Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гариг дээр газардсан NАSА-гийн робот анхны зургаа илгээжээ

Долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн робот 470 сая км зам туулж өнөө өглөө Ангараг гаригт амжилттай газардлаа.

АНУ-ын сансар судлалын агентлаг( NАSА)-ийн Perseverance станц нь тэнд амьдрал оршиж байсан эсэхийг судлах юм. Хоёр жилийн хугацаанд Езеро гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах зургаан дугуйтай дээрх станц газардсан даруйдаа хоёр ч гэрэл зураг илгээгээд байна.

No description available.

Робот газардах ажиллагаа долоон минут үргэлжилжээ. Эхлээд аппаратын хурдыг бууруулахын тулд түүний шүхэр нээгдэж, өндөр температурын нөлөөллөөс хамгаалах зориулалттай бүрхүүл сална. Сүүлчийн шатанд газардуулагчийн тоормосны мотор ажиллаж эхэлжээ. Улмаар төхөөрөмжийг гаригийн гадаргуу дээр олсоор буулгав. Энэ бүх үйл явцыг автоматаар удирдсан юм.

Ангарагаас цуглуулсан дээжийг агуулах 40 ширхэг тусгай бортого уг роботод бий. 2026 онд эдгээр дээжийг авах өөр нэгэн аппарат дэлхийгээс хөөрөх аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японоос монгол дайчны дуулга олджээ

XIII зууны үед Хубилай хаан Япон руу довтлох үед өмссөн монгол дайчны төмөр дуулга Киото дахь Китано Тэнмангугийн бунхнаас олджээ.

Японы “Китано Тэнмагу” хэмээх сүмийн бунхан байрлуулдаг хэсгээс 13-р зууны үеийн монгол дайчны төмөр дуулга олдсон талаар “Асахи Шинбүн” сонин мэдээлжээ.

Конус хэлбэртэй, 22 сантиметр өндөр, 23 см орчим диаметртэй, хоёр килограмм орчим жинтэй уг дуулгыг Юань гүрэн Японыг эзлэн түрэмгийлэх үеийнх буюу 1271-1368 онд хамаарах дурсгал гэж судлаачид үзсэн байна. Энэхүү дуулга нь сүмийн эрдэнэсийн танхимд гуравдугаар сарын 14 хүртэл үзмэрт тавигдах юм байна.

Камүбүрагийн үед (1185-1333) Юань гүрний Хубилай хаан Япон руу хоёр удаа довтолж байсан хэмээн түүхэн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Эхний удаа 1274 онд довтолсон довтолгоо нь Бунейн тулаан хэмээн түүхэнд бичигдсэн бол 1281 онд Кюушүгийн хойд хэсэг рүү довтолсныг Коаны тулаан гэж нэрлэдэг. Япон улсыг эзлэх эдгээр оролдлогууд нь хүчтэй далайн шуурганаас болж бүтэлгүйтсэнийг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Харин дээрх дуулга нь яг хэдий үед нь хамаарахыг одоогоор тогтоогоогүй байна.

“Китано Тэнмагу” сүмд хүчирхэг салхи үүсгэж харийн дайчдаас эх орноо хамгаалсан гэгддэг Сугавара но Мичизанэг (845-903) бунхалсан гэдэг. Түүнийг япончууд “дайны бурхан” хэмээн үзэж хүндэтгэдэг байна. Тухайн үеийн Японы удирдагчид “Китано Тэнмагу” зэрэг 22 сүм, бунханд монголчуудын довтолгооноос хамгаалж өгөхийг, дайнд ялалт авчрахыг гуйн залбирал үйлддэг байсан тухай түүхэнд бичсэн байдаг аж.

Эх сурвалж: http://www.asahi.com/ajw/articles/14056149?fbclid=…

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Турк 2023 онд Саран дээр төхөөрөмж буулгана

Турк улс 2023 онд Сар руу сансрын төхөөрөмж хөөргөх тухай Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Тэрээр үндэсний сансар судлалын шинэ хөтөлбөрийн танилцуулахдаа “Манай зорилго бол Бүгд найрамдах улс байгуулагдсаны 100 жилийг тохиолдуулан 2023 оны сүүлээр Саран дээр хатуу газардалт хийх явдал юм. Энэ бол эхний шат. Хоёр дах шатанд зөөлөн газардалт хийнэ. Манай инженерүүд төхөөрөмжийг Саран дээр буулгаж чадна гэдэгт итгэж байна” гэжээ.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүний эхэсийн бэлдмэл коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь батлагджээ

Солонгосын “Green Cross Wellbeing” корпораци Чунбукын анагаах ухааны их сургуультай хамтран бүтээсэн хүний эхэсийн бэлдмэл нь шинэ коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь тогтоогджээ. Тодруулбал, тус хоёр газрын хамтран бүтээсэн хүний эхэсийн гидролизат бэлдмэл ЛАЕННЕК-ийг судалж үзэхэд, тус бэлдмэл нь анти-оксидант болон үрэвслийн цитокинүүдийн ялгаралыг дарангуйлах үйлчилгээтэй нь олон судалгаагаар батлагдсан байна.

Ингэхдээ судалгааны багийнхан Африкийн ногоон сармагчинг сонгож авч туршилт хийжээ. Тус сармагчин нь хүний амьсгалын замын эрхтний бүтэцтэй хамгийн ойр тул сонгож, бөөрний веро эсүүдийг ялган зохиомлоор коронавирусийн халдвараар халдварлуулсан байна.

Улмаар сармагчингуудыг хоёр бүлэг болгон хувааж, нэг бүлэгт нь ЛАЕННЕК тарилгыг 4 мл-ээр 2 хоногийн зайтай венийн судсанд нийт 4 удаа тарьжээ. Ингэхэд халдвар авсан 4 дэх өдрөөс эхлэн халуун бууруулах нөлөө гарч эхэлсэн байна. Мөн 6 дахь өдрөөс эхлэн хамрын угаалга дахь вирусийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан аж.

Энэ талаар “Green Cross Wellbeing” корпорацийн захирал Хан-Хи Жун “ЛАЕННЕК нь вирусийн халдварын үед эсийн гэмтлээс шалтгаалсан үрэвслийн эсрэг болон дархлаа дэмжих хавсарсан үйлчилгээтэйг энэ судалгаа дахин нотолсон” гэсэн байна.

Тус бүтээгдэхүүнийг Монгол Улсад “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх байгууллага нь оруулж ирдэг юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Laennec.mn

Эх сурвалж: https://news.mt.co.kr/mtview.php?no=2020051310481580375

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ОХУ Илон Маскийн цахим сүлжээг ашигласан иргэдээ торгоно

АНУ-ын Space X буюу Илон Маскийн эзэмшдэг компанийн хөгжүүлсэн Starlink цахим сүлжээг ашигласан иргэд болон албан байгууллагуудаа ОХУ торгож магадгүй талаар эх сурвалжууд мэдээлэх болжээ.

ОХУ-ын хууль тогтоох байгууллага иргэдийг Илон Маскийн сансарт хөөргөсөн хиймэл дагуулуудын санал болгож буй цахим сүлжээг хэрэглэхээс татгалзахыг уриалж буй аж.

Шинэ хуулийн дагуу “Starlink” цахим сүлжээг хэрэглэсэн хувь хүнийг хүндрүүлэх нөхцөлгүй бол 10 мянгаас 30 мянган рубль, цаашлаад зарим нөхцөл бүрдвэл нэг сая рубль хүртэлх мөнгөөр торгох аж.

Тус мэдээг сонсоод Илон Маск өөрийн твиттер дээрээ “Бид ердөө л хүмүүсийг Ангараг руу нүүлгэх хэтийн зорилготой. Тусалбал баярлахсан” хэмээн бичжээ. Илон Маск дэлхийг тойруулан нийт 42 мянган хиймэл дагуул байрлуулж, бөмбөрцөг даяар өндөр хурдны цахим сүлжээ нэвтрүүлэхийг зорьж байгаа билээ. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн долоо хоногт нэг нислэгээр 143 хиймэл дагуул сансарт гаргаж дээд амжилт тогтоосон юм. Ийнхүү өдгөө Space X компани дахин ашиглах боломжтой есөн ширхэг пуужингаа ашиглан 944 хиймэл дагуулыг дэлхийн эргэн тойронд байрлуулаад буй.

Гэвч ийнхүү сансарын уудмыг эзэгнэж байгаа нь ОХУ мэт авторитар дэглэмд аюул заналхийлж байгаа юм. Global Data компанийн харилцаа холбооны технологид мэргэшсэн үйлчилгээний захирал Жон Бирн “ОХУ-ын хувьд цахим сүлжээний үйлчилгээ үзүүлж буй барууны компанийг шийтгэх аргагүй. Харин оронд нь өөрийн ард иргэдээ торгох, эсвэл ядаж л торгоно хэмээн айлгах нь хялбар юм” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр улс орнуудын Засгийн газрууд дотооддоо цахим сүлжээний хэрэглээг хүссэнээрээ хязгаарлах эрхтэй байдаг бөгөөд хамгийн тод жишээ бол БНХАУ аж. Гэвч аль ч улсын Засгийн газар сансрын уудмыг захирдаггүй тул хиймэл дагуулыг зохицуулна гэдэг бол боломжгүй зүйл аж.

Улс орон бүрийн Засгийн газар эгц дээшээгээ чиглэлд байрлаж буй агаарын орон зай, тэнгэрийг эзэмшиж байдаг бөгөөд тэрхүү орон зайд байх гадаад орны биетийг хэрхэхээ шийдэх бүрэн эрхтэй юм. Харин Starlink цахим сүлжээний хиймэл дагуулууд дунд нам өндөрийн хиймэл дагуулууд бий аж. Тэдгээр нь бусад хиймэл дагуулын байрладаг уламжлалт өндөрөөс илүү дэлхийтэй ойр байрлах ч агаар мандалд хараахан орохгүй юм. Тиймээс тэдгээр нам өндөрийн хиймэл дагуулуудад халдах эрх Засгийн газруудад байгаа эсэх талаар асуудал өдгөө маргаан дагуулж байгаа аж.

ОХУ-ын хувьд өөрсдийн гэсэн хиймэл дагуул бүхий өндөр хурдны Сфера цахим сүлжээг 2024 он гэхэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тус төсөлд нийт 1.5 их наяд рубль зарцуулагдаж байгаа бөгөөд нэгэнт хэрэгжвэл дотоодын бүх цахим сүлжээний хэрэглээг Засгийн газар хянах боломжтой болох юм.

Бирний хэлснээр хэрвээ ОХУ-ын иргэн Starlink сүлжээг ашиглавал түүний хэрэглээг Засгийн газар хянах боломжгүй. Тиймээс энэ нь АНУ, ОХУ-ын үл ойлголцлыг гүнзгийрүүлэх ноцтой аюултай ажээ.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Нипах вирус (NiV) буюу “Нисдэг үнэг” гэж юу вэ?

Нипах вирус (NiV) буюу “Нисдэг үнэг” хэмээн нэрлэгдээд буй вирус нь амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин юм. Одоогоор нийт 100’455’529 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 2’166’440 нь нас барснаар уг халдварын нас баралтын түвшин нь 40-75 хувь буюу үхлийн өндөр аюултай өвчинд тооцогдож байна. Саяхан халдвартай өвчтнүүдийн гэр бүл, асран хамгаалагчдын дундаас вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдснээр дараагийн цар тахалд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

Уг вирусыг үүсгэгч нь жимсний сарьсан багваахай гэдэг бөгөөд сарьсан багваахайнаас гахайнд халдварлаж, улмаар гахайгаар дамжин хүнд тархаж, анх халдварын дэгдэлт үүссэн гэж үздэг. Нипах вирус (NiV) -ийн анхны тохиолдол 1999 онд Малайз болон Сингапур улсуудад бүртгэгдсэн. Тухайн үед 300 орчим хүн өвчилж, 100 гаруй хүн нас барж, дэгдэлтийг хумих зорилгоор 1 сая гаруй гахайг устгалд оруулж байжээ. 1999 оноос хойш Малайз, Сингапурт дахин халдвар гараагүй ч Азийн зарим нутагт, тэр дундаа Бангладеш, Энэтхэгт бараг жил бүр бүртгэгдэх болжээ.

  • Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Өвчтэй гахай, сарьсан багваахайтай хавьтахаас зайлсхийх, халдвар авсан сарьсан багваахайгаар дамжсан дал модны шүүс уухгүй байх замаар урьдчилан сэргийлэх боломжтой.

  • Дараах сувгуудаар тархдаг. Үүнд:

-Халдвар авсан амьтад (сарьсан багваахай, гахай гэх мэт) эсвэл тэдгээрийн биеийн шингэн (цус, шээс, шүлс гэх мэт) -тэй шууд харьцах.

-Халдвар авсан амьтдын биеийн шингэнээр бохирдсон хоол хүнс идэх (жишээлбэл, далдуу модны шүүс эсвэл халдвар авсан сарьсан багваахайгаар бохирдсон жимс)

-Халдвартай хүмүүстэй ойр байх. (хүний биеийн шингэнээр буюу хамрын болон амьсгалын замын дусал, шээс, цус орно)

  • Шинж тэмдэг:

-Өвчний шинж тэмдэг 4-14 хоногт илэрдэг. Эхний 3-14 хоног халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрдэг. Хүнд тохиолдолд, энцефалит, таталт үүсдэг ба 24-48 цагийн дотор комд шилждэг.

  • Эмчилгээ

-Одоогоор Нипах вирусийг эмчлэх батлагдсан эм, эмчилгээ байхгүй. Зөвхөн дархлаа болон амьсгалын замыг дэмжих чиглэлийн эмчилгээнүүд хийгдэж байна.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Д.Рэгдэл: Бид Монгол Улсын хэмжээнд хөгжлийн цоо шинэ гарц нээх амбицтай хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол улсын шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр”, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж нэгдүгээр сарын 26-нд санамж бичиг үзэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хооронд сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлт, түншлэлийг хөгжүүлэх явдал юм.

Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх юм.

Гурван байгууллагын ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөнд дараах зургаан багц ажил тусгагджээ. Үүнд:

1.Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийх, шинэ мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

2.Монгол улсын эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд геологи, уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, инновацын судалгаа хөгжүүлэлт;

3.Химийн үйлдвэрлэл-байгаль экологид ээлтэй хаягдлын аж ахуйд чиглэсэн судалгаа хөгжүүлэлт;

4.Эрчим хүчний ханган нийлүүлэлт, хэмнэлтийн судалгаа хөгжүүлэлт;

5.Дижитал технологид тулгуурласан их өгөгдөл, мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох судалгаа хөгжүүлэлт;

6.Нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хүний сэтгэлгээний онцлог, төлөвшил, соёлын суурь судалгаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын соёлын судалгаа хүний нөөцийн менежментийн судалгаа хөгжүүлэлт

Санамж бичгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Эрдэнэт үйллвэр ТӨҮГ”-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар үзэглэлээ.

Тэднээс гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, гарах үр дүнгийн талаар ийн ярилаа.

Д.РЭГДЭЛ: БИД МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ ГАРЦ НЭЭХ АМБИЦТАЙ ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр 3 байгууллага хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурж албажууллаа. Манай 3 байгууллага дундаасаа ажлын хэсэг гаргаад нэлээд судалгаа хийж энэ хөтөлбөрөө боловсруулж гаргасан. Маш шинэлэг маягийн хөтөлбөр гэж бид үзэж байгаа. Сургалт, судалгаа инноваци, үйлдвэрлэл гэсэн 4 том хүрээг хамарсан үйл ажиллагааг 3 том байгууллага яаж явуулах вэ гэдэг ерөнхий төлөвлөгөөгөө одоо ажлын хэсэг гаргаад хөрөнгө мөнгөө зоогоод ажил эхэлнэ. Энэ хөтөлбөрт тусгагдсан 6 багц ажил байгаа. Үүнээс зарим тодорхой ажлууд гарын үсэг зурахаас өмнө эхлээд явж байгаа. Цаашдаа эрчтэй хүчтэй явна гэж тооцож байгаа. Хөтөлбөр 2 шаттайгаар 5 жил үргэлжилнэ. Мэдээж хэрэг 6 багц ажил дотор 3 байгууллага, аль нэг багцад нь аль нэг байгууллага нь илүү оролцоотой, эсвэл гурвуулаа хамтарсан оролцоотой ажлууд явагдаж таарна. Жишээ нь сургалтын асуудлууд, цаашид шинээр байгуулагдах баяжуулах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ажил мэдэээ хэрэг ШУТИС илүү оролцоно. Үйлдвэрийн шинэ технологи боловсруулах ажлуудад ШУА-ийн хүрээлэнгүүд илүү оролцоотой байж таарна. Үйлдвэрийн хүдэрийн нөөц, тэрнийг нэмэгдүүлэх баяжуулах ажлуудыг мэдээж “Эрдэнэт үйлдвэр” өөрөө илүүтэй оролцоод явна.

Бидний гол зорилго бол өнөөдрийн Монгол улсын хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн гурван байгууллага хамтраад хөгжлийн нэгэн цоо шинэ гарц нээх том амбицтай хөтөлбөр эхлүүлж байгаа. Энийг хэрэгжүүлэхийн тулд өөр өөрийн нөөцөд тулгуурлаж идэвхи санаачилгатай ажиллаж чадвал энэ маань улсын хөгжлийг цаашдаа шинэ өнгө аяс шинэ агуулгаар баяжуулаад явах болов уу гэсэн хүлээлт байна.

Х.БАДАМСҮРЭН: СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ АМЬД ХОЛБООГ БЭХЖҮҮЛСНЭЭР УЛС ОРОНДОО ӨГӨХ ҮР ӨГӨӨЖ ДЭЭШИЛНЭ

Энэхүү хөтөлбөрийг товч дүгнээд хэлбэл хөгжлийн төлөө хөтөлбөр, хүний төлөө хөтөлбөр гэж хэлмээр байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, үйлдвэрлэлийн ажил хийгдэнэ. Энэ бүхэн инновацид суурилж явагдана. Ялангуяа “Эртэнэт үйлдвэр”-ийн цаашдын хөгжил дэвшил бол инновацид суурилж үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог хангаж байж, үр дүнд хүрэх ёстой. Энэ нь үр дүнтэй болдог гэдгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон өнгөрсөн 2020 онд харуулсан. 2020 оныг бид шинжлэх ухаанд суурилсан эрчимтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх он болгон зарлаад ажилласан. Үүний үр дүнд бид түүхэндээ хамгийн их буюу 32,5 сая тонн хүдэр олборлолоо.

Мөн өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалт буюу 650 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн их баялаг бүтээсэн жил болсон. Бид 2020 онд улс, орон нутгийн төсөвт оруулдаг орлогоо түүхэндээ анх удаа нэг их наядыг давууллаа. Энэ бол үндсэндээ газрын хэвлийдэх байгалийн баялгийг ашиглаад үндэсний баялаг бүтээж байна гэж уурхайчид бид үздэг. Өнөөдөр гарын үсэг зурж хамтын ажиллгааны хөтөлбөрийг баталгаажуулж байгаа 3 байгууллагад аль алинд нь давуу тал бий. Мэдээж аль алинд нь цаашид илүү сайжруулах чиглэлүүд байгаа. Үүнд бид хүчээ нэгтгээд ажиллах юм бол их үр дүн гарна гэж бодож байна. Эцсийн дүнд сургалт, үйлдвэрлэл, шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлснээр улс орондоо өгөх үр өгөөж дээшилнэ. Үүний үр дүнд бид зөвхөн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлээд зогсохгүй, ялангуяа оюутан, сурагчид, залуу судлаачдын ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. Тэгснээр залуучуудын үнэлэмж нэмэгдэнэ гэж бид ойлгож байгаа. Үйлдвэрлэлийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр баяжуулах үйлдвэр. Цаашдаа боловсруулах үйлдвэр байгуулах, метал ургийн чиглэлийн, химийн чиглэлийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал чухал. Газарзүйн байршил, далайд гарцгүй гээд аль аль талаасаа бодоод үзэх юм бол монголд ажиллаж байгаа үйлдвэрүүд, ялангуяа уул, уурхай эрдэс баялгийн чиглэлийн үйлдвэрүүд аль болохоор овор, хэмжээ багатай, үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой. Энэ хөтөлбөрийн дагуу сургалт, судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл, шинжлэх ухааныг хослуулаад ажилласнаар ямар үр дүнд хүрнэ гэдгээ бид ерөнхийд нь төсөөлж байгаа. Их сайн үр дүн гарна. Магадгүй энэ хөтөлбөр цаашдаа хэрэгжээд явах шаардлагатай нэн тэргүүний ажил болох байха. Шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл, “Эрдэнэт үйлдвэр” ямар ч байсан энэ ажлыг эхлүүлж байна.

Энэ ажил зөвхөн гэрээ байгуулсан 3 байгууллагад ажилладаг хүмүүсээр хязгаарлагдахгүй. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” бол үйлдвэрлэлийн газар. Энэ үйлдвэрлэл дэргэдээ мөн технологийн сургуультай, шат дамжлагаар нь аваад үзвэл шинжлэх ухааны чиглэлийн судалгаа явуулах, шинжлэх ухааны бүтээл туурвих өөрөөр хэлбэл үйлдвэрлэл шинжлэх ухааны, сургалтын том талбар гэж ойлгож байгаа. Энэ талбар дээрээ бид хүчээ нэгтгэж ажиллахын төлөө энэ хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Баяртай байна. Бид хэрэгжүүлж сайн үр дүн гаргана.

Б.ОЧИРБАТ: МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГЫН 3 ЧУЛУУ БОЛЖ УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ БАЙНА

ШУТИС байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын аж үйлдвэрийн салбарт тэр тусмаа геологи, уул уурхайн салбарт үндсэний дээд боловсролтой, инженер технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг аваад үзсэн ч Оюутолгой болон бусад томоохон үйлдвэрийн газруудад гол ачааны хүндийг ШУТИС-ийн төгсөгч инженерүүд үүрч байгаа. “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер гэхэд ШУТИС-ийн төгсөгч байх жишээтэй. Бид өнөөгийн шинжлэх ухаан технологийн асар хурдтай хөгжлийг дагаад шинжлэх ухаан, техник технологи үйлдвэрлэлд нэвтэрч, шинэ үр дүн авчрах цаг гарцаагүй тулгарч байна. Тиймээс бид энэ хөгжлийн хурдаас хоцрохгүй, шинэ мэргэжилтнийг, шинэ хөтөлбөрөөр бэлтгэж, богино хугацаанд захиалгаар гаргах явдал чухал болоод байна. Ер нь манай 3 байгууллага бол хоёр талт хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ удаа гурвалсан хамтын ажиллагаа, гурвалсан хөтөлбөр байгуулсны гол утга учир нь бид монгол улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоон хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үндэсний өндөр чадавхитай инженер технологийн шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэхэд, энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хичээж байгаа явдал юм. Ингэснээр мэдлэгт суурилсан эдийн засгийн тулгын 3 чулуу болж манай гурван байгууллага улс орныхоо хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх зорилт тавьж байна.

Categories
булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

МУИС-ийн багш, оюутнууд өөртөө үйлчлэх хэвлэх төхөөрөмж бүтээжээ

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Д.Номин-Эрдэнээс энэ талаар тодруулав. МУИС-ийн номын сангийн нэг давхарт тэдний бүтээсэн cloud print киоск машин байрлаж буй.


-Та бүхнийг cloud print системийг Монголдоо нэвтрүүлж байгаа гэж сонслоо. Энэ үйлчилгээний талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Хүмүүс материал хэвлүүлэх газар хайгаад явдаг. Одоо тэгэх шаардлагагүй. Бид энэ үйлдлийг киоск машинаар шийдсэн юм. 24 цагийн турш манай киоск машин нээлттэй байна. Та хэвлэх файлаа Cloudprint.mn вэб сайтад байршуулах үед таны бүртгэлтэй цахим хаягт QR код ирэх бөгөөд тухайн кодыг cloudprint киоск төхөөрөмж дээр ирж уншуулан хэвлэж авах боломжтой. Мөн зөөврийн төхөөрөмж flash холбон файлаа хэвлэх боломжтой юм. Хэвлэх үйлчилгээг автоматжуулсан гэсэн үг.

-Хэвлэх киоск хэр түгээмэл байгаа вэ?

-Ийм киоск машинууд бусад оронд түгээмэл байдаг. Гэхдээ их үнэтэй. Нэг ширхэг киоск ТҮЦ машин 10-20 сая төгрөг байдаг. Бид Монголдоо киоск машиныхаа дизайныг гаргаж, төмрөө нугалуулаад, гагнуураа хийлгээд, электроникийн тоног төхөөрөмжүүд, программ хангамжаа бүгдийг нь өөрсдөө хийсэн юм. Ажлын хөлс орохгүйгээр киоск машин маань 5 сая төгрөгт боссон. Гаднаас заавал үнэтэй киоск машин авах шаардлагагүй өөрсдөө хийж нэвтрүүлж байгаа гэсэн үг. Манай багт МУИС-ийн электроникийн инженер, бизнес, хуулийн баклавр, магистрын ангийн оюутнууд ажилласан.

-Cloud print киоск машинуудаа хаана хаана байрлуулсан бэ?

-МУИС-ийн номын сангийн нэг давхарт болон Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд хоёр киоск машин хэрэглээнд нэвтэрсэн.

-Эхний хэрэглэгчид яаж хүлээж авав?

-Одоогоор МУИС-ийн сургуулиудад байрлуулсан учраас оюутнууд голдуу үйлчлүүлж байгаа. Оюутнуудад өглөө эрт хичээл орохоос өмнө эсвэл оройн цагаар материал хэвлүүлэх шаардлага гардаг. Ажлын бус цагаар хэвлэлийн компаниуд хаачихдаг. Одоо бол ковидоос болоод ихэнх үйлчилгээ хаалттай байгаа. Энэ ТҮЦ машиныг ашиглаад өөртөө үйлчилнэ. Хүссэн файлаа хэвлэх боломжтой болохоор оюутнууд сайхан хүлээж авч байгаа.

-Ямар үнэтэй хэвлэж байна?

-Манай төхөөрөмж өнгөт болон хараар бусад хэвлэх үйлчилгээнээс хямд хэвлэж байгаа. Төхөөрөмж дээрээ SocialPay нэвтрүүлсэн. Карт бас уншна.

-“Ниргэ системс” гээд компани байгуулсан гэсэн үү?

-Тийм. Бид МУИС-ийн старт-ап хөтөлбөрт хамрагдаж, “Ниргэ системс” гарааны компани байгуулсан. Хэвлэлийн үйлчилгээг бүх хүнд хүртээлтэй, хялбар аргаар хүргэх, цахим хэлбэрт шилжүүлэх зорилготойгоор cloud print төслийг хэрэгжүүлж байгаа юм. Аянга цахилгаан ниргэх шиг Монголд cloud print анхдагч үйлчилгээ гэнэт гарч байгаа шүү гэсэн утгатай. Монголын хамгийн анхны “Cloud” системд суурилсан өөртөө үйлчлэх хэвлэх төхөөрөмжийг “Ниргэ системс”-ийн залуучууд хийж бүтээж байна.

-Та бүхэн бас 3D print үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн үү. Тоног төхөөрөмж, хуванцар эд анги хэвлэх боломжтой болно гэхээр содон сонсогдож байна л даа?

-Манай оюутнууд, программ хөгжүүлэгчид цаашдаа ийм систем нэвтрүүлэхээр ажиллаж л байгаа. Яваандаа бас үйлчилгээгээ өргөжүүлээд ТҮЦ машин дээр очоод, цээж зургаа авахуулаад, хэвлээд авах боломжтой болох юм.

Б.ЭГШИГЛЭН

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татсан агь хэмээх ургамал коронавирусийг устгах шидтэй юү

Агь буюу artemisia annua

АГЬ ГЭЖ ЮУ ВЭ

Шинжлэх ухааны нэршил нь Artemisia annua буюу агь хэмээх ургамал коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд өндөр үр нөлөөтэй байх боломжтойг олон улсын эрдэмтэд онцолжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Африк тивийн Мадагскар улсын ерөнхийлөгч Андри Ражоелина өөрийн биеэр тус ургамлын хандаар хийсэн ундааг сурталчилж, коронавирусийг эмчлэх чадалтай хэмээн мэдэгдсэнээс хойш олны анхааралд өртөх болсон байна. Агь ургамал Ази тивээс гаралтай боловч дэлхийн нарлаг, дулаан орнуудад өргөн тархжээ. Африкийн хойд хэсэгт ихээр ургана. Монгол орны тухайд гол төлөв ойт хээр болон хээр талын бүсэд элбэг тохиолддог. Энэ ургамал олон наст, анхилуун хурцлаг үнэртэй. Тийм ч учраас агь таанын үнэр хэмээн хэлж ирсэн нь ийм учиртай. 10-40 см өндөр, сарвагар иштэй. Мөн шаравтар өнгөтэй жижиг бөмбөлөг хэлбэрт сагс баг цэцэгтэй. Түүний иш, навч гадуураа саарал юмуу, бор ногоон өнгөтэй торгомсог үсээр хучигдсан байдаг. Агь хавар эрт цухуйдаг, малд өндөр тэжээллэг чанартай ургамал аж. Монголчууд агийн хандаар үсээ угаавал үсний уналтыг зогсоож, тэжээл өгнө. Мөн агиар хийсэн дэр тархины даралтыг багасгаж тайвшруулдаг хэмээн үзэж хэрэглэсээр ирсэн. Үүнээс гадна агийг уламжлалт анагаах ухаанд эртнээс элэг, цөсний суваг, цөсний хүүдий, хоол боловсруулах эрхтний эмчилгээнд хэрэглэсээр ирсэн нь монголчуудад өндөр үр дүнгээ өгчээ.

ХУМХАА ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ГОЛ ЭМ БОЛДОГ

Мадагаскар улсын ерөнхийлөгч Андри Ражоелина агийн хандаар хийсэн ундааг “Ногоон алт” хэмээв

Монголчууд биеийг хорт бодис, шимэгчээс салгахад агийг өндөр үр дүнтэй хэрэглэж ирсэн бол Африк зэрэг халуун орны халдварт өвчин болох хумхааг дарангуйлдаг бодисыг агийн ханднаас гарган авч ашигладаг. Хумхааны вирус тээгч 41 төрлийн 3600 зүйлийн шумуулаас болж жилд дэлхий даяар 3.3 тэрбум хүн халдвар авах вий хэмээн айдастай амьдарч, 250 сая нь өвчилж, 500 мянгаас нэг сая нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн статистик бий аж.Тэгвэл Хятадын Анагаах ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан Юүюү Ту 1969 онд Хятадын удирдагч Мао Зэдуны даалгавраар хумхааны эсрэг шинэ эм гаргах ажилд ханцуй шамлан оржээ. 1960-аад он бол хумхаа өвчнийг тээгч шумуул Ази, Африкийн халуун уур амьсгалтай ихэнх улс, түүний дотор Хятадын олон мужид юу болов гэмээр өсч үржиж, үүнээс үүдэн хумхаа өвчний дэгдэлт гамшгийн хэмжээнд тулсан үе байжээ. Нөгөөтэйгүүр хумхааны эсрэг хэрэглэж байсан эм, бэлдмэлүүд урьд өмнөх шигээ үйлчилж чадахаа больсон байв. Юүюү Тутай зэрэгцэн олон зуун эм зүйч, эрдэмтэн хумхааны эсрэг үр дүнтэй эмчилгээний арга олохоор шинжилгээ судалгаа, туршилт явуулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор нийт 240 мянган сорилын ажил хийсэн байдаг. Гэсэн хэдий ч ямар ч нааштай сайн үр дүн гарсангүй. Харин Юүюү Тугийн ахалсан эрдэм шинжилгээний багийнхан 1971 он хүртэлх хоёр жилийн хугацаанд Хятадын эртний эмийн 2000 сударт дүн шинжилгээ хийж 200 гаруй ургамлаас 380 төрлийн эмийн бэлдмэл шинээр зохиож хулгана дээр туршсанаас ердөө ганцхан нь буюу 1600 жилийн өмнөх эмийн сударт бичсэн халуун бууруулах зориулалттай “Artemisia annua” буюу агь хэмээх ургамлаас гаргасан эмийн шинэ ханд л хумхааны эсрэг үйлчилгээ үзүүлэх шинж чанартай байгааг тогтоосон байдаг. Улмаар 1973 он гэхэд хумхааг эмчлэх шинэ эмээ бүрэн боловсруулж гарган авч чаджээ. Тэрбээр уг бүтээлээр Нобелийн шагнал хүртсэн юм. Агийг хумхаа өвчнөөс гадна олон өвчнийг эмчлэх, мөн өвчин намдаах, халуурахтай тэмцэх зорилгоор ашиглаж ирсэн тухай түүхэн сурвалжид дурдсан байдаг аж. Хятадын анагаах ухаанд үүнийг “чинхао” гэж нэрлэдэг.Мөн амтат шарилж ч гэж нэрлэх нь бий аж.

Үүнийг эмчилгээнд ашиглаад зогсохгүй зарим согтууруулах ундааны найрлагад ч оруулдаг байна. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд artemisia буюу агь дээр суурилсан хосолсон эмчилгээг ACT гэж товчлон нэрлэдэг бөгөөд ДЭМБ-аас хумхаа өвчний эсрэг үндсэн эмийн эмчилгээ хэмээн зөвлөдөг байна. Уг эмчилгээ сүүлийн 15 жилд хумхаа өвчний өвчлөлийг бууруулахад гол хүчин зүйл болсон хэмээн дүгнэдэг байна. Тиймээс агь хэмээх энэ ургамал Хятад, Африкийн олон оронд эмийн чухал бүтээгдэхүүн болдог. Харин манай улсын хувьд шумуулаар дамжин хумхаа өвчний халдвар авах эрсдэл тэг хувь тул агийг толгойн өвчин, биеэс хор гадагшлуулах, гоо сайхан зэрэгтээ хэрэглэдэг. Мөн малын элдэв өвчнийг анагаахад агь олон талаар тустай хэмээн хашир малчид хэлдэг:

ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД АГЬ КОРОНАТАЙ ТЭМЦЭХ ҮР НӨЛӨӨТЭЙ БОЛОХЫГ ХЭЛЖ БАЙНА

Тэгвэл биеийн хорт бодис, элдэв шимэгчдийг биеэс салгаж, халуун орны элдэв нянтай амжилттай тэмцдэг агь буюу Artemisia хэмээх ургамал Мадагскар улсын ерөнхийлөгчийн мэдэгдсэн шиг коронавирусийг амжилттай дарангуйлж чадах уу. ДЭМБ-ын албан ёсны вэб сайтад уг ургамал коронавирусийн халдвартай тэмцэхэд үр нөлөөтэй болохыг үгүйсгээгүй ч эмчилгээний үр дүн, гаж нөлөө зэргийг бүрэн баталгаажуулж шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин Мадагскар улсын тухайд эмнэл зүйн туршилт хийж эхэлсэн бөгөөд агийн тариалалтыг нэмэгдүүлж, ханд бүхий уусмал үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн, Өмнөд Африкийн эрдэмтэд “Covid-19”-ийн эсрэг үр дүнтэй хэмээхх artemi­sia annua болон ургамлын өөр төрөл зүйл болох artemi­sia afra дээр лабораторийн шинжилгээ хийж байгаа аж. Тус улсаас гадна Герман, Дани, Америк зэрэг олон орны эрдэмтэд artemisia an­nua ургамлын хандыг туршиж үзсэн. Хамгийн гайхалтай нь лабораторийн нөхцөлд шинэ коронавирусийн эсрэг уг ханд зарим үр дүнг үзүүлж байгааг мэдэгджээ. Уг хандыг цэвэр этанол, эсвэл нэрмэл усаар хэрэглэхэд вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ.

Мөн этилийн спиртийн хандыг кофетой хослуулснаар вирусийн эсрэг үйлчилгээ илүү нэмэгдэж байгааг тогтоосон тухай вирус судлалын профессор Клаус Остерредер BBC телевизэд ярьсан байна. Гэхдээ өнөөг хүртэл ДЭМБ-аас уг хандаар коронавирусийн эсрэг амжилттай тэмцэх эм бүтээх боломжтой хэмээн албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Эмчилгээний эмнэл зүйн маш нарийн туршилт, шалгууруудаар энэ бүхнийг баталгаажуулах ёстой тухай ДЭМБ-ын холбогдох албаныхан мэдэгджээ. Дашрамд сонирхуулахад, 2015 онд анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг Америкийн шимэгч хорхой судлаач Уильям Кемпбелл, Японы микробиологич Сатоси Омура нар хүртсэн юм. Тэд шимэгчээс үүдэлтэй өвчнийг эдгээхэд агийг үр дүнтэй ашиглаж амжилтад хүрсэн байдаг. Түүнчлэн, тус ургамал хорт хавдрын эсийг устгах чадвартай хэмээн Калифорнийн их сургуулийн Америкийн эрдэмтдийн дүгнэлт ч гарсан байдаг. Агь хэмээх ургамалд витамин А, B3, B6, C, K, танин, амин хүчил, кали болон олон төрлийн шим тэжээл агуулагдсан байдаг аж.

Г.БАТ

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын туршилт амжилттай болжээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ. Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

ЭЛИЗА нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусийн халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусийн тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой аж.