Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Баярдаваа: Нийлүүлэлтээс үүдсэн инфляцийн өсөлтөд Төв банк хариу үйлдэл үзүүлэх боломжгүй

Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Б.Баярдаваа инфляцийн өсөлттөй холбоотойгоор сэтгүүлчдэд өгсөн тодруулгыг хүргэж байна.


-Өнөөдрийн инфляцийн өсөлтөд яг юу нөлөөлж байна вэ?

-Өнөөдрийн инфляцийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засаг хямралын хүнд үеэс сэргэж гарч байгаа үзэгдэл инфляцийн өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Түүнчлэн гадаад болоод дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлстэй холбоотой асуудлууд инфляцид нөлөөлж байна. Задлаад хэлбэл, хамгийн гол нөлөөлөл дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагасан бинзений үнийн өсөлт. Бензиний үнэ зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий нийтийн инфляцид нөлөөлж байна. Дараагийн инфляцид нөлөөлж буй хүчин зүйл бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт. Дэлхийн хүнсний үнийн индексийг харвал 30-40 хувийн өсөлттэй буюу хамгийн бага түвшнээс дээш гарчихсан байна. Товчхондоо хямралын үеийн өмнөх түвшнээс 20 орчим хувиар дэлхийн хүнсний индекс өсчихсөн байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний үнэд нөлөө үзүүлж байна. Нөгөө талдаа улирлын шинж чанартай буюу махны нийлүүлэлттэй холбоотойгоор махны үнэ инфляцид багагүй нөлөө үзүүлж байна. Ер нь түүхэн байдлыг нь харах юм бол нийт инфляцийн 40 орчим хувийг нийлүүлэлтийн савлагаатай үнийн өөрчлөлт нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, мах, хатуу түлш, бензин зэргийн үнийн өсөлт инфляцид багагүй нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын Улаанбаатар хотын инфляци 7.1 хувьтай өндөр гарсан. Гэхдээ нийслэлийн хэмжээнд шүү. Улсын хэмжээнд бол энэ тоо арай бага гарсан. Тэгэхээр 7.1 хувь гэсэн инфляцийн нийтдээ гурван нэгж хувийг мах, хатуу түлш, бинзен гэсэн гурван бараа бүтээгдэхүүн эзэлж байх жишээтэй.

-Тэгэхээр үнэ нь байнга хэлбэлздэг зүйлсээс үүдэн инфляци өсөх болгонд Монголбанк мөнгөний бодлого явуулаад хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ талаар?

-Монголбанкны ерөнхийлөгч “Нийлүүлэлтийн шинж чанартай инфляци дээр бид маш болгоомжтой хандана. Төдийлөн хариу үйлдэл үзүүлэхгүй” гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэхээр хэдийгээр нийлүүлэлт буюу гадаад шалтгаантай холбоотойгоор инфляци өсч байгаа ч гэсэн дотоодод эдийн засгийн сэргэлт бүрэн явагдаагүй, дөнгөж сэргэж эхэлж буй үе шатандаа байна. Дотоодын эдийн засгийн өсөлт жигд бус байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр үйлчилгээний салбар эмзэг байна. Энэ салбарт маш их ажлын байр хадгалагддаг. Энэ оны нэгдүгээр улирал болон 2020 оны дөрөвдүгээр улиралд өрхийн хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт маш эмзэг, жигд бус байгааг илэрхийлж байна. Тиймээс сэргэлтийг хязгаарлах хэмжээнд нийлүүлэлтийн шинж чанартай инфляцид Төв банк хариу үйлдэл үзүүлэхээс болгоомжилж байгаа юм. Мөн инфляцийн багагүй хувийг гадаад шалтгаантай тээвэр, ложистиктой холбоотой дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн дотоодод хүнсний бүтээгдэхүүний үнэ болон бензиний үнэ хэлбэлзэж буй зүйлээр инфляци тайлбарлагдаж байгаа үед мөнгөний бодлогоор тохируулга хийхдээ Төв банк маш болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Учир нь нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийг хязгаарлачих вий гэдэг болгоомжлол байна гэсэн үг.

-Шатахуунаас үүдсэн инфляцийн өсөлтийг зохицуулахад маш төвөгтэй гэдэг. Тэгэхээр ямар бодлогоор зохицуулах нь зүйтэй вэ?

-Энэ бол маш төвөгтэй инфляцийн түүх. Бензиний үнэ дэлхийн зах зээл дээрх нефтийн шокоор өдөөгдсөн инфляци. Мөнгөний бодлогын бүхий л арга хэрэгсэлд эдийн засгийн эрэлт, идэвхжилтийг бензиний худалдан авалтаар дамжиж хэрэгждэг онцлогтой бодлого. Гэтэл нефтийн үнэ, бензиний үнэ чинь өөрөө зардлын шинж чанартай. Өөрээр хэлбэл үйлдвэрлэгчийн зардлаар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ, өртөгт шингэж үнэд нөлөө үзүүлсэн инфляци байдаг. Гэтэл зардлаар өдөөгдсөн инфляци дээр эрэлтийн хэрэгслээр тулгуурласан бодлогын арга хэмжээ авна гэдэг төдийлөн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ нефтийн үнээс үүдэлтэйгээр инфляцийн эхний үе, хоёр дахь үеийн нөлөө гэж бий. Эхний үеийн нөлөөнөөс илүүтэйгээр хоёр дахь үеийн нөлөөгөөр инфляци цааш ужгирах нөхцөл байдал үүссэн үед Төв банкны мөнгөний бодлогоор тодорхой хэмжээний тохируулгыг хийх шаардлага үүснэ л дээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үйлдвэрийн талбайн усны резервуарын бетон цутгалтын ажил эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 36000 м.куб усны резервуарын бетон цутгалтын ажил өнөөдрөөс эхэлж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын 1 дүгээр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Жэй Эм Си Прожектс Инди” компани шалгарч 2020 оны 11 сард гэрээг байгуулан үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Үйлдвэр байгуулах ажил үндсэн 4 үе шатаас бүрдэх ба эхний ээлжийн багц ажлын хүрээнд дараах байгууламжуудын барилга угсралтын ажил багтаж байна. Үүнд:

  • Иргэний барилга, байгууламжууд
  • Түүхий ус хадгалах сав
  • Үйлдвэрийн талбай дах автозам
  • Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ)
  • Бор хөөвөрийн говиос түүхий ус дамжуулах хоолой
  • Бор хөөвөрийн говь дахь худгууд
  • Бор хөөвөрийн говь дахь өргөх насос станц
  • Технологийн байгууламжуудын шугам хоолойг суурилуулахад бэлтгэх ажил
  • Үерийн ус зайлуулах систем

Үйлдвэрийн иргэний барилга, байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхан шатны тусламжийн төв, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу үргэлжилж, газар шорооны ажил бүрэн дуусч, бүтээцийн ажлууд хийгдэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Засгийн газар эдийн засгийг нь авч яваа мега төсөлдөө хүч түрэмгийлсэн байдлаар хандаж болохгүй

Хөндлөнгийн шинжээчид Оюу толгойн далд уурхайн санхүүжилт хэтэрсэн шалтгааныг геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гаргаж, дүгнэлтийг нь Засгийн газраас олон нийтэд мэдээлээд хоёр хонож байна. Рио тинтогийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн шалтгааныг урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэх тайлбарыг өгсөөр ирснийг тодотгоё. Оюу толгойн хэлэлцээрийг хийж буй ажлын хэсгийг ахалж яваа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уржигдар “Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын зардал ихээр нэмэгдсэн ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тийм учраас өмнө 2015 онд батлагдсан санхүүжилтийн төлөвлөгөө, ТЭЗҮ-ийнхээ хүрээнд далд уурхайн олборлолтоо эхлүүлэх ёстой. Шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны тайлбар өгөхөөс гадна, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа яаралтай эхлүүлэхтэй холбоотой шийдвэрээ есдүгээр сард багтаж гаргахыг шаардаад байна” хэмээн онцолсон юм.

Харин хөрөнгө оруулагч талаас өчигдөр “Бид Монгол Улсын Засгийн газартай урт хугацаанд түншилж ажиллахыг зорьж ирсэн бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад тулгамдаж ирсэн асуудлаа бүтээлчээр шийдвэрлэж, төслөө гүйцээн, олборлолтоо эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөс байгуулсан Тусгай хорооны хүсэлтээр гүний уурхайн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон шалтгааныг дүгнэх “хөндлөнгийн” шинжээчдийн баг байгуулагдсан. Саяхан гарсан “хөндлөнгийн” шинжээчдийн дүгнэлттэй бид бүрэн танилцаж амжаагүй. Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж, зохих сувгаар хариу өгөхөөс өмнө уг тайлан олон нийтийн дунд яригдаж эхэлсэн болно.

Рио Тинто нь компанийн засаглалын дагуу Оюу толгойн ТУЗ-өөс холбогдох зөвшөөрлийг авч, энэхүү тайлан, дүгнэлттэй илүү нухацтай танилцана. Иймд тэнцвэргүй мэдээлэлд хэт автахгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Монголын ард түмэн, Засгийн газартай урт хугацаанд бат бөх, итгэл найдвартай түншилж, харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллахыг бид эрэлхийлдэг. Үүнтэй зэрэгцэн техник, технологийн нарийн ур чадвар шаардсан ярвигтай нүсэр бүтээн байгуулалтыг амжилттай эдийн засгийн эргэлтэд оруулж, орчин үеийн уул уурхайн салбарт дэлхийд гайхагдах дэд бүтцийг өмнийн говьд бий болгосон инженерүүдээрээ бахархаж буйгаа илэрхийлэх нь зүйтэй болов уу” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

“Оюу толгой” төсөл тойрсон энэ асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцсанаа хүргэе.


-Засгийн газрын байр суурийг анзаарахад Оюу толгойн хэлэлцээ сунжирч мэдэхээр, хоёр талын үл ойлголцол илүү гүнзгийрч магадгүй гэсэн таамаг төрөөд байна л даа. Засгийн газрын байр суурь танд ямар санагдав?

-Ковидын үеийн эдийн засгийн хөл хорио ямар байсныг та мэднэ. Тахлын үеийн эдийн засгийг хохирол багатай давж туулахад онцгой нөлөө үзүүлсэн төсөл бол Оюу толгой. Ажилчдаа халж цомхотгосонгүй. Тогтмол орлоготой байлгаж ар гэрийнх нь амьжиргааг тасалдуулсангүй. Эдийн засгийн хөл хорио өчнөөн сар дамнан үргэлжилчихсэн, дотоод эдийн засгийн идэвхжил асар суларсан ийм үед экспортын орлого оруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн төсөл л дөө. Өөр соёлтой улс орнуудын компани, Засгийн газар хамтарч бизнес хийх нь байтугай ах дүү нар нийлээд ажил эхлэхэд ямар их үл ойлголцол, асуудал гардаг билээ. Тэгэхээр Оюу толгой дээр асуудал, үл ойлголцол, маргаан гарах нь тодорхой. Өчигдрийн (уржигдар) байр суурийг нь харах нь ээ манай Засгийн газар нэлээд түргэдчих шиг санагдсан. Хөндлөнгийн, хараат бус гээд байгаа шинжээчид нь дүгнэлтээ гаргасан юм байна. Гаргасан дүгнэлттэй нь Оюу толгой албан ёсоор танилцаж буруутгаж, зөвтгөөд байгаа үндсэн шалтгаанууд дээр нь няцаалт хийх ч юм уу, хариу тайлбар өгөх учиртай. Засгийн газрын тухайд Оюу толгойд ийм боломж олгосонгүй.

-Засгийн газар хоёр талын байр суурийг сонсож нэгтгэсний дараа мэдээлэл хийх ёстой байсан гэж үү?

-Тэгж ойлгож болно. Манай Засгийн газар хоёр талын байр суурийг сонсож нэгтгэсний эцэст дуугарсан бол хүлээцтэй, зөв харагдах байлаа. Миний хувьд Засгийн газрыг төлөөлж хийсэн мэдээллийн логикийг огт ойлгоогүй.

-Ямар логик?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт дээр хөрөнгө оруулагч талыг буруутгаад байгаа юм байна. ТЭЗҮ-ийг нь хүлээж авахгүй гэдгээ тодорхой зарлачихлаа. Тийм байж далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүл гээд байна л даа. Логикгүй гээд байгаа нь ийм учиртай. Маргаанаа шийдэхгүйгээр далд уурхайн олборлолтыг эхлүүлэх боломжгүй. Тэгэхээр нэгнээ буруутгах асуудлууддаа нэгдсэн шийдэлд, үл ойлголцолд хүрч байж олон нийтэд хандсан мэдээллийг хийх ёстой.

-Хоёр тал ойлголцолд хүрч, далд уурхайн олборлолтыг эхлүүлэх ёстой, олборлолтыг цаг алдалгүй эхлүүлэхгүй бол зэсийн үнийн өсөлт урт хугацаанд үргэлжлэхгүй гэсэн байр суурийг олон эдийн засагч хэлж байна л даа. Энэ тал дээр та байр сууриа хуваалцаач?

-Макро эдийн засаг талаасаа далд уурхайн олборлолтыг цаг алдалгүй эхлэх нь чухал. Яагаад гэвэл зэсийн үнэ харьцангуй өндөр байна. Одоогийн үнийн өсөлт зарим шинжээчдийн хэлж байгаа шиг хэдэн жилээр үргэлжлэхгүй. Жил гаруйн хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэсэн таамаг голлож эхэлсэн. Улсын төсвийн болон экспортын орлогоо мэдрэгдэхүйцээр нэмэх ганц боломж бол далд уурхайн олборлолт. Ингээд харахаар нөгөө талаас манай сул тал болчихоод байгаа юм. Ийм сул талаа мэдсээр байж иймэрхүү, хүч түрэмгийлсэн, зөвхөн нэг талын дүгнэлт тайлбараар эдийн засгийг нь авч яваа мега төсөлдөө хандаж болохгүй. Засгийн газар ойрын үед нэлээд шуугиан дуулиантай байгаа. Хүн олноор цуглуулахгүй гэсэн шийдвэр гарчихсан байхад уул овоо тахиж, өчнөөн хүн цуглууллаа. Хөл хорио хэнд нь үйлчлээд, хэнд нь үйлчилдэггүй юм бэ гэсэн маргаан, шүүмжлэл цахимд гарч байна. Ер нь Засгийн газар руу чиглэсэн шүүмжлэл их байна л даа. Инфляци өсч байгаа. Ажилгүйдэл газар авах төлөвтэй болчихлоо. Ийм хэцүү үед олны анхаарлыг өөр зүйл рүү татаж, шинэ сенсаци үүсгэх сонирхол засагт байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ганц мега төслөө тэр сенсаци, шуугианыхаа сэдэв болгож болохгүй.

-Засгийн газрын саяны мэдээллээс хойш TRQ-гийн хувьцааны үнэ уруудчихлаа. Гадны хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгсөн явдал боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэглээ. TRQ бол манай улс руу гадаад хөрөнгө оруулалтыг татаж байгаа гол суваг. Энэ суваг нарийсч тасарлаа гэхэд монголчууд л хохирно. “Рио тинто” яах ч үгүй. “Рио тинто”-гийн хувьд Оюу толгой ямар орон зай эзэлдэг вэ гээд харъя. Рио 44 мянган ажилтантай. Бэлтгэн нийлүүлэгчдээ оруулбал 120 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа. Харин Оюу толгой 3000 гаруй ажилтантай. 44 мянган ажилтны наймхан хувь гэсэн үг. Рио тинто компанийн үнэлгээ 130 тэрбум ам.доллар. Туркойз хиллийн Канадын зах зээл дээр гарчихсан байгаа үнэлгээ 4 тэрбум ам.доллар. Рио тинтогийн 130-аад тэрбум долларын үнэлгээний 80 орчим хувь нь төмрийн хүдэр. Борлуулалтын орлогыг нь харвал өнгөрсөн жил 44 тэрбум долларын борлуулалт хийсэн. Тэр орлогынх нь 55 хувь нь төмрийн хүдрээс орж ирсэн мөнгө. Орлогынхоо хориод хувийг хөнгөн цагаанаас олдог. Зэсийн салбарынх нь хувьд таван тэрбум ам.долларын л борлуулалт хийдэг. Зэсийн таван тэрбум ам.долларынх нь нэг тэрбум долларыг Оюу толгой ил уурхайгаасаа олдог. Оюу толгойн тухайд 700 сая ам.долларын зардал гаргаад, 250 сая ам.долларын татвар төлдөг ийм л байгууллага. Оюу толгой Рио тинтогийн зэсийн салбар дотроо нэг номерын төсөл мөн үү гэвэл мөн. Гэхдээ АНУ, Чилид зэсийн том уурхайнуудтай, Австралид зэсийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, Америкийн Аризонад гүний уурхайн төсөл хэрэгжүүлж яваа гэж ирээд яривал Рио тинтогийн бизнест Оюу толгойн үзүүлэх жин, нөлөө бага. Гэтэл манай улсад Оюу толгой ямар нөлөөтэйг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тахлын үеийн эдийн засаг маань энэ төсөл дээр л тогтож байна. Хэрвээ энэ төсөлд ямар нэг саатал гарвал төгрөгийн ханш өнөөдрийнхөөс огцом суларна, инфляци өснө, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ажлын байр бий болохгүй, ядуурал газар авна гээд асуудал их шүү дээ. Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг анзаарахад хамгийн их өсөлттэй яваа металл гэвэл зэс байна л даа. Энэ боломжийг бид ашиглаж чадахгүй байна. Тэгэхээр эдийн засагт нь ийм нөлөөтэй төсөл дээр төр засаг, улстөрчид ухаантай хөдлөх хэрэгтэй. 2024 оны сонгууль хүртэл ямар нэг улстөргүйгээр Оюу толгой мэтийн том төслүүдээ урагшлуулчихмаар байгаа юм. Удахгүй болох нөхөн сонгуульд зориулсан улстөржилтдөө Оюу толгойг ашиглах гэж байгаа бол харамсалтай, хайран байна.

-Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцална гэсэн утгатай өгүүлбэр МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт бий. Дубайн төлөвлөгөөний тухайд санаа, оноогоо хэлээч?

-Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөний тухайд геотехникийн нөхцөл энэ тэрээс нь үл хамаараад далд уурхайгаа ашиглалтад оруулаад явуулъя, бүтээн байгуулалтынх нь санхүүжилтийг шийдье гэсэн л агуулгатай төлөвлөгөө. Засгийн газрын ажлын хэсэг далд уурхайн олборлолтыг хурдан эхлүүл гэж байна л даа. Дубайн төлөвлөгөөний зорилго, утга санаа зөв байсныг Засгийн газар энэ байр сууриараа нотолчихлоо. Н.Алтанхуягийн Засгийн газар ч гэсэн далд уурхайг яаралтай ашиглалтад оруулъя гэсэн утгатай тогтоол гаргаж байсан. Зардлыг хэтрүүлэхгүй байхын тулд яах вэ, менежмэнтийн төлбөр дээр яаж буулт хийх вэ гэдэг дээр зөв зүйлсийг Дубайн төлөвлөгөөнд суулгасан байгаа. Дубайн төлөвлөгөөг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байсан бол өнөөдрийн ийм асуудал үүсэхгүй байсан. Санхүү, хэмнэлт, зардал дээр Монгол тал ахлаад ажлын хэсэг байгуулах боломжтойг заагаад өгчихсөн. Хөндлөнгийн аудит оруулах боломжтой гэсэн тохироог Дубайн төлөвлөгөөгөөр шийдсэн. Харамсалтай нь Засгийн газрын хөндлөнгийн гэж үзээд байгаа шинжээчид нь хөндлөнгийн байж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

-Яагаад?

-Рио тинтод ажиллаж байгаад хөөгдсөн, ажлаасаа халагдсан хүмүүс хөндлөнгийн, хараат байж чадах уу? Энэ бол миний хувийн байр суурь. Өөрсдийгөө шүгэл үлээгч энэ тэр гээл байгаа л даа. Тийм байж болно. Гэхдээ үнэхээр шүгэл үлээгч үү, ажлаасаа халагдсандаа хорсож гомдол тээж яваа хүмүүс үү гэдэг нь эргэлзээтэй. Монгол улсын төр ийм том төсөл дээрээ зөвхөн нэг талын дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргах нь буруу.

-Далд уурхайн санхүүжилтийн зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрснээс болж бид ингэж тэгж хохирлоо гэсэн сөрөг мэдээлэл их цацагддаг л даа. 1.4 тэрбумын хэтрэлтийн хэчнээн нь Монголын эдийн засагт шингэж үлдсэн бэ гэсэн асуултыг асуумаар байна?

-4000 хүнийг хоёр жил илүү хугацаанд ажилтай байлгасан гэсэн давуу тал бий. Энэ мөнгөний 200 сая ам.доллар нь төсөвт НӨАТ, гаалийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр очсон. Өөрөөр хэлбэл, Монгол улсын Засгийн газарт очсон мөнгө гэж хэлж болно. 800 гаруй сая ам.доллар нь ханган нийлүүлэгч компаниудад очсон. Эдийн засагт оруулсан үржүүлэгч нөлөөллийг нь авч үзвэл 3.2 тэрбум ам.долларын дам нөлөө, эерэг үр өгөөж авчирсан гэсэн тооцоо дуулддаг.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 1.4 сая хувьцаа арилжив

Хөрөнгийн бирж өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 290,117,689.37 төгрөгийн үнийн дүн бүхий 1,414,806 ширхэг хувьцаа арилжив.

Түүнчлэн 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал” ХК (EER+14.62 хувь) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH +13.69 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” ХК (MRX -14.29 хувь) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -13.33 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 50,928 ширхэг нэгж эрхийг нийт 10,534,239 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 3.1 хувиар буурч, 33176 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,250,041,024,931.56 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк өнгөрсөн сард 11 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны 7 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164,862.22 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ирэх жилүүдэд Хөшигийн хөндийд томоохон бүтээн байгуулалт хийнэ

Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллээ.

Тэрбээр, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцан ажиллах ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гаргалаа. 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийд цогцоор нь бүтээн байгуулалт хийх ажлыг төлөвлөж байна.

Урьдчилсан судалгаагаар энэ хөндийд 150 мянган хүн амьдрах боломжтой гэж гарсан. Тээвэр ложистик, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн ажлын байрууд энэ хөндийд бий болно. Үүнтэй холбоотойгоор гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, түүнийг холбосон шугам сүлжээнүүд, замын шугам сүлжээ, дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Богдхаан төмөр замыг байгуулах асуудлыг хэлэлцэж байна гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“АПУ” ХК их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй анхны компани боллоо

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09)

— Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас “АПУ” ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.

“ АПУ” ХК-ийн удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргасан ба ингэснээр үйл ажиллагаа, үнэ цэн өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг бусад томоохон компаниудад илтгэн харуулж байгаа явдал гэж билэгшээж байна. “АПУ” ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлогыг сүүлийн жилүүдэд баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр хувьцаа болсноор хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй багтах хувьцаа болж чадсан байна. Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй хүнсний салбарын ууган үйлдвэр АПУ ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд халуун баяр хүргэе.” гэж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

“АПУ” ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд “АПУ” компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2000 гаруй ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ-ыг экспортын стратегийн зах зээлээр тодорхойлсон бөгөөд 2019 онд ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлэх ажлаа эрчимжүүлсний үр дүнд тус хоёр улсад экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос даруй зургаа дахин нэмэгдээд байна.

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Хайнекен болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон. Нэгдлийн үр дүнд “АПУ” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болж, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлон манлайлж буй Хайнекен компани тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр бүртгэгдсэн. Ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг бататгахын зэрэгцээ олон улсад шингэн хүнсний томоохон үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу үнэлгээтэй компани болох эхлэл тавигдсан билээ.

“Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд “АПУ” ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” хэмээн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй “АПУ” компани нь хөгжлийн дараагийн шатанд гарч, тасралтгүй хөгжил дэвшлийн сууриа бататган ажиллаж байна. Цаашид, зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавиад байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2848 төгрөг байна

Монголбанкнаас нэрлэсэн дүнгээр /2021.08.08/ нэг ам.доллар 2848 төгрөг байна. Арилжааны банкнуудын хувьд 2844 төгрөгөөр авч, 2854-2856 төгрөгөөр зарж байна.

Харин валют арилжааны “Найман шарга” төвд /2021.08.06/ өдрийн байдлаар нэг ам.долларын авах ханш 2848 төгрөг, зарах ханш 2851 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Долдугаар сард 11 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны долдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164,862.22 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт өмнөх оноос 25 хувиар өсчээ

Гадаад худалдааны энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлийг экспортын 172 980, импортын 148 141 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргав. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 6432, импортын 3342 мэдүүлэг байв.

Эхний долоон сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 8579.8 сая ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 903.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортод 4741.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.2 хувиар өссөн байна.

Экспортод нийлүүлсэн барааны 99.2 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 3999.7 сая ам.доллар буюу 84.4 хувь;
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 88.3 сая ам. доллар буюу 1.9 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 222.0 сая ам. доллар буюу 4.7 хувь; хүнсний бэлэн бүтээгдэхүүн 45.5 сая ам.доллар буюу 1.0 хувь;
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 256.7 сая ам.доллар буюу 5.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.3 хувийг эзэлж байна.

2021 оны эхний долоон сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 94.1 хувийг БНХАУ-д; жоншны 73.5 хувийг БНХАУ-д, 26.5 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 58.3 хувийг Италид, 22.5 хувийг Их Британид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 35.3 хувийг БНСУ-д, 64.7 хувийг Швейцарт тус тус худалджээ.

Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.1 хувийг эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.