Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Гангийн үйлдвэртэй болж эдийн засгийн хараат бус байдлаас гарснаар Монгол Улс хөгжинө

Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ямар ч баталгаагүй, үхээнц дорой болох нь ковидын цар тахлын үед улам их анзаарагдаж байна. Өнөөдөр сонгууль гээд эрх баригч намын нөхөд, дарга сайд төрийн бүх шатны албан тушаалтнууд нэр дэвшигчээ даган хөөрцөглөж, энд тэндгүй уухай хашгирч явна. Гэтэл ард түмний ахуй амьдрал, хоол хүнснээс аваад улс орны цусны эргэлт болсон аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн бүхий л зүйл Замын-Үүдийн хилийн боомт дээр гацаатай байна. Уг хилийн боомтоор Монгол Улсын нийт импортын бараа бүтээгдэхүүний 80 хувь дамждаг. Урд хөрш дургүйгээ хүрэхээр Эрээний хилийн боомтоо чангаруулж, улс төрийн сануулга өгөх үүднээс 14 хоног хилээ хаахад Монголын эдийн засагт хүнд цохилт болж байгаа юм. Америк, Япон, Солонгос гээд ихэнх улсаас газраар ирж байгаа ачаа тээвэр, өргөн хэрэглээний бараа, хүнс ногоо, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын бараа Замын-Үүд дээр бараг жилийн туршид гацаж, сүүлийн хэдэн сар манай 800 гаруй ачааны машин бараагаа авахаар царайчлан хүлээж байна. Гэвч үүнийг анзаарч, ярьж хөөрч, ард иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ төлөө санаа тавьж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтан байна уу.

Монголчууд бид эдийн засгийн хувьд ийм хэврэг байна. Бүх зүйлээ гаднаас авч, хоёр хөршийнхөө гар хөл аяг аашийг харж харьяат улс шиг гөлгөнөн амьдарч байна. Туурга тусгаар улс орны хувьд энэ бол дэндүү гунигтай, байж боломгүй зүйл. Өмнө нь энэ бүхэн тэгтлээ анзаарагддаггүй, монголчууд бид зүгээр л урсгалаараа амьдраад, дор бүрнээ болох болохоороо амиа хоохойлоод яваад байж. Харин өвчин зовлонтой, хил гаалийн асуудалтай ийм цаг үед хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат байгаа маань айхавтар мэдрэгдэж Монгол Улс маань ямар арчаагүй, тусгаар улсын бодлогогүй явж ирээ вэ гэх харуусал өөрийн эрхгүй төрж байна. Яг л нөгөө бороотой өдөр такси олдохоо байдаг шиг. Нартай сайхан өдөр зүгээр явуулахгүй ээрээд хаашаа явах вэ гээд шалаад байдаг. Гэтэл тэнгэр муухайрах юм уу хүмүүст тавгүй болоод ирэхлээр хэн ч таксинд явахаа больдог доо. Уул нь үүнийг нартай сайхан өдөр нь ийм үйлчилгээ явуулдаг компани байгуулах хэрэгтэй байдаг даа.

Яг үүн шиг тахал гарсан хүнд хэцүү үед Эрээний хил хаагдахад эдийн засаг нам зогсдог, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг, наад зах нь нарийн ногоо олдохоо больдог, эм тан тасардаг, айл өрх бүр аргаа бардаг энэ байдлаасаа одоо гарах хэрэгтэй. Тэгэхээр монголчууд бид одоо үйлдвэрлэгч орон болох цаг нь ирсэн. Аль юм болгон гадагшаа царайчилж, гараа сунгаж гуйлгачин ядуу амьдрах юм бэ.

Дотооддоо үйлдвэрлэгч болж эдийн засгийн салбар бүр нь тэлж хөгжсөн, хүн бүр шаргуу хөдөлмөрлөсөн ажлын байр хэдэн зуун мянгаар нэмэгдсэн, ард иргэдийнх нь ахуй амьдрал дээшилсэн бүтээгч улс орон болох хэрэгтэй. Улс орны бүх бодлого, стратеги үүнд чиглэгдэх хэрэгтэй байна. Ерөөсөө төр засгийн удирдагчдын гол бодлого ажлын байрыг нэмэгдүүлж, ард иргэдээ ажилтай орлоготой амар тайван сайн сайхан амьдруулахад л зориулагддаг. Нэг үеэ бодоход бид бүхэн бас ч гэж эдийн засгийн хувьд хөгжих хөрс суурьтай, техник технологи болоод ажиллах хүчний хувьд ч боломжтой болсон. Хамгийн гол нь засаг төрийн бодлого зөв, тууштай байх нь чухал.

Үйлдвэрлэгч орон болоход хамгийн түрүүнд эрчим хүч цахилгааны асуудал, дараа нь төмөрлөгийн үйлдвэр, гангийн үйлдвэр хэрэгтэй гэх алтан томьёолол бий. Эрчим хүчний асуудлаа шийдэж гангийн үйлдвэрээ босгоод авсан байхад тухайн улс орон эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулаад авлаа гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн тулгуур хуулийн дагуу Монгол Улс өөрсдөө төмрөө хайлж гангаа цутгадаг болох хэрэгтэй. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж тусгаар тогтнолоо тунхаглаад 110 жил, Ардын хувьсгал ялаад 100 жил болж байхад гангийн үйлдвэргүй ийм олон жил болсон нь харуусалтай. Хуучин Богдын засгийн үед нэг ийм яриа байдаг байсан гэж хууччуул ярилцдаг. “Манай хоёр хөрш биднийг төмөр хийлгэдэггүй юм. Хэрвээ монголчууд төмөр үйлдвэрлээд хөрөө хийгээд сурчихвал хоёр хөршөө хөрөөдөөд дуусна гэж айдаг юм” гэсэн Богдын харуусал дүүрэн яриа бий. Яг л тэр маягаар биднийг төмрийн үйлдвэртэй байлгаж болохгүй гэсэн хоёр хөршийн энэ бодлого зуун жилийн хойно ч өнөөдөр хадгалагдсан хэвээр байдаг бололтой гэж хардахаар.

“Монгол Улс гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болох боломжтой. Энэ үйлдвэрлэлийг ажиллуулахад 42 мГвын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй ч цахилгааны асуудлыг шийдчихвэл бид жилд 500800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 3040 мГвын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно” гэдгийг мэргэжлийн судлаачид хэлж байна. Ерөөсөө гангийн үйлдвэртэй болох боломж бидэнд бүрэн байна гэдгийг тэд хэлээд байгаа.

“Гангийн үйлдвэр байгуулах нь стратегийн ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй шууд холбоотой зүйл. Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг. Эрдэнэт үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл дутаад л байна. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг болсон. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайсны хэрэггүй” гэж “Үүр тээл” компанийн захирал А.Даваадорж шулуун шударга хэлсэн.

Нэг хэсэг Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна, Гангийн үйлдвэртэй болно гээд баахан яригдсан. Хятадын гангийн үйлдвэртэй танилцаж туршлага судалж байна гэх мэдээ яваад л удаагүй Сайншандын аж үйлдвэрийн парк чимээгүй болсон. Өнөө хоёр хөршийн өөрсдийг нь хөрөөдчихнө гэсэн бодлогын үр нөлөө тусаа байлгүй дээ. Хэрвээ гангийн үйлдвэртэй болбол ёстой бид “хөрөө”-тэй болно. Үндсэндээ бид хэнээс ч гуйхгүй, бас хэнээс ч айхгүй болно.

Төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш урсгадаг энэ урсгал Монголдоо үлдэж, хамгийн гол нь бид барилгын арматур төмрөө өөрсдөө цутгаж, барилгын салбарт эргэлт ирж, адаглаад хадаасаа хийж, гүүрний гулдан төмөр, барилгын гулдан төмрууд, машины гол гээд хийх өч төчнөөн юм байдаг. Хэрэв төмөр цутгаж ган хатаагаад эхэлбэл хэнээс ч айхгүй болно гэдэг маань энэ. Гэтэл өнөөдөр Хятадын арматур төмөр сайн хямд, мөн үйлдвэр байгуулснаас гаднаас авах нь хамаагүй хямд, ашигтай гэх ойлголт төмрийн зах зээлд ноёрхож, хоёр хөршийн бодлого үйлчилж байгааг нуух аргагүй. Гангийн үйлдвэр баригдсанаар, үндсэндээ Монгол Улс үйлдвэрлэгч орон болсноор эдийн засгийн тусгаар тогтнол баталгаажиж, аль нэг улсаас хараат бус болж ДНБий хэм хэмжээ эрс өсч, Монгол Улсын өрсөлдөх чадварын индекс огцом урагшлах ийм л бодит ирээдүй харагдаж байна. Нийт бараа бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг бус дотооддоо үйлдвэрлэдэг, гадагшаа экспортолдог үйлдвэрлэгч орон болж хөгжин дэвших цаг болсныг ковидын нөхцөл байдал тод томруун харуулж байна. Тэгэхэд энэ талаар ярьж хэлж байгаа нэр дэвшигч байгаа юу. Хэн гэдэг нэр дэвшигч энэ талаар ярьж байгаа вэ. Хэдэн ажлын байр бий болгоно гэж хэн амлаж байна вэ. Яг хуучнаараа төрөөс зүгээр юм өгөхөө л ярьцгаагаад байх юм. Одоо бид зүгээр сууж, бэлэн шороо ухаж гадагш зарж хоолоо дөнгөн данган олж идэж болсоон. Цахилгаан станцаа барьж, гангын үйлдвэрээ байгуулж тэр ухсан шороогоор нь эцсийн бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж, ажлын байр бий болгож хүн төрөлхтөнтэй адилхан амьдрах цаг ирсэн шүү.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 1.9 тэрбумын арилжаа хийв

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1.920.318.568.89 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 53 компанийн 2.7 сая хувьцааг 1.812.944.946.40 төгрөгөөр арилжжээ.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны 4 дүгээр сарын 23-ны ээлжит хурлын тогтоолын дагуу тус ХК нь дээрх өдрөөс эхлэн Монголын Хөрөнгийн биржээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болж, энэ оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний хооронд нийт 309,601 хувьцааг худалдан аваад байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 22 ширхэг бондыг 2.1 сая төгрөгөөр, ЕТТ ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 ам.доллароор тус тус арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 нэгж эрхийг нийт 69,476,457.59 төгрөгөөр арилжив. Өнгөрсөн 7 хоногт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг нийт 355,000 төгрөгөөр арилжсан байна. 6 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,672,699,477,120.24 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.34 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

А.Даваадорж: Гангийн үйлдвэр байгуулбал дотоодын эдийн засгийг 30-40 хувь тэлэх боломжтой

Ган төмөр импортлогчдын холбооны тэргүүн А.Даваадоржтой ярилцлаа.


Засгийн газраас дотоодын төмрийн үйлдвэрүүдийг дэмжих бодлого баримталж байгааг салбарын сайд нь мэдэгдлээ. Төмөр үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

-Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 200 мянган тоннын хэрэгцээ гарна. Жилд 300 гаруй сая ам.долларыг гадагш нь урсгаж байна. Дотоодын үйлдвэрүүд нийт хэрэгцээний 30 хүрэхгүй хувийг л хангадаг. Манай үйлдвэрүүдийн гол түүхий эд нь хаягдал төмөр. Ингээд бодоход дотоодын үйлдвэрүүдэд дэмжлэг гэхээс илүү манайх үйлдвэрлэгч улс болох цаг нь аль хэдийнэ ирчихсэн.

Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн л дээ. Биеллээ ололгүй олон жил болж байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь үйл явц тийм түвэгтэй юү?

-Гангийн үйлдвэр байгуулахын тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. Төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах шаардлагатай. Ингээд ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар л бүх төрлийн төмөр хийх боломжтой. Дараагийн үйл явц нь “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд л саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлага гарч байгаа юм. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийлээ гэж ойлгож болно. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

Том үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх…?

-Гангийн үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай.

Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнд үүнийг шийдэх боломжгүй л дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Ажил хэрэг болгочихвол бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно гэж ойлгож болно.

Ийм хэмжээний хөрөнгө болгоход амар биш байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломж харагдаж байна. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Дээрх санхүүжилтийг босгох хэд хэдэн гарц гаргалгаа байна. Эхнийх нь бартерын гэрээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээтэйгээр дараа төлбөрт нөхцөл байж болно.

Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа талаар яриандаа дурдсан. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв байх.

Үйлдвэр байгуулснаар хамгийн гол нь бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ. Үүнийг дагаад ажлын байр, жижиг дунд үйлдвэрүүд хөгжих юм.

Үйлдвэр байгуулсан зардлаа богино хугацаанд нөхөх өөр ямар боломж байна вэ?

-Анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч орон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэж байна. “Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах харагдаж байгаа биз. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэг гангийн үйлдвэртэй шууд холбоотой.

Дэлхийн зах зээлд төмрийн үнэ тэнгэрт хаджээ. Дагаад барилга орон сууцны үнэ өсч таарах байх. Бүтээн байгуулалт ч өндөр үнээр босох нь, бид цаашид яах вэ?

-Хөл нийлүүлээд алхана. Уул уурхайн супер цикль эхлэх үед нийгмийн тодорхой хэсэг ашиг олж бусад нь хохирч үлддэг. Энэ байдлаас гарахын тулд үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц бидэнд байхгүй. Үйлдвэрлэгч улс болсноор уул уурхайн компаниуд ашиг хүртэнэ. Үйлдвэрээс гарч байгаа эцсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн байгаа тул үйлдвэрүүд ашиг олох боломжтой. Ингэснээр улсын эдийн засгийн 50-60 хувийг уул уурхай үйлдвэрүүд тогтвортой хангаад явах бололцоо бүрдэнэ.

Үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна вэ?

-Улс орнууд ковидоос болж хямралд орсон эдийн засгаа сэргээхээр бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Энэ хүчин чармайлтаар нэг жилд бүх асуудлыг шийдээд сэргэчихгүй л дээ. Тодорхой төлөвлөгөөтэйгөөр гурваас таван жилийн хугацаанд сэргээх төлөвлөгөө гаргасан байгаа. Дэлхийн эдийн засаг хэр богино хугацаанд тогтворжино, төдий хэмжээнд түүхий эдийн үнийн хөөрөгдөл арилна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дугаарын дуудлага худалдаанаас төвлөрсөн 1.1 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө зориулна

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины улсын дугаарыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж хүүхдийн төлөө тусгай санд байршуулах болсон.

Үүний үр дүнд энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн дуудлага худалдаанаас нийт 1.152.600.000 төгрөг төвлөрөөд байна.

Энэхүү дуудлага худалдааны хүрээнд хуримтлагдсан нийт мөнгө нь хүүхдийн сайн сайхан, хүчирхийллийн эсрэг мөн хүүхдийн хөгжлийн асуудалд зарцуулагдах болно гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тушаалын дагуу мөнгийг хүүхдийн төлөө тусгай санд шилжүүлэх ажил үлдээд байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Дамба: Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бол яг нарийндаа тусгаар тогтнолын асуудал

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр Оюу толгойгоос өөр гавьтай төсөл алга л даа, өнөөхөндөө. Гадны хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаагийн цаана ковидын нөлөө ч байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид яах ёстой вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн гол хөшүүрэг бол хууль эрх зүйн орчин.

Хууль эрх зүйн орчин тодорхой, тогтвортой байх ёстой. Байсхийгээд хуулийн заалт нь өөрчлөгдөж, татварын орчин нь хувьсаад байгаа улсад гадаадын хөрөнгө оруулагчид их дургүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд татварын болон бусад нөхцөлүүд ч шаардлагатай. 1997 оны Ашигт малтмалын хуулийг баталсны дараа төр засгаас маш олон арга хэмжээ авч байсан л даа.

Наад захын жишээ гэхэд л тогтвортой байдлын гэрээ. Татварын хэмжээний хувьд гээд яривал Монгол дундаждаа орно. Бага татвартай орон биш, их татвартай ч улс биш. Баялаггаа суурилаад хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр гарц байхгүй. Сая ярьсан татвар дээр бодлогын түвшинд анхаарах учиртай. Улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах асуудалтай ч холбож үзэж болох асуудал л даа, татвар.

-Татвар ямар утгаараа тусгаар тогтнолтой холбогдоно гэж?

-Ялангуяа манайх шиг хүчирхэг хоёр хөрштэй орны хувьд гуравдагч хөршийн бодлого их чухал гээд ярьдаг даа.

Гуравдагч хөршийн бодлогыг татварын орчноор дамжуулж хийх ёстой. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж чадвал тусгаар тогтнолд хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм учиртай л даа. Мөнгөө оруулчихсан улс хөрөнгөө хамгаалах бодлого явуулж таарна. Хоёр хөршийн аль нэг улсынх нь давамгайлал гэх мэт асуудал гарлаа гэж бодоход эерэгээр зохицуулах гол арга нь гуравдагч хөршийн бодлого. Гуравдагч хөршийн бодлого гэдгийг АНУ, Англи гэж ойлгож болохгүй. Хоёр хөршөөс гадна маш олон улс бий. Тэдний ашиг сонирхлыг хөрөнгө оруулалт хэлбэрээр татах нь их чухал. Ялангуяа Монголын үе үеийн түүхийг үзэж байхад урд хойд хөрш эвтэй үед Монголд ашиг муутай, халтай гэмээр байдаг. Энэ хоёр таарамж муутай үед бол манайд ашигтай байдаг.

Одоо бол хоёр хөрш маань гар бариад их эе найртай байгаа. Тэгэхээр яг ийм цагт гуравдагч хөршийн бодлогодоо онцгойлж анхаарах ёстой болж таарч байна уу?

-Та зөв анзаарсан байна. Одоогийн байдлаар хоёр хөрш маань их эвтэй байгаа. Тэгэхээр гуравдагч хөршийн бодлого маш чухал. Улс төр, геополитик талаасаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь тусгаар тогтнолтой холбоотой ойлголт.

Бид баялаг ихтэй учраас тэд гуйгаад ирэхгүй хаачдаг юм гэсэн хандлага манай улстөрчдөд их тод анзаарагддаг. Гэтэл дэлхийн улс гүрнүүд гадны хөрөнгө оруулалтаар цангасан хэвээр байгаа, эдийн засаг нь хүчирхэгжсэн Хятад хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарсаар яваа. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Манайх шиг бага буурай хөгжилтэй орон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж зөв зүйтэй хөгжүүлж байж хөгжсөн түүх дэлхийд өчнөөн л дөө. Азийн бар улсуудын түүхийг сөхөөд харахаар цаана нь ийм л шалтгаан байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж хөгжүүлсний хүчинд хөгжсөн байдаг юм. Гадны хөрөнгө оруулалт орж ирсний сайн тал их шүү. Техник технологийн хөгжил хурдацтай байгаа ийм үед хөрөнгө оруулалтаа дагаад технологийн хөгжил нь ороод ирдэг. Уул уурхайн салбараар жишээлэхэд л манайд дэлхийн уул уурхайн салбарын хамаг сайн техник технологи бүгд байна. Уул уурхайн салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсаны л үр дүн. Гадаадын хөрөнгө оруулалтын бас нэг сайн тал бол хүнийг хөгжүүлж чаддаг. Дэлхийн хэмжээний уул уурхайн төслүүд дээр ажиллах хэмжээний мэргэжилтнүүд аль хэдийнэ бэлтгэгдээд эхэлчихсэн.

Ураны хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирээд гарсан жишээ бий. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттайгаар хэрэгжиж буй нь хөдөлж өгөхгүй гацсан маягтай байгаа. Уран дээр хоёр хөршийн бодлого нөлөө байх шиг ажиглагддаг. Танд тэгж анзаарагддаг уу?

-Тэгж хардах шалтгаан харагддаг л даа. Хоёр гүрний бодлогоор хөдлөөд байвал хөгжих хэцүү санагддаг юм. Манай улсын тухайд ураны нөөцтэй улсын дэргэд бага нөөцтэй. Харин ураны нөөцгүй улстай харьцуулбал тодорхой хэмжээний нөөцтэй орон. Манайх шиг улс уран олборлох хэрэгтэй. Олборлож баяжмал болгоод, өөрөөр хэлбэл шар нунтаг хэлбэрээр экспортлоход ямар ч аюулгүй. Илт шалтгаан нь ийм байхад улстөржүүлж дэвэргээд байгаа нь хачирхалтай санагддаг. Заримдаа бүр хардмаар мэдрэмж ч төрдөг. Айлын үхэр, тугал үхсэн тохиолдол бий. Яг тиймэрхүү кейс дээр ямар нэгэн нөлөө орчихоод байна уу гэж хардаг. Уран дээр Гурвансайхан гэдэг компани бий. Үндэсний компани л даа. Бас л хөрөнгө оруулалтгүй гэсэн шалтгаанаар төслийнх нь хэрэгжилт удааширсан. Сүүлдээ Канадын “Денисен майнз” гээд ураны салбарын том компани орж ирж хөрөнгө оруулалт хийх гэж нэлээд үзсэн. Нэг хэсэг хайгуул хийсэн юм. Хайгуул хийгээд хэд хэдэн ордын нөөц тогтоосон л доо. Заримынх нь хувьд цооногоор газрын гүнд уусгах технологи туршиж үзсэн. Туршилтын ажил нь ч амжилттай болсон. Нэлээд хөрөнгө зарцуулсан.. Газрын гүнд уусгах аргаар боловсруулдаг энэ технологи дэлхийд маш, ховор сайн технологид багтдаг. Экологид хор хохирол багатай технологи гэж үзэж байгаа. Шахаж хавчаад байхаар тийм том компани яаж тэсэхэв, лицензээ чехүүдэд зарчихаад явсан.

Лицензийг нь авсан чехүүдийн ажил хэр урагштай байгаа вэ?

-Дэмжлэг муутай, хавчлагатай байх шиг анзаарагддаг. Энэ мэт жишээнээс харахад Монголын эдийн засгийг тэлж томруулах сонирхолгүй нэг тийм айхавтар гадаад бодлого байна уу даа гэж бодогддог шүү.

Өмнөх олон кейсээс анзаарахад шахаж хавчиж дарамтлаад байхаар нь гадаадын хөрөнгө оруулагчид залхаад хаядаг, өнөө лицензийг нь урд хөршийн бизнес эрхлэгчид ч юм уу улстөрчид авчихаад байгаа анзаарагддаг. Та энэ хардлагатай санал нийлж байна уу?

-Үгүйсгэхэд хэцүү. Барим тавим жишээ ч дуулддаг. Урд хөршийн бизнес эрхлэгч гэснээс тэдний хувьд нэг онцлог байдаг. Яаж ч шахаж, дарамталсан тоодоггүй. Зүтгээд, бизнесээ хийгээд явдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчид бол өөр. Шахаж хавчаад ирэнгүүт л гараад явахыг илүүд үздэг. Тэгээд ч дэлхий дээр ганцхан Монгол гэдэг улс баялагтай биш учраас тэд өөр сонголт хийгээд явдаг.

Уранаас өөр экспортолж мөнгө олох эрдэс гэвэл та юуг онцлох вэ?

-Газрын ховор элемент дээр хөдөлгөж болох төслүүдээ хөдөлгөмөөр байгаа юм. Хамгийн бага зардлаар их мөнгө олох боломжтой салбар. Германчууд гэхэд л их сонирхдог. Ангела Меркель манайхыг яах гэж зорьж ирсэн бэ гэсэн асуулт тавиад харахаар цаана нь газрын ховор элемент л байдаг. Газрын ховор элемент дээр хамтрах сонирхлоо илэрхийлэхээр ирсэн. Манайхан тухайн үед хамтарч ажиллая гэж толгой дохичихоод явсаных нь дараа таг болсон л доо. Солонгос, Япон, Герман гэх мэт машин үйлдвэрлэгч хэрнээ түүхий эд нь байдаггүй улсууд олон бий. Тэдэнд газрын ховор элементээ нийлүүлэх хэрэгтэй. Орчин үед цахилгаан машины үйлдвэрлэл хүчээ авч байна. Арван жилийн дараа цахилгаан машин ердийн хэрэглээ болно гэцгээж байгаа. Дэлхийн чиг хандлага ийм байхад бид тэр хандлагыг нь мэдэрч, угтаж ажиллах ёстой. Цахилгаан машины гол орц нь газрын ховор элемент. Газрын ховор элементээс гадна холимог металл буюу полиметаллын ордуудыг ашиглах цаг болсон. Цахилгаан машины ирээдүй гэрэлтэй байгаа ийм үед маш хэрэгтэй. Цахилгаан машин үйлдвэрлэлд хэрэглэдэг хар, цагаан тугалга гэхэд л ийм төрлийн ордод бий.

Газрын ховор элемент дээр хайгуул хийж нөөцийг нь багцаалдсан хэд хэдэн орд бий байх шүү…?

-Манайд хайгуул хийсэн хэд хэдэн орд бий, Лугийн гол, Мушгиа худаг, Халзан бүргэдэй гээд.

Бүгдийг нь стратегийн ордод оруулчихсан. Тэгэхээр л хөрөнгө оруулалт ярихад хэцүү болчихоод байх шиг…?

-Яг тэгээд байна л даа. Миний хувьд стратегийн орд гэдэг нэр томьёонд дуртай биш. Их буруу нэр томьёо. Ер нь стратегийн орд гэж байдаггүй. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж л бий. Тухайн улс орны эдийн засагт үр ашгаа өгөхөөр, тухайн улс орны амьдралд нөлөө үзүүлж чадах зүйлийг л стратегийн бүтээгдэхүүн гэнэ. Заавал уул уурхайтай ч холбогдохгүй. Мах, будаа гээд хүнсний бүтээгдэхүүн ч байж болно.

Өнөөхөндөө ахиу мөнгө олох боломжтой нь зэс, нүүрс л байна. Нүүрсээ ахиухан борлуулъя гэвэл төмөр зам хэрэгтэй. Төмөр зам дээр байр сууриа хуваалцаач?

-Нүүрсээ ахиухан хэмжээгээр бага зардлаар тээвэрлэж экспортолъё гэвэл төмөр зам барихаас өөр гарцгүй. Бид төмөр зам бариагүйгээс болоод өчнөөн боломжийг алдсан. Хувийн компани мөнгөө гаргаад барья гэхэд бариулаагүй улс шүү дээ, бид.

Төр төмөр зам барина, төр тийм үйлдвэр барина гээд төр бизнес рүү орсон, бизнесийнхний боломж руу гар дүрж хүч түрсэн хандлага сүүлийн үед маш тод анзаарагдах боллоо. Энэ хэр зөв хандлага вэ?

-Төр оролцоод ирэхээр л хамаг асуудал үүсдэг. Бүгдийг төрийн мэдэлд авна гэж яриад байдгийн цаад шалтгаан нь их энгийн шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн л сонирхол. Түүнээс биш жирийн нэг иргэнд төрд очих, очихгүй нь огт хамаагүй асуудал. Наад захын жишээ гэхэд л төрийн өмчтэй компанид төрд ажилладаг хүмүүс л юм шахдаг.

Төрд ажилладаг жирийн хүмүүс биш, эрх мэдэлтэй цөөн нөхдөд л тийм боломж ирдэг…?

-Тэгэлгүй яахав, тэр мэдээжийн асуудал. Стратегийн орд гэдэг нэрээр төрд аваад, төрийн менежмэнтээр тухайн уурхайн үйл ажиллагааг явуулна гэдэг төрд ажиллаж байгаа хүмүүсийн л сонирхол. Төрд ажилладаг хүмүүсийн эрх ашиг, сонирхлоос гадна төрийн өмчийн компаниуд дээр л авлига хээл хахуулийн асуудал гарч ирдэг.

Уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, Монголын эдийн засаг 17 хувь хүрч байсан үед дэлхийн том компаниуд олноороо орж ирж байсан. Яг ямар компаниуд орж ирж байсан тухай цухас дурсах уу?

-Тэр үед маш олон том компани орж ирж байлаа. Америкийн “Пийбоди” байна. Нүүрсний талдаа дэлхийд нэг номер шахуу компани. Төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийн номер нэг “Вале” орж ирсэн. Бразилийн компани. Ураны том компани “Денисен майнз”, “Рио тинто”-той өрсөлддөг “BHP Billiton“ байна. Энэ бүх компани Монголд орж ирээд гарсан. “Англо Американ” орж ирэх гэж үзээд шийдвэрээсээ буцсан санагдаж байна. Одоо “Рио тинто”-гоос өөр гэвэл Хятадын хэдэн компани л Монголд хөрөнгө оруулан ажиллаж байна. Гэхдээ урд хөршийн томчууд манайх руу орж ирэхгүй байгаа. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдын хувьд стандарт, аюулгүй байдал гэх мэт асуудал тийм ч чухал биш.

Categories
мэдээ эдийн-засаг

“₮-Карт” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргав

1990 онд “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”, 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд тохиож буй Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүссэний 30 жилийн ой, Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсныг тэмдэглэж, төлбөрийн картны хэмжээтэй “9496-1924-1991-2021” дугаар бүхий “₮-Карт” дурсгалын зоос худалдаанд гаргалаа.

Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.coin.mongolbank.mn цахим хуудасаар авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

I улиралд дотоод худалдаа 5.5 их наяд хүрлээ

Дотоод худалдааны салбарын нийт борлуулалт I улиралд 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 36.8 хувь нь бөөний худалдаа, 63.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Мөн бөөний худалдааны борлуулалтын орлого мөн хугацаанд 24.1 хувиар өссөн бол жижиглэн худалдааны орлого 16.1 хувиар өссөн байна.

Дотоодод “коронавирус”-ийн халдвар тархсанаас хойш улсын хэмжээнд таван удаагийн хатуу хөл хорио тогтоосон бол он гарсаар хоёр удаагийн хөл хорио тогтоосон юм. Энэ хугацаанд хүнснээс бусад бараа, бүтээгдэхүүний худалдааг хязгаарлаж байсан бөгөөд цөөн тооны, тодорхой салбарууд үйл ажиллагаагаа явуулж байв.

Мөн хил хаасантай холбоотойгоор зарим бүтээгдэхүүний эрэлтийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж чадахааргүй нөхцөл байдал үүссэн аж. Мөн борлуулалтын орлого цар тахлын өмнөх үеийн түвшнээс өндөр гарсныг онцолж болохоор байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ

Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай нийт 55806 хүсэлт хүлээн авснаас 55728 хүсэлтийг шийдвэрлэж, эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.

Эргэн төлөлт хойшлуулсан зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөг буюу нийт ипотекийн зээлийн багцын үлдэгдлийн 80 хувийг бүрдүүлж буй аж.

Энэ оны эхнээс тавдугаар сарын 24-ний өдрийн хооронд 290.7 тэрбум төгрөгийн зургаан хувийн хөнгөлөлттэй, хүүтэй ипотекийн зээлийг 3933 иргэнд олгожээ. Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлбөрийн хугацааг хойшлуулсан байна.

Мөн ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлд тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар банкуудад нийт 5.9 их наяд төгрөгийн 54 мянган зээлийн хүсэлт ирснээс 14 мянган зээлд 1 их наяд төгрөг олгосон байна.

Ингэснээр нийт 47.885 ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлжээ. Үүний 60 хувь буюу 2529 аж ахуйн нэгжид 604.7 тэрбум төгрөгийн зээл, 40 хувь буюу 11.5 мянган иргэнд 404 тэрбум төгрөгийн зээл тус тус олгожээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Гавьяат эдийн засагч цолоор шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр аж үйлдвэр, спорт, эрчим хүч, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, мал ахуйн ахуйн төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Гавьяат эдийн засагч цол олголоо.

Б.Лхагвасүрэн нь өмнө нь Монголбанкны Дэд Ерөнхийлөгч, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч, Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын Зөвлөх, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч, Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Банкууд зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар мэдээлэл өглөө.

ХУУЛЬ: Банкууд зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно

Хууль 30 зүйлтэй бөгөөд үүнээс илэрхий болон нийтлэг байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт 18 зүйл буюу 62 хувийг эзэлж байгаа бол харилцагчийн эрхийг илэрхий хамгаалахтай холбогдсон нарийвчилсан зохицуулалт 10 зүйл байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ба үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм.

Мөнгөн хадгаламжийн тухайд, хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох заалт оруулсан байна.

Өөрөөр хэлбэл, банк аливаа хадгаламжийн хүү, нөхцөлийг өөрөөр, ялгамжтай тогтоон нийтэд зарлах эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү тухайн нийтэд зарласан хүү, нөхцөлөөр харилцагчтай гэрээ байгуулах үүрэгтэй. Ингэснээр банкны салбарт бий болсон шударга бус, гаж өрсөлдөөнийг зогсоож, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх замаар банкны салбарын нийт 95 орчим хувийн хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалах зорилго агуулжээ.

Зээлийн үйл ажиллагааны тухайд, үзээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй байх ба гадаад валютаар зээл хүссэн зээлдэгчид ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгч, гадаад валютаар зээл авахыг тулгахыг банк, эрх бүхий этгээдэд хориглосон байна. Мөн зээлдүүлэгч нь анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хоригложээ.

Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болох зохицуулалт мөн туссан бөгөөд зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд банк, эрх бүхий этгээдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулахаар хуульчилсан байна.