Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр Монгол, Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ

2021 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт болно. Өнгөрсөн хугацаанд уг чуулга уулзалт нь ОХУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын урт хугацааны, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал тавцан болж чадсан юм.

Энэ жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрт “Шинэ цагийн эдийн засаг: юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод – шинэ сорилт, боломжууд”, “Өөрчлөгдсөн дэлхий ертөнцөд үүрэг хариуцлагаа хамтдаа үүрэх” гэсэн 4 үндсэн сэдэв багтсан болно. Мөн Залуучуудын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдана. Олон улсын арга хэмжээнүүдээс дурьдвал “Орос – АСЕАН”, “Орос – Солонгос”, “Орос – Хятад”, “Орос – Энэтхэг”, “Орос – Европ” гэсэн яриа, хэлэлцүүлгүүд явагдана. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины оролцоотой нэгдсэн хуралдаан байх бөгөөд 9-р сарын 3-нд хийхээр төлөвлөжээ.

Монгол, Оросын хамтын ажиллагаа асар их нөөц, бололцоо, хөгжлийн хэтийн төлөвтэй билээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар талууд хэлэлцээр хийж байна. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг Монгол Улс судалж байгаа бөгөөд энэ нь экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжийг олгох юм. Шинэ эрин үеийн гурван талт хамтын ажиллагааны бэлгэдэл болох зорилготой ОХУ-аас Хятад руу Монгол Улсаар дамжуулах хийн хоолой тавих төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажил хийгдэж байна.

Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчид эдгээр төслүүдийн явц, хэрэгжилтийг ярилцах төдийгүй Оросын талтай стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хэтийн төлөвийг үнэлэх боломжтой. Үүний сацуу худалдаа, эдийн засаг, цэргийн хамтын ажиллааны шинэ чиглэлийг тодорхойлох, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллгааг бэхжүүлэх талаар ярилцах боломж нээлттэй юм.

Чуулга уулзалтын хүрээнд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан “Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг угтах нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээ нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Орос, Монголын ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, тогтвортой байдал, аюулгүй байдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж чуулга уулзалтын зохион байгуулагчид хэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хар алт”-ны үнэ өсч байна

“Brent” маркийн нефтийн аравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ Бямба гаригт нэг торх нь 72.70 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийнх 68.74 ам.доллар болсныг “Bloomberg” мэдээлэв. Энэ долоо хоногт “Brent” маркийн нефтийн үнэ 8.9 хувиар, “WTI”-гийнх 9.55 хувиар өсч, нефтийн үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

Өнгөрсөн Баасан гаригийн өглөөний байдлаар ам.долларын ханш сул байсны улмаас нефтийн үнэ өссөн байна. Энэ долоо хоногийн арилжааны явцад “хар алт”-ны үнэ 9-9.5 хувиар өсч, өнгөрсөн оны аравдугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн арваннэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 1.28 хувиар өсч, нэг торх нь 71.08 ам.доллар, аравдугаар сарынх 1.41 хувиар өсч, 72.07 ам.доллар болжээ.

АНУ-ын худалдааны гол түншүүд болох зургаан улсын валютын сагстай харьцах долларын ханшийг харуулдаг индекс 0.07 хувиар буурч, 93 пункт болсон байна.

Үүнээс гадна хөрөнгө оруулагчид наймдугаар сарын 27-нд дууссан долоо хоногт АНУ-д газрын тосны хэчнээн цооног ажилласан талаарх нефтийн талбайн үйлчилгээ эрхэлдэг “Baker Hughes” компаниас гаргадаг мэдээллийг хүлээж буй аж. Өмнөх долоо хоногт энэ тоо найман нэгжээр өсч, 405 агрегат болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

АТҮТ-ийн ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбат: Хятадын талаас ямар учраас нүүрс, ачаа тээврийг 14 хоног зогсоосон талаар тодорхой хэлээгүй

-МОНГОЛД СӨРӨГ ГАРСАН ЖОЛООЧ ХЯТАДЫН ТАЛЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР ЭЕРЭГ ГАРААД БАЙГАА-

Гашуунсухайт-Ганцмод боомтоор гардаг нүүрсний тээврийг наймдугаар сарын 23-наас эхлэн зогсоогоод байгаа юм. Тодруулбал, Монголоос 14 хоног нүүрс хүлээж авах боломжгүй гэж БНХАУ-ын тал мэдэгдсэн. Энэ асуудлаар Авто Тээврийн Үндэсний Төвийн ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбаттай ярилцлаа.


-Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагааг Хятадын талаас 14 хоногоор зогсоочихлоо, ямар шалтгаанаар хаасан юм бэ?

-Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны орлогчоор Н.Амарзаяа дарга ажиллаж байгаа. Тэндээс өгсөн мэдээллээр БНХАУ-аас нүүрс, ачаа барааны тээвэр, Оюу толгойн давхар чиргүүлтэй тээврийн хэрэгслүүдийг наймдугаар сарын 23-наас эхлээд 14 хоногийн хугацаатай авахааргүй боллоо гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн тээвэр зогссон байна. Ямар учир шалтгааны улмаас зогсоосон гэдгээ хэлээгүй.

-Ачаа тээврийн жолооч нар 14 хоног тусгаарлагдаагүйгээс коронавирус тархсан гэсэн мэдээлэл байна. Жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадаж байгаа юу?

-Энэ асуудалд Өмнөговь аймгийн онцгой комисс нэлээн ач холбогдол өгөөд ногоон бүсийг үүсгээд 32 пост гаргасан байдаг. Энэ постуудаар нааш цаашаа зорчиж байгаа иргэдийг шалгах, хамгаалалт гаргасан. Тийм учраас жолооч нар дураараа очоод байгаа зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Авто тээврийн байгууллагын зүгээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд жолооч нарыг татан авах шаардлагатай байгаа гэж үзэж байна. Энэ шаардлагын дагуу МХЕГ, ЭМЯ, Онцгой байдал, цагдаагийн байгууллагатай хамтраад нүүрс, ачаа тээврийн аж ахуйн нэгжүүдээр явж шалгалт хийсэн. Улмаар квотынх нь хэмжээгээр жолооч нараа татаж байна. Жолооч нарыг Цагаанхадны гадна 14 хоног тусгаарлаад оруулж байгаа. Жолооч тусгаарлалтын байр руу орохоосоо өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг. Мөн тусгаарлалтад орсны дараа зургаа болон 13 дахь хоног дээр нь PCR шинжилгээ аваад сөрөг гарсан жолооч нарыг Цагаан хад руу нэвтрүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна.

-Нүүрс тээвэрлэлт өмнөх жилүүдийнхээс хэдэн хувиар буурсан бэ?

-Монгол Улсад коронавируст цар тахал гарснаас нүүрс тээвэрлэлт маш их буурсан. 2019 оны мөн үетэй харьцуулахад нүүрс тээвэрлэлт 70 хувь багассан байна. Маш өндөр үзүүлэлтээр буурсан.

-14 хоног нүүрс, ачаа тээврийн тэг зогсолт хийх алдангиа хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Сүүлийн өдрүүдэд өдөрт 200 орчим тээврийн хэрэгслийг Хятадын тал нэвтрүүлж байсан. Ойролцоогоор нэг өдөр 200 гаруй машин гарна гэж тооцоолбол тэг зогсолт хийсэн 14 хоногийн хугацаанд 2800 гаруй машин тээвэрлэлт хийх байсан гэж ойлгож болно. Түүнчлэн тээврийн байгууллагын хувьд Цагаан хаданд хуримтлагдсан нүүрсийг тээвэрлэх үүрэг хүлээж байгаа. Одоогоор Цагаан хаданд есөн сая орчим тонн нүүрс хуримтлагдсан байгаа. Энэ нүүрсийг гаргаж байж л дараагийн уурхайгаас борлуулах ажил эхлэх ёстой. Тэгэхээр нүүрс, ачаа тээвэрлэлт 14 хоногоор зогсоно гэдэг нь уурхайн борлуулалт 14 хоногоор хойшилж байна л гэсэн үг.

-Гашуунсухайт-Ганцмодны боомт 14 хоногийн дараа яг нээгдэх үү?

-Тэрийг би урьдчилж хэлэх боломжгүй. Бидэнд БНХАУ-аас 14 хоног нүүрс, ачаа тээвэр авахгүй шүү гэсэн мэдээлэл л ирсэн. Түүнчлэн манай улсын хувьд халдварт өвчний гаралтыг багасгах тал дээр анхаарч, шинэ дүрмээр ажиллаж эхэлсэн. Ингээд 40 хүртэлх жолоочийг нэг баг болгон тусад нь байрлуулан ажиллаж, амраахаар болсон. Тэгэхээр тухайн 40 хүн өөр хүмүүстэй уулзахгүй гэсэн үг. Ингээд өнөөдрийн байдлаар 40 хүнтэй 57 баг үүссэн байгаа. Тухайн бүлгээс халдвар илэрлээ гэхэд дараагийн 40 хүнтэй бүлэг ажиллах зарчим баримталж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр нэг дор олон хүн өвдөхгүй. Цаашлаад 100-200 хүн тусгаарлагдахгүй.

Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн нүүрс тээврийн жолооч Ц: Монголдоо шинжилгээ өгөхөд сөрөгбайсан ч Хятадын талд шинжилгээ өгөхөд эерэггарсан. энэ зүгээр л Хятадын бодлого байх

14 хоног тусгаарлагдах ёстой жолооч нар мөнгө төлж боомтоор гарснаас коронавирус тархаж Гашуунсухайт-Ганцмод боомтыг хаасан гэдэг мэдээлэл яваад байгаа юм. Тэгвэл Гашуунсухайт-Ганцмодны чиглэлийн нүүрс, ачаа тээврийн жолооч нараас үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-БНХАУ-аас 14 хоногийн хугацаанд нүүрс, ачаа тээвэр татахгүй гэсэн байна. Жолооч нар хаана байрлаж байгаа вэ?

-Одоогоор бүх жолооч нар өөрсдийн байрлах кемп дээрээ тусгаарлагдсан байгаа.

-14 хоног тусгаарлагдах ёстой жолооч нар мөнгө төлж боомтоор гарснаас коронавирус тархаж Гашуунсухайт-Ганцмод боомтыг хаасан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Ер нь бол нууцаар орж ирэхийн хувьд орж ирсэн л гэж яригдаад байгаа. Гэхдээ коронавирус илэрсэн гээд байгаа хүн нь хуучин ажиллаж байсан үндсэн жолооч юм л даа. Энд ажиллаж байсан жолоочоос коронавирус гарах ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Улаанбаатар хот руу шинжилгээг нь явуулахад сөрөг гарсан. Энд PCR авахад мөн л сөрөг гарсан. Гэтэл Хятадын тал руу ороод шинжилгээ өгөхөд эерэг гарсан гээд байгаа. Буцаж ирээд шинжилгээ өгөхөд сөрөг л гарсан.

Ер нь бол Цагаан хад гайгүй ногооноороо байгаад байгаа. Гадны хүмүүс л орж ирээд корона тараачихгүй бол жолооч нар яг л 14 хоног хөл хорионд ороод ажилдаа орж байна.

-Хөл хорионыхоо мөнгийг өөрсдөө төлж байгаа юу?

-40,40 хүнтэй баг бүрдүүлчихсэн шүү дээ. Нэг хэсэгтээ Монгол, Хятад аль аль талдаа шинжилгээ өгөөд гайгүй сайн явж байтал гэнэт корона гарлаа гээд хилээ хаачихсан. Гэсэн хэрнээ Оюу толгойн баяжмалын уурхайгаас коронавирус гарсан байхад тээврийг нь хэвээр үргэлжлүүлээд байгаа юм. Тэгэхээр энэ зүгээр л Хятадын бодлого байх гэсэн бодолтой байна. Энэ олон жолооч нарыг хориод байхаар их хэцүү байна. Улаанбаатар хотоос мөнгө олно гэж ирчихээд Ханбогдод өдрийн 50 мянган төгрөг тусгаарлалтад өгнө, хоол нь 20 мянган төгрөг, нийт 70 мянган төгрөг өгнө гэхээр хэцүү л байгаа юм. Зарим газрын хоол унд нь ч хүрэлцэхгүй их л хэцүү байгаа гэж дуудсан. Хувийн машинтай хүмүүс өөрсдөө мөнгөө төлнө, ямар нэгэн байгууллагад хамаарагддаг бол тэндээсээ мөнгөө гаргаж байгаа байх.

-Жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж чадаж байгаа юу?

-Уг нь жолооч нар маскаа зүүгээд явж байгаа юм. Гэхдээ Цагаан хадны орчин нөхцөл ямар билээ дээ…

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн үнэ 9300 ам.долларт хэлбэлзэж байна

Лондоны металлын бирж дээр тонн зэсийн үнэ 9300 ам.доллар орчимд хэлбэлзсэн хэвээр байна. Тус бирж дээр өнгөрсөн Пүрэв гаригт зэсийн фьючерс үнэ 0.2 хувиар буурч, тонн нь 9356 ам.доллар байсан бол Баасан гаригт 9323 ам.доллар болж буурчээ.

Зэсийн ханшийн сулралт түр зуурынх бөгөөд зэсийн зах зээлд хаягдал зэсийн нийлүүлэлт нэмэгдэхгүй бол цаашид зэсийн агуулах дахь нөөц багасч, ханш нь 20 мянган ам.долларт хүрч болзошгүйг “Bank of America”-гийн шинжээчид мэдэгдсэн билээ.

Энэ онд дэлхийн зах зээлд 186 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй аж. Гэвч 2022 онд 369 мянган тоннд хүрч, түүнээс хойш нийлүүлэлт эрэлтээ давах төлөв ажиглагдаж эхэлжээ.

Олон улсын зэсийн судалгааны группийн таамаглалаар ч ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ давах төлөвтэй байгаа аж. Тус групп энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5 хувиар, ирэх онд 3.7 хувиар тус тус өсөх таамаглал дэвшүүлэв. Мөн 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд тус тус хүрнэ гэж тооцоолжээ.

“BHP Group”-ийн Чили улс дахь “Cerro Colorado” зэсийн уурхайн ажилтнууд ажил хаялт зарлаж, тус компаниас тавьсан цалингийн саналаас татгалзжээ. Энэ нь нийлүүлэлт буурах эрсдэл үүсгэж, цаашид үнэ эргэн өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж.

“Ногоон” хөгжлийн хувьсгалд зэс тэргүүлнэ гэж үзэж буй “Goldman Sachs” банк 2025 оноос дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээний үлэмж өсөлт зэсийн эрэлтэд ачаалал үүсгэнэ гэж тооцоолсон билээ.

Сүүлийн нэг жил зэсийн үнэ бараг 80 хувиар өссөн ч ирээдүйд нэмэгдэх эрэлтэд өнөөгийн зах зээл бэлэн бус байгааг шинжээчид онцолж байна. Тэд ирэх дөрвөн жилд зэсийн үнэ 60 хувиар нэмэгдэж, 15 мянган ам.доллар хүрэх таамгийг ч дэвшүүлсэн. Хэрэв зэсийн ханш 9000 ам.долларт хэлбэлзвэл хоёр жилийн дараа зах зээлд бодитой хомсдол нүүрлэнэ гэжээ.

CRU-ийн Зэсийн ахлах шинжээч Эрик Хеймлих шинээр төслүүд хэрэгжихгүй тохиолдолд 2030 он гэхэд 5.9 сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж төсөөлжээ.

Монгол Улсын хувьд 2021 оны төсвөө батлахдаа зэсийн үнийг 5991 ам.доллар байхаар тооцсон. Улмаар энэ онд экспортын хэмжээг 1.43 сая тоннд хүргэн нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөг олно гэж тооцоолсон юм. Цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байгааг эдийн засагчид онцолж буй юм.

Өнөөдөр дэлхийд зэсийн олборлолтоор Чилийн “Codelco” компани тэргүүлж байна. Цар тахлын улмаас өнгөрсөн онд тус компанийн үйл ажиллагаа тасалдах эрсдэл үүссэн ч дөрвөн шат бүхий арга хэмжээ хэрэгжүүлж, олборлолтоо хэвийн үргэлжлүүлжээ. Гарц нь энэ хугацаанд 1.7 сая тонн хүрсэнийг “Mining Intelligence” байгууллага онцлов.

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани жагсаалтын есдүгээрт бичигдэж байна. Өнгөрсөн онд тус компанийн зэсийн гарц 486.8 мянган тонн болж буурсанд цар тахлын үед төслүүдийн үйл ажиллагаа тасалдсан нь нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс таван толгой”-н бондыг хоёрдогч зах зээлд арилжиж эхэллээ

СЗХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн 1/2896 тоот албан бичгээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан “ЭТТ Бонд”-ын II транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ.

Бондын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу доорх үсгэн кодтойгоор өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэлсэн байна.

Төгрөгийн өрийн хэрэгсэл: ETTM-BD-26/08/24-C0019-10

Долларын өрийн хэрэгсэл: ETTD-BD-25/08/23-C0018-5.8

Энэ сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигдсан. Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

“Улсын их дэлгүүр”, “Булган ундрага”-ын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Сонсголон бармат”, “Улаансан” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58,163,013 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо.СЗХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн 1/2896 тоот албан бичгээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан “ЭТТ Бонд”-ын II транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ.

Бондын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосны дагуу доорх үсгэн кодтойгоор өнөөдрөөс хоёрдогч зах зээлд арилжиж эхэлсэн байна.

Төгрөгийн өрийн хэрэгсэл: ETTM-BD-26/08/24-C0019-1

Долларын өрийн хэрэгсэл: ETTD-BD-25/08/23-C0018-5.8

Энэ сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигдсан. Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ. Дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

“Улсын их дэлгүүр”, “Булган ундрага”-ын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Сонсголон бармат”, “Улаансан” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58,163,013 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих зээлийг 23 мянган иргэн, компанид олгожээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23 мянга 936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ.

Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ.

Монголбанкнаас хоёр жил хүртэлх хугацаатайгаар банкуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна. Наймдугаар сарын 23-ны байдлаар 660.4 тэрбум төгрөгийг 2,905 (1,600 ААН, 1,305 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 118.2 сая төгрөг байгаа бол аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 316.2 сая төгрөг байна.

Харин орон сууцны ипотекийн зээлд 656.2 тэрбум төгрөгийг 8,750 зээлдэгчид, ХАА-г дэмжсэн зээлд 321.1 тэрбум төгрөгийг 20,036 зээлдэгчид олгожээ

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдөр 43 хувьцаат компанийн хувьцааг арилжаалжээ

Өнөөдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 912,918,897.86 төгрөгийн үнийн дүн бүхий 2,513,329 ширхэг хувьцаа арилжигджээ.

Үүнээс 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн үнэт цаасны ханш тогтвортой байсныг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Үүнээс “Улсын их дэлгүүр” ХК (UID+14.94%) болон “Булган ундрага” ХК (BUN +13.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Сонсголон бармат” ХК (SSG -11.92%) болон “Улаансан” ХК (UNS -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Харин хөрөнгө оруулалтын хоёр сангийн 150,859 ширхэг нэгж эрх нийт 58,163,013 төгрөгөөр арилжигдсан байна.

Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 6.48 хувиар өсөж, 39,915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг болсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 32.4 хувиар нэмэгдэв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (32.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 (34.5 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 649.6 (34.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 77.9 (11 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 12.2 (15.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 154.4 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 151.6 (33.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн аж.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.1 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 98.4 (13.7 хувь) тэрбум, газрын тос олборлолт 42.9 (2.2 дахин их) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр хайлуур жонш, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, чулуун нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиас 2.5 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, катодын зэс, 99 хувь, самнасан ноолуур, цемент, согтууруулах ундаа, шохой, шингэн сүү, нүүрсэн шахмал түлш, металл бэлдэц, малын мах, янжуур тамхи, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.3 хувиас 2.5 дахин нэмэгдсэн байна.

Харин уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт алтны олборлолт 4.4 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, спирт, амны хаалт болон ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-77.1 хувиар багаслаа.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (53.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4.2 (72.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 4.2 (72.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 2.9 (69.5 хувь) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 937 (78.4 хувь) тэрбум, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 386.2 (4 дахин их) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 9.1 их наяд төгрөг буюу 64.5 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 8.3 их наяд төгрөг буюу 91.6 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 69.2 хувийг металлын хүдэр олборлолтын, 22.8 хувийг нүүрс олборлолтын, 6.2 хувийг газрын тос олборлолтын, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байв. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2021 оны эхний 7 сард 146 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.9 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний үнийн индекс сарын 1.3, жилийн 7.4 хувьтай байна

Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны долдугаар сарын байдлаар сарын инфляц 1.3, жилийн 7.4 хувь байна.

Жилийн инфляцыг авч үзвэл 4.4 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 3 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлснийг Монголбанкнаас гаргасан долдугаар сарын статистик тайланд дурджээ.

Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс долдугаар сарын байдлаар сарын 1.4, жилийн 7.9 хувь байгаа бөгөөд 4.8 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 3 нэгж хувийг хүнсний бараа бүрдүүлж байлаа.

Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлж, хүнснээс бусад барааны үнийн өсөлтөд тээврийн бүлгийн үнэ, бензин, дизелийн үнэ нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлд 656.2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгожээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Сангийн яамнаас мэдээлэл ирүүлсэн. Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих зээлд 1,8 их наяд төгрөгийн зээлийг 23936 зээлдэгчид олгоод байна. Төв банкны репо санхүүжилтээр олгосон 660 тэрбум төгрөгийг 2905 зээлдэгчид, орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон. Түүнчлэн хөдөө, аж ахуйг дэмжих зээлд 321 тэрбум төгрөгийг 20036 зээлдэгчид олгоод байна. Өнөөдрийн байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 240 мянган ажлын байрыг хадгалсан” гэлээ.