Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 18 ХК-ийн ханш өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 34 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 405, 4 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баянгол зочид буудал” (BNG+13.99%) болон “Мандал Даатгал” ХК (MNDL+13.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Үндэсний хувьчлалын сан” (XOC-9.36%) болон “Э-Транс ложистикс” ХК (ETR-5.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 42,281 нэгж эрхийг 9.8 сая төгрөгөөр арилжсан байна.

Энэ өдөр багцын арилжаанд нийт 10 мянган ширхэг үнэт цаасыг 1 сая ам. доллароор арилжжээ. ТOП-20 индекс 0.08 хувиар өсөж, 31927.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,907,141,104,192.38 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Оюун: Зээлээ урьдчилж төлөх гэдэг нь санхүүгийн боловсролгүй хүний үйлдэл

Эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.Оюунтай иргэдийн санхүүгийн боловсролын талаар ярилцлаа.


-Та саяхан монголчуудын санхүүгийн боловсролын асуудлаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна лээ. Ер нь монголчууд хэр санхүүгийн боловсролтой хүмүүс вэ?

-Миний судалгааны ажлын нэг том хэсэг нь энэ. Монголчуудын санхүүгийн боловсролын түвшин ямар байгааг судалсан. Дэлхийн банкнаас ядуу, орлого багатай орнуудын иргэдийн санхүүгийн чадавхыг үнэлсэн байдаг. Манай монголчууд санхүүгийн мэдлэгтэй байна. Санхүүгийн чадамж муутай байна гэж гарсан юм. Хадгалах, хуримтлуулах хэрэгтэй гэх мэтээр мэдлэг байна. Мэдлэгээ хэрэгжүүлэх тал дээр сул дүн авсан. Ялангуяа үнэт цаасны зах, хувьцаа бонд дээр мэдлэг муутай гэж гарсан. Стандарт энд Пүүрс гээд олон улсын байгууллага дэлхийн улс орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индексийг тодорхойлсон байдаг. Дэлхийн улсууд 13-77-гийн хооронд үнэлэгдсэн. Манайх 36 оноо авсан байдаг. Энэ хүрээнд судалгаа хийж үзсэн. Энэ судалгаагаар дээрх хоёр байгууллагын гаргасан дүгнэлт батлагдсан. Ер нь манай хүмүүс мөнгөө удирдах ёстой. Бага үрэх ёстой, хэрэггүй юм авах ёсгүй гэж мэдээд байдаг. Гэсэн ч үүнийгээ хэрэгжүүлдэггүй юм байна гэдэг нь харагдсан. Монголчуудын санхүүгийн боловсролд цаашид анхаарах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлт хийгээд, яаж дээшлүүлэх вэ гэдэг эрэл хайгуул хийж судалсан юм.

-Ямар аргаар дээшлүүлэх боломжтой вэ?

-Миний судалгаа “Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол, арга зүйн судалгаа” гэсэн нэртэй юм. Тогтолцоо нь байна уу, санхүүгийн боловсрол олгох боломж байна уу гэдгийг судаллаа. Боловсролын тогтолцоонд байдаг шинжүүдийг авч үзэхээр элементүүд нь байна. Нөөц, бүтэц, зохион байгуулалт нь байна. Гэхдээ бүх нийтээр нь санхүүгийн боловсрол олгох боломжийг сайжруулах ёстой нь харагдсан.

Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид “Бизнес судлал” гэдэг хичээл 2016 оноос хойш орж байгаа ч хүүхдүүд сонгодоггүй. Яагаад сонгохгүй байна гэхээр хүүхдүүд ахлах ангидаа ирээдүйн мэргэжлийнхээ суурь хичээлийг илүү сонгодог юм байна. Эцэг, эх нь сонголт хийхэд нь нөлөөлдөггүй. Багш нь сурах бичигтэйгээ, бэлэн хөтөлбөр байхад сонголт хийхгүй байгаа юм. Заавал сонгон судлах хичээл болгочих боломжтой. Үүнд яам анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн.

Дээр нь Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулаад хүмүүст “Амьдрах ухаан” хичээл ордог боловч бас яг агуулгыг нь илэрхийлсэн хичээл байж чадахгүй байна. Жинхэнэ хөтөлбөрөөрөө хийгдээгүй байна. Энэ бүгдийн суурь нь багш бэлтгэгдээгүй байна гэж дүгнэсэн. Багш нар маань өөрсдөө заалгаж байгаагүй энэ хичээлийг бусдад заана гэхээр зүрхшээгээд байна гэж анзаарагдсан.

-Багш бэлтгэгдээгүй байж болно. Амьдрал бидэнд том хичээл зааж байна. Хүн ажлаа хийх боломжгүй, орлого тасалдах цаг ирж болно гэдгийг ковид бидэнд ойлгууллаа. Ийм эрсдэлтэй үед хэрэглэх мөнгө цааш нь хийх ёстой гэдэг орой руу орж байна л даа.

-Манай судалгаа боловсролын тогтолцоогоо хөндсөн учраас боловсрол олгож байгаа хэлбэрүүдээ бас судалсан л даа. Тэрэн дунд чиний хэлснээр амьдрах орчноосоо суралцах хэлбэр гэж байдаг. Хүн насан туршдаа суралцана гэдэг концепцийг дэлхий нийтээрээ баримталж байгаа. Амьдрал баян. Асуудал байнга тулгарч байдаг. Монголд албан ба албан бус боловсролын тогтолцоо бий. Албан бус боловсрол нь Насан туршдаа суралцахуй. Бас миний хөндөж тавьсан зүйл санхүүгийн байгууллагууд тэр дундаа арилжааны банкууд бүтээгдэхүүний нөхцөлүүдээр дамжуулаад санхүүгийн боловсрол олгох ёстой гэдэг арга зам байгаа юм. Ковидын үед нийт хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Амьдрал тулгасан, ойлгуулсан. Засгийн газраас мөнгөөр нэлээд дэмжлээ. Хөл хорилоо. Дэлгүүр хэсэхээ байлаа. Гадуур хооллохоо байлаа. Хүүхдийн мөнгө, 300 мянган төгрөг өгсөн учраас хүмүүс эрсдэлтэй нөхцөлд мөнгөө хадгалах сонголт хийж байна. Бид судалгааны явцад “Орлого гэнэт тасалдвал та хадгаламжаараа хэдэн сар амьдрах вэ” гэж асуусан. Судалгаанд оролцсон хүмүүсийн 33 хувь нь хадгаламж байхгүй гэж хариулсан. Энэ бол аюултай тоо л доо. Ер нь хадгаламж, хуримтлал хоёрынхоо ялгааг манайхан мэдэх ёстой.

Гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх зорилготой мөнгийг хадгаламж, өсгөж үржүүлэх зорилготой мөнгийг хуримтлал гээд байгаа юм. Үүнийг ялгахын тулд банкууд хугацаагүй, хугацаатай хадгаламж гэж нээдэг. Хугацаагүй хадгаламжийн зориулалт хадгаламж, хугацаатай хадгаламж нь хүү өндөртэй байдаг учраас хуримтлал. Тодруулж хэлэхэд орлого гэнэт тасалдахад дор хаяж, гурван сар хэвийн амьдралаа аваад явчих хэмжээний мөнгө хадгалсан байх учиртай. Хугацаагүй хадгаламжинд ийм хэмжээний мөнгө байх ёстой. Энэ хугацаандаа дараагийн орлого орж ирэх боломжийг хүн бүрдүүлээд авна. Судалгаанд оролцсон хүмүүсийн цөөнгүй хувь нь “Болж байна” гэж хариулсан. Болж байна гэвэл хүн цаашид ахиж дэвших арга хайхаа больдог.

Манайхан “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэдэг. Ингэж болохгүй. Хадгаламж хугацаагүй хадгаламжинд бий. Хуримтлал гэхээр хувьцаа бонд үнэт цаас, урт хугацаатай хадгаламжаар дамжаад өсөөд, янз бүрийн хэлбэрээр үржээд явж байх учиртай. Манайхан хадгаламж, хуримтлалаа ялгаагүй учраас хугацаагүй хадгаламждаа нэг их мөнгө хийхгүй байгаа юм. Хугацаагүй хадгаламждаа гурван сарын хэвийн амьдралаа хангах хэмжээний зардлыг хадгалж, үүнээс илүү гарсан мөнгөө хуримтуулж эхлэх ёстой. Энэ талаар манайхан мэдлэгтэй байх ёстой гэж судалгаагаар гарсан юм.

-Та хуримтлалын философи гэж ярьдаг даа. Гурван хувингийн тухай ярьж байсан санагдаад байна?

-Зарим хүн дөрвөн түрийвч гэж ярьдаг. Тэр гурван хувингийн онцлог нь нэг нь хадгаламжийнх, нөгөө нь хуримтлалынх. Гурав дахь нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөнгө юм. Энд хүмүүс өөрсдөө сонголт хийнэ.

-Ихэнх хүмүүс зээлтэй байдаг. Хараад байхад хүмүүс хоёр янзаар төлбөрөө хийж байна. Нэг хэсэг нь богино хугацаанд аль болох өндөр төлбөр хийж, зээлээ хаахаар яардаг. Нөгөө хэсэг нь зээлээ хугацаандаа төлөнгөө хадгаламжиндаа жаахан мөнгө нэмэхэд анхаардаг. Аль нь зөв бэ?

-Наадах чинь санхүүгийн боловсролыг илтгэдэг. Манайхан зээлийг өр гэж хүлээж аваад байдаг. Өр, зээл хоёр өөр харилцаа. Зээлээ банктай тохирсон хуваарийн дагуу төлөөд явна. Түрүүлж, урьдчилж төлөх гэдэг санхүүгийн боловсролгүй хүний ойлголт. Битгий хугацаанаасаа өмнө төлөх гэж яар. Түрүүлээд төлчих мөнгө байвал хадгална, хуримтлуулна. Дахиад үржүүлнэ. Зээлээ төлөх орлогыг одоо илүүдээд байгаа мөнгөөрөө хийх ёстой. Зээл бол өр биш. Бүх том компаниуд зээлээ зөв ашиглаж байж томордог.

-Та мөнгөө зөв удирдах талаар лекц уншдаг. Банкууд ч хуримтлал үүсгэх талаар зөвлөж байдаг. Гэсэн ч хүн яг хэрэгцээтэй үедээ л энэ бүхнийг олж сонсдог юм шиг ээ?

-Яг тэгдэг. Би сая онол, арга зүйн судалгаа хийлээ л дээ. Хүн ямар нэг үйлдэл хийхдээ бодно. Бодож бодож байгаад шийдвэр гаргадаг юм байна л даа. Хүн болгоны сурах арга барил өөр. Жишээлбэл, би сурахдаа уншиж байгаа номон дээрээ бичиж, тэмдэглэдэг. Хүмүүс намайг “Яагаад номон дээр бичиж байгаа юм бэ” гээд шүүмжлэх гээд байдаг л даа. Миний сурах арга барил тэгээд тогтчихсон юм байна. Би номон дээрээ бичдэг, асуулт, анхаарлын тэмдэг энд тэнд нь тавьдаг. Дээгүүр доогуур нь зурдаг, улаан ногооноор нь эрээчдэг учраас би ном худалдаж авдаг. Миний өмч учраас би зурж болно. Би мөнгөө зараад худалдаж авсан учраас надад үйлчлэх ёстой. Номын сангийн номон дээр зурж болохгүй, нийтийн өмч учраас. Зарим хүн бол номоо уншаад, дэвтэртээ бичиж авдаг. Сурах арга барил, насны онцлог, сэтгэл зүйн онцлогт нь суурилаад, багш сургалтыг зохион байгуулах асуудал хөндөгдөж байгаа юм.

Гэхдээ миний судалгааны ажил санхүүгийн боловсрол олгох тогтолцоо Монголд байна уу, яаж тогтолцоог сайжруулах вэ гэдэг рүү чиглэсэн. Энэ хүрээнд судлах юм маш их бий. Боловсрол судлалыг хоёр түвшинд авч үздэг. Хувь хүний түвшинд, нийгмийн түвшинд. Хувь хүний түвшинд гэхээр хувь хүний хөгжил, санхүүгийн мэдлэг, боловсрол олгох явц судлагдана. Нийгмийн түвшинд гэхээр яг хүсээд байгаа, шаардлагатай боловсролыг олгох үйлчилгээ үзүүлэх ёстой. Та нар санхүүгийн боловсрол олцгоо гээд зөнд нь хаяхгүй, бас хүчээр олгохгүй, боловсрол олгох орчныг л төр бүрдүүлнэ гэсэн үг. Нэг анхаарах зүйл нь хүүхдүүдийг, хүмүүсийг сургах гээд зүтгээд байдаг. “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэдэг шиг байж болохгүй. Хүн цагаа болохоор л сурдаг. Боловсрол бол орцтой өөрөөр хэлбэл мэдээлэлтэй, явцтай, гарцтай тогтолцоо байхгүй юу.

Үүнийг үндэслэж, хэддүгээр ангийн хүүхдэд яаж ойлгуулах вэ гэдэг арга барилыг хөтөлбөртөө суулгаж байж хэрэгжүүлбэл маш богино хугацаанд амжилт олно. Бидний хийсэн туршилтаар хөөрхөн үр дүн гарсан л даа. Энэ бүхэн онолын нарийн үндсэн дээр явагддаг. Түүнээс биш “Чи энийг сурах ёстой” гээд байвал хүлээж авахгүй. Яаж хэлбэл ойлгох вэ гэдэг олон арга бий. Би ганцхан арга хэлье. Амжилттай яваа хүмүүсийн түүх чухал нөлөө үзүүлнэ. Түүгээр дамжуулаад сурах хүслийг нь бий болгоод, энэ үед нь үйлчлэхэд бэлэн байх учиртай.

-Та түрүүн багшаас гадна эцэг эхчүүд нөлөө үзүүлдэг гэсэн шүү дээ. Эцэг эхчүүд нь өөрсдөө зөв үлгэрлэх ёстой болно. Мөнгөө зөв зарцуулж сургахын тулд хүүхдэдээ мөнгө өгөх ёстой юу?

-Энэ чухал сэдэв. Манайхан боломжтой эцэг, эхчүүд нь хүүхдийнхээ мөнгийг хадгалдаг. Энэ буруу. Хүүхдээ амьдралд бэлтгэж, өөрт нь ногдож байгаа мөнгийг удирдуулж сургах хэрэгтэй. Мэдээж нас насных нь онцлогт тохируулна шүү дээ. Би хүүхдэдээ хадгаламж хийсэн гэж эцэг, эхчүүд бахархдаг. Хүүхдийнхээ амьдралын зорилгыг хулгайлж байна гэж хэлж болно. Хүн алдаж байж сурдаг. Алдаанаас маш сайн сурдаг учраас хэрэгцээтэй зүйлдээ мөнгө зарцуулах боломж олго. Алдсан үед нь зөвлөж тусал. “Хүүхдүүдээ амьдралд бэлтгэе” гэж хичээл цахимаар хийсэн. Эцэг эхчүүдэд маш их таалагдсан. Эхлээд сургалт явуулахаар зарлахад “Манай хүүхэд есөн настай сургалтад хамруулж болох уу” гээд эхэлсэн. “Эцэг, эхэд зааж байгаа юм аа” гэхээр зарим нь “Бид нарт юуг нь заах вэ дээ” гэдэг. Үлгэр дуурайл үзүүлнэ гэдэг эцэг эхээс хамааралтай. Эцэг эхээс гадна багш нар чухал үүрэгтэй. “Бизнес судлал” хичээлийг нийгмийн ухааны багш нар заах ёстой болсон. Тэдэнд хичээл заахаар Боловсролын яамны шугамаар орон нутагт “десант” буусан юм. Зарим нь энэ хичээлийг заах итгэлгүй байна гэсэн. Тэдэнд зөвлөхдөө “Та нар бизнес хий, хадгаламж, хуримтлал хий, зээл ав” гэсэн. Өөрөө бодитоор мэдэрсэн хүн хичээл заахад болоод явчихдаг л даа.

-Эцэг, эхчүүд мөнгөө гамгүй үрчихдэг бол хүүхдэдээ “Мөнгөө хадгал” гэж хэлээд нэмэр багатай л юм?

-Хүүхэд эцэг, эхээ л харж өсч байгаа шүү дээ. Эхлээд эцэг, эх өөрсдөө санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй байх нь. Боловсрол тасралтгүй байх ёстой. Хүүхэд мөнгө гэдгийг мэдэж эхлэхэд л насанд нь тохирсон аргаар сургах учиртай. Манайд ахлах ангиас эхлэхээр оройтоод байна. Хүүхдэд ойлгуулдаг арга бий. Жишээлбэл, хүүгийнхээ хамгийн хайртай зүйлийг зээлээд ав. Битгий өг. Тэгэхээр хайртай юмаа хүүхэд нэхнэ шүү дээ. Ээж ээ, машинаа авъя гэхэд нь “Зөв шүү. Зээлсэн юмыг буцааж өгөх ёстой. Энэ чинь хүний юм. Хэрэглэж дуусан бол эзэнд нь өгөх ёстой” гэх мэтээр тайлбарладаг нарийн аргууд байдаг.

-Цэцэрлэгийн наснаас нь эхлээд сургах хэрэгтэй юм байна. Хүүхэд байж мөнгөөр яах юм гэж байснаа гэнэт нэг өдөр “Насанд хүрсэн байж мөнгөө зөв зарцуулахад яадаг юм” гээд загнавал хэцүү л дээ.

-Би социализмын үеийн хүүхэд. Орост их сургуульд сурахаар явахдаа л өөрийн гэсэн мөнгө барьж үзсэн. Тэр болтол аав, ээж юу өмсөж, зүүхийг мэддэг, аваад өгдөг байж. Тэгээд яг бие дааж амьдарч эхлэхэд заримдаа мөнгөгүй болоод өлсөнө. Аяндаа мөнгөө удирдаж сурсан юм. Хүүхдээ хойшоо бай, би мэдчихье гэдэг маш буруу. Намар хичээл эхлэхээр эцэг, эхчүүд хувцас, ном дэвтэр цүнх авахаар явдаг. Хүүхдүүддээ “Чамд юу хэрэгтэйг биччих, энэ мөнгийг аваад яв, өөрийнхөө юмыг ав” гэх хэрэгтэй юм билээ. Гэтэл хүүхэд энэ жил шинэ цүнх авахгүй байж болно. Цүнх авах мөнгөөрөө өөр хэрэгцээтэй юм авъя гэж шийдвэр гаргаж болно. Бие дааж санхүүгийн шийдвэр гаргахад багаас нь сургах чухал. Энэ бол хүүхдүүдээ амьдралд бэлтгэх арга.

Хадгалж сургана гэж гоё юм байдаг. Дуртай юмаа авангуутаа шууд идэж байна уу, эсвэл дараа идье гээд хойш нь тавьж байна уу гээд эцэг, эхчүүд хүүхдээ ажиглах хэрэгтэй. Хүүхдийнхээ онцлогт тохируулаад юу анхаарах вэ гэдгээ мэдээд авчих. Санхүүгийн боловсролд сургахдаа сурах арга барилд нь үндэслэх гэдгийг анхаармаар байна. Миний судалгааны ажлын хоёрдугаар бүлэгт “Монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний хөгжил, уламжлал, шинэчлэл” гэж бүлэг бий. Хүнээр хүн хийнэ гэдэг боловсролын эцсийн зорилго. Монголчууд хүүхдээ хар багаас нь маш нарийн сургаж ирсэн юм байна. Аргал түүхээс авахуулаад насных нь онцлогт тохирсон ажил хийж сургаад, амьдралд бэлтгэдэг байсан юм билээ. Миний судалгаан дээр нэг ийм дүгнэлт бий. “Монголд өнөөдөр хос сэтгэлгээ зэрэгцэн оршиж байна” гэж. Нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээ, суурин сэтгэлгээ бас байна.

-Багш болгон санхүүгийн боловсрол олгочихдоггүй юм байна. Багшийн онцлог, амьдралын туршлага, мэдлэг хандлага гээд олон зүйл нөлөөлөх нь. Та эцэг эхчүүдэд юмуу багш нарт зориулсан гарын авлага бичих үү?

-Судлаачид бэлтгэхэд хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа. Малчдын санхүүгийн боловсрол, хүүхдийн санхүүгийн боловсрол, эцэг, эхийн боловсрол өөр. Хүүхдэд зориулсан бэлэн болсон хөтөлбөрүүд бий. Хамтарч ажиллах судлаач, багш нар гарч ирнэ гэж найдаж байна. Надад хүмүүс хэлж байна лээ. Боловсрол судлал, эдийн засаг хоёр шинжлэх ухааны зааг дээр их том асуудлыг анх удаа хөндлөө гэсэн. Анхны суурийг нь тавихад түүнээс цааш салбарлаад явна л даа. Олон жил энэ судалгааг хийлээ. Энэ хооронд практик ач холбогдолтой байлгахын тулд “Өрхийн төсвийн дэвтэр” гаргасан. Мөнгө хураах “Дүүрэн авдар” гээд нарс модон мөнгөний авдар хийсэн. Авдар авч өгөөд “Энэ чиний авдар” гээд түлхүүрийг нь өгөөд хүүхдэд эрх чөлөө өгдөг. Бас нэг туршилт байдаг. Аав нь авдар дотроос нь 5000 төгрөг авсан юм байна. Хоёр хүүхдийнх нь нэг нь мэдээд, нөгөө нь мэдэхгүй байсан гэнэ. Энэ чинь хүүхдэд өөрийнхөө юмыг хямгадахад сургаад байна л гэсэн үг. Хадгалсан мөнгөө тоолоод, алхам алхмаар хүмүүжүүлэх учиртай.

Categories
мэдээ эдийн-засаг

Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо

Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаас Кредит банкны үйл ажиллагааг зогсоож, тус банкны эрх, үүрэг, хариуцлагыг Тээвэр хөгжлийн банканд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг гаргасан байна. Эдгээр банкууд нь зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, цаашид тогтвортой, өсөлттэй байх нөхцөлийг хангах, системийн хэмжээний банк болтол тэлэх боломжийг олж харсны үндсэн дээр энэхүү шийдвэрт хүрсэн бөгөөд дээрх шийдвэр нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэл болгож буй.

Монголбанк Тээвэр хөгжлийн банкны өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой гэж үзэн дээрх хоёр банк нэгдэх зөвшөөрлийг 2021 оны долдугаар сарын 28-ны өдөр олгосон болно. Тээвэр хөгжлийн банк, Кредит банкуудын нэгдлийн үр дүнд банкны хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, засаглал, хамтын хяналтын тогтолцоо, өөрийн хөрөнгийн эрсдэл даах чадвар, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг ханган ажиллах чадвар сайжирна гэж дүгнэж байна. Кредит банкны салбар, тооцооны төвүүд нь Тээвэр хөгжлийн банканд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллана гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Сурахбаяр: Уул уурхайдаа түшиглээд хөгжих боломж бий ч Засгийн газарт манлайлал дутаад байна

Эрдэс баялгийн эрх зүй судлаач Г.Сурахбаяртай ярилцлаа.


-Уул уурхайн салбарт дажгүй хэрэгжиж яваа төсөл гэвэл “Эрдэнэт”, “Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” гэсэн алт зэсийн дөрвөн төсөл л байна. Эднийг эс тооцвол хайгуул зогссон, хөрөнгө оруулалт таг гацсан байдалтай байна. Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага үүсчихсэн гэж харагдаад байх юм. Та юу гэж бодож байна вэ?

-Хайгуул зогссон, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, таны хэлсэн төслүүдээс гадна алтны хоёр төсөл л дажгүй амжилттай хэрэгжиж байна даа. Манай улсын хувьд одоо байгаа төсөлдөө ханаад явах биш, уул уурхайн хөгжлийн шинэ шатанд гарах цаг ирчихсэн. Дэлхийн нөгөө өнцөгт уул уурхайн хөгжил ирэх хэдэн арван жилийг харж, цоо шинэ хандлага чиг рүү урагшлаад эхэлчихлээ. Гэтэл бид өнөө маргаашийнхаа асуудлыг шийдье гэдэг маягаар, уул уурхайн салбартаа богино зайны тоглолт хийсэн янзтай л сууж байна. Товчхондоо нэг талаас өнөөгийн асуудлуудаа шийдэх, нөгөө талаас дэлхийтэй хөл нийлүүлэх гэсэн хоёр зүйлийг авцалдуулах эрэлт үүсчихлээ л дээ. Дэлхийгээрээ 2030 онд газрын ховор элемент, уран, зэс гэх мэт чухал ашигт малтмалын үнэ цэнэ улам өснө гэж харж, улс гүрнүүд өөр хоорондоо алсыг харсан стратегийн түншлэл яриад явж байхад бид наад зах нь л зэс дээрээ шинээр хайгуул хийсэн ч юмгүй сууж байна. Захын жишээ гэхэд Америк Канад хоёр чухал ашигт малтмалууд дээрээ стратегийн түншлэлийн гэрээ байгуулчихлаа. Тэд уул уурхайн салбарынхаа стратегийн түншлэлийн дараагийн үе шатыг яаж бий болгох вэ гэдэг дээр зургаа гаргачихаад явж байна.Дэлхийн энэ мэт туршлага, жишгийг Монголдоо шууд нутагшуулъя гэхээр хууль эрх зүй, хүний нөөц, боломж, техник, технологи аль нь ч хүрэхгүй. Бодлого боловсруулагчдыг харахаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах тал дээр яаж ажиллах нь бүрхэг харагдаад байх юм.

Том зургаар нь харвал манай улсын уул уурхайн салбарын бодлого олон улсын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд, уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн бодлого алга. Товчхондоо энэ бүх асуудлын гол шалтгаан нь улс төрийн манлайлал гэж би хувьдаа харж байгаа. Улс төрийн манлайлал дутагдаад байгаа учраас уул уурхайн салбар урагшлах уу, ухрах уу дээрээ тулчихаад байх шиг.

-Улс төрийн манлайлал гэснээс нэг зүйл санаанд орчихлоо. Хувь компани бизнес төслийнхөө шугамаар хайгуул хийх нь бүү хэл Засгийн газар төсөвт хөрөнгө төсөвлөөд хайгуул хийх гээд бардаггүй, орон нутгийнхны эсэргүүцэл төрийн бодлогоор хийх хайгуулын ажлыг ч явуулдаггүй гэсэн мэдээлэл дуулддаг. Ийм байдал энэ хэвээр үргэлжилбэл газрын ховор элемент, уран, зэсийн өөр олон шинэ ордууд нээгдэхгүй л дээ…?

-Хайгуул сэргэх шинж алга гэдэгтэй санал нэг байна. Өнөөхөндөө бид нүүрс, төмөр, зэс, алт гэсхийгээд, одоогийн хэрэгжиж байгаа цөөхөн төсөлдөө ханаад яваа. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх хайгуулын ажлыг хийлгэхгүй байгаа тухай мэдээлэл үнэн л дээ. Хайгуул хийх гээд очихоор хийлгэдэггүй, тэгээд ч зогсохгүй “Дээр байгаа хүмүүстээ биднийг эсэргүүцлээ гэчихээрэй” гэсэн шигээ даналзаж суудаг тухай геологичид толгой сэгсрэн ярьдаг. Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа, цаашид ч авч явах, улсын хөгжлийн дараагийн шатанд хамгийн гол түлхэц болох уул уурхай гэх том салбараа бид үнэхээр хайхарч анзаарахгүй байна. Хууль эрх зүй, засаглалын оновчтой бодлогогүй, байгаа бодлогоо зохистой хэрэгжүүлж чадахгүй явсаар шаварт хутгачихсан нөхцөл байдалтай л аж төрцгөөж сууна. Энэ хоцрогдлоо яаж нөхөх вэ гэдэг бодлого алга. Дахиад онцлоход улс төрийн, бүр тодруулж хэлбэл Засгийн газрын манлайлал нь гарч өгөхгүй байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр уул уурхайн салбар л байна даа. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талд манай улс хэр анхаарч байна вэ?

-Ганцхан жишээ хэлье. УИХ-д Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан тухай ярьж байна. Гишүүдийн тайлбарыг харахад 100 мянган ам.долларын босгыг бууруулах гэж байгаа бололтой юм. Шуудхан хэлэхэд, баруун зүүн рүү савладаг байр суурин дээрээ хэвээрээ байна л даа. Өмнө нь энэ босго арван мянган ам.доллар байсан юм. Тэр үед ийм бага босготой байж болохгүй, баахан солонгос, хятадууд орж ирээд Монголд үнэгүй шахам компани байгуулаад байна гээд хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллар болгож өсгөсөн. Гэтэл одоо энэ босгыг буцаагаад буулгах тухай яриад сууж байх жишээний. Яг нарийндаа100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг нэг машины л өртөг шүү дээ. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа энэ удаагийн алхам үнэхээр нүдээ олсон уу, оношоо зөв тавиагүй юм биш байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна. Зүй нь 100 мянган ам.долларын босгыг бууруулах тухай биш, хөрөнгө оруулагчдад олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээний боломжуудыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах учиртай. Чили, Казахстан гэх мэт хөрөнгө оруулалт амжилттай татаж байгаа улсыг харахад огт өөр дүр зураг харагддаг. Хөрөнгө оруулагчид казах, чили хүний сайхан сэтгэлд хөрөнгө оруулаад байгаа хэрэг биш л дээ. Тэр улсуудын ардчилал, хууль эрх зүйн орчных нь олон улсын стандартад нийцсэн байдалд нь итгэж хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Гэтэл бид монгол хүний сайхан сэтгэлд итгээд хөрөнгө оруулаач гэсэн хандлагатай яваад байна.

-Бид хөрөнгө оруулалт татах орчноо сайжруулах талд огт анхаарахгүй байна гэсэн үг үү?

-Хатуухан хэлэхэд тийм. Хөрөнгө оруулалт гэдэг бол бизнес. Бизнес бол гэрээ. Гэрээний тухайд зөвхөн хуулиар л хамгаалагдана. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын сонирхож харах зүйл их тодорхой. Маргаан гарахад яаж шийдэж өгөх юм, шүүх засаглал нь бэхэжсэн үү, шударга байж чадах уу, олон улсын гэрээ байгуулчихаад маргалдаад суух улс уу, эсвэл гэрээгээ ягштал мөрдөөд явах орон уу, маргалдлаа гэхэд зөв шударгаар шийдэх хууль механизм бүрдсэн үү, хууль, шүүх нь олон улсын жишиг, стандартын дагуу юу гэх мэтийг л харна. Ингээд харахаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, гол салбараа дагасан бусад салбарыг хослуулж хөгжүүлэх гэх мэт асуудлыг цогцоор нь харж чадаж байна уу, оношоо зөв тавих чадамж бий юү гэсэн асуулт яалт ч үгүй тавигдаж байна.

-Хэрвээ Засгийн газар манлайлал үзүүлж, уул уурхайн хөрөнгө оруулалтын салбарын эрх зүйн орчноо цогцоор нь харж, шийдэж чадвал уул уурхай хэзээнээс дажгүй сэргэх бол?

-Засгийн газар манлайллаа үзүүлээд үнэхээр сайн ажиллаж чадвал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг уул уурхайн салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй хослуулаад хийчихвэл 2025-2028 онд хонгилын үзүүрт гэрэл асах найдлага бий.

-Тэр хүртэл уул уурхайн салбар ганц мега төсөлтэй ингэсхийгээд явсан хэвээр байна гэж үү?

-Тэгнэ. 2024 он хүртэл сэргэлт ажиглагдах ямар ч боломж байхгүй. Сайн ажиллаж чадвал 2025 оноос хонгилын үзүүрт гэрэл асна. Яг одоогийнх шигээ байгаа цөөхөн ашигт малтмал дээрээ тулгуурлаж ганц нэг боловсруулах үйлдвэрийг төрийн өмчит компаниуддаа түшиглэж бариад өдөр хоногийг аргацаасаар суувал хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна, уул уурхайн салбараа хөгжүүлнэ гэж мянга яриад нэмэргүй. Цаг алдахын л нэмэр.

-Оюу толгойн хэлэлцээр хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Хэлэлцээрийн гол асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Оюу толгой дээр алдаа оноо аль аль нь бий. Зөв шийдлээ гаргаж ярьж байгаа эсэх нь л Оюу толгойн хамгийн том асуудал. Оюу толгойн том асуудал тодорхой шүү дээ. Бид эзэмшсэн хувийнхаа хэмжээгээр хүнээс мөнгө зээлээд Оюу толгой төсөлд хөрөнгө оруулсан. Зээлсэн учраас хүү энэ тэр гээд өчнөөн асуудал гарах нь тодорхой. Засгийн газар бүр анхнаас нь санхүүжилтээ өөрөө гаргасан бол маргаан үүсэхгүй байсан. Одоогийн нөхцөлийг харахад Засгийн газар “Бид санхүүжилтээ өөрсдөө босгоно” гэсэн байр суурь илэрхийлбэл өөр хэрэг. Эдийн засгийг чирч яваа том төсөлдөө хааж боох маягийн экстрим хандлага гаргахаас илүүтэй үүссэн өрийг дарах боломж, эзэмшсэн хувийнхаа хэмжээний мөнгийг өөрсдөө босгох зөв шийдлийн тухай яривал Монгол Улсад илүү тустай. Манай улсад бизнесийн эрх зүйн хэрэгжилтийн тогтолцоо алга гэсэн том зовлон бас байна.

-Бизнесийн эрх зүйн хэрэгжилтийн тогтолцоо алга гэдгээ тодруулж тайлбарлаач?

-Бизнесийн том төслийн тухайд УИХ, Засгийн газраас улс төрийн шийдвэр гарсны дараа яах ёстой вэ гэсэн асуулт тавигддаг. Төр засгаас шийдвэр гарч бизнесийн төсөл болоод явахдаа бизнесийнхээ агуулга, хууль эрх зүйн орчны хүрээнд хэрэгжиж байна уу гээд харахаар ихэнх тохиолдолд бид алдчихсан байдаг л даа. Жишээ нь, энэ сул маань мега төсөл дээр их тод анзаарагддаг. Энгийн логикоор бол мега төсөл өөрөө институци болж, өөрөө өөрийнхөө бизнесийг аваад явдаг тогтолцоог бий болгох ёстой. Гэтэл манайд асуудал ярихаар л Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаж нөгөө л хэдэн яамны дарга төлөөлөл нь ороод ирдэг. Тухайн төслийг хариуцаж байгаа компани энэ тохиолдолд жагсаалтын хамгийн хойно оччихдог. Ингэчихээр төрөөс хэт хамааралтай шийдвэр гарах магадлал өндөр болчихож байгаа юм.

-Нээрээ тийм шүүмжлэл сонсогддог шүү. Оюу толгойн хэлэлцээр дээр гэхэд л бүхэл бүтэн улсыг төлөөлсөн Засгийн газар нь нэг компанитай хэлэлцээрийн ширээний ард суучихдаг нь буруу гэсэн шүүмжлэл дуулддаг. Зүй нь “Эрдэнэс Оюу толгой” компани “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суухаар хэмжээний чадавхтай байх ёстой гэж хэлэх гээд байна аа даа, та?

-Тэгж ойлгож болно. “Эрдэнэс Оюу толгой” гэдэг компани яагаад өөр дээрээ инноваци, технологийн хэлтэсгүй байна вэ, яагаад хөрөнгө оруулалтын дүн шинжилгээ хийдэг, тооцоогоо баздаг хэлтэсгүй өнөөг хүрсэн бэ гэх мэт асуултыг яг өдийд бид өөрсдөдөө тавиад сууж байх ёстой. Зүй нь хөрөнгө оруулагч талтайгаа ижил тэнцүү хэмжээнд бүтэц нь томроод явах ёстой юм. Ингэж байж хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын байр суурь ижил хэмжээнд очиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөнө. Гэтэл манайд асуудлыг өөрөөр шийдээд өнөөг хүрчихсэн. Засгийн газар, яамд руу асуудлыг татчихдаг. Төрийн албан хаагчийн үндсэн тангараг, Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилладаг албан хаагчийн гаргах дүгнэлт, шийдвэр бол тэс өөр зүйл.Жам ёсоороо бол хувьцаа эзэмшигч, бизнесийн төслийн түвшинд, бүр тодруулж хэлбэл Компанийн хуулийн түвшинд судалгаа хийж, шийдлээ гаргах учиртай. Эцэст нь гаргасан шийдлээ Засгийн газарт танилцуулж батлуулах процесс өрнөх ёстой. Засгийн газар мега төслийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд, нийт ард түмнийг төлөөлж байгаагийнхаа тухайд алхаа цохих ёстой. Гэтэл Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах ажлын хэсгийг харахад Их хурал, Засгийн газрын гишүүд нь орчихсон, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орох нь холгүй бүтэц харагдах жишээний. Ийм ойлгомжгүй бүтэц хэлэлцээр хийхээр үр дүн гарах уу гэдэг асуулт яалт ч үгүй тавигдаад байгаа юм.

-Энэ асуудлыг шийдэх санаа шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Засгийн газар зарим эрхээ “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой” гэх мэт компаниудад шилжүүлж өгөх хэрэгтэй. Та нар яг энэ асуудлаа аваад яв, өөрсдөө бие даагаад шийд гэчихвэл “Би шоронд орохгүйн тулд гарын үсэг зурахгүй” гэдэг асуудал хууль эрх зүйн хүрээнд алга болно.Тухайн компаниудын ТУЗ Засгийн газраас авсан мандатынхаа хүрээнд асуудлаа яриад бизнесийн агуулгаар нь шийдэх эрх хэмжээтэй болно гэсэн үг. Жишээ нь, өнөөдөр УОК коронавирустэй тэмцэхийн тулд ийм тийм тоног төхөөрөмж авах гэсэн юм, шийдээд өгөөч гээд засагт асуудал оруулж байна. Уг нь энэ асуудлыг шийдэх мэдэл нь Эрүүл мэндийн сайдад байх учиртай. Мега төслүүдийн хүрээнд харахад тухайн төслийг гардан хэрэгжүүлж яваа бизнесийн субьектүүдэд эрх мэдэл байхгүй учраас бүх асуудал нь Засгийн газраасаа хараат байна. Засгийн газраасаа хараат гэдэг нь Их хурлаасаа хараат байна гэсэн үг. Их хурал бол ард түмний төлөөллөөс бүрдсэн улстөрчдөөс хараат байгууллага. Ингээд харахаар шийдвэр гаргах үйл явц хэлхээний гинжин холбоо уялдаа манайд оновчтой бус байна. Бизнесийн төсөл ярьж байгаа бол шийдвэр гаргах эрхийг нь бизнесийнх нь байгууллагад шилжүүлэх хэрэгтэй. Давтаад хэлэхэд, бизнесийн байгууллагынх нь ТУЗ рүү. Ийм өөрчлөлт хийгүйгээр өнөөгийн янзаараа явбал Засгийн газарт нэг ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа. Яг өнөөдрийн нөхцөлд Засгийн газрын төлөөлөл нэг талд гадаадын хөрөнгө оруулагчтай зэрэгцэж сууж юм ярьчихаад, нөгөө талд нь гадаад яамаараа дамжуулж дипломат бодлого ярьдаг. Өөрөөр хэлбэл Хятад, Австралийн компанийг дуудаж авчраад урдаа суулгаж загнаж загначихаад, “Гэрээг чинь цуцална” гэсэн том мэдэгдэл хийчихээд, өнөө улсуудын төр засгийн удирдлага, элчин сайд нартай ярихаараа “Манай улсад хөрөнгө оруулаарай, бид хөрөнгө оруулагчдаа дэмжиж байгаа” гэхээр хэнд ч итгэл төрөхгүй шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГ: “10 их наяд цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалсан

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Монгол Улсын нийт хүн амын 60% коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Хүүхдүүдээ вакцинжуулснаар 70%-д хүрнэ гэж тооцоолж байна. Эрүүл мэндийн яам, УОК-оос иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ барихыг уриалж байна. 10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лакшми: Мөнгө хэвлэж эдийн засагт нийлүүлсний төлөөсийг иргэд дунд, урт хугацаандаа өндөр өртгөөр төлнө

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


-Төсвийн алдагдлыг нөхөх, зарим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор төв банкнаас мөнгө их хэмжээгээр хэвлэж, эдийн засагт нийлүүлэх гэж байна гэх мэдээлэл явах болсон. Хэрэв уг асуудал биеллээ олбол өнөөгийн цаг үед хэр зөв алхам болох вэ?

-Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал нь нэмэгдсэн улс орнууд мөнгө хэвлэсэн. Энэ нь богино хугацааны хүндрэлийг даван туулах зорилготой. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед халамж, тэтгэмж, дэмжлэгүүд өссөн. Дээрээс нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноор төсвийн алдагдал нэмэгдсэн. Энэ тохиолдолд арга буюу мөнгө хэвлэж, эдийн засагтаа нийлүүлэх алхмыг зарим улс орон сонгож байна. Харин манай улсын хувьд байдал өөр юм. Одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байж, супер циклийн үе ирчихсэн байна. Супер циклийн үе маш богино буюу нэг жил, сайндаа л хоёр жил үргэлжилдэг. Энэ цаг үед зөв менежмэнт хийж, өсөлтийг боломж болгож ашиглаж чадсан бол өнөөдөр заавал мөнгө хэвлээд суух шаардлагагүй. Ерөөсөө л уул уурхайн чиглэлийн компаниудаа аль болох дэмжих, элдэв саад тотгор, хүнд суртлаа арилгах, экспортыг дэмжих, тээвэрлэлтийг түргэн шуурхай болгох тухай л асуудал юм. Харамсалтай нь бид өөр өөрсдийгөө л хааж боогоод сууж байна. Эцэст нь эдийн засгаа тэтгэхийн тулд уршиг ихтэй хамгийн муу хувилбартай нүүр тулж байна.

-Орлого тасалдсан үед дотоодын эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг “цаас” хэвлэх байдлаар хийвэл богино хугацаанд үр ашигтай боловч дунд, урт хугацаанд ямар хор уршигтай вэ?

-Мэдээж мөнгө хэвлэж эдийн засагтаа нийлүүлэхэд богино хугацаанд сөрөг нөлөө нь гардаггүй.

Дунд, урт хугацаанд томоохон хүндрэлүүд үүснэ. Ялангуяа, инфляцид томоохон нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө гэх зэргээр бидний өдөр тутмын амьдрал болон дунд, урт хугацаанд ашиглах бүхий л зүйлийн үнэ өсөх хор уршигтай. Үүний нэг томоохон илрэл бол өнгөрсөн тавдугаар сард үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өслөө. Дараагийн өсөлт наймдугаар сард явагдахаар харагдаж байна. Мөнгө хэвлэж эдийн засагт нийлүүлж байгаа нь богино хугацаанд хүндрэлийг даван туулах арга хэрэгсэл мэт боловч дунд, урт хугацаандаа үүний төлөөсийг бид өндөр өртгөөр төлнө.

-Саяхан Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан хагас жилийн дүнгээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, тэр дундаа импортын бараа таваарын үнийн өсөлтөөс болж инфляци огцом нэмэгдсэн байсан. Нөгөө талд өрхийн орлого 7-8 хувиар буурлаа. Энэ байдал өрх гэрт том хүндрэл авчирч байна. Үнийн өсөлтийн уг нөлөөллийг хэрхэн хязгаарлах боломжтой вэ?

-Аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдаж, үйл ажиллагаа нь доголдож, зарим нь хаалгаа барих болсон. Үүнээс үүдэлтэйгээр өрхийн орлого буурч байна. Манай улсын эдийн засаг хангалттай хэмжээнд төрөлжөөгүй. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байна. Үүнд валют хэрэгтэй. Ханшийн хэлбэлзэл импортын барааны үнэтэй шууд уялдаатай байж, улмаар өрхийн төсөв дээр том ачаа болж буудаг. Хоёрдугаарт, энэ жилийн хувьд тээврийн зардлын өсөлт томоохон нөлөө үзүүллээ. Хил гаалийн хүндрэлээс үүдэж сүүлийн бараг хоёр сарын турш бараа бүтээгдэхүүнийг хилээр чөлөөтэй нэвтрүүлсэнгүй.

Үнийн өсөлтөөс шууд хамгаалах механизм гэж байхгүй. Зах зээлийн эдийн засагтай учир эрэлт, нийлүүлэлтээр л энэ бүхэн зохицуулагдаж явна. Гол нь бараа бүтээгдэхүүнийг аль болох саад бэрхшээлгүй оруулах, хүнд сурталгүй ажиллах, компаниудаа дэмжих шаардлагатай. Ингэж байж үнийн огцом өсөлтийг бууруулахад нөлөөлөх боломжтой. Тээврийн өндөр зардлыг эргээд эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч төлнө шүү дээ. Үүний эсрэг арга хэмжээ гэвэл компаниудад тодорхой хэмжээгээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх арга хөшүүргүүд хийх зам бий. Мэдээж урт хугацаанд бид дотоодын үйлдвэрлэгч, үйлдвэрлэлээ дэмжиж байж үнийн өндөр хэлбэлзлийг тогтворжуулж чадна.

-Зургадугаар сард гэхэд л нүүрсний экспорт өмнөх сараасаа 38 сая ам.доллараар унажээ. Уул уурхайн өсөлтийн циклийг бид хэрхэн ашиглах шаардлагатай байна вэ?

-Бид нэг талаас байгалийн асар их баялагтай. Нөгөө талаас цар тахлын энэ хүнд үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх супер циклийн үе таарч байна. Энэ нь хүнд хэцүү цаг үе тохиосон ч давж гарах боломжийг супер цикл бидэнд олгож байгаа юм. Харамсалтай нь бид өөр өөрсдөдөө саад бэрхшээл, тушаа болж, өөрсдийгөө чөдөрлөсөн нөхцөл байдалтай байна. Ийм байдлаас болж өсөлтийн циклийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь хилийн боомт дээр үүссэн асуудал, экспортын бууралтаас тод харагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар, энэ чиглэлийн компаниудаа ад үзэж ирлээ. Одоо бидний гол аврагч уул уурхай болчихоод байна.

Супер циклийг ашиглахын тулд нэгдүгээрт, экспортыг түргэн шуурхай болгох шаардлагатай. Хоёрдугаарт, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүхий л талаар дэмжиж, аливаа саад тотгорыг арилгах хэрэгтэй байна. Ерөөсөө л хурдтай ажилласнаар өсөлтийг ашиглаж чадна. Бид өмнө нь тохиосон өсөлтийн мөчлөгүүдийг амжилттай ашиглаж чадаагүй. Энэ нөхцөл байдал дахин давтагдаж байна.

-Коронавирусийн халдвар хэзээ дарагдах нь тодорхойгүй болчихлоо. Мутацид орсон хувилбарууд илэрч, халдварын эрсдэл дахин үргэлжлээд байвал хил гаалийн саатал эдийн засагт урт хугацаанд хүндрэл үүсгэх эрсдэлтэй юү?

-Тийм ээ. Үүссэн нөхцөл байдал нь төр засгийн байгууллагууд хамтарч ажиллаж чаддаггүйг харуулж байна. Хоёрдугаарт, нэгдсэн бодлогоор зангидаж явахгүй байна. Хил гаалийн асуудлыг маш өндөр түвшинд ярилцах, ойлголцох, зохион байгуулах ёстой. Бид хамтарч ажиллаж байж л аливаа асуудлыг шийдэх бололцоотой. Ялангуяа, цар тахлын үед нягт холбоотой ажиллах нь тун чухал. Уг нь зөв голдирлоор явж ирсэн бол цар тахал тохиосон ч бид бэлтгэлтэй байж, Засгийн газрыг оролцуулах хэмжээнд асуудлыг томруулахгүй байх байсан. Олон жил хамтарч ажиллаагүй, дур дураараа явсны хор уршиг ингэж илэрч байна.

Цаашид цар тахлын нөхцөл байдал намжихгүй, шинэ мутаци хувилбарууд гарч ирсээр байвал хил гаалийн асуудлыг хэрхэх вэ гэсэн асуулт байна. Зөв зохион байгуулалт хийж байж л даван туулах боломжтой. Жил хагасын өмнө анх цар тахлын асуудал босч, хил гааль дээр хүндрэл үүссэн. Тухайн үед гэнэтийн нөхцөл байдал гээд хорио цээр, саатлыг ойлгож болно. Гэтэл өнөөдөр жил хагас болчихоод байхад зөв зохион байгуулалт хийж чадаагүй сууж байна. Төлөөсийг нь ард иргэд өндөр өртгөөр төлөөд эхэлсэн. Энэ бол төр засаг арчаагүй, зохион байгуулж, нягт хамтран ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Экспорт, импортоо автомашинаар хийх бололцоогүй болбол дараагийн зохион байгуулалтад шилжих Б хувилбар боловсруулсан байх хэрэгтэй. Төмөр замын тээвэрлэлт рүү шилжүүлэх боломжуудыг судалж, бэлтгэл хангасан, яриа хэлцэл өрнүүлсэн, ойлголцсон байх учиртай. Мөн хил гаалийн нэвтрэх цэгүүд дээр автомашиныг ариутгах, жолоочийг бүхээгнээс буулгахгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг сахиулах халдваргүйжүүлэлтийн техникийн цэгийг барьсан байх шаардлагатай байсан. Гэтэл жил хагас болоход бариагүй сууж байгаа юм. Зөвхөн Монгол Улс ийм нөхцөл байдалтай тулгарсан юм биш. Дэлхийн бүхий л улс орон ийм хүндрэлтэй нүүр тулаад, асуудлаа шийдвэрлээд, хил гаалиар бараа бүтээгдэхүүний урсгал чөлөөтэй нэвтэрч болоод байна. Манайх гэхээр яагаад болдоггүй юм бэ.

-Хил гаалийн асуудлаас үүдэлтэйгээр уул уурхайн салбараас орж ирэх орлого, боломжууд буурсан. Компаниуд хүндэрснээр ажилгүйдэл нэмэгдэж, орлого тасалдаж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Монгол Улсын хувьд маш их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлага байна. Харамсалтай нь бид өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтыг чухалчилж үзэхгүй хэвээр байна. Аливаа нэг асуудал болохгүй байна гэхээр бид ихэнхдээ эхлээд хуулиараа оролдоод эхэлдэг. Гэтэл эргээд харахад гайгүй хуулиуд байна. Харамсалтай нь хэрэгжүүлэлт байхгүй. Зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих гэлтгүй бүхий л хуулийн хэрэгжүүлэлт доголдож байна. Дээрээс нь хуулиа хэрэгжүүлэхдээ нэгдсэн ойлголт байдаггүй нь хамгийн том асуудал болдог. Энэ бүхнийг эхэлж цэгцлэх ёстой. Мөн хөрөнгө оруулалтыг зөвхөн нэг агентлаг хариуцахгүй. Олон байгууллагын нягт хамтын ажиллагаа байж сая үр дүн харагдана. Харамсалтай нь бид үүнийг зөв зохион байгуулалтад оруулж, менежмэнт хийж чадахгүй байсаар томоохон хөрөнгө оруулагчдаа алдаад дууслаа. Хөрөнгө оруулалтыг дэмжих эрхзүйн орчин бүрдэж, Оюу толгойн гэрээ зурагдсаны дараа дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголд салбараа нээсэн. Тухайлбал, Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станцыг барина, сэргээгдэх эрчим хүчний дуусашгүй нөөцтэй хэмээн олон төсөл хөтөлбөрүүд ярьж эхлэх үед энэ чиглэлийн олон компани орж ирсэн. Тавдугаар цахилгаан станцыг барихад Монгол, Япон, Франц, Өмнөд Солонгосын хамтарсан консерциум шалгарч байлаа. Харамсалтай нь нөгөө том төслүүд нь 10 гаруй жил болоход бахь байдгаараа л байна. Ихэнх хөрөнгө оруулагч бидэнд итгэхээ болиод орхин гарсан. Одоо хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдлээ, манайд ирээч гэж хэлсэн ч итгэж орж ирэх хөрөнгө оруулагч тун ховор болов уу. Урт хугацаанд ажиллаж, зөв голдиролд оруулж байж хөрөнгө оруулагчийг татах нөхцөл байдал үүссэн.

Монголд эрчим хүчний бүхий л нөөц хангалттай байна. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүн амын тал нь төвлөрсөн Улаанбаатарт хоёр ч удаа цахилгааны тасалдал үүслээ. XXI зуунд амьдарч байж, эрчим хүчний түүхий эдийн асар их нөөцтэй атал ийм байдалд байгаа нь үнэхээр ичмээр хэрэг.

Г.БАТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Оюу толгойтой өрсөлдөх хоёр ч төсөл хэрэгжээд эхэллээ, одоо бид яах вэ?

Ковидын үеийн эдийн засаг таатай биш байна. Ирэх жилүүдэд, наад зах нь ирэх арван жилд уул уурхайгаас өөр гэрэл гэгээ, итгэл найдвар алга гэсэн утгатай үгийг эдийн засагчид онцлоод эхэллээ. Уул уурхайн салбарт дажгүй хэрэгжиж яваа төслүүд юу билээ гээд харахаар зэсийн хоёр, нүүрсний хоёр, алтны хоёр төсөл л бий. Товчхондоо Оюу толгой, Эрдэнэт, Эрдэнэс Таван толгой, Энержи ресурс гэсэн дөрвөн компанийн олж буй доллар дээр тахлын үеийн эдийн засаг дэнжигнэж байна.Алтны хоёр төсөл гээд байгаагийн нэгийг “Степ голд” хэрэгжүүлж буй.Нөгөөг нь Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ ресурс” компани хэрэгжүүлж байгаа.“Степ голд”-ын хэрэгжүүлж яваа төслийн хувьд өгөөжөө өгөөд эхэлчихсэн.“Эрдэнэ ресурс”-ийн төслийн тухайд орон нутгийн популизмыг давчихвал өгөөжөө өгөхөд бараг бэлэн болчихсон.Засгийн газраасаа том толгойтой орон нутгийнхны хийрхэл энэ мэт олон төслийг гацааж эдийн засаг тэлэх боломжоос хумсалж явааг гүйцэтгэх засаглалын тэргүүнд дуулгахад илүүдэхгүй байх.Холбооны улс шиг тус тусдаа эрх ашиг ярьсан аймаг, орон нутгийн дарга нарын сонирхлыг нэг толгой дор нэгтгэж авахгүй бол доллар олох боломжтой олон олон төслийн хувь заяа буруугаар эргэх нь хэтэрхий тодорхой болчихсон.Ерөнхий сайдаас том мэдэлтэй аймаг, сумын хурган дарга нар, иргэний хөдөлгөөн гэсэн нэрийн дор нэгдсэн мафижсан бүлэглэлүүдийн уул уурхай дахь ашиг сонирхлын улайрлыг цэгцэлж авахгүй бол газрын ховор элемент, уран гэх мэт ирээдүйд их мөнгө олох боломжтой салбаруудын хөгжлийн талаар яриад ч нэмэргүй.Ийм л нөхцөлд Монголын уул уурхай улсынхаа эдийн засгийг чирч явна.

Товчхондоо ирэх арван жилд улс шиг хөгжье гэвэл экспортын голлох салбар болчихсон уул уурхайгаа хөгжүүлэх ганцхан зам Ерөнхий сайдын өмнө байна.Нүүрсний хувьд төмөр замаа яаралтай барихгүй бол дэлхийг хэрсэн ногоон хөгжил тун удахгүй хар алт гэгддэг нүүрсийг моодноос гаргана. Нүүрс үнс болох цагт ханш нь хаданд гарах уран, газрын ховор элемент зэргээ ашиглах тактикийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яг өдийд боловсруулчихсан суух учиртай.Гэхдээ одоогоор энэ чигийн төслүүдээ хөдөлгөх сонирхол засаг зүгээс анзаарагдахгүй байна..Ингээд харахаар ирэх жилүүдийн гол аврал нүүрс, зэс л болж байх шиг.Урт хугацааны аврал юу билээ гээд харвал зэс л байна.Зэсийн хувьд “Эрдэнэт” зүтгүүрийн үүргээ гүйцэтгээд явах нь тодорхой.“Оюу толгой”-н гүний уурхай ашиглалтад орвол экспортоос олдог доллар огцом өсч, тэр хэрээр эдийн засагт эерэг нөлөөллүүд үзүүлээд эхлэх сайн талтай. Яг одоо Засгийн газар, Рио тинто хоёр хэлэлцээрийн ширээний ард суучихсан байгаа.Хэлэлцээр түр завсарласан учраас нарийн ширийн байр суурь, мэдээлэл хомс байна, өнөөхөндөө.Юутай ч хоёр тал хэлэлцээрээ түргэсгэж, харилцан ашигтай хамтрах хамгийн боломжит хувилбар дээр элдэв популизмгүйгээр нэгдсэн шийдэлд хүрэх шаардлага хаалга тогшоод эхэлчихлээ.Ингэж онцолж буй нь хоёр шалтгаантай.Нэг нь Оюу толгой компанийн үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондерийн байр суурь, нөгөө нь Оюу толгойн өрсөлдөгч болж зэсийн зах зээл дээр Монголтой өрсөлдөх хоёр том төсөл тойрсон мэдээлэл.

Оюу толгой компани саяхан хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулсан даа. Тэр үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондэр

“Бид гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлж, Оюу толгойн бүрэн үнэ цэнийг нийт ард иргэд, талуудад хүртээхэд улам бүр ойртлоо. Огтлох малталтыг эхлүүлэхэд шаардлагатай шинэчилсэн Нөөцийн тайланг бүртгүүлэх, шинэчилсэн ТЭЗҮ-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хүлээн авах ажлууд ойрын хугацаанд дуусна гэж итгэж байна” гэсэн үг унагана лээ.Дээр дурдсан ажлуудыг гүйцээчихвэл огтлох малталтыг хийнэ, огтлох малталтыг хийчихвэл Оюу толгой ордын нөөцийн 80 хувийг агуулах гүний уурхай тун удахгүй ажиллаад эхэлнэ гэсэн утгатай мэдэгдэл хийчихлээ гэж харж байна. Огтлох малталтыг нэг л эхэлчихвэл зогсоох аргагүй, ямар нэг үл ойлголцол гараад зогсоовол гүний уурхайн бүтээн байгуулалтыг дахиж эхлүүлэх хэмжээний асар өндөр зардал гаргах шаардлагатай нүүр тулна. Хамгийн том эрсдэл нь нийт баялгийн 80 хувийг агуулсан хүдрийн биет рүү ахиж нэвтрэх боломжгүй болно.Тэгэхээр огтлох малталтыг хийж, гүний уурхайгаас олох ашгийг наашлуулахын тулд шийдлээ хүлээсэн асуудлууд дээр хоёр тал онцгой анхаарч ажиллах нь Засгийн газрын ойрын хугацаанд амжуулах том шийдлүүдийн нэг болж байна.

Нөгөө талд хэлэлцээрээ элдэв популизмгүйгээр түргэтгэж, хэрэгжиж буй ганц мега төслөө цаг алдалгүй бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах гарцаагүй шалтгаан гадаад зах зээлд анзаарагдаад эхэлчихлээ. Бүр тодруулж хэлбэл, дэлхийн зэсийн зах зээл дээр Оюу толгойтой өрсөлдөхүйц хоёр аварга төслийн нэг нь баяжмалаа экспортолж, нөгөө нь хэзээ мөдгүй мөнгө хийгээд эхлэхэд бэлэн болчихож. Оюу толгойн нэн шинэ нэг өрсөлдөгч бол Конго улсад хэрэгжиж буй “Камоа Какула” төсөл. Оюу толгойтой өрсөлдөхүйц хэмжээний өндөр чанартай хүдрийн агуулгатай энэ орд өнгөрсөн зургадугаар сард анхны экспортоо хийчихэж.Ажиллаж эхлэх эхний жилээсээ Оюу толгойн өнөөдөр олборлож буй хэмжээнээс давсан хэмжээний зэс олборлож эхлэх энэ ордыг хайж олсон хүн нь бидний сайн мэдэх алдарт Фрийдланд.Энэ ордыг нээсэн баг 2015 онд шилдэг нээлтийн шагнал хүртсэн юм билээ.Канадад болдог уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC-ын үеэр гардуулдаг энэ хүндтэй шагналыг тээр жил манайхаас Оюу толгойг нээхэд гол үүрэгтэй оролцсон геологичдын нэг Гарамжав агсан хүртэж явсан түүхтэй.Конгогийн орд Оюу толгойтой эн зэрэгцэхүйц гэдгийг энэ жишээнээс төвөггүй харчихаж болно.

Оюу толгойг нээж, дэлхийн газрын зураг дээр Монгол гэдэг улс байдгийг энэ ордоор тунхаглаж өгчихөөд явсан Роберт Фрийдланд “Камоа Какула” төслийг Конго улсын Засгийн газар, Хятадын компанитай хамтран эзэмшихээр болж. Конго улсын Засгийн газар энэ төслийн 20 хувийг эзэмших бол Фрийдландын компани 39.6 хувийг нь эзэмших тохироо хийжээ. Хятадын компани ч мөн түүнтэй адил хувь эзэмшинэ гэсэн мэдээлэл хөвөрч байна. Ямартай ч “Камоа Какула” төсөл олборлолтод бэлтгэж байгаа дэлхийн хамгийн том, өндөр агуулгатай зэсийн уурхай гэсэн тодотгол дор хэрэгжээд эхэлжээ. Уурхайн нэгдүгээр үе шатанд жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн тооцоо албан мэдээн дээр нь дурайж байна. Оюу толгой энэ онд 150-180 мянган тонн зэс гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.Товчхондоо Конгогийн уурхай эхнийхээ жилийн хүчин чадлаар Оюу толгойн өнөөгийн хүчин чадлыг давчихаж байна гэсэн үг. “Камоа Какула” төслийнхөн хоёрдугаар үе шатныхаа өргөтгөлийг ашиглалтад оруулах үедээ жилдээ 400 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн таамаг гаргачихаж. Бүр цаашлаад дэлхийн хоёр дахь том зэсийн уурхайн цогцолбор болох амбицтайгаа дэлхийд дуулгаад байна.Тэр үед жилдээ 800 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн аварга тоо хэлсэн байх юм. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад ороод бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд ойролцоогоор 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Ингээд харахаар хүчин чадлаараа Оюу толгойгоос давсан зэсийн том төсөл Африкийн Конгод тун амжилттай хэрэгжиж байна.

Оюу толгойтой ана мана өрсөлдөх дараагийн төсөл бол ОХУ-ын “Удокан”.Өрнийн эдийн засгийн сайтад гарсан мэдээллийг сонирхоход хойд хөршийн “Удокан”-ы олборлолт тун удахгүй эхэлнэ гэж онцолжээ. 1949 онд нээсэн энэ ордыг ашиглахгүй өнөөг хүрсэн шалтгааныг байгалийн хүнд хэцүү нөхцөл, уур амьсгалтай холбож тайлбарласаар ирсэн, уул уурхайн техник технологи хөгжсөн учраас ашиглах боломж одоо л бүрдэж байгаа, доод тал нь 50-60 жил ашиглана, санхүүжилт нь шийдэгдсэн, “Газпром” банк хоёр жилийн өмнө 1.79 тэрбум ам.долларын зээл олгосон, уурхайн ажил нь эхэлсэн, үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл жилд 125 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэх мэт мэдээллийг Европын эдийн засгийн сайт онцолжээ. Зүйрлүүлж хэлбэл, Оюу толгойн хэмжээний зэсийг жилд үйлдвэрлэнэ гэсэн үг. Нэмж сонирхуулахад, ашиглалтынх нь компани 2008 онд “Удокан коппер” нэрээр байгуулагдсан аж.Өмнө нь “Байкал майнин” нэрээр ажиллаж байсан юм.

Энэ орд 26 сая тонн зэсийн нөөцтэй, нөөцөөрөө Оростоо хамгийн том, дэлхийд гуравт орох зэсийн орд гэж хойд хөршийнхөн онцолдог. Компанийн сайтад онцолсон мэдээллээр бол 2014-2016 онд нөөцөө баталгаажуулсан, 2017 оноос инженерингийн ажил, уул уурхай болон металлургийн цогцолборуудаа барьж эхэлжээ. Ашиглалтад орсон эсэх талаарх мэдээлэл одоогоор албан ёсны сайтан дээр нь алга. Ямартаа ч төслийн зүгээс ордыг 2017-2019 онд ашиглалтад бэлдэж, 2018-2022 онд уул уурхай болон металлургийн цогцолбор, дэд бүтэц барилгын ажлуудаа амжуулна гэж тооцсоноо мэдээлж байсан юм. Эндээс харахад, Удоканы ордыг ирэх жилээс ашиглаж эхэлнэ гэсэн үг. Уурхайг 2022-2065 оны хооронд үе шаттайгаар хөгжүүлээд явна гэж тооцооллыг төсөл хэрэгжүүлэгчид нь хийчихэж.Төмөр замтай, нисэх онгоцны буудалтай, авто замтай, цахилгааны хангамжаа төвийн эрчим хүчнээсээ бүрэн шийдчихсэн гэх мэт маш олон том давуу талтай Удоканы орд ирэх жилээс дэлхийн зэсийн зах зээлийн тоглогчдын нэг болох нь.Товчхондоо Монголын Оюу толгойн хоёр том өрсөлдөгчийн нэг нь Орост зэсээ экспортлоход бэлэн шахуу болчихсон, нөгөө нь Африкийн Конгод хэрэгжээд эхэлчихсэн байна.

Төгсгөлд нь онцлоход, Оюу толгойг анх нээснээс хойш 20 жил, зэсийн баяжмалын анхны экспортын цуваа урд хөршийн зүг хөдөлснөөс хойш 12 жил өнгөрчихөж. Хорин жил гэдэг хүний амьдралаар жишвэл нэгэн үе солигдож эр бяр жигдрэх хугацаа.Шуудхан хэлэхэд, том төслөө бүрэн хүчин чадлаар нь хөдөлгөхөд хангалттай урт хугацаа гэх гээд байна л даа.Ганц мега төслөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулчихаад ханаад суух арга байхгүй.Эдийн засгаа илүү сайн тэлж, уул уурхайгаас олох мөнгөөрөө илүү олон салбараа хөгжүүлж, ганц уул уурхай биш хөдөө аж ахуй гэх мэт тэрбум ам.долларын өчнөөн төрлийн бизнесийг хөгжүүлэх эрэлт Азийн Монголын өмнө бий.Энэ мөрөөдлийг ажил болгохын тулд ирэх арван жил олон олон Оюу толгойг нээж, доллар олох өндөр эрэлт хаалга тогшиж байна даа.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оллоо”, “Авто импекс”-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 35 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 418.4 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 12 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Оллоо” (OLL+15.00%) болон “Авто импекс” ХК (AOI+6.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” (ETR-11.95%) болон “Монгол савхи” ХК (UYN-9.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 20,471 ширхэг нэгж эрхийг 4.8 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаас 200 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.71 хувиар буурч, 32314.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,913,211,356,931.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Индиан шиг … Абергин шиг …

Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид энэ оны хагас жилд давхардсан тоогоор 2.3 сая хүнд 1002,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс халамжид хамрагдагсад 56.7 мянга, зардал 364 тэрбум төгрөг буюу 57 хувиар өссөн тоо юм. Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг аж. Эндээс халамжийн хүрээ ямар өндөр хувиар өссөнийг харж болно. Монгол Улс иргэддээ 12 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж, алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлт олгох, ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт, нийгмийн халамжийн тэтгэвэр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, тайгад амьдардаг цаатан иргэнд олгох тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг багтдаг.

Нийгмийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 456.2 мянган хүн тэтгэвэр авсны 76.1 хувь нь өндөр насны тэтгэвэр, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 8.6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 25.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 106.6 мянган хүн хамрагдсаны 54.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 51.3 тэрбум төгрөг олгосон нь өнгөрсөн оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 723.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилд олгосон байна. Хүүхдийн мөнгөөр жишээ аваад үзье. Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын нэг хэсэг. Нэг талаараа хүн амыг дэмжих бодлоготой уялдаж байгаа ч нөгөө талаараа хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид хэлж байна. Ажиллах хүчний оролцоог бууруулах нэг хүчин зүйл болдог аж.

Энэ тоо, статистикаас харахад Монгол ядуу хэрнээ хүмүүсээ ажил хийлгэхгүй, халамжаар бялхуулж байна. Бүр гаднаас зээл аваад халамжийн мөнгөө тарааж байгаа. Монголд өнөөдөр давхардсан тоогоор 2.3 сая хүн халамж хүртэж байгаа нь улсаараа халамжаас хамааралтай амьдарч байгааг харуулж буй хэрэг. Монгол Улсын хүн ам 3.3 саяд хүрсэн ч орлогоороо амьжиргаагаа залгуулдаг нь тун цөөн болж таарч байна. Халамжид хамрагддаг гэр бүл дээд тал нь сар бүр 1.5 сая төгрөг авдаг аж. Нэг өрх гэхэд дунджаар 3-4 төрлийн халамж авдаг байна. Гэтэл хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь дунджаар 700 мянган төгрөг. Эндээс ажиллаж амьдрах уу, халамж авч амьдрах уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж бэлэн мөнгө аваад зүгээр суухыг хүсэгчид дийлэнх нь. Өнөөдрийн нийгмийн хамгийн гашуун төрх нь халамж авдаг нь ажил хийдгээсээ давсан орлоготой болсон явдал. Гашуудсан бодлогын уршгаар Монголд ажил хөдөлмөр эрхэлж амьдаръя гэхээс илүү халамж авдаг болъё гэх сэтгэлгээтэй хүн олширч, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал, архидалт газар авч эхэллээ. Энэ янзаараа халамж авдаггүй хүн байхгүй болох нь. Улсаараа халамж авдаг тогтолцоо руу гулсаж ороход ойртчихож.

Саяхан л гэхэд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцин хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Мөн айл өрхийн хэрэглээний ус, цахилгааныг төр даагаад долоон сар өнгөрч байна. Эрх баригчид аливаа зүйлийг бодлогоор шийдэх, судалгаанд суурилж ажлаа явуулахаас илүүтэй халамжлах бодлогыг хэрэглэдэг. Засгийн газар ажилгүй орлогогүй иргэдээ ажилтай орлоготой болгох гол зорилтоо таг мартаж орхисон. Сүүлийн хорь гаруй жил МАН халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, ажил олгогчдын явуулсан зарын дагуу нэг ч хүн ажиллах гэж ирдэггүй нийгмийг бүтээсэн улс. Ерөөсөө л хавтгайрсан халамжийн гор өнөөдрийн ядуурал, архидалтыг бий болгосон. Төрөөс төрөл бүрийн халамж, тэтгэмж өгөөд байхаар хүмүүс ажил хийх, хайх сэтгэлгээгүй л болдог. Нэг ёсондоо халамж чинь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаа л хэлбэр.

Дэлхийд халамжлуулсаар байгаад нүдний өмнө дампуураад дууссан үндэстний жишээ бий. Нөгөө талд нийгмийн халамжийн нэг үүрэг нь ажилгүй иргэддээ ажил олж өгдөг улс орнууд ч байна. Хөдөлмөрийн чадвартай хүн олж өгсөн ажлыг нь хоёр, гурван удаа дараалан хүлээн авахгүй бол халамжаас хасдаг жишиг ч бий. Америкийн уугуул иргэд болох индиан, Австралийн абергинчууд халамжийн буянаар ажил хийхээ больсон. Ажил хийхгүйгээр аятайхан амьдрах мөнгийг төр тэдэнд зүгээр өгдөг. Өсөхгүй, хөгжихгүй, бэлэн хоол идээд архиа ууж жаргаж байгаа тэдний хувь тавилан улам л бүүдийж харагдана. Тэдэн шиг халамжаар тэтгүүлчихээд, ядуурал архидалт дунд живэхэд бид тун ойрхон байна. Жишээ нь, өнгөрсөн намар тариа хураалтад ажилчин авах гээд сая, сая төгрөгийн ажил амлахад нэг ч хүн очоогүй. Бид барлаг биш гэдэг сэтгэлгээ нь үнэхээр аймшигтай. Тэгээд л архиа уугаад хэвтэж байдаг. Өч төчнөөн зар тавихад нэг ч хүн ирэхгүй байсан хэмээн тариаланчид шогширч суусан. Ажил хийх хүн олдохоо больж халамжаар тэтгүүлээд, гэдсээ илээд, хэвтэхийг илүүд үзэх болж. Засаг төр ч иргэдийг ажиллах боломжоор хангахаас илүү халамжлаад удирдаад суух хүсэлтэй. Алгаа тосоод сууж байгаа хоосон хүмүүс үгэнд сайн орох нь ойлгомжтой учраас халамжийн тоо ихэсээд байгаа юм. Хэтийдсэн халамжийн цаана сүйрэл л байдаг. Халамж улс үндэстнийг мөхөх зам руу л түлхдэг жамтай.

Цаашид халамжийг цэгцэлж, хүртэх ёстой хүмүүсийг хамруулахад төр бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг өнөөдрийн халамжийн систем тов тодоор харуулж байна. Засгийн газар халамжийн бодлогын оронд хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж амьдрахыг уриалах ёстой атал эсрэгээр нь халамжаар угждаг бодлогоо эргэж харах цаг ирж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Азийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулсан ч Монголд эдийн засгаа өсгөх таатай нөхцөл хэвээр байна

-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН 8.1 ХУВИЙН ӨНДӨР ӨСӨЛТИЙГ ШИНГЭЭХИЙН ТУЛД ХИЛИЙН БООМТЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ ЧУХАЛ-

Коронавирусийн халдварын улмаас дэлхий дахинд нөхцөл байдал харилцан адилгүй өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж байна. Тодруулбал, Азийн хөгжлийн банкнаас цар тахлын дахин дэгдэлт нь бүс нутгийн зарим орны эдийн засгийн сэргэлтийг удаашруулж байгааг харгалзан Ази тивийн энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.2 хувь болгож бууруулжээ. “Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг коронавирусийн тахлаас эргэн сэргэж байгаа ч, цар тахлын дахин дэгдэлт газар авч, вирусийн шинэ хувилбарууд үүсч, вакцинжуулалт харилцан адилгүй үр дүнтэй буюу жигд бус байгаагаас шалтгаалж тодорхойгүй байдалтай нүүр тулсан хэвээр байна” хэмээн Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлсэн байна.

Манай улсын хувьд энэ онд эдийн засаг алгуур сэргэж, 4.8 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард төсөөлж байсан. Ингэхдээ хилийн боомт дээр үүсээд байгаа хүндрэлийг түр хугацааны асуудал болов уу хэмээн үзэж байгаагаа тус банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд хэлсэн. Тэгвэл хагас жилийн статистик дүн мэдээгээр зургадугаар сараас нүүрсний экспорт эрс буурсан(1.4 саяас 723 мянган тонн болж буурав), үүнийг дагаад экспортын орлого тус сардаа 38 сая ам.доллараар багассан дүнтэй байгаа аж. Мөн вакцинжуулалтыг амжилттай хийж байгаа ч халдварын тархалт төсөөлөхөд төвөгтэй нөхцөл байдлаар өрнөж байна. Эдгээр нь манай улс энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвөө хэвээр хадгалж үлдэхэд томоохон сорилт болох бололтой. Ясуюки Савада “Вакцинжуулалт болон халдварыг зогсооход чиглэсэн бусад арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт эдийн засгийн үйл ажиллагааг үе шаттай нээж, тодорхой стартегийг баримтлан идэвхжүүлж байж эдийн засгийн сэргэлтийг илүү ногоон, хүртээмжтэй, эрсдэл даах чадвартай болгоно” хэмээн онцолжээ.

Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвт чухал үүрэгтэй, манай улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлэх БНХАУ-ын тухайд энэ онд 8.1 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн таамаглалтай. Тэгвэл уг төсөөллийг өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, урд хөршийн эдийн засгийн өсөлт өндөр хувьтай хэвээр байх нь ээ. Тус улсын эдийн засаг нэг хувиар өсөхөд Монголын эдийн засагт 0.83 хувийн өсөлт үзүүлдэг. Энэ нь бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувь аж. Хятадын эдийн засаг нэг хувиар өсөхөд тус улстай хил залгаа, эдийн засгийн өндөр харилцаатай орнуудын эдийн засагт 0.20 орчим хувийн өсөлт үзүүлж байгаа юм. Мэдээж манай улс 8.1 хувь хэмээх өндөр өсөлтийн өгөөжийг өөртөө шингээхийн тулд хил боомтын харилцаа саадгүй байх нь хамгийн чухал. Харамсалтай нь энэ асуудал дээр бэлтгэл бүрэн хангагдаагүй нь экспортын орлогыг бууруулж, эдийн засгаа өндөр өсөлт рүү чирэх боломжийг хязгаарлаж байна.

Хятадын хувьд өсөлтийн төсөөлөл өөрчлөгдөөгүй ч бусад орны нөхцөл байдал нийлбэр дүнгээр Азийн хөгжлийн банкнаас төсөөллөө эргэн харахад нөлөөлжээ. Тодруулбал, БНХАУ-ын Хонконг болон Тайвань, Солонгос, Сингапур зэрэг шинээр аж үйлдвэржсэн орнуудыг оруулахгүйгээр тооцвол хөгжиж буй Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2021 онд өмнөх 7.7 хувиас буурч 7.5 болсон байна. Цар тахлын дэгдэлтийг зогсоох, халдварын шинэ голомтыг хумих хамгааллын болон хөл хорионы арга хэмжээний улмаас эдийн засгийн үйл ажиллагаанд саад тотгор учирч байгаатай холбоотойгоор Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн дэд бүсийн 2021 оны өсөлтийн төсөөллийг бууруулжээ. Өмнөд Азийн эдийн засаг энэ оны санхүүгийн жилд 9.5 хувиар өсөх төсөөлөлтэй байсныг 8.9 хувь болгож бууруулсан. Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв 1.0 нэгж хувиар буурч 10.0 хувь байна. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийн 2021 оны төлөв 4.4 хувиас 4 хувь, Номхон далайн орнуудынх 1.4 хувиас 0.3 хувь болж тус тус буураад байна.

Харин өсөлтийн төсөөлөл нь нэмэгдсэн орнуудын тухайд Хонконг, Тайвань, БНСУ зэрэг аж үйлдвэржсэн эдийн засаг төсөөлж байснаас илүү эрчимтэй сэргэж байгаагийн нөлөөгөөр Зүүн Азийн бүс нутгийн энэ оны өсөлтийн төлвийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7.4 хувиас 7.5 хувь болгож нэмэгдүүлжээ. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 3.4 хувь байна хэмээн дөрөвдүгээр сард төсөөлж байсныг 3.6 хувь болгон нэмэгдүүллээ. Үүнд тус дэд бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Армен, Гүрж болон Казахстан Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн. Төв Азийн эдийн засгийн өсөлтийн 2022 оны төсөөлөл 4.0 хувьд хэвээр байна.Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд энэ оны инфляцийн төсөөлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 2.3 хувь байсан бол газрын тос, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2.4 хувь болж нэмэгдлээ. Харин 2022 онд инфляцийн төсөөлөл өмнөх 2.7 хувиас өөрчлөгдөөгүй хэвээр байна. Эцэст нь нийт дүнгээр Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7.2 хувь болж бууруулсан ч ирэх оны өсөлтийн төсөөллийг 5.3 хувиас 5.4 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд Энэтхэг зэрэг цар тахлын улмаас томоохон хохирол амссан улс орнуудын эдийн засаг буурах хандлагатай байгаа ч яг манай улстай өргөн харилцаатай, тэр дундаа манай улсын эдийн засагт онцгойлон үүрэг гүйцэтгэдэг БНХАУ-ын эдийн засаг өндөр өсөлттэй хэвээр байна. Уг өсөлтийг эдийн засагтаа шингээж чадах эсэх нь экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн боомт тойрсон хүндрэлийг шийдвэрлэхээс шууд хамаарч байна.

Г.БАТ