“Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн зочноор Ховд аймгийн Манхан сумын дунд сургуулийг 1976 онд төгссөн 8а ангийнхныг онцолж байна. Тус ангийнхан энэ жил тохиосон Манхан сумын дунд сургуулийнхаа 90 жилийн ойгоор уулзацгаажээ. 42 жилийн дараахь ангийнхны уулзалт тунчиг сайхан болсон гэдгийг ангийн хүүхдүүд дуу нэгтээ хэлж байлаа. 90 жилийн ойн уулзалтад 8а ангиас таван эрэгтэй, 10 эмэгтэй хүрэлцэн иржээ. “Биднийг уулзалтад очиход залуус эмээ, өвөө дээшээ суу гээд л байсан. Гэхдээ хүүхэд насны минь гэнэн цайлган үеэ хамтдаа туулсан тэднийгээ харахад хөгширсөн гэж ер санагдахгүй байсан” хэмээн ангийн охин Г.Сарангэрэл хэлэв. Б.Болормаа “Тухайн үеийн төгсөгчдөөс одоо 80 орчим хүүхэд энх тунх байдаг юм. Тэднээс 60 орчим нь ойн уулзалтдаа зорин ирсэн. Биднийг анх хөдөө гэрээсээ эрдэм сурахаар сургуулийн алтан босгыг алхан ороход Боловсролын тэргүүний ажилтан, Ардын багш Ольяа угтан авч, А үсэг зааж байлаа. Манай анги 32 хүүхэдтэйгээр наймдугаар ангиа төгссөн. Тэр үед сургуулийг маань цэнхэр будгаар гангалан будсан модон хашаа хүрээлдэг байсан юм. Сургуулийн хажууд байх дотуур байранд амьдардаг хүүхдүүд хашаанаасаа барагтай бол гадагш гардаггүй байсан шүү. Хөдөөнөөс аав, ээж нь эргэлтээр ирэхээр магнайгаа хагартал баярладаг. Хайрсан боорцог, хатаасан борцыг уут уутаар нь бэлдээд аваад ирдэг байлаа. Дотуур байранд суудаг хүүхдүүдийн нэг нь би байв. Өлсөөгүй хэрнээ ээжийнхээ хайрч авчирсан боорцгийг идээд л баймаар санагддаг байж билээ. Тухайн үед хичнээн охид, хөвгүүд сурдаг байсныг одоо бүр мартаж орхиж. Гэхдээ манайх хөвгүүд голлодог анги байсан санагдана” хэмээсэн юм.
8а ангид аймгийн аварга малчдаас авахуулаад дэлхийн аварга хүртэл бий гэсэн. Мөн төрийн одон медаль болох Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Боловсролын тэргүүн, Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар 10 орчим хүн шагнуулж байжээ. Саяхан болсон ойн баярын үеэр ангийн найз Х.Бадамцэцэг нь Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Харин өнгөрсөн 2017 онд Д.Болормаа, Г.Сарангэрэл нар “Алтангадас” болон “Нийслэлийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнуулсан байна.
Н.Батлаваас олон жилийн дараа ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж буй сэтгэгдлийг нь асуухад, “Биднийг 1976 онд төгсөж байхад ангийн уулзалт, нийллэг гэж байдаггүй байлаа. Хот газар ч ийм зүйл байхгүй байхад сумын сургуулийн хүүхдүүд хоорондоо уулзалт зохионо ч гэж юу байхав. Гэхдээ бидний хэдэн нөхөд нэгнээ санахын эрхэнд хамгийн анх 1978 онд сумын төвд байдаг байсан цоохор гэрт төгсөгчдийнхөө дунд анхны уулзалтыг зохиож, сургуулийнхаа багш нартай золгож, дурсгалын зураг татуулж явлаа. Энэ уулзалтыг одоо ч тэр үеийн төгсөгчид ярьдаг юм. Түүнээс хойш сургуулийн уулзалт, ангийн нийллэгийг төгсөгчид сумандаа зохиох болсон гэсэн. Манай анги сургуулийнхаа хамгийн анхны коллектив сайтай анги байсан гэж яригддаг юм гэнэ лээ. Нэгэндээ зовлон жаргал, баяр гуниг аль нь ч тохиолдсон тусалж, дэмжээд хамтдаа байхыг хичээдэг. Сүүлийн хэдэн жил бүр ч илүү нэгнээ санадаг болж. Яах вэ, зарим нь насны залууд, ааг омгондоо багтаж ядсан хүмүүс энд тэнд салан одож явсан ч жил ирэх тусам улам ихээр нэгнээ гэх сэтгэлтэй болж, ойр ойрхон уулзалддаг болсон. Энэ уулзалтаар манай хэд сэтгэлээ нэг сайн дэвтээж байна даа”гэв.
“Манай ангийн Н.Батлав үхэх сэхэхийн заагт очин амь тэмцэж арайхийж хөл дээрээ дахин босч ирсэн юм. Энэ маань л биднийгээ бөөгнүүлж, уулзалт цуглаан зохиодог юм. Саяхан болсон уулзалтаар бид ангийн найз Н.Батхүүгийндээ зочилж очиход манай төгсөлтийн Дарьжав биднийг угтан авч, тусгайлан таван ханатай хоёр гэр барьж, цай, хоол, идээгээр дайлсан. Мөн зочилж очсон хүн бүрийн гарыг цайлгаж, дээлийн торго, сүү, хадаг өгсөн. Яг энэ үеэр ангийн найзууд болох Жаргалсайхан, Бадамцэцэг нар бидний араас хэд хэдэн шуудай тарвас авчирч дайлсан шүү. Тэр үед тарвасаар хур буух шиг л болсон. Манай ангийн хүүхдүүдийн зарим нь хот газар амьдрах болсон учир хөдөө талын сайхан, нутгийнхаа онцлогийг эргэн дурсаж, санасан сэтгэлээ тайлж байна. Их баярлалаа та хэддээ гэж хүртэл хэлж байсан” хэмээн Г.Сарангэрэл дурсаж байлаа.
Яг энэ үеэр Б.Болормаа “Бид жаахан байхдаа спортын төрөлд манлайлдаг сурагчид байсан сан. Тухайн үед аймаг, сумын сагс, волейболын тэмцээнд хэн эхний хэдэн байрыг эзэлсэн байна. Тэр нь манай анги, эсвэл сургуулийн хүүхдүүд л байдаг байлаа. Сургуулийн шигшээ, аймгийн шигшээ багийн шилдэг тамирчдын гэрэл зургаар манай ангийн хүүхдүүдийн зургийг тавьсан байна лээ. Ольяа багш хааяа биднийг жаахан загнана. Уг нь ааш зөөлөнтэй, уурлана гэж ер нь мэддэггүй хүн сэн. Гэхдээ заримдаа биднийгээ жаахан дарж авахгүй бол бас даврах шинжтэй байх юм. Арга ч үгүй биз дээ. Амаараа дүүрэн черниль сорж байгаа хүүхдэд донго хүртээлгүй яах вэ. Нэг өвөл манай ангийн хөвгүүд анхны цас орлоо гэж баярлан охидынхоо нүүрийг цасаар угааж байгаад багшид баригдаад зөндөө загнуулж билээ. Гадаа тоглож, хотондоо ажил хийсээр байгаад зарим хүүхдийн гар нь сайртай, хацар нь холцруутаж, минчийтлээ улайчихсан байдаг байлаа. Одоо ингээд харахад тэр сахилгагүй, ангийн жаахан хүүхдүүд маань аль хэдийнэ зургаа, долоон хүүхэдтэй, 10 гаруй ач, зээтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэн болчихжээ. Манай ангийн Оюунцэцэг, Сарангэрэл, Баясгалан, Оюунхүү, Цэцэгмаа, Бадамцэцэг, Оролмаа, Болормаа, Эрдэнэчимэг, Эрдэнэцэцэг, Лхамхүү, ЭнхАмгалан, Мөнхтүвшин нар Алдарт эхийн одонтой. Харин Жаргалсайхан боловсролын тэргүүний ажилтан. Дарьжав Соёлын тэргүүний ажилтан болсон” гэж байлаа.
Ийн ярилцах зуур тэд гэрийнхээ халуун яндангийн тоосыг арчиж байгаад захны цагаан даавуугаа хоёр тал руу нь сөөлжүүлэн татаж индүүддэг байснаа дурсаж инээд хөөр болоод амжсан юм.
Мөн Б.Болормаа “Тоо, Дүрслэх урлаг, Дуу хөгжим, Биеийн тамир, Гар хөдөлмөр, Амьтан судлал, Хими , Газарзүй, Геометр, Физик ордог байлаа. Манай ангийн Батхүү Монгол хэлнийхээ хичээлд хамгийн мундаг нь байсан юм. Түүнээс гуйж хуулахгүй хүн гэж бараг л байдаггүй байлаа. Харин манай ангийнхан гэлтгүй сургууль даяараа ганцхан хүүхдээс л айдаг байсан. Тэр нь манай ангийн Маамаахүү. Маамаа тухайн үед сургуулийн атаман байсан юм. Хаана ч явсан Маамаахүү ирж байна гээд ганц л хэлэх юм бол бүгд зугтаадаг байлаа. Хэрэв тааралдчихвал цүнх булааж, үсний туузнаас татаж чангаагаад ер зүгээр явуулдаггүй байсан хэрэг л дээ. Нэг өдөр би хичээлдээ сууж байлаа. Хоёрдугаар салааны араасаа хоёр дахь ширээнд Маамаа, түүний урд би сууж байсан юм. Багш хүүхдүүдийг самбарт гаргаад нэг нэгээр нь бодлого бодуулаад л байсан. Миний ээлж ирж босох гэтэл үс сандалтай орооцолдоод арагшаа татагдаад унах нь тэр. Би их урт үстэй, түүнийгээ хоёр сүлжээд арагшаагаа унжуулчихсан байсан юм. Гайхаад эргээд хартал Маамаахүү миний үсийг сандалтай нийлүүлээд сүлжчихсэн байж билээ. Бас Г.Жаргалсайханы гарыг хараад л бүгд айж зугтаадаг байсан. Тухайн үед өвөл байсан юм. Мал малладаг айлын хүүхдүүд өдөр шөнөгүй гэрийн ажил хийдэг байсан болоод ч тэр үү Жагаагийн гар хүйтэнд хөлдөөд, мойнийгоод сайртчихсан болохоор бүгд шоолдог байсан нь тэр. Сүүлд тэр маань аймгийн заан цолтой мундаг бөх болчихоод залуугаараа бурхны орон руу одсон юм. Бид хэд заримдаа уулзаж, Жагаагаа дурсахдаа яах гэж түүнийг дооглож, айж зугтаадаг байснаа харуусан ярьдаг” гэж байв.
Л.Оюунцэцэг “Болормаа, Цэцэгмаа бид гурав сургуулиа төгсчихөөд яаж амьдрах тухайгаа ярилцаж, ерөөсөө ажлыг хамгийн багаас нь эхэлж хийсээр оргилд нь гарч үзье гэж шийдэн Манхан сумын нийтийн хоолны газар угаагчаар ажлын гараагаа эхэлж байлаа” гэж хэлэхтэй зэрэгцэн “Манай Оюунцэцэг бидэн дундаа хамгийн зөөлөн сэтгэлтэй. Заримдаа холбоо барихгүй удчихвал гомдоно, уулзахгүй бол уурлана, биднийг санахаараа бүр уйлдаг гэсэн. Жаахан байхдаа ганцхан ширхэг ёотон олчхоод надтай хувааж идэх гээд дээлийнхээ энгэрт бараг бяцалчихсан ирж байсан” хэмээн Б.Болормаа нэмж хэлэв.
Багадаа тэдний ангийн хүүхдүүдийн ихэнх нь хурдан морь унадаг байжээ. Манхан суманд долоон хар морь наадам болгоноор нэг зурхайнаас гардаг байсан гэнэ. Тэр морьдыг дандаа 8а ангийн хүүхдүүд унадаг байсан аж. Ээлж дараалаад л түрүүлээд байдаг. Уралдаанд түрүүлсэн хүүхдэд нэг дэвтэр, ёотон, баярын бичиг өгдөг байж л дээ. Хөвгүүд нь бэлэг аваад гайхуулаад байхаар нь А.Баясгалан сумынхаа 20 жилийн ойгоор хурдан морь унасан ч 40д орж ирсэн хэмээн түүнийг ярихад ангийн нөхөд нь түүнийг шоолон инээлдэв.
Долоон жилийн өмнө 8а ангийн 20 гаруй хүүхэд хоёр га газарт 2500 чацарганы мод суулгасан аж. Бүтэн хоёр өдөр хонон өнжин суулгасан тэдгээр модод нь уржнан жил ургацаа өгчээ. Жил өнжиж дахин ургац хураадаг тул өнөө жил бүр ч их ургац хураах шинжтэй байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Долоон жилийн өмнө болсон энэ үйл явдлаас хойш тэд бие биетэйгээ улам ойртон нөхөрлөх болсон гэв.
Одоогоор тэдний төгсөлтийнхнөөс П.Ичинхорлоо, С.Должинсүрэн, Р.Ганхуяг, Н.Оюунбаатар, А.Баясгалан, С.Дашжамц, Г.Сарангэрэл, Н.Болдсүрэн, Ц.Энхцэцэг, М.Жавзандулам, С.Мөнхтүвшин, Ш.Лхагважав, Л.Оюунцэцэг, Г.Төмөрбаатар, Н.Лхамхүү, Б.Оюунчимэг, Н.Батхүү, Н.Баатаржав, Л.Оюунцэцэг, Г.Сарангэрэл, Б.Болормаа, С.Дашжамц, Ц.Даваа, Б.Эрдэнэцогт, Х.Бадамцэцэг, М.Энхбаяр, Ц.Алтанхуяг, М.Жавзандулам, С.Лхамжав, Д.Жаргалсайхан, Н.Лхамхүү, Я.Дарьжав,Ч.Лачингалсан, Г.Энхтөр, Н.Батлав, Ц.Цэцгээ, Я.Бямбажав, Ч.Гэрэлсүрэн, Х.Пүрэв, О.Корво, Д.Эрдэнэцэцэг, До.Бадамцэцэг, Д.Эрдэнэчимэг, Д.Бямбабаяр, Н.Оюунхүү, Н.Баатаржав, Н.Сүхээ, Б.Нямдаваа, Т,Цэцэгмаа, С.Нямсүрэн, Х.ЭнхАмгалан, Н.Одонцэцэг, Ц.Бямбажав, Ж.Оролмаа, Б.Оюунчимэг, Г.Наранцэцэг, Т.Төмөрөө, Б.Энхбаяр, С.Оролмаа, О.Пүрвээ, О.Саранцэцэг, Х.Цэвэлмаа, М.Болдсүрэн, Д.Маамаахүү, Ш.Шинэдаваа, У.Хүрэлбаатар, Т.Баярхүү, Р.Дулмаа, Б.Нарацэцэн, М.Сүхбаатар, Э.Энхтуяа нар нутагтаа ажиллаж, амьдарч байгаа юм байна.
З.МӨНХСУВД