Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Шилдэг эрдэмтдийн багийг тодруулж, Сайдын нэрэмжит грантыг гардууллаа

Салбарын эрдэмтэн судлаачдаа дэмжих, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг зохион байгуулж, дүнгээ гарган шилдэг бүтээл, шилдэг эрдэмтдийн багийг тодруулаад байна.
ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн чиглэлийн 21 бүтээлийг хэлэлцэн шалгаруулалтыг зохион байгууллаа.
Бүтээлүүдийг холбогдох тушаалд заасны дагуу
Шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин,
Техник эдийн засгийн үзүүлэлт,
Зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж,
Ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгч шалгаруулсан юм.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын “Судалгааны ажилд инновацийн грант олгох тухай” тушаалаар дараах 3 бүтээлийн багт грантыг олгохоор шийдвэрлэлээ.
1. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор, Я.Мягмарсүрэн удирдагчтай “Тэжээлийн арвайн Шимт сорт” сэдэвт бүтээл;
2. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D), Д.Будрагчаа удирдагчтай “Зэсел тарилгын шингэн” сэдэвт бүтээл;
3. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч, доктор (Ph.D), Т.Атарсайхан удирдагчтай “Хөх далан хальсны Berry Blue сорт” сэдэвт бүтээл шалгарлаа.
Дээрх 3 бүтээлийн багт “БАТЛАМЖ”, 10.000.000 төгрөгийн грантыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь гардуулан өгөв.
Тэрээр “Дэлхийн эдийн засгийн түүхэн явцад үндэстний баялгийг бүтээхэд байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлдаг байсан бол өнөөдөр мэдлэг нь тэдгээрийг хошуучлах чухал нөөц баялаг болсон байна. Тиймээс улс орнууд аж үйлдвэрийн эдийн засгаас шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засаг рүү шилжихэд анхааран ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.3-т Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хөнгөлөлттэй зээл, грант олгохоор, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэлх хугацаанд баримтлах бодлогод хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх, хүний нөөцийг тасралтгүй чадавхижуулах асуудлыг бүлэг зорилт болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын нэг бол эрдэмтэн судлаачдынхаа нөр их хөдөлмөрийг дэмжиж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээ гэж ойлгож байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түүчээлэх гол хөдөлгүүр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг авч явах эзэд нь эрдэмтэн багш, судлаачид, үйлдвэрлэгчид Та бүхэн билээ.
Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд Та бүхэн хувь нэмрээ оруулж, шинэ санааг хөгжүүлж, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох шинэ арга хэлбэр, санаачилгыг өрнүүлж, хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Баян-Өлзийт уулын хадны зотон зураг

ШУА-ийн Археологийн Хүрээлэн, Соёлын Өвийн Төвтэй хамтран 2008 оны зургадугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэж, баримтжуулах зорилгоор хээрийн шинжилгээний ажил зохион байгуулсан юм.
Тус хээрийн шинжилгээний анги Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэх явцдаа Баян-Өлзийт хэмээх уулнаа урьд өмнө нь мэдэгдээгүй хадны зосон зургийн дурсгалыг илрүүлэн олжээ.
Баян-Өлзийт уул нь Батноров сумаас Дадал сум орох замд тааралдах боловч, Норовлин сумын нутагт оршдог. Энэ уул нь гурван хэсэг шовх хаднаас бүрдэх ба урд болон баруун талаар нь цөөн тооны дөрвөлжин булш бий.

Зургийн тодорхойлолт алга байна.

Тус гурван хадны дунд талын зүүн урагш харсан толигор, эгц хадны төв хэсэгт улаан зосоор дундаа босоо зураастай хоёр сөөлжир чагтан тэмдэг дүрсэлсэн байх ба түүний зүүн дээд талд хэмжээгээр арай багавтар мөн л нэг дундаа босоо зураас бүхий хоёр сөөлжир чагтан тэмдэг дүрсэлсэн байна. Эхний дүрсний чанх зүүн талд сүүлээ өргөсөн, босоо урт чихтэй нохойг өмнөх дүрснүүдээс илүү өтгөн улаан хүрэн өнгөтэй зосоор урлажээ. Энэхүү зосон зургийн бусад зургуудаас ялгаатай нь сөөлжир чагтан тэмдгийн хамт нохой дүрсэлсэн явдал бөгөөд Монгол нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлог юм. Эдгээр дүрснүүд нь он цагийн уртад нэлээд баларч, мэдэгдэх төдий болжээ. Энэхүү зосон зургийн дурсгал нь неолитын үед холбогдоно.
Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газар

Улсын эх дагина Дондогдуламын бие чилээрхэн 1923 онд тэнгэрийн оронд залрахад түүний алтан шарилыг ёс төртэйгээр найман шарга морь хөлөглөн одоогийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дахь Шарга морьтын аманд хүргэж шар тосонд хайлуулсан хэмээн үздэг [Шинийн наймны Цагаан Дара-Эх. УБ., 2016, т-6]. Эх дагины биеийг тээж (ачиж) явсан найман шарга морьдыг тус газарт сэтэрлэн тавьсны улмаас Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн түүхтэй.
Энэхүү дурсгалт газрыг иргэд эзэмшиж, хашаа байшин барих, хөрс хуулах, тэгшлэх зэргээр түүхэн дурсгалыг эрсдэлд оруулсан тул авран хамгаалах үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Иймд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, Урлагийн Газар, хуучнаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2018, 2019 онуудад авран хамгаалах малтлага судалгааг хийж гүйцэтгэсэн.
Археологийн авран хамгаалах малтлага судалгааны үр дүнд дөрвөлжин хэлбэртэй, 280 х 280 см хэмжээтэй, суваргын суурийг олж илрүүлсэн. Үндсэн суварга нурж эвдэрсэн бөгөөд уг суваргын шүншигт хэвэнд цутгаж бэлтгэсэн 16 нэр төрлийн бурхан 108 ш, улаан өнгийн шавраар хийсэн заан 3 ширхэг, гүц хэлбэртэй сав барьсан хүний дүр бүхий шавар хийцтэй чимэглэл 1 ширхэгийг хийсэн нь археологийн малтлагаар олдсон. Түүнчлэн очир хээ, цэцгэн хээ, бадам цэцгэн хээ, угалзан хээтэй шавар чимэглэлүүд ихээр илэрч байсан нь суваргын гадна чимэглэлүүд байна. Уг суварга нь бидний сэргээн зурснаар манай улсад уламжлагдан ирсэн түүхт суваргын төрлүүдийн нэг болох Брадигабудын суварга хэмээх төрөлд хамаарна.
Малтлагын явцад илэрч олдсон олдвор хэрэглэгдэхүүнд тулгуурлан сэргээх явцад эл суварга сууриараа өргөсч 11 чи буюу 342.1 см урт хэмжээтэй бол өндөр нь 13 буюу 404.3 см байсан хэмээн үзэж байна. Ингэхдээ суваргын гурван үе шатлалын суурь болон оройн хэсгийг 4 чи буюу 124.4 см хэмжээсээр тэнцүү байдалтай хийсэн бол дунд шатлалыг 5 чи буюу 155.5 см хэмжээтэй хийжээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Энэ бүхнээс үзэхэд язгууртан буюу томоохон зэрэг зиндааны хүнд зориулан босгосон болох нь тодорхой байна. Тиймээс тухайн дурсгалт газрыг улсын хамгаалалтад авах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал ач холбогдолтой юм. Дурсгалаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнүүд одоогоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

уран баримал гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

уран баримал гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Отгонбаяр: Монголын анхны “Очирт”, “Соёмбот” маркуудыг “Марзан” Шарав зурсан гэдэг ч хоёр өөр хүн зурсан байх магадлалтай

Зураач Тодын ОтгонбаяртайМонгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үүсэдвээр ярилцлаа. Тэрээр 1983-1987, 1997-2003 онуудад Монгол маркийн ерөнхий зураачаар ажиллаж байсан бөгөөд одоо Лондон хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байна.


Зураач Ч.Хишигчулуунтай энэ сэдвээр өнгөрсөн жил ярилцлага хийсэн юм. Гэтэл та бүр тэс хөндлөн зүйл бичсэн байх юм?

-Би, Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн эсэхийг эртнээс сонирхож байсан. Гэвч энэ цаг үе хүртэл дуугарсангүй. Учир нь энэ бол урлаг судлаачдын хийх ажил гэж боддог байсан. Энэ сэдвийг хөндсөн ямар нэг нийтлэл тэмдэглэл өдий болтол олж харсангүй. Эсхүл би мэдээгүй өнгөрсөн байх.


Би ч олж хараагүй, өмнө хийсэн ярилцлагынхаа хэмжээнд л ойлголттой яваа. Ер нь монголчууд бид таны хэлсэнчлэн нийтээрээ шахуу тийм л ойлголттой яваа байх?

-Монгол Улсын анхны маркуудыг Марзан Шарав гэдэг зураач зурсан гэдэг ойлголт нэвт явчихсан, бүгд итгэчихсэн. Тэгэлгүй ч яахав, угаасаа эхнээс нь бодлогоор системтэй тасралтгүй давтамжтай тэгээд ойлгуулчихсан юм чинь. Хүмүүсийн буруу биш.

“Монголын нэг өдөр” алдарт уран зургийг Шарав зурсан, Монголын анхны маркийг Шарав зурсан, анхны мөнгөн тэмдэгтийг бас Шарав зурсан. Богд Хаан, Ленин багшийн хөргийг тэр бас зурсан. Сонин сэтгүүл, ном судар, хувьсгалын ухуулах хуудсууд…ер нь тэр үеийн бүх зургуудыг тэр л зурсан. Бүтэн 100 жил завсар зайгүй ингэж ухуулсаар зуугаад жилийн өмнө түүнээс өөр зураач Монголд байгаагүй ч юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн юм биш үү. Дүрслэх урлагаас хол хөндий хүмүүсээс асуугаад үзээрэй, түүнийг л нэрлэх вий. Тэр байтугай манай зарим зураачид ч тийм ойлголттой байгаа нь ёстой гайхмаар. Тухайлбал, өөртэй чинь ярилцлага хийсэн Хишигчулуун зураач бүр үгчлэн тэгж хэлсэн байх юм. Уг нь тэр үед Монголд нэр алдартай олон зураач байсан юмсан.

Байсан л байдаг

-Тийм, Их Хүрээнд шавилан сууж Богд болон шашины мяндагтнуудын болон жирийн ард иргэдийн тааллаар бурхан шүтээн болон тухайн цагийн жирийн амьдралыг дүрслэн бүтээдэг Цагаан Жамба, Гэндэндамба, Сономцэрэн, Данжин, Цэнд, Балдангомбо, Пунцаг-Осор, Хасгомбо зэрэг дээд зиндааны зураач урчуудаас гадна ахуйн хэрэглээний авдар сав хээлдэг доод зиндааны гарын уртай монгол, төвөд, хятад урчууд ч цөөнгүй байсан.

Та түрүүн манай анхны маркуудыг Марзан Шарав зурсан нь үнэн үү. гэдэг сэдвийг их эртнээс сонирхсон гэж хэлсэн?

-Би 1983 онд маркийн зураач болон болтлоо манай анхны маркуудыг мань эр зурсан гэдэг ойлголттой тууж явсан. Маркийн зураач болоод л тэр маркуудыг анхааралтай харж эхэлсэн. Надад төрсөн хамгийн анхны эргэлзээ бол Шаравын зурсан гэх 1924 онд хэвлэгдсэн Монголын анхны марк болох “Очирт”-ын дизайн 1926 онд гарсан манай хоёр дахь марк “Соёмбот“-оос илт өөр байсан явдал юм. Ганц хоёрхон жилийн зөрүүтэй нэг хүн зурсан гээд байдаг. Гэтэл тэр хоёр маркийг харьцуулаад харахад хоёр өөр хүн зурсан гэдэг нь илэрхий. Очирт марк бол төвөд маягийн хийцтэй нөгөөх нь арай монголжуу гэмээр юм уу даа. Зураачийн хувьд бодлоо хэлэхэд жишээ нь, “Очирт” марк “Монголын нэг өдөр” уран зурагтай гэхээсээ илүүтэй авдар савны хээ угалзтай илүү төрөлсөнө. Тэгвэл эндээс уг маркийг авдар сав хээлдэг төвөд зураач зурсан байх магадлалтай гэсэн таамаг урган гарна, миний л бодол шүү дээ.

Тэгэхэээр таны бодож байгаагаар хоёр дахь буюуСоёмботмаркийг нь хэн зурсан болж таарч байна?

-Ёстой мэдэхгүй. Зөвхөн энэ хоёр марк төдийгүй бусад анхны маркуудыг хэн зурсан юм бол гэдэг асуулт одоо ч, өмнө нь ч миний толгой тархинаас салдаггүй юм. Гэсэн мөртөө тухайн цагт нь түүнийгээ цааш нь ухаж түнхье ч гэж бодож байсангүй. Мөн ч тэнэг байж дээ. Тэр үед уг нь нөгөө гайхамшигт алтан үеийн урлагийн ахмад мастерууд, ахмад марк цуглуулагчид олонх нь болон цөөн боловч лам хуврагууд амьд сэрүүн байсансан. Асуугаад тэмдэглээд авах минь ч яав даа гээд одоо хар толгойгоо шааж сууна. Би л лав холдож ойртоод 20 жил монгол марктай нэр холбогдож явахдаа Марзан Шарав гэдэг зураач, эсхүл өөр хэн нэгэн зураач анхны маркуудыг зурсан гэдэг тодорхой албан ёсны баримт олж хараагүй. Гэхдээ тийм баримт улсын архивт байж магадгүй л юм. Ур хийц гүйцэтгэлийн талаасаа “Очирт” нь “Соёмбот”-оосоо илүү. “Соёмбот”-ын ур хийц тааруу, муруй сарий зураас, эв хавгүй бичээс гээд өөлөх юм бий. Хоёр өөр зураач зурсан. Үүнийг олж харахын тулд заавал зураач байх албагүй л дээ. Уншигч та өөрөө харьцуулаад хараарай.

Та, Марзан Шарав гэдэг зураачийн бүтээлүүдэд их эргэлздэг хүн юм аа даа?

-Бүгдийг нь нэг хүн ганцаараа зурсан гэдэгт итгэх арга алга даа. Цааш нь ухаад бодохоор хэрэв Шарав зураач урлаг уран сайхны маш өндөр түвшинд бүтээсэн өнөөх алдарт “Монголын нэг өдөр”-ийг зурсан нь үнэн юм бол, хувьсгалын гэдэг нэрээр алдаршсан тэр аймаар ухуулах хуудсууд, ном сэтгүүлийн зургуудыг хэн зурсан байх вэ? Аймаар гэдэг нь зургуудын ур чадварыг хэлж байна. Маш тааруухан зураачид ур чадвар дорой зурсан байдаг. Гэтэл ийм ур чадварын хувьд илэрхий зөрүүтэй зургуудыг Шарав гэдэг нэг л хүн зурсан гээд овоолоод байдаг. Эндээс улбаалаад надад юу бодогддог гэхээр, манай улаан хувьсгалчид Зөвлөлт Орос, Коментерний заавраар ядуу малчин ард гаралтай, ойр зуурын гарын дүйтэй, доорд зиндааны лам байгаад Ардын хувьсгалын үзэл санааг талархан дэмжсэн зураг зурдаг нэгэн товарищыг гайхамшигт дүрээр тодруулчихсан юм биш биз дээ гэх эргэлзээ төрдөг! Коммунист-большевикууд пионер Павел Морозов, цэрэг Александр Матрасов, уурхайчин Стаханов… гээд олон хиймэл баатрууд төрүүлсэн байдаг. Тэд аллага хядлагын их мастер Ленин, Сталиныг ариун явдалт их багш болгож хувиргаж чаддаг хүмүүс шүү дээ. Тиймдээ ч коммунистууд бол гарамгай химичид. Тэд алтыг баас болгож чадна, баасыг ч алт болгож чадна гэсэн онигоо гарсан биз.

Тэгэхээр та, коммунистууд, гарын дүйтэй ядуу лам Шарав гэдэг хүнийг Ардын хувьсгалын ачаар шашны мунхралаас ангижирч хувьсгалч зураач болон төлөвшиж тухайн цагийн шинэ хувьсгалт Монголын урлаг соёлын үндэс суурийг тавигчдын нэгний дүрд тоглуулж, тэр үеийн дүрслэх урлаг, зурагтай холбоотой бүхнийг сайнтай муутай нь хамаад мань эр дээр овоолчихсон хиймэл дүр гэж үздэг байх нь, тийм үү?

-Тийм.

За яахав, маркин дээр ийм эргэлзээ байдаг байх нь. Тэгвэл алдартМонголын нэг өдөрзургийг хэн зурсан юм бол?

-Маш хүнд асуулт байна. Би байтугай нь хариулж чадахгүй асуулт юм биш үү. Дүрслэх урлагийн музейд байгаа эх зураг дээр түүний гарын үсэг байхгүй шиг санах юм. Зураачид, урлаг судлаачид, дүрслэх урлагт ойр болон тэнд ажиллаж байсан зарим хүмүүсээс асуухад бас олж хараагүй байдаг. Шашны гүн сүсэг бишрэлтэй бурхан бүтээдэг зураачид нүгэл хэмээн цээрлэж зурган дээрээ нэрээ бичдэггүй хатуу дэгтэй байсан. Ганц манай Монголд биш, Европ дахинд ч ийм байсан. Сэргэн мандалтын үеэс хойш буюу ХҮI-ХҮII зууны үеэс шашны мухар сүсгээс ангижирсан “эсэргүү” зураачид бүтээл дээрээ нэрээ ил тод бичиж эхэлжээ. Гэхдээ манай Монголд энэ ёсыг зураачид нь ХХ зууны эхэн үед ч үнэнчээр сахиж байсан бололтой. Харин зургийнхаа ард хувийн тамгаа дардаг байсан. Тэр нь байдаг бол Марзан Шарав зурсан гээд яг хэлчихсэн хүн одоохондоо алга даа.

Ардын зураач, Төрийн шагналт, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм гуай болон Оросын эрдэмтэн доктор Ломакина нар 1970-аад ондИскусство Монголийбил үү дээ, нэг ном гаргасан гэж та бичсэн байсан. Түүн дээр дээрх нэрт зургийг Марзан Шарав зурсан гэж нотолсон байдаг юм биш үү?

-Тэр эрхэм хүндэт хүмүүс тийм ном гаргасан. Гэхдээ тэд яг үнэнээр нь хүлээн зөвшөөрсөн үү, үзэл суртлын хатуу харгис дарамтан дор тэр номыг бичсэн үү гэдэг нэг том асуудал бий. Зураач Саруулбуян бол Цүлтэм гуай эргэлздэг байсан гэх. Чимэдийн Энхээ бол Шарав нэрний хойно асуултын тэмдэгтэй (?) бичсэн гэж хэлсэн санагдана. Тэр ном надад уг нь байсан, алга болсон. Тэрнийг нь ч бас тухайн цагт нь анхаарч харж байсангүй дээ, би гэдэг хүн.

Тэгвэл тэр ухуулах хуудаснуудыг хэн зурсан болж байна?

-Бас тодорхойгүй юм их байдаг. Хэрэв тэр аймаар хувьсгалын ухуулах хуудаснуудыг зурсан зураач нь Шарав мөн юм бол ур чадвар тун тааруухан зураач байж. Эсрэгээрээ, хэрэв алдарт “Монголын нэг өдөр“-ийг зурсан бол тэр ёстой тасархай зураач байж! Одоо хүртэл нийгмийн болон хувь хүмүүсийн ой санамжид амь бөхтөй байсаар байгаа “Марзан хэмээх Шарав” гэдэг зураачийн ийм хоёрдмол дүр миний хувьд тодроод байна л даа. Нэг талаас “Тэмцэл” кинон дээр нэг гайхамшигтай дүр бий. Үнэхээр Шарав гэдэг ядуу лам зураач Ленин багшийн хөргийг Сүхбаатар жанжны хүсэлтээр зурж өгсөн гоё дүр монголчууд бидний ой санамжид бат суусан, маш үнэмшилтэй. Коммунистууд ийм хиймэл товарищ-баатрууд тодруулахдаа гарамгай! Энд би кино бүтээгчдийг гоочлох гээгүй. Харин ч магтмаар. Нөгөө талаас Шаравын “албан ёсны” гэх намтар түүхийг уншиж эргэцүүлэн бодоход зураач урчуудын зиндааг холин бантагнуулсанд л хамаг будлианы эх байгаа юм. Гэхдээ энд гайхах зүйлгүй, бидний үеийнхэн ийм будлиантай хуурамч түүхээр цэнэглэгдэж өсөж төлөвшсөн.

Тэгвэл анхны мөнгөн тэмдэгтүүд мөн адил эргэлзээтэй юү?

-Бас л бөөн эргэлзээ. Марзан Шарав гэдэг нэр дээр бөөн овоолго хийчихсэн байдаг, одоо үүнийг ялгаж салгах гэхээр түүхэн баримт байдаг ч юм уу үгүй ч юм уу, бүү мэд.

Та яагаад ийм оройтож дуугарч эхлэв?

-Ирэх 2024 онд Монгол маркийн 100 жилийн ой болно. Гэтэл ХХI зууны бидний монголчууд нөгөө л нүүдэлчний хэнэггүй зан, сэтгэлгээгээрээ анхныхаа маркуудыг зурсан зураачаа яг албан ёсоор тодруулаагүй явж байдаг. Би ч ялгаагүй! Тэр ч байтугай харьцангуй ойрхон 1960-аад оны маркуудаа ч хэн зурсан эсэхийг яг олж тогтоогоогүй л тууж явна даа. Энэ мэт хоосон цагаан зай манай монгол маркинд маш их бий.

Саяхан миний найз, нэрт нийтлэлч, дипломатч Дашдоржийн Баярхүү анд ХХI зууны монгол хүний дотор ХIII зууны “Монгол хүн бас байна” гэсэн утгатай нийтлэл бичсэн байсан. Бодууштай. Заавал тийм үг сонсож байж дуугардаг би ч гэж би. Нөгөө л ам дамжсан яриагаараа яваастай. Хүссэн ч хүсээгүй ч 20 жилийн түүхтэй нь холбоотой юм болохоор маркинд ажиллаж байсан үеэ дурсамж маягаар бичиж хойч үедээ үлдээхгүй бол түүх муухай гуйвдаг юм байна гэдгийг яг энэ мэтээр нүдээрээ харж чихээрээ сонсож байна. Тэгээд бичээд эхэлтэл гараан дээрээ зогсчихдоггүй юм гэхэд хий эргээд эхэллээ. Түүх бичлэгийн тал дээр амьдран сууж буй Англи орноороо жишээлэхэд 160 гаруй жилийн тэртээ анхны маркаа зурсан хүн байтугай, тэр маркинд юу дүрслэн зурахыг санал болгосон хүнээ ч тэмдэглэн үлдээсэн байх юм. Манайхан бол огт тоохгүй шүү дээ, “Аан нэг юм хэлж л байсан” гэх маягтай үл тоомсорлон өнгөрөөнө. Бүр түүнээс ч жижиг зүйлийг ч тэмдэглээд үлдээчихсэн байдаг юм билээ. Төгсгөлд хэлэхэд, өчүүхэн би Шарав гэдэг зураач анхны маркийг зураагүй гэж хэлээгүй. “Монголын нэг өдөр“-ийг ч бусад нэрлээд байгаа бүтээлүүдийг зураагүй гэж хэлээгүй. Магадгүй тэр аль нэгнийг нь зурсан байх. Гэхдээ түүнийг яг алийг нь зурсан юм бэ гэдэг дээр л эргэлзээ байгаа юм.

Хэрэв хэн нэгэн залуу судлаач энэ сэдвийг зориглон барьж авбал Урлаг судлалын ухаанаар эрдмийн зэрэг хамгаалах бэлэн маш сайхан сэдэв эзнээ хүлээгээд байж л байна даа. Бүр цааш нь ухвал Орчин үеийн Монголын Дүрслэх Урлагийн түүхэнд ч өөрчлөлт гарч ирж мэдэх л юм. Архив ухаж түнхдэг, түүх шастир судалдаг хүмүүс бидний энэ ярилцлагыг уншаад мэдсэн, сонссон, уншсан зүйлсээ хуваалцаж санал бодлоо солилцвол би их баяртай байх болно.

Categories
булангууд мэдээ редакцийн-нийтлэл утга-зоxиол

“Утгын чимэг-2020” богино өгүүллэгийн наадамд шалгарсан бүтээлүүд

Утгын чимэг-2020” богино өгүүллэгийн наадам амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн Утгын чимэг наадам Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт их зохиолч Цэндийн Доржготовын нэрэмжит болсон юм.

Наадмыг МЗЭ, МҮОНРТ, Архангай аймгийн утга зохиолын ХАНТАМИР ТӨВ, Архангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа. Уг наадамд нийт 60 гаруй зохиолчид бүтээлээ ирүүлснээс шилдэг 10 бүтээл шалгарч, сүүлийн шатанд тунаж үлдсэн юм.

МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэг магнайлж, МЗЭ-ийн шагналт зохиолч Сааюугийн Баттулгын “Хонхор газар” өгүүллэг удаалж, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн “Төлөө” өгүүллэг гутгаар байранд орж, МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Амьдын хорвоо” өгүүллэг дөтгөөр байр, МЗЭ-ийн шагналт зохиолч Цэвэгжавын Ганболдын “Уулын мухарт” өгүүллэг тавдугаар байр эзэллээ.

Мөн Ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн их мастер Гомбын Равдан “Утгын чимэг” наадмын шилдэг уран уншигч- өгүүлэгчийг шалгаруулж СТА, орчуулгын киноны дуун хөрвүүлэгч Өлзийн Наранбаатарыг шагнаж урамшууллаа.

Цар тахалтай хүнд үед уран бүтээлээ туурвиж оролцсон нийт зохиолчид, дуун өгүүлэгч, жүжигчин, нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа маш их баярлалаа. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

No description available.

ХАНТАМИР ТӨВ
2020.07.02.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ЗГ: Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанар Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад дараах дурсгалыг нэмэв. Үүнд:

  • Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин
  • Архангай аймгийн Өгийнуур сумын Чилэн балгас, Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар
  • Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолбор дурсгал
  • Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй
  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бигэр Номун ханы хийдийн туурь
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн туурь
  • Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар
  • Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын Паалуугийн хадны зураг
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн дөрвөлжин
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан
  • Говьсүмбэр аймгиын Сүмбэр сумын Дагвасүндэл бурхан

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 2020 онд энэхүү жагсаалтыг баталсан бөгөөд 182 дурсгал оржээ. Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Хүний шинэ төрөл зүйл болох “Луу хүн” шинжлэх ухаанд бүртгэгджээ

80 гаруй жилийн өмнө зүүн хойд Хятадын Харбин хотын ойролцоогоос олдсон эртний хүний гавлын ясыг шинжлээд хүний цоо шинэ төрөл зүйл болохыг саяхан тогтоожээ.

Нээлтийн тухай судлаачдын тайлан Баасан гаригт “The Innovation” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Dragon Man: New species of ancient human may replace Neanderthals as our  closest relative | The Independent

Харбинаас олдсон гавлын яс нь 138.000-аас 309.000 жилийн өмнө амьдарч байсан 50 орчим насны эрэгтэй хүнийх байжээ. Гэхдээ энэ нь орчин үеийн хүн буюу Хомосапиенсийн төрөл зүйлээс тусдаа цоо шинэ төрөл зүйл болохыг тогтоосон байна.

Meet the new relative: 'Dragon Man' - Cosmos Magazine

Шинэ төрөлд “Homo longi” гэсэн нэрийг өгсөн нь Хэйлунзянь (Heilongjiang) буюу Хар Луу Мөрний нэрнээс үүдэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл “Луу хүн” гэсэн утгатай нэр юм.

“Харбины хүний гавал бол сүүлийн 50 жилийн хугацаанд миний харсан хамгийн үнэтэй чухал олдвор юм. Хүн төрөлтний түүхэнд Зүүн Ази, Хятад улс ямар чухал болохыг энэ олдвор харууллаа” гэж судалгаанд оролцсон Лондон хотын Байгалийн Түүхийн Музейн хүний гарал судлаачдын ахлагч Крис Стрингер ярьжээ.

“Луу хүн” нь өргөн навтгар хамар, жижиг дух зэрэг мичний төрхийг агуулснаас гадна хүн шиг өргөн, хавтгай шанаатай байсныг тогтоосон байна.

Үүнээс гадна тархины хэмжээ нь орчин үеийн хүнийхтэй ойролцоо, бас гүн ухархайтай хөнхөр нүдтэй байжээ.

Ийнхүү хүн төрөлтний хөгжлийн замын зурагт шинэ салаа мөчир нэмэгдэж байна.

300.000 орчим жилийн өмнө анх Африк тивд амьдарч байсан Хомосапиенсээс гадна “Неандерталь, Денисовын хүн, одой Хомо флоресиенсис, Хомо лузоненсис, Хомо наледи” зэрэг бусад хэд хэдэн төрөл зүйлүүд орчин үеийн хүний өвөг дээдэстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд тогтоосон юм.

Бидний өвөг дээдэс тэдний заримтай нь эвцэлдэж байсан баримт ч бий.

Саяхан бас хэсэг эрдэмтэд Израйлын газар нутгаас эртний хүний шинэ төрөл зүйл байж болзошгүй олдворыг илрүүлснээ Science сэтгүүлд мэдээлсэн юм.

120.000-аас 420.000 жилийн өмнө Ойрх Дорнодод амьдарч байсан уг төрөл зүйл нь орчин үеийн хүний өвөг дээдэс болон Неандертальчуудтай харьцуулахад илүү мич төрхтэй байжээ.

Dragon Man' Could Be More Closely Related to Humans Than Neanderthals

Archaic humans - Wikipedia

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Олон гүүрийн голын булш

2006 оны зургадугаар сард Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Улаан даваа, Олон гүүрийн голд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Этнографийн хүрээлэнгийн Баруун Сибирийн археологийн отряд, Германы Археологийн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний анги академич Д.Цэвээндорж, В.И.Молодин, проф. Х.Парцингер нарын удирдлагаар ажиллан нийт 4 булш малтан судалсны Олон гүүрийн гол 10 дурсгалын 1-р булшнаас онц сонирхолтой олдворуудыг илрүүлэн олжээ.
Уг булш дугуй дараастай, түүний дотор талаар бага зэргийн хотгор бөгөөд төв хэсэгтээ мэдэгдэхүйц овгор, захын хүрээ орчимд гол төлөв том, бусад талбайд нь жижгэвтэр голын хайрган чулуун дараас зонхилж байна.

Энэхүү оршуулгаас илэрсэн эд өлгийн зүйлс нь одоо ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Булшнаас гуалингуудыг цавчин засаж углуургадан зангидаж хийсэн модон бунханд оршуулсан дайчин эрийн оршуулга илэрсэн. Бунхны хэмжээ: 180×180×240 см урт, өндөр нь 98×86 см. Бунхны дээр 2 морийг тоног хэрэгсэл болох эмээлийн модон бүүрэг, эмээлийн эсгий зөөлөвч, эмээлээс зүүсэн модон бамбай, ташуур, төмөр амгай, модон зуузай, хазаарын чимэглэл болох жигүүртэн амьтны дүрстэй модон зүүлт, соёо хэлбэртэй 18 ширхэг модон зүүлт, уяаны хамт дагалдуулсан нь сайн хадгалагдан үлджээ.
Модон бунхны урд хананы дагуу нас барагчийг зүүн урд зүг хандуулж толгой дор модон дэр дэрлүүлж баруун хажуугаар нь хэвтүүлэн, хөлийг өвдгөөр нь нугалж 2 гарыг нь өвдөг рүү чиглүүлэн сунгасан байдалтай оршуулжээ. Уг хүнд тарваганы арьсан дээл, морь, бугын сийлмэл модон чимэглэл бүхий шувууны дүрстэй өндөр малгай, богино өмд, урт түрийтэй арьсан гутал зэргийг өмсгөн хүний хүзүүнд Скифийн амьтны загварт урлагийн аргаар хийсэн архирч буй чонын дүртэй модон зүүлт зүүлгэсэн ба дээлийг нь бүсэлж байсан бололтой 2 буландаа уяа уях зориулалт бүхий дөрвөн нүхтэй бүсний сийлбэртэй модон даруулга гарсан. Нуруун талд нумыг таван ширхэг бургасан сумын хамт, бүсэлхий орчимд байлдааны зээтүү, модон хуйтай төмөр хутга, эсгий гэртэй хүрэл толь зэргийг дагалдуулан хийжээ.
Хүний толгой талд бунхны хананы дагуу модон сав, улаан хүрэн өнгийн шавар ваар сав байрлуулсны зэрэгцээ эвэр аяга, дөрвөн хөлтэй модон тэвш, түүн дотор бог малын ууцыг төмөр хутганы хамт тавьжээ. Мөн бунхны шалыг хар өнгийн эсгий дэвсэж бүржээ. Уг оршуулгын дурсгалыг түрүү төмрийн үе буюу НТӨ VI-II зууны үед хамаарагдахыг эрдэмтэд тогтоогоод байна.

crustacean гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

дотор гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Аянга цахилгаантай хүчтэй аадар борооноос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хэдийгээр урьдчилан сэргийлэх мэдээ цацдаг ч гэлээ жил бүр аянга цахилгаанаас олон хүн амь насаа алддаг. Хохирогчдын зарим нь урьдчилан сэргийлэх мэдээг сонсоогүй байхад, зарим нь сонссон хэрнээ арга хэмжээ аваагүй байдаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүлээн авмагцаа, эсвэл тэнгэр муудах хандлагатай байгааг ажиглагмагцаа та аадар борооноос урьтаж нөмөр газарт нуугдах шийдвэр гаргах ёстой.

Авах арга хэмжээ:

  • Урьдчилан сэргийлэх мэдээг цаг тухайд нь хүлээж авсан байх.
  • Өгч буй мэдээг зөв ойлгосон байх.
  • Өгч буй мэдээлэлд итгэсэн, өөртөө тулгарч буй аюул заналыг ойлгосон байх.
  • Өөрийгөө хамгаалах зөв шийдвэр гаргах чадвартай, гарсан шийдвэрээ
  • хэрэгжүүлэх.
  • Аянга цахилгаантай аадар борооны аюулаас хамгаалах талаар гэр бүлийнхээ гишүүдтэй ярилц. Аянга бүхий аадар бороо болж хүчтэй салхи үүсч болзошгүйг мэдэж байх хэрэгтэй.Хүчтэй салхи нь аянга бүхий хүчтэй аадар борооны хүйтэн фронтын дагуу болон урд талд үүсдэг.
  • Оршин сууж буй нутгийнхаа цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог судлаарай. Танай гэрийн бүх гишүүд энэхүү тогтолцоог мэддэг байх ёстой. Гэртээ байх үедээ орон нутгийн радио, телевизээс сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээг авч байгаарай.
  • Газарт суугаад хөлийнхөө өлмий дээр цагариглан тонгойж сур. Гараа өвдгөн дээрээ тавиад, толгойгоо өвдөгнийхөө завасар оруул. Биеийнхээ гадаргууг аль болох бага болгож, биеийнхээ газартай нийлсэн хэсгийг мөн хамгийн бага байлга. Аянганы хүчдэл ихэвчлэн толгой дээрээс биш, газраар дамжин хүний биед ордог.
  • Аянга бүхий хүчтэй аадар бороо болсон тохиолдолд гэртээ авч орох зүйлсийн жагсаалтыг гарга. Жагсаалт гарсанаар салхинд эвдэрч, хийсч болзошгүй зүйлсээ санахад амар болно.
  • Мод, бутаа тогтмол засч хэлбэржүүлж бай. Хүчтэй салхинд үхширч, гэмтсэн мөчрүүд амархан хугарч, маш хурдтайгаар хийсгэдэг.
  • Гэрийнхээ гадна тал, хашаа саравч, амбаар сав, бэлчээрээ сул хог хаягдал, нуранги зүйлсийг зайлуул. Сул мөчир, түлээний мод нь хүчтэй салхинд таны гэр орныг сүйтгэх хэрэгсэл болж болзошгүй.
  • Мал амьтдаа хамгаал. Малын хашаа саравчаа хамгаалж бэхлэх. Хашаагаа барихдаа үер болсон үед мал өндөрлөг газарт гарч болохуйц байдлаар байрлуулаарай.
  • Цонхны гадуур хамгаалалтын халхавч хийх талаар бодож үзээрэй. Цонхны гадуур халхавч хийснээр цонхоо хамгаалах боломжтой.
  • Аянга буулгагчийг өөрийн гэр малын хороо хашаа бусад байгууламжуудын дээр босгоорой. Аянга буулгагч нь аянганы цахилгаан хүчдэлийг газарт аюулгүйгээр буулгадаг тул аянганаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг эрс бууруулдаг.
  • Хүнс хөдөө аж ахуйн яамаас тариа будааг аадар бороо мөндрөөс хамгаалах зорилгоор даатгалын компанид даатгуулах арга хэмжээг бодлогоор зохицуулах.
  • Аялал зугаалга болон хөдөө хээр удаан хугацаагаар байх ёстой арга хэмжээ төлөвлөж байгаа бол цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сайн судал. Цаг агаар ямархуу байхыг мэдэж байвал та шаардлага гарсан тохиолдолд тохиромжтой хариу арга хэмжээ авахад бэлэн байх болно. Борооны цув, шүхэр, гамшгийн үед хэрэглэх үүргэвч авч явбал цаг агаарын аюулт үзэгдлийг даван туулахад хялбар байх болно.
  • Аянга бүхий аадар бороо хэзээ хэзээгүй болох гэж байвал гадаа зохион байгуулах арга хэмжээнүүдээ хойшлуул. Цаг агаарын аюулт үзэгдэл нь тамирчид, ажилчид, үзэгчдэд хохирол учруулж болзошгүй. Гадаа болох арга хэмжээнүүдээ хойшлуулах нь аюултай байдалд орохоос зайлсхийх шилдэг арга юм.
  • Тэнгэрийн байдлыг ажигла. Аюулт үзэгдэл болох гэж байгааг илэрхийлдэг цаг агаарын шинж чанаруудыг анхааран ажиглаж бай. Тэнгэр харлах, цахилгаан цахих, салхи ширүүсэх зэрэг нь аянга бүхий аадар бороо ойртож байгааг илэрхийлж байж болзошгүй.
  • Ойр орчноо сайн мэдэж бай. Цаг агаарын аюулт үзэгдэл болвол хорогдох газраа урьдчилан тодорхойлсон бай.
  • Аянганы дууг сонс. Хэрэв та аянганы дууг сонсч байвал аадар бороо ойрхон байгаа бөгөөд та аянганд цохиулах магадлалтай гэсэн үг. Аюулгүй газарт бушуухан ор.
  • Аянга бүхий аадар бороо болох тухай албан ёсны анхааруулга аваагүй байсан ч гэсэн тэнгэрийн байдал эвгүйтвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.
Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Өнөөдөр нар буцах өдөр тохиож байна

Байгаль дэлхий, гариг эрхэс, он цаг тооллын бас нэгэн солбицлыг хүн төрөлхтөнд харуулдаг дэлхийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна.

Шинжлэх ухааны ойлголтоор бол зургадугаар сарын 22 буюу энэ өдөр дэлхий нарнаас хамгийн хол, 152 сая км зайд хүрдэг бөгөөд дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар руу хазайж, үд дундын нар Мэлхийн зам дээр эгц тусдаг байна.

Тиймээс дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог. Энэ өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид мандана. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг аж. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ.

Тэгвэл энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст эсрэгээр нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна.