Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Шинжлэх ухаанаар овоглосон эрдэмтэн судлаачид эрдэм бүтээлийн онцлон тэмдэглэхүйц олон амжилттайгаар салбарын баяраа угтаж буй энэ өдрүүдэд Монгол Улсын төрөөс эрдэмтдэдээ хүндэтгэл үзүүлж, цол, шагнал хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 155 дугаар зарлигаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (ScD), профессор Цэндийн Баатар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртэж, тус хүрээлэнгээс төрсөн 6 дахь гавьяат цолтон боллоо.
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор Цэндийн Баатар нь 1978 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, тус хүрээлэнгийн “Хөгжиж байгаа ба хөрөнгөтөн орон судлалын сектор”-т эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласнаас хойш өнөөг хүртэл 43 дахь жилдээ шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсад орон судлалыг үүсгэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн манай нэр хүндтэй ахмад эрдэмтний нэг юм.
Тэрбээр 1993 онд “Хятадын шинэчлэлийн бодлого: Өвөр Монголын нийгэм эдийн засгийн зарим асуудал” сэдвээр дэд доктор, 2007 онд “ Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг төлөвшүүлэх арга зам” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Доктор Ц.Баатар нь нэгэн сэдэвт бүтээл 7, хамтын бүтээл 15, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн бүтээл 150 гаруйг бичиж, олон арван бодлогын зөвлөмж боловсруулж бэлтгэжээ.
Түүний судалгааны үр дүнд гаргасан бодлогын зөвлөмж, санал дүгнэлтүүд нь Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих явцад бүс нутгийн интеграци, эдийн засгийн гадаад харилцаа, глобалчлалын асуудлаар баримтлах төрийн бодлого, хөгжлийн концепци боловсруулахад онол, арга зүй, практик зөвлөмжийн хэлбэрээр үр дүнгээ өгсөн болохыг мэргэжлийн байгууллагууд зохих ёсоор үнэлсээр ирсэн байна.
Мөн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор (PhD) Б.Цэнгэллхам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг 6 дугаар сарын 4-ний өдөр гардан авлаа.
Доктор Б.Цэнгэллхам боловсрол, шинжлэх ухааны байгууллагад нийтдээ 24 жил ажиллаж байгаагаас тус байгууллагад 14 жилдээ ажиллаж, бүс нутаг судлал, Монгол-Вьетнамын харилцааны талаар голлон судалгаа хийж байна. 2016 онд “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол-Вьетнамын харилцааны үзүүлэх нөлөө” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг (PhD) хамгаалсан юм.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдмийн хамт олноос төрийн цол, шагнал хүртсэн доктор, профессор ЦЭНДИЙН БААТАР, доктор БЯМБААГИЙН ЦЭНГЭЛЛХАМ нартаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэж байна.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН