Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Эрдэнэбаяр: Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон геологи, уул уурхайн салбараа дэмжих ёстой

-БҮГД ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД БИДНИЙ АЖЛЫГ ХИЙЛГЭДЭГГҮЙ. ОРОН НУТГИЙНХАН Ч ХИЙЛГЭДЭГГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ БҮГД УУЛ УУРХАЙН БАЯЛГААС АШИГ ХҮРТЭНЭ ГЭЖ ЯРЬДАГ-


Геологи, уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдлын талаар геологич Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Цар тахлын улмаас хүндхэн байдалд ороогүй салбар ховор байна. Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа геологи, уул уурхайнхны хувьд ч байдал сайнгүй байгаа. Геологи, уул уурхайн салбарт эрх зүйн ямар орчин үгүйлэгдэж байна вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлэх нь зөв болов уу?

-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж геологи, уул уурхайн салбарыг цэгцэлмээр байна. Ашигт малтмалын тухай хуулиас гадна Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сард батлагдсан.Энэ хуулийг анх яах гэж гаргасан бэ гэхээр 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг найман жил хориглосноос геологи, уул уурхай, салбар уналтад орж, энэ салбарт ажиллаж байсан ихэнх гадны хөрөнгө оруулагчид Монголоос гарсан. Улмаар барилгын салбар түүхий эдгүй болж,бетон зуурмагийн үйлдвэрүүд элс хайрга дайрганы хомсдолд орж, тоосгоны үйлдвэрүүд шаврын нөөцгүй болж эхэлсэн. Иймээс тухайн үед салбарын сайд Д.Ганхуягийн санаачилгаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсан. Гэтэл нийслэл, аймаг болгон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд олгож, хайгуул, ашиглалтын тайлан төлөвлөгөөг баталж, аймаг болгон уул уурхайн яамтай болсон. Тэнд нь геологи, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Зөвхөн авлигаар ажил явагдаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зөвхөн элс, хайрга, дайрга, тоосгоны шавар, шохойн чулуу, боржин чулууг хайж олборлох ёстой боловч орон нутагт хэн танилтай нь авлига өгч элс хайрга хайх нэрийдлээр өөр ашигт малтмал тухайлбал жонш,алт, гянтболд олборлож байна.Тийм учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг Ашигт малтмалын тухай хуультай нэгтгэх хэрэгтэй, өөр салбарласан ашигт малтмалтай холбоотой бүх хуулиудыг нэгтгэж төрөөс геологи уул уурхайн салбарт нэгдсэн нэг хуультай, нэг бодлоготой болмоор байна.

-Элс, хайрга олборлоно гэж зөвшөөрөл авчихаад тухайн талбай дээрээ алт, жонш ухаад байгаад хариуцлага тооцох, зохицуулах хууль одоогоор байхгүй юу?

-Орон нутагт хяналт алга. Хайрга олборлоно гэж зөвшөөрөл авангуутаа алт, жонш олборлоод байдаг. Үүнийг зохицуулах хууль байхгүй. Зүй нь хайрга олборлох үед алт, жонш илэрвэл үйл ажиллагаагаа зогсоож Ашигт малтмалын газарт мэдэгдээд жоншоор нь ч юм уу, алтаар нь юм уу тендерт оролцоод албан ёсны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах ёстой.Өөрөөр хэлбэл, тухайн ашигт малтмал дээрээ хайгуул хийн нөөцөө тогтоон,Техник, эдийн засгийн үндэслэлээ Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, Байгаль орчны ерөнхий, нарийвчилсан үнэлгээгээ яамаар батлуулаад орон нутаг, АМГТГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулах ёстой. Орон нутгаас маш олон зөвшөөрөл авна, жил болгон уулын ажлын төлөвлөгөө, тайлангаа өгнө. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гаргаж, мөнгөө байршуулна, маш олон шат дамжлага, зөвшөөрөлүүд авч үйл ажиллагаагаа эхэлдэг учиртай. Зарим нөхдийн ойлгоод байдаг шиг шууд очоод л газар ухаад унадаг хүмүүс бид биш. Бүх зүйл хууль журмын дагуу явагддаг. Нэг л буруу юм хийвэл тусгай зөвшөөрөл цуцлах 20 гаруй үндэслэл бий. Тийм л эрсдэлтэй нөхцөлд дэнжигнэж ажилладаг юм. Хэдэн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулаад маргааш нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдлаа гэхэд тухайн аж ахуйн нэгжээс өөр харамсах хүн байхгүй. 10 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани байлаа гэхэд бүгдээрээ орд болохгүй. Арвуулаа эрсдэл болоод хэдэн сая ам.доллараар хохироход тэр компанийн л эрсдэл болохоос биш тэр нэг улстөрч, малчин тоохгүй. Тэгэхлээр экспортын 80 хувийг, улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдээ бодох ёстой, дэмжих ёстой. Улсын эдийн засгийг уул уурхайн салбар л чирж явж байна шүү дээ. Стратегийн том ордууд байхгүй байсан бол яах юм. Муу хэлээд байгаа “Оюу толгой”, “Таван толгой” байхгүй байсан бол яах байсан юм. Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр маань байхгүй байсан бол ямар хэцүү байх байсан бол гэж хүн бүр эргэцүүлж бодох ёстой.

-Та бол геологич хүн. Үндэсний геологийн алба байгуулагдсанаар танай салбарын аж ахуйн нэгжүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Үндэсний геологийн алба (ҮГА) байгуулагдсан нь сайн хэрэг.Гэхдээ Д.Сумъяабазарыг салбарын сайд байх үед анх 68 хүний орон тоотой баталсан гэдэг. Харин засаг солигдонгуут өөрчлөгдөж, одоо 35 хүн ажиллаж байгаа юм билээ. Үндэсний геологийн алба гэж байгаа хэр нь АМГТГ-т бас Геологийн алба бий. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын асуудлыг хариуцдаг. Монголын үндэсний геологийн асуудал л юм бол хувь, хувьсгал гэж ялгах хэрэггүй. Тийм учраас Үндэсний геологийн албатай нэгтгэх ёстой юм. ҮГА-ны 35 хүн дотор геологич мэргэжилтэй цөөхөн хүн бий. Тэр хүмүүс яаж үндэсний геологийн бодлогыг хэрэгжүүлэх вэ. Дээр нь орон тоо цөөхөн, төсөв мөнгө нь хангалтгүй. Дахин хэлэхэд, миний бодлоор АМГТГ-ын Геологийн албыг Үндэсний геологийн албатай нэгтгээд геологийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг нэмэгдүүлээд, геологийн холбоодыг хажуудаа аваад үндэсний хэмжээний бодлого боловсруулаад явбал зүгээр байгаа юм. Тэгж байж Үндэсний геологийн алба жинхэнэ утгаараа ажиллана.

-Үндэсний геологийн алба гээд нэрнээс нь үзвэл их л том агентлаг шиг. Гэтэл хүний нөөц, төсөв хөрөнгө нь хангалтгүй болохоор зорилго, агуулгадаа нийцсэн бодлого хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг үү?

-Төсөв багатай ийм байгууллага яаж цаашаа явах юм. Жилийн төсөв нь тэрбум хүрэхгүй. Нэг хувийн геологийн компанийн л төсөв. Ашигт малтмал, газрын тосны газарт ч гэсэн геологич мэргэжилтэй нь 20 хувь хүрэхгүй. Дандаа Төрийн ордноос шахсан хүмүүс ажилд орсон. Нөгөөдүүлийг нь дарга нь халж чаддаггүй. Геологи, уул уурхайтай асуудлыг нь шийддэг энэ агентлагийн ажилтнуудын дийлэнх нь мэргэжлийн боловсон хүчин байх ёстой гэж боддог. Одоо бол ихэнх нь Төрийн захиргааны өөр мэргэжлийн хүмүүс байгаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог байсныг болиулаад тендер шалгаруулах замаар олгодог болсон. Энэ нь хэр оновчтой вэ?

-Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болонгуутаа нэг өөрчлөлт хийсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг тэр чигт нь хассан явдал юм. Улсаас тендерийн талбайнуудыг зарлаж босго үнэ тавин аж ахуйн нэгжүүд босго үнээ төлөөд, худалдаж авах үнийн саналаа зарлан төслөө танилцуулж, хамгийн их үнэ санал болгосон компани хайгуулын тусгай зөвшөөрөл авч байна. Энэ нь нэг талдаа зөв. Цаашаа яаж үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз. Дүгнэхэд одоохондоо эрт байна. Одоогоор цөөхөн тусгай зөвшөөрөл олгогдоод байна.

-Геологи, уул уурхайн салбарт ямар эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа талаар таны байр суурийг сонслоо. Ер нь өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?

-Уул уурхай уруудаад л явж байна. Манай улстөрчид бүгдээрээ эх орончид болсон. Дээр нь иргэний хөдөлгөөнүүд бидний ажлыг хийлгэдэггүй. Орон нутгийнхан ч хийлгэдэггүй. Тэгсэн мөртөө бүгд уул уурхайн баялгаас ашиг хүртэнэ гэж ярьдаг. Хэзээ хайгуул хийгээд, хэзээ нөөцийг нь тогтоогоод, хэзээ үр ашгийг нь хүртэхийг хэлж мэдэхгүй. Уг нь бидний эдэлж хэрэглэж байгаа бүхэн геологи, уул уурхайгаас хамаарч байгаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байж эдийн засаг хөгжинө. Манай салбарыг муухай харагдуулж байгаа нь техниктэй нинжа нар. Тэд дуртай газраа ухаж байна, уул усыг сүйтгэж байна. Шалгалт яваад очихоор зугтаагаад алга болчихдог.Харин хариуцах эзэнтэй аж ахуйн нэгжүүдийн шүүсийг хамаг байдгаар нь шахдаг,татварын дарамтаас эхлээд, хууль ёсны үйл ажиллагаатай компаниудад зориулж зөндөө хууль гаргасан. Тухайлбал, урт нэртэй хууль гээд байна. Ингээд яриад байвал зовлон маш их байна.

-Эдийн засгийн гол түүчээ болсон геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаа уруудаад байхаар улс орон урагшаа явахгүй нь ойлгомжтой асуудал. Хүндрэлээс гарах ямар гарц байна вэ?

-Салбарын бүх хуулиудыг нэгтгэх, тоглоомын дүрмүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Цөмийн энергийн хууль, Газрын тосны тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гээд бүх хуулиудыг базаад нэгдмэл цогц хууль гаргах нь зөв гарц. Хамгийн гол нь хууль эрх зүйн тогтвортой байдал, гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулж ирэхэд чиглэх ёстой юм. Өнөөдөр монголчууд бидэнд дэлхийн хэмжээний том ордуудаа ашиглах туршлага байхгүй. Одооноос л суралцаж байна. “Оюу толгойн” гэрээ л гэнэ. Алдсан ч зүйл бий, оносон ч зүйл бий. Геологи, уул уурхайн салбараа өөд татахын тулд нэгдүгээрт, хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг хууль гаргаад маргааш нь өөрчлөөд байвал асуудал урагшаа явахгүй. Орон нутаг болгон дээр очоод “Бид газар шорооны эзэн, бүх уул уурхай, хайгуулыг зогсооно” гээд байвал уул уурхай хөгжихгүй. Геологи хайгуулын ажлыг зогсоох шаардлага байхгүй, элдэв тендер шаардлагагүй, илүү нээлттэй болгох хэрэгтэй байна. Хайгуулаа хийн ордоо нээсний дараа ашиглах асуудлын хувьд гэвэл тухайн орд техник, эдийн засгийн ямар үр өгөөжтэй вэ, улсын төсөвт хэчнээн мөнгө оруулах вэ, хэчнээн ажлын байр бий болох вэ гэх мэт олон талаас нь харж ашиглах хэсгээ шийдэж болно. Тэгээд ажлыг нь хийлгэ л дээ. Хүмүүс ажилтай болог л дээ. Заавал Засгийн газраас 300.000, эсвэл 50 мянган төгрөг авах шаардлагагүй.

-Засгийн газрын геологи, уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар та юу хэлэх вэ?

-Засгийн газрын Салхитын мөнгөний ордыг мэдэлдээ авч ахмадуудын тэтгэврийг тэглэснийг нь зөв гэж боддог. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг үүднээс зарим нэг компаниудад сургамж болсон байх. Тухайн ордыг төрд эргүүлж авах үндэслэл хууль эрх зүйн талаасаа байсан. Харин гадны хөрөнгө оруулалттай компани болгон дээр давхиж очоод төрд аваад байх нь мэдээж буруу. Олон улсын болоод Монголын бусад хуулийг зөрчинө. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой. Зарим хүмүүс нутагт нь ажиллаж байгаа уурхайг УИХ-ын гишүүнээр дамжуулаад цэрэг цагдаа хөдөлгөж байгаад төрийн мэдэлд авах юм ярьдаг. Энэ бол маш буруу ойлголт. Хоердугаарт, Эрдэнэтийн ашигаас айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг төлөх шийдвэр гаргасныг цар тахлын үед авсан маш зөв арга хэмжээ гэж бодож байна. Харин “Оюу толгойн” татварын орлогоос иргэн бүрт 300,000 төгрөг бэлнээр тараасан нь маш буруу. Дээрх мөнгөөр томоохон үйлдвэрүүд барьж, ажлын байр нэмэгдүүлэх нь зөв байсан.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ эдийн-засаг

Сүүлийн дөрвөн жилд уул уурхай, олборлолт ДНБ-ий 24 орчим хувийг бүрдүүлжээ

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, олборлолтын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 орчим хувийг бүрдүүлсэн дүнтэй байна.

Үүнээс уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жин 2018 онд хамгийн их буюу 24.5 хувь хүрч байжээ. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Тухайлбал: 2000 оны дунд үеэс дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн Монголын олборлох салбар дотоодын эдийн засагт эзлэх байр суурь огцом нэмэгдсэнийг Дэлхийн банкны судалгаанд онцолжээ. Цар тахал дэгдсэн 2020 онд дотоодын эдийн засаг 5.3 хувиар буурсан байна. Энэ нь 1992 оноос хойших хамгийн огцом уналт боллоо.

Харин энэ оны эхэн үеийг авч үзвэл цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зэсийн баяжмал, нүүрсний экспорт саарчээ. Нөгөө талаас түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа нь экспортын орлогод эергээр нөлөөлөхөөр байгаа юм.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.93 тэрбум ам.долларт хүрч, 48.2 хувиар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Тодруулбал эхний таван сард 3.32 тэрбум ам.долларын экспорт хийж өмнөх оны мөн үеийнхээс 65.7 хувиар нэмэгджээ. Мөн импорт 2.6 тэрбум доллартай тэнцэж, 30.6 хувиар өссөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 722.4 сая ам.долларын ашигтай гарлаа.

Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны бүтээгдэхүүн нийт экспортын 81 хувийг бүрдүүлжээ.

Эрдсийн экспортыг орлогын дүнгээр эрэмбэлвэл зэсийн баяжмал тэргүүн байранд орлоо. Оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын экспортын орлого 1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 63 хувиар өсчээ. Харин биет жингээр зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар буурч 491 мянган тоннд хүрлээ.

Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3 хувиар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82 хувиар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.32 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.1 хувиар бага боловч өмнөх сарынхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Гэхдээ хэвийн үзүүлэлтээр сард 3-4 сая тонн нүүрс экспортолдогтой харьцуулахад энэ дүн нь хавьгүй багад тооцогдоно.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт оны эхний таван сард 3.38 сая тонн буюу 446 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр ялимгүй буурсан ч, орлогын дүнгээр 90 хувиар дээшилжээ. Ингэснээр төмрийн хүдэр экспортын орлогын дүнгээр гуравт эрэмбэлэгдлээ.

Газрын тосны экспорт мөн хугацаанд 136 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 452 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл газрын тосны худалдаа хамгийн өсөлттэйд тооцогдож байна.

Харин алтны экспорт оны эхний таван сарын байдлаар буурчээ. Бусад төрлийн эрдсийн хувьд бүгд экспортын орлогоор өсөлттэй гарлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн эдийн засаг энэ онд 5.6 хувиар өснө гэж таамаглажээ

Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийг 5.6 хувьд хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж буйгаа мягмар гаригт танилцууллаа. Энэ нь нэгдүгээр сарын таамаглалаас 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өсөлтийг авч үзвэл, АНУ-ын эдийн засаг энэ онд 6.8 хувиар, БНХАУ-ын эдийн засаг 8.5 хувиар өсөх төлөвтэй байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын хувьд энэ үзүүлэлт 4.4 хувь, бага орлоготой орнуудынх 2.9 хувьтай байна хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд урьдчилан таамаглажээ.

“Дэлхийн эдийн засаг “COVID-19″ цар тахлын улмаас 2020 онд 3.5 хувиар агшсан тул дэлхий дахин сүүлийн 80 жилд байгаагүй өсөлтийг энэ онд үзэх төлөвтэй байна” гэж Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд цохон тэмдэглэжээ.

Гэвч улс орнуудын эдийн засгийн өсөлт вакцинжуулалтын улмаас 2021 онд өөр хоорондоо эрс ялгаатай байх төлөвтэй байна. Тодруулбал, АНУ тэргүүтэй чинээлэг орнууд манлайлах хандлагатай байгаа бол хөгжиж буй, бага орлоготой орнуудын хувьд “COVID-19” цар тахал болон түүний нөлөөнд үргэлжлэн нэрвэгдэж магадгүй аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Гадаадын хөрөнгө оруулалт татарсан хамгийн том шалтгаан бол Г.Занданшатарын хууль

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬ ШИГ ХАТУУ ХАМГААЛАЛТТАЙ БОЛГОЖ БАЙЖ ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ-


Эдийн засагч, АНын дэд дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.


Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн анхны хууль гэвэл г.Занданшатар нарын санаачилж батлуулсан стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсан. энэ хуулийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Таны асууж байгаа хуулиар Монголд, гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтай бүх салбарт 100 саяас доош хөрөнгө оруулалтыг нь засгийн газраар хэлэлцүүлнэ, дээш бол УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн утгатай заалт туссан санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын урам зоригийг мохоосон, тэр байтугай Монголд хөрөнгөө оруулсан хэнийг ч гаргахаар маш сөрөг хууль болсон л доо.Тэр хуулийн гайгаар долларын ханш өсч төгрөг сулрах, эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалт хомсдох, эдийн засаг агших сөрөг талууд их тод ажиглагдаж эхэлсэн.Айхавтар популист хууль болсон.зүй ёсоороо хэрэгжиж байсан нүүрсний төслийг гацаах зорилгоор батлагдсан хууль шүү дээ.2012 оны сонгуулийн өмнө популизм хийгээд батлуулсан хууль.Тэгсний уршгаар өнөө нүүрсний уурхай нь ч үнэд хүрч чадаагүй.Уг нь их хэмжээний үнэ хүрэхээр уурхай байсан юм.

Г.Занданшатарын гэсэн тодотголтой тэр хуулийн дараа гадаадын хөрөнгө оруулалт үргэж, эдийн засаг агшсан шүү…?

-Эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлсэн. Ядаж байхад яг тэр үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унаж таарсан.

Дараа ньУучлаарай бид буруу хууль гаргажээгээд өөрчилсөн…?

-Тэгсэн. Миний санаж байгаагаар 2013 онд өнөө популист хуулиа хүчингүй болгосон. Оронд нь арай илүү чөлөөтэй хууль батлуулах гэж оролдсон байдаг юм. Хэрвээ хөрөнгө оруулагч хүсвэл татварын орчноо тогтворжуулж болно гэсэн утгатай хууль баталсан л даа.Гэхдээ шинэ хуулиа сурталчлах ажлаа их муу хийсэн. 2017 онд санагдаж байна, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалдаг орчныг хялбарчилчихсан.Гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар бол уул уурхай. Уул уурхайн салбар руу гадны хөрөнгө оруулагчид мөнгөө хийж байсан хоёр үндсэн шалтгаан бий. Нэг нь гол хэрэглэгч Хятадтай ойрхон байрлал маань. Нөгөө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь цуцлаад байдаггүй хууль эрх зүйн орчин. Заавал шүүхээр ордог хамгаалалттай байлаа л даа. “А” лицензийг эзэмшиж байгаа компани дампуурлаа гэхэд “А” лиценз буюу ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр үлддэг байсан юм. Тийм учраас өөр хөрөнгө оруулагч нэр дээрээ шилжүүлээд авч болдог байлаа. Энэ нь хөрөнгө оруулагчийг татах маш чухал эрх зүйн хамгаалалт болж байсан л даа. Гэтэл үүнийг бас өөрчилчихсөн. Өөрөөр хэлбэл, байхгүй болгосон.Орон нутаг, Байгаль орчны яам хоёр хүсвэл “А” лицензийг цуцалж болдог орчин бүрдчихсэн. “А” лицензтэй хүмүүсийг айлгаж, сүрдүүлж, шантаажилж, сонгуулийн гэх мэт янз бүрийн мөнгө төгрөг босгох боломжтой болгосон нь уул уурхай дахь хөрөнгө оруулалтыг зогсоосон.

Гадаадын хөрөнгө оруулагчид өөр салбарууд руу хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг нь хууль эрх зүйн орчинтой холбоотой юу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Бусад салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тухайн компанийн гэрчилгээний ар талд нь хэвлээд өгчихдөг. Тэгээд сайдын үзэмжээс шалтгаалаад 1-3 жилээр олгодог.Ийм нөхцөлд бусад салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломж их бага.Ингээд харахаар гадаадын хөрөнгө оруулалт бол хууль эрх зүйн орчноос маш их хамаардаг эд л дээ.Манайх шиг популист Засгийн газартай, тэрийгээ дагаад бодлого нь тогтворгүй, хууль эрх зүйн орчин нь хувьсамтгай, гадаад дотоодоос элдэв санхүүжилттэй, хийрхэл нь хэтэрсэн ТББ олонтой улсад гадаадын хөрөнгө оруулалт хөгжих боломж маш бага шүү дээ.Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин муудсан хамгийн том шалтгаан гэвэл ярилцлагын эхэнд дурдагдсан Г.Занданшатарын хууль.Өөр нэг хууль бий.2017 онд Ашигт малтмалын хуульд оруулсан өөрчлөлт гадаадын хөрөнгө оруулалт гацахад маш том үүрэг гүйцэтгэсэн.Шуудхан хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ байхгүй болгосон.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ажилладаг агентлаг газрууд ер нь хэр идэвхтэй ажиллаж ирсэн гэж та хардаг вэ?

-Маш муу ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлаг 1996 онд байгуулагдсан. Тэр агентлагийн түүхийг харахаар 20 жилийн хугацаанд 20 удаа өөрчилсөн байдаг юм. Нэг бол нэрийг нь өөрчилж, эсвэл харьяа яамыг нь сольдог байсан. Гэхдээ энэ хугацаанд дэлхийн банкнаас их олон сая долларын тусламж авсан байдаг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлагийг сайжруулна гэж ийм их мөнгө авсан хэрнээ 2016 онд энэ агентлагаа татан буулгасан.Түүнээс хойш нэг том асуудал үүссэн. Гадаадын хөрөнгө оруулалтаа бүртгэж чадахаа больсон. Монголбанк нэг өөрөөр, Сангийн яам нэг өөрөөр бүртгэдэг, бүртгэлийн газар нь бүр өөрөөр бүртгэдэг болсон.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмжиж чадахаа больсон гэж хэлэх гээд байна уу?

-Бодит үнэн нь тэр шүү дээ. Гадаадын байгууллагын статистик манай дотоодын албан ёсны статистиктай зөрдөг. Удирдлагын шинжлэх ухаанд нэг алтан дүрэм бий.Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй, удирдаж чадахгүй бол сайжруулж чадахгүй гэсэн дүрэм. Товчхондоо бид гадаадын хөрөнгө оруулалтаа хэмжиж чадахаа ч больсон, энэ талаар ажиллахаа ч байсан.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд жишиг болохуйц түүх бүтээсэн ямар улсууд байна, жишээ дурдаач?

-Наад захын жишээ гэвэл Хонконг байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр агентлаг нь яамны хэмжээнд тасралтгүй, уйгагүй ажилладаг. Асар том агентлагийг 25 жилийн турш тасралтгүй ажиллуулчихсан. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын орчноороо дэлхийд нэгд бичигдэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Турк.Туркийн ерөнхийлөгч Эрдагон өөрийнхөө дэргэд, тодруулж хэлбэл Ерөнхийлөгчийн дэргэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл гэж байгуулсан. Тэр зөвлөл нь ямар ч яам, агентлагаас илүү хүч, нөлөөтэй. Зөвлөлийн гол ажил нь Европ, Америкийн хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэх, Туркийг хөрөнгө оруулалтын гол бүс болгох. Ийм том амбицтай ажилладаг зөвлөл. За тэгээд Хятад, Япон, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг хөгжилтэй улсууд бултаараа гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэж босч ирсэн. Гэтэл манайд эсрэгээрээ, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг гацаадаг, хөөж гаргадаг тогтворгүй бодлоготой явж ирсэн учраас гадаад өр зээлдээ баригдчихаад байна л даа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт сайтай орнуудад гаднаас өр зээл авах шаардлага бараг гардаггүй. Ер нь аливаа улсад зохистой харьцаа гэж бий.Гадаадын шууд хөрөнгө оруулалт их, гадаадаас авч буй зээл нь бага байх ёстой байдаг юм. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсын тухайд яг энэ арга замыг барьж хөгжсөн.

Гэтэл манайх гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоогоод гадаадын зээл тусламжаар амь зогоож яваа. Манайх шиг ийм замаар яваа улс гэвэл та аль орнуудыг онцлох вэ?

-Венесуэл, Аргентин л байна даа. Манай улсын гадаадын зээл тусламжийн хэмжээ асар өссөнийг та сайн мэдэж байгаа.Бид уг нь ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Оюу толгой, Таван толгой шиг төслүүдтэй болно, хөрөнгө оруулалтыг татна гэсэн том амлалт өгсөн.Харамсалтай нь амласан хэлсэндээ хүрсэнгүй л дээ. Эдийн засгийнхаа бараг 80 хувьтай тэнцэх Засгийн газрын гадаад өртэй сууж байна.

Энэ замаас гарах ямар арга байна?

-Казахстан, Чилийн жишээ байна шүү дээ. Өөрсдөө эрсдлээ даая гээд хүрээд ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засагт нь эзлэх хувь хэмжээ энэ улсуудад их өндөр байдаг.Энэ бол эдийн засгийн тогтвортой хөгжлийн хамгийн чухал зарчим.Харамсалтай нь энэ алтан зарчим манайд алдагдаад их удаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн өнөөгийн орчин яг ямархуу байна, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчинтой улс болохын тулд ямар өөрчлөлт шийдлүүд хэрэгтэй байна вэ?

-Өнөөдрийн тухайд гээд харвал хөрөнгө оруулалтын тухай хууль шаардлага хангахгүй байгаа. Хөрөнгө оруулалтыг урих, татах, хамгаалах ажлыг хэн хийх нь ойлгомжгүй байна. Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл гэж байгуулсан ч Г.Занданшатарын үед алдаг оног ажиллачихаад эргээд ажиллахаа байсан.Гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчдад маш ойлгомжгүй байдал үүсчихсэн байгаа. Маш олон тусгай зөвшөөрөл шаардлагатай, тэр зөвшөөрлүүдийнх нь хугацаа хурдан дуусдаг, жил бүр сунгуулдаг, тэгж сунгуулахад агентлаг, яамд өөр өөр байр суурь илэрхийлдэг. Ялангуяа боловсруулах үйлдвэрүүдэд маш хүнд нөхцөл үүсчихсэн.Тодруулж хэлбэл, нэг яам нь НӨАТ төлөх ёстой гэдэг, нөгөөх нь НӨАТ төлөх ёсгүй гэдэг. Нэг яам нь мэргэжлийн хяналтынхнаар гарын үсэг зуруул гэж шаарддаг, нөгөө яам нь зуруулах шаардлагагүй гэж үздэг. Мэргэжлийн хяналт нь яамнаас дутахгүй эрх мэдэлтэй болчихсон.Өөрөөр хэлбэл, хянадаг, шалгадаг, зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь хэт олон, төрийн байгууллагууд нь бие биенээ үгүйсгэдэг байдал хавтгайрчихсан.Ийм ойлгомжгүй орчин үүсчихсэн байгаа. Гэтэл богино хугацаанд хурдтай хөгжсөн орнууд гадаадын хөрөнгө оруулагчидтай нэг л цонхоор харилцдаг.

Уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр маш сайн түүхтэй, үлгэр загвар авмаар орнууд гэвэл ямар улс байна?

-Би хувьдаа Канадыг онцолно. Уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах маш сайн цогц бодлоготой. Ерөнхий сайдынхаа дэргэд тусгай бүтэцтэй. Тэрэнд нь байгаль орчин, татвар, онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд бүх байгууллагынх нь төлөөлөл багтдаг. Гадаадын хөрөнгө оруулагч нэг л хүнтэй харилцдаг.Зөвшөөрлөө өгсөн л бол эргэж буцсан бодлого, шийдвэр гэсэн ойлголт байхгүй. Австрали байна. Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай нь яриад зөвшөөрлөө авчихсан хөрөнгө оруулагчтай хэн ч олон юм ярихгүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Наад захын жишээ гэхэд л Оюу толгой байна.Татварыг нь тогтворжуулаад өгчихсөн хэрнээ 2011 онд хуулиа өөрчлөнгүүтээ шинээр татвар авна гэчихсэн.Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ олон улсын гэрээ мөн биш эсэх дээр гурван яам нь гурван өөр юм яриад сууж байх жишээний. Жишээ нь, Сангийн яам биш гэж үздэг. Тэр утгаараа татварын хууль давж үйлчилнэ гэсэн байр суурь барьдаг. Гадаад харилцааны яам нь мөн гэдэг. Хууль зүйн яам бөөрөнхийлдөг. Олон улсын эрх зүйн чанартай баримт бичиг мөн гэсэн хариу өгдөг. Манай дарга нар зурагтаар ярихаараа “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол олон улсын гэрээ биш. Тийм учраас бид алаад өгнө” гэсэн утгатай мэдэгдэл хийдэг. Тэгсэн хэрнээ Засгийн газар нь олон улсын арбитрт хандчихсан яваа. Ингээд харахаар олон улсын гэрээ гэдгийг нь үйлдлээрээ хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм. Үнэхээр олон улсын гэрээ биш гэж үзэж байгаа юм бол яахаараа ч олон улсын арбитрт ханддаг юм. УИХ-ын гишүүд нь хүртэл олон улсын арбитрт хандаач гэж шахаж шаарддаг, зарим нь бүр өлсгөлөн зарлаж байгаад шахдаг. Тэгэхээр ийм ойлгомжгүй хууль эрх зүйн орчинд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэцүү.

Засгийн газрын өгсөн тусгай зөвшөөрлийг шүүх нь хэн нэг иргэний гомдлын дагуу хэлэлцээд цуцалчихдаг орчинд хөрөнгө оруулалт татахад хэцүү л дээ. Ураны лицензүүдийг лав эхнээсээ цуцлаад эхэлчихсэн байх жишээний…?

-Санал нэг байна. Уг нь ирэх жилүүдэд ханш нь тогтвортой өсөх, ирээдүйтэй бүтээгдэхүүн бол уран, газрын ховор элемент. Одоо супер цикл эхэллээ гэж ярьж байна.Өнгөрсөн зуунд дөрвөн том супер цикл тохиосон юм. Эхний супер циклийн үед монголчууд “Монголор” гээд алтны уурхай ажиллуулаад овоо ахиу мөнгөтэй болсон.Оросуудын сонирхлыг татсан.Богд хаан Өвөр Монголыг чөлөөлөх дайн хүртэл хийж байсан түүхтэй. Хоёр дахь супер циклийн үед төмөр замтай болоод авсан. Зөвхөн ах, дүүгийн найрамдал гэсэн шалтгаанаар төмөр замтай болоогүй л дээ. Оросууд, ер нь хэн ч байсан ашиггүй бол ямар нэгэн улсад том бүтээн байгуулалт өрнүүлэхгүй.Оросууд тухайн үед өөрсдөө маш ядуу байсан. Төмөр зам тавих нь ашигтай байсан учраас л тэр том бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд дэм үзүүлсэн. Гурав дахь супер циклийн үеэр монголчууд Эрдэнэт үйлдвэрээ босгоод авсан. Дөрөв дэх супер циклийн үед Таван толгой, Оюу толгойгоо өндийлгөсөн.Одоо тав дахь супер цикл эхэлчихлээ. Харамсалтай нь бид энэ супер циклийг ашиглаж чадахгүй байдалд орчихлоо. Гол шалтгаан нь хэрээс хэтэрсэн улс төрийн популизм.

Тав дахь супер циклийг ашиглахын тулд яах ёстой юм бол?

-Хууль эрх зүйн орчноо тодорхой, ойлгомжтой болгоод Монголын төр бүх түвшиндээ яг тэр хуулийнхаа талд зогсох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд байдал маш хэцүү байгаа.Орон нутаг гэхэд л тусдаа Засгийн газар шиг болчихсон.Хөрөнгө оруулагчдыг очихоор элдэв юм нэхэж, шантаажлаад хөөгөөд явуулчихдаг.Засгийн газраас зөвшөөрөл авчихаад байхад л орон нутаг нь Засгийн газраасаа том нөлөөтэй ажилладаг. Засгийн газар нь гаргасан шийдвэрээ хамгаалж чаддаггүй. Орон нутаг нь зөвшөөрөл өгөхгүй болохоор салбарын сайд нь хөрөнгө оруулагчдаа хамгаалж чаддаггүй маш тодорхойгүй, үлбэгэр ийм орчинд хөрөнгө оруулалт орж ирэхгүй л дээ. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын хуулийг Үндсэн хуулиас дутахгүй хатуу хамгаалалттай болгож, тэр хуулиа бүх түвшинд ижил өнгөөр харж, ягштал мөрддөг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг агшсан, бодит орлого буурсан, залуус гадагш зугтсан хэвээр байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Булган ундрага”, “Мерекс”-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 666,451,691.98 төгрөгийн үнийн дүнтэй 8.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Булган ундрага” (BUN+14.93%) болон “Мерекс” ХК (MRX+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ариг гал” (EER-15.00%) болон “Сонсголон бармат” ХК (SSG-14.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 58,269 нэгж эрхийг нийт 14.7 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 102,000 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.02 хувиар буурч, 33720.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,921,529,836.73 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Тяньжинд импортын барааны 4000 чингэлэг гацжээ

Ковид19-ийн улмаас Тяньжины худалдааны боомтод өнгөрсөн сарын 31-ний байдлаар Монгол Улсын импортын барааны 4000 чингэлэг 40-45 хоног сул зогсож байгаа талаар “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны байдлаар Тяньжин боомтын үндсэн хоёр терминал чингэлэг хүлээн авах боломжгүй байдалтай болжээ. Түүнчлэн боомтод олон хоног ачаа бараа гацаж байгаагаас олон эрсдэл үүсэж байгаа талаар холбогдох байгууллага мэдээлсэн юм. Тодруулбал,

  • Хэрэглэгчид ачаа бараа авах хугацаа хойшлох,
  • Хүнсний барааны хадгалалтын хугацаа дуусах, бараа бүтээгдэхүүн хаягдах,
  • Онцгой татварын шатлалын хязгаарлалттай, үйлдвэрлэсэн огноо бүхий хуучин автомашинуудын татвар хураамж импортлогчийн анх тооцоолсноос их болж буй учир уг ачааг авахаас татгалзах, гааль дээр орхих,
  • Улирлын чанартай бараа бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа дуусах зэрэг цөөнгүй эрсдэл бий болж байгаа аж.

Мөн БНХАУ-ын далайн тээвэрлэгч “Cosco Shipping Lines CO.,LTD” компани нөхцөл байдлаас үүдэн өөрийн эзэмшлийн чингэлгийн түрээсийн зардлаа өсгөх, боомт дээрх сул зогсолтоос төлбөр авах, ашиглалтын үнэгүй хугацааг багасгах зэргээ өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж, тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13.764 иргэнд олгожээ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо.

Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог.
Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9, репо санхүүжилттэй зээл 23.6, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41 хувь гэсэн үг юм. Зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт өглөө.
Ерөнхий сайд нийслэл хотод ажилласантай холбогдуулан:
– Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх
– Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах
– БГД-ийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болголоо.
Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэгжихэд бэлэн болсон ураны төслүүд эхнээсээ лицензээ хураалгаж эхэлжээ

Супер цикл эхэлсэн гэж шинжээчид ам уралдуулж байгаа энэ үед ураны зах зээл ч өнгөтэй байна. 20-25 ам.доллар дээр олон жил тогтсон ураны үнэ дэлхийн зах зээл дээр 30-40 ам.долларт хэлбэлзэж эхэлжээ. Ураны үнэ ойрын долоо, найман жилдээ өснө гэсэн таамаг давтамжтай дуулдаж буйг онцолъё. 2010, 2011 оны супер циклийн үед ураны ханш 120-130 ам.долларт хүрч цойлж байсан юм. Манай улсын хувьд 65-66 мянган тонн ураны нөөцтэй гэсэн таамаг тооцоо дуулдаг. Энэ хэмжээ хоёроос гурав дахин өсөх боломжтой гэх тооцоог мэргэжлийнхэн хэлдэг. Яг одоогийн байдлаар гурван компанийн төсөл хэрэгжихэд бэлэн болсон ч иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхны эсэргүүцэл гэсэн ганц шалтгаанаар гацсаар өнөөг хүрээд буй.Ураны төсөлд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид эхнээсээ лицензээ хураалгаад эхэлчихэж. Нүүрс, зэсээс гадна газрын ховор элемент, ураны салбараа хөдөлгөж чадвал экспортын хоёр том суваг нээгдэнэ гэж эдийн засагчид онцолж байна.

Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай төслүүд гацсаар байна

Ураны салбар 2009-2013 онд ид цэцэглэж байв. “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг аваргууд хөрөнгө оруулж байсан тэр цагт ураны хайгуулд жилд хорь, гучаад сая ам.долларын ажил хийгдэж байжээ. Хайгуулын зуу орчим лиценз байсан тоо дуулддаг. Ураны салбарт хөрөнгө оруулсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид эцэстээ Монголыг орхих шийдвэр гаргасаар олон жил өнгөрч байна.Сүүлийн тод жишээ гэхэд л Канадын “Хан ресурс”. Лицензээ хураалгасан тус компани арбитрт хандаж, арбитрийн шүүх Монголын Засгийн газрыг 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасныг уншигчид санаж байгаа байх. Сүүлдээ төсвөөс 70 сая ам.доллар гаргаж Канадын компанид өгснөөр маргаан дуусч байв. Яг нарийндаа Канадын компани 20 сая хүрэхгүй ам.долларын хөрөнгө л оруулсан, Засгийн газрын буруу шийдвэрээс болж төсвийн өчнөөн тэрбум төгрөг гадны компанид очсон гэх яриа хөөрөө ч ураны салбарынхан дунд өрнөдөг.

Өнөөдрийн тухайд ураны салбарт гуравхан компани л торойж үлджээ.Тэд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй.Ашиглалтад бэлтгэгдсэн хоёр, гурван газар байгаа аж. Нэг нь Францын хөрөнгө оруулалттай “Бадрах энержи” (Хуучнаар “Арева”), нөгөө нь Чехийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан”, гурав дахь нь урд хөршийн хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз”. Гэхдээ энэ төслүүд 2010, 2011 оны байдлаасаа ахиж гавьсан юмгүй таг гацчихаад байна.Иргэний хөдөлгөөнийхөн гурван толгойтой тугал төрлөө гэх төдийхөн шалтгаар төслүүдийг цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацаасаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн.

“Бадрах энержи”-гийн хувьд “Эрдэнэс Монгол” ХХК, Францын Орано Майнинг-ийн хамтарсан компани.Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байгаа. Компанийн зүгээс Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын байгууламжийн барилгын ажлаа хийсэн.Тодруулж хэлбэл, туршилтын үйлдвэрээ барьчихсан. Онцолж хэлэхэд, Зөөвч-Овоо ордын батлагдсан нөөцийн хэмжээ 93291 тонн болж өсөөд буй. Ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирсэн төсөл. Дашрамд дурдахад, “Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Мон атом” тус компанийн 34 хувийг эзэмшдэг. “Бадрах энержи”-гийн хувьд мөн л гаж хөгжилтэй хурга, ишиг ярьж дайрдаг иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлээс болж төслөө урагшлуулж ажил болгож чадахгүй өнөөг хүрээд буй. Дорноговьд ашиглалтын гурван лицензтэй, Сүхбаатар зэрэг аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ч иргэний хөдөлгөөний эсэргүүцлээс болоод нэмэлт хайгуулын ажлууд нь тийм ч ахицтай биш байгаа. Туршилтын үйлдвэр барьчихсан хэрнээ гурав дахь жилдээ судалгаа хийх гээд чадахгүй яваа.Өдгөө УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг Дорноговийн Засаг дарга байхдаа Францын хөрөнгө оруулалттай энэ төслийг гацаахад том нөлөөтэй байсан, тэрнийхээ шанд сонгуульд нэр дэвшиж гишүүн болсон гэх явган яриа дуулддаг.

“Гурвансайхан”-ы чехүүд“Хан ресурс”-ын араас арбитрт хандаж магадгүй нь

Ураны салбартаа дэлхийд гэж яригддаг “Денисен майнз” 2015 онд Чехийн “Ураниум индастри” компанид лицензээ зарчихаад Монголыг орхиж байв. Тэр цагаас хойш “Гурвансайхан” компанийн төслүүдэд сүрхий ахиц гаралгүй өнөөг хүрч.Одоогоор хайгуулын ажлын үр дүнгээ шинэчлэх чигийн ажил хийж яваа.Энэ компанид Засгийн газар буюу “Мон атом” хувь эзэмшдэг, ашиглалтын лицензээ авч, төслийн ажил жигдэрвэл 34 хүртэлх хувь эзэмших боломжтой. 34 хувиа цаг алдалгүй өгөх сонирхол хөрөнгө оруулагч талд байдаг ч “Мон-Атом”-ын зүгээс элдэв тайлбар хэлж хойш суудаг тал анзаарагддаг. “Гурван сайхан” компани жилд тэрбум 200 сая төгрөгийн зардалтай ажилладаг, 700-800 сая төгрөг нь лицензийн төлбөр, элдэв татваруудад зарцуулдаг гэсэн мэдээлэл албаны мэдээн дээр нь дурайж байна. Тус компани “Бадрах энержи” шиг иргэний нийгэм, шүүх цагдаагийн асуудалтай олон жил болж.Саяхан нэг лицензийг нь хураах шийдвэрийг шүүхээс гаргачихаж. “Их, бага шарга” гэдэг ТББ шүүхэд хандсан аж. Улсын дээд шүүхийн Ц.Цогтын даргалсан, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа нарын шүүгчид оролцсон хурлаас лицензийг нь цуцлах шийдвэр гарчээ. Хөндлөнгийн шинжээч оролцуулаагүй, зөвхөн нэг талын мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гарсан гэх мэт гомдлыг хөрөнгө оруулагчид нь хэлж байгаа аж. Лицензийг нь алдсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум дахь Өлзийт хэмээх шинэ орддоо арав гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.

Уг ордын уран маш бага агуулгатай учраас Канад, Австрали, Казахстанд өргөн хэрэглэдэг цооногоор хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар шингээж гаргаж авах технологи нэвтрүүлэх гэж байж. Дэлхийд жилд 60 мянган тонн уран олборлодгийн тал хувийг нь ийм аргаар олборлодог юм байна. Өлзийтийн орд 3000 тонн ураны нөөцтэй, илүү сайн судалбал нөөц нь гурваас дөрөв дахин өсөх магадлалтай хэмээн геологичид онцолдог. Үлдсэн гурван орд нь Дундговийн Өлзийт, Гурвансайхан, Өндөршил сумдад бий. Энэ гурван орд дээр ч лицензийг нь цуцлуулах асуудал аль хэдийнэ шүүх дээр оччихож. Өлзийт ордынх нь лицензийг цуцлуулсан ТББ шүүхэд ханджээ. Шүүх хурал болоод лицензийг нь хураачихвал гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид болох чехүүд Канадын “Хан ресурс” шиг олон улсын арбитрын шүүхэд хандаж мэдэх нь.Төгсгөлд нь онцлоход, манай улсын ураны ордуудын нөөцийг тандвал жилд 1000 тоннын олборлолт хийлээ гэхэд 100 жил, 2000 тонныг олборловол 60 жилийн турш хэрэгжих боломжтой юм билээ.

Хятадын хөрөнгө оруулагчид ашиглалтын лицензээ хүлээсээр байна

Хэрэгжих боломжтой дараагийн төсөл нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Тодруулж хэлбэл, Мардайн хуучин орд дээрх Гурванбулагийн үндсэн ордыг Хятадын Цөмийн энергийн корпораци эзэмшдэг. Хайгуулыг нь хийж дууссаны дараа Хятадын тал биржийн системээр худалдаж авчээ. Өмнөх компаниуд шиг ашиглалтын лицензээ авч чадахгүй яваа аж. Ашиглалтын лицензийг нь дэмжиж өгүүлэх учиртай газар нь “Мон атом” компани. Тус компанийн хувьд ураны салбарын хэрэгжихэд бэлэн болсон төслүүдэд ашиглалтын лиценз өгүүлэх тал дээр яагаад ч юм хойрго хандаад байдаг гэж ураны салбарынхан уул уурхайн чигийн хурал, арга хэмжээ, хэлэлцүүлгүүдэд онцолж ярих нь чих дэлсдэг. Хятадын цөмийн энергийн корпораци буюу CNN-ийн хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз” компани лицензээ авахаар шүүхэд хандаад байгаа юм. Монголын шүүх тус компанийн лицензийг өгөхгүй гэсэн утгатай шийдвэр гаргавал урд хөршийн хөрөнгө оруулагч мөн л арбитрт хандах байх гэж учир мэдэх улс ярьж байна. “Мон атом“-ын хувьд жилд тэрбум 200 сая төгрөгийн зардалтай хэрнээ төсөвт нэг ч төгрөг оруулдаггүй. Харин захаасаа лицензээ хураалгаж эхэлсэн гадны хөрөнгө оруулагчдын компаниудын тухайд таг гацсан төсөлтэй хэрнээ төсөвт жил бүр хэдэн тэрбумаар нь татвар, хураамж төлсөөр арав гаруй жилийг ардаа үджээ.

Ураны төслүүдийн хэрэгжилтийг тоймлоод хэлэхэд бид хоёр сонголтын өмнө улсаараа ирчихэж. Эхний сонголт нь ураны хэд хэдэн компанийг “Хан ресурс”-ийн замаар оруулж төсвөөс өчнөөн сая ам.доллар гаргаж гадаадын хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр болгож өгөөд өөрсдөө хохироод үлдэх.Дараагийн сонголт нь хэрэгжихэд бэлэн болсон цөөхөн хэдхэн төслүүдээ хөдөлгөж экспортын шинэ том сувагтай болж Казахстан шиг ураны экспортоосоо жилд олон сая доллар олсон шигээ хөгжих. Уранаа нүүрс зэсийн дараах экспортын том суваг болгоё гэвэл дурын нэг иргэний үндэслэл муутай гомдлыг сонсоод Засгийн газрын олгосон зөвшөөрөл буюу лицензийг цуцалчихдаг шүүхтэй баймаагүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Ажлыг байрыг дэмжих зээлийг 1 их наядаар нэмэгдүүлж 3 их наядад хүргэх боломжтой” гэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.

Ажлыг байрыг дэмжих, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг танилцуулсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 3 хувийн хүүтэй зээлийг 16193 зээлдэгч аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байр хадгалж үлджээ.

Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцлов.

Мөн Засгийн газраас иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулдаг хөтөлбөртэй болох Үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэл өгчээ. Эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийг цахим хэлбэрт оруулж, иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн дата бааз суурь үүсгэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. Ийм шийдвэр гаргаж байгаагийн учир нь иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны нөлөөтэй нас барах шалтгаан байдаг аж. 2010 оны байдлаар 4466 хавдарын тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 6702 тохиолдол болж өсчээ. Хавдартай иргэдийн 73 хувь нь 2,3 дугаар шатанд орсон хойноо эмнэлэгт ханддаг байна.

Засгийн газраас мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өглөө. Нэг албан байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах гэх мэт бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэл барих аж. Энэ хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаярыг томилсон байна. Тэрбээр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийг эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх бодлого боловсруулах чиглэл өгөв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 6 дүүрэгт ажилласан ажлын тайланг сонссон байна. Нийслэлд автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр зарим уулзварт нүхэн гарц хийх ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өгчээ. Мөн Бэлх, Сэлхийн далан байгуулах ажлыг 2022 улсын төсөвт суулгахаар болсон байна. Үүнээс гадна Баянгол дүүрэгт Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон тохижуулах талаар Засгийн газрын гишүүд санал нэгджээ.

20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.