“InSight” төхөөрөмж Ангараг гарагийн гадаргуу дээр анхны багаж хэрэгслээ байрлуулсан тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /НАСА/ мэдээлэв. “Ингэснээр өөр гарагийн гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг /сейсмометр/ байрлуулсан анхны тохиолдол боллоо” гэж “НАСА”-гийн мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжийн илгээсэн шинэ гэрэл зургуудаас үзэхэд, Ангарагийн зэсэн улаан өнгөтэй гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг амжилттай байрлуулсан байжээ. “Ангараг гарагийн гадаргууд уг хэрэгслийг байрлуулж чадсан нь зул сарын маш сайхан бэлэг боллоо” гэж “InSight” төслийн менежер Том Хоффмэн тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжөөр дамжуулан тус гарагийг судлах судалгаа үргэлжилсээр байх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Category: шинжлэх-ухаан-технологи
Өнгөрсөн долоо хоногт Самсунгийн танилцуулсан Galaxy A8s-ыг илүү том дэлгэцийн технологийн өрсөлдөөнд шинэ өрсөлдөөнийг бий болголоо гэгдэж байсан бол Huawei Nova 4гэдэг шинэ утсаа мөн танилцууллаа. Galaxy A8s-ын худалдаанд хэзээ гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд Nova 4-г Хятадад нээлтээ хийсний дараа худалдаалж эхлэх ажээ. Дараах бичлэгээс уг хоёр утасны үзүүлэлтүүдийг харьцуулан харвал илүү ойлгомжтой тодорхой болох юм.
Дэлхийн зах зээл дээр Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Европын холбооны улсууд болох Чех, Словени оронд орчин үеийн жижиг оврын агаарын хөлгийг угсарч, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. ИНЕГ болон “МИАТ” ТӨХК, ОХУ-ын Новосибирск хотын Сибниа нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион бүтээсэн ТВС-2МС агаарын хөлгийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран угсрах, Бүгд Найрамдах Словени Улсын ‘Pipistrel’ агаарын хөлгийг Монгол Улсад угсрах гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг хийж төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан.
Төслийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ТВС-2МС агаарын хөлгийг дотооддоо угсрахаас гадна Бүгд найрамдах Чех болон Словени улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсрах ажлыг судлаж, хэрэгжүүлэх юм.
Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, мэргэжилтэн Г.Цолмон, “МИАТ”ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын техникийн маркетингийн ахлах инженер Н.Адилбиш нарын албаны хүмүүс Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт ТВС-2МС агаарын хөлгийн анхны загварыг гардууллаа.
Монгол Улсад бага оврын агаарын хөлгийг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, Төрийн зайлшгүй үйлчилгээг алслагдсан сумдад хүргэх боломжтой.Үүнээс гадна бизнес, аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийг хөгжүүлэх, эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын агаарын хөлгийг эрчимтэй ашиглаж нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.
АНУ-ын сансар судлалын агентлаг NASA судалгааны шинэ робот станцаа арваннэгдүгээр сард Ангараг гарагт амжилттай газардуулсан. Уг судалгааны станцын тусламжтайгаар хүн төрөлхтөнд анх удаа алс холын Ангараг гарагийн салхины чимээг сонсох боломж тохиож буй талаар www.theguardian.com мэдээлжээ. Энэхүү станц нь Ангарагийн хөрсний дотор талыг судлах зорилготойгоор хөрсний чичиргээ, доргионыг хэмжих зориулалттай өндөр мэдрэмтгий багаж төхөөрөмж суурилсан байгаа аж. Уг төхөөрөмж арванхоёрдугаар сарын 1-ний өдөр салхины нөлөөгөөр үүссэн агаарын урсгалын чичиргээг бичиж авснаа дэлхий рүү илгээжээ. Судлаачдын тооцоолсноор тухайн үед салхины хурд 16-24 км/цаг орчим байжээ. Гэхдээ салхины чимээг бичих зорилго NASA-д анхнаасаа байгаагүй, энэ нь санамсаргүй тохиолдол байжээ. 2020 онд Ангарагт илгээх дараагийн станц нь өөр дээрээ хоёр микрофонтой байх тул харь гарагийн дуу чимээг бодитоор нь сонсгох ажээ.
Адал явдал, экстрем аялал сонирхогчдын хамгийн сайн мэдэх бага оврын хэмжээтэй, чанарын өндөр хүчин чадалтай видео камер бол мэдээж “Гө Про”. Шинэ үеийн “Хэро 6” нэртэй хар өнгийн 4 ка үзүүлэлттэй камер зураг, бичлэгийн алийг нь ч маш сайн чанартайгаар хийх боломжтой. Тус камер 4 ка форматаар нэг секундэд 60 зураг дарах чадалтай юм. Зохион бүтээгчдийн мэдээлснээр дэлхий ертөнцийг өөрийн нүдээр олж харсан бүхнээ байгаа тэр чинээгээр харуулж чадах цор ганц камер бол Хэро 6 хэмээн онцолж байна.
Байгалийн ямар ч нөхцөл байдалд ашиглах боломжтой тул хэрэглэгчдийн дунд маш их алдартай төдийгүй нэртэй уран бүтээлчид, кино найруулагчид тус Гө Про видео камерыг ашиглах маш их хүсэлтэй байдаг юм. Ус нэвтрүүлдэггүй тусгай зориулалтын шилэн гэр, элс шорооноос хамгаалсан гэр, доргилтоос хамгаалсан гэр гээд дагалдах хэрэгслүүдтэйгээр худалдаалагддаг. Шинэ үеийн Хэро 6 хар өнгийн гэрт зориулан бүтээсэн ус нэвтрэхээс хамгаалсан гэр усан дотор 10 метрийн гүн дэх даралтыг тэсвэрлэх боломжтой хэмээн онцолсон юм.
Мөн илүү олон төрлийн өнгө ялгаруулах дэлгэцний сайжруулсан технологийг нэвтрүүлж, автоматаар фокс тохируулагч системийн ажиллах хурдыг нэмэгдүүлсэн юм байна. Түүнчлэн дэлгэц нь мэдрэгчтэй болсон тул хүссэн үедээ бичиж байгаа объектоо ойртуулж, холдуулах боломжтой болжээ. Зах зээлд 499 америк доллараас эхлэн борлуулагдаж байгаа юм.
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /НАСА агентлаг/ “InSight” хэмээх сансрын автомат аппарат Улаан нүдэн гарагийн гадаргуу бүхий анхны зургаа дэлхий рүү илгээжээ. Уг аппарат Ангараг гарагийн Элизия өндөрлөгийн бүсэд амжилттай газардсан байна. Үүний дараа мэргэжилтнүүд анхны зургийг хүлээж авснаа мэдээлжээ. Аппаратад суурилуулсан тунгалаг линз бүхий камераар авсан уг зургаас Ангаргийн өчүүхэн төдий тоосонцрууд болон үзэгдэх орчныг харж болно. “Аппаратын бүх систем хэвийн ажиллаж байна. Аппаратыг газардуулах ажиллагаа төгс боллоо” гэж шууд нэвтрүүлгийг дамжуулсан хөтлөгч мэдээлжээ. “InSight” аппаратыг Ангараг гарагийн геологийн бүтцийг судлах зорилгоор бүтээсэн байна. НАСА-гийн мэргэжилтнүүд уг аппаратыг 2016 оны гуравдугаар сард Ангараг гараг руу илгээхээр төлөвлөж байсан боловч “CNES” компанийн захиалгаар Францын инженер, эрдэмтдийн бүтээсэн газар хөдлөлтийг хэмжих “SEIS” багажны ажиллагаанд доголдол гарсны улмаас хойшлуулжээ.
Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй түүхэнд анх удаа хүний үр хөврөлийн ДНХ-г өөрчилсөн тухайгаа мэдэгджээ. Энэ тухай “The Telegraph” сонинд мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, тэрбээр нөхөн үржихүйн эмчилгээ хийх явцдаа долоон хос үр хөврөлийг өөрчилсөн боловч одоогоор зөвхөн нэг жирэмслэлт үр дүнгээ өгсөн нь 11 дүгээр сард мэндэлсэн хоёр ихэр охин аж. Эрдэмтний ярьснаар, түүний гол зорилго нь удамшлын өвчнийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх бус харин жирийн хүмүүст байдаггүй ХДХВ болон ДОХ-ын халдварыг эсэргүүцэх чадварыг бий болгох юм. Эрдэмтний явуулсан туршилтад оролцсон эрчүүд бүгд ХДХВ-ийн халдвар авсан байсан бол эмэгтэйчүүд нь эрүүл байжээ. ХДХВ-ийн халдварыг үр дүнтэй эмчлэх явцад хүүхдэд уг вирус халдахгүй байх боломжтой гэдгийг тэрбээр хэлсэн байна. Гэхдээ түүний туршилтын гол зорилго нь хүүхдийг ирээдүйд халдвар авахаас хамгаалахад чиглэсэн аж. “The Telegraph” сонинд мэдээлснээр, Хятадын эрдэмтний судалгааг бусад эрдэмтэн шалгаагүй байгаа учир шинжлэх ухааны хэвлэлүүдэд нийтлээгүй байна. Доцент Хэ Зянькуйг 2021 оны нэгдүгээр сар хүртэл албан тушаалаас нь түр хугацаанд цалинтай чөлөөлсөн гэж Шэньжэн хотын Шинжлэх ухаан, техникийн өмнөд их сургууль энэ оны хоёрдугаар сарын 2-нд мэдэгджээ. Генийг өөрчлөх технологийг хүний үр хөврөлд ашиглах нь шинжлэх ухааны ёс суртахууны зарчмууд хийгээд практикийг бүдүүлгээр зөрчсөн явдал юм гэж тус их сургууль мэдэгдсэн байна.
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бидний төсөөлж, зөгнөж байсан тэр хэмжээнд өнөө цагт хүрч ирээд байна. Үүний нэг бол ердөө харцаараа зурагтаа удирдаж болдог технологи юм. Тодруулбал, “Netflix” компани өөрсдийн /айос/ апп-наа түшиглэн бараг л ид шидийн зүйлийг бүтээжээ. Энэ бол “Eye Nav” /Ай нав/ нэртэй апп–ныг ашиглан нүднийхээ хөдөлгөөнөөр гэрийнхээ зурагтаа удирдах шинэ боломж, үйлчилгээ юм.
Бид анх зурагт гэх шидэт хайрцагтай танилцаад бараг 90 орчим жилийг ардаа орхисон байна. Энэ богинохон хугацаанд бидний мэдэх, бидний эдэлж хэрэглэж ирсэн зурагт сайжран шинэчлэгдсээр өнөөдөр оюун ухаанаараа удирдаж болдог технологитой нүүр тулаад байна. Үүний нэгэн тод жишээ бол үзэгч таны харж байгаа ухаалаг гар утсанд суурилагдсан шинэ үеийн апп юм. Төсөөлөөд үз лдээ… Зурагтаа үзэх гэж байгаа хүн ухаалаг гар утасныхаа /Ай нав/ нэртэй апп-наа ашиглан нүүр ам, нүднийхээ хөдөлгөөнөөр зурагтынхаа сувгийг солих, дуугаа чангалах, ухаалаг зурагтаасаа мэдээ мэдээллээ хайж олох боломжтой боллоо гээд… Энэ зүйл бодит байдалтайгаа учраад байна.
Энэ /Ай нав/ нэртэй апп–ныг санаачлан, хөгжүүлэгчид бол программист мэргэжилтэй Бен Рукс, Жон Фокс, Стив Хендерсон нар юм. Тэдний бүтээсэн энэ апп бүхий үйлчилгээ дэлхий нийтэд шинэ нээлт авчирч, дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниуд болон алдартай /IPTV/ компаниуд хамтран ажиллах болно гэдэгт тэд итгэлтэй байгаа төдийгүй найдвар тавьж байгаа. Одоогоор гарааны технологи, шинэ нээлт учраас хараахан төгс гүйцэтгэлтэй болж амжаагүй. Гэхдээ нүдний хөдөлгөөн, нүүрний хувирал, толгойны хөдөлгөөн, дуут хоолойн команд нэг бүрийг түшиглэн хослуулан хөгжүүлэх боломжтой. Үүнтэй ижил төстэй үйлчилгээтэй технологи хөгжүүлэгчидтэй хамтран ажиллавал илүү боловсронгуй болно гэж харж байна.
Өнгөрсөн долоо хоногт Самсунгийн анх удаа үзүүлсэн дэлгэц нь нугардаг гар утасны хэзээ худалдаанд гарах, ямар үнэ ханштай, ямар нэртэй байх зэрэг мэдээллийг Ёнхап агентлаг олж мэдээлжээ. Гэхдээ сая үзүүлсэн бүтээгдэхүүн нь зах зээлд гарах эцсийн хувилбар биш, туршилтын загвар байсан юм.
Уг өвөрмөц бүтээгдэхүүний нэр нь Galaxy F (Foldable гэсэн үгний товчлол бололтой) байх ба ирэх оны гуравдугаар сард албан ёсоор зах зээлд танилцуулагдана гэжээ. Энэ нь тус компаниас Galaxy S цувралын шинэ загварыг танилцуулснаас хойш нэг сар орчмын дараа гэсэн үг юм.
Galaxy F нь масс зах зээлд зориулагдсан бүтээгдэхүүн биш, зах зээлийн тусгай хэсэгт зориулагдсан байх тул үнэ нь $1,770 орчим байна гэжээ.
Гэхдээ Самсунг үнийг эцэслэн тогтоогоогүй байгааг Ёнхап мэдээлсэн байна.
Ирэх оны хоёрдугаар сард Испаний Барселонд болох Mobile World Congress арга хэмжээний үеэр тус компани Galaxy S цувралын шинэ загвараа танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа Самсунг Galaxy S10 загвараа 5G сүлжээтэй гаргахаар бэлдэж байгааг салбарын эх сурвалжууд мэдээлжээ.
Харин дараагийн сард нь зах зээлд гарах Galaxy F ухаалаг гар утас 5G сүлжээтэй ажилладаггүй байх гэнэ.
Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр анх удаагаа нугардаг дэлгэцтэй гар утасны бодит загварыг олон нийтэд үзүүллээ.
Дөрвөн жилийн турш ийм гар утас бүтээхээр ажилласны үр дүнд өчигдөр Сан Францискод болсон хөгжүүлэгчдийн чуулган дээр Infinity Flex Display нэртэй туршилтын загварыг танилцуулсан байна.
Уг загвар нь нугардаг дэлгэцтэй гар утас ямар байхыг үзүүлсэн концепц бөгөөд худалдаанд гарах бүтээгдэхүүн нь үүнээс өөр байх юм.
Нугарч эвхэгдсэн үедээ том, зузаан гар утас шиг харагддаг бол ном шиг дэлгэхэд 7.3 инчийн дэлгэцтэй таблет болж хувирдаг байна.
Самсунг нугардаг дэлгэцтэй гар утсаа ирэх онд зах зээлд танилцуулахаа амласан юм.
Ийм гар утас нь Андроидын тусгай хувилбартай ажиллахаар бүтээгдэж байгаа гэнэ.
Нугардаг дэлгэцийг бүтээхдээ хэдэн зуун мянган удаа эвхэж, дэлгэхэд гэмтэхгүй байх тусгай материал ашигласан байна.
Ийнхүү олон жил яригдаж байсан технологийг Самсунг анх удаа бодитоор харууллаа.