Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын төхөөрөмж Ангарагийн хэвлийн бүтцийн талаарх анхны мэдээллээ дамжуулжээ || DNN.mn

Хятадын гараг судлаачид “Жужун” өөрөө явагч төхөөрөмжөөс Ангараг гаргийн гадаргуугийн доод давхаргын бүтцийн талаарх анхны мэдээллийг хүлээн авч, уг төхөөрөмжийн газардсан бүсийн хөрс, чулуудаас ус, химийн элэгдлийн ул мөр илрүүлжээ.

Эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Nature Geoscience” сэтгүүлд нийтэлсэн байна.

“Ангараг гаргийг судалсан эхний жар хоногт маш олон шинэ нээлтүүдийг хийсэн. Тухайлбал, “Жужун”-ы камераар авсан чулуу, чулуулгийн зураг нь тэдгээр нь салхи, усны нөлөөллөөр элэгдсэн болохыг харуулж байна. Эдгээрийг судалснаар Ангараг гаргийн геологи, усны түүхийг тайлахад тус дөхөм болно” гэж судлаачид бичжээ.

“Жужун” өөрөө явагч төхөөрөмж нь 2020 оны долоодугаар сард нарны аймгийн дөрөв дэх гараг руу илгээсэн Хятадын “Тянвэнь-1” судалгааны аппаратын гол хэсэг юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард уг төхөөрөмж Ангараг гаргийн тойрог замд хүрч, тавдугаар сард Утопийн тэгш газарт амжилттай газардсан билээ.

Өөрөө явагч төхөөрөмжийг газардсаны дараа болон эхний зургуудыг хүлээн авсны дараа Бээжин хот дахь БНХАУ-ын Үндэсний одон орон судлалын төвийн профессор Лю Жянжюн ахлагчтай судалгааны баг “Жужун” газардсаныхаа дараа байрлаж байсан тэгш газарт Ангарагийн хэвлийн бүтцийг судлахад хүчин чармайлтаа төвлөрүүлжээ.

Ангарагийн геологийн хувьсал

Ангараг дээр газардсанаас хойш эхний хоёр сарын хугацаанд Хятадын өөрөө явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн хөрсний дээд давхарга болон доод давхаргын бүтцийн талаар 800 гаруй мегабайт мэдээлэл, мөн шинжлэх ухааны зургаан багажаар цуглуулсан бусад мэдээллийг дэлхий рүү дамжуулсан байна. Лю Жянжюн болон түүний багийнхан эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийж, өнгөрсөн хугацаанд бараг судлагдаагүй Ангараг гаргийн хойд хагасын гадаргуугийн доод давхаргын зарим онцлог шинж чанарыг илрүүлжээ.

Тухайлбал, эрдэмтэд Утопийн тэгш газрын гадаргуу нь харьцангуй нягт хөрсөөр хучигдсан бөгөөд цөөн тооны том бул чулуу, элсэн манхан байдаг болохыг тогтоожээ. Энэ нь “Жужун”-ы гадаргуу дээгүүрх хөдөлгөөнийг хялбарчлахаас гадна, судалгаанд сонирхолтой байж болзошгүй хөрсний дээжийг хайх, шинжлэхэд хялбар байх гэнэ.

Үүнээс гадна, Хятадын өөрөө явагч төхөөрөмжийн камерууд, шинжлэх ухааны багажууд дэлхий дээр усны оролцоотой үүссэнтэй адил маш олон тооны жижиг чулуу, тунамал чулуулгуудыг бүртгэжээ. Эдгээрийн судалснаар эрдэмтдэд Ангараг гаргийн хойд хагаст геологи, химийн хувьсал хэрхэн явагдсан талаар анх удаа нарийвчлан судлах боломжтой болох аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ сарын 17-нд сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана || DNN.mn

Энэ сарын 17-нд сар нартай эсрэг тохиож, бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана.

Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын 00.56 цагт байна. Энэ үеэр сарыг ажиглахад тохиромжтой. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, сарны далай тэнгисүүдийг энгийн болон астрономийн дурангаар тод харж болохыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Мөн гуравдугаар сарын 20-нд хаврын тэнцлийн үе тохионо. Энэ нь Улаанбаатарын 23.33 цагт юм. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг аж. Энэ тэнцлийн өдөр нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.

Мөн өдөр Сугар гараг нарнаас хамгийн их 46.6 градусын өнцгөөр баруун холдож маш тодрох бөгөөд энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш нарнаас хамгийн их холдож харагдах аж. Нар мандахаас өмнө тэнгэрийн зүүн хаяанд хамгийн их өндөрт ажиглагдана.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Наймалжны өвөг дээдэс үлэг гүрвэлүүдээс өмнө амьдарч байсныг шинэ олдвор баталжээ || DNN.mn

зураг

АНУ-ын Монтана мужийн нутгаас археологичид 330 орчим сая жилийн өмнө амьдарч байсан наймалжны өвөг дээдэс болох амьтны үлдэгдлийг илрүүлжээ.

Ингэснээр уг амьтан өмнө төсөөлж байснаас олон сая жилийн өмнө бий болсныг судлаачид тогтоосон байна. Бүр үлэг гүрвэлүүдийг бий болохоос ч өмнө амьдарч байжээ.

Шинээр нээгдсэн 12 см урттай амьтан 10 мөчтэй, мөч бүр нь хоёр эгнээ сорогч хошуунуудтай байсан байна.

Орчин үеийн наймалж найман мөчтэй байдаг.

Олдворыг Монтанагийн Bear Gulch хэмээх газраас анх илрүүлж, 1988 онд Канадын Рояал Онтарио музейд шилжүүлж байжээ.

Өнгөрсөн хугацаанд наймалжны өвөг дээдсийн үлдэгдлийг хадгалсан шохой чулуу музейн архивт хадгалагдаж байв.

Эрдэмтэд энэ газраас олдсон эрт галавын аварга загас зэрэг бусад амьтдын үлдэгдлийг түрүүлж судалсан нь нээлт олон жил хойшлоход нөлөөлжээ.

Өмнө нь олдсон ийм төрлийн амьтны олдвор 240 сая жилийн настай байсан юм. Шинэ олдворт эрдэмтэд Syllipsimopodi bideni хэмээх АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены нэрийг оролцуулсан нэр өгчээ.

Энэхүү нэрийг шинжлэх ухаан, судалгааны ажилд их анхаарал тавьж буй Байдены засаг захиргаанд үзүүлсэн хүндэтгэл гэж эрдэмтэд тайлбарласан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ маргааш танилцуулна || DNN.mn

“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ III сард танилцуулна“Apple” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ 2022 оны гуравдугаар сарын наймны өдөр танилцуулахаар төлөвлөж байна.

Тус компани “iPhone”-ийн шинэ загвар болон “iPad”-ийн шинэчилсэн хувилбараа танилцуулахаар байгаа юм.

Шинэ загварын “iPhone” илүү хурдан процессортойгоос гадна 5G төхөөрөмж суурилуулсан гэдгээрээ онцлог байгаа аж. 2020 оны “iPhone SE” загвартай ойролцоо хэмжээтэй байх ба хэрэглэгчдэд илүү хямд үнэ санал болгох юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хойд Солонгос энэ оны 9 дэх пуужингаа харваж, туршив || DNN.mn

Хойд Солонгос улсаас өнөөдөр хойгийн зүүн эргийн тэнгис рүү баллистик пуужин харвасан талаар Сөүлийн Жанжин штабаас мэдээллээ. Ийнхүү 2022 он гарсаар Хойд Солонгосоос 9 дэх удаагаа пуужин харваж туршлаа.

Өмнөд Солонгосын армийн зүгээс Пёньян нэмж пуужин хөөргөж магадгүй хэмээн үзэж, нөхцөл байдлыг ажиглаж буйгаа мэдэгджээ. Пуужинг Пёньяны ойролцоох Сунан бүсээс хөөргөсөн гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шуурхай хуралдсан талаар Хөх ордноос мэдээлжээ.

Харин Японы эргийн хамгааллын албаныхан баллистик пуужин байж болзошгүй дайралтаас болгоомжлохыг хөлөг онгоцнуудад анхааруулж, тэнгист ямар нэгэн зүйл унавал явж очилгүй, шууд мэдээлэл өгөхийг сануулжээ.
Хойд Солонгос нь сүүлийн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориглосон баллистик пуужингийн туршилтыг олон хийж байгаа нь олон улсад түгшүүртэй нөхцөл байдал үүсгэж байна. Тус улс өнгөрсөн нэгдүгээр сард долоон удаа пуужин харваж туршсан юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль ирэх Лхагва гаригт болох бөгөөд үүнийг урьтаж Пёньяны зүгээс пуужингийн туршилтууд хийж байна гэж ажиглагчид үзэж байна. Мөн Ким Жон Ун дотоодын зорилго биелүүлж, олон улсын тавцанд улс төрийн хүч, нөлөөний тэмцэлд идэвхтэй буйгаа харуулах зорилгоор пуужингийн туршилтаа нэмэгдүүлсэн гэж харж байна.
Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

НАСА: Сугар гаригийг судлах дрон-шувуу бүтээж байна || DNN.mn

НАСА-ийн мэргэжилтнүүд шинэ дроны талаар танилцуулжээ. Энэ дрон нь шувуутай адилхан, далавч нь агаараар дүүрсэн байх бөгөөд энэ дрон нь Сугар гараг дээрх цаг агаарын нөхцөл, агаар мандлын үзэгдлийг судлах юм байна.

Дрон-шувууг Жавид Баяндорын багийнхан боловсруулж байгаа аж. BREEZE нэртэй энэ төслийн хүрээнд бүтээх дроны бүтэц нь бусад хувилбаруудаас өөр, эрчим хүчний өөр төрлүүдийг ашиглах боломжтой холимог төхөөрөмж байх гэнэ.

Одоо эрдэмтэд дроны гол зорилтуудыг боловсруулан, нислэгийн динамикийг тодорхойлж, агаар мандал дахь зүтгүүрийн боломжийг тооцоолж байгаа гэнэ. Дроныг НАСА-ийн NASA Innovative Advanced Concepts хөтөлбөрийн хүрээнд боловсруулж байгаа бөгөөд энэ хөтөлбөрт бусад гарагуудыг судлах 17 төсөл багтдаг юм байна. Төслийн нийт төсөв нь 5,1 сая доллар, энэ хөрөнгийг судалгааны багийнханд тэтгэлэг олгох замаар хуваарилдаг аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ландсат хиймэл дагуулын мэдээг ашиглан судалгаа хийжээ || DNN.mn

Зайнаас тандан судлах технологийг улам бүр хөгжүүлж орон зай, цаг хугацааны болон спектрийн нарийвчлалыг нь сайжруулсан хиймэл дагуул сансарт 2021 оны 1 сарын байдлаар 3372 байна. Эдгээрээс MODIS, Landsat, NOAA AVHRR, Sentinel зэрэг хиймэл дагуулуудыг судлаачид өргөн ашигладаг.

Зураг 1. Сансар дах хиймэл дагуулууд


Ландсат хиймэл дагуул гэж вэ?

1972 оны 7 сард “дэлхийн нөөц технологи”гэдэг нэртэйгээр анх хөөргөсөн, хожим нь Ландсат 1 болгож өөрчилсөн бөгөөд дэлхийн хамгийн анхны ажиглалтын хиймэл дагуул юм. Зураг 2-т Ландсат хиймэл дагуулын хөөргөсөн цаг хугацааны мөчлөгийг харуулж байна.

Зураг 2. Ландсат хиймэл дагуулын түүхэн хэлхээ


Одоогийн байдлаар хамгийн сүүлд хөөргөсөн хиймэл дагуул нь Ландсат 8 юм. Энэ хиймэл дагуул нь дэлхийн тойрог замыг 98.2 градусын налуугаар эргэлдэж, 98.9 минут тутамд нэг удаа тойрдог. Өдөрт ойролцоогоор 750 сцен зураглах бөгөөд нэг цэг дээр буцан ирж дахин зураглах хугацаа нь 16 хоног. Нийт 11 сувгийг өөртөө агуулдаг. Эдгээр сувагуудыг хооронд нь хослуулснаар гол, нуур, ургамал, хөрс, ой зэрэг ялгаатай экосистемүүдийг ялган харах боломжтой.


Зураг 3. Ландсат хиймэл дагуулын сувгуудын хослол

Судалгааны дүнгээс

2017 оноос эхлэн хэрэгжиж буй “Хар Ямаат БНГ-ын биологийн олон янз байдал” төслийн хүрээнд 2020 онд Ландсат 8 хиймэл дагуулын датаг ашиглан 2014-өөс 2019 оны хоорондох газрын бүрхэвчийн өөрчлөлтийн зураглалыг хийж гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүнд: хуурай хээрийн анги нь42.8%, уулын хээр 3.84%, гол 1.1%, нуга (1.6%), тариалангийн талбай & хадлангазар 0.7%-иар багасаж, доройтсон газар 40.01%, сөөгт уулын хээр 8.34%, нуур 0.1%, элс 1.51%-иар нэмэгдсэн байна.

Зураг 4. Газрын бүрхэвчийн өөрчлөлт (A)2014 он, (Б) 2019 он


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүннү архелогийн шинэ нээлтийн тусгай үзэсгэлэнгийн хугацаа сунгагдлаа || DNN.mn

Монголын Үндэсний музей/ National Museum of Mongolia Хүннү архелогийн шинэ нээлтийн тусгай үзэсгэлэнгийнхээ хугацааг тавдугаар сар хүртэл сунгажээ. Үзэсгэлэн мягмар – ням гаригийн хооронд 09:00-17:30 цагт тугсай тайлбартай хүрэх юм. Тасалбар нь 5000 төгрөг бөгөөд хүүхэд үнэгүй үзэх аж.

Та музейгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиарай.

Categories
булангууд гадаад мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Зөөврийн зенит-пуужингийн цогцолбор бүхий 200 “Stinger” нь ямар ид шидтэй вэ? || DNN.mn

Нидерландын Засгийн газар ОХУ-ын армийн онгоц, нисдэг тэрэгнүүдийг устгах зорилгоор Украинд АНУ-д үйлдвэрлэсэн 200 “Stinger” пуужин харвагч төхөөрөмжийг хандивлаж буйгаа өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн билээ. Энэхүү дайн эхлэхээс өмнө Украинд Литв, Латви улсаас л цөөн тооны “Stinger” нийлүүлсэн аж. Нидерландын Засгийн газраас мэдэгдэл хийсний дараа мөн ХБНГУ Украинд 500 “Stinger” пуужин харвагч төхөөрөмж илгээхээ зарласан юм. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц энэ тухай мэдэгдэхдээ “ОХУ Украин руу довтолсон нь дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын бүхий л дэг журамд заналхийлж байна. Иймд бид Украинд “Stinger” пуужин харвагч төхөөрөмж болон танк эсэргүүцэгч зэвсгийг хамгийн боломжит богино хугацаанд хүргэх болно” гэжээ. Польш, Эстониос ч “Stinger” зэрэг зэвсэглэл ачсан цуваа Украиныг зорьсон мэдээлэл түгэх болов.


“Stinger” пуужин харвагч төхөөрөмж гэгч нь яг юу юм бол оо. Үнэхээр тийм ид шидтэй зэвсэг үү?


Тэгвэл “Stinger” пуужин харвагч төхөөрөмж нь байлдааны онгоц, нисдэг тэргүүдийг үр дүнтэй устгадаг байна. “Stinger” нь ердөө ганц хүн ажиллуулж болдог зөөврийн зенит-пуужингийн төхөөрөмж ажээ. Тус төхөөрөмж нь дайсны онгоц, нисдэг тэргийг устгах зориулалттай, хэт улаан туяа бүхий байг тодорхойлогч оноо хараатай юм байна. 1.5 метрийн урттай, 16 килограмм жинтэй дуунаас хурдан, секундэд 750 метр зай туулдаг пуужинг харвана. Тэр пуужин нь 200 метрээс таван километрийн хүрээнд буй хөдөлгөөнт аливаа байг устгадаг гэнэ. Зенит-пуужингийн цогцолборын өөрийн жин нь 5.6 килограмм учир ганц байлдагч түвэггүй үүрээд явдаг аж.

АНУ-ын “General Dynamics” компани орчуулбал “хатгуур” утгатай тус төхөөрөмжийг анх 1979 онд 260 ширхэгийг үйлдвэрлэн улсынхаа зэвсэгт хүчинд нийлүүлжээ. Тэр цагаас хойш байнга шинэчлэгдэн боловсронгуй болж ирсэн “Stinger” олон ч дайн дажинд хэрэглэгдсэн юм байна.

Хамгийн анх тус төхөөрөмж Их Британи, Аргентины хооронд 1982 онд болсон Фолклендийн дайнд үр дүнтэйгээ харуулжээ. 1982 оны тавдугаар сарын 30-нд Кент уулын төлөөх тулалдаанд Их Британийн армийн “SAS” тусгай салаа “Stinger”-ээр Аргентины нисэх хүчний “Pucara” онгоц, “Puma” нисдэг тэргийг унагасан аж. Үүнээс хойш Анголын, Афганистаны, Каргилийн (Энэтхэг, Пакистаны хил дээрх зэвсэгт мөргөлдөөн), Югославын, Чеченийн дайнд ихээр хэрэглэжээ.

Анголын иргэний дайны үед УНИТА бүлэглэлийн босогчид “Stinger”-ийг 1982 оноос эхлэн Засгийн газрын арми дахь ЗХУ, Кубын цэргийн мэргэжилтнүүдийн эсрэг хэрэглэж, “Миг-23”, “ИЛ-76” онгоцуудыг унагаж байжээ. Афганистаны дайны үед АНУ ЗХУ-ын түрэмгийллийн эсрэг боссон можахедуудад 1986 оноос эхлэн нийтдээ дөрвөн мянга орчим “Sting­er” нийлүүлсэн тооцоо бий. Зөвхөн 1986 онд гэхэд тус төхөөрөмжийн ачаар ЗХУ-ын 23 байлдааны онгоц, нисдэг тэргийг унагажээ. Ийм ч учир ЗХУ-ын зэвсэгт хүчин тактикаа өөрчлөн “Ми-8” нисдэг тэргийг 6000 метрийн дээд өндөрт бус уул толгодын дунд нуугдан газраас ердөө 30-60 метрийн өндөрт нисгэхэд хүрсэн гэдэг. Можахедууд тус төхөөрөмжийн техникийн үзүүлэлтээс хавьгүй давсан хол зайнд буюу 9000 метрийн өндөрт ЗХУ-ын онгоцыг онож байж.

Пакистаны Тагнуулын төв газрын Афганистаныг хариуцсан хэлтсийн дарга Мохаммед Юсуф дурсахдаа, “Хэрэв можахедууд “Stinger”-ийг эртхэн шиг авсан бол дайнд бүр эрт ялах байлаа” гэж онцолсон нь бий. Ийм л зэвсгийн хавьгүй орчин үежиж сайжирсан хувилбарыг Европын орнууд өөр өөрсдийн боломж чинээгээрээ ОХУ-ын түрэмгийлэлд нэрвэгдсэн Украинд яаралтай нийлүүлж эхэлжээ. Ангол, Афганистанд ЗХУ-ын цэргийн онгоц, нисдэг тэргүүд “Stinger”-т өртөн унаж байсан бол өдгөө Украины тэнгэрт ОХУ-ын нисэх хүчний техник устаж эхлэх бололтой.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ || DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү баллистик бололтой пуужин харвалаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлэв.

Пуужин тэнгист унасан болохыг тэмдэглэсэн байна. Японы эргийн хамгаалалтын албаныхан тухайн бүсэд байгаа хөлөг онгоцуудад пуужингийн хэлтэрхийд ойртохгүй анхааруулжээ. Тус улсын Засгийн газрын дэргэд пуужин харвасан талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулсан байна.

Пуужин харвасан тухай мэдээллийг БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мөн нотолжээ.

Тус хорооноос мэдээлснээр, БНАСАУ-ын нийслэл Пёньян хотын Сунан дүүргээс өглөөний 07 цаг 52 минутад нэг пуужин харвасан байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн одоогоор пуужингийн тусгал, нислэгийн хурд, өндөрт дүн шинжилгээ хийж байгаа аж.

Харин Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгдэхдээ, пуужин 300 орчим км нисэж, Япон тэнгист унасан гэжээ.

“Өнөө өглөө Умард Солонгос Пёньяны дүүргээс Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан. Пуужин 300 орчим км ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 600 км байсан” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Пуужин харвасны улмаас усан онгоц болон нисэх онгоцуудад ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг Киши баталжээ.

Сайдын хэлснээр, Япон улс мөн пуужин харвасантай холбогдуулан “БНАСАУ-д дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн байна”.

“Kyodo” агентлагийн мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

Пёньян пуужин харвасантай холбогдуулан БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байнгын гишүүдийн яаралтай хуралдааныг зарлалаа гэж “Yonhap” агентлаг мэдээлэв.

Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Со Хун даргалж байгаа бөгөөд харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хуралд оролцоогүй байна. Хурал 09:00 цаг орчимд эхэлжээ.

БНАСАУ он гарснаас хойш найм дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм.