Categories
мэдээ эдийн-засаг

Хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг хэсэгчлэн сунгалаа

Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт Covid-19 цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад шаардлагатай арга хэмжээний хүрээнд банкууд нийт 181.783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулаад байна. Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээжээ.

Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг /90 хоног болгосон байгааг/ 2021 оны наймдугаар сараас 75 хоног, 2021 оны аравдугаар сараас 60 хоног, 2021 оны арванхоёрдугаар сараас 45 хоног, 2022 оны хоёрдугаар сараас 30 хоног, 2022 оны дөрөвдүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулсан байна.

Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус, тус хэвийн горимд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газрын тосны үнэ өссөөр байна

Өчигдөр буюу долдугаар сарын 2-нд шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн. Бензиний түүхий эд болох газрын тосны үнээс энэ нь шууд хамааралтай байдаг. Манай улсын хувьд газрын тосыг 100 хувь гаднын улсаас импортоор авдаг.

Дэлхийн зах зээл дээр үнэ нь огцом өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 30-ны өдөр “WTI Crude” газрын тосны үнэ баррель тутамдаа 35.79 ам.доллар байсан бол өнөөдөр /2021.07.02/ 75.16 ам.доллар болж өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Говь”, “Хөх ган” ХК-ийн ханш хамгийн их өсчээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 31 ХК-ийн 394,108 ширхэг хувьцааг 98.5 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь” (GOV+3.06%) болон “Хөх ган” ХК (HGN+2.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “УБ-БҮК” (BUK-11.49%) болон “Шарын гол” ХК (SHG-11.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 23,429 нэгж эрхийг 6.3 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 92 мянган төгрөгөөр, багцын арилжаанд 3.4 сая ширхэг үнэт цаасыг 683.8 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. ТOП-20 индекс 0.26 хувиар буурч, 33422.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,786,688,239,670.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

ХасБанк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ

Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-ын дагуу системийн нөлөө бүхий банкууд 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд төлөвлөгөөгөө хүргүүлж, хянуулах үүрэгтэй билээ.

Үүний дагуу 2021 оны 6 сарын 29-ний өдөр ХасБанкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөгөө Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан нарт тус тус хүлээлгэн өглөө.

Тус төлөвлөгөөг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ХасБанк ХХК болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК (ХасБанкны 100% хувьцаа эзэмшигч толгой компани)-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэн батласан бөгөөд энэхүү төлөвлөгөөнд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуулийн хугацаанд нь дагаж мөрдөх зорилгоор ХасБанкийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн зохион байгуулах урьдчилсан арга хэмжээнүүдийг агуулсан талаар ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав мэдэгдлээ.

Сайн засаглал, тогтвортой өсөлт, эрсдэлийн удирдлагын зөв бодлогоороо Монголын банк санхүүгийн салбарт жишиг тогтоож буй ХасБанк нь нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих, олон нийтэд хувьцаагаа нээлттэй гаргах ажлаа ийнхүү албан ёсоор эхлүүлж, бэлтгэл ажилдаа орлоо.

ХасБанкны тухай

Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ХасБанк Монгол орны дөрвөн зүг, найман зовхист байрлах 80 гаруй салбар нэгж, 1400 гаруй мэргэшсэн ажилтан, 5000 гаруй мерчант, цахим сувгуудаараа дамжуулан 1 сая гаруй иргэн, ААН-үүдэд банкны үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

ХасБанк нь ийнхүү түүхэн 20 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллага, сангуудаас нийт 1.5 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, бичил болон жижиг, дунд бизнесийг хөгжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн Монголын улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Мөн МХАҮТ-с тодруулдаг Монгол Улсын 100-ТОП аж ахуй нэгж, Монголын татварын албанаас тодруулдаг шилдэг татвар төлөгч зэрэг нэр хүндтэй жагсаалтад тасралтгүй багтсаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Ж.Дэлгэрсайхан: Цар тахалтай холбоотой эдийн засгийн хязгаарлалт инфляцын өсөлтөд ташуур өгч байна


Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргачихлаа. Энэ хэр зөв шийдэл гэж та харж байна вэ?

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд яалт ч үгүй гарах ёстой шийдэл гэж би хувьдаа үзэж байна.

Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдал маш доройтсон. Ийм үед УИХ, Засгийн газар, Монголбанкны оролцоотой хэрэгжиж байгаа 10 их наядын хөтөлбөр эдийн засгийг сэргээх, уналтаас хамгаалах арга хэрэгсэл болж яваа. Яг ийм онцлогтой цаг үед бодлогын хүүг өсгөх боломж бага л даа. Энэ хөтөлбөрийн гол тулгуур нь мөнгөний захаар дамжуулж буюу төсвөөр бус мөнгөний зах зээлийг ашиглаж санхүүгийн салбараар дамжиж эдийн засгийг дэмжих гээд байгаа юм. Энэ тохиолдолд бодлогын хүүг өсгөх боломж хязгаарлагдмал байгаа.

-Бодлогын хүүг бууруулах боломж бий эсэх дээр байр сууриа хэлээч?

-Бодлогын хүүг бууруулах боломж бага. Шалтгаан нь мөн л эдийн засаг. Эдийн засаг хүнд, тогтворгүй ийм үед бодлогын хүү зургаан хувь байгаа нь хамгийн боломжийн доод түвшин. Үүнээс цаашаа бодлогын орон зай байхгүй. Тийм учраас өнөөдрийн гаргасан шийдвэр цагаа олсон, орчиндоо тохирсон гэж харж байна.

-Инфляцын өсөлт анхаарал татаж байна л даа. Цаашид ч өсөх нь тодорхой болчихлоо. Инфляц өсөж байгаа гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Сөрөг байгаа хүчин зүйлийн нэг нь инфляц мөн л дөө. Нийлүүлэлтийн шинж чанартайгаар нэлээд өсөж байгаа. Нийлүүлэлтийн талаасаа гадаад худалдааны нөхцөл байдал зэргээс хамаарч цар тахалтай холбоотой эдийн засгийн хязгаарлалт инфляцын өсөлтөд ташуур өгч байна.

-Төв банк инфляцын өсөлтийг хазаарлаж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хангалтгүй ажиллаад байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанкны үндсэн зорилго бол инфляцад анхаарч, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэх учиртай. Гэхдээ өнөөдрийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг харвал төв банкны хамгийн том зорилго нь цар тахлын нөхцөл байдалтай хамаатай эрсдэлийг анхаарч, хяналтдаа оруулах байна л даа. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа унагахгүй байх, эдийн засгаа хурдан сэргээх асуудал илүү чухалд тавигдаж байна.

Тэр утгаараа төв банк сая эдийн засгийг хамгаалах гэсэн бодлогын сонголт хийчих шиг боллоо.

-Тяньжин дээр бараа, бүтээгдэхүүн гацчихаад байгаа нь инфляц ирэх саруудад өснө гэсэн том дохио байх, тийм үү. Та түрүүн бас инфляцын өсөлтийн шалтгааныг нийлүүлэлтээс хамаарсан гэж онцоллоо…?

-Тээврийн нөхцөл байдал маш хүнд болчихлоо. Тээврийн үнэ өснө гэдэг маш том сөрөг дохио. Тээвэрлэлт удааширна гэдэг хүнд дарамт.

Хоёрдугаарт, дотооддоо эдийн засаг маань бүрэн чөлөөтэй болчихоогүй байгаа нь Монголын хувьд аливаа юмны үнэ, эдийн засгийн өсөлтөд хязгаарлагдмал нөхцөл байдлыг бий болгочихлоо гэж хараад байна л даа. Эдийн засгийн тоонуудаас харахад гадаад худалдааны нөхцөл гайгүй байгаа мэт боловч гуравдугаар сарын сүүлээс хүндрэл сонсогдож эхэлсэн. Гэтэл тав, зургаадугаар сард ч нөхцөл дээрдсэнгүй. Импортын бараа бүтээгдэхүүн орж ирэх цаг хугацаа удааширсан хэвээр байна.

-Иргэдийн хувьд хажуугийнхаа дэлгүүр ороход л импортын барааны үнийн өсөлттэй нүүр тулах болсон.

-Тийм байдалтай нүүр тулчихлаа л даа, улсаараа. Замын-Үүдийн хилийн нэвтрүүлэх байдлыг сайжруулах гэх мэт гадаад худалдааны чиглэлд хийх зүйл өчнөөн байх шиг. Далайд гарцгүй зарим улсын тухайд Тяньжин дээр хүндрэл үүсээд байгаа. Тяньжин дахь гацааг дипломат аргаар шийдэх гэх мэт өчнөөн шийдэл хэрэгтэй байна.

Ер нь энэ бүхний уг шалтгаан биднээс эхтэй л дээ. Дотооддоо цар тахалтай маш муу тэмцэж байна. Улсын онцгой комисс үнэхээр муу ажиллаж байна. Өмнө нь дажгүй ажиллаад явсан шиг харагддаг. Сүүлийн үед яаж ажиллаад байгаа нь тодорхой биш болчихлоо.

-Юанийн ханшийг бид биш, урд хөрш зүгээс мэддэг боллоо, хамаг хөзөр нөгөө талд байна гэх мэт хардлага дуулдах юм. Юанийн ханшийн өсөлтийн гол шалтгаан нь юу бол. Юанийн своп хэлцэл дээр бодлоо хуваалцаач?

-Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа нь үнэн. Голлох валют болох долларын ханш тогтвортой байна. Евро, юань дээр бид жилийн дүнгээрээ тавдугаар сарын байдлаар арав гаруй хувийн өсөлттэй яваа. Өмнөд хөршөөс импортын хамааралтай аж төрдөг маань эдийн засагт, тэр дундаа инфляцад дарамт болох магадлалтай.

Урт хугацаандаа гэж харвал юанийн ханшийг тогтворжуулж, юанийн ханш дээр хяналттай байх үндсэн арга бол ерөөсөө л гадаад худалдаан дээр урт хугацааны нөхцөлийг л сайжруулахад анхаарах ёстой. Манай хувьд экспортын дийлэнх бараагаа БНХАУ руу гаргаж байгаа. Импортын 30 гаруй хувийн хамааралтай байдаг. Импорт, экспортын буюу гадаад худалдааны нөхцөлөө сайжруулах нь л юанийн ханшид урт хугацаанд эергээр нөлөөлөх боломжит гол арга байх. Харин своп хэлцлийн хувьд хоёр тэрбум ам.доллар орчмын хэлцэл байгаа болов уу.

Своп хэлцлийн тухайд валютын урсгалыг эерэг талд нь дэмжиж чадаж байгаа үйлдэл. Своп хэлцлийн хугацаа дуусах, своп хэлцлээсээ буцах цаг үед валютын ханш дээр тодорхой хэмжээнд ирэх дарамтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал үүсэж таарах байх.

-Төгрөгийн ханшийн сулрал ирэх намар хүчтэй мэдрэгдэнэ гэсэн таамгийг зарим эдийн засагч хэлж байна. 2016 оных шиг огцом сулралт ажиглагдах болов уу. Та ямар байр суурьтай байна вэ?

-Валютын ханш дээр Монголбанк бол эерэг байр суурьтай байгаа. Эдийн засгийн ийм нөхцөл байдал үргэлжилж байгаа үед валютын ханш дээр тийм том эрсдэл үүсэхгүй болов уу.

Валютын ханш дээр 2016 оныхтой зүйрлэхүйц хэмжээний том дарамт ирэх магадлал бага гэж харж байна. Хэд хэдэн шалтгаан бий. 2016 онд Монголын эдийн засаг жижигхэн байсан. Жижигхэн байсан тэр эдийн засагт ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт маш олон сувгаар хэт их мөнгөний нийлүүлэлт хийсэн юм. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт болон бусад нөхцөл байдал харьцангуй суларч эхэлж байсан л даа.

Эдийн засгийн тоонуудаас харахад гадаад худалдааны нөхцөл гайгүй байгаа мэт боловч гуравдугаар сарын сүүлээс хүндрэл сонсогдож эхэлсэн. Гэтэл тав, зургаадугаар сард ч нөхцөл дээрдсэнгүй.

Засгийн газар “Чингис” бонд гэж их мөнгө оруулж ирчихээд Монголбанканд даатгачихсан, төв банк нь сандрахдаа хэдэн зуун тэрбумаар нь арилжааны банкууд руу хадгаламж болгоод зарчихсан, ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрт их хэмжээний мөнгө гаргачихсан байсан.

Тухайн үеийн эдийн засагтайгаа харьцуулахад асар их хэмжээний мөнгийг гаргасан л даа. Гэтэл өнөөдрийн эдийн засаг өөр. Маш суларсан, мөнгөний эрэлт ихтэй эдийн засаг байгаа. Ийм үед арван их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал өөр гэсэн үг. Арван их наяд гэсэн том тоо дуулдаж байгаа ч яг гарсан хэмжээ нь ипотекийн зээлтэйгээ нийлээд хоёр их наяд орчим. Таван хувиар агшчихсан яваа эдийн засагт тийм хүчтэй мөнгөний нийлүүлэлт болж чадахгүй.

Хоёрдугаарт, валютын ханш дээр байгаа эерэг хүчин зүйл гэвэл эдийн засаг үнэхээр саарсан, эдийн засаг эрчимжиж, хэвийн байдалдаа орох үе нь хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй үед валютын ханш дээр валютын эргэлтийн том дарамт ойрын хугацаанд ирэх магадлал бага. Нөгөө талдаа валютын нөөц харьцангуй боломжийн байгаа. Өөр нэг хүчин зүйл бий. Бид дараа жил “Чингис” бондыг дарах ёстой.

Бондын асуудлаа шийдэхийн тулд өрийг өрөөр дарах хувилбарыг хэрэгжүүлэх байх. Үүнээс гадна энэ жилийн төсвийн алдагдал болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад санхүүжилтийг ашиглах эрэлт Монголын төрд байгаа. Энэ мэт олон шалтгааны улмаас огцом савлагаатай ханшийн дарамт ирэхгүй болов уу.

Categories
мэдээ эдийн-засаг

“Вакцины эхний тунд хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөг олгоно” гэв

Сангийн яамнаас мэдээлэл хийх үеэр вакцинд хамрагдсан 12-15 насны хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал өгөх эсэх талаар

Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж “Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас шийдвэр гарган иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа.

Засгийн газрын тогтоолд иргэн бүрд гэж заасан учир вакцины эхний тунд хамрагдсан бол урамшуулалд хамрагдана. Дархлаажуулалттай зэрэгцээд энэ жилдээ үргэлжлээд явна гэсэн үг” хэмээн хариуллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Зарим төслийн хөрөнгө оруулалтыг хойшлуулна

2021 оны төсвийн тодотголд, хөрөнгө оруулалтын түвшинд хэмнэлт хийнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв.

Тодруулбал, гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй ажлын гүйцэтгэл удаашралтай, бэлтгэл ажил бүрэн биш төслүүдийн санхүүжилтийг бууруулж, хойшлуулах аж.

Үүнд 22 төслийг 94 тэрбум төгрөгөөр бууруулсан. Зөрүүлэн эрүүл мэндийн салбарт нэн тэргүүний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах болон эмнэлэг, лаборатори, хяналтын төвийн барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Төсвийн орлого 97.2 хувь, зарлага 84.5 хувьтай гарсан

Төсвийн тодотгол болон бондын талаар Сангийн яамнаас мэдээлэл хийж байна.

Сайд Б.Жавхлан зүүмээр холбогдож мэдээл өгч буй юм.

Тэрээр “Энэ онд эдийн засгийн өсөлт V хэлбэртэй ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт гэхдээ хангалттай биш байна. Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байна.

Инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2 хувь, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт. Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарлаа. “Оюу толгой”-гоос нэг их наядын орлого орж ирсэн.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг зарцуулна.

Төсвийн тодотголд баримтлах зарчим:

Гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй ажлын гүйцэтгэл удаашралтай, бэлтгэл ажил бүрэн биш төслүүдийн санхүүжилтийг бууруулж, хойшлуулах

Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмж худаллдан авах болон эмнэлэг, лаборатори, хяналтын төвийн барилгын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх юм” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Шинэ орон сууцны үнэ 1.2 хувиар нэмэгджээ

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн мэдээллээр энэ оны 5 дугаар сард шинэ орон сууцны үнэ нэг ам дөрвөлжин метр нь 2.6 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 1.2 хувиар өсчээ. Нийслэлийн ихэнх дүүрэгт шинэ орон сууцны үнэ өсөлттэй байна.

Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ ам.метр нь 3.8 сая төгрөгт хүрч өмнөх сараас 2.7 хувиар өсчээ. Бусад дүүрэгтэй харьцуулахад энэ нь хамгийн их дүнтэй гарчээ. Барилгын материалын үнэ нэмэгдсэн нь орон сууцны үнэ өсөхөд голлон нөлөөлжээ. Түүнчилэн ипотекийн зээлийн хүү 6 хувь болж буурсантай холбоотойгоор орон сууцны эрэлт нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Энэ оны эхний улирлын мэдээллээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2010 оны эцсээс 78.4 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 0.4, өмнөх улирлаас 0.2 хувиар хямдраад байсан юм. Тухайлбал:

  • Сонгинохайрхан дүүрэгт 3.6,
  • Чингэлтэй дүүрэгт 0.7,
  • Баянзүрх дүүрэгт 0.6 хувиар багассан.

Харин Хан-Уул дүүрэгт 1.3, Баянгол дүүрэгт 0.8, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувиар нэмэгдсэнийг ҮСХ мэдээлж байв. Орон сууцны үнэ энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас Сонгинохайрхан дүүрэгт 1.7, Баянзүрх дүүрэгт 0.5 хувиар хямдарсан бол Сүхбаатар дүүрэгт 0.6, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.2, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар өсчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацсан Монголын эдийн засаг

Зам тээврийн яамнаас хэд хоногийн өмнө Хятадын Тяньжин боомтод саатаад байсан импортын бараа бүтээгдэхүүний 3162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлгийг Замын-Үүд өртөөнд хүлээлгэж өгсөн тухай мэдээллээ. Ачаа тээврийн хурд хоёр дахин нэмэгдсэн гэж тодотгож байгаад мэдээлнэ лээ. Хурд нэмэгдэх сайн хэрэг л дээ. Гэхдээ алгаа ташиж баярлахаар мэдээ лав биш. Дахиад ч өчнөөн чингэлэг бий, яг хэзээ орж ирэхийг хэлэх албаныхан өнөөхөндөө алга. Иргэд сүүлийн гурав, дөрвөн сарын турш захиалсан бараагаа хүлээсээр суугаа. Хэрэглэдэг барааныхаа ихэнхийг гаднаас импортолдог манай улсын хувьд энэ гацалт үнийн өсөлтөөр илрээд эхэлчихсэн. Товчхондоо ковидоос болж орлогогүйдсэн иргэдийн халаасыг тэмтэрсэн гацалт болж байна, Тянжиньд. Ачаа барааны гацалтаас болж өмнө нь 1500 төгрөгөөр авдаг байсан гарын савангаа 2000 төгрөгөөр авсан шигээ аж төрж суугаагийн эхний том шалтгаан нь мэдээж цар тахал. Гэхдээ худалдааны нэгдсэн бодлогогүй, худалдаа арилжааны харилцаагаа 84 дүгээрт тавьсан төр засгийн буруу илүү жин дарна.

Тахлаас өмнө Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 8000-10000 юань байж. Гэтэл энэ сарын байдлаар Эрээн-Улаанбаатарын автомашины ачаа тээвэрлэлтийн үнэ 50000-60000 юань болоод тэнгэрт хадчихаж. Ачаа тээвэрлэлтийн үнийн энэ өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болж хувирна. Өөрөөр хэлбэл, бас л жирийн иргэдийн халаасыг тэмтэрнэ. Олон иргэд, бизнес эрхлэгчид ачаа бараагаа захиалж авч чадахгүй, захиалагчдадаа буцаалт хийж эхэлсэн тухай мэдээ ч чих дэлсэж байна. Эрээн-Замын-Үүд боомтоор өдөрт 200-250 машин орж ирдэг байсан цар тахлын өмнөх үеийг өнөөдөртэй харьцуулбал Монгол Улсын эдийн засагт сард таван сая юань, жилд хоёр тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хохирол учирч байгааг тогтоосон судалгаа ч харагдана лээ.

Орох ачаа нь овоорсон энэ дүр зургийн нөгөө талд гарах ачаа нь ч таг гацчихсан гашуун үнэнтэй улсаараа нүүр тулчихсан сууж байна, бид. Азийн Монгол гадагшаа доллараар арилжаалдаг тун цөөхөн бүтээгдэхүүнтэй. Нүүрс, зэс, ноолуур гэсхийгээд барагладаг. Нүүрсний экспорт таг гацсан дүр зурагтай байна. Таван толгойн Ухаа худагт олборлолт хийдэг “Энержи ресурс” компани наймдугаар сарын 1 хүртэл тэг зогсолт хийчихэж. Ухаа худагийн уурхай огт ажиллахгүй байгаа гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” ч ижил өнгөтэй байна. Олдог долларынхаа ихэнхийг нүүрснээс олдог манай улсын хувьд энэ бол маш таагүй мэдээ. Сонгуулиас болж алдагдал нь хэтээсээ талийчихсан төсвийн орлогыг нүүрсний экспортын тасалдал огцом хумих нь тодорхой болчихлоо. Зэсийн баяжмалын экспорт ч гавихгүй яваа сураг дуулдаж байна.

Товчхондоо гаднаас авдаг бараа нь боомт дээр гацаад дотооддоо барааны үнэ нь тэнгэрт хадчихсан, гадагшаа зардаг бүтээгдэхүүнийх нь экспорт Гашуунсухайт дээр таг гацаад олдог доллараа олж чадахгүй сууж байна даа, улсаараа. Экспорт ингэж гацсаны гайг бид ажил амьдрал буцалсан есдүгээр сараас мэдэрч эхэлнэ. Хамгийн том эрсдэл нь долларын ханшийн өсөлт. Н.Золжаргалаас Н.Баяртсайхан төв банкны ерөнхийлөгчийн тамгыг гардаж авдаг жилийн намар төгрөгийн ханш яаж өслөө, яг тэрэн шиг ногоон валютын ханш огцом чангарах нь тодорхой болчихсон. Төгрөг сулрах хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн дээрээ нэмэгдэнэ. Худалдааны нэгдсэн бодлогогүй төр засгийн хэнэггүйрхлээс болж доллар олох сувгаа хаалгачихсан сууж байгаа гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Монголын Засгийн газар тахлын үед зөв менежмэнт барьж, нэгдсэн бодлоготой ажиллаж чадаагүйн гайг өнөөдөр улсаараа үүрч байна. Гуравхан сая хүн амтай, сая гаруй нь нийслэлдээ, үлдсэн сая гаруй нь тархуу суурьшсан улсад ковидын тархалтыг нам хазаарлаж, иргэдээ вакцинд бүрэн хамруулах уг нь тэгж их толгой гашилгахаар ажил биш. Цар тахлын үед зөв тактиктай ажилласан бол өдөрт хэдэн мянгаар халдвар илэрч, хагас мянган хүн цаг бусаар амиа алдаж, эдийн засаг ингэтлээ туйлдахгүй байсан юм.

Яг ийм хэцүү цагт дотоодын бизнесээ хэр дэмжиж байна вэ гээд харахаар бас л хэцүү зураг харагддаг. Коронавирусийн ямар ч тохиолдол илрээгүй, сураг нь сонсогдсон үеэс л аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг барьж, үйл ажиллагааг нь зогсоосон алдаа Засгийн газарт бий. Шуудхан хэлэхэд, хувийн хэвшлийнхэн жил хагасын хугацаанд хөл хорионд байна. Өндөр хүүтэй зээлээр амь зуудаг, өчнөөн ажлын байр бий болгож олон хүнийг орлоготой аж төрүүлдэг компаниудын хувьд жил хагасын байтугай ганц, хоёр сарын хөл хорио ч өчнөөн хохирол дагуулдаг. Ресторан, кофе шопуудын саяхны эсэргүүцэл тэвчээрээ барсан аж ахуйн нэгжүүдийн аргаа барахдаа хийсэн алхам л даа. Ресторанууд засгийн шийдвэрийг эсэргүүцэж үйлчилгээ үзүүлж эсэргүүцэл илэрхийлсэн тэр өдөр маш олон иргэн төр засгийн буруу бодлогын эсрэг шүгэл үлээсэн хоолны газруудын үүдэнд дугаар үүсгэнэ лээ. Мэдээж тэд өлссөндөө хоолонд орох гэж ингэж дугаарлаагүй. Яг үнэндээ иргэд, компаниудаа бараг хоёр жил таг хорьж орлогогүйдүүлсэн төрийн харалган шийдвэрийг эсэргүүцэж “жагссан” юм. Олны эсэргүүцэл хүчтэй байсан учраас хотын дарга “За яахав, та нарыг ажиллуулъя” гэж дуугарсан ч хариуцлагын гэрээ гэх хэцүү агуулгатай шийдвэр гаргаж олны дургүйцлийг өдөөгөөд байна. Үүдээ нээсэн ресторанаар үйлчлүүлсэн хүнээс халдвар илэрвэл хариуцлага хүлээлгэнэ гэсэн утгатай хөлдүү заалт нь хэчнээн аж ахуйн нэгжид төвөг чирэгдэл удахыг өнөөхөндөө хэлэхэд эрт. Энэ мэтээр төр засгийн шийдвэр бүр компаниудын эсрэг чиглэсэн агуулгатай гарч байна.

Орох ачаа нь овоорч, гарах ачаа нь гацаж, хувийн хэвшил нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа эргэж харж ухаалаг бодлоготой ажиллахгүй бол ковид дууссаны дараа гадаад өр, төсвийн алдагдал, цойлсон инфляци, ханш нь навс унасан төгрөг, газар авсан ажилгүйдэл, дарангуйлал ханхалсан засаглалтай л сууж байх нь дээ, улсаараа.