Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Их Британи хүний эрхтэнг амьтны биед ургуулах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна

Хүний биеийн эд эрхтэнг гахайны биенд ургуулах зорилготой “хагас хүн, хагас гахай” гэх нэртэй төслийг эхлүүлсэн талаар олон улсын ВВС агентлаг мэдээлж байна. Тодруулбал, хүний цөөн хэдэн эсийг гахайн биед буюу үр хөврөлийн эсэд нь суулгаж жирэмслэлтээр дамжуулан зулзагад нь эд эрхтэнг шинээр бүрдүүлэх туршилт аж.

Гахайн ген нь ДНХ-г автоматаар устгадаг онцлогтой тул зөвхөн хүний эд эрхтэн болох нойр булчирхай, элэг, бөөр зэрэг эрхтнүүд л энэхүү туршилтын үр дүнд бүрэлдэх юм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хотын эргэн тойронд хэд хэдэн хиймэл нуур байгуулъя

Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүд ч утааны асуудалтай болоод олон оныг үдлээ. Бас ч гэж өмнөхөө бодвол сүүлийн үед утаанаас хэрхэн салах, яах ийх тухай дориун ярих боллоо. Технологи хөгжсөн өнөө цагт энэ их утаа, угаараас салах арга зам байх нь дамжиггүй. Харин зундаа нийслэл хот хөрсний бохирдол хэт хуурайшилт гээд бас утаанаас дутахгүй асуудалтай тулгардаг. Урин дулаан цагт хотын агаарыг аятайхан чийглэг, тоосгүй байлгах боломж бас байгаа харагддаг. Зундаа орж байгаа борооны их усыг ямар нэгэн аргаар цуглуулаад хотын эргэн тойронд дөрвөөс таван газар хиймэл нуур, цөөрөм байгуулах. Ер нь дэлхийн хаана ч гэсэн устай газар л амралт зугаалга хөгждөг. Дэлхийн бүх л хот далайн эрэг, гол мөрнөө дагаж хөгждөг. Хотыг тойруулаад хиймэл нуурууд байгуулчихвал дагаад аятайхан цэцэрлэгт хүрээлэн гээд хотынхны төдийгүй гадныхан ч очдог амралт зугаалгын бүс болгох маш их боломж харагдаад л байгаа юм.

Хэрэв тийм газар байгуулж дөнгөвөл тэнд үйлчилгээний жишиг болсон газрууд салбараа нээх нь тодорхой. Зарим улс орнууд нэг их нүсэр дэд бүтэц байгуулахгүйгээр зүгээр энгийн шуудуу татаад ус цуглуулдаг систем хийчихсэн байдаг юм билээ. Зун ид борооны үеэр хотын замууд живэнгээ алдаж, тэр их усыг яахаа мэдэхээ больдог нь үнэн. Бас өвөлдөө орох их цасыг цуглуулаад хиймэл нуурандаа асгаад байж болно. Цас зөөхөд зардал их гэвэл нэгэнт байгуулчихсан хиймэл нуураа мөсөн гулгуурын газраар ашиглаад байж болно.

Ер нь хэт нүсэр, айхтар их устай нуур гэж байгаа юм биш шүү. Хүүхдийн паркад байдаг хиймэл нуур маягийн, хүн унаж эндээд байхааргүй, тодорхой харуул манаатай л юм байхад болоод явчихна.Иргэд очиж цэвэр цэнгэг агаараар амьсгалахад ч хэрэгтэй.

Шийдвэр гаргах түвшний дарга нар тэнгэрийн цасыг тоолж суухаар энэ мэт иргэддээ хандсан зүйлд анхаарлаа хандуулбал мөн ч хэрэгтэй байна даа.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн өндөр барилга ашиглалтад орлоо

Номхон далайн эргийн хамгийн өндөр
барилга баригдаж дууслаа. АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо
сүндэрлэсэн “Вилшейр Гранд Центр” хэмээх энэхүү барилга нь ойролцоогоор
73 давхар, 338 метрийн өндөртэй баригджээ. Түүнчлэн барилгын
инженерүүдийн хэлж байгаагаар уг барилга нь газар хөдлөлтийн хамгийн
идэвхтэй бүсэд байрлаж байгаа ч, хамгийн хүчтэй газар хөдлөлтөд
тэсвэртэй баригдсан гэдгийг хэлж байгаа юм.

Нийт 1.2 тэрбум долларын өртгөөр боссон
“Вилшейр Гранд Центр”-т тансаг зэрэглэлийн зочид буудал, оффисууд болон
ресторан, дэлгүүрүүд байрлах юм. Зочид буудал л гэхэд тус төвийн 70
дугаар давхраас эхлэн нийт 900 өрөө бүхий байх юм байна. Харин оффисын
зориулалттай 365 мянган хавтгай дөрвөлжин талбайг эзлэн орших бол 45
мянган хавтгай дөрвөлжин талбайд бусад үйлчилгээний зориулалттай
байгууллагууд байрлана.

Түүнчлэн 16 цахилгаан лифт ажиллаж,
зорчигчдыг тээвэрлэн ажиллах аж. Харин АНУ-ын хамгийн өндөр барилга нь
Нью-Йорк хотод байрладаг “Эмпайр Эстейт Бюлдинг” юм. Зиккурат буюу
дээшлэх тусмаа нарийсч шаталсан цамхаг шиг хэлбэртэй арт деко хэв
маягийн барилга нь 1931 онд баригджээ.

Уг барилга нь нийт 102 давхар, 381
метрийн өндөртэй бөгөөд телевизийн антенны урттай нийлүүлбэл 443 метрт
хүрдэг. “Эмпайр Стейт Билдинг” нь Нью-Йоркийн уран барилгын голлох
барилгуудын нэгд зүй ёсоор багтдаг юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Унаагаа хуваалцъя

Улаанбаатарын түгжрэлд уртын урт цуваа болон эгнэн зогссон машинуудыг харж байхад таксинаас бусад нь ихэнхдээ л ганц жолооч яваа харагддаг. Нэг машинд нэг хүн. Ажил нь хоёр өөр зүгт байдаг эхнэр, нөхөр хоёр өглөө нэг нэг машин унаад гарах нь ч бий. Тиймээс ч нийслэлд 390 шахам мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Нэг нэгээрээ машинтай явснаас нэг машинд гурав, дөрвөн хүн суугаад явдаг бол замын ачаалал буурах төдийгүй агаарын бохирдол ч буурна. Үүнийг аль хэдийнэ улс орнууд шийдчихжээ. Америкт л гэхэд “rideshar­ing” буюу унаа хуваалцах гэх нэршлээр хэрэглээнд нэвтэрсэн байна. Uber компани энэ технологио анх “Машинтай хүн бүр ажилдаа явах замдаа такси барихыг хүсч байгаа хүмүүсийг очих газарт нь хүргэн өгч яагаад болохгүй гэж” гэсэн уриагаар гаргаж ирсэн байдаг. Энгийнээр хэлэх юм бол тухайн апплэкейшныг татаж авсан хүн хаанаас хаана хүрэх мэдээллээ оруулахад таксины жолооч эсвэл машинтай хэн нэгэн зам дагуу бол холбогдоод зорьсон газарт хүргээд өгдөг. Энэ үйлчилгээ нь хөлс мөнгөө тохиролцож болдог давуу талтай болохоор үйлчлүүлж байгаа хүн нь хэмнэлт хийгээд сэтгэл хангалуун бууна.

Иймэрхүү үйлчилгээг “Буят-Ухаа” хорооллынхон их хэрэглэдэг. Тэдний фэйсбүүк групп дээр “Өглөө эрт хотын төв явах унаа байна уу”, “Өглөө тэдэн цагт хотын төв руу явна шүү” гэх мэтийн зар их харагддаг. Хөлс мөнгөө таксиныхаас багаар тохиролцоод хүмүүсийг аваад явахад хэн хэндээ л нэмэртэй.

Uber компанийн “унаагаа хуваалцах” үйлчилгээг Монголын хэсэг залуус дуурайж “Easyride” апплэкэйшн гаргасан талаар мэдээлж байсан ч хэрэглээ нь хязгаарлагдмал бололтой.

Хальтиргаатай замд машин барихаас залхмаар энэ өдрүүдэд унаагаа хуваалцах үйлчилгээг улам боловсронгуй, хүртээмжтэй болгомоор санагддаг юм. Таксинд өгдөг мөнгөнийхөө талаар нь өглөө гэрийнхээ орчмоос ажлын зүг явах унаанд дайгдаад, орой ажлынхаа гаднаас гэрийн зүг явах унаанд суугаад харьчихмаар л байна шүү дээ.


Categories
арын-нүүр булангууд мэдээ туслах-ангилал

Сэргээгдэх эрчим хүчээ ч хөгжүүлмээр, шинэ станцаа ч барьчихмаар л байна шүү

Өнөөдөр утааны эсрэг, төр засгийнханд ямар нэгэн байдлаар утаа аймшигтай болсон гэдгийг бага ч болов мэдүүлэх гэж анх удаа жагсаал зохион байгуулагдах гэж байна. Ямар нэгэн улстөржилтгүй, хэн нэгэн улстөрчгүй жагсаал байгаасай гэж хүсч байна. За жагсаал ч яахав. Болоод л өнгөрнө.

Хамгийн гол нь энэ их утааг хэрхэн байхгүй болгох тухай шийдэл дээр хэн хүнгүй ухаанаа уралдуулаасай гэсэн бас нэгэн хүсэл байна. Одоогоор харагдаж байгаа хамгийн боломжтой хувилбар нь цахилгаан болон газаар халаах л байх шиг. Мэдээж ойрын гурван жилд багтаад гэр хорооллыг тэр чигээр нь орон сууц болгож чадахгүй. Бас хүчээр нүүлгээд гэр хороололгүй болчихгүй. Тиймээс нэн даруй шинэ цахилгаан станцаа л яаж ийж мачийж байгаад барих хэрэгтэй. Тэгж чадвал гэр хорооллын цахилгааны асуудлыг бүрэн шийдэж дөнгөх байх.

Яг үнэндээ одоо гэр хорооллын цахилгааны шөнийн үнийг тэглэлээ ч дэд бүтэц нь дийлдэхгүй, хэдэн трансформатр нь дэлбэрнэ, дамжуулах утас нь шатаад дуусна гэх юм билээ. Үнэн байж болох. Оройхон зэргэлдээ хэдэн айл цахилгаан тулгаа асаачихаар л хүчдэл нь буураад, гэрэл нь сүүмийгээд ирдэг.

Ингээд бодохоор тэр олон айл шөнөөр цахилгаан халаагуур асаачихаар юу болох нь тодорхой. Ядаж л нар, салхиар эрчим хүч үйлдвэрлэхийг төрөөс ахиухан дэмжээд өгүүштэй байна шүү. Цаагуур чинь дэлхий дахинд технологи нь хөгжөөд автозамыг хүртэл ашигладаг болоод байна. Жишээ нь, Франц гэхэд л ойрын жилүүдэд автозамыг нарнаас эрчим хүч цуглуулдаг хавтангаар бүрээд цахилгаан үйлдвэрлэнэ гэнэ. Тэгээд хэдэн сая айлыг эрчим хүчээр ханганаа л гэчихсэн байна даа.

Монгол нар, салхины арвин нөөцтэй. Сэргээгдэх эрчим хүчээ ч хөгжүүлмээр, шинэ станцаа ч нэн яаралтай барьчихмаар л байна шүү, төр засгийн удирдлагууд аа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе

Мөрөн голын шулам бүсгүй

Мөрөн голын шулам бүсгүй зурган илэрцүүд

НОМЧ БААТАР-

Уран хэл урт хошуундаа дулдуйдан амьдардаг хэрмэл төлөгч И Да Зин “Арван төлгийн ес нь магад муутай” гэж алга дарам таван үсгийг дурайтал бичсэн байх нь хачирхалтай. Тэрбээр дамнуурын булан даахгүй, төрөлхийн болхи бойнго, дөч гаруй настай, шоовондуу туранхай шар нүүртэй, сүр сүлд ч үгүй өдрийн турш унтаахай царайлж явдаг нэгэн аж. Гэвч И Да Зинг хожмоо мөрөн голд алдаршсан номч баатар, шулам бүсгүйн дурлалт залуу болох юм гэж хэн тааварлах билээ. И Да Зин амьдралаа бүхлээр нь өөрчилж чадах амин цэгээ үгүй болгох эрдмийг эзэмшсэн гэдгээ өөрөө ч эс мэднэ. Гагцхүү “Зурхайт ном”-ыг уншиж бясалгахыг чухалчилж, хар хоргүй, шударга зөв сэтгэлээр мэргэ төлгө тавьж, өдрийн хоолоо аргацааж яваагаа дээдийн заяа хэмээн мунхаглана. Гэхдээ энэ бүхэн шулам бүсгүй Жу Сянь Зюнтай учрахаас өмнөх явдал юм.

-МӨРӨН ГОЛЫН НОЁН ОРГИЛ ЖИНЬ ЛУН-

Мөрөн голд хорин жил тутам тохиодог их гай түйтгэр учрах цаг нь нэгэнт ирсэн тул төмөр махбодийн тэргүүн, өвгөн баатар Жинь Кан Лун сэтгэл чилүүрдэн авай. Тэрбээр зэвсгийн эрдмийн ертөнцөд цэгц шударга явдалтайгаараа алдаршсан гал, ус, төмөр, мод, шороо таван махбодийн бүлгийг удирдсан мөрөн голын ноён оргил юм. Жинь Кан Лун насны залууд, хорин жилийн дараа дахин тохиох гай барцдад бэлтгэн, зэвсгийн эрдмээ шамдан сургуулилсаар Дун Тин Ху нуурын эрэг дээрх хуучин амрагаа ор тас мартжээ. Гэтэл түүнд мартагдсан амраг бүсгүй нь хүрэн хулсны гэлэнмаа болж, “Сян Зюний салхи гүйцэгч арван найман илдийн арга”, “Толбот хулсны арван найман цохилт” гэх зэвсгийн эрдмийн үндсэн аргуудыг боловсруулж охин, хүргэн хоёртоо өвлүүлсэн байна. Ийнхүү, Жин Кан Лун өөрийгөө Тэнгэрт тэрслүү бүлгийн толгойлогч Жу Сянь Зюн, номч баатар И Да Зин гэх мөрөн голыг эрхшээсэн шилдэг баатруудын дайсан болгон хувиргасан билээ.

-ШУЛАМ БҮСГҮЙ ЖУ СЯН ЗЮН-

Гар хатуу, сэтгэл чанга, үг хорон Жу Сянь Зюн бол хүн алахыг юман чинээ боддоггүй нэгэн. Тэрбээр уйлах инээхээс гадна хүний амь тонилгохын өмнө нэг дусал сувдан нулимс унагадаг зантай. Хуурамч төлөвгүй, сэтгэлийн мухраас урсан гарсан жинхэнэ нулимс гэдэг бүсгүй хүний хувьд дайснаа ялах очир эрдэнэ байдаг аж. Иймийн тул хүрэн хулсны гэлэнмаа багш нь “уйланхай журамт бүсгүй” хэмээн хочилсон байна. Шулам бүсгүйн баримталдаг зарчим бол мөрөн голын шилдэг баатар эрсийг босоо илдний гурван аргаар, шалдар булдар амьтдыг Сян Зюний салхи гүйцэгч арван найман илдийн аргаар тонилгох юм. Жу Сян Зюн тэр нэгэн өдөр модон махбодийн бүлгийн толгойлогч Му Цин Сягийн мунаар зуун уулзвар амин цэгтээ цохиулсан ч амьд үлдэж чадсан И Да Зинг олохоор гурван сарын турш хайж явдаг. Түүний эрэл талаар болсонгүй. Тоорын цэцэрлэгт суурингаас долоодугаар сарын долооны өдөр дорой төрсөн И Да Зинг олоод “Тонилгоё” хэмээн бодно. Гэвч тэрбээр И Да Зинтэй нүүр тулж, дөрвөн нүд эсрэг ширтэлцэх мөчид чөтгөр үзсэн мэт хиртхийн цочиж, арагш ухраад бүлтийтэл гайхаж хоцрох нь тэр.

“Жу Сян Зюн: Тэр өдрийн төлөгч чинь дөч хол гарсан царай зүс муутай амьтан байсан. Чамтай адил сүр сүлд төгс сайхан номын эр байгаагүй шүү дээ” гэж гэнэн цайлганаар ам алдаж залуу эрийг нүүрэн дээр нь ил магтсанаа даруй ойлгож, өөрийн эрхгүй нүүр нь улайдаг. Харин И Да Зингийн өмнө тэнгэрийн дагина шиг гоо охин, хүн алахдаа нүд цавчдаггүй шулам бүсгүй ээлжлэн тодорно”. Ингэж л мөрөн гол даяархыг эрхшээж чадсан гоо үзэсгэлэн төгс Жу Сянь Зюн, номч баатар И Да Зин нарын хайрын түүх эхэлдэг билээ.

Энэ бол мөрөн голын тэргүүн суудлын төлөөх хурц тэмцлийг өгүүлсэн адал явдалт уран зохиол бөгөөд арга билиг, таван махбодь, дотоод хүч, зурхайт ном, найман хүлс, хулсан лимбэний аялгуутай дорнын соёлыг нэвт шингээсэн бүтээл юм.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ спорт

Харь орны өмнөөс тэмцээнд оролцох нь эх орноосоо урвахын нэр биш

Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг сошиал ертөнцийг байлдан дагуулж байна. Штангчин бүсгүйн амжилт дэлхий нийтийн анхаарлыг татаж, дөрвөн ч улсаас гэрээ байгуулах санал авчээ. Их хэмжээний мөнгөн дүнтэй тэдгээр сайхан боломжуудаас М.Анхцэцэг татгалзсан шалтгаанаа өөрийн цахим хуудсандаа тайлбарлахдаа “Аль нэг улсын төрийн дууллыг эгшиглүүлэхийг хүсээгүй” гэжээ.

Ийм шийдвэр гаргасан түүнийг мундаг, эх оронч үзэлтэй охин гээд л бүгд сүйд болоод шагшин магтаад байх юм. Мэдээж хүн бүр эх орноороо бахархаж, аав, ээжийгээ хайрлан хүндэлдэг. Өөр улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орлоо гээд түүний судсаар урсаж байгаа монгол хүний цус, омогшил нь арилчихгүй.

Манай жүдоч Г.Отгонцэцэгийг хар л даа. Казахстаны нэрийн өмнөөс барилдаад хичнээн сайхан гялалзаж явна вэ. Тэр хүн ийм зоригтой шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсахааргүй амьдрал нь баталгаатай боллоо. Өөр улсын нэр дээр зодоглож, амжилт гаргалаа гээд Монголын ард түмэн түүн рүү хялайж ч хардаггүй.

Дэлхийд нэр алдраа дуурсгаж яваа хөл бөмбөгчид, сагсан бөмбөгчид гээд бүгд аль нэг улсын нэрийн өмнөөс талбай дээр гарцгаадаг. Тэд жилд хэдэн ч улстай гэрээ хийж, илүү санал тавьсантай нь хамтран ажилладаг.

Зөвхөн тамирчид гэлтгүй аливаа хүнд хамгийн чухал зүйл эдийн засгийн баталгаа. Тиймээс амьдралынхаа үндсэн баталгааг бий болгохын дэргэд эх орон хэмээн хий хоосон нялуурч дэлүүрэх нь зүгээр л хийрхэл төдий юм.


Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ахан дүүсээ санадаг арваннэгдүгээр сар

Хөдөөгийн малчид өвлийн тэргүүн сар буюу арваннэгдүгээр сарыг ингэж нэрлэдэг болоод удаж байна. Хавар, намар, зуны улиралд хэл чимээгүй алга болсон хамаатан садан, ах, дүү нар нь өвлийн идэш хийх цаг дөхөөд ирэхээр гэнэт л санаж санааширсан амьтад ярьж, холбоо барьж эхэлнэ. Ихэвчлэн “За өвөлжөөндөө буусан уу. Та хэд минь сайн уу. Малын тарга тэвээрэг ямар байна. Бид хэд идшээ бэлтгэхээр очно шүү. Хотын бид ажил гэр гэж явсаар идэш хийх цагтайгаа тулчих юм байна шүү дээ” гээд л ярьдаг байна. Харин цагийн алинд ч нэг л янзаараа малчид “Тэгнэ ээ, хотын та нар нарны голтойд гэрт орох биш. Хүүхдүүдийнхээ хоолыг ирж аваарай” гэнэ. Нам гүмхэн байсан хөдөөд машин цувж, өвлийн идэш бэлтгэх ажил ийн эхэлдэг билээ.

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад эрт хүйтэрч байгаа болохоор хөдөөд өвлийн идшээ бэлтгээд эхэлжээ. Энд тэндгүй даага, шүдлэнгээс эхлээд сувайрсан гүү, бяруу, шүдлэн, хязаалан гуна, сувайрсан үнээ, нас биед хүрсэн шар ямар үнэтэй байгаа талаар таньж мэддэг хөдөөний хүмүүсээс асууж сураглах ажээ. Хөдөөг зорих машины цуваа ч нэмэгдэж эхэлж.

Бичин жил сүүлээ шарвана, зуд болно гэсэн яриа гарсантай холбоотойгоор малаа цөөлж байгаа малчид цөөнгүй байгаа бололтой. Үүнийг дагаад хот, хөдөөд махны үнэ ч овоо хямдарсан. Идэш муут жилийн гачлан, эхнэр муут насны гачлан гэсэн үг байдаг. Идшээ сайтар бэлтгээд авчихвал өвлийн тэсгим хүйтэн, хаврын урт өдрүүдийг ажрахгүй давж, зуны эхэн сартай золгодог доо.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн гарна

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” зурган илэрцүүд

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-24-ний өдрүүдэд болно.

Мөн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурал энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор дээрх арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцоно.

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хуралд эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, шинжлэх ухааны салбарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа явагдана.

ХӨТӨЛБӨР
/2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр/

09:00 “Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016” үзэсгэлэн эхэлнэ.
09:30-10:00 Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслол.
11:10-11:30 “Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт.
11:30-17:00 “Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016” үзэсгэлэн үргэлжилнэ.

/2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр/

09:00-15:30 “Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016” үзэсгэлэн үргэлжилнэ.
15:30-16:00 “Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016” үзэсгэлэнгийн шилдэг бүтээл шалгаруулах, шагнал гардуулах арга хэмжээ.
16:00-17:00 “Шинжлэх ухаан, технологи-Инноваци-2016” үзэсгэлэн үргэлжилнэ.

/2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр/

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурал /Улсын драмын эрдмийн театр/
16:00-16:30 “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурлын нээлт.
16.30-17.00 Шинжлэх ухааны салбарын шагнал гардуулах ёслол.
17.00-18.00 “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүндэтгэлийн концерт.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Өмнөд Солонгосын эмнэлгүүдэд робот ашиглах болжээ

Өмнөд Солонгосын улсын эмнэлгүүдэд физик, сэргээн засах эмчилгээний тасгуудад 2017 оноос эхлэн төрөл бүрийн роботуудыг ашиглахаар болжээ. Тэдгээр роботууд нь үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгөх, тухайн өвчтөний цай хоол, эм тариаг нь, мөн цагаан хэрэглэлийг зөөж өгөхөөс гадна зарим тохиолдолд өвчтөнүүдийг физик эмчилгээ хийлгэхэд нь тэднийг өргөх, сандал дээр суулгах, хэвтэх зэрэгт нь туслах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас 2020 он гэхэд нийт 80 эмнэлгийн физик, сэргээн засах эмчилгээний тасгуудад тус бүр 5-10 ширхгийг нийлүүлэх ажээ. Эмнэлэгт робот ажилласнаар сувилагчийн оролцоо шаардлагагүй зарим нэгэн үйлчилгээ илүү түргэн шуурхай болохоос гадна өвчтөн болон үйлчлүүлэгчид нь өөрсдөд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээллийг роботоос авч болох юм байна.