Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадууд судалгааны станцаа сарны нөгөө талд буулгалаа

Image result for chang'e-4 landing

БНХАУ дэлхийн цорын ганц дагуул сарны нөгөө талыг судлах судалгааны станцаа амжилттай газардуулжээ. “Chang’e-4” гэх уг төслийн хүрээнд сарны харанхуй буюу нөгөө талыг судлах юм. Өнгөрөгч оны сүүлчээр газардагч станцыг өөрөө явагч судалгааны станцтай хамт дэлхийгээс хөөргөж байсан юм. Сар зөвхөн нэг талаараа дэлхий рүү хардаг бөгөөд өмнө нь америкууд нүүрэн хэсэгт нь газардаж байсан. Сарны нөгөө талд газардах тун асуудалтай бөгөөд тэнд байгаа станцтай дэлхийгээс холбоо барих боломжгүй. Харин хятадууд өнгөрсөн V сард холбооны хиймэл дагуулаа урьдчилан илгээжээ.

Уг станцын газардсан хэсэг нь нэн эртний тогоо бөгөөд уг хэдэн сая жилийн өмнө сансрын томоохон чулуулаг биет саран дээр унахад үүссэн гэж үздэг. Тиймээс энэ тогоонд нарны аймгийн үүсэлтэй холбоотой ихээхэн баримт хадгалагдаж байгаа гэдэг. Газардагч станц өөрөө явагч робот станцыг биенээсээ салгаж, ажилд оруулна. Өөрөө явагч нь сарны гадарга дээр аялж, төрөл бүрийн багаж хэрэгслээр судалгаа хийж эхлэх юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Aкадемич Л.Болдыг Туркийн Шинжлэх Ухааны Академийн оны шагналаар шагнажээ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Л.Болдыг Туркийн Шинжлэх Ухааны Академийн энэ оны шагналаар шагнажээ. Тэрбээр энэ сарын 26-нд Анкара хотод очиж Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсан байна.

Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны гурван салбарт олгож эхэлсэн аж. “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр ийнхүү академич Л.Болдыг тодруулан шагнал олгож буй юм байна.

Тэрээр 1972 онд турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш зургаан жилийн турш Хөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж үг цуглуулжээ. Мөн VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа “Орхоны бичгийн дурсгал” гээд дөрвөн боть ном хэвлүүлжээ. Сүүлд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, цахим толь бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирэх оны нэг сарын 6-нд нар хагас хиртэнэ

Ирэх 2019 оны нэгдүгээр сард нар, сар хиртэх үзэгдэл тохионо. Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны өдөр нар хагас хиртэх юм байна. Нар хиртэлт Улаанбаатарын цагаар 07.36 цагт эхэлж, 09.42 цагт дуусах аж. Уг үзэгдлийг Номхон далайн бүсийн хойд хэсэг, зүүн өмнөд Сибирь, Камчатка, Сахалин, зүүн өмнөд Азийн орнуудад сайн ажиглаж болно.

Мөн нэгдүгээр сарын 21-ийн өдөр сар бүтэн хиртэнэ. Америк, Африк, Европын орнууд, оросын төв болон өмнөд хэсгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой.

2019 онд нар сар хиртэх өдрүүд

  • Долдугаар сарын 2. Нар бүтэн хиртэнэ.
  • Долдугаар сарын 17. Сар хагас хиртэнэ.
  • Арванхоёрдугаар сарын 26. Нар цагираглан хиртэнэ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Корь ай-9” нэртэй процессорын чипийг танилцууллаа

Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч “Интел” компани өндөр хүчин чадалтай 6 цөмт 8 дахь үеийн бүтээн танилцуулсан. Тус чипийг зөөврийн компьютерт суурилагддаг хэлбэрээр ашиглах боломжтой гэж онцолжээ.

Шилдэг, шинэ, хамгийн сүүлийн үеийн технологийн үзүүлэлттэй энэ чип – Core i9-8950HK – “турбо хурдатгал” горимд 4.8 GHz хурдтай (суурь давтамж нь 2.9 GHz), энэ нь 6 тооцооллын цөм, 12 дамжуулалттай. Ийм өндөр чадалтай процессорын чип нь компьютер тоглоом болон графикчдын шаардлагыг хангаж чадахуйц технологи гэжээ. Тоглоомонд зориулагдсан Интелийн хамгийн шилдэг чип бол энэ хэмээн онцолсон. Өмнөх Intel 7 үеийн процессоруудтай харьцуулахад хурдыг 29 хувиар нэмэгдүүлсэн байна. Тоглоомын хувьд i9-8950HK-ийн гүйцэтгэл 41хувиар өндөр, 4K-видео суулгахад 59 хувь хүртэл нэмэгдсэн байна.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА-гийн төхөөрөмж Ангараг дээр анхны багаж хэрэгслээ байрлуулжээ

“InSight” төхөөрөмж Ангараг гарагийн гадаргуу дээр анхны багаж хэрэгслээ байрлуулсан тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /НАСА/ мэдээлэв. “Ингэснээр өөр гарагийн гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг /сейсмометр/ байрлуулсан анхны тохиолдол боллоо” гэж “НАСА”-гийн мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжийн илгээсэн шинэ гэрэл зургуудаас үзэхэд, Ангарагийн зэсэн улаан өнгөтэй гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг амжилттай байрлуулсан байжээ. “Ангараг гарагийн гадаргууд уг хэрэгслийг байрлуулж чадсан нь зул сарын маш сайхан бэлэг боллоо” гэж “InSight” төслийн менежер Том Хоффмэн тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжөөр дамжуулан тус гарагийг судлах судалгаа үргэлжилсээр байх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Huawei Nova 4 vs Samsung Galaxy A8s

Image result for Huawei Nova 4 vs Samsung Galaxy A8s

Өнгөрсөн долоо хоногт Самсунгийн танилцуулсан Galaxy A8s-ыг илүү том дэлгэцийн технологийн өрсөлдөөнд шинэ өрсөлдөөнийг бий болголоо гэгдэж байсан бол Huawei Nova 4гэдэг шинэ утсаа мөн танилцууллаа. Galaxy A8s-ын худалдаанд хэзээ гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд Nova 4-г Хятадад нээлтээ хийсний дараа худалдаалж эхлэх ажээ. Дараах бичлэгээс уг хоёр утасны үзүүлэлтүүдийг харьцуулан харвал илүү ойлгомжтой тодорхой болох юм.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“Алтан гадас”-тай ангийнхан

Улаанбаатар хотын Салваидор Алендогийн нэрэмжит анагаах ухааны “Соёлч” дунд сургуулийн 1969 оны төгсөгчид энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тухайн үед уг сургуулийг “Хүн эмнэлгийн техникум” хэмээн нэрлэдэг байж. Өдгөө Сувилахуйн сургууль нэртэй болжээ.

1965 онд тус ангид 13 хөвгүүн 20 охин элсэж байжээ. Хичээл сурлага, урлаг спорт болоод улсын ажилд нэн тэргүүнд оролцдог байв. Шинэхэн оюутнууд ургац хураахаар Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуй Мөнхтолгойн Энх тал тасагт хуваарилагджээ. Энэ талаар Л.Сосорбарам “Бид тал бүрээс цугларсан учраас бие биенээ таньдаггүй байлаа. Гурван сарын турш сангийн аж ахуйд ажиллаж ижил дасал болсон юм. Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” гэдэг шиг анх очиж байхад ногоог ч олигтой мэддэггүй байв. Оюутнууд ногоотой хоол өгөхөөр ургацын далай гэж нэрлээд их дурамжхан. Харин гэрээсээ ирсэн тал талхыг ч болов хуваагаад л идчихдэг. Тийм л дотно болчихсон байсан юм. Өнөөх хүнс маань дуусахад аргагүй эрхэнд бид ногоотой хоол идэж сурсан даа. Даахын аргагүй модон хүрз бариад ажиллахдаа өлсөхөө ч мартчихна. Талбай дээр бид, хоёр ээлжээр ажилладаг байлаа” хэмээн ярьсан юм. Тэд анхны намрын ажлаараа стипентээ авч байжээ. Тухайн үед Лувсангомбо багш маань хүүхэд бүрт 180 төгрөг өгсөн юм. Бид оройн үдэшлэг дээр бүжиглэхээсээ илүү нөгөө мөнгөө байн байн гаргаад л тоолно. Стипент авсан хүүхдүүд ажилдаа шамдсаар нэг л мэдэхэд бидний буцах цаг болсон хэмээн ярьж байв.

Аравдугаар сарын эхээр оюутнууд цэргүүдэд ажлаа хүлээлгэн өгдөг байж. Анхны намрын ажил дуусаад хот руу ирэхдээ ямар зам туулж байснаа тэд дурссан юм. Цас орохоос өмнө буцах байсан оюутнууд замдаа их хэмжээний цаснаас болж машин нь цасанд сууж арай хийн Дарханд очсон гэнэ. Тэр үед машины тэвшин дэх пүүгээнийхээ модон хайрцган дээр суугаад явж байлаа. Дарханаас биднийг цонхгүй таваарын вагоноор хот руу авчирч байсан. Улаанбаатарын вокзал дээр буулгаад “За та нар өнөөдөр амраад маргааш өглөө сургууль дээрээ ирээрэй” гэдэг юм. Манай ангид Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгээс хүүхдүүд ирнэ. Зүүн аймгийн хүүхдүүд Дорноговийн Анагаах ухааны дунд сургуульд очиж суралцдаг. Тухайн үед биднийг намрын ажлаа дуусгаад хотод очиход аймгийнхаа төвийг ч үзээгүй хүүхдүүд Улаанбаатарт ирж байсан. Сумын дунд сургуулиасаа шууд Улаанбаатарт ирдэг байлаа шүү дээ. Манай ангийг анх математикийн багш Банзрагч хүлээн авч байлаа. Тэр багш маань шилжээд Дэмбэрэл багш биднийг төгсгөсөн. Бид хичээл ихтэй. Олон цагаар номын санд сууна. Мэргэжлээ сонгосон л бол маш сайн мэргэжилтэн болох гэж зүтгэдэг байсан хэмээн ярьсан юм. Бид хичээлдээ ч, ажилдаа ч шамдан суралцдаг байсан. Намрын ажилд оролцоогүй хүн тааруухан л нэгэн болж таардаг байсан. Тиймээс бидний чухал ажлын нэг намрын ажил маань байсан гэж ангийнхан ярьж байлаа. Тухайн үед Цэцэрлэгийн техникум, Худалдааны техникум, Анагаахын дунд сургууль охид ихтэй байсан гэнэ. Тухайн үеийн 065 дугаар холбооны ангийн цэргүүдтэй тус сургуулиуд уулзалт зохион байгуулдаг байжээ.

Цэргийн ангийн дарга нар охидуудыг нь ирж хүлээж авна. Цэргүүдтэйгээ хоолонд оруулна, бүжиглүүлдэг байж. Тэр үеэр ангийн охин С.Нарантуяа нь цэргийн ахлагч Н.Баасттай танилцаж гэр бүл болжээ. Ж.Эрэнбуу нь ганцаараа гурван жилийн цэргийн алба хаасан гэнэ. Цэргээс халагдахад нь ангийн охин Ч.Аривдаа шинэ шар дурдан бүс, цагаан шляпан малгай, орос хромтой очиж байсан гэдэг. Хамгийн ганган цэрэг халагдаж байлаа гэж ярьдаг юм. Энэхүү анги маань Анагаахын дунд сургуулийн 40 жилийн ойгоор төгсч байжээ. Төгсөөд бүгд сум, сум руугаа хуваарилагдаад очсон аж. Анх бүгд нутагтаа очоод дуудлаганд явах болоход сумын эмнэлэгт машин гэж байдаггүй байсан хэмээн ярьсан юм. Бид дөнгөж төгсөөд оччихсон арван хэдэн настай хүүхдүүд байлаа. Тухайн үед мотоцикль, тракторын толгой, морь, тэмээгээр явж, дуудлага өгсөн айлдаа очно. Говь тийшээ трактор ч гэж байдаггүй хэмээн тэрхүү цаг үеийнхээ талаар дурсан ярьсан юм. Техникумаа төгсөөд энэ ангиас Л.Сосорбарам, Г.Жаргал, С.Балжин, Б.Санждамба, Ж.Эрэнбүү нар нь Анагаах ухааны их сургуульд элсэн мэргэжлээ дээшлүүлжээ. Харин Б.Нинж эдийн засагчаар, М.Батаев Оросод цэргийн сургууль төгсчээ.

Ангиас М.Батаев, Д.Сэвжидмаа хоёр гэр бүл болжээ. М.Батаев нь хоёр жилийн өмнө гавьяат цол хүртсэн аж. Манай ангиас төрсөн ганц хос нь хэмээн хэлж байв. Ангийнхан төгсөөд тал тал тийшээ салаад алга болчихолгүй захидлаар мэнд усаа мэдэлцдэг байж. Хол сумдад ажилладаг байсан учраас тэд захидлаа хүлээн шуудан ирэхэд тосч гүйдэг байсан гэнэ. Шуудан улсын хэмжээгээр мягмар, баасан гаригт ирдэг байжээ. Тус ангийнхан ихэнх нь ажлын гарагаа эхэлсэн газраасаа гавьяаны амралтандаа гарсан нь бас нэгэн онцлог юм. Д.Цэрэнханд нь дөнгөж сургууль төгсөөд нийслэл хотын түргэн тусламжид ажилласаар тэтгэвэртээ гарсан байна. Мөн Д.Сэвжидмаа нь эх баригч эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан аж. Г.Уртнасан нь сургуулиа төгсч Говь-Алтай аймгийн Хөх морьт сумандаа 40 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт суусан байна. Тэрээр 8520 гаруй хүүхэд эх барьж авчээ. Харин Б.Базаррагчаа Улсын Нэгдүгээр төрөхөд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Ч.Аривдаа нь Ховдын Булганд очоод тэндээ насаараа ажиллажээ. Ангийн охидын тал нь алдарт эхийн одонтой хэмээв.

Мөн тэд багш нарынхаа талаар дурсахдаа өдий зэрэгтэй эмч болоход багш нарын минь ач их байсан. Тухайн үед Гипил, эх барих эмэгтэйчүүдийн эмч Дэмид, Наваансандан, Дамдин, хүүхдийн эмч Дуламсүрэн, арьс өнгөний эмч Эрдэнэсан зэрэг багш нар хичээл зааж байв.

Тус ангиас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Уртнасан, Л.Сосорбарам, Ж.Эрэнбуу нар шагнагджээ. Ажилсаг ангийнхан ангиараа “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь бас нэгэн бахархал хэмээн ярьсан юм. Харамсалтай нь тэдний ихэнх нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Үлдсэн хэд нь гавьяаны амралтдаа гарсан байна. “Алтан гадас”-тай ангийнхан ирэх онд төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор 50 жилийн дараа уулзалдах гэнэ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Орчин үеийн жижиг оврын агаарын хөлгийг угсарч, зах зээлд нийлүүлнэ

Дэлхийн зах зээл дээр Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Европын холбооны улсууд болох Чех, Словени оронд орчин үеийн жижиг оврын агаарын хөлгийг угсарч, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. ИНЕГ болон “МИАТ” ТӨХК, ОХУ-ын Новосибирск хотын Сибниа нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион бүтээсэн ТВС-2МС агаарын хөлгийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран угсрах, Бүгд Найрамдах Словени Улсын ‘Pipistrel’ агаарын хөлгийг Монгол Улсад угсрах гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг хийж төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан.

Төслийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ТВС-2МС агаарын хөлгийг дотооддоо угсрахаас гадна Бүгд найрамдах Чех болон Словени улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсрах ажлыг судлаж, хэрэгжүүлэх юм.

Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, мэргэжилтэн Г.Цолмон, “МИАТ”ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын техникийн маркетингийн ахлах инженер Н.Адилбиш нарын албаны хүмүүс Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт ТВС-2МС агаарын хөлгийн анхны загварыг гардууллаа.

Монгол Улсад бага оврын агаарын хөлгийг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, Төрийн зайлшгүй үйлчилгээг алслагдсан сумдад хүргэх боломжтой.Үүнээс гадна бизнес, аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийг хөгжүүлэх, эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын агаарын хөлгийг эрчимтэй ашиглаж нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангарагийн салхины чимээг NASA анх удаа хүн төрөлхтөнд сонсгож байна

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA судалгааны шинэ робот станцаа арваннэгдүгээр сард Ангараг гарагт амжилттай газардуулсан. Уг судалгааны станцын тусламжтайгаар хүн төрөлхтөнд анх удаа алс холын Ангараг гарагийн салхины чимээг сонсох боломж тохиож буй талаар www.theguardian.com мэдээлжээ. Энэхүү станц нь Ангарагийн хөрсний дотор талыг судлах зорилготойгоор хөрсний чичиргээ, доргионыг хэмжих зориулалттай өндөр мэдрэмтгий багаж төхөөрөмж суурилсан байгаа аж. Уг төхөөрөмж арванхоёрдугаар сарын 1-ний өдөр салхины нөлөөгөөр үүссэн агаарын урсгалын чичиргээг бичиж авснаа дэлхий рүү илгээжээ. Судлаачдын тооцоолсноор тухайн үед салхины хурд 16-24 км/цаг орчим байжээ. Гэхдээ салхины чимээг бичих зорилго NASA-д анхнаасаа байгаагүй, энэ нь санамсаргүй тохиолдол байжээ. 2020 онд Ангарагт илгээх дараагийн станц нь өөр дээрээ хоёр микрофонтой байх тул харь гарагийн дуу чимээг бодитоор нь сонсгох ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхий ертөнцийг тэр чинээгээр нь харуулж чадах Go pro “Hero6-4K”

Адал явдал, экстрем аялал сонирхогчдын хамгийн сайн мэдэх бага оврын хэмжээтэй, чанарын өндөр хүчин чадалтай видео камер бол мэдээж “Гө Про”. Шинэ үеийн “Хэро 6” нэртэй хар өнгийн 4 ка үзүүлэлттэй камер зураг, бичлэгийн алийг нь ч маш сайн чанартайгаар хийх боломжтой. Тус камер 4 ка форматаар нэг секундэд 60 зураг дарах чадалтай юм. Зохион бүтээгчдийн мэдээлснээр дэлхий ертөнцийг өөрийн нүдээр олж харсан бүхнээ байгаа тэр чинээгээр харуулж чадах цор ганц камер бол Хэро 6 хэмээн онцолж байна.

Байгалийн ямар ч нөхцөл байдалд ашиглах боломжтой тул хэрэглэгчдийн дунд маш их алдартай төдийгүй нэртэй уран бүтээлчид, кино найруулагчид тус Гө Про видео камерыг ашиглах маш их хүсэлтэй байдаг юм. Ус нэвтрүүлдэггүй тусгай зориулалтын шилэн гэр, элс шорооноос хамгаалсан гэр, доргилтоос хамгаалсан гэр гээд дагалдах хэрэгслүүдтэйгээр худалдаалагддаг. Шинэ үеийн Хэро 6 хар өнгийн гэрт зориулан бүтээсэн ус нэвтрэхээс хамгаалсан гэр усан дотор 10 метрийн гүн дэх даралтыг тэсвэрлэх боломжтой хэмээн онцолсон юм.

Мөн илүү олон төрлийн өнгө ялгаруулах дэлгэцний сайжруулсан технологийг нэвтрүүлж, автоматаар фокс тохируулагч системийн ажиллах хурдыг нэмэгдүүлсэн юм байна. Түүнчлэн дэлгэц нь мэдрэгчтэй болсон тул хүссэн үедээ бичиж байгаа объектоо ойртуулж, холдуулах боломжтой болжээ. Зах зээлд 499 америк доллараас эхлэн борлуулагдаж байгаа юм.