Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 45.4 хувиар өсчээ

Монгол Улсын гадаад худалдааны эхний зургаан сарын статистик мэдээлэл гарчээ.

Тодруулбал, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 45,4 хувиар өссөн бол импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 32.6 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 850.2 сая амдолларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.3 дахин нэмэгджээ.

Харин нүүрсний экспорт 9,2 сая тоннд хүрч, 1,017.0 сая ам долларын орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 634.4 мян тонноор өссөн үзүүлэлт юм.

Мөн экспортын орлогын 70 хувийг бүрдүүлж байгаа зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн экспортын нийлбэр 2.8 тэрбум амдолларт хүрч өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам доллараар нэмэгджээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ эдийн-засаг

Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт гацаанаас гаржээ

Зургадугаар сарын эхнээс экспорт огцом буурч, 1900 ачаатай тээврийн хэрэгсэл хил гарч чадалгүй сар гаруй гацсан байсан төдийгүй Ханбогд сумын онцгой комиссын шийдвэрээр зургадугаар сарын 23 ны өдрөөс Цагаан хаданд хөл хорио тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлыг 14 хоногийн хугацаатайгаар зарласан.

Үүссэн нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын талаас нүүрсний таталтыг долдугаар сарын-6-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан юм.

Ийнхүү Гашуунсухайт боомтын нүүрсний экспортонд хүндрэл үүсч, тээврийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж олон мянган жолооч нар ажилгүй орлого болсон. Энэхүү хүндрэлийг даван туулах, нүүрсний экспортыг гацаанаас гаргаж, хэвийн үргэлжлүүлэхээр тээврийн 160 гаруй компаниуд нэгдэн “Монгол тээвэр нэгдэл” ийн дэргэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.

Өмнөговь аймгийн онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд, Монгол тээврийн нэгдлийн дэргэд ажлын хэсэг хамтран долдугаар сарын 5 ны өдрөөс Гашуунсухайт боомт ажиллаж байна.

Хамтарсан баг гурван өдрийн хугацаанд 294 ачаатай тээврийн хэрэгслийг хилээр гаргаж нүүрсний экспортыг гацнаас гаргажээ. Наадмын амралтын өдрүүдэд Гашуунсухайт боомт хилийн боомт амрах бөгөөд энэ хугацаанд Цагаан хаднаас жолооч нарыг явуулахгүй, гаднаас хүн оруулахгүй аж. Өмнөговь аймгийн онцгой комисс, АТҮТ-өөс эхний гацсан буюу ачаатай байгаа 1900 машинаа хилээр нэвтрүүлж дууссаны дараа буюу долдугаар сарын 20 ноос хойш АОК-оос батлагдсан тусгай журмын дагуу шаардлага хангасан тээврийн компаниудад Цагаан хад руу жолооч нараа татах зөвшөөрөлийг олгох юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд санал болгох журмын төсөлд санал авч эхлэв

Инновацийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэж заасны дагуу Хорооны 2020 оны 995 дугаар тогтоолоор баталсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан олон нийтээс санал авч эхэллээ.

Иймд салбарын оролцогчид болон иргэд тогтоолын төсөлтэй танилцаж, саналаа smd@frc.mn цахим хаягаар явуулах юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж дурсгалын 10 мянгатын мөнгөн дэвсгэрт гаргажээ

Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргав.

Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой.

Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.

Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний хагас жилийн татварын тайланг хүлээн авах хугацааг сунгалаа

Монголын татварын албанаас 2021 оны эхний хагас жилийн буюу улирлаар тайлагнах татварын тайланг хүлээн авах хугацааг энэ сарын 24-ний өдрийг дуустал сунгасныг мэдэгдлээ.

Тухайлбал, Цар тахлын үед татвар төлөгчдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр баталсан “Ажлын өдөр шилжүүлэх тухай” 175-р тогтоол, Сангийн Яамнаас санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасантай холбогдуулан энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг долоодугаар сарын 24-ний өдрийг дуустал болгон сунгасан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ жил зэсний талаар ямар таамаглал байна вэ?

Сүүлийн үед зэс эрс хөдөлгөөнтэй учирч байна, учир нь ковид-19-ын дараа дэлхий даярх эдийн засгийн нөхцөл байдал нөхөн сэргэж байна. Бүхэлдээ, зэсийн үнэ нь 0,392 ам.доллараар өссөн ба зөвхөн нэг сарын хугацаанд 13,10%-ийн өсөлтийн тухай мэдэгдэж байна. Зэс нь өнөөгийн байдлаар 4,14 ам.долларын үнийн түвшинд арилжаалагдаж байгаа нь 2016 оны1 дүгээр сарын хамгийн доод үнэ болох 1,9360 ам.доллароос үсрэн өссөн байна. Сүүлчийн 6 сарын хугацаанд түүхий эдийн үнэ 1,097 ам.доллараар буюу 38,67 %-иар өссөн. Ингэхдээ сүүлийн 5 жилд 1,7119 ам.доллар буюу 75,99 %-иар нэмэгдсэн. Зэсийн үнийн динамик нь эдийн засгийн чиг хандлагыг таамаглах боломжийг олгож байна зэсийг заримдаа эдийн засгийн баромерт гэж ч нэрлэдэг. Зэсийг цахилгаан утас , цахилгаан тоног төхөөрөмж, хэвлэмэл хэлхээ цахилгаан үүсгүүр, хоолой, дээврийн материалын үйлдвэрлэл гэх мэт бусад олон зүйлд өргөн хэрэглэдэг. Зэсийн үнэ голчлон үйлдвэрлэлийн болон барилгын үйл ажиллагаанаас хамаарч эдийн засгийн өсөлтийн үед өсдөг. Эсрэгээрээ эдийн засгийн уналттай, эдийн засгийн инфраструктурын үйл ажиллагаа зогссон үед эрэлт хэрэгцээ болон зэсийн үнэ буурдаг. Зэсийн зах зээлд дүн шинжилгээ хийхэд гол улс болох Бүгд Найрамдах Хятад улсыг ажиглах хэрэгтэй учир нь 2019 онд 40,8 тэрбум ам.долларын үзүүлэлттэй байсан дэлхийн импортын 30 % нь тус улсад оногдсон. Хоёр дахь томоохон зэсийн импортлогч улс бол Герман юм.Тус улс ньБүгд Найрамдах Хятад улсыг бодвол 4 дахин бага хэмжээгээр зэсийг импортлодог. Бүгд Найрамдах Хятад улсын томоохон барилгын салбар болон өндөр вольтын эрчим хүчний шугам нь дотооддоо үйлдвэрлэж чадах хэмжээнээс ихээхэн давсан хэмжээний зэсийг шаарддаг. Энэ нь Хятадыг дэлхийн хамгийн том импортлогч орон болгож байна. Экспортын хувьд ярихад Чили, Перу нь тэргүүлэгч улсууд юм.

Дараагийн 5 жилийн хугацаан дахь зэсийн үнийн таамаглалыг урьдчилан хэлж чадах уу?

2020 онд зэсийн үнэ 2,81 ам.долларын ханшны хэлбэлзлээс эхэлж, дараа нь коронавирусын цар тахлын улмаас буурч эхэлсэн. Үүний дараа 3 дугаар сард Хятад улс хатуу хорио цээрийн дэглэмрүү шилжиж түүний дараа бусад улс орнууд карантинд орж, улмаар үнэ нь ойролцоогоор 27%-иар унаж 2,09 ам.долларын ханшинд хүрэв. Гэхдээ 3 сарын дараа зэсийн үнэ хурдаа авч, жилийн турш өсөлттэй үргэлжилсээр байсан. Зэсийн үнэ нь 5 сар дараалан үргэлжлэн өсч, дараа нь 9 болон 10 дугаар саруудад буцаж буух эрсдэл үүссэн. Гэхдээ 11 дүгээр сард Хятадын импортын өсөлтийн дундаж зэсийн үнэ 3,50 ам.долларын ханшинд хүрэв. 12 дугаар сард үнэ 3,6 ам.долларын түвшинд хүрч тухайн жилийн өндөр үзүүлэлтээр өндөрлөсөн байна.

Хэдийгээр тийм боловч 2021 оны 1 дүгээр улиралд зэсийн үнэ өндөр импульсаа хадгалсан хэвээр 1 дүгээр сард зэсийн үнэ хамгийн их өсөлтийг харуулж харин 2 дугаар сард үнэ эрс өсч 4,37 ам.долларын хамгийн дээд үзүүлэлтэнд хүрэв. Үүнээс хойш зэсийн үнэ 4,2 – 4,0 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Бүгд Найрамдах Хятад улсад зэсийн эрэлт болон нөөц ямар байх вэ?

Хятад дахь зэсийн эрэлт хэрэгцээ 2021 оны турш өндөр хэвээр байна гэж хүлээжбайгаа, учир нь Олон Улсын Вальютын Сан 2020 онд Хятадын эдийн засгийн 1,9%-ийн өсөлтийг таамаглаж байна. Хятад улс нь коронавирусын тархалтыг хяналтандаа авч чадсан ч дахин олон нийтийг хамарсан тусгаарлалт шаардагдахгүй гэж үзэн үйлдвэрүүд үргэлжлэн ажиллах болно гэжээ. Энэ байдалаж үйлдвэрлэлд нөлөөлөхгүй ба идэвхжилтийг нэмэгдүүлэх улмаар дэлхийн зэсийн томоохон хэрэглэгчийн зүгээс гарах эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Үүнээс гадна, 2020 онд Хятадаас гаралтай нөөцийн өсөлт хүлээгдэж байгаа, учир нь Хятад улс нь Америкын Нэгдсэн улстай харилцах харилцааны боломжит эрсдэлээ даатгаж өөрийн зэсний нөөцөө бүрдүүлж байна. Хэрвээ Хятад улс ойрын 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд нөөц хуримтлуулах асуудлыг багтаавал тэрээр зэсийн импортоо нэмэгдүүлж мөн металлын үнэ ч эрэлтээс улбаалан мөн өснө.

Та бидэнд металл болон ашигт малтмалын зах зээлийн тухай ерөнхий таамгйг өгч чадах уу? Эрэлт хэрэгцээ, үнэнд өөрчилөлт орох уу?

Дэлхийн банкны металл болон эрдсийн үнийн индекс 2021 оны 1 дүгээр улирал дахь 16 хувийн өсөлт гарсан. 2021 оны 3 дугаар сард металлын үнэ2020 оны 4 дүгээр сарын хамгийн бага үзүүлэлтээс бараг 70%-иар дээшилж, ингэхдээ зэс, цагаан тугалга, төмрийн хүдрийн үнэ 10 жилийн үзүүлэлтээр дээд түвшинд хүрсэн. Хятад улсын эрэлт хэрэгцээ дэлхийн эдийн засгийн үргэлжилсэн нөхөн сэргээлт болонам.долларын ханшны сулралт бууралт нь үнийн өсөлтөнд нөлөөлсөн. Таамагласны дагуу 2021 онд металлын үнэ өмнөх жилтэй харьцуулахад дунджаар 30%-иар өснө – 2022 онд зөөлөрчөмнөх 10 дугаар сарын таамаглалаас огцом дээшлэх өөрчлөлт гэж үзсэн. Энэхүү таамаглалыг дээрдүүлэх эрсдлүүдэд цаашдын өдөөлтийн хөтөлбөрүүд болон нүүрстөрөгчийг давхар ислийг бууруулахад чиглэсэн эрмэлзлийн эрчимжүүлэлтийг хамарч байна. Ковид-19-ийн халдварын сэргэх ба Хятад улсад өдөөх арга хэмжээг төлөвлөснөөс хурдан болиулах явдлууд ньуг таамаглалыг дордуулах эрсдлүүдэд багтана.

Хөнгөн цагааны үнэ нь 1 дүгээр улиралд 9 %-иар байгааг 2020 оны 4 дүгээр сартай харьцуулахад 3 дугаар сард 50%-иар өссөн байна. Үнийн өсөлт нь автомашин болон бусад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, барилгын салбар дахь идэвхжилтийг тус тус харуулж байна. Хэрэглээний хувьд Хятад улсын орон нутаг дахь засаг захиргаанууд экологийн асуудлуудын улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахыг шаардсан.Тухайлбал, Өвөр Монголын Өөртөө Засах Орондтус улсын хөнгөн цагааны хайлуулалтын нийт хүчин чадал ойролцоогоор 15% ноогддог ба уг өөртөө засах орон дахь хайлуулалтын үйлдвэрүүдийн 90% нь цахилгаан эрчим хүч гаргаж авахын тулд нүүрс шатааж байна. Хүчин чадлыг шинээр нэмэгдүүлж байгаа ирэх жилд Бүгд Найрамдах Хятад улс нь 45 сая тонны үйлдвэрлэлийн дээд хүчин чадлын хэмжээнд хүрч чадна. Хятадын 2030 он хүртэл нүүрстөрөгчийн давхар ислийн пик ялгаруулалт 2060 гэхэд цэвэр тэг пик ялгаруулалт гаргах ерөнхий зорилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хөнгөн цагааны ислийг металл болгон боловсруулах эрчим хүч их шаардсан шинж чанараас шалтгаалсан хэрэгцээний бууралтын хүлээцийг нэмэгдүүлж байна. Таамаглалын дагуу 2021 онд хөнгөн цагааны үнэ ойролцоогоор 29 %-иар өснө харин 2022онд 7%-иар буурна.

Мөнгөний үнэ, 2021 оны 1 дүгээр улиралд 8 жил дэх хамгийн дээд түвшин буюу8%-иар өссөн, жилийн өмнөх үзүүлэлтээс 60%-иар эсрэгээрээ дээгүүр байв. Мөнгөний хэрэглээний талаас ихэнхдээ ноогддог (алтны хувьд, 10% л ноогддог) аж үйлдвэрийн хэрэгцээ (электроник, автомашин ба нарны эрчим хүч) нөхөн сэргээлтийн үр дүнд үнэ өссөн болно. Хөрөнгө оруулалтын эрэлт нь мөн тогтвортой байсан: 2019 оны дунд үеэс хөрөнгө оруулагчид удаан хугацааны түвшинг цэвэр барьж байв. Уурхайнуудын хангамж тасалдсан явдал бол Өмнөд Африкт мөн адил үнэ өгсөн гэхдээ Канад, Мексик, Перу зэрэг улсуудад хэрэгцээ мэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн таамагтай байна. Мөнгөний үнэ 2021 онд 22%-иар өсч, харин 2022 онд буурна гэсэн хүлээлттэй байгаа, учир нь мөнгө алтны адилсаад бэрхшээл (ашиг орлого өсч буй), үйлдвэрлэлийн хэрэгцээтэй ихэссэнтэй тулгарч байгаа.

Ж.ГАРЬД

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Засгийн газарт одоо ч эдийн засгийг хэрхэн хүндрэлээс гаргах бодлого, хөтөлбөр алга

Эдийн засагч, доктор Д.Амгалантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэд хэдэн удаа хөл хорио тогтоож, хүн амын эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа дэмжих бодлогыг төрөөс хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл нөхцөл байдал улам бүр дордож, ядуурал өссөөр байна. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хилийн хорио тогтоогоод хоёр жил, дотоодын хөл хорио тогтоогоод 1.5 жил болж байна. Энэ хугацаанд эдийн засаг нэлээн хүндэрлээ. Шалтгаан нь ковидоос үүдэлтэй хөл хорионоос улбаатай байлаа. Хөл хорих шийдвэр гаргах үед эдийн засгийнхаа нөхцөл байдлыг бодолцоогүй нь хүндрэл үүсгэлээ. Жил хагасын өмнө Монгол Улсын хүн амын 28 орчим хувь нь ядуу байсан.

Өнөөдөр 47-48 хувь болж өслөө. Ядуурал гэдэгт өдрийнхөө хоолыг арай гэж аргацааж байгаа хүмүүсийн тухай ойлголт хамаарч байгаа юм. Эдийн засгийн гоё өсөлт яриад, олон улсын байгууллагуудын өндөр өсөлтийн таамаглалыг танилцуулаад бүх юм сайхан мэтээр харуулах нэг хэрэг. Гэтэл статистик бус бодит байдал руу өнгийх ёстой. Өнөөдөр дэлгүүрүүдийн өрийн дэвтэр улам бүр зузаарсаар байна.

Айл өрхүүд өрөө нимгэлэхийн тулд дараагийн халамж хэзээ буух вэ гэж хүлээх боллоо. Өөр итгэл найдваргүй болсон. Энэ бол бид өнгөрсөн хугацаанд эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах тухай бодлого, хөрөнгө оруулалт ярьж ирсэн. Гэтэл бодит хөрсөн дээр нөхцөл байдал ийм л харагдаж байна.

Дэлхийн улс орнуудыг харж байхад эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах ажлыг хослуулаад даваад гараад ирчихсэн. Европын улсуудыг хар. Амны хаалтгүйгээр хөлбөмбөгийн том тэмцээнээ хийлээ. Өөрсдөдөө тохирсон вакцины асуудлыг шийдчихлээ. Гэтэл манайх 1.5 жилийн хугацаанд 5.2 их наяд төгрөгийг эхлээд зарцууллаа. Эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах, мөн ажлын байраа хадгалж үлдэх зорилгоор энэ их хөрөнгийг зарцуулж ирсэн. Гэвч аль алийг нь хамгаалж чадсангүй. Бүгдийг нь тавиад туучихлаа. Энэ бүхэн ковидтой холбоотой гэж ярьж байна. Нэг талаас зөв. Гэхдээ тэргүүлэх шалтгаан нь ковид биш юм. Харин төр засгийн зүгээс судалгаагүй, бодлогогүй, төлөвлөлтгүй гаргасан шийдвэрүүд нь хүмүүсийн амьдрал, аж ахуй нэгжүүдийг ковидоос илүү туйлдууллаа. Бид цөөн тооны аж ахуй нэгж дээр судалгаа хийсэн. Ингэхэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн борлуулалтын орлого 20-50 хувь буурчихсан байна. Энэ бол иргэд худалдан авах чадваргүй болсныг илтгэж байна. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчихсэн. Ялангуяа, барилгын салбарын идэвхижилтийн үед материалын дутагдал, үнийн өсөлт онцгой хүндрэл дагууллаа. Энэ бүхэн эргээд харахад нөгөө л төр засгийн шийдвэрийн үр дүн. Өнөөдөр ковидын хүнд байдлаас илүүтэйгээр Эрээн, Тяньжин дээр байгаа бараа бүтээгдэхүүний гацалт эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Эндээс болж бараа бүтээгдэхүүний хомсдлоос үүдэлтэй инфляцийг бий болгож эхэлсэн. Бид дотоодын эдийн засгаа эргэлтэд оруулж чадахгүй байна. Мөн гаднаас оруулж ирэх бараа бүтээгдэхүүн дээр хоёр улсын хэлэлцээр хийж, төр шийдэл гаргаж чадахгүй, мухардалд орчихсон. Ингээд хохирол нь айл өрх, албан байгуулалга дээр бууж байна. Засаг ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл юм. Хил гаалийн асуудлыг шийдлээ гэхэд үнэтэй бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Тэрийг нь худалдаж авах чадамжтай иргэн цөөн. Борлуулалтгүйгээс болж дахиад гацалт үүснэ. Энэ мэтээр шаталсан хүндрэлүүд хүлээгдэж байна.

Ковидоос илүү аюултай үзэгдэл бол төр засаг шийдэл, шийдвэр гаргаж чадахгүй байгаа явдал юм. Бараа бүтээгдэхүүнээ хил гаалиар оруулах, чөлөөтэй нэвтрүүлэх асуудал цэвэр Засгийн газрын ажил. Сонгууль бол мундаг хийнэ. Очоод загнадаг, зандардаг. Гэтэл Хятадын талтай ямар ойлголцол, шийдэлд хүрсэн юм бэ. Цаад тал нь тоож байгаа ч юм уу, бүү мэд.

-Цар тахалтай тэмцэхэд зориулж 5 их наяд гаруй төгрөг зарцуулсан. Нэмээд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ бол Монгол Улсын жилийн төсвөөс давсан дүн. Гэвч та уг мөнгө өгөөжөө өгсөнгүй гэж үзэж байгаа юм байна?

-Эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах 5.2 их наяд төгрөгийг зарцууллаа. Араас нь 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Ингээд үр дүнд хүрэх байсан ч өөрсдийн муйхар шийдвэрээс болж үр дүнгүй болгочихсон. Сонгууль хийгээд бөөгнөрөл үүсгэснээр эдийн засагт хохирол учруулан байж 1.5 жил хорьсон хориог ямар ч үр дүнгүй болгож хаясан. Улс төрийн зорилгыг эхэнд тавьж, эдийн засгаа ингэж хорлох байсан юм бол анхнаасаа яах гэж аж ахуй нэгж, иргэдийг хорьсон юм.

-Үнийн өсөлт хурдацтай явагдаж байна. Аж ахуй нэгжүүд бараа, үйлчилгээ нийхээ үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай тухай мэдэгдэл гаргаж байна. Эндээс харахад түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ 20 гаруй хувиар, зарим тохиолдолд 2-3 дахин өссөн нөхцөл байдал анзаарагдлаа. Үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэлийн тухайд тодруулахгүй юу?

-Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт дээр бодлого хэрэгжүүлэхгүй бол хүнд байдал руу улам орно. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байна гэж мэдэгдэж байна лээ. Эдийн засаг нь хөдөлгөөнгүй зогсчихсон юм чинь тогтвортой байхгүй гээд яах юм. Одоо хил гаалийн саатал арилж, нээгдээд эдийн засаг идэвхижээд ирэх юм бол ам.долларынхаа ханшийг алдана. Өнөөдөр үүнээс хамгаалах бодлого алга. Цалин орлогогүй болсон хүмүүс яаж амьдрах вэ. Халамжаар угжсаар байх уу. Дэлхийн улс орнууд дундаж давхаргыг бүтээхийн тулд ажилладаг бол манай төр энэ давхаргыг устгахын төлөө байна уу. Ковидын эсрэг санхүүгийн дэмжлэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч үнэн чанартаа улс төрийн сонирхол агуулсан халамжийн бодлого хэрэгжүүлээд байгаад л харамсалтай байна. Уг нь дундаж давхаргаа хамгаалж, нэмэгдүүлэх юм бол халамжаас гараад ажил хийдэг, хөдөлмөрлөсөн хүмүүс орлого олдог нийгмийн тогтолцоог бүрдүүлэх учиртай. Ингэж байж улс орон хөгждөг. Гэтэл манайд эсрэг байна. Жижиг, дунд аж ахуй нэгжүүд нь хаалгаа бариад ядуурал руу орчихлоо. Том компаниуд нь дундаж руугаа орж байна. Энэ орон зайг хэн эзлэх үү гэвэл гадны ижил төрлийн ажил үйлчилгээ явуулдаг нөхөд юм. Өнөөдөрнайман нэрийн дэлгүүр ажилуулдаг хүмүүсийн орлого хумигдсан. Тэдний үйл ажиллагааг хязгаарласан. Оронд нь гадны сүлжээ дэлгүүрүүд ороод ирсэн. Энэ орлого, валютын урсгал хаачих уу. Гадагшаа гараад явна. Жижиг бизнес хийж, өрхийн аж ахуйгаа авч явдаг байсан цар тахлын үед бүрэн уналтад орлоо. Энэ хүмүүс одоо халамжийг л хүлээж байна. Халамж дуусахаар яах вэ. Амьдрал дуусах уу.

Уг нь дундаж давхрагаа хамгаалаад явчихсан бол маневр хийж, эдийн засгаа сэргээх гарц шийдэл ярих байсан. Одоо болд бид энэ их ядуурлаас яаж гарах вэ гэж ярих хэмжээнд доройтлоо. Өнөөдөр үйл ажиллагаагаа хаасан компани, аж ахуй нэгж буцаад босоход 1.5-3 жил зарцуулна. Хөл хорьж болно. Гэхдээ хөл хорионы дараа эдийн засгаа хамгаалах арга механизмыг бодолцож, тооцсон байх учиртай. Гэтэл хэзээ хөл хорих нь тодорхойгүй. Бүр нэг өглөө босоод ирэхэд хороогоор нь хориод гаргахгүй гэж байсан. Тэр хүмүүс ямар чухал ажил төлөвлөж, эрсдэл үүрч байгааг тооцдоггүй. Одоо ч энэ Засгийн газарт яаж хүндрэлээс гарах уу гэсэн хөтөлбөр, бодлого алга.

-Бараг хоёр хүн тутмын нэг нь ядуурал руу шилжлээ. Хэдийгээр он дуустал халамж, хөнгөлөлтүүдийг хэвээр хадгалж байгаа ч энэ нь ядуурлаас гарах, хөгжих шийдэл биш. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?

-Одоо улс орон, иргэд ядуурлаас гарахад төрийн зөв бодлого хэрэгтэй. Өмнө нь ядуу иргэдийг дундаж давхарга руу чирэх боломж байсан уу, байсан. Гэтэл тооцоогүй шийдвэрээс болоод дундаж давхарга ядуурал руу орчихлоо. Бид үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байж л ядуурлаас гарна. Төсөв мөнгөний зөв хуваарилалтыг хийх хэрэгтэй. Одоо бүгдэд нь халамж өгдөг боллоо. Төлбөрийн тооцооны систем чинь боловсронгуй болоогүй байж хүүхдийн мөнгө хүүхдэд, хүнсэнд зарцуулагдахгүй. АНУ-д хүүхдийн мөнгө гэж картанд орсон байхад хүүхэд юу хэрэглэж болох тэр зүйлд л уншина. Тэр бүү хэл кофенд хүртэл уншдаггүй. Гэтэл манайд хүүхдийн мөнгөө аваад зарим хэсэг нь архи ууж байна. Гэнэтийн төлөвлөөгүй худалдан авалтууд хийдэг. Зорилтот дэмжлэг бус, хавтгайрсан халамж болчихсон. Хүүхдийн сайн сайхан ирээдүй, сурч боловсрох, хамгааллын төлөө зарцуулагдахгүй байна. Халамжийн мөнгө буудаг, ойр хавийн дэлгүүрүүдийн орлого өсдөг. Хоёр хоногийн дараа юу ч үгүй болдог. Ийм байдлаар явахгүй.

Бид үндэсний компаниудаа дэмжих учиртай. Гэтэл баялаг бүтээгчдийг улс төрөөс авлига авдаг хүмүүстэй адилтган ойлгуулж, үзэн ядуулах муухай технологи явж байна. Өнөөдөр шатахууны үнэ өсөхөд компаниуд үгсэн хувилдсан гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээл дээр баррель нефть 71-75 ам.долларт хэлбэлзлээ. Өмнөх сартай харьцуулахад 6, хагас жилтэй харьцуулахад 45, жилийн дүнгээр харьцуулбал 88.9 хувийн өсөлт байгаа юм. 2020 оны дөрөвдүгээр сард үнэ буугаад 19.5 ам.долларт очсон шүү дээ. Өнөөдөр 73 ам.доллар байна. Тэгэхээр дэлхийн зах зээлийн өсөлт шатахууны үнэд нөлөөлсөн. Уг нь засаг үнэ хямд үед нөөцлөх, гэрээ хэлэлцээр, татварын гээд олон арга хэрэгсэлээр зохицуулж болох байсан. 2020 оныг харж байхад 1.4 сая тонны шатахууны хэрэглээ байсан юм билээ. Харин манайхэнэ хэрэглээг нугалаад нөөцөлчих бололцоотой. Ядаж улирлаа даах хэмжээнд нөөцлөх бодлого барьсангүй.

Ядуурлаас гарахын тулд баялаг бүтээгч нараа дэмжих хэрэгтэй. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэгч нараа дэмжиж ядуурлаас гарах боломжгүй болчихлоо. Тэд маань бүр уначихсан. Одоо үлдсэн арга бол үндэсний томоохон үйлдвэрлэгч нараа дэмжээд, тэднийгээ экспортод бараа бүтээгдэхүүн гаргадаг чиглэл рүү хандуулаад явах хэрэгтэй байна. Тэд бол суурьтай. Ингээд томууд маань жижиг, дундаа бий болгодог хөгжлийн схем зөв болов уу гэж харж байна.

-Үнийн хөөрөгдөл дээр нэмэгдээд, валютын ханшийн өсөлт том сорилт болж ирэх нь. Бондын өр төлбөрүүдийг барагдуулахад улам л хүнд болох нь ээ?

-Манай улс өрийг зээлээр төлдөг боллоо. Энэ нь 2017 оноос эхэлсэн. Өөрөөр хэлбэл,Хөгжлийн банкны бондыг Хуралдай бондоор дарсан. Чингис бондын 500 саяыг Гэрэгэ бонд, Мазалай бондыг Номад бондоор дарлаа. Сая бас нэг бонд гаргалаа. 2022 онд Чингис бондын нэг тэрбум, Гэрэгэ бондын 800 саяыг дарахынтулд өнөөдөр бонд гаргаж байна. Энэ бол шийдэл биш. Өр л нэмэгдээд байгаа хэрэг. Дээрээс нь төгрөгийн ханш сулраад байна. Тэрбум ам.долларын өр төлөхөд Н.Алтанхуягийн засгийн газрын үед төгрөг 1900 орчим байсан. Өнөөдөр 2850-тай. Хүү яриад, бага хүүтэй авчихлаа гэж яриад байдаг. Гэтэл нөгөө талд төгрөгийн ханшаа хянаж чадахгүй байгаа учир бага хүүтэй мөнгө босголоо ч өрийн босго өндөр болчихож байгаа юм. 100 төгрөгийн зээлийг багахан хүүтэй авч болно. Гэхдээ валютын ханшийн өсөлтөөр тооцвол бид эргүүлээд 200 болгож төлөх болчихоод байна. Юун бага хүү. Тэр чухал биш. Ханшаа хамгаалах бодлого ярих нь чухал. Одоо ханшаа барьж чадахгүй бол маш олон бэрхшээл ундрана. Үүнээс гарахын тулд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядаж уул уурхайн бүтээгдэхүүнээ хагас боловсруулж гаргамаар байна. Хүрэн нүүрс ашиглаад маш олон төрлийн бүтээгдэхүүн болгох технологи дэлхий дахинд хөгжсөн байхад манайх таг. Ядаж л эрчим хүч үйлдвэрлэж, экспортломоор байна. Гэтэл гаднаас эрчим хүч авдаг, валютын нөөцөө алдах нэг том урсгал болдог. 33 грамм нүүрсээр нэг кВт эрчим хүч гаргадаг гэсэн тооцоолол байдаг юм билээ. Ингээд тооцвол манайд эрчим хүч үйлдвэрлэх хүрэн нүүрсний хангалттай нөөц сул хэвтэж байна. Ингээд эрчим хүч ашиглаж янз бүрийн койн үйлдвэрлэдэг урсгалыг бий борлгоход валют ороод ирнэ. Энэ мэтээр төлөвлөгөөтэй, богино, дунд, урт хугацааны нөхцөл байдлаа харсан бодлого хөтөлбөр хэрэгжүүлбэл манайд боломж байна. Гагцхүү шийдвэр гаргагчид ард иргэдээ гэхээс илүү дөрвөн жил албан тушаал, сандал суудлаасаа яаж зууралдах вэ гэсэн циклийн араас явсаар байгаад улс орныг ийм байдалд орууллаа. Та бүхэн хараарай. Төсөв мөнгөний бодлого нь эдийн засагт зориулсан бус дандаа улс төрийн зорилго, агуулгатай.Үнэхээр харамсаж, халаглаж байна.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Паб, баар цэнгээний газруудтай хариуцлагын гэрээ байгуулжээ

Нийслэлд баар цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж хариуцлагын гэрээ байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 7-нд баар /паб, спорт, билляард/ цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж хариуцлагын гэрээ байгууллаа.

Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, ААНБ-ууд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж: УБ хотын ЗАА

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны зургадугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тн-оор буурсан үзүүлэлт юм.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2021 оны зургадугаар сард 112.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 167,924.18 төгрөг байв.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Энх-Амгалан: Самрын бизнесийг төрөөс дэмжээд өгвөл экспортын гол салбар байх боломжтой

“Монголын самрын кластер” ТББ-ын дарга, “Норд роуд” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энх-Амгалантай ярилцлаа.


-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч саяхан эдийн засгийн салбаруудыг кластер хэлбэрээр зохион байгуулж экспортыг дэмжвэл уул уурхайн бус олон салбараас тус бүрд нь тэрбум ам.доллар олох боломжтой гэж тодотгоно лээ. Танхимын дэмжлэгтэйгээр самрын Кластер байгуулагдчихлаа. Та энэ кластерийг ахлахаар болж. Кластераар хөгжүүлбэл самрын бизнес экспортын гол салбар байх боломжтой юу?

-Тийм боломж бүрэн дүүрэн байгаа.

-Хоёулаа өмнө нь “Хушхан” брэндийг үүсгэсэн гэдгээр тань ярилцаж байсан. Самрын салбарт 100 хувийн гарцтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, цаашлаад хушны самраас илүү олон бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэх туршилт эхлүүлсэн гэж ярьсныг чинь тод санаж байна. Үйлдвэрлэл хөгжүүлжяваа залуу самрын салбарыг хөгжүүлэх, экспортын гол салбар болгохын төлөө оройлж зүтгэхээр болсон нь олзуурхмаар хэрэг шүү. Бид ингэхэд самрынхаа экспортоос дээд тал нь хэчнээн ам.доллар олох боломжтой вэ, самрын кластерт хэчнээн компани нэгдээд байна?

-Одоогоор арав гаруй компани нэгдээд байна. Самрын салбарт эргэлдэж буй мөнгө 200 гаруй сая ам.доллараар хэмжигдэж байгаа. 2020 оны есдүгээр сараас 2021 он хүртэл эргэлдэж байгаа мөнгө л дөө. Одоогийн байдлаар самрын салбарт 20 гаруй компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл 20 гаруй үйлдвэр ажилладаг гэсэн үг. Эдгээр үйлдвэрээс гардаг бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь хагас боловсруулсан. Тодруулж хэлбэлсамрыг гаднах яснаас нь салгаад экспортлохыг хагас боловсруулсан гээд байгаа юм. 90-95 хувийн гарцтай гэж ярьдаг л даа, бид. Шар хальсыг нь авсныг 100 хувийн гарцтай гэдэг юм. Хоёр компани 100 хувийн гарцтай гаргадгийн нэг нь манайх. Хүн бүрийн мэддэг ноолууртай зүйрлүүлж яривал илүү ойрхон буух байх. Самрыг ноолуур гэвэл утас нь чөмөг, чөмгөөр бүтээгдэхүүн хийвэл бид ноолууран хувцас хийж эхэллээ гэсэн үг. Манай компани чөмгөөр бүтээгдэхүүн хийх талаар судалгаа хийж байна. Туршилт нь маш амжилттай болсон. Гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг компанид самрын тосоо өгөөд туршилт хийлгэхэд супер чанартай бүтээгдэхүүн гарах нь тодорхой болчихсон. Чөмөгнөөс энэ мэтээр бүтээгдэхүүн гаргаад экспортолж эхэлбэл манай улс хамгийн багадаа 500 сая ам.долларыг зөвхөн самрын экспортоос олох боломжтой.

-Хагас тэрбум доллар гэдэг уул уурхайн бус бүтээгдэхүүн дотроо эхэнд жагсахаар том дүнтэй мөнгө шүү. Самрын тосны хувьд гээд ярихад л дэлхийн зах зээл дээр чамгүй үнэлэгддэг гэж сонссон юм байна. Литр нь хэчнээн төгрөгөөр үнэлэгддэг вэ?

-Монгол мөнгөөр 270-280 мянга орчим төгрөгөөр үнэлэгдэнэ. Хуш модны самрын тос ер нь их гайхашигтай бүтээгдэхүүн. Антиоксидант өндөртэй, ганцхан омего-4 л байхгүй, бусад бүх төрлийн омеготой гэх мэтээр яривал өчнөөн сайн талтай бүтээгдэхүүн.

-Яг одоогоор самраа хэчнээн улсад экспортолж байна вэ, манай улс?

-Одоогийн байдлаар Солонгос, Турк, Израйль руу тогтмол экспортолж байна. Туршилтын журмаар Япон, Германд гаргасан жишээ бий. Цаашдаа бичиг цаасны асуудлаа шийдчихвэл Герман, АНУ руу экспортлоход бэлэн болчихсон.

-Самрынхан нэгдээд кластераар хөгжвөл тэрбум ам.долларын орлоготой экспортын салбар болох хол биш шиг санагдлаа. “Монголын самрын кластер” ТББ-ын хувьд самрын салбарыг ингэж хөгжүүлэхийн тулд хийхээр төлөвлөсөн ажил их бий байх. Самрын салбарын өнөөдрийг харахад асуудал ч их анзаарагддаг. Тулгамдсан асуудлаа хуваалцаач?

-Манай салбарын бизнесийн орчин таатай биш. Бас эрүүл биш. Хууль эрх зүйн орчин нь төлөвшөөгүй. Тэгэхээр манай ТББ самрын салбарын бизнесийн, хууль эрх зүйн орчныг аль болох богино хугацаанд сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Жилийн төлөвлөгөө боловсруулж байна. Хоёрдугаарт самрын салбар байгаль орчиндоо сөрөг үр дагавар үзүүлдэг гэсэн шүүмжлэлийг арилгаж, алдаагаа засч залруулахад онцгой анхаарна. Байгалийнхаа нөхөн сэргээгддэг баялгийг ашиглахдаа байгалиа сүйдлэхгүйгээр харин ч хамгаалж, арчилж тордож, илүү сайхан болгох боломжтой. Зориод зүтгэвэл тийм ч урт хугацаа шаардах ажил биш. Хамгийн гол нь төр засагтайгаа маш сайн уялдаж ажиллах учиртай. Манай төрийн бус байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр ажиллах учраас энэ асуудал цаг алдалгүй шийдэгдэх байх.

-Бизнесийн орчин таагүй байна гэж ярилаа. Жишээ нь яг ямар асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэж бодож байна вэ?

-Үйлдвэрүүд ямар ч стандарт байхгүй, самрын салбарт эргэлдэж байгаа мөнгөний урсгал ил далд янз бүр гэх мэт шалтгаанууд салбарын үнэ цэн, нэр хүнд, нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг доош нь унагачихаад байна л даа. Хууль зүйн орчин талаасаа манай салбарт 2014 онд анх хуш модны самрыг хагас боловсруулаад экспортлохыг зөвшөөрсөн. Яамнаас зургаа, долоохон жилийн өмнө ийм зөвшөөрөл өгсөн гэхээр маш залуу салбар болчихож байгаа юм. Тэр утгаараа самрын салбарт бизнес хийж яваа хүмүүст дүрэм журам нь бодит амьдралд нийцэхгүйгээс эхлээд бэрхшээл их бий. Жишээ нь байгалиас самар бэлдэх компани заавал үндсэн ажилтнаараа самраа бэлдүүлэх ёстой гэсэн шаардлагыг хуульчилсан байдаг.

-Тэгэхээр орон нутгийн иргэдэд самрын бизнесээс мөнгөтэй орлоготой болох зам хаагдчих юм биш үү?

-Та зөв анзаарсан байна. Орон нутгийн иргэд байгалийн баялгийг эрх тэгш хуваалцах боломжийг хязгаарлачихаж байгаа юм. Уг нь компанийн зүгээс орон нутгийн иргэдэд самрыг хэрхэн зөв бэлдэхсургалт явуулахад аль аль талдаа өгөөжтэйгээр шийдэгдэх асуудал л даа. Иймэрхүү жишээ маш олон бий.Энэ тал дээр 2014 оноос хойш олж авсан туршлага, мэдээлэл дээр үндэслэж саналууд боловсруулж байгаа.

-Самар бэлдэхэд модны холтос гэмтдэг асуудлыг шийдэх шийдлээ олчихсон гж та түрүүн ярьсан. Төрийн холбогдох байгууллагад кластерийнхаа шугамаар асуудлыг шийдүүлчих төвшинд оччихсон гэж ойлгож болох уу?

-Байгаль орчин тал дээр тулгамдсан асуудлын нэг л дээ, таны сая хөнддөг асуудал. Модны холтсыг гэмтээхгүйгээр самар бэлдэх аргыг туршаад амжилттай болсон. Хэрэгжүүлэхэд бэлэн. Холбогдох байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж ойлгож болно. Амжилттай хамтарч ажил болговол 2022 оноос эхлээд модны холтсыг гэмтээхгүйгээр самраа бэлддэг болчихно гэсэн үг.

-Ингэхэд самрын салбараас байгалиа, ойгоо хамгаалах хэмжээний мөнгө цуглардаг уу?

-Манай салбарын хувьд гэж яривал яг ойдоо буцаж зарцуулагдах ёстой маш их мөнгө хуримтлагддаг. Сумдад хуримтлагддаг мөнгө гэвэл кг самар тутамд 800 төгрөг тушаадаг. Энэ жил гэхэд л гарсан самрынхаа хэмжээгээр бол 14.5 тэрбум төгрөг тушаасан байх ёстой. Энэ мөнгийг яг ойдоо зарцуулбал 4-5 мянган га газар мод тарих боломжтой. Харамсалтай нь энэ мөнгийг яг ойд зарцуулж чадахгүй байна л даа.

-Яг ойд нь зарцуулбал их мөнгө байна шүү. Энэ тал дээр тодорхой шийдэл гаргасан уу?

-Яг ингэе тэгье гэсэн шийдэл гараагүй байна. Кластер гээд танхим, яам хүлээн зөвшөөрсөн байгууллага байгуулагдчихлаа. Тэгэхээр энэ ТББ-ынхаа хүрээнд самрын салбарынхан өөрсдийнхөө тушааж байгаа мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг байвал их зүгээр шийдэл болох байх. Ойн тухайд цэвэрлэсний хэмжээгээр сэргэдэг. Ногоогоор бол зэрлэгийг нь зулгааж байна гэсэн үг л дээ. Олон жил болсон, өмхөрсөн модод үндэстэйгээ байгаад байдаг. Ийм мододхортон шавж ихээр цуглуулдаг, шатах эрсдэл маш өндөр. Тийм учраас ийм модлыг заавал түүж авах ёстой. Ингээд цэвэрлэчихээр ой илт сэргээд ирнэ. Самрын салбарын сумдад тушаадаг мөнгөөр ой цэвэрлэвэл хэдэн мянган га ойг өлхөн цэвэрлэчихнэ.

-Таны ярианаас анзаарахал кластераар хөгжөөд ирвэл самар, самраас гаргаж авсан эцсийн бүтээгдэхүүнүүдээ гуравдагч зах зээл рүү гаргахад ямар ч асуудал байхгүй гэж ойлголоо, зөв харж уу?

-Ерөөсөө л тийм. Экспортлоход нэг асуудал бий. Гэхдээ кластераар хөдлөхөөр болчих байх.

-Гуравдагч орнуудад экспортлоход яг ямар асуудал байна гэж?

-Хятадын нутаг дэвсгэрээр гуравдагч оронд экспортлоход урд хөршийн гаалиас зөвшөөрөл авах ёстой. Хятадын Засгийн газрын төв байгууллагаас тухайн бүтээгдэхүүн дээрээ зөвшөөрөл авах учиртай. Зөвшөөрөлгүй дамжин өнгөрөх боломжгүй гэсэн үг. Жишээ нь манай компани Солонгос руу яг албан ёсоор газраар гаргах гэж хөөцөлдөхөд захиалга авснаас дөрвөн сарын дараа Хятадын газар нутгаар дамжин өнгөрөх зөвшөөрөл авч байх жишээний. Тэр хэрээр зардал мөнгө гарсан, хугацаа ч их орсон байгаа биз.

-Тийм байна. Засгийн газар зүгээс дуулдаад байгаа Эдийн засаг, худалдааны яам байгуулагдчихвал иймэрхүү асуудал шийдэгчих л юм байна.

-Яг үнэн. Энэ Засгийн газрын баярлууштай нэг санаа шийдэл нь үйлдвэрлэгч, экспортлогчдод хандсан, бидэнд зориулсан яам байгуулах гэж байна. Энэ шийдэлд үнэхээр баяртай байгаа. Хятадын газар нутгаар дамжаад гуравдагч улс руу экспортлоход урд хөршийн гаалийн ерөнхий газар гэх мэт байгууллагуудаар хөөцөлддөг гэж би сая хэлсэн дээ. Ковидтой үед төрийн байгууллагуудаар нь орж чадахгүй учраас зуучлуулах компаниар дамжуулж харилцахаас аргагүй болдог л доо. Тэр тоолонд өчнөөн мөнгө зарлагадаж байгаа, самрын салбарынхан. Яг ийм шалтгаанаар 300 тонн самрыг Хятадын газар нутгаар дамжуулж экспортлоход багагүй зардал гарч байна. Ингэх хэрээр манай улсын эдийн засагт үлдэх мөнгө багасч байна гэсэн үг. Худалдаа, эдийн засгийн чигийн яамтай болчихвол бид яамандаа хандаад энэ мэт асуудлыг шийдүүлчихнэ. Яамтай болчихвол энэ мэт зэнгүйдсэн, хэнд хандахаа мэдэхгүй болчихсон ийм асуудлууд цэгцрээд ирэх сайн талтай.

-Ингэхэд самрын салбарт өмнө нь энэ мэтээр нэгдэх оролдлого хийгдэж байсан уу?

-Гарч байгаагүй.МҮХАҮТ-аас эрчимтэй дэмжсэний үр дүнд экспортоо чанаржуулахын тулд нэгдэж байгаадаа баяртай яваа. Европын холбооныМонголын худалдааг дэмжих буюу ТRАМ төслөөс манайханд салбаруудаа кластер болгож хөгжүүл гэсэн санал тавьж чацарганы, гоо сайхны гэх мэт кластерууд хөгжөөд явж байгаа юм билээ. Манай самрын салбарын хувьд 2020 онд кластер гэж нэгдлээ. Тэгэхээр бид өөрсдөө маш сайн, их зөв ажиллах ёстой. Мэдээж улсын дэмжлэг, бодлогохэрэгтэй. Зарим юман дээр зайлшгүй уялдаж дэмжиж ажиллах шаардлага бий. Энэ мэтээр хамтарч ажиллаж чадвал илүү хурдан хөгжөөд явах боломжтой салбар.