Categories
мэдээ эдийн-засаг

“SouthGobi Resources”-ийн үйл ажиллагааны ашиг I улиралд 7.5 сая ам.доллар хүрчээ

Хонконг, Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “SouthGobi Resources” компанийн үйл ажиллагааны ашиг I улиралд 7.5 сая ам.доллар хүрсэн байна.

Өмнөх оны мөн үед тус компани 1.3 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байжээ. Өнгөрсөн улиралд “SouthGobi Resources”-ийн борлуулсан нүүрсний үнэ тонн тутамдаа 43.5 ам.доллар болж өссөн нь үүнд голлон нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Түүнчлэн борлуулалтын хэмжээ нэмэгдсэн нь ашиг өсөхөд дэмжлэг болсон аж. Тус компани Өмнөговь аймаг дахь “Овоот толгой” уурхайд коксжих нүүрс олборлож байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Газрын тосны эрэлт нэмэгджээ

Саудын Араб, ОХУ-ын зүгээс газрын тосны нийлүүлэлтийг ирэх гурван сард нэг өдрийн 2 сая баррелиар нэмэгдүүлэх санаачлага гаргасныг OPEC нэгдлийн гишүүд дэмжээд байна.

Түүнчлэн, газрын тосны нэг өдрийн эрэлт 6 сая баррель хүрч өсөх төсөөлөлтэй байгаа тухай OPEC мэдээлэв.

Энэтхэг, Бразил зэрэг зарим улс оронд цар тахлын дэгдэлт нэмэгдэж буй хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэж байгаа тул газрын тосны эрэлт нэмэгдэх эерэг хүлээлттэй байгааг мэдэгдээд байна. Мөн өнгөрсөн онд буураад байсан газрын тосны эрэлт энэ оны 2-р улирлын эцэст хэвийн түвшинд шилжинэ гэж үзжээ.

Цар тахлаас шалтгаалан OPEC-ийн улс орнууд газрын тосны нийлүүлэлтийг аажмаар, болгоомжтой нэмэгдүүлэх стратеги барина хэмээн нарийн бичгийн дарга Мохаммад Баркиндо хэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын хүн амын 64.4 хувийг 15-64 насныхан эзэлж байна

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 боллоо. Монгол Улсын хүн ам өмнөх тооллогоос буюу 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өсчээ.

Монгол Улсын хүн ам нь насны бүтцийн хувьд залуу хэвээр байна. Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийг 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насны хүн ам, 4.1 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. Хүн амын ачаалал буюу хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 байна. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10 насаар нэмэгдсэн.

Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь буюу 122 мянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Иргэдийн гадаад улс руу явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд улсад суралцахаар, Казахстан, Польш, Их Британи, АНУ-д суурьшихаар, БНСУ, БНЧУ, Унгар, Швед, Турк, Швейцар, Польш улсад хөдөлмөр эрхлэхээр явжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Батжаргал: Уул уурхайн орлогыг хүртээмжтэй болгоно гэдгийг мөнгө тараах гэж хараад байна

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.


-ДНБ 15 хувиар өслөө гэсэн тоог статистикийн хорооноос өгөө. Хөл хорионоос болж бизнес нь хумигдсан аж ахуйн нэгжүүд, орлого боломж нь багассан иргэдийн талаас харвал цаасан дээрх өсөлт гээд хэлчихмээр. Эдийн засгийн 15 хувийн өсөлт яг иргэд, аж ахуйн нэгждээ наалдсан хүртээмжтэй өсөлт байж чадах уу?

-ДНБ-ий 15.7 хувийн өсөлтийн хувьд статистикийн арга, математикийн тооцоолол талаасаа үнэн л дээ. Энэ оны нэгдүгээр улирлын өсөлтийг өнгөрсөн оны мөн үеийн ДНБ-тэй харьцуулж гаргаж байгаа юм. Ингэж харьцуулсан суурь тоог харахаар 2020 оны нэгдүгээр улиралд манай улсын эдийн засаг 10.7 хувиар агшчихсан байгаа юм. Статистикийн тооцож гаргасан өсөлтийг задлаад харвал дотор нь уул уурхайн өсөлт жин дарж байгаа л даа. Бусад салбаруудыг харахаар ойролцоогоор 0.6-1.5 гэх мэтээр маш бага өсөлт үзүүлсэн байх жишээний. Тэгэхээр эдийн засгийн энэ удаагийн өсөлтийг нийт улсын эдийн засгийн хувьд хүртээмжтэй гэж хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болоод байна. Коронавирус гарснаас хойш гурав, дөрвөн удаагийн хатуу хөл хорионд орсон, эдийн засаг, бизнес, цалин хөлсний орлого буурсан байхад яагаад ч өссөн гарах боломжгүй гэсэн байр суурь байгааг нэг талдаа үгүйсгэх аргагүй.

-Банк санхүүгийн статистикаас харахад ямархуу зураг харагдаж байгаа бол. Жишээ нь, иргэдийн хадгаламж өссөн үү, өнгөрсөн хугацаанд?

-Банкны системийн ерөнхий тоонуудыг харахаар иргэдийн хугацаатай хадгаламж өсөлт үзүүлээгүй анзаарагдсан. Нөгөө талдаа иргэдийн харилцах болон улс, хувийн байгууллагуудын харилцах дансны үлдэгдлүүд нэмэгдсэн зураг харагдлаа. Эдийн засгийг дэмжих арван их наядын хөтөлбөр гэж өнгөрсөн гуравдугаар сард зарласан даа. Оны эхэнд төв банкны үнэт цаасны үлдэгдэл 8.3-8.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Саяхны мэдээг харахад 9.7 болоод нэг их наядаар нэмэгдсэн байна.

-Иргэдийн харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь ямар шалтгаантай гэж та харж байна вэ?

-Иргэдийн харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь магадгүй дунд болон дундаас дээш орлоготой иргэд улсаас тараасан мөнгийг хэрэглээндээ нэг их зарцуулаагүйтэй холбоогүй болов уу. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд авсан даруйдаа хэрэглээндээ зарцуулсан байх. Улсын байгууллагын харилцахууд нэмэгдэж байгаа нь нэг талдаа сайн ч нөгөө талд Оюу толгойн татварын маргаанаар орж ирсэн нэг их наяд төгрөг иргэдийн гар дээр бэлэн мөнгө болж тараагдсаныг дурдах ёстой. Эдийн засаг руу энэ хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн гэсэн үг.

-Гэхдээ ид хөл хорионы үе буюу дөрөв, тавдугаар сарын тоог статистикийнхан нэгтгэж амжаагүй байгаа. Тэр үед өөр дүр зураг анзаарагдаж мэдэх л юм…?

-Тийм л дээ, сүүлийн хөл хорио нэлээд урт хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд эдийн засаг яг ямар болсон талаарх статистик албан ёсоор гараагүй. Өөрөөр хэлбэл, статистикаас сая зарласан тоо энэ хугацаатай хамаагүй. Оны эхний гурван сарын тоо л багтсан. Урт хугацааны хатуу хөл хорио дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн байгаа.

-Уул уурхайгаас шууд хамааралтай өсөлтийг зүгээр бэлэн мөнгө тарааснаар эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлэхгүй л дээ. Уул уурхайн өсөлтийг иргэн бүрд хүртээмжтэй болгохын тулд яах ёстой вэ?

-Уул уурхайгаас хамаатай өсөлт олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сайн байгаатай шууд холбогдоно л доо. Зүй нь уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг эдийн засгийн салбараа хөгжүүлэхэд зарцуулах ёстой юм. Монголын хувьд олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргаж доллар олох боломжтой гарын таван хуруунд багтахаар хэдэн салбар бий. Энэ салбарууддаа хөрөнгө оруулалт хийж, ажлын байр олноор нь бий болгох эрэлт байгаа. Ингэж чадвал иргэдийг халамжлах биш, ажилтай болгох бодлого бодитоор хэрэгжинэ. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг иргэдэд бодитой, хүртээмжтэй, тэгш хүртээх ганц боломж гэвэл энэ л дээ. Харамсалтай нь улстөрчид уул уурхайгаас олж байгаа орлогыг иргэн бүрд хүртээмжтэй хүргэнэ гэдгийг халамж, бэлэн мөнгө тараах төдийгөөр хараад байна. Халамж бол нэг удаагийн шийдэл, цалин хөлс бол тогтмол орлого. Тэгэхээр нэг удаагийн орлогыг тогтмол орлого болгоход чиглэсэн бодлого л хамгийн үр дүнтэй. Ингэхийн тулд улс төрийн нэлээд томоохон реформын шинжтэй бодлого хэрэгтэй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дандаа сайн байхгүй. Манай улсын тухайд уул уурхайн салбарт үнийг тогтоогч биш. Даган явагч улс орон учраас уул уурхайд найдсан эдийн засгийн өсөлтдөө ханаж болохгүй.

-Бизнесийг дэмжих зээл яг дэмжлэг хэрэгтэй бизнес эрхлэгчдэдээ очиж чадахгүй байна, хөл хорионоос болж туйлдсан иргэд банкны шалгуурт унаж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд байр сууриа хуваалцаач?

-Эдийн засгийг дэмжих арван их наядын хөтөлбөрийн тухайд ийм агуулгатай хөтөлбөр олон оронд хэрэгжиж яваа. Манай улсын хувьд эзэндээ хүрч чадаж байна уу гэдэг л хамгийн гол анхаарах өнцөг. Үүн дээр олон янзын байр суурь дуулдаж байна л даа. Зарим нь банк өөрийнхөө эх үүсвэрээр олгож, эрсдэлээ өөрөө үүрч байгаа учраас шалгуур тавих нь зөв гэж харж байна. Нөгөө хэсэг нь банкны шалгуурт тэнцэхгүй нь олон боллоо, тэр утгаараа бизнесийг дэмжих зээлийн хүртээмж муу байна гэх мэтээр байр сууриа илэрхийлж яваа. Яалт ч үгүй тийм асуудал бий. Өмнө нь зээл аваад ковидоос болж зээлээ төлж чадахгүй яваа жижиг, дунд бизнес эрхлэгч иргэдийн тухайн зээлийн үлдэгдлийнх нь хүүг улсаас тодорхой хэмжээнд хөнгөлөх бодлого явуулсан бол илүү үр дүнтэй байсан байж мэдэх юм. Одоо зээл хүсч байгаа хүмүүсийн хувьд өмнө нь зээл аваад төлж чадаагүй гэсэн шалтгаантай хэсэг багагүй бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Мөнхбаатар: Монголд байгаа 15 төмөрлөгийн үйлдвэрийг яам бодлогоор дэмжиж ажиллана

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Барилгын материалын үнийн өсөлтийг дагаад орон сууцны үнэ өсөх байх гэж таамаглаж байна. Яамнаас барилгын материалын үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар зохицуулалт хийх вэ, тийм боломж нөхцөл хэр байна вэ?

-Монгол Улс Барилгын материалын 38,8 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын гол нэр төрлийн материал болох цемент үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй өнгөрсөн жилээс хойш хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд жигд ажиллаж байна. харин манай улс цаашдаа дотоодын арматурын үйлдвэрлэлийг хөгжүүлж, чанаржуулахад бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай болж байна. Сүүлийн найман жил үнэ нь тогтвортой байсан төмрийн хүдрийн үнэ урд хөршид огцом өсчихлөө. Дээр нь бас тээвэрлэлтээс болж хүндрэл учирч байна. Замын-Үүдэд ачаа, тээврийн бөөгнөрөл, хүлээлт бий болсон нь барилгын материалын үнийн өсөлтөд давхар нөлөөлж байна. Олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны мөн үед 404.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын 19-ний байдлаар 771.5 ам.долларт хүрч 90.7 хувиар өсөөд байна. Монгол Улс 2020 онд 240,1 мян/тн арматур импортолсон байна. монголд дотоодын 15 төмрийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны хувьд “Ковид-19” цар тахлаас шалтгаалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хК-иас бусад нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Энэ жилээс дээрх үйлдвэрүүдийн ажиллах хүчний асуудлуудыг шийдвэрлэн үйл ажиллагаануудыг нь эхлүүлээд байна. Дээрх үйлдвэрүүдээ салбар яам нь бодлогын хүрээнд ихээхэн дэмжин ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд маань төмрийг хайлуулаад арматур хийж эхэлж байгаа. гэхдээ хийж байгаа арматурын чанар дээр бид хяналтаа тавьж анхаарах асуудал бий. мөн Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэрлэл байгуулах концессыг өгчихсөн байгаа. Энэ ажил урт хугацаандаа хэрэгжинэ. Дархан, сэлэнгийн бүс нутагт байгаа төмрийн хүдрээ баяжуулж, төмрийн хүдрийн үйлдвэрийг барьж байгуулах ажил руу зайлшгүй орох ёстой. урд хөршид үнэ өслөө л бол манайд дагаад барилгын материал, орон сууцны үнэ өсдөг ийм байдлаар цаашдаа удаан яваад байж болохгүй.

-Ипотекийн зээлийн хүү буурч зургаан хувь болсон. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэж байгаа гэж байсан. Энэ тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу өнгөрсөн 10 сард ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгосон нь манай салбарын хэмжээнд хийгдсэн чухал ажил байлаа. Зээлийн хүүг бууруулж зургаан хувь болгохдоо улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр, шийдэж чадсан нь давуу тал юм. Засгийн газраас зарласан “Эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр”-т ипотекийн зээлийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөг шийдэж өгсөн шүү дээ. монголбанкны ипотекийн хөтөлбөрт жилд 300-400 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөр зах зээлд гаргадаг. тэр мөнгийг нэг дахин нэмж, жилд 400 тэрбум төгрөг гаргаж байсан бол 800 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдсэн. Нийтдээ хоёр их наяд төгрөгийг ипотекийн зургаан хувийн зээлд тусгуулахаар шийдвэрлэсэн гэсэн үг.

-Тэгэхээр, эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсэнээр ипотекийн зээлэнд илүү олон иргэн хамрагдах боломжтой болж байна уу?

-400 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байхад жилдээ 5-6 мянган хүн ипотекийн зээлд хамрагддаг. Гэтэл он гарснаас хойш тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 3515 иргэн зээлд хамрагдсан байна. энэ янзаараа бол энэ жил 10 мянган хүн ипотекийн 6 хувийн зээлэнд хамрагдах боломжтой байна. үүнийгээ дагаад барилгын компаниудыг борлуулалтын цусны эргэлтийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 айлын орон сууц ашиглалтад орсон. үүнээс 5,594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5,691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан.

-Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн харьцаа ямар байна вэ. Хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ. Одоо ашиглалтад орох дөхсөн хэдэн барилга байна вэ?

-Аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглалтад оруулсан барилга, байгууламжийн мэдээлэл, бүртгэлийн маягтын дагуу авсан мэдээгээр 2021 оны нэгдүгээр улиралд 2112 айлын 30 орон сууц, орон нутагт 428 айлын 16 орон сууц ашиглалтад орсон байна. Барилгын компаниуд маань цаашид зах зээлийн эрэлтдээ нийцүүлсэн бага, дунд орлоготой иргэдэд зориулсан боломжийн үнэтэй орон сууц барих тал дээр анхаарах хэрэгтэй. засгийн газраас бага, дунд орлоготой иргэддээ зориулж, хямд өртөгтэй, түрээслээд өмчлөх боломжтой орон сууцаар хангах зорилгын хүрээнд, “залуус” хороолол төслийг хэрэгжүүлж эхэлсэн. “5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулна. Одоо техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, зураг төсөл боловсруулахаар зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. энэ оны 3 дугаар улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн эхлүүлнэ.

-Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Хөшигтийн хөндийд дараагийн шинэ суурьшлын бүс, хот байгуулахаар болсон. Энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Уих-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор хөшигийн хөндийд “Шинэ зуунмод”, “Майдар” хотуудыг шинээр байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Шийдвэр гараад жил гаран хугацаа өнгөрч байна. ирэх долдугаар сард Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Үүнтэй холбоотойгоор хүссэн хүсээгүй тийшээ хөл хөдөлгөөн ихэснэ. эхний ээлжинд дор хаяж тэнд 800 албан хаагч очихоор байна. Гааль, татвар, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын газрын албан хаагчид очиж ажиллана. Аливаа хот, шинэ суурьшлын бүсийг ажлын байртай нь уялдуулж төлөвлөлтийг гаргах ёстой. Улаанбаатар хотод төвлөрч ирсэн хүмүүс дандаа ажлын байраа дагаад, ирсэн байдаг. Ажлын байргүй газар хэн ч ирэхгүй. Онгоцны буудал ашиглалтад орсны дараа тэнд ажиллаж байгаа хүмүүс өдөр бүр 20-30 км туулж ажилдаа ирж очих уу, эсвэл тэндээсээ байр худалдаж аваад амьдрах уу гэвэл мэдээж хоёр дахь сонголтыг дагана. Тиймээс ажлын байрыг нь дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг ийш нь задлах ёстой юм. энэ хөндийд Олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд тэнд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгохоор төлөвлөж байна. Олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгал бий болсноор энэ хөндий эдийн засгийн чөлөөт бүс нутаг болж хөгжих боломжтой. Уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр энэхүү бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс шинэ суурьшлын бүс шинэ хот байгуулна. Нийтдээ 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж, орон нутагтаа хамтран ажиллаж байна.

-Ингэхэд Улаанбаатар хот зүүн тийшээ тэлэх төлөвлөлт байна уу?

-Монгол Улс газар нутгийнхаа хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээрт ордог. Улаанбаатар хотын зүүн, баруун хоёр товчооны хооронд 25 км, Богд уулаас хойшоо зуслан хүртэл 18 км. Монгол Улсын газар нутгийн 0.01 хувьд хүн амын тал нь амьдарч байна. Арваад жилийн өмнө хотыг зүүн тийш, Налайх руу тэлэхээр төлөвлөж байсан. Гэтэл хонхорын тийшээ цэвдэг гарч ирсэн учраас одоо Яармаг, Морингийн даваа, хөшигийн хөндий рүү тэлэх ёстой гээд төлөвлөлт хийгээд явж байна.

-Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахыг хэрхэн харж төлөвлөж байна вэ?

-Монголд эдийн засгийн чөлөөт бүс замын-үүд, Алтанбулагт хашаа хатгачихаад байгаа. Тэгэхээр эдийн засгийн чөлөөт бүсийг бодитой болгохын тулд яах ёстой юм бэ. энэ хөндий чөлөөт бүс болж хөгжих боломжийг олон талаас нь харж байна. Нэгдүгээр ажлын байр нь тээвэр ложистик, хоёдугаар ажлын байр нь чөлөөт эдийн засгийн бүс, гуравдах нь аялал жуулчлалын бүс байна. Жишээ нь, онгоцноос буусан Солонгос жуулчин мөнгөө хаана үрэх вэ гэдэг асуулт байна. Нөгөө бидний яриад байдаг том “молл”-ууд, казино, зочид буудал нь тэнд байх ёстой. Онгоцны буудлын хойхно талд худалдааны төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудлууд байхаар төлөвлөж байна. Тэгвэл аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх юм бэ. Манзуширын хийд хажууханд нь байна. Байгаль орчны яамнаас Манзуширын хийдийг дахин сэргээхээр зураг төслийг нь хийж байгаа юм билээ. Мөн Төв аймагт “Угсаатны зүйн музей” баригдахаар барилгын зураг төсөл нь хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр онгоцноос буусан жуулчин музей үзээд, Манзуширын хийд ороод, цаашаа Тэрэлж рүү аялж болно гэх мэтээр олон талаас нь бүх юмыг цогцоор нь харж төлөвлөж, зураг төслийг нь гаргаж, судалж байна.

-Энэ төслийг хэрэгжүүлэхэд шийдэхэд хүндрэлтэй асуудал юу байна гэж харж байна вэ?

-Дулаан, цахилгааны эх үүсвэрийн асуудал. Эрчим хүчний яамныхантай уулзаж, энэ хөндийд дулаан цахилгааны эх үүсвэрийг ямар байдлаар шийдэх вэ гэж асууж ярилцлаа. хамгийн гол нь дулааны цахилгаан станц байгуулахад ус чухал байдаг. Манай дулааны цахилгаан станцууд дандаа голын хажууд баригддаг нь ийм учиртай. “ДЦС-V”-ыг барина гэж бид олон жил ярьж байна. Тиймээс “ДЦС-V” -ыг энд барих боломж бий юу гэдгийг судалж байна. Усаа яах юм, юугаар халаах юм, нүүрсээр халаавал нүүрс нь хаанаас ирэх юм. Багануураас татах уу, бас нүүрсээ аль төмөр замаар татах вэ зэрэг олон асуудлыг зэрэг судлах ёстой. Дээр нь нэмээд, мэдээж цэвэр, бохир усны асуудлыг шийдэх ёстой. хоногийн 20 мянган куб ус хүлээж авах багтаамжтай цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байна. ингээд яриад байвал маш олон зүйлийг цогцоор нь харж төлөвлөж байгаа юм.

-Цэвэрлэх байгууламж гэснээс орон нутагт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэсэн үү?

-Орон нутгийн Цэвэрлэх байгууламжийн асуудал сүүлийн жилүүдэд хүндэрч эхэлсэн. Тиймээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, хөвсгөл, Дундговь, хэнтий, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг шинэчлэх төслийн явц дунджаар 80 хувьтай байна. үүнээс Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусч үлдсэн зургаан аймгийн ажил 2021 онд дуусахаар төлөвлөгдөөд байна. Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно.

Мөн Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр Увс, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Говьсүмбэр аймгуудын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлын сонгон шалгаруулалтыг шинээр зарлаад байна. Цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар хүрээлэн буй орчны агаар, хөрсний чанарыг сайжруулах ажилд бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах, гол, мөрний усны чанарыг сайжруулан, цэвэрлэгдсэн бохир усны үндэсний стандартын шаардлагыг хангах хэмжээнд хүргэхийн зэрэгцээ тухайн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих айл өрхийг ариутгах татуургын шугам сүлжээнд бүрэн холбох нөхцөл бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Гадаадын хөрөнгө оруулагчид дөлж зугтах болсон хамгийн том шалтгаан бол улстөржилт

Эдийн засаг Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Цар тахалтай холбоотойгоор бизнес, хөрөнгө оруулалт зогсчихлоо л доо. Төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллаж, хувийн аж ахуйн нэгжүүдийн бизнес хумигдсаар байна. Засгийн газар хувийн хэвшил рүүгээ дайрсан, довтолсон хандлага ч тод анзаарагдах боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтын орчин үүнийг дагаад огцом муудсан гэдэгтэй та санал нийлэх үү?

Бизнесийн үйл ажиллагаа, түүнийг дагаад эдийн засаг муу байгаа гэдэгтэй санал нэг байна. Харин гадаадын хөрөнгө оруулалтын хувьд нөхцөл байдал өмнөх жилүүдийн нэгэн адил харьцангуй идэвхгүй хэвээр байна л даа. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлж байгаа гэж би хувьдаа үздэг. Эхнийх нь 2008 оны санхүүгийн хямралын дараа ихээхэн идэвхтэй байсан гадаадын хөрөнгө оруулалтын хандлагыг бид тухайн үедээ хэвээр хадгалах, нэмэгдүүлэх тогтвортой бодлого барьж чадсангүй, зарим талаараа үргээх байдалтай ажилласан. Хоёр дахь нь таны хэлж байгаа хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн салбарт хандаж байгаа хандлага. Засгийн газрын зүгээстаны хэлсэнчлэн хэрэгжүүлж буй үйл ажиллагааных ньүндсэн зорилго хууль бус үйл ажиллагаатай тэмцэж уул уурхайн салбарыг шударга, сайхан болгох гээд байгаа мэт. Гэтэл бодит байдал дээрхууль бусаар байгалийн баялгийг гартаа оруулсан этгээдүүд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй этгээдүүд, уул уурхай хайгуулын үйл ажиллагаа зэрэг бүхэлдээ өртөөд байх шиг. Тэгж л харагдаад байна. Иймд юутай тэмцэж, юуг дэмжээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй байх. Энэ нь өмнөх бодлого, ялангуяа хэрэгжилтийн гэж болох алдаан дээр нэмэгдээд хөрөнгө оруулалтын орчныг эргэлзээтэй болгож байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх хамгийн гол хүчин зүйл гэвэл та юуг онцлох вэ?

Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчныг би хувьдаа сайн гэж үздэг. Гадаад зах зээлийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эерэг, бид дэлхийн хамгийн том зах зээлийн хажууд оршдог гэх мэт гадаад орчин талаасаа нааштай зүйлс бий. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, татварын тал дээр Монгол улс муу гэж хэлэгдэхээргүй нөхцөлтэй. Зарим талаар таатай гэж хэлж болно. Гэтэл яагаад биднийг сонирхож байсан гадаадын хөрөнгө оруулалт дөлөөд эхлэв гэдэгт бид дүгнэлт хийх цаг болсон. Үүний гол шалтгаан нь энгийн л дээ. Бид тогтвортой бодлогогүй. Хэрэгжилт талд бүр авах юмгүй. Үүнээс гадна бид худлаа ярьдаггүй байх хэрэгтэй. Өмнө ярьж байсан зүйл нь өөрчлөгддөг, нэгнийхээ ярьж байсныг нөгөө нь гарч ирээд үгүйсгэдэг хандлага бүр үзэгдэл болчихсон. Зөвхөн би ч биш гадаадын гол түншүүдийн зүгээс ч ингэж үздэг. Өөр нэг том шалтгаан бол улс төржилт. Гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслийн тал дээр тооцоо судалгаагүй, баримжаагүй дур зоргоороо мэдэгдэл хийдэг улс төрчид дүүрэн байна.Наад захын жишээ гэхэд л Оюутолгой төслийг ярьж улстөр хийдэг, тэгж хийсэн улстөрөөрөө ард түмнээс оноо авч гаршсан, тэр үзэгдэл сонгуулийн үед улам идэвхждэг.Оюутолгойг эсэргүүцэж улстөр хийгээд сонгогддог УИХ-ын “бүлэг”-тэй шахуу болсон нь хэн бүхний нүдэнд ил өрнөж буй үзэгдэл шүү дээ. Энэ мэт алдаануудаас засч байж гадны хөрөнгө оруулалтыг татаж чадна.

-Гадаадын хөрөнгө оруулалт дундаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт байхын хамгийн том өгөөж нь юу вэ. Эдийн засгийн тусгаар тогтнол талаасаа зайлшгүй хэрэгтэй гэх байр суурь дуулддаг…?

Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт зайлшгүй хэрэгтэй. Үүн дотроос таны онцолж асуусан гуравдагч хөршийн асуудал бидний зайлшгүй анхаарах ёстой гадаад харилцаа, эдийн засгийн том асуудал. Монгол хоёр том гүрний дунд оршдошг жижиг улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтад онцгой байдлаар хандах учиртай. Тодруулж хэлбэл гадаад бодлогын баримт бичигтээ дурдсан үзэл баримтлалынхаа дагуу хандах хэрэгтэй л дээ. Манай улс бол хоёр хөрштэйгээ харилцах харилцаагаа эрхэмлэхээс гадна гуравдагч хөршийг чухалчлах бодлоготой. Энэ утгаараа бидэнд гадаадын хөрөнгө оруулалт, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гарцаагүй чухал. Эдийн засгийн аюулгүй байдлын хувьд бид хөрөнгө оруулалтын тэгш байдлаас гадна улс орны эдийн засгийг чадавхижуулах тал дээр илүү анхаарах гэх мэт олон чухал асуудал бий.

-Эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй байхын шалтгаануудыг нэрлээч, зарим улстөрчдийн ярьдаг шиг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдийнхөө хүчээр эдийн засгаа босгох боломжтой улс юм уу?

Гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй эсэхийг тодорхойлохын тулд бид өнөөдөр хаана байгаа, хаашаа зорьж байгаагаа бодох хэрэгтэй. Бодохоос гадна хаашаа зорьж яваагаа, үнэт зүйл, үндэсний онцлогт суурилсан ирээдүйн Монгол ямар байхыг нарийн тодорхойлох шаардлагатай. Энэ их чухал. Одоо бидэнд 2050 гэх мэт хэтийн төлөвт чиглэсэн баримтууд бий. Хоёр зүйл их тодорхой. Монгол Улсын хөгжил доогуур, өрсөлдөх чадвар сул байна. Тэгвэл ирээдүйн сайн сайхан Монголыг бий болгоход өнөөгийн ертөнцөд хамгийн чухал зүйл нь дотоод, гадаадын хөрөнгө оруулалт. Чухамдаа мөнгө. Бид өнөөдөр дотооддоо аль ч түвшинд халаас нимгэн. Иймд гадаадын хөрөнгө оруулалт бидэнд зайлшгүй чухал болж байна. Хоёр дахь гол чиглэл нь технологи. Энэ чиглэлд ч гэсэн бид гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан хөгжлийн тодорхой дэмжих хүчин зүйлийг бий болгох хэрэгтэй. Бид үүнийг хэрэгтэй гэхээсээ гадна хэрхэн хэрэгжүүлэхээ бодох цаг нь ирчихсэн.

-Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчидтай маргаан үүсгэж арбитрт очоод ялагдаж өр төлбөрт унасан жишээ ганцаар тогтдоггүй. Арбитр хүртэл асуудал хурцдаад өөрсдөө өр төлбөртунаад байдаг нь эдийн засгийн тогтвортой бодлогогүйтэй холбоотой байна уу, эсвэл улстөрийн шгалтгаан байна уу?

Гадаадын хөрөнгө оруулагч ороод ирэнгүүт тулгардаг нэг том асуудал бол төрийн байгууллагуудын дарамт шахалт. Үүнээс гадна хамтрагчаа залилуулах аюул давхар тулгарч байна л даа. Үүн дээр нэмээд авилга гол асуудал болдог. Ийм шалтгаанууаархөрөнгө оруулагчид Монголыг орхихоос аргагүйд хүрдэг. Үүнээс гадна бодлогын тогтворгүй байдал, улс төржилт зэрэг дээр дурдсан асуудлууд бий. Бид хууль эрх зүйн хүрээнд урьж оруулж ирчихээд түүнийгээ биелүүлдэггүй нь ялагдах үндсэн нөхцөл болж байна.

-Манайх шиг хөгжиж байгаа зах зээл гадны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгаа тэлэх боломжтой юу?

Бид хаана яваагаа, юунд зорьж байгаагаа сайн ухаарах хэрэгтэй гэж давтан хэлмээр байна. Бидний хувьд байгаа байдал нь их дор, хүсэл мөрөөдөл нь тээр өндөрт байна. Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх замаар эдийн засгаатэлжиргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх л хамгийн чухал алхам. Цаашилбал боловсрол, эрүүл мэндийн салбарыг бодлогын түвшинд бүрэн шинэчлэх шаардлага бий. Энэ бүгдийг хийхэд гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж зайлшгүй хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгаа тэлэх хувилбар онолын хувьд бий юу гэвэл бий. Гэхдээ ийм замаар явбал маш урт хугацаа шаардагдана. Гэтэл өнөө үед дэлхий хэрхэн хурдтай хөгжиж байгаа билээ.

-Манай улсын өнөөдрийн гадаадын хөрөнгө оруулалтын дүр зургийг харахаар хэт нэг улсаас хамаатай мэт анзаарагддаг. Хэт нэг улсаас хамааралтай байх нь ямар сөрөг талтай вэ?

Энэ талаар дээр дурдсан. Ер нь бидний хувьд гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд олон тулгуурт бодлоготой байх нь зөв болов уу гэж би хувьдаа боддог. Нэг улсаас хэт хамааралтай байх нь аюулгүй байдлаас гадна эрсдлийг ихээхэн нэмэгдүүлэх талтай. Бидний өнөөдрийн нөхцөл байдал үүнийг тодорхой харуулж байгаа болов уу.

Categories
мэдээ эдийн-засаг

Түгжрэлийг бууруулахад төрөөс жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газраас түгжрэл бууруулах санхүүгийн асуудлыг шийдэх түүхэн шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн байдлаар хуралдаж хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй. Тиймээс Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай танилцуулсан юм.
Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарсан юм.
Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа.
Categories
мэдээ эдийн-засаг

“Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн талыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцдаг болох асуудлыг судалж байна” гэв

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Засгийн газраас ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь болгож бууруулсан. Энэ оны тавдугаар сарын 17-ны байдлаар нийт 3944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоод байна. Өнгөрсөн онд буюу бүтэн нэг жилийн хугацаанд 5644 иргэнд ипотекийн зээл олгоод байсан юм.

Өрхийн орлого дор хаяж 1.6 сая төгрөг байж 8 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого 1.2-1.3 сая төгрөг байхад ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон.

Мөн бид иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд нэг асуудлыг судалж, Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан зэрэг газруудтай ярилцаж байгаа. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сан хариуцааад, үлдсэн 15 хувиа иргэн өөрөө төлөх тухай юм.

Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц авахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөөд, 70 хувьд нь зээл авдаг. Тэгвэл урдчилгаа 30 хувийн 15-ыг нь Зээлийн батлан даалтын сангаас төлөөд өгчихвөл иргэн үлдсэн 15 хувиа өөрөө төлнө. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэх юм. Энэ асуудлыг судалж байгаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 12.413 зээлдэгчид 882.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12.413 зээлдэгчид 882.1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна.

Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464.3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417.8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ.

Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383.2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3.598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна.

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн 7 хоногоос олгогдож эхэлсэн. Энэхүү зээл нь:

– Хаврын тариалалтад 100 тэрбум

– Ноолуур бэлтгэлд 200 тэрбум

– Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Репо арилжаагаар банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны 2 дугаар улирлын ээлжит репо арилжааг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Төв банкнаас 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 6 банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүллээ.

Уг санхүүжилтээр банкууд

1) жижиг, дунд үйлдвэрлэл,

2) уул уурхайн бус экспорт,

3) үйлчилгээ,

4) боловсруулах үйлдвэрлэл,

5) хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой.

Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авна уу.

Эх сурвалж: Монголбанк