Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эхний хагас жилийн байдлаар төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн газраас танилцууллаа.

Мөнгөний нийлүүлэлт 2021 оны зургадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 28 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өсжээ.
Уг өсөлтөд:
-Төгрөгийн харилцах 2 их наяд төгрөгөөр
-Төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөгөөр өссөн нь голлож нөлөөлсөн гэдгийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Ахлах статистикч М.Оюунжаргал хэлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр “ААН байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өссөн.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5 их наяд төгрөг нь иргэдэд хамааралтай. Харин хэвийн зээлийн өрийн үлдэг зургадугаар сарын эцэст 16 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183 тэрбум төгрөгөөр өссөн.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж байна.
Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 6.4 их наяд төгрөг бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ нь 7.5 их наяд төгрөг болсон байна.
Нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөг буюу 51.3%-аар буурсан” гэв.
Татварын нийт орлого 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээ 5.6 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГ: Ажлын байрыг дэмжих хүрээнд гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ.

Нийт экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар, 2020 оны мөн үетэй харицуулахад 45.1 хувиар тус тус өссөн байна. Нийт импорт 2019 оны мөн үеэс 8.5 хувиар, 2020 оны мөн үеэс 29.6 хувиар тус тус өссөн байна.

Засгийн газрын хуралдааны үеэр цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих ажлын хэсэг байгуулах, Экспорт болон Үндэсний орон сууцжуулалтыг дэмжих хууль боловсруулахыг Ерөнхий сайд танхимын гишүүддээ үүрэг болголоо. Мөн намрын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Жавхлан: Эдийн засаг энэ оны эхний улиралд 15 хувиар өссөн

Засгийн газар ээлжит бусаар өнөө өглөө хуралдсан юм. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө:

-Ипотекийн зээлд 512 тэрбум төгрөг олгосон. Үүний нөлөөгөөр Барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж байна.

Эхний улиралд манай улсын эдийн засаг 15 хувиар өслөө. 2019 онтой харьцуулахад 3 хувийн өсөлттэй байна. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна.

ААНОАТ энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна. 2020 онтой харьцуулахад 57 хувиар өсжээ. НӨАТ мөн л өсөж, 2019 оны буюу ковидын өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин өссөн нь үүнд нөлөөлсөн.

АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харвцуулахад 135 хувиар, 2019 оныхтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Энэ татвар Ирээдүйн өв сан болон Тогтворжуулалтын сан рүү шилждэг гэдгийг онцлох хэрэгтэй.

Гэвч бидэнд эрсдэл байсаар байна. Замын-Үүдэд гарсан гацааны улмаас нүүрс тээвэр ихээхэн доголдсон. Энэ нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Гашуун Сухайт дахь жолооч нарыг урд хилээр цаашид гаргахгүй. Шинэ терминал барих ажил эхэлсэн. Наадмын амралтаар ч зогсоолгүй үргэлжлүүлж байна.

Бусад орнуудын Засгийн газрууд хөрөнгийн зах зээлээ дэмжсээр байна. Мөнгөний нийлүүлэлт олон оронд нэмэгдэв. Эдийн засгийн өсөлттэй хамт инфляц АНУ, Европт ажиглагдаж эхэллээ. Иймд инфляцын эсрэг мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ Төв банкууд мэдээлж эхэллээ. Манай улсад инфляц 7 хувь байна. Төв банк энэ онд инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байна.

Төлбөрийн тэнцлийн тухайд эхний улиралд 245 сая ам.долларын эерэг баланстай байна. сүүлийн арван сарын турш төгрөгийн ханш ам.долларын эсрэг маш тогтвортой байна. Тэгэхээр ханшаар дамжуулан манай инфляцад үзүүлэх сөрөг нөлөө байхгүй. Харин хил дээр ачаа тээврийн механик гацаа үнэд нөлөөлсөн. Манай хоёр хөршид авто замын ачаа тээвэр ихээхэн ачаалалтай байна. Манай улсын нийт ачаа тээврийн 80 хувь нь Замын-Үүдэд ногддог.

Categories
мэдээ эдийн-засаг

Шивээхүрэн боомтоор өдөрт 184 машин нэвтрүүлэхээр болжээ

БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Түүнчлэн долдугаар сарын 19-ний өдөр 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Тиймээс монголын талаас Ковид19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзжээ. Улмаар өнөөдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр болсон байна.

Шивээхүрэн боомтоор өдөрт 80-90 машин гарч байсан бөгөөд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 90 машин гараад байгааг аж.

Categories
мэдээ эдийн-засаг

769.618 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 221,789,154 төгрөгийн үнийн дүн бүхий 769,618 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянгол зочид буудал” ХК (BNG+9.99%) болон “Шивээ овоо” ХК (SHV +6.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” ХК (UID -8.73%) болон “Эрдэнэс таван толгой” ХК (ETTM -8.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 34,481 ширхэг нэгж эрхийг нийт 7,815,165 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 ширхэг үнэт цаасыг 920,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 5,971 ширхэг үнэт цаас 596,920,870 төгрөгөөр тус тус арилжаалсан байна..

ТOP-20 индекс 1.34 хувиар буурч, 32565.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,920,200,381,005 төгрөг боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Засгийн газар ухаалаг ажиллаж чадвал л бид ирэх хавар маскаа тайлна

-ИРЭХ ЖИЛҮҮДЭД УУЛ УУРХАЙ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХОЁРООС ӨӨР АВРАЛ БАЙХГҮЙ-

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Таны уншиж байгаа номыг харахад коронавирусийг нэлээд гүнзгий судлаад яваа бололтой. Эдийн засагч хүнд вирус судлах хэрэгцээ тийм өндөр байна уу?

-Байлгүй яахав, маш өндөр хэрэгцээ бий. Би энэ номыг ноднин Америкаас захиалж авсан юм. Бүр тодруулж хэлбэл эдийн засагчид коронавирусийг судлах ёстой. Манайхан ХӨСҮТ-ийнхөнд л хамаатай эд гэж ойлгоод яваа л даа. Анагаах ухааныхан вирусээ л судална. Яг математик загварт оруулаад хийх ажлыг нь эдийн засагчид, математикчид хийж байгаа юм. Кембрижийн их сургууль, Их Британийн Империал коллеж, Америкийн Вашингтоны их сургууль, Сингапурын их сургууль яг энэ чигт ажиллаж байгаа.

-Коронавирусийн дэгдэлтийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна л даа. Сүүлдээ бүр дэлхийн улс төр рүү ороод явчихлаа. Наад номон дээр чинь вирусийн дэгдэлтийн гол шалтгааныг юу гэж тайлбарласан байх юм?

-Эрдэмтдийн хэлж байгаа нийтлэг тайлбар бол уур амьсгалын өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд гарч буй халдварт өвчний эх үүсвэр нь дандаа халуун бүсийн орнууд байгаа. Вирус үржих тааламжтай бүс нутаг гэдэг утгаараа. Хэт халалт, хуурайшилт болсон үед вирус дэгдэх урьдчилсан нөхцөл бүрддэг. Ковид гарснаас хойш судлаачид Тайланд, Бирм, Вьетнам гэх мэт Зүүн өмнөд Азийн орнуудаар судалгаа их хийх болсон. Тэр бүх судалгааны эцэст уур амьсгалын өөрчлөлт гэсэн шалтгааныг л онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж сарьсан багваахайнууд суурьших газраа өөрчилнө, тэр өөрчлөлт нь хүнд илүү аюул тарина гэсэн санааг онцолж байгаа. Хоёрдугаарт, Хятад болон Зүүн Өмнөд Азийн улсууд элдэв янзын мах хэрэглэдэг. Гол шалтгаан гэвэл ийм хоёр шалтгаан бий. Сарьсан багваахайны хувьд тэр чигтээ вирусийн цуглуулга. Өчнөөн мянган вирус тээдэг амьтан. Гадагшаа тархдаг, тархдаггүй вирус л гэсэн ялгаа байгаа. Товчхондоо ковид сарьсан багваахайн биед байсаар ирсэн. Хэзээ дэгдээд байна вэ гэдэг дээр нэг сонирхолтой судалгаа байна лээ. Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудад судалсан байсан. Нар хиртэлтийн өмнөх сар орчмын хугацаанд амьтдын хөдөлгөөн маш идэвхтэй болоод нар, сарны хиртэлт болсны дараа нам жим болдог. Бидний нүдэнд үзэгддэг гэрлээс гадна нарны туяатай хамт маш олон урт богино долгион ирж байгаа. Тэр долгионуудын нөлөөллөөр амьтдын бие дэх вирус идэвхждэг гэж үздэг.

-“Ковид-19”-ийн дараа өөр ч айхавтар вирус дэгдэх магадлал өндөр гэсэн таамаглал сонсогдох юм. Хэр ортой таамаглал вэ?

-Вирусийн гаралтай халдварт өвчин дахиад шинээр үүсэх талаар маш олон судалгаа байна. Ковидоос бүр өмнө ДЭМБ Монголд бүс нутгийн зөвлөгөөн хийхдээ яг энэ тухай ярьсан. Шинээр сэргэж байгаа халдварт өвчнөөс яаж сэргийлэх вэ гэсэн сэдвээр зөвлөгөөн хийсэн юм. 2019 онд олон улсын байгууллагууд амьтан, хүний халдварт өвчин харилцан хамаарал, уялдаатай байна гэж их ярьсан. Яг энэ асуудлаар 2019 оны хавар Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байсан. Харамсалтай нь тухайн үед ЭМЯ-наас ганц газрын дарга нь оролцсон болоод тоогоогүй л дээ. Зоонозын өвчин гэсэн байдалтай л хараад өнгөрсөн.

-Ковид дэгдэхийн өмнө аюултай шинэ вирус дэгдэх магадлал өндөр гэсэн мессэж өгсөн хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүд болоод байхад бид тоогоогүй байх нь…?

-Тэгж ойлгож болно. Уур амьсгалын өөрчлөлт дараа дараагийн халдварт өвчний нөхцөлийг бий болгож эхэллээ, зооноз өвчин өмнө нь бүс нутгийн хэмжээнд гардаг байсан бол одоо илүү өргөн хүрээнд тархах нь гэсэн өнцгийг хөндсөн. Испани томуугийн үед агаарын тээвэр, хурдан галт тэрэг байгаагүй. Усан онгоцоор аялаад нэг газраас нөгөө газарт очтол урт хугацаа шаарддаг байсан. Гэтэл өнөөдөр долоо хоног усан онгоцоор явдаг байсан газар хэдхэн цагийн дотор нисээд очдог болсон. Товчхондоо вирусийн халдвар авсан хүнийг өвчтэй эсэхийг мэдэж ч амжихгүй хугацаа гэсэн үг. Бид ковид дэгдэхээс өмнө энэ эрсдэлийн тухай ярилцаж, зөвлөлдөж хэлэлцэж байсан юм. Хятадаас халдвар авсан хүнийг хилээр орж ирэхэд нь илрүүлэх аргагүй болчихсон нь л орчин үеийн халдварт өвчний гол аюул.

-Бид ковидтой хэр удаан амьдрах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Энэ асуултад дэлхийн эрдэмтэн судлаачид ямар хариу хэлж байгаа бол. Ковид дөнгөж дэгдэж эхлэх үед тантай ярилцахад цаад зах нь хоёр жилийн асуудал бий гэж хэлсэн чинь тод санагдаж байна. Одоо эргээд харахад аль хэдийнэ хоёр жил болчихож…?

-Дэлхийн 7.8 тэрбум хүнээс насанд хүрэгчид нь 60 хувь гэж бодоход 4 тэрбум хүний хоёр тэрбум тун вакцин хийх шаардлага бий. 4 тэрбум хүн гээд тооцохоор 8-9 тэрбум тун вакцин хийж байж дэлхий аюулгүй болно. Үүний 80 хувь гэж тооцвол 7 тэрбум тун вакцин гэсэн тоо гарч байна. Энэ хэмжээний вакциныг үйлдвэрлэхэд хоёр жилийн хугацаа шаардах нь тодорхой байсан. Би энэ тооцоон дээр үндэслэж хоёр жил гэсэн хугацаа хэлсэн юм. Америк гэх мэт цөөхөн орны хувьд өнөө жилийн намар сэхээ авах байх. Тэр үед сүргийн дархлаандаа хүрнэ гэж байгаа. Европын холбооны олон сая хүнтэй улсууд ч тэр хавьцаа амьсгаа авах болов уу. Зүүн Европын жижиг улсуудын хувьд өнөөдөр харьцангуй дажгүй болж эхэлсэн. Гэтэл дельта вариант тархаж буй Их Британи, Франц гэх мэт улс төдийлөн сайн хяналт тавьж чадахгүй байна. Дахиад шинэ вариант гараад ирвэл миний хэлж байгаа хугацаа цаашлах нь тодорхой.

-Коронавирусийн шинэ вариант гарч ирэх магадлал хэр вэ?

-Маш өндөр.

-Өндөр хөгжилтэй орнуудын сэхээ авах цаад хугацаа хэзээ бол?

-Ирэх хавар болов уу. Бүр тодруулж хэлбэл, Хойд Америк, Европ хоёр. Тэр үед хилийн аялал жуулчлал тэдний хооронд чөлөөтэй болж эхэлнэ. Хөгжиж байгаа орнуудын хувьд хэцүү. Улс орнуудын халдварын жагсаалтаас харахад эхний аравт байгаа улсууд нь дан хөгжиж буй улсууд. Тэрэн дотор өндөр хөгжилтэй хоёр, гуравхан улс бий. Тэр жагсаалтыг БРИКС-ийн орнууд тэргүүлж байна. Тодруулж хэлбэл, Энэтхэг, Бразил, Орос, Хятад, Индонез. Энэ улсуудын вакцинжуулалт яагаа ч үгүй. Хүн амынх нь тоо маш их, вакцины хүртээмж муу. Тэдний хувьд ирэх хавар л вакцинжуулалт нь 70, 80 хувьдаа хүрнэ.

-Хүүхдийн вакцинжуулалт ирэх намар гэхэд нэг их урагшлахгүй болов уу. Ер нь ирэх есдүгээр сард сурагчид танхимаар хичээллэх найдлага хэр байна вэ?

-Вакцинд хамрагдсан 16-гаас дээш насны хүүхдүүдийн сургалтыг танхимаар хийнэ гэсэн хувилбараар явж болох юм. Долоо хоногийн гурван өдөр хичээллэнэ гэдэг ч юм уу. Вакцинд хамрагдаагүй 6-12 насны хүүхдүүд шаардлагатай бол долоо хоногт танхимд нэг удаа хичээллэнэ гэчих хэрэгтэй. Багш нар нь чиглүүлэх чигийн ажлыг тэр өдөртөө хийдэг байвал зүгээр. Энэ мэт хосолсон хэлбэрээр явах нь амьдралд ойр таамаг. Ямар ч байсан 9-11 дүгээр сард хичээл жигдрэхгүй байх. Тэр үед 12-оос дээш насны хүүхдүүдийн вакцин жигдэрч магадгүй. Ингээд харахаар манайд халдвар буурах магадлал ирэх оны хоёр, гуравдугаар сар байх болов уу. Товчхондоо Засгийн газар зөв бодлоготой ажиллаж чадвал ирэх хавар бид маскаа тайлна.

-Ковидын дельта хувилбар дэлхийг түгшээж байна. Цаашдаа ч хувилбарууд нэмэгдсээр байх нь гэж ойлгосон…?

-Хоёр хувилбар байна. Нэг нь аюултай вариант. Тэр нь дотроо дөрвөн янз. Альфа, бетта, гамма, дельта гээд. Цаана нь анхаарах ёстой долоон вариант байна. Хамгийн сүүлд нь лямбда гэж хувилбар бий. Эдний хувьд дельтагаа бодвол хурд багатай. Гэхдээ тодорхой бүс нутагт гарчихсан, хувирчихсан вариантууд. Хамгийн аюултай нь олон сая хүн амтай Энэтхэг, Бразил, Индонезид хувирах өндөр эрсдэлтэй. Эдгээр улсад вакцинд хамрагдаагүй олон сая хүн аж төрж байна. Энэ вирусийн нэг аюул нь хүний биед ороод дараагийн биед орохоороо хувираад байгаа. Дамжих тусмаа олон шинэ хувилбар гарч ирнэ, цаашлуулаад харвал улирлын томуутай давхацна гэх мэт эрсдэлүүд бий.

-Ковидын ийм эрсдэлтэй нөхцөлд манайх шиг улс орнуудын эдийн засаг дажгүй хөгжих боломж байна уу?

-Манай асуудал их төвөгтэй. Бид Зүүн Европ, Зүүн Өмнөд Азийн орнууд шиг эдийн засгийн хөгжил нь боломжийнхоо түвшинд хүрсэн улс биш. Уул уурхайн салбар экспортын 90 хувийг эзэлж байгаа нөхцөлд манай эдийн засаг байнгын савлагаатай байна.

-Тэгвэл экспортын төрөлжилт хэзээнээс олширч, уул уурхайгаас хараат бус аж төрөх бол?

-Наад зах нь 2030 оноос тийм болох байх. Ойрын арван жилд бид уул уурхайтайгаа л амьдарна. Дэлхийн эдийн засгийн хувьд ялгавартай сэргэлт гарна гээд байгаа. Вакцинжуулалтаа амжилттай хийсэн Хойд Америк, Европ, Австрали, Шинэ Зеланд улсуудын эдийн засаг хамгийн түрүүнд гайгүй болно. Хоёрдугаарт, эдийн засгийн тулах хүч болж байгаа БРИКС-ийн орнуудын хувьд байдал сайжрах яагаа ч үгүй байна. Эдгээр улсын төв банкууд эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлэн явуулж байгаа.

-БРИКС-ийн орнуудад ирэх хавраас л сэргэлт ажиглагдана гэж ойлголоо, таны ярианаас?

-Наад зах нь ирэх хавраас болов уу. Манай улсын хувьд гол худалдан авагч маань урд хөрш гээд харахаар бидэнд тийм ч нааштай өнгө харагдахгүй л байгаа.

-Түүхий эдийн үнэ ханш дээр супер циклийн үе ирчихсэн гэсэн таамаг дуулдаж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Шууд хариулахад төвөгтэй. Нэг талаас өрнөдийн орнууд “Эрэлт үүсч эхэлсэн, эдийн засгаа дэмжиж яваа, түүхий эдийн супер цикл болох гэж байна” гэж яриад байгаа. Гэтэл нөгөө талд өөр бодолтой байна. Дөнгөж сая зургадугаар сарын эхээр Хятад улс металлынхаа нөөцөөс зэс, хөнгөн цагаан, цайрыг гаргаж худалдана гэнгүүт зэсийн үнэ 9200 ам.доллар руу унах жишээний. Энэ хоёр зөрчил түүхий эдийн үнийг байнга савлуулж байгаа. Хятад улс үнэтэй материал авахыг хүсэхгүй байна.

-Тэгэхээр супер цикл ирсэн гэх таамаглалын хувьд үндэслэл багатай болж таарах нь ээ дээ?

-Энэ жилдээ лав биш. Би хувьдаа энэ таамагт итгэхгүй байгаа. Өрнөдийн орнуудаас гаргаж байгаа геополитикийн тоглолт маягийн юм гэж харж байна. Дэлхийн зах зээлийн тухайд зэс, хөнгөн цагааны гол худалдан авагч бол Хятад. Үнэ өсөх нь Хятадад маш дарамттай. Тэр бодлого, сонирхлын эсрэг Хятад улс сая шийдэл хийчихлээ. Манайхаар бол улсын нөөцийн газрын дарга нь “Бид нөөцөөсөө металл гаргаж худалдана” гэж зарлангуут 10000 ам.долларт хүрсэн зэсийн үнэ 9200 ам.доллар руу уруудчихсан.

-Геополитикийн ийм тоглолт нэг хэсэгтээ үргэлжлэх нь гэж ойлголоо…?

-Тэгнэ. Их долоогийн хуралд Жо Байден “Манай гол дайсан өрсөлдөгч бол Хятад, ОХУ” гээд маш тодорхой зарлачихлаа. Их долоогийн хурлын үеэр болсон хаалттай маягийн хурал болсон доо. Европын холбооны зүгээс, тухайлбал Герман гэх мэт улс Хятадтай ойрхон байх сонирхолтой. Гэтэл Америк, Англи хоёр маш хатуу байр суурьтай байгаа. Их долоогийн хурлын үеэр хэвлэлийнхэнд хаалттайгаар хуралдаад Хятадын эсрэг нэгэн дуутай тэмцье гэсэн яриа хөөрөө өрнүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Жо Байден ажилдаа орсныхоо дараа Пентагон болон Тагнуулын төв газартаа Хятадын талаарх бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тайлан илтгэ гэсэн үүрэг өгсөн юм. Америкийн Батлан хамгаалахын сайд Аустин тэр дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагаан ордонд тайлангаа танилцуулсан. Тэр тайланг сонссоны дараа Жо Байден “Батлан хамгаалах салбарын тухайд манай номер нэг өрсөлдөгч бол Хятад. Бид батлан хамгаалах салбартаа томоохон арга хэмжээ авна” гэж мэдэгдээд батлах хамгаалах салбарынхаа төсвийг эрс нэмэгдүүлчихсэн. Урд хөршийн хувьд батлан хамгаалахын салбарын хөгжлөөрөө цойлоод ирэхээр дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа АНУ, Их Британи тэрийг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр агуулгаараа энэ хоёр гүрэн Европын холбоо, НАТО-той хамтраад том бодлого хэрэгжүүлж байна л даа. Борис Жонсон “Хятад улсыг бид дэлхийн дэг журмын хүрээнд ажилладаг байхын төлөө л шахаж байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай.

-Гэтэл нөгөө талд Хятад өөр юм яриад байдаг…?

-Дэлхий өөр болсон, ширээний ард ижил тэнцүү байр сууринаас ярина гээд байгаа л даа.

-Ковидын үед эдийн засгаа хөгжүүлэх бодлого дээрээ бид чухам юун дээр алдаад байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт ил харагдаж байгаа алдаа гэвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж огт алга. Судлаачдын гаргаж буй загвар эрүүл мэндийн салбарт маш их ачаалал ирнэ гэж хэлээд байгаа. Тэр ачаалалд таарсан төсөв хэрэгтэй болж таарна аа даа. Засгийн газар, Сангийн яам үүнд огт анхаарахгүй байна. Тэр төсөв нь аль хэдийнэ батлагдсан байх ёстой. Цар тахлын тухай хуульд бантан шиг нэг өгүүлбэр оруулчихсан. “Төсвийг шилжүүлэн зарцуулж болно” гээд. Энэ маш буруу зохицуулалт. Цар тахлын хууль бол зөвхөн цар тахалтай холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Тодруулж хэлбэл, цар тахлын хууль бол төсвийг зохицуулах хууль биш. Төсвийн харилцаа төсвийн хуулиараа л зохицуулагдана. Үндсэн хуулиас эхлээд бүх хуульд төсвийг их хурлаар батална гэсэн зохицуулалт бий. Тэгэхээр тодотгол хийхгүй гэдэг Сангийн сайдын тайлбар буруу болоод явчихаж байгаа юм. Тийм ч учраас намын бүлгээр сая ярьж байгаад яалт ч үгүй тодотгол хийх шийдэл рүү орлоо л доо.

-Уг нь Засгийн газар жаахан сэхээлэг хандсан бол эрүүл мэндийн салбарт ийм их ачаалал ирэхийг судлаачид хэлж сануулсан тэр үед л төсвийн тодотголоо хийх байж…?

-Яг тийм. Хэрвээ эрүүл мэндийн салбарт шаардлагатай мөнгийг тавдугаар сард төсөвт тодотгол хийгээд шийдчихсэн бол өнөөдөр Эрүүл мэндийн сайд шинээр нэмж ажилтан авч, эмнэлгийн ор дэлгэх асуудлыг өөрөө шийдээд явах бололцоотой байсан. Товчхондоо бид бүтэн хоёр сарыг алдаж байж шийдэх гээд сууж байх жишээний. Халдварын тархалт ийм хүнд байхад Эрүүл мэндийн сайд нь мөнгө зарцуулах эрхгүй сууж байна. Ийм байдлаар бид хэзээ ч халдварын тархалттай амжилттай тэмцэж чадахгүй. Дархлаажуулалтын тухай хуульд халдвартай тэмцэх ажлыг ХӨСҮТ хариуцна гээд заачихсан. Гэтэл 2017 оны нэгдүгээр сард Гамшгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ зоонозийн өвчин, шүлхийтэй тэмцдэг байсан УОК-ын үүрэг дээр нэмээд хүн, малын халдварт өвчин гэсэн тодотгол хийчихсэн. Ямар ч судалгаагүй хийчихсэн тодотгол. Өнөөдрийн алдаатай шийдвэрийн гол шалтгааны нэг нь энэ л дээ. Өөрөөр хэлбэл, ковид дээр УОК биш Эрүүл мэндийн сайд, Засгийн газар л шийдвэр гаргах ёстой. Тодруулж хэлбэл, ХӨСҮТ-ийн өгч байгаа мэргэжлийн зөвлөмж дээр үндэслэж шийдвэр гаргах газар нь сая дурдсан хоёр газар.

-УОК шийдвэр гаргаад байгаа нь буруу шийдлүүдийн гол шалтгаан болоод байна гэж үү?

-Ер нь тийм. УОК-ын хүний халдварт өвчинтэй тэмцэх гэсэн хуулийн заалтыг хасах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ үүргийг эрүүл мэндийн салбарт нь өгөх ёстой. Бусад улсуудын хувьд халдварт өвчнөөс сэргийлж тэмцэх байгууллагууд ажилладаг. Тэр байгууллагууд халдварт өвчний талаар урьдчилж судалгаа хийчихээд урьдчилан сэргийлэх ажлаа харна, тэгээд ямар арга замаар тэмцэхээ тодорхойлдог. Тэгэхээр ирэх оны төсөвт зайлшгүй шийдэх ёстой асуудал бол халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх төвийг тусад нь гаргаж алба болгох. Одоогийн ХӨСҮТ-д байгаа хэлтсийг тусад нь гаргаж алба байгуулах шаардлагатай. Тэгээд тэр төвд эхэлж шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Цагаан сар тэмдэглэх эсэхийг тэд шийдэх ёстой. Энэ байгууллагад шинжлэх ухааны ерөнхий ажилтан гэж байна. Засгийн газрын хуралд асуудал оруулахад тэр хүн бүхнээ хариуцаж тайлан тавина. Жишээ нь, яагаад хөл хорио тогтоох болсноо тайлагнана гэсэн үг. Тэр хүний үгийг сонсож эхэлбэл шинжлэх ухаанд үндэслэсэн шийдлүүд гарч эхэлнэ. Дараагийн анхаарах ёстой асуудал бол вакцины чанар, шинэ вариантуудыг тогтоох биобэлдмэлийн лаборатори. Энэ лабораторийн асуудлыг ирэх жил шийдэх ёстой.

-Монголбанк долларын ханш чангарахгүй гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талд төгрөг суларна гэсэн таамгийг эдийн засагчид хэлээд эхэлчихсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Макро үзүүлэлтээрээ валютын нөөц одоогоор гайгүй байгаа. Эхний таван сарын байдлаар экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчихсөн. Бүр тодруулж хэлбэл, 2020 онд огцом буурсны дараах өсөлт. 2019 онтой харьцуулбал өсөөгүй гээд хэлчихэж болно. 1.3 тэрбум ам.долларын хувьд нүүрс, зэс, төмрийн хүдрээс орж ирсэн. Гэтэл одоо зэсийн үнэ 9200 руу уруудчихлаа. Гашуунсухайт хаагдаад сар гаруй болж байна. Тэгэхээр нэг сарын нүүрсний экспорт буюу нэг тэрбум ам.доллар байхгүй гэсэн үг. Тэгэхээр зургадугаар сарын экспортын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо гарч ирнэ. Арай ч хасах руугаа орохгүй байх. Өөрөөр хэлбэл, одоо валютын нөөц хомсдож эхэлж байна. Нөгөө талдаа шатахууны үнэ өсчихлөө. Тодруулж хэлбэл, үлдсэн зургаан сард авах импортын шатахуундаа бид илүү мөнгө төлнө. Валютын гадагшлах урсгал дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Монголбанкны “Валютын нөөц сайн байгаа” гэдэг мэдэгдэл үнэн ч үлдэж буй зургаан сард тэр нөөц багасна. Үүнээс гадна дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт валютын ханшид сөргөөр нөлөөлнө.

-Төгрөг суларч, доллар чангарах бодитой нөхцөлүүд үүссэн талаар та сая ярилаа. Ханшаа тавиад туучихгүйн тулд одоо бид яах ёстой вэ?

-Одоо улстөржилтөө болих хэрэгтэй. Төсвийн зарлагын өсөлтөө хянах шаардлагатай. Хоёр жилийн алдагдал нийлээд найман их наяд, бүтэн нэг жилийн төсвөө алдсан байгаа биз. Шуудхан хэлэхэд, 2022 он бол хэт өөдрөг юм ярих боломжгүй жил. Бүтээн байгуулалтуудаа танахаас аргагүй. Уул уурхай ойрын жилүүдийн найдлага гэдгээ мартаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах бүх л арга шийдлийг хайх ёстой. Товчхондоо ирэх жилүүдэд уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт хоёроос өөр аврал байхгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын экспорт буурч, Хятадын гол нийлүүлэгч АНУ болжээ

Монголын коксжих нүүрсний экспорт огцом буурснаар Хятад улс нүүрснийхээ дийлэнхийг АНУ-аас импортлох болсон талаар “SXCoal” мэдээлжээ. Хятадын тал Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьсан нь үүнд мөн нөлөөлсөн байна.

Оны эхний дөрвөн сард гэхэд АНУ нь Хятад улсад 2.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг тав дахин өссөн дүн юм. Харин зургадугаар сард 742.9 мянган тонн нийлүүлжээ.

Мөн Монгол болон Австралийн экспорт буурсан нь ОХУ-д завшаан болж байгаа аж. ОХУ зургадугаар сард Хятадад 894 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна. Хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ тонн тутам нь 2303 юань хүрээд байгаа нь 2015 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Гантулга: Арматурын үнийн өсөлт өнөөдрийн орон сууцны үнэд нөлөөлөх ёсгүй

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Дэлхийн зах зээл дээр арматурын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор барилгын бараа материалын үнэ нэлээд өсч байна. Арматурын үнийг гаалийн татвараас чөлөөлөх байдлаар үнийг барих, буулгах санал гаргасан ч Сангийн яамнаас энэ боломжгүйг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор БХБЯ-наас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Барилгын материалын үнийн өсөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн тус яамнаас Засгийн газрын хуралдаанд удаа дараа асуудлуудаа танилцуулж, холбогдох саналуудаа хүргүүлж ажилласан. Нэг талаасаа ковидын дараах эдийн засгийн томоохон сорилт гэж харж байгаа. Цаашид гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Мөн мэдээлэл солилцооны тогтолцоог цахимжуулж, тээвэр ложистикийг сайжруулах зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс барилгын гол нэр төрлийн материалын үнийн мэдээллийг цахимжуулж, ил тод нээлттэй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн манай яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яаманд хүргүүлсэн. Цаашлаад үнийн өсөлтийн асуудал нь ганц манай яамны асуудал биш Засгийн газрын түвшинд шийдвэрлэх хэд хэдэн асуудлууд байгаа юм. Энд зөвхөн үнийн хөөрөгдлийг анхаараад чанарын асуудлыг орхиж болохгүй. Энэ талаар барилгын материалын үйлдвэрлэгч, импортооор оруулж ирж байгаа аж ахуй нэгж, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, чанарын талаарх мэдээллийг цахимжуулж иргэд, олон нийтэд ил тод болгох, хилийн боомт дээр түргэвчилсэн шинжилгээний лаборатори бий болгох талаар ажиллаж байна.

-Засгийн газрын шийдвэрээр гаргасан ажлын хэсгийн гол анхаарч байгаа асуудлууд юу вэ?

-Манай яамнаас Засгийн газрын хуралд барилгын материалын болон арматурын асуудлаар танилцуулга хийсэн. Энэ дагуу Ерөнхий сайдын өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар захирамжаар Барилгын гол нэр төрлийн материалын үнийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн хүрээнд барилгын материалын өсөлт нь барилгын төсөвт өртөгт хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг манай яамнаас гаргаж танилцуулсан. Мөн тус ажлын хэсгийн гол асуудал бол арматурын үнийн өсөлтийг бууруулах, хомсдолоос сэргийлэх чиглэлүүдийг баримтлан ажиллахаар байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаас зургаадугаар сарын 17-нд мэдээлэл өгсөн байгаа. Мэдээлэлд уян хатан зах зээлийн горимоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин зах зээлийн бус монопол тогтоох эсвэл богино хугацаанд их ашиг олохоор хэсэг бүлэг хүн яваад байгаа эсэх тал дээр судлахаар холбогдох газруудаас ажиллахаар болсон байгаа.

-Орон сууцны үнийн хөөрөгдлийг хянаж шалгах боломжтой юу?

-Барилга байгууламжийг бий болгох барьж байгуулах ажил нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэлүүд, хуванцар цонх хаалга, бусад туслах материалуудын үнэ дэлхийн зах зээл дээр болон дотоодод худалдан борлуулах үнэ огцом өссөн, зарим бүтээгдэхүүний хомсдол бий болсон, татан авалт, тээврийн үнэ өссөн зэрэг олон шалтгаануудаас үүдэлтэй байна.Дээр дурьдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа.

-Гэхдээ ирэх жил биш өнөөдрийн байдлаар бүхий л орон сууц барилгын материалын үнэ өссөн нэрээр үнээ огцом нэмчихээд байгаа шүү дээ?

-Гэвч зарим аж ахуй нэгж байгуулагууд борлуулалтын үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн зүйлүүд байна. Аливаа бараа материал, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой.

-Төмөр хийцлэлийн үнэ өссөнөөр төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажлууд хүнд байдалд ороод байгаа. Энэ тал дээр ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртгийн үнийн өсөлтийн асуудлаар манай яаманд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээ авах хуулийн зохицуулалт тусгагдсан байдаг. Манай яамны зүгээс жил бүр хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ашиглагддаг барилга байгууламжийн үнийн индексийг тооцон гаргадаг. 2020 оны үнийн ерөнхий индекс 1.08 гарсан. Харин 2021 оны үнийн индексийг яаралтай байдлаар урьдчилан тооцсон ба 1.35 пунктын өсөлттэй гарсан. Энэ асуудлаар Сангийн яамтай зөвшилцөх, цаашид энэ хүндрэлтэй байдлаас хэрхэн даван туулах, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох, нэн тэргүүн ээлжийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үндсэн шийдлийг хувилбартай байдлаар гарах талаар ажиллаж байна.

-Манайх өөрсдөө арматураа үйлдвэрлэнэ гэж яриад нэлээд удлаа.Төмөр хийцлэлээ дотооддоо үйлдвэрлэх асуудал нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улс 2019 онд 244.5 мянган тонн арматурыг БНХАУ болон ОХУ-аас импортоор оруулж 55.7 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, 2020 онд 240.1 мянган тонныг импортоор оруулж 12.3 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, өнгөрсөн тавдугаар сарын 25-ны байдлаар 73.6 мянган тонныг импортоор оруулж зургаан мян.тонныг дотооддоо үйлдвэрлээд байна. Дотоодын 15 үйлдвэр өнөөдрийн хүчин чадлаараа, төмрийн хаягдлын олдоц, нөөцөөр ажиллалаа гэж үзэхэд дотоодын хэрэгцээний 25 орчим хувийг л үйлдвэрлэх л боломжтой байна. Цаашид дотоодын хэрэглээг бүрэн хангах асуудлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” , “Бэрэн групп”-ын гангийн үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийг хийх, төмрийн хүдрээс ган туйван үйлдвэрлэх чиглэлд анхааран холбогдох яамдтай хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт нэмэгдэж, зэсийн баяжмалынх буурчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 2020 оны мөн үед 8.725 мянган тонн байсан нүүрсний экспорт 9.580 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өсчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 855.1 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт 3.933 мянган тонн болж буурсан байна. Өмнөх оны мөн үед 4.156 мянган тонн байсан бөгөөд 223.6 мянган тонноор буюу 5.4 хувиар буурсан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​О.Заяа: Ажил, орлогогүй хүмүүсийг удирдан чиглүүлж, хичээл зүтгэлээр амьдрал ахуйгаа авч явах ёстойг сургадаг хүнгүй болжээ


Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяатай ярилцлаа.


-Олон мянган компани эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр өсөн өндийж байна. Монголын эмэгтэйчүүдийн бизнесийн салбарт эзлэх хувь хэмжээ, байр суурийн талаар тодруулахгүй юу?

-Юуны өмнө холбооны үүсэл хөгжлийн тухай товч дурдах нь зүйтэй болов уу. Манай холбоо бараг 28 жилийн түүхтэй байгууллага. Улс орныхоо хөгжлийн төлөө, аж амьдралаа дээшлүүлж, баялаг бүтээх гэсэн эмэгтэйчүүд 1990-ээд оны шилжилтийн үед гарч ирсэн юм. Тухайн үед хувьчлал нэрээр нэгдэл, үйлдвэрүүдийг тараасан. Энэ үед ажилчин ангийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд байлаа. Ялангуяа, оёдол, ноос, арьс ширний үйлдвэр, хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд 80 шахам хувийг эзэлж байсан. Ингээд чөлөөт эдийн засаг руу орсон. Энэ үед нөхөр нь ажилгүй болж, дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйлгүй, хүүхдүүд нь өлсөж цангах үеэс эмэгтэйчүүд хошуучилж, баялаг бүтээхийн төлөө хичээн тэмцэж ирсэн. “Гахай” үүрэхээс л бид бүхний бизнес эхэлсэн. Энэ явцад эмэгтэйчүүд хамтарч ажиллах, бие биедээ туслах зорилгоор нэгдэж, нийгэмд байр суурь эзэлж ирлээ. Манайх 21 аймаг, бүх дүүрэг, ихэнх суманд салбартай. 20 гаруй мянган гишүүнтэй болжээ.

Манайд нөхөр нь том албан тушаалд байсан, өмч хувьчлалаар гэнэт асар их хөрөнгөтэй болсон, хувьчилж авсан том үйлдвэрүүдээ бусдад түрээслүүлж бэлэн мөнгөн дээр туйлж байдаг, оффшор данстай, улстөрчидтэй хутгалдсан эмэгтэйчүүд байдаггүй. Хөдөлмөрийг багаас нь эхлээгүй, бэлэн юман дээр туйлсан хүмүүсийг эгнээндээ нэгтгэдэггүй.

Бизнес эрхлэгч хүүхнүүд, ер нь манай бизнес эрхлэгчид хангалттай сайн хөдөлмөрлөж байгаа. Үүнийг банкууд хэрхэн томорч байгаагаас харж болно. Өнгөрсөн хугацаанд бид зээлээс зээлийн хооронд явж ирсэн. Анх багахан байр түрээслээд ажиллаж байсан банкууд одоо хэрхэн томорсон байна вэ. 200-300 салбартай, олон давхар нүсэр оффистой болсон байгаа биз дээ. Тэд баялаг бүтээдэг хүмүүст зээл өгч, хүүгээр нь хөлжиж байгаа. Тэгэхээр зээлийн хүүгийн өндөр дарамтыг үл хайхарч, баялаг бүтээгчид сайн ажиллаж ирсний баталгаа энэ. Өнгөрсөн хугацаанд манай эмэгтэйчүүд тэвчээр, хатуужлаар бүхнийг туулж, өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэд тэвчээртэй, шударга, хичээл зүтгэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс юм. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байр сууриа баттай эзэлж авсан. Гэвч бид томорч хөгжиж чадахгүй байгаа нь үе үеийн Засгийн газрын урвуу бодлогоос үүдэлтэй.

-Хоёр их наяд төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгож байгаа. Үүнд танай холбооны бизнес эрхлэгчид хэр хүртээмжтэй хамрагдаж байна вэ?

-Ер нь жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл авч чаддаггүй. Барьцаа хөрөнгө байдаггүй. Тиймээс банкны шалгуур давдаггүй. Хоёрдугаарт, ихэнх нь муу зээлдэгч болчихсон. Өнөөгийн байдлаар 51 мянган аж ахуй нэгж татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Үүнээс 55 хувь нь буюу 30 мянга орчим нь нийгмийн даатгалын шимтгэлд 194 тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс гадна Монголбанкны зээлийн мэдээллийн санд 8000 аж ахуй нэгж, 300 мянган иргэн муу зээлдэгч гээд бүртгүүлчихсэн. Үүнээс болж маш олон аж ахуй нэгж банкны шалгуурыг хангахгүй гэсэн шалтгаанаар хөнгөлөлттэй зээлээс хүртэх боломжгүй болж байна. Ер нь аж ахуй нэгжүүд ажлаа явуулахын тулд өндөр хүүтэй, хугацаа багатай зээлийг авахаас өөр аргагүй байдаг. Эргээд зээлийнхээ дарамтад ороод үйл ажиллагаагаа сансан хэмжээндээ тэлж чадахгүй яваа олон аж ахуй нэгж бий. Сүүлдээ Монголбанкны хар дансанд орсноос болж зээл авч чадахгүй нөхцөл байдал руу ордог. Арга буюу ББСБ, мөнгө хүүлэгч нараас зээл авсанаар өрийн дарамтад орох тохиолдол элбэг байна. Үүнээс болж, ажилчдаа цомхотгож, зарим цехээ зарах асуудал үүсч байна. Хоёрдугаарт, хувь хүнд 50 сая төгрөг өгч байгаа. Лангуу түрээсэлдэг, худалдаа хийдэг, цайны газар ажилуулдаг гэх зэргээр хүмүүс авч байна. Гэвч бэрхшээл байна. Тухайлбал, ихэнх хүн худалдаа эрхэлдэг. Хятад, Турк, Солонгос зэрэг орноос бараа бүтээгдэхүүн оруулж ирж борлуулдаг хүн олон бий. Тэд 50 сая төгрөг авлаа гэхэд эргэлтэд оруулж чадахгүй гацчихсан. Банкнаас мөнгийг нь шууд өгөхгүй, цаад нийлүүлэгч тал руу шилжүүлнэ гэж байгаа юм. Гэтэл Хятад, Турк руу яаж шилжүүлэх вэ. Ингээд мөнгөө яаж авахаа мэдэхгүй гацчихсан байна.

Тэгвэл энэ зээлийг хэн авч байна вэ. Бид салбар нэгжээр дамжуулаад 5000 хүний дунд зээлийн судалгаа явуулж үзсэн. Та зээлтэй юу гэхэд 98 хувь нь зээлтэй. Та зээлээ хэвийн төлж чадаж байна уу гэхэд 10 гаруй хувь нь тийм гэж хариулсан. Мөн 20 гаруй хувь нь зээлээ огт төлж чадахаа больсон, банкинд хөрөнгөө хураалгаж эхлээд байгааг хэлсэн. Танд ямар зээл хэрэгтэй байна гэхэд урт хугацаатай, бага хүүтэй, ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөхөд шаардлагатай зээл хэрэгтэй гэж бүгд хариулсан. 1990 оноос хойш өнөөдрийг болтол бид нэг удаа ч үйлдвэр хөгжүүлэх зээл гэж авч үзсэнгүй. Дандаа арилжааны нөхцөлтэй зээл авч ирлээ. Үйлдвэрлэлийг дэмжсэн зээл хэрэгтэй байна. Гэвч ийм зээл нь нэг удаа гарахад эзнээ олоогүй. Бид судалгаандаа банкны зээл эзэддээ хүртээмжтэй хүрч байна уу гэж асуусан. Ингэхэд хүртээмж муу байна гэдэг дээр бүгд шахуу хэлсэн. Мөн эзэндээ огт очихгүй байна гэж хариулсан. Үүнээс гадна банкны зээл хэсэг бүлэг хүнд зориулагдаж олгогдож байна гэж судалгаанд хамрагдагсад хэлсэн. Төрийн бодлого бол нам дагасан, өөрсдөдөө үйлчилсэн намын гишүүдээ харж үзсэн байдалтай явж байна. Манай бизнес хүүхнүүд ихэвчлэн нам бус. Тэр хүмүүс дэмжлэг байхгүй учир зээл авч чаддаггүй. Дарга сайд нар хамаарал бүхий хүмүүсээрээ дамжсан 20-30 компанитай. Нөгөө хөнгөлөлттэй зээлийг хамаарал бүхий эдгээр хүмүүсээр дамжуулаад авчихаж байгаа юм. Яг эзэддээ хүрч чадахгүй байна. Эцэст нь зээлдэгч нар арга буюу ББСБ-аас зээл авдаг. Тэгэхээр зээлийн өөр бодлогын авч явуулахаас өөр арга алга.

-Бизнес эрхлэгчдэд татварын дарамт хэр их байна вэ. Мөн нэг хэсэг нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн?

-Төр засгаас баялаг бүтээгч нарыг дэмжих хүсэлтэй бол зээлийн өөр бодлого явуулах хэрэгтэй. Эсвэл нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-аа бага болго. НӨАТ бол борлуулалтаас авдаг давхар татвар болсон. Энэ татвар өндөр байгаа тохиолдолд манайх шиг цөөн хүн амтай, зах зээлийн багтаамж багатай оронд тун хүнд юм. Тийм учраас НӨАТ-ыг 3-5 хувь болгоод, харин малчдаас эхлээд хүн болгон төлдөг систем рүү шилжих хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийг жигд 10 хувь болгох шаардлагатай. Одоо бол компани, иргэн тус бүр 10 гаруй хувийг төлж байна. Нэгэнт компани байгуулаад үйл ажиллагаагаа эрхлээд ирсэн хүмүүс энэ бизнесээ орхих хэцүү. Сүүлдээ аж ахуй нэгжтэй байх нь дарамт болж байна. Тэгэхээр татварын багц хуулиа өөрчлөх хэрэгтэй. НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой.

-Аж ахуй нэгжүүдийн хувьд хүний нөөцийн асуудал том хүндрэл болсон тухай та хэлж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Аж ахуй нэгжүүдэд томоохон асуудал гарч ирсэн. Энэ нь ажиллах хүчин юм. Ажил хийх сонирхолтой хүмүүс цөөн болсон. Гэтэл фэйсбүүк ашиглалтаар дэлхийд тэргүүлж байна. Залуус нь ажилгүй, утсаа ухаад хэвтэж байдаг. Халамж хавтгайрсан. Төрөөс ажилгүй залууст нэг сая төгрөг өгөөд вакумжуулсан сургалтад хамруулаад ажил хийлгэнэ гэнэ. Яагаад ийм амьдрал мэдэхгүй, сонин шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Уг нь ажил хийж байгаа хүмүүсээ урамшуулах ёстой. Бүтээмжээ нэмсэн бол үр өгөөжийг нь хүртдэг, авч байгаа цалин нь гэр бүлээ тэжээхэд хүрэлцдэг болгох учиртай. Мөн олон ажлын байр бий болгосон компанийг зарим татвараас чөлөөлдөг систем үйлчлэх учиртай. Ингэж байж ажиллах сэдлийг бий болгоно. Түүнээс биш бүгдийг нь сургалтад хамруулаад, нэг газар хүчээр ажилд оруулаад асуудал шийдэгдэхгүй. Мэдээж боловсрол нимгэн, архи дарсанд орсон, ажил хийх сонирхолгүй хэсэг бүлэг хүн бий. Өндөр цалин өгдөг том үйлдвэрүүд байгуулж, эдгээр хүнийг ажил орлоготой болгох хэрэгтэй. Ер нь хүн хөдөлмөрийн хамт олон дунд хүмүүждэг.

Бид судалгаа хийсэн. Ингэхэд ажил орлогогүй байгаа хүмүүсийг удирдан чиглүүлдэг хүнгүй болчихож. Социализмын үед нэгдлийн дарга, сүүний ферм, хадлан гэх зэргээр удирдаад аваад явдаг, хошуучилдаг, хамтарч ажил хийдэг, зөв бурууг нь заадаг хүмүүс байлаа. Одоо тийм хүмүүс их үгүйлэгдэж байна. Манайх судалгааны дүнтэй холбогдуулж, бодлогын хороогоор хуралдаад “Ногоон хувьсгал”-ыг эхлүүлж байна. Цаашид ард түмний сэтгэлгээнд өөрчлөлт гаргуулахын төлөө ажиллаж, ажил хөдөлмөр хийе гэсэн хүмүүсийг зааж сургаж, дэмжиж туслах хэрэгтэй гэж үзсэн.

Г.БАТ