Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“Шунхлай”-ийн П.Батсайхан: Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нийгмийн манлайлал үзүүлбэл бид төртэйгөө хамтран ажиллахад бэлэн байна

Эдийн засаг, бизнесийн орчин бүхэлдээ доройтсон, төсөв, мөнгөний бодлогын хүч суларсан, өрхийн орлого хумигдсан, ажлын байр цөөрсөн, үнийн өсөлт галзуурсан, олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон цаг үед нэгэн чухал арга хэмжээ Төрийн ордны их танхимд өчигдөр болж өнгөрлөө. Энэ бол “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх чуулга уулзалт байв. Улс төр, бизнесийн салбарын эрхмүүд хагас өдрийн турш улс орны өмнө тулгамдаад буй эдийн засгийн уналтыг зогсоох, эргэн сэргээх талаар өөрсдийн байр сууриа илэн далангүй энэ үеэр хуваалцлаа. Ярих, ярилцах, тодорхой шийдэлд хүрэх цаг нь мөнөөс мөн. Одоо л нэгдэж, нягтарч, улс орныхоо эдийн засгийн төлөө хүчээ нэгтгэхгүй бол алдагдсан боломжийн өртөг, үүний төлөөс дэндүү их. Энэ утгаараа төрийн гурван өндөрлөг үүсээд байгаа нөхцөл байдлыг илүү бодитоор хүлээж авсан биз ээ.

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан энэхүү уулзалтыг цаашид жил бүрийн өдийд зохион байгуулахаар тогтож, эдийн засаг, бизнесийн орчны ээдрээтэй асуудлаа хэлэлцэж байхаар болов. Тулгамдсан асуудлаа нээлттэй ярьж, хэлэлцэхэд буруу юм гэж байхгүй. Гол нь үүнээсгарах үр дүнг бодит ажил, үйл хэрэг болгох л чухал билээ. Монголын хамгийн том ажил олгогч, татвар төлөгч нартай төр засгийн тэргүүнүүд нэгэн дор уулзах нь ховор. Тэр тусмаа тэр болгон олон нийтийн өмнө ил гараад байдаггүйсбизнесийн салбарын содон эрхмүүд өчигдөр ирсэн нь ихээхэн анхаарал татлаа. Тэд зөвхөн нэр төдий оролцох бус хувийн хэвшлээ төлөөлж, чуулга уулзалтын индрээс төр засагт хандан хатуухан шүүмжлэл бас унагалаа. Нөхцөл байдал амаргүй байгааг чуулга уулзалтын уур амьсгал ч тод илтгэнэ. Бодит шүүмжлэл хэлэхийн сацуу гарц, боломжийн талаар яриа өрнүүлж, өөрчлөлт, шинэчлэлийг наашлуулахад баялаг бүтээгчид хэзээд бэлэн байснаа, одоо ч бэлэн байгаагаа санууллаа.

Улс төрийн үзэмжээр бус улс орны хэтийн ирээдүйг харж дуугардаг хүмүүс бол бизнесийн салбарынхан байдаг. Энэ утгаараа бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийг төлөөлж, магадгүй илүү зориг гаргаж индрийн зүг алхсан нь “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан болов уу. Бодлого тодорхойлогч улс төрчдийн өмнө бизнесийн салбарын нэгэн эрхэмгарч ирээд “Төрийн байгууллагууд, улс төрийн албан тушаалтнууд нийтийн сүлжээнд гарч буй мэдээлэлд суурилж богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ ойр ойрхон өөрчлөх замаар ажлаа явуулж байна” хэмээн хэлсэн нь олон хүн үүнтэй санал нийлэх, нээрээ л ийм байгаа гэсэн дүгнэлт рүү эрхгүй хөтөлж байлаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд төрийн шийдвэр гаргалт шат шатанд өөрчлөгдөж, тэр хэрээр бизнесийн орчинд хүнд суртал нэмэгдсэн. Үүний ул мөр одоо ч үргэлжилсээр байгаа.

П.Батсайхан бол бизнесийн салбарт тод мөртэй нэгэн. Энэ утгаараа илүү жинтэй байлаа. Түүний дээрх хэлсэн үг зарим хүнд таалагдаагүй байх. Гэтэл төрийн гурван өндөрлөгийн өөдөөс хараад асуудлын үнэн мөнийг шуудхан хэлчих, юу болохгүй байгааг тодорхой сануулах нь хэд билээ. “Монгол Улсын нийгэм, эдийн засаг энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд та бүхний алсын хараа манлайллаас шууд хамаарна. Бидний цөөхөн монголчуудад намаар талцах, намынхаа дотор бүлэг фракц болон хуваагдах, мэргэжлийн салбар яамдын амбийц гарган хүнд суртлын механизмаар боомилох зэрэг аливаа талцал нь хөгжлийн эсрэг том чөдөр, тушаа болдог” гэж Төрийн ордны их танхимын индрээс Монголын бизнесийн тэргүүн эгнээнд яваа “Шунхлай” тодотголтой П.Батсайхан хэлж байгаа нь талархалтай. Бодит байдлыг байгаагаар нь хэлж байна гэдэг сайн хэрэг.

Дарга нарын өмнө манай зарим бизнес эрхлэгчид тэс өөр байр суурь илэрхийлж, хэлэх үгээ хүртэл залгиж орхидог. Тийм атлаа хөшигний ард төр засгаа муулах нь энүүхэнд. Тэгвэл өчигдрийн төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан арга хэмжээний хамгийн тэрслүү үгийг чуулганы индрээс сонсоход таатай байлаа. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрдэг. Цаашдаа ч энэ үүрэг тэдний нуруун дээр байсаар байх нь дамжиггүй. Гэхдээ хүнд цаг үед төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал байна. Нэг улс учраас нэгдмэл ойлголт, нэгдсэн хүсэл тэмүүл чухал гэдгийг төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт улам тодотголоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: Гадаад харилцаагаа шийдэхгүй бол нүүрсний экспорт төлөвлөсөндөө хүрэхгүй

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний зах зээл тойрсон асуудлаар ярилцлаа.


Нүүрсний экспорт ямаршуу байна, төсөвт төлөвлөсөн хэмжээндээ хүрэх нь үү?

-Анх 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөж байсан. Яг одоо гарсан нүүрсний хэмжээ гэвэл 11 сая тонн хүрэхтэй үгүйтэй байна. Төсөвт төлөвлөсөндөө хүрэх яагаа ч үгүй байна. Нүүрсний зах зээлд тулгарчихаад байгаа асуудлуудыг хоног алдахгүй шийдэж байж л төлөвлөсөндөө дөхсөн хэмжээний нүүрс гаргах боломж бүрдэнэ. Шуудхан хэлэхэд, маш хурдтай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Өнөөдөр Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр, эрэлт их байна. Жил бүрийн аравдугаар сараас хойш урд хөршийн зах зээл дээрх нүүрсний эрэлт буурдаг. Яг буурах үед нь бид идэвхждэг уламжлалтай. Одооноос хурдтай ажиллаж чадвал нүүрсний экспорт 20 гаруй сая тоннд хүрч мэдэх юм.

Хурдтай ажиллана гэдгээ тодруулж тайлбарлаач?

-Манай нүүрс хэд хэдэн боомтоор гарч байгаа л даа. Гэхдээ гол хоёр боомт нь Гашуунсухайт, Шивээхүрэн. Гашуунсухайт дээр хувийн хэвшлийн санаачилгаар, үндсэндээ “Энержи ресурс” компани манлайлаад маш богино хугацаанд чингэлэг тээврийн терминал бариад байгуулчихлаа. Одоо ашиглалтад орох ёстой. Арваад хоногийн өмнө өнөө, маргаашгүй ашиглалтад хүлээж авна гэж байсан. Өнөөдөр ч яг тэр үгээ хэлээд сууж байна, Монголын төр.

Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын ажиллаж эхлэх эсэх нь 100 хувь төрөөс хамаарч байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Хятадын талтайгаа маш хурдан хугацаанд ярьж тохироод чингэлэг тээврээ эхэлмээр байна. Одоо бидэнд өдөр болгон чухал.

Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын хөрөнгө оруулалтыг Таван толгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа гурван компани нийлж хийсэн гэсэн үү?

-Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын тухайд “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн “Таван толгой” хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл л дөө. Гэхдээ “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчийн компани. Төр шийдвэр гаргах гэж ямар уддаг билээ. Ийм шалтгаанаар “Энержи ресурс” компани өөр дээрээ ачааг нь үүрээд богино хугацаанд бүтээн байгуулалтыг нь дуусгасан. Мэдээж нөгөө хоёр компанийн хувьд чингэлэг тээвэр эхлэхээр өөрсдөдөө ногдох мөнгөө нөхөж төлөх нь ойлгомжтой. Нарийнсухайт дээр ч ялгаагүй. МАК-ийнхан хөрөнгө гаргаад чингэлэг тээврийн нэмэлт дөрвөн хаалгыг нэмэлтээр барьчихсан.

Шивээхүрэнгийн тухайд нэг талаас чингэлэг тээврийн терминалын ажил дуусах дөхөж яваа гээд, нөгөө талаас бүтээн байгуулалтын ажил нь яагаа ч үгүй гэсэн зөрүүтэй мэдээлэл дуулдаад байна л даа. Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминалын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Сая хэлсэнчлэн Шивээхүрэн дээр чингэлэг тээврийн нэмэлт дөрвөн гарцыг хувийн хэвшил санаачлаад хийчихсэн. Гэхдээ наана нь ачиж буулгадаг терминал байх ёстой. Тэр хэсгийнх нь газар шорооны ажлыг хийгээд бүтээн байгуулалтыг нь эхлүүлэхэд бэлдчихсэн. Гэхдээ чингэлгээр нүүрс тээвэрлэнэ гэдгийг манай төрийн байгууллагууд Хятадын талтай албан ёсоор тохиролцоогүй байгаа.

Төрийн байгууллагууд Хятадын талтай тохиролцоогүй учраас чингэлэг тээврийн терминал барих ажлаа эхэлж чадахгүй яваа байх нь…?

-Яг тийм. Энэ бол хоёр улсын хоорондын харилцааны л асуудал. Тэгэхээр чингэлэг тээврийн терминалын асуудлыг Хятадын талтай албан ёсоор ярьж яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Та сая хоног бүр үнэтэй гэлээ. Шивээхүрэнгийн боомт дээр чингэлэг тээврийн терминал ашиглалтад орохоос өмнө хурдан хугацаанд нэвтрүүлж болох арга шийдэл байна уу?

-Замын-Үүд дээр Засгийн газар үр ашигтай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Аль ч улсын газар нутагт орохгүй хилийн хоорондын бүс рүү машин оруулна, оруулсан машиныг нь нөгөө талаас ирсэн жолооч нь аваад гардаг, хүн хооронд ямар ч харилцаагүй. Энэ арга шийдлийг Шивээхүрэнд нэвтрүүлээч гэсэн санал хүсэлт нүүрс экспортлогч компаниуд, Хятадын худалдан авагчдад байгаа. Хятадын боомтын даргаас нь Хөх хотын консул руу ийм санал тавьж албан бичиг явуулсан юм билээ. Наад талаас нүүрс ачсан жолооч нар хилийн хоорондын бүс рүү орж машинаасаа буугаад хоосон машин бариад буцаад ирнэ. Цаад талаас орж ирэх Хятадын жолооч нар хил хоорондын бүс дээр хоосон машинаа үлдээнэ. Тэгээд монгол жолоочийн үлдээсэн нүүрстэй машиныг унаад хил гарна. Ийм л арга шийдэл байгаа юм. Жолооч нар ямар ч контакт үүсгэхгүй гэсэн үг. Машины ариутгал дээр хоёр тал хамтраад анхаарчих боломжтой. Хятадын хувьд “Бид үүнийг хийчихье, энэ арга шийдлийг нэвтрүүлье гэвэл гуравхан хоногийн дотор зохион байгуулах боломжтой” гээд байгаа. Замын-Үүд дээр нэгэнт туршигдчихсан ийм бэлэн аргыг Шивээхүрэн дээр нэвтрүүлчихвэл хоёр, гуравхан өдрийн дотор 200-300 машин нүүрс хоногтоо гаргах боломж бүрдчихнэ.

Худалдан авагч тал, экспортлогч компаниуд энэ аргыг нэвтрүүлэхэд бэлэн гэж ойлголоо. Тэгэхээр бас Засгаас хамаарсан асуудал байна гэсэн үг үү?

-Засгийн газар шийдвэрээ гаргачихвал асуудалгүй хэрэгжих шийдэл. Шивээхүрэн дээр завсрын бүсийг ашиглаад нүүрсний экспортоо хэдхэн хоногийн дотор огцом өсгөх боломжтой. Энэ мэт гарц шийдлүүдээ тодорхой болгочихвол өнөөдөр дөнгөж арван сая тонн гарчихсан яваа нүүрсний хэмжээ 20 сая тонн давна. Илүү сайн ажиллавал 30 сая тонн давахыг ч үгүйсгэхгүй. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд, ковидын нэг ололттой тал нь төр засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцаа мэдрэгдэхүйц сайжирсан. Нүүрс экспортлогч компаниуд эх орноо цөлмөж яваа хэрэг огт биш, Монголдоо валют оруулж ирж байгаа, тийм учраас Засгийн газраас онцгой дэмжих ёстой салбар гэдгийг илүү тод ойлголоо л доо, бултаараа. Гэхдээ реакци маш удаан байна. Ийм шалтгаанаар л хувийн компаниуд Засгийн шийдвэр гарангуут өөрсдөдөө эрсдэл үүрээд цаг алдалгүй хийх нь зөв гээд ажилласны тод жишээ нь Гашуунсухайт, Шивээхүрэнгийн терминал боллоо.

Хойд хөрш урд хөршийн нүүрсний зах зээлийг онилж, хүчтэй бодлого хэрэгжүүлж байна л даа. Ингэхэд бид урд хөршийн зах зээлд гол тоглогч хэвээр байхын тулд яах ёстой вэ, хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудлууд гэвэл та юуг онцлох вэ?

-Коксжих нүүрсний зах зээл бидэнд цаашдаа ч ээлтэй байна. Бидний зүгээс хийх шаардлагатай ганц гол зүйл бол суурь дэд бүтэц, тээвэр ложистикоо шийдэх. Оросын нүүрсний экспорт нэмэгдэнэ, 2035 он хүртэл эрчим хүчний стратегидээ маш тодорхой зорилтууд тавьчихжээ гэдэг асуудал таван жилийн өмнөөс яригдсан. Хойд хөрш 2035 он хүртэл төлөвлөсөн ажлаа л хийж яваа. Тийм учраас ОХУ-ын нүүрсний экспорт цаашдаа ч өснө. Оросын нүүрсний экспортын ихэнх нь Европ руу чиглэдэг. 2030-аад оны үед коксжих нүүрсний экспортын ихэнх нь Ази, тэр дундаа Хятад руу чиглэнэ. Энэ бол биднээс үл хамаарсан их гүрний дотоод бодлого. Монголын хувьд зах зээлдээ ойр, үнэ хямд гэсэн өөрийн давуу талтай. Энэ онцлог алдагдахгүй. Тэр утгаараа бид өрсөлдөх чадвартай. Өрсөлдөх чадвараа ашиглахын тулд тээвэр ложистикоо л шийдэх хэрэгтэй.

Төмөр замын асуудал юу болж байгаа бол?

-Хил рүүгээ 20-иод км үлдсэн байх. Тэр хэвэндээ л байгаа. Хятадын талтай яриа хэлэлцээр хийж яваа гэсэн тайлбар бий. Гэхдээ уулзах цэгээ тохироогүй. Баахан ажил хийгдчихээд яг энэ төвшиндөө гацчихсан.

Нүүрсний экспортод өөр ямар зовлон байна?

Хоёр улс хоорондын жилд гаргах нүүрсний хэмжээ, аль боомтоор хэчнээн хэмжээгээр гаргах вэ гэдгийг тохирчихвол их сайн. Гадаад харилцааны сайд урд хөршид айлчилсан, цаад тал нь нааштайгаар хүлээж авсан гэх ч өнөөг хүртэл ямар нэгэн шийдэл гарсан юм алга. Хил гаалийн үйл ажиллагаа цэвэр ковидоос хамааралтай байгаа нь үнэн л дээ. Гэхдээ нэг асуудал анзаарагдаад байдаг. Хоёр долоо хоногийн өмнө нүүрсний экспорт Гашуунсухайт дээр тэг зогссон доо. Зэсийн баяжмал тээвэрлэж явсан жолоочоос халдвар илрэнгүүт зэсийн баяжмалын экспортыг зогсоолгүйгээр нүүрсний экспортыг зогсоочихсон. Гадаад харилцаан дээрээ анхаармаар байгаагийн л нэг тод илрэл. Засгийн түвшинд Хятадтай ярьж ойлголцох зүйл бий юм болов уу л гэж харагдаад байна. Бас нэг зовлон гэвэл нүүрсний шинжилгээтэй холбогдоно. Нүүрсний тухайд гаалийн хяналтын шинжилгээ гэж хийдэг. Тэр шинжилгээ нь цаг их авдаг. Улаанбаатарт ирж шинжлэгдээд буцаж очих гэсээр байтал арав гаруй хоног зарцуулдаг. Шинжилгээний хариу эргэлзээтэй байна гээд буцаасан тохиолдолд дахиад арав хоногийн хугацаа алддаг. Арай гэж экспортлох боломж гараад ирэнгүүт энэ мэтээр хугацаа алдчихаар ямар олиг байхав.

Ийм асуудал яг аль боомт дээр нь гараад байна вэ?

-Ховдын Булганы боомтоор коксжих нүүрс экспортолж байгаа. Тэнд тийм асуудал үүсчихсэн байх жишээний.

Боомтууд дээр лаборатори байдаг биз дээ?

-Итгэмжлэгдсэн лаборатори хил дээр бий. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ховдын аль алинд байгаа. Компаниудын лаборатори л доо. Нэгэнт л улс итгэмжлэлээ олгосон бол гаалийн хяналтын шинжилгээгээ тэнд нь хийчихэд болохгүй юмгүй.

Компаниудын зүгээс энэ асуудлаа засагт тавьж байсан удаа бий юү?

-Олон жилийн турш тавьж байгаа. Хяналт хэрэгтэй бол төрийн хяналтын байгууллагаас улсын лабораторийн хяналтыг боомтууд дээр ажиллаж байгаа компанийн итгэмжлэгдсэн лабораторид суулгачих хэрэгтэй. Хяналтын лабораторийн хувьд долоо хоногийн дотор л шийдчих асуудал. Энэ асуудлыг Монгол нүүрс ассоциацаас Ерөнхий сайдад саяхан хүргэсэн байгаа.

Төдийгөөс өдий хүртэл яригдсаар ирсэн жишиг үнийн асуудал дээр ярих зүйл бий юү?

-Жишиг үнэ дээр хүнд асуудлууд байсаар байна. Хятадад нүүрсний үнэ өсч яваа учраас ашигтай байх ёстой гээд Шивээхүрэнгийн нүүрсэн дээр хүчээр өндөр тавьчихдаг. Гэтэл тэнд нүүрс нь гарахгүй гэсэн асуудал хэвээр байгаа. Дандаа сайн нүүрсээ гаргаад байх хэцүү. Хаягдал нүүрсээ ч бага хэмжээгээр гаргангуут тэр нүүрсэн дээр нь хүртэл өндөр татвар тавих гэх мэт зовлон бий. Энэ тохиолдолд нүүрс экспортлогч компани хаягдал нүүрсээ бага ч гэсэн үнээр зарах сонирхолгүй болдог. Тэгээд л хаягдал нүүрс болоод үлдчихдэг. Уг нь ингэх нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүй. Байгалийн баялгаа бид иж бүрнээр нь ашиглах ёстой. Жишиг үнийг зүй нь хориод ангиллаар бодох боломжтой. Гэтэл гуравхан ангиллаар тоймлож тавьчихаад байна л даа. Энэ асуудлыг шийдэхэд хууль эрх зүйн ямар нэг өөрчлөлт хэрэггүй. Байгаа хууль журмаа дагахад л болчих юм. Ангилал гаргахад нь зах зээлийн болон мэргэжлийн мэдээллээр хангаж ажиллахад манай ассоциаци бэлэн байгаа. Бид саналаа Ерөнхий сайдад тавьсан.

Нүүрсний үнэ ямаршуу байна вэ?

-Ойрын хэдэн жил хараагүй өсөлттэй байна. Гэхдээ энэ өндөр өсөлт монголчуудад ямар ч наалдац алга. Тэнд өсөөд байдаг, бид эндээ нүүрсээ гаргаж чадахгүй суугаад байдаг. Төгсгөлд нь нэг асуудлыг бас онцолмоор байна. Нүүрс экспортлогч компаниуд маш хүнд нөхцөлд байна. Нүүрсний компаниудад арав гаруй мянган хүн ажилладаг статистик бий. Гэтэл нүүрс нь гарахгүй гацаастай. Нүүрсний экспорт гацсан ийм үед компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цалинг нь хувилж өгч сул зогсоогоод ажилчдаа өдий хүртэл чирч ирлээ л дээ. Өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөлт үзүүлсэн ийм үед ажилчдынхаа цалинг өсгөх хэрэгцээ байгаад байдаг. Гэвч борлуулалт байхгүй учраас яаж ч чаддаггүй. Энэ асуудал дээр нийгмийн даатгалын шимтгэл том зовлон болоод байна. Аж ахуйн нэгжийн өгч байгаа нийгмийн даатгалын шимтгэл бодох дүнгийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно гэсэн хуулийн заалттай. Нэгэнт батлагдсан хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж, уул уурхайн салбарт ажиллаж яваа, олон сар жилээр цалингаа дутуу авсан хүмүүсийн цалинг өсгөх боломжийг компаниудад олгомоор байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Олон улсын ачаа тээврийн салбар дээд цэгт хүрч өсөх төлөвтэй байна


Олон улсын ачаа тээврийн салбар 2008 оноос хойших хамгийн өндөр орлоготой жилийг үдэх төлөвтэй байна. Цар тахлын нөлөөгөөр бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өссөн, мөн эрэлт их байгаатай үүнийг холбон тайлбарлаж байна.

Өмнөх огцом өсөлт 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхцаж байсан юм. Хэдийгээр томоохон боомтуудад гацалт үүсээд байгаа ч чингэлэг тээврийн хөлөг онгоцнуудын тоогоор ашиг, орлого нэмэгдэж байна. Тухайлбал, энэ удаад цар тахалтай дасан зохицох зорилгоор улс орнууд эдийн засгаа нээж эхэлсэн нь бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн эрэлтийг өсгөөд байгаа юм.

No description available.

Мөн коронавирусийн тархалт их байгаа нь боомтуудад гацаа үүсгэж үнэ өсөхөд нөлөөлж байна. Чингэлгийн болон ачаа тээврийн хөлөг онгоцнууд дэлхийн нийт худалдааны 80 орчим хувьд ямар нэг байдлаар оролцоотой байдаг. Нэг чингэлэг ачааг БНХАУ-аас Европ руу тээвэрлэхэд 14 мянга 287 ам.долларын өртөг зардал гарч байгаа юм байна. Энэ нь жилийн өмнөхөөс 500 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

No description available.

Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдийн тоглоом, унадаг дугуйнаас эхлээд кофе хүртэлх бүх бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг өсгөж байна. Энэхүү өсөлт дэлхийн тэргүүлэх чингэлэг тээврийн “Maersk” компанийн ашиг, орлогод хэдийн нөлөөлжээ. Тус компани энэ оны ашгийн төлөвөө бараг таван тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, 19.5 тэрбум ам.доллар хүргэсэн байна.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2848 төгрөг байна

Монголбанкнаас нэрлэсэн дүнгээр /2021.09.11/ нэг ам.доллар 2848 төгрөг байна. Арилжааны банкнуудын хувьд 2844 төгрөгөөр авч, 2854-2855 төгрөгөөр зарж байна.

Харин валют арилжааны “Найман шарга” төвд /2021.09.10/ өдрийн байдлаар нэг ам.долларын авах ханш 2849 төгрөг, зарах ханш 2851 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Чингэлэг тээврийн терминал ашиглалтад орвол нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэнэ

Ковидын үеийн эдийн засагт гэгээ татуулсан мэдээллийн нэг нь Гашуунсухайт боомт дээр баригдсан нүүрсний чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт болж байна. Төр засгийн зүгээс Замын-Үүдийг чөлөөт бүс болгохоор ажиллаж эхлээд долоо, найман жилийг үдсэн ч өнөөг хүртэл төвөвлөсөн ажлууд нь ахиж гавиагүй яваа. Гэтэл нөгөө талд хувийн хэвшлийнхэн, нүүрс экспортлогч компаниуд хоёрхон сарын дотор 30 га талбайд чингэлэг тээврийн терминал барьсан нь эдийн засагт өгөөжөө өгсөн том бүтээн байгуулалт боллоо. Төр, хувийн хэвшлийн түншлэл сайн хэрэгжиж чадвал ямар давуу талтайн тод жишээ нь энэ бүтээн байгуулалт боллоо гэж албаныхан онцолж байна.

Засгийн газар өнгөрсөн долдугаар сард нүүрсний экспортын гол хоёр боомт болох Гашуунсухайт, Шивээхүрэнд чингэлэг тээврийн терминал байгуулах тогтоол баталж байв. Манай улсын нүүрсний 95 орчим хувь нь энэ хоёр боомтоор гардгийг онцолъё.

Дахин тодотгоход, Засгийн газар уг терминалыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хүч оролцоогоор байгуулах шийдэл гаргасан юм. Шивээхүрэнгийн нүүрсний чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт бүрэн дуусчээ. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарсан ажлууд л үлдээд байгаа гэнэ. Яг одоо уг бүтээн байгуулалтыг хүлээж авахаар Улсын комисс ажиллаж байгаа аж. Энэ сараас ажиллаж эхлэх хүлээлттэй байгаа уг терминалыг Таван толгойн бүлэг ордод олборлолт явуулдаг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компаниуд хөрөнгө оруулж бүтээн байгуулсан гэх мэдээллийг салбарын яамнаас өглөө.

Төсвийн тодотголд өнөө жил 28.7 сая тонн нүүрс эспортолж, 1.3 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж төсөвлөсөн ч гүйцэтгэл нь 40 орчим хувьтай яваа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Хятадын зах зээл дээр түүхий эдийн үнэ зарим тохиолдолд түүхэн хэмжээндээ хүрч өсч байгаа. Нүүрснээс гадна зэсийн баяжмал, төмрийн хүдрийн үнэ нэлээд өндөрт хүрч өссөн. Зарим тохиолдолд бүр сүүлийн арваад жилд ажиглагдаагүй өсөлт анзаарагдах болсон. Энэ утгаараа түүхий эдийн экспорт биет хэмжээний хувьд бага байсан ч үнэ өссөн учраас мөнгөн дүнгийн хувьд чамлахааргүй тоо харагдаж байгаа. Наймдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Сангийн сайдын өгсөн мэдээллээс энэ нь их тод анзаарагдсан. Улсын төсөв гүйцэтгэлээрээ 105 орчим хувийн биелэлттэй яваа гэсэн тоо дуулдана лээ. Улсын төсвийн 25-30 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлдэг. Тодруулж хэлбэл, уул уурхайн салбарт ажиглагдаж буй түүхий эдийн үнийн өсөлт төсөвт эерэгээр нөлөөлсөн гэсэн үг” хэмээн онцоллоо.

“Ковид-19”-ийн тархалт хэзээ намжих нь тодорхойгүй энэ үед урд хөршийн жолооч нартай ямар ч контакт үүсгэхгүйгээр нүүрсээ экспортлох боломжийг бүрдүүлж өгч буйгаараа энэ бүтээн байгуулалт эдийн засагт том өгөөж өгнө гэж албаныхан онцолж байна. Бүр тодруулж хэлбэл, хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасч, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэх аж.

Чингэлэг тээврийн терминал барьснаар зөвхөн Гашуунсухайтын экспорт гэхэд л жилд арван сая тонноор өсөх тооцоо гарчээ. Дашрамд онцлоход, чингэлэг тээврийн зэрэгцээ задгай тээвэр ч өмнөх шигээ хэвийн явагдах юм байна. Тийм учраас ковидын тархалт намжвал нүүрсний экспорт мэдрэгдэхүйц өсөх нь тодорхой болжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдлаас нүүрсний чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын талаар тодруулахад “Бид Таван толгойн бүлэг ордод олборлолт явуулж буй гурван аж ахуйн нэгжтэйгээ хамтраад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хоёрхон сарын дотор ийм том бүтээн байгуулалтыг хийж дуусгалаа. 25-30 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр, 17 аж ахуйн нэгж 420 ажилчинтайгаар 24 цаг тасралтгүй ажилласны эцэст энэ ажлын ард гарлаа. Чингэлэг тээврийн нэг давуу тал нь экологид маш ээлтэй шийдэл. БНХАУ урт хугацаандаа чингэлгээр нүүрсээ гаргах шаардлагыг тавьсаар ирсэн. Тийм учраас бид ковидын нөхцөл байдлыг харгалзаж үзээд чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулж байна” гэлээ. Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын тухайд туршилтын тээвэр нь эхэлсэн яваа гэх мэдээлэл байна. Төрийн байгууллагуудтай холбоотой зөвшөөрөл гэх мэт асуудлууд шийдэгдчихвэл бүрэн хэмжээний туршилтаа эхлүүлэх боломж бүрдэх гэнэ.

Терминалын талбайд ачиж буулгах төхөөрөмж тавыг байгуулжээ. Өдөрт 800 орчим контейнер нүүрс хилээр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт нь дуусаад буй Гашуунсухайтын терминалаар гэхэд л жилдээ 8-10 сая тонн нүүрс экспортлох нь. Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминал ашиглалтад орчихвол энэ хэмжээ өснө гэсэн үг. Гашуунсухайтын хувьд терминалаар гарах нүүрсний хэмжээг дахиад ч өсгөх боломж бий аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Эрдэнэс Таван толгой гэхэд л нүүрсээ уурхайн амнаасаа зардаг байсан. Харин одоо энэ компани Гашуунсухайт нөхцөлөөр нүүрсээ зардаг болно” хэмээн тодотгов.

Гашуунсухайтын төмөр замын талаар сонирхоход Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд “Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монголын нүүрсний зах зээлд нэлээд дэвшил гарна. Жилд 30 сая хүртэлх тонн нүүрс тээвэрлэдэг болно. Л.Халтар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хятадын талтай тохиролцоо хийж эхэлсэн. Огтлолцлын шугам хаагуур байх вэ гэдэг дээр ажлын хэсэг ажиллаж байгаа” гэсэн хариу өглөө.

Шивээхүрэн боомтын хувьд гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгснөөр чингэлэг тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ. Тодруулж хэлбэл, Шивээхүрэн боомтод барих чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт газар шорооны ажлынхаа шатанд яваа аж. Нэмж хэлэхэд, Шивээхүрэн боомтод барих терминалын хүчин чадал Гашуунсухайтынхаас хоёр дахин бага байх ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ураны үнэ 2015 оноос хойших дээд цэгт хүрэв

Ураны үнэ сүүлийн зургаан жилийн буюу 2015 оноос хойших дээд цэгт хүрч өслөө. Хөрөнгө оруулалтын “Sprott” компани энэ оны эхээр “Physical Uranium Trust” нэртэй хөтөлбөр эхлүүлж, ураны худалдан авалтаа нэмэгдүүлсэн талаар мэдээллээ. Энэ нь үнэ өсөхөд нөлөөлжээ.

Тус компани 10.8 мянган тонн уран худалдан авсан нь 2020 онд дэлхийн хэмжээнд худалдаалагдсан ураны хэмжээний дөрөвний нэгтэй тэнцэж байгаа юм. Түүнчлэн ураны олборлолтоор тэргүүлэгчдийн нэг Казахстаны “Kazatomprom” компани 2023 он хүртэл ураны гарцаа бууруулна гэж мэдээлсэн нь мөн үнэ өсөхөд нөлөөлжээ.

Нью-Йоркийн биржид ураны фьючерс үнэ өнгөрсөн долоо хоногт нийт 15 хувиар өсөөд байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд долоо хоногийн дүнгээр хамгийн их хэмжээгээр өссөн үзүүлэлт боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Оны төгсгөлд инфляци 8.5 хувьд хүрнэ гэж тооцоолжээ

Төв банкнаас манай улсын хувьд цаашид оны төгсгөл гэхэд инфляци 8.5 хувьд хүрнэ гэж тооцоолжээ.

Инфляцийг дунд хугацаанд 6 хувь нэгжээр тогтворжуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын биржийн бус зах зээлийн арилжаа эхэллээ

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ эрин үе эхэлж Биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. ББЗЗ-ийн үйл ажиллагааг “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” (МҮЦАЭХ) өөрийгөө зохицуулах байгууллагаас удирдан зохион байгуулах бөгөөд арилжааны системийн хөгжүүлэлтийг “Анд системс” ХХК хийж гүйцэтгэв.

Монгол Улсад биржийн бус зах зээл хөгжих эрх зүйн орчин өнгөрсөн онд буюу СЗХ-ны 12 сарын 9-ны өдрийн 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар бүрдсэн юм. СЗХ-ны баталсан дээрх журмын дагуу МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд МҮЦАЭХ нь ББЗЗ-ийн нарийвчилсан журмуудыг боловсруулж СЗХ-ны даргын 2021 оны 7 сарын 1-ний 168 тоот тушаалаар батламжлуулсан. Мөн 2021 оны 5 сард сонгон шалгаруулалт зарлан арилжааны систем хөгжүүлэгч компанийг шалгаруулсан. Сонгон шалгаруулалтад “Анд системс” компани ялж, биржийн бус зах зээлийн арилжааны системийг хөгжүүлж ашиглалтад оруулаад байна.

Улмаар 9 сарын 3-нд нийт 3 үнэт цаас гаргагчийн 16.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5 бондын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелж анхдагч зах зээлийн захиалга амжилттай хаагдсан. Харин эдгээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа нь өнөөдөр буюу 9 сарын 7-нд эхэлснээр Монголын биржийн бус зах зээлийн арилжаа албан ёсоор эхэлж байна.

Монголын биржийн бус зах зээлийн хамгийн анхны үнэт цаасаар “Монкон констракшн” компанийн гурван төрлийн нийт 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Монкон бонд”-ыг бүртгэсэн бөгөөд бондын андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажилласан. Мөн үүнтэй зэрэгцэн “Гэрэл финанс ББСБ” компанийн 500 сая төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг “Апекс капитал” компани андеррайтераар ажиллаж гаргасан бөгөөд “Бизнес-инвест девелопмент ББСБ”-ын 1 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийг “Өлзий энд ко капитал” компани андеррайтераар ажиллаж гаргалаа.

Биржийн бус зах зээл (OTC Market) нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болох, хөрвөх чадвар сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг давуу талыг олгодог юм. Монгол Улсын хувьд үнэт цаас гаргагч компани мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон гаргасан үнэт цаасыг арилжаалах ББЗЗ-ийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлага дор ийнхүү анх удаагаа эхлүүлж байна.

“Анд системс” ХХК-ийн хөгжүүлсэн Биржийн бус зах зээлийн арилжааны систем нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” (ҮЦТХТ)-ийн бүртгэл болон төлбөр тооцооны системтэй холбогдсон бөгөөд үнэт цаасыг бүртгэх, анхдагч зах зээлийн захиалга авах, арилжих, төлбөр тооцоог хийх бүх үе шат бүрэн цахимжсан гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн арилжааны систем нь чатаар дамжуулан арилжаа хийх, бондын үнэ болон хүүг тооцоолох тооцооны функцүүдийг багтаахын зэрэгцээ үнэт цаасыг бүртгэх хүсэлт илгээх, хүсэлтийг хянах, үнэт цаас гаргагчийн тайлан мэдээг нийтлэх зэрэг үйл ажиллагааг 100% цахимаар хийх боломжтой болсон нь Монголдоо анхдагч болж байна. Ингэснээр ББЗЗ-ийн арилжааны систем нь хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэсэн, хөрөнгө оруулахад таатай, хялбар талбар байх юм. Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн www.otc.mn цахим хуудсаар зочилж, өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компаниар дамжуулан биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох боломжтой.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, банкнаас бусад санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд ББЗЗ-ын үйл ажиллагааны ерөнхий зохицуулалтыг хангах юм.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) нь Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үнэт цаасны зах зээл дэх анхны Өөрийгөө зохицуулах байгууллага (ӨЗБ) юм. МҮЦАЭХолбоо нь брокер, дилерийн компаниудын санаачилгаар 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө нийт 67 гишүүн байгууллагатай Монголын хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрх бүртгэл болон арилжааны төлбөрийн үйлчилгээг үзүүлдэг 100 хувь төрийн өмчит, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага юм.

Анд Системс ХХК нь мэдээлэл технологи, програм хангамж дундаа Монгол улсын анхдагч Финтек шийдлүүдийн хѳгжүүлэгчдийн нэг юм. Үүсгэн байгуулагдсанаас хойш Компани нь Дэлхийд танигдсан Монголын Финтек технологийн хѳгжүүлэгч болж, ЛэндМН, СүперАп зэрэг технологи дээр суурилсан хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээний шийдлийг хөгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монгол, Хятадын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө хамтран ажиллана” гэв

Монгол, Хятадын ЗГ хоорондын комиссын дарга нарын уулзалт боллоо.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг өнөөдөр /2021 оны 9 дүгээр сарын 7/ цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар оролцож, Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Коронавируст халдварын үр дагаврыг бууруулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахад хоёр талаас анхаарч, уялдаа зохицуулалтаа сайжруулж буйн үр дүнд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдэж буйг сайд нар тэмдэглээд, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Үүний тулд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, хилийн голлох боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд талууд анхаарч ажиллахаар боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Барилгын материалын үнэ буурч эхэлжээ

Барилгын материалын үнэ ханш нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан огцом өсөөд байсан билээ. Ялангуяа арматур болон төмөр хийцлэл, мод, хавтангууд, цемент, блок, тоосго зэрэг гол бараа материалууд өмнөх оныхтой харьцуулахад хоёр, гурав дахин өсөөд байсан. Товчхондоо 6:8 харьцаатай байшин барихад өмнө нь дунджаар 10 сая төгрөгийн материал ордог байсан бол 15-20 сая төгрөгөөр босч байна гэсэн иргэдийн бухимдал их байсан.

Тэгэхээр томоохон бүтээн байгуулалтын ажилд үнийн хөөрөгдөл үүнээс ч илүү нөлөөлж байгаа юм. Үнэ тогтворжихоор бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ гэж хойш тавих тохиолдол нийгмийн дунд бий. Тэгвэл нийлүүлэлт нэмэгдэж барилгын материалын үнэ буурч эхэлжээ. Тухайлбал, өмнө нь 12 мянган төгрөгийн үнэтэй байсан гипсин хавтан 24 мянган төгрөг хүрээд байсан бол одоо 20 мянган төгрөг болж буурчээ.

Барилгын материалын худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдээс үнэ ханшийн талаар тодрууллаа.

“Ер нь материалын хомсдолгүй болсон учраас үнэ өдөр ирэх тусам буурч байна. Тээврийн зардал буурвал дахиад буурах ч хандлагатай байна”.

100 айл дахь барилгын материалын худалдаа эрхлэгч н.Уянгаас бараа материалын үнэ ханшийн талаар тодрууллаа.


-Барилгын материалын үнэ хэр зэрэг буурч байна вэ?

-Манай дэлгүүр ихэвчлэн хавтан, хуурай хольц худалдаалдаг. Мөн заслын болон жижиг материалууд бас бий. Панер 45-50 мянган төгрөгийн үнэтэй байсан бол сая 90 мянган төгрөг хүрсэн. Одоо буцаад үнэ нь буугаад 60 мянган төгрөг хавьцаа болж байна.

Гипсен хавтан хамгийн хямд нь 10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол хямд нь л 24 мянган төгрөг болж өгсөн. Одоо мөн буугаад 20 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хятадаас орж ирдэг хамгийн хямд нь л шүү дээ. Ер нь том оврын бараа материалын үнэ л бараг нэг, хоёр нугарсан. Хуурай хольцнууд буюу замаск зэргийн үнэ харьцангуй тогтвортой байсан.

нэг хэсэг хор нь тасарсан болон тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор үнэ бага зэрэг нэмэгдсэн. Одоо цагаан замаск килограмм нь 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Өмнө нь 7000 төгрөгийн үнэтэй байсан. Ер нь материалын үнэ 5000-20000 төгрөгөөр бууж байна.

-Жижиглэнгийн бараа материалын үнэ хэр тогтвортой байна вэ?

-Жижиглэнгийн бараа ны үнэ бараг нэмэгдээгүй. Тэлэгчтэй шруп өмнө нь 12-13 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 15 мянган төгрөг болсон байна. Ер нь жижиглэнгийн бараа материал ганц хоёр мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

-Тэгэхээр тээврийн үнэ сайн буучихвал үнэ ханш дагаад буух бүрэн боломжтой харагдаад байгаа?

-Тэгэлгүй яахав. Уг нь бараа материалын үнэ өдөр ирэх тусам буух хандлагатай байна. Нэг хэсэг ачаа тээвэр гацсантай холбоотойгоор 7000 төгрөгийн үнэтэй барааг 10 мянган төгрөгөөр зарж байлаа гэж бодоход хажуугийн лангуунууд 8000 төгрөгөөр зараад эхэлбэл би дагаад л үнээ буулгана. Хэдий ховор байхад нь үнэтэй авсан ч одоо лангуу бүр дээр нөөц их болчихсон бол би бага ашиг хараад л бараагаа дуусгахыг бодно шүү дээ. Гэвч ачаа тээврийн үнэ дорвитой буухгүй байна. Засгийн газраас хүмүүс очоод тээврийн зардлыг буулгалаа гээд хэвлэл мэдээллээр яриад байгаа. Яг бодит байдал дээр мэдэгдэхүйц буусан юм алга. Яахав, 5000-10000 юанийн хооронд л тээврийн хөлс буурсан. Зөвхөн Эрээнээс Замын-Үүд орох тээврийн хөлс 90-100 мянган юань хүрсэн ш дээ. Одоогоор хамгийн их даацтай ачаа ачлаа гэхэд 70 мянга орчим юаниар ачиж байгаа. Засгийн газраас жолооч нартай гэрээ хийсэн л гэсэн. Гэхдээ нэг жолооч 20 сая төгрөгөөр ачаа ачихад ямар ч жолооч 10 саяар ачихыг бодохгүй ш дээ. 20 саяар л ачаа ачина. Аль нэг компани л өөрийнхөө ачааг 10 сая төгрөгөөр л ачина уу гэхээс яг бодит байдал дээр бол 10 сая төгрөгөөр ачаа ачиж байгаа жолооч бол байхгүй.

-Нэг хэсэг тээврийн үнэ 40-50 сая төгрөг хүрээд байсныг бодвол харьцангуй буужээ?

-Тэгсэн. Гэхдээ ачиж байгаа бараа материалынхаа төрлөөс хамаарч бас тээврийн үнэ өөр байна. Овор ихтэй, даац ихтэй автомашинуудын үнэ хэвээрээ байна. Яагаад гэхээр цөөхөн юм ачаад үнэтэй ачихаар мэдээж зардал өндөр болно. Үнэтэй хэрнээ овоо их юм ачдаг машины зардал харьцангуй бага тусах тал байна. Наймаа эрхэлж байгаа бид нар бол үнэтэй ч гэсэн их юм ачуулж байгаа юм чинь гээд нүдээ аниад л ачуулж байна.

“Барааны нийлүүлэлт ихэссэн учраас үнээ бага багаар буулгаж байна”

Гурвалжийн гүүрний барилгын материалын төвд худалдаа эрхлэгч Д-аас тодрууллаа.


-Гурвалжийн гүүр, 100 айл зэрэг томоохон бөөний төвүүдэд бараа материалын үнэ буурч байгаа юм байна. Таны худалдаалж буй бараа материалд үнэ буурч байгаа зүйл ажиглагдаж байна уу?

-Бага зэрэг буурч байна. Ялангуяа хавтангууд 10000-20000 төгрөгөөр буурсан. Шилэн хөвөн мөн бага зэрэг буурсан. Жижиглэнгийн материалууд 1000, 2000, 5000 төгрөгөөр буурч байна шүү.

-Нийлүүлэлт сайжирсан уу?

-Тэгсэн. Сүүлийн саруудыг бодвол бараа материал хомсдолд орохгүй, харин ч их болсон. Тиймээс хурдан эргэлдүүлж мөнгөө гаргаж авахын тулд бага багаар үнэ буурч байна.

“Арматурын үнэ 3.1 саяас 2.8 сая болж буурсан байна”

Барилгын компанийн нярав А-аас тодруулахад дараахь мэдээллийг өглөө.

-Барилгын материалын үнэ бууж байгаа нь мэдэгдэж байна уу?

-Одоо буух байлгүй. Гурвалжингийн гүүрний барилгын материалын төвүүдээр төмөр хийц метр квадрат нь 200-300 мянган төгрөг буусан байна. Хар панер 60 мянган төгрөг гээд олдохгүй байсан. Одоо 50 мянган төгрөгтэй байна. Ер нь нийтдээ бууж байгаа юм биш үү.

-Арматур хэдэн төгрөгөөр буурсан байна?

-Армутар төмөр өмнө нь метр куб нь 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан бол сая 3.1 сая төгрөг хүрээд байсан. Сүүлийн өдрүүдэд овоо бууж байна. Метр куб нь дунджаар 2.8 сая төгрөгийн үнэтэй байна. Зөвхөн арматур ч гэлтгүй дээврийн төмөр, төмөр хийцлэлийн үнэ бага багаар буурч байна.

-Цемент, тоосго, блок зэрэг материал хэр буурч байна вэ?

-Хөнгөн блок 150 мянган төгрөгөөс 220 мянган төгрөг хүрсэн. Одоо дунджаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Цемент харьцангуй гайгүй. Тоосго жаахан үнэтэй байна. Өмнө нь дундаж чанарын тоосго 450 төгрөг байсан бол одоо нэмэгдээд бөөндөө 1250 төгрөгөөс буухгүй л байна.

“Модны нийлүүлэлт бага байна”

Модны худалдаа эрхлэгч Ц-ээс тодрууллаа.

-Барилгын материалын үнэ нэлээд буурч байна. Модны үнэ буурч байна уу?

-Одоохондоо нэг их айхавтар үнэ буураагүй л байна.Банзнууд метр куб нь 300 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Палк хэдэн төгрөгийн үнэтэй байна?

-Палк метр куб нь 80-85 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

-Өмнө нь үнэ хөөрөгдөөгүй байхаас бараг гурав дахин өсчихөөд байна уу?

-Өмнө нь 35 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо доод тал нь 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

-Яагаад олигтой буухгүй байна вэ. Ачаа тээвэр өмнөхөө бодвол харьцангуй саатал багатай орж ирж байгаа шүү дээ?

-Хил гаалиар орж ирж байгаа нийлүүлэлт бага байна. Тээврийн зардал их байна зэрэг мэдээллийг өглөө.