Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт энэ сарын 4,5-ны өдрүүдэд болно DNN.mn

Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан “Монголын геологи, хайгуул 2022” XII дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн 5 дугаар сарын 4-5 өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдах гэж байна.

Чуулга уулзалтаар Геологийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага, Ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлууд, Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Тавантолгойн ордын геологийн судалгааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавигдах ба Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг явагдана.

Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин бага байна. 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурчээ.

Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх, улс орны эдийн засагт нөлөөлөхүйц томоохон орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм.

Мөн холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад холбогдох анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна.

“Монголын геологи, хайгуул 2022” нь төр засгаас геологи, хайгуулын салбарт баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилтийг хангахад салбарын оролцоог нэмэгдүүлэх, геологи, хайгуулын салбарын тулгамдсан асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх боломжийг олгодог олон талын ач холбогдолтой, өргөн хүрээтэй арга хэмжээ юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Вьетнам улс дэлхийн хамгийн урт шилэн гүүрийг нээлээ DNN.mn

зураг

Вьетнам улсын умард бүсийн уулархаг нутагт өчигдөр дэлхийн хамгийн урт явган хүний шилэн гүүр нээгджээ.

Вьетнамын дайн дууссаны 47 жилийн ойтой давхцаж нээгдсэн гүүрийг Бак Лон буюу “Цагаан Луут гүүр” гэж нэрлэсэн байна.

150 метрийн өндөрт хоёр уулыг холбосон гүүрний урт 632 метр, шал нь 40 мм-ийн зузаантай гурван давхар шилэн давхаргатай ажээ.

Гүүрийг байгуулсан 26 Мок Чау Туризм компанийн төлөөлөгч шинэ дээд амжилтаа Гиннессийн номд бүртгүүлэхээр хандаад байгаагаа мэдэгдсэн байна.

Аюулгүй байдлыг нь туршиж баталгаажуулсан гүүр нэг дор 500 хүнийг зорчуулах даацтайг тус компани мэдээлсэн юм.

Вьетнамд байгуулагдсан гүүр Гиннессийн номд бүртгэгдвэл Хятадын Гуаньдун муж дахь 526 метр урт Чиньюаны гүүрний дээд амжилтыг эвдэх гэнэ.

Гүүр байгуулагдсан Мок Чау муж нь нийслэл Ханой хотоос баруун зүгт 200 орчим километр зайтай оршдог, аялал жуулчлалын алдартай бүс нутаг юм.зураг

зураг

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно DNN.mn

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд эрчүүд уух зориулалттай жирэмслэлтээс хамгаалах эм зохион бүтээжээ. Тэд энэхүү эмээ хулгана дээр туршсан бөгөөд долдугаар сараас эхлэн эмнэлзүйн туршилтад оруулах боломжтой гэж мэдээлсэн байна. Эмийн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас авах аж. Одоогийн байдлаар туршилтад оролцогчдын тоо болон нас тодорхой болоогүй байна.

“YCT529” гэсэн анагаахын нэршилтэй дааврын бус эм нь хулгана дээр хийсэн туршилтын явцад жирэмслэлтээс 99 хувь хамгаалжээ. Энэ нь жин нэмэх гэх мэт гаж нөлөөгүй байсан бөгөөд эмийг зогсоосноос 4-6 долоо хоногийн дараа хулганууд буцаад эр эс боловсруулах боломжтой болсон аж.

Миннеаполис хотын нэгэн сургуулийн доктор “Мэдээжийн хэрэг хүн биш, хулгана дээр туршсан учир үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ үр дүн нь маш ирээдүйтэй харагдаж байна” гэж хэлжээ.

Эрдэмтэд 1950-иад оноос хойш эрчүүдэд зориулсан жирэмслэлтийн эсрэг эм бэлдмэл зохион бүтээхээр оролдож буй. Ийм төрлийн эмүүд эр бэлгийн эс үйлдвэрлэхэд саад болох үүрэгтэй байдаг. Ингэснээр жин нэмэх, сэтгэл гутрах, холестериний хэмжээ нэмэгдэх зэрэг сөрөг талтай юм байна.

“YCT529”-ийг зохиосон эмч нар эдгээр гаж нөлөөнөөс зайлсхийхийн тулд дааврын бус эм зохион бүтээсэн гэжээ. Тус шинэ эм нь эсийн хөгжил, тэр дундаа эр бэлгийн эс үүсэхэд үүрэг оролцоотой уургийг дарангуйлдаг байна.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нартай хамгийн ойрхон одой одноос радио дохио илрүүллээ DNN.mn

Олон улсын одон орон судлаач эрдэмтдийн баг нартай хамгийн ойр орших SCR 1746-3214 нэртэй одой одноос радио долгион илрүүлжээ. Эрдэмтэд судалгааныхаа үр дүнг “arXiv” шинжлэх ухааны нийтлэлийн нээлттэй санд нийтэлсэн байна.

Нээлтийг тун санамсаргүй байдлаар хийжээ. Тодруулбал, Өмнөд Африк дахь MeerKAT радио дурангаар авсан хар нүхний H1743-322 зурагт дүн шинжилгээ хийх үедээ олж мэдсэн байна. Зураг дээр MKT J174641.0-321404 гэж тодорхойлогдсон гэрлийг өөрчилдөг радио ялгаралтын эх үүсвэр гараад өнгөрсөн бөгөөд нарийвчлан судлах явцад эх үүсвэр нь дэлхийгээс 39 гэрлийн жилийн зайд орших SCR 1746-3214 одой одтой холбоотой болох нь тогтоогджээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Баадайн амны буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Байрамын давааны аманд оршино. 1989 онд Д.Цэвээндорж, Б.Энхбат нарын судлаачид Увс аймгийн археологийн дурсгалуудын карт зохиох ажлын хүрээнд анх илрүүлэн судалсан байна. Уг газарт 55 метрийн голчтой дугуй хүрээтэй, голдоо 17 метрийн голч бүхий 1 метр орчим өндөр дараастай, голын дарааснаас хүрээ чулуу хүртэл олон тооны цацраг хэлбэрийн байгууламжийг шигтгэн үйлдсэн томоохон хиргисүүр бий. Уг хиргисүүрийн зүүн талд босоо байдалтай орших дөрөв, унасан нэг буган хөшөө бий. Буган хөшөөдийн 3 ба 4-р нь харьцангуй сайн хадгалагдсан үлдсэн ба Саян-Алтайн төрөлд хамаарах хөшөөд юм.

May be an image of nature and monument

Энэхүү дурсгал нь Монгол орны баруун бүс нутагт орших хожуу хүрлийн үеийн томоохон оршуулга, тахил тайлгын цогцолборын тоонд зүй ёсоор тооцогдоно.

May be an image of outdoors

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Стэнфордын судлаачид нарны хавтанг шөнийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг болгожээ DNN.mn

зураг

Нарны гэрлийн хавтангууд зөвхөн өдрийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг.

Тэгвэл АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид одоо ашиглагдаж буй нарны хавтангуудыг шөнийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг болгох аргыг нээжээ.

Ингэхдээ тэд “radiative cooling” буюу цацрагаар хөргөх үзэгдлийг ашигласан байна.

“Бид нарыг сэргээгдэх эрчим хүчний чухал эх үүсвэр гэж үздэг. Тэгвэл сансрын хүйтэн орон зай бас сэргээгдэх эрчим хүчний маш чухал эх үүсвэр юм” гэж уг төслийн ахлагч Шанхуй Фан ярьжээ.

Одоо ашиглагдаж буй нарны хавтангуудад нэмэлт өөрчлөлт хийсний дараа шөнийн цагаар бага хэмжээтэй эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг тэд туршилтаар баталсан байна.

Шөнийн цагаар тэнгэр рүү харсан биетүүд дулаанаа сансрын уудам руу цацаргаж алддаг. Энэ үед тухайн биетийн температур хүрээлэн байгаа орчныхоо температураас бага болдог байна. Энэхүү температурын зөрүүг ашиглаж цахилгаан гүйдэл гаргах аргыг Стэндфордын судлаачид нээжээ.

Хэдийгээр ингэж үйлдвэрлэсэн эрчим хүч нь өдрийн цагаар үйлдвэрлэсэнтэй харьцуулахад өчүүхэн бага ч зарим жижиг хэрэгцээг хангахуйц юм байна.

Тухайлбал гэрэлтүүлэх, жижиг оврын төхөөрөмжүүдийг цэнэглэх, төрөл бүрийн мэдрэгчүүд, хяналтын төхөөрөмжүүдийг ажиллуулах зэрэгт хангалттай юм.

Одоогийн боломж нь нэгж метр квадрат талбайгаас 50 милливат эрчим хүч гаргана. Өдрийн цагаар ижил талбайгаас үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээ 200 ватт орчим байдаг. Нэг ватт нь мянган милливаттай тэнцэнэ.

Фаны хэлж буйгаар уг технологийг сайжруулснаар гарцыг нь нэмэгдүүлэх боломж бий гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японы судлаачид цахим савх зохион бүтээжээ DNN.mn

Японы судлаачид давсны хэрэглээг бууруулах зорилгоор цахим савх зохион бүтээснээ танилцуулжээ.

Савхыг Мэйжи Их сургуулийн профессор Хомэй Мияашита, шингэн хүнс үйлдвэрлэгч Кирин Холдингс компани хамтран бүтээсэн байна.

Хүний бугуйд зүүсэн мини компьютер нь савхтай холбогдож, цахилгаан гүйдлээр зохиомол шорвог амтыг гаргадаг ажээ.

Өөрөөр хэлбэл ийм савхаар хоол идэхэд илүү давсархаг амт мэдрэгдэх юм.

“Үр дүнд нь хоолны давс 1.5 дахин нэмэгдсэн мэт мэдрэмж төрүүлнэ” гэж Мияашита профессор тайлбарлаж байна.

Япон үндэсний хоолонд давс ихээр хэрэглэдэг. Насанд хүрсэн дундаж япон хүн өдөрт 10 грамм давс хүнсэндээ хэрэглэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их юм.

Давсыг хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралтыг өсгөж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг.

“Өвчин эмгэгээс салахын тулд бид давсны хэрэглээгээ багасгах ёстой. Хэрвээ уламжлалт аргаар давсыг багасгавал бид дуртай хоол хүнснээсээ татгалзах, амт муутай хоол зооглох хэрэгтэй болно” гэж Кирин компанийн судлаач Ай Сато ярьжээ.

Мияашита профессор, Кирин компанийн хамтарсан баг савхныхаа туршилтын загварыг улам сайжруулаад ирэх онд зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Израил улс пуужингийн довтолгооноос хамгаалах лазерын шинэ системээ амжилттай туршжээ DNN.mn

Израил улс пуужингийн довтолгооноос хамгаалах лазерын шинэ системээ амжилттай туршсаныг өчигдөр зарлажээ.

Туршилтын үеэр шинэ систем нь төрөл бүрийн пуужин, миномёт, танк эсэргүүцэгчийн довтолгоог таслан зогсоож чадсан тухай тус улсын батлан хамгаалахын сайд Бэнни Ганц мэдэгдсэн байна.

Ирэх арван жилийн хугацаанд Израил улс ийм системийг хилийнхээ зурвасыг тойруулан байрлуулах гэнэ.

Туршилтыг өнгөрсөн сард Негевийн цөлд зохион байгуулсан байна.

Энэ оны хоёрдугаар сард Израилын ерөнхий сайд Нафтали Беннет тус улс нэг жилийн дотор пуужингийн довтолгооноос хамгаалах цоо шинэ систем ашиглаж эхлэх тухай мэдэгдсэн нь өөрийн бүс нутгийн гол дайсан Иранд анхааруулсан хэрэг байв.

Лазерын шинэ системээ Бэнни Ганц “өртөг хямд, үр дүнтэй, шинэлэг хамгаалалтын шүхэр” гэж тодорхойлсон байна.

Израил улс сүүлийн жилүүдэд алсын тусгалын пуужингаас эхлээд хэдхэн километрийн зайнаас харвасан пуужинг хүртэл устгах чадвартай хэд хэдэн төрлийн хамгаалалтын систем хөгжүүлээд байгаа.

Тус улс танкуудаа хүртэл пуужингийн хамгаалалтын системээр тоноглож чадсан юм.

Одоогоос бараг нэг жилийн өмнө Газын зурвас дахь Хамас зэвсэгт бүлэглэлтэй Израил улс 11 өдөр дайтахад Хамасын талаас 4,000 гаруй пуужин харваж байжээ.

Израил улсын одоо ашигладаг Iron Dome (Төмөр бөмбөлөг) хамгаалалтын систем нь 90 хувийн үр дүнтэй агаарын цохилтоос хамгаалж чаддаг. Гэхдээ уг систем нь маш өндөр өртөгтэй юм.

Лазерын шинэ системийн гол давуу тал нь хямд өртөг тул олон тоогоор олон байрлалд зэрэг ашиглах боломжтой ажээ.

Эх сурвалж: Associated Press

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хоёр хүний суудалтай цахилгаанаар нисдэг автомашин нээлтээ хийнэ DNN.mn


Нисдэг машин үйлдвэрлэгч Японы “SkyDrive” компани “Suzuki” компанитай хамтран цахилгаанаар нисдэг машин бүтээж байна. Машиныг 2025 онд Осакагийн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бүтээж дууссан байхаар төлөвлөжээ.

Нисдэг машин найман хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай, тунгалаг бүхээгтэй, хагас тонн жинтэй ачааг 500 метрийн өндөрт өргөж, хамгийн дээд тал нь 100 км цагийн хурдтай нисэх боломжтой аж. Мөн газарт буугаад цагт 60 км/цаг хурдлах боломжтой бөгөөд гурван дугуйтай цахилгаан машин болж хувирдаг онцлогтой.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Ёлын хэцийн хадны оршуулгаас олдсон хос гутал DNN.mn


Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумдын зааг “Ёлын Хэцийн эх” хэмээх газарт нэгэн хөндөгдөж тоногдсон хадны оршуулгыг 2019 онд малтан судалжээ. Малтлага судалгааны үр дүнд харьцангуй сайн хадгалагдсан дундад зууны үеийн оршуулгыг илрүүлэн судалсан бөгөөд сонирхолтой хэд хэдэн олдвор хэрэглэгдэхүүн илэрч олдсоны нэг нь хос арьсан гутал юм.
Энэхүү гутал нь шарилд өмсгөөтэй чигээрээ үлдэж хоцорсон байх бөгөөд хүрэн шаргал өнгийн ширээр хийж олон хэсэг залган оёжээ. Нарийн шөвгөрдүү хоншоортой, түрийгээрээ хэлхгэр өргөн загвартай ажээ. Гутал түрий, зулаг, хоншоор, ул зэрэг үдсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд нийт 13 хэсгийг залган оёж хийсэн байна. Ёлын хэцийн хадны оршуулгаас илэрсэн уг гутал Цагаан ханан, Шүүтийн хадны оршуулгаас илэрсэн гуталтай хэлбэр, хийцийн хувьд тун ойролцоо байгаа юм. Эдгээр дурсгалын он цагийг судлаачид XIII-XIV зууны үед холбогдуулан үзсэн байна.
Эх сурвалж: Ц.Цэлхагарав, Я.Бемманн, Ц.Төрбат Ёлын хэцийн хадны оршуулга. //Studia Archaeologica. Tomus XXXIX, Fasc. 17. Улаанбаатар, 2020.