Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүн бүр амьдрах эрхтэй шиг амьтад ч амьдрах эрхтэй DNN.mn

Сүүлийн жилүүдэд дэлхий нийт амьтны арьсаар хийсэн хувцас хэрэглэлээс татгалзаж, аль болох байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэмлэх болсон. Дэлхийн алдарт хувцасны брэнд “Chanel” 2018 онд амьтны арьсаар дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэдгээ зарласан. Мөн АНУ-ын зарим мужууд болон Словак улс 2019 онд амьтны арьсаар хувцас хэрэглэл хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн энэ тухайгаа хуульчилж, хориглосон олон улс орон ч байна.

Яагаад амьтны арьсаар хувцас хэрэглэл хийхээс татгалзах болов гэвэл хамгийн сүүлд гэхэд дэлхий дахинд тархсан ковидын халдвар үржүүлгийн булгаар хүнд дамжиж, дор хаяж 12 тохиолдол илэрсэн тухай Дани улс зарласан. Тиймээс тус улс 15-17 сая тоо толгой минж, 1000 гаруй минжний ферм байснаа (энэ нь Дани улсын булга хүн амынх нь тооноос гурав дахин их гэсэн үг) устгалд оруулсан байна. Булга үржүүлгийн гол зорилго нь тэдний үсэнд байх бөгөөд ихэнхдээ хувцас, тавилга, зөөлөн эдлэл болоод дуусдаг ажээ. Цаашид дэлхийн загварын салбарынхан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс арьс болон бусад материал гарган авах технологийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм байна.

АНУ-ын амьтдын эрхийн хамгийн том байгууллага болох “PETA” твиттер хуудастаа “2018 он бол дизайнеруудын хувьд чулуун зэвсгийн үеэсээ салж чадсан он байлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн нь “Chanel” брэнд амьтны арьсаар хувцас хэрэглэл хийхгүй гэж мэдэгдсэний дараа бусад улс орныг ч уриалан дуудах эхлэл нь болж байв.

Цахим хуудаснаа амьтдын арьсаар хэрхэн хувцас хийдэг талаар бичлэгүүд олон байдаг. Үүнийг үзсэн хүмүүс ч амьтны гаралтай бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл өмсөхгүй хэмээн татгалзах нь их. Хүн бүр амьдрах эрхтэй шиг амьтад ч амьдрах эрхтэй гэж үзэх хүмүүс ч олширчээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Баадайн амны буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Байрамын давааны аманд оршино. 1989 онд Д.Цэвээндорж, Б.Энхбат нарын судлаачид Увс аймгийн археологийн дурсгалуудын карт зохиох ажлын хүрээнд анх илрүүлэн судалсан байна. Уг газарт 55 метрийн голчтой дугуй хүрээтэй, голдоо 17 метрийн голч бүхий 1 метр орчим өндөр дараастай, голын дарааснаас хүрээ чулуу хүртэл олон тооны цацраг хэлбэрийн байгууламжийг шигтгэн үйлдсэн томоохон хиргисүүр бий. Уг хиргисүүрийн зүүн талд босоо байдалтай орших дөрөв, унасан нэг буган хөшөө бий. Буган хөшөөдийн 3 ба 4-р нь харьцангуй сайн хадгалагдсан үлдсэн ба Саян-Алтайн төрөлд хамаарах хөшөөд юм.

May be an image of nature and monument

Энэхүү дурсгал нь Монгол орны баруун бүс нутагт орших хожуу хүрлийн үеийн томоохон оршуулга, тахил тайлгын цогцолборын тоонд зүй ёсоор тооцогдоно.

May be an image of outdoors

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хувийн хэвшлийнхэн төрөөс хүн гуйлаа DNN.mn

Төр данхайсны нэг том жишээг бизнес эрхлэгчид тод томруун ярьж байна. Учир юу гэвэл хувийн хэвшил боловсон хүчний хомсдолд орсон талаар Ерөнхий сайдад дуулгаж, та нар төрийн албанд байгаа үр бүтээлгүй олон хүнээ цөөлж, бидэнд ажиллах хүч гаргаж өг хэмээв. Юм хэтэрнэ гэхэд бас арай ч утгаа алдсаны тод жишээ энэ юм. Статистикаас харахад, сүүлийн 10 жилд төрийн захиргааны албан хаагчийн тоо хоёр дахин нэмэгджээ. Үүнд эмч, багш нар гээд төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо ороогүй гэсэн үг. Зөвхөн яамдын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах зохион байгуулагчдын тоо 58 хувь, тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээчдийн тоо 25 хувь, газар болон хэлтсийн дарга нар 50 хувь зэргээр өссөн байна.

Төрийн алба ингэж данхайсан нь төрд ажиллах нь хувийн хэвшилд ажиллахаас хавьгүй хялбар, ашигтай байдагтай шууд холбоотой. Цалин бэлэн, ажил бага, цаашлаад дарга сэтэр зүүвэл хангамж боломжийн болохоор төрд орох хүсэлттэй хүмүүс их болжээ. Жишээлэхэд, хэвлэл мэдээллийн салбар ч боловсон хүчний хомсдолд орсон. Дөнгөж төгссөн шинэ сэтгүүлчийг ажилд авч, хамаг байдгаа зааж сургаж, гайгүй бичдэг болоод ирүүт төрийн дэргэд байгуулагдсан хэвлэлийн албад “сороод” авчихдаг. Шинэ сэтгүүлчдээс гадна энэ салбарын гайгүй болгоныг өөртөө шингээж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүхий л төрийн алба дэргэдээ маш том хэвлэлийн албатай. Зарим нь бүр газар, агентлаг болтлоо өргөжиж, хүнээ нэмсээр байгаа.

Энэ мэт хувийн хэвшлийн бүхий л салбараас төр боловсон хүчнийг нь булаан авч байгааг бизнес эрхлэгчид сануулж байна. Хэмнэнэ, танана гээд байгаа энэ цагт хувийн хэвшилд хэрэгтэй хүмүүсийг нь гаргаж өгч, төрийн мөнгийг хэмнээч.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Стэнфордын судлаачид нарны хавтанг шөнийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг болгожээ DNN.mn

зураг

Нарны гэрлийн хавтангууд зөвхөн өдрийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг.

Тэгвэл АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид одоо ашиглагдаж буй нарны хавтангуудыг шөнийн цагаар эрчим хүч үйлдвэрлэдэг болгох аргыг нээжээ.

Ингэхдээ тэд “radiative cooling” буюу цацрагаар хөргөх үзэгдлийг ашигласан байна.

“Бид нарыг сэргээгдэх эрчим хүчний чухал эх үүсвэр гэж үздэг. Тэгвэл сансрын хүйтэн орон зай бас сэргээгдэх эрчим хүчний маш чухал эх үүсвэр юм” гэж уг төслийн ахлагч Шанхуй Фан ярьжээ.

Одоо ашиглагдаж буй нарны хавтангуудад нэмэлт өөрчлөлт хийсний дараа шөнийн цагаар бага хэмжээтэй эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг тэд туршилтаар баталсан байна.

Шөнийн цагаар тэнгэр рүү харсан биетүүд дулаанаа сансрын уудам руу цацаргаж алддаг. Энэ үед тухайн биетийн температур хүрээлэн байгаа орчныхоо температураас бага болдог байна. Энэхүү температурын зөрүүг ашиглаж цахилгаан гүйдэл гаргах аргыг Стэндфордын судлаачид нээжээ.

Хэдийгээр ингэж үйлдвэрлэсэн эрчим хүч нь өдрийн цагаар үйлдвэрлэсэнтэй харьцуулахад өчүүхэн бага ч зарим жижиг хэрэгцээг хангахуйц юм байна.

Тухайлбал гэрэлтүүлэх, жижиг оврын төхөөрөмжүүдийг цэнэглэх, төрөл бүрийн мэдрэгчүүд, хяналтын төхөөрөмжүүдийг ажиллуулах зэрэгт хангалттай юм.

Одоогийн боломж нь нэгж метр квадрат талбайгаас 50 милливат эрчим хүч гаргана. Өдрийн цагаар ижил талбайгаас үйлдвэрлэдэг эрчим хүчний хэмжээ 200 ватт орчим байдаг. Нэг ватт нь мянган милливаттай тэнцэнэ.

Фаны хэлж буйгаар уг технологийг сайжруулснаар гарцыг нь нэмэгдүүлэх боломж бий гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японы судлаачид цахим савх зохион бүтээжээ DNN.mn

Японы судлаачид давсны хэрэглээг бууруулах зорилгоор цахим савх зохион бүтээснээ танилцуулжээ.

Савхыг Мэйжи Их сургуулийн профессор Хомэй Мияашита, шингэн хүнс үйлдвэрлэгч Кирин Холдингс компани хамтран бүтээсэн байна.

Хүний бугуйд зүүсэн мини компьютер нь савхтай холбогдож, цахилгаан гүйдлээр зохиомол шорвог амтыг гаргадаг ажээ.

Өөрөөр хэлбэл ийм савхаар хоол идэхэд илүү давсархаг амт мэдрэгдэх юм.

“Үр дүнд нь хоолны давс 1.5 дахин нэмэгдсэн мэт мэдрэмж төрүүлнэ” гэж Мияашита профессор тайлбарлаж байна.

Япон үндэсний хоолонд давс ихээр хэрэглэдэг. Насанд хүрсэн дундаж япон хүн өдөрт 10 грамм давс хүнсэндээ хэрэглэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их юм.

Давсыг хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралтыг өсгөж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг.

“Өвчин эмгэгээс салахын тулд бид давсны хэрэглээгээ багасгах ёстой. Хэрвээ уламжлалт аргаар давсыг багасгавал бид дуртай хоол хүнснээсээ татгалзах, амт муутай хоол зооглох хэрэгтэй болно” гэж Кирин компанийн судлаач Ай Сато ярьжээ.

Мияашита профессор, Кирин компанийн хамтарсан баг савхныхаа туршилтын загварыг улам сайжруулаад ирэх онд зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хуучны сууцнуудаа нэг сайн дулаалаад авбал… DNN.mn

Нэлээн олон жилийн өмнө дөө. Аль ч билээ нэг яаман дээр гадаадын хэсэг улсууд “Танай хотын хуучин орон сууцны барилгуудыг чинь гадна талаас нь сайхан дулаалаад өгье. Орчин үеийн дулаалгын дэвшилтэт технологи. Танайх шиг хүйтэн сэрүүн нь давамгайлдаг оронд яг болох зүйл дээ. Тэгвэл дулаан алдалт нь эрс багасаад танай эрчим хүчинд чинь ч хэмнэлттэй. Тун сайн төсөл шүү” гэсэн санал тавьсан байгаа юм. Гэтэл мөнөөх яамны сайд нь юмуу, эсвэл аль нэг том дарга нь ч юм уу “Орон сууцнуудын гадна талаар тэгээд тийм дулаалга хийхийг зөвшөөрчих юм бол надад хэдэн хувийг өгөх юм” гэж асуугаад авчээ. Мэдээж нөгөө гадныхны нүд нь орой дээрээ гараад буцсан тухай үнэн худал нь мэдэхгүй ам дамжсан яриа байдаг. Хэрэвзээ үнэхээр ийм явдал болсон бол ичиж үхэх багадах зүйлээс гадна бүр ял авах хэмжээний авлига албан тушаалын хэрэг гарцаагүй мөн.

Хуучны угсармалын барилгууд ерөнхийдөө сэрүүхэн талдаа. Завсар зайгаар хийдэг байсан дулаалгын зориулалттай хар резинүүдийг нь суга суга татаад авчихсан, оронд нь завсар зайгаар нь шавраар чигжсэн харагддаг. Яг ийм орон сууцнуудад хөөсөн дулаалга шиг хэрэгтэй юм алга. Ийм дулаалга хийлгэсэн айлын гэрийн температур лав 4-5 градусаар нэмэгддэг юм гэнэ лээ. Дулаан алдалт нь бага байвал тохь тухаас эхлээд дулааны салбарт ч томоохон нэмэртэй гэж мэргэжлийнхэн хааяа ярьдаг.

Уг нь энэ ажлыг энд тэнд өвдөл цөвдлөөр хийж байгаа ч арай л удаашралтай харагдах юм. Хэмнэл хэмнэлт гээд хэдэн машин унахаа болихоос илүүгээр энэ мэт ажлыг хийж чадвал том зургаараа гарцаагүй том хэмнэлт болж болохоор санагддаг. Ер нь тэгээд аль юм болгон гадны зээл тусламжийг харж царай алдаж суухав. Иймэрхүү аж ахуйн чанартай ажлыг өөрсдийнхөө хүчээр ахиухан хүч, мөнгө гаргаад богино хугацаанд хийчихмээр байна аа. Жилд арваадхан байрыг биш, ядаж зуугаар нь ингэж дулаалмаар байна.

Хавтгайруулсан халамж өгч байхаар, худлаа дүр эсгэсэн хэмнэлт гэж “сүрийг бадруулж” байхаар бодитой ажил хийхгүй бол болохоо байх гээд байна шүү, энэ улс чинь. Уг нь хуучны хэдэн орон сууцнуудаа нэг сайн дулаалаад авбал хаа хаанаа их хэрэгтэйсэн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

​СОНИНЫ АРЫН НҮҮР: Нэр дэвших эрхээ зарсан эрхмүүд DNN.mn


Улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ гишүүддээ зардаг. Үүнийгээ сонгуулийн санхүүжилт болгох гэж гоёор нэрлэдэг. Цаашлаад төрийн албан тушаалыг гишүүддээ зарсан тохиолдол ч гарсан удаатай. Үүнийг 60 тэрбумын хэрэг гэдгээр монголчууд андахгүй. Энэ бол “Сонгуульд ялсан тохиолдолд чамайг тийм албан тушаалд томилно” гэж хэлээд гишүүдээсээ сонгуулийн зардлаа босгосон МАН-ын түүх.

Харин сүүлийн үед энэ нам зарим улстөрчийн нэр дэвших эрхийг төрийн албан тушаалаар бартердаж авдаг болж. Намаас нь нэр дэвшигчид саад тотгор болж мэдэх бие даан нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг нь “худалдан авч” намдаа элсүүлээд оронд нь төрийн албан тушаал буюу даргын суудал амладаг технологи. Хамгийн сүүлд гэхэд яг энэ зарчмаар НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилов. Өмнө нь МАН-ын гишүүн байсан тэрээр өнгөрсөн онд болсон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр ажиллаж байв. Гэвч МАН түүнийг намаас нь нэр дэвшигчийн саналыг хуваана гэж үзэн намдаа элсүүлсэн. МАН-ын зорилго ч биелж, Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт явагдсан УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан.

Нэр дэвших эрхийг нь төрийн албан тушаалаар бартердаж авсан бас нэг жишээ нь УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр ажиллаж байсан хуульч Л.Батжавыг намдаа элсүүлсэн явдал. Түүнийг нэр дэвших эрхээсээ татгалзаж, МАН-д элссэнийх нь төлөө өнгөрсөн аравдугаар сард “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилсон. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дэх дэд захирал болон шаардлагагүй албан тушаалтнуудыг хуулиар хязгаарлана” гэж мэдэгдсэн. Төрийн өмчит компаниудын дэд захирлын цомхотголд нэр дэвших эрхээ МАН-д “худалдсан” Л.Батжав багтах эсэхийг харж л сууя. Түүний ажилладаг “Монголын төмөр зам” төрийн өмчит компани гурван дэд захиралтай юм билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дөрвөн хэлцэл” DNN.mn

Дон Мигель Руис гэдэг зохиолчийн ийм нэртэй ном байдаг. Энэ эртний Мексик оронд амьдарч байсан Тольтекчуудын сургаал юм. Тольтекчуудыг ухаант хүмүүс гэдэг байсан гэнэ. Тэд тусдаа ард түмэн биш, мэргэн ухааныг хойд үедээ өвлүүлэхээр сонгогдсон хүмүүс байжээ. Гэвч сүүлийн мянган жилд энэ уламжлал бараг тасалдаж тэдгээр хүмүүс зөвхөн өөрсдийн гарын шавиараа дамжуулан уг сургаалыг хадгалж иржээ. Шавь нарынх нь үл тоолт буюу манайхны хүүхдүүдийн аав ээжээ сонсдоггүйтэй адил ихэрхэл, бас дайн дажин гээд ийнхүү уг сургаалууд бараг тасалдсан байна.Номыг бичигчийн өвөг азаар нөгөө сургаал дамжуулагч байж таарч энэ ном гарчээ. Тольтекчууд хүний амьдрал бол зүүдний үргэлжлэл юм гэж үзсэн байна. Энэ орчлон дээр хүмүүс л зүүдэлдэг, тэр зүүд л бидний амьдрал юм даа гэсэн үг юм. Одоогоор ойлгох юм бол хийсвэр шахуу эд гэх юм уу. Тэр зүүдэн дундаа буюу амьдралд хүүхэд төрөхөд бид тэднийг гаршуулж авдаг. Хэл зааж сурган хүн болгон гаршуулдаг аж. Тэр болохгүй, болохгүй юм хийвэл шийтгэнэ. Тэр болно, сайн байна гэж урамшуулна гэх зэргээр бүх юмыг зааж өгөн хүн болгодог. Ингээд том болоод хүн зүүдэндээ буюу оюун ухаандаа энэ гаршуулсан бүх зүйлийг загвар болгон авч үүнийг дагах ёстой гэсэн хэлцэл хийдэг. Түүнийгээ зөрчсөн бол өөрөө өөртөө гэмшдэг, хүнээс нууж өөрийгөө хуурах буюу жүжиглэн амьдарч эхэлдэг. Хэн юу хүснэв, тэрүүгээрээ жүжиглэн амьдарна гэсэн үг. Өөрөө өөрийгөө хуурдгаа хүн мэддэг учир шаналдаг, өөрийгөө үзэн яддаг. Тэгээд л “Үхсэн яасан ч яадаг юм. гэсэн байдал илэрч архи уух, муу явах бүх зүйлийг өөртөө зөвшөөрдөг. Тэгвэл ийм байдлаас яаж гарах вэ. Өөртэйгөө дөрвөн хэлцэл хийх хэрэгтэй гэнэ.

Эхлээд “Үгэндээ өөгүй байх”, нэг ёсондоо хүнтэй хэрэлдэхгүй байх, хүн муулахгүй байх, хов ярихгүй байх, хүнийг элдвээр доромжлохгүй байж сурах. Үгэндээ өөгүй байж сурах, энэ бол нүгэл хийхгүй байж сурах. Нүгэл гэж юу юм, нүгэл гэж өөртөө муу юм хийх гэнэ. Яагаад үгэндээ өөгүй байх хэрэгтэй юм, яагаад биендээ хамгийн хайртай байж өөртөө муу юм хийнэ гэж. Үг бол бодит бибилд “эхлээд үг байсан, дараа нь бие үүссэн” гэж байдаг. Яг үүн шиг үг хоёр иртэй илд лугаа адил гэжээ. Нэг ир нь өөрийгөө эмчилдэг, нөгөө ир нь өөрийгөө алдаг.Та хэн нэгэнд муу үг хэлбэл, та хэн нэгнийг муулбал энэ нь шууд өөр дээр нь бууж байдаг гэнэ. Гудамжинд ч юмуу чатаар ч юм уу та хэн нэгнийг доромжлох нь өнгөн дээрээ та дийлж чадаж байгаа мэт харагдавч угтаа өөрийнхөө эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Өмхий үгээр утаж доош нь хийж доромжилж байгаа нь эргээд өөрт чинь хор учруулна. Та хүнд ямар хандана вэ тэр хүн танд яг тэгж хандана. Доромжилбол өөдөөс чинь хариуг нь давуулж барина уу гэхээс дутуулахгүй. Энэ тэгээд танд аюулгүй юу, харин хүнд үгэндээ өөгүй байх аваас буюу хүнийг та магтаад үз дээ, хүнд сайн сайхан үг хэлээд үз дээ. Яг адилхан хариу танд ирнэ.Үгэндээ өөгүй байна гэдэг эрч хүчээ зөв зүйтэй ашиглаж байгаа хэлбэр юм. Үг бол асар хүчтэй, та гудамжинд хэн нэг танилтайгаа тааралдаад “Хөөх царай чинь ямар муу байх юм, яг хавдар тусчихсан хүн шиг” гээд хэлбэл тэр хүн гурван сарын дараа нээрэн л хавдартай болох нь баараггүй гэсэн байна. Үг бол тарни мэт үйлчилдэг, та хүнийг сайнаар тарнидвал эргүүлээд сайн сайхныг л авна, муугаар тарнидвал муу муухайг л хүлээн авна.

Өөртөө үгийн хүчийг муугаар ашиглавал хамгийн том нүгэл тэр болно. Би тарган, би ухаангүй би чадахгүй гээд байвал тэр өөрийгөө үнэлэхгүй, өөрийнхөө үгийг өөрийнхөө эсрэг ашиглаж байна. Өөртөө хэдийн чинээ хайртай байна вэ, төдий чинээ үгэндээ өөгүй байх хэрэгтэй. Хүнд сайн ханд, өөртөө үнэнч бай, муу юм битгий хэл, ярьж эхлэхээсээ өмнө өөртөө хариуцлагатай ханд, энэ бол тэр хүнд биш, өөртөө хариуцлагатай хандаж байгаа хэрэг юм гэжээ. Дараагийн хэлцлүүд “Өөр дээрээ бүү тусга”, “Бүү таамагла”, “Үргэлж хичээ” гэсэн хэлцлүүдийг өөртэйгөө хийх хэрэгтэй гэжээ. Бидний бүх зүйл таамагласнаас эхэлдэг, очоод асуучих юмыг л таамагласнаас бүх зовлон эхтэй гэжээ. “Тэр их сайхан хүн юм сайн залуу байх, надад хайртай байх над руу хараад инээлээ” гээд л таамаглаад явчихдаг гэнэ. Та энэ бүгдийг мэдэх гэвэл дээрх номыг уншаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тамирчдад олгодог төсвөө танаж, инженерүүдээ дэмжье DNN.mn

Дэлхийн аварга болсон тамирчинд сар бүр хоёр сая төгрөг олгодог. 25-тай дэлхийн аварга болж 80 насаллаа гэж тооцъё л доо. Тэр хугацаанд тамирчинд нэг тэрбум дөрвөн зуу гаруй сая төгрөг төрөөс олгоно. Олимпийн аварга болчихвол сар бүр зүгээр сууж байгаад л дөрвөн сая төгрөгийн тэтгэмж авна. Дээрх тоо хоёр тэрбум найман зуун мянга гараад явчихна. Чөлөөт, жүдо, боксын тамирчид нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалиудыг хэд хэдээр нь ихэрлүүлдэг болсон. Өнөө нэг тэрбум маань хэд хэд үржигдэнэ.

Харамсалтай нь тамирчдад ийнхүү их мөнгө өгөөд Монгол Улс хөгжсөн юм алга. Өчнөөн тамирчинд хичнээн ч тэрбумын хөрөнгө зарав. Спортоор хичээллэх нь тухайн хүний хувийн ашиг сонирхол, хувийн амжилт. Эд нар амжилт гаргаад Монгол Улс дэвждэг бол аль хэдийнэ л хөгжих цаг нь болсон. Тамирчдын урамшуулалд ганцхан сард л хамгийн багаар бодоход 150 орчим сая төгрөг зарлагадаж байна. Жилд тэрбум найман зуун саяыг зөвхөн тамирчдын урамшуулал тэтгэмжид зарцуулж байгаа юм. Ганцхан жилд шүү дээ. Хэдхэн жилийн цалингаар нь л сургууль, цэцэрлэг, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг байгуулчихаар харагдаж байгаа биз. Монголын хөгжилд үртэсийн төдий нэмэргүй спортод ийм их хэмжээний хөрөнгө цацдагаа зогсоомоор байна.

Монгол залуусын 60 орчим хувь нь биеийн хүчээр амьдралаа залгуулахаар олимп дэлхийн медаль руу зүтгэдэг болжээ. Арай ихдэх гээд байх шиг. Эд маань сургуульд сурахаас илүү бэлтгэл хийж гүйж байгаад ганц медаль зүүгээд л сарын гурав, дөрвөн сая төгрөг аваад хэвтэж байх хүсэл эрмэлзэлтэй болсон байна шүү, эр эмгүй.

Сүүлийн үед тамирчид дэлхийн аваргад ганц ёндоорчих юмсан гэх болж. Аргалж байгаад л ДАШТ-ээс ганц медаль авахаа хэлж байгаа нь тэр л дээ. Үүний тулд допинг хүртэл хэрэглэж улсынхаа нэр нүүрийг “матарлаж” байна. Ганц медаль авчихаад л тэтгэмж аваад хэвтэж байдаг тамирчид ч гарын арван хуруунд багтахаа больсон. Ингэхийн тулд тамирчид нэгнийхээ хоолойг ч огтлоход ойрхон болжээ.

Тамирчдад зарцуулдаг энэ их төсвийг танаж, инжерүүдээ дэмжье. Инженерүүд улс орныг хөгжилд хөтөлдөг.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Израил улс пуужингийн довтолгооноос хамгаалах лазерын шинэ системээ амжилттай туршжээ DNN.mn

Израил улс пуужингийн довтолгооноос хамгаалах лазерын шинэ системээ амжилттай туршсаныг өчигдөр зарлажээ.

Туршилтын үеэр шинэ систем нь төрөл бүрийн пуужин, миномёт, танк эсэргүүцэгчийн довтолгоог таслан зогсоож чадсан тухай тус улсын батлан хамгаалахын сайд Бэнни Ганц мэдэгдсэн байна.

Ирэх арван жилийн хугацаанд Израил улс ийм системийг хилийнхээ зурвасыг тойруулан байрлуулах гэнэ.

Туршилтыг өнгөрсөн сард Негевийн цөлд зохион байгуулсан байна.

Энэ оны хоёрдугаар сард Израилын ерөнхий сайд Нафтали Беннет тус улс нэг жилийн дотор пуужингийн довтолгооноос хамгаалах цоо шинэ систем ашиглаж эхлэх тухай мэдэгдсэн нь өөрийн бүс нутгийн гол дайсан Иранд анхааруулсан хэрэг байв.

Лазерын шинэ системээ Бэнни Ганц “өртөг хямд, үр дүнтэй, шинэлэг хамгаалалтын шүхэр” гэж тодорхойлсон байна.

Израил улс сүүлийн жилүүдэд алсын тусгалын пуужингаас эхлээд хэдхэн километрийн зайнаас харвасан пуужинг хүртэл устгах чадвартай хэд хэдэн төрлийн хамгаалалтын систем хөгжүүлээд байгаа.

Тус улс танкуудаа хүртэл пуужингийн хамгаалалтын системээр тоноглож чадсан юм.

Одоогоос бараг нэг жилийн өмнө Газын зурвас дахь Хамас зэвсэгт бүлэглэлтэй Израил улс 11 өдөр дайтахад Хамасын талаас 4,000 гаруй пуужин харваж байжээ.

Израил улсын одоо ашигладаг Iron Dome (Төмөр бөмбөлөг) хамгаалалтын систем нь 90 хувийн үр дүнтэй агаарын цохилтоос хамгаалж чаддаг. Гэхдээ уг систем нь маш өндөр өртөгтэй юм.

Лазерын шинэ системийн гол давуу тал нь хямд өртөг тул олон тоогоор олон байрлалд зэрэг ашиглах боломжтой ажээ.

Эх сурвалж: Associated Press