Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг коронавирусийн эрсдэл багатай орноор нэрлэжээ

АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) саяхан дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, аялалд гарахаар зорьж буй иргэддээ зориулсан зөвлөмж гаргасан байна.

Ингэхдээ дэлхийн улс орнуудыг Level 4-1 хүртэл дөрвөн ангилалд хуваажээ. Level-4 нь Covid-19 өвчний “Маш өндөр эрсдэлтэй”, Level 3 нь “Өндөр эрсдэлтэй”, Level 2 нь “Дундаж эрсдэлтэй”, Level 1 нь “Бага эрсдэлтэй” гэж ангилсан аж.

Өндөр эрсдэлтэй орны тоонд Белги, ОХУ, Герман, Энэтхэг, Итали, Япон зэрэг коронавируст халдвар хамгийн өндөр хурдтай тархаад буй орнууд орсон бол бага эрсдэлтэйд Австрали, Шинэ Зеланд, Хятад, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улс багтжээ.

Мөн Монгол Улсыг Level-1 буюу “Бага эрсдэлтэй” орнуудын тоонд багтаажээ.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Канадын оюутан өндгөвч, хөхний хорт хавдрыг устгадаг вирус бүтээжээ

Covid-19 цар тахал дэлхийн эрүүл мэндийн салбарыг хямрааж, мэс засал болон бусад өвчний эмчилгээнд олон хүчин зүйлээр саад болж буй өнөө үед Канадын оюутан Тэйлор Жэмисон хорт хавдрыг устгадаг вирусийг инженерчилж, хөхний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээ нээснээрээ Mitacs шагнал хүртжээ.

“Би эмэнд дасал болж, эмчилгээ авахааргүй болсон хөхний болон өндгөвчний хорт хавдрын эсрэг вирус зохиох ажлыг онцгой анхааран гүйцэтгэсэн” хэмээн Оттовагийн их сургуулийн доктрант Тэйлор Жэмисон ярьсан аж.

“Ямар ч сонголтгүй болсон өвчтөнүүдэд зориулсан шинэ сонголт” хэмээн тодорхойлж буй түүний бүтээл вирусийг генийн түвшинд өөрчилж, улмаар биеийн дархлааны системд хорт хавдрын эсүүдийг эсэргүүцэх дохио илгээх журмаар ажилладаг гэнэ.

Тэйлор “Хорт хавдар бол маш нарийн төвөгтэй өвчин. Тиймдээ ч хийх, судлах ажил их учир энэ салбар миний сонирхлыг татдаг юм. Дэлхий даяар маш олон эмийн туршилт, судалгааны ажлууд хийгдэж байгаа ч хорт хавдрыг эмчлэх илүү хялбар аргыг олж нээх нь миний зорилго юм. Тиймээс шинэ эмчилгээгээ албан ёсоор хүн дээр турших зөвшөөрөл авах өдрийг тэсэн ядан хүлээж, түүний төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Түүний тулд би вирусүүдээ хархан дээр туршиж аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдгийг нь нотлох хэрэгтэй юм” хэмээн тайлбарлажээ.

Шинэ бүтээлээрээ Тэйлор Mitacs шагнал хүртэж, цаашид Оттовагийн их сургуулийн Анагаах ухааны салбарын биохими, микробиологи, дархлаа судлалын тэнхим, Оттавагийн эрүүл мэндийн хүрээлэнгийн шилдэг эрдэмтдийн удирдлага дор суралцаж, хамтран ажиллахаар болсон байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

СУДЛААЧ: Хэрвээ бид энэ 14 хоногт хатуу хөл хорионы дэглэмийг маш сайн барьж чадвал дахин сунгах шаардлагагүй

Сүүлийн хэдэн өдөр ажиллуулж байсан загварыг Монголын нөхцөлд тохируулан шинэ модель хийв. Шинэ загварын гол зорилго нь хөл хорионы хугацаанаас ирээдүйд халдварын тоо хэрхэн өөрчлөгдөж байгааг харах юм. Энд дараах 4-н нөхцөлийг авч үзсэн.
а. Хөл хорио огт тогтоогоогүй байсан бол яах вэ?
b. 11 сарын 11-нээс 16 хооронд 5 хоног,
c. 11 сарын 11-нээс 12 сарын 1-ний хооронд 19 хоног,
d. 11 сарын 11-нээс 12 сарын 15-ны хооронд 33 хоног хатуу хөл хориог тогтоовол юу болох талаар тус бүр нөхцөлийг бодож үзсэн юм.
Үр дүн товчоор
а. Монгол улсын бүх хүн ам халдвар аваад сүргийн дархлаа үүсэх байжээ.
b. 5 хоног хатуу хөл хорио тогтоогоод буцаагаад цуцалсан бол халдварын хурд огцом буурч байгаа хэдий ч нууц үе дээрээ явж байсан хүмүүс буцаад олон нийтдээ нийлж буцаад халдвар тарна. Ойролцоогоор 14 мянган хүн халдвар авах байжээ.
с. 19 хоног хатуу хөл хорио тогтоовол дараа жилийн 7 сарын үед 1300 орчим хүн нийт халдвар авах байдал харагдаж байна.
d. 33 хоног буюу одоо гарсан шийдвэр дээр нэмэж 14 хоног хатуу хөл хорио тогтоовол өмнөх тохиолдолтой адилхан байна.
Дүгнэвэл: Хэрвээ бид энэ 14 хоног хатуу хөл хорионы дэглэмийг маш сайн барьж чадвал дахин сунгах шаардлагагүй харагдаж байна. Нууц үе дунджаар 5-6 хоног болохоор ирэх долоо хоног хамгийн чухал ба шинээр халдвар хүн авахгүй байх хэрэгтэй юм. Одоогийн байдлаар загвар 94.5 хувь таарч байна.
Жичи анагаах ухааны их сургуулийн туслах профессор Б.Сувд, судлаач Н.Мөнх-Эрдэнэ, Ч.Ариунболд нартай хамтран ажилласан ба ЭШ өгүүлэлд хэвлүүлэхээр бэлдэж байна. Нарийн аргачлалыг хэвлэгдэхээр уншаарай! Ам загатнаад биччихлээ. Магадгүй ирээдүйд гарах шийдвэрт хэрэгтэй юм шиг санагдаад.
Жич: Уг бичвэр нь албан ёсны бус бөгөөд дан ганц шинжлэх ухааны сонирхолдоо хөтлөгдөн тооцоолж үзсэн тоон загварчлалын үр дүн болно.

FB:Нийгмийн эгэх хариуцлага


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сүүлийн арван жилийн том нээлт

Энэ зууны хоёр дахь арван жил удахгүй дуусах гэж байна.Тэгвэл энэхүү арван жилд хүн төрөлхтөн шинжлэх ухааны ямар том ололт олсныг хамтран сонирхъё.


1. ХИЙМЭЛ МАХБИЙ БОЛОВ

Нидерландын Маастрихтын их сургуулийн профессор Марк Постын удирдсан эрдэмтдийн гарган авсан 140 грамм хиймэл махаар тогооч Ричард Макгоун бургер хэрхэн хийхийг дэлхий нийт 2013 оны наймдугаар сарын 5-нд шууд үзэв. Лабораторид ургуулах замаар гарган авсан энэхүү үхрийн хиймэл махыг хийхэд хоёр жилийн хугацаа, 325 мянган ам.доллар зарцуулжээ. Хиймэл махаар хийсэн бургерийг амсаж үзсэн хүнс судлаач Ханни Рутцер энэ мах хэтэрхий өөхгүй бас шүүслэг биш байна гэж шүүмжилсэн юм.2013 оноос хойш хиймэл мах гарган авах ажил амжилттай хөгжиж байгаа бөгөөд “New Age Meats” болон “Memphis Meats” стартап компаниуд энэ чиглэлд тэргүүлж байна.

2. ХИЙМЭЛ ОЮУН УХААН АМЬДРАЛД НЭВТРЭВ

“Google DeepMind” компанийн бүтээсэн Хиймэл оюун ухаан болох “AlphaGo”программ 2015 онд хятадын стратегийн тоглоом гэгддэг “Гo” тоглож энэ тоглоомын мэргэжлийн мэргэшсэн тоглогчийг хожив. Эрдэмтэд иймэрхүү хиймэл оюун ухааныг 2020 оноос нааш гарахгүй гэж тооцож байсан билээ. Энэхүү хиймэл оюун ухаан жилийн дараа 4:1 харьцаатайгаар “Го” тоглоомын дээд лигийн тамирчин Ли-г хожиж амжилтаа бүрэн баталгаажуулж чадсан юм. Хиймэл оюун ухааны хөгжил ингээд зогссонгүй.2017 оны есдүгээр сард “Audi” хүний оролцоогүй өөрийгөө жолоодох гурав дахь үеийн автомашин дэлхийд анх удаа хийснээ зарлав. Харин 2018 онд “Waymo” компани анхны жолоочгүй таксины үйлчилгээг АНУ-д нэвтрүүлэв. Өнөөдөр хиймэл оюун ухаан бидний амьдралын салбар болгонд амжилттай хөгжиж байна.


3. ХОЛЫН СОЛИРТ ХҮРЭВ

Европын Сансрын Агентлагийн “Розетта” аппарат дэлхийгээс хөөрснөөс хойш 10 жилийн дараа буюу 2014 онд “67P” сүүлт одон дээр бууж химийн бүтцийн судалгаа явуулав.Энэ судалгаагаар уг сүүлт одны химийн бүтэц тодорхой болсон төдийгүй дэлхийн далайн уснаас гурав дахин их нягтшилтай “хүнд ус” энэхүү сүүлт одонд мөс хэлбэртэй оршиж байсан нь дэлхийн ус сансрын гаралтай гэсэн онол худлаа болохыг нотолсон юм. Энэ явдлаас хойш нарны аймгийн үүслийг тодруулах зорилгоор эрдэмтэд дэлхийгээс алсад байгаа хэд хэдэн солироос дээж авч судалгаа хийжээ.


4. ХУВИЙН САНСРЫН ПУУЖИН

Сансар судлалын түүхэнд анх удаа хувийн “SpaceX” компанийн бүтээсэн сансрын пуужин 2012 оны тавдугаар сард дэлхийн тойрог замд нисэж буй Олон улсын сансрын станцтай амжилттай холбогдов. 2015 онд “SpaceX” компанийн бүтээсэн сансрын ”Falcon 9 FT” пуужин сансрын станцад ачаа хүргэж өгөөд дэлхийд буцаж ирэв. Энэ пуужин 2017 онд сансарт дахин ачаа хүргэж өгсөн байна. Ингэснээр сансар судлалын пуужингийн зардал эрс багасах боломжтой болов.

5. ХҮНИЙ НИЙЛЭГ ДНК БОЛОН ЭПИГЕНОМЫН КАРТЫГ ГАРГАН АВАВ

Бүх амьд биетийн ДНК хоёр янзын A-T (аденин-тимин) болонG-C (гуанин-цитозин) гэсэн хос амин хүчлээс бүрддэг. Тэгвэл 2017 онд эрдэмтэд E. coli гэх бактериас байгальд байдаггүй X-Y гэсэн шинэ хос амин хүчил шинээр гарган авсан юм. Шинээр бий болгосон энэхүү ДНК-ийн цоо шинэ бүтэц хорт хавдар гэх мэт өвчнүүдийг хүний ДНК-ийн түвшинд эмчлэх боломжийг эрдэмтдэд олгож байгаа гэнэ. Эрдэмтдийн бас нэг том амжилт бол коллаборац гэх тусгай зорилтот бүлэг байгуулж, 111 эд эрхтэний генийн бүтцийг тодорхойлсны үндсэн дээр хүний эпигеномын маш тодорхой картыг 2015 онд гарган авсан явдал юм. Эпигеном гэдэг нь үгчилбэл генэн дээрх гэсэн үг билээ. Учир нь генийн ДНК-г уураг болон химийн бодисоос бүтсэн ороомог ороож байдаг. Энэ ороомгийг эпигеномгэнэ. Эпигеном нь хүний ДНК дахь генийг идэвхжүүлэх эсвэл сулруулах, зогсоох замаар тамхи татах, архи уух, хортой нөхцөлд ажиллах гэх мэт гадны нөлөөлөлд биеийг хамгаалах зохицуулалт болдог маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэж зохицуулж чадахгүй болонгуут хүний биеийн эс хорт хавдрын эс болон хувирдаг. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд хүний эпигеномын картыг гарган авснаар хорт хавдрыг эмчлэхэд бас нэг том алхам хийсэн гэсэн үг юм.


6. “ХАР НҮХ”-НИЙ ФОТО

Эрдэмтэд хэдэн арван жилийн цөхрөлтгүй оролдлогын эцэст 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд дэлхийгээс 54 сая гэрлийн жилий нзайд,“Мессье-87” галактикийн төвд байрлах, манай нарнаас 6,5 сая дахин илүү жин бүхий сансрын “хар нүх”-ний фото өнгөт зургийг авч чадсан байна.


7. КВАНТЫН КОМПЬЮТЕР БҮТЭЭВ

“Google” компанийн инженерүүд 2019 онд квантын компьютер бүтээв. Квантын компьютер бүтээснээр одоо бидний хэрэглэж байгаа хамгийн хурдтай супер компьютерийн 10 000 жилд хийх тооцооллыг гурван минутад хийх боломжтой болсон гэсэн үг. Энэхүү компьютерийг эрдэмтэд шинэ эм гарган авах болон хиймэл оюун ухаан бүтээх ажилд хэрэглэж эхлээд байна.

8. ЭЙНШТЕЙНИЙ ХЭЛЖ БАЙСАН ДОЛГИОНЫГ ОЛОВ

1915 онд Эйнштейн “Таталцлын долгион байх ёстой. Гэхдээ дэлхийгээс энэ долгионыг илрүүлэх боломжгүй.Хэт сул байх болно” гэж байсан билээ. Гэвч эрдэмтэд сансрын таталцлын долгионыг амжилттай илрүүлсэн төдийгүй гэрлийн хурдаар тархдаг болохыг тогтоож 2017 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Эрдэмтэд сансрын таталцлын долгионыг илрүүлсэн нь Их дэлбэрэлтийн үеийн нөхцөлийг зөв тодорхойлох,энэхүү дэлбэрэлтийн дараахь орчлон ертөнцийн тэлэлтийн загварыг оновчтой гаргах болон сансрын физикийн онолыг төгөлдөржүүлэх илүү боломжтой болсон байна.

9. ХӨРШ НАРНЫ АЙМГУУДЫГ СУДЛАХ ДУРАН

Европын Сансрын Агентлаг 2019 оны арванхоёрдугаар сард “Хеопс” (Cheops) нэртэй сансрын дуранг манай нарны аймагтай хөрш орших нарны аймгуудыг судлах зориулалтаар хөөргөв.Энэхүү дуран авай нь манай хөрш нарны аймгуудад нээгдсэн гаригуудыг нарийвчлан судлах юм.Учир нь бидний “Тэнгэрийн заадас” гэдэг манай галлактикт 100 тэрбум орчим гариг байдаг бөгөөд эдгээрээс 5-20 тэрбум нь дэлхийтэй төстэй гариг байгаа аж.


10. ШИНЭ ВАКЦИН, ШИНЭ ЭМЧИЛГЭЭ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар жилд 124-283 сая хүн маляр шумуулд хазуулж өвчлөн 367-755 мянга нь үхдэг байна.Урьд нь ашиглаж байсан вакцин 31-56 хувийн үр дүнтэй байсан бол эрдэмтдийн шинээр гаргаж авсан вакцин 90 хувь үхлээс ангижруулж чаддаг болсон байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар Төв болон Баруун Африкт Эбола вирусээр халдварлагдсан хүмүүсийн үхэл 25-90 хувьтай байдаг байсан гэнэ. Харин эрдэмтэд энэ вирусийн эсрэг шинэ эмчилгээ гарган авч туршсанаар Конго улсад эбола вирусийн үхлийг 90 хувь багасгаж чаджээ.

Г.АМАРСАНАА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Далай багш ба квант физик

Гадаадын хэсэг зохиогчид Далай багш ба дэлхийн хэмжээний хэсэг гарамгай эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны гарамгай нээлт, ололтууд, Будда бурхны сургаалтай хэрхэн холбогдож болох тухай харилцан мэтгэлцээний сонирхолтой киног зохиож, түүнийг Далай багшийн төрсөн өдөр болох долдугаар сарын 6-нд үндэсний телевизорээр нэвтрүүлсэн нь сүсэгтэн олны таашаалыг хүртсэн.

Киноны гол агуулга нь бурхны сургаалын гүн бясалгалын арга, нөгөө талаас цэвэр туршилтын үр дүнд тулгуурлан хөгждөг орчин үеийн шинжлэх ухааны онол хоёр хорвоо ертөнцийн бодит үнэнд хүргэх хоёр өөр замын нэгэн уулзвар байж чадах уу? гэсэн асуултад хариулах зорилттой байв.
Мэтгэлцээн нь хүн төрөлхтний хөгжлийг авч яваа орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбарууд болох сансар судлал, космологи, квант физик, квант компьютер, молекулын биологи, генетик, тархи болон сэтгэл судлалын зэрэг асуудлуудад чиглэгдсэн юм. Энэ салбаруудын тэргүүлэх эрдэмтэд, Далай багшид нэг ёсондоо судалгааны ажлуудаа тайлагнаж, гарсан хачин сонин үр дүн, үзэгдэл юмс нь амьтай, амьгүй ертөнцийн нууцад хэрхэн хүрч байгааг бурхны сургаал, түүний гүн ухааны бясалгалтай хэрхэн дүйцэж байгааг харьцуулан ярилцсан юм. Баруунд Ромын Папыг Есүс Христийн амьд төлөөлөл гэж үздэгтэй нэгэн адилаар Далай багшийг Будда бурхны амьд дүр гэж бишрэн хүндэтгэдэг болохыг мэтгэлцээнд оролцсон эрдэмтдийн итгэл үнэмшил, үйлдэл, ярилцлагаас илт харагдав. Далай багшийн сургаал номлол баруунд ямар их эрч хүч авч байгааг түүнд олгосон хүндэтгэл, шагналууд харуулж байна. Жишээ нь, дэлхийн олон хотуудын гарамгай их сургуулиуд Далай багшид оюун санааны доктор, профессорын цол олгосон. Үүний дотор МУИС, ШУТИС, Улаанбаатарын их сургууль Далай багшид хүндэт доктор, Монгол Улсын ШУА түүнд профессор цол олгосон билээ. Далай багш нь Нобелийн энх тайвны шагнал, АНУ-ын тэргүүн зэргийн дээд шагнал “Эрх чөлөөний медаль” түүнийг дагалддаг 100000 ам.доллар, мөн Конгрессын алтан медаль авсан. Мөн түүнчлэн Далай багшийн хүн төрөлхтний оюун санаанд оруулсан гарамгай хувь нэмрийг үнэлж нэг сая долларын Тепольтоны шагнал хүртсэн билээ. Далай багш энэ шагналаа Энэтхэгийн ядуучуудад зориулсан байдаг.

Барууны нийгэмд Далай багшид ямар их бишрэл, хүндэтгэл үзүүлж, түүний ном, сургаалыг даган суралцаж, өөрсдийнхөө оюун ухааныг хэрхэн тэлэх зүрх зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байгааг уг киноны үйл явдлаас харахад олон зууны турш бурхны сургаалыг даган биширч ажил үйлсээ, эх орноо хөгжүүлэн авч ирсэн сүсэгтэн олон, өндөр настан, өвөг дээдсийнхээ өмнө өнөө цагийн бид ичгэвтэр байдалд орлоо. Эргэж санахад 2016 оны 25 хэмийн тэсгим хүйтэн өвөл Далай багшийг эх оронд минь морилон ирж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад нь төрийн төлөөллийн хүмүүс түүнээс мэлзэн зугтаж, нэг юмнаас айж сандран түүний зохион байгуулсан хурлыг ор нэр болгон, уух ус ч ширээн дээр нь тавиагүй билээ.
Кинонд дурдсанаар Далай багш ба тэргүүлэх эрдэмтдийн дээр дурдсан шинжлэх ухааны олон салбаруудаар хийсэн мэтгэлцээн нь онц сонирхолтой болсон бөгөөд үүний дотор миний мэдэх физикийн шинжлэх ухааны ололт, тэр нь биднийг хүрээлэн буй ертөнцийн үйл явдлууд, үзэгдэл юмсын мөн чанарт хэрхэн хүрч байгаа тухай харилцан ярилцлага онц сонирхолтой боллоо.
Гэгээлэг оюун ухааны дээд түвшин болох гүн бясалгал, шинжлэх ухааны дээд шалгуур болох туршлага хоёр ертөнцийн хөгжлийн уг сурвалж болсон танин мэдэхүйн нэгэн гайхамшигтай алтан түлхүүрийг хослон олсон юм. Тэр нь юу гээч.
Нэгдүгээрт: Ертөнцийн аливаа нэг юмны уг сурвалж, бодит үнэнд хүрч болохгүй юм байна.
Хоёрдугаарт: Хорвоогийн аливаа нэг юманд бидний оюун ухаан үл хүрэх тийм абсолют буюу үнэмлэхүй нууц байдаг байна.
Гуравдугаарт: Энэхүү нууцын нууцыг тайлах абсолют буюу туйлын үнэн байх учиртай.
Дөрөвдүгээрт: Гэвч энэхүү туйлын үнэн нь хязгааргүй олон шаттай харьцангуй үнэнүүдийн нийлбэр юм байна.
Математикийн хэллэгээр харьцангуй үнэнүүдийн нийлбэр туйлын буюу абсолют үнэнд хязгааргүй дөхөж очих боловч түүнд хэзээ ч хүрэхгүй. Жишээ болгож, дунд ангийн нэгэн хялбар бодлогыг авч үзье. Тоон тэнхлэг дээр тэгээс нэг хүртэлх урттай хэрчим байг. Тэг цэгээс эхэлж явсан сурагч нэг гэсэн цэг дээр байгаа үнэмлэхүй үнэнд хүрэхийн тулд хэрчмийг яг хагаслан явах ёстой. Эхлээд хэрчмийн 0.5-д хүрнэ. Дараа нь хэрчмийн 0.75-д хүрнэ, дараа нь 0.875-ыг туулна. Гэх мэт хэрчмийн үлдсэн зайг хагаслан явснаар бодит үнэн байгаа нэг гэсэн цэг дээр хэзээ ч хүрч чадахгүй.Аливаа нэг юмны абсолют буюу үнэмлэхүй үнэнд хүргэх гэсэн бидний оюун ухааны хүсэл тэмүүллийн зам ийм жишээтэй адил төстэй.
Ингээд бурхны сургаалд аливаа нэг юм нууц хэвээрээ үлдсэн учир тэр юмыг хоосон гэх ба бидний түүнд хүрэх гэсэн санаа бодлыг хоосон чанар гэнэ. Энэ бол танин мэдэхүйн гайхамшигтай зарчим. Яагаад гэвэл хэрвээ бидний оюун ухаан орчлонгийн үнэмлэхүй буюу абсолют үнэнд хүрдэг байсансан бол бидний амьдралын утга учир алга болох байв. Жишээ нь, бид аливаа нэг киноны үйл явдлыг үзээд л дараа нь түүнийг үзэх сонирхолгүй болдогтой адил. Хэрвээ бид орчлонгийн нууцыг бүрэн тайлсансан бол бидний амьдрах учир холбогдол алга болно. Яагаад гэвэл цаашид сэтгэн бодох юмгүй болсон, орчлонгийн нууцыг бүрэн тайлсан. Нэг үгээр хийх юмгүй, сэтгэн бодох юмгүй болж хоосон чанарт шилжинэ гэсэн үг. Ингээд амьдрал учир утгагүй болох байв.
Гэвч биднийг хүрээлэн буй хорвоо ертөнц, бидний оюун ухааны төгсгөлийн уйтгартай, өрөвдөлтэй, зорилгогүй гэмээр тийм замыг тас хааж өгчээ. Ингээд бидний танин мэдэхүйн бодол санаа, зорилго, хүсэл тэмүүлэл цагийн аясаар үргэлжид мөнхрөн үргэлжлэх хувь тавилантай. Одоо аливаа нэг юмны бодит үнэнд хүрэх гэсэн танин мэдэхүйн гинжин холбоосыг физикийн шинжлэх ухааны жишээн дээр үзүүлье. Эртний Грекчүүд биднийг хүрээлэн буй ертөнц атом хэмээх эгэл хэсэг-хумхын тоосноос бүтнэ гэж үзжээ. Энэ нь ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний эхний шат мөн. Ертөнцийн бүтцийн тухай харьцангуй үнэний II шат нь XIX зуунд атом нь дотоод бүтэцтэй болохыг тогтоосонд оршино. Атомын дотоод бүтэц нь манай нарны аймгийн бүтэцтэй төстэй болохыг тогтоов. Атом нь нар шиг жин буюу масс ихтэй цөм, түүнийг гарагууд шиг тойрон эргэлддэг эгэл хэсэг болох электронуудаас тогтдог болохыг туршлагаар нээв. Атомын тухай танин мэдэхүйн харьцангуй үнэний III шат нь цөм нь бас цахилгаан цэнэгтэй протон, цэнэггүй нейтрон гэх эгэл бөөмсөөс тогтдог болохыг тогтоосон явдал юм. Атомын тухай харьцангуй үнэний IV шат нь цөмийг бүрэлдүүлэгч протон ба нейтрон бөөмс нь кварк гэж нэрлэгдэх бутархай цахилгаан цэнэгтэй бөөмсөөс тогтдог болохыг нээсэнд оршино. Атомын цөм ба электронууд нь өөр хоорондоо цахилгаан соронзон хүчээр барьцалдсан байдаг бол кваркууд нь цавуу буюу глюон гэх эгэл бөөмсийн тусламжтайгаар харилцан үйлчлэлд ордог байна. Одоо цагт атомын тухай харьцангуй үнэний V шат нь кваркууд нь бас прион(грекийн анхдагч гэсэн үг) гэх хачирхалтай эгэл хэсгээс тогтож болох таамаглалыг дэвшүүлээд байна. Гэвч физикчид өнөөдрийн өдрийг хүртэл атомын тухай абсолют буюу бодит-үнэмлэхүй үнэнд хүрэх яагаа ч үгүй байна. Харин хоосон чанар ёсоор түүнд хэзээ ч хүрэх ёсгүй.
Одоо олны гайхширлыг төрүүлсэн хоёр энгийн жишээг дурдъя. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсон таазанд өлгөөтэй байгаа чийдэн, шалан дээр байгаа модон сандал хоёрыг авч үзье. Бид эдгээрийг хараад ердийн л нэг байдаг бодит зүйл гэж бодно. Гэтэл гэгээрсэн гүн ухаантнуудын хувьд энэ хоёр юм хоосон чанарын бодит байдлыг илтгэнэ гэж хэлнэ. Мунхаг бидний хувьд энэ санаа бидэнд үлгэр, үнэмшихээргүй сонин санагдана. Яагаад?. Толин тусгалын цаана байдаг бидний барьж болдоггүй хоосон дүрс шиг дээрх хоёр юм эхлээд хүний оюун санаа, бодолд анх бий болдог. Тархин доторх тэдгээрийн геометр дүрслэл бидний амьдралд орж бодит чийдэн болон сандал болтол урт удаан замыг туулна. Цааш нь ухаад бодвол сандал юунаас тогтсон бэ? Модноос. Тэгвэл мод яаж ургаж бий болдог вэ? Нарны гэрэл, хөрс, ус, агаар хэрэгтэй. Нарны гэрлийг зөөгч нь физикийн хэлээр фотон хэмээх массгүй, цахилгаан цэнэггүй, секундэд 300000 км хурдалдаг эгэл хэсэг-долгион болно. Чийдэнгийн хувьд чийдэн нь шилэн бүрхүүл, түүний доторх хий болон төмөр утсан ороомгоос тогтоно. Төмөр утас нь төмрийн атомуудаас, атом нь цөм болон түүнийг тойрон эргэлддэг цахилгаан цэнэг зөөдөг электронуудаас тогтоно. Ингэхлээр чийдэн болон сандлын эцсийн амин шалгуур нь фотон болон электрон бөөмс болов. Хэрвээ бид энэ хоёр бөөмийн шинж төлөвийн тухай абсолют буюу үнэмлэхүй үнэнийг олж чадвал чийдэн, сандал хоёр бидний анх бодож санаснаар бодит үнэн болох байв. Энд ямар нэгэн хоосон чанарын тухай яриа хөөрөө огт болох ёсгүй.
Хүний мөн чанарыг хэзээ ч олж чадахгүй. Яагаад гэвэл хүн гэдэг хязгааргүй олон зан араншинтай. Тэгвэл бөөм, долгион гэсэн хоёрхон зан араншинтай эгэл бөөмс, тэдгээрийн төлөөлөл болох электрон, фотон хоёрын мөн чанарт хялбархан хүрч болмоор бодогдоно. Энэ хоёр бөөмийн зан араншинг тогтоохын тулд физикчид энэ хоёр дээр туршилт тавьдаг. Энэ хоёр бөөс шиг тэмтэрч болох бодислог чанартай юм бол замд нь тааралдсан хоёр нүхний аль нэгээр нь урсан өнгөрөх учиртай. Гэтэл туршлагаар үзэхэд энэ хоёр, хоёр нүхээр дуу авиа шиг нэг зэрэг гараад явчихсан зургийг гаргана. Ингээд электрон, фотон хоёр долгиолог шинжтэй болох нь туршлагаар батлагдав. Гэтэл энэ хоёр бөөмсийн урсгал нимгэн алтан ялтсан дээр буухдаа түүнийг бүрэлдүүлэгч алтны атомуудын электронуудтай мөргөлдөж, тэдгээрийг ялтаснаас суга татаж гаргаж чаддаг болохыг туршлагаар тогтоов. Иймээс электрон, фотон хоёр тодорхой импульстэй биллиардын шарик шиг биет бөөмс болох нь илэрхий болов. Энэ хоёр бөөмийн өөр нэг чухал сонин хачин шинж гэвэл хөдөлгөөн нь санамсаргүй буюу тохиолдлын хуульд захирагддаг байна. Энд багажид бүртгэгдсэн электрон хэсэг хугацааны дараа хаана байхыг огт хэлж чадахгүй. Саран дээр байх ч магадлалтай. Бас эгэл бөөмсийн хөдөлгөөнд хэзээ ч тайлж болмооргүй, нууц хэвээрээ үлдмээр тийм нэгэн сонин үзэгдэл бий. Тэр нь нэг үүсгэгчээс гарсан ихэр хоёр фотоныг бие биендээ мэдээлэл дамжуулж, дохио хүргэх боломжгүй тийм алс хол зайд салгаад нэг фотоны шинж төлөвийг туршилтын багаж төхөөрөмжийн тусламжтайгаар өөрчлөхөд нөгөө алс хол байгаа ихрийн өрөөсөн фотон нь урьдчилан хэлэлцсэн мэт өөрийнхөө төлөв байдлаа өөрчилдөг байна. Анх үүсгэгчээс гарахдаа чи улаан дээл өмсөнө, харин би цэнхэр дээл өмсөнө шүү гэсэн мэт тийм физик хуулийн тохиролцоо байдаг. Тэгвэл алсхолын зайд байгаа бөөм нь физик багажийн тусламжтайгаар улаан(эсвэл цэнхэр) дээл өмсгөж албадмал хүч хэрэглэсэн бөөмийнхөө шинж төлөвийг тэр даруй мэдээд цэнхэр(эсвэл улаан) дээлээ өмсөх жишээтэй. Энэ хоёр бөөмсийн харилцан хамаарлыг хоёр бөөмийн хэзээ ч салах ёсгүй орооцолдсон гэж нэрлэнэ. Энэ үзэгдлийн мөн чанарыг физикчид тайлж чадахгүй байгаа юм.
Ингээд чийдэн, сандал хоёрын цаад уг сурвалж нь электрон, фотон гэсэн бөөмсийн шинж төлөвтэй холбогдох ба энэ хоёр бөөмийн бодит үнэнийг бид тайлж чадахгүй учир бидний нүдэнд харагдаж байгаа бодит үнэн мэт харагдах чийдэн, сандал хоёр хоосон чанартай болох нь физикийн туршлагаар батлагдлаа.
Цахилгаан цэнэг, бодисын масс, соронзон гэдэг чинь чухам юу юм бэ? Масстай хоёр бие яагаад таталцдаг юм бэ? Яагаад их масстай биеийн ойролцоо цагийн явдал удааширч, огторгуй хоосон хэрнээ нум шиг мурийж, муруй огторгуйг бий болгодог юм бэ? гэх мэт танин мэдэхүйн тулгуур асуултуудад бодитой хариулт өгч, тэдгээрийн үнэнийг нь одоо болтол мөн алс ирээдүйд ч олж тайлж чадахгүй биз ээ. Ингээд бүх ертөнцийн таталцлын тухай Ньютоны хууль, Эйнштейний харьцангуйн ерөнхий онол хоёр ертөнцийн бүтэц, хөгжлийн жинхэнэ бодит үнэнд бас л хүрээгүй л байна.
Өөр нэг нууцын нууц гэмээр нэг зүйл бол цаг хугацааны тухай ойлголт юм.Цаг хугацаа гэдэг бидний ухамсрын гадна байдаг бодит үнэн үү, эсвэл бидний уураг тархины цэвэр ойлголт уу? Энгийн сэтгэлгээний хүрээнд нар гардгаараа гарна, дөрвөн улирал солигддогоороо солигдоно, дэлхий эргэлддэгээрээ эргэлдэнэ, хүн төрдгөөрөө төрнө, өснө, нирваан дүр үзүүлдгээрээ үзүүлнэ гэх мэт үзэгдлүүд цаг хугацаатай ямар ч хамааралгүй мэт санагдана. Ингээд цаг хугацааны тухай үнэмлэхүй үнэн нуугдмал хэвээрээ үлдэв. Иймээс цаг хугацаа бас хоосон чанартай.
Танин мэдэхүйн эцсийн шалгуур нь туршлага билээ. Гэтэл энд нэгэн тайлагдашгүй, эрдэмтдийн гол мэтгэлцээний бай болсон нэгэн зүйл бий. Тэр нь туршлагын хэмжилт, бүртгэлийн ямар ч нарийн багаж төхөөрөмж байлаа ч уг судлах гэж буй аливаа нэг юмны туршлагаас өмнөх түүний жинхэнэ мөн чанарыг өдөөж өөрчлөлтөд оруулах учир хэмжилтийн үр дүнд гаргаж авсан уг юмны тухай мэдээлэл нь түүний жинхэнэ бодит үнэнтэй хэзээ ч тохирох ёсгүй. Иймээс аливаа нэг юмны мөн чанарыг түүний шинж төлөвийг өдөөж, өөрчлөхгүйгээр таньж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс уг юмны эцсийн нууцад хүрч чадахгүй учир тэр нь бидний оюун ухааны гадна орших хоосон чанар болон үлдэнэ.
Дэлхий дээрх бүх амьдралын уг сурвалж, амин сүнс, эцсийн үнэн нь нар билээ. Гэтэл наран дээр очтол 5000 хэм, гүндээ хэдэн сая хэмийн дулаантай, байхын аргагүй халуун бөмбөлөг.Мөн биднийг хүрээлэн буй үй түмэн одтой орчлон хорвоогийн бодит үнэн, анхдагч эхлэл нь мөн л оюун ухаанд хэзээ ч хүршгүй, зүйрлэшгүй, тоолж, тогтоож боломгүй тийм аймшигтай халуун бөмбөгийн тэсрэлтийн үр дүн. Иймээс эх дэлхий дээрх амьдрал, одод хорвоогийн эцсийн бодит үнэн, мөн чанар нь бурхны хэллэгээр хоосон, шинжлэх ухааны хэллэгээр хэзээ ч хүрч боломгүй онцгой цэг. Үүнийг англиар singular point, оросоор особая точка гэж үзэхээс өөр тодорхойлолтгүй хязгааргүйн хязгааргүй билээ.
Эцэст нь бурхны сургаал, физик хоёр танин мэдэхүйн нэгэн замын уулзварт нийлсэн бодит жишээг дурдъя. XIX зууны гарамгай эрдэмтдийн нэг Америкийн физикч Гелл-Манн Будда бурханы сургаалын билиг оюуны найман замыг (зөв ойлголт, шалтаг шалтгааны учир, зөв хэл яриа, зөв үйлдэл, зөв хооллолт, хичээл зүтгэл, оюун ухааны ажил үйлс, бясалгал) геометрийн зөв олон өнцөгт дүрслэлд буулгаж, төв болон орой бүрт нь бодисын бүтцийн эгэл хэсэг-эгэл бөөмсийг ангилан байршуулах санааг оруулжээ. Гэтэл ертөнцийн нэгдмэл зүй тогтол ёсоор нэг орой дээр нь тодорхой масстай эгэл бөөм дутсан учир түүнийг байгальд заавал байх ёстойг урьдчилан хэлж, түүний нэрийг омега гэж нэрлэе гэж физикчдийн дунд санал тавьсан. Хожим энэ бөөмийг туршлагаар нээж, Гелл-Манн 1969 онд Нобелийн шагнал авсан түүхтэй.

Академич

Х.НАМСРАЙ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ухаалаг маск CLIU

Монголчууд вакцин гарахыг хүлээж, нэг удаагийн амны хаалтаар аргацааж, өдөр хоногийг өнгөрөөж байхад барууны орнууд коронавирустэй “эвлэрч” вакцин үйлдвэрлэгдэхийг хүлээлгүй түүнээс ухаалгаар хамгаалж байна. Вирус устгагч, карбон агаар шүүгч, үл цантагч системтэй, технологийн дэвшил шингээсэн ухаалаг маскийг Италийн зохион бүтээгчид үйлдвэрлээд эхэллээ. Өнгөрсөн наймдугаар сараас худалдаанд гарсан уг маск одоо онлайн худалдаа болон дэлхийн худалдааны зах зээл дээр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.

CLIU маскийг зүүсэн байхад маш хөнгөн, амьсгалахад саадгүй, цантахгүй, хамгийн гол нь таны инээмсэглэл, амны хөдөлгөөн ил харагдана. Зохион бүтээгчдийн хувьд CLIU маскийг дараах давуу талуудтай гэж онцолжээ.

-Чөлөөтэй амьсгална. Энгийн, нэг удаагийн амны хаалттай амьсгалахад тодорхой хэмжээгээр хүндрэлтэй байдаг. Харин CLIU маскийг зүүсэн байхад амьсгалахад юу ч саад болохгүй.

-Энэ маскийг зүүхэд дуу хоолой сул сонсогдох, яриа дуулдахгүй байх гэх мэт хүндрэл үүсэхгүй

-Хамгийн гол давуу тал нь та сайхан инээмсэглэлээ бусдад харуулах боломжтой болно.

-Ам, хамраа битүүлсэн үед хүнд үзэл бодол нь боогдож байгаа мэт мэдрэмж төрдөг бол CLIU масктай үедээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.

-Маск зүүсэн үед хүмүүс нэгнээсээ тусгаарлагдсан, ангид мэт мэдрэмж төрдөг. Харин CLIU зүүснээр эргэн тойрны хүмүүстэйгээ энгийн харилцах боломжтой болно гэжээ. CLIU-г зохион бүтээгчид “COVID-той байгаа энэ үед таны инээмсэглэл, сэтгэл хөдлөлийг харуулсан ухаалаг маскийг бүтээсэндээ баяртай байна. CLIU маск коронавирусийн дэгдэлттэй “хүйтэн” үед халуун дулаан инээмсэглэлтэй харилцааг бий болгоно” гэжээ.

CLIU маск нь дэвшилтэт технологийг маскны аюулгүй байх гол шаардлагатай нарийн уялдуулсан байна. Үл цантах систем бүхий тунгалаг хаалттай, гадны бохирдлоос хамгаалдаг тусгай технологитой учир хүйтэн сэрүүн, ялангуяа өвлийн улиралд нэн тохиромжтой. Таван давхар шүүлтүүртэй учир PM 2.5 тоосонцрыг ч шүүдэг.

Загварын хувьд 5-6 өнгөний сонголттой, S, L, M гэсэн хэмжээтэй. Шүүлтүүрийг нь солиод зүүгээд байвал хэдэн ч жил хэрэглэж болох давуу талтай юм байна.

Энэхүү маск нь хоёр төрлөөр худалдаанд гарч байна. Энгийн маск нь агаар шүүгч, нөөц шүүлтүүр, маскны хэмжээ тохируулагчтай бөгөөд 30, 50 долларын сонголттой байгаа бол PRO загвар нь харьцангуй үнэтэй. Агаар шүүгч, нөөц шүүлтүүр, хэмжээ тохируулагч, цэнэглэгч, микрофон, Blu­etooth, био хэмжигчтэй. Гар утсаа масктайгаа Bluetooth-ээр холбочихно. Хэрвээ юм уух, ам руугаа юм хийхээр болвол маскны урд хэсгийн тунгалаг хаалтыг сөхчихнө. Нэг удаагийн болон дахин ашиглах боломжгүй амны хаалт нь байгальд асар их хог болж байгаа учир энэ маскийг хэрэглэснээр экологид хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Мөн далайд хаягдах байсан 20.000 кг хуванцраар CLIU-г үйлдвэрлэж байгаа юм байна. Уг маск нь бактери устгах системтэй учир агаар дахь элдэв нян, бактерийг устгахын сацуу харшлын өвчтэй хүмүүст өвчний зовиурыг нь багасгах, харшил сэдрээхгүй байх олон давуу талыг өгч байгаа аж.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Шинжлэх ухаан хэрэглээнд зориулагдсан гэдгийг манай эрдэмтэд мэддэг үү?

Дэлхийд шинжлэх ухааны хөгжил пуужин шиг маш хүчтэй, хурдацтай хөгжиж байна. Өнөөдрийн нээлт маргааш нь шахуу хөрсөн дээр бууж, шинэ шинэ технологиуд ар араасаа цуварч, хүмүүс бид энэ их хурдыг өөрсдөө ч гүйцэхээ больж байх шиг. ямартаа ч , амьдрахад тун амар хялбар болж байна. Энэ бол зохион бүтээгч эрдэмтдийн гавьяа, шинжлэх ухааны хөгжлийн үр дүн юм.

Монгол Улс ч гэсэн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзээд тусдаа академи байгуулсан нь өдгөө 100 жилийнхээ ойтой золгож байна. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь өдгөөгийн Шинжлэх ухааны үндэс суурь нь болжээ. Тусгай байр савтай, төрөлжсөн хүрээлэнгүүдтэй, төрөөс төсөв мөнгөтэй том газар. Хэдхэн хоногийн өмнө Шинжлэх ухааны академийн их чуулган болж, ерөнхийлөгчөө улираан сонголоо. Шинэ том байрандаа ч нүүж оржээ. Харин тэр зүгээс чихэнд чимэгтэй шинэ мэдээ ойрд сонсогдсонгүй. Шинэ мэдээ гэдэгт манай эрдэмтдийн хийсэн шинэ бүтээлүүд амьдралд хэрэгжиж, Монгол Улсынхаа хөгжилд дусал ч атугай хувь нэмэр оруулж буй мэдээллийг хэлээд байгаа хэрэг. Дан ганц шинжлэх ухааны академи гэлтгүй Шинжлэх ухаан технологийн сан гээд бас нэг том газар бий. Жил бүр шинжлэх ухааны шилдгүүдээ шалгаруулж, чамгүй өндөр шагнал өгдөг ч тэдний дундаас гялалзаж гялтгасан, бидний өдөр тутмын амьдралд нэвтэрсэн шинэ бүтээл байна уу. Гурван жилийн өмнө шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан “Монгол орны эмийн ургамлаас хорт хавдрыг эмчлэх шинэ арга” одоо ямархуу түвшинд туршилт судалгаа хийгдэж байдаг юм бол. Чимээ байхгүйг бодоход шагналаа аваад зогссон юм болов уу. “Монгол эрдэмтэд хуруу зай үйлдвэрлэлээ” гээд хэсэг шуугьсан. Сайн мэдээ. “Энэ төрлийн хуруу зайнаас 2-3 дахин илүү чанартай” гэж бүтээлээ ярих эрдэмтнээс манай сурвалжлагч “Та нар үүнийгээ хөгжүүлээд приус машины батерей хийх боломжтой юу” гэж асуугаад ам руугаа алгадуулсан. Цөмийн физик, цөмийн энергийн талаар манайхан хавьгүй сайн мэдлэг мэдээлэлтэй. Оросын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн инситутад монгол эрдэмтэд байнга л ажиллаж ирсэн. Гэтэл манайд энэ салбар огт хөгжөөгүй.

Монголын эрдэмтэд онолын шинжлэх ухаанаа илүүд үздэг гэдэг. Дэлхийд алдартай аль нэг сэтгүүлд судалгааны бүтээлээ нийтлүүлэхийг илүүд үзэж, тэр чиглэлд анхаардаг. Том зорилго нь тэр бөгөөд их сургууль, хүрээлэнгийн удирдлагууд ч энэ ажлыг нь илүүтэй дэмждэг байна. Энэ бол онолын шинжлэх ухааны байгууллагын гол ажил нь, эрдэмтний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гарц нь мөн. Гэхдээ орчин үед онолынхоос илүү хэрэглээний шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орнууд түүний ачаар л өндөр хөгжилд хүрч байна. Онолоо ч хөгжүүл, хэрэглээний шинжлэх ухаанаа ч зэрэгцүүлж өндөрт гаргах хэрэгтэй гэдгийг 100 жилийн түүхтэй байгууллага, түүнийг удирдаж байгаа хүмүүс анзаарч бодлогодоо тусгаасай. яг үнэндээ санхүүжүүлье гэхээр олигтой бүтээл манайханд байдаггүй гэж бизнесмэнүүд та нарыг голж байна. Тэгэхээр мөнгө төгрөггүй гэж элдэв зовлон тоочихоо бас больчих хэрэгтэй. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон “Монос”-ын Л.Хүрэлбаатар гуай номондоо яг ийм санааг хөндсөн байна лээ. Тухайлбал, “Нэг ургамлыг судлаад шинэ бодис нээлээ, эмчилгээний ийм үйлдэлтэй гэж зарлаад алдаршдаг. Шинжлэх ухааны хувьд яах аргагүй амжилт, шинэлэг зүйл л дээ. Гэтэл нөгөө бодис агуулдаг ургамал нь маш ховор, үйлдвэрлэлийн нөөц бараг байхгүй, тарималжуулах боломж тааруу байдаг. Бас өвчнийг анагаах чадвар нь одоо байгаа эмнүүдээс сул болохоор эм хийх шаардлагагүй тохиолдол ч бий. Нөгөө талаар нээсэн шинэ бодис нь тухайн ургамалдаа маш өчүүхэн хэмжээтэй агуулагддаг болохоор эм хийх талаар бодохын ч хэрэггүй байх талтай. Эм зүй, эм судлалын салбарт ажилладгийн хувьд ийм тохиолдолтой маш их таарч байлаа” гэж бичсэн байна лээ. Байгаа байдлыг нь үнэнээр нь хэлж байгаа нь энэ. Манайхан голдуу ийм л судалгааны ажилд цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулж байна.

Ард түмэн юу хүсч байна, Монгол Улсад ямар бүтээл хамгийн хэрэгтэй байна вэ гэдгийг судалж, хэрэглээ тал руугаа хэлбийхгүй бол 100 жил онол яриад бид хөгжсөнгүй. “Манай эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин хийж байгаа болов уу” гэж уншигчид биднээс асуудаг. Асуух ёстой асуулт. Шинжлэх ухааны академи харин энэ асуултад юу гэж хариулах бол.

Арваад жилийн өмнө дэлхийн улсуудын шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа залуу эрдэмтэн судлаачдаа Монгол Улс урьсан билээ. Бүр Засгийн газрын хэмжээд аян өрнүүлж, миний мэдэхээр арав гаруй шилдэг залуу эрдэмтэд эх орондоо ажиллахаар ирснийг санаж байна. Өндөр цалин хангамжтай ажлаасаа гарч тэд эх орондоо ирцгээсэн. Харамсалтай нь, тэдний ихэнх нь нэг хоёр жил ажиллаад буцсан. Юм хийх гэхээр өмнүүр нь ороод тэглээд хэвтчихдэг хачин хандлага тэднийг үргээчихсэн гэдэг. Шуудхан хэлэхэд ажиллах боломж олгоогүй юм, тэдэнд.

Хандлагаа өөрчлөх цаг болсон байна, эрдэмтэд минь. Амьдралд буусан, бидэнд хэрэгтэй зүйл хийгээч. Монгол хүний чадвар чансааг харуулсан тийм шилдэг бүтээлүүдээр биднийг гайхашируулаач.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сарнаас байгалийн хий, нефть орлох ховор элементүүдийг олборлоно

“ARTEMIS” ХЭЛЭЛЦЭЭРТ НАЙМАН УЛС НЭГДЭВ

Энэ сарын дундуур АНУ, Австрали, Канад, Итали, Япон, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Их Британи гэсэн найман улс НАСА-гийн “Artemis” хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тэд өнгөрсөн тавдугаар сард энэ хэлэлцээрийн нээлтийн ёслолыг онлайнаар хийсэн бол энэ удаад гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Долоон хуудас энэхүү хэлэлцээрт, ирээдүйд саран дээр байгуулагдах баазуудад аюулгүйн бүс бий болгох, хайгуулын ажлыг энх тайвнаар хийх, ил тод ажиллах, сарны нөөцийг зохистой ашиглах, сансрын хөлөг бүтээх, ажиллуулахад хамтран ажиллах зэрэг тодорхой заалтуудыг оруулжээ.

Эдгээр найман улс саран дээр хайгуул хийж, олборлолт хийхдээ эв найрамдалтай байж, өндөр хариуцлагатайгаар хамтран ажиллана гэдгээ гэрээндээ тусгасан байна. НАСА-гийн дарга Жим Бриденстайн ийм хэлэлцээр байгуулсанд талархаж буйгаа илэрхийлж “Дэлхийн эвсэл байгуулагдлаа” хэмээн онцолсон бол НАСА-гийн Олон улс болон Агентлаг хоорондын харилцааны газраас “Энэ хэлэлцээр зарим буруу ташаа ойлголтыг засах, сансар огторгуй болон дэлхий дээр гарах зөрчилдөөнөөс зайлсхийхэд туслах болно” гэж дүгнэжээ. Энэ хэлэлцээрийн дагуу НАСА 2024 онд сансрын нисгэгчдээ, тэр дундаа анхны эмэгтэй нисгэгчээ сар руу илгээхээр төлөвлөжээ. Энэ гэрээ нь 1967 онд батлагдсан “Сансрын гэрээ”-нд үндэслэгджээ. “Сансрын гэрээ”-нд гадаад сансар огторгуйд цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх зэвсэг ашиглахыг хориглох, сансар огторгуй, сар болон гариг эрхэстэй энх тайвны зорилгоор харьцах ёстой гэх мэт зүйлсийг заасан байдаг юм байна.


УЛС ОРНУУДЫН САЛАНГИД СОНИРХЛЫГ “ARTEMIS” ЗАНГИДАЖ ЧАДЛАА

НАСА-гийн “Artemis” хэлэлцээрийг байгуулах зайлшгүй хэд хэдэн шалтгаан байсны нэг нь улс орнуудын салангид ашиг сонирхол байсан юм. Уг хэлэлцээрээс өмнө

АНУ-ын хувьд саран дээр НАСА-гийн байнгын бааз байгуулбал сансар судлалын зардлыг 90 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, сарны тогоонуудаас ус олборлож, хүчилтөрөгч, устөрөгчөөр нь пуужингийн түлш болгож, саран дээр түлш түгээгүүр байгуулж болно гэдэг саналыг хэлж байсан удаатай.

Харин Европын Сансрын агентлаг буюу ЕСА саран дээр олборлолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн. ЕСА-ийн мэргэжилтнүүд пуужин үйлдвэрлэгч “Ariane” компанитай хамтран саран дээр олборлолт хийх тухай төлөвлөгөө боловсруулах гэрээ хүртэл байгуулсан бол Япон улс 2030 оноос өмнө АНУ-тай хамтран сарны тойрог замд ажиллах “Gateway” хөлгийг бүтээж, хөөргөхөөр төлөвлөж, 2035 онд сарны өмнөд туйлд түлшний үйлдвэр байгуулна гэж тус тус мэдэгдэж байсан. Харин одоо энэ бүх ажлыг “Ar­temis” хэлэлцээр зангидахаар болж байна.

САР БАЙГАЛИЙН ХИЙ, НЕФТИЙГ ОРЛОЖ ЧАДАХ ОЛОН ТӨРЛИЙН ХОВОР ЭЛЕМЕНТТЭЙ

Дэлхийн байгалийн баялаг 200-300 жилийн дараа шавхагдана гэдэг судалдааг одоогоос 30-аад жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд гаргасан. Ийм судалгаа гарсны дараа эрдэмтэд сарнаас эрдэс баялаг, газрын ховор элемент олборлож болох хувилбар бийг хүн төрөлхтөнд сануулсаар ирсэн юм. Энэ сэдвийг хөндсөн томоохон хурал Канадын Кубект болоход геологи, сансар судлалын бүхий л эрдэмтэн, судлаачид “Ойрын хугацаанд сарнаас олборлолтоо эхлүүлье, сар хүн төрөлхтний хэрэгцээг хангах боломжтой” гэдэг дээр санал нэгдсэн юм. Ингээд энэ хурлын үеэр уул уурхайн компаниуд “Канадарм” төслийн хүрээнд сар руу судалгааны роботоо илгээж, ашигт малтмалын хайгуул судалгаа явуулахыг дэмжсэн билээ. Хайгуулчдын хувьд дэлхийн оршин суугчид сарнаас шинэ эрчим хүчний эх үүсвэр болох ураныг орлох эрдэс олно гэж найдаж байгаа нь ч талаар өнгөрсөнгүй. Сарыг зүгээр л сөнөсөн гариг, дагуул, үхмэл гариг гэж үзэж байсан бол манай дэлхийн дагуул үнэндээ газрын гүндээ нефть, байгалийн хийг орлож чадах олон төрлийн ховор элементтэй гэдгийг олон жилийн судалгааны явцад тогтоочихоод байна. Тийм учраас улс орнууд ийнхүү нэгдэж, сарнаас байгалийн хий, нефть орлох газрын ховор элементүүдийг олборлох ажилд гол анхаарлаа хандуулчихаад байна.

САРНЫ ЧУЛУУЛАГ

Сарны чулуулаг дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр. Титан, циркон болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг. Оливин (хрозолит ч гэж нэрлэдэг), пироксин, плагиоклаз жонш зэрэг дэлхий дээрх чулуулагтай адил эрдсүүдээс бүтсэн байдаг. Плагиоклаз жонш сарны царцдаст ихэвчлэн тархсан байхад оливин, пироксен ихэвчлэн сарны мантид тохиолддог. Эрдсийн ильменит зарим тэнгисийн хүрмэн чулуулагт маш элбэг тохиолддог.

Сарны дээжээс илэрсэн шинэ эрдсийг армаколит гэж нэрлэсэн байдаг. Сарны тэнгис ихэвчлэн базальтаас бүрддэг байхад өндөр уулархаг хэсгүүд төмөр бага анортозит, кальциар баялаг плагиоклаз жоншоос бүрддэг. Сарны гадаргын гол чулуулаг троктолит, норит зэрэг магмын чулуулаг, кали, фосфор, газрын ховор элементүүд агуулсан базальтууд байдаг.

Сарны гадаргын чулуулгууд брекчийн гаралтай тохиолддог. Үүслээс нь шалтгаалан хэмхдэс боржинлог, мөргөлдөлтөөс үүссэн хайлсан брекчи гэж ангилан нэрлэдэг. Саран дээрх чулуулгийн нас 4.6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг юм. Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо бөгөөд царцдасны зузаан нь 55 километр, манти нь 1000 километр, түүнээс цааших гүнд цөм нь оршдог.

ГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ НЬ СУДЛАХААР ДЭЭЖ АВЧИРСАН ЦОРЫН ГАНЦ ОДОН ОРНЫ БИЕТ БОЛ САР

Сарны геологийн судалгааг дэлхийгээс теле дурангаар ажиглах, сансрын тойрог замын хөлгүүдээс хэмжилт хийх, сарнаас дээж авах, геофизикийн мэдээлэл цуглуулах зэргээр хийдэг. Сар бол дэлхийн хүн төрөлхтний хувьд геологийн нөхцөл байдлыг нь судлахаар дээж авчирсан цорын ганц одон орны биет. Сарны гадаргуугийн ихэнх хэсэг судлагдаагүй, геологийн асуулт тайлагдаагүй хэвээр байгаа юм.

Сарны геологи дэлхийнхээс нэлээд ялгаатай. Саран дээр агаар мандал байхгүй учраас цаг агаараас шалтгаалсан элэгдэл явагддаггүй, плат тектоник явагддаггүй, таталцлын хүч сул, жижиг хэмжээтэй учраас амархан хөрдөг.

САРАН ДЭЭР ЯМАР ЭЛЕМЕНТҮҮД ТҮГЭЭМЭЛ БАЙДАГ ВЭ

Сарны гадаргуу дээр хүчилтөрөгч, цахиур, төмөр, магни, кальци, хөнгөн цагаан, манган, титан зэрэг элементүүд байгаа нь нотлогдсон. Тэдгээрээс хүчилтөрөгч, төмөр, цахиур маш их хэмжээгээр байдаг. Хүчилтөрөгчийн агуулга 45 хувь. Нүүрстөрөгч, азот нарны салхиар ирсэн дусал төдий л байдаг юм байна.

Categories
булангууд мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Коронавирусийн шинэ вакцины туршилт 90-ээс дээш хувийн үр дүнтэй болсныг зарлалаа

АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтын урьдчилсан дүгнэлт өчигдөр орой гарчээ.

Вакцины эцсийн шатны туршилтыг сайн дурынхан дээр хийхэд 90-ээс дээш хувийн үр дүнтэйгээр Covid-19 өвчнөөс хамгаалж байгаа нь тогтоогдсон байна.

Компаниуд энэ сарын сүүлээр вакциндаа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.

Шинэ вакциныг хүнд гурван долоо хоногийн зайтай хоёр тун хийх шаардлагатай гэнэ. АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк улсуудад явуулсан туршилтын дүнгээс харвал хоёр дахь тунг хийснээс хойш долоо хоногийн дараа хүний биед 90 хувийн хамгаалалт тогтож байжээ.

Гэхдээ энэхүү дүгнэлт нь 94 хүн дээр хийсэн туршилтын үр дүн бөгөөд дэлхийн зургаан улсын 43,500 хүн дээр хийсэн туршилтын бүрэн дүгнэлт удахгүй гарах юм байна.

Pfizer компанийн ерөнхийлөгч, доктор Альберт Бурла, BioNTech компанийн үүсгэн байгуулагчдын нэг, профессор Угур Сахин нар энэхүү үр дүнг коронавирусийн эсрэг вакин бүтээх үйлсэд гарсан “томоохон дэвшил” гэж нэрлэжээ.

Хэрвээ АНУ-ын засгийн газраас энэ сард багтаж зөвшөөрөл авч чадвал оны сүүл гэхэд хязгаарлагдмал тооны хүнийг вакцинжуулж амжих юм байна.

Туршилтын бүрэн дүгнэлтийг арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт гаргаж амжихаа Pfizer, BioNTech компаниуд мэдэгджээ. Тэд энэ оны сүүл гэхэд 50 сая тун вакцин гаргаж чадах бол 2021 оны сүүл гэхэд 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Жо Байден туршилтын үр дүнг “онцгой сайхан мэдээ” гэж нэрлэжээ. Гэхдээ Covid-19 тахалтай хийх тэмцэл дуусах болоогүйг тэр америкчуудад анхааруулсан байна.

Оксфордын их сургуулийн профессор Питер Хорби “Энэ мэдээ намайг нүүр дүүрэн инээлгэж чадлаа. Энэ бол үнэхээр сайхан мэдээ. Вакцины үр дүн харагдах хүртэл урт хугацаа байгаа ч үүнийг эргэлтийн чухал цэг гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Д.Цэрэнсодном: Хүн ёс дагана, нохой яс дагана гэдэг дээ

Академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.


-Автобусанд өрнөсөн хөгшин, залуу хоёрын маргаан сошиалаар цацагдсанаас хойш залуу, хөгшний зөрчлийн тухай яриа хөөрөө өрнөх боллоо. Энэ талаар монголчуудын уламжлал, философи ямар байдаг юм бол?

– Энэ бол хүний хүмүүжил, ухамсрын асуудал шүү дээ. Залуучууд настай, ялангуяа хөл муутай, жирэмсэн хүнд сэтгэлээрээ, ухамсараараа хандаад, жирэмсэн хүнийг “Энэ чинь хоёр хүн явж байна шүү дээ” гэж бодоод, “Энэ хүн миний ээж, эгч шиг юм” гэдэг сэтгэлээр хандмаар байгаа юм. Түүнээс биш залуучууд заавал босч байх албатай, ахмадууд заавал сууж байх ёстой гэж хэлэхэд хэцүү л дээ. Айхавтар сүрхий хүмүүс бас байдаг юм л даа. Хоёр настай хүн нэлээд хол газар явахаар автобусанд ороод ирж. Нэг нь нөгөөдөө хэлж “Чи бид залуудаа их буруу юм хийж байжээ гэж. Яасан гэсэн чинь энэ залуучууд шиг байхад бид настай хүн ороод ирэнгүүт дэрсхийгээд босдог байсан. Тэгж байсны хэрэг одоо гарахгүй байна шүү дээ” гэж. Тэгсэн чинь нөгөө залуус дэрсхийгээд босч гэнэ. (инээв) Юм ойлгохгүй, мэдрэмжгүй хүмүүст уран санаатай сануулга өгч байгаа биз дээ.

-Зөвхөн ахмад хүн учраас намайг хүндэтгэ гэж шаардах ч хаашаа юм. Ахмад нь бас хүндэтгэл хүлээхүйц байх ёстой юм болов уу?

-Би багадаа хөдөө өссөн. Тэгэхэд хөгшин, залуу хоёрын харьцаа тэнгэр газар шиг ялгаатай. Айл өрхийн дотор тэргүүлж байгаа, нутаг нугадаа хүндтэй хүнийг айл, голынхон тэр чигээрээ хүндэтгэнэ. Ийм байхад нэг хүүхэд хүндэтгэхгүй гээд яах вэ. Одоо суурин соёл иргэншилд, таних танихгүй олон амьтан нэг дор шавааралдаж, бөөгнөрсөн. Энэ хоёр нөхцөл өөр шүү дээ. Хуучин бол хүүхдүүд айлд ороод суух суудал ч заагтай. Настай хүний суудал, байр байдал огт өөр. Одоо яах вэ гэхээр бодууштай байгаа юм. Энэ мэтчилэн янз бүрийн зөрчлүүд байна.

Ёс суртахууны талаар доривтой юм хийхгүй байна. Ах зах хүнийг яаж хүндэлдэг юм бэ, монголчуудын ёс заншлын талаар хэлж өгөхгүй байна. “Хүн ёс дагана, нохой яс дагана” гэдэг. Энэ талаар ярьж байгаа телевиз, хэвлэл ховор. Ерөөсөө л мөнгө хөөцөлдсөн. Хаашаа ч юм бэ дээ. Эртүүд би академич Р.Барсболдод ингэж хэлж инээлгэж байлаа. ШУА-ийн их чуулган дээр хамгийн ахмад нь Р.Барсболд бид хоёр юм билээ, хоёулаа 80 гарчихсан. Гэхдээ Р.Барсболд надаас хоёр ах юм байна. “За, та миний дээд талд суу, хүн ахтай, дээл захтай” гэсэн. Бид амьд байхдаа үүнийгээ баримтална гэсэн. Тэгээд би хэлсэн юм. “Одоо ямар ч сайхан шинэ юм хийсэн хийсэн, хошуурч байгаа хэвлэлийнхэн ховор. Харин Р.Барсболд залуу авгай авч гэвэл тан руу гүйлдэх байх шүү” гэсэн чинь нөгөөдүүл тэр чигээрээ нир хийтэл хөхрөлдөөд. Одоо нэг тийм л цаг болж дээ.

-Эмээ, өвөөгийн дэргэд өссөн хүүхдүүд ахмад хүнийг хүндлэх талаар их өөр байдаг л даа. Эмээ өвөөгөөс хол өссөн айлын хүүхдүүд настай хүнийг хүндлэх, өрөвдөх хайрлах талаар мэдэхгүй байж бас мэднэ?

-Юм дандаа нэг янзаараа байдаггүй, аливаа юм хувирч өөрчлөгддөг, өчигдөр байсан юм өнөөдөр байхгүй болно, шинээр юм буй болно. Ургаж төлжинө. Унаж үгүй болно. Юу үнэн гэхээр ертөнцийн жамаар энх тунх эрүүл саруул шиг байх юм бол хэн ч гэсэн яваандаа хөгширнө, өтөлнө шүү дээ. Энэ хорвоо гэдэг ээлжтэй байдаг. Бусад улсууд ертөнцийн талаарх энэ ойлголтыг хүүхдэдээ таниулдаг, мэдүүлдэг шиг байгаа юм. Манай сургалтын тогтолцоо ямрыг би сайн мэдэхгүй байна. Ер нь ах захаа хүндлэх дээдлэх, ёс бол дорно дахины орнуудад айхавтар шүү дээ. Күнзийн сургаал ах захыг хүндлэх дээдлэхээс эхлээд л тахимдуу ёсны сургадаг. Тахимдуу байна гэдэг ёс төртэй байна гэсэн үг. Хүний ёсыг дагана гэсэн үг. Хүн ахтай, дээл захтай. Суухаас эхлээд л настай хүний өмнүүр гаргадаггүй, араар нь тойрч гаргадаг гэх мэт олон ёс байна даа. Ер нь тэгээд хүн гэдэг амьтныг дураар нь задгай тавьж болдоггүй юм байна. Ямар нэгэн үзэл суртал юм уу, шашин, эсвэл ямар нэгэн дарангуйлал дор л хүн төрхөөрөө байдаг бололтой юм. Дураар нь тавьж ерөөсөө болохгүй гэж Буддын сургаалд заадаг л даа. Хүнийг сулд нь тавибал галзуу зааныг хотод оруулсантай адил юм болно шүү гэдэг. Тэр ч бас одоо харагдаад л байна. Хүчирхийлэл энээ тэрээ гээд элдэв шалдав юм энд тэндгүй гарч байна. Хүнийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх талаар улсын бодлого хэрэгтэй байна. Манайд бодлоготой юм ховор.

-Хэдийгээр ардчилал шинэчлэл гэж байгаа ч дорнын улсууд уламжлалаа хойч үедээ зааж сургаад байх шиг?

-Япон, Солонгос тэрийгээ айхавтар баримталдаг юм билээ. Ах захыг баримтална. Настай хүнийг их хүндэлнэ. Үгүй ядахдаа түрүүлж үг дуугарахгүй байх жишээтэй. Улс улсад янз янзын л ёс журам байна даа. Суудал гэхэд л япон, солонгосчууд одоо хүртэл завилж сууж байна шүү дээ. Ер нь монгол хүн их сониуч юм уу уламжлалаа амархан гээх, орхих тал байх шиг. Шамбарам ихэссэн нь буруу суудлын өвчин шүү дээ.

-За яаж суух учиртай вэ?

-Завилж суух тустай. Гэтэл зөөлөн буйдан сандал дээр өдөржин суухаар мах нь доошоо унжсаар унжсаар гардаг болдог. Хатуу юман дээр завилаад суухаар лам нар бол өдөржин ном уншиж сууна, хөөрхий. Тэгэхэд монгол гутлын өнцөг яг юунд нь таардаг гэж байгаа юм. Хуучин монголчуудад энэ өвчин бага байсан. Морь унахад эмээлийн тоног даруулга яг тэр хооронд нь иллэг массаж болдог байсан. Эрүүл саруул явах, аж төрөх бүгд цогц ойлголт юм шүү дээ. Манайхан нэгийг нь салгаж аваад юм болгох гээд тэгээд л ер нь бүтэхгүй байгаа юм.

-Фэйсбүүкт нэг хөгжилтэй яриа явна лээ. Трамп тэнд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөөд байдаг, манай 70 гарсан хүмүүс энд автобусны суудлын төлөө үзэлцээд явдаг гэж. Тэнд 70 гарсан хүнийг улс удирдах чадвартай гэж үздэг. Энд болохоор өөрийгөө ч авч явах чадваргүй, хөгшин хүн гэж ханддаг. Хандлага, хүний амьдралын чанар асар зөрүүтэй байна аа?

-Хонийг алахын тулд уячихдаг шүү дээ. Тэтгэврийн улсуудыг үхэхийг нь хүлээж байгаа юм шиг хандах нь буруу юм. Хуучин цагт монголчууд тэтгэвэрт гарна гэж байх биш дээ. Насаараа малаа маллаж байгаад өнгөрдөг. Гэхдээ нас насандаа тохирсон хөдөлмөр эрхэлдэг. Тэр уламжлалаа бид ерөөсөө мэдэхгүй юм. Тэгж л нийгэмшүүлмээр байгаа юм, миний бодоход. Манжийн үеийн илбэн тохинуулах гэдэг шиг аргадсан аргацаасан байдлаар ахмадын өдөр, цагаан сараар анхаарсан маягтай болдог. Би ч цагаан сарын талаар их л ярьж бичсэн дээ. Цагаан сараа бид буруу тэмдэглээд байна. “Золгоно гэж зовооно, эргэнэ гэж элээнэ” гэж хуучны үг байдаг.

Ухаан нь ахмад настай хүн шинийн нэгэн, хоёронд идээ будаагаа засаад, идээнийхээ хажууд овойгоод сууж байна аа даа. Тэгэхэд нь л очоод гар зөрүүлээд, гэр бүл, шинэ хүүхэд төрсөн бол дагуулаад ирдэг, бие биенээ танилцуулах ёслол шүү дээ. Жилдээ амар амгалан мэнд орсоноо бие биедээ мэдэгддэг. Гэтэл шинийн гурванаас хойш хэсдэг, идээ будаагаа хураачихсан байдаг. Энийг л нөгөө “Золгоно гэж зовооно, эргэнэ гэж элээнэ” гээд байгаа юм. Хөдөө бол 10-20 км газар хэсээд, эрүүл агаарт давхиад айлд ирэхэд юм идэж уумаар болно. Одоо нэг орцноос нөгөөд, машинтай явахаар айл айлд нэг, хоёр бууз идээд явахаар ходоодыг тамлаад, идсэн ч биш идээгүй ч биш цадсан ч биш цадаагүй ч биш явдаг. Хавар элэгний суурь өвчин тавигддаг цаг. Хатуухан хэлэхэд, намар хавдар болдог. Шинийн нэгэн хоёрондоо ах дүү садан дотроо хамгийн өндөр настай хүн дээр золгоод, гол ноён нуруугаа өнгөрөөмөөр байгаа юм. Ингэж жаахан хялбаршуулахгүй бол болохгүй. Суурин газрынхан юмыг их эвддэг. Нүүдэлчдийн зөрчил тэр л дээ. Яагаад Д.Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” гэж бичив. Хүрээний баячууд ядуусыг хөлдөө чирээд, яг л одоогийнх шиг юм болж байсан байхгүй юу.

-Дээр үед янз бүрийн үлгэр домог яригддаг байсан. Зарим хүн хэлээд байгаа юм. Монголчууд настай хүмүүстээ харгис ханддаг байсан, уураг сүүл үмхүүлж явуулдаг байсан гэдэг. Монголчууд ер нь ахмадууддаа яаж ханддаг уламжлалтай вэ?

-Тэр бол тодорхой нэг овог, аймгийнхны домог. Түүнээс биш нийтлэг зүйл биш. Бүгдийг нь аманд нь сүүл гудраад, үхүүлж байсан гэж бичсэн зүйл ч олж уншаагүй, тийм сураг чимээ ч нэг их дуулаагүй. Янз бүрийн шалтгаанаас болоод, нүүдэл суудал зуд турхан, дайн байлдаанаас болоод настай хүн замын ая даахгүй болохоор ч юм уу тодорхой шалтгаанаас гарсан үйлдэл болов уу. Түүнээс биш нийтлэг биш.

-Ахмадууд маань улс орныг өдий зэрэгтэй авч явж, өнөөг хүргэж ирсэн гавьяатай улс шүү дээ. Та нэг удаа ярьсан байна лээ. Чингис хаан шүдний махаар хооллож, шүлсээр ундаа хийж, зовж зүдэрч байж энэ улсыг бий болгосон гэж. Ахмад үеийнхний өвлүүлж үлдээсэн улсад өнөө бид амьдарч байгаа шүү дээ?

-Хөөрхий минь, Чингис хааны өөрийнх нь хэлсэн үг бий л дээ. “Од харж, орвон дэрлэж” гэж. Орвон гэдэг чинь бут сондуул байхгүй юу. Бут сондуул дэрлэж байгаа хүнд од л харагдана шүү дээ. Монголчууд хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж гэж ярьдаг. Ёстой тэгж л шүлсээр унд хийж, шүдний махаар хоол хийж, зовж зүдэрч энэ гүрэн төрийг байгуулсан. Энэ улс гүрнийг байгуулах зүгээр бэлэн олдсон юм биш гэдэг санаа л даа. Үе үеийн улсууд энэ улс орноо хөгжүүлж өөд нь татах гэж явсан. Тусгаар тогтнол гэдэг аяндаа бий болоогүй шүү гэдгийг л залуус сайн ойлгох хэрэгтэй юм даа. Үүнд бидний өмнө байгаа улсууд хүч хөлсөө гаргаж, хөдөлмөрөө өргөсөн гэж ядахдаа бодож байх хэрэгтэй. Тэгвэл учиргүй хараагаад, ад үзээд байхгүй.

-Та буддын философи, домог үлгэр ярьдаг шүү дээ. Биднийг багад эхийн ачийг хариулах талаар үлгэр домог их ярьдаг байсан. Одоо бол би өөрөө төрөх гэж төрөөгүй, эцэг эх өөрсдөө дуртай сайндаа төрүүлсэн гэх байдлаар хандах нь их болжээ. Настныг ачлах талаар санаанд тань үлдсэн домог яриа бий юү?

-Байлгүй яах вэ. Эцэг эхийн талаар асар их сургаал бий. Хоёрдугаарт, залуу хөгшний зөрчил бол одоо шинээр гарч ирж байгаа юм биш. Хуучин ч байж л байсан. Ирэх онд 100 жилийн ой нь болно доо. Буриадын Номтын Ринчен гэж билэг танхай, эрдэмтэй, толь зохиодог яруу найрагч хүн байлаа л даа. Түүний “Хаврын хатны сонин дуулал” гэж байдаг. Хөгшин, залуу хоёрын хэлэлцсэн домог, хөхөөн дууны эгшиг буюу хаврын хатны сонин дуулал гэдэг нэртэй сайхан шүлэг зохиол бий. Тэр зохиолд нэг залуу, хөгшин хүн хоёр бас хэлэлцэж байгаа юм. Хөгшин нь би залуудаа чамаас дор тамтаггүй сагсуу явсан гээд залуу нь болохоор “Амандаа шүдгүй байж энэ ертөнцөөс тонилохгүй юугаа хийж явж байгаа юм” гэж тээршаасан маягтай хэлдэг. Тэгээд хөгшин нь “Юм гэдэг ээлжтэй. Ертөнцийн жамаар чи ч бас над шиг, надаас ч долоон дор болох тал бий” гээд нөгөө залууг уяруулсаар, залуу нь сүүлдээ бишрээд, шавь орсон тухай өгүүлдэг. Тэнд эхийн ачийг хариулах тухай бүхэл бүтэн бүлэг бий. Ер нь бурхан багш айлдсан юм шүү. “Тахих ёстой юмны дээд нь эцэг, эх хоёр шүү” гэж. Тийм учраас эцэг, эхийгээ хүндлэх дээдлэх, асрах тухай олон юм бий дээ. “Эхтэй хүн үхдэггүй” гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Баруун газар Лхас, Түвдийг зорихдоо бадарчин лам нар арвайн гурилыг эхийнхээ өлөнгөөр зуурч, үрэл хийгээд, авч явдаг гэж байгаа юм.

-Та бас хүнийг хүмүүжүүлэх зүйл нь үлгэр домог гэж хэлсэн байсан?

-Хүнийг хүн болгосон нэг зүйл нь яалт ч үгүй үлгэр домог. Хуучин цагт ном судар ховор, хоноц хоноход үлгэр домог яриулдаг. Германд одоо ч хүүхдээ унтахад нь үлгэр уншиж өгч унтуулдаг шүү дээ. Тэд одоо ч үлгэр домог хэрэггүй гэхгүй л байна.

-Хүнд өглөг өгөхөд өөрийн сэтгэл ч баясдаг. Хүнд туслахаар бас таашаал авдаг гэдэг?

-Харамгүй өглөг өгөхөд тэр нь эргээд ороод ирдэг гэж байгаа юм. Харамлаад түгжээд л байвал түгжигдээд л байна. Тэр бол яах аргагүй ортой санагддаг юм. Хүнд тус хүргэвэл хүргэсэн шиг хүргэх хэрэгтэй. Тус болсон хүнийг мартаж болохгүй. Хүний тусыг мартдаг хүнийг хугас хүн гэдэг юм. Юм нэгээр дуусахгүй, явдал ганц биш ч гэдэг. Яриа байхгүй энэ хорвоогийн өнгө байнга л солигдож байна шүү дээ. Одоо нэг жаахан баян тарган болохоороо зарим нь тэрэндээ омогшдог юм уу, толгой нь эргэдэг юм уу. Нэг мэдэхэд хөөрхий буруу замаар олсон юм нь буцаад гардаг, аягүй бол орон шоронд ч ордог явдал их байдаг шиг байна аа. Буддын номлолоор өөрөөсөө бусдыг хайрла гэсэн хатуу зарчим байдаг. Одоо бол өөрийгөө л хайрлана, өрөөл хамаагүй болоод байна. Хүн олонтой газар Хятад энэ тэрийг ажиглаж байхад хүнд тус болохгүй бол хор хүргэхгүй байх нь их тус гэж байгаа юм. Тус болж чадахгүй бол ус болохгүй байхад болж байгаа юм.