Самсунг компани тав дахь үеийн сүлжээнд холбогдох боломжтой анхны Galaxy Tab S6 5G таблетаа танилцуулжээ. Өмнөд Солонгост өчигдрөөс худалдаалж эхэлсэн тус таблетын үнэ ойролцоогоор 850 ам.доллар аж. Энэхүү загвар нь өнгөрсөн онд гарсан Galaxy Tab S6 таблет дээр суурилжээ. Техникийн хувьд Snapdragon X50 5G модемтой гэдгээрээ онцлог юм байна.
Category: булангууд
БНСУ-ын “Samsung” компани ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулан “үл үзэгдэгч” компьютерын гар хөгжүүлсэн байна. “SelfieType” программ хангамж нь гар утасны урд камерын тусламжтайгаар хэрэглэгчдийн хуруунуудыг таньж “Qwerty” товчлууруудын хаана дарахаас хамааран бичвэр бичих боломжийг олгож байна. Ухаалаг гар утсаар текст шивэхэд товчлуурын хэмжээ жижиг тул зарим тохиолдолд хүндрэл учирдаг бол “үл үзэгдэгч” компьютерын гар уг асуудлыг шийдэх юм. “Samsung” энэхүү шинэ технологийнхоо талаар энэ долоо хоногийн мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо эхэлсэн Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр танилцуулсан байна. Уг үзэсгэлэн энэ сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжилнэ.
У.МӨНХ-ЭРДЭНЭ
БНСУ-ын “Samsung” компани шинэ загварын бүтээгдэхүүнээ ирэх сарын 11-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод танилцуулахаа албан ёсоор мэдэгджээ.
Ажиглагчдын таамаглаж байгаагаар, “Samsung” компани “Galaxy S11”-ийн гурван шинэ загварыг /хэмжээний хувьд/, тэр дундаа эвхэгддэг ухаалаг утсаа танилцуулах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ “Galaxy Note 10”-ын загвар, 5000 mAh зай хураагуур, 108 мегапикселийн камер, “5G” сүлжээ зэрэг нь удахгүй танилцуулах шинэ загварын бүтээгдэхүүнд багтсан гэх шуум дэгдээд байгаа билээ.
“Samsung” компанийн “5G” сүлжээтэй, эвхэгддэг загвар нь энэ оны хамгийн анхаарал татсан ухаалаг утасны нэг байх болов уу. Мөн түүнчлэн гэрэл зурагт хоббитой хүмүүст камерын дэвшил таалагдах нь дамжиггүй юм. “Samsung”-ийн “Galaxy Note 10” болон А цувралын ухаалаг гар утасны борлуулалт сайн байгаатай холбоотойгоор тус компанийн ухаалаг утаснаас олох орлого нэмэхтэй байгаа хэдий ч компанийн нийт орлого хасахтай байна.
Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани цахилгаан хөдөлгүүртэй “eSprinter” ачааны бүхээгтэй тэргээ танилцуулжээ.
Энэхүү шинэ автомашин нь нэг удаагийн цэнэглэлтээр 168 км зам туулах бөгөөд цагт 120 км хурдалдаг байна.
Түүнчлэн хурдан цэнэглэгчийн тусламжтайгаар цахилгаан машины батарейг ердөө хагас цагийн дотор тэгээс 80 хувь хүртэл цэнэглэх боломжтой гэнэ. “Mercedes-Benz”-ийн “eSprinter”-ийн худалдаалагдах үнэ одоогоор тодорхойгүй байна.
Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд маань 21 дүгээр сургуулийг 1999 онд төгссөн 10 “А” ангийнхан оролцож байна. 1989 онд энэхүү ангийг Мааяа багш даан авч байжээ. Тавдугаар ангиас нь Монгол хэл, уран зохиолын багш Л.Эрдэнэчимэг багш авав. Нийт 40 сурагчтай. 22 хөвгүүн, 18 охинтой. Уг анги сургуулиас зохиосон бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, ангиараа сурлага, урлаг, спортоор тэргүүний шилдэг анги байв. Салаа болгон даргатайгаас гадна ангийн дарга Г.Мөнхзул, охидын зөвлөлд Э.Ариунсанаа, Д.Сайнбилэг, даалгавар шалгагч Ж.Болортуяа, А.Соёмбо, А.Ариунтөгс, ариун цэвэр сахиулагч Э.Бямба, Б.Болор, М.Болортуяа, цэцэг арчлагчаар М.Эрдэмбилэг, С.Наранбаатар нар ажилладаг байжээ. Э.Ариунсанаа зургадугаар ангидаа, Г.Энх-Амгалан долдугаар ангидаа, сургуулийнхаа тэргүүний сурагчаар шалгаран жил дараалан энэ л ангийн сурагчдын зураг сургуулийн “Хүндэт самбар”-т заларчээ. Мөн наймдугаар ангидаа “Сургуулийн 40 жилийн ойн уралдаан”-д түрүүлэн, ангиараа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, 6, 7, 10 дугаар ангидаа “Сургуулийн тэргүүний анги”, урлагийн үзлэгийн аварга, Сагсан бөмбөг, волейболын тэмцээний сургуулийн аварга гээд сургуулийнхаа бүхий л үйл ажиллагаанд аваргыг л авдаг адтай анги юм. Ангийн багш Л.Эрдэнэчимэг ярихдаа “Би энэ жил 34 дэх жилдээ багшилж байна. Энэ анги минь 21 дүгээр сургуульд шилжин ирээд авсан анхны анги. Бага ангийн багш нь Мааяа гэж маш сайн багш байсан юм. Сайн багш байсан учир суурийг нь их зөв тавьж өгсөн. Суурь сайтай болохоор хичээлдээ бүгд жигд, идэвх чармайлттай, суугаад сурчихсан. Зөв бичих дүрмийн алдаа маш бага гаргадаг ажиллахад их амар хүүхдүүд байсан. Туршлагатай багш дээр хөгжчихсөн хүүхдүүд орж ирж байлаа. Аливаа зүйлд санаачилгатай, эцэг эхчүүд нь ч сургууль, багшийн ажилд тусалж дэмждэг. Бусад ангиудаа бүх талаараа тэргүүлдэг, сургуулийн соёлч анги байлаа” гэв. Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд болдог “Авьяас, чадвар”, Найрал дууны тэмцээнд байнга түрүүлдэг хамт олон байжээ. Ж.Болортуяа ярихдаа “Манай анги сургуулийн бүх л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нийтэч, тусч жигд анги байлаа. Энэ бүхнийг ангийн багш минь холбон зангидаж өгнө. Багш маш чанга, ангийнхнаа удирдан чиглүүлэхдээ гарамгай. Хувцас, зангиа, дуу гээд бүхий л зүйлээр жигдрүүлнэ. Багш нар манай ангид орж ирэх дуртай. Ангиа байнга цэвэрлэнэ. Цэцэг их тарина. Ангиа маш гоёор тохижуулна. Анги даасан багш маань Монгол хэл, уран зохиолын багш байсан болохоор дэлхийн болон Монголын алдартай зохиолчдын зургийг ханандаа өлгөнө. Бүх хүүхдүүд цагаан цамц, зангиатай. Сургуулийн үлгэр жишээ анги байлаа” гэв. Наймдугаар ангид байхад нь сургууль дээр “Байгалийн ухааны гүнзгий анги” анх удаа нээгдэж, манай анги тэр чиглэлээр явах болсон. Математик сэтгэлгээ сайтай байсан учир математикийн анги болсон. Математикийн Болормаа багш нь ч тэргүүний ангитай сайн ажилладаг байсан гэнэ. Д.Оюунгэрэл ангийнхаа тухай дурсахдаа “Сургуулийн урлагийн үзлэгт манай ангийнхан өдөр шөнөгүй бэлдэнэ. Шөнийн 00:00-01:00 цаг хүртэл ангидаа давтана. Шөнө эцэг эхчүүд нь сургуулийн үүдэнд ирчихсэн хүүхдүүдээ хүлээгээд сууж байна. Манай ангийн эцэг эхийн хурал сумын клубын лекц шиг болно. Эцэг эхийн хуралд ирдэггүй хүн гэж үгүй. Нөгөө ангиудын эцэг эхийн хуралд хэдхэн хүн сууж байхад манай анги дүүрчихсэн. Хүүхдүүдтэйгээ цуг хийвэл заримд нь суух суудал олдохгүй. Ээж, аавууд маань хүүхэдтэйгээ зэрэг сурдаг тийм л идэвхтэй хүмүүс байв” гэлээ. Ангийн тэргүүний сурагч нь М.Тэмүүжин. Дуулна, бүжиглэнэ, уран уншина, сагсан бөмбөг волейбол тоглоно, бичгийн хэв сайтай бүхий л талаараа өв тэгш байж. Э.Ариунсанаа, Г.Энх-Амгалан сургуулийн шинэ жил болгоноор шинэ, хуучин он болдог, сургуулийн бүх арга хэмжээг хөтөлдөг хөтлөгчид. Ангийн сурагч Д.Баярхүү ярихдаа “Манай ангид хичээл тасална, хоцорно гэдэг ойлголт байхгүй. Хичээлдээ мэриймтгий хүүхдүүдтэй. Манай ангийг төгссөн ихэнх хүүхэд дээд сургуульд орсон. Тухайн үедээ хамгийн олон төгсөгч дээд сургуульд орсон анги болж байлаа. Ц.Цэрэнбат гэж манай ангийн сайхан дуулдаг хөвгүүн сургуулийн дууны аварга байсан юм. Ангийнхан хоорондоо их нөхөрлөнө” гэлээ. Тэр үеийн эрэгтэй хүүхдүүдийн нөхөрлөлийн талаар Т.Эрдэнэхуяг ийнхүү дурсав “Манай ангийнхан хоорондоо их дотно. Зодолдож маргалдаад байдаггүй. Ангийн гурван хүү өөрсдийгөө “Шадар гурван цэрэг” гээд нэрлэчихсэн. Багшийн баруун гар болдог байлаа. Энх-Амгалан, Мөнхзул, Анхбаяр нарын нөлөө ангид их байсан. Тэдний нөлөөгөөр ангийнхан нийтэч байдаг байлаа” гэв. Тэр үеийн хүүхдүүд “Дошны атаман” гэж өөрсдийгөө дөвийлгөх дуртай. Харин энэ ангид атаман гэж байгаагүй ажээ. Д.Отгонбаяр дошны атаман ч ангидаа орохоороо ангийнхаа нэг хэсэг нь болдог. Ангиасаа гараад атаманаа хийнэ. Ангийнхнаа дээрэлхсэн хүүхдүүдээс өмөөрнө. Тиймээс ангид нэгнийгээ ялгаварлах, дээрэлхэх зүйл огт байгаагүй. 21 дүгээр сургууль хавьдаа атаман ч ангидаа маш эелдэг, охидтойгоо зөөлөн харилцаатай хүү байсан гэж ангийнхан дуу нэгтэй ярив. Эрдэнэбилэгт, Цогтсайхан, Мянганбуу нар илүү дотно нөхөрлөдөг найзууд байж. Хоорондоо их эвсэг, элэгтэй хамт олон байсан нь одоо ч сургуулийнхаа үлгэр жишээ ангиар жишээ болгон яригддаг юм. 6 “А” анги байхад нь Ж.Энхсанаа ангид шилжин ирснээр эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгардаг асуудал үгүй болжээ. Энэ тухай Г.Намжил ярихдаа “Энхсанаа шилжиж ирээд манай ангийн уур амьсгал нийтэч сайхан болж ирсэн. Яагаад гэвэл тэр үед охид, хөвгүүдээрээ их ялгарна. Санаа хэзээний л охидтой суучихсан, гарнаас нь барьчихсан, тэвэрчихсэн эвсэг найрсаг харилцаатай байж билээ. Тэгээд л манай ангийнхан эр, эм гэж ялгархаа больсон. Тэр үеийн хүүхдүүд одооных шиг нээлттэй биш, заагтай байлаа. Тэр заагийг Санаа маань арилгаж өгсөн юм” гэлээ. Тэрбээр ангийнхаа охидыг “Намайг үнсвэл зайрмаг авч өгнө шүү” гээд ангийн уур амьсгалыг инээдээр чимдэг ангийн нэгэн хэсэг байжээ. Э.Шинэбаяр ангийнхныхаа тухай ярихдаа “Манай багш нийгмийн идэвхтэй бай гэж их хэлдэг байсан. Тиймээс манай ангийнхан одоо ч орсон салбар бүртээ идэвхтэй манлайлагч нь болсон байна. Гадаадад ажиллаж амьдардаг хүүхдүүд маань тэндээ идэвхтэй сайн сурч, тэргүүлэгчид нь болжээ. Энэ бол багшийн тавьж өгсөн суурь байх. Ямар ч зүйлд сэтгэлээсээ ханд, нийгмийн идэвхтэй бай гэж хэлдэг үг нь одоо ч бидний өөртөө хэлдэг үгс юм” гэлээ. Хүнийг анхааралтай сонсох, эгц өөдөөс нь харж ярих, цэгцтэй байх ухааныг ангийнхаа багшаасаа л сурчээ. Ангийн даргын үгнээс хэн ч зөрөхгүй. Ангийн даргын үг ангийн багшийн үг. Багшийн үг хууль гэдэг зарчмаар энэ ангийнхан хүмүүжсэн. 21 дүгээр сургуульд ангийн фондыг анх үүсгэсэн, ангийн засварыг сургуулиас хамгийн түрүүнд хийдэг, хамгийн тохижилттой, сургуульд анх улавч өмсөж ордог, шалаа хулдаасалсан, ангийн хаалгыг анх өөрчлөн солиулсан, ангийнхаа хойд ханыг одоогийнхоор эко болгон байгалийн зураг зуруулж тохижуулж байсан үлгэр жишээ анги байв. Тэр үед шинээр гарсан нийтийн дуу болгоныг ангийнхандаа багш нь зааж өгнө. Хичээлийн дундуур хүүхдүүд нозоорсон, хичээл хийх сонирхолгүй болсон байхыг багш анзаараад “За бүгдээрээ тэр дуугаа дуулъя” гэхэд бүгд босоод дуугаа дуулна. Тэгэхээр хичээл хийх идэвх нь нэмэгддэг байж. 1,2,3 гэсэн командаар ангиас гарч орно. Хагас цэрэгжилтийн байдалтай диктатуртай анги байснаа хүүхэд бүр дурсан сууна. Ангийн сурагч Н.Нарангарав багшийнхаа тухай ярихдаа “Манай багшийн ганц имиж нь улаан уруулын будаг. Одооч улаанаар уруулаа будсан байна. Унтахдаа ч улаанаар уруулаа буддаг байж магадгүй. Би багшийг уруулаа будаагүй байхыг ер харж байгаагүй. Анх анги дааж аваад л бидэнд сургаж байсан. Эмэгтэй хүн өмд өмсөх хэрэггүй гэж. Би багшийг өмдтэй байхыг хараагүй. Би ч бас багаасаа багшийн зааснаар ч тэр юмуу өмд барагтаа л бол өмсдөггүй” гэв. Ангийнхан нэгэндээ маш их тусална. Хэн нь хэнийгээ ялгаж харьцдаггүй. Баян ядуугийн ялгаа байгаагүй анги байсан гэдгийг ангийн багш дахин дахин хэлж байв. Аравдугаар ангиа төгсдөг жил нь ангийн багш нь жижигхэн байшин барихад ангийнхан нь хонхны баярынхаа урьд өдөр багшдаа туслан хөвгүүд нь байшингийнх нь суурийг цутгаж, охид нь ус зөөж, хоолыг нь хийж тусалж байжээ. Ангийнхан төгсөж байгаа болохоор эцэг эхчүүд бэлэг авч өгье гэхэд нь багш бэлэг хэрэггүй гээд байшин барьж байгаагаа дуулган, барилгын материал бага багаар хандивласан байна. Манай байшин ангийнхны минь хүч хөдөлмөрөөр л боссон гэж багш нь хүүхдүүддээ баярлаж явдгаа онцгойлон хэллээ. Сурагч Э.Ууганбаяр ярихдаа “Манай ангийнхан нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, байнга нэгэндээ анхаарал тавьдаг, асууж сурж байдаг хамт олон байлаа. Ангийн маань нэг охин өнчин, эмээтэйгээ л амьдардаг. Түүнд хувцас, хичээлийн хэрэглэл гээд байгаагаа хуваалцана. Бас нэгэн хүүхдийн ээж нь хүнд өвчнөөр өнгөрч, манай ангийнхан байнга эргэж тойрдог байлаа” хэмээн дурсав. Мөн энэ ангид Б.Бадамжав, Д.Чинтамир, Р.Ганхуяг, Ш.Мөнхсүрэн, Б.Бат-Өлзий, Б.Мөнхбат, Ш.Батзориг, Б.Оргилболд, М.Тэмүгэ, З.Ууганбаяр, М.Болортуяа зэрэг шилдэг хүүхдүүд суралцдаг байлаа.
Одоо энэхүү ангиас Г.Мөнхзул, Э.Ариунсанаа, М.Хэрлэнцэцэг, Ч.Ганцэцэг, С.Ариунзаяа, Н.Гаваасүрэн нар гадаадад ажиллаж, амьдардаг. М.Тэмүүжин Гранд мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч, Ачит эх анагаахын дээд сургуулийг төгсөөд дараа жил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн олгодог “Шилдэг залуу эмч” шагналыг хүртэж байв. Мөн Ц.Цэдэвсүрэн ходоодны эмч болсон. “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонтой Ж.Найрамдалмаа, Б.Даваасүрэн нар хоёулаа долоон хүүхэдтэй. Хоёрдугаар одонтой Т.Жавзанпагма, Д.Оюунгэрэл, Э.Бямба, Ч.Батчимэг нар бий. Ж.Энхсанаа үндэсний үйлдвэрлэгч компани байгуулан ажиллаж байгаа. Plus брэндийг үүсгэн байгуулагч. Тэрбээр ярихдаа “Би арван жилд байхдаа ангийнхаа санхүүг барьдаг, санхүүч нь байлаа. Мөнгө хураадаг ажлыг л хийдэг. Манай анги бага ангид байхаасаа л фонд үүсгэсэн. Тэр мөнгөөрөө нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, нэгэндээ тусалж дэмжих бүхий л ажлаа зохион байгуулна. Тэр суурь явсаар байгаад одоо санхүүч болсон байх. Одоо хувийн санхүүгийн зөвлөх хийнэ, байгууллагуудад санхүүгийн зөвлөгөө өгнө. Хувийн санхүүгээ яаж удирдах зэргийг зааж зөвлөх ажил хийдэг” гэв. Сүүлийн жилүүдэд ангийн групп хуудас нээгдэж, харилцаа холбоо байнга тогтоон нэгнийгээ асууж, зовлон жаргалаа хуваалцан байнгын харилцаатай байгаа эргэх холбоо сайтай анги. 21 дүгээр сургуулийн хуучин барилгыг 2017 онд буулгаж, энэ жилийн аравдугаар сард шинээр барин ашиглалтад оруулжээ. Тиймээс анги төгсөлтийн хорин жилийн ойгоо хойшлуулан ирэх жил хийхээр төлөвлөж байгаа юм байна. 21 дүгээр сургуулийг төгссөн 21 жилийн ойгоо 2020 онд хийхээр болсноо манай сониноор дамжуулан ангийнхандаа уламжлав. Тиймээс ирэх жил ангийнхантайгаа уулзах ерөөл тавин ангийн удирдлагын зүгээс урилгаа илгээж буй нь энэ юм.
Гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөрөө дэмжих зорилготой “Бизнесийн инкубатор хөтөлбөр”-ийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ.
Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад орших аж.
Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор шийдвэрлэж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэж, үг хэлэв.
Тэрбээр, Танд болон танаа хамт олон, судлаачдын багт дахин баяр хүргэж, эрдэм судлалын их ажилд нь амжилт хүсье. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм. Тус бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргасан нь энэхүү бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг илтгэн харуулж байгаа юм.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт гарч байгаа дэвшилтэт, шинэлэг ажлууд, эрдэмтэн мэргэдийнхээ шинэ мэдлэг, оюуныг бий болгох хичээл зүтгэлийг дэмжиж хамтран ажиллах болно гэлээ.
Академич Б.Бямбаа хэлэхдээ уг шагнал нь шинжлэх ухаанчдад урам зориг, итгэл хүлээлгэж байна гээд, Төрөөс шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж, салбарын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, салбарын сайд нарт талархал илэрхийлээд, хичээн ажиллана гэсэн юм.
“Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлийн мөн чанар нь нэг нь нөгөөгийнхээ үр дүнг нөхөн улам бүр лавшруулан залгамжит байдлыг хангасан иж бүрдэл, үйлчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэлийг үйлдвэрлэх хэд хэдэн цуврал технологийг бий болгосонд оршино.
Монгол Улсын мал сүрэгт шимэгчлэн амьдарч үхэл хорогдол, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54, дотор 178, нийт 232 зүйлийн шимэгчээр үүсгэгддэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгохдоо тэдгээр шимэгчдийн биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлж, амьдралыг нь малын бие махбодид таслан зогсоох онолын шийдлийг олж тогтоосон явдал юм.
Малын гадар, дотор паразитийг устгах, тэдгээрээс сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулан туулгах үйлчилгээтэй “Альмонзол” бэлдмэлүүдийн технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн тэргүүний түвшинд зохион бүтээгдсэнийг Монгол Улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораторид хянан магадлагаа хийж тогтоожээ.
Энэхүү технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөдрийн түвшинд бий болсон түүхий эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм бэлдмэлийг зохион бүтээх орчин үеийн технологи, техник хэрэгсэл, ноу-хауг ашигласнаараа хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдалгүй, экологийн хувьд цэвэр технологи болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Данийн эрдэмтэд чулуун зэвсгийн үеийн хус модны давирхайнаас түүнийг бохь болгон зажилж байсан хүний мэдээллийг генетикийн аргаар сэргээж чадсанаа өчигдөр зарлажээ. Уг “бохь”-нд 5,700 орчим жилийн өмнө амьдарч байсан хүнийг тодорхойлоход хангалттай генетикийн материал хадгалагдаж байсан гэнэ. Судалгааны үр дүнд давирхайг зажилж байсан хүн нь Европын эх газраас Скандинавын хойгийн төв хэсэгт нүүдэллэн амьдарч байсан хүмүүсийн нэг байсныг тогтоожээ.
Мянга мянган галактикуудын гайхамшигт дүр төрхийн дундаас онцгойрон харагдах энэхүү галактик нь, уртаас урт урсгал татуулан сансарын уудамд уралдаж буй мэт оддын хөврөлөөр ер бусын харагдах аж.
Эх сурвалж:
ШУА-иас эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс дахин олгохоор боллоо.
Энэхүү шагналыг олгохдоо ШУА-ийн шагнал олгох журмын дагуу эрдэм шинжилгээний ажилтны мэргэжлийн ур чадвар, судалгааны ажлын онол арга зүйн түвшин, хэрэглээний ач холбогдол, үр дүн, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан Тэргүүлэгчдийн хурлаар сонгон шалгаруулдаг байна.
Өнөө жил “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач”-ийн шагналд 6 хүрээлэнгийн 12 судлаач нэр дэвшжээ.
Эдгээр судлаачдаас ШУА-ийн ФТХ-ийн төслийн удирдагч, доктор (Ph.D) Г. Сэвжидсүрэн “Шилдэг судлаач”-аар, ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц.Золзаяа “Шилдэг залуу судлаач”-аар тус тус тодорлоо.
Дашрамд дурдахад, ШУА-иас олгодог энэхүү шагнал 11 жил завсардаад байсан юм. Энэ үеэр мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг угтаж шинжлэх ухааны салбарын зарим эрдэмтэн судлаачдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулж өгсөн юм.
“Шилдэг судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн нь МУИС-ийн Байгалийн ухааны Факультетийг химич, химийн багш мэргэжлээр төгссөн. “Ширмэн бүтээгдэхүүний физик химийн судалгаа” сэдвээр химийн ухааны магистрын зэрэг, МУИС-ийн Хими, физикийн хамтарсан эрдмийн зөвлөлд “Протон солилцооны мембрант түлшний элементийн процессийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Материал судлалын салбарын эрхлэгч, тус хүрээлэнд 25 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.
Доктор Г. Сэвжидсүрэн нь сүүлийн 4 жилийн хугацаанд физикийн ухаанаар 2 магистр, физик, химийн ухаанаар 2 докторант оюутны судалгааны ажлыг удирдаж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна. Тэрбээр БСШУСайдын нэрэмжит докторын дараах грант, БСШУЯ-ны Цөм технологийн төслийн уралдаанд шалгарч, төсөл хэрэгжүүлсэн, Литийн ионы батарейн 2 лаборатори шинээр байгуулсан, ашигтай загварын гэрчилгээ авсан, “ШУТИнноваци-2018” үзэсгэлэнгийн “Шилдэг бүтээлийн шагнал”-тай, ЕБС-ийн Физик 1, 2 номын редактораар ажиллаж, хэрэглээнд нэвтрүүлсэн, 2 магистр, 2 доктор удирдан хамгаалуулсан, сүүлийн 5 жилд 30 гаруй ЭШӨ хэвлүүлснээс ОУ-ын IF сэтгүүлд 15-ыг хэвлүүлсэн, ишлэлийн тоо 34 байна.
“Шилдэг залуу судлаач” шагнал хүртсэн ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ц. Золзаяа нь 2007 онд ШУТИС-ийг Химич, химийн технологич мэргэжлээр, 2011 онд “Вольфрамитын баяжмалаас механохимийн идэвхжүүлэлтээр вольфрамын оксид гаргах авах судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, 2019 онд “Монгол орны дулааны цахилгаан станцын үнс ашиглан геополимер төстэй барилгын материал гарган авах судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ХХТХүрээлэнд 11 дэхь жилдээ ажиллаж байна.
Докторын судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон. Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалуудыг гарган авахад цемент хэрэглээгүй нь зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг маш олон давуу талтай ажлууд болсон байна. Тухайлбал:
-Хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна
-Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай
-Бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага зэргийн дурдаж болохоор байна.
Ажиллах байх хугацаандаа номын бүлэг 1, патент 2, стандарт 2, ЭШӨ 17, үүнээс гадаадад 8, эрдэм шинжилгээний илтгэл 19, үүнээс гадаадад 8, технологийн заавар 2-ийг гаргасан бүтээлтэй байна.