Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Аляскийн тэнгэрт нисдэг таваг шиг биет ажиглагджээ DNN

Аляскийн Лэйзи уулын ойролцоо /Lazy Mountain, Alaska/ өттэй төстэй хачин хэлбэрийн үүл ажиглагдсан байна.

Хэргийн газраас авсан гэрэл зургуудад Аляскийн мужийн цагдаагийнхан харь гаригийнхны нисдэг таваг, эсхүл Оросын цэргийн маш нууц зэвсэг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Тэд учрыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээллээ.

Мөн тэдгээр гэрэл зургууд интернэтээр нэлээдгүй маргаан үүсгээд байгаа аж. Интернет хэрэглэгчид үүнийг солир, нисдэг таваг, хиймэл дагуул, эсхүл Украины нөхцөл байдалтай холбоотой Оросын цэргийнхний зэвсэг ч байж магадгүй хэмээн өөрсдийнхөөрөө янз бүрийн таамаг дэвшүүлж эхэллээ.

Ямартай ч, Аляскийн цагдаагийн газрын мэдээлснээр онгоц алга болсон, осолдсон гэх мэдээлэл ирээгүй гэв.

Аврагчид нисдэг тэргээр Лэйзи уулыг бүтэн тойрч ажиглалт хийсэн ч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй, онгоц сүйрсэн шинж тэмдэг олж илрүүлээгүй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ХӨВСГӨЛ АЙМАГ: Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого 50 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Хөвсгөл аймгийн 3асаг даргын захирамжаар Түүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж тооллогын ажлыг өнгөрсөн оны 12 сараас эхлүүлжээ.

Тус аймгийн хувьд Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал 8, аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал31 бүртгэлтэй бөгөөд улсын тооллого өнөөдрийн байдлаар 12 суманд зохион байгуулагдаж 50 хувьтай үргэлжилж байна. Энэ удаагийн улсын тооллого Улс, аймгийн хамгаалалтад орших үл хөдлөх дурсгалыг тоолж2015 оны тооллогоосхойш шинээр илрүүлсэн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж байгаараа онцлог гэдгийг Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн Х.Баасансүрэн хэлж байлаа.


2015 оны тооллогоор Хөвсгөл аймагт 11081 ширхэг соёлын үл хөдлөх хөрөнгийн дурсгалтоологдож байжээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

SpaceX: Аялал жуулчлалын зориулалтаар сансрын станц байгуулна DNN.mn

1998 онд хөөргөсөн ОУ-ын сансрын станцын ашиглалтын хугацаа 2030 онд дуусах бөгөөд түүний халааг авах шинэ станцыг SpaceX-ийн охин компани болох Axiom Space байгуулахаар төлөвлөж байна.

Шинээр байгуулах станц нь судалгаа шинжилгээний ажилд ашиглагдахаас гадна сансрын аялал жуулчлалд зориулсан буудлын үүрэг давхар гүйцэтгэх юм.

Хувийн хөрөнгөөр бүтсэн анхны сансрын станц ашиглалтад орсноор шинэ төрлийн аялал жуулчлалын бизнес цэцэглэх хүлээлт бий. Тухайлбал, өнөөдөр хөөрсөн Crew Dragon сансрын хөлгөөр ОУ-ын сансрын станцыг зорих 10 хоногийн аяллын хөтөлбөрөөр жишээ татаж болно.

Crew Dragon хөлгийг өнөөдөр (2022.04.08) орон нутгийн цагаар бага үдийн 11.00 цагийн үед хөөргөсөн юм. © Bloomberg

SpaceX: Аялал жуулчлалын зориулалтаар сансрын станц байгуулна

Тус хөлгөөр нисэхийн тулд АНУ-ын иргэн Л.Коннор, Канадын иргэн М.Пати, Израилын иргэн Э.Штибе нар тус бүрдээ 55 сая ам.доллар Axiom Space компанид төлсөн бөгөөд ОУ-ын сансрын станцад байрлах хугацаанд лабораторийн туршилт гүйцэтгэх, арилжааны сурталчилгаа хийх, нэрт тогооч Х.Андресийн тусгай жороор бэлтгэсэн зоог барих зэрэг үйл ажиллагаа тэдний аяллын хөтөлбөрт багтжээ.

Л.Коннор, М.Пати, Э.Штибе нартай хамт НАСА-гийн туршлагатай ахмад нисгэгч М.Лопез-Алегриа аялах бөгөөд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараа Axiom Space-ийн бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.
Л.Коннор, М.Пати, Э.Штибе нартай хамт НАСА-гийн туршлагатай ахмад нисгэгч М.Лопез-Алегриа аялах бөгөөд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараа Axiom Space-ийн бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм.© Bloomberg

Энэхүү аялал зах зээлд өндөр эрэлттэй байгаа агаад дараагийн хоёр аяллын захиалга хэдийн дууссан байна.

Эх сурвалж: Bloomberg

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Солирын цохилтыг гэрчлэх үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд дэлгэлээ DNN.mn

Үлэг гүрвэл устах болсон талаар “66 сая жилийн өмнө дэлхийг аварга том солир ирж мөргөсний улмаас их тоос шороо, утаа май босч нарыг халхалснаас болсон” гэсэн таамгийг сонсоогүй хүн ховор биз ээ. Тэгвэл энэ таамагтай холбоотой маш сонирхолтой олдворыг эрдэмтэд олон нийтэд дэлгэхэд бэлэн болжээ.

Олдвор нь арьстайгаа хамт хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэлийн хөл хэсэг бөгөөд аварга том солир дэлхийг ирж мөргөсөн /үлэг гүрвэл мөхөж, хөхтөн амьтан ноёрхоход хүргэсэн/ тэр өдөр үрэгдсэн гэж эрдэмтэд танилцуулж байгаа юм. Энэ гайхамшигтай олдвор АНУ-ын Хойд Дакотагийн Танис орчмоос олджээ. Олдворыг олон нийтэд танилцуулахын тулд гурван жилийн турш бэлдсэн бөгөөд ВВС агентлаг энэ бүх хугацааны турш баримтат кино бэлтгэснээ энэ сарын 15-нд олон нийтэд цацах юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

АНУ: 10 ширхэг танк сөнөөгч дрон Украинд нийлүүлнэ DNN.mn

зураг

Пентагон Switchblade дроныхоо хамгийн сүүлийн үеийн хувилбараас 10 ширхгийг Украинд нийлүүлэхээр болсныг АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.

Өмнө нь Пентагон үүнээс бага хүчин чадалтай, хуучин загварын дрон нийлүүлэхээр төлөвлөж байсан юм.

Switchblade-600 шинэ загвар нь 23 кг жинтэй, 39 км зам туулах чадвартай, хуяг нэвтлэгч хошуу нь 40 минутын турш тэнүүчилсний эцэст байндаа тусдаг юм байна.

Дроныг Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг Simi Valley компанид зохион бүтээжээ.

Оператор дроны нислэгийг таблет төхөөрөмж дээр хуруугаараа удирдахаас гадна цохилтын чиглэлийг нь бас удирдаж болдог гэнэ.

Гуравдугаар сарын 16-нд Пентагон Switchblade-300 хувилбарын 100 ширхэг дроныг Украинд тусламжаар нийлүүлэх шийдвэрийг зарлаж байсан юм.

Энэ нь цэргүүд болон хөнгөн автомашинд цохилт өгөх зориулалттай байжээ. Уг хуучин загвар нь 2.5 кг жинтэй, 10 км нисэх чадвартай, пуужин нь байндаа хүрэхээс өмнө 15 минут тэнүүчлэх чадвартай байсан юм.

Гэвч Бүгд Найрамдах намын конгрессын хэсэг гишүүд гуравдугаар сарын 24-нд Пентагонд илгээсэн захидалдаа танкийн хуяг нэвтлэх чадвартай дрон Украинд нийлүүлэхийг шаардаж байсан нь ийнхүү хэрэгжихээр болжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Германы агаарын тээврийн компани шинэ онгоцны загвараа танилцууллаа DNN.mn

Германы агаарын тээврийн компани онгоцны шинэ загвараа танилцууллаа

Ихэнх нисэх онгоц гадна талаасаа ижил харагддаг. Цулгуй цагаан дэвсгэр дээрх том үсэг, компанийн лого зэрэг нь онгоцны нийтлэг өнгө.

Тэднээс улаан сүүлт “Qantas’ Boeing 787-9 Dreamliner” болон нисдэг яст мэлхий “Nippon Airways’ “Flying Honu” A380″ онгоцнууд бусдаасаа ялгардаг.

Тэгвэл Германы агаарын тээврийн “Condor” компани чихэр, аяллын сандал, шүхрээс санаа авсан шинэ, өнгөлөг загвараа танилцууллаа.

Онгоцнууд нь алтан шаргал, улаан, цэнхэр, ногоон болон шар алаг өнгөөр гоёх бөгөөд компанийн шинэ бэлэг тэмдэг болгохоор зорьж байгаа аж.

Онгоцны багийн хувцас, үйлчлүүлэгчид өгөх нэг удаагийн хэрэгслүүд болон цахим хаягууд нь шинэ хэв маягаар гялалзана гэж компанийн гүйцэтгэх захирал Ральф Текентруп хэллээ.

Шинэ загвартай эхний онгоц, шар алаг өнгөтэй A321 онгоц Германы Франкфурт хотоос Испанийн Канарын арлууд руу нисжээ.

Компани 50 гаруй онгоцтой бөгөөд 2024 он гэхэд бүх онгоцоо будаж дуусахаар төлөвлөж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гаригаас ирсэн анхны аудио бичлэгийг судалжээ DNN.mn

Ангараг гаригаас анх удаа ирсэн аудио бичлэгийг судалсан эрдэмтэд тус гараг дээр дуу чимээ өөр өөр хурдтай тархдагийг тогтоожээ.

NASA-гийн Perseverance станц өнгөрсөн оны хоёрдугаар сард Ангараг гараг дээр буусан юм. Тэр үеэс хойш станц өөрийн хоёр микрофоныг ажиллуулж, ойр орчмын дуу чимээг бичиж эхэлжээ.

Эрдэмтэд үүнээс эхний таван цагийн бичлэгийг нь судалсан тайлангаа Баасан гарагт Nature сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Ингэхдээ тэд Perseverance хөлөгтэй хамт Ангарагт очсон Ingeuinity дроны хөдөлгүүрийн чимээ, Ангарагийн чулуулгийн бүтцийг судлахын тулд зүсэлт хийж буй лазерын багажийн чимээг судалжээ.

Эхний ээлжид Ангарагийн агаар мандалд дуу чимээ дэлхийтэй харьцуулахад удаан тархдагийг баталсан байна.

Тухайлбал дэлхий дээр дууны хурд секундэд 340 метр байдаг бол Ангараг дээр секундэд 240 метр байжээ.

Энэ нь Ангарагийн агаар мандлын бүтэцтэй холбоотой гэнэ. Ангарагийн агаар мандлын 95 хувийг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бол энэ нь дэлхийн агаар мандлын 0.04 хувь байдаг.

Өөрөөр хэлбэл Ангарагийн агаарын нягтрал нь дэлхийнхээс 100 дахин бага юм байна. Энэ нь дуу чимээг 20 децибелиэр сулруулдаг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Гэхдээ энэ бол эрдэмтдийн урьдчилан таамаглаж байсан үр дүн юм байна.

Харин огт төсөөлж байгаагүй цоо шинэ нээлт нь дуу чимээний ялгаатай хурдтай тархалт байжээ.

Тухайлбал лазер багажийн чимээ дроны хөдөлгүүрийн чимээнээс 10 метрээр илүү хурдан буюу секундэд 250 метрийн хурдтай бичигдсэн байна.

“Би бага зэрэг цочирдсон. Дэлхий дээр бүх дуу чимээ ижил хурдтай тархдаг шигээ төсөөлөөд хэмжилтэд алдаа гарсан байх гэж бодож байлаа” гэж судалгааг ахалсан эрдэмтэн Силвестр Маурис ярьжээ.

Өөрөөр хэлбэл чанга дуу чимээ Ангараг гараг дээр хурдтай, сул чимээ удаан тархдаг нь эндээс анх удаа харагдсан байна.

“Дэлхий дээр найрал хөгжмийн тоглолтыг бид зэмсгүүдийн чанга, сул дуугарахаас үл хамааран зэрэг сонсдог. Тэгвэл Ангараг дээр тайзнаас жаахан хол суусан тохиолдолд зэмсгүүдийн чимээ хугацааны нэлээд хоцрогдолтой сонсогдох юм байна” гэж Маурис ярьжээ.

Тоног төхөөрөмжүүдийн гаргасан чимээнээс бусдаар бол Ангараг дээр салхинаас өөр байгалийн гаралтай дуу чимээ бараг сонсогдоогүй байна.

Эрдэмтэд өмнө нь 1999, 2008 онуудад Ангарагийн дуу чимээг бичихийг оролдож байсан ч аль аль нь амжилтгүй болж байжээ.

Эх сурвалж: AFP

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ЗӨВЛӨГӨӨ: Өдөрт 10.000 алхахад танд ямар өөрчлөлт гарах вэ? DNN.mn

Өдөрт 10,000 алхахад танд ямар өөрчлөлт гарах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээлэл хүргэж байна.

Дээрх тоотой тэнцэхүйц өдөр бүр алхахад 2.8-3 км замыг туулж, 30 минут зарцуулна. Түүнчлэн 1,465 грамм өөх хайлуулж, 150 ккал илчлэг шатаана.

Мөн амьдрах хугацаагаа 840 секундээр уртасгах боломжтой аж. Эрүүл, ухаантай, гоо сайхан, хүчтэй, урт наслахыг хүсвэл өдөрт 10,000 алхахыг НЭМҮТ-өөс уриаллаа.

Алхах нь хүний эрүүл мэндэд үзүүлэх олон ач холбогдолтой, гайхамшигтай зүйл. Эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээнээс үүдэн хүмүүсийг ууланд алхахыг их зөвлөдөг болсон. Гүйх нь зүрхний өндөр ачаалал шаарддаг.

Бэлтгэл хийж байгаа тамирчид эсвэл тогтмол гүйгээд дадчихсан хүмүүст гүйх тохиромжтой. Харин бусад хүн алхах хэрэгтэй. Алхахдаа бага зэргийн ачаалал өгч алхах нь зөв. Энэ нь зүрхний хэмнэлд маш сайн. Алхсанаар хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг чихрийн шижин, нурууны суултаас сэргийлэх боломжтой талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Вьетнамын компани АНУ дахь үйлдвэрийнхээ шавыг тавилаа || DNN.mn

Төслийн нээлтийн үеэр VinFast компанийн дэд ерөнхийлөгч, хатагтай Ли Ти Ту Туй, Умард Каролина мужийн захирагч Рой Күүпер нар

Вьетнамын VinFast компани АНУ-д байгуулах цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрийнхээ шавийг өчигдөр Умард Каролина мужийн нутагт тавьжээ.

Тус компанийн үйлдвэр мужийн төв Ралей хотоос баруун өмнө зүгт Чатэм дүүргийн нутагт байгуулагдахаар болсон байна.

Үйлдвэр 2024 онд нээгдэж, 2027 он гэхэд 7,500 ажилчинтай болохоор төлөвлөснийг АНУ-ын худалдааны яам мэдээлжээ.

Ажилчдынх нь дундаж цалин жилийн $51,000 байх гэнэ.

“VinFast-ийн хувьсгал хийх төсөл манай мужид олон ажлын байр бий болгохоос гадна цахилгаан автомашины тоог нэмэгдүүлж, хүлэмжийн хийг бууруулах ач холбогдолтой юм” гэж Умард Каролина мужийн захирагч Рой Күүпер мэдэгджээ.

Үйлдвэрийг 800 гектар талбайд $4 тэрбумын хөрөнгө оруулалтаар байгуулах юм байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 150,000 автомашин үйлдвэрлэх юм.

Хэрвээ VinFast ажлын байр, хөрөнгө оруулалтынхаа зорилтыг биелүүлбэл Умард Каролина муж 32 жилийн хугацаанд $316 саяын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон байна.

АНУ-ын худалдааны яамны мэдээлснээр VinFast үйлдвэр байгуулах газраа тус улсын 12 мужийн нутгаас хайж, судалсны эцэст Умард Каролинаг сонгосон гэнэ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Умард Каролина муж хэд хэдэн том компанийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан амжилттай байна.

Тухайлбал Apple компани зүүн эргийн анхны судалгааны төвөө тус мужид байгуулах шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зарласан юм.

Уг төв нь ирэх арван жилийн хугацаанд 3,000 ажлын байр бий болгох юм байна.

Тоёота компани батарейн шинэ үйлдвэрээ Умард Каролинагийн Гринсборогийн ойролцоо байгуулах шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард зарлаж байв. Уг үйлдвэрт $1.3 тэрбумын хөрөнгө оруулж, 1,750 ажлын байр бий болгох юм.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Хүний цуснаас бичил хуванцар илрүүлжээ || DNN.mn

Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Амстердамын Чөлөөт их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ. Судалгаанд оролцогчдын биоматериалын дээжид мл тутамд 1.6 микрограмм буюу маш бага хэмжээтэй хуванцар байгаа нь тогтоогдсон байна.

Цусны дээжүүдийн тал хувиас нь ундааны саванд түгээмэл хэрэглэдэг “PET” хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний савлагаа хийхэд ашигладаг полистирол, дөрөвний нэгээс нь гялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ.

Эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан мэдэхгүй байна. Гэвч бичил хуванцар нь хүний эд эсэд гэмтэл учруулдаг нь лабораторийн нөхцөлд нотлогдож, агаарын бохирдлын тоосонцор бие махбодод нэвтэрч, жил бүр олон сая хүн эрт нас бардаг нь хэдийнээ тогтоогдсонд мэргэжилтнүүд санаа зовж байна. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоожээ.

Саяхан хийсэн судалгаагаар бичил хуванцрууд нь цусны улаан эсийн гаднах мембрантай наалдаж, хүчилтөрөгчийг тээвэрлэх чадварыг хязгаарладаг болохыг тогтоосон байна. Бичил хуванцар мөн жирэмсэн эмэгтэй ихсээс илэрсэн билээ.Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Амстердамын Чөлөөт их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ. Судалгаанд оролцогчдын биоматериалын дээжид мл тутамд 1.6 микрограмм буюу маш бага хэмжээтэй хуванцар байгаа нь тогтоогдсон байна.

Цусны дээжүүдийн тал хувиас нь ундааны саванд түгээмэл хэрэглэдэг “PET” хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний савлагаа хийхэд ашигладаг полистирол, дөрөвний нэгээс нь гялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ.

Эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан мэдэхгүй байна. Гэвч бичил хуванцар нь хүний эд эсэд гэмтэл учруулдаг нь лабораторийн нөхцөлд нотлогдож, агаарын бохирдлын тоосонцор бие махбодод нэвтэрч, жил бүр олон сая хүн эрт нас бардаг нь хэдийнээ тогтоогдсонд мэргэжилтнүүд санаа зовж байна. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоожээ.

Саяхан хийсэн судалгаагаар бичил хуванцрууд нь цусны улаан эсийн гаднах мембрантай наалдаж, хүчилтөрөгчийг тээвэрлэх чадварыг хязгаарладаг болохыг тогтоосон байна. Бичил хуванцар мөн жирэмсэн эмэгтэй ихсээс илэрсэн билээ.