Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Казахстанд бөхөнгийн тоо толгой хоёр дахин өсчээ

бөхөн

Казахстан улсад бөхөнгийн тоо толгой 2019 онтой харьцуулахад хоёр дахин өсчээ.

Хамгийн сүүлд 2019 онд агаараас тооллого хийхэд 334 000 тоологдож байсан бол сая хийсэн тооллогоор 842 000 тоологдсон байна. Тус улсад 2015 онд нууцлаг шалтгаанаар олон тооны бөхөн үхэж, тоо толгой нь огцом буурч байсан. Тодруулбал, ойролцоогоор 200 мянган бөхөн үхсэн нь тухайн үед байсан нийт сүргийн талаас илүүг эзэлж байсан юм.

Түүнээс хойш улсаас бөхөнг хамгаалах талаар олон ажил хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн гарлаа гэж Казахстаны Экологийн яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын сансрын хөлөг тойрог замын модультай холбогджээ

БНХАУ-ын ачаа тээврийн “Тяньжоу-2” сансрын хөлөг тойрог замын “Тяньхэ” станцтай амжилттай холбогдлоо гэж тус улсын жолоодлогот хөтөлбөрийн газар мэдээлэв.

Хөлгийг станцтай залгах ажил найм орчим цаг үргэлжилж, Бээжингийн цагаар 05:01 цагт дуусчээ.

“Тяньжоу-2” хөлгийг Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас бямба гарагт хөөргөжээ. Уг хөлгийг “Чанжэн-7 Y3” зөөгч пуужингаар сансарт гаргасан бөгөөд тоног төхөөрөмж, түлш хүргэсэн байна.

Хятадын сансрын станцын гол модуль болох «Тяньхэ»-г дөрөвдүгээр сарын сүүлчээр “Чанжэн-5B” зөөгч пуужингаар хөөргөсөн юм. 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй энэхүү модуль нь БНХАУ-д бүтээсэн хамгийн том сансрын аппарат болжээ.

Хятадын станц нь 340-450 км-ийн өндөрт байрлах бөгөөд 10 гаруй жил ашиглах төлөвтэй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг дээрх нисдэг төхөөрөмж хяналтаа алджээ

Ангараг дээр буулгаж, өнгөрсөн сард амжилттай хөөргөсөн NASA агентлагийн “Ingenuity” төхөөрөмж хаа сайгүй нисэн эрсдэлд оржээ.

Гэхдээ азаар туршилтын төхөөрөмж аюулгүй газардаж, дэлхий дээрх мэргэжилтнүүдийн сэтгэлийг амраажээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ухаант төхөөрөмж зургаа дахь удаагийн туршилтын нислэгээ үйлдэн газраас дээш 10 метр хөөрсөн үед дэлхийгээс хүргүүлсэн чиглэлийн дараалалд алдаа гарснаас болж төхөөрөмж минут орчим хугацаанд удирдлагаа алдсан байна. Жишээлбэл, төхөөрөмжийн дарсан хэд хэдэн зургуудын нэгээс харахад алдаанаас болж төхөөрөмжид явуулсан дараагийн зааврууд идэвхгүй болж, байршил нь тодорхойгүй болсон байна.

Төхөөрөмжийг чиглүүлэн жолоодогч Хавард Грипийн хэлснээр Ухаант төхөөрөмж сэнсний эргэлтийн хүчээ тохируулж чадалгүй 20 хэм хазайж очих ёстой чиглэлээсээ гажин буух байсан цэгээсээ таван метр зайтай газарджээ.

Эл төхөөрөмж дөрөвдүгээр сард анхны нислэгээ амжилттай гүйцэтгэснээр дэлхийгээс өөр гадаргууд амжилттай нислэг үйлдсэн анхны төхөөрөмж болон түүхэнд бичигдсэн юм. Тэр цагаас хойш 1.8кг жинтэй тус төхөөрөмж бага багаар хүндэрсэн туршилтын таван нислэгийг амжилттай гүйцэтгээд байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт гарсан алдаа бол төхөөрөмжид тохиолдсон анхны асуудал байв. Өдгөө эрдэмтэд юунаас болж дээрх алдаа гарсан болохыг судалж байгаа гэнэ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Ботаникийн цэцэрлэгт тавдугаар сард цэцэглэж буй ховор, нэн ховор ургамлууд

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын генофонд, интродукцийн лабораторийн эрдэм шинжилгээ-туршилт судалгааны талбайд Монгол орны байгалийн ургамлын 370 зүйл (нийт гуурст дээд ургамлын 12 хувь) үүнээс ховор, нэн ховор ургамал 95 (21.5 хувь) зүйлийн амьд цуглуулгыг бүрдүүлэн “ex situ” нөхцөлд тарималжуулсан хадгалалт хамгаалалтыг хийж байна.

Ботаникийн цэцэрлэгт тавдугаар сард цэцэглэж буй ховор, нэн ховор ургамлууд:

Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Маргааш сар бүтэн хиртэнэ

Цаг тооны бичигт зааснаар маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр сарны бүтэн хиртэлт болно.

Сарны хиртэлт манай улсад 20:34 минутаас 21:49 минутын хооронд ажиглагдах бөгөөд оргил үе нь 20:38 минутанд харагдах юм байна.

Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь нар, дэлхий, сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана.

Мөн сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг байна.

Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилдэг онцлогтой.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Virgin Galactic”сансрын аялалд зориулсан хөлгөө туршжээ

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани “SpaceShipTwo” сансрын хөлгийнхөө шинэ загвар “VSS Unity”-г туршсан байна.

Сансрын аялалд зориулсан уг хөлгийг АНУ-ын Нью-Мексико муж улсад туршжээ. Туршилтыг эхэндээ хоёрдугаар сарын 13-нд явуулахаар төлөвлөж байсан боловч техникийн үзүүлэлтүүдэд нэмэлт үзлэг хийхээр хойшлуулсан байна.

“VSS Unity”-г нисэх онгоц-зөөгч “VMS Eve” пуужингаар 89 орчим км-ийн өндөрт гаргасан байна. Пуужингаас салсныхаа дараа өөрийнх нь хөдөлгүүр асаж, нислэгээ бие даан үргэлжлүүлжээ.

Уг онгоц гурван Мах буюу цагт 3675.13 км хурдтай нисэж чадсан бөгөөд Нью-Мексико дахь сансрын буудалд амжилттай газарджээ. Туршилтын үеэр “Virgin Galactic” компанийнхан АНУ-ын Холбооны нисэхийн агентлагаас арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл авахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан байна.

“Virgin Galactic” компани арилжааны анхны нислэгээ 2021 оны сүүлчээр хийж магадгүй байна. Цаг хагасын хугацаанд задгай сансарт үргэлжлэх уг аялалд одоогийн байдлаар Америкийн дуучин Жастин Бибер, жүжигчин Леонардо Ди Каприо зэрэг 600 гаруй хүн тус бүр 250 мянган ам.доллар төлж бүртгүүлжээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Өтний нүх хэмээн нэрлэдэг орон зайн хонгил бодитоор оршдог байх магадлалтай

Сансрын онол судлаач эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны үр дүнгээс харахад өтний нүх хэмээн нэрлэдэг орон зайн хонгил бодитоор оршин байдаг байх боломжтой хэдий ч түүгээр дамжин сансарт аялах нь боломжгүй бололтой.

Өтний нүхийг ашиглан сансарт асар хол замыг хормын дотор туулж буй үйл явдал шинжлэх ухааны уран сэтгэмжит олон ном, зохиол, кино бүтээлд гардаг билээ. Гэвч өтний нүх хэмээх зүйл бодит байлаа ч түүгээр аялах боломжгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Эрдэмтэд сүүлийн үед хийсэн судалгааны тайландаа “Өтний нүх үнэхээр оршдог, тэр байтугай бодож байснаас илүү түгээмэл байж магадгүй” хэмээн дурджээ.

Өтний нүхний тухай анхны таамаглалыг алдарт эрдэмтэн Алберт Эйнштейн, Натан Розен нар хар нүхний тухай таамаглал дэвшүүлэхдээ мэдэгдэж байв. Тэдний тооцооллын дагуу хар нүхний гадарга огторгуйн өөр нэг хэсэгтэй хонгилоор холбогддог байх боломжтой гэжээ.

Interstellar киноны шинжлэх ухааны тайлал

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дээрх онол улам гүн гүнзгий, өргөн дэлгэр судлагдсаар буй. Хамгийн сүүлд эрдэмтэд судалгааны үндсэн дээр “Өтний нүхийг хүн төрөлхтөн болон ойролцоо хэмжээтэй зүйл нэвтрэн гарах боломжгүй хэтэрхий жижиг бөгөөд аливаа бодис нэвтрэхэд хаагдаж болзошгүй хэтэрхий эмзэг зүйл хэмээн үзсэн байна. Түүнээс гадна өтний нүх судлаач Брайанна Градо Уайт тэргүүтэй эрдэмтдийн үзэж байгаагаар бичил хэмжээтэй өтний нүхийг квант физикийн аргаар бүтээх боломжтой аж

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Бидний анзаардаггүй аюул

УУР АМЬСГАЛЫН
ӨӨРЧЛӨЛТ

Уншигч та байгалийн гамшгийн талаар хэр их мэдлэгтэй вэ?Агаарын
бохирдол, аюултай хог хаягдал, газар хөдлөлт, цунами, цөлжилт гэх мэтчилэн
тоолж болох ч бидний заримынх нь мэддэггүй, заримынх нь мэдсэн ч анзаардаггүй
нэг сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт. Үүний тодорхойлолтыг дурдвал:

Эх сурвалж: /Насан туршийн боловсрол үндэсний төвийн гарын авлага/ Яг юунаас болж бидний оршин тогтнолын үндэс болсон эх дэлхийн уур амьсгал өөрчлөгдөн, өдрөөс өдөрт дулаараад байна вэ?

Эх сурвалж: Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сангийн нэгжийн менежер Б.Чулуунхүү: Уур амьсгалын өөрчлөлт нь хүлэмжийн хийгээс үүсдэгийг эрдэмтэд нотолсон. Хүлэмжийн хий гэдэг нь дэлхий болон далай тэнгисээс цацарч буй дулааны энергийн ихэнхийг агаар мандал шингээн авах бөгөөд зарим хэсэг нь эргэж газрын гадарга руу буцаж ирснээс уур амьсгал дулаарахыг хэлдэг. Энгийнээр тайлбарлавал аж, үйлдвэржилт эрчимтэй хөгжиж ирснээс хойш дэлхий дулаарал эхэлсэн гэсэн үг. Учир нь хүний үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хийн ялгарлын 80 орчим хувийг малтмал түлшний шаталтын улмаас үүсдэг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бөгөөд хөдөө аж ахуйгаас үүсэх метан хий, хог хаягдал, ойн бүрхэвчийг устгах зэргээс мөн хүлэмжийн хий ялгардаг.

Гэхдээ хүлэмжийн хий гэдэг дэлхийд хэрэгцээ, шаардлагагүй зүйл биш юм. Яагаад гэвэл хүлэмжийн хий гэж огт байгаагүй, дэлхийн агаар мандалд хүний үйл ажиллагаанаас бий болсон хэрэг биш. Усны уур, нүүрсхүчлийн хий, озон, метан буюу намгийн хий азотын дутуу исэл зэргээс үүдсэн үндсэн хүлэмжийн хий угаасаа агаар мандалд байсан. Харин Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн хувьд:
Манай орон нь газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ хамааран уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий.

Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдалд ямар сөрөг нөлөөлөл үзүүлдэг вэ?

“Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сангийн албан ёсны сайт”-д нийтлэгдсэн ” Бидний мэдэхгүй уур амьсгал” цуврал подкастын эхний дугаарт иргэдээс энэхүү сэдвийн талаар асуухад ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад биднээс шалтгаалах зүйл байхгүй хэмээн хариулж байсан. Гэхдээ бидэнд энэ үзэгдлийг огт байхгүй болгож чадахгүй ч ядаж энэ хэвээр нь барихад өөрсдийн өчүүхэн хувь нэмрийг оруулж чадна.
Үүнээс гадна та бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход том түлхэц болох зүйл нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Энэхүү байгалийн гамшиг нь зөвхөн Монгол улсын асуудал биш дэлхийн нийтэд тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг хэмээн дэлхийн 196 улс дуу нэгтэйгээр үүний эсрэг гэрээ конвенц-д нэгдсэн. Эцэст нь дүгнэхэд уур амьсгалын өөрчлөлтийг холын зүйл мэтээр бодож битгий тоомжиргүй хандаасай гэж хүсье. Хэрвээ энэ хэвээрээ бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд юу ч хийхгүй байсаар байвал томоохон гол, горхи, мөрөнгүүд хайлж цэвэр усны нөөц устаж үгүй болох эрсдэлтэй. Бидний хаалгыг тогшиж буй аюулыг багасгахын тулд та ч бас өөрийн хувь нэмрийг оруулаарай.

ХИС-ийн Сэтгүүл зүйн III курсийн оюутан Г.ЭНХТУУЛ


Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Зулай шиг нимгэн дэлхийн бүрхүүл

ХХ зууны эцэс гэхэд хүн төрөлхтний өмнө хэд хэдэн тулгамдсан асуудал урган гарч ирсний нэг нь озоны цоорхой буюу озоны давхаргын сийрэгжилт. Энэ нь зүгээр нэг цоорно гэж үгүй маш олон жилийн хугацаатай химийн бодисуудыг агаарт алдсаны сөрөг үр дагавар юм.

1974 онд эрдэмтэд хлор флуоро карбон (CFC) нь озоны бамбайг устгахад хүргэж болохыг олж мэдсэн.

Озон нь хүн төрөлхтөнд амьдрах очин бүрдүүлж өгдөг хүн, амьтан, ургамлыг хамгаалж байдаг чухал элемент бөгөөд байгаль орчинг цэцэглүүлэх амьд организм бий болох нөхцөл бүрдүүлэгч юм. Энэхүү (O3) элемент нь газрын гадаргаас 10–16 километрийн өндрөөс эхэлж 50 километрийн өндөр хүртэл тархаж тогтох ба 20–30 км-т хамгийн их агууламжтай байдаг. Ерөнхийдөө дэлхийн бүрхэн байрладаг гэсэн үг.

Танд озон яг юунаас үүсдэг юм бэ? хаанаас гарч ирдэг юм бэ? гэсэн асуулт төрж магад.

O3 элементийн молекул нь нарнаас ирэх өндөр энергитэй хэт ягаан туяа болон агаар мандал дахь хүчилтөрөгчийн молекул хоорондын үйлчлэлээр бий болдог. Тус давхарга нь нарны хэт ягаан туяа буюу UVB гэрлийн цацрагийг өөртөө шингээж өгдөг байна.

Нарны энерги нь озоныг шинээр тасралтгvй “үйлдвэрлэж” байдаг ч нөгөө талаар устөрөгч, азот, хлор, зэрэг химийн бодис агуулсан агаар мандал байгалийн хийн нөлөөгөөр “сvйтгэгдэж” байдаг. Үүнээс гадна хүний vйл ажиллагаа багагүй нөлөөтэй. Озоны задралын гол буруутнаар хлор фторт (CFC ) нэгдлүүд болон гал унтраагч агуулсан химийн бодисууд тодроод байгаа юм. Харин тэдгээрийг бүтээж үйлдвэрлэн гаргасан хүмүүс эдгээр хийг /фреон/ хөргөх бодис, автомашины дулаан үлээгч зэрэг сэрүүцүүлэхэд олон жилийн турш ашиглаж ирсэн юм. Үүнийг санамсаргvй байдлаар гадагш алдах нь хvний биед шууд хор хөнөөлгvй ч агаарт хөөрч хуримтлагдан ялзарч озоны давхарга цоороход нөлөөлдөг байна.

Хлорфторт нүүрстөрөгч тэдний ялзрал 20–120 жил үргэлжилдэг. Эдгээр бодисууд дэлхий дээр хүчиллэг бороотой буцаж ирдэггүй бөгөөд агаар мандалд үлдэж озоныг бүрмөсөн устгадаг.

Мөн эдгээр нь агаарын урсгалын нөлөөгөөр өмнөд болон хойд туйлд очдог. Ялангуяа Антарктид өвөл харанхуй үед агаарын хэм -83 хэмд хүрдэг ба туйлын давхраат мандалд мөсөн бөөмсийн үүлс аажмаар үүсдэг ба эдгээр нь гадарга дээр урвалд орох чадвартай хлорыг тогтоон барьдаг. Энэ үед идэвхгүй хлорын атомууд хөлдөн мөсөн бөөмсийн дунд түгжигддэг.

Озоны цоорхой жил бүрийн хавар их томорч тодорхой ажиглагддаг ба үүний учир нь туйлын өвлийн сүүлчээр нар Антарктид тив рүү эргэхэд нарны туяагаар хлорын атомууд чөлөөлөгдөн озонтой урвалд орж түүнийг задалдагтай холбоотой байгаа юм.

Энэхүү агаар мандлын эргэлтийн үйл явц задарсан озоныг
агаарын урсгалын нөлөөгөөр зөөвөрлөн бусад бүс нутгийн озоны бүтэцтэй холилдон
түүнийг саармагжуулдаг байна.

Мэдээж озоны цоорхойн бүтэн байлгах буцаан нөхөн сэргээхийн тулд дэлхий нийт анхаарлаа хандуулж байгаа бөгөөд агаар мандалд байх озоны хэмжээг багасгах чадамж бүхий химийн нэгдлүүдийн хэмжээ нь урьдчилан таамагласнаар бол үргэлжлэн өссөөр 2000 онд гэхэд хамгийн их болж түүнээс цаашид буурахаар эрдэмтэд төлөвлөсөн байгаа аж. Харин хлорын хэмжээ дор хаяж 100 жилийн дараагаас л хэвийн төвшинд хүрнэ гэж таамаглаж байна.

Дэлхийн бүх улс орон үүргээ ухамсарлан хэрэглээгээ хянаж чадвал 2050 он гэхэд Антарктид дээрх озоны цоорхой нөхөгдөж болохыг судлаачид тогтоогоод байгаа аж.

НҮБ-аас 9 сарын 16-ны өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Эх сурвалж: NASA earth observatory, National geographic,

Байгаль орчин,аялал жуулчлалын яам (Озоны үндэсний алба) icc.mn

Andlog.blogspot.com, eic.mn, olloo.mn

ХИС-ийн Сэтгүүл зүйн IV курсийн оюутан

Н.ХОНГОРЗУЛ

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ​

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр:

“Эрдэмтэн судлаачид аа,

Академич цол хүртэгсэд ээ,

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.

Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.

2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.

Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:

  • Физикч, математикч Жавын Даваасамбуу
  • Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
  • Биологич Жадамбаагийн Норовсүрэн
  • Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
  • Түүхч Цэдэндамбын Батбаяр

нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.

Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.

Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.

Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.