Салоны хувьд 10.3 инчийн дижитал хянах самбар, 12.3 инчийн голын дэлгэц, утасгүй цэнэглэгч төхөөрөмж, төмрөн оруулга, Bowers & Wilkins DIamond дууны систем зэрэгтэй. Хөдөлгүүрийн хувьд М850x iDrive нь 4.4 литрийн хос турбо V8 хөдөлгүүр, 8 шатлалт кроптой. Түүнээс 523 морины хүч 750 Нм эргүүлэх хүч гарснаар 100-г 3.7 секундэд авч, 250 км/ц хурдлах чадвартай болсон гэнэ. Харин нөгөө хувилбар нь дизель, 3.0 литрийн цуваа 6 битурбо 840d xDrive хувилбар. Мөн л 8 шатлалт кроптой бөгөөд 315 м.хүч, 680 Нм эргүүлэх хүч гарах ба европийн зах зээлд 11-р сард худалдаанд гарах гэнэ.
Category: шинжлэх-ухаан-технологи
Одоогоос таван жилийн тэртээ бидний өнөөгийн хэрэглээнд ашиглаж буй 4G сүлжээний дараагийн үе болох 5G-г Өмнөд Солонгосын “Samsung” корпораци нэвтрүүлэхээр ажиллаж буй талаар “BBC” агентлаг мэдээлж байв. Мөн тус мэдээлэлд 5G нь асар хурдтай бөгөөд 2 км-ын орчинд 1Gbps датаг дамжуулах хүчин чадалтай, энэхүү шинэ технологийг нэвтрүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүнээ 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж буй бөгөөд уг төсөлд нийтдээ 35 сая фунт стерлинг зарцуулна хэмээн бичсэн байв.
Эдүгээ Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ оны эцсээр солонгосчууд 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Одоо ашиглагдаж буй 4G сүлжээтэй харьцуулвал 5G нь өгөгдлийг 20 дахин өндөр хурдаар дамжуулах техникийн боломжтой юм байна. Ингэснээр гар утсан дээрээ өндөр чанар, нягтралтай дүрсийг хэд хэдэн сувгаар ямар ч гацалтгүйгээр хүлээн авч үзэх боломжтой болох ажээ.
Бэйсбол зэрэг солонгос хүмүүсийн үзэх дуртай спортын тэмцээнүүдийн үед бөмбөг цохиж буй тоглогчийг хэд хэдэн талаас нь шууд харуулах боломжтой болвол фэнүүд нь гар утсан дээрээсээ нэвтрүүлэг үзэхийн тулд гар утасны үнэтэй үйлчилгээг байнга хэрэглэх нь дамжиггүй. Иймд БНСУ-ын оператор компаниуд ийм хэрэглэгчдийг урьдчилан татахын тулд эртнээс хүчтэй өрсөлдөөнд орсон талаар салбарын шинжээч нар онцолжээ.
Солонгосын Засгийн газар “Солонгост хязгааргүй хэрэглээтэй үйлчилгээ хямдарч байгаа тул дагаад гар утасны төлбөр буурч, иргэдийн халааснаас гарах холбооны зардал багасна” гэж үзэж байгаа аж.
5G сүлжээний хурд жирийн интернэтийн хурдаас бараг 1000 дахин илүү байх тухай мэдээлэл нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Өмнөд Солонгост 5G сүлжээний хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад илүү шаардлагатай байгаа ажээ.
Саяхан тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлдээ Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл 5G сүлжээг хөгжүүлэхэд зарцуулна гэж дурдсан байна.
Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээ илүү их шаардлагатай болсон байна. Анх 3G сүлжээ хэрэглэж байсан бол ухаалаг утасны хүчин чадал, үзүүлэлтүүд нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээ, хурдыг өсөх шаардлага тулгарчээ.
1990-ээд оноос Өмнөд Солонгост интернэтийн хэрэглээ олон нийтэд тархаж эхэлсэн байна. Эхэн үедээ суурин интернэт болон 2G сүлжээ хэрэглэдэг байсан бол 2000 оноос 3G ашиглаж, 2010 оноос 4G ашиглаж буй.
Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөөд байгаа нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөтэй харьцуулахад бага юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлдэг байна.
5G сүлжээнд шилжих гол давуу талууд:
Шинэ бодит байдал. 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болно. Өөрөөр хэлбэл, ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл, гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл, дээр нь нэмэгдэж харагдана. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.
Агшин зуурын үйлчилгээ: Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегавит хүрдэг. Тэгвэл 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм байна. Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд 4 секундэд татна гэсэн үг.
Аянга цахилгаан мэт хурдан хариу: 5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь асуудал биш. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй. Жишээ нь, нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаардах бол 5G сүлжээнд 1 миллисекунд хэрэгтэй аж.
Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж товлож байна. “AT&T”, “Nokia Networks” компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж байгаа бол “Deloitte & Touche” зөвлөх компани 2022 гэвэл илүү бодитой гэж үзжээ.
“Alcatel-Lucent” компани бүр 2025 оноос нааш олон нийтийн хэрэглээ болохгүй гэж үзэж байгаа ажээ. Ямартаа ч мэдээллийн хувьсгалын тав дахь үед шилжих хугацаа хаяанд ирснийг бүгд хүлээн зөвшөөрч байна.
Ирэх Даваа гарагт Apple компанийн жил бүр зохион байгуулдаг WWDC (Worldwide Developer Conference) хөгжүүлэгчдийн чуулган эхэлнэ.
Энэ үеэр Мобайл үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг зарладаг уламжлалтай. Дараа долоо хоногт Apple компани iPhone, iPad зэрэг мобайл төхөөрөмжүүддээ зориулсан iOS системийн 12 дахь хувилбараа танилцуулах гэж байгаа юм.
Шинэ iOS-ын туршилтын хувилбарыг хязгаарлагдмал хүрээнд танилцуулаад эцсийн хувилбарыг ирэх намар шинэ iPhone-той хамт зах зээлд хүргэнэ.
Тэгвэл iOS 12 нь “Settings” цэсэндээ “Digital Health” гэсэн хэсэгтэй болж байгааг Блүүмбэрг суваг өчигдөр мэдээлжээ.
Хэрэглэгчийн эрүүл мэндэд санаа тавих зорилготой энэ хэсэгт хүн iPhone-д хэр их цаг зарцуулж байгаа, ямар апликэйшнийг хэр хугацаагаар хэрэглэж байгаа зэргийг харуулдаг байх гэнэ.
Өөрөөр хэлбэл дэлгэц ширтэх цагаа хүн хянаж, эрүүл мэнддээ санаа тавих боломж олгож эхлэх ажээ.
Мөн Apple компанийн ARKit буюу Augmented Reality (бодит ба хийсвэр орчны нэгдэл) технологи улам сайжирч, хүмүүс хоорондоо нэгдсэн виртуал орчинд AR тоглоом тоглох, хийсвэр биетийг бодит орчинд байнга үлдээх боломжтой болох гэнэ.
Манчестерийн их сургуулийн эрдэмтэд Мадрид хотын их сургуулийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран, алхаа гишгээ, явах байдлаар нь тухайн хүнийг хэн болохыг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар таних системийг зохион бүтээжээ.
“Явж байгаа үед хүн бүрийн хувьд хөдөлгөөний 24 өөр онцлог шинж байдаг. Эдгээр хөдөлгөөнийг бичиж авснаар хурууны хээ, нүдний торлог бүрхэвчээр нь хүнийг танихтай адилаар ашиглаж болно” гэж Манчестерийн их сургуулийн судлаач Омар Костилья Рейес ярилаа.
Шинэ системийг туршиж үзэхэд уг систем нь хүнийг бүх тохиолдолд бараг 100 хувь таниж байжээ. Системийг нисэх онгоцны буудлын хяналт шалгалт хийхэд ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид үзэж байна. Үүний тулд тухайн хүн тусгай мэдрэгч бүхий замаар алхахад л хангалттай аж.
Түүнчлэн шинэ системийг анагаах ухаанд ашиглах боломжтой гэнэ. Хүний алхаа гишгээ өөрчлөгдөх нь мэдрэлийн өвчлөлтэй холбоотой байх нь олонтоо. Иймээс өвчнийг эрт илрүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой юм.
Халаасны угаалгын машин
Европ, Африкаар эсвэл Азийн орнуудаар үүргэвчтэй аялал хийх гэж
байгаа бол Scrubba Угаалгын Уутыг санал болгож байна. Энэхүү халаасанд
багтаж болох хөнгөн жинтэй уут нь таны хувцасыг цэвэрлээд зогсохгүй,
мөнгийг тань хэмнэнэ. Нэг муу уут яаж хэд хоног өмссөн хувцасыг тань
цэвэрлэх юм бэ гэж бодож байж магадгүй. Ердөө 2-4 литрийн ус, бага зэрэг
угаалгын нунтаг хийн хувцасаа хийгээд нухаж өгнө. Ойролцоогоор 5 минут
ингэж угаасны дараа та ахин цэвэрхэн хувцастай болно. Үнэхээр авсаархан
хэрэгцээтэй бүтээгдэхүүн.
Элс тогтоохгүй далайн эргийн гудас
Бали, Хавайн аялал захиалчихсан ачаагаа бэлдээд сууж байна уу? Тэгвэл
таны тав тухтай байдлыг хангах энэхүү гудсыг санал болгож байна. Далайн
эрэг дээр биеэ шарж хэвтэх сайхан ч, хаа сайгүй элс наалдчихвал дараа
нь арилгах түвэгтэй. Энэ гудасны хувьд элс наалдахгүй тусгай
материалтай. Хамгийн анх армийн хэрэглээнд зориулж бүтээсэн бол, сүүлд
энгийн аялалын зориулалтаар олон нийтэд хүрсэн. Яагаад армийн хэрэглээнд
үйлдвэрлэсэн юм бол гэж гайхаж байж магадгүй. Зэр зэвсэг элснээс
хамгаалах зорилготой юм. Одоо та ч үүнийг худалдан авч, санаа амар
наранд биеэ ээх боломжтой.
Дэлхийн хамгийн жижиг аяллын индүү
420вт мотортой бөгөөд гурван өөр түвшний халаалтын тохиргоотой.
Ямартай ч төрөлдөө дэлхий дээрх хамгийн бяцхан хэмжээтэй эд. Бага зэрэг
төсөөлөл өгөх үүднээс харьцуулалт хийвэл компьютерийн хулганатай төстэй
хэмжээтэй. Бизнес аялал хийж буй эрчүүд, эмэгтэйчүүдэд тун хэрэгтэй
төхөөрөмж. Үрчлээтэй цамц, хослолтой хуралд орох нь таны үнэлэмжийг
бууруулж болно. Тиймээс энэ индүүг санал болгох байна.
Flask Light
Гар чийдэн, тодорхой хэмжээний шингэн зүйл хийгээд авч явах боломжтой
олон үйлдэлт энэхүү савыг бүх аялагчдад зориулж бүтээжээ. Аливаа
хөгжмийн фестивалд оролцоход хүртэл бага хэмжээний хүссэн хатуу дарсаа
хийгээд аваад явчих боломжтой. Нийт 300гр шингэний багтаамжтайгаас
гадна, хоёр аяга, бөглөө онгойлгогч, компус болон хүчирхэг LED гэрлийг
өөртөө багтаасан. Аялах дуртай дотны нэгэндээ бэлэг болгон өгч ч болох
юм. Түүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Технологийн тусламжтай хөлөө дулаацуулцгаая
Өвлийн хүйтэн улирал эхлээд удаагүй байна. Амралтын өдөр Богд ууланд
гарах эсвэл хотоос зайдуу хөдөө орон нутгаар салхинд гарах гээд олон
сайхан аялалаас биднийг хүйтэн өвөл зогсоож чадахгүй. Хамгийн гол нь
бэлтгэлээ базаах хэрэгтэй. Дулаан явбал мянган лан гэдэг хуучны үгс бий.
ThermaCell компаниас гаргасан энэхүү халдаг улавчийг аялагчиддаа санал
болгоё. Хамгийн шилдэг дулааны технологийг ашигласан бөгөөд өөр дээрээ
гурван өгөгдөлтэй. Дээд, дунд, халаалтыг унтраах гэсэн өгөгдлүүдийг
агуулсан. Хамгийн гол нь усны хамгаалалттай материалтай тул чийг татсан ч
эвдэрнэ гэж санаа зовох зүйлгүй.
Блокчейн технологид суурилсан программ хөгжүүлэгч старт-апууд жилд 3.7 тэрбум ам.долларын токен худалдаа хийж байна. Ер нь блокчейний ирээдүйд эргэлзэх шалтгаан байхгүй. Крипто валютаар монголчуудад танил болсон блокчейн технологийн хэрэглээ ирээдүйд ганц салбараар хязгаарлагдахгүй. Биткойн блокчейний хэрэглээний нэг л жишээ юм. Блокчейн бүх салбарыг хамарч дэлхийг өөрчилнө гэсэн таамгийг баталсан үйл явдал шил дарж байна. Луйс Дрэфус блокчейн технологи ашигласан дэлхийн хамгийн анхны газар тариалангийн гэрээ хэлэлцээрийг хийсэн бол Амстердамын Guardtime групп блокчейн технологи бүхий платформыг ашиглан мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломж байгааг танилцуулсан юм.
Дээр дурдсан газар тариалангийн хэлэлцээр нь Америкаас урд хөрш рүү шар буурцаг тээвэрлэх бизнес байж. Худалдааны хэлэлцээрийг нь EasyTrading Connect блокчейн платформын тусламжтайгаар хийжээ. Мөнгөн гүйлгээг нь ч цахим хэлбэрээр шийдсэн аж. Ингэснээр энгийн аргаар хийдэг хэлэлцээрээс тав дахин бага хугацаа зарцуулжээ. Мэдээж хэмнэсэн зардал мөнгө гээд өчнөөн давуу тал бий. Блокчейнд суурилсан онлайн санал хураалтын системийг Follow My Vote нэртэй старт ап компани хөгжүүлж байгаа. Үүнээс гадна Ubitquity компани үл хөдлөх хөрөнгийн худалдааг блокчейн платформд суурилсан байдлаар санал болгожээ.
IMB хоёр жилийн өмнө Сингапурт блокчейний шинэчлэлт, судалгааны төвөө нээсэн бол түрүү жил Harvard Business Review сэтгүүлд блокчейнийг эдийн засаг, нийгмийн системд шинэ үндэслэл бий болгох чадамж бүхий суурь технологи гэсэн агуулгатай нийтлэл хэвлэгджээ.
Ингээд бодохоор блокчейн технологи ирээдүйд ямар хурдтайгаар хүчээ авахыг таамаглах аргагүй. Блокчейнийг компьютерын ухаанд тав дахь хувьсгал буюу интернэтэд өмнө нь байгаагүй итгэлцлийн түвшин гэж нэрлэж байна. Хар үгээр хэлбэл ямар нэгэн мэдээлэл блокчейнд бичигдлээ гэхэд устгаж засварлах боломж байхгүй. Ийм онцлогтой учраас худалдааны гэрээ, бизнес, банкны гүйлгээнд ашиглаад байгаа хэрэг.
БЛОКЧЕЙН ГЭЖ ЮУ ВЭ?
Энгийнээр хэлбэл мэдээллийг үнэн зөвөөр найдвартайгаар тараан байршуулж хадгалах технологи. Мөнгөний шилжүүлгийн бүртгэлийг хадгалах боломжтойгоос гадна өгсөн зээлийн бүртгэл, өмчийн эрхийн бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл гээд бүх төрлийн бүртгэлийн мэдээллийг хадгалах боломжтой.
Цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчейн дотор бичиж болно гэж мэргэжлийнхэн онцолдог. Гэхдээ цаасан дээр хуурамчаар дуурайж бичиж болох гэх мэт сул тал бий. Харин блокчейн дэх бүртгэлийг хуурамчаар дуурайх боломжгүй. Нэрнийх нь утгыг ухахад л энэ технологийн онцлогийг хялбархан ойлгох боломжтой. Блок бүр өмнөх блоктойгоо холбогддог мэдээллийн блокуудын гинж гээд тайлбарлачихаар нэрнийх нь утга гараад ирчихэж байгаа юм.
СҮҮЛЧИЙН ГАНЦ КОМПЬЮТЕРИЙГ УНТРААХ ХҮРТЭЛ АЖИЛЛАСААР БАЙНА
Дэлхийн сүүлчийн ганц компьютерийг унтраах хүртэл ажилласаар байх технологи бол блокчейн. Хэзээ ч унтрахгүй, бас эвдрэхгүй. Шинэ хэрэглэгч нэмэгдэхэд сүлжээ өргөжиж бэхэжсээр байдаг. Бүх компьютер тэнцүү эрхтэй. Ямар нэг зохион байгуулагч, зохицуулагч, хянагч менежерийн үүрэг гүйцэтгэдэг тусгай компьютер байхгүй. Блокчейний бүх мэдээлэл буюу блокууд хүн бүрт нээлттэй. Гинжин хэлхээг харж мэдээллийн өөрчлөлтүүдийг ажиж болно. Илүү тодорхой жишээлье гэвэл хэн нэгэнд 45 сая ам.доллар байгааг харах боломжтой. Гэхдээ тэр хүнийг түлхүүрээ явуултал хэн бэ гэдгийг нь мэдэх ямар ч боломж байхгүй. Блокчейны найдвартай, аюулгүй байдлыг криптографийн түлхүүрээр эзэмшдэг. Криптографийн түлхүүр гээд байгаа нь зүгээр л тоонууд. Маш их тоонуудыг л түлхүүр гээд байгаа юм.
АЛГОРИМТААР БОДОЖ БАЙЖ ОЛДОГ ТҮЛХҮҮР
Түлхүүрийг нь хэш-функц нэртэй тусгай алгоритмаар бодож гаргадаг. Хэш-функц эцэст нь маш чухал хоёр шинжтэй ганцхан түлхүүр олгодог. Түлхүүр байхад ч эх үүсвэрийн багц мэдээллийг мэдэх боломжгүй нь түлхүүрийн эхний шинж. Яг тийм түлхүүр олгох өөр нэг багц мэдээлэл дахин олдох боломж огт байхгүй гэдэг нь түлхүүрийн хоёр дахь шинж. Товчхондоо түлхүүртэй байлаа гээд бүхнийг мэдэх боломжгүй гэсэн үг. Нөгөө талаас нь харвал таны хувийн мэдээлэл алдагдаж, эрсдэлд орохгүй амьдрах бүрэн баталгаа блокчейнд байгаа гэж ойлгож болно.
БАНКУУД БЛОКЧЕЙН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ
Блокчейний нөлөөгөөр 2009 оноос банк, санхүүгийн салбар огцом өөрчлөгджээ. Хоёр жилийн өмнө IBM компаниас 200 банкинд судалгаа явуулсан аж. Дэлхийн том банкуудын 15 хувь нь хоёр жилийн дотор блокчейн технологийг ашигласан санхүүгийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөснөө мэдээлжээ. Харин 65 хувь нь гурван жилийн дотор блокчейн төслүүдийг хэрэгжүүлнэ гэцгээж. Даатгалын компаниудын хувьд блокчейн технологи байнгын автомат гэрээ хэлцэл гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд маш том нөлөө үзүүлэх нь. Гэрээ болон гүйлгээнүүдийн түүх нь даатгалын компаниудын дундын бүртгэлд хадгалагдах аж. Хөгжмийн салбар дахь зарим асуудлыг блокчейний туслалцаатайгаар шийдэх ажил эхэлчихэж. BSAC Business Paper-т блокчейн технологи дуу хөгжмийн салбарт зохиогчийн эрхийг баталгаажуулахад оновчтой шийдэл болох боломжтой гэсэн агуулга бүхий нийтлэл гарчээ. PledgeMusic компанийн үүсгэн байгуулагчдын нэг Бенжи Рожерсийн хэлж байгаагаар блокчейн технологид суурилсан, дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой мэдээллийн санд одоогоор бүтээгдсэн, ирээдүйд бүтээгдэх бүх дуу хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэж магадгүй нь. “Хөгжмийн шударга худалдааны мэдээллийн сан” гэж нэрлэх хувилбар ч яригдаж байгаа гэнэ. Энэ санд орсон уран бүтээл бүр зохиогч болон эзэмшигчийн мэдээллийг MVD гэсэн форматаар хамт агуулж байх юм байна.
Оросын Хадгаламжийн банкны тэргүүн Герман Греф блокчейнийг бизнес, төрийн удирдлагад ашигласнаар эдийн засагт огцом тэсрэлт болно гэж үздэг хүмүүсийн нэг. Тэрээр тав хүрэхгүй жилийн дотор блокчейнийг аж үйлдвэрийн загваруудад хэрэглэх боломжтой гэж хэлж байна. Амьдралд бүрэн хэрэгжих хугацааг нь 7-10 жил гэж таамаглажээ. Герман Греф “Надаас блокчейн технологи хөгжин нэвтрээд ирэхээр Оросын Хадгаламжийн банк байх уу гэж асуудаг. Ерөөсөө бизнесийн ямар төрлүүд тэсч үлдэх нь маш том асуудал юм. Бид одоо блокчейн эдийн засгийн тухай ярьж байна, яагаад гэвэл энэ технологи бүх салбарыг хамарсан технологи учир асар их боломжийг олгож байгаа юм. Бизнес-загварууд хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй” хэмээн ярьжээ.
Бэлтгэсэн Ц.СҮРЭН
Бохийг аль ч насны хүмүүс тайвшрах зорилгоор болон хоолны үлдэгдлийг шүдээ угаахгүйгээр цэвэрлэхийн тулд зажилдаг. Тэд зажилж дуусаад ихэвчлэн гудманд шууд хаях, эсвэл ширээний тавцангийн доор нялдаг.
Голландын Gumdrop хаягдал бохийг дахин боловсруулах санааг бодож олжээ.
Амстердамын гудамжин дахь маалингаар хийсэн бохиор дүүрчээ. Эхлээд цуглуулсан бохио боловсруулаад үл задрах хэсгийг гутлын үйлдвэр лүү явуулна. Бохины хаягдлыг ашиглан гутлын улыг хийсэн байна. Харин гутлын дээд хэсгийг арьс ашиглан хийжээ. Уланд нь Амстердам хотын газрын зураг дүрслэгджээ.
Амсдердамын явган хүний зам дээрээс нийтдээ 1500 тонн зажилсан бохь олджээ. Үүнийг цэвэрлэх гэж эрх баригчид сая сая еврог зарлагадаж байсан. Энэ харин ашигтай төсөл болжээ. Нэг килограмм бохины хаягдлаар дөрвөн шаахайны ул хийдэг ажээ.
Хотын удирдлага “Бид энэ асуудлыг шийдэх гэж зөндөө хичээсэн. Гэвч хаягдал нь хүний хэрэгцээ байна гэж хэн санах билээ” гэжээ.
Gumdrop-ийн төлөөлөгчид эдгээр гутлууд нь дэлхийн анхны худалдаанд гарсан бохиноос гаргаж авсан гутал гэдгийг баталж байгаа юм. Тус компани нь уг төслөө өөр олон хотод хэрэгжүүлэх, мөн цуглуулах хялбар аргыг хайж байгаа ажээ. 2018 оны зургаадугаар сард анхны хос гутлууд худалдаанд гарна. Өнгө нь ягаан, хар, улаан гэсэн гурван сонголттой байх юм. Нэг хос гутал 190 еврогийн үнэтэй зарагдах аж.
Сүүлийн үед зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй автомашин маш ихээр худалдаалагдах болсон. Гэхдээ орчин үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан хөдөлгүүрүүд бараг бүгд ямар ч дуу чимээ гаргадаггүй болсон нь явган хүний гарцаар гарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрсдэл учруулж болох асуудал үүсээд байгаа юм. Тиймээс цаашид бүх төрлийн цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг зориудаар чанга дуу гаргадаг төхөөрөмжөөр тоноглож өгөх нь зүйтэй юм байна хэмээн холбогдох албаны мэргэжилтнүүд үзэж байна.
АНУ-ын Үндэсний хурдны замын аюулгүй байдал, удирдлагын газар нийт цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч компаниудад хандаж, үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж байгаа дуу чимээ багатай тээврийн хэрэгслүүдээ дуут дохио, чанга чимээ гаргадаг төхөөрөмжөөр ханган тоноглох тухай үүргийг буулгасан байна. Энэ үүргийг холбогдох компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн автомашинууддаа 2019 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд амжиж тоноглохыг анхааруулжээ.
Энэ нь явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон унадаг дугуйтай иргэдийн амь нас, эрүүл мэндийг урьдчилан хамгаалах арга хэмжээ болно гэж үзжээ. Сүүлийн үеийн цахилгаан хөдөлгүүрүүд бараг дуу чимээ гаргахгүй байгаа нь иргэд явган хүний гарцаар гарахдаа автомашин ойртож ирснийг мэдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Үүнийг олон улсын шинжээчид цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд дуу чимээгүй шинж байдлаа алдаж магадгүй боллоо хэмээн онцолж байгаа юм.
Цаашид 2020 он гэхэд нийт эко машинд зориудаар чанга дуу гаргагч систем, төхөөрөмжийг бүрэн суурилуулж дуусгахаар зорьж байгаа гэжээ. АНУ-ын Үндэсний хурдны замын аюулгүй байдал, удирдлагын газраас өгсөн судалгаагаар бол автомашинд ийм төрлийн дуут дохионы системийг суулгаснаар нэг жилийн дотор 2400 хүн гэмтэж бэртэх эрсдлээс хамгаалагдах боломжтой гэж онцолжээ. Үүнд 2, 3 , 4, 6 болон түүнээс илүү ширхэг дугуйтай цахилгаан хөдөлгүүртэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл хамааралтай юм байна. Үүнтэй холбогдуулан 10-30 км цагийн хурдтай явж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл ямар хэмжээний дуут дохио өгөх шаардлагатай талаарх дүгнэлтийг ч гаргаад байгаа хэмээн мэдэгджээ.
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник Коллежийн багш нар “Техникийн мэргэжлийн дадлагын хичээлийг үр дүнтэй зохион байгуулах” төсөл хэрэгжүүлж, суралцагчдын хамтаар 3х4 метрийн хэмжээтэй Лед дэлгэцийг угсарч ашиглалтад орууллаа.
Лед дэлгэцийг Вэб мультимедиа, Хэвлэлийн болон үйлдвэрлэлийн график дизайны мэргэжлийн суралцагчдын дадлагын хичээлд ашиглаж, Урлал дизайны ангиудын суралцагчдын бүтээлүүдийг сурталчлах юм.
Түүнчлэн 196 инчийн энэхүү дэлгэцээр Коллежийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг олон нийтэд таниулахаас гадна хамтран ажилладаг төрийн болон түншлэгч байгууллагуудын мэдээллийг явуулах боломж нээгдэж байгаа аж.
Төслийг хэрэгжүүлэх явцад электроник, мехатроник, цахилгаанчин, гагнуурчин ангийн оюутан суралцагчид:
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, материалын тооцоо гаргах
- Платууд, микропроцессорыг угсрах, програмчлах
- NoVaSTaR, NoVaLCT програм, OLED матрицыг турших
- Импульсын тэжээлийн блок, MRV330Q удирдлагын хавтангийн ажиллагааг танин мэдэх
- Хүчдэл, гүйдэл, эсэргүүцлүүдийг хэмжих, хяналтын кабель, цахилгааны холболтыг схемийн дагуу угсрах
- Металлыг хэмжих, тэмдэглэх, цэвэрлэх, бэлтгэх
- Цахилгаан ба нуман гагнуураар хэвтээ болон хөндлөн ширээлэн гагнах, босоо болон таазны оёдол хийх болон бүтээлч сэтгэлгээний чадамжуудыг эзэмшжээ.
Женев хотод болж буй 2018 оны олон улсын автомашины үзэсгэлэнгийн гарчээ. Швед улсын автомашин үйлдвэрлэгч “Volvo” компанийн Volvo “XC40” спорт загварын хөнгөн тэрэг “Европын оны шилдэг автомашин”-аар тодорчээ. Тус компанийн машин сүүлийн 50 гаруй жилд анх удаа тэргүүн байр эзлэж байгаа нь энэ юм.
XC40 загварын уг машин нь Европын Холбооны гишүүн 23 улсын 60 сэтгүүлчийн шүүлтээр нийт 325 оноо авч тэргүүн байр эзэлжээ. Үзэсгэлэнгийн үеэр явуулсан шувтаргын өрсөлдөөнд нийт долоон загварын автомашин шалгарч үлдсэнээс хоёрдугаар байрыг Испани улсын “Seat Ibizea” машин эзэлсэн бол гуравдугаар байрт Герман улсын “BMW 5 series” загварын машин орсон байна.
Нэвтрүүлсэн шинэчлэл, аюулгүй байдал хангах чадвар, загвар болон үнэ өртөг зэрэг нь гол шалгуур үзүүлэлт болсон байна.