Categories
мэдээ эдийн-засаг

Өчигдөр ХААБ 509 сая төгрөгийн үнийн дүн бүхий түүхий эд арилжсан байна

Даваа гаригт Хөдөө аж ахуйн бирж 14.1 тонн хонины ноос болон ноолуурыг нийт 509.9 сая төгрөгөөр арилжсан байна.

Хонины ноос кг тутам нь 2100-3000 төгрөгийн хооронд арилжаалагдсан бол ноолуур кг тутам нь 118-123 мянган төгрөгөөр арилжаалагджээ. Өнгөрсөн долоо хоногт тус биржид арилжаа явагдаагүй байна. Харин наймдугаар сард 235.2 тонн түүхий эд арилжаалж, нийт үнийн дүн нь 10.2 тэрбум төгрөг хүрчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 36 хувиар өсчээ

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар банкин дахь төгрөгийн хадгаламжийн хэмжээ 36 хувиар өсч, 15 их наяд төгрөгт хүрчээ.

Үүний 13.5 их наяд нь иргэдийнх, 1.5 их наяд нь аж ахуйн нэгж байгууллагынх эзэлж байгаа аж.

Харин валютын хадгаламж бууралттай байна. Нийт хадгаламжийн 90 гаруй хувь системийн нөлөө бүхий таван том банк /Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Төрийн банк, Хас банк/-д төвлөрч, тус банкуудын актив өсөлттэй гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк наймдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2021 оны наймдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тонн үнэт металл худалдан аваад байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тонноор буурсан үзүүлэлт юм.

2021 оны наймдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны наймдугаар сард 163.323.50 төгрөг байв.

2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Эдийн засагт нөлөөтэй мега төслөө хууль зүйн хүний нүдээр хараад байж болохгүй

ТӨМӨР ЗАМ, ЭРЧИМ ХҮЧ, ШАТАХУУНЫ ХАМААРЛАА БУУРУУЛАХГҮЙ БОЛ ОХУ БИДЭНД ЦААШИД Ч ИНГЭЖ ХАНДСААР БАЙХ БОЛНО-

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Оюу толгойн хэлэлцээр тойрсон асуудлууд халуун сэдэв хэвээр байна. Сая засаг зүгээс “Хөрөнгө оруулагч тал бидэнд буулт хийлээ” гэсэн агуулгатай мэдээлэл цацлаа л даа. Өнөө л засаг нь дээрээс харсан хандлага хэвээр байх шиг. Энэ янзаараа бол хэлэлцээр сунжирсан хэвээр явах нь ээ гэсэн болгоомжлол төрөөд байх юм…?

-“Рио тинто” Африкт байгаа зарим төслөө зараад эхэлчихсэн.Төдийгөөс өдий хүртэл Оюу толгой гэдэг мега төсөлдөө дээрээс харсан хандлагаа үргэлжлүүлээд байвал Монголд хэрэгжүүлж буй Оюу толгой гэдэг төслөө зогсоох шиг амархан шийдэл хөрөнгө оруулагч талд байхгүй. Үндэстэн дамнасан компанийн гол эрсдэл нь энэ байдаг. Гэтэл Оюу толгой манай эдийн засагт ямар нөлөөтэй төсөл билээ. Энэ төслийг түр зогсоовол бид л хохирно. Ер нь мега төсөл тойрсон элдэв мэдээллийг улс төрийн зорилгоор хиймээргүй байгаа юм. Цаг хугацааны хувьд харахаар Засгийн газрын донсолгоотой үе ч тохиож магадгүй харагдаж байна л даа. Тэгэнгүүт тэр мэдээллээс өрсөөд засаг мундаг ажиллаж байна шүү гэдэг мессэжийг өгөөд байх шиг. Гэрээ хэлэлцээрийг бизнесийн утгаар нь зөв явуулахгүй, улс төрийн зорилгоор мушгиж ашиглаад байвал гацаанд орно. Бидэнд айхавтар том хөзөр, өөр олон боломж байхгүй.

-Зэсийн экспорт багаслаа гэхэд нүүрс байна шүү дээ гэх байх л даа?

-Нүүрсний зах зээлд ч боломж хумигдаж байгаа. Их л сайндаа хоёр жилд 20-25 сая тонн гаргах боломж байна. Үүнээс цааш нүүрс гурав дахь түүхий эд болох байх. Тэгэхээр бид 2023, 2024 онд одоогийн экспортоо 7-8 тэрбум ам.доллартаа хадгалж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ.

ОХУ бүх түвшиндээ мэдэгдээд нүүрсний зах зээл рүү дайрч байна. Төмөр замаа барьж байна. Эльгагийн нүүрсний уурхайн хүчин чадал нэмэгдэж байгаа. Товчхондоо 2024 оны эхний хагас жил гэхэд бид нүүрсний зах зээлд маш том цохилт авах нь тодорхой болчихсон. Орос, Хятадын харилцаа ямар байгаа билээ. Жигтэйхэн зузаан харилцаатай яваа. Австралийн харилцаа эргэж сэргэхгүй бол Хятадын нүүрсний үлдэж буй орон зайг Орос, Индонез хоёр эзэлнэ.

-Тэгэхээр зэсийн экспорт дээр л бидэнд боломж байгаа гэж үү?

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо энэ хэвээр нь авч явах ганцхан боломж гэвэл зэс л байна. Бусад түүхий эд гэхээр манайд биет хэмжээг нь нэмэгдүүлэх боломжгүй. Олборлолоо гэхэд тээвэрлэх хүчин чадал байхгүй. Хилийн боомтын хүчин чадал ямар билээ. Тэгэхээр энэ бүх эрсдэлээ тооцоод гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүд дээр маш ухаалаг, болгоомжтой хандаж, улс төрийн элдэв тоглолт хийхээс татгалзах хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг хурдтай өсөхгүй байна. Ковид нэг жилийн дараа дуусах эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Өрийн хамаарлаа улам ихэсгэж урд хөршийнхөө хараанд илүү гүнзгий орох гээгүй л бол одоо хэрэгжиж буй хэдэн төслөө л аятайхан авч явах хэрэгтэй.

-Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа төслүүдийнхээ хөрөнгө оруулагчидтай харилцан зөвшилцөж ойлголцоод явах нь бидэнд ашигтай ганц хувилбар гэсэн үг үү?

-Ерөөсөө л тэр шүү дээ. Оюу толгойн хувьд гэхэд л төслийн явцын мэдээллийг олон нийтэд цацахдаа нөгөө талтайгаа маш сайн ойлголцож байж цацах ёстой. Бизнесийн гэрээ гэдэг утгаар нь хандах хэрэгтэй. Ажлын хэсгийг Хууль зүйн сайдаар толгойлуулаад яваагийн учрыг би хувьдаа ойлгохгүй байгаа. Хоёрдугаарт, хувь улстөрчийн амбиц гэж том өнцөг байна. Юм л бол мэдэгдэл хийчих гээд байдаг хандлага их тод анзаарагддаг. Талбай дээр жагсаж байсан дүр төрх нь хэвээрээ байна л даа. Ямар сайндаа л Замын-Үүд дээр мафи илрүүллээ гэж ярихав дээ. Бизнесийн гэрээ хэлэлцээр дээр ингэж хандаж болохгүй. Үнэхээр энэ хүн болохгүй бол Сангийн сайд гэх мэт утга учрыг нь ойлгодог хүмүүсээр ахлуулах хэрэгтэй. Энэ мэт мэдэгдлүүд цаашид үргэлжилбэл төслийн цаашдын хувь заяанд маш хохиролтой.

-Ажлын хэсгийг ахалж байгаа Хууль зүйн сайд өмнө нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарахад бас мэдэгдэл хийсэн. Мань эр тэр мэдэгдлээ яг таны шүүмжилсэн өнгөөр хийсэн шүү…?

-Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийн хувьд би “Уолстрийт журнал”, “Ройтерс” дээр гарсан мэдээллийг харсан. Тэнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гээд 150 хуудас тайлан гарсан гэж мэдээлсэн байсан л даа. Одоогоор энд тэнд гараагүй. Юуны өмнө мэргэжлийн хүмүүсийн гаргасан гэх тэр тайланг үзэх ёстой. Геотехникийн нөхцөл гэх мэт нарийн юмс яригдсан учраас. Ийм нарийн зүйлийг хөндлөнгийн хуульч, эдийн засагч хүн шалгаж хянаад дүгнэлт гаргах боломжгүй. Уул уурхайн, тэр дундаа бүр гүний уурхайн нарийн мэргэжлийн юмс яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тайланг маш өндөр түвшний экспертүүд уншиж байж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Гүний уурхай байгуулах анхны төлөвлөлт зөв байсан эсэхээс эхлээд олон өнцгөөс нь харж тайлбар өгөх шаардлагатай.

-Таны хэлээд байгаа тайлбарыг уул уурхайн нарийн мэргэжлийн хүн өгөх ёстой гэсэн үг үү?

-Яг тийм.

-Уул уурхайн нарийн мэргэжлийн хүмүүс нь тайлбар өгч, цаад компани нь уншиж танилцаж үнэлэлт дүгнэлтээ хэлж байж олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх ёстой байтал улстөрчид нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээж авангуутаа мэдээлсэн нь хөнгөн гоомой алхам болжээ дээ?

-Тэгж хэлэх бүрэн үндэстэй. Улстөрчид нь, засаг төлөөлсөн хүмүүс нь “Хөндлөнгийн шинжээч нь ингэжээ, ийм учраас та нар…” гэж дайраад эхлэх нь маш буруу. Засгийн газрын хувьд ийм тайлан гарсан гэж хэлэх нь зөв. Гэхдээ хөндлөнгийн шинжээчийн өгсөн мэдээлэл зөв үү, Рио тинтогийн өгсөн мэдээлэл үнэн үү гэдгийг өнөөхөндөө хэн ч мэдэхгүй байна. Засгийн газрын хувьд Оюу толгой төслийн хувь эзэмшигч. Засгийн газар, Рио тинто аль аль талдаа төслөө урагшлуулах сонирхолтой яваа. Тэр сонирхлоо ч хоёр тал мэдэгдэж байгаа. Тэгэхээр сүүлийн үед Засгийн газраас гаргаж байгаа үйлдлүүд төслийг урагшлуулахад нэмэр, дэмжлэг болох уу гэдгийг бодох ёстой. Урагшлуулах уу, бул чулуу болоод гацаагаад зогсоочих болов уу гэдэг дээр ухаалаг хандах хэрэгтэй. Бүр тодруулж хэлбэл, дараа дараагийн алхмаа харсан ухаалаг бодлогоор урагшлахгүй бол өмнөх алдаагаа л давтана. Сүүлийн гурав, дөрвөн жил явсан замаа харахаар явж байсан машины дугуйны доор байсхийгээд чулуу ивээд гацаагаад явсан зураг анзаарагддаг. Хийж байгаа мэдэгдлүүд нь төслийнхөө үнэ цэнийг унагах чиг рүү хазайсан маягтай явсаар ирсэн бодитой үнэн л дээ. Тэгэхээр мэдээллийг хэзээ хийх вэ, энэ мэдээллийн дараа эдийн засгийн болон улс төрийн ямар үр дагавар гарах вэ гэх мэт талаа бодож дунд хугацааны бодлоготой хандмаар байгаа юм. Энэ төсөл буруу хэрэгжээд “Рио тинто” компани буруугаа хүлээлээ гэж үзэхэд дараагийн шийдэх гарц нь юу вэ, урагшлуулахын тулд яах ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. Эцсийн дүндээ 2023, 2024 он, ер хэзээ ч бай энэ төсөл л урагшлах ёстой, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах учиртай. Завсарт нь шийдэх ёстой асуудлаа аль аль талдаа хохирол багатайгаар, удаан хугацааны гацаа үүсгэхгүйгээр шийдээд явах нь л Монголын эрх ашигт нийцнэ. Харамсалтай нь эдийн засагтаа нөлөөтэй төсөлдөө түрүүн хэлсэнчлэн чулуу ивж байгаа мэт байдлаар хандаж, Монголд бүү хэл дэлхийд томд орох төслийг хууль зүйн хүний нүдээр хараад байна.

-Хууль зүйн хүний нүдээр гэдэг нь…?

-Факт гаргаж ирж шидээд байгааг хэлж байна л даа. Улс орны эдийн засгийг шийдэж байгаа мега төсөлд ингэж хандаж болохгүй. Үнэхээр чадахгүй бол чаддаг хүнд нь хариуцуулах хэрэгтэй.

-“Рио тинто”-гийн мэдэгдэж байгаагаас анзаарахад энэ оны сүүлээр гүний уурхайн олборлолт эхлэх боломжтой, олборлолтыг эхлэхийн тулд улаар огтлолт гэсэн процесс бий, улаар огтлолтыг хийхийн өмнө засгаас хамаарсан зарим асуудлыг шийдэх хэрэгтэй гэж ойлгосон. Нөгөө талд Засгийн газар эхлээд олборлолтоо эхлүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Ингээд харахаар үл ойлголцол мөддөө дуусахгүй байх вий гэсэн болгоомжлол төрөөд байна л даа…?

-Гүний уурхайн олборлолтыг блокчлон нураах гэсэн аргаар хийнэ. Би уул уурхайн мэргэжлийн бус хүн л дээ. Миний олж авсан мэдээллээр бол цахилгаан станц шиг, газрын тос боловсруулах үйлдвэр шиг тасралтгүй үйл явц болох юм билээ. Өөрөөр хэлбэл, ил уурхай шиг түр зогсооно гэсэн ойлголт байхгүй. Технологийнх нь энэ онцлогийг ойлгож байж шаардлагаа тавихгүй бол болохгүй. Ийм онцлог асуудал дээр өмнөх шигээ, төрийн өмчийн оролцоотой компаниуд шигээ санаж бүгдийг төрөөс гэсэн хандлагаар хандах гээд байна л даа. Цахилгаан станц дээр тог, цахилгаанаа ингэж тэгж үйлдвэрлэ гэж хөндлөнгөөс, төрөөс зааж зааварладаггүй. Цаашлаад Рио тинто гэх мэт том компаниудад хэдийд зэсийн баяжмалаа нийлүүлэх вэ гэх мэт санхүү талаас нь бодсон зүйл ч өчнөөн бий. Төслийн санхүүжилт гэж том асуудал байгаа. “Рио тинто” том компани. Оюу толгой бизнест нь хэчнээн хувь эзлэх вэ гээд харахаар маш бага хувь яригддаг. Бүр болохгүй бол Оюу толгой төслөө зогсоох “Рио тинто”-д тийм хэцүү шийдэл биш. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөхөөргүй байвал зэсийнхээ нэг төслийг зогсооход асуудал байхгүй. Төмрийн хүдрийнхээ салбараас хангалттай хэмжээний ашиг олоод явбал компанийн хувьд Зэсийн группийнхээ үйл ажиллагааг сааруулах шийд гаргах эрсдэлтэй. Дахиад хэлэхэд, үндэстэн дамнасан компанийн аюул нь энэ. Тухайн компанийг удирдаж яваа хүний хувьд компанийн үйл ажиллагааг ашигтай явуулах үүргийг ТУЗ-өөсөө

авчихсан ажиллаж байгаа. Түүнээс биш Монгол Улсын хувь заяаг бодоод явна гэж байхгүй. Нэгэнт эхлээгүй төслийг бага дээр нь зогсооё гэж хэлэхэд тийм хэцүү биш шүү дээ. Энэ үр дагаврыг бодож хэлэлцээрээ хийх хэрэгтэй.

-Хил боомт дээр гацсан бараа бүтээгдэхүүний асуудал өнөөдөр ч том зовлон хэвээр байна. Энэ асуудлын суурь шалтгаан нь юу юм бол оо?

-Дэд бүтцийн хувьд манай улсад бодлого алга. 2050 гэх мэт гоё юм ярих гэж байгаа бол гарааны цэг нь эхлээд дулаан цахилгаан хүрэлцээтэй байх ёстой. Дэд бүтэц хангалттай байх учиртай. Нүүрс тээвэрлэх төмөр зам хэрэгтэй байна. Үүнийгээ шийдэж чадахгүй байна л даа. Тяньжиний хувьд Монголын тээвэр ложистикийн л асуудал. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк аль тэртээ 2000 оны эхээр судлаад өчнөөн ярьж хэлсэн. Дэд бүтцийн саад чинь Монгол улсын хөгжлийн гацаа болж байна шүү гэж удаа дараа сануулсаар өнөөг хүрсэн. Энэ бүхнийг шийдэх арга замыг олох тийм хэцүү биш. Өргөн төмөр замаар ачаа ачиж буулгаад болохгүй байна аа даа. Яаж ч өргөтгөөд нэмэр алга. Хөгжлийн асуудлаа шийдье гэвэл технологийн хувьд шийдэж болно. Нарийн царигтай төмөр замаа Сайншанд хүртэл оруулаад ир л дээ. Орж ирж байгаа ачаагаа нарийн төмөр замаар саадгүй, зогсолтгүйгээр авъя л даа. Гарах талаа баялгаа урсгахгүй гэх мэтээр өөрөөр харна л биз. Энэ мэтээр ложистикийн асуудлаа мэргэжлийн хүмүүсээр шийдүүлж, Замын-Үүдээ гацаагүй болгох бүрэн боломжтой. Замын-Үүд нь ийм байхад Тянжинь дээр бөөгнөрөх нь аргагүй. Энэ бүх процесс тасралтгүй явж байж эдийн засгийн, мөнгөний эргэлт бий болно.

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг танхимаар хичээллээд эхэллээ. Энэ маягаараа явбал хэр эрсдэлтэй бол. Ер нь цаашдаа тахлын үеийн эдийн засагт ямар эрсдэлүүд байна вэ?

-Хавраас өөрчлөгдсөн нэг зүйл нь УОК-ын

үүргийг жаахан багасгаад Засгийн газар дээр асуудлыг хэлэлцдэг боллоо. Миний хувьд ийм шийдлээр ажиллавал дээр гэдгийг хоёр жилийн турш ярьж, сануулсан. Гамшгаас хамгаалах хуулин дахь заалтыг даруйхан өөрчлөх хэрэгтэй. Ямар ч судалгаагүйгээр хуулийн өөрчлөлт хийгээд баллаад хаячихсан л даа. Хаа байсан УОК-т

хамааруулсан нь буруу байсан. Харин одоо ЭМЯ-ндаа тулгуурлаж байна. Энэ бол зөв шийдэл. Гэхдээ яг шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүмүүсээ сонсож байна уу гээд харахаар бас эргэлзээтэй. Популист бодлого нь хэтрээд хилийн боомтоо нээе гэх эрсдэл бий. Хилийн боомт нээх нь эрсдэлтэй. Ковидын дараагийн шинэ хувилбарууд ороод ирвэл дотроо хичээгээд байгаа энэ бүх оролдлогыг тарамдуулж хаяна. Ноднин гэхэд л арваннэгдүгээр сард гаднаас вирус оруулж ирсэн нь бидний том алдаа байсан. Гадна талд аюул хэвээр байна. Тэгэхээр гаднаас шинэ вирус оруулж ирэхгүй байхад л анхаарах хэрэгтэй. Хятад улсын голлон анхаарч яваа зүйл гэвэл энэ л байна. Ковидын аюул дахиад нэг жилдээ лав сулрахгүй. Хичээл, сургуулийн хувьд холимог байдлаар явуулаад байвал аажмаар дасан зохицох байх. Шинэ хувилбар гарчихгүй, улирлын томуу дэгдчихгүй бол ангидаа ирж багшаасаа чигээ аваад нэг, хоёр сарын турш явахад аажмаар танхимд хичээллэх цагаа нэмээд явах боломжтой.

-Манай улс хойд хөрштэйгөө худалдааны ямар харилцаатай вэ гээд харахаар эрс тэс байдал анзаарагддаг. Тэд манайд шатахуун, цахилгаан, элдэв бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, гэтэл бид тэдэнд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэхээр өчнөөн хувийн татвар тавьчихаад хөдөлж өгдөггүй. Энэ хандлагын шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ОХУ-ын гадаад бодлогын талаарх материалуудыг уншихаар, нэгдүгээрт өөрийнх нь гаргасан бичиг баримт, хоёрдугаарт өрнөдийн орнуудаас Оросын баримталж байгаа бодлогын талаар гаргасан дүгнэлтүүдийг харахаар хойд хөршийн өнөөгийн баримталж яваа бодлого нь их гүрний том бодлого байдаг. Ялангуяа хөрш орнууддаа маш халтай бодлого баримталж байгаа. Орос Латви, Орос Эстони, Орос Польш, Орос Беларусь, Орос, Украин гээд хөрш орнуудынх нь харилцааг харахаар нааштай харилцаатай улс тун бага. Оростой нааштай харилцаатай улс гэвэл хөрш орнуудаас нь Хятад, Казахстан, Төв Азийн Узбек, Киргиз гэх мэт дуугүй байхаас аргагүй жижиг улсууд байна. Латви, Литва, Эстони гэх мэт баруун талын хөршүүдтэйгээ ташраар нь асуудалтай. Хэвлэл мэдээллийг нь анзаарахаар хөршүүдээ байнга доош нь хийж, муулж байдаг. Жишээ нь, Монголд яаж ханддаг вэ гээд харахад дандаа л халдварт өвчин гардаг гэж ойлгуулж байдаг. Өөрсдөөс хамаарсан түймрийн талаар бол дуугарах янзгүй сууцгаадаг. Якутын түймрийг өчнөөн хоносны эцэст мэдээлэх жишээний. Асуудал гарахаар л Польш гэж хэцүү улсаас болж тэглээ, Монгол гэж төвөгтэй орноос болж ингэлээ гэж мэдээлдэг нь нийтлэг үзэгдэл болчихсон. Гадаад бодлого нь ерөөсөө л ийм өнгөтэй гээд ойлгочихож болно. Уг нь миний бодлоор ерээд онд Москвагаас хамааралт байдлаасаа гарахдаа залгуулаад төмөр замын хамаарлаасаа гарчих байсан юм. Манай улсад хойд хөршөөс хамаарсан гурван гол асуудал бий. Төмөр зам, эрчим хүч, шатахуун. Энэ гурвын хамаарлаа бууруулахгүй бол ОХУ

бидэнтэй цаашид ч ийм байдлаар хандсаар байх болно. Хөрш орнуудаа ямар нэг байдлаар баздаг, чангалдаг бодлогыг хойд хөрш олон зуун жил баримталсаар ирсэн. Үүнээс нь болж АНУбаруун Европ руу Оросын газыг нийлүүлэхгүй гээд шахаад байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхий дахинд тээвэр логистикийн асуудлаас шалтгаалж инфляц огцом өсөв

Хил, гаалийн хязгаарлалт дэлхийн худалдааны сүлжээг доголдуулж, тээвэр логистикийн зардлыг огцом өсгөсөн байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд 5 дахин нэмэгдсэн тээвэрлэлтийн зардлаас шалтгаалсан үнийн хөөрөгдөл олон улсад инфляцийн шок үүсгэсэн байна.

Далайд гарцгүй манайх шиг улсад энэ өсөлт хоёр дахин хүндээр тусч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлт, инфляцийн түвшин цаашдаа 8 хувьд хүрэх эрсдэл байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Энхтуяа: Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, доктор Д.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр мөн “Шимасэки” трейнинг төвийн захирлаар ажилладаг. “Монгол ноолуур” номын зохиогч юм.


-Германчуудтай хамтраад монгол ноолуурыг дэлхийн түвшинд гаргахад бусдаас ямар ялгаатай байгаа талаар судалсан гэсэн. Монгол ноолуур юугаараа онцлогтой вэ?

-Германчуудтай 2000 оноос хойш хийсэн судалгаагаар монгол ямааны ноолуур Азийн сонгодог ямааны ноолуур мөн гэдгийг бид баталсан. Азийн сонгодог ямааны ноолуур гэдэгт Монгол, Хятад хоёр л орж байгаа юм.

Гистологи бүтэц гэдэг үзүүлэлтээр нь ингэж тодорхойлсон.

Ямааны ноолуур гадна талдаа хайрсан давхаргатай. Хайрсны өндрөөс шалтгаалж байгаа юм. Ямааны ноолуур гялалзсан өнгөтэй байдаг шүү дээ. Хайрс нь өндөр бол нарны гэрэл ойж, гялалзсан өнгөтэй болдог. Зөөлөн байна гэдэг нь хайрс нь нимгэн гэсэн үг. Манай ямааны ноолуур 16 микрон гэж байхад Австрали 14 микронтой хонины ноос гаргачихаад байгаа юм. Бүр нарийхан болчихоод байна. Тэгсэн ч ширүүн байдаг. Тэр нь хайрсны бүтцээс шалтгаалж байгаа юм. Монгол ямааны ноолуур бусад ноолуураас юугаараа онцлог гэхээр мэдээж голч нь 16 микрон байдаг. Хятад ноолуураас манайх урт байдаг. Хятад ноолуур 26-32 мм гээд стандарт байдаг. Гэтэл манай ноолуурын стандарт 38 мм-ээс дээш гэж заадаг. Энэ хамгийн давуу тал. Урт учраас нарийн ээрмэл хийх боломжтой. Дээр дурдсан хайрсны бүтцээс шалтгаалаад, ээрэх явцад уян чанар нь өөр байдаг.

-Та бас ноолуурын өнгөний талаар ярьсан байдаг. Монгол ноос, ноолуур бол байгалиасаа таван өнгөтэй байдаг гэсэн шүү дээ. Тийм учраас будах шаардлагагүй байгалийн брэнд бүтээгдэхүүн болдог гэдэг?

– Хятадын ноолуур бараг 99 хувь нь цагаан байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэг хэсэг цагаан ноолуур маш үнэлэгдсэн. Янз янзын өнгөөр будаж болно гэж үздэг байсан. Монгол ноолуур байгалиасаа дөрвөөс таван өнгөтэй. Өнөөдрийн зах зээлийн хэрэгцээнд будаг ороогүй натурал бүтээгдэхүүн гэдгээрээ маш давуу тал болж байна. Говь, Ээрмэл, Кашмер холдинг гээд үйлдвэрүүд органик гэж ярьдаг будаг оруулаагүй, өөрийнх нь өнгөөр хийсэн бүтээгдэхүүн гаргадгаараа давуу талтай. Зөвхөн ноолуур ч бус хонины ноос ч гэсэн өнгөнийн хувьд давуу талтай. Эрдэнэт хивс Австралиас хонины ноос аваад хивс хийж л дээ. Тэр нь дандаа цагаан өнгө байхад манайх хар, саарал, улаан буурал гэх мэтээр натурал өнгөтэй, будаггүй хивс гаргаад, тэр нь бас дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байсан. Тэмээний ноос байна. Сарлагийн хөөвөр бүр гурван өнгөтэй. Хөвөн цагаан өнгөтэй гэж ойлгодог байсан бол одоо өнгө өнгийн хөвөн хүртэл тарьж байна шүү дээ. Ноолуурын үйлдвэрлэлд хамгийн чухал болж байгаа зүйл нь тогтвортой байдал. Дэлхий нийтээр нэхмэлийн үйлдвэрлэлд маш их ус зарцуулдаг. Түүн дээр будаг орж ирнэ. Ус хэмнэх, химийн бодис бага зарцуулах асуудал яригдахаар натурал өнгө чухал болоод байгаа юм.

Дэлхий нийтээр эрүүл хэрэглээг чухалчлах болсон. Эрүүл хүнснээс гадна эрүүл хувцас бүтээгдэхүүн хэрэглэх гэж хичээдэг. Байгалийн өнгө гэдэг монгол ноос, ноолуурын давуу тал болж байна. Европт хүний хуучин хувцсыг хаана хаях вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Химийн будагтай хувцас хаяхад хөрс бохирдуулна гэж үзэх болсон. Натурал ноос ноолууран хувцас бол хөрсөндөө шингэнэ. Комиссын хувцас гээд оруулж ирээд байдаг. Хаях газаргүй болсон юм л үнэндээ авчраад байгаа шүү дээ.

-Байгалийн өнгө чухал, монгол ноолуур таван өнгөтэй гэж байгаа ч сүүлийн үед хар ямаа зонхилох болсон юм биш үү. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Монгол малын зүс олон янз шүү дээ. Цагаан ямааг бодвол хар ямаанаас гарах ноолуурын хэмжээ их байдаг. Өвлийг өнтэй давахад бараан зүсмийн мал илүү байдаг. Цагаан ямаа цөөрч байгаа. Ноолуур багатай, үс нь тачирхан, зуд турхан болоход тэсвэр багатай.

Цөм сүрэг гэж ярьдаг. Эрчмийн хар ямаа байна. Хөвсгөлийн Эрмийн нурууны орчмоор нутагладаг иргэд өсгөн үржүүлдэг энэ ямаа ноолуурын чанараараа гайхагддаг. Ноолуур нь нарийн, урт байдаг давуу талтай. Хүмүүс ямааныхаа үүлдэр омгийг сайжруулах гээд тэндээс ухна авах жишээтэй. Дөрвөлжингийн халтар гээд ямаа байна. Завханы Дөрвөлжингийнх. Сайн гэгддэг үүлдэр омгийн ухна авч тавьж байна. Эдгээр нь ямааны зүс хар бараан болоход нөлөөлж байна. Говь гурван сайхан, Донын хар ямаа гэхэд л бас ноолуур ихтэй. Манайд ноолуур бэлтгэлийн систем байхгүй болсон. Нарийныг нь өндөр үнээр авна, бүдүүнийг нь хямд үнээр авна гэхгүй болохоор их ноолуур өгдөг үүлдрийг илүүд үзэх болжээ. Улаан хүрэн зүсмийн ямаа бас байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд голчлон үржүүлдэг улаан зүсмийн ямаа бас алдартай. Тэндээс ухна тавьсан газар бас улаан ямаатай байна. Үржил селекцийн ажил малчдын зоргоор явагдаж байгаа. Яг үнэндээ Баяндэлгэрийн улаан ямаа Сүхбаатартаа л сайн өсөхөөс биш өөр газар очоод үр шимээ сайн өгөхгүй л байгаа. Залаа жинстийн цагаан ямаа гэхэд л Баянхонгортоо, дулаан газартаа л ашиг шимээ өгөхөөс бус Хөвсгөлд амьдрах чадвар муутай. Угаасаа Монголд бараан ноолуур их байдаг. Гэхдээ дэлхийн зах зээл дээр цагаан ноолуур үнэтэй байдаг.

Гэхдээ манайхан хүйтэн сэрүүн уур амьсгалтай холбоотойгоор бараан зүсмийн ямааг илүүд үзэх болсон. Бараан зүсмийн ямааны ноолуурын гарц нь өндөр байдаг л даа.

-Та сая төрөлх нутаг усандаа зохицсон байдаг гэж хэллээ шүү дээ. Англи, Италид монгол хонь, ямааг өсгөж үржүүлэх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн гэсэн. Хоёр дахь жилээсээ үс нь ургахаа байдаг гэв үү?

-Яагаад Монгол, Өмнөд Монголд ноолуур байгаа гэхээр уур амьсгалтай холбоотой. Арваннэгдүгээр сард хүйтэн сэрүүн ороход арьсан доторх ноолуурын булчирхай ажиллаж, ноолуур ургаж эхэлдэг юм.

Анх ноолуур тансаг сайхан эд гэдгийг Европт мэдүүлсэн хүн Наполеоны гэргий Жозефина гэдэг. Тэр ноолууран хувцас эдэлж хэрэглэдэг байжээ. Энэтхэгийн Кашмир нь Энэтхэг, Пакистан, Хятадын хилийн уулзвар орчимд байдаг уулархаг бүс нутгийн нэр. Энд 12-14 насны охидоор утас хийлгэж, даавуу нэхүүлдэг байсан гэдэг. Мань мэтийн баригар гар ноолуур нэхэж чадахгүй нь байна шүү дээ. Ноолуур гэж ийм тансаг сайхан эд байдаг гээд Европт түгээд ирэхэд нь Европт ямаа өсгөж үржүүлэхээр нэг, хоёроор нь, сүргээр нь авч яваад өсгөж үржүүлэх гэж оролдож байжээ. Гэтэл дулаан газарт ноолуур нь ургахгүй, бүр гахай нүцгэн болсон гэдэг.

Тэр ч бүү хэл Дэлхийн банкны тайланд ийм дүгнэлт байна гэж манай нэг багш хэлсэн. Зах зээлд шилжих үед Монгол Улс гайгүйхэн шиг гараад явахад малчдын хувьд ноолуур их үүрэг гүйцэтгэсэн байна гэж судалж дүгнэсэн юм билээ. Тэгээд киргиз хүмүүсийн амьдралыг сайжруулахаар Монголоос баахан ухна, ямаа авч явсан. Бид бас судалгаанд нь оролцож байсан. Манай багш сүүлд судалгааны дүгнэлтийг уншихад Монголд байгаа шиг сайн ноолуур гаргаж чадаагүй юм билээ. Энэ бол цаг агаар, уул ус ургамал бүх юмтай холбоотой юм байна гэж бичжээ.

Малын эмч нарын зөвлөгөөн дээр бас ийм яриа болж байсан юм. Хүмүүс Баяндэлгэрийн улаан, Эрчмийн харыг энд тэндгүй авчраад байдаг. Яг тухайн нутаг усандаа л зохицдог болохоос биш өөр нутагт болдоггүй юм байна гэж байсан.

-Та гэр ахуйн ноолууран эдлэл гээд шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болж байгаа талаар бас ярьж байсан. Ноолууран хөнжил, бүтээлэг хортой хий туяаг шингээдэг гэж үздэг гэсэн үү?

-Хоол хүнс, хувцас хунараас гадна гэр орон маань эрүүл тааламжтай байх ёстой гэж үздэг болсон. Одоо хүмүүс гэрээсээ их ажиллах болсон. Ийм нөхцөлд ноолууран цамц өмсөхөөс илүү буйдангийн бүтээлэг нь ноолууран байх хэрэгтэй болж байна. Хүнд дулаан мэдрэмж өгдөг зүйлс хэрэгцээтэй болж байгаа юм билээ. Бүр аяганы сэнжин дээр нь хүртэл ноолууран бүрээс хийж байна. Гэрийн халаат ч ноолуур болж байна. Хөвөн чийгийг татдаг учраас хөгшин настай хүмүүсийн арьс хуурайшдаг гэнэ. Гэтэл ноос ноолууран хувцас чийг өгдөг байна. Гэр ахуйн ноолууран сүлжмэл эдлэл бий болсон. Дэр бол маш хэрэгцээтэй. Насжилт нэмэгдэж байгаа. Настай хүний биед халуун, хүйтэн жин тавихад ноолууран бүрээстэй бол тааламжтай. Одоогоос таван жилийн өмнө бид төсөл хэрэгжүүлж байхад маш их борлогдсон зүйл нь ноолуураар бүрсэн хүн шиг том грилк. Европт ганцаараа амьдардаг настай хүмүүс олон. Ганцаараа хүн дулаан юм налж, тэвэрч суух хэрэгцээ байдаг юм билээ. Манайхан Германы оюутнуудтай хамтарсан эсгийний сургалт хийсэн юм. Монголчууд эсгийгээр гутал, тавчик хийнэ шүү дээ. Нөгөөдүүл болохоор налж суухад тухтай гээд тэмээний бөх шиг том том юм хийж тавьсан. Орчноосоо тусгаарлагдаж, юм сэтгэн бодоход тухтай гээд сандал дээр суугаад, толгойдоо чийдэнгийн бүрхүүл шиг юм углаад сууж байх юм байна. Ноолууран бол бүүр сайхан дулаахан мэдрэмж төрүүлнэ гэнэ. Европ хүний сэтгэлгээ өөр юм билээ. Хачин санагдаж байсан ч Европт очиход үнэхээр тийм зүйлс хэрэгцээтэй юм билээ. Нидерландтай хамтарсан гэр ахуйн ноолууран эдлэлийн төсөл хэрэгжүүлсэн юм. Парисын том дэлгүүрээр орж үзэхэд манай энд байгаа ноолууран орны бүтээлэг, гэрийн халаат энэ тэр манайд зарагддагаас таваас зургаа дахин үнэтэй байсан. Манайхаас 250 еврогоор орны бүтээлэг хийлгээд аваад явдаг байхад тэнд 1200 орчим байх жишээтэй. Эсгий таавчиг Европт хэрэгцээтэй эд. Манай хүүхдүүд Европт очихдоо хүмүүст бэлэглэсэн чинь одоо эсгий таавчиг л захиастай. Айлуудын шал нь модон биш, чулуун байдаг юм байна. Жаахан жаахан дэвсгэр дэвсчихдэг. Эсгий таавчиг бол зун ч өвөл ч өмсдөг. Одоо бол ноолууран өмд хамгийн тансаг бэлэг гэсэн. Ноолуур гэдэг юмыг тэгж л үнэ цэнийг нь мэдэрч байна даа.

Дэлхийн дулаарлаас болоод хүмүүс нимгэн хувцас сонирхох болсон. Ноос ноолууран эдлэл чийг шингээж аваад, дулаан ялгаруулдаг учраас австралиуд шууд бие дээрээ өмсдөг хувцас хонины ноос, ноолуураар хийгээд байна л даа. Хонины ноос ширүүн талдаа болохоор ямааны ноолуураар хийх болсон. Ноолууран хувцасны тааламжтай байдал, тав тух, эрүүл ахуйн судалгаа хийж байгаа. Өвлийн хүйтэнд синтетик материалтай хувцас өмссөн үед нуруунаас хайрдаг шүү дээ. Ноосон хувцас тэгж хайрахгүй. Сурагчийн дүрэмт хувцсанд 40 хувийн ноос орсон шүү дээ. Манай нэг багшийн хэлсэн үг фэйсбүүкээр явж байна лээ. “Гадаад формын хувцас гялгар ууттай л адил” гэж. Зөндөө юм болж байж л дүрэмт хувцсанд ноос оруулсан шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт 289 хувьцаа эзэмшигч 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

2019 онд үл хөдлөх эд хөрөнгийн салбар уналттай байсан бол 2020 онд өмнөх онтой харьцуулахад 0.2 пунктийн өсөлттэй байна.

Монголбанк 2020 оны аравдугаар сараас ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар орон сууцны эрэлтийг дэмжсэн чухал бодлогын шийдвэр болов. Нөгөө талаас орон сууцны бүтээн байгуулалт нэмэгдсэн нь нийлүүлэлтийг дэмжлээ. Үүний үр дүнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад байршлаас хамааран дунджаар 8.3 хувиар өссөн.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшнээс шууд хамааралтай салбаруудын нэг, тус зах зээл манай орны ДНБ-ийн 6 орчим хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллах боловсон хүчний тоо жилээс жилд нэмэгдэв.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт 289 хувьцаа эзэмшигч 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ

Цаашид хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ хөгжих хандлагатай байна. 2021 оны эхний хагас жилд 54 хуулийн этгээдээс үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлт ирүүлснээс Санхүүгийн зохицуулах хороо 38 хуулийн этгээдэд дээрх төрлийн тусгай зөвшөөрөл олгосон. Нийт 205 хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч Ү.Амарбат: Ипотекийн зээлтэй байр худалдаж авсан иргэд байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх эрсдэл их байна

Хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.


-Сүүлийн үед иргэд ипотекийн зээлтэй байрыг өмчлөгчтэй нь тохиролцож худалдаж авахдаа гэрээгээ сайн хийгээгүйгээс хохирох тохиолдол нэлээд гарч байна. Яг ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Иргэдэд орон сууцтай болох хэрэгцээ шаардлага их байна. Тэр дундаа санхүүгийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа ипотекийн зээлийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй, урьдчилгаа хөрөнгөө бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа иргэд өөр арга хэлбэрээр орон сууцтай болохыг эрмэлзэж байна. Тиймээс хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хууль эрх зүйн орчны хувьд эрсдэлтэй хэлбэрээр гэрээ хэлэлцээр хийх хандлага их байна. Үүний нэг хэлбэр нь банкнаас ипотекийн зээлээр авсан бусдын байрыг ипотекийн зээлийг нь үргэлжлүүлэн төлөх замаар өөртөө авах гэрээ хийж орон сууц авах арга юм.Яг ийм хэлбэрийн гэрээ их хийгдэж байгаа. Үүнээс тодорхой хэсэг нь хэлсэн тохирсондоо хүрээд хэн хэн нь ямар нэгэн хохиролгүй амжилттайгаар гэрээгээ дуусгавар болгож байгаа тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, зээлтэй байраа бусдад худалдаад, тухайн байрны зээлд өмнө нь төлчихсөн мөнгөө худалдан авч байгаа талаас аваад үлдэгдэл мөнгийг нь худалдан авч байгаа иргэд банкинд төлнө гэсэн үг л дээ. Гэтэл энэ явцдаа талуудын аль нэг нь анх байгуулсан гэрээнээсээ буцах, нэгнийгээ хохироох явдал гарч байна.

-Ипотекийн зээлээр байр авсан иргэд байраа хэн нэгэнд дамжуулан худалдах боломжтой юу. Энэхүү хэргийн хохирогч болсон иргэд ихэвчлэн юун дээр алдаад байна вэ?

Ипотекийн зээлээр авсан байраа худалдаж байгаа иргэн тухайн зээлээ төлж барагдуулахаас өмнө байраа хэн нэгэнд худалдах ямар ч боломжгүй нөхцөлд байдаг.

Учир нь хуулийн хүрээнд бусдад шилжүүлж байгаа хөрөнгө нь, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө нь, тухайн худалдан авч байгаа иргэнийг байрандаа оруулж суулгаснаар хөрөнгийн өмчлөх эрхүүсэхгүй. Харин Улсын бүртгэл дээр гэрчилгээ шилжсэний дараа сая тухайн байрны үндсэн эзэн болдог. Тиймээс иргэдийн гаргадаг хамгийн эхний алдаа юу байдаг вэ гэхээр тухайн байранд ороод суучихаараа “Энэ байр минийх болчихлоо” гэж боддог. Хоёрдугаарт, тухайн байр нэгэнт бусдад шилжүүлэх боломжгүй буюу банкны барьцаанд байгаа учраас банк барьцааныхаа зээлийг төлж дуустал өөр хүнд шилжүүлэх асуудлыг улсын бүртгэл дээр зогсоочихсон байдаг. Нэгэнт өмчлөх эрхийг нь шилжүүлэх боломжгүй тул эзэмших эрх л үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд эзэмших эрхийг шилжүүлэхээс өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэдэг энэ нөхцөл байдлыг иргэд ерөөсөө хайхардаггүй. Гуравдугаарт, нэгэнт худалдан борлуулж байгаа иргэний нэр дээр тухайн байр байгаа, гэтэл түүний өмнөөс худалдаж авч байгаа иргэн байрных нь зээлийг төлж явсаар зээл төлөгдөөд сулрахын өмнөхөн очингуутаа худалдан борлуулсан тал санаагаа хувиргаж эхэлдэг. “Би байраа зарахаа болилоо. Чи надад анх таван сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг чинь би буцаагаад өгчихье. Чиний сар бүр төлж байсан 500 мянган төгрөгийг түрээс гэж тооцъё. Миний өмнөөс 10 жил төлсөн 60 сая төгрөг чинь түрээсийн мөнгө. Одоо миний байрнаас гар. Би байраа авна” гэдэг асуудал үүсдэг. Энэ дунд өдий олон жил байр худалдаж авч байна гэж төлбөр төлж байсан иргэн байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх эрсдэл үүсдэг. Дөрөвдүгээрт, Байр худалдаж авсан иргэдийн хувьд гэрээгээ үргэлжлүүлээд явж байх хугацаандаа дунд нь санхүүгийн асуудалд орж тухайн байрны мөнгийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болчихдог. Ингээд худалдсан болон худалдаж авсан тал хоёулаа хохирч банкинд байраа хураалгахаас өөр аргагүй байдалд ордог эрсдэл бий. Дээр дурдсан асуудлуудтай холбоотой маргаанууд шүүхээр шийдэгдэж байна. Зарим нь хүнийг залилан мэхлэхтэй холбоотой асуудалд орж цагдаагийн байгууллагаар шалгуулах тохиолдлууд ч байна.

-Тэгвэл иргэд хохирогч болохгүйн тулд юуг анхаарах, ямар асуудлыг анхнаасаа гэрээндээ тусгаж өгөх ёстой вэ?

-Нэгдүгээрт, аль болох эрсдэл бүхий гэрээ хийхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ипотекийн зээлтэй, бусдын нэр дээр байгаа, цаашид өөрөө хохирч үлдэх, сөрөг үр дагавар гарах магадлал өндөр учраас аль болох лизингээр авсан бусдын байрыг худалдаж авахгүй байх нь зүйтэй. Үнэхээр худалдаж авахаас өөр аргагүй гэж үзэж байгаа тохиолдолд тухайн байрны зээлийг гаргасан банкинд зайлшгүй мэдэгдэх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн орон сууцыг барьцаалчихсан байгаа хуулийн этгээд нь банк шүү дээ. Ихэвчлэн ипотекийн зээлтэй байраа зарах шийдвэр гаргасан иргэдийн хувьд, байрныхаа зээлийг төлж чадахааргүй нөхцөл байдалд орсон байдаг. Ийм тохиолдолд банкнаас худалдан авагч нь өөрчлөгдөх тодорхой кейсүүдэд зөвшөөрөл олгох хандлага сүүлийн үед бий болсон. Учир нь тухайн зээлийг хэн нэгэн төлөхгүй л бол тэр муу зээл болно. Тиймээс банкиндаа мэдэгдэхийг зөвлөж байна. Дараагийн ээлжинд өөрийгөө эрсдэлээс хамгаалах баталгаануудаа гаргуулж авах хэрэгтэй. Ямар баталгаа байх вэ гэхээр “Хэрвээ энэ байрны зээлийг үндсэн зээлдэгчийн өмнөөс төлж байтал, ямар нэгэн байдлаар худалдан борлуулж байгаа тал гэрээний нөхцлөөс дундаас нь буцах юм бол, тухайн зээлийг төлсөн хугацаандаа ямар ч түрээсийн төлбөр тооцуулахгүй, төлсөн үнийн дүнгээ эргүүлэн авна” гэдгээ нотариатаар баталгаажуулж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, худалдан борлуулж байгаа тал гэрээгээ цуцлах тохиолдолд түрээсийн төлбөр ямар нэгэн байдлаар төлөхгүй гэдэг нөхцөлөө зөвшөөрүүлэх хэрэгтэй. Энэ нь шүүх дээр танд чухал баримт болно. Мөн тухайн иргэн байраа худалдан борлуулахаас татгалзсан тохиолдолд таны төлсөн хугацааны төлбөр дээр тодорхой хэмжээний хүү, торгууль, алданги тооцож олгох зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэж гэмээнэ байртаа болж чадаагүй юм аа гэхэд тухайн хугацаанд төлсөн мөнгөө хүүтэй нь эргүүлж авна. Ингэж байж анх тохиролцсон тохиролцооноосоо худалдан борлуулсан тал буцахгүй байх магадлал нэмэгдэнэ. Мөн хоорондоо өгөлцөж авалцсан мөнгөн дүнгээ өөр өөрсдийн данснаас гүйлгээний утгыг нь тодорхой бичиж шилжүүлэх. Хэрэв бэлнээр өгсөн тохиолдолд ийм хэмжээний мөнгийг тийм овог нэр, регистрийн дугаартай иргэнд шилжүүллээ гэдгээ нотариатаар баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь дараа нь чухал баримт болно. Иргэд ядахдаа дээр дурдсан дөрвөн асуудалд анхаарч байж өөрийгөө эрсдэлээс хамгаална.

-Тэгвэл байраа худалдан борлуулж байгаа тал биш, худалдан авч байгаа тал дундаас нь гэрээгээ цуцлах бол үүсэх эрсдэл бий юү?

-Байгаа. Худалдан авагч тал байранд нь амьдраад зээлээ төлж байгаад гэрээгээ цуцлах санал тавьсан тохиолдолд худалдагч тал худалдан авагчаас тухайн хугацаанд түрээсийн төлбөр нэхэмжлэх боломжтойгоор гэрээгээ хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээгээ анх байгуулахдаа хэн түрүүлж гэрээгээ цуцлах санал гаргасан нь нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх байдлаар тохиролцох нь зүйтэй. Байраа худалдан борлуулж байгаа талд өөр нэг их эрсдэл байхгүй. Учир нь тухайн байр өөрийнх нь нэр дээр байгаа. Зээлийг өмнөөс нь төлж байгаа тохиолдолд худалдан борлуулсан тал хохирсон тохиолдол бага. Үүний нэг баталгаа нь шүүх дээр гарч байгаа хэргийн дийлэнх нь худалдан авагч тал хохирсноос харагдаж байна.

-Ипотекийн зээлтэй байр худалдаж авч байгаа иргэд ихэвчлэн таньдаг, мэддэг, ойр дотныхоо хүнээс авах шийдвэр гаргадаг шүү дээ. Тиймээс дараа учрах эрсдэлээ бодитоор тооцдоггүй, ямар нэг асуудал үүсэхэд өөрсдийгөө хамгаалах баримт төдийлөн үйлддэггүй нь анзаарагддаг л даа?

-Таны хэлж байгаа яг зөв. Иргэд огт танихгүй хүнээс байр авдаггүй. Ямар нэгэн байдлаар таньдаг мэддэг найз нөхөд, хамаатан саднаасаа авсан байдаг. Энэ харилцаа ихэвчлэн итгэлцэл дээр тулгуурладаг учраас мөнгө төгрөгөө өгч, авахдаа баримт үйлдэхгүй, баталгаа гаргуулахгүй, гэрээ хийхгүй байх тохиолдол олон. Гэтэл хэлсэн тохирсноосоо буцаж шүүх дээр маргаан үүсэхэд “Бид таван жилийн өмнө ингэж тохирсон. Гэхдээ үүнийг батлах юу ч байхгүй” гэдэг ч юм уу, хоосон тайлбараар хохирогчид өөрийгөө шүүх дээр хамгаалах ямар ч боломжгүй. Шүүх ч ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй байгаа яриаг үнэлэх нь зарчмын хувьд төвөгтэй учраас таньдаг мэддэг ах дүү, аав ээжээсээ авсан ч холбогдох эрх зүйн баримтаа сайн үйлдэж, гэрээ байгуулж, төлбөр тооцоондоо нягт хандаж, хариуцлагатай байснаар иргэд өөрсдийгөө хохирохоос сэргийлэх чухал алхам болдог. Баримтаа сайн бүрдүүлээгүй иргэдийг харж байхад, худалдан борлуулж байгаа талаасаа санаа зовдог. Ингээд хэлчихвэл гомдчих байх, эсвэл надад итгэхгүй байх гэх мэт дэмий бодлууд өөрийгөө эрсдэлд оруулдаг.

-Нэгэнт асуудал үүсч, хохирох эрсдэлд орсон иргэд хаана хандах вэ?

-Нэгэнт ийм байдал үүссэн бол эхлээд нөгөө талаасаа өөрийгөө хохиролгүй болгож өгөхийг шаардана. Шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдолд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл байдал үүснэ. Тухайн нэхэмжлэлдээ өнөөдрийг хүртэл төлсөн мөнгөн дүнг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа дүүргийн шүүхэд хандаж маргаанаа шийдүүлэх эрх зүйн орчин бий. Шүүхэд хандахад өөрийн тань мэдлэг мэдээлэл дутуу гэж үзвэл хуульчийн мэргэжлийн үйлчилгээ авч болно. Мөн ийм асуудал тулгарсан асуудалд үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг “Иргэдэд туслах төв” пэйж хуудсанд хандах боломжтой.

-Ийм төрлийн маргаан шүүхээр шийдэгдэхэд хэр хугацаа шаарддаг бол?

-Шүүхийн хугацаа харилцан адилгүй л дээ. Гэхдээ хамгийн багадаа 3-4 сар болдог. Дунд нь маргаан удааширвал үүнээс ч урт хугацаагаар үргэлжлэх нөхцөл байдал үүснэ.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ эдийн-засаг

Дөрвөн жилийн дунджаас унаад байсан алтны ханш өсчээ

АНУ-ын Холбооны Нөөцийн банк 2023 он гэхэд бодлогын хүүг хоёр удаа нэмэгдүүлнэ гэж мэдээлсэн. Үүнээс хойш алтны үнэ огцом буурсан юм. Харин түүнээс хойш буцаад өссөн ч энэ сараас эхлэн буурах хандлагатай байгааг доорх график харуулж байна.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тоймлосон дүнгээр өнгөрсөн сард хамгийн их хэмжээгээр ханш буурсан. Гэлээ ч маш богино хугацаанд өмнөх дүндээ хүрч өссөн аж.

Тухайн үед алтны спот үнэ 1800 ам.доллароос доош унаж буураад унц нь 1763.9 ам.доллар болсон юм. Харин өнөөдрийн байдлаар 1814.72 болж өсжээ. Өнгөрсөн хоёр өдөр унаад байсан алтны ханш өнөөдрөөс сэргэх төлөвтэй ажиглагдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний хагас жилд 328 тэрбум төгрөгийн орон сууц борлуулжээ

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд сар бүр тайлан гаргаж өгдөг болсон юм.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлал өнгөрсөн онтой харьцуулбал сэргэжээ. Өнгөрсөн оны эхний хагас жилд 399 хэлцэл хийсэн бол энэ онд 2485 хэлцэл хийсэн байна. Мөн 328 тэрбум төгрөгийн орон сууц борлуулсан нь 2020 оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин өсжээ. Түрээсэлсэн орон сууцны талбай ч өссөн байна.

Нэг жилийн өмнө 103 компани үл хөдлөх эд хөрөнгө зуучилж байсан бол одоо энэ тоо 205 болж, хоёр дахин өслөө. Харилцах, хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэлд хүү тооцохоо зогсоосон, банкуудын хадгаламжийн дундаж хүү 6.1 хувь болж буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг богино хугацаанд өсгөв. Энэ салбарын хөрөнгө оруулалт 30-40 хувиар өссөн байна. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Энэ бол хэт халалт. Хөрөнгө оруулалт ийм өндөр хувиар өссөн нь удаан үргэлжилбэл эрсдэлтэй” гэж анхааруулсан юм.

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НЭГ МКВ-ИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ ДҮҮРГЭЭР
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг өнгөрсөн оны үнэтэй харьцуулахад

  • Чингэлтэй дүүрэгт үл хөдлөх хөрөнгө 25 хувиар,
  • Сонгинохайрхан дүүрэгт 15 хувиар,
  • Хан-Уул дүүрэгт 8 хувиар өссөн бол
  • Баянгол болон Баянзүрх дүүргүүдэд орон сууцны үнэ 1 хувиар тус тус өссөн.

Монголбанк ипотекийн зээлийн хүүг хоёр хувиар бууруулсан нь үнийг өсгөсөн бол ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол үүсэж,үнэ өсөх шалтгаан болсон юм.

Цаашид төвийн дүүргүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онтой харьцуулахад өсөх хандлагатай байна.