Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“CLICK FARM” ГЭЖ ЮУ ВЭ?

“Click Farm” гэдэг нь олон тооны компьютер, гар утас ашиглан цахим хаяг болон эд зүйлсийн хандалтыг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн зүйлсийг бодит мэтээр харагдуулан мөнгө олох нэгэн төрлийн бизнес юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн дэлхий ертөнц олон хүний хандалт авч байгаа үйл явдалд автоматаар анхаарал хандуулдаг болсныг ашиглан мөнгө, нэр хүнд олж авч байгаа үйлдэл юм.

“Click Farm”-ыг анх 2017 онд Тайланд Улсад нэвтрүүлж ашигласан ба дэлхийн зарим орнуудад үүнийг хууль бусаар мөнгө угаах гэмт хэмээн үздэг байна. Учир нь олон нийтийн сэтгэл зүйд халдаж, тархи угаах зарчмаар өөрсдөдөө ашигтай байдал үүсгэн их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг байна.

“Click Farm”-ыг зөвхөн цахим хаяг хөгжүүлэхэд ашигладаггүй бөгөөд улс төр, бизнес болон урлаг соёлын салбарт ч ашигладаг байна.

Тухайлбал “Click Farm”-ыг улс төрийн салбарт ихэвчлэн сонгуулийн үйл ажиллагаа, эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэгт ашиглан тухайн үйл явдлыг олон хүн дэмжиж байгаа мэтээр харагдуулж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг бол худалдааны салбарт тухайн бараанд маш их хандалт авч, чанартай мэтээр сурталчлан борлуулдаг.

Ингэхдээ маш олон хүнээр тухайн барааг чанартай, хямд үнэтэй гэх зэргээр сэтгэгдэл оруулан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөдөг байна. Харин урлаг уран сайхны салбарт дуучдын клип видео зэргийг автоматаар үзэн, үзэгчдийн хандалтыг чиглүүлдэг байна.

“Click Farm”-ыг ашиглан бизнес эрхэлж буй хүмүүс ихэвчлэн хөгжиж буй орнуудын хууль, эрх зүйн зохицуулалтгүй байдлыг ашиглах хандлагатай байдаг бөгөөд 2018 онд Фижи Улсад БНХАУ-ын 80 орчим хүнтэй баг “Click Farm”-ын үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож, тухайн үедээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Click Farm”-ын баг хэмээн үнэлэгдэж байсан бол 2019 онд манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон 800 орчим БНХАУ-ын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн.

Манай улсад бизнесийн байгууллагууд хандалт ихтэй сонин сэтгүүл, мэдээллийн хэрэгслийг сонгон үйлчлүүлдэг. Гэвч ихэнх нь мэргэжлийн байгууллагад хандах бус цахим сүлжээний хандалт болон сэтгэгдлүүдийг уншиж шийдвэр гаргадаг. Мөн урлаг соёлынхон цахим орчинд хэн олон хандалт авч буйгаараа өрсөлдөж, дагаад нэр хүнд нь өсч үнэлгээ нь нэмэгддэг байна.

Харин энэ зүйл манай улсад улс төрийн зорилгоор ашиглагдвал маш аюултай. Мэдээллээ нягталж үзэлгүй харсан болгондоо итгэх итгэлийг ашиглан, өөрсдийн үнэн дүр төрхийг маш хялбархан нууж чадах эрсдэлтэй.

ТЕГ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

КОРОНАВИРУСНИЙ ЭСРЭГ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД

Дэлхий даяар улс орнуудын Засгийн газар коронавирусний халдварын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Технологийн компаниуд вирусний эсрэг тэмцэх, хүний амь насыг аврахад туслах техник хэрэгслийг боловсруулж өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Google болон Apple компаниуд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангах замаар вирусний тархалтыг хянах, бууруулах чиглэлд хамтран ажиллах болсноо зарлажээ. Халдвар авсан хүнтэй холбогдсон эсвэл өөрөө халдвар авсан тохиолдолд аппликейшнд мэдээллээ бүртгүүлдэг, ингэснээр сүүлийн 14 хоногт ойр байсан хүмүүст хувийн мэдээллийг нь нууцлан сэрэмжлүүлэг хүргэдэг Bluetooth технологи дээр суурилсан программ хангамжийн шинэ төслийг ирэх 5 дугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

АНУ-ын засгийн газар коронавирусний тархалтаас сэргийлж халдвар авсан хүнтэй хавьталд орсон хүмүүсийг олж тогтооход гар утас болон царай таних систем ашиглан тухайн иргэний явсан газар, байршлуудыг тогтоож, анализ хийх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ. Энэ хүрээнд царай таних систем үйлдвэрлэгч Clearview AI компани нь төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн өгөгдлийн уурхай буюу data mining хийдэг Palantir компани нь өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл олзворлодог бусад компаниудтай түншлэл байгуулжээ.

Цагаан ордон Google, Facebook, Amazon зэрэг хэд хэдэн технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа ба Facebook нь вирусийг хянах зориулалттай газрын зураг боловсруулж байна.

АНУ-ын Athena Security компани халуунтай хүнийг илрүүлдэг “Хиймэл оюун ухаант дулаан мэдрэгч камер” үйлдвэрлэж эхэлсэн ба тус компанийн зүгээс хүнсний дэлгүүр, эмнэлэг, санал авах байр зэрэг газруудад бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Засгийн газар, агентлагууд болон нисэх онгоцны буудалд байршуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгсэн. Сингапур улсын засгийн газраас хэрэгжүүлж буй TraceTogether программ нь Bluetooth технологийн тусламжтай иргэд хоорондоо мэдээлэл солилцдог ба мэдээллийн нууцлалыг хангахдаа end-to-end тусгай шифрлэлтийн аргачлал ашигладаг. Аппликейшнийг Android, IOS үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой бөгөөд иргэд хоорондоо ойртох үед халдвартай эсэх талаарх мэдээллийг дамжуулдаг байна.

Өмнөд Солонгос улсын Дотоод, аюулгүй байдлын яамнаас боловсруулсан “self-quarantine safety protection” программ нь GPS ашиглан иргэдийн байршлыг тогтоон, хорио цээр зөрчөөгүй эсэхийг шалгаж, холбогдох ажилтнуудад явцын талаар мэдээлэх боломжийг олгодог. Үүнээс гадна халдвартай иргэдийн очсон газраас 100 метр радиуст орвол хэрэглэгчдэд анхааруулга өгдөг “Корона 100м” гэх аппликейшн гарсан ба тус улсын иргэд өргөнөөр ашиглаж байна.

Япон улсын Анагаах ухааны зөвлөгөө өгдөг компани коронавирусний халдварын үед аппликейшнаа түр хугацаанд үнэ төлбөргүй болгосон. Тус аппликейшн нь эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг багасгах зорилготой бөгөөд ойролцоогоор 30 минутын дотор 120 орчим эмч нараас зөвлөгөө авах боломжтой.

Хятад улс Хубэй мужаар дамжин явсан хүмүүсийг олж тогтоохын тулд орон нутгийн харилцаа холбооны компаниудтай хамтран ажиллаж байсан бөгөөд вирус тээгчдийг тодорхойлох зорилгоор мэдээллийг нь Үндэсний эрүүл мэндийн комисст илгээж байна. Мөн SenseTime Thunder-E шийдэл нь масктай хүмүүсийг таних, маскгүй иргэдийг илрүүлэх, халуунтай хүмүүсийг олж тогтооход зориулагдсан ба уг технологийг ашиглан сэжигтэй хүмүүстэй хавьтахгүйгээр халдварыг илрүүлж, урьдчилан сэргийлж байна.

Польш улсад очсон иргэдэд халдварыг хянах зориулалттай аппликейшн татаж ашиглахыг зөвлөж байгаа ба өөрийн selfie зургаа оруулж бүртгүүлээд бүтэн өдрийн туршид дахин дахин баталгаажуулах шаардлагатай бөгөөд 20 минут тутамд хариу өгөх байдлаар иргэдийн биеийн байдлыг хянаж байна.

ОХУ-д мөнгөн тэмдэгт болон төлбөрийн картаар халдвар тархахаас сэргийлж хүнсний дэлгүүрүүдэд царай танин баталгаажуулах төлбөрийн системийг туршилтаар ашиглаж байна. Промсвязь банкаар дамжуулан биометр төлбөрийн системийн төслүүдийг 2021 оны эхээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг системийн хүрээнд хэд хэдэн жижиглэн худалдааны төвүүдтэй хэлэлцээр хийж байна.

Программ хангамж хөгжүүлэгчид Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж технологийн боломжийг ашигласнаар дэлхийн улс орнуудад COVID‑19-ийн тархалтыг удаашруулж, өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орох боломж нөхцөлийг судалж байна.

ТЕГ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

iPhone дээрх аппликэйшн, и-мэйл, мессеж, зураг болон бусад зүйлсээ цэгцлэх 5 зөвлөгөө

Өдөр хоног өнгөрөх тусам бид утсандаа хэрэгтэй хэрэггүй зураг, аппликэйшн, тэмдэглэл, файлууд нэмсээр нэг л мэдэхэд замбараагүй олон зүйлс дундаас хэрэгтэй зүйлээ шуурхай олж авахад бэрх болсон байдаг. Танд яг одоо энэ бүхнийг цэгцлэх шидэт товч хэрэгтэй байна уу? Тэгвэл замбараагүй файлуудаа цэгцлэх, давхардлыг арилгах хамгийн хялбар 5 аргыг танд танилцуулъя.

Эдгээр аргыг хэрэглээд утсан дээрх хэрэгцээгүй файлуудаасаа салж, мөн анхнаасаа цэгцтэй байж сураарай. Таны iPhone яг л тосолгоо сайн хийгдсэн арааны механизм адил л хурдтай, хөнгөн ажиллаж эхэлнэ.

Эхлэхийн өмнө танд ер нь хэчнээн аппликэйшн, зураг, дуу, видео байгааг дараах тохиргоо руу орж харж, баримжаа аваарай.

Settings – General – About

iPhone утсаа цэгцлэх, хэрэггүй зүйлсээсээ салах 5 зөвлөгөө

  1. Автоматаар болон гараар устгах аппликэйшнүүд
  2. iMessage-дээ устах хугацаа тохируул
  3. И-мэйлээ хязгаарла
  4. Давхардсан зурагнуудаа устга
  5. Багтаамжаа шалга
  6. Бонус

Автоматаар болон гараар устгах/цэгцлэх аппликэйшнүүд

Автомат

Та ашигладаггүй байсан ч iOS үйлдлийн систем автоматаар огт ашиглагдахгүй байгаа аппликэйшнүүдийг идэвхгүй болгож байдаг. Дата өгөгдлүүд болон бичиг баримтын файлууд хадгалагдаж үлдэх ч аппликэйшнүүд нь таны оролцоогүй устгагдах болно.

Settings – iTunes & Apps Store – Offload Unused Apps гэж сонгоорой.

Гараар

Хэрэв танд одоо хэрэглэхгүй ч цаашид хэрэглэж мэдэх эргэлзээтэй аппликэйшнүүд байгаа бол дэлгэц дээрээ чухал чухал бишээр нь ялган цэгцлэх боломжтой.

Жишээлбэл доорх зурагт үндсэн дэлгэц дээрээ тогтмол ашигладаг 19 аппликэйшнээ байршуулсан байна. Харин 2 дахь дэлгэц дээр хааяа хэрэглэдэг аппликэйшнүүдээ төрөл төрлөөр нь бүлэглэн хавтаст хийсэн байна.

iOS 13 хувилбар дээр нэг мартаж боломгүй хэрэгтэй функц нэмэгдсэн нь аппликэйшн дээр удаавтар дарахад шууд устгах болон Үндсэн дэлгэц дээр засварлах буюу Edit Home Screen дээр ямар нэг тохиргоо хийх сонголтууд харагддаг болсон.

Бас нэг хэрэгцээтэй зүйл бол Сонордуулга буюу Notification хэсэг. Жаахан цаг зарцуулаад л яг ямар аппликэйшний ямар төрлийн мэдэгдэл нь танд заавал харагдаж байх ёстой, ямар нь шаардлагагүй вэ гэдгийг тохируулбал таны анхаарлыг сарниулах зүйлс ч багасна.

Settings – Notifications

iMessage-дээ устах хугацаа тохируул

Фото зураг, видео бичлэг зэрэг элдэв файлыг хавсаргахад хялбар байдаг учраас текст мессеж утасны багтаамжид багагүй зай эзэлдэг.

Аз болоход, тэдгээр мессежийг 30 хоног, 1 жил гэх мэт хүссэн хугацаагаар тохируулан автоматаар устгах боломж бий.

Settings – Messages – Keep Messages гэж сонгоод 1 жил, 30 хоног гэх зэргээр хугацаагаа тохируулаарай.

И-мэйлээ хязгаарла

Бүртгэлээ цуцал!

И-мэйл бас л биднийг залхаадаг зүйлсийн нэг гэдэгтэй санал нийлэх биз, ер нь бол хэзээ ч дуусашгүй тулаантай л адил өдөр бүр, цаг тутам тасралтгүй бид давшилтанд нь өртсөөр байдаг. Гэхдээ нэг арга байна аа.

Юуны өмнө Apple-ийн Mail аппликэйшнд байрлах Unsubscribe буюу Бүртгэлээ цуцлах товчийг ашигла. Шинэ и-мэйл ирэх бүрд шалгаад цаашид хүлээж авмааргүй бол Unsubscribe товчийг дарахад л дахиж уг хаягаас танд и-мэйл ирэхгүй гэсэн үг.

Эсвэл та ирсэн и-мэйл рүүгээ ороод доош нь гүйлгэн төгсгөл хэсэгт очоод уламжлал аргаар Unsubscribe товч дарсан ч болно.

Мөн харахыг хүсэхгүй и-мэйлээ Junk хавтас руугаа хийхэд iPhone/e-mail автоматаар тэдгээр хаягаас ирэх и-мэйлүүдийг Inbox хэсэгт харуулахгүй байх болно.

Фолдер буюу хавтсаа ашигла

Folder буюу хавтаснууд хэрхэн ашигладгаа анзаар. Ирсэн мэйлийг шууд шалгаад хэрэгтэй бол PDF болон бусад форматаар хадгалж аваад, хэрэгцээгүй мэйлийг дор нь устгаж сурвал зүгээр. Эсвэл ядаж и-мэйл дотроо хавтаснууд ангилж үүсгэх зэргээр өөрт аль тохиромжтойгоор хадгалаарай.

Mail аппликэйшнээр нээхэд бүх төрлийн и-мэйлийн дээр баруун дээд буланд Edit, баруун доод буланд New Mailbox товч байрлана.

Гуравдагч аппликэйшн/үйлчилгээ

Танд их хэмжээний мэйл ирдэг бол, тэдгээрийг AI буюу Хиймэл Оюун Ухаан ашиглан цэгцэлмээр байгаа бол уг асуудлыг шийдэх гуравдагч аппликэйшн олон бий.

SaneBox бол үнэлгээ өндөр аппликэйшн, Gmail, iCloud, Microsoft зэрэг болон бусад аппликэйшнтэй хоршиж ажилладаг. Өөрсдийнх нь тодорхойлсноор:

SaneBox AI чухал мэдээллийг ялган таньж, хэрэгцээгүй мэйлийг нууна. Мөн Do Not Disturb буюу Бүү Саад Бол горимыг идэвхжүүлснээр төвөгтэй, хэрэгцээгүй и-мэйлүүдийг хаах зэргээр олон үйлчилгээтэй.

Та ашиглаж үзээгүй байгаал бол туршиж үзээд ажлын болон хувийн и-мэйл хаягаа, хэрэгцээт болон хэрэгцээгүй мэдээллээ ангилахын давуу талыг мэдрээрэй.

Давхардсан зурагнууд

iOS 13 үйлдлийн систем автоматаар ижилхэн зурагнуудыг нуух функцтай ч бүрмөсөн устгахад тань гуравдагч аппликэйшнүүд хэрэг болно.

Cleaner, Mac зэрэг энэ төрлийн аппликэйшнүүд тийм ч олонгүй бий. Photos Duplicate Cleaner бол төлбөргүй Мас сонголттой үнэлгээ өндөр аппликэйшн бөгөөд iCloud Photo Library ашиглаж байгаа үед таны iPhone дээрх зурагнуудыг ч цэвэрлэнэ.

Видео бичлэг ч багтаамжид ихэнх зайг эзэлдэг тул заавал цэвэрлэх зүйлсийн нэг. Photos App – Albums гэж ороод Videos гэж нэвтрээрэй. Эндээс та ямар видео бичлэгийг устгах хэрэгтэйгээ харж болно.

Багтаамжаа шалга

Багтаамжийн асуудал жилээс жилээд iOS үйлдлийн системд сайжирсаар байна. Settings – General – iPhone Storage гэж нэвтрэн багтаамжаа шалгаарай.

Энд таны аппликэйшнүүд хэр их зай эзэлж байгааг харуулна. Хамгийн их зай эзэлж байгааг нь харъя гэвэл “Review Large Attachments”, бараг ашигладаггүй аппликэйшнүүдийг идэвхгүй болгоё гэвэл “Offload Unusued Apps” гэх зэргээр сонгоод хэрэгцээгүй аппликэйшнүүдээ устгаарай.

Бонус

Хэрвээ та утасныхаа хурд, ажиллагааг илүү үр дүнтэй, боломжит дээд гүйцэтгэлээр нь ашигламаар байвал Shortcuts аппликэйшнийг хэрэглэж сурах хэрэгтэй.

http://iphone-center.mn/

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

БЛОКЧЭЙН СИСТЕМ БОЛОН КРИПТОВАЛЮТЫН ДАВУУ ТАЛ БА ЭРСДЭЛ

Криптовалют нь блокчэйн технологид тулгуурлан бүтээсэн цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагчгүй оршиж байдаг цахим валют юм. Криптовалют бусад цахим, виртуал хөрөнгөөс ялгарах дараах шинжийг агуулна:

1. Талууд мэдээлэл, криптовалютын шилжүүлгийг дундын зуучлагчгүй шууд солилцдог. /Peer-to-peer/

2. Мэдээлэллийн урсгал нь зохицуулагчгүй, төвлөрсөн бус системтэй, дэлхий даяар тархсан сервер компьютер дээр хадгалагддаг.

риптовалютыг хуурамчаар шинээр бий болгох боломжгүй. Учир нь тоо үсгийн нууцлалтай мэдээлэл буюу шифрлэсэн байдгаас гадна бүх мэдээлэл нь дэлхий даяар сервер компьютеруудад хадгалагддаг тул цахим халдлагаар хулгайлах боломжгүй. Тус валютыг анх зах зээл дээр санал болгон гаргахдаа тодорхой тоон хэмжээ тогтоодог ба тэдгээрийг компьютер болон тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан зориулалтын программ хангамжийн тусламжтайгаар олборлох /mining/ байдлаар эзэмшдэг. Мөн тус үйл явц нь тухайн криптовалютын арилжааг хянаж баталгаажуулдаг нь түүний онцлог давуу тал юм.

Биткойн бол анхны блокчэйн технологи дээр суурилан бүтээгдсэн криптовалют юм. Одоогоор буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны байдлаар дэлхий дахинд нийтдээ 2466 криптовалют бүртгэгдэн олон улсын арилжааны платформууд дээр арилжаалагдаж байна. Нийт криптовалютын зах зээлийн багтаамж 177.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд үүнээс биткойн нийт зах зээлийн 65 орчим хувь буюу 115.2 тэрбум ам.долларыг дангаараа эзэлдэг. Өдөрт биткойноор ойролцоогоор 335 мянган гүйлгээ хийгддэг гэсэн тооцоо бий.

Криптовалютын данс нээхэд маш хялбар бөгөөд ямар ч данс эзэмшигчийн талаарх мэдээллийг баталгаажуулахыг шаарддаггүй. Нээсний дараа эзэмшигчид public address буюу олон нийтэд ил тод байдаг биткойн хаяг болон хувийн түлхүүр /private key/ өгдөг. Тус дансыг эзэмшиж байгаа гэсэн баталгаа нь хувийн түлхүүр юм. Тус түлхүүрийг алдсан тохиолдолд биткойны сүлжээнд ямар ч эзэмшигчийн нотолгоогүй болох бөгөөд ингэснээр тухайн зооснуудыг ашиглах боломжгүй болох юм.

Криптовалютын эрсдэл

Криптовалютын данс нээхэд хялбар, эзэмшигчийн талаарх мэдээллийг баталгаажуулахыг шаарддаггүйгээс гадна тус салбарт их хэмжээний мөнгө эргэлддэг тул гэмт хэрэгтнүүд криптовалют, тэр тусмаа биткойн ашиглан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг.

Криптовалютыг фиат мөнгө буюу бодит улс орнуудын Засгийн газраас гаргаж буй мөнгөн хөрөнгөд шилжүүлэх цор ганц боломж нь криптовалютын арилжаа эрхлэгч болон Крипто-АТМ нар юм. Тэдгээрийн зарим нь хууль ёсны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн харилцагчийг таньж мэдэх, мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сул улсад бүртгэлтэй, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй “саарал” буюу далд криптовалютын арилжаа эрхлэгч нараар дамжуулж гэмт этгээдүүд Крипто-АТМ-ыг ашиглах эрсдэлтэй байдаг. Тухайлбал, дэлхийд нийтдээ 7262 крипто-АТМ бүртгэлтэй байдгаас Монгол Улсад нэг байдаг байна.

Хэдийгээр криптовалютын эзэмшигчдийн дансны дугаар /public address/ нь олон нийтэд ил тод байдаг ч түүний эцсийн өмчлөгчийг хувийн түлхүүр /private key/-ээр тогтоодог тул хүндрэлтэй байдаг.

өн гэмт этгээдүүд хууль бус фиат мөнгөн хөрөнгийг криптовалютад шилжүүлсний дараагаар тэдгээр нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр, шилжилт хөдөлгөөнийг нуун дарагдуулах зорилгоор крипто-миксер буюу холигчийн үйлчилгээг ашигладаг. Крипто-миксерийн үйлчилгээ үзүүлэгч криптовалютыг тодорхой хэмжээний шимтгэлтэйгээр өөрийн данснуудаар шилжүүлж, тухайн хөрөнгийн эх үүсвэр, шилжилт хөдөлгөөнийг хянахад хүндрэлтэй, эсхүл хянах боломжгүй болгодог юм.

Мөн криптовалют ашигладаг цахим мөрийтэй тоглоом, казино зэргийг урвуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бий.

Түүнчлэн хууль бус далд интернэт орчин болох “Dark web”-д 2020 оны байдлаар нийтдээ 1 тэрбум ам.доллартай тэнцэхүйц криптовалютаар арилжаа хийгдсэн байгаа нь тухайн салбарт Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдах эрсдэл өндөр байгааг харуулж байна.

ТЕГ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ХИЙМЭЛ ОЮУН БА ИРЭЭДҮЙН ДАЙН

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хиймэл оюунтай хамаарал бүхий Квант тооцоолол, Үлэмж өгөгдөл (Big Data), Юмсын интернет (IoT-Internet of things), Жижигрүүлэх технологи (miniaturisation), Өөрийгөө удирдах систем (robotics and autonomy) зэрэг технологиуд таамаглаж байснаас хурдтай хөгжиж шинэ шатанд гарч байна. Жишээлбэл: 2014 онд го даамны хамгийн сайн хиймэл оюуныг зохион бүтээсэн экспертүүд 10 жилийн дараа гэхэд компьютер хүнийг хождог болно гэж таамаглаж байв. Гэтэл түүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2015 онд Гүүглийн Deep Mind хиймэл оюун, Европын Го даамын аварга Ван Хуйг 5:0 харьцаагаар хожжээ. Хиймэл оюуны энэхүү үсрэнгүй хөгжилд хүргэсэн дараах гол шалтгаануудыг нэрлэж болох юм. Үүнд:

  1. Компьютерийн тооцооллын хурд огцом өсч байна.
  2. Мэдээллийн баазын хэмжээ хурдтай өсч байна.
  3. Машин суралцах арга ажиллагаа, алгоритмын хэрэгжүүлэлт шинэ шатанд гарч байна. Ялангуяа гүн мэдрэлийн сүлжээ (deep neural system)-ний салбарт энэ дэвшил улам бүр мэдрэгдэж байна.
  4. ХУ-нд хийж буй хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн.

Дэлхийн 2-р дайнаас хойш өөрийгөө бүрэн удирддаггүй системүүд цэргийн салбарт хэрэглэгдэж ирсэн бол өнөөдөр хиймэл оюуны хөгжил цэргийн салбарын технологийг үндсээр нь хувиргаж, хүчний тэнцвэрийг ч өөрчлөх боломж олгож байна. АНУ ба БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөнд хиймэл оюуныг хөгжүүлэх уралдаан маргаангүй нөлөөлөх боллоо.

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид хиймэл оюун нь ҮАБ-ын нэн чухал бүрэлдэхүүн болж буй энэхүү өөрчлөлтийг соргогоор анзаарч эхэллээ.

АНУ-ын БХЯ 2016 онд “Хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө” баталж, хиймэл оюуныг АНУ-ын цэргийн салбар дахь манлайллыг хадгалах нэг хэрэгсэл гэж үзсэн байна. АНУ-ын БХЯ мөн Пентагон Цахиурын хөндий хоорондын нягт хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалахын инновацийн төвийг байгуулав. Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан технологийн тэргүүлэх орон болох эрмэлзлэлтэйгээр БНХАУ, АНУ-ын шинжлэх ухаан технологийн инновацийн хөтөлбөр болох DARPA-ын хятад хувилбар болох Хиймэл оюуны үндэсний хөтөлбөрийг баталсан байна. ОХУ 2025 он гэхэд цэргийн төсвийн 30 хувийг робот зэвсэгт зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд томоохон улс гүрнүүдийн үндэсний хэмжээний зорилт, санаачлага нь хиймэл оюуны хувирч буй боломж (цэргийн техникийн хувьсгал ч гэж хэлж болно)-ийг ашиглан үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна.

Хиймэл оюуныг цэргийн салбарт өргөнөөр ашиглах болсон нь хүчирхэг гүрнүүдийн стратегийн өрсөлдөөнийг ихэсгэж тогтворгүй байдлын гол эх сурвалж болж байна. Үүнийг батлах зорилгоор хоорондоо холбоо бүхий дараах гурван аргументийг авч үзье. Үүнд:

  1. Хиймэл оюун өнөөгийн хөгжлийн шатандаа дангаараа кибер орон зай, өөрийгөө удирддаг систем болон робот, удирдлагатай пуужин зэрэг өндөр технологийн зэвсгийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, хурдасгах стратегийн нөлөө үзүүлэх гол эх сурвалж болж байна.
  2. Давхар хэрэглээ бүхий хйимэл оюуны технологийн тархалтын тодорхой бус байдал, эрсдэл нь олон улсын аюулгүй байдлыг сулруулах дараах нөхцөлийг үүсгэж байна. Үүнд:
    1. одоо байгаа аюулыг улам хурцатгах
    2. эдгээр аюул заналын мөн чанар, шинж чанарыг өөрчлөх
    3. санамсаргүй, аюултай шинэ аюул занал үүсгэх
  3. Хиймэл оюуны технологийг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн (ялангуяа АНУ, Хятад) Батлан хамгаалахын салбарт хөгжөөд ирвэл стратегийн өрсөлдөөн, үл итгэх байдлыг нэмэгдүүлэх нэмэлт хөшүүргийг бий болгох бөгөөд энэ нь олон улсын аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болно.

Стратегийн тогвортой байдалд кибер орон зай хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны ажлууд ихээр байдаг бол хиймэл оюуныг ирээдүйн дайнд ашиглах боломжийн талаар тийм ч их судалгаа байдаггүй. Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн, ёс зүйн, хэм хэмжээний, эдийн засгийн, техникийн гэх мэт “хиймэл оюуны асуудлуудтай” холбоотой олон улсын харилцааны судалгаа улам бүр нэмэгдэж, олон талын маргаан дагуулж байна.

ХИЙМЭЛ ОЮУН олон улсын аюулгүй байдалд нөлөөлөх нь

Цэргийн чадварыг өргөн хүрээгээр идэвхжүүлэгч, хүчирхэг болгогч гэдэг утгаараа Хиймэл оюун нь цэргийн зэвсэг гэхээсээ илүү цахилгаан эрчим хүч, радио, радиолокацын систем, C4ISR систем зэрэгтэй илүү төстэй. Шинэ, хүчтэй ангиллын технологийн хувьд хиймэл оюун нь цэргийн технологийн төлөв байдлыг өөрчлөх, эргэн харахад урьдчилан таамаглах аргагүй, маш тогтворгүй, стратегийн нөлөө үзүүлэх боломжтой. Хэдийгээр хиймэл оюунд тулгуурласан зэвсэг, систем нь дайны талбарт хүнээс илүү шийдвэр гаргах хараахан болоогүй ч, хиймэл оюун ашигласан цэрэг нь дайны талбарт, зөвхөн хүний шийдвэрээс хамааралтай цэргээс илүү үр ашигтай байх нь ойлгомжтой. Тухайлбал, алсын зайн мэдрэгч, нөхцөл байдлын ойлголт, тулааны талбайн маневр зэрэгт хиймэл оюуны технологиудыг ашигласнаар бусдаас илүү, давуу болно.

Стратегийн түвшний шийдвэр гаргах үед хиймэл оюунд суурилсан удирдлага-хяналтын систем нь хүнээс хамааралтай

шийдвэр гаргалтын ихэнхи алдааг зассан байна. АНУ-ын Тагнуулын нийгэмлэг жишээлбэл, “хүний хүчин зүйлийн дарамт”-ыг бууруулах, цэргийн тагнуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэрэг дайны шийдвэр гаргалтыг сайжруулах, ҮАБ-ын шинэ аюул занал, шинэ халдлагын чиглэлээр олон нийтэд нээлттэй судалгааны ажлууд хийхээр хөөцөлдөж байна.

Хиймэл оюунд суурилсан технологийн аюулгүй байдлын шинэ заналхийллийг үндсэнд нь 3 төрөл болгон авч үздэг. Үүнд:

  1. Тоон аюулгүй байдал (жад-фишинг, яриа синтез, дүр эсгэх, автомат хакердах, мэдээллийг хордуулах г.м)
  2. Биет аюулгүй байдал (дайралтын үеийн микро дрон г.м)
  3. Улс төрийн аюулгүй байдал (тандалт – ажиглалт, хууран мэхлэлт, албадлага г.м)

РОБОТ ба бөөн технологи (swarming technology[1])

Өөрийгөө удирддаг зэвсэг, робот нь дарь, цөмийн зэвсгийн адил үнэлэгдэж “дайны гурав дахь хувьсгал” эсвэл “аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” хэмээн нэрлэгдэж байна. Зарим судлаачдын баталж буйгаар хиймэл оюуныг хэрэгжүүлж эхлэх эргэлтийн цэг дээр иржээ. Тэдний нотолж буйгаар хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд боломжтой эсэхийг үл харгалзан бие даасан, зэвсэглэсэн, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл (autonomous armed-unmanned aerial vehicles)-ийг хэдхэн жилийн дараа байлдааны талбарт харах болох нь. Энэ нь өөрийгөө удирддаг энэхүү системийн өвөрмөц шинж чанарууд батлан хамгаалах, аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулагчдыг өнөөгийн арга барилаа дахин нягтлахыг удахгүй шаардаж эхэлнэ гэсэн үг.

АНУ-ын Үндэсний Тагнуулын газрын захирал Даниел Коутс энэ чиг хандлагын стратегийн чадавхийг онцолж хэлэхдээ, хиймэл оюуны дэвшил нь “дайснууд, ялангуяа Хятад, Оросын хувьд шинэ цэргийн хүчин чадлыг бий болгоно” гэж мэдэгдэв. Эдгээр өөрийгөө удирддаг системүүд нь онолын хувьд харааны мэдрэмж, хэл яриа, нүүр царайг таних зэрэг олон төрлийн (агаар, газар, далайн) үйл ажиллагааг гүйцэтгэх шийдвэр гаргах хэрэгслийг багтаасан, хүний оролцоо, хяналтаас хараат бус хиймэл оюуны технологийг агуулдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хүний оролцоогүйгээр байг сонгоод устгаж чадах хэдхэн зэвсгийн систем л байна.

Тухайлбал, Хүлээж халдлага үйлдэгч зэвсэг (LAM[2]) нь дайсны радарын систем, хөлөг онгоц, танк гэх мэт байг байж болох газар нь хүлээж байгаад урьдчилан программчилсан шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн, мэдрэгч нь дайсны агаараас хамгаалах радарыг олж илрүүлмэгц байгаа устгадаг. LAM нь ирж буй сумыг хүн оператороос илүү хурдан буудахын тулд хиймэл оюуны технологийг ашигладаг бөгөөд илүү урт хугацаанд нисэх боломжтой байдаг.

Израилийн Harop (Harpy II ч гэж нэрлэдэг) радарын эсрэг LAM систем нь 6 цагийн турш нисэх чадвартай, хүний удирдлагагүйгээр шумбаж бөмбөг хаях боломжтой, тулалдааны талбарт хүний амь эрсдэлд оруулдаггүй цор ганц систем болоод байна. Мөн Хятад, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос, Орос, Англи зэрэг улс орнууд бүтэн өөрийгөө удирддаг зэвсгийн системийг хэрэглэхэд бэлэн болоод байна. Тухайлбал ОХУ Уран-9, Вехар зэрэг алсаас удирддаг танкийг нэвтрүүлсэн бол, БНХАУ хиймэл дагуулаар дамжуулан дроноос удирддаг пуужинг 2016 онд анх удаа туршсан байна.

Тагнуулын чиглэлээр болон цэргийн цохилт өгөх зэрэг төрөл бүрийн даалгаварт илүү ухаалаг, хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системүүд ойрын жилүүдэд батлан хамгаалахын салбарт нэвтэрч эхлэх нь тодорхой болоод байна. Том оврын хүний удирдлагагүй усан доогуурх тээврийн хэрэгсэл (UUV-Unmanned Underwater Vehicle) нь хямд өртөгтэй пуужингийн платформ болох боломжтой болно. Ухаалаг, Хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системийг ашиглаж болох тодорхой ажиллагааг тоочвол: мина цэвэрлэгээ ба минажүүлэх ажиллагаа; далай доорхи шумбагч онгоцны эсрэг мэдрэгчийн сүлжээнээс мэдээлэл цуглуулах, тараах; дуу авианы идэвхтэй локатор; тагнуул, тандалт, эрэн сурвалжлах; цахим дайн; пуужинг шумбагч онгоцонд эргүүлэн байршуулах; терроризм, хил хамгаалалт гэх мэт байлдааны бус ажиллагаа; хэт холд чиглэсэн пуужинг удирдлагаар дэмжих гэх мэт.

Нарийн төвөгтэй мэдрэлийн сүлжээнд холбогдсон, Хятадын агаарын болон далайн дронууд, жишээлбэл, Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь хянаж байгаа нь АНУ-ын ирээдүйн тэнгисийн навигацын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй юм. 2018 оны эхээр Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг дайны болон энхийн цагийн үед хянахад зориулан нисгэгчгүй нисэх онгоцны дэлхийн хамгийн том туршилтын полигоныг барьж эхлэв.

Хиймэл оюуны технологи нь онолын хувьд өөрийгөө удирддаг нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ганцаарчилсан нисгэгчтэй онгоцтой харьцуулбал хамаагүй илүү олон төрлийн даалгаврыг биелүүлэх боломж олгодог. Тухайлбал, тулалдаж буй агаарын орон зайд амьдрах чадвараар илүү байхаас гадна эдгээр дэвшилтэд технологийг хэрэглэж байгаа улс орнуудад хэрэглээгүйгээсээ давуу байдал олгох болно. Үүний үр дүнд нь дайснуудын хямд өртөгтэй, түрэмгий, бие даасан довтолгооноос зөвхөн ижилхэн хурд, бие даасан байдалтай, ухаалаг системүүд л хамгаалж чадна.

Цахим дайнд хиймэл оюуны технологийг ашиглан цэргийн GPS эсвэл харилцаа холбооны хиймэл дагуулын дохионд дайснууд хөндлөнгөөс оролцохоос сэргийлж чадна. Жишээлбэл, жижиг, хөдөлгөөнт цахилгаан соронзон долгион сарниулагчийг дайсны довтолгооны мэдрэгч, харилцаа холбоонд нөлөөлөхөд ашиглаж болох бөгөөд энэ нь кибер халдлагатай хамтарч дайсны хамгаалалтыг төөрөлдүүлж, даван туулахад ашиглагддаг. Оросын арми Сири болон Зүүн Украины байлдааны бүсэд GPS-ээр удирддаг нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн ажиллагааг тасалдуулах ажиллагаагаа баттай байлгахын тулд долгион сарниулагчдыг байрлуулсан гэж мэдэгдэж байсан.

Эцэст нь хэлэхэд дэлхийн томоохон гүрнүүд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын дэвшилтэт технологиудыг цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хэрэглээд эхэлсэн төдийгүй энэ чиглэлд давуу байдал олж авах өрсөлдөөнд хэдийн оржээ. Ирээдүйн дайн цэрэггүй болох нь тодорхой. Өвч зэвсэглэсэн, өөрийгөө бүрэн удирдаж, бусадтайгаа холбогдсон, жолоочгүй дрон, танк, нисэх онгоц, усан онгоцны тулаан болно. Хэдийн үйлдвэрлэгдсэн зэвсгийг өөрийгөө удирддаг, бусадтай холбогддог болгоход нүсэр дэд бүтэц бүхий том үйлдвэр шаардлагагүй. Манай улсын хувьд ойрын ирээдүйд байлдааны усан онгоц, нисэх онгоц, танк үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бидэнд цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарт амжилт олох боломжийг өнөөгийн технологийн хувьсгал олгож байгааг алдаж боломгүй. Учир нь аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын технологиуд улс гүрнүүдийг, аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас эхлэх боломжийг олгож байна. Монголын нэр бүхий компани блокчэйн технологиор дэлхийд тэргүүлэх байр суурьтай, амжилттай ажиллаж байна. Энэ боломжийг алдахгүйн тулд бид дараах ажлуудыг хийх шаардлагатай байна. Үүнд:

  • Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад технологийн сургуулиуд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх;
  • Бидэнд байгаа дэлхийн хэмжээний мэдээллийн технологийн инженерүүдийг дээрх төслүүдэд татан оролцуулах;
  • Төрөөс дээрх чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний төсвийг нэмэгдүүлэх зэрэг болно.

[1] Swarming technology –хэд хэдэн өөрийгөө удирддаг системийг хооронд нь холбож байлдааны ажиллагаанд нэгдсэн зорилгын төлөө уялдуулан зохицуулдаг технологийн дэвшлийг хэлнэ.

[2] Loitering attack munitions – Бай байрлах хэсэгт хэд хэдэн өөрийгөө удирдах зэвсэг илгээж хүлээж байгаад байг олмогц халдлага үйлдэж устгадаг зэвсгийн систем. Амиа хорлогч дрон, камикадзе дрон ч гэж нэрлэдэг.

Эх сурвалж: ТЕГ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ОНЦЛОХ БАРИМТУУД

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь “цахим” гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэргийн талаар хэд хэдэн тодорхойлолт байдаг боловч /компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр/ хэмээн хамгийн энгийнээр тайлбарлаж болно.

Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг аж. Уг гэмт хэргийг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна. Иймд цахим гэмт хэрэг гэж юу болох, түүний онцлог шинж чанар, гэмт этгээдүүдийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэлтэй болсноор хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлхийн улс орнуудаас АНУ-д цахим гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг бөгөөд Холбооны мөрдөх товчоо жилд 300 мянга орчим, өдөрт 900 гаруй цахим гэмт хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авдаг байна. Хэдийгээр цахим гэмт хэргийн объект өргөн хүрээг хамардаг ч гэмт этгээдүүд богино хугацаанд өндөр ашиг олох боломжтой хэмээн үзэж хувь хүн болон байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг цахим халдлагын бай болгох сонирхолтой байдаг.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв 50-аас дээш насны иргэд, нягтлан бодох бүртгэл, хууль зүйн товчоо, банк, санхүүгийн байгууллага, эмнэлэг зэрэг тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллага өртдөг байна. АНУ-ын хэмжээнд 2018 онд 110 мянга орчим хүн цахим халдлагад өртөж, 1.1 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага нийт халдлагын 22 хувийг, банк, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн халдлага 25 орчим хувийг эзэлжээ.

АНУ-ын хууль сахиулах байгууллагын тайланд бүхий л төрлийн цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 1.5 их наяд ам.долларын хохирол бусдад учруулдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нийт орлого хамгийн багадаа 1.5 их наяд ам.доллартай тэнцэж байгаа нь ДНБ-ий хэмжээ нь 1.6 их наяд ам.доллар бүхий БНАСАУ-ын нэг жилийн орлоготой дүйцэхүйц байна хэмээн дурджээ. Улмаар цахим гэмт хэргийн хохирол жил бүр 11 орчим хувиар нэмэгдэж, ирэх 5 жилийн хугацаанд 3-5 их наяд ам.долларт хүрч болзошгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Үүнээс гадна “Facebook”, “Twitter” зэрэг нийгмийн сүлжээг ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 3.25 тэрбум ам.долларын хохирол бусдад учруулдаг бөгөөд хохирогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэргийн дотроос нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үг, дансны болон зээлийн картны мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг хулгайлах, бусдад зарж борлуулах явдал хамгийн түгээмэл буюу нийт гэмт хэргийн 45-50 хувийг эзэлдэг аж.

Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүдэд “фишинг” буюу интернэтээр залилан үйлдэх, “сошиал инженерчлэл” буюу хувь хүний сэтгэл зүйн онцлогийг харгалзан сэдэл /мөнгө хожих, тэтгэлэг авах зэрэг/ өгч, итгэл төрүүлэх замаар мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх болон компьютерийн сүлжээнд төрөл бүрийн вирус, хортой код тараах зэрэг аргууд багтдаг. Үүнээс гадна цахим шуудан ашигладаг нийт хэрэглэгчдийн хувьд спам халдлага хамгийн эрсдэлтэйд тооцогддог байна.

АНУ-ын “Accenture securtiy” байгууллагын 2019 оны “Кибер гэмт хэргээс учирсан хохирол”-ын талаарх тайланд дурдсанаар “фишинг” болон “сошиал инженеринг” хэлбэрийн халдлагад өртсөн байгууллагын тоо 2018 онтой харьцуулахад 16 хувиар өсч, нийт цахим халдлагад өртсөн байгууллагын 85 хувийг эзэлж байна. Харин хортой код ашиглаж үйлдсэн халдлагын улмаас 2018 онд 2.6 сая ам.долларын хохирол учирсан нь өмнөх оноос 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цахим валют/криптовалют буюу бидний хэлж заншсанаар “Биткоин” хэрэглээнд нэвтэрсэн нь иргэдийн төлбөр тооцоог хөнгөвчилсөн ч нөгөө талаар цахим болон бусад гэмт хэргийн гаралтад нөлөөлөх хүчин зүйл болж байна. Гэмт этгээдүүд интернэт орчин дахь цахим мөнгө-санхүүгийн залилан төдийгүй хүний болон эд эрхтний наймаа, хар тамхи, галт зэвсгийн худалдаа, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг хууль бус үйлдэлдээ биткоин ашиглахыг илүүд үзэж байна. Австралийн их сургуулийн судалгаагаар, биткоин нь цахим гэмт хэрэгтнүүдийн төлбөрийн хамгийн таатай хэрэгсэл бөгөөд жилд 76 орчим тэрбум ам.долларын биткоин гүйлгээ хийгдэж байгаа нь АНУ, Европын Холбооны орнууд дахь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаанаас олох ашиг орлоготой тэнцэж байна хэмээн дүгнэжээ. АНУ-ын цахим аюулгүй байдлыг хангах байгууллага 2021 он гэхэд криптовалют ашиглан үйлдэгдэх цахим гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх бөгөөд нийт криптовалютын гүйлгээний 70 орчим хувь нь гэмт хэрэгтэй холбоотой байна хэмээн тооцоолжээ.

Иймээс улс орнууд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон шинжээчид цахим аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 17.4 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзсэн байна. Мөн олон улсын цахим аюулгүй байдлын зах зээлийн судалгаагаар, 2017-2021 онд цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдах нийт хөрөнгө 1 их наяд ам.доллараас давах бөгөөд цахим аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтын зардал л гэхэд 2027 онд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

Манай улсын хувьд цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс дийлэнх нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг бөгөөд энэ нь цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн талаар мэдлэг дутмаг, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул зэргээс үүдэлтэй юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэсэн, борлуулсан, хор хөнөөлт программ хангамж бүтээсэн, ашигласан, тараасан тохиолдолд 2,700-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн цахим гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан байдаг.

ТЕГ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

125 мм-ийн хүчирхэг их буутай Т-72 танк

Монголын армийн хүчирхэг танкуудын нэг нь Т-72 юм. Одоогоор дэлхийн 40 орчим улс, тэр дунд ОХУ-ын хуурай замын хүчинд идэвхтэй үүрэг гүйцэтгэж буй Т-72 танкийг 1971 оноос үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. Уг танкийг өмнөх үеийн танкнаас илүү хүчирхэг 125 мм-ийн их буу, илүү сайн хөдөлгүүртэй хийгдсэн аж. Т-72 танкийг хэд хэдэн дайн тулаанд ашиглаж байснаас 1982 оны Ливаны иргэний дайны үеэр гарсан Сири-Израилийн зэвсэгт мөргөлөөнд хамгийн бага хохирол амсаж, Израилийн М-60 танкийн эсрэг амжилттай тулалдсан гавьяа нь илүүтэй дуурсагддаг. ЗХУ-д үйлдвэрлэсэн өмнөх үеийн Т-72 танкны нэг дутагдал нь РПГ болон бусад төрлийн танк эсэргүүцэгч жижиг пуужинд эмзэг байв. Энэ нь танкны сум, галт хэрэгсэл нь тусгаарласан тасалгаанд бус, харин цамхагт багийн хүмүүстэй нэг дор байх тул сум буюу пуужин онож, хуягийг нэвтлэх үед галт хэрэгсэл тэсэрч, багийнхан нь амь үрэгдэх магадлал ихтэй байжээ. Харин дараагийн үеийн танкуудад энэ алдааг зохих хэмжээнд засч залруулсан байдаг аж.


МОНГОЛЫН ТЭНГЭРТ САХИЛГА БАТ САХИУЛАХ МИГ-29 СӨНӨӨГЧ

Монгол Улсын нисэх хүчин МиГ-29 загварын хоёр ширхэг сөнөөгч онгоцоор бүл нэмсэн билээ. Уг сөнөөгч нэг удаагийн нислэгээр 2400 км/цаг хурдтайгаар 1430 зайг туулах чадвартай. Зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх чадалтай юм. Энхийн цагт уг онгоцоор агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай тохиолдолд устгах, албадан буулт хийлгэхэд ашиглах боломжтой. Олон төрлийн зориулалттай дөрөв дэх үеийн тийрэлтэт сөнөөгч онгоцыг 1970 онд зохион бүтээж, 1983 оноос нисэх хүчинд ашиглаж эхэлжээ. Бат бөх явах эд анги, өндөр зэвсэглэл бүхий МиГ-29 сөнөөгч нь хүчирхэг гүрнүүдийн зэвсэгт хүчнийх нь бахархал болсон F-15 ба F-16 сөнөөгчийг сөрөн зогсох чадвартай юм.

Зэвсэглэл

1 x 30 мм ГШ-30-1 их буу, 150 ш сумтай

4хКАБ-500 Онилгоотой агаарын бөмбөг:

4хХ-31 (Хөлөг онгоц, радиолокатор устгах пуужин)

8хР-73 (Ойрын зайн пуужин)

4хХ-35 (Хөлөг онгоц устгах пуужин)

4хХ-29т (Агаар-газар ангилалын өндөр цэцтэй пуужин)

6хРВВ-АЕ (Дунд зайн пуужин)


ДЭЛХИЙД ХАМГИЙН ИХ ТАРХСАН МИ-24 БАЙЛДААНЫ НИСДЭГ ТЭРЭГ

Манай улсын агаарын хүчинд хамгийн үнэнч зүтгэж байгаа байлдааны нисдэг тэрэг бол Миль Ми-24 юм. 1972 оноос хойш дэлхийн 30 гаруй улсад ашиглагдаж байна. Манай улсын хувьд анх 1984 оны ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 24 ширхэгийг хүлээн авахаар тохиролцсоноос талыг нь авч одоо хүртэл ашигласаар байгаа юм. Ми-24 нь Америкийн “АН-64 APACHE”-ын дараах дэлхийд хамгийн өргөн тархсан цохилтын вертолёт юм. Афганистаны дайны жилүүд, Чеченьд цэргийн ажиллагаа явуулж байх үед, мөн бүс нутгийн олон мөргөлдөөнд идэвхтэй ашиглагдаж байсан хал үзсэн байлдааны нисдэг тэрэг билээ.

Зэвсэглэл

Ажиглалтын онилгооны “Радуга-Ш” систем

Дулааны хараатай онилгооны Зарево дэд систем

ЯкБ-12.7 пулемёт. Сумны нөөц 1470 ширхэг.

ГШ-30К их буу. Сумны нөөц 250 ширхэг.

УБ-32А-24 блок дэх удирдлагагүй пуужин. Тусгал 2000 метр.

Б-8820А блок дэх удирдлагагүй пуужин. Тусгал 400-4500 метр.

Б-13Л1 блок дэх удирдлагагүй пуужин. Тусгал 1100-4000 метр.

Танк эсэргүүцэгч пуужингийн 9М120 Атака-В цогцолбор. Тусгал 400-6000 метр.

Танк эсэргүүцэгч пуужингийн 9М114К Штурм-8 цогцолбор. Тусгал 5000 метр.

ОДАБ-500, ОДАБ-250, РБК-500 гэсэн гурван төрлийн агаарын бөмбөгтэй.


ДЭЛХИЙН ХАМГИЙН НАЙДВАРТАЙ АВТОМАТ АКМ

Калашниковын бүтээл АКМ бууг мэдэхгүй хүн байхгүй. Цэргийн албанд явсан хүн бүр барьж үзэж, буудаж байсан. Дэлхийд хамгийн их тархсан зэвсэг гэдгээр Гиннесийн номонд орсон АКМ хамгийн найдвартай автомат юм. Өнөөдөр дэлхий даяар 100 сая орчим АКМ буу хэрэглэгдэж байгаа нь манай гаригийн насанд хүрсэн 60 хүн тутамд нэг АКМ байна гэсэн үг.Калашниковын автоматыг өнөөдөр дэлхийн 106 орны зэвсэгт хүчин, тусгай салаа хэрэглэж байна. Мэдээж Оросын зэвсэгт хүчин энэ бууг 60 жил тасралтгүй ашиглаж байгаа юм.Калашниковын автомат бууг хэд хэдэн улс орон өөрийнхөө сүлдэнд залсан байдаг.Намаг шаварт олон хоног хэвтсэн АКМ бууг шууд авч гал нээх боломжтой байдаг.

Г.БАТ

Т-72А ТАНКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Хэмжээ

9.35м х 3.59м х 2.23м (урт, өргөн, өндөр)

Жин

41.5 тонн

Баг

4 хүн (командлагч, жолооч, их бууч, цэнэглэгч)

Хөдөлгүүр

В-12, 582 киловатт

Дээд хурд

42 км/ц

Туулах зай

490-700 км

Зэвсэглэл

125 мм-ийн 2А46М загварын их буу 1 ш

12.7 мм-ийн НСВТ АА пулмёт 1 ш

7.62 мм-ийн ПКТ хос пулмёт

Хуяг

Хуяг нэвтлэгч пуужин, сумнаас хамгаалсан композит хуягтай

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Өнөөдөр монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр

монгол хүн сансарт ниссэн-н зурган илэрц

Өнөөдөр монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойн өдөр. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар 1981 оны III сарын 22-ны өдөр 14.58 цагт Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт дэлхийг 124 удаа тойрч, III сарын 30-нд амжилттай газардсан юм. Монгол Улс өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдэн үлджээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ

Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол Улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ. Уулзалт нь ирэх 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд ХБНГУ-ын Линдау хотод Салбар дундын судалгааны (Interdisciplinary) чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд 35 хүртэлх насны 650 шилдэг залуу судлаачид, оюутнууд болон хими, физик, анагаах ухаан-физиологи, утга зохиолын чиглэлээрх Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцох юм байна.

Манай улсаас Линдаугийн уулзалтад жил бүр шилдэг залуу эрдэмтэн судлаач нар сонгогдон оролцдог уламжлалтай.

Cүүлийн жилүүдийн байдлаар:

  • 2019 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Жаргалан,
  • 2018 онд АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул,
  • 2017 онд МУИС-ийн багш, залуу судлаач Ж.Рагчаа,
  • 2016 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа,
  • 2015 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын мэргэжилтэн Б.Отгонсувд нар сонгогдон оролцжээ.

Уулзалтын үеэр залуу судлаачид маань Нобелийн шагналтнуудын илтгэлүүдийг сонсон, тэдний туршлагуудаас суралцахын зэрэгцээ харилцан ярилцах, мөн өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон бусад оролцогчдод танилцуулан илтгэдэг юм.

Линдаугийн Нобелийн шагналтнуудтай хийх уулзалт нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байгаа залуу судлаачдад Нобелийн шагналтнуудтай уулзан харилцаа тогтоох, тэднээс суралцах, туршлага солилцох зэрэг боломжуудыг олгодгоороо онцлогтой.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​ТЕСЛАГИЙН ШИНЭ КОМПЬЮТЕРИЙН ТУХАЙД

Image result for Elon Musk

Tesla Motors, SpaceX, Solar City зэрэг хэд хэдэн дэвшилтэт компанийг үүсгэн байгуулагч, шинийг санаачлагч, зохион бүтээгч Элон Маск гэж сүрхий шар нөхрийн фенүүд Монголд ч цөөнгүй болжээ. Манай үеийн үлгэр домгийн баатар болсон энэ хүнийг шүтэх нь байг гэхэд дэмжихээс өөр яахав.
Теслагийн автомашинууд өндөр хүчин чадал, энергийн бага хэрэглээг нэг дор хослуулсан бүрэн цахилгаан хөдөлгүүрээс гадна автомат жолоодлогоороо сонирхол татдаг. Монголын замд яахыг мэдэхгүй ч, замын тэмдэг тэмдэглэгээ стандарт сайтай өндөр хөгжилтэй улсуудад бол өөрийгөө жолоодоод явчихдаг машин.
Сүүлийн үед Тесла автомат жолоодлого дээрээ ихээхэн анхаарал тавьж байгаа. Тэр ч зорилтынхоо дагуу автомашины удирдлагын компьютерээ шинэчилснээ саяхан олон нийтэд танилцуулжээ. Харин түүнийг нь үзэж сонирхсон япон эрдэмтэн гайхан биширч бараг соёлын шоконд орсон гэх сүртэй яриа технологийн сонин хэвлэл сайтуудаар гарсан байна.
Компьютерийн техник хангамжийн талаас нь харвал тэгтлээ ч сүр бадруулах харь гаригийн технологи ч бас биш л дээ. Жаахан аналитик байцгаая.

Энэ Теслагийн HW3 гээд байгаа жолоодлогын автомашины компьютер бол байдаг л нэг нягт ихтэйхэн PCB /Printed Circuit Board/.
Одоогийн өндөр хүчин чадалтай график картуудаас эхлээд супер компьютерийн нэгж кластер, янз бүрийн үүрэгтэй тооцооллын модуляр юнитууд иймэрхүү л юмнууд байдаг.

Техникийн үүднээсээ бол 2 ширхэг Тесла чип тус бүртээ 4, 4 ширхэг DDR4 санах ойн чиптэй холбогдоод PCB дээр суулгагдсан байгаа. PCB дээр мөн өөр бусад туслах жижиг чипүүд, транзистор конденсаторууд, коннектор, Сlock Generator гэх мэт үй олон элементүүд нягт суурилагдсан байна.

Санах ой нь Micron -ий үйлдвэрлэсэн Low Power DDR4.
Харин Tesla чип нь самсунгад үйлдвэрлэгдсэн. Ер нь чипийг энд тэнд үйлдвэрлэсэн гэхээсээ шарсан гэж яривал илүү зохимжтой. Учир нь ихэнх чипийг өөр газар бүтээж, өөр үйлдвэрт шардаг.
Tesla чип 2 ширхэг байгаа нь хүчин чадлыг өсгөх биш, нэг үүргийг давхар гүйцэтгэж найдваржилтыг өсгөх, алдаанаас сэргийлэх зорилготой юм байна.

Tesla чипний дотор график процессор GPU, төв процессор CPU, 2 ширхэг нейраль процессор NPU, бас бус ерөнхий үүргийн нэгжүүд байна.

График процессор нь nVidia -н GPU юм байна. Бидний мэдэхээр бол овоо хүчтэй GeForce болтой юм. Давтамж нь 1GHz юмуу даа.

Төв процессор нь АRM-72 архитектуртай, 12 цөмтэй, 2.2GHz давтамжтай CPU гэж байна.
Ер нь бол гар утасны л процессортой ижилхэн зүйл л дээ. Бидний барьж байгаа гар утасны үнэтэйгээс нь арай хүчтэй, дунд зэргээс нь 2 дахин, хямдавтараас нь 3 дахин хүчтэй гээд баримжаа авчихад болно.

Тэгээд хамгийн сонирхолтой нь NPU буюу нейрал процессор гэгч нэгж.
Тесла чипний литограф дээрээс харахад 2 ширхэг NPU нь чипний ихэнх хэсгийг эзэлж байна.
Энэ нь энгийн компьютерийн хэрэглээнд төдийлөн нэвтрээгүй, саяхнаас хөгжиж буй процессорын төрөл тул маш их кэйш санах ойтой гэхээс өөр тодорхой юм техникийн хувьд хэлж чадахгүй нь.
Ерөнхийдөө NPU гэдэг нь Machine Learning -н асар олон салаа үйлдлүүдийг өндөр бүтээмжтэйгээр гүйцэтгэхэд зориулагдсан процессорын архитектур юм.

За нэг иймэрхүү. Би хувьдаа тэр шоконд орсон япон эрдэмтэн биш боловч орчин үеийн бас л нэг өндөр нягтралтай, транзисторын тоо нь замбараагаа алдсан PCB төхөөрөмж байна гэж харлаа.
Харин асар их транзисторуудтай нүсэр нүсэр нэгжүүдийг нэг дор бөөгнүүлсэн хэр нь бүгд харьцангуй өндөр давтамжид ажиллаж байгаа нь асар их халалт үүсгэж, хөргөлтийн асуудалд маш их анхаарах хэрэгтэй болжээ гэж бодогдох юм.

М.ПҮРЭВ-ЭРДЭНЭ