Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Санхүүгийн шинэ технологи Финтек

Автобусанд суухад мөнгөгүй хэмээн хөөгддөг байсан бол одоо мөнгөтэй хэмээн хөөгддөг болсон. Бэлэн мөнгө гаргаж ирээд хөөгдөж байгаа бол өнөөх смарт картгүйнх. Энэ мэтчилэн смарт хэрэглээнд шилжихгүй бол цаашид мөн энд тэнд багтах шингэхгүй болноо л гэсэн үг. Санхүүгийн салбарт гэхэд смарт технологи нэвтэрсээр хамгийн сүүлд гэхэд, гартаа суулгасан чипээр төлбөр тооцоо хийж байна.

Моод дандаа Монголоор дуусна ч гэж юу байхав, бид санхүүгийн шинэ технологи финтекийг нэвтрүүлж ашиглаж эхлээд байна. Тэгвэл финтек гэж чухам юу юм бэ.

Финтек гэдэг бол санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашигласнаар шинэ төрлийн үйлчилгээ бий болгох эсвэл одоо байгаа үйлчилгээг амар, хялбар, түргэн, шуурхай болгоод зогсохгүй түүнээс гарах зардлыг бууруулснаар үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах зорилготой. Давуу тал маш олон гэдгийг салбарынхан хэлж байгаа. Тодруулбал, хамгийн эхэнд үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулна. Та хэрвээ банкинд мөнгө шилжүүлэхдээ шимтгэл төлж буй бол энэ нь финтек дээр шууд буурна гэсэн үг. Дараачийнх нь мэдээж үйлчилгээ хурдан, хялбар болж таарна.

Санхүүгийн шинэ технологи Финтек гэж юу вэ

Хэн гаргаж болох вэ

Хэрвээ Монголбанкнаас зөвшөөрөл авсан тохиолдолд цахим мөнгийг гаргаж, Монгол Улсын төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглаж болно. Зөвшөөрөл олгох үйл явц болон эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгомжтой болгох зорилгоор Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг саяхан баталж, өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна. Журмыг бүрэн эхээр нь Монголбанкны албан ёсны цахим хуудас болох mongolbank.mn д байрлуулсан байгаа.

Финтек үйлчилгээнд бараа ажил үйлчилгээний төлбөр төлөх, цахим мөнгийг нэг хэрэглэгчээс нөгөөд шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх, буцаан хөрвүүлэх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах гэсэн үндсэн үйлдлүүд багтаж байна. Мөн цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд эдгээр бүх үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой.

Ингэснээр цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал салбар, нэгж байгуулж өндөр зардал гаргахгүй, үйлчилгээг олон нийтэд хүргэхэд хялбар болж байна.

Монголд хэн үйлчилгээ үзүүлж байна вэ

Одоогоор хэд хэдэн байгууллага финтект нэгдэж үйлчилгээ үзүүлж байна. Гар утаснаасаа дансыг шууд уншуулж болох QR код нэвтрууд удаж байна. Мөн Мобифинианс ББСБ-аас candy хэмээх цахим мөнгө гаргаж зохих ёсны зөвшөөрлийн дагуу үйлчилгээ үзүүлж байна.

Мөн хамгийн сүүлд нэвтэрснийг дурдах юм бол lend.mn апплекейшныг нэрлэж болно. Эднийх цахим систем ашиглан шуурхай бичил зээл олгож байгаа нь яах аргагүй финтек юм.

Сөрөг тал бий юу

Цахим мөнгөний хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор өдөр тутмын, жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалтанд зориулсан төлбөрийн хэрэгсэл байх юм. Жишээлбэл, ТҮЦ-нээс ундаа авах, дэлгүүр ороод хүнсээ цуглуулах зорилгоор цахим мөнгийг ашиглахаас биш цахилгаан бараа авах, бизнесийн зорилгоор гэх мэт өндөр дүнтэй төлбөр тооцоонд ашиглахгүй. Хэрэглэгч цахим мөнгө ашиглан хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг 1 сая, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар зохицуулсан. Энэ харьцангуй бага боловч цаанаа цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгах зорилготой. Хэрэв зах зээлийн шаардлага гарвал эдгээр хязгаарыг өөрчилж, хөдөлгөх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэсэн ч санхүүгийн салбарт шинээр нэвтэрч байгаа тул нууцлал, аюулгүй байдал нь сөрөг талд орж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Усанд шумбахад зориулагдсан “Trident” нэртэй цахилгаан скутерийг танилцуулна

Шинэ технологийн санаа шийдэл гайхалтай мэтээр урган гарсаар байна. Хэний ч санаанд өмнө нь орж байгаагүй тэр санаануудын бараг ихэнх нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж мэдрэгдсээр байна. Үүнтэй холбогдуулаад далай тэнгис, нуур болон усан санд сэлэх шумбах сонирхолтой хүмүүст зориулсан технологийг танилцуулах гэж байна. Энэ бол усанд шумбахад зориулагдсан “Trident” нэртэй цахилгаан скутер юм. Усны гүнд ажилладаг сэнс бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар хүмүүс богино хугацаанд усны гүнд хүрч очих мөн хурдан хугацаанд усны мандал дээр гарах боломжтой юм байна. мэдээж далайн гүний гайхалтай үзэсгэлэнтэй тогтцыг үзэж харах боломжтой гэжээ.

Хэдэн сарын өмнөхөн Хятадын “Geneinno” нэртэй компани Kickstarter цахим худалдааны сүлжээгээр дамжуулан усны гүнд шумбалт хийхэд зориулагдсан “Titan” нэртэй төхөөрөмжийг олон нийтэд танилцуулж байсан. Титан гэх төхөөрөмж нь хүмүүс далай тэнгисийн усанд шумбалт хийхэд нь тэжээлийн урт утастай холбоотой байсан юм. Үүнийг ашиглаад рэг хавийн газар болон усан онгоцон дээрээс тодорхой нэгэн богино зайд л шумбалт хийх боломжтой. Харин яг энэ харагдаж байгаа Тридент гэх төхөөрөмж тэжээлийн ямар ч утасгүй болж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр далай тэнгисийн усны гүнд аль хэсэгт чөлөөтэй хүрч очин зугаацах боломжтой болж байгаа юм. Усны гүний шумбалтын Тридент гэх скутер 12 кг жинтэй, усны гүнд 7 км\ц цагийн хурдтай сэлэх, шумбах боломжийг олгодог.

Хамгийн доод талдаа гэхэд л 50 метрийн гүн хүртэл шумбалт хийдэг байна. Гол тэжээл болох батарей нь 24 вольтийн 6000 ампер цаг багтаамжтай. Хагас цаг цэнэгэнд залгахад л нэг цагийн турш усны гүнд зугаацах хугацааны эрчим хүчээ хуримтлуулдаг. Бариул хэсэгт нь хурдаа болоо чиглэл тохируулагчтай. Дээд талын хэсэгт нь экшн зориулалтын ус нэвтрүүлдэггүй видео камертай гээд давуу талууд ихтэй, сонирхолтой төхөөрөмж юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японы хөдөө аж ахуйн салбартаа шинэ робот трактор хэрэглэнэ

Хөдөө аж ахуйн газар тариалангийн бүхий л ажлыг хийж гүйцэтгэх боломжтой автомат ажиллагаатай тус тракторыг “Yanmar” компанийн инженерүүд бүтээл танилцуулсан юм.

Энэхүү программчилж, тоноглож өгсөн автомат ажиллагааны системээр ажилладаг трактор хагас роботжуулсан технологийг өөртөө шингээсэн. Мөн алсаас удирдлагын командын туслалцаатай ямар нэгэн үүргийг бие даан хийж гүйцэтгэнэ. Энэ технологи тус салбарт хуучирч байгаа техникийг орлон хөдөлмөрийн хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх зорилготойгоор бүтээгдсэн. Япон улсад өндөр настан иргэдийн тоо асар ихэд хүрсэн. Тийм учраас хөдөлмөрийн зах зээлд роботын төхөөрөмж гол үүрэг гүйцэтгэх, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Энэ тракторыг тариалангийн талбайд хүн жолоодон явж байгаа тракторын хийж байгаа үйлдэл хөдөлгөөн бүрийг даган дуурайх систем программ хангамжийг суулгаж өгсөн. Одоогоор тодорхой хэдэн ажлыг л хийж гүйцэтгэх боломжтой байгаа юм байна. Автомат жолоодлогын горим дээр нь тавьсан тохиолдолд GPS –ийн төхөөрөмжид ирсэн тариалангийн талбайн хэсгүүдийн чиглэл чиглэлийнх нь дагуу хөдөлж ажлаа хийдэг.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хэлбэр загвар нь сунаж, хувирдаг цахилгаан машин

Хүн ам болон автомашины бөөгнөрөл ихтэй их хотын амьдралын хэв маягт тохирсон тээврийн хэрэгслийн концепцууд технологи сонирхогчдын дэмжлэгийг авах нь улам нэмэгдсээр байгаа. Энэ хүрээнд автомашин үйлдвэрлэгчид хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоход зориулагдсан хөнгөн, жолоодоход хялбар машин бүтээх ажилдаа аль хэдийнээ ороод эхэлсэн. Эдгээрээс хэлбэр загвар нь сунаж, хувирдаг цахилгаан машиныг онцолж байна. Үүнийг зохион бүтээгчид нь “IEV XX” гэж нэрлэжээ.

Сүүлийн үед дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд хотын авто замын хөдөлгөөнд зориулсан нэг хүний багтаамжтай жижиг загварын цахилгаан машин бүтээхээр түлхүү ажиллах болж. Үүнд нэг асуулт урган гарч ирж байгаа. Энэ бол жижигхэн машинд хэрхэн овор ихтэй ачааг тээвэрлэх вэ гэж. Тэгвэл үүний хариултыг Дюссельдорфын инженерийн багийн зохион бүтээгчид хувирагч машины концепцоороо танилцуулсан байна. Өмнө нь энэ машины IEV X гэх анхны хувилбарыг танилцуулж байсан.

Харин одоо бол IEV XX хувилбар бидний нүдний өмнө харагдаж байна. Зорчигчдын тоо, ачааны овор хэмжээнээс шалтгаалаад урагш сунаж эзлэхүүнээ нэмэгдүүлдэг цахилгаан машин гэж тодорхойлбол илүү ойлгомжтой байх. Энэ машин хувираагүй үедээ өргөн нь 78 см, урт нь 160 см. Харин урагш сунаж, хувирсан үедээ бол өргөн нь 190 см, урт нь 220 см хүртэл нэмэгддэг байна. Энэ бол жижиг загвартай автомашины эзлэхүүнтэй холбоотой асуудлыг шийдэж өгсөн өвөрмөц санаа юм. Урд талын жолоочийн ард байрлах зорчигчийн суудал эвхэгддэг. Ингэснээр ачаа, тээш багтаах эзлэхүүн нь улам нэмэгдэнэ. Жингийн хувьд 115-145 кг юм байна.

Өөртөө 48-72 вольтийн аккумлятортой. Энэ нь 3 цагийн турш 60-120 км зам туулах бололцоог олгодог байна. хөдөлгөөнд оролцож байхдаа 45-60 км цагийн хурдтай давхидаг юм. Цэнэглэхийн тулд 40-60 ватт багтаамжтай нарны зайн хураагуурыг ашиглана. Үүнийг автомашинаа зогсоолд байршуулах цагаа ашиглан хийж болно. хяналтын хэсэгт 7 инчийн ухаалаг дэлгэцтэй болж өгсөн. Зохион бүтээгчдийн талаас энэ автомашинд 9098 ам.долларын үнийн саналыг буулгаад байгаа юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хажуугийн толийг камераар сольсон автомашин удахгүй худалдаанд гарна

2019 оны Lexus ES седан уламжлалт хажуугийн толийг камераар сольсон анхны автомашин болох гэж байна. Гэхдээ ийм камерны системийг зөвшөөрсөн хуулийг Япон улс 2016 онд баталсан тул зөвхөн Японы зах зээлд ирэх сард худалдаалагдаж эхлэх ажээ.

Бусад орнуудын зах зээлд гарахдаа энэ загвар нь уламжлалт тольтойгоо байх юм. Ийм технологи нь шинэ зүйл биш, сүүлийн хоёр жилийн турш хэд хэдэн үйлдвэрлэгч туршилтын болон концепт загварууддаа үзүүлээд байгаа.

Lexus ES-ийн хувьд машины хоёр талд орших нарийн суурин дээр камернууд байрлах ба дотор талд нь 5 инчийн хэмжээтэй дэлгэцүүд байрлуулжээ.

Зарчмын хувьд уламжлалт тольноос ялгаагүй. Гэхдээ хэд хэдэн давуу тал бий. Жишээ нь илүү өргөн өнцгөөр гадна орчныг харах, шөнө болон цаг агаарын нөхцөл муу үед илүү тод харах гэх мэт. Мөн камерны дүрсэнд бороо, цас саад болохгүй байхаар бүтээгдсэн юм байна.

Камерны суурь нь нарийхан, аэродинамик нөхцлийг бодож хийсэн тул салхи зүсэлтийг нэмэгдүүлж, салонд сонсогдох дуу чимээг ч багасгах нөлөөтэй ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ загварын iPhone камерын сайжруулсан тохиргоотой

АНУ-ын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компани лхагва гарагт Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцууллаа.

Энэ удаа “iPhone” загварын утасны 10 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд худалдаанд гарсан “Х” цувралын залгамж халаа болох 5.8 инчийн дэлгэцтэй “iPhone Xs”, 6.5 инчийн дэлгэцтэй “iPhone Xs Max” болон 6.1 инчийн дэлгэцтэй “iPhone Xr” загварын ухаалаг гар утаснуудыг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук олон нийтэд танилцуулсан байна.

Шинэ загварын гар утаснууд нь өнгөний дүрслэлийг сайжруулсан “OLED” дэлгэцтэй, камерын сайжруулсан тохиргоотой юм байна. “iPhone Xs Max” загварын ухаалаг гар утасны үнэ 1100 ам.доллар орчим байх бөгөөд баасан гарагаас эхлэн урьдчилан захиалга авч эхлэх бол энэ сарын 21-нээс эхлэн худалдаанд гарах ажээ.

Харин “iPhone Xr” загварын ухаалаг гар утасны хувьд зургаан өнгөний сонголттой ба түүний үнэ 749 ам.доллараас эхлэх юм. Энэ загварын утсыг ирэх аравдугаар сарын 19-ны өдрөөс эхлэн захиалж болох юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын эртний гар урлалын технологи

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлог шинж чанарыг хадгалсан соёлын дахин давтагдашгүй бахархалтай байдаг. Европын орнууд шар айраг, дарс исгэх, хадгалах нарийн технологио одоо гайхуулсаар байгаа бол азийн орнууд цай хандлах, торго нэхэх арга технологио дэлхийд гайхуулсаар байгаа билээ. Тэгвэл Хятад улс бол хүр хорхойг тэжээж, түүний шүлсээр торго нэхэж, сүлжих технологийг нэвтрүүлсэн дэлхийн анхдагч улс юм. Энэ ч утгаараа торгыг дагасан сүлжмэл, хэмэрлиг сүлжих, дарамлан будах, хатгах, ээрэх гээд Хятадын үндэстнүүдийн эртний гар урлалын технологиуд одоо ч гайхагдсаар байна. Нарийн хээ угалз, зүүг бийр мэт ашигласан нэхмэлүүд, сүлжмэлүүд Хятадын эртний үндэстний соёл, уламжлалыг илтгэнэ. Даавууг зүгээр л будаад өнгөрөх бус уяж будах технологиор дахин давтагдашгүй өнгө гаргаж, зөвхөн нэг л үндэстэн мэдэх аргачлалаар торгон даавуун дээр эртний хятадын уул, ус, ан амьтанг дүрсэлж, дэлхийд гайхагдах, соёл уламжлалаа авч үлдэж чадсан хятад үндэстэнг биширмээр. Эртний торго нэхэх, даавуу будах технологийг яг дэргэдээс нь харах боломж, Уран зургийн галерейд нээлтээ хийсэн ӨМӨЗО-ны соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд олдсон юм. Ингээд Хятадын эртний торго сүлжих, будах технологиос өөрийн сонссон мэдээллийг хуваалцая.

Хятадын Сүжөүгийн үндэсний зурагт торго сүлжих технологи

Зурагт торго бол Сүжөүгийн эртний торгон сүлжмэлийн нэгэн төрөл. Сүжөү болон тухайн бүс нутаг хавьцаа илүүтэйгээр дэлгэрсэн байдаг. Эрт цагт мод болон хулсаар хийсэн орхиц, товшуур зэргийг ашиглан таван өнгийнхүрийн ширхгээр өнгө будаг ялган сүжлдэг байжээ. Ингэж л зурагт торгон сүлжмэлийн анхны технологи үүссэн бөгөөд цагийн явцад улам боловсронгуй болж хөгжсөөр өнөөдрийг хүрсэн байна.


Сүлжмэлийн хээ угалзыг ар өвөр гэж ялгадаггүй. Зурагт торгыг үрэх, нухах, угаах зэрэгт тэвсэртэй болохоор “Мянган жилд элэгдэхгүй урлагийн бүтээл” хэмээн онцлон нэрлэжээ.

Дай үндэсний хэмэрлигийн технологи

Хэмэрлиг бол зурагт торгон сүлжмэлээс арай хожуу үед үүссэн гэх боловч нэхмэлийн салбарын хамгийн төгс технологи юм. Дай үндэстний хөдөлмөрч зангийн илрэл. Эртний Дай үндэстний өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг зэрэгтэй хэмэрлиг нь нягт уялдаа холбоотой байж.

Дай үндэсний хэмэрлиг нь цагаан дээр дан цулгуй хээ угалз бүхий байна. Гэхдээ хээ угалзны дүрс амьдлаг, олон дахин давхардсан хичээнгүй ажлын үр дүн байдаг. Угалзууд тэгш хэмт, үргэлжилсэн, сийрэг нягтыг уялдуулсан, бодит болон хийсвэрлэлийн уран сэтгэмжийн илэрхийлэл байдаг. Тиймээс ч Дай үндэсний хэмэрлиг Хятадын хэмэрлигт тодорхой, үнэ цэнэтэй байр суурийг эзэлдэг байна.

Бай үндэстний уяж будах технологи

Уяж будах технологи нь Хятадын эрт цаг үед хамаардаг. Далигийн Бай үндэстэн уяж будах аргачлалаар хамгийн алдартай нь. Хятадын Соёлын яамнаас Бай үндэстэнг “уяж будах технологийг үндэслэгч” хэмээн нэрлэсэн байдаг байна. Уяж будах гол дараалал бол хээ угалз зурах, уях, дэвтээх, будах, жигнэж чанах, ээж хатаах, уяа утсыг авах, тээрэмдэх зэрэг юм.

Энэ нарийн ажиллагааны дараа гайхалтай өнгө даавуунд шингэсэн байдаг байна. Технологийн зангилаа бол уях болон будах ажиллагаа юм. Будах хувин, будах шийдэм, жааз, чулуун тээрэм зэрэг нь уяж будах технологийн чухал багаж хэрэгсэл юм.

Манж үндэстний хатгамал

Хатгамал бол Манж үндэстний хамгийн өвөрмөц уламжлал юм. Өдөр тутмын амьдралын хэрэглэл, бүхий л зүйлсэд хамгамалын үр нөлөө их байдаг. Үндэстэн бүр өөр, өөрийн гэсэн онцлог хатгамалтай. Сүжөүгийн хатгамал, Сычуаны хатгамал, Гуанжөүгийн хатгамал зэрэг хятадын үндэстний шинж чанараа хадгалж үлдсэн хатгамалууд байдаг.

Эднээс Манж үндэстний хатгамал илүү уран нарийн, гоо сайхнаараа ялгардаг. Торго болон өөрсдийн нэхсэн хөх, цагаан даавууг түүхий эд болгон ашигладаг. Хатгамал нь зүүн баруун талд тэгш хэмтэй байхыг эрхэмлэдэг. Тухайлбал, баруун талд хөх луу дүрсэлсэн бол зүүн талд цагаан бар дүрсэлдэг нь Манж хатгамалын онцлог давуу тал юм.

Хэжэ үндэстний загасны арьсан технологи

Умард Хятадын хүйтэн усны загасны арьсаар олон төрлийн эд зүйлс хийж болдог гэдгийг Хэжэ үндэстний технологиос харж болно. Загасны арьсаар эд зүйлс хийх соёл бол урамд өргөргийн 45 хэмээс дээш бүс нутгийн өвөрмөц соёл юм. Түүхэнд энэ бүсэд оршдог бүхий л үндэстэн загасны арьсаар эдлэл хийх соёлын арга барилтай байсан гэдэг. Гэвч он цагийн явцад загасны арьс ашиглах соёлын арга барил гээгдсээр Хармөрөн мужийн Тунжян хотын Жүжиньжөү шянгийн Хэжэ үндэстэн уламжлалт соёлоо авч үлдэж чаджээ. Хэжэчүүд урт хугацааны туршид загас агнуураар амьдарч, загас барих, идэх, загасны арьсаар байшин барих, завь хийх, хувцас хунар оёх зэргээр “Загасны арь эзэгнэгч үндэстэн” болж чадсан байна.

Уламжлалт загасны арьсны технологи нь нэг иж бүрдэл боловсруулах явц юм. Үүнд өвчих, хатаах, элдэх, эсгэх, оёх, урлагийн засал чимэглэл хийх зэрэг дараалал багтдаг бөгөөд Хэжэ бүсгүйчүүд бүгд энэ технологид гаршдаг байдаг байна.

Арга технологи нь анхаарал татсан цөөн соёлын өвөөс танилцууллаа. Хятадын их гүрний соёлын өвийг бүгдийг нь танилцуулна гэдэг ихээхэн хөдөлмөр шаардсан ажил болох биз. Гэхдээ л Монголдоо Хятадын эртний соёлын өв, загасны арьсан эдлэл, даавуу будах технологи, зурагт торго нэхэх аргачлал зэргийг харж танилцсантай баяртай байна. Удахгүй Улаанбаатарын соёлын өдрүүд Хөх хотод зохион байгуулагдана. Тэр үеэр манай ноолууран эдлэл, арьс шир бэлтгэх арга аргачлал, Дарьгангын урчуудын соёлын өвд бүртгэгдсэн бүтээлүүдээ танилцуулж, гайхагдана гэж итгэж байна. Соёлын солилцооны нэг зорилго ч энэ болов уу. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнээс хөрш зэргэлдээ орших найрамдалт улс орнуудыг эртний өв соёл, орчин цагийн технологитой хэрхэн уялдаж, хэрхэн хөгжиж байгаа талаар мэдэж, танилцах, өвлүүлэн үлдээх боломжийг бүрдүүлж өгч байгаад хоёр орны иргэд талархалтай хандаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Honor 8x Max”, “Honor 8x” гар утсыг худалдаанд гаргалаа

Ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн зах зээлд Хятадын компаниуд хүчирхэг гэдгээ батлан харуулсаар байна. Шинэлэг, хурд хүч сайтай, хамгийн сүүлийн үеийн технологи, программ хангамжийг төгс агуулж чаддаг Хятадын ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь үүнийг тодотгож байгаа юм. Өнөөдөр Хятадын шилдэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компани шинэ загварын хоёр төрлийн ухаалаг гар утсаа Хятадын зах зээлд албан ёсоор худалдаанд гаргаж эхэллээ. Энэ бол “Honor 8x Max” болон “Honor 8x” нэртэй гар утас юм.

Өчигдөр тус компани олон нийтэд шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан бол өнөөдөр хэрэглэгчдийнхээ гарт ийнхүү шилжүүлж байна. Онцлон мэдээлэхэд, энэ гар утас нь бусад гар утастай харьцуулахад том дэлгэцтэй. Тодруулбал, 7.12 инч дэлгэцтэй болжээ.

Эхлээд “Honor 8x Max” гар утасны талаарх мэдээллийг хүргэе. Энэ утас нь 7.12 инчийн IPS бүхий 1080/2244 нягтаршилтай 18:9 хэмжээтэй. Дэлгэцний 90 хувь нь бүхэлдээ үндсэн хэсэг аж. Энэ бол хүрээ маш нимгэн болсныг илтгэж буй юм. Нүүрэн талын камер нь 8 мегапиксел. Гол зүрх нь болох хэсэгт Snapdragon 636, 660 хүчирхэг процессорыг суурилуулжээ. Өөртөө 4 гегабайтын шуурхай санах ойтой, Adreno 512 үзүүлэлттэй хурдасгагчтай. Мөн 5000 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Ар талдаа 16+16 мегапикселийн хос камертай, хурууны хээ мэдрэгчтэй. 3,5 мм-ийн аудио оролт, USB Type C зэрэг оролтуудтай. Арван минут цэнэглэхэд 40 минутын турш утсаар ярих боломжтой цэнэгээ хуримтлуулж чаддаг байна. Нийт 210 гр жинтэй, худалдаанд цэнхэр, хар болон улаан өнгийн сонголтуудтай гарчээ.

Харин “Honor 8x” загварын утас нь 6.5 инчийн 2340/1080 нягтаршилтай 19.5:9 пиксел үзүүлэлттэй дэлгэцтэй. Процессор нь Kirin 970 чипэн дээр тулгуурлагдсан 2.2 герцийн чадалтай. Шуурхай санах ой нь 4 болон 6 гегабайт бол санах ойн багтаамж нь 64 болон 128 гегабайт багтаамжтай. Ар талдаа 20+20 мп хос камертай. Селфи камер нь 16 мегапиксел болжээ. Андройд 8.1 үйлдлийн системтэй.

Нийт 175 гр жинтэй. 3750 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Худалдаанд 205-278 ам.долларын үнэтэй борлуулагдаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Аналог системийг бүрэн халж, дижитал системд шилжинэ

ОХУ-ын телевизүүд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аналог системийг бүрэн халж, дижитал системд шилжихээр болжээ. Тус улсын Тоон технологийн хөгжил, олон нийтийн харилцаа холбооны яамнаас энэ талаар мэдээлсэн байна.

Шийдвэр нэгэнт гарч, бэлтгэл хангагдсан тул одоо иргэд шинэ телевиз худалдаж авах, эс бөгөөс шилжүүлэгч төхөөрөмжтэй болох хоёр сонголттой үлдэж байгаа аж. Технологийн дэвшил ийнхүү иргэдийн халааснаас мөнгө гаргаж байгаа боловч өмнө нь зөвхөн мөнгө төлж үздэг байсан зарим сувгийг үнэ төлбөргүй, илүү өндөр чанартайгаар хүлээн авах боломжийг олгож байгаа талаар яамны орлогч сайд Алексей Волин мэдэгдсэн байна.

ОХУ-д одоогийн байдлаар нийт үзэгчдийн 10 хувь нь л телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог системээр хүлээж авч байгаа тул бүрэн шилжилт хийхэд хүндрэл гарахгүй гэж тооцож байгаа юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Легогоор хийсэн машин

Данийн алдарт LEGO тоглоомын компани “Лего Техникээр бодит зүйлийг бүтээнэ” уриатайгаар Bugatti Chiron (Бугатти Широн) загварын автомашин бүтээснээ 3 сая ам.доллараар үнэлжээ. Ойролцоогоор 1 сая ширхэг LEGO Technic загвараар хэсгээр бүтээсэн Bugatti Chiron автомашин 1500 кг жинтэй аж. Харин яг автомашины мотор шиг ажиллах моторыг 2304 ширхэг легогоор хийжээ. Хэдий Bugatti Chiron машин шиг хурдалж чадахгүй ч LEGO Technic-ээр хийсэн уг машин 5.3 морины хүчин чадалтай, цагт 18 миль хүртэл хурдтай явж чадна гэнэ. Bugatti Chiron загварын машины хяналтын албанд ажилладаг, алдарт Le Mans уралдааны аварга Энди Уоллес легогоор бүтээсэн машиныг унаж шалгажээ. “Хэдийгээр хүүхдүүдийн тоглодог легогоор хийсэн ч энэ машин үнэхээр явж, ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай” хэмээн Энди Уоллес уулга алджээ.

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй