Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бархасбадийн агаар мандлын анхны 3D дүрслэлийг бүтээжээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн судлаачид “Juno”, /Jupiter Polar Orbiter/ сансрын аппаратаар цуглуулсан мэдээллийг ашиглан Бархасбадь гаргийн агаар мандлын анхны 3D дүрслэлийг бүтээжээ.

NASA Бархасбадь гаргийг судлахаар гараг хоорондын энэхүү автомат станцыг 2011 оны наймдугаар сарын 5-нд хөөргөжээ. “Juno” аппарат 2016 онд Бархасбадь гаргийн тойрог замд орсон байна.

Уг аппаратаар хийсэн нээлтүүд нь гаргийн агаар мандлын онцгой шинж чанаруудыг хэлж өгөх гаргийн үүлний дор явагддаг үл үзэгдэх үйл явцын талаар бүрэн дүүрэн зураглалыг өгсөн байна. Үүний үр дүнд NASA-гийн эрдэмтэд Бархасбадь гаргийг тойрсон үүлэн бүслүүр, үүлэн бүслүүрийн дотоод бүрхүүл, мөн туйлын циклон, түүгээр барахгүй Аварга улаан толбыг нээж чаджээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөлийн хуруугаа хөдөлгөж, ходоодоо сайжруулаарай

Хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг гэнэ. Өдөр болгон зав чөлөө гаргаж хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх нь ходоодны чадавхыг сайжруулах аж.

Учир нь хөлийн уланд байх олон цэг нь дотор эрхтэн, тархи мэдрэлтэй нягт холбогдож, биеийн бүх газарт хүрдэг. Тухайлбал, хөлийн эрхий хуруу нь элэг дэлүүний судасны нэвтрэх зам болдог тул эрхий хурууг сайн хөдөлгөвөл элэг дэлүүний үйл ажиллагааг сайжруулан, хоолны дуршлыг нэмэгдүүлж, элэг дэлүүний хаванг анагаах увдистай.

Хөлийн ядам хуруу нь цөстэй холбоотой учраас сайн илж хөдөлгөвөөс өтгөн хатах, шилбэ өвдөхөд тустай гэнэ. Хөлийн чигчий хуруу нь давсагтай холбоотой тул иллэг массаж нь эмэгтэйчүүдийн савны хий ба сав хазайсныг анагаадаг байна.

Мөн хөлийн улыг тогтмол илснээр хөлөнд байрлах цэгүүдээр дамжуулан үе мөч, хөл нуруу, хэвлий өвдөх, нойр алдах, бэлгийн чадавх муудах, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, толгой өвдөх, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

Энэ нь зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхээс гадна ядаргааг тайлдаг байна. Тиймээс Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад хөлийн улны бариа ихэд дэлгэрчээ. Түүнчлэн хөл нүцгэн явах нь биед тустайг эмч нар онцолж байна.

Зөвхөн байгальд гэлтгүй гэртээ ч хөл нүцгэн хэсэг хугацаанд алхах нь чухал аж.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Монголд 4000 гаруй аргаль байна

Нүүдэллэн амьдардаг аргалийн тоо толгойг гаргахдаа давхардал үүсгэхгүй үүднээс Монгол болон Оросын талууд харилцан тохиролцсон хуваарь, маршрутын дагуу аргалийн тооллогыг 2019, 2021 оны аравдугаар сарын 22-27-ны хооронд хийлээ.

Тооллогыг явуулахдаа хил орчмын аргалийн тархац нутгийн 90-ээс дээш хувийг бүрэн хамруулж, тааралдсан аргалийг нас, хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн тусгай хуудсанд тоологдсон газрынх нь солбицлын хамт тэмдэглэдэг.

Ийнхүү Баян-Өлгий болон Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдож Монголын талын аргалийн тоо толгой дөрвөн мянгын босгыг давсан гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ цаг-үе

Битогтохын Цогнэмэх: Их эзэн Чингис хаан бол сэтгэлийн хаан ширээнд заларсан ховор заяатан

МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэхтэй ярилцлаа.

-Таны “Хаадын хаан” жүжиг тун удахгүй тайзнаа амилахаар бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлжээ?

-Уран бүтээлч хүний хувьд маш их баяртай байна. УДЭТ түүхт 90 жилийн ойгоо энэ жүжгээр нээх гэж байна. Өмнөх 80 жилийн ойгоо “Тэнгэрийн хүү” жүжгээр минь нээсэн. Ирэх жил их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохионо. Энэ санамсаргүй тохиол биш юм. Үүний угтал болж байна. Нөгөөтэйгүүр, түүхэн том ойнуудад зориулан уламжлалт академик театр учраас Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой, үндэсний бахархал, баялаг түүхт гүрэн улсынхаа өв уламжлалыг хойч үедээ үлдээхийн тулд түүхэн жүжгийг даяар олондоо өргөж байна.Бид үндэстнийхээ цоо шинэ идеалийг бий болгохоор ажиллаж байна. Зохиолч миний бүтээлийг олзуурхан шүүрч авч, найруулан тавьж байгаа найруулагч Н.Наранбаатар бид хоёр “Тэнгэрийн хүү”-гээс хойших олон бүтээл дээр хамтарч байгаа.

“Хаадын хаан” жүжиг маань маш их судалгаатай хийж буй бүтээл. Чингис хааныг мянганы суут хүнээр дэлхийд тодруулаад багагүй хугацаа өнгөрөв. Үүнээс хойш дотоодын түүх судлаач эрдэмтдийн хувьд ч, гадаадын судлаачдын хувьд ч шинэ мэдээ баримт сэлт, шинэ үзэл онол маш их бий боллоо шүү дээ. Тэгэхээр орчин үеийн, XXI зууны Монголын Чингис хаан хэрхэн төрж байна гэдэг дэлхийн хандлагад хариулт өгөх хэрэгтэй. Алтан тайзнаас шимтэн тольдоорой. Чингис хаан төрөө хэрхэн өргөж, түмэн олонтойгоо дээлээ хэрхэн хувааж, нөмөрч ирснийг үзэгчид маань, ялангуяа энэ төрийн түшээд маш сайн ойлгоосой гэж хүснэ.

-Яагаад Чингис хааныг судалж, жүжгийн зохиол бичих болов?

-Дэлхий дахинд өнөөгийн ертөнцийг бий болгосон үндсэн таван гүрэн бий. Түүний нэг нь Их Монгол Улс. Их Монгол Улсыг хэн байгуулав, Чингис хаан өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэдгийг энэ бөмбөрцөг ч хүлээн зөвшөөрчихлөө. Хамгийн эртнийх нь Грек, Ром байна. Дараа нь Англи байх. Хожим үүсээд 300 гаруй жил болж буй Америк байна. Тэр дунд хэн товойж байдаг вэ гэхээр Их Монгол Улс байдаг юм. Энэ тав дээр уламжилж өнөөгийн ертөнц тогтож байгаа. Дэлхийн түүх бичлэг жинхэнэ дэлхий нийтийнх болсон үе бол XIII зуун. Үүнийг монголчууд “бичсэн”. Яагаад гэвэл газар дундын тэнгисийнхийг Грек, Ромын үед бичсэн. Тэр нь зөвхөн газар дундын тэнгисийг тойрсон загалмайтан, лалын шашинтны сав газар. Дорнын түүх бичлэг бол Хятад. Ази орчмыг л хамарсан. Гэтэл дэлхий нийтийн түүх гэж байгаагүй. Энэ түүхийг өрнө дорныг сүлсэн Монголын эзэнт гүрэн бий болгосон. Дэлхийг сэрээсэн Чингис хааныгаа бид эргэн харах, цоо шинээр дээдлэн бахархах цаг ирлээ.

-Жүжгийн гол санааг юунд тулгуурлаж бичив?

-Манай жүжиг андлалын дууль юм. Талын эрсийн нөхөрлөлөөс андлал, андлалаас агуу их хувь заяа буй болж байна. Тэр хувь заяа хэний төлөө цохилох вэ гэхээр хөх Монголын л төлөө шүү дээ. Чингис хаан гурван удаа анд бололцсоныг түүхээ мэддэг хүн бүр л мэдэж байгаа. Яах гэж анд бололцоод байгаа юм бэ. Хувийн эрх сүрээ өргөх гэж үү, үгүй шүү дээ. Энэ хоёр хөх Монголын төрийн төлөө хувь заяагаа нэгтгэсэн. Гэхдээ хатуу, аминаасаа үнэтэй андгай тангараг тавьсан. Энэ хугацаанд гурав дахь удаагаа анд бололцсоноос хойш бараг хорин хэдэн жилийн дараа Жамуха анддаа олзлогдож ирдэг шүү дээ. “Дээр нэг нар, доор нэг хаан байна” гэдэг итгэл үнэмшлээсээ энэ хоёр хэзээ ч хагацаагүй. Тэгээд хөх Монголын түүхийг энэ хоёр хамтдаа бүтээсэн юм. Гэхдээ Жамуха байгаагүй бол Чингис хаан байхгүй. Жамуха хурцалж өгч байсан. Арга билиг гэдэг шиг нэгийгээ нөхөж амьдарсан. Жамуха хэдий таагүй төгссөн ч агуу их хаан юм. Андлалдаа үнэнч байна гэдэг эх орондоо үнэнч байгаагийн илэрхийлэл мөн биз. Манай жүжиг үүнийг гол шугамаа болгож байгаа. Чингис хаан зовлон дунд буцлан буй үндэстнийхээ хүсэл эрмэлзлийг мэдэрсэн суутан.Түүнийг нь биелүүлсэн. Ийн сэтгэлийн хаан ширээнд суусан их хаан ертөнцөд ховор. Хүч түрэмгийллийг л түрий барьдаг шүү дээ. Хаантан маань өршөөлт төрийг бий болгосон юм. “Хаадын хаан” гэдгийн цаглашгүй нь үүнд оршино.

-Түүхэн зохиол бичихэд маш их судалгаа хийдэг байх. Та судалгаагаа яаж хийдэг вэ. Хаанаас яаж материалаа цуглуулдаг вэ?

-Би Ховдын хязгаарт түүхч, түүхийн багшийн мэргэжлээр 1990-ээд оны донсолгоонт жилүүдэд суралцсан. Судалгаанд түүртэхгүй гэсэн үг. Түүнээс өмнө аав минь намайг түүхээр хүмүүжүүлсэн. Миний аав жолооч хүн байлаа. Чингис хааны нэрийг нь ч дуудахыг хориглодог социализмын үед аав маань “Монголын нууц товчоо” гэдэг хатуу хүрэн хавтастай номыг геологийн инженер н.Амьтан гэдэг ахаас авч өгөөд “Үүнийг унш, энэ дотор бидний түүх бий” гэж хэлж байсан юм. Тэр үеэс л би Чингис хаантай нөхөрлөсөн.Бурхан гэж байдаг бол Монгол туургатны тэргүүнд шүтэх ёстой бурхан нь Чингис хаан байхгүй юу. XVII зуунд буддын шашин эрчимтэй нэвтрэх үед Далай лам, Банчин богд, Жавзандамба хутагт нарын үйлс номлол нь Чингис хааны тахилга тайлгатай холбоотойгоор Чингис хааны сүр хүчийг дэлгэрүүлэх, өргөх тахин шүтэх замаар монголчуудад ойртож чадсан.Чингис хааны сургаал, үйлс, билэг чинад, амьдрал тэр чигээрээ бидний зам мөр болох ёстой. Яагаад гэвэл Чингис хааны жолоодохуйн ухааныг Өрнөдийн орнууд өдгөө улам идэвхийлэн судлах боллоо.

-Түүх судлахын ач холбогдол нь юу вэ?

-Түүх гэдэг агуу их багш. Түүнээс сурах нь мөнхийн ус уухтай адил гэж эртний мэргэдийн үг бий. Сургамж ав, ирээдүйгээ бүтээ гэсэн үг. Одоо үед Америк, Хятад, Солонгосын соёлын түрэлт, либерал үзлийн түрэмгийлэл зэрэг энэ ай сав дунд монгол соёл, сэтгэлгээ, өв уламжлал, ёс заншил маш ихээр буртаглагдаж байна. Энэ бүхнийг хаах бас нэгэн ноён нуруу болон өндийж байгаа гэж “Хаадын хаан” жүжгээ би ойшоож байгаа. Монгол туургатныг эдүгээ хүртэл бие биенээс нь мартуулж хагацаахгүй холбож байгаа үнэт зүйл бол Чингис хааныг бурханчлах дээдлэх үзэл. Бас монгол бичиг, шашин соёл гээд бий. 1930-аад оны үед Алтан ургаа устгуулж хөнөөлгөсөн монголчуудын зүрхнээс “Хаадын хаан”-ы дүр арилж балраагүй нь даруй Сүхбаатарын хөшөө шүү дээ. 1946 онд уран барималч С.Чоймбол гуай уг хөшөөг босгохдоо монголчуудын их эзэн Чингис хаанаа, Хаадын хаанаа дээдлэх бүх утга оньсыг шингээж өгсөн. Тойруулан хүрээлсэн гинж бүхий 14 арслангаар хүрээлүүлнэ гэдэг Хаадын хаан гэсэн өргөмж юм. Буддын шашныг уугуулчлах үеэсээ л 12, 14, 16 арслангаар түшүүлэн Чингис хааныг хамгаалуулж байж. Ийм л бэлгэдэлтэй. Манай шашин дахь Чингис хааны шүтээн бэлгэдэлд байдаг морины цээжин дэх молцог, зэр зэвсэг, эд хувцас бүгд жанжны хөшөөнд шингэсэн. Г.Ням-Очир тэргүүтэй судлаачид үүнийг тодруулсаар байгаа. Жанжны хөшөөг зүүн хойш хандан, гараа дэлгэн морин дээр нь өндийлгөн бүтээсэн нь Бурхан Халдун хайрханы зүг харуулсан байгаа биз. Би тэгж боддог. Тэгэхээр ухаант өвгөд маань Чингис хаан буюу хаадын хааны бэлгэдлийг коммунист дарангуйллын тэртээд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд ухаалгаар нуун шүншиглэсэн байгаа юм.

-Чингис хаантай холбоотой кино, жүжиг сүүлийн үед их гарах боллоо. Гадаадууд ч их сонирхох болж. Та кино ертөнцөд зохиол бичиж, Чингис хаанаа таниулах бодол бий юү?

-Чингис хааныг гадаадынхан үй түмэн өнцгөөс бүтээн биширч байна шүү дээ. Мэдээж кино ертөнцөд хүртэл хийдэг болж. Хятад, Орос, төрийн богино түүхтэй Казахстан, холын Скандиновын орнууд хүртэл Чингис хааны тухай кино бүтээл хийх гэж идэвхийлэх боллоо. Энд Чингис хааны агуу их суу билэг, суу залийг хэрхэн тусгах нь вэ гэдэг нь сонирхолтой. Харин бид монгол хүний мөн чанарын үүднээс их хааныхаа суу залийг энэ жүжигтээ шингээж гаргахыг хичээж байна. Гэхдээ ид шид, үлгэрийн хэлбэрээр биш, эгэл хүн талаас нь туульсын хэлбэрээр харуулахыг хичээж байгаа. Хаанаараа овоглосон үндэстэн манайх л байдаг байх. Чингисийн монголчууд гэж. Мэдээж манай уран бүтээлчдийн хүсэл бол дэлхийд их хаанаа, Монголоо таниулах явдал. Дашрамд өгүүлэхэд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед Монгол, Хятадын хамтран бүтээх “Чингис хаан” кино төслийн гэрээ байгуулагдсан. Монголын талын зохиолчоор нь сонгогдон ажиллаж байгаагаа хэлэх нь зөв байх.

-Жүжгийнхээ санааг яг хаанаас авдаг юм бэ. Онгод гэж ер нь байдаг юм уу?

-Онгод байхгүй бол онгод гэж үг байхгүй биз дээ. Онгод байж л таарна. Ялангуяа шүлэг, яруу найрагт их илэрнэ.

-Таны хувьд онгод нь орж байгааг яаж мэддэг юм. Яаж оруулдаг юм бэ?

-Тэрийг оруулдаг бөө би биш л дээ (инээв). Зохиолчид зарим үед сонин этгээд зүйлд сэрдэг. Уран бүтээлч хүнд онцгой өгөгдөл байдаг болохоор туурвидаг.Хөдөлмөр 99 хувь энэ тэр гэж шал худлаа. Эхлээд өгөгдөлтэй байх ёстой. Өгөгдлөө, авьяасаа, бурхнаас заяасан хишгээ хэрхэн сэрээх нь тэр хүний хөдөлмөр юм уу даа. Жүжигчид ч гэсэн өөрийн дотоод чичирхийллээ чагнана аа гэдэг нь онгодоо сэрээж байгаа хэрэг шүү дээ. Өөр өөр түвшинд л ойлгоно л доо.

-Өгөгдөлтэйгөө яаж мэдэх вэ?

-Хүн болгон өгөгдөлтэй шүү дээ. Тэр өгөгдлөө сэрээж чадах юм уу, эсвэл мэдрэх юм уу сэрж чадахыг л онгод гэж хэлэх болов уу гэж би хувьдаа бодож байна. Онгод гэдэг бол шүлэг, яруу найрагт байж болно. Манай хүүрнэл зохиол, нэн ялангуяа жүжигт шууд суугаад онгодоор бичнэ гэж байхгүй. Маш их судалгаа, нарийвчилсан төлөвлөгөө хэрэгтэй. Бид хэддүгээр зуунд амьдарч байгаагаа харгалзмаар. Нөгөөтэйгүүр, орчин үеийн зохиолч гэж шашин, шинжлэх ухаан хоёрыг уялдуулан ертөнцийг үзэх үзлээ гол тулгуур болгосон хүнийг л хэлээд байгаа юм.

-Түүхэн жүжгийн зохиол бичдэг Б.Лхагвасүрэн гуайгаас хойш ганцхан та л байгаа гэж харж байна. Түүхэн жүжгийн зохиол бичих нь хэцүү төрөл байх аа…

-Түүхэн жүжгийн хувьд би 2010 оноос хойш арав гаруйг бичлээ. Гэхдээ туульсын төрлөөр дагнан хөгжүүлэх том зорилготой (инээв). Түүхэн туульсын зохиол гэдэг үгийн яруу, хэтрүүлэг, ёжлол, зүйрлэл, адилтгал, ёр бэлгэ, совин сэрэхүйн өнгө увдисаар бичихийг хэлэх болов уу. Манай жүжиг ч гэсэн ийм юм. Драмын театр ч гэсэн эх хэл, соёлынхоо харуул байна гэсэн уриатай. Өнөө үед хэл, сэтгэлгээ маань ямар их эвдэрч байгаа билээ.Сошиал ертөнцийн давлагаа, төр нь данхайсан энэ үед гудамжны болоод албаны модон үг хэллэг бидний ахуй сэтгэлгээнд хүчтэй орж ирж байна. Нэг шинэ үг, утга зохиочих юм байна шүү дээ. Тухайлбал, ковидын үед хавьтал гээд нэг юм зохиочихлоо. Сүүлдээ ч хүмүүс дасах болж. Бид ч үүгээр нь хээв нэг ярих шинжтэй.

-Таны утга зохиолын багшийг Д.Урианхай гуай гэж сонссон юм байна. Багшийнхаа тухай яриач?

-Би Төрийн тахилгат Хан хөхий хайрханы хүүхэд. Манай түүхийн багш О.Түмэндэмбэрэл, 1990 онд Увс аймагт ардчиллыг бадраасан зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэн нар миний анхны багш юм. 1991 онд хотод “Найргийн даага”-д оролцох үеэрээ Пүүгээ ахынхаа заасны дагуу Д.Урианхай багштайгаа золголоо. Тэгээд л багш шавь болсон. Эдүгээ ингээд үзсэн чинь 30 жилийн нүүрийг үзчихсэн юм байна шүү дээ. Нээрээ чамаас сонссон чинь тийм байна. Багш дээрээ нэг очъё байз. Ойрын өдрүүдэд тухтай уулзсангүй.

-30 жилийн ойгоо тэмдэглэх нь ээ?

-Тэрийгээ ер нь лут тэмдэглэнэ ээ (инээв). Багш маань анх надад хэлж байсан л даа. “Багш шавь болно гэдэг эх үр болсонтой ялгаагүй” гэж. Бид хоёр бие биенээ олсон юм. Би Гүрү багшийнхаа үгийг оройн дээд болгож явсаар жүжиг рүү, роман руу шунаглан орлоо доо. Миний бүх уран бүтээлд чин сэтгэлийн урам, зөвлөгөө хайрладаг бурхан даа.

-Та орчин үеийн залууст хамгийн түрүүнд унш гэж сануулах гурван номыг нэрлэвэл…

-Заавал гурав байх ёстой юм уу. Гурвын тоо чинь сайхан санагдлаа. Мэдээж “Хаадын хаан”-аараа амьсгалж буйн хувьд “Монголын нууц товчоо”-г нэрлэе. “Монголын нууц товчоо”-ны анхны эхийг олдоно гэж би найддаг. “Соёмбо принтинг”-ээс хэвлэсэн, Ш.Чоймаа гуайн шинээр тайлбар хийсэн Монголын түүхэн сурвалжийн 33 боть бий. Түүнийг уншчихад гэмгүй. Зохиолчдоос Т.Мандир ахын номуудыг өнгийж харж байгаарай гэж хүсэх байна. Монгол удамт Л.Н.Гумилевийн “Хар домог”, “Каспийн эргэнд мянган жил”, “Эртний Орос ба аугаа уудам тал”, “Евразийн түүх” гээд олон зохиол бий.Түүний Монголын түүхийн гүн рүү, XIII зууны Монголын түүхийг сайтар өнгийсөн түүхэн сэтгэмжийн аялал нь надад нөлөөлсөн. Энэ жүжигт маань баяжин тусгалаа олсон шүү. Эх оронч үзлээ олъё гэвэл Д.Маам гуайн “Газар шороо”, “Гишгэх газаргүй хөл” гээд олон доо.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Өөр галактикаас анх удаа дэлхийтэй төстэй гариг илрүүллээ

Одон орончид манай галактикаас гаднаас анх удаа дэлхийтэй төстэй байж болзошгүй гариг илрүүлжээ. Ер нь эрдэмтэд Нарны аймаг болон түүний ойр орчмын оддын аймгаас дэлхийтэй төстэй 500 гаруй гариг илрүүлээд буй. Гэхдээ тэд бүгд манай галактик буюу Сүүн замд оршдог юм. НАСА-гийн Чандра рентген телескопын илрүүлсэн дэлхийтэй төстэй гаригийн дохио энэ удаа харин Мессье 51 хэмээх галактикаас иржээ. Энэхүү галактик нь Сүүн замын бүлэг одны орд буюу манай галактикаас 28 сая гэрлийн жилийн зайтай юм байна.

Гариг нь одныхоо урдуур өнгөрөхдөө гэрлийн зарим хэсгийг хааж, дурангаар илрүүлж болох сүүдэр бий болгодог бөгөөд эрдэмтэд рентген телескопоор энэ сүүдрийг нь “барьж авах” замаар шинэ гаригийг илрүүлдэг юм.

Урьд өмнө нь нээгдсэн олон гаригийг энэ л аргаар илрүүлсэн бөгөөд үр дүн нь сүүлийн үед эрс нэмэгдэж, дэлхийтэй төстэй гаригийн тоо ойрын үед 4000-д хүрэх магадлалтай гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа

АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс ирэх оны нэгдүгээр сард гараг хоорондын “Артимес-1″ хөлгийг сар луу хөөргөхөөр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаад байсан. Тэгвэл тус төвөөс тус хөлгийн хөөрөх хугацааг хойшлуулж, ирэх хоёрдугаар сард багтаан хөөргөхөөр болжээ.

Артимес-1″ хөлөг сар луу хүрч, түүнээс ч цааш олон мянган миль аялан судалгаа хийх төлөвлөгөөтэй аж. Флорида муж дахь НАСА-гийн төв “Артимес-1″ хөлгийг “Спейс Лаунч Систем” гэх зөөгч пуужингаар хөөргөхөөр бэхэлгээ хийж дуусгасан байна. Сарыг судлах уг төсөлд Герман, Израиль улс хамтран оролцож байгаа юм. Мөн “Артимес-1″ хөлөг дотор хүнтэй төстэй бүтээгдсэн 2 роботыг илгээнэ.

Уг хоёр роботыг Израиль улсад бүтээжээ. “Артимес-1″ хөлөг 98 метр өндөртэй бөгөөд энэ нь эрх чөлөөний хөшөөнөөс ч өндөр гэсэн үг. Ингээд ирэх онд “Армитес-1″ хөлгийг хүнтэй төстэй 2 роботтойгоор сар хөөргөсний дараа “Артимес-2″ хөлгийг сансрын нисгэгчтэйгээр хөөргөнө гэлээ. Харин “Артимес-3″ хөлгөөр анхны өнгөт арьст сансрын нисгэгчийг саран дээр буулгахаар төлөвлөж байна гэж НАСА-гаас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Volvo cars” компани IPO гаргаж 2.9 тэрбум ам.доллар татан төвлөрүүлнэ

“Volvocars” компани энэ сарын 28-нд Стокхолмийн хөрөнгийн биржид IPO гаргаж, 2.9 тэрбум ам.доллар татан төвлөрүүлнэ. “Volvo cars” компанийн үнэт цаас 53-68 швед кроноор худалдаалагдах юм.

Компанийн нийт хувьцааны 19.5-24 хувийг нийтэд арилжаалахаар төлөвлөж байна. Хэрэв

Одоо гаргах IPO нь “Volvo cars” болон “Geely”-ийн хамтарсан охин компани “Polestar” -аас тусдаа байх аж.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Зориудаар ургуулсан анхны бөөрийг хүнд суулгав

Америкийн мэс заслын эмч нар хүний ген ашиглан гахайн биед ургуулсан бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийлээ. Мэс заслыг Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангон эрүүл мэндийн төвд хийсэн байна. Эрдэмтдийн ургуулсан бөөр шилжүүлэн суулгаснаас гурав хоног өнгөртөл ямар нэгэн эсрэг нөлөө үзүүлээгүй гэнэ.

Энэ нь донор бөөрийг хүний ген ашиглан ургуулсан учир харь биеийн эрхтэний гаж нөлөөлөл үзүүлэхгүй байна гэсэн үг юм байна. Шилжүүлэн суулгасан эрхтэн гаж нөлөө үзүүлэхгүй байна гэдэг өвчтөнд маш чухал зүйл гэнэ. АНУ-д өнөөдөр 90 мянга гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ээлжээ хүлээж байгаа бөгөөд донорын дутагдлаас үүдэн гурваас таван жил хүлээхэд хүрдэг байна. Энэхүү туршилт нь бөөрний дутагдал бүхий өвчтөнүүдийг мэс заслын аргаар эмчлэх том боломж гэж Лангон эрүүл мэндийн төвийн эмч Роберт Монтгомери онцолжээ.

Г.АМАРСАНАА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тоглоом ба хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухаан шатар, даам, го зэрэг төгс мэдээлэлт тоглоомууд (perfect information games) дээр их мастеруудыг давж гарсан. Deepmind-н Alphazero хэмээх бот бараг бүхий л төгс мэдээлэлт тоглоомоор дэлхийн шилдэг ботууд, хүмүүсийг хожоод байна. Үүний нэг жишээ бол AlphaZero 2016 оны шатрын ботуудын дэлхийн аварга Stockfish 8-тай 100 өрөг тоглоход 28 хожиж 72 удаа тэнцэж нэг ч удаа хожигдоогүй. Ингэж тоглохдоо AlphaZero ердөө 9 цаг л суралцсан байжээ. Мөн AlphaZero-г анх танилцуулсан эрдэм шинжилгээний өгүүлэлд дурдсанаар шатар дээр 700000 сургалтын алхамын дараа AlphaZero-н рэйтингийг 3200 хүрсэн гэж ойролцоолчилжээ. Гэтэл одоогийн шатрын дэлхийн аварга Magnus Carlsen-н рэйтинг 2855 байдаг байна.

Машин сургалын алгоритмуудыг ашигласан ботууд нь зөвхөн төгс мэдээлэлт тоглоомууд дээр хүнийг хол хаяад зогсохгүй төгс биш мэдээлэлт тоглоомууд (imperfect information games) дээр ч хүмүүсийг хожих боллоо. Төгс биш мэдээлэлт тоглоомын хамгийн сайн жишээ бол покер юм. Хамгийн анхны покер тоглох зориулалттай бот болох “Orac” нь 1984 бүтээгдсэн бөгөөд энэ цаг үеэс хойш хүмүүс покер тоголдог ботуудыг сайжруулсаар өдийг хүржээ. Хамгийн анх хүмүүстэй эн тэнцүү тоголсон бот бол 2008 онд Албертагийн их сургуулийн бот Polaris нь 6 хүний эсрэг покер тоголж 3 хожиж 2 хожигдож 1 тэнцжээ. 2012 онд Лас Вегасын “Bellagio” гэх казино хэн ч тоголж хүчээ сорих боломжтой $2/$4 Limit Hold-em ботыг суурилуулжээ. Уг ботыг 2015 онд Албертагийн их сургуулийн Cepheus гэх бот ялсан байна. 2017 онд Libratus бот тухайн цаг үеийн топ 4 тоглогчтой (Jason Les, Jiimy Chou, Deniel McAuley, Dong Kim) покер тоголсон байна. Энэхүү урт тоглолтуудын дараа Jason Les -880,087 $ (– нь алдсан гэсэн үг), Jimmy Chou -522,875 $, Daniel McAuley -277,657 $ Dong Kim -85,649 $ байсан бол Libratus тэдгээр мөнгийг бүгдийн хожсон буюу +1766250 $ гэсэн үр дүнд хүржээ. Мөн судлаачид хүн Libratus-с илүү покер тоглох магадлал хамгийн ихдээ 0.54% гэж тооцоолсон байна. Покерийн ботуудын дунд жил бүр Annual Computer Poker Competition (ACPC) гэх тэмцээн 2006 оноос 2018 оны хооронд зохиогдож байжээ. Хамгийн сүүлийн жилийн аваргууд нь heads-up төрөлд Slumbot, 6 тоглогчтой төрөлд PokerBot5 нар юм. Эдгээр ботууд нь superhuman түвшний ботууд юм.

2020 оны арваннэгдүгээр сард FacebookAI-с гаргасан “Combining Deep Reinforcement Learning and Search for Imperfect-Information Games” судалгааны ажилд Rebel гэх төгс болон төгс биш мэдээлэлт тоглоомуудыг тоглох машин сургалтын ерөнхий алгоритмыг танилцуулсан бөгөөд төгс мэдээлэлт тоглоом дээр Rebel нь AlphaZero болдог. Өөрөөр хэлбэл AlphaZero нь Rebel-ийн тухайн тохиолдол юм.

Categories
xурдан-морь булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​NASA-гийн “Lucy” сансрын хөлөг 12 жил үргэлжлэх алсын аялалд гарчээ


АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA өчигдөр “Lucy” нэртэй сансрын хөлгөө алсын замд үджээ.

Уг хөлөг нь Бархасбадь гарагийн тойрог замд орших найман астероидыг судлах 12 жилийн урт аяллаа эхэлж байна. “Lucy” энэ аяллын турш 6.3 тэрбум километр орчим урт зам туулах юм.

Бархасбадийн тойрог зам дахь астероидууд манай нарны систем үүсэн бий болох үеэс үлдсэн сансрын биетүүд тул судлах шаардлагатай юм байна.

Сансрын хөлгийг 50-аад жилийн өмнө Этиопоос араг яс нь олдсон эртний хүний нэрээр нэрлэжээ. 3.2 сая жилийн настай уг араг ясны эзнийг хүн төрөлхтний өвөг дээдэс гэж үздэг.

Эртний хүнд нэр өгөхдөө 1967 онд Битлз хамтлагийн зохиосон “Lucy in the Sky with Diamonds” дууны нэрнээс санаа авч байжээ.

Тиймээс NASA хөлгийнхөө дотор талд уг дууны үгийг сийлсэн металл хавтан байрлуулсан байна. Үүнээс гадна хөлгийн судалгааны багажуудын нэг нь лабораторид үйлдвэрлэсэн алмаз эрдэнэ ашигладаг гэнэ.

Тиймээс Битлзийн дууны нэр NASA-гийн энэ удаагийн аяллыг бүрэн илэрхийлэхүйц болжээ.

Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан Битлз хамтлагийн бөмбөрчин Ринго Стар хийсэн мэдэгдэлдээ “Алмаз эрдэнэтэй Люси дахин тэнгэрт нисэж байна. Жонни үүнд баярлах байлаа. Люси, аялалынхаа замд хэн нэгэнтэй тааралдвал миний мэндийг дамжуулаарай” гэж хэлсэн байна. Дууг хамтлагийн ахлагч агсан Жон Леннон зохиож байжээ.

“Lucy” хөлгийн аялалд NASA $981 саяыг зарцуулж байгаа юм.

Хөлгийн судлах астероидуудын хамгийн том нь 110 орчим километрийн өргөнтэй. “Lucy” хөлөг астероид тус бүрийн дэргэдүүр 1,000 километрийн дотор ойртож өнгөрөхдөө судалгааны материалууд цуглуулж, дэлхий рүү илгээх зорилготой ажээ.