Морин хуурын чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяатай ярилцлаа. Тэрбээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ууган охин билээ. Аавынхаа заасан замаар явж байгаа тэрбээр “Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид орох уу” гэсэн аавынхаа үгийг дагаж, анхны эмэгтэй мэргэжлийн морин хуурч болсон юм. Ж.Уугантуяа бас алдарт эх. Тэрбээр “Ажлаа ч алдахгүй, амьдралаа ч алдахгүй” гэхийг бодоход ажил, амьдрал аль алийг нь зохицуулж сурсан бололтой. Эхлээд түүнээс морин хуурын тухай сонирхлоо.
-Н.Жанцанноров гуай “Хялгасыг хялгасаар хөрөөддөг болохоор амьд сүнстэй эгшиг байгаа юм” гэж хэлж байсан. Морин хуурын аялгуу цаанаа л дулаахан сонсогдоод байдаг нь учиртай байх?
-Хийл төмөр утастай байдаг. Нумыг нь хялгасаар хийдэг ч төмрийг хөрөөдөж тоглодог шүү дээ. Адууны сүүл, модноос гарч байгаа эгшиг байгалийн унаган цаад мөн чанарыг илүүтэй мэдрүүлдэг юм болов уу. Сэтгэлийг хөгөлж хөдөлгөдөг. Манай ангийн хүүхэд, СУИС-ийн морин хуурын багш, доктор Б.Баттөгс “Морин хуур зэмсгийн дуулдахуй болон цахилгаан дохионы үзүүлэлтийн судалгаа” хийсэн. Морин хуурын дууны хэлбэлзлийг шинжлэх ухааны аппарат техник дээр судлаад, тогтоосон байдаг. Тэр энэ талаар маш сонин юм ярих байх.
-Хотод орон сууцанд өссөн хүүхэд яаж уртын дуу дуулах вэ гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Та хотын хүүхэд мөртлөө морин хуур тоглоод байна. Монгол ахуйг, морины явдлыг мэдрэх шаардлага тулгарч байсан уу?
-Би ч хотын хүүхэд л дээ. Багадаа зуны дэлгэр сайхан цагийг аавынхаа нутагт эмээтэйгээ өнгөрүүлдэг байсан. Монгол ахуйдаа ойр өссөндөө баяртай байдаг. Эмээ маань ажилсаг, нийтэч эмэгтэй байлаа. Эмээгээсээ үлгэр авсан. Намайг эмээтэйгээ адилхан гэдэг байв. Би их азтай Архангайн бэр болсон. Хүүхдүүд маань аавынхаа нутагт зун очдог. Нөхөр маань архитектор мэргэжилтэй. Том хүү бас архитектор мэргэжлээр суралцаж ажиллаж эхэлсэн. Адилхан урлагийн хүн л гэж боддог шүү дээ.
-Өөрийг чинь анхны мэргэжлийн морин хуурч эмэгтэй гэдэг. Яагаад төдийгөөс өдий хүртэл энэ хөгжмийг эрчүүд голлон тоглодог байсан юм бол. Магадгүй их хүч, эрчим шаарддаг юм болов уу?
-Эмэгтэй хүн морин хуур тоглодог байсан. Одоо ч Увс, Ховдод биелгээ хийгээд, хуураа татаад сууж байгаа эмээ нар бий. Ардын язгуур урлагийн наадамд эрэгтэй, эмэгтэй морин хуурчид ирдэг байсан. Номыг нь үзэж, нотыг нь заалган, мэргэжлийн сургуулийг төгссөн гэдгээрээ л анхдагч гэж явдаг болохоос биш Монголд эмэгтэй морин хуурч үеийн үед байсан. Ерөнхийдөө морин хуур гэдэг зэмсгийн онцлогоос хамаараад, ихэвчлэн эрэгтэй морин хуурч байдаг л даа. Хөгжмийн онцлог нь ятга, хуучир, шанз гэх мэт нумт хөгжмүүдийг бодвол маш их хүч шаарддаг. Хуурын чавхдас нь модноосоо хөндий байдаг учраас хөндий дээр дарж байгаа даралт, нумны даралт хоёрын тэнцвэрийг олж байж, өнгө дуугаргадаг. Хөгжим маш их цаг хугацаа шаарддаг. Зургадугаар ангид байхаасаа морин хуур тоглож сурсан. Анх морин хуурыг дуугаргаж сурахын тулд сар хөрөөдсөн. Хоёроос зургаан цагийн турш хөрөөдөж суудаг байлаа. Мундаг эрэгтэй хуурчид амьдралынхаа ихэнх цагийг хууртаа зориулдаг. Ер нь хөгжимчин хүн тийм л байдаг. Хөгжим бүжигт сурч байхад “Өдөр алгасахгүй хөгжмөө давтахгүй бол хөгжим чинь чамайг танихаа байчихна шүү” гэж багш маань хэлдэг байсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ, амьдралын шаардлагаар хөгжмөөсөө хөндийрнө. Дараа нь эргээд хөгжмөө барихад маш их хөндийрсөн, хоёр биенээ танихаа больчихдог. Эргээд л танилцана.
-Аавынхаа зохиолыг тоглож байхдаа тайзан дээр уйлсан гэж ярьсан байсан. Тэр нь ямар бүтээл вэ?
-”Цагаан суварга” байсан. Арван жилийн ойн концертын үеэр билүү дээ цуврал таван тоглолт хийсэн юм. Аавын бүтээл Морин хуурын чуулгын урын санд их хувь эзэлдэг учраас зөвхөн аавын бүтээлээр нэг тоглолт хийсэн. “Цагаан суварга” дээр аав ирж, өөрөө төгөлдөр хуур тоглосон юм. Аавтайгаа нэг тайзан дээр тоглох ховор завшаан. Ийм сайхан мөч олон тохиогоосой гэж бодсон юм байлгүй дээ, тэгэхэд яагаад ч юм нулимс дуслаад байсан. Зохиол нь сайхан, байнга тоглодог болохоор гарт орсон байдаг. Гэсэн ч тэр мөчид ийм мэдрэмж төрсөн.
“Цагаан суварга”-тай холбоотой бас нэг мэдрэмж төрж байсан. Франц руу хөгжмийн наадамд явсан юм. Европын фестивалиуд гадаа тоглогддог. Том тайзан дээр тоглосон. Тэр үед 50 жил тохиогүй халуун өдрүүд байсан гэж ярьдаг. Халуун, бүгчим орой “Цагаан суварга” тоглох үед сэвэлзсэн салхи хөдөлсөн. Нутгийн салхи үлээх шиг санагдаж билээ.
-Наймдугаар ангидаа Морин хуурын чуулгад орсон гэсэн. Ерээд оны эхэн үед анхны цалингаа авсан байх нь. Анхны цалингаараа юу авч байв?
-Наймдугаар ангид байхад маань Морин хуурын чуулга байгуулагдаж, нээлтийн тоглолт хийсэн юм. Манай чуулга эхэндээ Хөгжим бүжгийн дотуур байранд байрладаг байлаа. Тэнд бэлтгэл хийдэг жижиг өрөөтэй. Цөөн хүнтэй, бусад нь дандаа оюутнууд, Хөгжим бүжгийн багш нар байсан. Дөнгөж байгуулагдсан болохоор танигдаагүй. 1992 онд байгуулагдаад, 1993 онд нээлтээ хийгээд, дотуур байрандаа хааяа цуглаж бэлтгэл хийдэг. Ц.Батчулуун багшийг дэмжих зорилгоор найз нөхөд нь, уран бүтээлчид манай Морин хуурын чуулгыг тоглолтдоо оруулдаг байв. А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ, Г.Эрдэнэбат нарын алдартай сайхан дуучид маань өөрсдийн тоглолтдоо Морин хуурын чуулгыг тоглуулдаг. 1994 онд Улсын Филармонийн бүрэлдэхүүнд орж, албан ёсны бүтэцтэй, өөрийн тайзтай болж, цалин авч эхэлсэн. Анхны цалингаараа дүү нартаа амттан авч өгсөн. Тэр үед өнгөт плакат ховор байлаа. Нэг их гоё балетын бүжигчний зурагтай плакат авч, ханандаа нааж байсан санагдана. Тухайн үеийн гэр бүлийн зургуудад тэр плакат үлдсэн байдаг. Цалинтай оюутан болохоор өөрийгөө их л том болсон гэж боддог юм билээ. Тиймдээ ч амьдралыг эрт эхэлсэн шиг байгаа юм (инээв).
-Н.Жанцанноров гуайг хүмүүс мэддэг болохоор хэр аав бэ, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлсэн бол, уурлахдаа ямар үг хэлдэг бол гээд сонирхох байх л даа?
-Би алганы амт үзэж байгаагүй. Загнахдаа бол “Би ер нь та нарыг хүмүүжүүлж чадаагүй юм байна” л гэдэг. Өөртөө буруу өгч, тэрүүгээрээ биднийг айлгадаг. Нэг их үглэж дуулаад байдаггүй. Анх хөгжим сурч эхлэхдээ аавынхаа хажууд давтахаас эмээдэг байсан. Аав сонсоод “Ямар аймаар юм дуугаргаад байна аа” гээд ороод ирэх вий гэж боддог. Ерөөсөө тэгж байгаагүй. Ааваасаа айж эмээнэ гэхээсээ хүндэлж хайрлаж өссөн. Одоо ч итгэлийг нь алдахгүй, сэтгэлийг нь хөргөхгүй, гомдоочихгүй байх сан гэж хичээж явдаг. Морин хуур тоглож эхэлж байхад “За миний хүү дөч хүрчихээд хуураа тоглоод сууж байна ч гэж байхгүй дээ” гэдэг байсан. Одоо хэдийнэ дөчин нас өнгөрсөн байна. Урлаг залуу насны ажил гэж ярьдаг л даа. Яагаа ч үгүй залуудаа хийх ажилгүй болчих вий гэж санаа зовсон шиг байгаа юм. Тэгээд би хоёр дахь мэргэжлээ сонгохдоо Морин хуурын чуулгадаа хэрэгтэй байх юм сан гэж бодоод СУИС-ийн Урлагийн менежмэнтийн ангийг дүүргэсэн. Энэ мэргэжлээрээ давхар ажиллаж ирлээ. Ц.Батчулуун багш маань “Миний хүү морин хуураа л битгий орхиорой” гэж захисан юм. Аав, багш хоёрынхоо үгийг бодож, хоёр дахь мэргэжлээ сонгосон юм.
-Ээжийнхээ тухай яриач. Аавын чинь шүтэн бишрэгч үү?
-Ээж бас урлагийн гэр бүлээс төрсөн гэж болно. Эмээ маань Налайхын Соёлын ордонд дуулж хөгжимдөж бүжиглэдэг хүн байсан.Соёлын ордондоо “Учиртай гурав”-ын Нансалмаад дуулж байсан гэдэг. Ээж маань бас гоё бүжиглэдэг, хөгжим тоглодог байсан. Г.Нямаа гэж эмэгтэй бий. Аав, ээж хоёр оюутан байхдаа Орост танилцсан гэдэг. Хэн хэн нь залуухан байсан болохоор хэн нь хэнийгээ шүтэх вэ дээ.
-Гадаадын хүмүүс морин хуур тоглохыг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?
-2008 онд анх Олон улсын морин хуурын наадам зохион байгуулахад дөрвөн улсаас хуурчид ирж оролцож байсан. ОХУ, БНХАУ-аас манай Өмнөд Монголын морин хуурчид, мөн Японоос ирж оролцсон юм. Арван жилийн хугацаанд найман улс болтлоо өргөжсөн. Хамгийн сүүлд 2018 онд болсон Морин хуур сонирхогчдын уралдаанд япон хүн түрүүлсэн. Уртын дууны урын сан тавьчихаад байхад япон хүн түрүүлж байна. Сонирхогчид гэдэг хуурыг чөлөөт цагаараа сурсан хүмүүс шүү дээ. Тэгэхэд уртын дууны татлагаар монгол хүнийг хүртэл давчихжээ. Ямар нэг ажлыг төгс хийдэг япон хүний онцлог байна. Бид загвар бичлэг өгдөг. Энэ хүний арга барилаар тоглоно шүү гээд бичлэг, ноттой нь илгээдэг. Тэгэхэд ямар ч алдаа, хий гаргалгүй тоглож байгаа юм. Гэтэл монголчууд санаа амар хүмүүс. Нэг тоглохоороо нэг янз, дахиад тоглохоороо өөр тоглоно. Тэр нь бас онцлог л доо. Тэгэхэд нөгөө япон яс хуулбарладаг. Хуулбарлаад модон тоглох нэг хэрэг. Гэтэл яг л тоглож байгаа юм. Шүүгчид мэргэжлийн хүмүүс. “Үнэхээр шударгаар шүүвэл энэ хүн түрүүлэхээс өөр арга алга” гэсэн юм.
-Ковидын үед морин хуурчид гэрээсээ тоглож, хүмүүсийг баясгаж байх шиг байсан. Та тэр давлагаанд нэгдсэн үү?
-Улсын Филармониос нэгдсэн журмаар хүмүүсийн сэтгэл санааг өргөх зорилгоор аян явсан. Хувь уран бүтээлчид өөрийн гэсэн онцлог уран бүтээлээ гэрээсээ тоглосон. Морин хуурын чуулга бүтэн бүрэлдэхүүнээрээ бас бүтээлүүдээ гэр гэрээсээ хийсэн. Мэдээж тэнд оролцож, зохион байгуулах ажил хийсэн. Ноднин нөхцөл байдал арай гайгүй байхад бидэнд зундаа хоёр сар ажиллах боломж олдсон л доо. Чуулга нэгдэж чуулж байж зохист аялгууг туурвиж, уран бүтээлээ гаргадаг учраас амаргүй байгаа. Гэхдээ эмч нар, онцгойнхон бусад албан хаагчдын ачааллын дэргэд хэцүү байна гэж хэлэхгүй. Тэдэндээ баярлаж бахархаад сууж байгаа. Тайван цаг ирэхээр ингэж цаг наргүй ажилласан хүмүүсээ баярлуулах боломж гарна гэж найдаж байна.
-Морин хуурын олон улсын наадмыг зохион байгуулахад та оролцдог юм билээ. Үндэсний өв, соёлыг тээсэн морин хуур маань улам бүр түгэн дэлгэрч байгаа гэж дүгнэж болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Морин хуурын олон улсын наадмыг зөвхөн Монголд хийгээд зогсохгүй 2019 онд Америкт хийсэн. 2021 онд бас дахиад хоёр дахь удаагаа хийх гэж байна. 2022 онд бүр Европ тивийн морин хуурын наадам хийхээр бэлтгэж байна. Морин хуур ингэж түгж дэлгэрч байна. Америкт 2019 онд урилгаар очиж илтгэл тавьсан юм. Монгол морин хуурчид маань дэлхийн олон оронд тархан суурьшаад, морин хуураа зааж, олон шавьтай болж байна. Тийшээ хуур хөгжмүүдийг аваачиж байна. Яваандаа тэнд хуур урлал хөгжиж магадгүй. Тэнд бид морин хуур сонирхогчдын уралдаан зарлаж, илтгэл хэлэлцүүлж, концерт тоглосон, морин хуур урлалын үзэсгэлэн гаргасан. Амеркийн дөрөв, таван хотоос морин хуурын багш нар шавь нартайгаа ирж оролцлоо. Дэлхийд тархан суурьшсан монголчууд хүүхдүүд нь монголоор ярьдаггүй, ёс заншлаа мэдэхгүй монголоо алдахад хүрэх вий гэж санаа зовдог юм байна. Америкт дандаа монгол хүүхдүүд хуур сурч байсан. Морин хуурын чуулгад ажиллаж байсан хоёр хос байдаг. Тэд хүүхдүүдтэй зориуд монголоор ярьдаг гэж байгаа юм. Хуур сурахын зэрэгцээ уламжлал ёс заншлаа морин хуураар дамжуулж сурч байна. Тэд уралдаанд монгол дээлтэй оролцдог. Хуураа эгшиглүүлээд, монгол хүн гэдгээ мэдэрч байна. Америкт болсон сонирхогчдын уралдаанд зургаан настай хүү түрүүлсэн.
-Гадаадад болж байгаа морин хуурын наадмыг хэн санхүүжүүлдэг вэ?
-Дандаа өөрсдөө санхүүжүүлдэг. Америкт болж байгаа уралдааныг жишээлбэл Морин хуурын чуулгад байсан, одоо Америкт ажиллаж амьдарч байгаа Г.Уртнасан төрийн бус байгууллага байгуулж, тэнд байгаа морин хуурын багш нараа нэгтгээд, морин хуурын соёлыг түгээе гэсэн монголчууд дэмжиж, дээр нь гадаадын монгол судлаач нартай холбогдож, маш олон жилийн хүч хөдөлмөрийн үндсэн дээр 2019 онд энэ наадам биеллээ олж байгаа юм. Хандиваар зохион байгуулж байна. Европт Морин хуурын наадам 2022 оны дөрөвдүгээр сард болох юм. Морин хуурын чуулгад байсан морин хуурч залуу Б.Золзаяа Германд олон жил өөрийн хамтлагтай уран бүтээл туурвиж, дээр нь хуур заадаг. Тэр санаачлаад энэ наадмыг хийх гэж байна. Зөвхөн хуур тоглодог хүмүүс бус хуур сонирхдог, сонсох дуртай хүмүүс цугладаг наадам байдаг. Морин хуурын чуулга дэргэдээ “Хуурчийнхан” гээд сургалтын төвтэй. Түүний салбар төв Америк, Европт байгуулагдсан. Ц.Батчулуун багштай эн зэрэгцээд явж байсан М.Баасанхүү багш 1996 онд Улаан-Үдэд морин хуур зааж эхэлсэн. Тэндэхийн хөгжмийн сургуульд морин хуурын анги нээсэн. Төгсөгчид нь “Байкал” чуулгад өөрийн байр суурьтай яваа. Жижиг чуулгатай. Буриад хөөрхөн хуурчид олон төрсөн. Японд Олон улсын морин хуурын наадмыг санаачилсан А.Бат-Эрдэнэ морин хуурч морин хуурыг түгээн дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэнд 400-500 япон хүн сурдаг. Морин хуурыг огт Монголд ирж байгаагүй хүмүүс ч сонирхоно. Монголд ирж морин хуур үзсэн хүмүүс ч сонирхоно.
Хийдгээ хийсэн, гэртээ сууж байгаа хүмүүс их сонирхож байна. Яагаад гэхээр зөнөх өвчин Японд их. Баруун, зүүн тархийг тэгш хөгжүүлбэл зөнөх өвчин тусдаггүй. Хөгжим зүүн тархийг сайн хөгжүүлдэг. Монголд ирсэн хүмүүс морин хуур сурахыг хүсдэг, дээр нь урт удаан насалж, эрүүл саруул байх гэж сурч байна. Дал гарсан хүн ч сурч байна, өсвөр насныхан, өөр мэргэжлийн хүмүүс ч сурч байна. Хийл тоглодог мөртлөө морин хуурч сурч байгаа хүн ч бий.
Монгол морин хуурын эх орон учраас морин хуураа хөгжүүлдэг, морин хуурын бодлогоо маш сайн явуулдаг, судалгаа шинжилгээ хийдэг байх ёстой. Морин хуурын олон улсын наадам энэ бүхнийг нэгтгэж, эрдэм шинжилгээний хурал, тоглолт, сургалт, үзэсгэлэн, уралдаан болдог юм. Улам бүр өргөжиж байгаа энэ наадамд Монгол Улс маань ач холбогдол өгөх учиртай гэж хэлье.