Хөөтийн чулуун зэвсгийн дурсгалт газар нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөт хэмээх газарт байрлах ба тус нутаг нь Дорнод Монголын бэсрэг уулсаас тогтсон, жижиг уулсын эргэн тойронд эртний голуудын хуурай сайрууд их байна. Энд газрын өнгөн хөрсөн дээрээс чулуун зэвсгийн зүйлс тархуу байдалтай олдох хэдий ч зарим газарт нягтаршил ихтэй бэсрэг уулын орой тэгш хэсэгт байгаа нь сонирхолтой юм. Дурсгалын он цагийг тодорхойлон үзэх боломжтой үлдцүүд олон тоотой олдсон нь бүгд бичил ялтас цуулан авах үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байсныг илтгэнэ.
Category: шинжлэх-ухаан-технологи
Энэхүү нээлтийг Европын сансар судлалын агентлаг болон ОХУ-ын Роскосмосын хамтран хөөргөсөн “Эксомарс” хөлөг хийсэн байна.
Ангараг гараг дээрх Валлес Маринерис хавцлыг дэлхийн Гранд хавцлын хувилбар гэж нэрлэдэг. Энэхүү хавцлын тогтоц нь Гранд хавцлаас 10 дахин урт, 5 дахин гүн, 20 дахин өргөн юм. Тэгвэл хавцлаас олдсон их хэмжээний усыг Frend төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь Ангарагийн хөрсний дээд метр 3.2 фут өндөр дэх устөрөгчийг зураглах чадвартай юм.
Өмнө нь Ангараг гарагаас бага хэмжээний ус илрүүлж байсан. Тэгвэл энэ удаад Frend төхөөрөмжөөр илрүүлсэн ус нь ер бусын их хэмжээтэй гэж Икарус сэтгүүлд дурджээ. Мөн энэ бүс нутгийн гадаргуугийн 40 орчим хувь нь ус юм.
ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтрагч Алексей Малахов “Бид хөрсөнд хэчнээн хэмжээний ус байгааг түүний ялгаруулж байгаа нейтроныг харан дүгнэж болно. Учир нь “галактикийн сансрын туяа” гэгддэг өндөр энергитэй бөөмүүд нь Ангараг гарагт тусах үед их хэмжээний нейтрон үүсдэг бөгөөд хуурай хөрс чийгтэй хөрснөөс илүү их нейтрон ялгаруулдаг” гэж мэдэгджээ.
NASA-гийн илгээсэн сансрын хөлөг анх удаа наранд хүрсэн тухай тус байгууллагын судлаачид өчигдөр Америкийн Геофизикийн Холбооны хурал дээр зарлажээ.
Өөрөөр хэлбэл өмнө нь огт судлагдаж байгаагүй нарны атмосфер буюу нарны титмийн захад хүрсэн юм байна.
Parker Solar Probe (PSP) нэртэй хөлөг энэ оны дөрөвдүгээр сард наранд найман удаа ойртохдоо нарны титмийн зах хэсэг рүү гурван удаа шумбаад гарсныг NASA мэдээлжээ.
Энэхүү үйл явдлын мэдээллийг PSP хөлгөөс татаж авахад хэдэн сарыг, дараа нь боловсруулахад дахиад хэдэн сарыг зарцуулсан тул одоо нийтэд зарлаж байгаа юм байна. Шумбах үед хөлгийн хурд секундэд 100 км хүрсэн гэнэ.
2018 онд дэлхийгээс хөөрсөн PSP хөлөг нарны титмийн захад хүрэхдээ нарны төв цэгээс 13 сая километрийн зайд байжээ. Нарны титмийн захад хүрснээр нарнаас соронзон шуурга яаж үүсдэг, яаж халдаг, хэрхэн сансрын уудамд тардгийг ойлгоход чухал хэрэгтэй мэдээлэл цуглуулах юм байна.
PSP хөлөг наймдугаар сард ес дэх удаагаа наранд ойртохдоо дахин нарны титмийн зах руу шумбасан гэж NASA тооцоолж байгаа гэнэ. Гэхдээ үүнийг батлахын тулд хугацаа шаардах ажээ.
Өнгөрсөн сард хөлөг арав дахь удаагаа наранд ойртсон гэнэ. PSP хөлөг 2025 он хүртэл ажиллахдаа наранд улам илүү ойртож, титэм рүү нь улам гүн шумбахаар төлөвлөжээ.
NASA-гийн өчигдөр танилцуулсан судалгааны материалын дэлгэрэнгүй “American Physical Society” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Хүний дүрст эсгий онго: Хүний толгой, хөл, гарыг тодорхой гаргаж дүрсэлсэн бөгөөд ташаа өргөнтэй эмэгтэй хүнийг төлөөлүүлэн хийсэн бололтой. Эсгийг хүний хэлбэрт оруулан исгэж хоёр давхарлан оёж хийсэн, онгоны гадна ирмэгээр бүтэн тойруулан оёжээ. Нэг талын гарны үзүүрт гурван нарийн дээсийг хооронд нь эрчилж хийсэн унжлага байх ба үүнийг анх хийхдээ хоёр эсгийний голд оруулан оёж гарны үзүүрт илүү гарган унжуулжээ. Хоёр хөлийг өсгийгөөр нь нийлүүлэн өлмийг гадагш харуулан дүрсэлжээ. Онгоны толгойн нүүрэн хэсгийн хоёр захдуу газар хар өнгийн жижиг чулуун сувсыг утсаар сүвлэн нэвт хатгаж тогтоосон ба утасны үзүүрийг ар талд нь нийлүүлэн зангиджээ. Энэ нь нүдийг төлөөлүүлсэн бололтой. Онгоны өндөр 24.2 см. Онгоны дээр хувцас бололтой зүймэл даавууны тасархай болон дээр нь бүтээн тавьсан гурвалжин эсгий тавьжээ.
Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн
Монголын Үндэсний музейгээс цуглуулагч Б.Амарсанаатай хамтран өнө эртнээс уламжлагдсан төрийн их бэлгэдэл “Соёмбо” хэмээх үзэсгэлэнг нээлээ.
Монгол Улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлах, танин мэдүүлэх, уламжлуулах чиг үүргийн дагуу тус үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулгаас нийт 100 гаруй үзмэр эд өлөг дэлгэжээ.
Тухайлбал, үзэсгэлэнд 1000 бурхны тамга, Өндөр гэгээний шүтээн зураг, Өндөр гэгээний өлзийт зургаан үсэг, Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг зэргийг сонирхох боломжтой. Мөн Монголын Үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжилсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, Монгол Улсын хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол Улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэргийг дэлгэжээ.
Үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 30-ныг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарна.
“Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй сэдэвт” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд, сүм хийдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгийн хүрээнд дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлалтын олон улсын туршлага, сэргээн засварлах үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэргийг хэлэлцсэн юм.
Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, доктор М.Оюунтулга “Монголд дурсгалт уран барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт хийх боловсон хүчин дутмаг Учир нь соёлын биет өвийг сэргээхэд олон төрлийн судалгаа шинжилгээ хийх шаардлага тулгардаг. Гэвч судалгаа, сэргээлт хийх лаборатори, тоног төхөөрөмж зэрэг олон нөхцөл байдал дутмаг байгаа тул биет өвийг сэргээн засварлахад асуудал их гарч байна. Иймд олон улсын мэргэжлийн судлаачтай хамтарч хадгалалт, хамгаалалтын арга зүйг Монголд нутагшуулах, олон улсын стандартыг бий болгох зорилготой байна” гэлээ.
Чойжин ламын музейн захирал Д.Отгонсүрэн “Музей нь түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан, сурталчлах үндсэн үүрэгтэй. Чойжин ламын сүм музейн хувьд 1960-аад оноос одоо хүртэл бүрэн сэргээн засварлалт хийгдээгүй ирсэн. Харин ирэх жилд музейг бүтнээр нь сэргээн засварлах төсөв батлагдаж дахин сэргээх боломж олдож байгаад баяртай байна” гэлээ.
Японы тэрбумтан Юсакү Маэзава “Союз МС-20” хөлгөөр сансарт нислээ. Уг хөлгийг “Союз-2.1а” пуужингаар тойрог замд оруулсан байна. Пуужинг Москвагийн цагаар 10 цаг 38 минутад “Байконур” сансрын буудлаас хөөргөжээ.
“Союз” хөлөг Олон улсын сансрын станцтай /ОУСС/ Москвагийн цагаар 16 цаг 41 минутад залгагдах төлөвтэй байна. Юсакү Маэзава өөрийн туслах Ёзо Хирано, гурван хүний суудалтай “Союз” хөлгийг удирдах Оросын сансрын нисэгч Александр Мисуркин нарын хамт нисжээ. Өдгөө 44 настай Александр Мисуркин өмнө нь хоёр удаа тойрог замд ажиллаж байсан байна.
Маезава туслахын хамт ОУСС-д 12 хоногийг өнгөрүүлэхдээ баримтат кино бүтээж, “YouTube” сувгаар нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Маэзава, Хирано нар 12 жилийн дараа “Союз” хөлгөөр ОУСС руу ниссэн анхны сансрын жуулчид болжээ.
Өдгөө 46 настай Маэзава нь Японы бэлэн хувцасны хамгийн том онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч юм.
Мойлтын амны бифас
Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн
Дэлхийн бараг үндэстэн бүрийн үлгэр домогт бурхад биеийг нь сэргээж, насыг нь хязгааргүй уртасгадаг үхэшгүй мөнхийн ундаа хэрэглэдэг тухай дурдсан байдаг. Эртний Грекийн бурхад амбросиа, харин эртний Энэтхэгийнх амрита, Персийнх хаома хэмээх үхэшгүй мөнхийн ундаа уудаг хэмээн түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.
Тэгвэл сүүлийн үед анагаах ухааны эрдэмтэд хүнийг 100, тэр ч бүү хэл 120 нас хүртэл амьдруулах эмийн бэлдмэлүүдийг амжилттай туршсан тухайгаа мэдээлэх болов. Мөн Цахиурын хөндийн IT компаниудын тэрбумтан боссууд хүний хөгшрөлттэй тэмцэх зорилготой шинэ тулгар старт-ап компаниудад хөрөнгө оруулах нь цоо шинэ хандлага болж байна.
Жишээ нь, дэлхийн толгой баян, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч жефф Безос хүний эсийг дахин программчлан хөгшрөлтийн үйл явцыг удаашруулахыг зорьж буй “Altos Labs” компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тухай мэдээлэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр цацагдсан билээ. Дахин программчилал гэдэг нь боловсорч гүйцсэн эсийг үүдэл төлөвт нь буцаах үйл явц бөгөөд “Altos Labs”-ын эрдэмтэд үүний тусламжтайгаар хүний биеийн эсүүдийг залуужуулах боломжтой гэж үзэж байгаа аж.
Анх эрдэмтэн шинья Яманака эпигенетикийн дахин программчлалын аргаар өдөөгдсөн үүдэл эсийг гаргаж авчээ. Тэрээр дөрвөн уургийн тусламжтайгаар эсийг үр хөврөлийн ойролцоо төлөв байдалд буцааж болохыг илрүүлсэн аж. Хожим тэдгээр дөрвөн уургийг эрдэмтний нэрээр “яманакагийн хүчин зүйлс” гэж нэрлэжээ. Дараа нь түүний хулганууд дээр хийсэн дахин программчлалын туршилтаар эд эсийн нөхөн төлжилтийн шинж тэмдэг илэрчээ. шинья яманака энэ чиглэлээр хийсэн судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн юм.
“хүчин зүйлс”-ээр дамжуулан дахин программчилснаар донорын соматик эсүүд өдөөгдсөн үүдэл эс болдгийг ашиглан “Altos Labs” компани хүний эсийг орлон залуужуулах үүдэл эстэй төстэй шинэ эс гарган авах туршилтыг эхлүүлсэн юм байна. Одоогийн байдлаар “Altos Labs” дор хаяж 270 сая ам.долларын хөрөнгө босгож, эрдэмтдийнх нь жилийн орлого нэг сая гаруй ам.доллартай тэнцэх ажээ.
Тэгвэл “Google” компанийн үүсгэн байгуулагч ларри Пейж, Сергей Брин нар бүр 2013 онд хүний наслалтыг уртасгах, хөгшрөлтийг сааруулах судалгаа хийж, энэ чиглэлийн эм бэлдмэл боловсруулах “Calico” биотехнологийн компанийг санаачилжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа тэд “C4 Therapеutics” биотехнологийн компанитай хүний наслалтыг уртасгах эм зохион бүтээх таван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аж. “Calico” старт-ап компанид “Google” нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс гадна “Apple” компанийн удирдах зөвлөлийн тэргүүн Артур левинсон ч багагүй мөнгө нэмэрлэсэн гэнэ.
Тэгвэл АНУ-ын Харвардын их сургуулийн харьяа Эм зүйн сургуулийн эрдэмтэд орчин үеийн хүмүүс удахгүй дунджаар 100 жил амьдрах болно гэж итгэл төгс мэдэгдэн дуулиан тарьсан билээ.
Тэд хүний насыг бүхэл бүтэн 25 жилээр уртасгах чадвартай шинэ эмийн бэлдмэл гарган авч өт, ялаа, хулгана зэрэг дээр туршиж үзсэн нь амжилттай болсон юм.
“Резвератрол” хэмээх тэр эмний найрлагад нь улаан усан үзэмд байдаг бодис орсон юм байна. Дашрамд дурдахад, францууд орой бүр хундага улаан дарс уувал эрүүл байхаас гадна урт насалдаг гэж үздэг билээ. Энэхүү “anti aging wonder” буюу “хөшрөлтийн эсрэг гайхамшиг” нь зөвхөн нас уртасгаад зогсохгүй хүний зүрхний үйл ажиллагааг дэмжиж, зарим төрлийн хавдрын эсрэг үйлчилгээтэй ажээ.
Үүнээс гадна японы Токиогийн их сургуулийн Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Макото Наканишигийн удирдсан эрдэмтдийн баг хөгшрөлтийг зогсоож, хүний биеийг залуужуулах эм боловсруулсан юм.
Макото Наканишигийн хэлснээр, хөгшрөлт нь үрэвслийн явцыг үүсгэдэг эсүүд эрхтнүүдэд хуримтлагдсантай холбоотой үйл явц юм байна. Тэдгээрийн нэг нь хөгшрүүлэгч сенесцент эс ажээ. Сенесцент эсүүд аажимдаа хуваагдах чадвараа алдаж эрхтнүүдэд хуримтлагдсанаар хүн хөгширдөг гэнэ.
Макото Наканиши, “Сенесцент эсүүдийг арилгачихвал тэдгээрийн үүсгэдэг үрэвслийн явцыг зогсоож, ингэснээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг эрс багасгах боломжтой” хэмээн тайлбарлажээ. Эрдэмтэд судалгаа хийх явцдаа хөгшрүүлэгч эс амьдрахын тулд глутаминыг глутамины хүчил болгон хувиргадаг GLS1 фермент шаардлагатай байдгийг илрүүлжээ. Тэгээд энэ ферментийг дарангуйлбал хөгшрүүлэгч эсүүдийг устгах боломжтой гэдгийг тогтоосон аж.
Японы эрдэмтэд зохион бүтээсэн эмээ хулгана дээр туршихад хулганы бөөр, элэг, уушгины үйл ажиллагаа эрс сайжирч, бие нь бүхэлдээ сэргэжээ. Хөгшрөлтөөс үүдэлтэй өөрчлөлтүүдийн нэг нь булчингийн хүч сулрах явдал. Хэрэв залуу хулгана модны нарийхан мөчир дээр 200 секундын турш тогтдог бол хөгшин хулгана 30 секундын дараа л унадаг ажээ. Тэгвэл туршилтын үр дүнд хөгшин хулгана 100 секундын турш мөчир дээр зогсож чадсан байна.
Макото Наканиши, “Ганцхан эм насжилттай холбоотой олон төрлийн өвчнийг анагааж, хүнийг залуужуулах боломжтой нь тогтоогдож байна. Бид өөрсдөө ч туршилтын үр дүнг ихэд гайхан хүлээж авсан. Бидний зохион бүтээсэн эм клиникийн туршилтын эхний шатанд ороод байна. Хэрэв эм элдэв дайвар гаж нөлөөгүй гэдэг нь тогтоодвол тун удахгүй, таван жилийн дараагаас өндөр настнуудад хэрэглэгдэж эхэлнэ гэдэгт найдаж байна. Ер нь хүн хөгшрөлттэй холбоотой элдэв өвчинд баригдалгүй 120 нас хүртэл амьдрах бүрэн боломжтой болох цаг айсуй” гэжээ.
Ийнхүү хүний амьдралыг уртасгах эм бэлдмэлүүдийн туршилт эхнээсээ амжилттай болж, тэдгээрийг боловсруулж үйлдвэрлэх шинэ тулгар компаниудад хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдсэнээр эртний үлгэр домогт гагцхүү бурхадын хэрэглэдэг байсан гэх “Үхэшгүй мөнхийн ундаа” шиг эм бэлдмэл ердийн хэрэглээ болох цаг алхам алхмаар ойртсоор байгаа ажээ.
Үндэсний түүхийн музейд өнөөдөр “Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн түүхэн олдворууд нь Ноён уулын гурван аманд хийсэн судалгаа, малтлагын үр дүнд гаргаж авсан Хүннү гүрний үед холбогдох нэн ховор эд зүйлс юм.
Түүх сөхвөл, Монголд ажиллаж байсан анхны гадаад хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох “Монгол ор” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн уулын техникч А.Я.Баллод 1912 оны өвөл Ноён уулын Зурамтын аманд алтны судал хайх зорилгоор ухсан туршилтын цооногт эртний булш өртсөнөөр эдгээр олдвор нээгдэж байжээ.
Улмаар 1924 онд Зөвлөлт холбоот улсаас судлаач П.К.Козлов ирж, анх Ноён ууланд судалгаа хийсэн байна. Ингэхдээ Зурамт, Сүжигт, Хужирт гэсэн гурван аманд буй булшуудыг ч тоолжээ. Тухайн үед гурван аманд нийт 212 булшийг бүртгэсэн байдаг. Үүнээс хойш 100 орчим жил дахин судалгаа хийгдээгүй байсан бол 2021 онд ЮНЕСКО-гийн оролцооны хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн тооллогыг хийхэд гурван аманд 290 гаруй булш байгааг тогтоосон талаар судлаачид хэллээ. Эдгээрийн 80 орчим нь язгууртны булш юм байна.
Ноён уулын 20 дугаар булш нь язгууртных байх бөгөөд 18 метрийн гүнтэй буюу зургаан давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй, эд хэрэглэлийг оруулах, шороог гаргах зэрэг зориулалт бүхий үүдэвчтэй байжээ. 18 метрийн гүнд давхар модон бунхан байдаг, үүн дотор модон авс, хэрэглэж байсан хувцас, гоёл чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл бүх зүйлийг дагалдуулж тавьсан байна. Мөн дээд хэсэгт сүйх тэргийг нь дагалдуулж үлдээсэн байжээ. Тухайн үед язгууртан, ихэс дээдэс нь нөгөө ертөнцөд очоод эдлэл хэрэглэлүүдээ хэрэглэнэ гэж итгэдэг байсан аж.
Мөн язгууртны булшны дэргэд дагуул булш ч бий юм. Үүнд хамгийн ойрын шадар туслах, хамгаалагчийг дагуулж оршуулсан байх бөгөөд зарц, шивэгчнийг төлөөлүүлэн гэзгийг нь тасалж булшинд хийсэн байдаг тухай судлаач тайлбарласан юм.