Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Умард Солонгос хайперсоник пуужин амжилттай туршсанаа мэдэгдлээ

Умард Солонгосын энэ долоо хоногийн эхээр туршсан хайперсоник пуужин байгаа амжилттай оносон гэж тус улсын Засгийн газрын KCNA агентлаг мэдээллээ.

2021 оны аравдугаар сараас хойш пуужин туршаагүй Умард Солонгосын уг үйлдэл нь НҮБ-ын Аюулгүй байдлын тогтоолыг зөрчсөн гэж АНУ, Япон, Өмнөд Солонгосын эрх баригчид шүүмжилсэн байна.

Дэлхийн томоохон гүрнүүдийн хөгжүүлж буй дэвшилтэт технологи бүхий хайперсоник пуужинг Пёньян анх 2021 оны есдүгээр сард туршсан.

Байгаа онохын өмнө агаар мандлаас гардаг баллистик пуужинтай харьцуулахад хайперсоник пуужин нь дууны хурднаас тав дахин хурдаар (6200 км/цаг) бага өндөрт нисэж байгаа онодог.

KCNA агентлагийн мэдээлснээр пуужин 700 км-ын зайд байрлах байгаа онохын тулд замдаа маневр хийсэн бөгөөд өвлийн улиралд ажиллаж чадахыг харуулжээ.

Эх сурвалж: TheGuardia

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

2022 онд тохиох одон орны үзэгдлүүд

Энэ онд сарны бүтэн хиртэлт, нар хиртэлт, дөрвөн солирын бороо тохиох юм. Нарийвчлан авч үзвэл нарны хагас хиртэлт аравдугаар сарын 25нд, бүтэн сар хиртэлт арваннэгдүгээр сарын найманд болно. Мөн Акваридын солирын бороо тавдугаар сард тохиох юм. Энэ үеэр агаар мандалд 50 орчим солир шатах аж. Харин Персейдын солирын бороог наймдугаар сарын сүүлчээр харах боломжтой бөгөөд 100 орчим солир шатна. Одон орончдын тодорхойлсноор энэ оны хамгийн хүчтэй солирын бороо Квадрантид юм. 120-150 солир шатаж буйг ажиглах боломжтой уг солирын бороо уржигдар болж өнгөрчээ.

2022Геминидын солирын бороог арванхоёрдугаар сард харах боломжтой юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2022 онд том тэргэл сар гурван удаа гарна

2022 онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүдийг Хубилай Сэцэн Хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нэрлэжээ.

Тухайлбал энэ сарын сарын 18-нд тэргэл сар нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдах аж. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 07 цаг 48 минутад байх нь. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг байна.

Түүнчлэн 2022 онд том тэргэл сар 3 удаа гарна. Тухайн өдөр Сар дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

1 сарын 3-ны шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар 02 цаг 35 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.

1 сарын 3, 4. Квадрантид (010 GUA) солирын урсгал. Энэхүү солирын урсгалын оргил үед дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн 1 дүгээр сарын 1-5 хооронд болдог. 2022 оны хувьд 3-4 -нд шилжих шөнө оргил үе нь тохиох юм байна. Энэ үеэр шинэ сар тохиож сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд ажиглахад нэн тохиромжтой. Их баавгай, Луу,Тариачин гэсэн 3-н одны ордны голоос солир цацрах үзэгдэл болно.

1 сарын 7. Буд гарагийн зүүн элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдах болно, өөрөөр хэлбэл Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдана.

1 сарын 18. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 07 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 1. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Улаанбаатарын цагаар 13 цаг 48 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

2 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

2 сарын 16. Буд гарагийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 26.3 градусын өнцгөөр баруун холдолт буюу баруун элонгацад харагдана. Энэ үед Буд гараг маш сайн тод ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

3 сарын 3. Шинэ Сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй, Нар Сарны тохиолго болно. Улаанбаатарын цагаар 01 цаг 35 минутад эклиптикийн хавтгайд Нар, Дэлхийн голд байрлах үе тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

3 сарын 17. Тэргэл Сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 00 цаг 56 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, Сарны далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

3 сарын 20. Хаврын тэнцлийн үе. Хаврын тэнцлийн үе нь Улаанбаатарын цагаар 23 цаг 33 минутад тохионо. Дэлхий дээр өдөр шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг, Нар тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасаас хойд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Өөрөөр хэлбэл, Нар тэнгэрийн экватор болон эклиптикийн огтлолцсон цэгт оршино гэсэн үг юм. Энэ тэнцлийн өдөр Нар зүүн зүгт мандаж баруун зүгт жаргана.

3 сарын 20. Сугар гарагийн баруун элонгац. Сугар гараг нь Нарнаас хамгийн их 46.6 градусын өнцгөөр баруун холдож харагдана. Энэ үед Сугар гараг маш сайн ажиглагдана. Энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой цаг нь өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана, өөрөөр хэлбэл Нар мандахаас өмнө тэнгэрийmtjutн зүүн хаяанд хамгийн их өндөрт ажиглагдана.

4 сарын 1. Шинэ сар. Дэлхийгээс ажиглахад Сар нь Нар талдаа байрлаж шөнийн тэнгэрт харагдахгүй. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 14 цаг 24 минутад тохионо. Энэ үеэр сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадсыг ажиглахад маш тохиромжтой юм.

4 сарын 17. Тэргэл сар. Сар нь Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 55 минут байна. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

4 сарын 22, 23. Тэнгэрийн сан ордны солирын урсгал (Lyrids Meteor Shower). Солирын урсгалын үеэр цагт 20 тооны солир Дэлхийн агаар мандалд орж ирэн шатах үзэгдэл болдог. Анх 1861 онд нээж байсан C/1861 G1 Татчер (Thatcher) сүүлт одны үлдээсэн ул мөр болох хий тоосонцор, хэлтэрхийнүүдээс үүдэлтэй гэж үздэг. Солирын урсгал жил бүрийн 4 сарын 16-25 хооронд болдог. Энэ оны хувьд 4-р сарын 22-ны шөнөөс 23-ны өглөө хүртэл оргил үе нь ажиглагдана. Эдгээр солирын биетийн зарим нь цөөхөн секундийн турш хурц тоосны зам татуулдаг байна.

4 сарын 29. Буд гарагийн зүүн элонгац. Нарнаас 20.6 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаригийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

4 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь 20:28 UT цагт тохионо. Энэ үед Саргүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

4 сарын 30. Нарны хагас хиртэлт. Нар, Сар, Дэлхийн байрлалаас шалтгаалж Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог. Нарны хагас хиртэлтийг тусгай нарны фильтер ашиглан, нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. Номхон далайн өмнөд хэсэг болон Өмнөд Америкийн нутгуудаар ажиглагдана. Хамгийн сайн харагдах муж нь Аргентинд 53 хувьтай ажиглагдана.

5 сарын 6,7. Хумхын Эта солирын урсгал (Eta Aquarids). Энэ солирын урсгалын үеэр цагт дунджаар 60 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Тэнгэрийн өмнөд хагас бөмбөрцөгт илүү сайн идэвхтэй ажиглагддаг бол хойд хагас бөмбөрцөгт цагт 30 орчим солир ажиглагдана. Энэ урсгал нь жил бүрийн 4-р сарын 19-өөс 5-р сарын 28 хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 5-р сарын 6 шөнөөс 5-р сарын 7–ны өглөө хүртэл ажиглагдах юм байна. Шөнө дундын харанхуйд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

5 сарын 16. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил нь Улаанбаатарын цагаар 12 цаг 14 минут байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байдаг. Түүний гадаргуу дээрх цар, тогоо уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болно.

5 сарын 16. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан болж улаавтар өнгөтэй болдог. Хиртэлтийн ажиглагдах үе нь Хойд Америк, Грийнланд, Атлантын далай, баруун Африк болон Европын баруун хэсэг байна.

5 сарын 30. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд гэх мэт.

6 сарын 14. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна. Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 52 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох бөгөөд эхнийх нь энэ байх юм.

6 сарын 16. Буд гарагийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 23.2 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн зүүн тэнгэрийн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

6 сарын 21. Зуны туйлын цэг. Зуны туйлын цэг буюу Зуны Нар буцах цэг нь Улаанбаатарын цагаар 17 цаг 14 минутад тохионо. Хамгийн урт өдөр, богино шөнө болно. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг юм. Мэлхийн замын гэрийн эхлэл болно. Дэлхийн хойд туйл руу Нар хамгийн ихээр ойртдог. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэх (өвлийн туйлын цэг) өдрүүд тохионо.

6 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 10 цаг 52 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 14. Том Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг эллипс тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том Сар гардаг байна.

Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдаж ажиглагдах юм. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 02 цаг 38 минут байна. 2022 онд том тэргэл Сар 3 удаа болох ба хоёр дахь нь энэ байх юм.

7 сарын 29. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь Улаанбаатарын цагаар 01 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

7 сарын 28,29. Хумхын Делта солирын урсгал (Delta Aquarids). Энэ солирын урсгал нь цагт дунджаар 20 тооны солир Дэлхий руу орж ирдэг. Марсден болон Крачт сүүлт одны тоосны үлдэгдлээр үүсгэгдсэн. Энэ урсгал нь жил бүрийн 7 сарын 12-өөс 8 сарын 23-ны хүртэл болдог. Энэ оны оргил үе нь 7 сарын 28-ны шөнөөс 7 сарын 29-ний өглөө хүртэл ажиглагдах юм байна. Сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд маш сайн ажиглагдана. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болно.

8 сарын 12. Том тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Гадаадад супер сар гэж нэрлэдэг. Дэлхийг зууван тойрог замаар тойрч байгаа Сар нь тэргэл сартай үед Дэлхийд хамгийн их ойртох үе (Дэлхийд дөт цэг) нь давхцаж ирдэг учраас Сар энгийн ажиглагдах үеэсээ харьцангуй том сар гардаг байна.

Харагдцын хувьд Сар Дэлхийгээс алсрах цэгээс ажиглагдахаас 30 хувь илүү гэрэлтэй, 14 хувь том харагдана. Энэ нь астрономийн ховор үзэгдэлд ордог. Ингэж харагдаж оргил үе нь Улаанбаатарын цагаар 09:39 минут байна. 2022 онд том тэргэл сар 3 удаа болох ба гурав дахь нь энэ байх юм. Тухайн өдөр Сар Дэлхийд хамгийн ойр ирж байгаа үе таарч байгаа учраас ердийнхөөсөө том, гэрэл ихтэй тэргэл сар гарна.

8 сарын 12,13. Тэргэрийн онгоцны солирын урсгал (Perseids). Энэ солирын урсгалыг ажиглахад маш сайн харагддаг, цагт дунджаар 60 тооны солир агаар мандалд орж ирдэг. Свипт-Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээр үүсгэгдсэн, түүнийг анх 1862 онд нээж байсан байна. Тэнгэрийн онгоц ордын солирын урсгал нь гэрэлтэй хурц солирууд (болид) ихээр ажиглагддагаараа маш алдартай юм. Урсгал нь жил бүрийн 7 сарын 17-ноос 8 сарын 24-ны хооронд болдог. Энэ жилийн хувьд том тэргэл сартай хамт тохиож байгаа учраас ажиглахад гэрэл ихтэй, тохиромж муутай байна. Шөнө дунд харанхуй үед ажиглахад тохиромжтой. Солирууд тэнгэрийн онгоцны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль ч хэсэгт харагдах боломжтой юм.

8 сарын 14. Санчир гарагийн эсрэг тохиолго. Цагариган бүслүүрт Санчир гараг нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Санчир гараг болон түүний дагуул саруудыг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй болон том дурангаар Санчирын цагариган бүслүүр болон түүний гэрэлтэй цөөхөн саруудыг харж болно.

8 сарын 27. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 16 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

8 сарын 27. Буд гарагийн зүүн элонгац. Нарнаас 27.3 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолд болно. Энгийн нүдээр харагдана. Буд гарагийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гарагийг харж болно.

9 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдаж оргил үе нь Улаанбаатарын цагаар 17 цаг 58 минут байна. Зарим оронд тэргэл сартай үед жил бүр эрдэнэ шишийн ургацаа хураадаг байсан учир түүний Ургацын Сар гэж нэрлэдэг байна. Ургацын Сар намрын тэнцлийн үетэй ойролцоо болдог байна.

9 сарын 16. Далай ван гаргийн эсрэг тохиолго. Усан цэнхэр аварга хийн гараг Далай ван нь Дэлхийд хамгийн ойр орших бөгөөд шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Далай ван гаригийг ажиглах болон зураг авахад маш тохиромжтой байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Далай ван гарагийг харж болно.

9 сарын 23. Намрын тэнцлийн цэг. Намрын тэнцлийн цэг нь Улаанбаатарын цагаар 09 цаг 04 минутад тохионо. Нарны цацраг экватор луу чиглэдэг ба Дэлхий дээр өдөр болон шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг. Нар тэнгэрийн хойд хагас бөмбөрцгөөс өмнөд хагаст шилжихдээ тэнгэрийн экваторыг огтлон гарч буй цэг. Энэ цэг нь Жинлүүрийн ордны эхлэл болно.

Тэнгэрийн хойд хагаст намрын тэнцлийн цэгт астрономийн намрын эхний өдөр болдог бол өмнөд хагаст хаврын тэнцлийн цэг буюу астрономийн хаврын эхний өдөр болно. Энэ өдөр баруун, зүүн цэгийг нарны мандах, шингэх цэгээр нарийн тодорхойлж болно. Нар зүүний цэгт мандаж барууны цэгт жаргана гэсэн үг юм.

9 сарын 26. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Энэ оргил үе нь Улаанбаатарын цагаар 05 цаг 55 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

9 сарын 26. Бархасбадь гарагийн эсрэг тохиолго. Аварга хийн гараг Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Бархасбадь гараг болон түүний саруудын зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Бархасбадь гарагийн үүлэн судлуудыг нарийвчилж ажиглан харах боломжтой. Гарагийн хоёр талд гэрэлтэй тод цэгүүд болох 4 том дагуулыг сайн харж болно.

10 сарын 7. Лууны ордны солирын урсгал (Draconids). Энэ урсгал нь бага тооны солир харвадаг, цагт дунджаар 10 орчим солир үзэгдэх болно. Солирын урсгал нь 1900 онд анх нээж байсан 21P Гиасобини-Зиннер сүүлт одны үлдэгдлээр үүсгэгдсэн гэж үздэг.

Жил бүрийн 10 дугаар сарын 6-10 хооронд болдог. Энэ оны хувьд оргил үе нь 7-ны шөнө таарч байна. Хагас сартай байх тул солирыг ажиглахад саад учруулж болно. Хотын гэрлээс зайтай газар байрлаж ажиглахад тохиромжтой. Солирын урсгал нь Лууны одны ордноос цацарч харагдах боловч тэнгэрийн аль ч зүгт ажиглагдаж болно.

10 сарын 8. Буд гарагийн баруун элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 18 градусын баруун холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Өглөөний тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдана. Нар мандахаас өмнөхөн тэнгэрийн зүүн хаяанд бага градусын өнцгөөр ажиглагдана.

10 сарын 10. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ цагаар 04 цаг 55 минут байна.

10 сарын 21,22. Маралын солирын урсгал. Маралын солирын урсгал нь дундаж хэмжээ нь цагт 20 тооны солир харвадаг. Үүнийг маш эрт цагаас ажиглаж ирсэн Халле сүүлт одны үлдээсэн ул мөрнөөс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 10 сарын 2- ноос 11 сарын 7-ны хооронд болдог. Оргил үе нь 10 сарын 21 шөнөөс 22-ны өглөө ажиглагдах болж байна. Нимгэн хавирган сартай байх учир сарны нөлөө бага учир шөнө дунд харанхуй үед маш сайн харагдах болно. Солирууд нь Маралын одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

10 сарын 25. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 49 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

10 сарын 25. Нарны хагас хиртэлт. Нар ба Сарны тохиолго болох үе. Нар, Сар, Дэлхийн харилцан байрлалаас шалтгаалж, өөрөөр хэлбэл хоорондын зайнуудаас хамаарч Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог.

Нарны хагас хиртэлтийг түүний тусгалыг, эсвэл тусгай нарны филтер ашиглан нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. ОХУ-ын баруун хэсэг болон Казахстан улсын нутгуудаар ажиглагдах юм байна. Хамгийн сайн харагдах муж нь ОХУ-ын төв хэсэгт 80 хувьтай ажиглагдах юм байна.

Үхрийн солирын урсгал нь маш бага хэмжээтэй, дунджаар цагт 5-10 тооны солир харвадаг. Энэ нь ер бусын хоёр тусдаа урсгалаас бүрддэг. Эхнийх нь 2004 TG10 бага гаригийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бол хоёр дахь урсгал нь 2P Энке сүүлт одны үлдэгдэл гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 9 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 10-ны хооронд болдог. Оргил үе нь 11 дүгээр сарын 4-ний шөнө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө ихтэй. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Үхрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 19:02 минут байна.

11 сарын 8. Сарны бүтэн хиртэлт. Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан, цусан улаан өнгөтэй харагддаг. Хиртэлтийн ажиглагдах зурвас нь ОХУ-ын зүүн хэсэг, Япон, Австрали, Номхон далай болон Хойд Америкийн төв хэсэг байна.

11 сарын 9. Тэнгэр вангийн эсрэг тохиолго. Цэнхэр ногоон гараг нь Дэлхийд хамгийн ойр орших үе нь шөнө дунд орой хадах үе. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод ажиглагдана. Тэнгэр ван гарагийг ажиглах маш тохиромжтой цаг үе байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Тэнгэрийн ван гарагийг харж болно.

11 сарын 17, 18. Арслангийн солирын урсгал (Leonids). Арслангийн солирын урсгал нь дунджаар цагт 15 тооны солир харвадаг. Энэ нь 33 жилийн циклтэйгээр цагт 100 хүртэлх солир харвах үзэгдэл болдог онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2001 онд тохиолдсон. Урсгал нь Темпель Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бөгөөд 1986 онд нээж байжээ.

Солирын урсгал нь жил бүрийн 11 дүгээр сарын 6-30-ны хооронд болдог. Оргил үе нь 17 шөнөөс 18-ны өглөө ажиглагдах болж байна. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй солируудын эрчмийг сулруулна. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Арслангийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 24. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 06 цаг 57 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

12 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь Улаанбаатарын цагаар 12:08 минут байна. Сар хүйтэн уур амьсгалтай байдаг учир уугуул Америкчууд хүйтэн сар гэж нэрлэдэг байсан байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байна. Түүний гадаргуу дээрх уул нурууд, цар тогоо зэргийг бага хэмжээтэй болон астрономийн дурангаар ажиглан харж болно.

12 сарын 8. Ангараг гарагийн эсрэг тохиолго. Улаан нүдэн гараг нь Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Ангараг гарагийн зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Ангараг гарагийн улаан гадаргуу дээрх зарим бараан хэсгийг ажиглан харах боломжтой.

12 сарын 13, 14. Ихрийн солирын урсгал (Geminids). Ихрийн солирын урсгал бол солирын урсгалуудын хамгийн их цацардаг урсгал бөгөөд өвөрмөц онцлогтой ажиглагддаг юм. Тэрээр цагт 120 хүртэлх тооны олон төрлийн өнгөтэй солир харвадаг. Урсгалыг 1982 онд анх нээж байсан 3200 Пэитон нэртэй бага гарагийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй юм. Энэ урсгал нь жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны хооронд болдог. Оргил үе нь 13 шөнөөс 14-ний өглөө хүртэл ажиглагдана. Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй болон өнгөтэй солируудын гэрэлтэлтийг хааж болох юм. Гэвч Ихрийн солирын урсгал их цацардаг учир шөнө дунд харанхуй байрлалаас сайн ажиглагдах болно. Солирууд нь Ихрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 22. Өвлийн туйлын цэг. Өвлийн туйлын цэг буюу Өвлийн Нар буцах цэг нь Улаанбаатарын цагаар 05 цаг 48 минут тохионо. Хамгийн богино өдөр урт шөнө болдог, Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг. Дэлхийн өмнөд туйл руу Нар хамгийн их хазайдаг . Өмнөд өргөргийн 23.44 градусын халуун бүсийн Матрын зам дээр ирдэг. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэх (зуны туйлын цэг) өдрүүд тохионо.

12 сарын 21. Буд гаргаийн зуун элонгац. Нарнаас 20.1 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гарагийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно. Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гарагийг харж болно.

12 сарын 21, 22. Алтан мөнгөн шаргалын солирын урсгал(Ursids). Солирын урсгал нь дунджаар маш бага хэмжээтэй байх ба цагт 5-10 тооны солир харвадаг . Үүнийг 1790 онд анх нээж байсан Туттль сүүлт одны хэлтэрхийнээс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 17-25-ны хооронд болдог. Оргил үе нь 12 дугаар сарын 21 шөнөөс 22 -ны өглөө хүртэл ажиглагдах болж байна. Шинэ Сартай байх учир сарны нөлөө байхгүй тод гэрэлтэй солирууд сайн ажиглагдах болно. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Алтан мөнгөн шаргал буюу Бага долоон бурхны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 23. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Ертөнцөд ганцхан 9к ангийнхан…

9к ангийн 35 жилийн уулзалт


Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 1987 оны 34 дэх төгсөлт “9к” ангийнхан оролцлоо. Тэднийг сурагч байхад Б.Гомбо сургуулийн захирлаар ажилладаг байжээ. Энэ тухай ангийн багш Л.Оюунчимэг “1985 онд Багшийн дээдийн монгол хэл, уран зохиолын ангийг төгсгөөд нутагтаа ирж “9к” ангийг нэг жил дааж байлаа. Тухайн үед есийн “А” бүлгээс эхлээд манай анги 11 дэх буюу “К” бүлэг байсан юм. Алтайн ихэнх сумдын сургууль найман жилтэй байсан учир ийнхүү олон бүлэгтэй байсан билээ. Б.Гомбо захирал эхийн хэвлийд байхдаа нэрээ олж авсан гэдэг, миний хувьд нагац ах минь. Эмээ хүүгээ гэдсэнд байхад аргал түүж яваад нэг “устай” чулуу олсон гэдэг. Түүнийгээ нутгийн мэдлэгтэй ахмад хүнд үзүүлтэл “Энэ их учиртай хүүхэд төрөх нь байна, Гомбо гэдэг нэр хайрлаарай, унаган нутагтаа ээлтэй, эрдэм ном түгээх хүүхэд төрнө өө” гэж хэлсэн гэдэг. Иймээс нутгийнхан түүнийг эхийн хэвлийд байхдаа нэрээ олсон юм гэлцдэг. Түүний нэгэн насны амьдралаа зориулсан эрдмийн өргөө- нэгдүгээр сургууль минь Алтайн үе үеийнхний оюуны боловсролд үнэтэй хөрөнгө оруулсаар түүхэндээ 70-аад удаагийн төгсөлтөөр 100-гаад мянган төгсөгчдөд эрдэм хүртээжээ” хэмээн ярианы эхэнд хуучиллаа. Физикийн багш, сургалтын менежер У.Энхтуяа сургуулийн 70, 80 жилийн ойн номыг өндөр түвшинд эмхэтгэн хэвлүүлжээ. Ялангуяа 80 жилийн ойн номонд сургуулийн бүх төгсөгчдийн нэрийг оруулсан нь мартагдашгүй сайхан үйл явдал болсныг ч хуваалцлаа.

“9к” ангийнхан 32-уулаа суралцаж, аравдугаар ангид дэвшихэд ангийн багш нь шилжиж тэднийг үлдсэн 10 бүлэгт хоёр, гурваар нь хуваасан байна. Тэднээс Я.Тайвантуяа Алтай сумандаа цэцэрлэгийн багш, Г.Гантөмөр аймагтаа, В.Баттулга Тонхил суманд, Ц.Ариунтуяа Сүхбаатар аймагт бизнес эрхэлдэг, Т.Эрдэнэтуяа Халиун суманд, Л.Туяа Гуулин тосгонд сургуулийн тогооч, П.Нарангэрэл Алтай суманд Хязгаарын цэргийн ангид бэлтгэл офицер, Д.Ганчимэг Цээл суманд сургуулийн бичиг хэргийн ажилтан, Ц.Энхцэцэг аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч, Сономын Тунгалаг Улаанбаатарт “Jobi” төвд барилгын худалдаа эрхэлдэг, Ч.Мөнхөө нүүрс тээврийн туршлагатай жолооч, Б.Бат-Очир Цээл суманд малчин, Д.Дарьрагчаа Улаанбаатарт үзмэрч, Ш.Наранцэцэг Төгрөг сумандаа ажиллаж амьдардаг. Хөдөлмөрийн баатар, Улсын аварга малчин Дорж гуайн охин Долзодмаа нь удам залган Улсын хошой аварга малчин болж нутагтаа амьдарч байгаа. Л.Отгонцэцэг, Д.Эрдэнэчимэг, Б.Алтантуяа, Б.Дэвэрцоо, Т.Нямцэцэг нартаа ангийн андуудын зүгээс мэнд дэвшүүлж байна.


“Манай анги эвтэй, юуг ч бүтээж чадах хамт олон байсан. Ангийнхнаа бодохоор хайр хүрдэг. Бид өөр өөр ангид орсон ч биесээ, багшийгаа их үгүйлдэг байсан. Монгол хэл, уран зохиолын залуухан багш биднээс дөрөвхөн насаар эгч сайхан эмэгтэй ирж байлаа. Багшийг хараад л ямар гоё эмэгтэй вэ гэж гоо сайхны таашаал, үлгэр авдаг байсан. Бидэнд Монголын нууц товчоо, урлаг утга зохиолын тухай их ярьж өгнө. Багшаасаа хүнлэг байх, утга уран сайханд дурлахыг маш сайн суралцсан. Нэг насны амьдралын минь их том “оюуны цэнэг” байсаан” хэмээн ангийн дарга Д.Чимгээ хэлж байлаа.

Ангиараа Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд манжин хураахаар хөдөөг зориход ангийн багш нь, оюутан насны дурсамж, утга уран зохиол гээд олон зүйлийн тухай нээлттэй ярилцаж охидоо “манаад” хонодог байжээ. Энэ ярианаас багш, сурагчдын холбоо ямар ойр дотно, халуун дулаан найзууд шиг байсныг ажигланам.

Ангийн дарга Д.Чимгээ нь Анагаах ухааны сургуульд суралцаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ангийг дүүргэн өнөөг хүртэл 33 жил Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт зүтгэж байгаа аж. Багшийн “баруун гар” ангийн сайхан бичигтэн Ц.Жавзандулам бичиг хэргийн худалдаа эрхэлж, Чандмань сум нэгдлийн дарга Аварзэдийн хүү Батбаяр Канад улсад 15 дахь жилдээ ажиллаж амьдардаг, Дэлгэр сумын дарга Базарын хүү Цэнгүүнжав аймагтаа аялал жуулчлалын компани байгуулан ажилладаг, ангийн хамгийн даруу хөвгүүн Ж.Ядам Монголын цахилгаан барааны зах зээлд томоохон байр суурь эзлэх бизнесмэн болжээ, Тайшир сум нэгдлийн даргын хүү Ц.Болдбаатар Өвөрхангай нутгийн бүсгүйтэй ханилан хоёр сайхан хүүтэй болж барилгын салбарт, С.Цагаанбаатар аймгийнхаа нийгмийн бодлогын хэлтсийн даргаар олон жил ажиллаж одоогоор Соёлын хэлтсийн даргын албыг ангийнхнаа холбох албатай зэрэгцүүлэн хашдаг. Харин Ц.Баасансүх нь Бугат сумын багийн дарга, буянт сүргээ өсгөн эх нутагтаа сайхан амьдардаг бөгөөд ангийн найзуудаа урьсан мянгат малчин болжээ. Ангийн хөвгүүн Ч.Хүрлээ “Боржигон хийморь”, “Учирсан сэтгэл”, “Монгол заншил”, “Баярлуулж яваарай”, “Өссөн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлээ туурвиж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч болжээ. “1987 онд “Эхийн сэтгэл” хэмээх анхны дууны үг, аяыг зохиосноос хойш өдгөө урын сандаа 170 орчим дууны шүлэг, 50 гаруй дуутай болжээ. Хамт олноо дурсан “Насан туршийн андууд” дуугаа зохиож сонсогч олонд хүргээд байна. “Боржигон хийморь” хэмээх дууг МУАЖ А.Энхтайван гуайтай хамтарч хийсэн нь одоогоор миний хамгийн оргил бүтээл болоод байна. Саяхан бяцхан авьяастан Б.Бат-Энэрэлээр дуулуулсан “Баярлуулж яваарай” дуу маань нийтэд өргөн түгээд байна” хэмээн Ч.Хүрлээ дурслаа. Эл хамт олноос салбар салбарын шилдгүүд, алтан гадас одонт, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт олноор төржээ. Харин шавь, ангийн анд Т.Цэнгэлмаа, Ц.Батцэнгэл хоёрыгоо арай л эрт хорвоогийн мөнх бусыг үзсэнд харамсаж байгаагаа хэлж, “Батцэнгэлийг гитар дарж байхыг араас нь харсан хэн ч дурлахаар хүү байсан” хэмээн дурсацгааж байсан юм. Ингээд шавь нар нь “Багш аа, та манай ангийг төгсгөсөн бол ангиас хоёр, гурван “хос” төрөх байсан шүү” гээд инээлдэж байлаа.

“Бид 10 жилд байхдаа ийм гоё багштай таарсандаа баярладаг. Хэрвээ оюутан насандаа таарсан бол нэг их ач холбогдол өгөхгүй өнгөрөх байсан байх аа. Яг шохоорхлын насан дээрээ царайлаг, эмэгтэйлэг, чөлөөтэй, гоё багш ороод ирэхээр бүгд үлгэр авч, дуурайж байсан” хэмээн ангийн охид хэлэв. 1986 онд Багш нарын баяраар тэдний урласан ханын сонин нэгдүгээр байранд шалгарч байж. Бөөндөө суугаад ангийн багш зөвлөж, цоо шинэ санаа гаргая гээд л ярилцаж одоогийнхоор комик ном шиг л ханын сонин хийж байсан тухайгаа дурсав. Ангийн хөвгүүн Ц.Болдбаатар маш сайхан зурдаг, С.Цагаанбаатар, ангийн дарга Д.Чимгээ нар ховор шүлгүүдийг цуглуулж бичих даалгаврыг биелүүлж байжээ. Ирэх онд эрдмийн сургуулиа дүүргэсний 35 жилийн ой болно. Ангийн багш нь аравдугаар ангиа төгсгөлгүй явсанд ангийнхан нь “гомдолтой” байдаг учир тэр орон зайгаа нөхөн, хойч үе үр хүүхдүүддээ зориулан ангийн хэмжээнд есөн үеийн ураг удмаа тодотгосон дурсамжит ном гаргах ажилд ханцуй шамлан оржээ. Л.Оюунчимэг багшийнх нь хэлснээр “Энэ ном бол бидний үлдээх цор ганц оюуны өв” гэдгийг онцолж байсан юм.

А.Батбаяр “Бид ямар гайхалтай багш нараар хичээл заалгаж байснаа гадны орноор аялж байхдаа ойлгосон. Атлантын далайн энэ түүхт газар бол Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолыг бичсэн дурсгалт газар, энэ зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн, зохиолын гол санаа нь өвгөн, загас, тэнгис гурав биш, хүн төрөлхтний дотоод оршихуй, амьдралын мөн чанарыг харуулсан… гэдгийг багш маань нүдэнд харагдтал тайлбарладаг байсан сан. Тиймээс бүх зохиолыг эхээр нь өөрийн эрхгүй уншдаг байлаа” гэсэн юм.

“Би хувь заяаны төөргөөр хоёр л анги дааж удирдсан байдаг. Эхнийх нь энэ 9к ангийнхан, дараа нь Дархан-Уул аймгийн Салхит тосгоны сургуулийн наймдугаар анги. Өнгөрсөн жил Салхитын сургуулийн 40 жилийн ой болж, ойн номын редактораар ажилласан. Тэр ангиас төмөр замын мэргэшсэн инженер Тунгалаг, Монголын “Кофены хатан хаан” Л.Дэлгэрмаа, хэлний мэргэжилтэн Д.Энхтуул зэрэг олон сайчууд төрсөн байдаг. Уран зохиолын хичээл дээр гэхэд “Жангар” баатарлагийн туулийг нийтээрээ гурван удаа чанга дуугаар уншаад сурагчид цээжилнэ. Эхлээд харж уншина, хоёрдугаарт нүдэндээ төсөөлж, гуравдугаарт сэтгэлдээ төсөөлж уншина. Ингээд л цээжилнэ дээ. Нийтээрээ гурван удаа уран яруу унших явцад хичээлд идэвхигүй оролцдог хүүхдүүд ч өөрийгөө шинээр нээж урам авдаг. Тэр үед 45 минутаар хичээллэдэг байлаа. Монгол хэлний хичээл дээр тухайн өдрийн цаг агаарыг холбоо үгээр хэлүүлнэ, тэдгээр үгсийг оруулсан долоогоос арван өгүүлбэр бичүүлдэг. Эхлээд хүүхдүүд тулгамддаг ч оюун санааны хувьд маш хурдан өсдөг. Өвлийн өдөр, борооны ус гэж хэлдэг байсан хүүхдүүд тугалган хүнд саарал үүл, борооны нүсэр үүл… гэх зэргээр үг сонголтын хувьд хурдан хөгждөг. Энэ бүхэн таван минутад багтдаг. Олон давтагдах тусам хүүхдүүдийн үгийн сонголт, найруулга сайжирдаг. Орчин үеийн Монгол хэл, уран зохиолын багш нар энэ аргыг дэлгэрүүлэн хэрэглэдэг байгаасай. Хожим шавь нартайгаа галт тэргэнд таараад багш нь сэтгүүлч болсон гэтэл “Та багшаараа ажиллаж байсан бол аль хэдийнэ гавьяат багш болох байсан” гэж хэлэхэд нь омогшиж л суулаа. Одоо бодоход шавь нар маань бүгд бичиг соёл, утга зохиолтой ойр яваа. Утга зохиол, номын амтанд орж, хүн байхын мөн чанарыг ойлгуулж өгсөн та үнэхээр үнэ цэнэтэй гэж ангийн дарга Д.Чимгээгийн маань хэлсэн үг миний нэг бахархал байлаа. Би Монголын утга зохиолд хэд хэдэн сайн яруу найрагч, сэтгүүлчдийг төрүүлсэн юм билээ. Шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн нэг гэж нэрлэгдсэн Баасангийн Номинчимэд бол миний шавь. Есдүгээр ангид байхад нь гадаадын уран зохиолын хичээл дээр билетээр улсын шалгалт авах болов. Номио гаднаас ороод ирэв. “Бүх эх зохиолыг уншсан хүүхэд” гэж хэлтэл, Номио билетээ сугалаад би бэлтгэлгүй ярья аа гэж байсан. Ийм л хүүхэд байсан. Номио маань аравдугаар ангиа онц төгсөөд үеийнхнээ уриалж илгээлтээр гурван жил Бугат суманд мал малласан. Одоо “Цагаан бороо” номыг нь нийгмээрээ шимтэж байгаагийн нэг шалтгаан бол Номио өв соёлыг арван хэдхэн насандаа мэдэрч малчи9к ангийн 35 жилийн уулзалтАд, уламжлал, өвгөдтэй ойрхон амьдарсан гурван жилийнх нь үнэ цэнэ өнөөдөр гарч ирж байгаа байх аа” гэлээ. Бас сэтгүүлч Л.Эрдэнэмаа, яруу найрагч А.Сүглэгмаа нар байна.

А.Батбаяр, ангийн багш болон

“Өргөн Сэлэнгийн давлагаа” номын зохиогчийн хамт

Л.Оюунчимэг багш СХД-ийн 38 дугаар хорооны “Сайн хөрш 53” СӨХ-ны дэргэд хүүхдийн ном уншлагын төвийг санаачилжээ. Дөрвөн зуугаад айлын мянга орчим хүүхэд бужигнаж байх тус хотхонд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын дэмжлэгээр “Хөх дэвтрүүд- 108 боть”-ийн үргэлжлэл “Эрдэнэсийн сан-50 боть” номтой болсон тус төвийнхөн орой бүр 19:30 цагаас үлгэрийн цаг хичээллүүлдэг. Халиунаа, Энхжин, Номио, Уянга, Г.Түмэнбаяр, Т.Буднямаа зэрэг охид, хөвгүүд болон СӨХ-ийн захирал Н.Амгаа нар үргэлжлүүлэн авч яваа. Нийгмийн соёл, ухамсар муудаж байгааг анзаарч Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод номын арвин нөөцтэй ордон байгуулсан байна. “Magic box”-оос ч өмнө орон нутагт анх удаа Номын ордондоо хүүхдүүд кофе, цай уунгаа, бүх төрлийн оюуны тоглоомоор тоглоод номоо уншдаг, энэ ажлыг нь “Мөнгөн хараа” чуулгын дарга Б.Дэнсмаа, бизнесмэн Ч.Машбат, сумын Засаг дарга Б.Ганболд зэрэг сайхан сэтгэлт хүмүүс байнга дэмждэгт талархдаг аж.

Орчин үеийн гэр бүл хүүхдийн хүмүүжлийг орхигдуулж байгаад сэтгэл эмзэглэж буй тухайгаа хуваалцсан юм. “Намайг хүүхэд байхад хүн бүр нэг үлгэр ярьж унтдаг, аав, ээжүүд хүүхдээ их хөгжүүлж, урамшуулдаг байсан. Харин бидний тухайд манай гэрийн уламжлал бол хүн бүр гурван онигоо яриад инээлгэсэн нь “супер” болдог байлаа. “Цахим монголчууд” түүхийг сонсохоор хүүхэд эх түүхээрээ бахархаж, шимтдэг юм байна лээ. Тиймээс доктор Д.Өлзийбаатарын 40 цагийн лекцийг орой бүр сонсгож байхыг зөвлөж байна.

Мөн бидний зарим хэсэг нь улс орны амин чухал асуудал яригдаж байхад түүний хажуугаар өнгөрөх мөртлөө сошиалд дэмий зүйлд цаг, сэтгэлээ зарж байна. Үүнээс хол байлгахын тулд бид хүүхдийг багаас нь уншуулж сургах хэрэгтэй. Хүний хөгжил утга зохиолтой холбоотой байдаг, хүүхдийн хүмүүжил, тэр дундаа ном дотоод сэтгэлийн хөгжилд ямар чухал вэ гэдгийг анхаарах шаардлагатайг онцоллоо.

Үүний сацуу бүх зүйл шүтэн барилдлагатай байдгийг, хамт олныг эвсэг, насан туршийн холбоотойгоор удирдаж, зангидаж авч яваа шавь нар, тэр дундаа ангийн дарга Д.Чимгээ, хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга С.Цагаанбаатар нартаа талархаж, ном, эрдмээр дамжуулан хүүхдүүдээ ямар сайхан төлөвшүүлж, оюунжуулж байсан юм бэ гэдгийг тэднийхээ ярианаас сонсон талархаж буйгаа мишээл дүүрэн илэрхийлэв.

Эцэст нь монголчууд бид уламжлалаасаа холдож болохгүй. Яг энэ л цаг үед баг, сум, аймаг, хотлоороо Монголчууд минь сэрэх, сэтгэх хэрэгтэй байна. Хүүхдийг зөвхөн аав ээж нь биш хөрш, хороо, гудамж, сумынхан хүмүүжүүлдэг. Ингэж байж шинэ зууны сэхээрсэн, бүтээлч иргэд бий болохыг ИРЭЭДҮЙ хэмээх их өндөрлөг рүү өнөөдрийн замаар тэмүүлж буй үнэ цэнэт хүн бүхэнд хаяглан хэлсэн юм.


Ангийн хөвгүүн МУСТА Ч.Хүрлээгийн үг, ая “Жаргаж амьдрах хорвоо” дууг хүргэж байна.

Өглөө өглөөдөө мандах наран

Өнгөлөг байхад орчлон гэгээлэг

Өөдөсхөн жаахан балчир насандаа

Өхөөрдүүлж өсөх хүүхдүүд жаргалтай

Зөөлнөөс зөөлөн нинжин сэтгэлтэй

Ээжийнхээ хайранд үрс нь жаргалтай

Өгөөж буянтай төгөлдөр аавынхаа

Ивээл буянд гэр бүл жаргалтай…


Шигтгээ

УБДС-ийг багш мэргэжлээр, ТЗУХИнститутийн төрийн удирдлагын ангийг арга зүйчээр, МХХүрээлэнгийн СЗДКурсийг сэтгүүлч мэргэжлээр төгсгөсөн Л.Оюунчимэг багш залуучууд – эвлэл – эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил ажиллаж байна. Өдгөө “Номын цагаан хишиг” цуврал номоороо хүүхэд, залуучууд бүхий л насныхны оюуны мэдлэгт хувь нэмрээ оруулсаар явна.

Эхчүүд- хүүхдийн эрх ашгийг хамгаалах “Ирээдүйн хишиг сан” ТББ”-ын Тэргүүний хувьд “хоёр дахь арван жил”-ийн түүхээ бичилцэж байгаа ба улсын хэмжээнд орон нутагт байгуулагдсан хоёр дахь бие даасан ТББ юм. ЛЭОС-ийн Сэлэнгэ аймгийн тэргүүн байхдаа аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн таван том төслийг хэрэгжүүлсэн нь бидний бахархал билээ.

“Алтай-Гомбо Сан”-гийн тэргүүний хувьд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 153 тоот тогтоолын хавсралтад зааснаар Говь-Алтайн төвийн нэгдүгээр сургууль Монгол Улсын Гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит болсон нь нутийнхны бахархал билээ.

ГАА-ийн Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 45 тоот тогтоолоор Нэгдсэн эмнэлгийн шүдний тасаг шүдний их эмч Базарын Цэрэндолгорын нэрэмжит болов.

Дарви сумын ЕБС-д төр захиргааны удирдах ажилтан Халтархүү Лхагваагийн нэрэмжит ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН КАБИНЕТ 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд нээгдсэн болно.

МБОИЗ-(Монголын байгаль орчны иргэний зөвлөл), “Ногоон парламент”-ын гишүүний хувьд Мандал, Зүүнхараа болон нийт таван сумдад ойн нөхөрлөлийн 200 сая төгрөгийн буцалтгүй төслийг хэрэгжүүлсэн нь байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмэр маань байлаа.

Монголын Ураг удам уламжлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ салбарын Тэргүүний хувьд 2018 оны Тэргүүний салбар зөвлөлөөр шалгарсан нь хамт олон болон аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутгийн дэмжлэг байлаа.

“Мандлын ногоон дэлхий” ХХК-ийн захирлын хувьд улсын тэргүүний сум, Мандал, Зүүнхараа хотод хүүхэд залууст зориулсан “Ном-Эрдэм Төв”-ийг барьж байгуулсан нь цаг үеэ олсон ажил байлаа. Үүнд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат болон аймгийн Иргэдийн хурлын нэр бүхий долоон төлөөлөгч, сумын 30 төлөөлөгчийн дэмжлэг, туслалцаа байлаа.



А.ГАНАА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эртний Египетийн хааны муммийг дижитал аргаар задалжээ

Сүүлийн 3500 орчим жилийн хугацаанд битүү боодолтой байсан эртний Египетийн хааны занданшуулсан шарилыг орчин үеийн дижитал технологийн аргаар анх удаа задалж харуулжээ.

Уг мумми нь Нийтийн Тооллын Өмнөх 1525-1504 оны үед Египетийг захирч байсан Нэгдүгээр Аменхотеп хааных юм.

Аменхотепын муммийг 1881 онд эртний Египетийн бусад хаад, хатдын шарилуудын хамт Луксор хотоос илрүүлж, дараа нь Кайр хотод шилжүүлж байжээ.

Муммийн гадна талын гоёмсог чимэглэл, багийг хөндөлгүй хадгалах зорилгоор цөөн хэдэн шарил өнөөдрийг хүртэл задлагдаагүй үлдсэн байсан юм. Тэдний нэг нь Аменхотепын мумми байжээ.

2019 онд Египет судлаач Захи Хавасс, Кайрын их сургуулийн профессор Сахар Салем нар сүүлийн үеийн компьютер томографын машины тусламжтайгаар Аменхотепын муммийн “дижитал задаргаа”-г хийж эхэлсэн байна.

Тэдний судалгааны үр дүн өчигдөр “Frontiers in Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Судалгааны тайланд өгүүлснээр Аменхотепын царай төрх аавынхтайгаа тун төстэй байсныг тогтоосон байна. Эзэн хаан нас барахдаа 35 орчим настай байсныг бас тогтоожээ. Харин нас барсан шалтгааныг илрүүлж чадаагүй байна.

Шарилыг занданшуулахдаа хоёр гарыг элгэн дээр нь зөрүүлэн эвхэж тавьсан байжээ.

Бусад хаадын муммигаас ялгаатай нь тархийг гавлын яснаас гаргалгүй хэвээр үлдээснийг тогтоосон байна. Шарилтай хамт 30 ширхэг эрдэнийн чулуу, үнэт эд зүйлс оршуулсны дотор 34 ширхэг алтан хэлхээ бүхий бүс байжээ. Дайн самууны үед Аменхотепын муммийг тонож, дахин оршуулсан гэж эрдэмтэд үздэг. Энэ үеэр шарилд учруулсан гэмтлүүдийг засварласнаас гадна тоногдсон үнэт эд зүйлсийг дахин байрлуулсан гэж судалгааны тайланд дүгнэжээ.

Эх сурвалж: Reuters

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Япон улс 2025 онд сансрын нисгэгчдээ саран дээр буулгана

Япон улс Саран дээр газардах ажиллагааг АНУ-тай хамтран хэрэгжүүлэх аж. Дэлхийн хиймэл дагуулын ойр орчмын болон гадаргуу дээр хэрэгжүүлэх өргөн хүрээний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл юм байна.

Японы Засгийн газар сансрын нисгэгчдээ Саран дээр буулгах бодолтой байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гараг /2021.12.28/-т Токиод болсон сансар судлалын стратегийн хурал дээр хэлсэн үгэндээ дурдав.

Эл хөтөлбөрийг АНУ-тай хамтран хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, арванхоёрдугаар сард Японы сансар судлалын агентлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох сансрын нисгэгчдийг шинээр бүртгэх ажлын хүрээнд зохих өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Өргөдлийг 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хүлээн авах аж.

Одоо Японы сансар судлалын агентлагийн сансрын нисгэгчдийн корпус долоон хүнээс бүрдэж байгаа ба гишүүдийн дундаж нас 52 байна. 2030 он гэхэд Сарыг идэвхтэй судлах төлөвтэй байгаа бөгөөд тэр үед гишүүдийн зөвхөн хоёр нь л хөтөлбөрийг гүйцэтгэх боломжтой, харин бусад нь тэтгэвэртээ гарах юм.

2019 оны хавар АНУ-ын NASA Сарыг судлах хөтөлбөрийн төслийг зарласан ба Токио 2019 онд Америкийн Сарны хөтөлбөрт нэгдэх шийдвэрээ мэдэгдсэн. Үүний хүрээнд Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам болон NASA хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан удаатай.

Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх, Сарны гадарга дээрх мэдээлэл солилцох, Саран дээр явагчийг хамтран бүтээх, мөн Японы сансрын нисгэгчдийг Сар руу илгээх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Ж.Бат-Ирээдүй: Эх хэл бичгийн тогтолцоотой онол, мэдлэг бий болгоход Хэл зохиолын хүрээлэнгийн судалгааны дүн оршино

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Жанцангийн Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


– Шинэ цагийн шинжлэх ухааны ууган байгууллага судар бичгийн хүрээлэн түүний ууган салбаруудын хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ой өнөөдөр тохиож байна –


-Хэл зохиолын хүрээлэнгийн түүхийн талаар ярилцлагаа эхэлье?

-Бид энэ жил Монгол Улсад шинэ цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний 100 жилийн ой, ШУА-ийн 60 жилийн ойг тэмдэглэх дашрамд 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасгаас үүдэлтэй Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ тухай ахмад эрдэмтэд, тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан А.Лувсандэндэв, П.Хорлоо, Х.Сампилдэндэв зэрэг эрдэмтэд илтгэл айлтгалдаа эш татан үзүүлсэн байдаг. Манай хүрээлэн 1921 оноос Дуун ухааны тасаг, 1930 оноос Хэл бичгийн кабинет, 1957 оноос Хэл бичиг, утга зохиол судлах газар, 1961 оноос одоогийн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн гэдэг нэртэй болсон. Монгол Улсын хувьд судар бичгийн хүрээлэн байгуулагдсан тэр цагаас үндэсний хэл бичиг, утга соёлоо хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ирсэн түүхэн уламжлалтай. Судар бичгийн хүрээлэнг анх байгуулсан бичиг номын найман хүний тав нь монгол хэл бичгийн хүмүүс байдаг.

-Академи гэдэг үг ер нь монгол хэлний үгийн санд хэдийд орж ирсэн юм бэ?

-1924 онд “Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх баримт бичгийг батлахад энэ үг анх дурдагдсан гэж судлаачид үздэг.

-1921-1930 он буюу хүрээлэнгийн үүслийн эхэн үед “Дуун ухааны тасаг”-т ямар нэрт эрдэмтэд, зохиолчид ажиллаж байсан юм бол?

-Дуун ухааны тасгийн эрхлэгчээр Б.Ринчен, 1936 оноос Д.Нацагдорж түүхийн тасгийн эрхлэгч байхдаа хавсран ажиллаж байсан. Харамсалтай нь тэрбээр 1937 онд зуурдаар таалал төгссөн. Нэрт эрдэмтэн Шадавын Лувсанвандан 1936 оны намраас 43 он хүртэл Дуун ухааны тасагт ажилтан болон эрхлэгчээр ажиллаж байсан гэдэг.

-Судар бичгийн хүрээлэнгийн хэл бичгийн бодлогын асуудал ер нь юу байсан бэ?

-“Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоон” хэмээх баримт бичгийг 1924 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн баталсан байдаг юм. Энэ баримт бичгийн хоёрдугаар ангийн хоёрдугаар зүйлд монгол хэл бичгийн бодлогын талаар заасан. Нэгт, Монгол үндэстний эдүгээ хэлж бүхий олон аймаг нутгийн тус тусын хэлний аяс ялгаврыг харилцан үлж (жишиж) шинжлэх ба хэлний шинжлэгдэхүүн үгс зүйлийг хураан бүртгэмүй. Хоёрт, Монгол үндэстний хэл дээр бүхий аман зохиол зүйлийг бичиж авах ба бичгийн зохиолуудыг цуглуулан шинжилмүй гэх мэтээр заажээ. Энэ зорилтоо биелүүлсний дараа юу хийхийг нь бүр тодорхой заачихсан байдаг. Энэ нь Хэл зохиолын хүрээлэнгийн өнөөдрийг хүртэл хийх үндсэн суурь ажлын бодлогыг тэр үеэс тодорхойлжээ л гэсэн үг.

-Хэл зохиолын хүрээлэнгийн түүхийг ярихад 1930-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн тухай дурсах учиртай. Мөн Б.Ринчен гуайн алдарт дөрвөн боть бүтээлийн тухай та тодруулж өгөхгүй юү?

-Улс төрийн хар шуурга тус хүрээлэнгийн ажилтан, албан хаагч нарыг тойроогүй дайрсан. Жамсрангийн Цэвээн баригдаж, хожим ЗХУ-д цаазлуулсан. Бямбын Ринчен хувьсгалын эсэргүү, японы тагнуул, феодалын үеийг магтагч, жижиг хөрөнгөтний үзэлтэн, хуучны соёлыг дөвийлгөгч гэсэн нэр хоч зүүсэн, мөн Ц.Дамдинсүрэн гуайг “дайсны тагнуулын бүлэгт элссэн” хэргээр бас хэлмэгдүүлэн Москвад сурч байхад нь дуудан баривчилж 1938 оны тавдугаар сард шоронд суулган байцаасан ч 1940 оны эхээр сулласан байдаг. Б.Ринчен гуайн алдартай “Монгол бичгийн хэлний зүй” хэмээх дөрвөн дэвтэр бүтээл бол монгол хэлний судалгааны суурь бүтээл болсон гэж гадаадын эрдэмтэд үнэлдэг юм. Энэ ном 1964-1967 онд хэвлэгдсэн. 1966 онд хэвлэгдсэн гуравдугаар дэвтэр буюу монгол хэлний үйл болон сул үгийн хэлбэр судлал дэвтэр нь судлаачдын гарт очихоос өмнө шатаагдсан. Харин өгүүлбэрийн сургаал хэмээх дөтгөөр бүлэг нь хэвлэл рүү ч орох боломжгүй болсон байдаг.

-Одоогоор Хэл зохиолын хүрээлэнгийн бүтэц ямар байна. Танай хүрээлэнд өөр байгууллагад байдаггүй “Төвөд судлалын тасаг” хэмээх нэг онцлог салбар байдаг шүү дээ. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай санаачлан байгуулсан гэдэг, энэ тухай?

-Одоо манайх Хэл шинжлэл, Харьцуулсан хэл шинжлэл, Хэрэглээний хэл шинжлэл, Сурвалж бичиг, Төвөд судлал, Утга зохиол судлал, Аман зохиол судлал гэсэн үндсэн зургаан салбартай. Эх хэл бичгийн сан хөмрөг, лаборатори, Ц.Дамдинсүрэнгийн гэр музей, “Монголын нууц товчоон” судлалын төв гэсэн есөн үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2001 онд “Алтай судлалын төв”-ийг байгуулсан байдаг. Таны хэлсэн тасгийг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Төвөд хэлт утга зохиол судлалын тасаг” нэрээр 1981 онд байгуулж энэ салбараас академич Д.Цэрэнсодном, шинжлэх ухааны доктор Л.Хүрэлбаатар, Р.Бямбаа, Р.Отгонбаатар, Д.Сумъяа нарын зэрэг нэртэй эрдэмтэд төрөн гарчээ. Бид цаашид судалгааны хүрээг илүү тэлэх зорилгоор энэ оноос эхлэн тус салбарыг “Сурвалж бичиг, төвөд судлалын салбар” болгон өргөтгөсөн.

-Хүрээлэнд хэдэн мэргэжилтэн ажиллаж байгаа вэ?

-Одоогоор 50 орчим эрдэм шинжилгээний ажилтантай. Бараг талаас илүү хувь нь залуучууд байна. Үүнээс төрийн шагналтан нэг, шинжлэх ухааны гавьяат ажилтан тав, ШУА-ийн жинхэнэ гишүүн гурав, шинжлэх ухааны доктор тав, хэл бичгийн ухааны доктор 24 бий. Энэ нь монгол хэл бичиг, утга зохиол судлалын салбарт багагүй хүч гэж хардаг. Мөн ийм хүчээр ажилладаг судалгааны байгууллага ховор, бид баргийн төсөл, хөтөлбөрийг нугалах хүчирхэг багтай гэж тооцож байна.

-Ц.Дамдинсүрэн гуай Хэл зохиолын хүрээлэнгийн анхны захирал бил үү?

-Ц.Дамдинсүрэн гуай 1961-1963 онд Хэл зохиолын хүрээлэнгийн анхны захирлаар ажиллаад халагдсан. Тэрээр энэ тухай өөрийн намтартаа “Төв хорооноос Идшинноров, Вандуй, Баттулга, Гонгор зэрэг хүмүүсийг комисс болгон томилж миний бүх ажлыг шалгуулав. Тэр комиссын дүгнэлтийг үндэслэж намайг донгодоод 1963 оны зургадугаар сарын 21-нд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын ажлаас халав. Одоо би зөвхөн эрдэм шинжилгээний ажилтан болов. Энэ их сайхан хэрэг. Би тавьсан зорилгодоо бүр хүрлээ. Ном үзэх, зохиох ажилд шууд оров” гэж бичсэн байдаг юм.

-Толь бичиг судлалын асуудал бол аливаа улсын үндэсний хэл бичгийн хамгийн чухал асуудал гэдэг. Гэтэл манайхны зарим нь толь бичгийг хэтэрхий энгийн, хар бор ажилд тооцоод байх шиг санагдах юм. Та өөрөө ч толь бичиг судлалаар мэргэшсэн хүн. Ер нь Хэл зохиолын хүрээлэнгийн толь бичиг судлал хэдийнээс эхэлсэн юм бэ?

-Таны хэлдэг үнэн. Явж явж үнэндээ хамгийн их хэрэглээтэй, дүрэм болж хэвшдэг, олноор дагаж мөрдөх ёстой чухал зүйл бол толь бичиг юм. Судар бичгийн хүрээлэнгийн анхны толь бичгийг Сэцэн ханы Бат-Очир шадар, Сутай уулын Мишиг нарын 1921 оноос эхэлж 1927 онд дуусгасан “Монгол үгийн тайлбар толь” хэмээн үздэг. Энэ толийг 1779 оны үед хийсэн манж, монгол, төвөд, хятад үсэг хадмал “Дөрвөн хэлний толь”-иос зохион гаргажээ. Энэ толь бичиг нь 36 дэвтэр буюу хураангуй, 298 зүйл, 546 анги бүхий бүтээл юм. Ийм учраас “Гучин зургаат тайлбар толь” гэж нэрлэсэн. Дараа нь нэрт тольч Садо овогт Б.Шагж бээр 1929 онд “Эрэхүйеэ хялбар олгон зохиосон монгол үгийн тайлбар Чандманийн эрих”, “Үсгийн дүрмийн толь бичиг”, 30 мянган үгтэй Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” зэрэг олон толь бичиг бий. Бид одоо толь бичгүүдээ цахим руу шилжүүлж, дэлхийн хаанаас ч монгол хэлний тайлбар болон бусад толийг үзэж харах боломжтой болгохоор ажиллаж байна.

-Танай хүрээлэнгийн бусдад үлгэр болсон, эрдэм шинжилгээний ач холбогдолтой, монгол хэл шинжлэлийн судалгааг ахиулсан суурь судалгааны ямар ямар бүтээлүүд байна вэ?

-Би бол хамгийн түрүүнд Академийн цэнхэр гэж нэрлэгдсэн “Орчин цагийн монгол хэл зүй” хэмээх бүтээлийг дурдана. Энэ ном бол монгол хэлний бүрэн хэлзүйг хамарсан томоохон суурь судалгааны бүтээл болох юм. Уг бүтээлийг хүрээлэнгийнхэн дангаараа бичээгүй, тухайн үеийн МУИС, УБДС, Сурган хүмүүжүүлэх хүрээлэнгийн голлох эрдэмтэд хамтран бичсэн байдаг. Үүний дараа алдарт Шадавын Лувсанвандангийн туурвиж 1967 онд хэвлүүлсэн “Орчин цагийн монгол хэлний бүтэц, авиа авиалбар хоёр”, 1968 онд хэвлүүлсэн “Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, үг нөхцөл хоёр” хэмээх Монгол улсын Төрийн шагнал хүртсэн хоёр дэвтэр бүтээлийг нэрлэж болно. Үүнийг монгол хэл бичгийн судлалд хийсэн нээлт хэмээн монголч эрдэмтэд үздэг юм.

-Кирилл үсгийн дүрмийг зохиож хэрэглэж эхэлсэн нь ард нийтээрээ бичиг үсэгтэн болоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол бичгийг халах солих тухай яриа бол 1930-аад оноос эхэлсэн. 1941 оны гуравдугаар сарын МАХН-ын Төв Хорооны, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаар шинэ үсэг зохиох ажлыг Ю.Цэдэнбал даргатай комисст даалгаж хийлгэсэн. Энэ комисст манай хүрээлэнгээс Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нар орсон. Ингээд мөн оны тавдугаар сард “Орос үсэг дээр үндэслэсэн монгол шинэ үсэг батлах тухай” тогтоолыг батлан сургаж эхэлсэн тэр цагаас хойш 80 жил өнгөрсөн байна. Ингээд энэ үед дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тул уг ажил нэлээд саадтай болж 1946 оны нэгдүгээр сарын нэгнээс бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр явуулах тухай тогтоол гарсан. Энэ үеэс ард нийтээр бичиг үсэгт тайлагдах үйл явц эхэлж 1963 он гэхэд нийт ард түмний 90 хувь нь бичиг үсэгт тайлагдсан тул ЮНЕСКО-гийн алтан медаль, дипломоор 1971 онд манай хүрээлэнг шагнасан байдаг. Кирилл үсгийн дүрэм ярихад Ц.Дамдинсүрэн гуайн 1983 оны 18 мянган үг бүхий үсгийн дүрмийн толь бичгийг заавал дурдах ёстой. Одоогийн сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхний биднээс асуудаг нэг хэв шинжит асуулт бол энэ үсгийн дүрэм өөрчлөгдсөн эсэх тухай, мөн цөөн хэдэн “маргаантай” үг болжээ. Энэ толь бичгийг 1951 онд зохиосон толь дээрээ суурилан 1983 онд дахин боловсруулж гаргасан байдаг. Үсгийн дүрэм цоо шинээр зохиох, түүнийг дагаж мөрдөх бол төвөгтэй ажил бөгөөд Ц.Дамдинсүрэн гуай “Бид нэгмөсөн бүрэн боловсорсон үсгийн дүрмийг зохиож чадахгүй тул алхам алхмаар, шат шатаар боловсруулбал хожим сайн дүрэмтэй бол чадна” гэж хэлснийг мартаж болохгүй.

-Монголын нууц товчоо судлал бол танай хүрээлэнгийн нэгэн гол судлагдахуун байх, тийм үү?

-Нууц товчоо бол хятад бичгээр монгол хэлээр бичигдсэн бүтээл байсан гэдгийг уншигчид мэднэ. Энэ бүтээлийг гадаадын судлаачид өөрсдийнхөө хэлээр хөрвүүлж орчуулсан байсан ч монгол хэлээрээ гараагүй байсныг академич Ц.Дамдинсүрэн монгол хэлээр орчуулах санаа олж 40-өөд оноос эхэлж өөрийнх нь бичсэнээр “Долоон жил нухаж” хийсэн түүнд алдар гавьяа хоёрыг зэрэг авчирчээ. Эхний долоон бүлгийг Шинжлэх ухаан гэдэг сэтгүүлд хэвлүүлсэн байдаг. Ингээд 1947 онд олон нийтэд зориулан Монголын нууц товчооны бүрэн эхийн орчуулгыг хэвлүүлжээ.

-Зуун жилийн их ойн өдөр монгол хэл бичгийн салбарын гурван оргил буюу Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан нарын тухай дурсахгүй байж хэрхэвч болохгүй…

-Алдас болно шүү дээ. Энэ гурван их хүн үеийн үед энэ хүрээлэнгийн бэлгэ тэмдэг, брэнд болж байдаг. Энэ гурав гурвуулаа гайхамшигтай сэтгэгчид, агуу эрдэмтэд, соён гэгээрүүлэгч нар байлаа. Үеийн үед бүтээл номоороо ч соён гэгээрүүлэгч хэвээр, сургаал номлол нь ч мөнхөд орших эрдэмтэд гэж хэлж болно. 1961 онд анх ШУА байгуулагдахад анхны найман хүнийг ШУА-ийн анхны жинхэнэ гишүүн буюу академичаар сонгоход гурвуулаа сонгогдож байсан нь ШУА-ийн ойн энэ өдөр дурсахад маш сайхан дурсамж байна.

-Аль ч улсын судалгаа шинжилгээний газар эрдэм шинжилгээний бичиг гэж нэг чухал юм байна?

-Манай ШУА-ийн Хүрээлэнгүүд бүгд 25 сэтгүүл хэвлүүлдэгийн тав нь манай хүрээлэн дээр байна. Энэ таван сэтгүүлээс 1959 оноос эхэлсэн “Хэл зохиол судлал”, “Аман зохиол судлал” сэтгүүл хамгийн ахмад нь, “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүл хамгийн залуу нь болж байна. Манай сэтгүүлүүд олон улсын дугаар авч, дотоод гадаадын монгол судлаач, эрдэмтдийн өгүүллээ хэвлүүлэх гэж зорьдог нэр хүндтэй индэр болж чадсан. Бид бүх сэтгүүлээ цахим болгож олон улсад гаргахаар ажиллаж байна.

-Та тус хүрээлэнгээс 100 жилийн түүхэнд хоёр мянга шахам бүтээл хэвлүүлээд байна гэж хэлсэн. Хүрээлэнгийн бүтээлүүдийг ажиглахад түүхэндээ хэд хэдэн цуврал санаачлан бий болгожээ, энэ талаар?

-Тийм шүү, хэл шинжлэл, утга зохиол судлалаар нэлээд хэдэн цуврал бий болгосон байдаг. Үүний нэг нь “Монгол аман зохиолын чуулган” цуврал юм. Энэ цувралаар одоо Монголын болон дэлхийн монгол аман зохиол судлаачдын бишрэн үздэг 45 бүтээл хэвлэгдээд байна. Ер нь 99 боть хүртэл хэвлэх зорилготой байгаа. Манай утга зохиолын салбарынхан “ХХ зууны монгол зохиолчид” цувралыг санаачлан саяхан нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн дугаар буюу 99 дэх бүтээлийг доктор Б.Мөнхбаяр эрхлэн хэвлүүлж 100 жилийн ойгоороо нээлтээ хийх гэж байна.

-Танай хүрээлэнгийнхэн Монголын уран зохиолын түүхийг бараг бүгдийг биччихлээ. Харин хэл шинжлэлийнхээ түүхийг яагаад бичихгүй байна вэ?

-Тэр ч үнэн шүү (инээв). Бид уран зохиол судлалын тойм, түүхээ бүр аль эрт бичсэн. Ц.Дамдинсүрэн гуай “Монголын уран зохиолын тойм”-ыг аль 1957 онд нэгдүгээр дэвтрийг өөрөө зохиож, гуравдугаар дэвтрийг 1968 онд “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх” нэрээр 1921-1965 оны түүхийг багтааж, 1977 онд хоёрдугаар дэвтрийг, удирдан, редакторлан хэвлүүлсэн. Үүнээс гадна “Монголын орчин үеийн уран зохиолын түүх I”-ийг 1985 онд, “Монголын орчин үеийн уран зохиолын түүх II”-ийг 1989 онд, мөн түүхийн III ботийг 1998 онд, IY ботийг 2014 онд бичиж хэвлүүлж XX зууны Монголын уран зохиолын түүхийг бүрэн бичиж дуусгажээ. Харин хэл шинжлэлийн түүхийн судалгааг академич Л.Болд нарын эрдэмтэд хийсээр байгаа. Бид хараахан дуусаагүй байна.

-Хэл зохиолын хүрээлэнгийн бас нэг гол зүйл бол эрдэм шинжилгээ, судалгааны экспедицийг олон жил тасралтгүй зохион байгуулж ирсэн боловч тасалдсан. Үүний ач холбогдол юу вэ, сэргээх талаар ямар ажил хийж байна?

-Энэ бол чухал ач холбогдолтой ажил юм. Судар бичгийн хүрээлэн анхнаасаа ном бүтээл цуглуулах ажлыг санаачлан хийж байсан. 1930-аад оноос эхэлж, 50-иад оноос эрчимжиж Монголын бүхий л аймаг орон нутгуудаар төлөвлөгөөтэй явж нийт 40 шахам удаагийн шинжилгээний ангийг зохион байгуулсан байдаг. Энэ шинжилгээний экспедицийн үеэр хийх гол ажил нь угсаатны зүйн судалгаа хийх, монголчуудын амьд хэл яриа, нутгийн аялгууг судлах, монгол ардын аман зохиол, ардын билиг, уран зохиолын дурсгалыг судлах, судар ном цуглуулах ажил байлаа. Энэ шинжилгээний ангийн явалтаар цуглуулсан арвин их материал эх хувиараа манай хүрээлэнгийн Эх хэлний сан хөмрөгийн салбарт хадгалагдаж байна. Харамсалтай нь энэ ажил 90-ээд оноос үндсэндээ зогссон. Баяртай нь миний бие өнгөрсөн есдүгээр сард Соёлын сайд Ч.Номинтой уулзаж энэ ажлыг дахин сэргээх тухай ярилцсаны эцэст тус яамны төлөвлөгөө, төсөвт энэ тухай зардал тусгагдаж ШУА-ийн Хүрээлэнгүүдийн хамтарсан экспедицийг 2022 оноос эхлүүлэх сайхан шийдвэр гарсан.

-Одоо судалгааны болон өөр ямар ажил хийж байна вэ?

-Судалгааны ажил хэл бичгийн судлал, утга зохиолын судлал гэдэг үндсэн хоёр чиглэлтэй. Хэл бичиг дотроо монгол хэл шинжлэлийн асуудал, хэрэглээний хэл шинжлэлийн асуудал, сурвалж бичиг судлалын асуудал гэсэн гурван чиглэл бий. Харин утга зохиол нь орчин үеийн утга зохиол, аман зохиол, эртний уран зохиол гэсэн гурван салбартай. Хэл шинжлэлийн салбар гэхэд Монгол хэлний нутгийн аялгууны судалгаа хийж байна. Хүн ардын бичиг үсгийг дээшлүүлэхэд зориулсан толь бичиг гаргадаг. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дагуу 2008 онд хэвлүүлсэн таван боть дэлгэрэнгүй тайлбар толийг утасны аппликэйшнд суулгасан. Энэ нь дэлхийн хаанаас ч монгол хэлний 80-90 мянган үгийн утга, бичлэг, дуудлага, монгол бичиг, холбоо үгийг үзэх боломж бүрдүүлж байгаа юм. Хэрэглээний хэл шинжлэлийн хувьд ШУ-ы 11 салбарыг хамруулсан 10 гаруй мянган нэр томьёоны тайлбар толийг онлайнд байрлуулсан. Бүх шинжлэх ухаанд тулгамдаж буй нэг асуудал бол нэр томьёоны тухай асуудал юм.

-Монгол хэл хөгжиж байна уу?

-Монгол хэл хөгжиж байна. Яагаад гэвэл бидний хийдэггүй, мэддэггүй зүйлс гадны орноос орж ирэх болгонд дагаад шинэ нэр орж ирж байна. Орж ирсэн үг хүмүүсийн хэрэглээнд орж байна гэдэг нь хэл амьд, хөгжиж байна гэсэн үг. Тэр хөгжлийг зөв зохистой байлгахын төлөө манай хүрээлэн ажиллах ёстой. Аль ч орны хөгжилд хэрэглээний хэл чухал болж байна. Хэрэглээний хэл шинжлэл гэдэг нь өнөөдрийн хөгжлийн бодлогыг авч явах ёстой зүйл.

-Чухам хэлний зөв зохистой хөгжил гэж юуг хэлдэг юм бэ?

-Шинжлэх ухааны оролцоотой хөгжлийг хэлж байгаа юм. Хүн бүр дураараа бичиж, оноож, орчуулж, зохиож болохгүй. Энэ бүхэн дүрэм, журамтай онолд суурилах ёстой.

-Хүрээлэнгийн үнэт зүйл юу вэ?

-Товчхон хэлэхэд, өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай эрдэмтдийн бүтээсэн 2000 шахам эрдэм шинжилгээний бүтээл бидний үнэт зүйл юм. Сан хөмрөгт 1257 монгол судар, 1150 тод судар, 6889 төвөд судар, 450 хавтас бүхий 100 мянга хол давах шинжилгээний ангийн гар бичмэл, 66 тууль, 1465 үлгэр, 1698 дуу, 651 ерөөл магтаал, эрдэмтдийн хувийн архив, Монголын нууц товчооны гар бичмэл, ховор зургууд хадгалагдаж байгаа.

Манай хүрээлэнгийн 100 жилийн ой наагуур бодоход ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхний ой, дундуур бодоход монгол хэл бичиг, утга зохиол судлаачдын баяр, бүр холуур ярьвал монгол хэлээр хэлэлцэгч, хэрэглэгч бүхний баяр учраас уншигч та бүхэнд 100 жилийн ойн халуун баярыг өргөн дэвшүүлж, эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.

Categories
ардын-цолтон булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Ардын жүчигчин цол хүртэх мэдээг сонсох мөчид ч Хүүхдийн ордонд жүжгийн бэлтгэлтэй байж таарсан

Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.


-Та одоогоор драмын болон дэлгэцийн ямар уран бүтээлд ажиллаж байна, сүүлд “Нийслэл хүүхэн” ОАК-ны аавын дүрд тоглосон байсан?

-Тийм ээ, дэлгэцийн уран бүтээлийн хувьд “Нийслэл хүүхэн” олон ангит киноны аавын дүрд ажилласан. Харин Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч Б.Жаргалсайханы хувьд энэ он түүхэн жил байлаа. Учир нь Монголын орчин цагийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын 90 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд олон ажлын ард гарсны нэг нь зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан андгай” жүжигт Тоорил Ван ханы дүрийг бүтээх байлаа.

-Сүүлийн үед түүхэн сэдэвтэй кино олон хийгдэж байна. Эдгээр киноноос танд урилга ирж байна уу, эсвэл таны сэтгэлд нийцэхгүй байна уу?

-Түүхэн сэдэвт кино хийж байгаа залуусаас урилга ирж байгаа. Зураг авалтууд нь ихэвчлэн өвөл таарч, театрын үндсэн ажил их байгаа учир амжихгүй гэдэг хариу өгсөн. Би хувь хүнийхээ хувьд Драмын театртаа илүү хүч хөдөлмөр, цаг заваа шингээх зорилготой. Драмын урлагт тайз, үзэгч хоёрын хооронд амьд харилцаа үүсдэг учир их сайхан байдаг юм. Мөн уран бүтээлч хүний гол шалгуур, чадвар тайзан дээр харагддаг гэж боддог. Өдөр бүрийн бэлтгэл, хөдөлмөр шаарддаг тайзандаа илүү хайртай.

-Ард түмэн танаас “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасар шиг дүрийг л хүлээгээд байх шиг. Тэр кинонд Монголын алтан үеийн ихэнх жүжигчидтэй хамт тоглосон шүү дээ. Тухайн киноны зураг авалтын үеэр хэн хэнтэй нэг гэрт байрладаг байв?

-Москва хотын театр урлагийн дээд сургуулийн багш ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай хүн байлаа. Тэр хүний бидэнд үлдээсэн чадвар, сургасан эрдэм бүхэн Монголын хөрсөнд ахмад жүжигчдийн ур чадвартай хослоод өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 1987 онд сургуулиа төгсөж ирээд театрт жинхэнэ алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллаж байсандаа талархаж явдаг. Хөдөлмөрийн баатар агуу Г.Гомбосүрэн гуай, Ц.Гантөмөр гуай, Л.Жамсранжав гуай, З.Жарантав ах гээд л олон сайхан уран бүтээлчидтэй нэг тайзан дээр ажиллаж байлаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглохоос өмнө Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” кинонд тоглоход Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай, нэрт найруулагч Л.Эрдэнэбулган гуай, ардын жүжигчин Г.Равдан ах, дуурийн дуучин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай гээд л Монголын сор болсон уран бүтээлчидтэй нэг гэрт амьдарч байсан минь бас нэгэн олз байсан. Тэр чадварлаг, сайхан хүмүүсээс олон зүйл надад өвлөгдөж ирсэн. Жүжигчдээс гадна киноны ард ажиллаж байгаа зөвлөх, найруулагчид гээд баг хамт олны хэлж байсан бүхэн дараагийн уран бүтээл, амьдралд маань маш том сургамж болж үлдсэн. Тэдний хоорондын яриа, хандлага, камерын өмнө ажиллаж байгаа байдал бүхэн захиас мэт санагддаг байлаа.

-Монгол Улсын урлагийн салбарын хөгжлийг ямар түвшинд явж байна гэж харж байна?

-Урлаг гэдэг дуурь, драм, үндэсний урлаг гэх мэт өргөн цар хүрээтэй салбар. Харин би өөрийн сайн мэдэх драмын урлагийн тухай ярих нь зөв байх. Манай театр уламжлалаа дагаж яваа цорын ганц улсын театр. Тиймээс цаашид энэ уламжлалыг хадгалж, өвлүүлж авч явах ёстой. Үүнийг дагаад өөр төрлийн туршилтуудыг ч хийх хэрэгтэй. Театр маань хөгжиж байгаа. Гадны орны сонгодог, өөрийн орны орчин цагийн болон түүхэн хэлбэрийн жүжгүүдийг ард түмэндээ толилуулсаар байна. Уран бүтээлчид, найруулагчдын ур чадвар ч өссөөр байна. Хамгийн сүүлд Москвагийн Театр, урлагийн дээд сургуулийг төгсөөд ирсэн Э.Ёндоншарав гэдэг залуу найруулагчаар театрт ажиллаж байна. Хоёр, гурван жилийн өмнө залуу найруулагч М.Батболд мөн л Москвад төгсөж ирээд Монголынхоо тайзан дээр “Фауст” жүжгийг тайзнаа тавилаа гэх мэт улсын болон хувийн театруудын хооронд өрсөлдөөн бий болж байгаа нь сайн хэрэг. Энэ нь театрын хөгжил улам л урагшлахын дохио. Харин энэ өрсөлдөөн дунд нэгнийхээ ялгааг сайн мэддэг байх хэрэгтэй. Аль нэгийгээ үгүйсгэсэн, гоочилсон яриа байж болохгүй.

-Таны хувьд цахиур хагалах насны уран бүтээлч хэн байна вэ?

-Манай театрын хувьд жүжигчин С.Болд-Эрдэнийг үзэгчид хүлээн зөвшөөрч байна. С.Болд-Эрдэнэ өнөө цагийн театрын нэгэн том бие төлөөлөл, харин эмэгтэй жүжигчдээс Н.Баярмаа сүүлийн үед ард түмний анхаарлын төвд байна. Ер нь театр олон жилийн алсын хараатайгаар уран бүтээлчдийнхээ дүрд анхаардаг. Тэгж байж дараа дараагийн насны уран бүтээлчид гарч ирэх суурь тавигдана. Байнгын бэлтгэл, хөдөлмөрийн үр дүнд тухайн уран бүтээлч хэн болох вэ гэдэг нь тодорхойлогдох юм.

-Тэгвэл кино найруулагчдаас хэн байна?

-Мэргэжлийн жүжигчин, драмын найруулагч, кино найруулагч, киноны зураач, театрын зураач гэх мэт мэргэжилтнүүдийг тусгай бодлогоор гадны оронд бэлтгэх шаардлагатай болов уу. Драмын театрын хувьд ч ялгаагүй. Гучин хэдэн жилийн өмнө Москвагийн Театр, урлагийн дээд сургуулийг хамт төгсөж ирсэн залуус байсан. Түүнээс хойш олноороо төгссөн уран бүтээлчид ховор шүү дээ. Монгол дахь сургалтаасаа бага зэрэг өөр гадны оронд мэргэжилтэн бэлтгэвэл зүйтэй.

-Ингэхэд таны хүүхдүүдээс урлагийн салбарыг сонгосон хүн бий юү?

-Манай бага охин жүжигчин болохоор хүсэл, мөрөөдөлдөө автаад явж байна. Хэр сайн жүжигчин болохыг цаг хугацаа, үзэгчид харуулах байх. Найруулагчдын нүдэнд өртөх үү, үгүй юү гэдгийг таашгүй.

-Та 16 жилийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин болсноо шагнал гардуулах өглөө нь мэдсэн гэж манай сонинд гарч байсан. Энэ жил Ардын жүжигчин болохоо өмнө нь мэдэж, дээлээ зэхсэн байв уу?

-Тухайн үед 2005 оны арванхоёдугаар сарын 29-нд Хүүхдийн ордны Харшийн шинэ жилд оролцоод ирсэн. Маргааш өглөө нь гэрийн утас дуугарахад Уугий аваад “Өө тийм үү” гэж байгаа сонсогдохоор нь юу болсон юм бол, ямар нэг муу юм болчихов уу гэж санаа зовсон. Гэтэл МУГЖ болсон тухай мэдээ байсан. Театрынхан маань ч мэдээгүй байхаар хэн нэгэн нь тоглосон юм байх гээд эргүүлээд залгатал Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж байна, үнэн гэж хэлсэн. Тэгээд л сандруухан хувцсаа өмсөөд очсон доо (инээв). Энэ жил МУГЖ болсон үеэ бодвол урьд өдөр нь Тамгын газраас хэл дуулгасан. Сэтгэл хөдлөхөөсөө илүү “Одоо яах вэ, дараагийн ажлуудад асар хүнд ачаа үүрэх болж байна даа” гэж бодоод л хүүгийнхээ хуриманд өмссөн дээл, малгайгаа өмсөж очоод шагналаа хүртсэн. Театрынхаа ачааны тодорхой нэг хэсгийг зах зээлийн хүнд хэцүү үед ч, ямар ч цаг үед үүрэлцэж дэлхийн орчин цагийн, өөрийн орны сонгодог урлагийн болон янз бүрийн сайхан жүжгийн дүрд хувилж үзэгч олныхоо таашаалыг хүртэж явсныг минь төрөөс үнэлж байна гэж ойлгосон. Цаашид хийх, бодох зүйл ч их байна даа.

-Манай улс “Соёлын яам”-тай болсон. Яамны бодлого монгол киног дэлхийн брэнд болгох юм билээ. Та энэ талаар юу бодож, мэдэрч байна?

-26 жилийн дараа яамтай боллоо. Яамтай болно гэдэг хамгийн гол асуудал. Хүмүүс шүүмжлээд л байдаг. Ер нь амьдралд ямар ч зүйл 100 хувь хүний сэтгэлд нийцнэ гэж байхгүй. Юм хийх тусам хүмүүсийн шүүмжлэл, сайшаалд өртдөг. Соёлын яам гэдэг урлагийн бүх төрлийг хамарч байгаа шүү дээ. Тэгэхээр алдаа ч бий, оноо ч бий. Монгол киног дэлхийн түвшинд гаргана гэдэг нь зөв. Драмын театр ч гэсэн хэтийн төлөвлөгөөндөө гадны зах зээл рүү Дорнын театр ямар байгааг харуулахыг зорьж байна. Манайд дутагдаж байгаа хамгийн гол зүйл бол тайз. Орчин үеийн олон улсын стандартад нийцсэн тайз гарцаагүй хэрэгтэй. Энэ тал дээр Соёлын яам анхаарч ажиллаж байгаа. Тун удахгүй биеллээ олох байх аа.

-Таныг Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөнийг өвлөсөн гэдэг. Арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөний захиалга их байна уу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтэд цар тахал манай улсад шинэ жилийн баярыг тэмдэглэсэнгүй. Энэ жил төсвийн байгууллагаас бусад байгууллагад шинэ жил тэмдэглэх зөвшөөрөл олгосон. Тэднээс “Улсын өвлийн өвгөнийг шинэ жилдээ урьж байна” гэсэн дуудлагууд нэмэгдсээр байна. Миний хамгийн гол хүсэл бол Хүүхдийн ордны “Харшийн шинэ жил”-д оролцох. Энэ жил Харшийн шинэ жил маань бас л болохгүй нь. Ер нь Хүүхдийн ордонтой байнгын холбоотой байдаг. Хүүхдийн дуу цангинасан, сайхан энергитэй газар. 2005 онд гавьяат болоход өдөр нь Хүүхдийн ордонд бужигнаж байсан. Энэ жил Ардын жүчигчин цол хүртэх мэдээг сонсоход мөн л хүүхдүүдтэй ордонд жүжгийн бэлтгэлтэй байж таарсан. Юм бүхэн учиртай гэж.

-Өвлийн өвгөн болоод, өөрөөсөө ахмад хүмүүст бэлэг өгч, тэр хүмүүсийг үнсэх ямар байдаг вэ?

-Би сайхан буурал сахал зүүж, цагаан нөмрөгөө өмсөхөөр насыг нь таашгүй жинхэнэ монгол өвлийн өвгөний дүрд хувирч итгэл үнэмшилтэй болдог. Тэр үед миний хувь хүн юу бодохоос илүү бэлэг авч байгаа хүмүүсийн баярласан харц, тэдэнд эрүүл энх, урт удаан наслахыг хүсч духан дээр нь үнсэх мөч хамгийн сайхан. Хүн бүрийн нүднээс халуун дулаан хайр, баяр баясал гэрэлтдэг.

-Танай гэр бүлийн хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг вэ?

-Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр гэдэг шүү дээ. Сүүлийн хоёр жилд энэ уламжлал маш сайн давтагдсан. Өвлийн өвгөн болсноос хойших 18 жилийн талд нь Сүхбаатарын талбай дээр шинэ оноо угтсан. Талд нь гэртээ шинэ оноо угтлаа. Төв талбай дээр нийслэлчүүдтэйгээ шинэ оноо угтчихаад үтэр түргэн гэртээ очиж дахин нэг шинэ оноо гаргадаг даа. Он гарахаас хоёр, гурав хоногийн өмнө гэр бүлээрээ цуглардаг. Хүүхдүүд, ач, зээ гээд л цөмөөрөө тухайн жилийн олсон ололт амжилт, алдаа дутагдал юу байв, ирэх онд ямар төлөвлөгөөтэй байгаа тухай ярилцдаг уламжлалтай. Арванхоёрдугаар сарын 25-нд манай том хүүгийн төрсөн өдөр байдаг. Голдуу хүүгийнхээ төрсөн өдрөөр л цуглардаг даа.

-Та 1980-аад онд яагаад жүжигчин болох, Москвад сурах шийдвэр гаргасан юм бэ?

-Анх жүжигчин болох тухай бодол байгаагүй. Тухайн үед спортоор хичээллэдэг, спортын л хүн болох байх гэж боддог байсан. Би чинь Дундговь аймгийн хүн, хүүхэд байхад хөдөө

“Алтан Москваг зорьсон

Ухаант жанжин Сүхбаатарыг

Намрын хонгор салхи

Найртай сайхнаар угтлаа…” гээд л шүлэглэдэг байсан. Яагаад ч юм миний толгойд “Амьд явах хугацаандаа алтан Москва гэдгийг нь л үзчих юмсан” гэж боддог байлаа. Хотод шилжиж ирээд аравдугаар ангиа төгсөхөд драмын театраас 20 хүүхэд шалгаруулж Москвагийн театр, урлагийн дээд сургуульд сургана гэсэн юм. Намайг МУГЖ З.Жарантав ах “Өндөр нуруутай хүү байна, алив шалгалт өгөөд үз” гэхэд би их дургүй байлаа. Тэгсэн надтай хамт шалгалт өгсөн ангийн хүүхэд “Жагаа чи юу яриад байгаа юм бэ, очоод шалгалт өгөөд үз. Хэрвээ тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэж хэлсэн. Тэгээд л нээрээ тэгэх ч юм билүү гээд шалгалтандаа их хичээсэн. Ер нь Москваг үзэхийн тулд л тэр шалгалтыг сайн өгсөн юм шиг байгаа юм (инээв). 600 гаруй хүүхэд шалгалт өгснөөс эхний тавд жагссан. Тэгээд л алтан Москвагаа үзэж, Улаан талбайд очиж дэвсэж үзлээ. “Одоо яах вэ, за суръя даа” гээд л жүжигчин мэргэжлээр сурсан юм даа. Анатолий Дмитриевич Папанов гэж гайхалтай багш намайг болон миний ханийг эргэлт буцалтгүйгээр урлагийн ертөнц рүү оруулсан. Тэр үеэс хойш театртаа тасралтгүй 35 жил ажиллаж байна. Одоо театр минь яг л миний гэр шиг санагддаг.

-Таны удамд урлагийн хүн байсан уу?

-Аав, ээжийн талаас хоёуланд нь урлагийн хүн байхгүй. Харин бичиг, номтой хүн олон байсан. Манай өвөө нутаг орондоо нэртэй, ном их уншдаг хүн байлаа. Харин аав минь бие дааж өөрөө монгол бичиг, кирилл бичгийг сурсан гэдэг.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хөөтийн чулуун зэвсгийн ил суурингийн дурсгал дахь бичил үлдцүүд

Хөөтийн чулуун зэвсгийн дурсгалт газар нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөт хэмээх газарт байрлах ба тус нутаг нь Дорнод Монголын бэсрэг уулсаас тогтсон, жижиг уулсын эргэн тойронд эртний голуудын хуурай сайрууд их байна. Энд газрын өнгөн хөрсөн дээрээс чулуун зэвсгийн зүйлс тархуу байдалтай олдох хэдий ч зарим газарт нягтаршил ихтэй бэсрэг уулын орой тэгш хэсэгт байгаа нь сонирхолтой юм. Дурсгалын он цагийг тодорхойлон үзэх боломжтой үлдцүүд олон тоотой олдсон нь бүгд бичил ялтас цуулан авах үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байсныг илтгэнэ.

Хөөтийн дурсгалын он цагийг тодорхойлох эдгээр үлдцүүд дээд палеолитын төгсгөл үед үүсэн бий болсон бичил ялтас цуулах арга учир ойролцоогоор 15.000-10.000 жилийн өмнө холбогдоно хэмээн үзэж байна .
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гаригаас их хэмжээний ус олджээ

Энэхүү нээлтийг Европын сансар судлалын агентлаг болон ОХУ-ын Роскосмосын хамтран хөөргөсөн “Эксомарс” хөлөг хийсэн байна.

Ангараг гараг дээрх Валлес Маринерис хавцлыг дэлхийн Гранд хавцлын хувилбар гэж нэрлэдэг. Энэхүү хавцлын тогтоц нь Гранд хавцлаас 10 дахин урт, 5 дахин гүн, 20 дахин өргөн юм. Тэгвэл хавцлаас олдсон их хэмжээний усыг Frend төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь Ангарагийн хөрсний дээд метр 3.2 фут өндөр дэх устөрөгчийг зураглах чадвартай юм.

Өмнө нь Ангараг гарагаас бага хэмжээний ус илрүүлж байсан. Тэгвэл энэ удаад Frend төхөөрөмжөөр илрүүлсэн ус нь ер бусын их хэмжээтэй гэж Икарус сэтгүүлд дурджээ. Мөн энэ бүс нутгийн гадаргуугийн 40 орчим хувь нь ус юм.

ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтрагч Алексей Малахов “Бид хөрсөнд хэчнээн хэмжээний ус байгааг түүний ялгаруулж байгаа нейтроныг харан дүгнэж болно. Учир нь “галактикийн сансрын туяа” гэгддэг өндөр энергитэй бөөмүүд нь Ангараг гарагт тусах үед их хэмжээний нейтрон үүсдэг бөгөөд хуурай хөрс чийгтэй хөрснөөс илүү их нейтрон ялгаруулдаг” гэж мэдэгджээ.