Ер нь ажиглаад байхад манайхан Аристотель, Платон тэргүүтэй алдар суут гүн ухаантнуудыг бараг л найз нөхөд шигээ мэддэг хэрнээ тэдэнтэй эн дүйхүйц зарим мэргэдийг төдийлөн мэдэхгүй байх нь бий. Тэдгээрийн нэг нь эртний Грекийн гүн ухаантан, “Инээмсэглэгч гүн ухаантан” гэж нэрлэгддэг байсан Абдерагийн Демокрит билээ. Тэрээр ийм нэр авсан нь ямагт инээмсэглэж явдаг, хөгжилтэй, хошин хүн байсных. Демокрит Грекийн Абдер хэмээх хотод НТӨ 460 онд төрсөн бөгөөд түүний философи нь Сократаас өмнөх үед багтдаг байна. Түүний эцэг сурвалжит гаралтай, тухайн үедээ баян чинээлэг нэгэн байж. Эцгээсээ өвлөн авсан их хөрөнгийг өөрийн танин мэдэх, аялах хүсэл мөрөөдөлдөө зарцуулсан гэдэг. Демокрит Ази тив, Энэтхэг гээд зогсохгүй Вавилон, Египет рүү хүртэл аялж, тэндээ
багагүй хугацаанд амьдарч байсан гэх. Ерөөсөө түүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан хэн ч түүн шиг олон газраар аялж, олон олон мэргэдтэй уулзаж байгаагүй гэх бөгөөд өөрөө ч үүнийгээ батлан ярьсан байдаг. Египетийн математикчдад гойд элгэмсэг ханддаг, тэр хэрээр шүтэн бишрэгч нь байсан гэж зарим хүмүүсийн ном бүтээлд дурдагдан үлджээ. Тэднийхийг ихээхэн хөрөнгө чинээтэй байсныг нотлох нэг нотолгоо гэхэд л Их Ксерексийг хүртэл гэртээ урьж байсан түүх аж. Бас болоогүй ээ, Ксерексийн ойрын эрдэмтэн Останес гэгчээр хүртэл хичээл заалгаж ч байж. Тэрээр эх орондоо ирснийхээ дараа байгалийн шинжлэх ухааныг ихэд шимтэн судалсан бөгөөд Грек орноороо бараг л газар үлдээлгүй аялсан байдаг.
Демокритын дэвшүүлсэн хамгийн гол санаа нь атомын тухай таамаглал юм. Ерөөсөө л энэ ертөнцийг хөдөлгөх гол зүйл нь атом юм гэж тэрээр үзсэн. Бас Шрекийн түүхэнд түүнийг гоо зүйн эхийг тавьсан ч гэж тэмдэглэдэг. Тухайн үеийн бусад эрдэмтэн, гүн ухаантнууд атомын тухай өөр өөр үзэл баримтлалтай байсан бөгөөд тэрээр бусдаасаа илүү чиг баримжааг дэвшүүлж байж. Түүний гаргаж ирсэн үзэл баримтлалыг Платон бүр эрс эсэргүүцдэг байсан нь сонирхолтой. “Платоны сүүлийн хүсэл нь миний бүх бүтээл туурвилыг галдан шатаах байсан” гэж Демокрит хэлсэн байдгаас харвал хоёр их хүн хоорондоо тунчиг түнжин муутай байсан байж таарах нь. Гэхдээ хэдийгээр Платонд эс таалагдсан ч Аристотельд бол тунчиг тоогдож байсан тухай түүхэн сурвалжуудад дурджээ. Хэдийгээр орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавигч нь гэж олонхид хүлээн зөвшөөрөгдсөн авч гар бичмэлүүд нь бүрэн эхээрээ үлдээгүй нь харамсалтай. Өвдөл цөвдөл жижиг хэсгүүд нь л үлдсэн. Демокрит нь математик болон геометрийн шинжлэх ухаанд ч өөрийн бодит хувь нэмрийг оруулсан нэгэн юм. Мөн түүний зарим ажлууд байгалийн талаарх бүтээлүүдэд дурдагдсан нь бий.
Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг ургамал болон эрдэс чулуулаг судлах, туршин шинжлэхэд зориулан шинжлэх ухаанч сэдвүүдээр бичиж байж. Демокрит анхны хүмүүс нь жинхэнэ амьтанлаг байдлаар амьдарч байсан. Тэд хоол хүнсээ бэлтгэхэд аюул занал ихээр тулгарч байсан гээд хүмүүсийн нийгмийн зохион байгуулалт нь гагцхүү зэрлэг амьтдаас айх айдсаас нь үүдэлтэй гэж үзэж байсан. Мөн анхны үеийн хүмүүс хэл яриа байгаагүй, харин явцдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх болж, төрөл бүрийн объектод бэлгэдэл үүсгэн, улмаар энэхүү хэв загвар нь бие биенээ ойлгоход шат болсон гэж үзжээ. Тэрээр анхны хүмүүс маш хөдөлмөрч байсан бөгөөд амьдралынх нь нэн хэрэгцээт ямар нэгэн зүйлгүйгээр, тухайлбал хувцас, гэр бүл, гал гэх мэтийн тухай мэдлэггүйгээр амьдарч байсан байж таарна гэж үзэж байжээ. Эхний үеийн хүн төрөлхтөн алдаа оноо, бэрхшээл зовлонгоос суралцан, алхам бүр нь шинэ нээлт рүү хөтөлж шинэ санаагаар баяжиж ирсэн хэмээн илэрхийлж байсан юм.
Демокрит ертөнц нь оргүй хоосноос бүтсэн, гэхдээ хаос байдалтай орших жижиг атомууд нь хоорондоо мөргөлдөн дэлхий болон түүн дээрх бүх зүйлийг агуулах илүү том биетүүд болж тогтсон гэж үзэж байсан байх юм. Тэр олон дэлхий байдаг бөгөөд зарим нь өсч хөгжиж, зарим нь сүйрэн мөхөж байгаа, зарим нь нар сартай, зарим нь бүр хэд хэдэн ч нар сартай гэж таамаглахын зэрэгцээ дэлхий бүр өөрийн эхлэл болон төгсгөлтэй. Гэхдээ хэзээ нэгэн үед өөр дэлхийтэй мөргөлдөн устах боломжтой юм гэж үзэж байсан нь өнөөгийн хөгжсөн шинжлэх ухааны батлагдсан онолуудтай бараг л яв цав таарч байгаа биз.
Тэрээр ямар ч зүйл хэзээ ч эргэхгүйгээр хуучран элэгддэг болохыг ажиглан, аливаа юмс явцдаа холилдох хандлагатай байдаг гэсэн бөгөөд жишээ нь, ус болон шороо холилдон шавар болдог. Гэхдээ ус, агаар ба металлууд гэх мэт “цэвэр” юмс дахин шинээр сэлбэгдэж шинэчлэгдэх механизм нь байгалийн төрөлх өгөгдөл. Жишээлбэл, модны үр нь модноосоо л унана. Үр нь дахин шинэ мод болдог. Харин өмнөх мод нь хэдийнэ хуучирч муудсан байдаг. Эндээс юмсын олон шинж чанар тухайн юмны дотроос урган гарч байх ба харин энэ мөн чанар нь өөрөө хэзээ ч хуучирдаггүй. Мөнхөд хадгалагдах шинжтэй гэсэн дүгнэлт хийжээ.
Демокрит мөн анх удаа ёс зүйн системийг бий болгох оролдлого хийсэн ба хүн ер нь яагаад сайхан амьдралыг илүүд үздэг юм бэ, амьдралын тийм хэв маяг гэж юу юм бэ, аз жаргалтай, хангалуун сайхан амьдралыг хэрхэн яаж бий болгох вэ зэрэг асуудалд хариулт өгөх оролдлого хийсэн юм. “Аз жаргал” гэх ойлголт нь түүний ёс зүйн тухай гол ойлголт бөгөөд мэдлэгтэй, хэмжээ хязгаарыг мэддэг, эрх чөлөөт хэн ч бай бүгд л аз жаргалд хүрнэ. Аз жаргал гэдэг зүйл эд хөрөнгө, алт мөнгөнд үл оршино. Гагцхүү зөв зам мөрөөр явж, үнэнч шударга байж, бас тал бүрийн мэдлэгтэй байх аваас аз жаргалд гарцаагүй хүрнэ. Хэрэвзээ эс мэддэг байвал түүнээс гарах наад захын хор уршиг нь алдаа юм. Алдаа нь муу үр дагаварт хүргэнэ. Харин мэдлэг бол ямагт сайн үйлийг бий болгогч нь мөн. Бас аз жаргалд тэмүүлэгч хэн ч байсан өөдгүй муутай хэзээ ч эвлэрч болохгүй. Мунхаг харанхуй байдал, бүдүүлэг, завхай зайдан байх нь аз жаргалыг үгүй хийгч нь мөн болой хэмээн үзсэн байдаг ажээ. Эртний агуу суут эрдэмтэн их хүмүүс амьдралын мөн чанар, мэдлэг ухаан, хувь хүний өөрөөс хамаарах зүйлсийн талаар янз бүрийн үзэл баримтлалтай байсан хэдий ч бүгд л ойролцоо зүйлсийг хэлсэн байдаг. Бүх л цаг үеийн бүхий л суутнууд эрдэм мэдлэг хэчнээн чухал болох, харанхуй мунхагаас сарних цорын ганц боломж нь гагцхүү оюун ухаан болох талаар ямагт сургаж ирсэн билээ. Харанхуйг эвдэхэд гэрэл өчүүхэнддэггүй ажгуу.
Демокритын үзэл санаа, эшлэлүүдээс товч дурдвал:
-Өөрийгөө ухаантай гэж боддог хүнийг өргөмжлөх шиг тэнэг зүйл үгүй
-Үг: Үйл хэргийн сүүдэр
-Огтоос байхгүй зүйлсээс ямар нэгэн юм үүсэн бий болохгүй. Оршин байгаагаас ч шинэ зүйл төрөн гарах бололцоогүй. Тиймээс аливаа зүйл үүсэн бий болох нь өмнө нь байсан юмсаас л тасрах үйл явц өрнөж буй хэрэг юм.
-Ямар ч юм өөрийнхөө шинж чанараас илүүг агуулдаггүй. Жишээ нь, зөгийн бал хэн нэгэнд чихэрлэг амтагддаг бол нөгөөд нь гашуун амтыг мэдрүүлдэг. Эндээс нэг дүгнэлт хийж болно. Зөгийн бал чихэрлэг ч биш, гашуун ч биш.
-Цаг хугацаанд эхлэл гэж үгүй
-Хязгааргүй орон зайд яг над шиг, эцэс төгсгөлгүй олон Демокрит оршин байгаа.
-Санаандгүй гэж огтхон ч байхгүй. Жишээлбэл, хаа нэгтээ булсан алтыг олох болсон шалтгаан нь газар ухах ч юмуу, өөр ямар нэгэн зүйл хийснээс үүддэг. Санамсаргүй тохиолдол гэгч нь хүмүүс өөрсдийнхөө бодлогогүй алхмыг нуух гэж зохиосон зүйл юм.
-Хууль гэдэг тэнэг зүйл. Үүнийг хүмүүс л бодож зохиосон. Атом, хоосон зэргийг байгаль өөрөө бодож олсон юм.
-Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тун ч найдваргүй ажил. Туйлын их тэмцэл, хөөцөлдөлгөөний үр дүнд амжилт гарна. Харин амжилт гараагүй бол учрах гарз хохирлыг зүйрлэх аргагүй.
-Нэг бол юу ч үнэн биш. Нөгөө бол үнэн бидэнд тодорхой бус байдаг.
-Хүсэх зүйл багатай хүн л үнэхээр баян.
-Сонин шүү. Муу муухай зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг хэрнээ сайн сайхан асар их хүчин чармайлтаар гарч ирдэг.
-Өчүүхэн хүмүүс л хүнд байдалд орох үедээ бурханд тангараг өгдөг. Харин хүнд байдлаасаа гармагцаа л тангараг, андгайгаа умартан мартдаг.
-Зөв шийдвэр гаргах, хийвэл зохих зүйлээ хийх, алдаагүй ярих. Энэ гурав л мэргэн ухаанаас төрөн гардаг чадвар билээ.
-Эр, эмийн ажил хийх үед бид хүн төрхөө тайчин хаядаг.
-Заяа тавилангийн ямар ч хүнд цохилтыг гагцхүү эр зориг, чин үнэнч байдал л цуулан гарч, бамбарыг асаадаг.