Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батжаргал: Том мөнгөн дэвсгэрт гаргах нь авлига, хээл хахуулийг өөгшүүлнэ гэж хөгжилтэй орнууд үздэг

Эдийн засагч Г.Батжаргалтай ярилцлаа.


No description available.-Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд том мөнгөн дэвсгэрт гаргах судалгаа хийхийг үүрэгдсэн. Гэвч эдийн засгийн энэ хүнд нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь мөнгөний ханшийг унагах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгөн дэвсгэртийн тухай ярихын өмнө мөнгөний эдийн засаг дахь үүрэг, хэрэглээний талаар ярих нь зүйтэй байх. Мөнгө үндсэн гурван үүрэгтэй. Нэгдүгээрт, солилцооны үүрэгтэй. Бараа бүтээгдэхүүн худалдаж авах, төлбөр тооцоо хийхэд хэрэглэдэг.

Хоёрдугаарт, хадгалах. Аливаа хөрөнгийг зараад мөнгө болгоод хадгална. Үл хөдлөх хэлбэрээр нь ч хадгалж болно.

Гуравдугаарт, хэмжих нэгж хэлбэрээр хэрэглэдэг. Бараа үйлчилгээнүүдийг мөнгө, төгрөгөөр хэмждэг шүү дээ. Тэгэхээр солилцооны хэрэгслийн үүргийг анх бэлэн мөнгө маш үр дүнтэй хангадаг байсан. Дараа нь банк төлбөр тооцооны хэрэгслээр хийдэг болсон. Улмаар жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг бидний мэдэх олон төрлийн картаар хийдэг боллоо. Одоо бол технологийн хөгжилтэй холбоотойгоор цахим мөнгөний хэрэглээ нэвтэрчихлээ. Бидний мэдэх бэлэн мөнгөний хэрэглээ буюу солилцооны үүргийг цахим мөнгө гүйцэтгэдэг болчихоод байна. Статистикийн тоог харахаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэрэглээ жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарч байна. Сая хэлсэн технологийн шинэ шийдлүүдтэй холбоотойгоор буурч байгаа юм.

-Тэгэхээр бэлэн мөнгөний хэрэглээ буурсаар байхад дахин дэвсгэрт хэвлэх нь тохиромжгүй гэсэн үг үү?

-Мөнгөний хэрэглээ буурч байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах уу, үгүй юү. Том дэвсгэрт гаргах нь хэр оновчтой шийдвэр вэ гэдэг асуулт үүсэх нь. Энэ өнцгөөс харахад төдийлөн зохимжгүй шийдэл харагдаад байна. УИХ-ын даргын гол тайлбар нь “Бага мөнгөн дэвсгэрт гүйлгээнд буурсан.

Бараг гүйлгээнээс хасагдах гээд байна. Тиймээс бага дэвсгэртийг татаж, том дэвсгэрт гаргая” гэсэн утгатай байсан. Тийм учраас том мөнгөн дэвсгэртийн судалгааг хийгээч ээ гэж харагдсан. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ер нь олон жилийн өмнөөс л бага мөнгөн дэвсгэртийг хэрэглэх соёл ирсэн

Ахуй амьдралдаа бага мөнгөн дэвсгэртээ төдийлөн хэрэглэж хэвшээгүй нь суурин амьдралд шилжээд удаагүйтэй холбоотой ч байж болох юм. Бага мөнгөн дэвсгэртээ хэрэглээнд дэлгэрүүлж чадаагүй хэрнээ дахиад том мөнгөн дэвсгэрт гаргах нь зохимжтой санагдахгүй л байна. Энэ бол эдийн засгийн хэрэглээ талаасаа шүү.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гарснаар эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Мөнгөний ханш үнэхээр унах эрсдэлтэй юү?

-Том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш унадаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд яваад байна. Ийм ойлголт мэдээж байж болно. Гэхдээ инфляци өсч байгаа манай эдийн засгийн энэ үед том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш айхавтар унах асуудал бол үүсэхгүй болов уу. Бидний жишээ аваад байгаа Венесуэл, Африкийн Зимбабье зэрэг улс шиг мөнгөний ханш айхавтар уначихсан нөхцөл байдалд хүрээгүй байна. Дээрх орнууд чинь мөнгөн дэвсгэртдээ биш угаасаа валют нь үнэ цэнээ алдчихсан. Манай улсын хувьд тэгтлээ эдийн засаг муудаагүй байна. Бага зэргийн хэлбэлзэлтэй ч хэвийн явагддагаараа явагдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал бол нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт. Эдийн засагт иймэрхүү асуудлууд үүсч л байдаг. Хил, гааль, бараа бүтээгдэхүүн татан авалтаас шалтгаалсан инфляцийн өсөлт ажиглагдаад байна. Дээр нь шатахууны үнэ өсөлт байна. Мөн эдийн засгаа сэргээх нэртэйгээр 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй мөнгийг эргэлтэд оруулсан. Эдгээр асуудлаас үүдсэн эдийн засгийн өсөлтүүд ажиглагдаж байгаа ч энэ бол тодорхой хугацааны асуудал. Үүнд Төв банкнаас богино болон дунд шатны бодлогын арга хэмжээ аваад мөнгөний бодлогын эргэлтээр зохицуулчих боломжтой. Тэрнээс том мөнгөн дэвсгэртийг харьцуулаад мөнгөний ханш унана гэж тайлбарлах боломжгүй л дээ.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гаргах нь ямар ч ач холбогдолгүй зардал гэж хэлж болох уу?

-Мөнгөний хэрэглээ буураад байгаа энэ үед дахиад мөнгөн дэвсгэрт хэвлэх нь өөрөө зардал дагуулна. Том дэвсгэрт хийнэ, хэвлэнэ, тараана гээд ажиллагаа ихтэй шүү дээ. Ямар ч шаардлагагүй үед үр ашиггүй зардал гаргахын л нэмэр. Одоогийн 20.000-тын мөнгөн дэвсгэрт 2006 онд гүйлгээнд гарсан байдаг. Бараг арав гаруй жил хэрэглээд дадчихсан байхад гэнэтийн зүйл гараад ирэхээр нөгөө талаас өөр сөрөг үр дагавруудыг гаргаж ирэхийг үгүйсгэхгүй.

-Гадны орнууд мөнгөн дэвсгэртийн талаар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?

-Ер нь өндөр хөгжилтэй орнууд том мөнгөн тэмдэгт гаргах нь авлига, хээл хахуулийг өөгшүүлдэг хэрэгсэл гэж үздэг. Жишээлбэл, Европын холбооны хамгийн том мөнгөн дэвсгэрт 500 евро. Европ дотроо өндөр хөгжилтэй орнууд нь гүйлгээнээсээ 500 еврог гаргаад байна. Арай албан ёсоор хасчихаагүй хэрнээ хэрэглээ нь буурч байгаа. Тиймээс шинээр хэвлэхээ зогсоочихсон. Нэг хэсэг бүр хэрэглээнээс хасах талаар ч ярьж байсан. Одоо хэрэглээнд байгаа нь яваандаа элэгдлээрээ дуусах зохицуулалттай. Хятад нэг хэсэг мөн л 100 юанийн дэвсгэртийг хэтэрхий бага гээд том дэвсгэрт гаргахаар яригдаж байгаад больсон. Одоо бол цахим юань буюу чиптэй юань гаргана гэсэн судалгаа хийгдэж байгаа. Хятад шинэ том дэвсгэрт гэхээсээ илүү юанийн үнэ цэнийг хадгалсан цахим аюулгүй мөнгө гаргах бодлого руу шилжиж байна. Америкт гэхэд 100 ам.долларын дэвсгэрт бол маш олон жил болсон. Америк, Хятад, Европын холбоо гээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй эдийн засгийн цөм орнуудын мөнгөний бодлогууд нь ийм байна. Тиймээс хэдийгээр УИХ-ын дарга судлах үүрэг өгсөн ч Монголбанк олон улсын жишгийг дагах болов уу.

-Тэгэхээр хэрэглээнээс бага дэвсгэртээ татах нь хэр оновчтой шийдэл болох вэ?

-Харин одоо хэрэглээнд байгаа хэдий ч төдийлөн хэрэглэгдэхгүй байгаа нэгт, тавт, аравт, хорьт зэрэг бага мөнгөн дэвсгэртүүдээ татах, эсвэл дахиж хэвлэхгүй байх талыг судалж үзэх нь зөв. Бага дэвсгэрт өнөөдөр төдийлөн гүйлгээнд ашиглагдахгүй, уул хаданд тахидаг л хэрэглээ болж хувирсан. Тэгээд ч манайд өнөөдөр 10, 100 төгрөгөөр авах боломжтой бараа бүтээгдэхүүн байна уу. Үүнийг л судлах хэрэгтэй. Мөн манай хөдөлмөрийн бүтээмж, бараа таваарын үнэ тогтож буй процесс, цаашлаад бараа бүтээгдэхүүний өртгийг зөв тооцоолж байна уу гээд арай өргөн хүрээний асуудал болчих гээд байна.

-Хэрэв том дэвсгэрт гараад ирвэл хариултад хэрэглэх бага дэвсгэртийн хүртээмжийг нэмэх үүднээс дахиад л мөнгө хэвлэх шаардлага үүсэх нь…?

-Манайд ийм юм ажиглагддаг. Том дэвсгэртэд тааруулж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох. Магадгүй 50 мянгатын дэвсгэрт гараад ирвэл 46 мянга гэж зардаг бараагаа шууд 50 мянга болгоно. Тиймээс бүхэл дүнд авааччихдаг учраас бага дэвсгэртийн хэрэглээ ер нь бага байдаг онцлогтой. Энэ нь аажмаар эдийн засагт үнийн хөөрөгдлийг гааруулах бас нэг эрсдэл. Дахин хэлэхэд, том мөнгөн дэвсгэртийг шинээр гаргаж хаана ашигладаг вэ гэхээр эдийн засаг нь уначихсан газар л хэрэглэдэг. Манайх арай тийм түвшинд хүрээгүй. Том дэвсгэрт гарлаа гээд эдийн засаг маш сайхан сэргээд, эсвэл айхавтар уначих зүйлгүй. Зүгээр л өнөөдрийн нөхцөлд ямар ч үр ашиггүй зарлага болсон ажил болох байх.

-20 мянгатын хоёр дэвсгэрт хэвлэснээс 50 мянгатын нэг дэвсгэрт хэвлэх нь нэг талдаа хэмнэлт болох юм болов уу?

-Нэг дэвсгэртийг ямар зардлаар хэвлэдгийг би сайн мэдэхгүй болохоор хэмнэлт үү, зарлага уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Д.Даваасүрэн

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк Швейцарийн эдийн засгийн газартай хамтран ажиллана

Швейцарийн холбооны улсын эдийн засгийн газар (SECO)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус газраас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Төв банкуудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (BCC)-т Монголбанкны төлөөлөл оролцох боломжийг бий болгоод байна.

Энэхүү хөтөлбөр нь Монголбанкны мөнгөний бодлогын шинжилгээ, макро-эдийн засгийн судалгаа, статистикийн чиглэлийн чадавхыг бэхжүүлж, олон улсын жишигт улам ойртуулахад жинтэй хувь нэмэр оруулах юм.

Швейцарийн холбооны улсын эдийн засгийн газрын BCC хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж байгаа ба хөгжиж буй улс орнуудын Төв банкуудын аналитик болон техник экспертиз хөгжүүлэхэд чиглэдэг. Одоогоор Албани, Азербайжан, Босни ба Херцеговина, Колумб, Морокко, Перу, Тунис, Украин зэрэг улс орнууд хөтөлбөрт амжилттай хамрагдан 54 удаагийн судалгааны ажлыг нийтлээд байна.

Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Швейцарийн хамтын ажиллагааны газар, Консулын хэлтсийн дарга Стефани Бурри (SECO-г төлөөлж) гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Т.Энхтүвшин: “Замын-Үүд”-ийн чөлөөт бүс нээгдсэнээр “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүн гуравдагч улсын зах зээлд гарна

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Замын-Үүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 1000 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, чөлөөт бүсийн дотор 380, чөлөөт бүсийн гадна 1250 тээврийн хэрэгсэл байна. Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн гурав дахь замыг нээж эхэлсэн. Ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Өдөрт тогтмол 110 автомашин, 50 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол гарч байна.Үүнтэй холбогдуулан Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлж, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Хятад улс өөрсдийгөө ногоон бүс гээд зарлачихсан. Түүнчлэн Өвлийн олимп Хятадад зохион байгуулагдана. Түүнтэй холбоотойгоор Монголд ковид нэмэгдэж байгаа учраас хил гаалиар нэвтрэхэд хүндрэл үүссэн. Хятадын талд 50 жолооч байршуулчихаад тэр жолоочид нь 0 цэг дээр хүргэж өгөөд наанаас нь татаж аваад Улаанбаатар руу явж байгаа. Хамгийн гол нь цаана байгаа бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хурдан татаж авах нь чухал байна. Нөхцөл байдлыг сайжруулахад манайх ногоон бүсээ бий болгох хэрэгтэй. Энэ нь зөвхөн Дорноговь аймгийн асуудал биш, Монгол Улсын хэмжээнд ногоон бүс болоход анхаарч ажиллах шаардлага үүсч байгаа юм.

-Вагон тээврийг нэмэгдүүлэх боломжтой болсон байна лээ.

-Вагоноор ачаа татах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ онцгой анхаарах хэрэгтэй. Манайх дан замтай учир хүндхэн байна.Өдөртөө манайхаас 14 цуваа гардаг гэхээр 700 гаруй вагон гарч байгаа юм. Буцаж орж ирэхдээ зургаа нь бараа бүтээгдэхүүнээ ачиж, бусад нь хоосон орж ирээд байна.

Угтаа хуримтлагдсан арматур төмөр, тоног төхөөрөмж сав баглаа нь амархан эвдрэхгүй тоног төхөөрөмжийг нүүрс, төмрийн хүдрийн задгай вагоноор ачих асуудлыг Хөх хотын талтай УБТЗ сайн ярилцах хэрэгтэй байна. Эрээн хотод бараа бүтээгдэхүүнийг түрүүлж ачих гэсэн үнийн өрсөлдөөн яваад байна. 3000-4000 машины ачаа бөөгнөрчихсөн, Улаанбаатар хүртэл нэг машин ачаа 70.0-80.0 мянган юань хүрчихээд байна. Энэ тал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

-Ариутгал халдваргүйжүүлэлт манайд маш хангалтгүй байсан шүү дээ.

-Сумын Засаг дарга хил гаалийн онцгой бүс дээр болж байгаа асуудлыг хариуцдаггүй. Хил дээр босоо удирдлагатай байгууллагууд ажилладаг. Тэр гаалийн татвар, үзлэг, гадаадын иргэдийг оруулах, гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал бол Гааль, Мэргэжлийн хяналтын 100 хувь хариуцах асуудал.Ариутгал халдваргүйжүүлэлт чинь манай хилээс гарч байгаа машиныг ариутгадаггүй. Гарч байгаа машиныг Хятадын тал иж бүрэн ариутгадаг. Хятадаас орж ирж байгаа машиныг л манайх ариутгадаг. Сүүлийн үед хил дээр гарч байгаа асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хольж хутгаж яриад байгаа юм. Замын-Үүд сум улсын төсөвт жилд 600-700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл аймаг, сумын төсөвт нэг ч төгрөг өгдөггүй. Замын-Үүд бол экспорт, импортын байнгын үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хилийн томоохон боомт юм.

-“Замын-Үүд” чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Бэлтгэл ажил хэр үргэлжилж байна?

2021 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт Замын-Үүд суманд ажиллалаа. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлж байна. Засгийн газрын хуралдаанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох шийдвэр гарсан. Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомтод үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулна. Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ.“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргах боломж нээгдэнэ. Ингэснээр ажлын байр бий болж, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг олон үзүүлэлт гарахаас гадна гадаадын жуулчдыг хүлээн авах таатай нөхцөл бүрдэх юм.

-Чөлөөт бүсийг нээснээр хил гааль дээр хүлээгдээд байгаа ачаа тээврийн асуудал цэгцрэх үү?

-Бид эдийн засгийн чөлөөт бүсээр бараа материалуудаа татаж авах ажлуудыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Хятадын чөлөөт бүсээр дамжуулаад Монгол талд чөлөөт бүсэд ачаа таваараа буулгаад нааш нь татаад авчих боломжтой юм. Хамгийн гол нь бид импорт, экспортын хоёр том хил дээрээ онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ жил Гашуунсухайт боомтоор 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар одоо 7.6 сая тонн нүүрс экспортолсон байна. Төсвийн тодотголоор 26 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэсэн хэдий ч он дуустал энэ хэмжээний нүүрсээ гаргаж чадахгүй бол тэр хэмжээгээр валютаа олж чадахгүй болох нь.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байна?

Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Монгол Улсын эдийн засгийг тэргүүлэх чиглэлийн томоохон мега төсөл Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын мэргэжилтнүүд ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан. Замын-Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн. Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг 2022 оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг МГТБҮ-ийн зүгээс боловсруулж 2021 оны 4-5 дугаар сард Энэтхэг рүү илгээсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа юм билээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж манайд боловсролын хүртээмж хүндхэн байна. Есдүгээр сараас танхимаар хичээллэх ёстой гэж бодож байна уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, БШУЯ хамтран зөвлөмж боловсруулж байгаа.Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийг вакцинжуулж байгаа бөгөөд одоогоор 260 гаруй мянган хүүдийг вакцинд хамруулсан мэдээлэл байна. Сум орон нутагт хүн сийрэг учраас халдвар хамгааллыг баримтлан танхимаар хичээллэх боломжтой. Цахим хичээл хөдөө сумдад хүрэхэд хүндрэлтэй. Дорноговь аймгийн зарим сумдад шилэн кабель ч байхгүй. Одоо танхимаараа хичээллээд явахгүй бол ковидоос ч хүнд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Сургалтын үйл ажиллагаа хоёр жил хааснаас болж хоцрогдол их байгаа бөгөөд энэ жилээс болосвролынхоо асуудалд түлхүү анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн хүүхэд гуравдугаар ангид орох жишээний. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэх нь зүйтэй.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ

Эдийн засгаа аварч, эрүүл мэндээ хамгаалах цогц хөтөлбөрийг Засгийн газраас хоёрдугаар сард баталсан юм.

Нийт арван их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгох зорилготой бөгөөд одоогоор 3.3 их наяд төгрөгийн зээл олгожээ.

Үүний 1.7 их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалахад, хөдөө өж ахуйн салбарыг хамгаалахад 319 тэрбум, ипотекийн зээлд 561 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Дээрх зээлийг олгосноор өнөөдрийн байдлаар 216 мянган ажлын байрыг хамгаалсан буюу ийм тооны хүн ажлаас халагдах эрсдэлийг арилгажээ. Нийт 2 их наяд төгрөгийг ажлын байр хадгалахад зарцуулна. Төв банк энэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг Төв банкинд даалгажээ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм.

Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекын хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Түүнчлэн Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн зээлийг гаргасан байна. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаав.

Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Занданшатар Төв банкинд том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг даалгажээ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм.

Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекын хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Түүнчлэн Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн зээлийг гаргасан байна. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаав.

Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Доллар олох бүх сувгаа хаачихаад “Доллар үнэтэй байна” гэж гоншигнохоо боливол яасан юм

Монголбанкны энэ сарын 1-ний өдрийн ханшаар ам.доллар 2849 төгрөгтэй тэнцэж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлын улмаас хумигдаж, бүхий л бүтээн байгуулалт зогсож, угаас үйлдвэрлэгч биш улс учир гаднаас хараат байдалд улам лав орчихоод байна. Харин уул уурхайн хэдэн газар, үйлдвэр л монголчуудын аминд орж байгаа нь голтой үнэн. Сүүлийн хоёр жилд уул уурхайгаас олсон ашгаар л монголчууд ковидын үед амь зууж, халамжлуулж байгаа. Гэтэл бодит үнэн нь энэ атал уул уурхайг ад үзсэн хэвээр, гадны хөрөнгө оруулалтыг хөөсөн янзаараа. Дэлхий биш юм аа гэхэд Ази тивдээ ядаж нэг бүтээгдэхүүнээрээ толгой цохиж, экспортоо бүрдүүлдэг байсан бол бас яая гэхэв. Гэтэл уул уурхайгаас хараат мөртлөө тэр салбарыг, хөрөнгө оруулагчидтай нь үзэн ядаж, сошиалаар шүлсээ үсэргэсээр. Аливаа улсын эдийн засагт гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг олон шалтгаан бий. Хэрвээ бид зарим улстөрчдийн яриад байгаа шиг өөрсдөө эдийн засгаа дотоодын нөөц бололцоогоо ашиглаад босгоно гэвэл наанадаж 100 жилийн хугацаа зарцуулна. Энэ бол асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй дэлхийгээс хоцорно гэсэн үг. Харин гадны хөрөнгө бол эдийн засгийг богино хугацаанд эрчимжүүлдэг зүтгүүрийн үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчинтой, хоёр том зах зээлийн дэргэд оршдог гэх мэт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах давуу тал олонтой. Ажиглагчид “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулагчид руу хандсан хууль эрх зүйн орчин, татварын нөхцөл нь ахицтай байгаа ч тогтвортой бодлогогүй байдал нь хамтран ажиллахад ихээхэн түвэг чирэгдэл учруулдаг” гэж дүгнэсэн. Төрийн залгамж чанар, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хүнд сурталтай, авлигад дуртай, дарга нар нь худалч, хэлсэндээ хүрдэггүй зантай учир хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсан. Хөрөнгө оруулалт хийхээр ирсэн хөрөнгө оруулагчид байн байн солигддог дарга нарын аяыг олох гэж дунд нь хайран цагаа үрдгээс манайд хөрөнгө оруулахаас залхсан гэж ярьсан удаатай. Ард түмэн яагаад ч юм уул уурхайд гадны хөрөнгө оруулалт хийхийг таашаадаггүй. Тэдний хувьд судалж, шинжилж, шинжлэх ухаанчаар тооцоолол гаргаад мэтгэж байгаа нь даанч үгүй. Сошиалаар явж буй мэдээллийн хүрээнд л ойлголттой. Түүгээ урдаа бариад л дайрчихдаг. Үүн дээр улстөрчид нь оноо авах гэж, саналыг нь хүртэх гэж тоглолт хийж эхэлдэг. Гадаадын хөрөнгө оруулалт, хамтарсан төслийн талаар ямар ч тооцоо судалгаагүй, баримжаагүй юм ярьж, дур зоргоороо мэдэгдэл хийдэг улстөрчид Төрийн ордноор дүүрэн. Жишээ нь, Оюу толгойг шүүмжилж, эсэргүүцвэл ард түмэнд таалагдаад гишүүн болчихдог гэдэг логикийг баримталдаг улс төрийн хүрээнийхэн бий. Тэднийг ийм зүйл хийлгэж буй, ийм боломж олгож байгаа хүмүүс бол ард түмэн өөрсдөө.

Монгол Улсын хөгжил доогуур, өрсөлдөх чадвар сул байгаа энэ үед дотоод, гадаадын хөрөнгө оруулалт л биднийг чирэх хүч болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан хөгжлийг тодорхой дэмжих хүчин зүйлийг бий болгож, уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх замаар эдийн засгаа тэлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гарц хамгийн эхэнд байгаа. Улсаа хөгжүүлье гэвэл өөрсдөө өдөр шөнөгүй гарын алгаа цэврүүттэл хүрз, жоотуу барьж хөлсөө дуслуулах биш, харин гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зөв зүйтэй авснаар богино хугацаанд зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг та бид хөгжилтэй орнуудын шилжилтийн үеийн түүхээс харж болно.

Уул уурхай дэмий, бид өөр замаар хөгжинө, бидэнд дотоод нөөц бололцоо бий гэж хий дэмий ярьж ажил уядаг хүмүүсээс асууя л даа. Ковидтой энэ хүнд хэцүү цаг үед Монгол Улсыг ямар салбар тэжээж, ард олныг өлсгөлөнд нэрвүүлчихгүй авч явна вэ?

Энэ оны эхний хагас жилийн сүүл буюу өнгөрсөн тав, зургадугаар сард гадаад валютын орох урсгал сайжирсан тал бий шүү. Чухам ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын урсгал тодорхой хэмжээгээр орж ирэв гэхээр өнөө л монголчуудын ад үздэг уул уурхайн салбарын үр өгөөж байв. Коронавирусийн вакцинжуулалт дэлхий даяар хурдацтай явагдсаны үр дүнд томоохон эдийн засгууд сэргэснээр гадаад эрэлт нэмэгдэж, Монгол Улсын экспортын голлох түүхий эдийн үнэд эерэгээр нөлөөлсөн юм. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ энэ онд арваас дээш хувиар өсөөд байна. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар зэсийн үнэ 28, нүүрс 11, төмрийн хүдэр 14 хувиар тус тус өссөн.

Монгол Улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд бүрдүүлдэг учир валютын ханшийн төлөв гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаардаг. Цар тахлын дараа АНУ, БНХАУ болон бусад хөгжингүй улс орны эдийн засаг идэвхжиж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, түүн дотор ногоон хөрөнгө оруулалт ихээр хийгдэх хүлээлттэй байгаагаас түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхэлчихсэн. Энэ таатай нөхцөл байдал Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлт үргэлжилж, цаашид ч хадгалагдахаар байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн манай орны экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор экспортын хэмжээ огцом нэмэгдэх хүлээлттэй байна. Мөн ойрын хугацаанд хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй бөгөөд дээр дурдсаны дагуу гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг Монголбанкныхан мэдэгдсэн.

Бодит нөхцөл байдлын талаар эдийн засгийн шинжээч, ажиглагчид ийм зүйл ярьж байхад монголчууд өнөө л бурангуй үзлээрээ гадаадын хөрөнгө оруулагч, уул уурхайг үзэн ядсан хэвээр, түүн дээр нь улстөрчид сэгэн дээр овоорох хэрээ лугаа овоорч, улам дөгөөж тоглолт хийж, улсын эдийн засаг, хөгжлийг хойш нь чангаасаар байна. Үүний дүнд ам.доллар чангарсан.

Улстөрчид, эрх баригчид гэлтгүй монголчууд бүгдээрээ юу ч үйлдвэрлэдэггүй, юу ч бүтээдэггүй мөртлөө улс эх орныг нь чирч буй салбарыг хар, муйхраар няцааж, долларын урсгалыг оруулж ирэх бүх сувгийг хааж боож боочихоод одоо болохоор “Доллар үнэтэй байна” хэмээн гоншигнож буй нь илүүц. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайг ад үздэг атлаа өөрсдөө доллар олох байтугай, ганц олигтой хадаас зорчихож чадахгүй байж мах шарж идээд, хөдөөгүүр “Приус”-ээ унаад тэнээд байхаар долларын ханш нэмэгдэхгүй гээд яахав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Ёндон: Нүүрсний экспортын орлого өнгөрсөн оныхоос өсөх магадлал өндөр байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.


Г.Ёндон-Энэ жил 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэхээр байна уу?

-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн хэмжээндээ арай хүрэхээргүй дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн экспортын хэмжээнд хүрнэ гэж найдаж байна. Нүүрсний үнийн хувьд түрүү жилийнхээс арай илүү байгаа учраас экспортын орлого өнгөрсөн оныхоос илүү байх магадлалтай. Сангийн сайдын тайлан дээр эхний таван сарын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээс төвлөрөх ёстой орлого 98 хувийн биелэлттэй гэсэн тоо бийг та анзаарсан байх. Ковидын дараахь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үед түүхий эдийн үнэ өсч байгаа. Манай улсын хувьд экспортод гарах нүүрсний биет хэмжээ багассан ч үнэ сайн учраас төсөвт төвлөрөх орлого харьцангуй гайгүй байна л даа.

-Нүүрсний экспортын өнөөгийн байдал ямаршуу байна вэ, өдөртөө гарч буй машины тоо хэд орчимд хэлбэлзэж байгаа бол?

-Өнгөрсөн оны эхний хагас жилд цар тахлын шалтгаанаар нүүрсний экспорт маш их хэмжээний алдагдалтай байсан. Экспорт үндсэндээ 50 хувиар тасарсан. Харин сүүлийн хагаст нь идэвхжсэн. Энэ жилийн хувьд ч нүүрсний экспортын байдал ялгаагүй дүр зурагтай байна. Өнөө жилийн эхний хоёр сард экспорт маш сайн байсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоногтоо 300-500 машин нүүрс гарч байна.

-Гашуунсухайт боомтоор өдөрт хэчнээн машин нүүрс гарч байна вэ?

-Дунджаар 100-150 машин нүүрс гарч байгаа. 180 машин гарсан өдөр ч бий.

-Нүүрсний экспортыг сайжруулахын тулд засгаас хийж буй бодитой ажил байна уу?

-Гашуунсухайт боомт дээр чингэлэг тээврийн терминал байгуулж байгаа. Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтыг эхлүүлчихсэн. Нүүрсээ 24 цагаар чингэлэг тээврээр хийх зорилготой энэ ажил дээр Засгийн газрын тогтоол гарсан. Хариуцаж байгаа газар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” гэх мэт компаниудаас тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаад “Энержи ресурс” компани хариуцаж тодорхой ажил хийгдэж байна. Шивээхүрэн боомт дээр ч чингэлэг тээврийн терминал байгуулна.

-Чингэлэг тээврийн терминал хэзээнээс ашиглалтад орох бол?

-Есдүгээр сараас ашиглалтад орчих байх. Чингэлэг тээврийн терминал ажиллаад эхэлбэл нүүрсний экспортын хэмжээнд мэдрэгдэхүйц ахиц гарна.

-Оюу толгойн хэлэлцээр нам жим байх шиг байна. Хэлэлцээрийн явц ямархуу байна вэ?

-Оюу толгойн хэлэлцээрийн тухайд “Рио тинто”-гийн төлөөлөл ирчихээд буцаад явсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тухайд бүх материалаа бэлтгээд ажлын хэсэгт танилцуулчихсан. Хэлэлцээр удахгүй үргэлжлэх байх. Монгол Улсын Засгийн хэлэлцээрт бэлэн байгаа.

-Гүний уурхайн хувьд улаар огтлох ажил хүлээгдэж байгаа. Сэтгүүлчдийн хувьд Монголын Засгийн газраас шалтгаалах, зайлшгүй амжуулах ёстой хэдэн ажил дуусчихвал улаар огтлолт хийгдэж, гүний уурхайн өгөөжийг хүртэх цаг ойртоно гэсэн ойлголт, мэдээлэлтэй яваа. Засаг зүгээс энэ тал дээр хэр ахицтай ажиллаж байна вэ?

-Улаар огтлох ажил эхлэхийн өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулах шаардлага бий. Түүний дараа ТЭЗҮ-ээ батлуулах ажил байгаа. Одоогийн байдлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нөөцийн тайланг авч хэлэлцээд буцаасан. Зардлын хэмжээ үндэслэлгүйгээр өссөнөөс үүдэж нөөцөд тавих шаардлага өссөн гэх шалтгаанаар буцаасан юм. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдэхийн төлөө ажиллана.

-Алт бол валютын нөөц бүрдүүлэх эх үүсвэр болдог ач холбогдолтой бүтээгдэхүүн. Алтны бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ, алт олборлолтын өнөөгийн байдлын талаар сонирхуулаач?

-Алтны бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ Оюу толгойн алтны нөөцийг оруулахгүйгээр 489.5 тонн. 90 орчим хувь нь үндсэн ордод, үлдсэн 10 хувь нь шороон ордод ногддог. Үндсэн ордын алтны нөөцийн ихэнх нь зэс, хар тугалга, цайр зэрэг ашигт малтмалын ордод дагалдах байдлаар байдаг. Алт олборлолтын өнөөгийн байдлыг авч үзвэл алтны шороон ордын нөөц хомсдож уул техникийн нөхцөл хүндэрсэн. Товчхондоо хөрс хуулалт ихтэй шороон ордуудад олборлолт явуулж байна. Мөн цөөн тооны алтны үндсэн ордод олборлолт явуулж байгаа. Алтны олборлолт нь бусад ашигт малтмалын олборлолттой харьцуулахад зам, тээврийн гадаад дэд бүтэц шаардагддаггүйгээрээ онцлогтой. Үүнээс гадна борлуулалт хийхэд хүндрэл гардаггүй. Иймээс цар тахалтай, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед алт олборлолтыг нэмэгдүүлбэл эдийн засгийг сэргээхэд тус нэмэр үзүүлэх боломж бий. Салбарын яамнаас алтны үндсэн ордуудад хөрөнгө оруулалт татах, эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг таван хувь байх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Мөн алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгож өөрчлөөд байгаа.

-Дэлхийн улс орнууд цар тахлаас болж хэцүүдсэн эдийн засгаа сэргээх талд онцгой анхаарч байна. Манай улсын хувьд эдийн засгаа сэргээх гол арга шийдэл нь уул уурхайн төслүүдээ дэмжиж хөгжүүлэх гэж эдийн засагчид онцолж байгаа. Жишээ нь, алтны салбарт ямар төслүүдийг онцгойлж дэмжвэл өгөөжөө өгөхөөр байна вэ?

-Манай улсын хувьд ч дэлхийн улс орнуудын адил эдийн засгаа сэргээх чиглэлд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Онцолж хэлэхэд, бид ковидын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг бууруулахгүй байх амаргүй нөхцөл байдалтай тулгарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүйн тулд тодорхой ажлууд хийж эхэлсэн. Жишээ нь, Засгийн газрын хуралдаанаар томоохон уурхайнуудаа “Ногоон бүс” болгон олборлолт, баяжуулалт, экспортын хэмжээг бууруулахгүй байх шийдвэрийг гаргуулаад байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Тэргүүлэх чиглэлийн 100 төсөл, арга хэмжээг Засгийн газрын 100 хоногт багтаан зарлан хэрэгжүүлэх” чиглэл гэж гарсан даа. Энэ чиглэлд уул уурхайн салбарын томоохон төслүүдийг хамруулан зохих ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед томоохон хэмжээний төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр, улс, орон нутгийн төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.

Энэ хүрээнд онцлох хэдэн төсөл бий. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт орших “Хан-Алтай ресурс” ХХК-ийн Хан-Алтайн алтны үндсэн орд байна. Хан-Алтайн алтны үндсэн орд ашиглалтад орсноор 373 ажлын байр шинээр бий болж, жилд 1.3 сая куб метр хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 549.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Онцолж хэлэх дараагийн төсөл гэвэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баянхөндийн алтны үндсэн орд. Баянхөндийн алтны үндсэн орд ашиглалтад орсноор 360 ажлын байр шинээр бий болж, жилд 600 мян тонн хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 218.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Мөн “Эрдэнэс силвэр ресурс” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа. Өнөө жилдээ баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад Засгийн газраас хэр анхаарч байгаа бол?

-Манай яамны хувьд салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоо байгаа хөрөнгө оруулагчидтайгаа хуулийн хүрээнд нягт хамтран ажиллахын зэрэгцээ бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаа явуулахад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Мөн геологи, хайгуулын салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэхтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл олголттой холбоотой эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах боломжийг судалж эхэлсэн. Геологи, хайгуулын мэдээллийг хөрөнгө оруулагчдад түргэн, шуурхай хүргэх зорилтын хүрээнд үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийг хэрэгжүүлж яваа. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн геологи, судалгааны ажлын тайлангийн каталог “МонгеоКат” системийг Австрали улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлэн ашиглаж байна. Энэ систем ашиглалтад орсон цагаас өдий хүртэл нийт 678 орны 5045, дотоодын 15.8 мянган хэрэглэгчдийн 144.0 мянган хандалтыг авсан. Өөрөөр хэлбэл, чамлахааргүй өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Энэ мэт хийсэн болон, хийхээр төлөвлөж буй олон ажил бий. Эдгээр ажлууд хийгдсэнээр геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, хайгуулын шатанд хөрөнгө оруулагчдад учирдаг эрсдэлийг бууруулах талд ахиц гарна гэж тооцож байгаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил ирэх тусам хумигдсаар байна. Яг одоогийн байдлаар хэр хэмжээгээр буураад байна, хайгуулыг сэргээх ямар гарц, шийдлүүд байна?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг өнгөрсөн хугацаанд олон удаа зогсоосон, өөр өөр аргаар сольж олгож байсан нь тусгай зөвшөөрлийн тоо буурах гол шалтгаан болсон л доо. 2006 онд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 5357 хүрч байсан бол 2016 онд 3583 хүртэл буурсан. Энэ нь нийт нутгийн 8.8 хувийг хамарч байсан юм. 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2651 хүрч өмнөхөөсөө огцом буурсан.

Тодруулж хэлбэл, нийт нутгийн дөрвөн хувийг хамарч байна. Уул уурхайн салбараас хамаарсан эдийн засагтай орны хувьд хайгуулын салбарын зогсонги байдал нь уул уурхайн олборлох, боловсруулах салбарыг ирээдүйд нөөцгүй болох эрсдэлд оруулахаар байгаа. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих тусгай шалгуур бүхий өргөдлөөр олгох аргыг сонгон шалгаруулалтын аргатай хослуулсан хуулийн зохицуулалт шаардлагатай байна. Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар тус хуульд Ашигт малтмалын тухай хуулийг нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын 131-д “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 онд боловсруулахаар заасан. Дээрх практик шаардлагаас гадна салбарын шинэчлэлийг зайлшгүй боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Ийм шалтгаанаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг байгуулан хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад байна.

-Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа анхаарсан гол асуудлуудыг тоймлооч гэвэл та юуг онцлох вэ?

-Ашигт малтмалын шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлөн уялдахгүй байна гэж ажлын хэсгээс үзсэн. Иймд шинэчилсэн найруулгын төслөөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой бүхий л харилцааг зохицуулахаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад, Баялгийн сангийн тухай хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө!

Хойд хөршийн Эрчим хүчний яам энэ сардаа багтаж бидэнд хамаатай нэг чухал шийд гаргана. Шатахууны экспортоо зогсоох уу, зогсоохгүй юу гэдэг асуудал тэнд яригдаад эхэлчихсэн, яг ямар шийдвэр гарах нь өнөө маргаашгүй тодрох гэж байна. Нефтийн экспортоо зогсоовол доод тал нь нэг сар, дээд тал нь гурван сарын хугацаа тавих болов уу гэсэн таамаг Оросын мэдээллийн сайтуудаар хөвөрч байна. Хамгийн тааруу хувилбараар нь төсөөлье.Тэд гурван сарын хугацаанд нефтийн экспортоо зогсоовол бид яах вэ? Хатуухан хэлэхэд, Монгол Улс амаараа шороо үмхэнэ. Шатахууны үнэ огцом цойлно, дагаад доллар галзуурч, инфляци өндрөө авна, намрын ургац хураалт хүнд байдалд орно гэж ирээд яривал төсөөлөхөд ч хэцүү хүндрэлүүдтэй улсаараа нүүр тулна.За тэгээд манай талаас хойд хөрш рүү очиж гуйж царайчилна, өнөөдүүл нь гэдийж, элдэв нөхцөл тавьж, яриа хөөрөө үүсгэж таарах байх.

Нефтийн экспортоо зогсоох эсэх тухай яриа үүсгэсэн шалтгаанаа хойд хөршийнхөн дотоод асуудлаас болсон гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ учир мэдэх хэн ч хойд хөршид өрнөж буй энэ явдлыг зүгээр нэг дотоод асуудал гэж харахгүй. Хөршүүдээ чангалах санаа гэдгийг нь төвөггүй тайлаад уншчихна. Манай улс хойд хөршөөсөө нефть, эрчим хүчээр хараат, энэ давуу талаа алдах сонирхол ОХУ-д байдаггүй, Путины Орос хөрш Монголоо эгзэгтэй үе бүхэнд шатахуун, цахилгаанаар барьсаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Ганц Монголыг ч биш, бүх хөршөө тэд энэ давуу талаараа чангалсаар ирсэн, цаашид ч энэ тоглолтнь үргэлжилсээр байх биз. Хөрш улсууддаа хандах хандлага нь Токиод өрнөж буй олимпийн нээлтийн шууд дамжуулалтаас нь ч харагдлаа гэсэн байр суурийг цөөнгүй хүн цахим орчинд илэрхийлсэн харагдсан. Оросын зарим телевиз хөрш орнуудынхаа тамирчдыг олимпийн нээлт болж буй танхимд ороод ирэхэд харуулаагүй, реклам цацаад өнгөрсөн, Украин, Монголын тамирчдыг лав үзүүлсэнгүй гэх мэт сэтгэгдэл сошиалд хөвөрнө лээ. Өнгөрсөн зун шиг санагдаж байна, манай улсад корона гараагүй, хойд хөршид халдварын тохиолдол хэцүүдсэн үед Оросын төв телевизээр “Монголд тарваган тахал гарсан, тэнд дэгдсэн тарваган тахал манай Тува энэ тэр рүү орж ирэх эрсдэл байна” гэсэн утгатай мэдээлэл цацагдсан удаатай.Тэр мэдээний өнгийг тухайлаад анзаарахаар ер нь халдварт өвчин Монголоос л орж ирдэг гэсэн мессэж тод харагдахаар байсан тухай учир мэдэх нэг эрхэм онцолж бичсэн байж билээ.

Энэ удаа шатахууны экспортыг зогсоох тухай яриа хөөрөө яагаад гарсан юм бол, бид тэдний таалалд яг юугаараа яагаад нийцэхгүй байна вэ гэх мэт өчнөөн асуулт өнөөхөндөө ямар нэг хариугүй байна л даа. Магадгүй өнгөрсөн зургадугаар сард болоод өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, шинэ Ерөнхийлөгчийн барих гэж буй бодлого хандлага таалагдаагүй байж мэднэ. Бүр өөр шалтгаан ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч хойд хөрш зүв зүгээр сууж байгаад нефтийн экспортоо нэг, магадгүй бүр гурван сараар зогсооно гэж яриад суух улс биш. Оросын Гадаад яамны Азийн газрын хөрш орнуудыг буюу Монголыг хариуцсан хэлтэст ажилладаг эрхмүүд насаараа Монголыг айхавтар судалсан, Монгол гэдэг улсыг нэвт шувт мэддэг мэргэшсэн дипломатчид байдаг. Гэтэл манай Гадаад яамны Оросыг хариуцсан мэргэжилтэн ямар түвшинд яаж бэлтгэгдсэн бол? Өөрсдөөсөө асуух л асуултын нэг. Хойд хөрш, хөрш орныхоо амин асуудал болсон нефтийн экспортоо зүгээр ч нэг зогсооно гэж ярих улс биш гэдгийг хэлэх гээд сэдвээсээ хазайчихлаа.Одоо гол сэдэв рүүгээ оръё.Хэрвээ хойд хөрш нефть экспортоо түр зогсоовол нефть импортлогчид Хятад гэх мэт өөр гарц хайж таарна.Хайгаад эхэлчихсэн ч байх. Цаадуул нь урт хугацааны гэрээгүй учраас бэлэн мөнгөөр шууд худалдан ав гэх мэт өндөр шаардлага тавих байх. Урд хөршид шатахуун үнэтэй байдаг гэх мэт шалтгаанаар нэлээд өртөг үнэтэй шатахуун импортолж таарах болов уу.Долларын ханш тогтвортой байна гэсэн таамаг ийм шалтгаанаар эвдэгдэхийг өнөөхөндөө үгүйсгэхэд хэцүү.

Ер нь манай улсын хувьд ам.долларын ханшийг урт хугацаанд нь таамаглахад төвөгтэй. Учир нь манай ханш онолоороо явдаггүй. Суурь, макро хүчин зүйл гэхээс илүү жижигхэн асуудал, шалтгаанаас болоод савлачихдаг онцлогтой.Хил хаах, Засгийн газраас буруу арга хэмжээ авсан гэх мэт элдэв шалтгаанаас болоод ханш савладаг жишээ өнгөрсөнд өчнөөн.ОХУ нефть экспортоо түр зогсоож шатахууны үнэ огцом өсөхөд ч юмуу хилийн худалдааны нөхцөл байдал хэцүүдэхэд долларын ханшид шууд утгаараа нөлөөлдөг.Урд хөрштэй дажгүй сайн ойлголцож Гашуунсухайт нээгдвэл байдал тэгтлээ хурцдахгүй байх боломжтой ч шатахууны ханш огцом өсвөл төгрөг суларч, доллар чангарах нь жамын асуудал болж хувирна.Гашуунсухайт нээгдэхгүй удвал ханшид бүр ч хүчтэй ташуур өгөх нь хэтэрхий тодорхой асуудал. Монголбанк гадаад эдийн засгийн макро үзүүлэлт сайн учраас санаа зоволтгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байгаа л даа. Гэхдээ шүдэнз зурах төдий жаахан өөрчлөлт гарахад л ханш нь савладаг онцлогтой зах зээлтэй улс гэдгээ анзаарахгүй орхиж болохгүй.

Инфляцийн тухайд төв банк зургаан хувьд барина гэсэн зорилттой явсан. Зургаан хувьд барих ямар ч боломжгүйг Монголбанкны ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөд найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн харагдана лээ. Энэ янзаараа бол оны сүүл гэхэд инфляци хоёр оронтой тоо руу өгсөх эрсдэл өндөр харагдаж байна.Найман хувиас хэтрэхгүй гэсэн таамаглал үнэмшилгүй сонсогдоод байгаагийн цаад шалтгааныг тоочъё гэвэл өчнөөн кейс бий. Наад зах нь импорт урд хил дээр гацсан хэвээр байвал яах вэ, цаашдаа хилийн гацаа хорио үүсэхгүй гэх баталгаа бий юү гэсэн асуултад өнөөхөндөө хэн ч эерэг хариу хэлж чадахгүй яваа. Үүнээс үүдсэн одоогийн зовлон гэхэд л барилгын материалын үнэ огцом өсчихсөн. Импортолж хэрэглэдэг өргөн хэрэглээний элдэв бараа, машин техникийн үнэ мэдрэгдэхүйц нэмэгдчихсэн. Энэ жил ковидоос болж барилга байшингийн ажил сүрхий ахисангүй. Ирэх хавраас барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж таарна.Тэр үед үнэ нь огцом өссөн материалаар барьсан барилга, орон сууцны үнэ хэдэн хувиар өсөх бол.Ингээд харахаар оны сүүл хүртэл инфляци өснө гэсэн таамаглал дээр “Дараа жил ч инфляци төв банкны ерөнхийлөгчийн толгойны өвчин хэвээр байна” гэсэн тодотгол нэмэгдэж байна.

Өнөө жилийн зовлон биш ч гэлээ ирэх хоёр, гурван жилдээ Ерөнхий сайдын толгойг өвтгөх нэг асуудал бий.Тэр нь улсын төсвийн алдагдал.Төсвийн хувьд манай улс өнгөрсөн хоёр жилийн турш байгаа бүх боломжоо шавхлаа.Улсын төсөв байтугай төрийн өмчит үйлдвэрийн газруудынхаа нөөцийг ч шавхчихсан суугаа.Захын жишээ гэхэд л “Эрдэнэт” үйлдвэр байсан бүх мөнгөө өгчихсөн.Товчхондоо янз бүрийн асуудал гарч мөнгө хэрэг болоход төсөвт нэмэлт мөнгө байхгүй гэсэн үг.Цар тахлын үеийн төсвийн хоёр жилийн алдагдал нийлээд найман их наяд төгрөгт хүрээд байгаа.Энэ аварга алдагдлын үр дагавар нь энэ онд биш ирэх жилүүдэд гарна.

2022, 2023 онд төсвийн өндөр алдагдлын горыг улсаараа амсах нь тодорхой болсныг тухайлж онцолъё. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ирэх сар, жилүүдэд нэг том зовлон бий.Гадаад худалдаа хэвийн явбал асуудалгүй, өнөөгийн янзаараа гацсан, хаагдсан хэвээр байвал бизнес нь хумигдах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь өндөр өртөгтэй байх, төлөвлөсөн ажлууд нь гацах гэх мэт өчнөөн асуудал ургана.Гадаад худалдаа асуудалтай хэвээр байвал улсын төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа компаниудад хүндхэн тусна.

Бараа материалаа авч чадахгүйгээс болж төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийж амжихгүй, хугацаанд нь хийхгүй бол улсын төсвөөс санхүүжилт авч чадахгүй.Ингээд харахаар нэг нэгэндээ тээглэсэн зэлтэрийн гацаа шиг асуудал бэрхшээлүүд нүдний өмнө хөвөрч байна.

Экспортын тухайд дахиад хил хаах гэх мэт эрсдэл үүсэхгүй бол нүүрсний экспортоо төлөвлөсөн хэмжээндээ хийчих байх. Зэсийн худалдаа боломжийн, үнэ нь ч 9000 ам.доллараас буухгүй болов уу гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байгаа. Уул уурхай эдийн засгийг авч яваа гэсэн үгийн цаад утга энэ л дээ. Өнөөхөндөө бидэнд нүүрс, зэсээс өөр том аврал алга гэдгийг эндээс харчихаж болно. Цар тахлын үед эдийн засгаа сэвхийлгэе гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхаарч, реформ хийх хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөсөөр байна. Харамсалтай нь өнөөдрийн Засгийн газарт ийм сонирхол, тийм хүсэл алга. Гадаадын хөрөнгө оруулалт дээр гэхэд л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үлбэгэр дүр төрхтэй гэлдэрч яваа нь нуугаад байх юмгүй ил үнэн.Огт мөнгөгүй нөхөр гэнэтхэн нэг наймаа хийж мөнгөжөөд байгаадаа ханаад суучихдаг шиг дүр зургийг Монголын Засгийн газраас харсаар лав арав гаруй жил боллоо. Монгол Улс 2009, 2010 онд уул уурхайн баялгаасаа баахан мөнгө олж, эдийн засаг нь огцом тэлсэн.Огцом тэлсэн гэдэг нь тэр үеийн тоо сэлттэй харьцуулсан тодотгол гэдгийг онцолъё. Олон улсын түвшинд ямар вэ, эдийн засгийн тэлэх боломжоо бүрэн ашиглаж чадсан уу гэсэн өнцгөөс харвал жижигхээн өсөлт. Тэр жижиг өсөлтдөө ханаад цадчихсан учраас хөгжлийнхөө дунд түвшинд гацчихаад байгаа нь нууц биш л дээ. Хатуухан хэлэхэд, дараагийн реформ, дараагийн өсөлтийнхөө төлөө яах ёстой вэ гэсэн асуулт тавиад эрчтэй ажилласан засаг өнгөрсөн арван жилд байсангүй.Энэ хайнга байдлыг учир мэдэх улс “Эдийн засгийн маш буруу, ирээдүйгээ хорлосон бодлого” гэж шүүмжилдэг. Эцэст нь хэлэхэд, Засгийн газар реформ хийх ёстой, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой, өнөөдөртөө болоод байгаа ч дунд хугацаандаа эдийн засгаа алж байгаа дүлий дүйнгэ хандлагаасаа салах ёстой. Энэ янзаараа явбал цэвэрлэх байгууламж, Дарханы зам гэсэн хоёрхон төсөлтэй 2024 оны сонгуультай золгох байх.Төгсгөлд нь хэлэхэд, долларын ханш тогтвортой, инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь яг өдийд худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Наранцацралт: Замын-Үүдэд ажиллаж байгаа Засгийн газрын төлөөлөгчид “шоудаж“ байна

-МАНАЙ УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД, ХУДАЛДАН

АВАХ ЧАДВАР БАЙХГҮЙГЭЭС Л ЭРЭЭНД АЧААГҮЙ БОЛСОН-

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчдийг Замын-Үүд суманд ажиллах хугацаанд хилийн бүс дэх автомашин, авто болон төмөр замын тээврийн ачаа тээвэрлэлт 2021 оны долдугаар сарын 2-25-ны хугацаанд авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй 594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй 1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байгаа гэх мэдээллийг өгч байгаа юм. Тэгвэл Замын-Үүд-Улаанбаатар, Замын-Үүд-Эрээний чиглэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нар болон Эрээнээс Замын-Үүд чиглэлд тээвэр зуучлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдлагууд бодит байдлын талаар бидэнтэй сэтгэгдлээ хувааалцсан юм.

.Inner Mongolia Shuang Tong International Freight Forwarding Co,Ltd-ийн захирал Н.Наранцацралтай ярилцлаа.


-Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын бие төлөөлөгчид ажилласнаар хоёр улсын ачаа эргэлт нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Таны хувьд Эрээнээс Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийн захирлаар ажилладаг. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Хэд хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим орчинд цацагдсан мэдээллийг хараад гайхаж л байлаа. Монголчуудын яриад байдаг улс төр, шоу гээч нь л энэ юм байна гэж бодож суулаа. Миний өнцөг 100 хувь үнэн байх албагүй ч үнэнд илүү ойртоно. Өдөр бүр Замын-Үүдээс Эрээн, Эрээнээс-Замын-Үүд чиглэлд ачаа эргэлт хийж байгаа. Замын-Үүдээс Эрээн чиглэлд өнөөдрийн байдлаар 90 автомашин, 10 нүүрс тээвэр, 10 экспортын автомашин гарч байна. Наадмаас хойш 100-гаас дээш тоогоор ачаагүй автомашин Эрээн рүү нэвтрүүлээгүй. Хоёр сар орчмын өмнө Шадар сайдыг Замын-Үүдэд ажиллах үеэр хоёр өдөр 150 автомашин Эрээн рүү нэвтрүүлсэн. Тухайн үед юу болсон бэ гэхээр Эрээнээс Замын-Үүд гарах хөдөлгөөнөө зогсоосон. Учир нь “Замын-Үүдийн удирдлагууд биднийг гуйсан. Хоёр өдөр яаж ийж байгаад 150 автомашин авчихаач гэсэн.Тиймээс гарах дээр ажиллах хүн хүч хүрэлцэхгүй байна” гэсэн. Үнэндээ Эрээний гаалийнхан хүсвэл хүн хүчээ нэмэгдүүлж, илүү цагаар ажиллах бүрэн боломжтой. Гэсэн ч айлын тал үүнийг хүсэхгүй байна.

-Эрээнд үүссэн ачаа барааны бөөгнөрөл багассан гэж байсан шүү дээ?

-Эрээнд ачааны бөөгнөрөл багасч, үнэ буурсан нь Засгийн газрын төлөөлөгчид ажиллаж, ариутгалын хаалга сольсонтой огт холбоогүй. Би Монголын тээвэр зуучлалын компаниуд болон бизнесийн компаниудтай хамтарч ажилладаг. Үнэндээ тэд Эрээнээс-Замын-Үүд чиглэлийн тээврийн зардлыг дийлэхээ болилоо гээд худалдан авалтаа зогсоочихсон. Бид ийм үнээр худалдан авалт хийж чадахгүй юм байна гэж байна. Ийм учраас Эрээний ачаалал багассан. Ачаа багасчихаар наашаа орж ирсэн машинууд ачих ачаагүй учраас үнээ бууруулж байна. Хоёр гурван сарын өмнө жолооч нарыг би царай алддаг байсан. “Миний ачааг ачаад өгөөч. Таван мянгыг илүү төлье” гэхээр өнөөх жолооч нар өөр нэгэн рүү залгаад илүү үнэ хэлэхээр тэдний ачааг ачих жишээтэй. Энэ мэтчилэн ачаа барааны тээврийн үнэ өссөн.

-Тэгвэл одоо ачаа тээврийн үнэ буурч хэдэн төгрөгийн ханштай болсон байна вэ?

-Над дээр мөнгөө төлөөд бараагаа худалдан авч чадахгүй байгаа олон захиалга байна. Тийм өндөр өртгөөр Монголд авч ирээд борлуулах боломжгүй гэдгээ мэдчихсэн. Гэтэл нөгөө талд Засгийн газраас баг ажиллаж байгаа юм чинь үнэ нь буурч, асуудал шийдэгдэх байх, эртхэн ачуулж байя гэсэн ч үйлдвэрийн газруудаасаа Эрээн рүү ачаагаа гаргуулж чадахгүй хүмүүс ч байна. Үнэндээ манай улсын бизнес эрхлэгчдийн эдийн засаг хүнд, худалдан авах чадвар байхгүйгээс л Эрээнд ачаагүй болсон.

Түүнээс биш жилийн жилд өдийд хамгийн их ачаалалтай ажилладаг. Гаалийн газрын статистик тоог хараарай. Өдөрт 300-500 автомашин Эрээнээс-Замын Үүд рүү гардаг байсан. Монгол Улсын барилга, тээвэр, зам, ХАА гээд бүх салбарынхан өдийд ид ажиллаж байдаг. Энэ үед ачаагүй болж байсан түүх байхгүй. Энэ бол Эрээнд үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун тээвэр зуучлалын байгууллагад тулгамдсан асуудал. Гэтэл ийм бодит байдлыг үнэлж чадахгүй Замын-Үүдэд ажиллаж байгаа Засгийн газрын төлөөлөгчид “шоудаж” байна. Ариутгах хаалга сольсондоо ч биш. Яс юман дээр тэр ариутгалын хаалгыг захиалчихсан, ирэх гэж л байсан юм билээ. Баг солигдонгуут л ирчихсэн биш. Энэ ариутгалын хаалга Замын-Үүдийг ногоон болгоход нөлөөлөх өчүүхэн нэг л үзүүлэлт. Бүх зүйл тэр хаалганаас болсон мэт ойлголт өгч байна.

-Монголын бизнес эрхлэгчид бараа эрхлэгчид БНХАУ-аас худалдан авалт хийж чадахгүй энэ байдал удаан үргэлжилбэл улсаараа бараа бүтээгдэхүүний хомсдолд орох, эсвэл өндөр үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн хоёр сонголтын өмнө ирэх нь ээ?

-Зарим хүмүүс өндөр үнээр бараагаа татсан. Одоо бүр тэдний тэвчээрийн хязгаарт тулчихсан. Өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг худалдан авах санхүүгийн чадвартай хүн алга. Ингээд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн нь зарагдахгүй болохоор эргэлтийн хөрөнгөгүй болчихсон байна. Манай улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Тэгэхээр энэ байдал удаан үргэлжилбэл манай улс хүндхэн байдалд орно. Үнэндээ Замын-Үүдэд ажиллаж байгаа Засгийн газрын баг тэнд ажилласнаар тээврийн үнэд нөлөөлөхгүй. Харин тэд Монгол руу оруулахдаа гаалийн байцаагчид хахууль өгч татвар төлөхгүй карго нэрээр оруулдаг их хэмжээний бараа бүтээгдэхүүний асуудлыг алга болгочихвол манай улсад их хэмжээний татвар шударгаар төлөгдөнө. Энэ нь их бага хэмжээгээр улсын төсөвт сайнаар нөлөөлнө. Энэ баг ийм л ажлаа хий.

-Өнөөдрийн байдлаар ачаа тээврийн өртөг ямар үнэтэй байна. Цаашид буурах хандлагатай байгаа гэж ойлгох нь зөв үү?

-Өнөөдрийн байдлаар 60000 юань болчихсон байна. Энэ үнэлгээ наймдугаар сарын 1-нээс дахиад жаахан буурах болов уу гэсэн хүлээлт байгаа. Тиймээс өөрийнхөө харилцагчдыг ачаагаа ачуулахыг түр хүлээж байхыг хэлж байна.

Б.Чинзориг: БНХАУ руу гаргах автомашины тоог нэмэхгүй л бол Замын-Үүд дэх автомашины бөөгнөрөл улам нэмэгдэнэ

Замын-Үүдийн тээврийн жолооч Б.Чинзоригтой ярилцлаа.


-Замын-Үүдэд Засгийн газраас томилогдсон баг ажиллаж эхэлснээс хойш оочер дарааллын асуудлууд шийдэгдсэн гэх мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд тээвэр хийдэг жолооч нарын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаад байгаа мэдээлэл шиг бүх асуудал шийдэгдчихсэн зүйл ховор байна. Дараалал дугаарын хувьд 3000 тээврийн хэрэгсэл дугаарлаж байна. Үүнээс зам дээр зогсож дугаарлаж байгаа нь 1200 орчим байна. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн хувьд зам дээр бөөгнөрч дараалал үүсгэж байсныг цахим бүртгэлд оруулж тээврийн хэрэгслүүдийг нь өөрсдийн эзэмшлийн хашаанд байрлуулах ажил хийж байна. Түүнээс биш оочер дараалал цэгцрээд, Эрээнээс татаж авах ачаагаа бүгдийг нь татаад авчихсан зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг 2500 автомашин ачаа татаад, Эрээнд ачааны бөөгнөрөлгүй болголоо гэдэг нь худал мэдээлэл.

-Өдөрт хэдэн автомашин орж ирж байна. Манай улсаас хичнээн автомашин Эрээн рүү гарч байна?

-Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүний 10 нь нүүрс тээврийн, 90 нь хоосон буюу Эрээнээс ачаа ачих зорилготой автомашин, үлдсэн 10 нь импортын автомашин гарч байна. Харин Эрээнээс Замын-Үүд чиглэлд 150 орчим автомашин орж ирж байна. Үүнээс ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашин орж ирж байна.

-Замын-Үүд дэх жолооч нарын нөхцөл байдал ямар байна вэ. Өмнө нь сар 15 хоногийн хугацаанд нэг удаа ачаа ачдаг байсан шүү дээ?

-Замын-Үүдээс хойш 18 км газар байрлах Шаргын-Овоо гэх газар жолооч нарыг тусгаарлан байрлуулж байгаа. Нэгдүгээрт, тэнд байгаа жолооч нар Улаанбаатар хот болон 21 аймгаас тээвэр хийхээр ирж машинаа Замын -Үүдэд хэн нэгэн танилдаа үлдээгээд өөрсдөө тэнд тусгаарлагддаг. Хоёрдугаарт, тэдний үлдсээсэн машиныг нь Замын-Үүдэд хэн нэгэн дараалалд оруулна. Гуравдугаарт, Замын-Үүдийн зочид буудалд 70 жолооч тусгаарлалтад бий. Тэд Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаан дотроос оочерт байгаа машиныг унаад Хятад-Монголын тэг шугам буюу хятад цэргийн тэнд хүргэнэ. Ингээд цааш дамжлага үргэлжилнэ. Дөрөвдүгээрт, Эрээнд Монгол талаас тусгаарлагдсан 45 жолоочоос тухайн машиныг аваад Эрээний хоосон машины зогсоолын гадаа машинаа тавина.

Ингээд машиныг нь хятад жолооч унаад ачаа ачих хашаа руу оруулна. Ачаа ачих талбай дотор машин хөдөлгөх бол бас нэг жолооч хөдөлгөнө. Ингээд ачаагаа ачаад бэлэн болсны дараа Хятадын гаалийн бичиг баримт бүрдүүлж Монгол руу гарах оочерт оруулна. Дарааллыг нь алдагдуулахгүйгээр урагшлуулж гаалийн хашаанаас гаргадаг бас нэг жолооч бий. Гаалийн хашаанаас гараад ирмэгц Эрээнд тусгаарлалтад байгаа 45 жолоочоос нэг нь ачаатай машинаа Хятад Монголын тэг шугам дээр авчирч өгнө. Ингээд Замын-Үүдэд тусгаарлагдаж байгаа 70 жолоочоос нэг нь тэг шугамнаас Монгол Улсын хилийн шугамны бүс дээр авчирна.

Үүнээс Шаргын-Овоонд тусгаарлагдсан жолооч машинаа аваад гаалийн хяналтын талбай руу оруулна. Өөрөөр хэлбэл, нийт 10 хүний гар дамжиж байж ачаатай тээврийн хэрэгсэл Шаргын-Овоонд байрлаж байгаа эзэндээ очиж байна. Нэг машин дараалалд зогсоход өнөөдрийн байдлаар 36-40 хоногт гарч байна. Цаашид энэ хоногийн тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Хэрэв манай улсын Засгийн газар, ГХЯ-наас БНХАУ-ын талтай хэлэлцээр хийгээд БНХАУ-руу гаргах автомашины тоог нэмэхгүй л бол Зам-Үүд дэх автомашины бөөгнөрөл улам нэмэгдэнэ.

-Жолооч нар тээвэр хийх үнээ 10 дахин өсгөсөн гэж байсан. Яагаад үнэ хөлсөө нэмэх болсон юм бэ?

-Өмнө нь Эрээнээс Улаанбаатар хүрэх ачааны машины зардал 7000-8500 юанийн үнэтэй байсан. Гэтэл энэ үнэлгээ өнөөдрийн байдлаар 60.000-70.000 юань болчихсон байна. Учир нь Эрээн рүү өдөрт 100 автомашин орж байна. Гэтэл Эрээнээс Монгол руу ачаа ачиж байгаа хятад болон өвөрмонгол хүмүүс биднийг очихыг аль эрт мэдчихсэн, бидний машинд ачаагаа аччихсан байдаг. Өөрт чинь ийм хэмжээний мөнгө өгнө гэдэг.

Заримдаа ямар ачаа ачсанаа ч мэдэхгүй үе байна. Тэгэхээр БНХАУ-ын зах зээлийн өрсөлдөөн, манай улсын хил гаалийн байдлаас ч болсон уу жолоочоос үл хамаарч тээврийн зардал өссөн. Түүнээс биш Эрээнд оччихоод “Би 70000 юаниар ачна” гээд үнэ өсгөөд байгаа юм биш. Эрээн рүү орж өөрийнхөө барааг ч ачиж амжаагүй байхад жижиглэнгийн бараа ачдаг өвөрмонгол, хятад хүмүүс ачаагаа хурдан явуулж, дундаас нь ашиг олохыг боддог.

-Энэ үнийн өсөлт монголчуудын амьдралд болон бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна?

-Эцэстээ хэрэглэгчийн нуруун дээр энэ үнийн өсөлт ирнэ шүү дээ. Монголын бизнес эрхлэгчдийн зарим нь Эрээнээс ачаагаа авч чадахгүй байгаа. Учир нь тэдний төсөвлөсөн хөрөнгөнөөс илүү гарчихаж байна. Бараа бүтээгдэхүүн татсан зардал нь ашиг орлогоосоо ч илүү давчихсан байна. Тэгэхээр зардал өртгөө шингээхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Үнэ нэмэгдүүлдэг гол хүчин зүйл жижиглэн буюу карго ачаа эрхлэгчидтэй шууд холбоотой.

-Жолооч нар дарааллаа урагшлуулахын тулд Замын-Үүдийн холбогдох байгууллагын албан тушаалтнуудад авлига өгдөг гэх асуудал яригддаг. Үүнд та юу хэлэх вэ?

-Энэ бол дараалалд зогсож байгаа жолооч нартай огт холбоогүй асуудал. Энэ олон машин дугаарлаад зогсож байхад аль нэг яам тамгын газрын нэр дээрх автомашинууд гээд цохолтоор Эрээн рүү гардаг байсан. Энэ чинь л авлигатай холбоотой асуудал байсан болохоос биш дарааллын дагуу зогсож байгаа жолооч нар ачааныхаа хөлсийг аваад дарааллын дагуу л явна. Зарим нэг жолооч нар төрийн албан тушаалтанд авлига өгч машинаа урдуур оруулах тохиолдол байсныг Засгийн гзраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчид ажилласнаар энэхүү асуудал цэгцэндээ орсон.

П.БАТЗАЯА