Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“ОПЕК+” нефтийн олборлолтоо аажмаар нэмэгдүүлнэ

Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнууд /ОПЕК+/ долдугаар сард тохиролцсоны үндсэнд нефтийн олборлолтоо үргэлжлүүлэн аажмаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ.

Өчигдөр болсон цахим уулзалтын үеэр “ОПЕК+” өдөрт олборлох нефтийг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны эцэс хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн сард Вашингтон эрэлттэй уялдуулан авч үзвэл олборлолтыг одоогийн түвшнээр нэмэгдүүлэх нь хангалтгүй хэмээн мэдэгдээд, дэлхийн улс орнууд “COVID-19” цар тахлын нөлөөнөөс сэргэхийг эрмэлзэж байгаатай холбогдуулан олборлолтоо илүү хурдацтай нэмэгдүүлэхийг “ОПЕК”-т уриалсныг үл харгалзан ийнхүү тохиролцжээ.

“COVID-19” цар тахлын үр дагаварууд нь тодорхойгүй байдлыг бий болгосон хэвээр байгаа ч эдийн засгийн сэргэх үйл явц түргэсэж байгаатай холбоотойгоор зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд бэхжиж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нөөц үргэлжлэн буурсаар байна” гэж “ОПЕК+”-ын уулзалтын дараахь мэдэгдэлд дурджээ.

Зах зээлд хэт их хэмжээний нефть нийлүүлэх нь үнийг унагаж болзошгүй бол олборлолтоо хязгаарлах нь “ОПЕК+”-ын гишүүдийн орлогод нөлөөлнө. Иймд гишүүн орнууд 20 дугаар уулзалтаараа олборлолтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй байгаа орнуудын нөхөх хугацааг энэ оны 12 дугаар сарын эцсийг дуустал сунгах хэрэгтэй хэмээн үзжээ. Тэдгээр орны хувьд холбогдох төлөвлөгөөгөө есдүгээр сарын 17 гэхэд танилцуулах ёстой байна.

“ОПЕК+” дараагийн уулзалтаа ирэх аравдугаар сарын 4-ний өдөр товложээ.

Categories
мэдээ эдийн-засаг

1.737.214 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны есдүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 967,854,581 төгрөгийн үнийн дүн бүхий 1,737,214 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто Импекс” ХК (AOI +9.09%) болон “Монос Хүнс” ХК (MFC +6.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Тандэм Инвест ББСБ” ХК (VIK -4.75%) болон “Монголын Цахилгаан Холбоо” ХК (MCH -4.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,547 ширхэг нэгж эрхийг нийт 20,792,982 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 81 ширхэг үнэт цаасыг 103,000 төгрөг болон 8,000 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 2.12 хувиар өсч, 43605.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,732,474,826,046.44 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 19.3 хувиар нэмэгдлээ

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 230.1 (19.3 хувь) тэрбум, зарлага 1.5 их наяд төгрөг болж, 51.4 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 287.7 (44 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны 7 дугаар сард 204.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 13.5 (6.2 хувь) тэрбум, нийт зарлага 159.1 тэрбум төгрөг болж, 54.6 (25.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 576.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 327 (2.3 дахин) тэрбум, нийт зарлага 610.8 тэрбум төгрөг болж, 387.9 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны 7 дугаар сард 94.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (1.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 92.8 тэрбум төгрөг болж, 33.9 (26.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны гарцыг нэмэгдүүлсэн ч зах зээлд хомсдол үүсч болзошгүй байна

Газрын тосны гарцыг нэмэгдүүлсэн ч энэ онд зах зээлд хомсдол үүсэж болзошгүй гэж OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн техникийн зөвлөл тооцоолж байна.

Өргөтгөсөн бүлэг сар бүр өдөрт олборлох газрын тосны хэмжээг 400 мянган баррелиар өсгөсөн ч түлшний хэрэглээ нэмэгдсэнээр дэлхийн хэмжээнд агуулахууд дахь нөөц буурах төлөвтэй гэжээ. Харин 2022 оны хувьд зах зээлд илүүдэл үүсэж, үнэ нь буурч болзошгүй гэж үзсэн байна. Тодруулбал: ирэх онд өдөрт 2.5 сая баррель газрын тосны илүүдэл үүснэ гэж тооцоолжээ.

Одоогоор OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг аравдугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээг 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Шийдвэрийг энэ лхагва гарагт болох уулзалтаар баталгаажуулах аж.

Лхагва гарагийн байдлаар Brent төрлийн газрын тосны үнэ 0.57 хувиар буурч, баррель нь 72.99 ам.доллар болоод байна. Харин WTI-ийн хувьд 68.5 ам.долларт тогтворжоод байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Комедиан Д.Амартүвшин: Улстөрчдийн булхай нь илэрчих вий гэж айхдаа улсаас олгосон 1.9 тэрбумын санхүүжилтийг богино хугацаанд эргүүлэн төлсөн хэрэг л дээ

“Андлалын өргөө” цогцолборын талаар комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан “Андлалын өргөө” цогцолборыг нураалаа. Та уг цогцолборыг нураахаас өмнө очиж танилцсан шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тэр газрыг цогцолбор гэж хэлэхэд үнэхээр хэцүү газар байсан л даа. Бүтээн байгуулалтын ажил нь дутуу хагас хийгдчихсэн байсан болоод ч тэр үү цогцолбор гэхээс илүүтэй балгас шиг байсан гэдгийг шуудхан хэлчихье. Миний хувьд Өрөг.mn сайтад өнгөрөгч оны буюу 2020 оны наймдугаар сарын 11-нд нийтлэгдсэн сурвалжлагыг уншсан. Тухайн үед гүйцэтгэгч компанийн зүгээс дараа жилийн өдийд уг цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусна гэсэн байсан. Тийм учраас тэдний хэлснээр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дууссан эсэхийг нь очиж үзэхээр явсан л даа. Гэтэл жилийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл нь шат барьж, андлалын хөшөөнийхөө доор авто зогсоол барьсан байна лээ. Ашиглалтад орох нь бүү хэл эхнээсээ барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажил нь эвдрээд, нурчихсан байсан.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх энэ төслийг санаачлахдаа 400 сая жуулчин хүлээж авах боломжтой гэж ярьж байсан л даа. Олон сая жуулчин очиж үзэх хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг шийдэж үү?

-Ер нь бол тийм боломж байхгүй шүү дээ. Дэлхийд жуулчдын тоогоороо тэргүүлэгч Франц улс гэхэд жилдээ ойролцоогоор 70 сая жуулчин хүлээж авдаг. Мөн дэлхийн долоон гайхамшгийн нэг Энэтхэгийн Таж Махалд жилдээ ойролцоогоор 1.7 сая жуулчин очдог гэсэн статистик мэдээ бий. Гэтэл манай Ерөнхий сайд тухайн үед санаандаа орсон тоогоо л хэлчихсэн юм шиг байна лээ. Жилдээ 400 сая жуулчин хүлээж авах ямар ч боломж байхгүй. Хэрэв та нар санаж байгаа бол 2016 онд манай улс нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Гэтэл нэг сая ч хүрэхгүй жуулчин ирэхэд нисэх онгоцны буудал, зочид буудал, зоогийн газрууд ачааллаа дийлэхгүйд хүрсэн шүү дээ.

Үнэндээ “Андлалын өргөө” цогцолборыг 400 сая жуулчин байтугай 40 хүн очиж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй л юм билээ. Улаанбаатар хотоос 08:00 цаг орчимд гараад 7-8 цаг засмал болон шороон замаар явсаар хүрсэн. Үүний үр дүнд тийм л балгас үзсэн. Хэнтий аймгийн Батноров сум руу олон километр засмал зам тавьж байна.

Бодвол жилд ирэх 400 сая жуулнаа аятайхан замаар зорчуулахыг хүссэн байх. Манайд нэг километр замыг дунджаар тэрбум төгрөгөөр тавьдаг. Гэтэл 100 гаруй километр зам тавьж байгаа гэж бодоход л 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна “Андлалын өргөө” цогцолбор руу олон километрийн цаанаас өндөр хүчдэлийн шугам татсан байна лээ. Ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийн шугам татсан байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгэхээр энэ бол хөшөө босгох 1.9 тэрбумаар тогтохгүй хөрөнгө оруулалт шаардсан ажил болсон.

-Андлалын хөшөөг нураачихлаа. Төрөөс олгосон 1.9 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч байгууллага нь эргүүлэн төлчихлөө. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би наад асуудлыг чинь бүр гайхаад байгаа юм. 1.9 тэрбум төгрөг гэдэг бол их хэмжээний мөнгө шүү дээ. Манай улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг томоохон компаниуд ч ийм хэмжээний мөнгийг зүгээр л гаргаад өгчихгүй. Гэтэл “Андлалын өргөө” цогцолборыг барьсан “Хос санаа” гэгч компанийн удирдлагууд өөрсдийнхөө мөнгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн гэсэн үг шүү дээ. Тэд улсаас санхүүжсэн 1.9 тэрбум төгрөгөөрөө хэдий нь барилгаа барьчихсан байсан. Гэтэл 1.9 тэрбум төгрөг нь хог шороо болж байхад ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагад гомдол гаргахгүйгээр шууд л төлчихнө гэдэг бол гайхамшиг. Ийм тохиолдол дэлхийд ч байхгүй байх. Бид 190 мянган төгрөг 1.900.000, тэр бүү хэл 19 сая төгрөгний асуудал яриагүй шүү дээ. Гэтэл ямар ч маргаан мэтгэлцээн байхгүйгээр шууд 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэр тусмаа БОАЖ-ын сайдыг хэвлэлийн бага хурал хийхээс 30 минутын өмнө шилжүүлсэн нь тавилттай жүжиг шиг санагдаад байгаа юм. Ямар ч чадалтай бизнес эрхлэгч, эрүүл ухаантай хүн 1.9 тэрбум төгрөгөөр шатахыг хүсэхгүй. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар “Хос санаа” компани татвар төлөгчдийн мөнгийг эргүүлэн төлж,иргэдийг хохиролгүй болголоо гэж мэдээллээд байгаа. Иргэд ч бид хохиролгүй болчихсон юм чинь гэсэн байдлаар энэ асуудал ингэсгээд намжих гэж байх шиг байна. Миний бодлоор асуудал одоо л эхэлж байна. Яагаад энэ компани ийм хурдан эргэн төлөлт хийв, шууд 1.9 тэрбум төгрөг гаргаад өгчих хэмжээний санхүүгийн чадамжтай компани юм уу, дүрмийн сан нь хэдэн төгрөг юм, жинхэнэ эзэд нь хэн бэ гэдгийг үргэлжлүүлэн шалгаасай гэж бодож байна. Би иргэн хүнийхээ хувьд хардах эрхтэй. Энэ компанийн цаана нөлөө бүхий улстөрчид байхыг үгүйсгэхгүй.

-Уг цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэсэн Хос санаа компанийг тендер зарлаад сонгон шалгаруулсан байх л даа. Тэгэхээр сонгон шалгаруулалтаа сайн хийгээгүй эрх бүхий албан тушаалтнуудад ч хариуцлага тооцдог систем уг нь ажиллах ёстой байх л даа?

-Тийм шүү дээ. Хэрэв үнэхээр таны хэлж байгаа шиг хариуцлага алдаж төсвийн мөнгийг үнэгүйдүүлж, хариуцлагагүй компани сонгон шалгаруулсан албан тушаалтнуудад шат шатандаа хариуцлага тооцдог систем үйлчилдэг бол хичнээн сайхан бэ. Ер нь ажиглаад байхад улстөрчид бүтээн байгуулалтын ажил хийх гэж их “тэчъяаддаг” юм байна. Улс орны ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад нэг их мөнгө, хөрөнгө зарахгүйгээр менежмэнтийн аргаар хийж болох зүйлд анхаарал хандуулж, ажил хэрэг болгож, хууль эрх зүйн орчноо сайжруулъя гэхээс илүүтэй зам, гүүр тавих, байшин барилга, хөшөө барих ажилд Ерөнхий сайдаасаа авахуулаад УИХ-ын гишүүд, дүүргийн дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд хошуураад байна л даа. Бүтээн байгуулалтын цаана юу байна гэхээр мөнгө л байгаа.

Мөнгө байна гэдэг түүний цаана ашиг сонирхол байна гэсэн үг. Тиймээс улстөрчид өөрсдийн танил тал, найз нөхөд, хамаарал бүхий компаниудаа бүтээн байгуулалтын ажилд томилох замаар төсвийн мөнгөнөөс идэж уудаг асуудал хавтгайрчихсан. Түүний нэг бодит жишээ “Андлалын өргөө” цогцолборын асуудал шүү дээ. Улстөрчдийн булхай нь илэрчих вий гэж айхдаа улсаас олгосон 1.9 тэрбумын санхүүжилтийг богино хугацаанд эргүүлэн төлсөн хэрэг л дээ. Энэ зүгээр нэг хөшөө бариад нураасан асуудал огтоос биш. Тэр цогцолборын эргэн тойронд хийсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хоёр тэрбумаар тогтохгүй. “Хос санаа” гэх компани өмнө нь барилга барьж байсан ямар ч туршлагагүй, түүхгүй компани юм билээ. Тэгвэл яаж тендерт шалгарсан байх вэ. Бодох л асуудал шүү дээ.

-Улс орнуудын аялал жуулчлалын хөгжилд хөшөө дурсгал ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол?

-Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудыг харахад хамгийн гол нь үйлчилгээний салбар байдаг. Хэдэн зуун километр газрыг автомашинаар туулаад очиход боловсон нойл, аятайхан хоолны газар, интертайнмент үзүүлбэр байхгүйгээр зүгээр нэг хөшөө үзээд яах юм бэ. Би хэдэн зуун мянганы түүхтэй түүхийн дурсгалт барилгуудын талаар яриагүй шүү. Орчин үед бүх үйлчилгээг цогцлоож чадсан газар л аялал жуулчлал хөгжиж байна. Ингэхдээ төр хэзээ ч түүнийг нь хийдэггүй. Төр нь аялал жуулчлалын цогцолбор, хөшөө барьдаг улс орон дэлхийд ховор. Үргэлж хувиараа бизнес эрхлэгч, ААН-үүд энэ салбараа авч явдаг юм байна. Манай улсын аялал жуулчлалын салбарт хувиараа бизнес эрхлэгчид маш том хувь нэмэр оруулж байгаа.

Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн стандартад нийцэхүйц зочид буудлууд, амралтын баазууд бий болж сүүлдээ бүр аялалууд нь төрөлжөөд эхэллээ. Төр оролцсон оролцоогүй энэ салбар хөгжиж байна. Гэтэл төр нэмэр болохоосоо нэрмээс болж “Андлалын хөшөө” ч гэх шиг хэн ч очиж үзэхгүй хөгийн юм барихаа л больчих. Зах зээлийн ямар ч мэдрэмж алга. Тиймээс аялал жуучлалын салбарыг дэмжих гэж байна гэж холион бантанг нь хутгахаас илүү зүгээр л зөнд нь орхичих. Бүтээн байгуулалт нэрийн дор төсвийн мөнгөнөөс хумсалдгаа л больчих улстөрчид өө. Энэ тэнд нохой, тэмээ, хөшөө, хаалга барьдаг хөгийн үйлдлээ зогсоогооч ээ гэж хэлье.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганзориг: Хэдхэн койны арилжаан дээр харилцагчдаа луйвардахгүй

Сүүлийн үед койн тойрсон яриа хөөрөө өрнөж байгаа. Бид өмнө нь судлаачтай ярилцсан бол энэ удаа DAX (Digital assets exchange) виртуал хөрөнгийн биржийн захирал Ч.Ганзоригийн яриаг хүргэж байна.


-Өөрийг тань Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг захирлын дүү гэж мэднэ. Ямар хүмүүс виртуал хөрөнгийн биржийг тэргүүлж байгаа нь хүмүүст сонин болов уу. Та өөрийгөө танилцуулаач?

-Би банк, санхүүгийн хүн л дээ. 2010 оноос хойш банк, санхүүгийн зах зээлд өнөөг хүртэл ажиллаж яваа. 2007-2010 оны хооронд Унгар улсын Будапешт хотын Корвинус Эдийн засгийн их сургуулийг төгссөн. Түүнээс өмнө Хас банкинд теллер, харилцагчийн мэргэжилтнээр ажиллаж байлаа.

Сургуулиа төгсөөд уламжлалт санхүүгийн байгууллагад ажилласан. 2015 оноос хойш биткойн, блокчейн технологийг сонирхон судалсан юм.

Биткойн 500 ам.доллар болоход нь хөрөнгө оруулж эхэлсэн. Ханш нь маш савлагаатай, огцом өсдөг байлаа. Технологийг нь ойлгоод, ном, сонин уншаад нэлээд явсан. Тэр үед монголчууд энэ талаар мэддэггүй, сонирхдог хүн бараг байгаагүй. Нэлээд олон биткойн цуглуулж, арилжаа хийж, алдаж онож байв. Гэхдээ оносон нь арай их байх. 2013 онд Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагыг ахтайгаа хамт байгуулсан юм. Тэндээс Ард санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулах санаа гарсан. Ард кредит банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар 2013-2019 оныг хүртэл ажилласан. Энэ үед олон ажил хийсэн.

Хөрөнгийн зах зээл дээр IPO гаргасан, дижитал банкны систем нэвтрүүлж байв. Дараа нь өөрийнхөө аялал, жуулчлалын компанид ажиллаж байхад маань ах надад хүсэлт тавьсан юм. “DAX гээд бирж нээх гэж байна. Хурдан ир” гэсэн. Хувийнхаа бизнесийг эрхэлж, амар суумаар байсан ч зүгээр хараад байж чадаагүй. Хоёрдугаар сараас хойш DAX-ын захирлаар ажиллаж байна. Манай бирж байгуулагдаад наймхан сар болж байна. Ийм л түүхтэй.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдалд хүмүүс тайлбар авах сонирхолтой байгаа болов уу. Их койн DAX-аар бас арилжаалагдсан. Гэтэл энэ койныг арилжсан зарим бирж дээр аудит оруулах талаар яригдаад эхэллээ. Гомдолтой хүмүүс ч их байх шиг?

-Таван залуу хамтраад, гурав, дөрвөн сарын турш ажиллаж, энэ сарын 25-нд Их койныг маш амжилттай гаргалаа. Энэ залуусыг би таньдаг. Нэг нь миний багын найз. Энэ нөхөд сайн ажилласан байна. Ард койн хөрсийг нь маш сайн бэлтгэж өгчээ.

Тэд олон нийтэд өөрсдийнхөө хийж байгаа ажлыг сайн таниулж чадсан. Үүний үндсэн дээр маш их эрэлт үүслээ. Койныг анх гарахад нь л авбал мөнгө хийдэг юм байна гэсэн ойлголт бий болсон байна. Манай Ард койн дээр яг ийм юм болсон. Олон хүн мөнгө төгрөгтэй болж, өрөө дарсан, байрныхаа зээлийг хаасан, машин тэрэгтэй болсон түүх бий. Койн болгон ингэж өсөх юм байна гэсэн ойлголт нийгэмд байх шиг. Миний тооцоогоор 200 000 хүн энэ дөрвөн бирж дээр койн авахаар орж ирсэн. Эдгээрээс арав хүрэхгүй мянга нь койн авч чадсан. Бусад нь авч чадаагүй. Систем секунд, дойлоор тооцдог. Дийлэнхи нь гомдолтой үлдчихсэн. Яагаад гэвэл энэ койн хязгаарлагдмал. Хэдийгээр нэг хүний авах хэмжээг 15 сая төгрөгөөр хязгаарласан боловч ийм л юм боллоо. Энэ их эрэлт системд маш их ачаалал үзүүлсэн. Манай бирж дээр гацалт үүсч, 40 минутаар хоцорч арилжаагаа нээгээд, аравхан секундэд 7,5 тэрбум төгрөгийн захиалга дууссан. Энэ тухайгаа мэдээлж, үлдсэн хүмүүсээсээ уучлалт гуйсан.

Coinhub биржийн хувьд өөрсдийн авах ёстой 7,5 тэрбум төгрөгийн захиалгыг хоёр дахин давуулж биелүүлсэн. Үүнээс болж нэлээд их бухимдал үүсч байх шиг байна. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаа шиг тэднээс шалтгаалаагүй системийн алдаа гарсан байж магадгүй. Койн авчихлаа гэж бодож байсан 2000-аад хүний мөнгийг буцааж өгч байгаа юм билээ.

-Гэхдээ зарим ажиглагч ийм олон хүн койн худалдаж авсан гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Өөрсдөө койноо дарчихаад зохиомол эрэлт үүсгэх гэж байна гэж хардсан хүмүүс ч бий. Үнэхээр ийм их эрэлт байгаа гэдгийг нь бодитоор тогтоох, хянах боломжтой юу?

-Их койныг гаргасан багийнхан, биржүүд уулзсан. Бид бүх биржид хөндлөнгийн аудит оруулж тайлагная гэсэн юм. Гаднаас нөлөөлөх боломжгүй, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн аудитын нэгээр нь аудит хийлгэхээр болсон. Дараагийн долоо хоногоос аудит хийгдээд, үр дүн нь гарна гэж найдаж байна. Ер нь хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Бид энэ зах зээлийг хөгжүүлэх гээд зөндөө ажил хийлээ. Багагүй хугацаа зарцууллаа. Энэ салбарт ирээдүй бий гэж итгэж, бүгд олон улсад гарахаар зорьж яваа. Хэдхэн койны арилжаан дээр харилцагчдаа луйвардахгүй. Бидний хувьд ийм ёс зүйгүй үйлдэл хийхгүй. Бусад маань ч хийхгүй гэж найдаж байна. Койн гаргаж байгаа залуусын хувьд 100 тэрбумын койн гаргасан юм. Нэгийг нь 30 мөнгөөр үнэлж, 30 тэрбум төгрөг л босгож байгаа. Гэтэл биржүүдэд 25-наас өмнө миний тооцоогоор бараг 150-160 тэрбум төгрөг цугласан. Тэр мөнгө чихэлдэж орж байна шүү дээ. Зохиомол эрэлт гэх ч хаашаа юм. Үнэнийг хэлэхэд, энэ койн есдүгээр сарын 13-нд арилжаанд ороод унаж магадгүй шүү дээ. Унавал хүмүүс мөнгөө алдана. Өснө гэж шууд сохроор итгэж болохгүй. Эрсдэл байгаа гэж бид сануулдаг. Энэ чинь зохицуулалтгүй зах зээл шүү дээ.

-Койнд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс эхнийх нь болох Ард койн ямар замналаар явсан бэ гээд судлах байлгүй. Ард койн нэг хэсэг 470 төгрөг хүрч байснаа 270 руу унасан. Одоо 180 төгрөгийн ханштай байна гэж ойлгосон, зөв үү?

-Зөв зөв. Яг одоо 192 байна уу даа. 2020 оны өмнөхөн 2 төгрөг л байсан юм. Тэгээд бид DAX виртуал хөрөнгийн биржээ байгуулсан. Тэр үед биткойн, криптовалютын зах зээл маш өссөн. 2021 он криптовалютын жил болох нь тодорхой болсон л доо. Дээр нь манай шинэ бүтээгдэхүүнүүд гарсан. Манай койн суга өссөн. Тавдугаар сард 470 хүрсэн шүү дээ. Найм, есөн сарын дотор аймаар савласан. Зохицуулалтгүй, шинэ зах зээл шүү дээ. Хүмүүс амархан мөнгө олох боломж гэж хараад байх шиг байна. Энэ савлагааны оргил үед орсон хүмүүс байгаа. 400, 300 төгрөгийн ханштай байхад орсон хүмүүсийн хувьд алдаж байгаа. 10 байхад нь орсон хүмүүс 180 төгрөг болоход 19 дахин ашиг хийсэн байна шүү дээ. Ер нь Ард койноор ороод гарсан хүмүүсийн дийлэнх нь ашиг хийсэн. Сүүлд өндөр байхад орсон цөөн хүн жаахан алдагдалтай явж байгаа. Гэхдээ буцаад өснө. Бид олон ажил төлөвлөсөн. Ард койныг бодит хэрэглээнд нэвтрүүлж, олон улсад гаргахаар ажиллаж байна.

-Ч.Ганхуяг захирал “Бид Ард койноо эргүүлж худалдаж авна” гэж зарлаад байдаг. Сард нэг тэрбумаар буцааж худалдан авах юм байна. Зах зээл нь өөрөө эрэлт үүсдэггүй юм уу. Өөрсдөө зохиомол эрэлт үүсгэх шаардлагатай юм болов уу?

-Бид 2019 онд энэ койныг нэвтрүүлэхдээ л ийм концепцитой байсан. Манай компаниуд өөрсдөө эргэж худалдаж аваад, харилцагч нартаа бага багаар тараана гэж төслийн танилцуулгад бий. Урамшууллын онооны журмаар ажиллана гэсэн үзэл баримтлал боловсруулж нэвтрүүлсэн. Үүнийхээ дагуу эргэж худалдаж авч байгаа юм. Ер нь энэ үзэл баримтлал цаашдаа өөрчлөгдөнө. Олон улсад илүү үнэ цэнтэй болгож гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Койн ирээдүйтэй юм байна гээд Ард койн худалдаж авъя гэтэл урамшууллын оноо болгож өгдөг гэхээр бас эргэлзээ төрж байгаа юм л даа. Үнэгүй тараагддаг юмыг худалдаж авах хэрэгтэй юү гэдэг асуулт гарч ирнэ?

-Бид анхнаасаа энэ койныг гаргахдаа мөнгө босгоогүй. Харилцагчдадаа зүгээр л тарааж эхэлсэн. Маш их хэмжээгээр тараасан. Анхны үзэл баримтлал нь тийм байсан. Одоо энэ койныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Жишээ нь, манай Ardshop.mn-ээр ороод, нэг койныг 200 төгрөгөөр тооцуулаад, дуртай бараагаа худалдаж ав гэж байгаа юм. Ингэж бодит хэрэглээнд нэвтрүүлж байна. Энэ зөвхөн эхлэл. Та тэтгэврийн сандаа Ард койноо хийвэл бас 200 төгрөгөөр тооцогдоод орчихно. Ийм байдлаар та тэтгэврийн хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой. Энэ бодит ханшийн эдийн засаг мөн биз дээ. Бид өөрсдөө эрсдэлээ даагаад, койноо худалдаж авч байгаа. Эргээд тараахдаа маш олон хүн байгаа учраас бага багаар тарааж байгаа. Одоо бол үнэгүй койн ихийг цуглуулах боломжгүй болсон. Худалдаж авахаас өөр гарцгүй.

-Зохицуулалтгүй гэж та хэлээд байна. Энэ нь саад хориг байхгүй гэдэг утгаараа шинэ бизнест сайн нөлөөтэй байж болох ч нөгөө талаар эрсдэлтэй гэсэн дохиог хэрэглэгчид өгч байдаг. Монголд дөрвөн виртуал хөрөнгийн бирж ажиллаж байна. Тэднийг байгуулагдахад ямар нэг шаардлага, болзол тавьсан болов уу?

-Яг одоогийн байдлаар тийм юм байхгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Намрын чуулганаар УИХ-ын чуулганд орж батлагдах товтой яваа. Энэ хууль гарсан ч хянах, зохицуулах гэхээсээ хэн ямар арилжаа хийж байгааг бүртгэлжүүлье, ФАТФ-ын зөвлөмжийн дагуу авах ёстой арга хэмжээнүүдээ авья гэдэг байдлаар яваа. Бидний хувьд Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэд Монголын финтек, блокчэйны зөвлөл байгуулсан. Энэ чиглэлийн компаниуд бүгд багтсан. Хэдийгээр зохицуулалт байхгүй ч энэ зөвлөлөөрөө хяналт тавьдаг болъё. Өөрсдийгөө зохицуулж эхэлье гэж ярьж байгаа.

-Хууль гэснээс манайхан хар, саарал жагсаалтад орчихгүй шиг байя гээд ФАТФ-ын амыг хаах үүднээс хууль батлах гээд байна уу. Эсвэл Монголд ашиг авчрах ирээдүйтэй шинэ зах зээл бий болгох талыг нь бодолцсон уу. Хөрөнгө оруулагчийн нүдээр харахад ямар дүгнэлт хийх вэ?

-Хамгийн нэгдүгээр шаардлага ФАТФ-ын зөвлөмжийг бид биелүүлэх ёстой. Хоёрдугаар шаардлага нэгэнт бид хууль гаргаж байгаа юм бол Монгол Улсад ямар ашиг байна вэ гэдгийг заавал харах ёстой. Түүнийг ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд сайн олж харж байгаа гэж найдаж байна. Заавал газар шороогоо ухахгүйгээр хөрөнгө оруулалт татах бодит боломж Монголд бий. Аль аль нь тусгагдаж байгаа гэж бодож байна.

-“Bittrex биржийн шаардлагыг хангасан койныг арилжаалдаг “гэж Compleх биржийн захирал М.Хатанбүүвэй ярьсан. Энэ шаардлагыг Ард койн хангасан гэсэн л дээ. Койны ханш унавал ямар арга хэмжээ авах гэх мэт асуудлыг урьдчилж төлөвлөдөг юм байна гэж ойлгосон ?

-Bittrex бол АНУ-д байгуулагдсан анхны биржүүдийн нэг. Дэлхийд эхний аравт ордог. Америк болон Европын холбооны улсуудын хууль, эрх зүйн орчинд ажилладаг, маш өндөр шалгууртай бирж л дээ. Ард койн энэ биржийн бүх шаардлагыг хангаж, Монголоос хамгийн анх олон улсын том биржид гарсан койн. Койн гаргасан багийг, компанийг харна. Ард санхүүгийн нэгдэл Ард койны арыг дааж байгаа учраас ямар нэг эргэлзээ байхгүй. Хөрөнгийн зах зээлд арилжаалагддаг хувьцаат компаниудтай. Ард санхүүгийн нэгдэл 300 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани. Энэ бол Ард койны хувьд маш том давуу тал, баталгаа.

-Ч.Ганхуяг захирал “Ард койн аваад дар” гээд байгаа. Үүнийг нь олон хүн шүүмжилдэг. Бизнес эрхлэгчийн хувьд бусдын мөнгийг эргэлдүүлээд ашигтай биз, иргэдийн хувьд мөнгөө нэг газар оруулаад мартана гэж юу байсан юм бэ гэдэг?

-Ав дар гэж зүгээр нэг уриалаагүй. Хүмүүс богино хугацаанд ашиг хийх гээд орж ирдэг. 100-тай байхад нь орж ирээд, өсөөд эхлэхээр нь баярлаад, 50 болохоор нь айж сандраад зарчихдаг. 50 хувийн алдагдал хийж байгаа биз дээ, тэр хүн. Зарсан хойно нь буцаад өсдөг, 100 гараад явчихдаг. Ийм савлагаатай байхгүй юу. Савлагаан дээр битгий айж сандарч зараарай л гэсэн юм. Бид ажиллаж байгаа. Цаашдаа үнэд хүрнэ. Өдөр болгон орж хараад, хямрах хэрэггүй гэсэн үг. Тэрний оронд зүгээр аваад мартчих. Бид арыг нь даана л гэсэн утгатай.

-Coinhub биржийн захирал О.Баттулга алтаар баталгаажсан койн арилжаална гэсэн байна лээ. Ер нь алт, зэсээр баталгаажсан койн гаргах боломж хэр байгаа вэ. Судлаачид бол койн алтаар баталгааждаггүй, үнэ цэн байхгүй, хэрэглээнд ордоггүй гэж сануулдаг шүү дээ?

-Олон улсын зах зээл дээр баталгаа болгож алт хадгаламжинд тавиад, тэрэнтэй дүйцүүлж койны үнэ цэнийг “уядаг”. Нэг унци алт нэг койны үнэтэй гэх мэтээр гаргах нь байдаг. Төгрөг, долларын ханш унадаг. Алт хязгаарлагдмал нөөцтэй учраас хөрөнгө оруулагч нар алтанд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Ингэснээрээ үнэ цэнийг хадгалах боломж нээж байгаа юм. Coinhub-ын хувьд үүнийг нэвтрүүлнэ гэж зарласан байна лээ. Энэ нь гадны бирж дээр арилжаалагдаж байгаа койныг өөрийнхөө бирж дээр бүртгэж байна гэсэн үг л дээ. Манай биржийн хувьд дотоодын томоохон аж ахуйн нэгжтэй алтны койн гаргахаар ярилцаж байгаа. Удахгүй гаргана гэж найдаж байна. Монголын алтыг экспорт хийж гадагшаа гаргах шаардлагагүй. Койн болгоод зарна гэдэг сайхан санаа.

-Дэлхийд эхний 20-д багтдаг Японы крипто биржид хакерууд халдаж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн. Манай жижиг биржийг одоохондоо хакерууд тоохгүй байх гэж зарим нь хэлдэг. Манай биржүүдийн хамгаалалт хэр байдаг вэ?

-Бирж бүр өөрсдийн дэд бүтэц, систем онцлогтой. Манай биржийн хувьд аюулгүй байдалдаа хөрөнгө оруулах ёстой гэж үзэж бага багаар ахиулаад явж байгаа. Том биржүүд ч хакердуулж мөнгөө алдах тохиолдол байдаг. Гадны томоохон байгууллагад эрсдлээс хамгаалсан даатгал хийлгэхээр төлөвлөсөн. Аюулгүй байдлын аудит оруулах гэж байгаа. Монголын биржийг жижиг гээд орхино гэсэн ойлголт байх ёсгүй.

-Хятад анхдагч зах зээлд койн гаргахыг хориглосон нь сайн, муу талтай юм болов уу. Ийм том улс хориг тавьж байгаа нь бодит эрсдэл бий гэсэн үг. Нэгэнт энэ том зах зээл хаалттай байгаа нь Монголын жижиг биржүүдийн харилцагч нэмэгдэхэд нөлөөлж магадгүй?

-2017 оноос эхлээд Хятад манайх шиг бирж, платформуудыг, биткойн олборлогчдыг хориглож, хааж эхэлсэн. Одоо хүртэл хаалттай хэвээр байгаа. Хааснаас хойш юу болсон гэхээр Хятадын компаниуд нь мөнгөө, харилцагчдаа аваад криптовалютын таатай хууль эрх зүйн орчинтой улсууд руу гараад явсан. Гэсэн ч бүгдийг хааж чадахгүй л байгаа. Хятадад хүмүүс биткойн арилжаалж л байгаа. Бие биедээ шилжүүлж л байгаа. Үүнийг зохицуулах боломжгүй шүү дээ. Хятад шиг том зах зээл хаахаар манайх жиг жижиг зах зээлд хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдээд л байгаа юм. Хууль эрх зүйн орчинтой болчихвол гадны хөрөнгө оруулагчид маш их сонирхоно гэж бодож байна.

-Нэг судалгааны мэдээ харсан. Манай биржүүдийн харилцагчдын 1 орчим хувь нь гадаадын 10 гаруй улсаас бүртгүүлж арилжаанд оролцдог гэсэн байсан?

-Магадлалтай шүү. Гадаадад оршин суудаг монгол иргэд ч зөндөө бий.

-Зарим хүн байраа зараад, койнд хөрөнгө оруулаад “шатсан” гэсэн мэдээлэл явдаг нь хэр ортой вэ?

-Би сайн санаж байна. 2017 онд манай дээр тийм хүмүүс их ирдэг байсан. “Эгч нь байраа барьцаанд тавиад 50 сая төгрөг авчихлаа. Энийг аваад эгчдээ хэдэн биткойн зарчих” гэсэн тохиолдол бий. Бид тийм хүмүүст биткойн зардаггүй байсан. Зээл авч, эд хөрөнгөө зарж, хөрөнгө оруулалт хийх нь буруу. Тухайн үед тэр эгч хөрөнгө оруулалт хийсэн бол энэ зах зээл хоёр, гурван жил унасан шүү дээ. Энэ хоорондох эрсдэлийг дааж чадахгүй байсан л даа. Тийм учраас энэ салбар руу орохдоо дор хаяж гурваас таван жил март. Савлагааг дааж гарч байж урт хугацааны дараа ашиг хүртэнэ гэдгийг бодолцох нь зөв.

-Урт хугацааны дараа ашиг хүртэх нь үнэхээр боломжтой юу. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн саяхан мэдэгдэл гаргасан. “Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эрсдэлтэй шүү” гэж сануулсан. Зарим нь понзи систем ч гэдэг.

-Эрсдэл үргэлж бий. Үүнийг бид сануулдаг. Монголбанк ч УИХ-ын гишүүд ч сануулж байгаа. Бид харилцагчдадаа санхүүгийн боловсрол түгээх гэж хичээдэг. Шинэ зах зээл учраас өдөр ирэх тусам томорч байна. Илүү олон хүн орж байна. АНУ-ын том компаниуд, гигантууд энэ зах зээлд хөрөнгө оруулалт хийж, төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрч эхэллээ л дээ. Элон Маск, Теслаг энд нэрлэж болж байна. Энэ зах зээл цаашдаа улам томрох нь тодорхой болж байна. Энэ зах зээл өснө гэсэн итгэл үнэмшил надад 100 хувь байдаг. Гэхдээ бүх койн өснө гэсэн үг биш шүү. Сайн нь шалгарч үлдэж, муу нь дампуурч хасагдаж явна. Понзи өөр л дөө. Энэ зах зээл арав гаруй жил болж байна. Сүүлд орсон ч ашиг хүртээд явж байгаа олон хүн бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хорхой асаасан койны цаадах хачиргүй үнэн

Дөрвөн монгол залуу 30 тэрбум төгрөгийн койныг тэр дор нь босгож орхив, монголчуудаасаа. Койны ирээдүй, цахим мөнгөний маргаашийг дэлхийн цараанд харвал, жижиг хөрөнгө оруулагчдад боломж олгосон шийдэл гэх мэт өнцгөөс нь тандвал олзуурхмаар шалтгаанууд байна л даа. Гэхдээ яг өнөөдөр хийх алхам мөн үү, монгол залуугийн нэрээр нэрлэгдсэн койныг худалдаж авсан хүмүүс ашиг өгөөж хүртэж чадах уу, ер нь дэлхийд ямар нэгэн орны хэн нэг иргэн улс дотроо койн гаргасан жишээ бий юү гэсэн асуулт тавихаар эргэлзээтэй зүйлс өчнөөн байна.

Наад захын жишээ гэхэд л дэлхийд улс дотроо буюу local түвшинд койн гаргасан кейс алга. Шалтгаан нь их энгийн. Улс орнуудад “Хэрвээ койн гаргавал ингэнэ, тэгнэ” гэсэн хязгаар, хориг бүхий журам, хууль үйлчилдэг учраас тэр. Тухайн улсуудын төв банк, холбогдох байгууллагуудаас нь элдэв босго, шаардлага тавьдаг болохоор тэр улсын тийм компани улс дотроо койн гаргалаа гэсэн мэдээлэл цацагддаггүй гээд ойлгочихож болно. Тийм учраас улс орнууд глобал түвшинд койн гаргадаг гэж эдийн засагчид онцолдог. Шалтгаан нь мөн л энгийн. Олон улсад яг таг нарийн зохицуулалт байхгүй учраас. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага л цахим мөнгөний талаар журам гаргаж байв, 2016 онд. Олон улсад үүнээс өөр ямар ч зохицуулалт байхгүй учраас улс орнууд глобал түвшинд койн гаргадаг юм билээ. Сүүлийн жишээ гэхэд Энэтхэг, Хятад улс 2018, 2019 онд нийтдээ 7000 төрлийн койн гаргаад дууссаныг цахим мөнгөний зах зээлийн мэдээг сонирхож хардаг хэн бүхэн мэдэж байгаа.

Тэдний койн гаргах гэсэн оролдлогуудыг анзаарах нь ээ тэг доллараас эхлээд 10, 100 доллар руу цойлж, буцаж буусаар эргээд тэг рүүгээ уруудсан түүхүүд өчнөөнөөрөө. Тийм учраас л цахим орчинд монгол залуусын босгосон 30 тэрбумын койн тойрсон элдэв шүүмж халуун сэдэв хэвээр байна. Дэлхийд амжилттай яваа цахим мөнгөнүүд өндийж босох гэж багагүй хугацаа зарцуулсныг интернэтээс олоод харчих боломжтой. Түүхийг нь сонирхоод харахаар дэлхийн инфлүнзерүүдийн тусламжтайгаар босч ирсэн гэх нийтлэг өнгө анзаарагддагийг дурдахад илүүдэхгүй байх.

Манайд босоод буй 30 тэрбумын койн тойрсон олон асуултаас “Үнэхээр өсгөж чадах уу, яг яаж өсгөх вэ” гэсэн асуулт олны анхаарлыг татаж байгаа. Койн босгосон залуус “Олон улсын зах зээл дээр тоглоно” гэсэн утгатай ерөнхий хариу өгөөд буй. Мандал санхүүгийн нэгдэл-ийн ерөнхий эдийн засагч Г.Батзориг “Койн бол нэг төрлийн компьютерийн код. Энэ кодны цаана ямар нэгэн бизнес, бодит зүйл байхгүй. Тэр утгаараа бид койныг хөрөнгө оруулалтын түвшинд харахгүй байгаа. Блокчейн дээр суурилсан цахим мөнгөнүүд гарч байна. Гэхдээ үүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөхгүй байна л даа. Нэгдүгээрт бэлэн мөнгө төлбөрийн хэрэгсэл болох чадвартай байдаг. Ийм савлагаа өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй. Өнөөдөр 150 койноор талх худалдаад авлаа гэж бодъё. Маргааш 1500 койноор худалдаж авах уу? Товчхондоо үнийн хэлбэлзэл өндөртэй зүйл төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй. 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгоход тийм амар биш. Хугацаа их шаарддаг. Наад зах нь СЗХ, Хөрөнгийн бирж, бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллахад долоо, найман сарын бэлтгэл ажил хийгддэг. 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татлаа гэхэд тухайн мөнгө хаана байрших, юунд зарцуулагдах гээд нэлээд нарийн хяналтын доор бүх процесс явагддаг. Энэ өнцгөөс харвал саяны босгосон 30 тэрбум төгрөг цаашаа юунд зарцуулагдах вэ гэсэн хөрөнгө оруулалтын бодлого нь тодорхой байх ёстой. Гэтэл яг юунд зарцуулагдах нь тодорхой биш. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, койнд мөнгөө хийсэн хүмүүсийн гол зорилго бол богино хугацаанд ашиг хийж, үнэ өсөхөд нь мөнгөө өсгөөд гарах. Тэр утгаараа койн тахалтай адилхан. Тахал яадаг билээ, эхний хүн өвчлөөд дараагийн хүндээ, өнөөх нь дараа дараагийнхаа хүнд гэх маягаар хүрээгээ тэлдэг. Койн яг үүнтэй адилхан. Хүмүүс нэмж худалдаж аваад байхаар үнэ нь өсдөг, үнийн өсөлтийг барьж байх процесс нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дагагчидтай хүмүүс байдаг. Койн гаргаж байгаа хүн нь тэдэнд урамшуулал, хөлс өгч, өнөө алдартай нөлөөтэй хүмүүс нь койных нь үнийг тодорхой хугацаанд өсөлттэй барьдаг. Ингээд харахаар койн бизнес бол биш, иймэрхүү л понзи урамшууллын систем маягийн юм. Монголд цахим мөнгө хэрэглэх хэмжээний боломж бий юү, койны хэрэглээ ямар билээ гэсэн өнцгөөс ч харах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Дэлхийд койнууд моодонд орж, хүн төрөлхтөн койнд мөнгөө хийсээр байгаагийн уг учрыг том зургаар нь харвал мөн л тун энгийн шалтгаан тодордог. Өнгөрсөн зууны дал, наяад оноос хойш корпорациудын хийх ашиг гэрлийн хурдаар өсч, корпорациудад ажиллаж хүчээ шавхсан жирийн иргэдийн цалин тэгтлээ өсч гавилгүй өнөөг хүрсэн нь булзах аргагүй үнэн. Ийм шалтгаанаар элдэв сүлжээ, понзи систем гэх мэт зэрлэг өвс санхүүгийн орчинд ургаж эхэлснийг учир мэдэх улс хэлсээр, бичсээр яваа нь бас бодит үнэн. Ашиг нь жилээс жилд өссөөр байгаа корпорациудад насаараа ажиллачихаад хангалуун амьдрах хэмжээний хөрөнгө хурааж чадахгүй яваа хүмүүст богино хугацаанд их мөнгө хийх санал таатай сонсогдох нь ойлгомжтой. Товчхондоо яг ийм хөрсөн дээр понзи систем цэцэглэж байгаа нь хэтрүүлэггүй үнэн л дээ.

Манай улс цахим мөнгөний чиглэлд элдэв журам, хуулийн зохицуулалтгүй яваа ч 30 тэрбум төгрөгийн койн босгосны дараа холбогдох байгууллагууд дуугүй суугаагүйг онцолъё. СЗХ “Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бидэнд хамаагүй” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн бол Монголбанкны ерөнхийлөгч цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг өгснийг уншигчид анзаарсан байх. Дэлхийн улс орнууд цахим мөнгөнд яаж хандаж байна вэ гээд харахаар Европын орон, АНУ-д лав понзи схем гэж үзээд янз бүрийн хориг арга хэмжээнүүдийг аваад эхэлчихсэн. Белгид бүр хориглоод байгаа. Япон, Хятад зэрэг улс криптовалют, тэр дундаа цахим валютын журам гэж гаргаад буй. Дахиад онцлоход, өнөөхөндөө манай улсад ямар ч зохицуулалт байхгүй. Койноос болж хохирлоо гэхэд хариуцлага хүлээх хэн ч байхгүй, буух эзэн буцах хаяггүй гэсэн үг.

“Блокчейнд суурилсан учраас цахим мөнгө аюулгүй, найдвартай” гэсэн тайлбар бий. Мандал санхүүгийн нэгдэл-ийн ерөнхий эдийн засагч Г.Батзоригийн “Блокчейн дээр суурилсан гэвэл маш цөөхөн койн бий. Одоо гаргаж буй койн бол блокчейн дээр суурилаагүй. Блокчейн гэдэг технологийг энгийнээр тайлбарлавал тодорхой мэдээлэл оруулахаар тэр мэдээллийг хадгалдаг, аль ч талаас орсон тухайн мэдээллийг өөрчлөх боломжгүй, тийм л технологи. Ирээдүйд банк IT-тай холбогдоход мэдээллийн аюулгүй байдал талаасаа блокчейн технологийг ашиглаж болно. Төрийн байгууллагууд мэдээллээ хакердуулж байна гэдэг. Төрийн мэдээллийг энэ технологи дээр хадгалчихвал ямар ч асуудал гарахгүй. Тэр утгаараа блокчейний технологийн хэрэглээ ирээдүйд нэмэгдээд явах нь тодорхой” гэсэн үг энэ тайлбарын бодитой хариу болчихмоор санагдаж байна.

Биткойн бол хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч ирсэн гайхамшиг, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өсөлт үзүүлсэн бүтээгдэхүүн, 11 жилийн хугацаанд нэг тэрбум хувийн өсөлт үзүүлсэн, томоохон улсуудын банк санхүүгийн байгууллагууд криптовалютыг хүлээн зөвшөөрөх, хэрэглэгчдэд нэвтрүүлэх үйл явц нь эрчимтэй явагдаж байгаа, цахим мөнгөний ирээдүй гэрэлтэж байна гэх мэт үгүйсгэх аргагүй олон эерэг өнцөг бий. Гэхдээ хорхой асаасан койныг яг одоогийн хөрсөн дээрээ буулгаад харвал өнөөхөндөө ийм л бодит үнэн харагдаж байна. Нэг үеэ бодвол хуримтлуулсан мөнгөө өсгөх боломж Монголын хөрөнгийн зах зээлд бүрдчихээд байгаа. Энгийн жишээ хэлэхэд л “АПУ”-гийн ч юм уу, “Мандал” –ын хувьцааг 2015, 2016 онд 100 сая төгрөгөөр худалдаад авчихсан хүмүүс өнөөдөр хувьцаа худалдаж авсан мөнгөө 300 сая төгрөг болгочихсон сууж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Экспорт импортоос давж 903.4 сая ам.доллараар өсчээ


2021 оны эхний долоон сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8,579.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 903.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт экспорт оны эхний долоон сарын байдлаар 4,741.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 953.0 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өсчээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 90.1 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын коксжих нүүрсний үнэ 2400 юаньд хүрэв

Далянийн Таваарын биржид Ганцмод боомт дахь Монголын түүхий коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногоос 300 юаниар өсч, тонн нь 2300-2400 юань хүрчээ. Коксжих нүүрсний фьючерс үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 40 хувиар өсч, тонн нь өнөөдрийн байдлаар 2849.5 юань болсон байна.

Монгол Улсад Covid-19-ийн тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийг хязгаарласнаар коксжих нүүрсний үнэ ийнхүү огцом өсч байгааг “SXCoal” мэдээлжээ.

Монголын нүүрсийг ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашигладаг бол эрчим хүчний салбарт Индонез, ОХУ-аас авсан нүүрс хэрэглэдэг тул Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагааг түр зогсоосон нь Хятадын цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөөлөхгүй аж.

Монгол Улсын хувьд өнгөрсөн сард БНХАУ-д 498 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь дөрөвдүгээр сараас хойших доод цэгт хүрсэн үзүүлэлт болов.

ОХУ БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч болжээ. ОХУ-аас өнгөрсөн долдугаар сард БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 1.2 сая тонн хүрсэн байна. Үүнд БНХАУ-ын талаас Австралийн нүүрсний импортод хориг тавьж, Монголын нүүрсний тээврийг хязгаарласан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монголчууд мөнгө үрэх, олох хоёроо ялгаж мэддэггүй

Хөдөөд соёлын үр тарина гэж өнгөрсөн зууны дунд үед нийтийг хамарсан зохион байгуулалттай ажил өрнүүлж, сумд Соёлын төв, Улаан булантай болсон. Тэндээ манайхан Ардчилал гарах хүртэл таанц эргэж соёлтой болдог байв. Түүнээс хойш бид нийгмийн шилжилт хийж, өөрчлөлт шинэчлэл явуулж 30-аад жилийг ард хийчихээд байна. Эргээд харахад алдсан нь ч байна, гэхдээ олсон нь олон.

Мэдээж соёл, урлаг бол чухал салбар. Харанхуй нийгмийн гэрэл, чийдэн нь байсан. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд Монголд хөдөөд том том Соёлын ордон барихаас илүүтэй үйлдвэр, цех шиг хэрэгтэй юм алга. Монгол орныг аялан тоглолтоор тойроод ирсэн дуучин аймаг, сумын төвд сүндэрлэсэн Соёлын төв, Соёлын ордонг бахархан ярьж байна. Мэдээж салбарынх нь хүн, таван жилдээ ганц удаа эх орноо тойрч, мөнгө олох гээд очоод дуулахад бэлэн тайз нь байвал түүн шиг олзуурхууштай юм тэр хүнд үгүй. “Бүр хязгаар, захын сумдад, төв замаас зайдуу сумдад Соёлын төв хэрэгтэй. Ийм соёлын төвөөр хөдөөгийнхнөө урлаг соёлтой байлгана” гэж урлаг соёлынхон эрх баригчдад нөлөөлдөг. Яг л өнгөрсөн зууны дунд үе шигээ сэтгэж, 330 гаруй суманд Соёлын төв барьж монголчуудыг гэгээрүүлье гээд улсын төсвийг үргүй зарцуулж байна.

Малчид лаа, дэн барихаа болиод 30 жил, утас барьдаг болоод 20 жил, гар утсаараа, гэрийнхээ зурагтаар концерт, кино үздэг болоод удаж байна. Заавал тоос манаруулж давхисаар ирж байгаа дуучинг хүлээж хамаг ажлаа хаяхгүй, гар утсаараа youtube рүү орж дуртай дуучныхаа, дуртай дууг хүссэн үедээ сонсчихдог болсон. Ийм атал хөдөөд тэрбум тэрбумаар нь Соёлын ордон босгож буй нь мөнгө олох биш, мөнгө үрж буй харамсмаар том жишээ. Соёлын ордон босголоо гээд улсын төсөвт үйлдвэрүүд шиг орлого, ашиг өгөхгүй. Үхмэл хөрөнгө, хөгцний үүр болоод л өмхөрдөг. Энэ бол зөвхөн Соёлын төв дээрх жишээ. Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардаг ийм жишээ манай нийгэмд, салбар бүрд бий. Гаргаж буй санаа, хэрэгжүүлж буй төслүүд нь яг дээрх Соёлын төвүүд шиг төсвийн мөнгө үрсэн хий дэмий үрэлгэн ажлууд байдаг. Өнөөдөр Монголд мөнгө олох юм хэрэгтэй болохоос жилдээ ганц хоёр онгойдог, өндөр өртгөөр боссон хоосон “амбаарууд” хэрэггүй.

Монголчууд том үйлдвэртэй болж, өрх бүр бүтээгч, үйлдвэрлэгч болж түүнийгээ экспортоор гаргаж байж дараа нь урлаг соёлоо тааваараа тамшаалан мэдрэх боломж бүрдэнэ. Тэр хүртэл бидэнд хангалттай хүрэлцдэг урлаг соёлын арга хэмжээ бий. Бидэнд мөнгө үрсэн, ашиггүй царцсан хөрөнгө оруулалт биш ашигаа өгдөг, мөнгө олж, амьдралд бодит хувь нэмэр оруулдаг үйлдвэр, ажлын байр чухал. Монголд “Манай суманд шинэ Соёлын төв нээгдлээ” гээд баярладаг бол гадаадад улс нийтээрээ “Үйлдвэртэй боллоо. Үйлдвэрийн тууз хайчлах ёслол боллоо” гэдэг мэдээг чухалчилж үздэг.

БНСУ бол хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа үйлдвэрлэгч орон. Тус улс энэ салбартаа тэргүүлэгч болж чадсан түүх нь тун энгийн. Солонгосчууд эрт үеэсээ л усан онгоцоо өөрсдөө хийж, дотоодын хэрэгцээгээ хангадаг байж. Хэн нэг сийрэг толгойтой нь “Бид энэ онгоцуудаа гадаадуудад заръя” гэж. Түүний энэ санал амжилт олж усан онгоцоо гадаадад заржээ. Хамгийн анх гадаад руу усан онгоцоо экспортолсон гэдэг баярт мэдээг солонгосчууд монголчууд олимпоос тамирчин нь алтан медаль авахаар догдлон баярладаг шиг л тэгж хүлээн авч баярласан байдаг. Экспортоор гаргасан хөлөг онгоцны мөнгөний шилжүүлгийн баримтыг холбогдох албаны хүн нь гартаа чанга гэгч нь бариад Хөх ордон руу явганаар гүйж хүргэсэн байдаг. Яг энэ мөчийг олон сая солонгосчууд зүрх даран хүлээж байсан гэдэг. Яагаад вэ гэвэл солонгосчууд хөлөг онгоц үйлдвэрлээд гадагшаа борлуулбал хойшид улс нь баяжина, иргэд нь хангалуун амьдарна гэдэгт итгэж байсан. Олон зууны өмнөөс гараараа хийж ирсэн усан онгоцыг нь гадны хүн өндөр үнээр худалдан авна гэдэгт эргэлзэж байсан эргэлзээ нь тэр мөчид бүрмөсөн алга болсон гэлцдэг. Тэдний итгээд, зүтгэж байсан зүтгэл нь ийнхүү бодит ажил болж, усан онгоцны үйлдвэртэй болвол мөнгө олоод байж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний том итгэл найдвартай болж чаджээ. Энэ үеэс Солонгосын ард түмэн дор бүрнээ хичээж, үйлдвэрийн газруудад ажилд бүртгүүлсэн байдаг. Ингээд тус улсын эдийн засаг хурдацтай өсч, үүнийг дагаж экспорт нь өсч яваандаа Хонконг, Сингапур, Тайванийн хамтаар “Азийн дөрвөн бар” гэж хүртэл “өргөмжлөгдсөн”. БНСУ дэлхийд экспортын хэмжээгээрээ тавдугаарт орж байна. Солонгост төвтэй үндэстэн дамнасан Samsung, Hyundai, SK, LG, Lotte, Hanjin, Kumho, Doosan зэрэг экспортод чиглэсэн компаниуд нь улсынхаа ДНБ-ий 90 хувийг бүрдүүлж байна. Энэ бүхэн бол дээр өгүүлсэн анх хөлөг онгоцоо экспортолж, мөнгө олж болох юм байна гэдэг үндэсний хэмжээний итгэл, үнэмшилтэй болсонтой холбоотой гэж эдийн засагчид, шинжээчид тайлбарладаг.

Монголд дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтууд чухал. Төмөр зам бол бидэнд ойрын үедээ, алс хэтдээ асар их хэрэгтэй. Гэхдээ түүгээр мөнгө нэмж мөнгө олох боломж хараахан бүрдээгүй байна. Мэдээж угтуулж хийсэн бүтээн байгуулалт. Харин өнөөдрийн Монголд хээр байгаа төмөр замаас илүү Замын-Үүдэд ганц төмөр зам шилжүүлэгч барьчихвал ачаа барааны эргэлтийг хурдлуулна. Ачаа барааны голлох гэж хэлж болох Замын-Үүд боомт ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрчихээд байгаа. Энэ үед ганц шилжүүлэгчтэй болчиход мөнгө олох үйл явц хурдаа нэмж л таарна. Үүн шиг монголчууд бид алс хэтээ харах, холын зорилгоо тодорхойлохын зэрэгцээ өнөө маргаашдаа мөнгө олох боломжуудыг нарийн харах хэрэгтэй юм.

Бид үндэсний хэмжээний нэг том үйлдвэртэй болж, бараа бүтээгдэхүүнийг нь экспортлоод эхэлчихвэл таны, миний гэлтгүй бүгдийн маань амьдралд шууд болон шууд бусаар тусаа өгнө. Гангийн ганц үйлдвэртэй болчиход л Монгол Улс дэгжинэ. Нефть боловсруулах ганц үйлдвэр босгоход л болоод явчихаж байгаа юм. Байг гэхэд Монгол орны эко, эрүүл хүнсний ганц бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч чадвал тэр чинь бидний амжилт.

Өнөө маргаашийн зугаа цэнгээ, хий хоосон мөрөөдлөөр босгосон элдэв байшин сав, хөшөө босгох биш бүтээгдэхүүн, бараа хийдэг үйлдвэртэй болъё. Үйлдвэр, үйлдвэрийн хотуудтай болвол бид экспортоороо амьдраад байж дөнгөнө. Гол нь бид юм үйлдвэрлээд, түүнийгээ экспортолж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Чанартай бараа бүтээгдэхүүнээ тогтвортой үйлдвэрлээд байвал гадны баян орнууд тоож л таарна. Мөнгө олох, үрэх хоёроо ялгаж, хий хийсвэр юмаа түрдээ хойш тавьж, мөнгө олох арга зам, үйл ажиллагаанд нийтээрээ анхаарч үйлдвэрлэгч орон болохын төлөө энэ агшинаас эхэлж итгэх хэрэгтэй юм. Бидэнд хүч чадал, эрдэм мэдлэгтэй инженерүүд хангалттай бий. Монголчуудад байгалийн нөөц баялаг, талбай, ажлын хүч хангалттай байгаа. Харин мөнгө олно, мөнгө олж чадна гэдэг итгэл хомс гэдэг нь үнэн. Ганц хөлөг онгоцноос эх орноо дэлхийн хөгжилтэй орнуудын нэг болгосонтой адил асар их итгэл найдвар монголчуудын зүрх сэтгэлд бий.