Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Умард Солонгос алсын тусгалтай далавчит пуужин туршлаа

БНАСАУ алсын тусгалтай далавчит пуужин туршсан талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа.

Бямба, ням гаригт болсон пуужингийн туршилтад тус улсын өндөр албан тушаалтнууд оролцож, 1500 км зайг туулсан пуужин байгаа амжилттай устган, Умард Солонгосын усан хилийн дотор унасан гэж төрийн мэдээлэлд дурджээ.

АНУ-д төвтэй Карнеги сангийн ахлах судлаач Анкит Панда “Энэ туршилт Умард Солонгос стратегийн далавчит пуужинтай болсныг гэрчилж байна” хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

БНАСАУ далавчит пуужингаар тээвэрлэх бага оврын цэнэгт хошуу бүтээхэд шаардлагатай технологийг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ оны эхээр удирдагч Ким Жон Ун жижиг бөмбөг бүтээх нь дээд зорилт хэмээн мэдэгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын зүгээс пуужингийн туршилтын талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ч даваа гарагт АНУ -тай хамтран нарийвчилсан дүн шинжилгээ хийж байгаа гэж мэдэгджээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бөх мөрөнгийн хүн чулуу

Уйгарын үед холбогдох хүн чулуун хөшөө.
Увс аймгийн Бөхмөрөн сумын төвийн сургуулийн хашаанд хоёр ширхэг хүн чулуун хөшөө байдаг бөгөөд Байшинтын 1, 2-р хүн чулуу хэмээх нэрээр эрдэм шинжилгээний судалгаанд оржээ.
Байшинтын 1-р хүн чулуу хэмээх том хэмжээтэй хүн чулууг хүрэн шаргал боржин чулуугаар урлан бүтээжээ. Нүдний аньсагыг гарган түүнийг тойруулан 2 см өргөн хонхойлгон үйлджээ. Хамрын хянгыг хоёр нүдний дундуур сахал хүртэл доош аажмаар өргөссөн зураасаар дүрсэлсэн. Энэхүү сийлмэл зураас нь хоёр нүдний дээд талаар хоёр тийш үргэлжлэн хөмсөгт хүрнэ. Түүний дээд талаар дан зураасаар нүүр болон үсний заагийг нилээд бодитой дүрсэлсэн бөгөөд мөн үсний самналт болон хагалалтыг зураасаар гаргажээ. Сахлыг нилээд бодитойгоор том жирвэгэр дүрслэн, түүний доор амыг нэг зураасаар харуулжээ. Уг хүн чулууны чихийг цагариган ээмэгтэй дүрсэлжээ. Чихний дээд талаар үсний хойш үргэлжилсэн хэсгийг зураасаар үргэлжлүүлж толгойн ар талд нэгтгэн боосноор дүрсэлсэн байна.

No description available.

Цээжний өмнө хоёр гараар бутан сав барьсан ба түүний доод талаар 4 унжлагатай бүстэй. Зүүн ташаанд 3 хос, баруун ташаанд нэг, түүний хажууд 3 талт цэцэг маягтай унжлага нэг, баруун хажууд нь нэг дөрвөлжин хэлбэрийн унжлагатай. Хүн чулууны баруун доод талд 25 см өндөр, 30 см өргөн эмтэрчээ. Мөн олон жилийн хур бороо, цасны нөлөөгөөр дээд хэсгээсээ бутарсан байна. Хүн чулууны хөмсөгнөөс дээшхи хэсгийн үсийг бодитой, зураасаар толгойн орой дээрх хэсгийг дүрслээд ар талыг дутуу орхисон. Үсний дээд талд магнайн голоос хоёр тийш дан зураас татан толгой дээрх малгай (алчуур)-ыг дүрсэлсэн бололтой.
Ийм хийцтэй хүн чулууд Тувагийн Уюк-Аржан, Хэмцэг, Шагонар голын зүүн биеэс олдсон байдаг. Хамрах он цагийн хувьд VIII-IX зууны үед Монгол улсын Орхон голын хөндийгөөр төвлөрч төр улсаа байгуулж байсан эртний Уйгур улсын үед хамрах бөгөөд тэдний дунд чулуун урлал эрчимтэй хөгжиж байсныг нотлох баримтууд одоо Монгол улсын эртний нийслэл хот болох Хархориноос хойш байрлах Уйгурын нийслэл байсан Хар балгасын түрэг, согд, нангиад бичээст хөшөөнөөс тодорхой ажиглагдана.

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Таван толгойн хүн чулуу

Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш 30 км зайтай Таван толгой хэмээх намхавтар ухаа толгодын дунд хоёр хөрөг хүн чулуу бий.

Эл хоёр хөрөг нь хийц, дүрслэл, бүтээсэн ур чадварын хувьд нийт монгол нутагт буй хүн чулуунуудын дотор нэн онцгой бөгөөд ерөөс Төв Азийн хүн чулуу бүтээх урлагийн оргил нь гэж үзэж болох билээ.
Эдгээр хөргүүдийг цагаан болон хөх өнгийн гантиг чулуугаар түшлэгтэй, зөрүүлсэн хөлтэй исэр сандалд залран сууж буй байдлаар урлажээ.
Энэ хоёрын хоёулангийн толгой хагарсан, нэгийнх нь толгойн хэмхэрхий хэсгүүд хажууд нь бий. Үүнийг ажиглахад бөмбөгөр оройтой, жинс, залаатай, зузаан хүрээтэй монгол маягийн малгайтай, чихний араар багцлан боож унжуулсан шибилгэр гэзэгтэй байжээ. Аль аль нь баруун гартаа ямар нэгэн сав барьж, зүүн гараа сандлын түшлэг дээр тавин суусан байдалтай. Зөв энгэртэй, өргөн эмжээр бүхий ташуу захтай урт дээл өмсөж цэцгэн гархитай, тал саран товруутай бүс бүсэлжээ. Дээлийн энгэр, ар далан дээгүүр үүлэн дунд нисч яваа луугийн дүрсийг маш уран чадварлаг сийлэн дүрсэлжээ. Хормой дээгүүр өвдөг хавьцаа дундуураа хээтэй өргөн зурвас хээ гаргажээ. Хоёул зүүн гартаа арав гаруй үрэл бүхий эрхи барьсан. Бүснийх нь цаагуур зэрэгцээ олон шулуун зураас бүхий өргөн зурвас хийсэн нь дээлэн дээгүүрээ давхар бүсэлсэн өргөн даавуун бүсийг дүрсэлсэн бололтой. Хормойн дороос мухар хоншоортой, уллагаа бүхий гутлын хамар цухуйх ба хөлөөр сандлын дорхи тавцанг гишгэжээ. Гар тавих түшлэгийн үзүүрийг цагариглан эргэсэн байдлаар дүрсэлсэн ба эдгээр хөргийн хамгийн сонирхолтой нь сандлын арын түшлэг дээгүүр барын арьс нөмөргөснийг уран чадварлаг сийлж нэг хөргийнх нь барын толгой хойш унжиж, нөгөөгийнх нь сүүл, хойд хөл нь хойш унжиж, толгой нь уг хүний хөлийн дор гишгэгдсэн байдалтай урлажээ.
Эдгээр хөргүүдийн төрх намба, хувцас өмсгөл, гэзэг үсээ засаж янзалсан байдал тэргүүтэн нь XIII-XIV зууны монгол хаад язгууртны дүр төрхийг илтгэнэ. Эдгээрийн нэн онцлог нэгэн шинж нь, залран суусан исэр сандлын түшлэгийг барын арьсаар бүрхэж, тэр тусмаа нэг нь барын толгой дээр гишгэсэн дүрслэлтэй байгаа нь ертөнц дахиныг донсолгосон алтан ургийн их хаадын хэн нэгэн нэр бүхий төлөөлөгчийг дүрсэлсэн болохыг илтгэнэ гэж ШУА-ын Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.

уран баримал болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болноуран баримал, гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эрдэмтэд булчингийн ширхэгт эсийг хиймэл аргаар бүтээлээ

Сүүн тэжээлтнүүдийн булчин махбодийн чухал хүчин зүйл болох ширхэгт эсийг хиймлээр бүтээх боломжтой боллоо.

Тодруулбал, АНУ-ын Сент-Луис дэх Вашингтоны их сургуулийн мэргэжилтнүүд тусгай нян бүтээж булчин мах бодийн титин гэх уургийг тэтгэх арга боловсруулжээ.

Эдгээр нянгууд нь уургийн бага сегментыг хоёр мегадальтон буюу хэт өндөр молекулын хэмжээний полимер болгон холбож байна. Полимер гэдэг нь олон гэсэн утгатай грек үг юм. Тэр нь ердийн дундаж хэмжээнээс 50 дахин их гэсэн үг. Үүний дараа уураг нь ойролцоогоор 10 микроны ширхэгийг үүсгэдэг. Энэ хэмжээ нь хүний үсний ширхгийн бүдүүний аравны нэг юм. Судалгааны дүнг Nature Communications сэтгүүлд нийтлүүлжээ.

Эрдэмтэдийн санал болгож байгаа энэ санаа нь махбодийн ширхэгт эсийг бөөнөөр, хямдаар үйлдвэрлэх боломжийг олгоно.

Хиймэл ширхэгт эсийн материалыг робот техник эсвэл хувцас буюу хуягт хантааз бүтээхэд хэрэглэж болох юм.
Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

​Монголоо “бараадсан” монгол хадран загас


Монгол гэдэг нэрээр овоглодог цөөн амьтдын нэг болох монгол хадран загасны үржил болон нүүдэлд нь эрсдэл үүсч болзошгүй байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр усан цахилгаан станц барихаар төлөвлөөд буй юм. Тус газарт монгол хадран загас хавар түрсээ шахдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид сэтгэл зовнин анхааруулж байна. Албаны хүмүүс “Усан цахилгаан станц барихаар сонгосон газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа учир ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж, түрсээ шахчихаад буцдаг гэсэн таамаглал байсан билээ.

Тэгвэл хадран загас үржлийнхээ үед Ховд голоор дамжин, Баян-Өлгий аймгийн нутагт очдог нь батлагджээ. Тодруулбал, Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж, шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судлах явцдаа сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Ховд гол, Хар нуурын сав газарт анх удаа хийсэн тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлыг өгсөн үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг болох нь батлагдсан аж. 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж, уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ.

Энэ судалгааны үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаас дээш, тодруулбал усан цахилгаан станц барихаар сонгосон газрыг дамжин өнгөрдөг магадлал байгаа тул тэнд загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа монгол хадран загасны үржлийн үеийн нүүдлийг хэрхэн таслахгүй байх вэ гэдгийг одооноос бодох, шийдлийг хайх шаардлага тулгарч буй юм. Учир нь, өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин шиг хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс ямар ч загас дамжин гарч чадаагүй юм. Харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран устах эрсдэл байна.

Ер нь яагаад хадран загас гэлтгүй зэрлэг амьтдыг хамгаалах ёстой юм вэ гэж хүмүүс асуудаг. Тэгвэл үүнд хариулт бий. Ямар ч улс оронд бахархах зүйл гэж байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн, гайхамшигтай байгаль, бас зэрлэг амьтад. Тэрбүгдийгээ хэр тордож, хэр хамгаалж, хэр сурталчилж байгаагаас тухайн орны нэр хүнд гардаг. Жишээ нь, хятадууд Цагаан хэрмээ нэрийн хуудас болгодог. Амьтдаас панда буюу хулсны баавгайгаа туг болгож авч явдаг. Энэ амьтнаа их хайрлаж хамгаална. Амьдардаг газар нь тусгай хамгаалалттай. Эргэн тойронд нь хүн амьдардаггүй. Амьтны жинхэнэ диваажин. Ховор амьтан гэхээр дэлхий даяар пандагаар төлөөлүүлж ойлгодог. Одоо өсч үржээд бараг 2000 гаруй пандатай болчихож. Гэсэн ч нэн ховор, чухал амьтан гэж бүгд ярьсаар байгаа. Яагаад гэвэл, энэ амьтнаа хятадууд жинхэнэ утгаар нь хамгаалж чадаж байна. Иргэд нь ч пандатайгазар нутаг булаацалддаггүй. Хамгийн гол нь, ховор амьтдаа чин сэтгэлээсээ хамгаалдаг гэсэн ойлголт дэлхийд түгэж Хятад улсын нэр хүнд өссөөр.

Тэгвэл бид зэрлэг амьтдаа хамгаалж, бахархаж чадаж байна уу. Харамсалтай нь үгүй. Бид зэрлэг амьтдадаа харь нутгийн амьтан шиг л ханддаг. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа шоргоолж, гүрвэл, баавгай, чоно, бөхөн, янгир, хадран загас бүгд бидний л өмч, бид эзэд нь, бас хамгаалах үүрэгтэй. Ийм л энгийн ойлголт шүү дээ.

Г.Батбаяр

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Талын хөшөөний тахилын онгон

Уг дурсгал нь Улаанбаатар хотоос зүүн урагш 310 гаруй км, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс зүүн тийш 10 км Талын Хөшөө нэрт газар буй. Талын Хөшөөний дурсгал нь Эртний Түрэгийн язгууртны тахилын онгон юм.

Энэхүү Хүн хөшөөний тамгануудын байрлал, хэмжээ зэргийг тухайн үеийн Түрэг улсын улс төрийн нөхцөл байдал, түүхэн газарзүйн баримттай харгуулсны үндсэн дээр Талын Хөшөөний дурсгалыг Эртний Түрэгийн хожуу улсын үеийн сүүлээр буюу 735-741 оны орчим бүтээсэн байж болно хэмээн үзэж байна.
Талын Хөшөөний онгоны хүн чулуу нь Монгол улсын нутгаас илэрсэн, түрэг бичээс, тамгатай хоёр дахь хүн чулуу бөгөөд хэмжээгээрээ тус улсын нутаг дахь хамгийн том хүн чулуу болж байна. Хүн чулууных нь дүрслэл уг онгоны эзэн нь тудунаас бага цол бүхий язгууртан байсныг илтгэж байна.
Талын Хөшөөний онгоны орших байрлал, бүтэц, хөшөөн дээрх тамгын онцлог зэргээр нь түүнийг Эртний Түрэгийн хожуу улсын Арван Хоёр Түрэг аймгийн нэг болох Хөлү аймгийн язгууртанд зориулан байгуулсан гэж үзэж байна.
Талын Хөшөөний онгон нь бүрэлдэхүүндээ бичээс, тамга бүхий асар том хүн чулуу агуулж буйгаараа түүхэн үнэ цэн бүхий хосгүй дурсгалын тоонд зүй ёсоор орох юм.
Уг тахилын онгон нь Эртний Түрэгийн хожуу улсын үеийн аймгуудын байршил, язгууртнуудын мэдлийн газар, аймгуудын нүүдэл, зам харилцаа, төрийн удирдлагын тогтолцоо, аймаг хоорондын харилцаа, угсаа залгамжлах болон ураг төрөл бололцох ёсон, нүүдэлчдийн улс төрд газар нутгийн байршлын гүйцэтгэсэн үүрэг зэрэг олон асуудлыг тодруулах чухал баримт болж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Живхээстэйн хүн чулуу

Эртний Түрэгийн үед холбогдох дөрвөн хүн чулуун хөшөө.

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс 8 км зайд байх Живхээстэйн амны эхэнд хоёр хиргисүүр, эртний Түрэгийн тахилгын онгон бүхий тус дурсгалт газар бий. Энд урдаас хойш чигтэй 6 ширхэг эртний Түрэгийн үеийн тахилгын онгон байх бөгөөд эдгээрийн тав нь зүүн талдаа, зүүн тийш харуулан зоосон хөшөө чулуутайгийн дөрөв нь хүн чулуун хөшөө юм.
Хүн чулуудыг бараан өнгийн хүрмэн чулуугаар зөвхөн хүний нүүрийн дүрс сийлж хийсэн бөгөөд болхи хийцтэй, ямарваа эд хэрэглэл, хувцас өмсгөл байхгүй учир он цагийг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй. Гагцхүү эдгээрийн хамт байгаа чулуун хавтант хашлага, зүүн талдаа хүн чулуу байрласан зэргээс үндэслэн тухайн дурсгалыг Түрэгийн үед холбогдуулж, энэ нь Монгол улсын нутагт буй Түрэгийн дурсгалын хамгийн зүүн хойд хязгаар гэж үзсэн зүйл бий. Эдгээр тахилгын хашлага болон хүн чулуудыг урдаас хойш дугаарлав.

цэцэг, байгаль, зүлэг болон мод гэх мэтийн зураг байж болно

№1. Хүн чулуу: 41×37×19 см. Хашлага: баруунаас зүүн тийш 246 см, урдаас хойш 269 см. 1-р хүн чулуу 2-р хүн чулууны хооронд 224 см зайтай.
№2. Хүн чулуу: 43×32×20 см. Хашлага: баруунаас зүүн тийш 308 см, урдаас хойш 213 см. 2-р хүн чулуунаас 3-р хүн чулууны хооронд 168 см зайтай юм.
№3. Хүн чулуу: 30×20×18 см. Хашлага: баруунаас зүүн тийш 190 см, урдаас хойш 185 см.
№4. Хүн чулуу: 30×20×16 см. Хашлага: баруунаас зүүн тийш 180 см, урдаас хойш 160 см.
№5. Хөшөө чулуу: 44×34×18 см. Хашлага: баруунаас зүүн тийш 222 см, урдаас хойш 178 см.
№6. Хашлагын хэмжээ: баруунаас зүүн тийш 185 см, урдаас хойш 155 см.
Эртний Түрэгийн буюу НТ-ын VI-VIII зууны үед хамарна

байгаль болон зүлэг гэх мэтийн зураг байж болно

байгаль гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ё.Отгонбаярт ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгов

Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярт ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ё.Отгонбаяр нь Монгол улсын гадаад харилцаа, дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, хууль тогтоох салбарын бодлого тодорхойлох, зохион байгуулах түвшинд 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд Кембрижийн олон улсын стандартыг нэвтрүүлэн лаборатори сургуулиудыг байгуулсан нь дэлхийн стандартад ойртох эхлэл болсон.

Мөн дээд боловсрол, соёл, инновац, шинжлэх ухааны эрх зүйн орчинг боловсронгуй болгоход УИХ-ын ажлын хэсгийг олон хуулийн төсөл дээр ахлан ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрт суулгах, шийдвэрлүүлэх талаар идэвхтэй ажилласан байна.

Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд, академичид, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцлоо.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарийн хүрэмтийн хүн чулуу


Булган аймгийн Сайхан сумын төвөөс зүүн зүгт хорь гаруй км зайтай Нарийн Хүрэмт хэмээх газарт дөрвөн хүн чулуу бүхий цогцолбор дурсгал бий.
Энд түрэгийн үеийн олонх цогцолборт нийтлэг байдаг хашлага болон зэл чулуу огт үгүй, харин нэг дор таруухан байрласан замбараагүй цөөн хэдэн чулуутай, хүн чулууны хоёр нь босоо зоолттой, нөгөө хоёр нь сул хэвтэж байсныг хожим тойруулан газарт зоон хашаалсан байв. Нутгийн хүмүүсийн ярьснаар бас нэг хүн чулуу байсан нь үгүй болжээ.
Бусад хүн чулуудаас хэмжээ болон хийц дүрслэлээрээ эрс ялгарах эхний хүн чулууны тухайд тодруулбал: Уртавтар хавтгай чулуугаар босоо хүний дүрс оруулан хийж босгон зоож тавьсан бөгөөд толгойн дээд хэсэг хажуу талаасаа эмтрэн унасан байна. Өргөн дүгрэг царайтай, хацрыг нэлээд төвийлгөн гаргасан, нүдний доогуур нарийн зураас татжээ. Хоёр гараа цээжиндээ авч дэлбэн амсартай, цүлхэн бөөртэй, бөөрөнхий ёроолтой ваар барьжээ. Гарын сарвуу болон хурууг тодруулаагүй. Баруун ташаандаа дүгрэг хавтага¬тай бөгөөд бүс дээлийн энгэр заамыг тодотгон гаргаагүй цулгуй ажээ. Газраас цухуйх өндөр нь 163 см, мөрний өргөн 43 см. Бусад гурван хүн чулуу нь үүнийг тойрон байрлаж байсан бололтой бөгөөд нэг нь дээрхийн баруун өмнө газарт зоолттой, үлдэх хоёр нь сул хэвтэнэ.

зүлэг болон байгаль гэх мэтийн зураг байж болно

Эдгээр гурвын хийц дүрслэл хэмжээ ерөнхий¬дөө адил бөгөөд чулуунд зөвхөн хүний нүүрийг дүрсэлжээ. Гурвуул хавчиг нарийхан нүүртэй, хоёр нүдийг тойруул¬сан зураасаар урт гонзгой хэлбэртэй гаргаж дундаас нь хамрын шугамыг шулуунаар үргэлж-лүүлж самсааг нь өргөн сартгар байдалтай дүрсэл¬жээ. Амыг хонхор зураасаар, эрүүний доод талыг тал дугуй зураасаар хийсэн байна. Эдгээрийн өндөр 74-90 см, өргөн 25-28 см гэж ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Astra Space”-ийн пуужин техникийн асуудлаас болж тойрог замд хүрсэнгүй

“Astra Space” компанийн ням гарагт хөөргөсөн туршилтын пуужин тойрог замд хүрч чадсангүй. Тэрхүү жижиг оврын пуужинг хиймэл дагуулыг сансарт гаргах зориулалтаар хөгжүүлсэн байна.

13 орчим метр өндөртэй пуужин газраас хөөрөхдөө тогтворгүй байсныг “Astra Space” мэдээллээ. Мөн хоёр минут гаруй хөөрсөн нислэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ гэдгээ мэдэгджээ.

“Astra Space”-ийн хувьцааны ханш долдугаар сард огцом буураад байсан бол өнгөрсөн долоо хоногт 21 гаруй хувиар өсчээ.

Эх сурвалж: Bloomberg TV

М.Эрхэс