Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Tadpole галактикийн тухай

Мянга мянган галактикуудын гайхамшигт дүр төрхийн дундаас онцгойрон харагдах энэхүү галактик нь, уртаас урт урсгал татуулан сансарын уудамд уралдаж буй мэт оддын хөврөлөөр ер бусын харагдах аж.

Дээрх оддын айг “Tadpole” гэх бөгөөд эл зургийг НАСА болон ЕСА нь Servicing Mission 3B хэмээх төслийн хүрээнд Хаббл сансрын телескопт суурьлуулсан Advanced Camera for Surveys (ACS) дурангаар авсан байна. Тадпол нь ойролцоогоор 420 сая гэрлийн жилийн зайд орших Драко одны ордонд байрладаг.
Астрономчидын үзэж буйгаар 100 сая жилийн өмнө нэгэн бяцхан Компакт галактик, Тадпол галактиктай харилцан таталцлын улмаас мөргөлдөн зүүнээс баруун руу (зурагт харагдах байдлаар) дайран өнгөрөхөд Тадполоос багагүй хэмжээний одод болон тоосонцор татагдан сугарч Бяцхан галактикийн одод ба тоосонцортой холилдон чиглэлийнхээ дагуу олон сая жилийн турш хөвөрсөөр уг 280’000 гэрлийн жилийн урттай сүүлийг үүсгэжээ.
Хоёр галактикийн мөргөлдөлтийн улмаас үүссэн уртаас урт хөврөн буй Сүүлэнд болон Тадполын спираль тойрогт асар олон тооны залуу цэнхэр одод ба оддын бөөгнөрөлүүд харагдах аж. Эдгээр бөөгнөрөлүүдийн тус бүрийг нэг сая орчим одод бүрдүүлж буй юм. Тэдний цэнхэр өнгө нь маш өндөр температураас нь шалтгаалах бөгөөд манай Нарнаас 10 дахин халуун, нэг сая дахин хурц гэрэл цацруулдаг байна. Хамгийн том, хамгийн цэнхэр одод шатахуунаа шавхан нас ахих явцад оддын бөөгнөрөлийн өнгө нь аажим аажмаар улаан болж хувирдаг. Эдгээр задгай бөөгнөрөлүүд нь эцэстээ, орчлонгийн бараг бүх галактикуудад тэр дундаа манай Сүүн зам галактикт зуу зуугаараа байх хуучин оддын бөмбөрцөг хэлбэрийн бөөгнөрөл болох болно.
Хөврөн буй сүүлэнд залуухан тод цэнхэр оддын хоёр бөөгнөрөл бие биенээсээ нилээн зайтай харагдах агаад эдгээр оддын бөөгнөрөл нь Тадполын тойрог замд бүслүүр байдлаар тойрдог одой галактикууд болох болно. Ойролцоогоор 3000 галактик Тадполын цаана зургийг бүхэлд нь хамран харагдах аж. Галактик тус бүрт хэмжээнээсээ хамааран 100-300 тэрбум одод болон тэдгээрийг дагах дагуулууд бий….
Зургийн кредит: НАСА, ЕСА.

Эх сурвалж:

https://www.facebook.com/photo.php?fbid=2859365264126030&set=gm.1923136714485213&type=3&theater&ifg=1

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2019 оны шилдэг судлаачдыг тодрууллаа

ШУА-иас эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс дахин олгохоор боллоо.

Энэхүү шагналыг олгохдоо ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг байна.

Өнөө жил “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд 6 хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшжээ.

Эдгээр судлаачдаас ШУА-ийн ФТХ-ийн төслийн удирдагч, доктор (Ph.D) Г. Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”-аар, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус тодорлоо.

Дашрамд дурдахад, ШУА-иас олгодог энэхүү шагнал 11 жил завсардаад байсан юм. Энэ үеэр мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж шинжлэх ухааны салбарын зарим эрдэмтэн судлаачдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулж өгсөн юм.

“Шилдэг судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн нь МУИС-ийн Байгалийн ухааны Факультетийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн. “Ширмэн бүтээгдэхүүний физик химийн судалгаа” сэдвээр химийн ухааны магистрын зэрэг, МУИС-ийн Хими, физикийн хамтарсан эрдмийн зөвлөлд “Протон солилцооны мембрант түлшний элементийн процессийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч, тус хүрээлэнд 25 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.

Доктор Г. Сэвжидсүрэн нь сүүлийн 4 жилийн хугацаанд физикийн ухаанаар 2 магистр, физик, химийн ухаанаар 2 докторант оюутны судалгааны ажлыг удирдаж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна. Тэрбээр БСШУСайдын нэрэмжит докторын дараах грант, БСШУЯ-ны Цөм технологийн төслийн уралдаанд шалгарч, төсөл хэрэгжүүлсэн, Литийн ионы батарейн 2 лаборатори шинээр байгуулсан, ашигтай загварын гэрчилгээ авсан, “ШУТИнноваци-2018” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээлийн шагнал”-тай, ЕБС-ийн Физик 1, 2 номын редактораар ажиллаж, хэрэглээнд нэвтрүүлсэн, 2 магистр, 2 доктор удирдан хамгаалуулсан, сүүлийн 5 жилд 30 гаруй ЭШӨ хэвлүүлснээс ОУ-ын IF сэтгүүлд 15-ыг хэвлүүлсэн, ишлэлийн тоо 34 байна.

“Шилдэг залуу судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц. Золзаяа нь 2007 онд ШУТИС-ийг Химич, химийн технологич мэргэжлээр, 2011 онд “Вольфрамитын баяжмалаас механохимийн идэвхжүүлэлтээр вольфрамын оксид гаргах авах судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, 2019 онд “Монгол орны дулааны цахилгаан станцын үнс ашиглан геополимер төстэй барилгын материал гарган авах судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ХХТХүрээлэнд 11 дэхь жилдээ ажиллаж байна.

Докторын судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон. Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалуудыг гарган авахад цемент хэрэглээгүй нь зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг маш олон давуу талтай ажлууд болсон байна. Тухайлбал:

-Хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна

-Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай

-Бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага зэргийн дурдаж болохоор байна.

Ажиллах байх хугацаандаа номын бүлэг 1, патент 2, стандарт 2, ЭШӨ 17, үүнээс гадаадад 8, эрдэм шинжилгээний илтгэл 19, үүнээс гадаадад 8, технологийн заавар 2-ийг гаргасан бүтээлтэй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

TESLA анхны цахилгаан пикапаа танилцууллаа, үнэ $39,900 эхэлнэ

Дөнгөж сая Лос Анжелес хотноо Элөн Маск өөрсдөйн шинэ загварын пикап буюу Cybertruck-ыг танилцууллаа. Үнийн хувьд 39,900 доллараас эхэлж худалдаанд 2021 оноос гарна гэнэ.

Хэлбэрийн хийцийн хувьд аварга том метал трапец хэлбэртэй байгаа нь тун зоримог бөгөөд өвөрмөц бас хэн ч төсөөлж байгаагүй хэлбэр байв.

Тус загварыг танилцуулснаар компанийн хувьд 2003 оноос хойш 6 дахь уран бүтээл болж байгаа юм. Түүнийг АНУ-ын зах зээлд 40 жил ноёлсон Фордын Ф цуврал, Шевролетийн Силверадо загваруудтай өрсөлдүүлэх аж.

Өөр нэгэн онцлог гэвэл түүний шилийг алхаар цохисон ч хагарахгүй, кузовыг гар буугаар буудсан ч сум нэвтрэхгүй хийцтэй гэнэ.

Хүчин чадлын хувьд хямд загвар нь ганц цахилгаан мотортой. Бүтэн цэнэгээрээ 400 км зайг туулна. Харин арай үнэтэй нь хос цахилгаан мотор, бүх дугуйн хөтлөгчтэй. Үнийн хувьд $49,900 гэнэ. Харин туулах зай нь 800 км гэсэн онц ноцтой тоог хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: cardoctor.mn


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Tesla”-гийн цахилгаан пикап машины үнэ 50 мянган ам.долларын үнэтэй

“Tesla” компанийн шинэ цахилгаан пикап машиныг 50 мянган ам.доллароор худалдан авах боломжтой тухай “CNN” телевиз мэдээлжээ.

“Cybertruck” хэмээн нэрлэсэн энэхүү машинаа “SpaceX” компанийн пуужингийн үйлдвэрээс холгүй орших газарт танилцуулна гэдгээ “Tesla” компанийн тэргүүн Илон Маск “Twitter” хуудсандаа өмнө нь мэдээлсэн юм. Энэхүү шинэ цахилгаан пикап машин нь АНУ-д хамгийн алдартай пикап F-150-с илүү хэмээн И.Маск үзэж байгаагаас гадна тус машиныг “Porsche-911”-тай харьцуулсан байна.

CNN” телевизийн мэдээлснээр, “Tesla” компаниас гадна “Ford” болон “General Motors” компани мөн цахилгаан пикап машин бүтээхээр ажиллаж байгаа бол “Rivian” компани бартаат замын цахилгаан пикап машиныхаа загварыг танилцуулаад байгаа аж.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Хятадын үндэсний сансрын агентлагтай хамтран ажиллана

image

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын Удирдах зөвлөлийн 13 дахь хурал Монгол Улсад өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдав. Гишүүн орнуудын удирдлагуудын төлөөлөл бүхий Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат удирдан явууллаа. Хуралд Бангладеш, БНХАУ, Иран, Монгол, Пакистан Перу, Тайланд, Турк зэрэг улсын удирдах түвшний 50 орчим төлөөлөгчид оролцож санхүүгийн болон аудитын тайлан, хөгжлийн төлөвлөгөө, гишүүнчлэлийг өргөжүүлэх бодлого, баримтлах журам зэрэг нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Түүнчлэн хурлын үеэр тус байгууллагын боловсрол, сургалтын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургууль, Харбины технологийн институцитэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Мөн хиймэл дагуулын мэдээ хамтран ашиглах чиглэлээр Хятадын үндэсний сансрын агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь гишүүн орнуудын хувьд сансрын технологи, түүний хэрэглээний чиглэлээр хүний нөөцөө чадавхижуулахад чухал алхам болсныг хуралд оролцогчид онцоллоо.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Volkswagen” бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа үйлдвэрлэж эхэлжээ

Даваа гарагт Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани зүүн нутгийн Цвиккау хотноо байрладаг шинэчилсэн үйлдвэртээ бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “ID.3” автомашиныг танилцуулсан байна.

“Volkswagen” уг үйлдвэрийг шинэчлэн ирэх онд цахилгаан хөдөлгүүртэй 100 мянга гаруй тээврийн хэрэгслийг үйлдвэрлэхийн тулд 1.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

“2021 оноос эхлэн жилд 330 мянган цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болсноор уг үйлдвэр Европ дахь цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хамгийн том үйлдвэр болно” гэж “Volkswagen” компанийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн 10 дугаар сард Франкфурт хотноо болсон авто шоуны үеэр “Volkswagen” цахилгаан хөдөлгүүртэй шинэ үеийн автомашинуудынхаа анхдагч болох “ID.3”-ыг албан ёсоор үзүүлсэн бөгөөд энэхүү автомашин нь бүтэн цэнэгээр 420 километр зам туулах чадалтай ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өнөөдөр Алфред Нобелийн мэндэлсэн өдөр

Алфред Нобель. Төрсөн өдөрт нь зориулав.

Альфред Бернхард Нобель 1833 оны 10 дугаар сарын 21-нд Шведийн Стокхольм хотод төржээ. Тэрбээр Роберт, Людвиг гэж хоёр ах, Эмиль хэмээх дүүтэй байжээ.
Түүний эцэг Эммануэль Нобель архитекторч мэргэжилтэй хүн байсан бөгөөд гүүр барьдаг инженер байв. Гүүр барихын тулд хад чулуу тэслэх хэрэгтэй. Ингээд аав нь тэсэлгээчин болов. Эммэнуэль 1842 онд гэр бүлийн хамт Петербургт ирж суурьшсан байна. Тухайн үед Орос орон хүчирхэг армитай болох бодлогыг түлхүү баримталж байсан учир Эммануэль Нобель Оросын армид зориулж төрөл бүрийн тэсрэх бодис үйлдвэрлэх ажил эрхлэв. Эцэг нь хүүхдүүдийнхээ боловсрол онцгой анхаардаг нэгэн байсан нь ач тусаа өгч Альфред 17 насандаа Швед, Орос, Франц, Англи, Герман 5 хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг болсон байв. Аав нь түүнд мэргэжлээ өвлүүлэхийг хүссэн тул тэрээр химич, инженер болж, профессор Николай Зениний удирдлаган дор ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хийж эхэлсэн байна. Крымийн дайны дараа Орос оронд тэсрэх бодисын худалдаа буурсан тул компани нь дампуурлын ирмэгт ирэхэд аав нь гэр бүлээрээ нутаг буцах шийдвэр гаргажээ. Харин түүний ах нар энэхүү бизнесээ үргэлжүүлэн ажиллаж үлдэх хүсэлтэй байсан тул Орост үлдэж Альфред аав, ээж, дүүгийн хамт нутаг буцжээ. Ингээд тэд төрсөн нутаг Шведдээ эргэн ирж судалгаагаа үргэлжлүүлэхийн хажуугаар нитроглицерин үйлдвэрлэх тэсрэх бодисын үйлдвэр байгуулжээ. 1864 онд үйлдвэрт дэлбэрэлт гарч дүү Эмиль нь өөр 4 хүний хамт амь үрэгджээ. Энэхүү эмгэнэлт явдлын дараа Засгийн газраас хүн амын төвлөрөл ихтэй учраас Стокгольм хотын нутаг дэвсгэрт тэсрэх бодисын туршилт хийхийг хориглов. Альфред сэтгэл санааны хүнд цохилтонд орсон ч бууж єгөхийг хүссэнгүй. Аав нь үйлдвэрийг удирдах эрхийг Альфредэд шилжүүлсэн ба аюул багатай, үйлдвэрлэхэд хялбар тэсрэх бодис гаргаж авах нь түүний мөрөөдөл болов. Тэрээр туршилтаа хотоос зайдуу гэртээ, нууранд завин дээр, ачааны усан онгоцон дээр хийж байлаа. 2 жилийн дараа 1866 онд нитроглицеринийг кисельгур гэдэг бодистой хольж шинэ төрлийн тэсрэх бодис гарган авчээ. Альред түүнийгээ “Динамит” гэж нэрлэв. Дараа нь салют зохион бүтээв. Тэсрэх бодис нь туннел ухах, хад чулуу тэслэх, гүүр барих зэрэг уул уурхай, зам харилцаа, бүтээн байгуулалтын ажлуудыг ихэд хялбарчилж, зардал хэмнэх болсон тул борлуулалт сайн байлаа. Салют нь баяр ёслолд ихээр ашиглагдана. Бүтээлүүд нь түүнд асар их нэр хүнд, орлого авчирчээ. Бизнес нь ч цэцэглэж дэлхийн 20 гаруй оронд 90 салбар үйлдвэртэй том компани болж. Тэр Парист амьдардаг байсан боловч 20 гаруй оронд байх үйлдвэрүүдээрээ тойрч ажиллан явдаг учраас түүнийг “Европын хамгийн баян тэнүүлч” гэж шоглон нэрлэдэг байв. Нобель зөвхөн тэсрэх бодисоос гадна нийлэг эд, резин, савхи, торго зэргийг туршиж байлаа. Амжилтийн ид үед нь түүний нэр дээр 355 патент байсан гэхээр ай бас мундаг толгой байж. Ингээд Альфред Нобель дээдсийн хүрээнд нөлөө бүхий нэгэн болж улс төрийн зүтгэлтнүүдтэй нөхөрлөдөг болов. Энэ хооронд Оросод үлдсэн ах нарынх нь ч бизнес тун амжилттай байж, Каспийн тэнгисийн сав газарт газрын тос олборлон үлэмж баян бизнесмэнүүд болжээ.
1888 онд түүний ах Людвиг нас баржээ. Сонины редакци чинээлэг бизнесмэн Нобель гэгч нас барсан мэдээг сонсонгуутаа мэддэгээр нь Альфредийг нас барсан гэж ойлгожээ. Альфред Нобель өглөөний сонин гарчиглаж байхдаа “Le marchand de la mort est mort” буюу “Үхлийн наймаачин үхлээ” гэсэн нийтлэлийг уншжээ. Сонин дээр түүнийг тэсрэх бодис зохион бүтээж, түүнийг нь армиуд дайн тулалдаанд хэрэглэснээр олон хүний амийг авч одсон боловч өөрөө ингээд үхэх өдөр нь бас ирдэг л юм байж гэж бичсэн байж. Альфред Нобель маш эгдүүцэж, бас гомджээ. Тэр хүн алдаг зэвсэг хийсэн юм гэж үү? “Үгүй, би хүн төрөлхтний тусын тулд, хамгийн аюулгүй тэсрэх бодис, бүтээн байгуулалтын зэвсэг хийсэн” гэж өөрөө өөртөө хариулаад, энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулах хүсэлтэй, дуу хоолойгоо өргөдөг зүтгэлтэн болов.
Тэрээр үр хүүхэдгүй нэгэн байсан тул хэрэв өөрийг нь нас барвал түүний компани, бүх эд хөрөнгийг бэлэн мөнгө болгон сан байгуулах, уг санг банкинд хадгалуулж, хүүгийн орлогоос нь хүн төрөлхтний өмнө хүндтэй гавъяа байгуулсан эрдэмтдийг шагнаж урамшуулж байхыг хүсч, гэрээслэл бичжээ. Ингээд 1895 оны 11дүгээр сарын 27-ны өдөр ноториатч дуудаж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө физик, хими, аганаах ухаан, утга зохиол, энх тайвны салбарт амжилттай ажилласан хүмүүст олгох Нобелийн шагнал бий болгох тухай гэрээслэлээ баталгаажуулан гарыг үсэг зурах үед гэрчүүд бага зэрэг гайхсан боловч, эзэн нь юмаа мэдэж байгаа байлгүй, бидэнд ямар хамаатай юм бэ гээд дуугүй өнгөрцгөөжээ. Үүнээс нэг жил гаруйн дараа 1896 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Альфред Нобель Италийн Сан Ремо хотод байх гэртээ тархинд нь цус харваж өөд болонгуут ноториатч гэрээслэлийг гаргаж ирж төрөл төрөгсдөд нь танилцуулжээ. Хамаатнууд болон бизнесийн хамтрагч нар нь түүний гэрээслэлд сэтгэл дундуур байсан бөгөөд, хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаан үүсгэж бүтэн 4 жил явсан боловч талийгаачийн өөрийн хүсэл мөрөөдөл энэ байсан гэх гэрээслэлд аргагүй ялагджээ.
Ингээд 1901 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр буюу түүний нас барсан өдөр дурсгалыг нь хүндэтгэн физик, хими, анагаах, утга зохиолын салбарт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг олгодог болжээ.
Нобелийн шагнал нь медаль ба мөнгөн шагналаас бүрдэнэ. Медаль нь 86 мм диаметртэй, 200 г жинтэй, 23 карат алт орсон, нэг талд нь А.Нобелийн дүрийг товойлгон, төрсөн ба нас барсан оныг бичсэн, ар талд шагнал авсан тухайн эрдэмтний нэр байдаг байна. Мөнгөн урамшуулал нь 9 сая Швед крон буюу ойролцоогоор US$986,000 байдаг. Нэг салбарт олон эрдэмтэн шагналыг хамт хүртвэл уг шагналыг хувь тэнцүүлэн хувааж өгдөг.
Шагнал гардуулсны дараагаар шагнагдагсад нь Нобелийн сангийн дүрмийн дагуу Стокгольмд ирж, Нобелийн шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар лекц уншдаг заншилтай агаад үүнийг Нобелийн лекц гэнэ.
2018 оны байдлаар 590 Нобелийн шагналыг 935 хүн хүртжээ.

ЦЭНГЭЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

iPhone 11 хиймэл оюун ухааны тусламжтайгаар зургийг маш тод гаргана

“Apple” компани уламжлалт ёсоор iPhone утасны шинэ загварыг намар танилцуулдаг билээ. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр iPhone 11 загвараа дэлгэлээ. Уг арга хэмжээнд Apple дагалдах үйлчилгээнүүдээ давхар танилцуулсан. Үүнд дижитал контент болох тоглоомын Apple Arcade болон кино, ТВ цуврал үзэх Apple TV+ зэрэг үйлчилгээ багтсан юм. Мөн шинээр iPad загвар, Apple Watch дараагийн үеийн загварыг танилцуулжээ.

Шинээр гарсан iPhone загварууд нь iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гэсэн нэртэй. Үнийн хувьд iPhone 11 699$-ээс эхлэх бол iPhone 11 Pro $999, I Phone 11 Pro Max 1099$ үнээс эхэлж байгаа юм. Камер нь маш мэдрэмтгий өргөн өнцөгтэй болж өнгөний сонголт нэмэгджээ. Мөн түүнчлэн A13 Bionic хүчирхэг чипийг тус загварууд өөртөө агуулсан юм.

Дээрх загварууд өмнө жил танилцуулсан iPhone XS, iPhone XS Max болон iPhone XR загваруудтай адилхан хэмжээтэй гарсан. Гэхдээ харагдах байдлаасаа камерууд өөрчлөгдсөн.

i phone 11 зурган илэрцүүд

iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max загварууд гурван төрлийн камертай болсон нь энэ жилийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний хамгийн онцлох үйл явдал нь болсон байна. Түүнчлэн Face ID унших хурд эрс нэмэгдсэн бөгөөд хормын дотор таны нүүрийг таних боломжтой. Энэ үйлдлийг хүчирхэг A13 Bionic чип гүйцэтгэж чадах гэнэ.

Тус чип нь батарей хэмнэх чадамжтайгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч утсаа ашиглаж байхдаа шаардлагагүй хэсгүүдээ ажиллуулахгүй байх боломжтой. Шаардлагатай тохиолдолд үндсэн чадамжаа 20% нэмэгдүүлж илүү хурдан ажиллаж чадах гэнэ. Мөн цэнэглэгч нь Type-C оролттой болсон нь онцлох шинэчлэлт бөгөөд ижил төрлийн Type-C хүлээн авах адаптер залгах боломжтой. Ямар нэг хөрвүүлэгчгүй шинэ Macbook загварууд дээр холбож болно.

i phone 11 зурган илэрцүүд“Apple” компани анх удаа өргөн линз болон telephoto авах линз мөн илүү өргөн линз гэсэн хосолсон мэдрэгчтэй камерууд суурилуулж байгаа нь энэ юм.

Түүнчлэн урд камер нь 12 мегапиксел, арынх нь 13 мегапиксел нягтаршилтай болжсон. Өмнөх загваруудаас илүү өргөн линзэн дээр нэмээд 12 мегапиксел болон telephoto зураг дарах мэдрэгчүүд суурилуулсан байна. “Apple” компанийн эдгээр ухаалаг утаснууд камертаа сайжруулалт хийснээр бусад компанийн утаснуудаас өргөн зураг дарж чадахаар болсон хэмээн мэргэжилтнүүд онцолсон. Хэрэглэгчид байгалийн болон харанхуй орчны зураг дарах гэх фото зурагтай холбоотой бүх асуудлыг сайн шийдэж өгсөн хэмээн “Apple”-инхан итгэлтэйгээр танилцуулсан юм.

Орчин болон өнгийг мэдэрдэг ухаалаг камер нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг шийдэл болсон байна. Ингэснээр шөнийн цагаар эсвэл гэрэлтүүлэг муутай үед зургийг тод гаргах боломж бүрджээ.

Камер дээр нэмэгдсэн бас нэг сонирхолтой нэмэлт нь урд камер дүрсийг удаашралтайгаар авдаг тохиргоотой болсон гэнэ. Үүнийг “Apple” компани “slofie” гэж нэрлээд байгаа юм. Үүнийгээ залуусын дунд трэнд болох магадлал өндөртэй гэж үзэж байгаа гэнэ.

i phone 11 зурган илэрцүүд

Дээрх шинэ загваруудын урьдчилсан захиалга энэ сарын 13 буюу ирэх баасан гаригт эхлэх ба есдүгээр сарын 20-ноос Apple.com болон Apple-ийн дэлгүүрүүдээр албан ёсоор худалдаалагдах юм.

iPhone 11 Pro болон Pro Max
түлхүүр үзүүлэлт


5.8 болон 6.5 инч бүхий OLED дэлгэц (нэг инчид агуулагдах пиксел 458 “458
ppi”)
• Super Retina
XDR дэлгэц HDR10 болон Dolby Vision, Dolby Atmos формат дэмжинэ
• Gold, Space Gray,
Silver, Midnight Green гэсэн өнгүүдтэй
• 64GB, 256GB, 512GB багтаамжийн сонголттой
• 3 камер нь 4x хүртэл optical zoom хийнэ: Wide, ultra-wide, telephoto линзүүд
• Night mode дэмжинэ
• Deep Fusion технологийн тусламжтай хиймэл оюун ухааны тусламжтай зургийг илүү
тод гаргаж чадна. Удахгүй нэмэгдэх нэмэлт
• Өмнөх iPhone загваруудаас iPhone 11 Pro загвар 4 цагаар илүү харин iPhone Pro
Max загвар нь 5 цагаар илүү цэнэгээ барина
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Урд болон ард камер
хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• Protrait lighting эффект дээр шинээр “Monochrome” эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах
боломжтой
• Fast charging
цэнэглэгч дагалдана
• iPhone 11 Pro 999$
үнээр эхэлж худалдаанд гарна
• iPhone 11 Pro Max 1,099$ үнээр эхэлж худалдаанд гарна

iPhone 11 түлхүүр үзүүлэлт

• 6 төрлийн
өнгө : Хар, Шар, Яагаан, Ногоон болон Product RED тусгай загвар мөн цагаан
• A13 Bionic чип
• 64GB, 128GB, 512GB
багтаамж
• iPhone XR загвараас 1 цаг гаруй илүү хугацаанд цэнэгээ барина
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Хос камерын систем буюу 12-megapixel камер болон линз : wide болон ultra-wide
линзүүд
• Night mode дэмжинэ
• Protrai lighting эффект дээр шинээр “Monochrome” эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах боломжтой
• Урд болон ард камер хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• 699$ үнээр эхэлж
худалдаанд гарна

А.МӨНХЗУЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Volkswagen шинээр үйлдвэрлэсэн цахилгаан автомашинаа танилцууллаа

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн автомашины шилдэг брэндүүдийн нэг Volkswagen шинэчлэгдсэн лого бүхий шинэ автомашинаа танилцууллаа.

Volkswagen ID.3 загвар бол тус компанийн үйлдвэрлэж албан ёсоор танилцуулж буй хамгийн анхны цахилгаан автомашин юм. Цаашид ID цахилгаан машинуудыг цувралаар үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Шинэчлэгдсэн лого нь өнгөцхөн харахад хуучнаасаа нэг их ялгагдахааргүй боловч анхааралтай ажиглавал V, W хоёр үсийг салангид байдлаар бүтээжээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Хамгийн өндөр орлоготой гар утасны тоглоомоор “PUBG” тодорчээ

Сүүлийн үед хүүхэд залуусын тоглох дуртай 100 сая гаруй тоглогчтой “PUBG MOBILE” тоглоом нь өнгөрсөн сард 146 сая ам доллар олсоноор хамгийн өндөр орлого олж байгаа гар утасны тоглоом боллоо. Тоглогчид өөсдийн баатартаа өмсгөх хувцас болон төрөл бүрийн чимэглэл, бууг худалдан авдаг нь “PUBG” тоглоомын орлогын ихэнх хэсгийг эзэлдэг байна. Нийт 146 сая ам долларын орлогын 76 сая нь уг тоглоомын хятад хувилбар болох “Game For Peace”-ээс олсон орлого аж. Хятадын Засгийн газраас “PUBG MOBILE” тоглоомыг орлого олохыг нь зөвшөөрөөгүй тул хөгжүүлэгч “Tencent”-ийн зүгээс тавдугаар сард тоглоомныхоо зарим нэг зүйлд өөрчлөлт оруулан “Game For Peace” нэртэйгээр нийтэлсэн байдаг байна.

Г.Ануударь