Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Зохион бүтээгчдийн бүтээлчээр өөрчилсөн өвөрмөц бүтээлүүд

Техник, технологи хөгжихийн хэрээр энгийн зүйлсийг илүү бүтээлчээр урлах шинэ хэв маяг дэлгэрч байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд дан гагц хэрэглээ гэдэг ойлголтоос давсан бүтээлч ажлууд болж чаджээ.


1. Үүлэн тааз

2. Наймаалжин тосгуур

3. Луутай ваар

4. Хагарч байгаа мэт харагддаг гэрэл


5. Хүүхэлдэйн байшингийн хэлбэртэй компьютер

6. Гавлын ясан суултуур

7. Энгийн нэгэн бөмбөрийг ийм болгожээ

8. Халбага, сэрээ, оо сойзны савыг ингэж өөрчилж болох юм.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple”, ”Samsung” компани энэ сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Ухаалаг гар утас, технологийн тэргүүлэгч “Apple”, ”Samsung” компаниуд энэ сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ. “Apple” компанийн хувьд энэ оны хамгийн анхны бүтээгдэхүүнээ дөрөвдүгээр сарын 20-н өдөр танилцуулах юм байна. Шинэ бүтээгдэхүүнүүд нь “iPad Pro”, “iPad mini”, “Airpods”-ийн шинэчилсэн загварууд байх аж.

Шинэ бүтээгдэхүүн танилцуулах ажиллагаа Калифорнийн Купертино дахь “Apple Park”-т цахим хэлбэрээр зохион байгуулагдах юм.

“iPad Pro”-ийн шинэ загвар нь өндөр нягтаршил бүхий LED дэлгэцтэйгээр онцлог байх бол шинээр гарч буй “iPad mini” нь өмнөхөөсөө илүү жижиг хүрээтэй, том дэлгэцтай байх юм байна. Харин “Airpods 3”-ийн хувьд ухаалаг мэдрэгчтэй, орон зайн аудио дэмжлэгтэй гэдгээрээ онцлог аж. Түүнчлэн “MacBook Pro”, “MacBook Air” –ийн шинэ хувилбарууд өндөр хүлээлттэй байгаа ч энэ удаа танилцуулагдах эсэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл “Apple”-ийн өрсөлдөгч “Samsung” мөн энэ сарын 28-нд цоо шинэ бүтээгдэхүүн болох хамгийн хүчирхэг “Galaxy”-г танилцуулахаар төлөвлөжээ. Цахим хэлбэрээр зохион байгуулагдах “Galaxy Unpacked” арга хэмжээнийхээ үеэр “Galaxy” загварын шинэ гар утаснуудаас гадна зөөврийн компьютерууд танилцуулж магадгүй байна.

Тус компани “Galaxy Book Pro” болон “Pro 360” зөөврийн компьютеруудаа хөгжүүлж байгаа гэж “SamMobile” цахим хуудас өмнө нь мэдээлж байв. Эхний загвар нь “LTE” модемтой хувилбараар гарч байгаа бол хоёр дахь нь “5G” сүлжээг дэмждэг төхөөрөмжтэй байх аж. Үүнээс гадна “Samsung” компани “Galaxy Z Fold 3”, “Galaxy Z Flip 2” эвхэгддэг гар утаснуудаа танилцуулах төлөвтэй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ШУА: Газрын тосны олборлолтын улмаас газар хөдлөлт идэвхжсэн

Шадар сайд С.Амарсайхан газар хөдлөлийн эрдэмтэдтэй уулзаж байна.

ШУА-ийн Одон орон, геофикийн хүрээлэнгийн эрдэмтэд газрын тосны олборлолтын улмаас газар хөдлөлт идэвхжлсэн талаар мэдээлэв.

Энэ онд манай улсад хэд хэдэн удаа хүчтэй газар хөдлөлт болсон. Тэдний зарим нь гаж шинжтэй байгааг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд дүгнэв. Иймд нүүдлийн станцуудынхаа тоог нэмэх шийдвэр гаргажээ. Суурин станцуудын байршлаас газар хөдлөлийн цэгээс хол байсан нь тоон мэдээлэл цуглуулахад хангалтгүй гэв.

Дорнод аймгийн Матад, Халх гол суманд гарч буй газар хөдлөлтийн идэвхжлийг судалсан байна. Доктор М.Өлзийбат дараах мэдээллийг өгөв.

Энэ онд энэ бүсэд гаж гэмээр газар хөдлөлтүүд боллоо. Өнгөрсөн онд 10-аад удаа газар хөдөлжээ. Хамгийн хүчтэй нь 5 орчим балл байжээ. Нэг жилд арван удаа газар хөдөлсөн нь аюул байгааг харуулж байна. Байршлыг нь харахаар дандаа газрын тосны олборлолтын талбайд болсон.

Газрын тосны газартай хамтран ажиллаж, Петро чайна дачин тамсаг компаниас мэдээлэл авсан, уулзсан. 2020 онд энэ бүсэд газрын хөдлөлийн идэвхжил хамгийн оргил цэгтээ хүрчээ. Тус компани 2019 онд газрын гүн рүү ус шахах технологио идэвхжүүлсэн юм билээ. Шахсан усаар газрын тосыг дээш нь хөөргөдөж гаргадаг. Доошоо шахсан ус газрын гүн рүү нэвчинэ. Энэ ус хагарал руу орсон байх магадлалтай. Ийм үед нүх сүвийн даралт үүснэ. Улмаар газрын хагарал хөдөлгөөнд орж эхэлдэг. Үүний улмаас газар хөдөлдөг.

Ирэх есдүгээр сар гэхэд өнгөрсөн хугацаанд ойр ойрхон болсон, газар хөдлөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж бүрдэнэ” гэв.

Манай улсын зүүн өмнөд бүсэд болсон газар хөдлөлтүүд газрын тосны бүсэд хамаарна. Тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын олборлогч компаниудаас ямар технологиор, хэдий хэмжээний ус ашиглан газрын тос олборлож байгааг судалжээ. Ингээд дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

Өнгөрсөн зуунд магнитуд 8–тай газар хөдлөлт манай улсад дөрвөн удаа, 6-тай газар хөдлөлт 20 орчим удаа болжээ. Баруун бүсэд газар хөдлөлт илүү идэвхтэй байдаг. Дэрэнгийн хагарлыг судлахад 1350 жилийн өмнө тогтсон. Нийт урт нь 30 км үргэлжилсэн. Энд 6-7 магнитудын газар хөдлөлт болох эрсдэлтэй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ

Ангараг гараг дээр “Ingenuity” нисдэг тэрэгнийхээ эхний туршилтын нислэгийг хийх хугацааг дөрөвдүгээр сарын 14 хүртэл хойшлуулснаа АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ням гарагт мэдэгджээ.

Дэлхийгээс өөр гараг дээр хийх анхны алсын удирдлагатай нислэгийг дөрөвдүгээр сарын 11-нд товлоод байсан юм. Гэвч баасан гарагт хийсэн роторуудын туршилт урьдчилан тооцоолж байснаас эрт дууссан тул ийнхүү нислэгийг хойшлуулсан байна.

“NASA”-гийн мэдээлснээр, нисдэг тэрэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй байна. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд туршилтын үеэр гарсан доголдлыг тодорхойлж байгаа бөгөөд бүрэн оношилсныхоо дараа нислэгийн товыг шинээр танилцуулах ажээ.

“NASA”-гийн “Perseverance” сансрын аппарат Улаан нүдэн гаргийн “Jezero” тогоонд хоёрдугаар сарын 18-нд газардсан юм. Энэхүү аппаратад бэхлэгдэн буусан “Ingenuity” нисдэг тэргээр Ангараг дээр 30 хүртэлх хоногийн турш туршилт хийхээр төлөвлөж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Араб улс анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцуулжээ

Өдгөөгөөс 60 жилийн өмнөх энэ өдөр буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны тухайн үеийн ЗХУ-ын иргэн Юрий Гагарин сансарт ниссэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол байв. Тэгвэл хүн төрөлхтөн анх сансарт ниссэн энэ түүхэн өдөр Арабын Нэгдсэн Эмират улс анхны эмэгтэй сансрын нисэгчээ танилцууллаа.

Нора Аль-Матроши хэмээх 28 настай эмэгтэй Арабын Нэгдсэн Эмират улсын анхны эмэгтэй сансрын нисэгч болж түүхэнд бичигдэж байна. Тэрбээр АНЭУ-ын Сансрын төвийн сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан хоёр шинэ сансрын нисэгчийн нэг гэдгийг тус улсын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

UAE: First Arab Woman selected for Space Programme | The Indian AwaazУг хөтөлбөрт хамрагдахаар нийт 4000 гаруй хүн өрсөлдсөнөөс Мохаммед Аль-Мулла болон Нора Аль-Матроши нар тэнцэж, сонгогдсон байна.

Сансрын нисэгч Нора Аль-Матроши нь 1993 онд төрсөн бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсын их сургуульд механик инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрбээр одоо Үндэсний газрын тосны корпорацид инженерээр ажилладаг байна. Харин түүний хамтрагч 1988 онд төрсөн Мохаммед Аль-Мулла нь арилжааны нисэгч бөгөөд Дубай хотын цагдаагийн газарт нисэгчээр ажилладаг гэнэ. Тэд удахгүй NASA-ийн хөтөлбөрт хамрагдахаар АНУ-ыг зорих юм байна.

Эдийн засаг нь зөвхөн газрын тосноос хамааралтай байсан тус улсын хувьд шинжлэх ухаан, технологийн салбартаа анхаарч, дэлхийн том гүрнүүдтэй өрсөлдөж эхлээд байна. Арабын Нэгдсэн Эмират улс түүхэндээ анх удаа Ангараг гаригийг судлахаар төхөөрөмжөө өнгөрсөн 2020 оны долдугаар сард хөөргөсөн юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“LG Electronics” корпораци гар утасны зах зээлийг орхиж буйгаа мэдэгдлээ

БНСУ-ын “LG Electronics” корпораци гар утасны зах зээлийг орхиж байгаагаа албан ёсоор мэдээлжээ. Гар утасны салбарт өрсөлдөөн улам чангарч, ашиггүй, алдагдал хүлээх болсон учир компани дахин утас үйлдвэрлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Гар утасны үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж явсан “LG Electronics” компани гар утасны үйлдвэрлэлээ Вьетнамын “Vingroup” корпорац болон Германы “Volkswagen” автомашины компанид зарах боломжийг хэлэлцсэн байна. “LG” гар утасны үйлдвэрлэл 2015 оноос алдагдал хүлээж эхэлжээ. Өнгөрсөн онд алдагдлын нийт хэмжээ 4.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

facebook sharing button
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэнгэрийн вангаас цацардаг рентген туяаг илрүүлжээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн одон орон судлаачид Тэнгэрийн ван гаригаас ялгардаг рентген туяаг анх илрүүлснээ зарлажээ.

Энэхүү нээлтийг хийхийн тулд тэд 2002, 2017 онд “Чандра” сансрын дурангаар хийсэн ажиглалтын мэдээллүүдийг ашигласан байна. Судалгааны үр дүн “JGR Space Physics” сэтгүүлд нийтэлсэн байна.

Шинэ судалгааныхаа үеэр эрдэмтэд “Чандра” рентген ажиглалтын төвөөс 2002, 2017 онд авсан зургуудаас анх удаа Тэнгэрийн вангаас ялгарч буй рентген туяаны тод гялбааг олж илрүүлжээ. Судлаачид энэ цацрагийн ихэнх нь Тэнгэрийн вангийн хийн бүрхэвчид тархсан нарны спектрийн рентген туяанаас, мөн Санчир гаригтай адил цагиргийнх нь системээс цацардаг гэж үзэж байна.

Рентгений туяаны зарим хэсэг нь Тэнгэрийн ван дээрх туйлын туяанаас цацардаг гэж таамаглаж байна. Өмнө нь үүнтэй төстэй эффект Дэлхий болон Бархасбадийн рентген диапазонд, мөн Тэнгэрийн вангийн бусад долгионы уртад ажиглагдаж байжээ.

Тэнгэрийн ван бол аварга том мөсөн гараг бөгөөд нарны аймгийн долоо дахь гариг юм. Түүний диаметр нь Дэлхийнхээс дөрөв дахин том ажээ. Бархасбадь, Санчир гаригийн адил Тэнгэрийн ван нь экватороо тойрсон хоёр хэсэг бүхий цагирагтай боловч нарны аймгийн эдгээр гаригаас ялгаатай нь хажуу талдаа эргэлддэг. Тэнгэрийн ван гаригийг бараг бүхэлдээ устөрөгч ба гелигээс бүрддэг гэж үздэг.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц шинжлэх-ухаан-технологи

Ангараг гариг дээр байгуулагдах “Нюва” хотын анхны зургууд

Испанийн “ABIBOO” архитектурын компани “Ангараг” гараг дээр байгуулагдах нийслэл “Нюва” хотын анхны зургуудыг цацлаа.”Нюва” хот нь “Ангараг” гаригийн хамгийн их усны нөөцтэй хадан цохионд байрлах ба шууд нарны тусгалаас хамгаалах зорилгоор хадан цохиог нүхлэн байрлах юм.


ABIBOO компани АНУ-ын Ангараг гарагийн нийгэмлэг болон SONet байгууллагын эрдэмтэн судлаачид, одон орончидтой хамтран Марс дээр байгуулагдах нийт таван хотын зургийг гаргасан ба эхний ээлжид нийслэл Нюва хотыг дэлгэрэнгүй танилцуулсан нь энэ ажээ.

“Макро сууц” хэмээн нэрлэсэн хадан дотор байрлах барилгууд нь хоорондоо өндөр хурдны цахилгаан шатаар холбогдох ба хадан цохион өндөрлөг хэсэгт хүнс, эрчим хүчний үйлдвэрүүд байрлахаар болжээ.

Харин хадны бэл хэсэгт цацраг туяанаас хамгаалах дээвэр бүхий эмнэлэг, сургууль, дэлгүүр зэрэг олон нийтэд зориулсан аварга байгууламж байрлах гэнэ. “Нюва” болон зэргэлдээх хотуудын бүх барилга байгууламжууд нь агаар мандлын даралтыг зохицуулахын зэрэгцээ онцгой байдлын үед хоргодох бүсүүдтэй байхаар төлөвлөгдсөн байна. Харин ариун цэвэр, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ”Макро барилга” бүрийн үүдэнд агаарын шүршүүр байрлуулсан гэдгийг онцолжээ.

“Ирээдүйд ямар нөхцөл байдалтай тулгарахаа мэдэхийн тулд бид эрдэмтэдтэй хамтран маш олон тооны судалгаа, шинжилгээг хийсэн. Тэдгээрийн нэг бол таталцлын хүч юм. “Ангараг” гаригийн таталцлын хүч дэлхийгээс гурав дахин бага буюу 37 хувьтай байдаг. Түүнчлэн “Ангараг” гариг дээр ус хатуу төлөвт оршдог нь хамгийн том давуу тал бөгөөд үүний тусламжтайгаар хот байгуулалтад хэрэглэгдэх материалуудыг үйлдвэрлэх болно” хэмээн “ABIBOO” архитектурын компанийн үүсгэн байгуулагч Альфредо Муньоз ярьжээ. Тэрээр “Марс” дээр хот байгуулах ажил 2054 оноос эхэлж, 2100 онд анхны оршин суугчдаа хүлээн авна гэж үзэж байгаа юм.

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 1)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 2)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 3)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 4)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 5)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 6)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 7)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 8)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 9)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 10)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 11)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 12)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 13)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 14)

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүйс толгойн бичээсийг тайлж, уншсан эрдэмтэн Л.Хурцбаатар: Уг бичээсийг аавынхаа гэрээс, багшийнхаа захиасыг санан санан байж тайлж уншсан

Хүйс толгойн бичээс (НТ)-ийг тайлж, уншсан эрдэмтэн, судлаач Солонгод овогт Л.Хурцбаатартай ярилцлаа. Тэрээр Герман улсад ажиллаж, амьдардаг бөгөөд Монголын хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ юм.


-2019 оны арваннэгдүгээр сард Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залсан. Энэхүү бичээсийг тайлж уншсан нь Монголын түүхийг, монголчуудын бичиг үсгийн түүхийг урагшлуулсан чухал үйл явдал болсон шүү дээ. Юуны өмнө танд энэ бичээсийг тайлсанд нийт монголчуудын өмнөөс талархал илэрхийлье?

-Баярлалаа.

Та Өмнөд Монголын аль хошуунд төрсөн бэ. Монголын эрдэмтэн, судлаачидтай нэлээд ойр дотно байдаг байх?

-Би Өмнөд Монголын Ордос нутгийн Отог хошууны Мангатын Алаг толгой хэмээх газар малчин, бичгийн хүн Солонгод овгийн Лоосал, ээж Хэрэйдийн Лонтонгийн хоёрдугаар хөвгүүн болон мэндэлсэн. Аав минь нэртэй бичгийн хүн байсан бөгөөд би ааваасаа бичиг сурсан юм. Аав минь хэдэн тэмээн авдартай монгол, түвд судар, бичмэлтэй байсныг нь би өвлөж авсан түүхтэй. Ах Л.Чулуунбаатар маань бас маш алдартай яруу найрагч байсан. 1986 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд нь Ар Монголын алдартай яруу найрагч Б.Лхагвасүрэн “Их Хянганы өвөрт нэгэн дуу жаргав. Ухаант сэхээтэн, яруу найрагч, миний уран бүтээлийн эзэн, анд нөхөр агсан Л.Чулуунбаатарын гэгээн дурсгалд” хэмээх шүлэг бичиж, дурсгаж байсан. Дүү Л.Хасбаатар маань Ар Монголын цогтой найрагч Р.Чойномыг судалж, Монголд доктор хамгаалсан. Өдгөө Өмнөд Монголын их сургуулийн профессорын албатай. Бид ийм нэгэн эгэл жирийн бичиг номтой малчин ээж, аавын сургаал хүмүүжлийг хүртэж өссөн, монгол бичиг, түүхдээ хайртай ах дүүс билээ. Би аль эрт 1984 оноос Монгол Улсын эрдэмтэн Чой Лувсанжав багш, Ч.Жүгдэр багш нартай дотно нөхөрлөж хувийн харилцаатай байсан. 1986 онд Германы алдарт монголч эрдэмтэн В.Хайссиг багшид танигдаж, түүнээс номын ухаан сурсан. 1989 оноос В.Хайссиг багшийнхаа “Хурцбаатарт, сайн ном бичих болтугай” хэмээх гэрээс бичээсээр өдгөө хүртэл Германд ажил үйлс, амьдрал судлалаа хийж явна даа.


Монгол брахми бичиг бүхий Хүйс толгойн дурсгал нь 1400 жилийн тэртээд хамаардаг бөгөөд Эрмитаж дахьЧингисийн чулуу”-ны бичгээс даруй 600 жилийн өмнөх үеийнх гэдгийг тогтоосон?

-Төв Азийн хийгээд умардын нүүдэлчин үндэстний дотор манай монголчууд бол хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан үндэстэн юм. МЭ V-VI зуунд одоогийн Таримын хотгорын тойронд эртний Энэтхэгийн санскрит бичгээс үүсэл нөлөөтэй хотон, тухаран, томцог, согд, уйгар хийгээд монгол брахми бичгүүд үүсэн бүрэлдсэн гэж үздэг. Эдгээр брахми бичгийн 6000 гаруй бичмэл Берлиний Турфаны цуглуулгад хадгалагдаж байна. Эдгээр зургаан зүйлийн брахми бичгээс монгол брахми бичиг нь бараг хамгийн эртнийх болж, хөшөө чулуун дээр бичигджээ. Бугатын хөшөөний бичээс, Хүйс толгойн хөшөөний бичээс зэрэг нь нийтэд танигдсан. Хүйс толгойн хөшөөний монгол брахми бичээс нь 1400 жилийн өмнө, МЭ 601 оны орчимд эдүгээ Монголын эх нутагт бичигджээ. Энэ жил уг хөшөөний бичээсийн яг 1400 жилийн ой болж байна. Ийм чухал жил “Өдрийн сонин”-д ярилцлага өгч буйдаа тун баяртай байна. Миний судалснаар монголчууд түүхэндээ хоорондоо адилгүй дөрвөн үсэг бичгийн системтэй байжээ. Эртний хадны сүг зургаас үүсэлтэй руни бичгийн систем, Энэтхэгийн санскрит брахми бичгээс үүсэл нөлөөтэй монгол брахми бичгийн систем, хятад үсэг бичгээс нөлөөтэй кидан бичгийн систем, согд, уйгар бичгээс нөлөөтэй уйгаржин монгол бичгийн систем зэрэг болно. Монгол брахми бичиг нь монгол брахми бичиг-Пагвын дөрвөлжин үсэг-Занабазарын дөрвөлжин хэмээн хөгжин уламжлагдсан түүхтэй билээ.

-1967 онд Монголын эрдэмтэд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон гэдэг. Дараа нь 1972 онд ШУАийн ажилтан М.Шинэхүү уг бичээсийгЭртний брахми бичиггэдгийг тогтоосон. Харин та энэ бичгийг 2019 онд тайлж уншжээ. Монголын ШУА зөвшөөрөл олгосны дагуу энэ ажлыг хийсэн байх аа?

-1967 онд Ц.Цэнд мэдээлж, 1972 онд М.Шинэхүү анх уул хөшөө бичээсийг хуулан буулгаж, тус ондоо мэдээлэл бичиж, 1974 онд “Түүхийн судлал”-д нийтэлсэн. 1976 онд Т.Наваан тус хөшөөг Улаанбаатарт авчирч, яаралтай хадгалуулсан байдаг. Сүүлийн үед хүмүүс М.Шинэхүү брахми бичиг мөн гэж батлан тогтоосон гэж мэдээлээд байна. Эрдэм шинжилгээний хувьд “Баталж тогтоов” гэсэн нь оновчгүй хэллэг болно. М.Шинэхүү бол уг бичээсийг хамгийн анх хуулж бичээд товч “Өгүүлэл мэдээлэл” бичсэн гавьяатай, ууган эрдэмтэн юм. Тэр мэдээлэлдээ “Зарим эрдэмтэн ажиглаж брахми бичиг болов уу хэмээн тааварлаж байгааг энд цохон тэмдэглэсүгэй…эл бичээсийг брахми бичиг хэмээн тааварлах үндэстэй мэт” хэмээн “Брахми бичиг болов уу” гэж хамгийн анх таамаглаж тэмдэглэсэн хүн юм. Харин тус бичээсийг “Брахми бичиг мөн” гэж хамгийн анх батлан нотолж, авиачлан галигласан эрдэмтэн бол Германы эрдэмтэн Д.Мауэ болно. “Эртний өвөг хэл болно” гэж баталсан хүн бол Францын эрдэмтэн А.Вовин. Би болвоос бичээсийн агуулгыг бүрэн зөв уншиж, Хүйс толгойн бичээсийг үндэслэн хэл зүй, жич үг, үсгийн бүтцийг анхлан судлан баталж, дэлхийд анх удаа 60 гаруй эрдэмтэнд “Өвөг монгол хэл-Монгол брахми бичиг”-ийг зааж сургасан хүн. Хүйс толгойн бичээсийн дээд ирмэгийн бичээс хийгээд Хүйс толгойн хоёр дахь хөшөөний бичээсийг миний бие анх удаа ганцаараа авиачлан, галиглан буулгасан юм.

Бас ХБНГУын Д.Мауэ тэргүүтэй эрдэмтэд уг бичгийг тайлж унших ажилд оролцсон гэдэг нь ямар учиртай юм. Монголын хэвлэлүүд тухайн үед таашаарсан гэж ойлгосон шүү?

-Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, академич М.Чулуун 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд уг бичээсийг Монгол Улсын зүгээс судлах зөвшөөрлийн бичиг хийгээд монгол хүн өөрөө судлах хэрэгтэй хэмээн итгэл хүлээлгэсэн л дээ. Энэ талаар маш сонирхолтой түүхээс товч дурдвал, 2016 онд Унгарт болсон PICA-гийн хурал дээр Д.Мауэ, А.Вовин зэрэг дөрвөн эрдэмтэн Хүйс толгойн бичээсийн тухай өгүүллээ нийтэлсэн юм билээ. Би 2018 оны нэгдүгээр сард Д.Мауэгаас брахми бичиг сурч, Д.Мауэ болон А.Вовин нартай адилгүй үзэлтэй байгаагаа дурдаж өөрийн аргаар судалж, тэдний “Эртний Түрэг, Уйгарын дайны тухай байж магад” гэсэн үзлийн эсрэг “Монгол хэлээр, брахми бичгээр бичсэн эртний Түрэгийн дээдсийн тахилгын тухай бичээс болно” хэмээн нотолсон юм. Д.Мауэ гуай хэдийгээр миний үзлийг сонирхолтой байна гэсэн ч тэдний судалгааны нийтлэл хэвлэгдэхээс өмнө намайг судалгаагаа нийтэлж болохгүй гэсэн шаардлага тавьж, ширүүн маргалдаан болж байлаа. Энэ үед академич С.Чулуун Монголын талаас монгол хүн судлах хэрэгтэй хэмээн тусгай бичиг өгч, тус хөшөөг сүүдэрлэн зураглах зөвшөөрөл өгсөн учир миний судлал амжилттай үргэлжилсэн юм. Д.Мауэ тэргүүтэй эрдэмтэд өгүүллээ “Journal Asiatique” сэтгүүлд нийтлэгдэхээс өмнө Д.Мауэгийн авиачлал, галигийг ямар нэгэн байдлаар ашиглахгүй гэж амлалт авсан. 2018 онд би Франц, Унгар, Польш, Казахстан, Хятад, Япон зэрэг улсад өөрийн судалж бэлтгэсэн номынхоо хүрээнд арваад удаагийн эрдэм шинжилгээний илтгэлийг монгол хэл, монгол бичгээр тавьсан юм.

Та Хүйс толгойн бичээсийг хэр удаан судалсны үндсэн дээр тайлж уншсан бэ. Монгол хүн, Монголынхоо бичээсийг уншихад мэдээж эрдэм боловсролоос гадна сэтгэл зүрхээ зориулсан байх гэж бодож байна?

-Би Хүйс толгойн бичээс (НТ)-ийг аавынхаа гэрээс, багшийнхаа захиасыг санан санан байж, “Зүүдэн цагаан бууц”-аар судлан туурвиж хэвлүүлсэн юм шүү. Энэ тухайгаа би монгол кирилл бичгээр хэвлүүлсэн “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл” номондоо дэлгэрэнгүй оруулсан. Тийм учраас энд дурдвал урт түүх болох болов уу. Харин би энэ судалгааны ажлыг хийхийн төлөө өндөр орлоготой хувийн том компаниа орхиж, ажилтан ажилчид, эхнэр хүүхдийнхээ гомдол, шүүмжлэлд өртсөн түүх надад бий. Хүйс толгойн бичээсийн судалгааны ажилд миний зүгээс зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгийг тоогоор жишиж хэлэхэд хэцүү юм билээ. Юу ч болсон бий “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл” хэмээн гарчигласан учир Хүйс толгойн бичээс бичигдсэн 1400 жилийн тэртээгээс эхэлж судалж, нэг хэмжээнд оруулна хэмээгээд “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэгчлэн зорилгодоо хүрсэндээ, дам тусламж үзүүлсэн Д.Мауэ, С.Чулуун, Б.Напил нарт тун талархаж байна. 1400 жилийн ойг тохиолдуулан сурч судалсан арга онолоо бусдад зааснаар барахгүй, “Монгол брахми бичиг сураг бичиг”-ээ судалж дуусган бэлтгэлээ хийж байгаадаа нэн сэтгэл өндөр байна. Монголын тал монголчууд үсэг бичигтэй болсон 1400 жилийн ойгоо тохиолдуулан ямар нэгэн үйл ажиллагаа хийх байх хэмээн хүлээлттэй л байна.

Судалгааны ажлын явцад танд ямар сэтгэгдэл төрж эхэлсэн бэ. Бичгийг тайлж унших яг тэр мөчид танд юу бодогдсон бэ?

-Яг энэ судалгааны ажил дээр сууж байхдаа Хүйс толгойн бичээс (НТ)-ийн “Хаан”, “Нар” хэмээх хоёр брахми үгийг би зүүдэлж, зүүдэндээ олсон юм. Сонин байгаа биз. Хөшөөний бичээсээс нэг монгол брахми үг, үсгийг олон танин тайлбарлаж чадвал бараг нэг ач хөвгүүн (омболтой) болсон мэт маш их баярладаг байлаа. Монголчууд ямар гайхалтай бичгийн соёл, боловсролтой байсан юм бэ хэмээн гайхан биширч, маш их омогшдог байлаа. Харин монголчууд яагаад тэр бүгдийгээ судалдаггүйг бодоод маш харамсдаг.

Уг бичээст юуны тухай өгүүлсэн байдаг вэ. Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон хөшөө гэж үздэг юм билээ. Тэгэхээр тахилгын шүлэг юм болов уу. Бичээсийг нийтэд дэлгэх боломжгүй бол ерөнхий агуулга, утгыг нь товч ч болтугай өгүүлж болох уу?

-Бичээсийн агуулга бол манай эриний 600 оны орчмоор алагдсан эртний Түрэгийн Нири хааны хатад, дүүс “Нэгэн бодисадва шиг шинэ хаан” төрөхийг хүсэн даатгаж, мөргөл тахилгын явцыг тэмдэглэсэн “Тахилгын хөшөө бичээс” юм. Нири хааны тухай хоёр хөшөө байдаг. Шинжааны Ил голын савд байгаа согд бичээстэй Нири хааны онгон хөшөө юм. Энэ хөшөөг бараг 599 оны орчмоор босгосон байдаг. Хоёр дахь хөшөө нь Булган аймгийн Могод сумын нутаг дахь Хүйс толгойн хөшөө. Хүйс толгойн хөшөөний (НТ) бичээсийн гол утга санаа нь “Бид нар хаан дигиний сүнснээс нэгэн бодисадвагийн шиг шинэ хаан төрөх ба Бода хааны уг угсааг ухааран санаж, Хири, Анакаяа, …, Бидин, Жаха, Боди, Бигиеэ нар нийгмийн долоон гишүүд хуран цуглаж хөг дуу санал нэгдэв. Бид жолоо нар хар ная тувар нартай бөгтөг гэр, цэцэр майханаа босгон тахилга хийв. Нири хааны хатад дүү нар Нири хаан ба Түрэг хааны учирт ихсийн тайлга өргөв. Хири овгийн Хэрхин удган, Барга овгийн сүнс дуудаач хэвхэн бүжиглэж, ихсийн хишгийг даяар олонд түгээн тарааж, овгийн ахас ухаантан нараас их хаан бага ханд зул өргөн өчив. …бид Нири хаан Түрэг хааны сүнсийг хөжин сэргээн увдислан, зул өргөн өчиж, Дархад Жэеэби уг бичгийг… дархлан бичив, гэсэн байдаг.

-40-өөд жил огт судлагдаагүй, орхигдчихсон байсан хөшөөний бичээсийг тайлсан нь эрдэмтэн, судлаач гэлтгүй энгийн бидэнд ч сонирхолтой санагдсан шүү. Та үүгээрээ Монголын түүх, Монголын бичиг үсгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулжээ?

-Хүйс толгойн бичээс (НТ) нь хэдийгээр монгол брахми бичгээр эртний монгол хэлээр эртний Түрэгийн тахилгын тухай бичсэн боловч энэ нь Монголын эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг хийгээд тайлга тахилгын соёлыг судлахад чухлаас чухал, ховроос нэн ховор баримтат хадны бичээс болно. Энэ нь манай монголчуудын түүхийг Хүннү гүрнээс үүсэлтэй хэмээх түүхийг судлан батлахад бас цөөн гурав, таван зуун жил алсалж байгаа юм. Би үг, хэл, үсэг бичиг, тахилга мөргөл, зан заншлын талаас нь Хүннү Монголыг эрдэм шинжилгээний талаар батлан нотлоход маш итгэлтэй байна.

Брахми бичгийг та тайлбарлаж болох уу. Хуучин монгол бичигтэй төстэй юү. Ямар онцлогтой, хэдүй үед хэрэглэгдэж байсан бичиг вэ?

-Монгол брахми бичиг бол авиа хийгээд үеэр бүтсэн үсэг бичиг. Хүйс толгойн бичээсэнд бичигдсэн монгол брахми бичиг нь хоёр дан эгшиг, гурван харьяат эгшиг хийгээд 24 гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч үсэг тэмдгээс бүрэлдсэн. Монгол брахми, төвөд бичгийн үсэг үе бүтэх дүрэм нь адил. Би “Өвөг монгол хэл, монгол брахми бичиг, сурах бичиг” хэмээх номондоо Хүйс толгойн бичээс (НТ)-ээс монгол брахми бичгийн “авиа зүй”, “үг зүй”, “өгүүлбэр зүйг шинжлэх нь” хэмээн маш нарийн судалж дүрэмлэсэн. Хүйс толгойн бичээсийн 100 үг, 215 үсэг тэмдэгтэд эртний монгол хэл зүй зэрэг маш тодорхой бичигдэж үлдсэн. Үг зүйгээр жишээлбэл, нэр үг 32 удаа, тэмдэг нэр урван удаа, тооны нэр нэг удаа, үйл үг 15 удаа, төлөөний нэр дөрвөн удаа, сул үг дөрвөн удаа бичигджээ. Харьяалахын тийн ялгал, өгөх оршихын тийн ялгал, заахын тийн ялгал, хамаатуулахын тийн ялгал, үйлдэхийн тийн ялгал, олон тооны дагавар зэрэг нь бүрэн бичигдсэн. Иймээс энэ нь монгол үсэг бичгийн түүхийн аугаа их шинэ илрүүлэлт болох нь үгүйсгэхийн аргагүй батлагдаж байгаа юм.

Хэлний чиглэлийн хүнтэй ярилцаж буйнх Өмнөд Монголд өрнөж буй Эх хэлний төлөөх монголчуудын тэмцлийг хэрхэн дүгнэдэг вэ. Ар монголчууд энэ асуудалд нэлээд хүчтэй анхаарч, олон улсын хэмжээнд уг хөдөлгөөнийг дэмжээд байгаа шүү. Эх хэл гэдэг бол үндэстэн оршихын гол цөм шүү дээ?

-Монголчууд заавал өөр бусдаас ялгагдах өөрийн үсэг бичигтэй байх хэрэгтэй. Нэг үндэстний үсэг бичиг бол нэг үндэстний оршин тогтнохын үндсэн баримт, бат суурь болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маш гайхалтай бишрүүштэй дуурайллыг биечлэн үзүүлж байгааг дэлхий нийтээр хүндэтгэн дуурайдаг билээ. Номын цагаан буян монголчууд биднийг ивээх болтугай.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

АНУ-д 14 жил мэргэжлээрээ ажилласан ахлах программист Ц.Тэмүүжин: McDonald’s-ийн дэлхий нийтийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн

-ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХОЁР САРЫН ХУГАЦААНД СУРГАЛТ ЯВУУЛНА. СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН ХОЁР ПРОГРАММИСТЫГ АМЕРИКИЙН КОМПАНИД АЖИЛД ОРУУЛНА-

Америкт 14 жил мэргэжлээрээ ажиллаж шинэ цагийн монгол залуусын чадал чансаа, оюун ухаан ямар түвшинд байдгийг харуулж чадсан ахлах программист цогбаярын тэмүүжинтэй ярилцлаа. тэрээр 12 настайдаа Америкийг зорьж тэнд 20 жил болохдоо компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшиж Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд амжилттай суралцан баклаврын зэрэг хамгаалсан байна. орчин цагийн шинжлэх ухааны хамгийн дээд мэргэжил болох программистаар америкчуудтай 14 жилийн туршид ажилласан түүхээс нь хуваалцвал Чикагод нэр хүнд бүхий Cligue Studios хэмээх Web Agancy-д таван жил, ану-ын байгууллагын вэб сайт болох колорада мужийн Денивер хотын төслийн вэб сайт болон 20-30 ecommerce цахим дэлгүүрүүд, мөн хүн бүхний сайн мэдэх McDonald’s-ийн дэлхий даяар байршсан салбар нэгжүүдийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн. одоо мөн дэлхийн алдартай Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг хариуцан ажиллаж байна.

-АНУ-д 20 жил болоод эх орондоо ирлээ. Төгссөн сургууль эзэмшсэн мэргэжил, программистаар ажилласан 14 жилийнхээ түүхээс сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, 12 настайдаа гэр бүлийнхээ хамт АНУ-д очиж амьдарсан. 20 жил болоод өнгөрөгч онд эх орондоо ирлээ. Сургуулийн тухайд гэвэл эхлээд High school-аа advanced дипломтай төгссөн. Дараа нь Илной мужийн Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд дөрвөн жил суралцаад Компьютерийн шинжлэх ухааны баклаврын зэрэг хамгаалсан. Компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшээд уг мэргэжлээрээ 14 ажиллаж байна. Тэгэхдээ интернэт, техник технологийн хөгжлийн хамгийн хурдацтай газар болох Америкт тэр дундаа жинхэнэ программистуудын мэдлэг чадварыг тогтоож өгдөг нэр хүндтэй газруудад нь ажиллаж их зүйлийг сурсан. Коллежид сурч байхдаа маркетингийн нэг компанид ихэнх ажлыг дагнан хийдэг программистаар ажилд орж байсан. Уул нь тэр ажилд наад зах нь 10 жилийн туршлагатай хүнийг авдаг. Харин би дадлагажихын тулд “Та нар надад итгэ, би чадна” гэж хэлээд орж байсан, тэр хүмүүстэйгээ одоо хэр нь харилцаатай байдаг. Хүмүүс компьютер программ, цахим ертөнц л гээд байдаг. Энэ чинь цаанаа маш том шинжлэх ухаан. Энгийнээр илэрхийлэхэд компьютерээ яаж янзлахаас аваад серверээ яаж үргэлжлүүлж явуулах уу гээд гурав, дөрвөн төрлийн ангилалт яригдана. Энэхүү төрөл бүрийнх нь мэргэжлээр мэргэшихийн тулд эхлээд 120 хүнтэй хуулийн фирмд Systems Administrator (pro­grammer) Tech Support гэсэн мэргэжилтнээр анх ажлын гараагаа эхэлсэн. Тэнд хоёр жил сурахдаа компьютерийн асар их мэдлэгтэй болсон. Хуулийн компанийн 100 гаруй хүн чинь бүгд нэгэн зэрэг утсаар ярина, тэр бүх утасны системийг гартаа оруулж мэргэшиж авна. Тэр үед бүх зүйл VOIP руу шилжиж байсан. Вэб сайтын дизайныг нэг нь гаргаад өгөхөд би түүнийг кодоор яг зураг шиг дүрсийг нь адилхан хийнэ. Программчлалд би найман жил ажилласан.

-Дэлхийн брэнд McDonald’s-ийн аппликейшнийг гардан гүйцэтгэж байсан, алдарт Playboy-ийн вэб сайтыг хариуцан ажиллаж байгаа зэргээс харахад өөрийн тань амжилт төвөггүй уншигдаж байна. Ингэхэд Google юм уу, Facеbook-т ажиллах боломж байсан уу?

-McDonald’s-ийн ажилчдаараа дамжуулж бүх дэлхий нийтийг хамарсан судалгаа явуулдаг үйл ажиллагаа болдог. Шинэ хоол, шинэ брэнд юу байх уу гээд л бүтэн хоёр долоо хоног үргэлжилдэг үйл ажиллагаа болно. Тэр том үйл ажиллагааных нь аппликейшнийг би бие дааж явуулж байсан. Миний хамгийн амжилттай гүйцэтгэсэн том ажлуудын нэг бол энэ. Одоо би Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг гардаж ажиллуулдаг. Над шиг мэргэжилтэй туршлагатай хүмүүсийг Amazon, Facebook, Google бүгдээрээ авахыг хүсдэг, ерөнхийдөө урилга их ирнэ. Тэр компаниуд хүний мэдээллийг авч цааш нь цацдаг, тухайлбал фэйсбүүкт бидний мэдээлэл орлоо гэхэд тэрхүү мэдээллийг цацаж байж тэд мөнгө олдог. Миний хувьд ёс зүйгээ баримталж эдгээр компаниудад ажиллах эрмэлзэлгүй байдаг. Дэлхийг хамарсан эдгээр компаниудад ажиллахын оронд орон нутагтаа, өөрийнхөө хотдоо байгаа компаниудад ажиллах нь цаашаагаа зиндаа ахих, хөгжих боломжийг нээж өгдөг. Google ч юмуу, Facebook-т ажилд орлоо гэж бодоход тэнд хичнээн мянган адилхан программчид байна, тэднээс ахиад дээшээ дэвшээд явах боломж бага. Мөн дээрээс нь тэнд бол ганцхан чиглэлээр л дагнана. Өсч дэвших боломжгүй учир Facebook, Google-д удаан хугацаагаар ажиллах программистууд ховор байдаг болов уу гэж боддог. Харин 200, 300 юм уу, эсвэл 30 хүнтэй вэб сайт хийдэг программын газарт би өөрийн хүссэнээрээ ажиллаж, суралцах боломжтой. Анх би IT-гийн мэргэжлийг сонгохдоо “Дэлхий нийт цахим эринд шилжих нь мэдээж. Тэгэхээр энэ чигийн бүх мэдлэгийг нь сайн сураад авъя, харин сурснаа хэрэгтэй хүмүүст нь өгье, гэхдээ ашгийн бусаар өгнө” гэж бодож байсан. Энэ бол миний эх орондоо ирсэн гол зорилго маань юм.

-Тэгэхээр өөрийн мэдсэн, сурсан бүх зүйлээ Монголынхоо ард түмэнд хуваалцахаар ирсэн гэж ойлгох болох уу?

-Америкт эзэмшсэн мэргэжил, тэнд ажилласан туршлага, олж авсан мэдлэгээ хүмүүст өгөх зорилгоор эх орондоо ирсэн гэж ойлгож болно. Ахлах программистаар би 10 гаруй жилийн хугацаанд ажилласан. Дороо олон программистуудыг удирдаж ажиллана. Ямар нэг асуудал гараад шийдэл олж чадахгүй бол тэд над дээр ирнэ, би тусална. Үндсэндээ багш шиг нь явж ирсэн. Америкт ажиллаж байсан энэ жишгээрээ би сургалт явуулахаар төлөвлөж ирсэн. Сургалтыг программистуудтайгаа ажиллаж байсан тэр аргачлалаар явуулна. Хий хоосон томъёо юм уу, ном заагаад байхгүй. Манайхны хэлдгээр номлосон сургалт бус бодит практик дээр явагдах сургалт. Үндсэндээ хоёр сарын хугацааны сургалт юм. Уг сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс ирэх 4 сарын 1-ээс ажлын өдрүүдээрээ оройн 19-21 цагийн хооронд миний аpprentice.mn пэйжид бүртгүүлээд ороод ирнэ. Гар утастай хүн бүхэн энэ сургалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оройн 19-21 цаг гэдэг бол хүмүүс ажлаа тарж гэртээ ирээд цай хоолоо идчихээд байж байх тэр цаг гэж тооцсон. Хоёр цагийн хугацаанд суучихбал та болон таны хүүхэд интернэт орчны талаар, цахим мэдээлэл вэб сайтын талаар маш өргөн мэдлэгтэй болно. Америкийн коллежид яг ямар зүйлийг заадгийг би заана. Яг хэрэгтэй зүйлийг нь бодитойгоор заана.

Мэдээж хүн бүхэнд ойлгуулахын тулд энгийн үгээр хичээлээ явуулна. 14, 15-аас дээш насны бүх хүн хамрагдаасай гэж би хүсч байна. Өнөөдөр Монголд бүх хүн интернэт хэрэглэж байгаа, вэб сайтаар орж байгаа, бүгд Facebook хаягтай байгаа. Тэр бүгдэд мэдлэг олгоно. Энэ сургалтад хоёр сарын туршид хамрагдсан хүн вэб сайтыг хэрхэн яаж ажиллуулах, хэрхэн амжилтад хүрч болохыг мэдэж авах боломжтой. Программын хэлүүд жил бүр шинэчлэгддэг. Шинэ хэлүүд гарах бүрт шинэ алдаанууд гарч байдаг. Таван жилийн өмнө программ сурсан хүн одоогийн программтай ажиллахад хүндрэлтэй, учир нь маш хурдан шинэчлэгдэж байгаа. Программын хэл, алдаа бүгдийг сурсан байхад чадварлаг болж чадна, гадаад дотоодод амжилт үзүүлж чадна. Монголоос гаръя гэж бодож байгаа бол энэ хоёр сарын дотор надаас асуух хэрэгтэй. Дээрээс нь цахим эринд монголчууд маань яаж гаднаас мөнгө босгох вэ гэх гарц боломжийг зааж өгөх юм.

-Интернэтээс хамааралтай болсон энэ үед цагаа олсон чухал ажил гэж харж байна. Сургалтад хамрагдах хүмүүс таны пэйж хуудас руу нэвтрээд л болоо юм уу, ямар нэгэн төлбөр гэж байхгүй хэрэг үү?

-Дэлхий нийтийн хандлага өөрчлөлтийг дагаад Монголд хүссэн хүсээгүй бүх зүйл цахим болно. Тэр бол гарцаагүй. Бид интернэт ертөнцөд илүү гүнзгий нэвтэрч компьютерийн шинжлэх ухааныг ойлгож байж түвшин маань ахина. Түүнээс өнөөдөр шиг facebook-ээр хэн нэгнийхээ нэр төрийг гутаах юм уу, иймэрхүү байдалтай байвал ахиц гарахгүй. Миний заах гэж буй хичээлд хамрагдах бол танд ямар нэгэн хүндрэлгүй. Гар утсан дээрээ аппликейшн суулгаад программ хийгээд явчихад л болно. Тэр тухай би өөрийнхөө аpprentice.mn пэйж хуудсанд маш тодорхой зааврыг нь оруулсан байгаа. Сургалтын төлбөрийн үнэ 50 мянган төгрөг. Бусад сургалтын төлбөрүүд 3-4 сая гэдэг юм билээ. 10 мянган программист бэлдэж гаргана гэчихээд 3-4 сая төгрөгийн төлбөр тавьчихаар хэн ирж сурах билээ. Миний хувьд ашгийн төлөө бус гэдэг тэр зарчмаа л барьж байгаа. Уг сургалтыг хоёр сарын хугацаанд явуулахад вэб сайтын төлбөр өндөр гарна. Би Японд суурилж байгаа Amazon-ы серверийг хэрэглэж байгаа түүний төлбөрт л зориулж иргэддээ 50 мянгын босго тавьж байгаа. Хүмүүс хоёр сарын сургалтад суучихаад цаашид гүнзгийрүүлж сурахыг бодож магад. Миний хувьд ганцхан удаагийн сургалт явуулна. Харин гүнзгийрүүлж сурах хүсэлтэй хүмүүсийн утсанд нь мэдээллийн сан хийчихсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг хүн ойлгохгүй зүйлээ асууна, би түүнийг нь хариулна, өөр мэддэг хүн нь бас хариулна. Тэр хүний асуусан асуулт мэдээллийн санд хадгалагдаад дараагийн мэдэхгүй хүмүүст мэдээлэл нь бэлэн байж байна. Энэ мэтчилэнгээр мэдээллийн санд гүнзгийрүүлсэн сургалтыг бэлдчихсэн.

-Интернэтээр дамжуулж монголчууд гаднаас мөнгө олох боломжтой гэж та хэд хэдэн удаа хэллээ. Энэ талаар сонирхоё?

-Монгол хоцорч яваа болохоос өнөөдөр дэлхийн ихэнх орнууд вэб сайтыг хөгжүүлээд иргэд нь бизнесээ өргөжүүлээд явж байгаа. Энэ тухай сургалтаараа дамжуулж ойлгуулна. Бид өнөөдөр дотроо л бие биенээ барьж идэх гэсэн уур бухимдалтай хүмүүс байх юм. Хэрвээ программын өндөр мэргэжилтнүүд гараад ирвэл гаднаас мөнгө оруулж ирэх боломж бүрэн байна. Программын мэргэжлээрээ Америкт юм уу, Герман, Европын орнуудад ажиллаж болно. Калифорнид интернэтийн суурь шинэ компаниуд байдаг. Тэгвэл Японд яг тийм компаниуд бий болчихоод байгаа. Гэтэл Японд ажиллах программистууд хангалттай байхгүй учир Монголоос авч таарна, ер нь монгол программистуудыг хайж байгааг ч би мэднэ. Монголоос олон хүн ийм мэргэжил эзэмшээд авбал ард түмний амьжиргаа дээшилж энэ их уур бухимдал, нэгнээ харлуулдаг зүйл багасах байх.

Миний хувьд гадны компанитай хувиараа гэрээ хийгээд ажиллаж байсан. Одоо бол гэрээт ажилчин, сар бүр тогтмол цалин авна. Ажлаа хийнэ үү, хийхгүй байна уу, хэдэн цаг ажиллах нь хамаагүй, гэрээний дагуу цалин тогтмол ордог. Гадны компаниудад цагаар ажилладаг хүмүүс байдаг. Тухайлбал, программ дээр лого хийдэг дизайнерууд байна, нэг хүний вэб сайт эвдэрчихлээ гэхэд янзлаад өгөх хүн байна уу гээд холбогддог. Таван цагийн дотор янзлаад өгье гэхэд цагийн 30 доллар төлнө, тэр нь монгол мөнгөөр 80 мянган төгрөг. Ингээд таван цагт ганцхан алдаа янзаллаа гэхэд тэр программистын дансанд 400 мянган төгрөг орох жишээний. Нэг вэб сайтыг бүр төслөөр нь авчихаж болно. Би энэ төслийг чинь 50 мянган доллараар хийгээд өгье өө гээд авлаа гэхэд 100 хэдэн сая төгрөг болно биз дээ. Ганц вэб сайт хийгээд ийм мөнгө авна гэдэг бол Монголд хичнээн жилийн цалин бэ. Ер нь гадны компаниуд ачааллаа дааж чадахгүй болохоор бидэн рүү явуулдаг. Америкт байгаа компаниудтай яаж ярихыг нь би хэлээд өгнө. Америкт нэг программистэд өгөх цалингаар Монголоос таван програмист авах боломжтой. Үндсэндээ манайх хангалттай цалинтай, Америкийн компани хангалттай хүчин чадалтай болно гэсэн үг. Ийм боломж гарцыг би монголчууддаа олгох төсөл боловсруулаад сургалтаа эхлэх гээд байж байна. Нэмээд хэлэхэд, Америкийн компаниудтай яаж харилцвал ажил олдохыг би хэлээд өгнө. Зөвхөн Америк гэлтгүй Герман, Итали, Франц, Япон гээд олон оронд ажилчид хэрэгтэй байгааг дахин хэлье.

-Өөрийн тань хувьд ийм өгөөмөр сэтгэл тээж, 10 гаруй жилийн туршлага болоод бодож боловсруулсан төслөө хэрэгжүүлэхээр, ард түмэндээ мэдлэг өгөөхөөр ирлээ. Гэвч таны санасан хэмжээнд хүмүүс хандахгүй, хоёр сарын сургалт хөтөлбөр бодож төлөвлөсөн үр дүнд хүрэхгүй бол яанаа?

– Сургалт хэрвээ амжилттай болбол цаашид би хиймэл оюун ухаан, мөн компьютерт үг хэлэнгүүт бичгээр уншигддаг тохнологийн маш нарийн зүйлүүдийг зааж өгөх юм. Дээрээс нь сургалт хөтөлбөртөө сайн хамрагдсан программистуудтайгаа нийлж компани байгуулаад өмнө нь ажиллаж байсан Польшийн компани, мөн Америкийн нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, вэб сайтын компаниудтай хамтын гэрээ байгуулна. Ингэж монголчуудаа туршлагажуулж, амьдралд нь бодит хөрөнгө оруулалтыг хийхийг эрмэлзэж байна. Сургалтаасаа хоёр хүнийг шууд АНУ-ын компанид ажилд оруулчих боломж байгаа нь гайхалтай. Энэ бүгдийг яагаад дахин дахин хэлээд байна вэ гэхээр энэ бол АНУ-д байхдаа миний бодож зорьж төлөвлөсөн ажил минь. Хамгийн том зорилго маань юм. Харин амжилтгүй болбол яах вэ гэж та асууж байна. Мэдээж урам хугарна. Гэхдээ би бол буддист хүн. Цаг нь болоогүй байж дээ гээд л бодоод өнгөрнө.

-Гадны энэ том компаниудад ажиллаад, Google, Facebook уригдаад ингэж яваадаа өөрөөрөө бахархах үе байдаг уу?

-Бахархах нь ч юу юм. Би буддын шашин судалсан. Миний хүслийн мэргэжил гэвэл философи. Коллежид сурч байхдаа философийн их сэтгэгчдийг судалсан. Өөрийн гэх өвөрмөц зан чанар уламжилж авсан. Тиймээс хэн нэгнийг магтаад байх хүсэл, мөн бардам явах зүйл байхгүй. Хүн төрөлхтөн бид бүгд адилхан хүмүүс. Өөр нэг хүн, миний биенд ороод явах юм бол яг л над шиг амьдарна. Миний хийсэн юм, үзүүлсэн амжилт гэвэл өнөөдөр бусад хүмүүсээс шалтгаалж байгаа. Бусад хүмүүст яг над шиг боломж олсон бас л тийм амжилт үзүүлж таарна. Тиймээс бахархаад байх юм алга. Мэдээж аав ээж хоёр минь хүүгээрээ бахархдаг байх. Харин энэ удаагийн сургалтаа явуулаад хэдэн мянган хүнд хүргэчих юм бол миний бахархал.

-Сонирхож асуухад, мэргэжлийн программистын хувьд Монголын цахим сайтууд технологийн талын хөгжлийг хэрхэн дүгнэх бэ?

-Монголд байгаа вэб сайтуутын хэрэглээ бага л даа. 50-100 мянган хүн минут тутамд ороод, хандаад байдаг вэб сайтууд биш. Монголоос гоё аппликейшн гаргадаг ч юм уу, түүнээ дэлхий рүү цацлаа гэхэд ачааллыг нь дийлж чадахгүй. Тэр ачааллыг дийлэх хэмжээний хүчин чадалтай серверийн систем ч манайд байхгүй. Хүмүүс сошиалаар бараа зарж байгаа харагддаг. Гэхдээ заавал ч үгүй Facebook-ээр явуулалгүй өөрийн вэб сайтыг нээгээд бараагаа зардаг, тэр мөнгө нь шууд данс руу ордог тийм программыг бий болгоод тохируулчих хэрэгтэй юм.

Монголд гурван сая Fa­cebook хэрэглэгчтэй болбол даацыг нь даах сервер байхгүй. Хамгийн ойр байгаа гэвэл Хонгконг, гэвч Хятад руу нэгдсэн учир Хонгконгт мэдээллээ тавибал Хятад шууд авч болно. Тэгэхээр Amazon-ы сервертэй орон бол Япон байгаа.

-Сүүлд асуухад, программист болоход орчин нөлөөлсөн үү. Мөн гадны нэртэй компанийн гэрээт ажилчин гэхээр өндөр цалин хөлс авдаг уу, хүмүүс сонирхож байгаа байх?

-Манай хоёр нагац ах тухайн үедээ программчин байсан. Гэхдээ одоогийн шинэ дэвшилттэй технологитой харьцуулахад өөр ойлголт. Аав ээж хоёр маань тухайн үедээ интернэт кафе гэх үү, юм принтерлэдэг, шивдэг, бичдэг тийм хувийн компанитай байсан. Би 10 настай байхаасаа принтер нь гацаад ажиллахгүй бол яаж ийж ноцолдож байгаад ажиллуулчихдаг байсан. Программист болоход тэр бүгд нөлөө үзүүлсэн байх. Америкт бол хамт ажиллаж байсан монгол программистууд байгаагүй, би ганцаараа л байсан. Цалин хөлсний тухай гэвэл жаахан хувийн чанартай юм уу. Монголд ажиллаж байгаа дундаж программистын цалингаас дор хаяж найм дахин илүү цалин авна гээд ойлгочиход болно. Миний ажлын хамгийн сайхан нь дуртай цагаараа, дуртай үедээ, хүссэн газраасаа хаанаас ч ажиллаж болдгоороо онцлог юм.