Технологийн шинэ дэвшилтэд бүтээлүүд хурдацтай хөгжсөөр байна. Эдгээрээс нисгэгчгүйгээр нисэх чадвартай төхөөрөмж буюу дрон улам боловсронгуй, ашиглахад хялбар болсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ удаад шинэ төрлийн нисдэг дроны талаар онцоллоо. Энэ бол дан ганц агаарт хөөрч нислэг үйлдэх чадвартайгаас гадна усны гүнд ч шумбах боломжтой “SPRY” нэртэй дрон юм.
SPRY стартапынхан усан спортоор хичээллэх хүсэл сонирхолтой охид залууст зориулан энэ шинэ төрлийн дроныг бүтээсэн. Агаарт нисгэнгээ залгуулаад усанд ч шумбуулах боломжтой болгосноор зугаацах хэлбэрийн өөр шинэ мэдрэмжийг бий болгожээ. Нисдэг дрон нь ус нэвтэрч ажиллагаагүй болно гэх айх айдасгүй байна гэдэг мэдээж сайхан. Усны нам гүн дор агаарын даралт тэсвэрлэх боломжтой ус нэвтрүүлэхээс хамгаалсан хайрцагтай. Дрон нисгэгч өөрийнхөө харах өнцгийг дурын объектоос харж болно. Мэдээж энэ дрон өөртөө дүрс бичлэгийн камертай. Камер нь 4к/30fps үзүүлэлт бүхий 12 мегапиксел нягтшилтай. Дүрсээ SD санах ойн картад ачаалж дамжуулна. Удирдлагын хувьд Wi-Fi холболтыг ашигласан. Агаарт ч, усны гүнд ч хийж байгаа дүрсээ шууд дрон нисэгчийн удирдлагын хяналтын төхөөрөмжид илгээнэ. Spry дрон 70 км цагийн хурдтай нислэг үйлдэх чадвартай.
Нэг удаагийн дүүрэн цэнэгээрээ 17 минут тасралтгүй ажилладаг. Хэд хэдэн давуу талуудтай болсон талаар үйлдвэрлэгч талаас онцолсон. Жишээ нь, дрон нисэгч эзэн дээрээ хаанаас ч гэсэн автоматаар өөрөө нисэж хүрч очих, эргэн тойрныхоо орчныг бүхэлд нь бие даан бичиж авах гэх мэт.
Үнийн хувьд Spry стартапын хөрөнгө оруулагчдын талаас өгсөн мэдээллээр бол 729 ам.доллар гэжээ. Гэхдээ энэ үнэ нь дахиад 200 ам.доллараар нэмэгдэж магадгүй хэмээн мэдээлсэн. Хүссэн захиалагчид тус дроныг энэ оны сүүлээр гэхэд гар дээрээ хүлээж авах боломжтой. Далайн эргийн амралтын газар, нуур цөөрөм, голын усанд сэлэх, зугаацах хүсэл сонирхолтой залууст илүү тохирсон төхөөрөмж. Магадгүй судалгааны зориулалтаар ашиглахыг үгүй гэх газаргүй шүү дээ.