Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр эхэллээ

Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна.

Охидын код бичих хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед салбарын жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхжуулах зорилгын хүрээнд жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлагдаж байна.

Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 1-нд эхэлж байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдаж буй. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх
  • Алслагдсан дүүрэг, хороо, аймаг, сумдад амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй
  • Зуны амралтынхаа хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах хүсэлтэй байх.

Бүртгүүлэх линк:

https://docs.google.com/forms/d/1pPra104vkRkcJgnNgh5X6OrKYopZUJjDe0MGtnm0Eds/edit?usp=sharing

Сургалт зургадугаар сарын 14-нөөс эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Чимэгэ систем “Startup World Cup 2021 Mongolia Regional” тэмцээний шилдэг 10-т шалгарлаа

Чимэгэ систем “Startup World Cup 2021 Mongolia Regional” тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарчээ.

Чимэгэ нь Монгол, Казак, Киргиз гэх мэт нөөц багатай хэлнүүдийн яриаг бичвэр, бичвэрийг ярианд хөрвүүлэгч дэлхийн анхны технологи юм. Тус технологийг ашиглан бүх төрлийн электрон хэрэгслийг хүний хэлсэн тушаалаар удирдах боломжтой болно.“Chimege Systems” нь бага нөөцтэй хэлний хиймэл оюун ухааны шийдлийг боловсруулах зорилгоор 2019 онд байгуулагдсан Монголын старт ап компани юм.

“Startup World Cup 2021 Mongolia Regional” тэмцээн нь дэлхийн хамгийн том гарааны бизнес шалгаруулах тэмцээн юм.

Энэ жил Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнийг Pegasus Tech Ventures-тэй хамтран Exponential Partners нь 2021 оны тавдугаарр сарын 7-нд Монголын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулна.

Speech-to-text converter 'Chimege Writer' now available for public

Бүх програмууд NLP-ийг хүнээс компьютертэй харьцахад ашиглах юм. Тэдний эрхэм зорилго бол робот, ухаалаг цахилгаан хэрэгсэл, ухаалаг автомашин гэх мэт төрөл бүрийн програмуудыг хэрэгжүүлэх явдал ажээ.

Чимэгэ зохиолч – Ярианаас бичвэрт хөврүүлэх

Яриа эсвэл аудио файлыг текст файл болгон автоматаар хөрвүүлэх. Монгол хэлний яриаг таних нь өнөөг хүртэл мөрөөдөл байсан

Чимэгэ уншигч– Бичвэрийг ярианд хөврүүлэх

Байгалийн дуут хоолойтой текстийг автоматаар унших. TTS (Text to Speech) загвар нь хамгийн сайн монгол хэлний ярианы нэгтгэсэн чанарыг эзэмшдэг.

Байгалийн хэлний ойлголт

Байгалийн хэлний ойлголт (NLU) нь ярианы элементүүдийг задлах замаар компьютерууд хүний хэлийг ойлгож, тайлбарлахад тусалдаг. NLU нь хүн ба компьютерийн харилцан үйлчлэлийг идэвхжүүлдэг бөгөөд үүнийг санал нэгтэйгээр Хиймэл оюун ухааны салбарт тулгардаг хамгийн хүнд асуудлуудын нэг гэж үздэг.

Chimege Intro_|蒙古软件|蒙古软件下载|蒙文手机|蒙古网站|蒙科立|монгол ...

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл: Энэтхэгийн давхар мутацид орсон вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай бөгөөд дэлхий нийтээр тарж магадгүй байна

Сүүлийн өдрүүдэд энэтхэг улсад бүртгэгдэж байгаа коронавирусийн халдварын тохиолдлын тоо хоногт 340-350 мянгад хүрээд байгаа юм. Тус улсад халдварын тархалт эрчимжиж байгаа шалтгаан нь “B.1.617” гэсэн шинжлэх ухааны нэршил бүхий “давхар мутацилагдсан хувилбар” юм. тэгвэл засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шадар сайд с.Амарсайхан “Коронавирусийн мутацид орсон төрөл турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн” гэж хэлж байсан юм. мөн хӨсҮт-ийн дарга б.баттөр “бид өмнө нь бнсу улс руу 20 орчим сорьц явуулсан байсан. Япон улсад манай гурван вируслогич эмч очсон байгаа. 20 сорьцод судалгаа хийгээд эхний дөрвөн сорьцын хариу гарсан. энэ бол “Whole genome sequencing” буюу нэлээн өндөр түвшний, геномын дарааллыг тогтоох судалгаа юм.

Эхний дөрөв дээр мутацилагдсан вирус байхгүй. Үлдсэн сорьцуудад судалгаа үргэлжилж байгаа. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ. Бид сая PCR-ийн шинжилгээгээр тухайн мутацид Британи вариант, Бразил, Өмнөд Африкийн вариантад зориулсан PCR-ийн урвалж уусмалуудыг аваад мутацилагдсан хэлбэр байгаа эсэхийг цөөн хүнд тандалтын байдлаар хийж илрүүлсэн. Ингээд үзэхэд Турк улсаас зөөвөрлөгдсөн тохиолдолд ийм төрлийн гурван хэлбэр байгааг илрүүлсэн. Мөн манай улсад эерэг гэж батлагдсан сорьцод тандалт хийж үзэхэд нэг гэр бүлийн хоёр хүнд илэрсэн. Одоо геномын дараалал тогтоох шинжилгээгээр эдгээрийг батлах ёстой. Иймд урьдчилсан байдлаар ороод ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Мутацилагдсан вирусийн тухайд эмнэл зүйн байдал, нас баралт хүнд хэлбэрээр тархалт нь хурдацтай явагддаг. Дээр нь хүнд хэлбэрээр өвчилдөг онцлогтой учраас ороод ирсэн байх боломжтой гэж үзсэн” гэсэн юм. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодруулахад тэрээр “Яг энэ ажлыг одоо судлаад сууж байна. Саяхан Энэтхэгээс нэлээд хүн ирсэн. Энэ бүгдийг одоогоор судалж байгаа учраас нарийн тодорхой тоон мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.

Коронавирусийн мутацид орсон хувилбарын талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.


Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн талаар хэлж байсан. Тэгэхээр коронавирусийн мутацид орсон хувилбар гэдгийг ойлгомжтой тайлбарлахгүй юу?

-Вирус нь байгаль дээр байнга мутацид орж байдаг. Мутаци гэдэг бол генийг хуулбарлах үед гарч байгаа алдаа юм. Мутацийн үр дүнд үүссэн генийн шинэ хэлбэр хэрвээ уг вируст давуу тал олгож байвал хүн амд улам олширч давамгайлах хэлбэр болдог. Тэгэхээр мутацид орох, уг мутаци давамгайлах хэлбэр болох процесс нь маш санамсаргүй явагддаг процесс юм аа. Вирусийн мутацийг лабораторид генийн инженерчлэлийн аргаар зориуд үүсгэж болдог. Мөн байгаль дээр болон лабораторид аль алинд нь хэт ягаан туяа, цацраг идэвхийн өндөр тун зэргээс болж ген олшрох явцад алдаа үүсэх давтамж улам ихэсдэг. Үүнийг мутаци үүсгэгч хүчин зүйлүүд гэдэг л дээ.

Мутацилагдсан вирусийн эмнэл зүйн байдал нь нас баралт хүнд, тархалт нь хурдацтай явагддаг гэсэн үү. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Одоогоор дэлхийд хэд хэдэн ноцтой, аюултай коронавирусийн хувилбарууд байна. Эдгээр нь Английн хувилбар (B1.1.7), Өмнөд Африкийн хувилбар (B1.351), Бразилын хувилбар (P1), Энэтхэгийн хувилбар (B.1.617) гэсэн хувилбарууд юм. Эдгээрээс Монголд одоогоор Английн хувилбар орж ирсэн гэдгийг Засгийн газраас зарласан. Английн хувилбар нь халдах чадвар өндөртэй, халдсан хойноо илүү хүндээр өвчлүүлдэг шинжтэй болохыг тогтоосон. Өмнөд Африкийн хувилбарын хамгийн гол шинж нь түүн дээрх Е484К гэдэг мутациас шалтгаалж байгаа одооны хэрэглэж байгаа вакцины дархлаанд сул баригдаж байгаа шинж юм. Мөн Бразилын хувилбар залуу хүмүүст илүү хурдтай халдварлаж байгаа бол Энэтхэгийн хувилбар нь халдварлах болон хүндрэх магадлал, мөн Е484К мутацийг давхар агуулж байгаа учраас вакцины дархлаанд дарагдах байдал муутай байна. Эдгээр хувилбаруудыг дэлхий нийтээр онцгойлон анхаарч бүр “Анхаарах Вариант” гэж нэрлээд маш эрчимтэй судалж байна.

Мутацид орсон вируст вакцин хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай оронд АстраЗенека, Синофарм гэсэн хоёр төрлийн вакциныг голлон хэрэглэж байна. Английн хувилбар нь энэ хоёр вакцинаар хамгаалагдана, асуудалгүй гэсэн үг. Гэхдээ Английн хувилбарт сүүлийн үед вакцинаас зугтаж чадах Е484К гэсэн мутаци илэрч байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хэлбэр нь Английн хувилбар боловч дотроо Өмнөд Африкийн уг мутацийг агуулсан эрлийз маягийн онцгой аюултай Англи хэлбэр нь гэсэн үг. Хэрвээ энэ нь Монголд ороод ирвэл жинхэнэ аюул болно. Түрүүчийн долоо хоногт зарлахдаа Английн хувилбар гэж мэдээлэл өгснөөс биш яг энэ мутацийн талаар зарлаагүй учир нарийн дүгнэлт өгөх боломжгүй. Хэрвээ Өмнөд Африкийн Е484К мутаци Монголд орж ирээд өргөн тархсан байгааг тогтоовол энэ нь зөвхөн Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд томоохон дуулиан тарих нь гарцаагүй. Энэ нөхцөлд бид цаашид ковидтой хэрхэн тэмцэх асуудал, вакцинжуулалтын арга техникийн асуудлаа эргэн харахаас өөр аргагүй. Ер нь тэгээд мутаци болон шинэ хувилбарууд гаднаас орж ирэхээс гадна Монгол дотроо ч үүсэж болно шүү дээ.

ХӨСҮТийн дарга Л.БаттөрЯпон улсад манай улсаас вируслогич гурван эмч очсон. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэгэж ярьж байсан. Ер нь энэ талын судалгаа шинжилгээ хийх лаборатори болоод мэргэжилтнүүд Монгол Улсад хэр байна вэ?

-Энэ бол бүтэн геномын ДНХ-ийн дараалал тогтоох дараа үеийн аргын талаар хэлсэн болов уу гэж би бодож байна. Үүнийг NGS буюу next generation se­quencing гэж хэлдэг юм. Энэ нь Монголд шинээр орж ирснээр богино хугацаанд вирусийн бүтэн геномыг унших боломжтой болно. Гэхдээ мутаци илрүүлэхэд энэ аргаас өөр, өмнөх үеийн илүү хялбар, хямд аргууд зөндөө байдаг. Энэ аргуудын нэг болох PCR-ийн хялбар аргаар сая Туркээс ирсэн хоёр хүнээс Английн хувилбарыг илрүүллээ шүү дээ. Мөн PCR-аас гадна ДНХ-ийн дараалал тогтоох Сенгерийн арга гэж хямд хялбар арга байна. Энэ аргаар ДНХ-ийн дараалал тогтоодог машин нь Монголд есөн ширхэг байна гэдгийг тусгай төслийн багууд явж судлаад бүртгэчихсэн байна билээ.

Бүгд улсын өмчийн лабораториудад байна. Уг нь энэ багажаа ашиглаад вирусийн генетикийн мониторингийг байнга хийж байх боломжтой. Харамсалтай нь энийг хийж чадахгүй байна. Яагаад чадахгүй байна гэвэл нэгдүгээрт, бүрэн ажиллагаатай багаж байхгүй, бүгд эвдэрхий байх шиг байна, хоёрдугаарт, уг багажийг ажиллуулж тогтмол судалгаа шинжилгээ хийдэг, багажаа арван хуруу шигээ мэддэг хүн бас байхгүй.

Манай улсад саяхан Энэтхэгээс 72 хүн ирсэн. Энэтхэгт одоогоор нөхцөл байдал хүндхэн байна. Тэгэхээр Энэтхэгийн давхар мутацилагдсан вирус манайд тархах вий гэсэн айдас их байна?

-Яг Энэтхэгт юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Энэтхэгийн давхар мутаци гэдэг нь уг вирусийн S ген буюу вирусийн өргөсний генийн яг хүний эстэй холбогддог хэсгийг кодолдог хэсэг дээр хоёр мутаци их ойрхон гарсан байгааг хэлж байгаа юм. Нэг нь Е484Q мутаци, нөгөөх нь L452R мутаци юм. Энэ хоёр мутаци зэрэг гарснаар энэтхэг хувилбар буюу B.1.617 хувилбарын вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай болсон бөгөөд улмаар дэлхий нийтээр тарж магадгүй гэж үзэж байна. Вакцинтай холбоотой юм одоогоор байхгүй. E484К бол харин вакцинтай холбоотой гэдгийг дээр хэлсэн. Удахгүй нарийвчилсан судалгаанууд гарах байх.

Нөгөөтэйгүүр коронавирусийн эсэд орохдоо хүний эстэй холбогддог хэсэг нь S (spike) буюу өргөсний уураг юм л даа. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд хүний эстэй физик холбоо үүсгэдэг хэсэг бол өргөсний уураг. Хэрвээ энэ уураг дээр янз бүрийн хувирал гарвал тухайн вирусийн халдварлах чадвар сайжирч, эсвэл эсрэгээрээ муудаж болно. Ийм учраас хамгийн чухал уураг бол өргөсний уураг.Тийм учраас бүх АстраЗенека зэрэг вектор дээр суурилсан вакцин болон Модерна зэрэг рНХ дээр суурилсан бүх вакцинууд энэ уургийн яг хүний эстэй холбогддог хэсгийг агуулж байдаг. Тийм учраас Е484К мутаци вакцины дархлаанд нөлөө үзүүлээд байгаа юм.

Вакцин хийлгэсэн хүнд энэ өргөсний уурагны эсрэг дархлаа нь үүсч байгаа юм байна, тийм үү?

-Яг тийм. Энэ өргөсний уурагны эсрэг үүссэн эсрэг биеийг саармагжуулагч эсрэг бие гэдэг. Хүнд дархлаа үүссэн эсэхийг тогтоохдоо энэ саармагжуулагч эсрэг бие хэр зэрэг үүссэн байна гэдгийг хэмжиж тогтоодог. Мөн дээр ярьсан тэр вакцины дархлаанаас бултах чадвар зэргийг мөн энэ саармагжуулагч эсрэг биетэй тухайн хувилбарын вирус хэр холбогдож байгааг хэмжих замаар тогтоодог. Энэ тэгэхээр хамгийн чухал уураг, хамгийн чухал эсрэг бие юм.

Categories
булангууд видео-мэдээ мэдээ шинжлэх-ухаан-технологи

NASA-гийн дрон тэнгэрт нисэж буй видео дүрсийг дэлхийд ирүүлжээ

Ням гаригт NASA-гийн Ingenuity дрон Ангараг гаригийн тэнгэрт гурав дахь удаагаа амжилттай ниссэн юм. Ингэхдээ нислэгийн зай, хугацааны хувьд шинэ дээд амжилт тогтоожээ.

Уг нислэгийн дүрс бичлэгийг Perseverance робот станц өөрийн камераар буулгаснаа дэлхийд ирүүлсэн байна.

Гурав дахь удаагаа нисэхдээ Ingenuity дрон 5 метрийн өндөрт хөөрч, 50 метрийн зай туулахдаа секундэд 2 метр хүртэл хурдалжээ.

Энэ нислэгийнхээ үеэр Ingenuity дрон Ангараг гаригийн гадаргын өнгөт гэрэл зургийг тэнгэрээс буулгаснаа бас дэлхийд ирүүлсэн байна.

Дрон ойрын өдрүүдэд дөрөв дэх нислэгээ үйлдэхдээ өмнөх амжилтуудаа ахиулах зорилготой байгааг NASA мэдээлжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэмээн аалзны төрлийн хүчтэй хортой, 20 насалдаг шинэ зүйлийг нээжээ

Флоридагийн амьтны хүрээлэнд тэмээн аалзны төрлийн, маш хүчтэй хортой, хэдэн арван жил амьдрах чадвартай шинэ зүйлийг нээжээ. Шинэ зүйл аалзыг Пайн Рокланд хэмээн нэрлэсэн бөгөөд хамгийн анх Майамигийн амьтны хүрээлэнд 2012 онд үзэгдэж байжээ.

Гэвч тухайн үед хангалттай судалж чадаагүй учир шинэ зүйл аалзны гарал угсаа тодорхойгүй хэвээр үлдэж, тус амьтны хүрээлэн гадны тусламжийг хүссэн аж. Тэр цагаас хойш аалзыг бараг арван жил судалсны эцэст өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй шинэ зүйл гэдгийг баталжээ.

Амьтны хүрээлэнгийн хамгаалалтын дарга Фрэнк Ридгли “Надад бол эл аалз анх жижиг хар тэмээн аалз шиг харагдсан. Түүний төрлийн аалзнууд ихэвчлэн зөөлөн, элсэрхэг газарт нүх ухан, түүн дотроо тор татаж, үүдэнд нь хаалга урладаг. Ихэнх нь тус нүхэндээ насаараа амьдардаг бөгөөд ямар нэг амьтан нүх рүү нь орж ирэхийг хүлээж байгаад, орж ирмэгц нь хаалгаа хаан барьж иддэг” хэмээн тайлбарлажээ.

Судалгааны багийн гишүүн, Жиоржиа мужийн Пьемонт их сургуулийн амьтан судлаач Ребекка Годвин Пайн Гокландыг цоо шинэ зүйл хэмээн эхнээс нь таамаглаж байсан гэнэ. Түүний олж мэдсэнээр эл зүйлийн эмэгчин аалз 20 гаруй жил амьдрах чадвартай аж. Гэвч эрэгчин нь харьцангуй богино буюу долоон жил өсч байгаад үржилд орж, нүхээ ухсанаас удалгүй үхдэг байна. Тэрбээр “Амьтны хүрээлэнд анх үзэгдсэн аалз бол өсөх мөчлөгтөө тэнүүчилж явсан эрэгчин аалз байж. Тэд биеийнхээ урд хэсэгт барзгар бүрхүүлтэй, хэвлий хэсэг нь мөнгөлөг саарал өнгөтэй, дээрээ цайвар толботой, харахад маш үзэсгэлэнтэй зүйл” хэмээн тайлбарласан байна.

Түүнээс гадна эрэгчин Пайн Рокланд аалз хөлнийхөө урттай нийлээд евро зоостой дүйх хэмжээтэй бол эмэгчин нь түүнээс хоёр, гурав дахин том биетэй байдаг аж. Харин хорны хувьд зөгийн хортой төстэй учир жижиг амьтдын хувьд үхлийн аюултай юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Д.Улам-Оргих: Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай

МУИСийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.УламОргихтой ярилцлаа. Тэрээр УОКын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.


Халдвар ямар хурдтай, хэрхэн тархаж байгааг та мэргэжлийн хүний зүгээс иргэдэд энгийн байдлаар тайлбарлаад өгөхгүй юү?

-Энэ оны гурван сарын дунд үеэс хот болон хөдөө орон нутагт өвчлөл өргөн тархаж, нэг өдөрт халдвар авах хүний тоо ойролцоогоор таван өдөрт хоёр дахин нэмэгдэж эхлэлээ. Өсөлтийн энэ аюултай хурдыг сааруулахын тулд хатуу хөл хорио тогтоосон бөгөөд одоогийн хөл хорионы төгсгөлд дунджаар нэг өдөрт илрэх өвчлөлийн тоог 400 орчимд тогтоон барих бөгөөд үр дүн нь тавдугаар сарын хорьд хүртэл үргэлжлэхээр байгаа. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол хүндээр өвчлөх, нас барах хүний тоо гурав дахин байх байсан. Үүнээс цааш хөл хорионоос илүүтэй вакцинжуулалтын нөлөө их байх болно. Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас тархалт буурч ирэх ес, аравдугаар сард намжих хандлагатай байна.

Ер нь гадуур тархаж буй халдварын тоо бага үед хувь хүн, гэр бүл өөрсдийгөө бүрэн сэргийлээд явах боломжтой байдаг бол халдварын тоо ихсэхийн хэрээр энэ боломж хумигдаж байдаг. Халдвар авч байгаа хүний ихэнх нь ажлын байрандаа халдвар аваад гэрийнхэндээ тарааж байгаа юм. Хүмүүс ихэвчлэн ойр дотны хүнтэйгээ сэжиггүй харьцаж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн автобус зэрэг олон хүн шахцалдсан, битүү газраас халдвар авах өндөр эрсдэлтэй байна.

Энэ удаагийн хөл хорио эрчимтэй тархалтыг хэр бууруулж чадах бол?

-Хөл хорионоос өмнө халвар авсан хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр илэрнэ, мөн замын түгжрэл багассанаас илрүүлэлтын хурд нэмэгдэнэ. Ирэх долоо хоногоос эхлэн халдварын тоо буурч хөл хорионы төгсгөлд болон түүний дараах долоо хоногт 400 орчим болж багасах тооцоо гарч байгаа. Үүнийг хараад “Өө, нөлөө алга аа, хэвээр л байна шүү дээ” гэж бодогдож болох боловч үнэн чанартаа энэ удаагийн хөл хорионы нөлөөгөөр есдүгээр сар хүртэл 100 мянган хүнийг халдвараас сэргийлэх ач холбогдолтой. Цаашдын хүндрэлээр өвчилсөн хүмүүсийн 1 хүртэл хувь нь нас барж болзошгүй учраас мянгаад хүний амь насыг сэргийлж байна гэж ойлгож болно. Өнөөдөр хөгшин залуу гэлтгүй хэн ч ковидоор өвчлөөд хүндэрч болзошгүй байгаа тул энэ сэргийлэгдэх тоонд та ч, би ч орж байж болох юм. Хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт илрэх өвчлөлийн тоо 3000 давж болох байлаа.

Гэхдээ л халдварын тархалтыг бүрэн гүйцэд хумьж чадахгүйгээс хойш хөл хорио нэг л үр дүнгүй мэт иргэдэд санагдаад байх шиг?

-Халдварын тархалтыг хумих тал дээр маск зүүх, зай барих, олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг хязгаарлах, сургууль цэцэрлэг хаах зэрэг олон арга байдаг боловч хамгийн үр дүнтэй хоёр л арга байдаг. Эдгээр нь хөл хорио ба вакцинжуулалт юм. Вакцин гараагүй үед мэдээж хөл хорио юм. Халдвар тархалтыг таслан зогсоох, нөлөөг нь бууруулах зорилгоор хөл хориог орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хувьд янз бүрийн арга хэлбэрээр зохион байгуулдаг. Хөл хориогоор халдварыг бүрэн дарна гэвэл дор хаяж 45 хоногийн хөл хорио хэрэгтэй байдгийг олон улсын туршлага харуулж байна.

Гэвч аль нэг замаар дахиад л дэгдэнэ. Тэгэхлээр улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорио ямар ч үр дүнгүй байна гэж хүмүүс бодож байж болох юм. Гэвч зорьсон үр дүндээ хүрсээр ирснийг цохон тэмдэглэе. Тухайлбал, эхний хоёр удаагийн хөл хорионы үр дүнд өдөрт гарах халдварын дундаж тоог 20 орчимд байлгаж халдварын голомтыг хоёрдугаар сар хүртэл хяналтандаа байлгаж чадсаны үрээр нас баралт маш бага байсан. Ийм үр дүнтэйгээр вакцинжуулалттай золгосон. Харин цагаан сарын үеийн хөл хорионы үр дүн гуравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж энэ дундаж тоог 40 орчимд барьж ирсэн. Гуравдугаар сарын дундаас харин ядаж ажлын тав, амралтын дөрөв нийтдээ есөн хоногийн хөл хорио тогтоосон бол тооцоо ёсоор 40 гэсэн энэ тоог цаашид ч тогтоон барих боломж байсан. Харамсалтай нь бид цаг алдсаар 1000 гаргачихлаа. Нэгэнт вакцинтай залгасан учраас цаашид хүн амыг аль болох хурдан хугацаанд вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй арга болно.

Аль ч оронд ямар ч өвчний үед эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж, мэдлэг чадвар хамгийн гол үүрэгтэй. Гэтэл манай УОКын шийдвэрүүдээс харахад эрдэмтдийн зөвлөлийн мэргэжлийн санал зөвлөмжийг тоохгүй, хайхрахгүй байх шиг?

-Ковидтой амжилттай тэмцэж байгаа улс орнууд их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагаа их түшиж ажиллаж байна. Тухайлбал, Ирланд, Япон, Тайвань, Шинэ Зеланд улсуудыг нэрлэж болно. Засгийн газар, УОК-ын хувьд эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэсэн сонголтон дээр байсан. Чиглэл чиглэлийн эрдэмтэд ч өөр өөрийн зөвлөмж хүргүүлсэн байх. Манай судалгааны багийн зүгээс (одоо бол төлөвлөлтийн баг) болон ХӨСҮТ-ийн судалгааны багаас хөл хорио тогтоох хамгийн боломжит хувилбаруудыг удаа дараа гарган өгч, ЭМЯ-наас нэгтгэн УОК-т саналаа хүргүүлж тохиолдох хүндрэлүүдийг урьдчилан хэлж байсан. Ер нь судалгаа дүгнэлтээ салбар салбарын эрдэмтэд нэгтгэн боловсруулж санал нэгтэй өгч байх тал дээр анхаарууштай санагддаг. Энэ тал дээр зохих зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа гэсэн.

Үнэхээр бодит байдал дээр эрдэмтдийнхээ үгийг сонсож байна уу. Учир нь энэ бол өнөөгийн нөхцөлд хүний амиар хэмжигдэж буй хамгийн том асуудал болчихоод байгааг та бид харж байгаа шүү дээ?

-Тийм ээ, энэ тал дээр яг фронтод ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ, эрдэмтдийнхээ үгийг саналыг хүндэтгэлтэй, чухалчлан сонсох шаардлагатай гэж байнга харагддаг. Эрдэмтэд шийдвэр гаргахад хамгийн их хэрэгтэй байгаа зүйлийг мэдэж байгаа. Манай тооцоо, шинжилгээний багийн тухайд гэвэл цаашдын прогнозыг цаг тухайд нь гарган өгч байгаа. Бид анх дотоодын анхны халдвар гарах үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн УОК, шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж эхэлсэн. Энэ бүлэг өдөр бүр цуглан өглөө үдэшгүй ажиллаж, нууцын гэрээ байгуулж 2-3 хоногт нэг удаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан зөвлөмж гарган өгч байсан. Халдвар, тархвар судлал, анагаахын мэргэжилтнүүд мөн математик-физикийн хүмүүс багтсан сайхан баг ажиллаж байсан.

Харамсалтай нь энэ шуурхай бүлгийг тараагаад зарим эрдэмтдийг нь УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд нийлүүлэн ажиллуулж байна. Энэ зөвлөл өдөр бүр хуралддаггүй, тодорхой асуудалд хэрэгтэй үед хаяа нэг хуралддаг байнгын ажиллагаа байхгүй. Заримдаа асуудлыг санал хураалтаар шийддэг нь учир дутагдалтай. Энэ зөвлөлийг байнгын ажиллагаатай болгож, эрч хүчтэй ажиллах эрдэмтдээр шинэчлэх шаардлагатай санагддаг. Товчхондоо УОК шийдвэр гаргахдаа голомтод тулж ажиллаж буй эмч, эрдэмтдийнхээ дүгнэлтийг илүү үндэслэх хэрэгтэй байна.

Таны хувьд халдварыг хөл хорионоос гадна ямар байдлаар хумих боломжтой гэж харж байна вэ?

-Вакцинжуулалт. Нэгэнт вакцин гараад ирсэн учраас дэлхий нийтээрээ энэ л аргыг сонгож байна. Вакцин ийм хурдан хугацаанд бий болж байгаа нь шинжлэх ухааны ач гавьяа юм. Хөл хорио бол эрс өсөлтийг удаашруулан цаг хожиж, эрүүл мэндийн системийг цагаан тугаа өргөхөөс хамгаалах ач холбогдолтой боловч нэг мөсөн хэзээ ч дарж чадахгүй. Харин вакцинжуулалтаар дарах боломжтой. Түүнээс гадна ухамсарт хүн бүр энэхүү өвчний талаар үнэн зөв мэдлэгтэй болох нь түүнээс сэргийлэх гол зэвсэг. Шинэ төрлийн цар тахал дэлгэрээд жил тойрон болоход түүний талаарх үнэн зөв мэдлэг мэдээлэл хангалттай их бий боллоо. Нийтийн сүлжээний элдэв мэдээллээр аж амьдралаа эрсдэлд оруулж болохгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь бодит амьдрал дээр эсрэгээрээ байна. Дээр дооргүй үүнд их анхаарах шаардлагатай байгаа. Өөрөө хичээвэл халдвар авахгүй байх бүрэн боломжтой.

Намар гэхэд халдварыг намжааж чадах болов уу?

-Тооцоо шаардахгүй хоёр зүйлийг хэлье. Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай. Нэгдүгээрт, ирэх хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа гарцаагүй эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай. Өнөөдөр гэхэд ковидоос өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Иймд хүүхэд сурагчдыг вакцинд хамруулах боломжийн талаар одооноос онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай. Дэлхийд ийм боломж гараад эхэллээ. Энэ бол БШУЯ-ны шийдвэрлэх тулгамдсан асуудал байх. Хоёрдугаарт, вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах нөлөө ямар байх талаар тодорхой судалгаа хомс байна. Иймд насанд хүрэгчид энэ оны зургаа, долдугаар сард вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдлаа гэхэд ирэх жилийн томуугийн хоёр дахь дэгдэлтийн үе болон цагаан сарын өмнө ковид дахин өргөн тархаж, энэ хаврын байдал давтагдаж болзошгүй байгааг одооноос анхааран ажиллах шаардлагатай.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“NASA”-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрчээ

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-гийн сансрын нисэгчдийн “Crew 2” баг “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр дэлхийгээс хөөрч, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад амжилттай хүрчээ. “Crew 2” баг сансрын уудамд зургаан сарын турш ажиллана.

“Crew Dragon” хөлөг нь одоогийн байдлаар сансар руу хүн тээвэрлэж буй анхны бөгөөд цорын ганц хувийн эзэмшлийн хөлөг юм. “SpaceX” компани нийтдээ зургаан удаа “NASA”-гийн сансрын нисэгчдийг тойрог замд хүргэх гэрээ байгуулсан бөгөөд өчигдрийн нислэг хоёр дахь нь байв. Эхний “Crew-1” баг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард сансарт гарсан ба энэ нь арав орчим жилийн дараа америкчууд анх удаа өөрийн хөлгөөр, эх орноосоо сансарт ниссэн тохиолдол байжээ.Үүнээс өмнө ОХУ-ын “Союз” хөлгөөр тойрог замд хүрдэг байсан юм.

“Crew-1” багийн хоёр сансрын нисэгч болох Боб Бэнкэн, Даг Харли нар одоо Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа. Тэдэн дээр “Crew-2” багийн гишүүд болох “NASA”-гийн Шэйн Кимброу, Меган Макартур, Японы Акихико Хошиде, Европын Холбооны Томас Пескю нар нэмэгдэж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Судлаачид 5000 жилийн настай хурууны хээ олжээ

Шотландын археологичид Оркнейн арлууд дээр таван мянган жилийн настай хурууны хээ олжээ.

Археологич Рой Тауэрс Оркнейн арлууд дээрх Бродгар хошуун дахь археологийн бүсэд судалгаа хийх явцад энэхүү ховор олдворыг илрүүлсэн байна. Хурууны хээ эртний шавар савны хэлтэрхийн дээр үлдсэн байжээ.

Энэхүү түүхэн олдворыг хурууны хээ болохыг батлахын тулд эрдэмтэд тал бүрээс нь хэд хэдэн гэрэл зураг авч, улмаар тусгай программ ашиглан объектын нарийвчилсан загварыг бүтээжээ. Гаргаж авсан дүрс дээр нүдэнд үл үзэгдэл нарийн зүйлс харагддаг байна.

Археологичид хурууны хээг шинжилснээр уран гартны хүйс, насыг тодорхойлох боломжтой болно гэж найдаж байна.

Part of the vast Ness of Brodgar site, a complex of monumental buildings that emerged during the Neolithic period as a 'New World Order' emerged in Orkney. PIC: S Marshall/CC.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол залуус анх удаа Олон улсын Дата Шинжилгээний олимпиадад финалд шалгарлаа

Олон улсын дата шинжилгээний дөрөвдүгээр олимпиад зохион байгуулагджээ. Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 648 баг оролцсоноос шилдэг 30 багийг шалгаруулсан байна.

Энэ удаагийн олимпиадад Монголын багийн залуус анх удаа сүүлийн шатанд шалгарч, Энэтхэг, Орос, Герман, АНУ, Франц зэрэг улстай өрсөлдөж, 36 цагийн турш даалгавар гүйцэтгэн 5 дугаар байрт шалгарчээ.

Олон улсын дата шинжилгээний олимпиадаар өгөгдсөн датаг ашиглан холбогдох даалгавар, асуултад хариулах, шийдлийг олдог. Энэ удаад ОХУ-ын Otkritie банкинд “Аль харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болговол бүтээгдэхүүнийг авах магадлал өндөр болохыг тодорхойлох, улмаар сонгосон харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болгосноор ашгийг хамгийн их байлгах тухай” бодлого бодож, загвар хөгжүүлэн өрсөлджээ. Өгөгдөл нь ихэвчлэн бодит амьдрал дээрх тоон, бичгэн, зурган эсвэл дуу хоолойн бичлэг гэх мэт ямар ч төрөл байж болдог байна. Ингээд оролцогчид уг өгөгдлийг ашиглан,

Өгөгдлийн ухаан (data science)
Хиймэл оюун (artificial intelligence)
Машин сургалтын (machine learning)

арга хэрэгслээр таамаглалын загвар хөгжүүлэх даалгавар гүйцэтгэж 36 цагийн турш өрсөлдсөн байна. Шилдэг 30 багаас бодит байдалд хамгийн ойр бөгөөд нийцтэй загвар хөгжүүлсэн баг Дэлхийн ялагч болдог юм.

Монголоос анх удаа финалдсан залуус нь өнгөрсөн жил тус тэмцээнд оролцсон туршлагатай бөгөөд хоёр дахь жилдээ ийнхүү амжилтаа давуулан ахиулжээ. Монголын дата шинжилгээний багийн бүрэлдэхүүнд, БНСУ-ын Чунбукын их сургуулийн докторант М.Лхагвадорж, Simple аппликейшнийн дата шинжээч Ч.Алтан-Өлзий, МИГ даатгалын дата шинжээч М.Чойсүрэн нар багтсан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Toyota” компани устөрөгчийн шинэ хөдөлгүүр бүтээж байгаагаа мэдэгджээ

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor” хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилгын хүрээнд устөрөгчийн шинэ хөдөлгүүр бүтээж байгаагаа мэдэгджээ.

Шинэ турбо хөдөлгүүр нь 1.6 литрийн багтаамжтай гурван цилиндртэй байх аж.

Уг хөдөлгүүр нь устөрөгчийг шатаах замаар ажиллах бөгөөд түлш шахах, нийлүүлэх шинэчлэн сайжруулсан систем суурилна. Ийм хөдөлгүүр нь ажиллах зарчмын хувьд бензин хөдөлгүүртэй төстэй боловч хөдөлгүүрийн тос бага зарцуулдаг тул ямар ч утаа ялгаруулахгүй гэнэ.

Үүнээс гадна, устөрөгчийн шатах үйл явц нь бензин хөдөлгүүртэй харьцуулахад илүү хурдан бөгөөд энэ нь машины динамик чанарт эерэг нөлөө үзүүлэх аж. “Toyota” компани шинэ хөдөлгүүрээ Шизуоко мужийн автомашины уралдааны зам дээр тавдугаар сард туршихаар төлөвлөжээ.

“Toyota” компани нь устөрөгчийн хөдөлгүүр бүтээх туршлагатай. Тус компани устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” загварын анхны автомашинаа 2014 онд танилцуулсан билээ.