Монгол улсын шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр”, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж нэгдүгээр сарын 26-нд санамж бичиг үзэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хооронд сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлт, түншлэлийг хөгжүүлэх явдал юм.
Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх юм.
Гурван байгууллагын ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөнд дараах зургаан багц ажил тусгагджээ. Үүнд:
1.Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийх, шинэ мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
2.Монгол улсын эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд геологи, уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, инновацын судалгаа хөгжүүлэлт;
3.Химийн үйлдвэрлэл-байгаль экологид ээлтэй хаягдлын аж ахуйд чиглэсэн судалгаа хөгжүүлэлт;
4.Эрчим хүчний ханган нийлүүлэлт, хэмнэлтийн судалгаа хөгжүүлэлт;
5.Дижитал технологид тулгуурласан их өгөгдөл, мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох судалгаа хөгжүүлэлт;
6.Нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хүний сэтгэлгээний онцлог, төлөвшил, соёлын суурь судалгаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын соёлын судалгаа хүний нөөцийн менежментийн судалгаа хөгжүүлэлт
Санамж бичгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Эрдэнэт үйллвэр ТӨҮГ”-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар үзэглэлээ.
Тэднээс гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, гарах үр дүнгийн талаар ийн ярилаа.
Д.РЭГДЭЛ: БИД МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ ГАРЦ НЭЭХ АМБИЦТАЙ ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Өнөөдөр 3 байгууллага хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурж албажууллаа. Манай 3 байгууллага дундаасаа ажлын хэсэг гаргаад нэлээд судалгаа хийж энэ хөтөлбөрөө боловсруулж гаргасан. Маш шинэлэг маягийн хөтөлбөр гэж бид үзэж байгаа. Сургалт, судалгаа инноваци, үйлдвэрлэл гэсэн 4 том хүрээг хамарсан үйл ажиллагааг 3 том байгууллага яаж явуулах вэ гэдэг ерөнхий төлөвлөгөөгөө одоо ажлын хэсэг гаргаад хөрөнгө мөнгөө зоогоод ажил эхэлнэ. Энэ хөтөлбөрт тусгагдсан 6 багц ажил байгаа. Үүнээс зарим тодорхой ажлууд гарын үсэг зурахаас өмнө эхлээд явж байгаа. Цаашдаа эрчтэй хүчтэй явна гэж тооцож байгаа. Хөтөлбөр 2 шаттайгаар 5 жил үргэлжилнэ. Мэдээж хэрэг 6 багц ажил дотор 3 байгууллага, аль нэг багцад нь аль нэг байгууллага нь илүү оролцоотой, эсвэл гурвуулаа хамтарсан оролцоотой ажлууд явагдаж таарна. Жишээ нь сургалтын асуудлууд, цаашид шинээр байгуулагдах баяжуулах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ажил мэдэээ хэрэг ШУТИС илүү оролцоно. Үйлдвэрийн шинэ технологи боловсруулах ажлуудад ШУА-ийн хүрээлэнгүүд илүү оролцоотой байж таарна. Үйлдвэрийн хүдэрийн нөөц, тэрнийг нэмэгдүүлэх баяжуулах ажлуудыг мэдээж “Эрдэнэт үйлдвэр” өөрөө илүүтэй оролцоод явна.
Бидний гол зорилго бол өнөөдрийн Монгол улсын хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн гурван байгууллага хамтраад хөгжлийн нэгэн цоо шинэ гарц нээх том амбицтай хөтөлбөр эхлүүлж байгаа. Энийг хэрэгжүүлэхийн тулд өөр өөрийн нөөцөд тулгуурлаж идэвхи санаачилгатай ажиллаж чадвал энэ маань улсын хөгжлийг цаашдаа шинэ өнгө аяс шинэ агуулгаар баяжуулаад явах болов уу гэсэн хүлээлт байна.
Х.БАДАМСҮРЭН: СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ АМЬД ХОЛБООГ БЭХЖҮҮЛСНЭЭР УЛС ОРОНДОО ӨГӨХ ҮР ӨГӨӨЖ ДЭЭШИЛНЭ
Энэхүү хөтөлбөрийг товч дүгнээд хэлбэл хөгжлийн төлөө хөтөлбөр, хүний төлөө хөтөлбөр гэж хэлмээр байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, үйлдвэрлэлийн ажил хийгдэнэ. Энэ бүхэн инновацид суурилж явагдана. Ялангуяа “Эртэнэт үйлдвэр”-ийн цаашдын хөгжил дэвшил бол инновацид суурилж үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог хангаж байж, үр дүнд хүрэх ёстой. Энэ нь үр дүнтэй болдог гэдгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон өнгөрсөн 2020 онд харуулсан. 2020 оныг бид шинжлэх ухаанд суурилсан эрчимтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх он болгон зарлаад ажилласан. Үүний үр дүнд бид түүхэндээ хамгийн их буюу 32,5 сая тонн хүдэр олборлолоо.
Мөн өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалт буюу 650 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн их баялаг бүтээсэн жил болсон. Бид 2020 онд улс, орон нутгийн төсөвт оруулдаг орлогоо түүхэндээ анх удаа нэг их наядыг давууллаа. Энэ бол үндсэндээ газрын хэвлийдэх байгалийн баялгийг ашиглаад үндэсний баялаг бүтээж байна гэж уурхайчид бид үздэг. Өнөөдөр гарын үсэг зурж хамтын ажиллгааны хөтөлбөрийг баталгаажуулж байгаа 3 байгууллагад аль алинд нь давуу тал бий. Мэдээж аль алинд нь цаашид илүү сайжруулах чиглэлүүд байгаа. Үүнд бид хүчээ нэгтгээд ажиллах юм бол их үр дүн гарна гэж бодож байна. Эцсийн дүнд сургалт, үйлдвэрлэл, шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлснээр улс орондоо өгөх үр өгөөж дээшилнэ. Үүний үр дүнд бид зөвхөн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлээд зогсохгүй, ялангуяа оюутан, сурагчид, залуу судлаачдын ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. Тэгснээр залуучуудын үнэлэмж нэмэгдэнэ гэж бид ойлгож байгаа. Үйлдвэрлэлийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр баяжуулах үйлдвэр. Цаашдаа боловсруулах үйлдвэр байгуулах, метал ургийн чиглэлийн, химийн чиглэлийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал чухал. Газарзүйн байршил, далайд гарцгүй гээд аль аль талаасаа бодоод үзэх юм бол монголд ажиллаж байгаа үйлдвэрүүд, ялангуяа уул, уурхай эрдэс баялгийн чиглэлийн үйлдвэрүүд аль болохоор овор, хэмжээ багатай, үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой. Энэ хөтөлбөрийн дагуу сургалт, судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл, шинжлэх ухааныг хослуулаад ажилласнаар ямар үр дүнд хүрнэ гэдгээ бид ерөнхийд нь төсөөлж байгаа. Их сайн үр дүн гарна. Магадгүй энэ хөтөлбөр цаашдаа хэрэгжээд явах шаардлагатай нэн тэргүүний ажил болох байха. Шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл, “Эрдэнэт үйлдвэр” ямар ч байсан энэ ажлыг эхлүүлж байна.
Энэ ажил зөвхөн гэрээ байгуулсан 3 байгууллагад ажилладаг хүмүүсээр хязгаарлагдахгүй. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” бол үйлдвэрлэлийн газар. Энэ үйлдвэрлэл дэргэдээ мөн технологийн сургуультай, шат дамжлагаар нь аваад үзвэл шинжлэх ухааны чиглэлийн судалгаа явуулах, шинжлэх ухааны бүтээл туурвих өөрөөр хэлбэл үйлдвэрлэл шинжлэх ухааны, сургалтын том талбар гэж ойлгож байгаа. Энэ талбар дээрээ бид хүчээ нэгтгэж ажиллахын төлөө энэ хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Баяртай байна. Бид хэрэгжүүлж сайн үр дүн гаргана.
Б.ОЧИРБАТ: МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГЫН 3 ЧУЛУУ БОЛЖ УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ БАЙНА
ШУТИС байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын аж үйлдвэрийн салбарт тэр тусмаа геологи, уул уурхайн салбарт үндсэний дээд боловсролтой, инженер технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг аваад үзсэн ч Оюутолгой болон бусад томоохон үйлдвэрийн газруудад гол ачааны хүндийг ШУТИС-ийн төгсөгч инженерүүд үүрч байгаа. “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер гэхэд ШУТИС-ийн төгсөгч байх жишээтэй. Бид өнөөгийн шинжлэх ухаан технологийн асар хурдтай хөгжлийг дагаад шинжлэх ухаан, техник технологи үйлдвэрлэлд нэвтэрч, шинэ үр дүн авчрах цаг гарцаагүй тулгарч байна. Тиймээс бид энэ хөгжлийн хурдаас хоцрохгүй, шинэ мэргэжилтнийг, шинэ хөтөлбөрөөр бэлтгэж, богино хугацаанд захиалгаар гаргах явдал чухал болоод байна. Ер нь манай 3 байгууллага бол хоёр талт хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ удаа гурвалсан хамтын ажиллагаа, гурвалсан хөтөлбөр байгуулсны гол утга учир нь бид монгол улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоон хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үндэсний өндөр чадавхитай инженер технологийн шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэхэд, энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хичээж байгаа явдал юм. Ингэснээр мэдлэгт суурилсан эдийн засгийн тулгын 3 чулуу болж манай гурван байгууллага улс орныхоо хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх зорилт тавьж байна.