Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Уйгурын хааны ордны худаг

Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд орших VIII-IX зууны Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын дүүргээс Монгол-Германы хамтарсан Орхон экспедици 2017 онд эртний худгийг илрүүлж байжээ.
Улмаар 2018 оны зун бүтэн талбайгаар малтаж баримтжуулсан нь манай оронд судалсан эртний хот балгадын тууриас ийм төрлийн дурсгалыг илрүүлэн олж шинжилсэн анхны тохиолдол болсон юм. Энэхүү худаг нь өвөрмөц хийц, инженерийн нарийн шийдэл бүхий бүтэцтэй. Мод болон боржин чулуун доторлогоотой. Худаг хамгийн багадаа 12 орчим метр гүн байжээ.
Уг худгийн доторлогооны чулуун өрлөг, модон хийц бүтцүүд нь огт хөндөгдөөгүй бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн төдийгүй ёроолд нь хүрэхэд одоо хүртэл устайгаа байсан нь гайхалтай байв. Худгийн чулуун доторлогоо нь зургаан талтай бөгөөд тал бүрийн хана нь яг адилхан, амсраас эхлээд хамгийн доод давхарлиг хүртэл ижилхэн арга зарчмаар өрсөн, нийт 12 үе өрлөгтэй болох нь мэдэгдэв. Энэ нь цаг тутамд 1300 литр орчим буюу хоногт 30 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай байсныг нь судлаачид урьдчилсан байдлаар тооцоолж гаргасан байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал удам-судар цаг-үе

Улсын заан Ө.Тулгаагийн хүү Сүрэнжав: Наадам дөхсөн өдрүүдэд аавыгаа их үгүйлэх юм

Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Өлзийн Тулгаагийн хүү аймгийн арслан Сүрэнжавтай ярилцлаа.


-XX зууны үндэсний бөхийн тод од нь таны аав Өлзийн Тулгаа заан. 30-аад жилийн өмнө л барилдаж байсан таны аавыг бөхийн хүрээнийхэн өнөө хэр нь дурсаж явдаг. Тантай аавын тань тухай хуучлах гэсэн юм

-Манай аав дуу цөөнтэй, хүнд маш тусархуу, хүнийг ялгаж харьцдаггүй сайхан эр хүн байсан. Өдий хүрэхдээ аавынхаа тухай муу үг олж дуулаагүй явна. Улсын том цол хүртсэн хойноо ч бусдад ихэрхэж, дээрэнгүй хандаж байсныг нь би мэдэхгүй юм. Ийм л даруу төлөв төвшин хүн байсан даа. Тийм ч учраас түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн болов уу гэж би боддог юм. Хүч бяртай хүмүүс бусдад дээрэнгүй хандах гэдэг нийтлэг үзэгдэл байдаг шүү дээ. Аав минь тийм хүн биш.

Аав тань цэргийн албан хаагч байхдаа улсын наадамд зодоглож, Д.Дамдин аваргын аманд гарч байсан гэдэг. Анх зодоглосон наадмынхаа талаар аав тань хэрхэн хуучилж байв?

-Миний аав Улаанбаатарт дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан юм билээ. Улсын начин Д.Дашжамцтай онжав. Зав чөлөөгөөрөө барилдаж, ноцолдоно. Ингэж явахдаа дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав гээд тэр үеийн мундгуудыг харж л дээ. Тэр үед л бөхийн замд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. 1974 оны наадмаар аав хуучин цэрэг зодоглосон гэдэг. Хоёрын даваанд Архангайн улсын заан Ч.Адьяаг хоёр хөлд нь давхар хамаад суулгачихав гэнэ. Ингээд гурвын даваанд гартал Д.Дамдин аварга амлаж, домог болсон аваргын мөрнөөс атгах хувь тохиосон талаараа аав минь сүүлд хуучилж билээ. Хал цэрэг төрийн наадамд зодоглож дархан аваргад амлуулна гэдэг бахархмаар шүү дээ. Сүүлд аавын зодоглосон наадмуудын оноолт дансыг анзаарч байхад гол төлөв тунаж барилдсан байдаг. 1980 онд улсын цол хүртсэн жилээ долоогийн даваа хүртэл тунаж хүч үзсэн байдаг.

-1980 онд Тулгаа заан онцгой байсан талаар тэр үеийн бөхчүүд хуучилдаг. Аав тань тэр жилийн наадмын талаар юу хэлж байв?

-Тэр жилийн наадмаар зургаа давсан. Дөрвийн даваанд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж начинг, тавд Ж.Ганболд зааныг, зургаад Хөвсгөлийн Д.Лхагва-Очир начинг тунаж даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан юм билээ. Ганболд заан, аав хоёр хоёулаа улсын цолгүй залуу бөхчүүд начны даваанд тунаж байсан гэдэг. 1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж ирээд Хадбаатар аваргад өвдөг шороодсон. Бөхийн торгон дэвжээнд хазайлгаж үзээгүй аварга, арслан ховор.Баянаа аваргаас аваад А.Сүхбат аварга хүртэлх бүх аваргыг аав өвдөг шороодуулсан байдаг. Бат-Эрдэнэ аваргыг арслан цолтой байхад нь 1988 онд өвдөг шороодуулж байсан. Жижиг Сүхбат аваргыг 1997 онд улсын заан цол авчихсан, ид мундаг үед нь Увс аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд түрүү үзүүрт үлдээд хөлийг нь авч хөндлөн дайраад давчихаж билээ. А.Сүхбат аварга толгой сэгсрээд босоод ирж байсан. Зааланд цугласан олон ч их хөөрч баярлаж байсан. Тухайн үед ааваараа их бахархаж байсан даа.

Олон тойрог барилддаг улсын аварга шалгаруулах тэмцээнээс заан цол хүртсэн цөөхөн бөхийн нэг нь Тулгаа заан шүү дээ.

-1988 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байрт шалгарч улсын заан цол хүртсэн. Өмнөх жилийнх нь улсын аваргаар Р.Давааням агсан заан цолны болзол хангаж байсан юм билээ. Улсын аваргад тасралтгүй 11 удаа барилдахдаа гуравт нь медаль хүртэж, шагналт байрт таван удаа шалгарснаараа давтагдашгүй амжилт тогтоосон байдаг. Сүүлд Г.Намсрайжав харцага ”Манай Тулгаа Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ ирээд их спортын шигшээ тамирчидтай ана мана үзэлцдэг байлаа. Хөдөөгийн бүсээс шалгараад ирсэн бөхчүүдийг бол үзэхгүй шүү дээ” гэж дурсаж байсан.

Аав минь жил жилийн Цагаан сарын барилдаанд зодоглоно гээд л том тэрэгтэйгээ өвлийн сүүлч сараар нутгаасаа гарч “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх Өлзийн Тулгаа” гэж цоллуулаад л гардаг байсан даа. Аяны тоосоо гүвж буугаад л барилдаж байсан тухайгаа ярьдагсан. Бид аавынхаа барилдааныг радиогоор сонсоно. Манайд цугласан аавын ах дүү нар “Увсын Тулгаа давлаа” гэхэд гэрээр нэг баяр хөөр болно.

Та аавынхаа захиасыг биелүүлж бөх болсон уу?

-Аав намайг бөх болгоно гэж огтоос хэлээгүй. Өөрийнхөө сонирхлоор л барилдаж эхэлсэн. Мэдээж аавыгаа дуурайсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн наадмууд өнөө хэр нь санаанаас гардаггүй юм. 1996 онд аавынхаа ЗИЛ-130-ын тэвшин дээр суугаад гурав хонож Улаанбаатарын барааг харж билээ. Аав улсын наадамд зодоглохоор ирж байгаа нь тэр л дээ. Би хажуугаар нь хүүхдийн барилдааныг зорьж хот руу ирж байгаа юм. Нар салхинд цохиулаад түнтгэр бор амьтан хүүхдийн барилдаанд хоёр давж билээ. Тэр жил сумогийн их аварга Д.Дагвадорж түрүүлж байсан санагдаж байна. Харин аав минь гурав даваад улсын харцага Ц.Бэгзсүрэнд унаж байлаа.

Улсын наадмын дэвжээ үзсэн хүү сумын цол хэдэн онд хүртэж байв?

-2004 онд санагдаж байна. Бөхмөрөн сумын наадамд түрүүлж миний бие сумын заан цол хүртэж байлаа. Тэр жил Бөхмөрөнгийн ой болсон юм. Ч.Чулуунбаатар, Г.Намсрайжав, Д.Жавзанжамъян, Ө.Сумъяа гээд улсын цолтнууд цугласан жигтэйхэн том наадам болж байсан санагддаг юм. Хоёрын даваанд аймгийн арслан Цэдэндамбааг, гуравт аймгийн заан Цэдэнбалыг давчихлаа. Дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг байгаа. Аав надад тахимаа өгсөн. Ингээд үзүүр түрүүнд Ч.Чулуунбаатар харцагыг давж түрүүлээд мотоциклоор шагнуулж билээ. Бөхмөрөн сумын Засаг дарга “Сүрэнжав аа, уучлаарай. Сумын заан цолны үнэмлэх байхгүй шүү. Улс, аймгийн цолтой олон бөхчүүд ирсэн болохоор үнэмлэхний хэрэггүй юм байна гэж бодтол өөрөө түрүүлчихлээ” гэж хэлж байсан.

Миний аав ч баяр хөөрөө ямар ил гаргах биш. Эрхбиш намайг нэг үнэрлэсэн байлгүй.

Та төрөлх нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байх аа?

-Тийм. Хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр аймгийн арслан болсон гэдэг юм. Тийм биш л дээ. “Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой. Цолоо ахиулдаггүй юм аа гэхэд батлах хэрэгтэй” гэж аав нэг удаа Сумъяа ахад хэлж байсан. Тийм бодолтой хүн чинь хүүгээ өөрийнхөө хүчээр цолонд хүрэг гэж боддог юм билээ. Аймгийн арслан болчих санаатай олон жил зүтгэсэн. Олон ч наадамд зодоглосон. Ингэж яваад сүүлд 2008 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аав дөрвийн даваанд сумын заан цолтой нэг залууд унасан юм. Тэр жилийн наадамд цэргийн арслан Бадрахын Ганзориг үзүүрлэж, улсын аварга П.Бүрэнтөгс их шөвөгт шалгарч аймгийн начин цол хүртэж байлаа.

Тулгаа заан их бяртай хүн шиг санагддаг. Том чулуу өргөж байгаа зураг нь цахимд харагдаж байдаг. Тэр хэдэн киллограмм чулуу вэ?

-156 киллограмм жинтэй чулуу. Одоо Тувагийн музейд байдаг юм. Уг нь цэнгэлдэх хүрээлэнд нь байсан. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичсэн байдаг. Түүх нь их сонин. 1985 онд Монгол, Тува Эв модны баяр болсон юм. Орос, Монголын дарга нар хоёр улсын хилийн зааг дахь уулан дээр уулзалдсан гэдэг. Аав Тувагаас будаа зөөж яваад таарсан байгаа юм. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан чулууг заагаад “Үүнийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Монгол мөнгөөр 2500 төгрөг л дөө. Тувагийн том биетэй залуу эхэлж өргөөд арав орчим алхаад бараагүй гэдэг. Дараа нь аав өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амласан мөнгийг нь авч байсан түүхтэй. Тэр үеийн 2500 төгрөг гэдэг их мөнгө. Сүүлд тэр чулууг нь би өргөж үзсэн. Газраас хөндийрүүлж ирээд л орхисон. Өргөөд алхана гэдэг барахгүй шинжтэй санагдсан. Тэгж л аавынхаа бяр тэнхээг биширсэн дээ.

Аавыгаа өөд болсны дараа Монголын ард түмэн аавд минь ямар их хайртай юм бэ гэдгийг илүүтэй мэдэрсэн. Намайг хаана ч очсон “Тулгаагийн хүү” гээд хүмүүс халуун дотноор хүлээж авдаг юм. Аавынхаа нэрийг сэвтээлгүй явахыг хичээдэг дээ. Баяр наадам дөхсөн өрүүдэд аавыгаа илүү санадаг юм. Би айлын ганц хүү. Тэр ч утгаараа тэр хүний нөмөр нөөлгийг их үгүйлдэг юм.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Биеэсээ цахилгаан ялгаруулдаг загас

Цахилгаан могой загас анх 1766 онд бүртгэгдсэн байдаг. Могой шиг урт биетэй боловч могойн төрөл зүйл биш юм. Биеийн урт нь 2 метр хүрэх бөгөөд нас бие гүйцсэн цахилгаан могой 20 кг жинтэй байдаг.

Цахилгаан могой загас биеэсээ 650 вольтын цахилгаан хүчдэл гаргах чадвартай бөгөөд үүнийхээ тусламжтайгаар өөрийгөө хамгаалах, хоол тэжээл олзоо барих, тэр бүү хэл бусад амьтдын оюун санааг удирддаг өвөрмөц амьтан аж. Мөн нүдний хараа нь маш муу учраас биеэс ялгаруулах цахилгаан нь тэднийг замаа чиглүүлэхэд тусалдаг байна.

Цахилгаан могой загасны ялгаруулах цахилгаан хүчдэл нь матар, морь зэрэг том амьтдыг ч хөнөөхөд хангалттай. Горхи, цөөрөм, шаварлаг газрууд, булингартай усанд амьдрах нь түгээмэл бөгөөд усанд амьсгалахаас гадна агаар мандлаас хүчилтөрөгч авч чаддаг. Яг л халим, усны гахай шиг усны гадаргууд 10 минут тутамд гарч ирэн амьсгал авдаг ажээ.

Цахилгаан могой загас цэнхэр, ягаан, цагаан, саарал, хар гэх мэт олон янзын өнгөтэй. Шавж, загас, шувуу, жижиг хөхтөн амьтан, хоёр нутагтан зэргээр хооллодог шөнийн махчин загас юм.

Цахилгаан могой загасыг эрчим хүчний үйлдвэрлэгч хэмээн үзэж олон төрлийн цахилгаан хэрэгсэлтэй харьцуулсан судалгаанууд хийгдсэн байдаг. Одоо ч төрөл зүйл болон чадваруудыг нь судалсаар байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Зэвэг загасны тухай сонирхолтой баримтууд

Цэнгэг усны индикатор гэж нэрлэгдэх Зэвэг загасны биеийн урт нь 70-90 см бөгөөд 6-8 кг жинтэй. Байгалийн нөхцөлд дунджаар 15 жил насалдаг.

Зэвэг загасны амьдрах орчин насны хэлбэлзлээс нь хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, бие гүйцсэн зэвэг уулын ширүүн урсгалт голын цүнхээл, харгиа хэсэгт ганц нэгээрээ амьдардаг бол өсвөр насны зэвэг голын гүехэн хэсэг, харгиа, боргио, булан тохойд сүрэглэн амьдардаг байна.

Зэвэг нь холимог идэштэн бөгөөд эрүү, хэл, тагнайдаа хөрөөний ир шиг олон жижиг хурц шүдтэй учир жараахай, соно, шумуул, усны ургамал зэргийг үйртэл нь жижиглэж иддэг.


Монгол оронд шөвгөр хоншоорт, монхор хоншоорт гэсэн 2 зүйлийн зэвэг загас Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг ихэнх гол мөрөнд тархан амьдардаг.


Зэвэг загас нь хаврын улиралд усны температур 6-12 хэм болох үед үржилд орж эхлэх бөгөөд эм нь түрсээ шахах, үржлийн талбай бэлдэж, эр нь дагалдан явж, хамгаалдаг байна.


Загасчид уг загасыг ааш муутай, хянуур хэмээн тодорхойлдог аж. Учир нь тэрээр аюул заналхийлж байгааг мэдвэл даруй өөр газар луу шилждэг. Хэрэв дэгээнд орсон бол идэвхитэй эсэргүүцэл үзүүлэх бөгөөд дэгээний утсыг ийш тийш чирэх, уснаас дээш үсрэн унах, эргэх, дэгээг тэгшлэх зэрэг зан төрхийн үйлдэл гаргадаг байна.
Зэвэг загасыг жил бүрийн 4-р сарын 1-ий өдрөөс 6-р сарын 14-ний өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хуулиар хориглосон байдаг. Энэ үед хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хуулийн 37.2 д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг.

Загасыг үржлийн үед нь баривал бүр мөсөн устах аюултай. Тиймээс байгаль орчин, гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулан загас барих, агнах талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж:

Экологийн Цагдаагийн Алба

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Хадагны зохисгүй хэрэглээ

Манай өвөөгийнх гандангийн хажууханд амьдардаг юм. Тиймээс өвөөгийндөө очих бүртээ замд байдаг болохоор ч тэр үү заавал гандан хийдээр ороод гарна. Ариун бүхний дээд бурханы газарт сүсэгтэн олон сайн сайхныг бодож, сэтгэлийн амар амгаланг хүсч ирнэ. Тэд бурхан шүтээндээ тахил өргөж, лам хуврагат эдийн дээд хадаг барьж хүндэтгэл үзүүлэх нь элбэг. Мөн монголчууд сар шинийн баяраар ахмад буурлууддаа хадаг бариж золгодог уламжлалтай. Тиймээс хадаг гэдэг ариун нандин, хүндэтгэлийн эд гэдгийг хүүхэд байхаасаа л ухаарсан. Гэтэл тэр эдийн дээд хадаг хаа сайгүй хог болон хөглөрч гудамжинд хийсч энэ тэндэхийн хашаа хороонд уяатай байх нь олонтоо болжээ. Тиймээс хадаг гэж юу вэ?Хадаг хог болох хүртлээ үнэгүйдсэн эд үү гэсэн бодол төрж хадагны үүсэл гарлыг судалж үзлээ.

Хадгийг МЭӨ 4 зууны үед энэтхэгийн уран Бишу Гарма анх мяндсаар бүтээсэн гэдэг. Хожим нь хадгийг хүр хорхойн шүлснээс гаргаж авсан зөөлөн торгомсог, ямар ч хор хөнөөлгүй, байгальд шингэдэг материалаар хийдэг болж олдоц маш багатай,өндөр үнэтэй болжээ. Тиймээс зөвхөн онцгой хүндэтгэлт зан үйлд л хэрэглэдэг байж. Хадаг монголд 13 зууны үед хятад, төвөдөөр дамжин нэвтэрсэн гэж судлаачид үздэг байна.

Хадаг монголд маш ховор байсан. Сар шинийн баяраар өвөө эмээ нар хоёр гартаа хүрэхтэй үгүйтэй богинохон, маш олон жил нандигдан хадгалсан хадгаа гаргаж золгодог. Тэр хадаг нь самбай болтол элэгдсэн байдаг ч,тэд хадагны хүндэтгэл гоё сайхандаа биш бэлэгдэлдээ байдаг гэдгийг ухаарч мэдсэнийх биз.

Ийм л ховорхон байсан хадаг зах зээлийн нийгэмтэй зэрэгцэн асар ихээр урд хөршөөс орж ирэх болжээ. Хятадын үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирсан гэдэг. Аливаа зүйл элбэг дэлбэг болж өнгө үзэмж сайтай болох нь сайн хэрэг. Тиймээс монголчууд эдийн дээд хадгаа алив баяр ёслол, хүндэтгэлийн үйлд өргөн хэрэглэж амар мэндээ мэдэн золгохоосоо эхлээд, багш шавийн барилдлага тавих, ахас ихсээ хүндлэхдээ алд цэнхэр хадаг барьдаг уламжлалаа үргэлжүүлж байгаа нь сайхан.

Гэтэл сайны хажуугаар саар нь их болжээ. Монголчууд бол байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж,хүндэтгэх өнө эртний уламжлал, үндэсний бодлого, ёс заншилтай ард түмэн.Гэсэн ч энэ цагт мухар сүсэгт автах хүмүүсийн балгаар хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон нь байгаль дэлхийд асар их хөнөөл болж байна. Өнөөдөр бид шүтээн болсон овоо тахилга, аврал эрж мөргөн дээдэлдэг байгаль эхийн хүйн холбоогоо өөрсдийн гараар боомилон зовоож байна. Хэдий шашин шүтлэг, зан үйлтэй холбоотой байж болох ч мухар сүсэг, экологийн боловсрол дутмагийн гайгаар байгаль дэлхийгээ бид хөнөөсөөр байгаа нь юутай эмгэнэлтэй.

Хадгийг
модонд уяснаар модны ургалтыг зогсоодог. Өөрөөр хэлбэл залуу модод их хурдан
ургаж бүдүүрдэг учир түүнд уясан хадаг чивчирч чангараад их бие рүү нь шигдэн
орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг байна.

Дээр нь синтетик хадаг барагтай бол тасардаггүй тул цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог. Ингэснээр тэрхүү хадаг өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болж, мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж, модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдгөөр барахгүй жижиг шувууд сарвуугаараа хадганд орооцолдоод салж чадахгүй үхдэг . Үнэхээр нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар ялгаагүй адил байна.

Ингээд энэ талаар явуулдаг ямар арга хэмжээнүүд байдаг талаар сонирхоход:

  • 2013 оны 8дугаар сард МУСГЗ, МСЭ Ерөнхийлөгч Б.Галааридын санаачилсан “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяны хүрээнд “Тэнгэрийн тод тамга” ТББ болон цахим хуудасны идэвхтэй жиргээчид, Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд орших Ээж модыг хэдэн зуун хадаг, яндраас нь салгаж, хог хаягдлыг нь цэвэрлэн буянтай үйлс хийжээ. Тэд 5–6 га газрын моддыг хадагнаас нь салгахад 10 орчим тонн болсон байна. Тиймээс тэд ингэж битүү ороосон мод яаж эрүүл ургах вэ? Мод чинь амьсгалдаг шүү дээ гэж, модоо хайрлая хамгаалъя хэмээн уриалж байсан байна.
  • 2017 онд Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан байна.Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран цэвэрлэгээ хийсэн байдаг. Цэвэрлэгээгээр 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгуулсан. Тэд цаашид шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхааруулжээ.
  • Мөн өнгөрсөн 2020 оны зун хэсэг иргэд нэгдэж Завхан, Архангай аймгийн заагт орших Солонготын давааг бүрэн цэвэрлэжээ. Ийн цэвэрлэхэд тус овооноос гурван машин хадаг болон бусад хог хаягдал гарсан байна.

Энэ мэтчилэн байгаль дэлхийгээ хайрлах хүмүүс байгаа хэдий ч устгаж сүйтгэдэг нь тэднээс илүү олон болж. Тийм болохоор байгаль дэлхий минь чимээгүй уйлан гаслаж байна. Монгол орны олон аймаг сум бүхэнд булаг шанд ширгэж , цөлжилт, ган гачиг болж эхлэлээ. Газар хөдлөлт ч сүүлийн жилүүдэд эрчимтэй байна. Энэ бүхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Бид л эх болсон байгалиа хайрлан хамгаалахгүй бол өөр хэн хайрлах билээ. Байгаль дэлхий, цэцэг навч, мод ургамал, ус агааргүй бол бид амьдарч чадахгүй.

Тиймээс өвөг дээдсээс уламжлан ирсэн шүтээн хайрханаа тахиж хүндлэхдээ хог болох зүйлсийг битгий тавиач , таны чин сэтгэлээр бодсон сүсэг гэрлийн хурдаар хүрэх газраа очно. Тэрнээс чөдөр тушаа болсон эрээн мяраан хадаг яндар, хийморийн дарцаг биш шүү гэдгийг ойлгох цаг хэдийн болжээ.

Хүмүүсээ мод ургамал минь шим шүүсээ алдаж хатаж хадганд ороогдож үхэж байгаа шиг, монголчууд бидний оюун санаа мухар сүсэгт автаж байна. Тиймээс бүгдээрээ экологийн мэдлэгээ дээшлүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая

ХИС-ийн сэтгүүл зүйн III курсийн оюутан М.МӨНХЧИМЭГ

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

З.Батжаргал: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна

БОАЖЯны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн шинжлэх ухааны зөвлөх, доктор З.Батжаргалтай ярилцлаа.


Зун болохгүй байна гэж хүмүүс яриад байна. Хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжилж байна. Ингэж байснаа айхавтар халуун болно гэх юм. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу?

-Хоёр талтай. Хүмүүс урьд өмнө байсан зүйлсээс мууг нь мартаад, сайныг нь санадаг. Сүүлийн үед л бүх юм болохгүй байгаа юм шиг санагддаг тал бий. тийм учраас зун болохгүй байна. Урьд нь сайхан ногоо гардаг байсан, одоо тийм биш байна гэх мэтээр яриад байна л даа. нэг талаас хүмүүсийн сэтгэл санааны асуудал бий. Нөгөө талаас яг ийм өөрчлөлт гарч байгаа юу гэвэл тийм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу гэвэл бас холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт, даян дэлхийн дулаарал гэж хоёр юм яриад байна шүү дээ. Уур амьсгал өөрчлөгдөж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, энэ хэвээрээ яваад байвал аль ч орны нийгэм эдийн засагт сөрөг нөлөөтэй юм байна. үүнийг хязгаарлахгүй бол болохгүй нь ээ гээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нүб-ын суурь конвенц байгуулаад, үүнийгээ хэрэгжүүлэх Киотогийн протокол баталсан. Зарим хүлэмжийн хий ялгаруулдаг орнууд нэгдэж ороогүй учраас Киотогийн протокол тавьсан зорилгоо биелүүлж чадаагүй. Тийм учраас 2015 онд Парисын хэлэлцээр гэж байгуулсан. Дэлхийн улс орнууд үүнд нэгдээд, манай УиХ ч энэхүү Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан. монгол дэлхийн дунджаас эрчимтэй дулаарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа л даа. агаарын дундаж температур 2.25 хэм орчмоор сүүлийн 80 жилд нэмэгдсэн. Хүмүүс гайхдаг л даа. дулаарсан гэчихээд өвөлдөө гэнэт огцом хүйтэрч, зун сэрүү оргиод байх юм гэдэг. Одоо ч сэрүүн байна л даа. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад хур тунадасны хэмжээ буурч байгаа. Дулааны улирал уртасч байгаа ч ууршилт нэмэгдэж байгаа. Хур бороо орохгүй бол бэлчээрийн ургамал, тариа ногоо ч олигтой ургахгүй шүү дээ.

Та хур тунадасны хэмжээ долоон хувиар буурсан гэж хэлсэн байна лээ?

-Сүүлийн 80-аад жил 7-8 хувиар буурсан байгаа юм. Өвөл цас ороод байгаа шүү дээ гэж хүмүүс хэлэх байх. Мэргэжлийн хүний хувьд 20 гаруй жил үргэлжилсэн хуурай үе дуусч, ганц хоёр жил арай ахиу хур тундастай жил үргэлжлэх юм биш байгаа гэсэн горьдлого байгаа.

Бид дэлхийн дулаарал яриад байдаг. Гадаа хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжлээд байдаг. Үүнийг яаж тайлбарлах вэ?

-Дэлхийн дулаарал гэж ерөнхийдөө агаарын дундаж температурын тухай ярьж байгаа юм. энэ тухай ганцхан манайд ч ярьж байгаа юм биш. Америкт өмнөх Ерөнхийлөгч нь зарлаж байгаад бүр Парисын хэлэлцээрээс гарчихсан шүү дээ. Хойд америкт цасан шуурга болоод, сүйд болоод байхад та нар юун дулаарал яриад байна гэцгээдэг. гэнэт хүйтэрч байгаа нь дулааралтын нөлөөнөөс болж байгаа юм гэж эрдэмтэд нь тайлбарлаад байхад ойлгодоггүй.

Тэгэхээр даян дэлхийн дулааралтаар илэрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нэг том үр дагавар нь дэлхийн агаар мандал тогтворгүй байдалд орж байгаа. Урьд нь Монголд цаг агаар тогтвортой, сайхан шиврээ бороо ороод, хөрсөнд уусч шингэдэг байснаа одоо бол бороо орохгүй байснаа гэнэт аадар асгаад, үер болдог. Ганцхан Монголд биш, дундад өргөргийн бүс нутагт агаар мандлын тогтворгүй байдал нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрч нь ихсээд байна. Энэ бол санамсаргүй тохиолдол бус. Даян дэлхийн дулаарал энэ байдлаар үргэлжилбэл манайд улам хүнд тусна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд ороод, гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна.

Сэрүүхэн өдрүүд үргэлжилж байснаа гэнэт аагим халуун болно гэцгээгээд байгаа нь үнэн үү?

-Та нар цаг уурын мэдээ харсан уу. Хэд хоногийн дараа 30 хэм хүрэхээр зарлаж байгаа биз дээ. Зургадугаар сар гарч байхад зарим газар хасах хэмтэй байна. Аль хэдийнэ суулгасан эмзэг ногоо цочир хүйтрэлд өртөх аюултай байна. Ийм болно гэдгийг аль хэдийнэ мэргэжилтнүүд судалж, шинжлээд, ном бичиг гаргачихсан. Манайх ч Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны тайлангууд гаргаад явж байна. Иргэд тэр бүр тайлан унших биш. Гайхаж цочирдох юм байна. Шинжлэх ухаан талаасаа энэ бүхэн тайлбаргүй зүйл биш. Улс орны хөгжлийн бодлогод ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа. Алсын хараа 2050 гээд том бичиг баримт гарсан. Тэрэнд “Ногоон хөгжил” гэсэн бүлэг оруулаад, уур амьсгалын өөрчлөлт одоо ийм байна цаашид 2030 болон 2050 онд ийм болно гээд шинжлэх ухааны аргаар урьдчилаад баримжаалаад, улс орны эдийн засгийг хөгжүүлэх бодлогод харгалзах ёстойг хэлсэн байгаа.

Та Алсын хараа 2050-д байгаль орчны ажлын хэсгийг ахалсан. Усны гачаалаас хамаарахгүй байх эдийн засгийн хөгжлийн загварыг бодож олох ёстой гэсэн. Хөв цөөрөм, усан сан байгуулна гээд баахан ажил төлөвлөсөн байна лээ. Бодитой хэрэгжиж байгаа юу. Тухайлбал 2021, 2022 онд хэдэн хөв цөөрөм, усан сан байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Хэрэгжүүлэхгүй бол болохгүй, хэрэгжүүлэх ёстой. Сүүлийн хэдэн өдөр уулын цас хайлаад, Туул савандаа багтахгүй хальж урсаж байна. Тэр их ус урсаад хил гараад алга болж байна. Энэ их усыг Туул гол дагасан цувраа цөөрөм байгуулаад, авч хоцорч чадвал зун сайхан сэрүү татаад, уснаас нь ашиглах боломжтой болно. Энэ мэтээр асар их хэмжээний байгалийн баялгийг ашиглаж чадахгүй байна. Зүй нь хуурайшилтын дарамтыг сөрж зогсох ганц арга нь том голуудыг дагасан цувраа усан сан байгуулах юм. Гадагшаа урсгалтай голуудын хамаг усыг хамаад авчихвал хөршүүд яриа хөөрөө гаргана. Бид борооны усыг тогтоож авъя гэж байгаа юм. Усан сангууд байгуулбал үерийн аюулыг бууруулна. Мөнх цас, мөсөн гол хайлаад, ууршдаг нь ууршаад, урсдаг нь урсаад гарч байна. Монголд мөстлөгийн хэлбэрээр хуримтлагдсан усны бараг тал нь алга болсон гэж үздэг. Эдгээр идүүдэл усыг бүгдийг хуримтлуулж, тогтоож чадвал бид нэг хэсэгтээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч байгаа ган гачгийн дарамтыг тэсч чадна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж гарсан. Одоо 10 их наяд төгрөг гаргаад, ойрын хугацаанд хэрэгжүүлэх 100 гаруй төсөл зарлаж байна. Тэрэн дотор усны нөөц хадгалах хөв цөөрөм байгуулах талаар тодорхой юм орсон гэж би хэлж чадахгүй. БОАЖЯ-наас “Хөх морь” нэртэй том хөтөлбөр зарласан. Тэрэн дотор хаана хаана ямар цөөрөм, усан сан байгуулах талаар оруулсан байна лээ. Түүнийгээ төлөвлөгөөнд тусгаад хэрэгжүүлэх, эзнийг нь оноогоод, мөнгө хөрөнгө гаргасан эсэхийг БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газрынхнаас асуух хэрэгтэй.

Хүмүүс тогтвортой цаг агаар хүсч байна л даа. Тариа, ногоогоо тарьж, малаа маллах хэрэгтэй. Нэг өдөр зун болоод, маргааш нь өвөл болоод байвал хэцүү л дээ. Үүний төлөө бид юу хийж чадах вэ?

-Энэ байдлыг зогсоохын тулд ний нуугүй хэлэхэд бид их юм хийж чадахгүй. 1850-иад оны үед аж үйлдвэрийн хувьсгал гарч, олон үйлдвэр байгуулагдаж, их хэмжээний нүүрс шатаан, агаарт хүлэмжийн хий ихээр гаргачихсан учраас дэлхийн агаар мандал дулаарч эхэлсэн. Өнөөдөр ялгарч байгаа бүх хүлэмжийн хийг зогсоолоо ч өмнөх хүлэмжийн хийг арилгах аргагүй. Одоо бол нэмж гаргаж байгаа хүлэмжийн хийгээ багасгая гэж байгаа юм. Хүлэмжийн хийг шингээдэг юм бий. Ой, өвс ургамал шингээдэг. Ялгарч байгаа, шингээж байгаа юмаа ойртуулаад, агаарт байгаа хүлэмжийн хийг багасгая гэж уриалж байгаа юм. Хүлэмжийн хийг хэн ялгаруулж байна гэхээр өндөр хөгжилтэй орнууд, энэ улсууд хүлэмжийн хийгээ их хэмжээгээр бууруулах ёстой. Манай улс ч бууруулах ёстой. Гэхдээ ялгаруулж байгаа хүлэмжийн хий маань харьцангуй бага.

Гэхдээ нэг хүн, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хий их гээд байгаа биз дээ?

– Тийм ээ, нэг хүнд ногдох хэмжээ юм уу үйлдвэрлэж байгаа нэгж бүтээгдэхүүнд ногдох хэмжээгээрээ тооцвол их өндөр. Нүүрс шатааж гаргаж байгаа хэмжээ өндөр. Дээр нь малын амьсгал, өтөг шивхнээс ялгардаг метан хийн хэмжээ их учраас манайхан тийм ч хор шаргүй улс гэж тооцогдохгүй байгаа.Тийм учраас бид Парисын хэлэлцээрт нэгдээд үүрэг хүлээгээд явж байгаа.

Бид олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ хэр биелүүлдэг юм бэ?

-Биелүүлэх гэж оролдоод, Засгийн газраас Монгол Улсын оруулах хувь нэмэр гэсэн бичиг баримтыг боловсруулаад, батлаад хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад байна. Түрүүн та дулаараад, хүйтрээд байна яах вэ гэсэн. Тохиолдож байгаа үзэгдлүүдийг зогсоохын тулд бид том нөлөө үзүүлж чадахгүй. Гэсэн ч шинээр тулгарч байгаа бэрхшээлд дасан зохицох, гарз хохирол багатай даван туулах, бэрхшээл дагасан сорилыг боломж болгон ашиглах хэрэгтэй байна.

Хамгийн наад зах нь хайлж урсаад алга болж байгаа усыг хуримтлуулах усан сангууд байгуулъя. Хур тунадас нь багасаад, дулаан нэмэгдээд байвал аль болох ус чийг бага шаарддаг ургамал тариалж, хүнсний хэрэгцээгээ хангая. Мал аж ахуйнхаа тодорхой хэсгийг эрчимжүүлэх гэх мэт арга хэмжээ авах, дээр нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал оруулж ирэх гэх мэтээр эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна.

Машинуудаас ялгарч байгаа хий хүлэмжийн хийд нөлөөлнө биз дээ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утаа, айлуудын гэрийн яндангаас гарч байгаа утаа, машины яндангаас гарч байгаа утаа, малаас гарч байгаа, хогноос ялгарч байгаа хий, гэр хорооллын өчнөөн мянган жорлонгоос ялгарч байгаа хий цөм агаарын бохирдол, хүлэмжийн хий ихээр ялгахарад нөлөөлж байгаа. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах нь давхар ашиг тустай. Хүлэмжийн хийг бас бууруулна гэсэн үг. Түгжрэлийг бууруулна гэдэг агаарын бохирдол, хүлэмжийн хийг давхар бууруулж байгаа гэсэн үг.

Цогцоор нь асуудлыг харж шийдвэрлэх, хөрөнгө зарах талаар Засгийн газрын урт болоод дунд хугацааны хөтөлбөр үйл ажиллагаанд туссан. Дасан зохицох гэдэг том арга хэмжээг БОАЖЯ-наас Уур амьсгалын Ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж байна. Уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн сөрөг нөлөөг давж гарахын тулд Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, зам тээвэр яах ёстой вэ, хог хаягдлыг яах ёстой вэ гэдгийг шийдэх Үндэсний Дасан зохицох төлөвлөгөө боловсруулж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА анх удаа Сугар гариг ​​руу хоёр удаа робот илгээнэ

“NASA”-гаас дэлхийн хөрш, Нарны аймгийн хоёр дахь гариг Сугар руу хоёр удаагийн роботтой нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

NASA “Discovery” төслийнхөө хүрээнд “Davinci+”, “Veritas” гэх хоёр даалгаврыг тус бүр 500 сая ам.долларын өртгөөр гүйцэтгэх юм.

Судалгааны зорилго нь Сугар гариг яагаад халуун болж хувирсныг мэдэх бөгөөд гадарга дээрх хий, элементүүдийг судлах аж. Veritas 2028 онд хөөрөх бөгөөд гаригийг тойрон нисэж агаар мандлыг нь судлах бол Davinci+ 2029 онд нисэж гарагийн агаар мандалд нэвтрэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү нислэг 1978 оноос хойш Сугар гаригийг зорьж буй анхны даалгавар болох юм.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Сансрын хог олон улсын сансрын станцыг мөргөж гэмтээжээ

Сансарт хяналтгүй тэнэж яваа хог олон улсын сансрын станцыг оносноос робот гар нь гэмтсэн хэмээн “NASA” болон Канадын сансрын агентлаг мэдээлжээ.

Сансрын станцын бүрэн бүтэн байдлыг хянах үүднээс тогтмол зохион байгуулдаг шалгалтын үеэр өнгөрсөн тавдугаар сарын 12-нд станцын робот гарны хамгаалалтын бүрхүүл гэмтсэн байсныг илрүүлжээ. Хэдийгээр робот гар хэвийн ажиллаж байгаа ч энэ нь сансрын хог хаягдлын асуудал улам аюултай, улам ноцтой болж байгааг сануулсан юм.

Дэлхийг тойрон олон пуужингийн эвдэрхий хэсгүүд, хаягдлууд, хиймэл дагуулын хэлтэрхийнүүд эзэнгүй, хяналтгүй тэнэдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр хаягдлын хэмжээ нэмэгдсээр хоорондоо мөргөлдөх, сансрын станц, хиймэл дагуулуудыг гэмтээх эрсдэл нэмэгдсээр байна.

“Canadarm2” хэмээх тус робот гарыг чухам хэзээ юу мөргөж гэмтээсэн нь одоохондоо тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд анхаарлаа хандуулан судалж эхэлжээ. Гарны хамгаалалтын бүрхүүл дээр 0.2 см цоорхой үүссэн байх бөгөөд азаар тус цоорсон хэсэг гарны хувьд чухал хэсэг биш байжээ.

АНУ-ын батлан хамгаалах департментийн мэдээлснээр өдгөө сансарт 27 мянга гаруй хаягдал байгаагийн 23 мянга гаруй нь бейсболын бөмбөгнөөс том гэнэ. Тэдгээр хогнууд цагт дунджаар 33300 гаруй км-ийн хурдтай эргэлдэж байгаа нь сумны дундаж хурднаас хэд дахин их юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийг нарнаас ялгаруулсан плазмын үүл бүрхэнэ

Мягмар гаригт /2021.06.01/ Дэлхийг нарны плазмын давлагаа нөмөрнө гэж spaceweather.com сайтад мэдээлжээ.

Плазмын үүл тавдугаар 28-ны өдөр сансарт цацагдсан байна. Эрдэмтдийн хэлснээр, энэ нь нарны шинэ 25-ны мөчлөгт бүртгэгдэж буй нарны агаарын мандлын хамгийн тод бөгөөд өндөр хурдтай ялгаруулалт гэнэ.

Ингэхдээ Дэлхийд зөвхөн плазмын үүлний зах хэсэг нь хүрэх аж. Өнөөдөр туйл орчмын өргөрөгт амьдарч буй хүмүүс “гэрлэн шоу” үзэх боломжтой гэж мэргэжилтнүүд тодруулжээ. Мөн өдөр бага зэргийн гео соронзон шуурга болох магадлалтай гэнэ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

NASA-гийн хайгуулч Ангараг гаригийн үүлний зургийг даржээ

Ангараг гариг дээр даалгавар гүйцэтгэж буй NASA-гийн “Curiosity” хайгуулч робот гаригийн үүлний зургийг даржээ. Энэ нь мандаж буй нарны туяанд гэрэлтэж буй мөсөн талстууд хэмээн тайлбарласан байна.

Ангарагийн нимгэн агаар мандалд үүл харагдах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ жилийн хамгийн хүйтэн үед экваторын бүслүүрт үүсдэг.

NASA-гийн эрдэмтдийн тооцоолсноор энэ удаагийн үүл өмнө харагдаж байснаас харьцангуй өндөр буюу газрын гадаргаас 60 км-ээс дээш өндөрт үүсжээ.

Ангарагийн ихэнх үүл усны мөснөөс бүрддэг бол энэ удаагийн өндөр давхаргын үүл нь хөлдсөн нүүрстөрөгчийн давхар исэл эсвэл хуурай мөс байх магадлалтай аж.