Урд эгнээнд баруун гараас хүү Диваасамбуу, отгон хүү Дамбасүрэн. Дунд эгнээнд хүү Цэдэвсүрэн, ээж Ю.Пэлжээ, аав Ц.Сайннямбуу, охин Долгорсүрэн.Арын эгнээнд ууган охин С.Лхамсүрэн
“Миний аав” буланд шог зохиолч, яруу найрагч Ц.Сайннямбуу агсны охин С.Долгорсүрэнг урилаа.
-Аавын тань шүлгээр бүтсэн “Ээжийн бор аяга” дуу 1990-ээд оны дунд үед жинхэнэ ХИТ болж байлаа. Кассетны “эрин үе” ч байлаа. Энэ дууны түүхээс яривал?
-Манай хамаатны Батаа гэж ах манайд ирээд ээжийн маань бор тагш байдаг. Бид энэ тагшинд хоол, унд идэх дуртай байдаг юм. Та нэг дуу зохиож өгөөч гэж хүсэлт гарган яриа өрнүүлж байсан нь саяхан санагдаж байна. Тэгээд хүн бүрийн ээжийн аяганд ааруул, ээзгий, өрөм байдаг тэрийг нь идчихмээр санагдаад, хүүхэд бид мөн ч их өөрөөс нь өрсөж иддэг байж билээ гэж ярилцаж байсан. Ийнхүү амьдралаас ургаж гарсан дуу юм даа.
-Н.Чулуунхүү гавьяат танай аавтай амьдралын ч, уран бүтээлийн ч сайхан анх нөхөр байжээ?
-Тийм ээ, аав, Чулуунхүү гавьяат хоёр маань Завхан аймгийн Сантмаргаз суманд төрж өссөн, багаасаа нэг сургуульд хамт сурдаг байсан, нэг нутгийн хүмүүс юм. Маш дотно байдаг байсан, манайхаар ирж гэрт маань олон ч сайхан дуу дуулж өгч байсан даа. Аав маань шог хошин яриатай хүн байсан бөгөөд найзыгаа үргэлж “Гавьяат аа” гэж дууддаг байсан.
-“Гоёлоо өмссөн ээж” дуу бол мөн л нийтийн дууны ХИТ. Ардын жүжигчин С.Батсүхийн дуулсан энэ дуу олон ч хүний хайртай дуу шүү. Аав тань энэ шүлгээ хэзээ бичсэн юм бол?
-Энэ дууг 1990-ээд онд зохиосон. Дээр үед одооных шиг олон хувцас сольж өмсдөггүй. Торго дурдан нь ч ховор байсан байх гэж боддог. Ихэнх хүн 1-2 гоёлын дээлтэй л байсан болов уу даа. Миний аав ах дүү зургуулаа. Олон хүүхэдтэй, өнөр өтгөн сайхан айл байсан байна лээ. Аавын маань ээж, миний эмээ тухайн үед гоёлд өмсдөг ганц ногоон торгон дээлтэй байсан гэсэн. Ээж нь гоёлоо өмсөхөөр хүүхдүүд яаж баярладаг, ямар байдаг билээ дээ хүн бүхэн л энэ мэдрэмжийг мэдэрдэг. Тэр л хүүхэд насныхаа мэдрэмжээр энэ дууны үгийг зохиосон нь олон хүний сэтгэлд хүрсэн санагддаг.
-Уг дуу таван бадагтай юм билээ. Сүүлийн байдгийг ханьдаа зориулсан юм болов уу гэж таамагласан?
-Эхний гурван бадгийг нь л хүмүүс сайн мэддэг. Дөрөв дэх бадгийг тэгж хэлж болмоор ч юм шиг санагддаг ч аавын маань ээждээ зориулсан энэхүү шүлэг дуу болон түмэнд түгсэн нь бүх ээжүүд л үр хүүхдийнхээ төлөө ганц биеэс гарахааргүй хүч, чармайлтыг гаргаж амьдардаг гэдгийг харуулсан байдаг. Дөрөв дэх бадгийг дангаар нь салгаж үзвэл ханьдаа зориулсан ч юм шиг санагдахаар бичсэн байгаа.
-Аав тань Авто цахилгааны инженер мэргэжилтэй байсан юм билээ.Тэгсэн атлаа шог зохиолч, яруу найрагч хүн. Монголын сор болсон алдартай зохиолч, яруу найрагчидтай найзалж нөхөрлөдөг, тэдэнтэй ойр байдаг, уран бүтээлийн тал дээр ч их хамтардаг байсан нь үлдээсэн зохиол бүтээл, дуунаас нь харагдаж байна?
-Аав маань Зохиолчдын хороо ороод ирлээ гэж их ярьдаг байсан. Зохиолчдын ярьсан, бичсэн зүйлсийг их ярьдаг байсан. Аавынхаа буянаар Дашбалбар гуай, шог зохиолч Байды гуай, Тангадын Галсан гуай, дуучин Чулуунхүү, Бямбажав, нэвтрүүлэгч Цоодол гуайг хүртэл өөрийн гэртээ сууж байгаад хараад, яриаг нь сонсож байсан их хувьтай хүүхэд байлаа.
-Архангайн Авто сургуульд олон жил ажилласан гэдэг. Тэр үед зохиолч, яруу найрагчид Архангайгаар орвол танайхаар заавал бууж морддог байсан гэдэг?
-Архангайн VI баазын даргаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд зохиолч, уран бүтээлч нар Архангайд зочилбол манайд ирдэг байсан.
-Ц.Сайннямбуу зохиолч эхээс хэдүүлээ вэ. Ер нь уран зохиолд хөл тавих эхлэл нь юунаас үүдэлтэй юм бол?
-Завхан аймгийн Сантмаргаз сумд төрж өссөн хүн. Аав маань эхээс зургуулаа. Миний бодлоор энэ айлын сор болсон хүү нь байсан. Аав маань тавин нас хүрч явах үедээ зохиол бүтээл туурвих болсон. Мэдээж унаган багын авьяас байсан л байж таараа.
Залуу бага наснаасаа ном зохиол их уншдаг байсан гэсэн. Миний мэдэхийн л байнга ном уншиж, Орос хэлнээс өөрийн мэргэжлийн болон хошин шог зохиол орчуулдаг байсан. Мөн нэрт зөнч Настродамс, Вангагийн талаар анх Монголд аав орчуулж сонин хэвлэлд тавьж байсан. Бичгийн маш өндөр боловсролтой хүн байсан даа.
-Аав тань мэргэжлийн болон шог хошин зохиол, дуу, дурсамж, яруу найргийн зэрэг олон ном туурвиж үлдээжээ. Нийт хичнээн ном бичсэн юм бол?
-Миний мэдэхийн 20-иод ном туурвисан. Сонин хэвлэлд 200 гаруй өгүүлэл, 50 гаруй орчуулга нь хэвлэгдсэн байдаг. 100 гаруй шог хошин өгүүллэг нь “Тоншуул”, “Утга зохиол, урлаг” “Өдтэй бичиг”-т хэвлэгдсэн.
-Аавынхаа хэвлүүлж амжаагүй бүтээлүүдийг нь эмхэтгээд үр хүүхдүүд нь ном болгосон байна билээ. Ямар номууд вэ?
-Бид ах дүү тавуулаа. Миний дүү С.Диваасамбуу номын эхийг бэлтгэн ажиллаж байгаа. 2020 онд “Сартуул сайхан инээд” шог зохиолын ном хэвлүүлсэн байгаа. Цаашид “Монгол ид шид, нууц увидас” Монгол эрдэм мэдлэг, суу билгийн гайхамшгийн чуулган болсон ном, “Овоонд нэмсэн чулуу” Цэцэн сартуул хошууны түүх, нутаг усных нь талаар баримтат бүтээл, “Ээжийн бор аяга” дуу, шүлэг найргийн ном, “Гоёлоо өмссөн ээж” 2012 онд хэвлэн гарсан номны хоёрдугаар хэвлэлийг гаргана.
-Инженерийн мэргэжилтэй, Авто сургуульд насаараа багшилсан хүн. Энэ их ажлынхаа аль заваар нь уран бүтээлээ туурвидаг байсан бэ. Ер нь хэдүйгээр үзэг цаас нийлүүлж суудаг байв. Аав тань хувь хүн талаасаа ямар зан чанартай хүн байсан бэ?
-Аав маань маш энгийн хүн байсан. Аавыг маань зорьж хэн ч ирсэн нэг л зангаараа байдаг байсан. Өөрөө авто сургуулийн хичээлийн эрхлэгч, багш, Авто баазын дарга хийж байсан болохоор ч тэр үү, энэ тэр гэж огт ялгахгүй хүнтэй найрсаг сайхан яриа өрнүүлэн суудаг байсан. Аав маань тохитой ширээ сандал засаж байгаад ном зохиолоо бичиж байсныг санахгүй байна. Хаа таарсан газраа бичиж, уншиж чаддаг хүн байсан. Мөн ажлынхаа цаг заванд, өдөр оройг ялгахгүй бичмээр үедээ бичдэг байжээ. Аав маань их эрт босдог байсан тул тэр хэмжээгээр маш их зүйлийг амжуулсан болов уу.
-Шог зохиолуудыг нь эмхэтгээд “Сартуул сайхан инээд” шог хошин зохиолын чуулганыг хэвлүүлжээ. Аав тань нэлээд хөгжилтэй, хошин, юманд гэгээн ханддаг хүн байсан болов уу гэж бодлоо?
-Аав маань хошин наргианч үг хэлтэй хүн байсан. Уулзсан хүнээ үгийн дээдээр мялаагаад гаргадаг л сайхан хүн байсан. Мөн хүнд маш их урам өгч чаддаг.
-Ц.Сайннямбуугийнх гэдэг айл гэдэг хүүхэдтэй вэ. Ач зээ нар нь тоймгүй олон болж, өвөөгийнхөө үргэлжлэл болж яваа даа?
-Миний эгч Лхамсүрэн дөрвөн хүүхэдтэй, Ах Цэдэвсүрэн дөрвөн хүүхэдтэй, манайх гурав, дүү Диваасамбуу гурав, бага дүү Дамбасүрэн таван хүүхэдтэй. Аавын ач зээ нар нь ч үрийн зулай үнэрлэсэн. Нэлээд өнөр өтгөн болсон шүү.
-Шүлэг, зохиол бичихэд орчин, ар гэрийн төвшин амьдрал, хажуу дахь ханийн халамж, анхаарал их чухал байдаг л даа. Аав тань энэ олон зохиол бүтээлээ туурвихад ээжийн тань хувь нэмэр их байсан байлгүй?
-Аавын зохиол бичих орчин гэвэл, бүтэн өрөө эзлэн суух байтугай ширээ эзэгнэн сууж зохиол бичихийг нь ч харж байгаагүй. Гэхдээ манай гэр орон бурхан тахилтай, архи тамхи хэрэглэдэг хүнгүй, лам хуварга залж гэр орондоо ном уншуулан ариутгадаг айл байсан. Бага байхын л гэртээ ороход дулаан уур амьсгал мэдрэгддэг архи дарс хэрүүл шуугианаас хол,тайван орчин мэдрэгддэг байсан. Одоо ч ээж маань орон гэр, бурхан тахилаа сайхан авч яваа даа. Мөн ээж маань аавын хоол ундыг маш сайн тохируулан хийж өгдөг байсан.
-Аав тань үр хүүхдүүддээ юу гэж захидаг байв. Ер нь амьдралынхаа туршид мөрдөж ирсэн зарчим нь гэвэл?
-Өглөө эрт бос, нэг нэгнийгээ гэсэн сэтгэл зүрхтэй бай, ээжийгээ сайн хайрлаж бай гэж захидаг байсан. Аав маань амьдралынхаа туршид хүнд худлаа хэлэхгүй, элдэв зугаа цэнгэлд автаж байгаагүй гэж боддог. Их бодь хүн байж дээ гэж боддог. Дэндүү сайхан сэтгэлтэй хүн байсан даа.
–“…Орчлонд хавар ирэх цагт нь хө
Оргил хангай цэцэглэнэ ээ найз минь
Хангай дэлхийг цэцэглэхийг харахаараа
Хайрын сэтгэл уярна аа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө… Энэ дууг мэдэхгүй хүн байхгүй биз дээ. “Гэнэн сэтгэл” киноны дуу шүү дээ. “Далны” хэмээгддэг дуучин Т.Баттогтох энэ дууны нэрээр тоглолтоо хүртэл хийж байсан. Шүлэг нь бас танай аавынх?
Ууган охин С.Лхамсүрэнгийн хамт
-Аавын зохиосон дууны нэрээр олон дуучин тоглолтоо хийсэн. “Зуу наслаарай ээж ээ” дуугаар нь Чулуунхүү гавьяат тоглолтоо нэрлэж байлаа. Мөн“Гоёлоо өмссөн ээж”-ээр ч гэсэн Батсүх гавьяат тоглолтоо нэрлэж байсан.
-“Гоёлоо өмссөн ээж” дууг хүмүүс дуулахаараа, сонсохоороо аньсага чийгтдэг. Дуунд өгүүлж буй ээжийн дүр бол монгол ээжийн нийтлэг дүр болов уу гэж боддог. Хүмүүст ээжийг нь санагдуулдаг, уйлуулдаг ийм дууг бүтээсэн сайхан яруу найрагчдын охидод, гэр бүлд, ханьд нь энэ дуунд дуртай хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье?
-Гялайлаа, энэ дууны үг бүр чин сэтгэлийн угаас гарсан байдаг тул зарим хүн сонсож чадахгүй, хэцүү байдаг байх. Гэхдээ хорвоо үнэн байхдаа л гоё шүү дээ. Энэ дууг Япон хүн нүдээ аниад дуундаа орчихсон дуулж байгааг хараад хүн бүр л ээжтэй дээ. Ээж болгон л дээл ч байна уу, плаж ч байна уу, кимоно ч байна уу нэг байхад болно, хоёрыг авч байхаар энэ хүүхдэдээ ийм ч юм авъя, тийм ч юм авъя гэж боддог байх даа гэж бодогдож билээ:
-Хэдийгээр өөрөө бурханы оронд одсон ч уран бүтээл, дуу нь өнөөдөр ч дуулагдсаар байгаа нь ховор завшаан шүү. Аавынхаа зохиосон дууг зураг, радио, фэйсбүүкээр үе үе сонсох нь та бүхэнд сайхан байдаг байх. Бас хөнгөн гуниг төрүүлдэг ч байх?
-Тэгэлгүй яахав, зарим үед нулимс гардаг. Хорвоо тэр чигээрээ зовлон боловч ухаантайгаар урвуулан авч чадвал тэр чигээрээ жаргал болон хувирдаг гэж үнэн шүү. Аавынхаа барааг хараа ч үгүй хүн байж л байдаг. Хэдийгээр аав маань бурхан болсон ч гэсэн аавынхаа талаар ийм их зүйл мэддэг, Монголд хосгүй уран бүтээлч аавын охин нь болж төрсөндөө маш их баяртай явдаг.