хариулт бидний өмнө бэлээхэн байна хэмээсэн. Танхимын зүгээс шаардлагатай судалгаа, тоонд үндэслэж “covid-19”-ын улмаас үүссэн эдийн засгийн хямрал нь 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том хямрал хэмээн дүгнэсэн байна.

Их сэргэлтийг эхлүүлэх хэрэгтэй гэв

Одоо энэ хүндрэлтэй цаг үед төрөөс бодлоготой, зоригтой алхам хэрэгжүүлж, их сэргэлтийг хийх шаардлагатай байгааг хэлэв. Өнөөгийн байдлаар уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи, төрийн албанаас бусад салбарууд хямралд өртсөн. Хямралд гүнзгий өртсөн 548 мянган ажлын байр, хүндрэлд орсон 399 мянган ажлын байр байгаа аж. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд гүнзгий уналтад орсон, 25.2 хувийнх нь орлого тасалдаж, хямрал руу гулсаж байна. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80-аас дээш хувь нь 1-9 ажилчинтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгаа аж. Иймд эдийн засагт их сэргэлтийг хийхдээ аргацаасан төдий бус, том агуулгаар нь хүндрэлүүдээ шийдэх ёстой хэмээв. Их сэргэлтийн хүрээнд дараах алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Үүнд цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх, мөн НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах хэрэгтэй гэв. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох, Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн, Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах шаардлагатай аж. Эцэст нь төр данхайх бус хувийн хэвшлийн манлайлалд суурилсан бүтцийг бий болгох хэрэгтэйг онцолсон юм. Төр бүтцээ данхайлгаж, бие дааж асуудлыг шийдэх гэж зүтгэх нь үр өгөөжгүй байж, ямар хүндрэл бэрхшээлийг авчирч байгааг бид харж байна. Одоо эдийн засгаас гараа татаж, хувийн хэвшилд нь даатга хэмээсэн юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ эдийн-засаг

13 компанийн хувьцааны ханш өсчээ

2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 186.609.742 төгрөгийн үнийн дүн бүхий 1.473.270 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Булган ундрага” ХК BUN+14.98 хувь болон “Гермес центр” ХК HRM +7.75 хувийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” ХК ETR -10.61 хувь болон “Эрдэнэс таван толгой” ХК ETTD -5.00 хувийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 45.235 ширхэг нэгж эрхийг нийт 13.027.080 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаасыг 285 доллароор арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.05 хувиар буурч, 35504.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.649.105.251.619 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов.

Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 100+төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд хэллээ. Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов.
“Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь явуулах ёстой” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан 100+ төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгсний дараа бизнес эрхлэгчид саналаа илэрхийллээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя. Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжие.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: Төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Гурван аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг өгөөгүй байна.
“Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш: Залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо. Сургаж ажилд авъя гэхэд ирдэг хүн байдаггүй. Үүнд анхаармаар байна. 10 их наядын цогц төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй байхад анхаарах хэрэгтэй. Манайх гэхэд л Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарна уу.
“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон. Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж зээлийн шугам нээх шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой.
“Монголын Алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж зэс баяжуулах үйлдвэр байгуулах болсон. Хамгийн боломжтой байршил нь Бор-Өндөр. Дэд бүтэц, усан хангамж сайтай учир шийдвэрээ эргэж харна уу. МСҮТ төгсөөд үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой. Гааль, татвартай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилддөг нь ажилд хүндрэл учруулж байгаад анхаарах хэрэгтэй.
“Алтан жолоо трейд” группийн ерөнхийлөгч В.Энхбаатар: Цахилгаан, дулаан, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тэглэж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай. Замын-Үүд-Эрээний тээвэр үнэхээр хүнд, хил гардаг тээврийн хэрэгслийн тоо буурсан. Хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хүмүүс авлига нэхдэгээс болж тээврийн зардал өссөн гэдэг нь худлаа юм билээ. Манай зарим жолооч, хилийн цаана байгаа өвөрмонгол иргэдтэй холбоотой. Үүнд анхаармаар байна.
“АПУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Олон хүнийг ажлын байраар хангадаг, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай болгодог хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр 100+ төсөлд хэр тусгагдсан бол. Үүнд анхаарна уу.
Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал: Дэмжиж ажиллахад бэлэн. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж байгаад талархаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний салбартаа анхаарах хэрэгтэй.
Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариулт өгч, зарим саналыг нь судлана гэлээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг ойрын хугацаанд өгөхөө Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Зэс баяжуулах үйлдвэр барихаар зургаан байршилд судалгаа хийхэд эхний гуравт Эрдэнэт, Налайх, Оюутолгой “хамгийн тохиромжтой” гэж гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэллээ.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр “Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя” гээд бизнес эрхлэгчдэд амжилт хүслээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.

Дөрөвдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны дөрөвдүгээр сард 160.616.05 төгрөг байв.

2021 оны дөрөвдүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ эдийн-засаг

2020 оны шилдэг татвар төлөгч иргэн, ААН-үүдийг зарлалаа

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа.

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийг өдрүүд”-ийг тэмдэглэдэг.

  • Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн “Шилдэг татвар төлөгч”-өөр 20 ААН, “Шилдэг татвар төлөгч”-өөр 10 иргэнийг тодрууллаа.
  • “Хамгийн их татвар төлсөн” 10 ААН
  • “Хамгийн ашигтай ажилласан татвар төлөгч” 10 ААН
  • “Ажлын байраа сайн хадгалсан татвар төлөгч” 10 ААН

Өмнөх жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан 15171 ААН 116.9 тэрбум төгрөгийн албан татварыг чөлөөллөө. Мөн тайлагналын тоо буурч 2020 онд ердөө 106 ААН дөрвөн удаа тайлан гаргаж, үлдсэн 194.9 мянган ААН жилдээ 1-2 удаа тайлан гаргасан нь татвар төлөгчийн цаг завыг хэмнэсэн байна.

НӨАТ-аас чөлөөлөх хуулиудын хүрээнд давхардсан тоогоор 1.4 сая иргэн 419.5 тэрбум төгрөг, давхардсан 300 мянган ААН-д 257.4 тэрбум төгрөг, нийтдээ 1.7 сая татвар төлөгчдөд 679.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлжээ.