Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэмээн аалзны төрлийн хүчтэй хортой, 20 насалдаг шинэ зүйлийг нээжээ

Флоридагийн амьтны хүрээлэнд тэмээн аалзны төрлийн, маш хүчтэй хортой, хэдэн арван жил амьдрах чадвартай шинэ зүйлийг нээжээ. Шинэ зүйл аалзыг Пайн Рокланд хэмээн нэрлэсэн бөгөөд хамгийн анх Майамигийн амьтны хүрээлэнд 2012 онд үзэгдэж байжээ.

Гэвч тухайн үед хангалттай судалж чадаагүй учир шинэ зүйл аалзны гарал угсаа тодорхойгүй хэвээр үлдэж, тус амьтны хүрээлэн гадны тусламжийг хүссэн аж. Тэр цагаас хойш аалзыг бараг арван жил судалсны эцэст өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй шинэ зүйл гэдгийг баталжээ.

Амьтны хүрээлэнгийн хамгаалалтын дарга Фрэнк Ридгли “Надад бол эл аалз анх жижиг хар тэмээн аалз шиг харагдсан. Түүний төрлийн аалзнууд ихэвчлэн зөөлөн, элсэрхэг газарт нүх ухан, түүн дотроо тор татаж, үүдэнд нь хаалга урладаг. Ихэнх нь тус нүхэндээ насаараа амьдардаг бөгөөд ямар нэг амьтан нүх рүү нь орж ирэхийг хүлээж байгаад, орж ирмэгц нь хаалгаа хаан барьж иддэг” хэмээн тайлбарлажээ.

Судалгааны багийн гишүүн, Жиоржиа мужийн Пьемонт их сургуулийн амьтан судлаач Ребекка Годвин Пайн Гокландыг цоо шинэ зүйл хэмээн эхнээс нь таамаглаж байсан гэнэ. Түүний олж мэдсэнээр эл зүйлийн эмэгчин аалз 20 гаруй жил амьдрах чадвартай аж. Гэвч эрэгчин нь харьцангуй богино буюу долоон жил өсч байгаад үржилд орж, нүхээ ухсанаас удалгүй үхдэг байна. Тэрбээр “Амьтны хүрээлэнд анх үзэгдсэн аалз бол өсөх мөчлөгтөө тэнүүчилж явсан эрэгчин аалз байж. Тэд биеийнхээ урд хэсэгт барзгар бүрхүүлтэй, хэвлий хэсэг нь мөнгөлөг саарал өнгөтэй, дээрээ цайвар толботой, харахад маш үзэсгэлэнтэй зүйл” хэмээн тайлбарласан байна.

Түүнээс гадна эрэгчин Пайн Рокланд аалз хөлнийхөө урттай нийлээд евро зоостой дүйх хэмжээтэй бол эмэгчин нь түүнээс хоёр, гурав дахин том биетэй байдаг аж. Харин хорны хувьд зөгийн хортой төстэй учир жижиг амьтдын хувьд үхлийн аюултай юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Д.Улам-Оргих: Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай

МУИСийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.УламОргихтой ярилцлаа. Тэрээр УОКын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.


Халдвар ямар хурдтай, хэрхэн тархаж байгааг та мэргэжлийн хүний зүгээс иргэдэд энгийн байдлаар тайлбарлаад өгөхгүй юү?

-Энэ оны гурван сарын дунд үеэс хот болон хөдөө орон нутагт өвчлөл өргөн тархаж, нэг өдөрт халдвар авах хүний тоо ойролцоогоор таван өдөрт хоёр дахин нэмэгдэж эхлэлээ. Өсөлтийн энэ аюултай хурдыг сааруулахын тулд хатуу хөл хорио тогтоосон бөгөөд одоогийн хөл хорионы төгсгөлд дунджаар нэг өдөрт илрэх өвчлөлийн тоог 400 орчимд тогтоон барих бөгөөд үр дүн нь тавдугаар сарын хорьд хүртэл үргэлжлэхээр байгаа. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол хүндээр өвчлөх, нас барах хүний тоо гурав дахин байх байсан. Үүнээс цааш хөл хорионоос илүүтэй вакцинжуулалтын нөлөө их байх болно. Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас тархалт буурч ирэх ес, аравдугаар сард намжих хандлагатай байна.

Ер нь гадуур тархаж буй халдварын тоо бага үед хувь хүн, гэр бүл өөрсдийгөө бүрэн сэргийлээд явах боломжтой байдаг бол халдварын тоо ихсэхийн хэрээр энэ боломж хумигдаж байдаг. Халдвар авч байгаа хүний ихэнх нь ажлын байрандаа халдвар аваад гэрийнхэндээ тарааж байгаа юм. Хүмүүс ихэвчлэн ойр дотны хүнтэйгээ сэжиггүй харьцаж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн автобус зэрэг олон хүн шахцалдсан, битүү газраас халдвар авах өндөр эрсдэлтэй байна.

Энэ удаагийн хөл хорио эрчимтэй тархалтыг хэр бууруулж чадах бол?

-Хөл хорионоос өмнө халвар авсан хүмүүс энэ долоо хоногийн сүүлээр илэрнэ, мөн замын түгжрэл багассанаас илрүүлэлтын хурд нэмэгдэнэ. Ирэх долоо хоногоос эхлэн халдварын тоо буурч хөл хорионы төгсгөлд болон түүний дараах долоо хоногт 400 орчим болж багасах тооцоо гарч байгаа. Үүнийг хараад “Өө, нөлөө алга аа, хэвээр л байна шүү дээ” гэж бодогдож болох боловч үнэн чанартаа энэ удаагийн хөл хорионы нөлөөгөөр есдүгээр сар хүртэл 100 мянган хүнийг халдвараас сэргийлэх ач холбогдолтой. Цаашдын хүндрэлээр өвчилсөн хүмүүсийн 1 хүртэл хувь нь нас барж болзошгүй учраас мянгаад хүний амь насыг сэргийлж байна гэж ойлгож болно. Өнөөдөр хөгшин залуу гэлтгүй хэн ч ковидоор өвчлөөд хүндэрч болзошгүй байгаа тул энэ сэргийлэгдэх тоонд та ч, би ч орж байж болох юм. Хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт илрэх өвчлөлийн тоо 3000 давж болох байлаа.

Гэхдээ л халдварын тархалтыг бүрэн гүйцэд хумьж чадахгүйгээс хойш хөл хорио нэг л үр дүнгүй мэт иргэдэд санагдаад байх шиг?

-Халдварын тархалтыг хумих тал дээр маск зүүх, зай барих, олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг хязгаарлах, сургууль цэцэрлэг хаах зэрэг олон арга байдаг боловч хамгийн үр дүнтэй хоёр л арга байдаг. Эдгээр нь хөл хорио ба вакцинжуулалт юм. Вакцин гараагүй үед мэдээж хөл хорио юм. Халдвар тархалтыг таслан зогсоох, нөлөөг нь бууруулах зорилгоор хөл хориог орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хувьд янз бүрийн арга хэлбэрээр зохион байгуулдаг. Хөл хориогоор халдварыг бүрэн дарна гэвэл дор хаяж 45 хоногийн хөл хорио хэрэгтэй байдгийг олон улсын туршлага харуулж байна.

Гэвч аль нэг замаар дахиад л дэгдэнэ. Тэгэхлээр улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорио ямар ч үр дүнгүй байна гэж хүмүүс бодож байж болох юм. Гэвч зорьсон үр дүндээ хүрсээр ирснийг цохон тэмдэглэе. Тухайлбал, эхний хоёр удаагийн хөл хорионы үр дүнд өдөрт гарах халдварын дундаж тоог 20 орчимд байлгаж халдварын голомтыг хоёрдугаар сар хүртэл хяналтандаа байлгаж чадсаны үрээр нас баралт маш бага байсан. Ийм үр дүнтэйгээр вакцинжуулалттай золгосон. Харин цагаан сарын үеийн хөл хорионы үр дүн гуравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж энэ дундаж тоог 40 орчимд барьж ирсэн. Гуравдугаар сарын дундаас харин ядаж ажлын тав, амралтын дөрөв нийтдээ есөн хоногийн хөл хорио тогтоосон бол тооцоо ёсоор 40 гэсэн энэ тоог цаашид ч тогтоон барих боломж байсан. Харамсалтай нь бид цаг алдсаар 1000 гаргачихлаа. Нэгэнт вакцинтай залгасан учраас цаашид хүн амыг аль болох хурдан хугацаанд вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй арга болно.

Аль ч оронд ямар ч өвчний үед эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж, мэдлэг чадвар хамгийн гол үүрэгтэй. Гэтэл манай УОКын шийдвэрүүдээс харахад эрдэмтдийн зөвлөлийн мэргэжлийн санал зөвлөмжийг тоохгүй, хайхрахгүй байх шиг?

-Ковидтой амжилттай тэмцэж байгаа улс орнууд их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагаа их түшиж ажиллаж байна. Тухайлбал, Ирланд, Япон, Тайвань, Шинэ Зеланд улсуудыг нэрлэж болно. Засгийн газар, УОК-ын хувьд эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэсэн сонголтон дээр байсан. Чиглэл чиглэлийн эрдэмтэд ч өөр өөрийн зөвлөмж хүргүүлсэн байх. Манай судалгааны багийн зүгээс (одоо бол төлөвлөлтийн баг) болон ХӨСҮТ-ийн судалгааны багаас хөл хорио тогтоох хамгийн боломжит хувилбаруудыг удаа дараа гарган өгч, ЭМЯ-наас нэгтгэн УОК-т саналаа хүргүүлж тохиолдох хүндрэлүүдийг урьдчилан хэлж байсан. Ер нь судалгаа дүгнэлтээ салбар салбарын эрдэмтэд нэгтгэн боловсруулж санал нэгтэй өгч байх тал дээр анхаарууштай санагддаг. Энэ тал дээр зохих зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа гэсэн.

Үнэхээр бодит байдал дээр эрдэмтдийнхээ үгийг сонсож байна уу. Учир нь энэ бол өнөөгийн нөхцөлд хүний амиар хэмжигдэж буй хамгийн том асуудал болчихоод байгааг та бид харж байгаа шүү дээ?

-Тийм ээ, энэ тал дээр яг фронтод ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ, эрдэмтдийнхээ үгийг саналыг хүндэтгэлтэй, чухалчлан сонсох шаардлагатай гэж байнга харагддаг. Эрдэмтэд шийдвэр гаргахад хамгийн их хэрэгтэй байгаа зүйлийг мэдэж байгаа. Манай тооцоо, шинжилгээний багийн тухайд гэвэл цаашдын прогнозыг цаг тухайд нь гарган өгч байгаа. Бид анх дотоодын анхны халдвар гарах үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн УОК, шуурхай штабын дэргэдэх судалгаа шинжилгээний бүлэгт ажиллаж эхэлсэн. Энэ бүлэг өдөр бүр цуглан өглөө үдэшгүй ажиллаж, нууцын гэрээ байгуулж 2-3 хоногт нэг удаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан зөвлөмж гарган өгч байсан. Халдвар, тархвар судлал, анагаахын мэргэжилтнүүд мөн математик-физикийн хүмүүс багтсан сайхан баг ажиллаж байсан.

Харамсалтай нь энэ шуурхай бүлгийг тараагаад зарим эрдэмтдийг нь УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд нийлүүлэн ажиллуулж байна. Энэ зөвлөл өдөр бүр хуралддаггүй, тодорхой асуудалд хэрэгтэй үед хаяа нэг хуралддаг байнгын ажиллагаа байхгүй. Заримдаа асуудлыг санал хураалтаар шийддэг нь учир дутагдалтай. Энэ зөвлөлийг байнгын ажиллагаатай болгож, эрч хүчтэй ажиллах эрдэмтдээр шинэчлэх шаардлагатай санагддаг. Товчхондоо УОК шийдвэр гаргахдаа голомтод тулж ажиллаж буй эмч, эрдэмтдийнхээ дүгнэлтийг илүү үндэслэх хэрэгтэй байна.

Таны хувьд халдварыг хөл хорионоос гадна ямар байдлаар хумих боломжтой гэж харж байна вэ?

-Вакцинжуулалт. Нэгэнт вакцин гараад ирсэн учраас дэлхий нийтээрээ энэ л аргыг сонгож байна. Вакцин ийм хурдан хугацаанд бий болж байгаа нь шинжлэх ухааны ач гавьяа юм. Хөл хорио бол эрс өсөлтийг удаашруулан цаг хожиж, эрүүл мэндийн системийг цагаан тугаа өргөхөөс хамгаалах ач холбогдолтой боловч нэг мөсөн хэзээ ч дарж чадахгүй. Харин вакцинжуулалтаар дарах боломжтой. Түүнээс гадна ухамсарт хүн бүр энэхүү өвчний талаар үнэн зөв мэдлэгтэй болох нь түүнээс сэргийлэх гол зэвсэг. Шинэ төрлийн цар тахал дэлгэрээд жил тойрон болоход түүний талаарх үнэн зөв мэдлэг мэдээлэл хангалттай их бий боллоо. Нийтийн сүлжээний элдэв мэдээллээр аж амьдралаа эрсдэлд оруулж болохгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь бодит амьдрал дээр эсрэгээрээ байна. Дээр дооргүй үүнд их анхаарах шаардлагатай байгаа. Өөрөө хичээвэл халдвар авахгүй байх бүрэн боломжтой.

Намар гэхэд халдварыг намжааж чадах болов уу?

-Тооцоо шаардахгүй хоёр зүйлийг хэлье. Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол намар хичээл орохоор халдварын тархалтыг дахиад алдах аюултай. Нэгдүгээрт, ирэх хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа гарцаагүй эхлэхээс өөр аргагүй. Гэвч энэ үед сурагчид вакцинд хамрагдаагүй байгаагийн улмаас сургуулиуд халдварын голомт болох аюултай. Өнөөдөр гэхэд ковидоос өвчилсөн 4-5 хүний нэг нь хүүхэд байна. Иймд хүүхэд сурагчдыг вакцинд хамруулах боломжийн талаар одооноос онцгой анхааран төлөвлөж ажиллах шаардлагатай. Дэлхийд ийм боломж гараад эхэллээ. Энэ бол БШУЯ-ны шийдвэрлэх тулгамдсан асуудал байх. Хоёрдугаарт, вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах нөлөө ямар байх талаар тодорхой судалгаа хомс байна. Иймд насанд хүрэгчид энэ оны зургаа, долдугаар сард вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамрагдлаа гэхэд ирэх жилийн томуугийн хоёр дахь дэгдэлтийн үе болон цагаан сарын өмнө ковид дахин өргөн тархаж, энэ хаврын байдал давтагдаж болзошгүй байгааг одооноос анхааран ажиллах шаардлагатай.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ц.Буянзаяа: Хүн сэтгэлийн амьтан гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн амьтан л даа

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяатай шинээр гаргасанСэтгэл зүйн тууриудномынх нь талаар ярилцлаа.


Өнөө цагт Монголын зохиолчид роман, өгүүллэг гэсэн хоёр төрлөөр голдуу туурвиад байх шиг. Туурь бичиж буй нь бараг харагддаггүй юм?

-Роман, өгүүллэг бол хүүрнэл зохиолын нийтлэг, үндсэн төрөл зүйлүүд л дээ. Туурь ч гэсэн өгүүллэгийн төрөл зүйлд хамаарагдана. Гэхдээ өөрийн гэсэн бага зэрэг онцлогтой. Өгүүллэгийн зохиолд зохиолын үйл явдал, дүрийн онцлогийг голлон анхаардаг бол туурьд зохиогчийн дэвшүүлж буй санаа гол цөм нь болж илэрхийлэгддэг. Жишээлбэл, Б.Ринчений “Шүхэрч Буниа” туурьт монголчууд шүхэр хийж нисэхийг эрт цагт зорьж байсан юм шүү гэсэн санаа зохиолын гол цөм нь болсон байдаг. Бусад өгүүлэмж, үйл явдал нь уг санааг тодруулж гаргахад чиглэсэн гэж үзэж болно. Гэтэл Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгт Лодон гэвшийн ертөнцийн хар нулимс унагах болсон шалтгааныг үйл явдлын учир шалтгаан, дүрийн дотоод ертөнцийн хувиралтай холбон бичсэн байдаг. Энэ нь зохиолч санаагаа илэрхийлэхээс илүүтэйгээр уран сайхны дүрийн ертөнцийг нээн дүрсэлсэн гэж ойлгож болно. Тийм учраас Лодон гэвш зарим хүнд эмгэнэлтэй, зарим хүнд инээдтэй дүр болон уншигддаг. Иймэрхүү онцлогтой холбоотойгоор туурь-өгүүллэг, өгүүллэгийн хооронд багахан ялгаа гардаг. Туурь бичих нь өгүүллэг бичихээс илүү ч юм биш, дутуу ч юм биш. Хамгийн гол нь яаж бичих нь, уран сайхны боловсруулалт хэрхэн хийх нь л чухал юм.

Зохиолчид тогтсон ганц нэг төрлөөр дагнаж бичих нь яваандаа, том утгаараа тухайн орны уран зохиол, утга зохиол ядуурахад хүргэх тал бий юү. Тийм учраас зохиолчид уран зохиол аль болох олон төрөл зүйлээр оролдож байгууштай юу?

-Төрөл зүйл бол нэг их чухал биш, хүн ямар ч төрлөөр бичиж, авьяас билгээ сорьж болно. Зөвхөн нэг төрлөөр бичээд байсан ч болно. Төрөл зүйлээс илүүтэйгээр туурвил зүйн хэв маягийг анхаарах нь илүү чухал юм. Туурвил зүйн хэв маягт зохиомжийн боловсруулалт, хүүрнэх арга барил, дүрийн дүрслэл, зохиолын хэл, үйл явдлын өгүүлэмж зэрэг тогтсон элементүүд хамаарагддаг. Эдгээр элементүүдийг ашиглахдаа зохиолчид өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягийг бүтээхийн төлөө байнгын эрэлхийлэлд автаж байх ёстой юм. Хэрвээ хэн нэгний бүтээсэн туурвилын хэв маягуудыг хуулбарлах, даган дуурайх байдлаар бичээд байвал ёстой үндэсний уран зохиолд ядуурал газар авна гэсэн үг л дээ.

Манай уран зохиолд туурвил зүйн хэв маягийн давтамжит хандлага түгээмэл байдаг нь анзаарагддаг Ганцхан жишээ хэлэхэд Д.Нацагдоржийн “Үзэгдээгүй юм” өгүүллэгийн Болдыг гадаад харагдах байдлаас нь “…Хөх даалимбан дээлийг өмсөж, шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ…” гэх зэргээр дүрсэлсэн байдаг. Гэтэл үүнээс хойш нэлээд олон зохиол дээр хөх дээл өмсөж, шар дурдан бүс ороож, малгай хэлтгий тавьсан дүрслэл давтагдан гардаг. Энэ бол туурвил зүйн хэв маяг дахь буруу хандлага юм. Үүнээс гадна сүүлийн үеийн романуудад цуваа цагийн нийтлэг зохиомж газар авчхаад байгаа. Энэ бол бас л буруу хандлага. Зохиомж маш чөлөөтэй, баялаг байх ёстой. Зохиолчийн хэлний ижилсэл гээч юм манайд хэтэрхий нийтлэг байдаг. Энэ ч бас хортой. Тийм болохоор ямар төрлөөр бичихээсээ илүүтэйгээр яаж үгийн урлагийн уран сайхны ертөнц бүтээх вэ гэдэг нь уран зохиолын хөгжлийн асуудал л юм даа.

Та энэ номныхоо тууриудыг арваад жилийн өмнөөс бичиж эхэлжээ?

-Тэгсэн. Сүүлийн арваад жилийн зохиолуудаас ном минь бүрдэж байгаа. Гэхдээ сүүлийн гурван жилийн бүтээлүүд түлхүү байгаа. Яагаад гэвэл энэ номыг бичих, бүтээх тал руугаа голлон анхаарсан юм.

-“Сэтгэл зүйн тууриудгэж нэрлэснээс нь үзвэл хүний сэтгэл зүйг илэрхийлсэн тууриуд байх нь гэж таамаглалаа. Тэгтэл тийм болж таарав?

-Анх номоо аль нэг тууриар нь нэрлэдэг юм уу гэж бодож байсан юм. Тэгтэл мэргэжил нэгт нөхдүүд маань бүгдээрээ туурь юм чинь бүгдийг нь хамруулсан нэр өгвөл зохимжтой болно гэж зөвлөсөн юм. Тэгээд тууриудад маань нийтлэг зүйл юу байна вэ гэж нэлээн анзаарч харсан. Зохиол бүхэнд маань дүрийн сэтгэл зүйгээс урган гарсан үйл явдал ч юм уу, үйл явдлын нөлөөлөөс улбаалан бий болсон дүрийн сэтгэл зүйн онцлог ч юм уу, эсгэвээс хүн гээч амьтны сэтгэл зүйн ертөнцөд байдаг нийтлэг хандлага ч юм уу, тиймэрхүү сэтгэл зүйн элементүүд байгаад байсан учраас “Сэтгэл зүйн тууриуд” гэж нэг нийтлэг шинжээр нь нэрлэсэн юм.

Хүмүүс нэгэн үеэ бодвол материаллагаас хагацаж, дотоод руугаа тэмүүлэх хандлагатай болсон. Сэтгэл зүйн талаар их, багагүй ярьдаг болж. Уг нь монголчууд юмыг хийхээсээ урьтаж бодож, бясалгадаг, тунгаадаг, өөрөө өөртэйгөө ярьдаг, өвөрмөц сэтгэл зүйтэй хүмүүс байсан шүү дээ?

-Хүн гээч амьтан үнэн чанартаа сэтгэлийн амьтан гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн амьтан л даа. Бид сэтгэл зүйдээ ямар төсөөлөл бий болгосон байна тэр төсөөллөөрөө юманд хандаж, юмыг үнэлж, үйлдэж амьдардаг. Хүмүүс сэтгэхүй нь тийм, ийм гэж их ярьдаг. Тэр яриад байгаа сэтгэхүй ч гэсэн уг чанартаа сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл зүйд нь ямар нөлөөлөл тогтсон байна, тэр байдлаараа л юм бүхэнд хандана гэсэн үг. Улаанбаатарын машины түгжрэл нэг талаасаа хотын зохион байгуулалт, автомашины ачаалалтай гарцаагүй холбоотой. Гэхдээ нөгөө талаасаа бидний сэтгэл зүйд аль хэдийнэ тогтчихсон нэг нэгнээсээ өрсөх гэсэн, хэт амиа хичээсэн байдалтай яалт ч үгүй хамаатай. Нийгмийн сэтгэл зүйн түгээмэл хандлагын нэг илрэл ч гэж үзэж болно. Хамгийн гол авууштай нь юу вэ гэхээр сэтгэл зүйн хандлагууд өөрчлөгддөг, тогтоод нэг газраа гацчихдаг зүйл биш юм. Зөв хандлага, зөв нөлөөллөөр сэтгэл зүйн хандлагуудад өөрчлөлт орж болно. Тийм учраас л өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн сэтгэл зүйн эерэг хандлагууд бий болгох тал дээр анхаарч ажилладаг гэж ойлгож болох юм.

Таны энэ шинэ номонд орсонХүн чулууны туурьгэх туурийн гол дүрийн эр бол маш бэртэгчин. Манай нийгэмд, ялангуяа нам, улс төр дагасан эрчүүдийн дунд яг тийм хүмүүс элбэг байдаг юм. Энэ туурийг уншихадНээрэн ийм хүмүүс мэр сэр байдаг шүүгээд дотор муухайрсан шүү?

-Тийм үү? Би хувьдаа хэн нэгнийг ч юм уу, хэсэг бүлэг хүмүүсийг шүүмжлэх санаагаар “Хүн чулууны туурь”-аа бичээгүй. Тухайн зохиолын баатрынхаа сэтгэл зүй дэх хандлагаар дамжуулан зарим нэг хүмүүсийн ухамсар, сэтгэхүйд байдаг түгээмэл хандлагыг илэрхийлэхийг зорьсон. Үүнээс цааш яривал уншигчийн өөрийнх нь таашаалын эрхэд халдсан явдал болчих байх.

-“Жаргаж буй нарны туурь”. Гол дүрийн эр нь мөн л манай нийгэмд түгээмэл байдаг. Сэтгэл санаа нь тогтворгүй, ямар нэгэн юманд хэн нэгнийг буруутгаж, үзэн ядаж түүнээсээ таашаал ч авч чаддаггүй. Сэтгэлд нь нийцэх юм гэж огт үгүй. Тийм хүмүүс ч төвөгтэй шүү?

-Жак Дерридагийн деконструктивизмийн тухай үзэл санаанд зохиолч номоо бичиж дуусна гэдэг тухайн зохиолынхоо хувьд үхсэн хүнтэй адил болж байгаа зүйл гэж өгүүлсэн байдаг. Энэ бол зохиолч, зохиол, уншигч гурвын харилцан хамаарлыг гайхалтай илэрхийлсэн илэрхийлэл юм. Мэдээж зохиолч ямар нэгэн үзэл санаа дэвшүүлэн зохиолоо бичсэн л байж таарна. Гэхдээ уншигчдад өөрийнхөө тэр үзэл санааг хэрхэвч тулгаж болохгүй гэсэн санаа юм. Уншигч тэр зохиолыг өөрийнхөөрөө тайлж, өөрийнхөөрөө нээж, өөрийнхөөрөө эвдэж ойлгоно гэдэг үнэхээр гайхалтай явдал.

Нэг ёсондоо уншигч тэр зохиолыг шинээр дахин төрүүлж байна гэсэн үг. Уншигч бүхэнтэй цуг шинэ ном, шинэ ойлголт, шинэ санаа, шинэ өгүүлэмж төрнө гэдэг уран зохиолын хөгжил, хэрэглээнд ололт, дэвшилт бий болж байна гэсэн үг. Тэгэхлээр зохиолч өөрийнхөө санааг зарлаад, тунхаглаад явахаас илүүтэй уншигчид зохиолыг нь өөр өөрийнхөөрөө тайлан унших бүрд талархан, өөрөө ч мэдэхгүй байгаа шинэ зүйлүүдийг нээж харах, хүлээн зөвшөөрөх чадвартай байх хэрэгтэй болж байгаа юм. “Жаргаж буй нарны туурь”-ийг би өөрийн чинь ажигласнаас өөр санааг дэвшүүлэн бичсэн. Гэвч өөрийн чинь ажиглалтыг анзаараад яалт ч үгүй бас нэгэн шинэ хандлага юм даа гэж ойлгож байна.

-“Сэтгэл зүйн тууриуд”-ыг эхнээс нь дуустал уншлаа, хаалаа. Их л юм бодлоо?

-Баярлалаа. Эрнест Хемингуэй уран зохиолын дотоод ертөнцийг мөсөн уултай зүйрлэн хэлсэн байдаг юм. Зохиолын уншигчдад хүрч байгаа үйл явдал нь мөсөн уулын оройн хэсэг, харин уншсаныхаа дараа төрсөн бодол эргэцүүлэл нь мөсөн уулын үл харагдах гол хэсэг нь юм гэсэн байдаг. Тиймээс хүнд юм бодуулах зохиол бичнэ гэдэг зохиолчийн туйлын зорилго юм даа.

Энэ номыг бичихдээ та бас маш их бодолд орсон байх, бодохын тулд нам гүмийг эрэлхийлсэн байх. Бусдаас, нийгмээс өөрийгөө тасалж суусан байх. Тэгж байж л бичигдсэн тууриуд болов уу гэж анзаарлаа?

-Бодолгүй яахав. Бичиж буй зохиолынхоо ертөнцөд амьдрахыг хичээсэн. 2017 оноос хойш би уран бүтээлээ голлон анхаарч байгаа. Нэг ёсондоо бодит болон хийсвэр ертөнцийн амьдралаар зэрэгцэн амьдарч эхэлсэн гэж хэлж болно. “Сэтгэл зүйн тууриуд”-аасаа гадна бас нэг шинэ роман бичиж байсан учир маш их цагийг бүтээл туурвилдаа зориулсан. Томоохон хэмжээний бүтээл туурвихад мэдээж орчноо бүрдүүлэх, аль болох цаг хугацаагаа зориулах гээд зайлшгүй зүйлүүд байдаг. Тэгэхдээ нэг их өөрийгөө тусгаарлаад, нийгэм, хүмүүсээс зайгаа бариад байсангүй. Ганц нэг цагийн хичээл зааж, уран зохиолын хүрээнд болж буй арга хэмжээнүүдэд оролцох зэргээр бас ч гэж нийгмийн идэвхтэй байсан шүү. Гэхдээ л ихэнх цагаа бүтээл туурвилдаа зориулсан.

Монголчууд ёс зүйгүй болжээ, хүн чанаргүй болчихож. Дээр үед ийм байгаагүй юм гэдэг. Энэ бүх буруушаалын үндэс нь хүний сэтгэл, сэтгэл зүйтэй холбоотой болоод явчихдаг. Сэтгэлээ чагнахаа байснаас, сэтгэлдээ оршиж чадахгүй болсноор өнөөдрийн энэ хар бараан бүгд урган гарч байна гэж заримдаа дүгнэж болохоор?

-Өөрийн чинь дүгнэлттэй зарим зүйл дээр санал нийлэхгүй байна.Яагаад гэвэл хүмүүс угаасаа ийм л байсан, ийм л байгаа, ийм л байх болно гэж хувьдаа боддог юм. Түүнээс биш өнөө цагт л муу муухай юм үүрлэчихээд байгаа юм биш. Хүн гээч амьтан байгаа цагт сайн, муу юм цуг байх нь зүйн хэрэг биз. Харин ч сүүлийн үед хүний хөгжил, хандлагад эерэг зүйлүүд бий болж байна. Нийтээрээ биш юм аа гэхэд нэлээд хүмүүсийн хандлага, ойлголт өөрчлөгдөж байна. Хүн ёс, хууль ёсыг шаарддаг шаардлагууд бий болж байна гээд яриад байвал сайн зүйлс их байна. Нөгөө талд нь саар муу зүйлс хаа сайгүй л байна. Тэр тухай яриад ч яахав дээ.

Бид жамаараа яваа юу…?

-Үгүй. Бид хандлагаараа яваа. Хувь хүн бүхэн өөрийн хандлагаар нийгэм нийтийн хандлагаар явж байна.Гол нь хувь хүний хандлага нийгмийн хандлагатай зөрчилддөг учраас, ялангуяа нийтийн түгээмэл хандлага нийгмийн хандлагыг тодорхойлдог болохоор хувь хүний хандлагад төвөгтэй байдлыг үүсгэдэг. Энэ л төвөгтэй. Тэгэхлээр олон нийтийн эерэг хандлагын төлөвшил чухал юм даа. Хувь хүн бол яахав хувь хүнээрээ л дуусна.

Гүн ухаанчид, бас сэтгэл зүйчидтэй уулзаадБид жамаараа яваа юугэж асуухаар дийлэнх ньЖамаараа яваа. Бидний туулж байгаа, үзэж харж байгаа энэ бүх муу муухай юм байх ёстой, эдлэх ёстой зүйл. Бүү сандаргэдэг. Тийм бол тэмцэж, зүтгээд хэрэг юун. Бүгдийг сул хаячихмаар юм биш үү, хувь заяандаа даатгаад?

-Хувь хүн жам ёсонд найдахаас илүүтэйгээр, хэн нэгний тусламжид найдахаас илүүтэйгээр өөрийнхөө оршин байх хувь тавиланг өөртөө бүтээхээс өөр гарц байхгүй байх. Энэ тал дээр би эксистенциалистуудын үзэл санаанд автадмал байдаг юм. Ингээд үзэхээр хүн нийгмийн эд, эс учраас өөрийнхөө оршин байх хувь тавиланг нийгмээс гадуур бүтээж чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас нийгмийнхээ сайн сайхны төлөө ямар нэгэн оролцоог өөрийнхөө хэмжээнд бий болгож байх нь л зөв байх. Манайхан нийгмийн оролцоо гэхээр ядарсан зүдэрсэн хэн нэгэнд туслах, улс төрд оролцох гэх зэргээр нийтлэг хандлага илэрхийлээд байдаг. Ядарсан хүнд туслах нь, үзэл бодлоо илэрхийлэх нь юу нь буруу байхав. Гэхдээ хүн өөрөө нийтийн дүрэм журмыг мөрдөх, өөрийн хүчээр баялаг бүтээж амьдрахыг хичээх нь улстөржихөөс илүүтэйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа явдал гэж би хувьдаа бодож явдаг юм. Түүнээс биш жамаараа яваа юм яасан ч яахав гээд бүхнийг зоргонд нь орхино гэдэг лав зөв хандлага биш байх.

-“Сэтгэл зүйн тууриуд”-ыг хаанаас худалдан авч болох вэ?

-“Интерном”, “Аз хур”, “Анар” гэсэн номын дэлгүүрүүдээр борлогдож байгаа. Мөн “Bookking” хүргэлтээр худалдаалж байгаа.

Номын хавтас шар. Энэ бол нар, гэрэл гэгээг илэрхийлдэг өнгө. Харин хүмүүсийг та саарлаар дүрсэлжээ. Та хүмүүсийг, хүмүүсийн сэтгэл зүйг саарал байна гэх гээд байна уу. Эсвэл та өөрөө хүмүүсийг саарлаар харж байна уу?

-Номын маань хавтасны зургийг яруу найрагч, зураач М.Амархүү зурсан, номын эх бэлтгэлийг дизайнер, гэрэл зурагчин Э.Цэрэнбаяр хийсэн. Бид гурав ярилцаж байгаад л ийм нэг хавтас бүтээсэн. Зураачийн дүрслэл, дизайнерийн зохиомжоос л ийм дүр төрх бий болсон. Хавтасныхаа зурагт ямар нэгэн зориудын бэлгэдэл хийгээгүй. Зургийн санаа номонд байгаа зарим нэг зохиолын үйл явдлаас сэдэвлэн гарсан. Ердөө л ийм юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“NASA”-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрчээ

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-гийн сансрын нисэгчдийн “Crew 2” баг “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр дэлхийгээс хөөрч, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад амжилттай хүрчээ. “Crew 2” баг сансрын уудамд зургаан сарын турш ажиллана.

“Crew Dragon” хөлөг нь одоогийн байдлаар сансар руу хүн тээвэрлэж буй анхны бөгөөд цорын ганц хувийн эзэмшлийн хөлөг юм. “SpaceX” компани нийтдээ зургаан удаа “NASA”-гийн сансрын нисэгчдийг тойрог замд хүргэх гэрээ байгуулсан бөгөөд өчигдрийн нислэг хоёр дахь нь байв. Эхний “Crew-1” баг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард сансарт гарсан ба энэ нь арав орчим жилийн дараа америкчууд анх удаа өөрийн хөлгөөр, эх орноосоо сансарт ниссэн тохиолдол байжээ.Үүнээс өмнө ОХУ-ын “Союз” хөлгөөр тойрог замд хүрдэг байсан юм.

“Crew-1” багийн хоёр сансрын нисэгч болох Боб Бэнкэн, Даг Харли нар одоо Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа. Тэдэн дээр “Crew-2” багийн гишүүд болох “NASA”-гийн Шэйн Кимброу, Меган Макартур, Японы Акихико Хошиде, Европын Холбооны Томас Пескю нар нэмэгдэж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Судлаачид 5000 жилийн настай хурууны хээ олжээ

Шотландын археологичид Оркнейн арлууд дээр таван мянган жилийн настай хурууны хээ олжээ.

Археологич Рой Тауэрс Оркнейн арлууд дээрх Бродгар хошуун дахь археологийн бүсэд судалгаа хийх явцад энэхүү ховор олдворыг илрүүлсэн байна. Хурууны хээ эртний шавар савны хэлтэрхийн дээр үлдсэн байжээ.

Энэхүү түүхэн олдворыг хурууны хээ болохыг батлахын тулд эрдэмтэд тал бүрээс нь хэд хэдэн гэрэл зураг авч, улмаар тусгай программ ашиглан объектын нарийвчилсан загварыг бүтээжээ. Гаргаж авсан дүрс дээр нүдэнд үл үзэгдэл нарийн зүйлс харагддаг байна.

Археологичид хурууны хээг шинжилснээр уран гартны хүйс, насыг тодорхойлох боломжтой болно гэж найдаж байна.

Part of the vast Ness of Brodgar site, a complex of monumental buildings that emerged during the Neolithic period as a 'New World Order' emerged in Orkney. PIC: S Marshall/CC.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол залуус анх удаа Олон улсын Дата Шинжилгээний олимпиадад финалд шалгарлаа

Олон улсын дата шинжилгээний дөрөвдүгээр олимпиад зохион байгуулагджээ. Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 648 баг оролцсоноос шилдэг 30 багийг шалгаруулсан байна.

Энэ удаагийн олимпиадад Монголын багийн залуус анх удаа сүүлийн шатанд шалгарч, Энэтхэг, Орос, Герман, АНУ, Франц зэрэг улстай өрсөлдөж, 36 цагийн турш даалгавар гүйцэтгэн 5 дугаар байрт шалгарчээ.

Олон улсын дата шинжилгээний олимпиадаар өгөгдсөн датаг ашиглан холбогдох даалгавар, асуултад хариулах, шийдлийг олдог. Энэ удаад ОХУ-ын Otkritie банкинд “Аль харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болговол бүтээгдэхүүнийг авах магадлал өндөр болохыг тодорхойлох, улмаар сонгосон харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болгосноор ашгийг хамгийн их байлгах тухай” бодлого бодож, загвар хөгжүүлэн өрсөлджээ. Өгөгдөл нь ихэвчлэн бодит амьдрал дээрх тоон, бичгэн, зурган эсвэл дуу хоолойн бичлэг гэх мэт ямар ч төрөл байж болдог байна. Ингээд оролцогчид уг өгөгдлийг ашиглан,

Өгөгдлийн ухаан (data science)
Хиймэл оюун (artificial intelligence)
Машин сургалтын (machine learning)

арга хэрэгслээр таамаглалын загвар хөгжүүлэх даалгавар гүйцэтгэж 36 цагийн турш өрсөлдсөн байна. Шилдэг 30 багаас бодит байдалд хамгийн ойр бөгөөд нийцтэй загвар хөгжүүлсэн баг Дэлхийн ялагч болдог юм.

Монголоос анх удаа финалдсан залуус нь өнгөрсөн жил тус тэмцээнд оролцсон туршлагатай бөгөөд хоёр дахь жилдээ ийнхүү амжилтаа давуулан ахиулжээ. Монголын дата шинжилгээний багийн бүрэлдэхүүнд, БНСУ-ын Чунбукын их сургуулийн докторант М.Лхагвадорж, Simple аппликейшнийн дата шинжээч Ч.Алтан-Өлзий, МИГ даатгалын дата шинжээч М.Чойсүрэн нар багтсан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Toyota” компани устөрөгчийн шинэ хөдөлгүүр бүтээж байгаагаа мэдэгджээ

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor” хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилгын хүрээнд устөрөгчийн шинэ хөдөлгүүр бүтээж байгаагаа мэдэгджээ.

Шинэ турбо хөдөлгүүр нь 1.6 литрийн багтаамжтай гурван цилиндртэй байх аж.

Уг хөдөлгүүр нь устөрөгчийг шатаах замаар ажиллах бөгөөд түлш шахах, нийлүүлэх шинэчлэн сайжруулсан систем суурилна. Ийм хөдөлгүүр нь ажиллах зарчмын хувьд бензин хөдөлгүүртэй төстэй боловч хөдөлгүүрийн тос бага зарцуулдаг тул ямар ч утаа ялгаруулахгүй гэнэ.

Үүнээс гадна, устөрөгчийн шатах үйл явц нь бензин хөдөлгүүртэй харьцуулахад илүү хурдан бөгөөд энэ нь машины динамик чанарт эерэг нөлөө үзүүлэх аж. “Toyota” компани шинэ хөдөлгүүрээ Шизуоко мужийн автомашины уралдааны зам дээр тавдугаар сард туршихаар төлөвлөжээ.

“Toyota” компани нь устөрөгчийн хөдөлгүүр бүтээх туршлагатай. Тус компани устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” загварын анхны автомашинаа 2014 онд танилцуулсан билээ.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

DNN-ШИНЖЛЭХ УХААН: 2020 онд гарсан шинжлэх ухааны ололтууд

Plastic-Eating Bacteria. And Their Pollution-Reducing Enzymes | by Joshua  Hehe | The Startup | Medium

Өнгөрөгч онд сүүлийн 100 жилд тохиогүй цар тахал дэгдсэнээс үүдэн дэлхий нийт таамаглаагүй олон сорилттой тулгарсан. Энэ ч утгаараа хүн төрөлхтөн шинжлэх ухааны ач холбогдлыг улам ихээр ойлгох болсон билээ. Тэгвэл 2020 онд шинжлэх ухаанд ямар онцлог нээлтүүд гарсан хийгээд эдгээр нээлтүүд ирээдүйд бидний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг харцгаая.


1. “COVID-19” өвчин лабораториос алдагдсан уу?

Research Roundup: COVID-19 Recovery & the Vaccine and More | BioSpace

Шинэ төрлийн халдварт өвчин болох коронавирусийг судалж, цар тахлыг зогсоохын тулд дэлхийн олон мянган эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажил өрнүүлж буй. Цар тахалтай тэмцсэн нэг жил хагасын хугацаанд орон орны эрдэмтийн баг одоогоор таван төрлийн вакциныг гарган аваад байна. Түүнчлэн олон улсын эрдэмтдийн баг шинэ төрлийн “SARS-CoV-2” коронавирус нь хаалттай лабораторид гарсан ослын улмаас хүрээлэн буй орчинд алдагдсан байж болзошгүйг үгүйсгэхгүй байна. Австрийн хэвлэлийн агентлагт Инсбрукийн их сургуулийн микро биологич Россана Сегретог энэ талаар дурьдаж, эрдэмтдийн хамтаар энэ сэдвээр хийсэн судалгаагаа шинжлэх ухааны “BioEssays” сэтгүүлд нийтэлсэн байна. “Би эрдэмтэн хүний хувьд хуйвалдааны онолчдын гарт тоглохыг хүсэхгүй байна. Вирус лабораториос тархсаныг нотлох шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо одоог хүртэл байхгүй байна” гэж Сегрето хэлжээ.

2. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар түрүү булчирхай болон хөхний хорт хавдрыг бүрэн оношилдог боллоо

How AI is improving cancer diagnostics

Судлаачид Google-ийн DeepMind AI буюу хиймэл оюун ухааны системийг ашиглан 29000 гаруй эмэгтэйн рентген зурагнаас гажиг илрүүлэх туршилтыг хийжээ. Туршилтаар уг систем мэргэжлийн рентгенологичдоос илүү оношилж байгааг тогтоожээ. Мөн 2020 оны долдугаар сард Питтсбургийн их сургуулийн судлаачид түрүү булчирхайн хорт хавдрыг эдийн слайднаас ялгах хиймэл оюун ухааны хөтөлбөр боловсруулжээ. Туршилтын үеэр хиймэл оюун ухааны систем нь түрүү булчирхайн хорт хавдрыг илрүүлэх 98 хувийн мэдрэмж, 97 хувийн гүйцэтгэлийг харуулсан нь урьд өмнө байгаагүй өндөр тоон үзүүлэлт болжээ. Хиймэл оюун ухааны тогтолцоо нь хорт хавдрыг илрүүлэх хамгийн анхны систем бөгөөд хавдрын зэрэг тогтоох, хэмжээ тодорхойлох, захын мэдрэлийн нэвчдэс зэрэгт үзүүлэх үр дүнг нарийн мэдээлдэг болсон нь анагаах ухаанд гарсан шинэ ололтуудын нэг юм.

3. “SpaceX” компани хүн төрөлхтний сансарт нисэх шинэ ололтыг нээлээ

NASA certifies SpaceX Crew Dragon spacecraft ahead of Crew-1 launch -  SpaceNews

“SpaceX”-ийн Falcon-9 пуужин “Crew Dragon” сансрын хөлгийг тойрог замд хөөргөсөн нь хүн төрөлхтний сансарт нисэх шинэ эрин үеийг эхлүүлжээ. Арван нэгдүгээр сард сард “SpaceX” компаниас“Crew Dragon Resilience” төслийг эхлүүлж олон улсын сансрын станц руу дөрвөн сансрын нисэгчийг амжилттай илгээсэн юм. Энэхүү нээлт нь арилжааны байгууллага сансарт хөвж буй өндөр технологийн лабораторид анх удаа НАСА-ийн сансрын нисгэгчдийг амжилттай тээвэрлэсэн үйл явдал болжээ. Хүмүүсийг тойрог замд тогтмол нисгэхийн тулд сансрын хөлгөө бүтээж, туршиж олон жилийн турш ажилласны дараа уг төслийг амжилттай болсон нь SpaceX-ийн хувьд түүхэн үйл явдал юм.

4. Археологчид Америкийн түүхтэй холбогдох шинэ баримтыг дэлгэлээ

People arrived in North America 30,000 years ago, archaeologists say

Мексикийн агуйгаас олдсон багажны археологийн шинжилгээ болон агуйн ордод хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Америкийн колоничлолын түүхтэй холбогдох өөр нэгэн баримт дэлгэгджээ. Хүмүүс агуйг 30 мянгаас 15 мянган жилийн өмнө очиж үзсэн болохыг баримтууд харуулжээ. Энэхүү нээлт нь Кловичуудыг 15000 жилийн тэртээ Америк тивийн хамгийн эртний оршин суугчид байсан гэсэн таамгийг бий болгож байгаа юм.

5. Анхны тираннозаврын үр хөврөлийг нээв

Baby tyrannosaur dinosaurs were the size of dogs, embryo fossils show - CNET

Судлаачид тиранозаврын үлдэгдлийг бүрхүүлээсээ салж амжаагүй маш балчир байсныг тогтоожээ. 2018 онд Канадын Алберта дахь морины хошуунаас траннозаврын хөлийн хумс, доод эрүү олдсон бол 1983 онд Монтанагийн анагаах усны формацаас удаах нь олдсон юм. 71-75 сая жилийн настай үлдэгдэлд хийсэн шинжилгээгээр тиранозаврууд нь Чиуахуагийн чинээ хэмжээтэй, гурван фут орчим хэмжээтэй, гайхмаар жижигхэн гарч эхэлсэн нь тогтоогджээ. Энэ урт нь тэдний бүрэн гүйцэд боловсрогдсон аравны нэгийн аравны нэг ажээ. Ихэнх эрдэмтэд ийм жижиг хэмжээтэй махчин амьтныг урьд өмнө нь олж нээж байгаагүй гэдэг.

6. Хуванцар иддэг бактерийг илрүүлжээ

Plastic-Eating Bacteria. And Their Pollution-Reducing Enzymes | by Joshua  Hehe | The Startup | Medium

Европын судлаачид полиуретанаар хооллодог шинэ нянг олж илрүүлжээ. Энэ нь дахин боловсруулахад хэцүү, устгахад хэцүү хуванцар юм. ХБНГУ-ын Хельмгольцын Байгаль орчны судалгааны төвийн баг энэ нээлт нь дэлхий дээрх хог хаягдлыг нэмэгдүүлж, далай тэнгисийг бохирдуулж буй дахин боловсруулахад хэцүү хуванцар материалыг бууруулахад туслах болно гэж мэдэгджээ.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА Ангараг гариг дээр анх удаа нисдэг биет хөөргөлөө

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гариг дээр нисдэг аппарат хөөргөлөө.

Ангараг гаригийн хиймэл дагуулаар дамжуулан жижиг нисдэг тэрэг хөөрсөн тухай мэдээллийг дэлхий дээр хүлээн авчээ. НАСА-ын зүгээс ойрын өдрүүдэд дөрвөн ч шинэ нислэг туршиж түүх бүтээхээр ажиллаж байгаа аж.

"Ingeniuity" нисдэг биет нь 40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр Ангарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна. 

Ийнхүү “Ingenuity” Ангараг гараг дээр ниссэн анхны аппарат болжээ. “Бид түүхэнд анх удаа өөр гариг дээр алсын удирдлагатай аппарат хөөргөлөө. Энэ нь Нарны аймгийн бусад гариг руу NASA-гийн илгээх бусад нисдэг аппаратуудыг бүтээх боломжийг нээж байна” гэж “Ingeniuity” төслийн шинжлэх ухааны удирдагч Мими Онг ярьжээ.

Нислэгийн эхний мэдээлэл дэлхий дээр нислэг болсноос хэдэн цагийн дараа ирсэн байна. Туршилтын явцад “Ingenuity” өөр дээр нь суурилуулсан навигацийн камерыг ашиглан гаригийн хэд хэдэн зургийг авчээ. Бяцхан дрон бүх мэдээллийг “Perseverance”-ийн дамжуулагч төхөөрөмжийг ашиглан дэлхий рүү илгээсэн байна.

80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг аппаратыг “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг руу илгээсэн билээ. NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторын инженерүүд Ангараг гаргийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Судлаачид хамгийн цагаан өнгийн будгийг гарган авчээ

АНУ-ын Индиана мужийн Пердью их сургуулийн судлаачид манай гаригийн хамгийн цагаан өнгөтэй будгийг гаргаж чадсанаа өчигдөр /2021.04.15/ зарлажээ.

Энэ будгийг гарган авсан судлаачид 2020 оны аравдугаар сард нарны гэрлийн 95.5 хувийг буцааж ойлгодог хэт цагаан өнгийн будаг гаргаснаа зарлаж байсан. Тэд энэ удаа 98.1 хувь болгон ахиулжээ.

Энэ будгаар 90 метр квадрат орчим талбайтай дээврийг будвал дотор талдаа 10 киловаттын сэрүүцүүлэгч (air conditioner) ажиллуулсантай тэнцэх юм байна.

Ийм будгаар барилгын гадна талыг будвал сэрүүцүүлэгч тусгай техник ашиглахгүй амьдрах боломжтой болох ба уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд чухал нээлт болж болсныг онцолсон байна.

Харин бусад цагаан будаг нарны гэрлийг дээд тал нь 80-90 хувь ойлгодог ч гадаргыг халалтаас хамгаалж чаддаггүй гэнэ. Тэгвэл шинэ цагаан будаг нь зуны үд дундын хурц нартай үед гадаргын температурыг орчны температураас цельсийн 13 хэмээр бага байлгах чадвартай аж. Мөн өвлийн улиралд ч энэ чанараа хадгалж чаддаг юм байна.