Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол математикчдыг дэлхийд үнэлүүлсэн АРДЫН БАГШИЙНХ

Чадраа гуай ШУА-ийн ерөнхийлөгч 
байхдаа “Тасганы овооны өнөө муу арваннэг чинь сүрхий болчихож. Тэнд ер нь
юу болоод байна аа” гэж гайхаж байсан гэдэг. Найман жилийн 11 дүгээр сургууль математик,
физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, сурагчид нь олон улсын олимпиадад шил дараалан
медаль авчихсан учраас ШУА-ийн ерөнхийлөгч тэгж гайхсан хэрэг. Энэ удаа өнжихөөр
зорьсон айл маань “өнөө муу арван нэг”-ийг сүрхий болгосон Ардын багш  Маамынх.

Бэлдсэн шавь нар нь математикийн олон улсын олимпиадаас медаль шүүрээд
ирдгээрээ улсдаа зартай, гоц хүүхдүүдийг анги алгасуулах шийдвэр гарахад том нөлөө
үзүүлсэн, математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийг анх удаа
байгуулсан гэж ирээд яривал энэ эрхмийн боловсролын салбарт хийсэн ажил өчнөөн.
“Шинэ үе” дунд сургуулийн захирал энэ эрхмийг математикийн Маам гэдгээр нь мэдэхгүй
хүн үгүй. Ямар сайндаа л сургууль байгуулсан чинь шавь нар нь, шавь нарынх нь танилууд
хүүхдүүдээ дагуулаад ирэхэв. Сургуулийнх нь сурагчдын жараад хувь ийм шалтгаанаар
ирсэн гэсэн. Маам багшийнх сургуулийнхаа яг хажуугийн байрны дөрвөн өрөө сууцанд
төвхнөөд удаж байгаа гэнэ. Зуун хорьд амьдарч байгаад ийшээ нүүж иржээ. Биднийг
ороход гэрийн эзэгтэй, гэрийн эзэн хоёр “Сургууль эхлэхийн өмнөх өдрүүдэд манайх
гэдэг айл бужигнана шүү дээ” гэсээр угтав.

Эзэгтэйг цай, хоол базаах зуур зочны өрөөнд тухлангаа  гэрийн эзэнтэй нутаг ус, удам судрын яриа хөөрөө
үүсгэв. Маам багш Завхан аймгийн Сонгино сумын уугуул аж.  “Би уг нь Пэлжээ гэдэг хүний хүүхэд.  Үнэнбилэг гэдэг нь өргөж авсан аавын минь алдар.
Нэг сонин нь надад хэн ч нэр өгөөгүй. Хүн бүр намайг  маамаа гэж өхөөрддөг байж л дээ. Тэгээд л Маамаа
гэдэг нэртэй болчихсон. Сургуульд ороход хүүхдүүд шоолно гээд Маамаагаа Маам болгож
өөрчилсөн” хэмээн яриагаа эхлэв. 1964 оноос хойш багшилж байгаа аж. 52, 18, 11 дүгээр
сургуульд ажиллаж байсан тухайгаа баахан ярив. Тулж ажилласан сургуулиуд нь гэнэ.
Зургаан жил багшлаад л хичээлийн эрхлэгч, менежер, захирал гээд явчихаж. Гэхдээ
хичээлээ бол заасаар байж. “Дал гарсан хэрнээ шохой бариад хичээлээ заагаад явж
байгаа Ардын багш ганцхан байгаа” гэж эзэгтэй ярианд оролцов. Гэрийн эзэгтэйг Цэрэндолгор
гэдэг юм байна.  Маам багштай нэг нутгийнх,
бүр нэг багийнх гэнэ. Баян Нямаа гэдэг хүний үр сад аж. Тэд гэрлээд хагас зуун өнгөрчээ.

 

АМЕРИК ЦЭРГИЙН ДЕСАНТ БУУЛГАСАН ЗАХИРАЛ

Арваннэгдүгээр сургуулийн захирал болсон түүх нь сонирхол татав.
Яармагийн 34 дүгээр сургуулийн захирлаар гурван жил ажиллачихаад Хотын боловсролын
газарт математикийн сургалттай тусгай сургууль байгуулах хүсэлтээ уламжилсан гэнэ.
Өнөөдүүл нь ч дэмжиж 11 дүгээр сургуулийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай
болгожээ. Ойр хавийнхаа сургуулиас тоондоо сайн 
хүүхдүүдийг сонгон авч хичээллээд хоёрхон жилийн дотор улс даяар нэртэй сургууль
болсон гэнэ.  Хүүхдүүд нь олон улсын математикийн
олимпиадаас медаль авч тухайн үедээ шуугиан дуулиан болж байж. Хүүхдүүдийнх нь мундгийг
гайхсан АНУ-ын Элчин сайд Жонсон Америкийн цэргийн тусгай десант буулгаж сургуулийнх
нь заалыг барьж өгсөн гэж байгаа. “Их л сонин явдал болсон гэж дуулддаг. Америк
цэргүүдээр спорт заалаа бариулсан тэр үйл явдлаа нэг сайхан яриад өгөөч” гэтэл
“Тэр үед гадаадаас мөнгө орж ирэх төвөгтэй байсан. АНУ ганцхан батлан хамгаалахын
шугамаар харилцаатай. Жонсон сайдыг ирдгийн хавар сургуулийн заал барьж өгнө гээд
баахан цэргийн дарга нар ирдэг юм. Америкаас мөнгө орж ирсэн тул заал барьж өгнө
гэнэ. Элчингээсээ асуутал Америкийн Ази Номхон далайн цэргийн флотоос Батлан хамгаалах
яам руу мөнгө шилжүүлсэн гэж байна. Яамныхан 
хариуцаж бариулсан ч цонх нь цантаад болдоггүй. Элчингээ ахиад дуудлаа. Үнэхээр
тааруу болж гэж толгой сэгсэрч байгаад явлаа. За тэгээд нэг их удалгүй Америкийн
цэргийн десант буудаг юм. Нэг их том онгоцтой. Монголд тийм том онгоц анх удаа л
буусан нь тэр болов уу. Өнөө онгоцондоо барилгын бүх багаж, материалаа хийчихсэн.
Эндээс тоос, шавар, элс энэ тэрээ л авсан байх. Цэргүүд нь гэж хачин гоё ногоон
эрээн хувцастай. Урт түрийтэй үддэг гуталтай. За тэгээд өнөө цэргүүд чинь манай
сургуулийн спорт заалыг барьж эхэлсэн дээ. 
Би өнөөдүүлээ манаж хянадаг ажилтай” гэж байна. Америк цэргийн гоё хувцас,
гутлыг нь манай залуус сонирхоод байж л дээ. Гадаадаас ирсэн цэргүүдийг харах гэж
тэр хавиар эргэлдэх болсон охид ч цөөнгүй байж. Ингээд л захирал манаанд гарсан
хэрэг. Арваннэгдүгээр сургуулийг хоёр жилийн өмнө нураахад өөрийнх нь бариулсан
улаан тоосгон суурьтай төмөр хашаа, Америк цэргүүдээр бариулсан спорт заал нь хэвээр
үлдсэнийг бэлгэшээж байгаа гэнэ. “Цаашид ашиглах юм байна гэсэн бодолтой байгаа
шүү” гэж байна.

 

ГОЦ АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АНГИ АЛГАСУУЛДАГ

БОЛГОСОН НЬ

“Шинэ үе” сургуулиа байгуулсан түүх нь ч санамсаргүй гэмээр тохиолдол
болж. 2002 онд амралтаа авчихаад хотын захиргааны хажуугаар өнгөрч явахдаа гэнэт
л сургуулийн газар хүсч ормоор санагдсан гэнэ. 52 дугаар сургуульд хүүхдүүдээ олимпиадад
бэлддэг байхад нь тухайн үеийн хотын дарга 
М.Энхболд нэгдүгээр сургуулийн сурагч байсан аж. Сайн багш гэдгийг нь мэддэг
хотын мэр сургууль барих газар гуйхад нь уриалгахан тусалжээ. Сургуулиа хүн гуйж
бариулсан  үеийн түүхээ ярьж байтал эхнэр
нь гал тогооны өрөөнөөс “Амжилтаа ярихгүй юм уу. Нөгөө Алтанцог, Энхболдыг…” гэж
байна. Маам багш нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа “Чи ярьж өг тэгвэл” гэж цаашлуулж
инээдэм болов. Эзэгтэйг өнөөхөө хэл гэж сануулах бүрд л гэрийн эзэн иймэрхүү хошин
үг унагах юм.  Тэрээр “Би ингэсэн тэгсэн гэж
ярих ч халуун шүү” гэсээр  яриагаа үргэлжлүүлэв.  Маам багш 52 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн
сургалт явуулах гээд хүчрээгүй учраас дугуйлан ажиллуулж байж. Нэг талаас олон улсын
тэмцээнд хүүхдүүдээ сойё, нөгөө талаас математиктаа сайн хүүхдүүдийг сонгож нэг
дор хичээллүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож хийсэн ажил аж. Ингэж зүтгэсний хэрэг
ч гарч олон улсын олимпиадаас анхны медалиудаа аваад эхэлсэн гэнэ. Шавь нараасаа
Энхболдыг онцолж байна. Математикт авьяастай хүү 32 дугаар сургуульд наймаа төгсөөд
есдүгээр ангидаа 52-т шилжиж ирсэн аж.  Маам
багш хайртай шавийнхаа талаар “Энхболдод ес, арвынх нь хичээлийг заагаад аравдугаар
ангийн олимпиадад оруулсан чинь хотын аварга болчихлоо. Анги ахиулсан гээд хэл ам
болсон л доо. Дараа нь олон улсын олимиадаас медаль аваад ирэхээр аргагүй хүлээн
зөвшөөрч байгаа юм. Тэр үед би хичээлийн эрхлэгч. Тийм сайн хүүхдээ аравт нь суулгаад
дахиад уралдаан тэмцээнд оруулж сургуулийнхаа нэрийг гаргаж болох байсан л даа.
Гэхдээ тэгээгүй. Ээжтэйгээ амьдардаг хүүд нэг жил ч гэсэн хэрэгтэй. Тэгээд их сургуулийн
Содном багш дээр очлоо. Гэрчилгээгүй гээд авдаггүй. Боловсролын сайд дээр яваад
орлоо. Тэр үед Дашцэрэн гэж  математикийн
хүн сайд байсан болохоор төгсөлтийн гэрчилгээ асуудалгүй шийдэгдэж Энхболдыгоо их
сургуульд оруулсан түүхтэй. Дээд сургуулиа хугацаанаас нь өмнө төгсөх гэтэл Төв
хорооноос бусад хичээлээ судал гээд зөвшөөрдөггүй. Энхболд маань сүүлдээ төгсөх
курстээ багшилж байлаа. Төгсөнгүүт нь Москвагийн аспирантурт явуулах гэтэл хоёр
жил ажиллаж байж бол гээд мөн л халгаасангүй. Ажиллаж байгаад хойшоо явлаа. Тэнд
очоод бүр гялалзсан. Москвагийн их сургуулийн багш нар тавьсан илтгэлийг нь  нээлт хийсэн илтгэл болж байна гээд алга ташаад  сүйд байсан. Даанч нэг их урт наслаагүй дээ” хэмээн
дурсамж сөхөв.

Сонирхуулж хэлэхэд Маам багш Энхболдоос үүдэж боловсролын салбарт
нэг шинэчлэлийг анх удаа хийсэн юм билээ. Гоц сайн хүүхдийг анги алгасуулах шийдвэр
гаргуулах гэж нэлээд зүтгэжээ. Ерээд оноос анги алгасч болохыг албан ёсоор хүлээн
зөвшөөрсөн гэнэ. Боловсролын салбарт хийсэн бас нэг шинэчлэлээ анхны тусгай сургууль
байгуулсан явдал гэж тайлбарлав. 11 дүгээр сургуулийг хэлсэн хэрэг.

Шавь нарынх нь тоог сонирхтол цаасан дээр тоо бодож сууснаа “Лав
4000 гарчээ” гэж байна. Эрдэмтэн шавь нарынхаа тоог алджээ.  “Монос”-ын Хүрэлбаатар, академич Бэгзээс эхлээд
жагсаавал барагдахгүй шинжтэй. Аль нэгийг нь хаячихаар “Багш миний нэрийг хэлсэнгүй”
гээд сүйд болдог гэнэ. Улстөрчдөөс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын
гишүүн Бурмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ, Боловсролын сайдаар
ажиллаж байсан Ё.Отгонбаярыг онцолж байна. 
Урлагийнхнаас хамгийн мундаг яваа нь дуучин Ариунаа гэнэ. За тэгээд хөдөлмөрийн
баатар шавь гэвэл Цэнд-Аюуш, Бямбажав, Ганчимэг гээд өчнөөн нэр жагсаахаар юм билээ.
Дэлхийд гэж яригдах хүн ч шавь нар дунд нь байгаа гэж бахархав. Америк, Азийн их
сургуулиудад хичээл зааж байсан, одоо Европт багшилж байгаа  Отгонбаярыгаа нэрлэв. УИХ-ын гишүүн, Хотын дарга
байсан Ц.Баасанжав багшдаа ойр шавь нарын нэг. Дотно холбоотой, байнга л тусалж
дэмжиж явдаг аж.

 

СУРАГЧДАА ГЭРТЭЭ ЦУГЛУУЛЖ ШӨНӨЖИН ТОО БОДДОГ БАГШ

Хоол бэлэн болжээ. Гуляш идэх зуур гэрийн эзэгтэй дуугүй суусангүй.  “Манай хүний шавь нар салбар бүрт л амжилттай
яваа. Маам багшийн чинь нэг онцлог ёстой хүний төлөө шүү дээ. Тэр үед конкурст бэлдэнэ
гэж том ажил болдог байлаа. Манайх 120-д. Маам багшаар бэлдүүлнэ гээд дарга нар
хүртэл хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхдүүдээ сургуульд оруулна гээд шөнө унтахгүй бэлдэнэ.
Би том өрөөнд хүүхдүүдтэйгээ унтаад өгнө. Өнөө хэд гал тогооны өрөөнд шөнөжин суугаад
бодлого бодчихно. Конкурс эхэлдэг өдөр Маам хүүхдүүддээ анхаарал тавина гэж жигтэйхэн.
За тэр маань гараад ирлээ яасан, ямар бодлого ирсэн гээд гүйчихнэ. Чехэд элчингийн
тэрэг барьж байсан Сэнгээгийн эхнэр бүр сүүлд “Маам багшийг бодохоор санаа зовоод
байдаг юм. Хүүхдээ тэгж бэлдүүлж өчнөөн гоё сургуульд оруулчихаад баярлалаа гээд
хэдэн төгрөг өгөхөө ч мэдэхгүй. Албатай юм шиг л явдаг байж” гэж билээ. Манай Маам
ийм л хүн” хэмээн ярихад гэрийн эзэн дуугүйхэн инээмсэглэнэ.

Сургуулиа байгуулах үед хэдэн шавь нь  “Маам багшаа, бид танд өртэй шүү. Тусламж хэрэгтэй
бол та бусад шавь нартаа дуулгаарай” гэхэд “Би ямар мөнгө гуйх гэж шавь нараа сургасан
уу. Бүтвэл бүтэг байвал байг” гээд халгаагаагүй гэнэ. Зэрэг цолтой өчнөөн сайн багштай,
улс, нийслэлийн шилдэг сургууль хэр нь төлбөрөө нэмье гэж огт дуугардаггүй гэнэ.
Гэрийн эзэгтэй сургуулийнхаа санхүүг хариуцдаг учраас хааяа төлбөрөө нэмэх санал
тавихаар “Би төлбөрөө нэмэхгүй. Энэ хэдэн сэхээтний хүүхдүүдийг хэн сургах вэ. Эрдэм
шинжилгээний ажилчид, их сургуулийн багш, төрийн албан хаагчид байна. Эдэнд тийм
өм цөм мөнгө хаана байхав” гээд халгаадаггүй аж. Эзэгтэй сургуулийнхаа санхүүг барихаас
гадна сурагчдын автобус, дүрэмт хувцас, цайны газрын эрүүл ахуй, сургуулийн доторх
соёл гээд хариуцдаггүй ажил үгүй бололтой. Маам багш “Манай сургуулийн соёл сайн
шүү. Арваад жил болсон гэхэд хана нь тэр хэвээрээ. Өнөөг хүртэл ямар ч будаг хүргээгүй.  Хулгай гэж огт байхгүй” гэснээ  “Манай сургуулийн удирдлагууд их сайн. Заавал
бичээд өгөөрэй, манай дэд захирал О.Идэрсайхан гэж мундаг залуу бий. Ур чадварын
уралдааны гурван удаагийн аварга, улсын хоёр удаагийн аварга” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөг сонирхлоо. Нэг ханандаа битүү ном өрчихөж.
Дан тооны чигийн ном харагдав. Шавь нар нь гадагшаа яваад ирэхээрээ л нэг ном авчирч
өгдөг гэнэ.  Компьютер тавьсан ажлын ширээгээ
“Гаднаас мэдээлэл авах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй газар” гэж байна. Бичгийн ширээний
эсрэг талын  ханын шүүгээнд бурхан тахилаа
залжээ. Далай багштай авахуулсан зургаа их л нандигнан залжээ. Бурхан тахил залсан
шүүгээний доод талын тавиурт хүндэтгэн байрлуулсан  цагаан зааныг Энхболдын ах Алтанцог дурсгажээ.
Хайртай шавийнхаа дурсгасан зүйлийг нандигнаж явдаг гэнэ.  Ном өрсөн шүүгээний дээд талд өчнөөн шагнал өржээ.
Энд  Ж.Батмөнх гэсэн гарын үсэгтэй Засгийн
газрын хүндэт жуух ч байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан шагнал авснаа их
л онцгойлж байна. Тэргүүний ажилтны улаан хавтастай үнэмлэх дээр  “Ардын боловсролын яамны үзлэгээр амжилттай дүн
үзүүлж ажилласан явдалд…” гэсэн өгүүлбэрийг зүгээр ч нэг бичээгүй гэнэ. 52 дугаар
сургуульд очсон жил нь яамнаас үзлэг иржээ. Хажуу хавийн сургуулиуд нь үзлэгт уналаа
гэсэн түгшмээр мэдээ ирээд байж. Үзлэгийнхэн ч ирж гэнэ. Шалгуулсан сурагчид нь
бүгдээрээ зуу авчихаж. Маам багшийн амжилт нь 100, чанар нь 90 хувь гэж гарчээ.  Үзлэг ахалсан дарга  “Ийм юм гэж хаана байдаг юм. Тест задарсан юм
биш үү” гээд дахиад шалгасан чинь мөн л 100 гэсэн үнэлгээтэй гараад ирж. Шалгалтын
дараа өнөө хардсан дарга дээр очоод “Хүүхдүүдийг маань ахиад шалгах уу” гэж асуутал
“Битгий донгос, явж үз” гэж бухимдан хэлж байжээ. 1972 онд авсан тэргүүний ажилтны
тэмдэг нь Хятадад хийлгэсэн  эд гэнэ. Уртаа
гэгчийн шруптэй, төрийн далбааны цэнхэр улаан хосолсон ромбо хэлбэрийн тэмдэг харагдав.

Зочны өрөөний ханын шүү­гээний дээд тавиурт дурс­галын үгтэй мөнгөн
аяганууд өржээ. Ардын багш авдаг жил нь салбарынхаа яамнаас дурсгасан мөнгөн аягыг
зааснаа “Эдэлж хэрэглэхдээ дургүй, харж байх хүсэлтэй” гэж байна. Зочны өрөөний
ханандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас гавьяат багш цол хүртэж байгаа
үеийн зургаа өлгөжээ. Хажууд нь Н.Багабанди Ерөн­хий­лөгчөөс Ардын багш цол авч
байх үеийнх нь зураг  харагдана.

 

ГУЧ НАРАА “МОНГОЛ ХҮН БОЛГОХООР” АМЕРИКААС АВЧИРЧЭЭ

Маам багшийнх хоёр охин­­той юм байна. Том нь Ленинградад суралцаж
ирснээсээ хойш  Хавдар суд­ла­лын үндэсний
төвд ажилласан гэнэ. Ээж нь “Инженер эмч хийдэг” гэж тодруулав. Элэг бөглөхөөс эхлээд  энэ эмнэлэгт ашигладаг бүх л чухал аппаратуудыг
мэддэг хүн бололтой. Хүргэн нь мөн л эмч. Одоо хувиараа бизнестэй аж. Аав нь ууган
охиноо “Миний охин нэг газ­раа удаан ажилласан болохоор ажилдаа гаршсан, шагнал
урамшуулал сайн авдаг” гэж магтав. Бага охин нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг
төгсөөд Татварын газарт өнөөдрийг хүртэл 
ажиллаж байгаа юм байна. Том охиных нь хүү Америкт гэр бүлтэйгээ амьдардаг
гэнэ. Зээ хүүгийнхээ гурван хүүхдийг “монгол хүн болгох” гэж саяхнаас авчирчээ.
Гуч нар нь хагас бүтэн сайнаар ээжийнхээ аавынх руу явчихдаг гэнэ. Бусад өдөрт нь
Маам багшийнд бужигнадаг аж. Том нь Чингүүн, 
хоёрдугаар анги. Харин  дундах нь Нинжин,
нэгдүгээр анги. Өвөөгийнхөө “Шинэ үе” сургуулийн сурагчид гэнэ.  Маам багшийг “Манай хэд анх ирээд хэлгүй хэцүүдсэн.
Дунд охин яриа ойлгохгүй болохоороо уйлаад унана. Том нь их сэргэлээн. Чалчаа талдаа
болохоор монгол хэлээ их түргэн сурсан. Саяхан өө, “энэ тэнэг” гэж байна лээ. Тэгэхээр
монгол хэлийг муу, сайнгүй сурсан болж таараад байгаа юм. Эхлээд дүүдээ орчуулах
маягийн юм болно. Хоёулаа бол англиар шулганаж өгнө. Одоо бол холиод л давхиад байна”
гэж хэлээд инээхэд  эхнэр нь “Саяхан би Чингүүнд,
сайн сурч өвөө шигээ мундаг хүн болоод сургуулийнхаа захирал болоорой гэсэн чинь,
“Тэгнээ, би захирал болно харин Нинжин таны өрөөнд суух уу” гэж байгаа юм даа. Дүүгээ
бас дарга болгох нь” гээд хөгжилтэй инээв. Эзэгтэйг “Манай хүүхдүүд ер нь банк,
санхүү чигийн улс болж байна. Нэг нь ч багшийн мэргэжил сонгоогүй. Чингүүн маань
харин яах бол” гэхэд Маам багш “Би хашраачихсан шиг байгаа юм. Хүүхдэд конкурсын  давтлага өгөхөөр шөнө их богино. Хэдхэн тоо бодоод
сууж байхад л нар манхайчихна. Шөнөжингөө тоо боддог муу ажил байна гэж бодоод л
халгасан байх”  гээд хүд хүд инээв. Энэ хооронд
зэгтэй яаралтай ажилтай гээд гарч одов. Том охинтойгоо багш нарынхаа өрөөг гоёх
шкаф сонгох гэж байгаа аж.

Маам багшаас гэр бүлийнх нь нандигнаж явдаг зүйлийг сонирхоход “Хоёр
юм бий. Гэртээ номтой байхсан гэж боддог. Харин манай гэрийн хүн цэвэр байхсан гэж
хичээдэг” гэж байна.  “Үр хүүхэд, ач зээ,
гуч нар гэрт байхад их сайхан. Хоёулаа байхад бол ер нь хэцүү шүү дээ. Зун амрахдаа  би тийм тааламжтай байдаггүй. Хүүхдүүдийнхээ дунд
орчихоор бие хөнгөрөөд, энд тэнд юм өвдөхөө болиод ирнэ шүү дээ” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Эзэгтэйг гарсны дараа хагас цаг орчим яриа хөөрөө өрнүүлсний эцэст
гэрийн эзэн ажлынхаа өрөөний Очирваань хайрханы зургийг үзүүлэх юм болов. Гэрээс
нь дөнгөж гараад л ажил нь. ”Шинэ үе” сургууль хичээлийн шинэ жилдээ ид бэлдэж байв.
Хоёр давхар, дотоод зохион байгуулалт сайтай юм. Тасалгааны цэцэг хаа сайгүй. Зарим
цэцгээ хүүхдүүдээрээ арчлуулахаар гэр рүү нь өгөөд явуулсан гэхээр битүү цэцгэн
дунд л өнждөг бололтой.

Найман зуу гаруй сурагч энд бужигнадаг юм байна. Үүнээс ч илүүг авах
боломжтой ч ийм хязгаар тавьдаг гэнэ. Маам багш ”Олон байх чинь хоёр  талтай. Нэгдүгээрт сургалтын чанар муудна. Хоёрдугаарт,
энэ хөгшин чинь ямар шуналтай хүн бэ гэж ярина. Багш нь ийм ярианаас жаахан айдаг”
хэмээв. 

Багш нарынхаа зургийг зэрэг цолтой нь бичээд ханан­даа өлгөх гээд
бэлдчихэж. “Гадаадад явж байхад багш, эмч нарын зургийг зэрэг цолтой нь бичээд өлгөсөн
байдаг юм билээ. Хүмүүс зурагнаас нь харж байгаад эмч, багшаа сонгодог. Тэр жишгийг
нэвтрүүлж байгаа юм” гэж тайлбарлав. Зурагнуудыг нь сонирхоход зэрэг, цолгүй багш
гэж алга. Сайн багш нарыг цуглуулж чаддаг турш­ла­га­тай нь ярианаас нь илт. Маам
багш дээхэн үед яаманд байцаагч хийх үедээ аймгуудын аль сайн гэсэн багш нарыг хот
руу татаад бангадуулсан удаатай  гэж байгаа.

Бага охин нь сургууль дээр ирчихсэн засварын ажилд туслаад завгүй
харагдана. “Захирал Монгол Улсын Ардын багш Ү.Маам” гэсэн хаягтай өрөөнд орлоо.
Хоймор хэсэгт нь Отгонтэнгэрийн фото зургийг хүндэтгэн залжээ. “Хайрханы орой ингэж
бүрэн харагдах нь ховор шүү. Голдуу дээгүүр нь үүл манан бүрхэж бай­даг. Номтой
лам нар ирээд ном уншихаар дорхноо цэлмээд, алга болчихно. Би бас том лам аваачиж
үзсэн. Тэр үед хайрханы  дээр их том үүл байсан
ч өнөө ламыг ном  уншингуут алга болсон. Хайрхан
сайн үйлстэй, сайн энергитэй хүнийг андахгүй” гэж байна. Шүтэж явдаг хайрханых нь
зургийг сонирхоод Маам багшийн сургуулиас гарахад нар жаргаж байлаа. 

 Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зогс, шинэ оюутан

Хичээлийн шинэ жил эхэлж нийс¬лэлд түм түжигнэж, бум бужигнаж байна. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, авто зам дээр хүн машин сүлэлдэж эхэлдэг үе. Нийслэлийн замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос сэр­гий­¬¬лэхийг сануулж, эцэг эх­чүүд бага насны хүүхдээ гараа­саа салгахгүй сур­гуульд нь дөхүүлнэ. Замын цагдаагаас гадна сургуулийн ойролцоо сайн дурынхан замын хөдөлгөөн зохицуулж багачуудыг ослоос хамгаалаад байгаа. Ногоон гэрэл, цагаан шугамаа цэцэрлэгтээ заал¬га¬чихсан жаалуудын зарим нь аав ээжийгээ чирэх шахам гарц руу дөхөж яваа нь ч харагдана. Ингэхээр багачууд маань ямар ч бай­сан явган хүний гарцаар, ногоон гэрлээр зам хөндлөн гарчихаад байгаа хэрэг. Багачуудаас илүү анхаарах хэрэгтэй томчууд бас байна аа. Тэд бол хөдөөнөөс ирсэн шинэ оюутнууд. Андашгүй дээ, улаан хацартай, тоом¬жиргүй байдалтай нөхдүүд зам гарахдаа яг л хөдөө тал­¬даа яваа мэт аашилна. Цэцэрлэгтээ бүү хэл сургуульдаа ч ногоон гэрэл, цагаан шугам заалгаагүй тэдэнд юун гарц. Бушуухан замын нөгөө талд хүрэхийн тулд чигээрээ гүйчихдэг. Жил бүр цөөнгүй шинэ оюутан ингэж гүйж яваад зам тээврийн ослын хохирогч болдог талаар албаныхан ярьсан. Тэднийг хохирогч болгохгүйн тулд хотын амьдралд дасч, замаар сүлжих олон машины учрыг олтол бүгд багшилъя. Гарцгүй газраар зам гарах гэж байгаа нэгийг нь гарц руу дагуулаад явахад нэг их цаг алдахгүй. Таны гараас зүүгдэж яваа хүүхдээс тань ялгаа юун. Бас жолооч та “Хөдөөний …” гэж загнаж сандаргахын оронд түр зогсоод аядуухнаар гарц заагаад өгчих.  

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хилчид өргөстэй төмөр утас залгах ажил хийж байна

Хилийн цэргийн дэслэгч найзтайгаа уулзлаа. Ээлжийн амралтаа аваад хотод ирсэн гэнэ. Бид хоёрын яриа улсын минь  хил амар тайван байна уу гээд л эхэллээ. Хилчин найз маань “Хилийн зөрчил гарахаа больсон. Сүүлийн үед БНХАУ хилийн зурвас газартаа дөрвөн метр гаруй   өндөр төмөр хашаа барьчихсан. Харин манай улс  шургаа мод зоогоод өргөстэй төмөр утсаар  тор татдаг хэвээрээ байгаа. Олон нийтэд  хэлэхгүй байгаа болохоос хилийн цэргийнхэн жилийн дөрвөн улирал өргөстэй төмөр утас  залгах ажилтай байдаг болсон. Сүүлийн үед тасарсан  төмөр утас сэлбэх өргөстэй төмөр утас ирэхгүй хилчид хэцүүдэж байгаа. Үүнийг хэлж ярьдаг хүн алга байна. Сүүлийн үед олон жил болсон төмөр утас зэврээд байнга тасарч байна” гэв.  Шуурганд уруудаж ирсэн мал, цагаан зээр төмөр утсыг тас татаад хилээр гараад явчихдаг. Хил манаж байгаа хэдэн цэрэг үүнээс болоод хэцүүддэг. Нутгийн малчдын малыг хил даваад явсныг нь эргүүлэн авчирч өгөхөөс эхлээд олон ажил ундардаг байна. 

Харин урд, хойд  хөршийнхөн хилийнхээ зурвасыг төмөр хашаагаар хамгаалсан байдаг. Хилийн зурвастаа тулгаад хот тосгодтой болчихсон байдаг. Мөн хилийн зурвас газраар  өндөр цамхаг бариад камер суурилуулсан байна лээ. Харин манайхан төмөр утастай хэвээрээ л байна. Ядахдаа олон жил болсон төмөр утас нь тасраад хэцүүхэн байдалтай байна. Төмөр хашаа хилийн дагуу барьчихвал  зөрчил гарахгүй хил даван алга болоод байгаа ан амьтан ч  эх нутагтаа байна. 

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Малчин сумын анхны нэг ангийнхан

“Манай ангийн дарга яг л хэвээрээ шив дээ. Багын л нямбай шар охин байсан сан” хэмээн хоорондоо ярилцаж “Батхүрэлийнхээ ачаар бид хэд ингэж уулздаг байжээ” гэж ирээд л хөгшчүүд гар барин мэндэлнэ. Энэ бол Увс аймгийн Малчин сумын анхны сурагчид болох “1а” ангийнхан. Тэд сургуулиа төгссөнөөсөө хойш 50 гаруй жилийн дараа анх удаа ангиараа уулзаж байгаа нь энэ. Нэг ангийнхан Сонгинохайрхан дүүрэгт байрлах цахилгаан шуудангийн гадаа уулзав. Ангийн дарга Л.Батхүрэл ангийнхантайгаа холбоо тогтоож өглөө 08.00 цаг гэхэд бэлэн байхаар үүрэг өгсөн бололтой. Харин хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй уулзалтынхаа хугацаанаас цаг гаруйн өмнө ирж ийн дуу шуу болсон хэрэг. Ихэнх нь үр, хүүхдээрээ унаа тэргээр хүргүүлж ирж харагдав. Ингээд арваад хүн цугларлаа. Ангийн дарга Л.Батхүрэл гэх 60 гаруй насны шав хийсэн хөдөлгөөнтэй хөгшин автобусны жолоочид хөдлөхийг үүрэгдэв. Замаараа Чингэсийн талбайгаас ангийнхаа хэсэг нөхдийг аваад Тэрэлж орох юм гэнэ. Учир нь Тэрэлжид бага ангийн багш Басангийн Пэлжээ 85 насныхаа ойг тэмдэглэж байгаа аж. Ингээд багшийнхаа баяраас хоцорч болохгүй гэсээр хөгшчүүл яаран хөдлөв. Машин хөдлөө юу үгүй юу хоорондоо шуугилдах агаад шуугилдсан анги дунд яваад орчихсон мэт санагдав. Нэг нэгнийгээ ануухан, залуухан хэвээрээ байна гэж байнга л магтана. Автобусны арын суудалд суусан хоёр эрэгтэй “Манай Сэрчмаа, Н.Огоо ирсэн үү, одоо хэдэн хүн талбай дээрээс суух юм бэ” гэж ангийн даргыгаа шалгаана. Энэ зуурыг хөөрөлдсөөр талбай хүрлээ. Автобусны буудлын сандал дээр сууж байсан зургаа долоон хүн шуугилдсаар автобусанд орж ирэв.

Цэнхэр дээл өмсч, жанжин малгай тавьсан уяач болов уу гэмээр 70 орчим насны эрэгтэй их л хөнгөн шингэн хөдөлгөөнтэй аж. Хүн бүр дэргэд нь очиж гар барин, хөөрөг зөрүүлээд “Үгүй ээ мөн ийм сайхан өдөр ирдэг ээ” гэсээр хөлсөө арчих аж. Тэрээр хөдөөнөөс иржээ. Хөдөөнөөс ирсэн гэх тав зургаан хүн байлаа. 50 гаруй жилийн дараа ангийнхантай уулзаж байгаа болохоор ч тэр үү сэтгэл хөдлөөд ойрын гурван хоног нойргүй хонолоо гэх хүмүүс ч байв. Зарим нь нэгнийгээ танихгүй бишүүрхэж хэсэг зогсонгоо “Чамайг гэж таньсангүй ш дээ. Эвий минь бие нь сайн уу, хаана амьдарч байна” гээд л тэврэлдэж хоолой нь зангиран, нулимс унагаж харагдав. Харин насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх офицер эр “За хөвгүүд минь мэнд мэдээд охидоо үнсэхдээ үнсэлцэхгүй шүү” хэмээн хошигноод авав. Ингээд мэнд усаа мэдэлцэж аваад багшийнхаа зүг яаравчлан хөдөллөө. 

Хэдий 70 дөхөж яваа ч инээд цалгисан их өргөөндөө, хүүхэд ахуй цагтаа эргээд оччихсон юм шиг л хоорондоо хөгжилдөж, хөөр баяраар бялхсан инээд автобусаар нэг цангинана. Эрчүүд нь “Манай ангийн охид”, эмэгтэйчүүд нь “Хөвгүүд ээ” гэж дуудах аж. Тэгсэн хэрнээ хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач, зээтэй болсон гэж ирээд л яриа дэлгэнэ. Барилгын инженер О.Базар “Миний багш 20-хон настай, хонгор зүстэй байхад бид сэвлэг даахиа ч авахуулаагүй үе байсан. Тийм л залуугаараа биднийг хорвоотой танилцуулсан хүн дээ. Хичээлийн анхны өдөр 1958 оны есдүгээр сарын 25-нд манай ангийнхнаас хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн болохыг асуулаа. Хэн ч төрсөн өдрөө мэддэггүй. Тухайн үед аав, ээж чи хавар, намар төрсөн л гэж хэлэхээс биш нарийвчилж хэлэх биш. Тэгсэн багш та нарын хорвоод шинэ хүн болж мэндэлсэн өдөр энэ өдөр байх болно гэж хэлж билээ. Одоо бидний ихэнхийнх нь иргэний үнэмлэх дээр төрсөн өдөр нь 1958 оны есдүгээр сарын 25 гэсэн байдаг” гэж ярив. Тэрээр ангийнхаа хамгийн үг яриа хурц, уран цэцэн үгтэй нэгэн гэнэ. Бусад нь ч ам булаацалдан “Багш ёстой л шинэ хүн болгосон” гэх. Ингээд зорьсон газраа ирлээ. Нэг ангийнхан багштайгаа уулзана гэхээс их л догдолж харагдана. Автобусны хаалгаар эрчүүд нь эхэлж буулаа. Харин эмэгтэйчүүд цүнхнээсээ гоёлын дээл гаргаж өмсөцгөөв. Бүгд л дээлийнхээ энгэрт эхийн нэг, хоёрдугаар одон гялалзуулж, зарим нь тэргүүний ажилтан зэрэг хэд хэдэн тэмдгээр гоёжээ. Автобусны хаалгаар буунгуут эрчүүд нь “Манай хэд чинь нөгөө хувцсаа өмсөөд нүүрээ будчихаараа дажгүй харагдаж байна” гэж ангийнхаа охидыг цаашлуулна. Багшдаа өгөхөөр хөдөөнөөс айраг, цагаа хүртэл авчирсан байв. Бага ангийн багш Басангийн Пэлжээ нь өдгөө 85 нас зооглож яваа бөгөөд жаахан чих хатууг эс тооцвол ануухнаараа байна. Тэрээр 400 гаруй шавь нартай хүн аж. Нэг ангийнхан багшдаа хадаг барин золгож үнсүүлнэ. Багш “Миний анхны шавь нар. Ширээ сандал дээрээ ч яаж суухаа мэдэхгүй будилж явсан үрс одоо намайг дагаад өтөлжээ” гэсээр нулимс унагаж сүйд болов. Пэлжээ 30 гаруй жил багшилсан нэгэн, 400 гаруй шавьтай гэнэ. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, өмгөөлөгч Монгол зэрэг улс төр, нийгэмдээ танигдсан олон хүн бий.  

Түүнийг 14 настай байхад анх крилл үсэг гарч “шинэ үсгийн багш”-аар хөдөө томилжээ. Хөдөө айлуудаар явж малчдад бичиг үсэг заана. Ингээд 1955-1958 оны хооронд Багшийн их сургуульд сурч ирэхэд шинэ сургууль ч нээгдэж анхны ангийг нь дааж авчээ. 

Пэлжээ багш нь морьтой явж ангийнхаа хүүхэд бүрийн гэрээр орж сургуульдаа явахыг шаарддаг байсан гэнэ. Шинэ залуу багшийн ангийнханд ч “Хорвоотой анх танилцсан нь”  зохиол дээр гардаг шиг  бүх зүйл ховор, сонин, содон харагддаг байж. О.Базар “Багийн даргын балыг харж байснаас гарнаас нь авч барьж үзээгүй байсан үе” хэмээн тухайн цаг үеэ тодотгоно. “1а” ангийнхан хоёрдугаар ангид ороход  сургуулийн хамгийн том ах эгч нар болж хувирахын зэрэгцээ доод ангийнхнаа асрах ажил гүйцэтгэдэг байжээ. Одоогийнх шиг паартай байшин, паалантай жорлон байх биш үүрийн 05 цагт босч хоёр хоёроороо сургууль дээрээ ирж жижүүрлэдэг байсан аж. Гал түлнэ, ангиараа мод хөрөөднө гээд аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй бяцхан багачуудын хувьд ахадсан ажил байсан нь тодорхой. Харин тэдний хувьд хамт олонтойгоо хөгжилдөж, эрдэм ном сурна гэдэг дээдийн жаргал байсан гэнэ. Нэг удаа М.Жөвжөө гэх охин ангийнхаа цоожийг хөшөөд эвдчихэж. Эрт ирээд ангидаа орох санаатай явсан нь тэр. Цоож онгойлгох гэж байгаад багшийнхаа хайчийг хүртэл хугалж байсан паянгаа ярьж “Тэр үед чинь хайч ховор байсан байхгүй юу” хэмээн ангийнхандаа хэлж инээлдэв. Мөн ангийнхаа зуухан дээр мөнгөлөг цаас тавьж байгаад элсэн чихэр хайлуулж иддэг байснаа дурсав. Бас болоогүй тэрийгээ булаацалдаж байгаад нэгнийхээ гарыг түлэх энүүхэнд байж. 

Тэд ангийнхаа даргыг сонгохдоо сумын төвийн цагаан охин гэх шалтгаанаар Л.Батхүрэлийг сонгосон гэнэ. Бүгд л малчдын хүүхэд байсан болохоор сумын төвийн хүүхэд арай өөр байх гээд шууд л гар өргөж сонгожээ. Харин ангийн дарга нь “Тухайн үед би сумын төвийнх гэлтгүй адилхан хөдөөний л хүүхэд байж таарна ш дээ” хэмээн даруухан инээнэ. Олон жил уулзалдаагүй ангийн нөхөд энэ мэт олон дурсамж хүүрнэж багшдаа “Үзэг барьсан турьхан гарт минь үг холбох аргыг заасан … Бага ангийн багшдаа баярлалаа” хэмээн нүдэндээ нулимстай аялж өгч Ц.Гунгаа, М.Жөвжөө, Н.Огоо, П.Долгор, Ц.Батчулуун, О.Базар, О.Хартолгой, Ж.Улаантолгой, Ц.Сэржмаа, И.Бат-Очир, С.Дэмбэрэл, Н.Лхагваа, Н.Дүүрэн, Л.Батхүрэл, Д.Дэмбэрэл гэж нэрээ бичсэн дурсгалын зүйлс гардуулав. Ингээд нар ч шингэж, нэг ангийнхан ч яарсаар хотын зүг хүлгийн жолоо залав. Буцах зуур нь нэг нь  “Энэ бидний ангиараа цугларсан сүүлчийн уулзалт байх даа” гэж гунигтайхан хэлэхэд нөгөө нь “Яалаа гэж багш минь буянтай хүн юм биднийг уулзуулаад. Үүнээс хойш холбоотой байж байнга уулзана шүү” гэсээр салцгаав.

Д.ДАВААСҮРЭН   

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хичээл яагаад заавал есдүгээр сарын 1-нд эхлэх ёстой гэж?

Есдүгээр сарын 1, ерөөсөө бидний баяр даа гэж дуулдаг ч нийслэлчүүдийн хувьд хамгийн их ачаалалтай бас стресстэй өдөр болоод байна. Учир нь энэ өдөр үр хүүхэдтэй бүхэн хөдөлгөөнд орно. Бага насны хүүхэдтэй нь хүүхдээ хөтлөөд цэцэрлэг рүү явцгаана. Нэгдүгээр ангийн хүүхдийнхээ анхны хичээлийн өдөр аав, ээж нь байлцахыг бодно. Сурагчдаас гадна оюутнуудын хичээл энэ өдөр эхэлдэг учраас замын түгжрэл дээд цэгтээ хүрнэ. Энэ өдөр ажилдаа бүрэн анхаарал хандуулаад, эрүүл ухаантай суух хүн ховор байх. Зун амралтын байдалтай намдуухан өнгөрдөг байтал чухам энэ өдөр бум бужигнаж, түм түжигнэнэ дээ. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос төрийн өмчит цэцэрлэгүүдийн тарах цагийг 18 хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан байна лээ. Хэзээ болтол сургууль цэцэрлэг тарах цаг нийслэлчүүдийн бухимдлын цаг байх вэ. Хичээл яагаад заавал есдүгээр сарын 1-нд орох ёстой гэж. Бусад оронд  бол хичээл эхлэх тарах хугацааг янз бүрээр тогтоосон байдаг юм билээ. Тухайлбал, Солонгост дээд сургуулийн хичээл  долдугаар сарын 20-нд тарж, зуны амралт эхэлж байгаатай манай багш нар таарсан байна лээ. Хөх хотод наймдугаар сарын 15-нд төгсөх ангийн хичээл эхэлж  байна л гэнэ. Энэ мэтчилэн сургалтын байгууллагуудын хичээл эхлэх, амрах цагуудыг хойно урд нь оруулаад, зохицуулалт хийх боломж байж л таарна. Өвлийн ид хүйтэнд  сургууль амрах нь зүгээр гэсэн үзэл бодлыг ч бодолцмоор байгаа юм даа.

Б.ЯНЖМАА 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайн явж ирэв үү?

Монголчууд бид аян замд явж  ирсэн нэгнийгээ угтахдаа “Сайн явж ирэв үү?” гэж асуудаг. Харин “Хурдан яваад ирэв үү?” гэж хэзээ ч хэлдэггүй. Гэтэл хол замд явж байгаа жолооч нар байдаг хурдаараа бие биетэйгээ уралдахыг яана. Зам эвдрэлтэйг хэлэх үү, жолооч нарын хурдлах нь бүр ч эрсдэлтэй. 

Энэ зун хөдөө явлаа. Замд онхолдож, мөргөлдсөн машин олонтаа тааралдав. Аливаа аваар осол гэдэг ганцхан секундын дотор болдог гэдэг. Тэгэхээр манай жолооч нарын хүлээцгүй, яарч адгасан байдал ганцхан секундэд ямар их хохирол учруулдгийг замын цагдаагийнхан байнга л онцолж, анхааруулдаг. Гэвч аваар ослын тоо жил ирэх тусам нэмэгддэг судалгаа гарчээ. Аян замд яарч тэвдэхгүй явах нь аминд өлзийтэй. Хамаг хаазаа өндөрсгөж, галзуу юм шиг давхисан, тааваараа дундаж хурдтай гэлдэрсэн хоёрын очих бариа нэг байхад цагийн ялгаа тийм ч хол зөрөхгүй шүү дээ. Хурдан очихдоо биш, аян замдаа сайн явж хүрэх нь чухал. Тиймдээ ч монголчууд маань “Сайн явж ирэв үү?” хэмээн нэгнээ угтдаг билээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Муу сургууль хүмүүжил яримтгай байдаг

Энэ бол ойлгомжтой шүү дээ. “Номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэх ухааны юм яриад эхэлдэг. Орчин цагийн өндөр хөгжил, технологи бүхий эрх чөлөөт ардчилсан нийгэмд үзэл сурталдахаас өөрөөр амьдарч үзээгүй хуучинсагууд одоо л гашуун үнэнтэй тулгарч давчдаж байна. Шинжлэх ухааны хийсвэрээс бодит амьдрал руу шилжих, онолыг  практик руу ухаалгаар найруулан үр ашиг гаргадаг загварын ганц ч жишээ гаргах чадамжгүй бол яаж хүүхдэд мэдлэг олгож чадах юм. 

Ерөнхий боловсролын онол, хичээл болгоны ард бодит амьдрал, тодорхой бүтээмж байдаг болохоос хоосон дүн үнэлгээ нь конкурс гэгчид л хамаатай байх. Хоцрогдлын туйл болсон муусайн сургууль түүнд ажиллагсад мэдлэг оюун ухаан шаардсан ирээдүйн иргэдэд үнэхээр гологдоод эхэлжээ. 

Одоо тэгээд дэмий л эмээ өвөөтэй эвсэлдэн томоотой суу, хүмүүжилтэй бол гэсхийгээд цаг нөхцөөдөг болох нь л дээ. Олны дунд зүсээ нуусан хуурамч эелдэг мэхлээч, хүний мөсгүй ёс суртахуун гаргагчдыг яллаад шүүгээд өгчих хууль зохицуулалт байгаль нийгэм, шашны аль ч чиглэлд хангалттай бий. Коммунист болгох гээгүй л юм бол. Муу сургалттай орчинд хүмүүжсэн хүүхэд хожим юу ч мэдэхгүй хэвтэж худлаа эх оронч дүртэй, амбиц хөөсөн, байсгээд л байгууллагаараа гар бөмбөгийн тэмцээн зохиоё гэсэн хэнхэг юмнууд болцгоодог. Тэднийг ерөнхий эрдмийн хувьд яс шалгах юм бол бараг бүгдэд нь улаан нооль. Хичээлдээ суу, эрдэм сур. Юуны чинь хүмүүжил, пионерын ажил. 

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүнээрээ л байя

Улс төрд орохоосоо өмнө давгүй бизнес эрхлээд бусадтай эвтэйхэн харьцдаг байсан нэгний тухай  танил минь хуучилсан юм. Ахмад хүмүүс түүнийг сайн хүү гэж магтаж, үеийнхэн нь сайн залуу хэмээн итгэдэг байж. Яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна гэхээр тэр УИХ-д нэр дэвшээд танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Улс төрд ороод тэр ингэтлээ өөрчлөгдөв үү. Танилын маань мэдэх тэр нэгэн залуу гэлтгүй бидний анзаарахад ч тийм хүмүүс олон болж.  Хүнийг танья гэвэл эрх мэдэл, эд хөрөнгө өгөөд үз гэж нэг үг бий. Оргүй үг биш бололтой.

Олон залуус улс төр лүү хошуурах болсон энэ цагт хүнийг танихгүй болгодог, эсвэл өөрөө өөрийгөө танихаа байчихдаг тэр зүйл рүү тэгтлээ тэмүүлэх хэрэг байна уу гэж асуумаар. Заавал улс төр гэлтгүй ээ, өмнө нь энгийн сайхан залуу байснаа арай дөнгүүрхэн алба хашаад, амьдрал нь өмнөхөөсөө дээрдээд ирэхээр өөрийгөө ч танихаа байчихдаг хүмүүс олон болж. Хүн хүнээрээ байх л сайхан. Эхийн хэвлийгээс  хүний жам ёсоор төрж, хүнд ирдэг зовлон жаргал хэнийг ч тойрдоггүй. Нэг л амьдрах хорвоо. Яаж  ч амьдралаа гэсэн хүнээрээ л байцгаая. Албан тушаал, мөнгөтэй байлаа гээд  мөнхийн шидийг олох биш дээ. Өөрийгөө ч танихгүй хүмүүс дэндүү олширвол өргөн хорвоог яаж туулах билээ. 

Д.МӨНГӨНДАЛАЙ  

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээвэрт өнжлөө

Хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар ний­тийн тээврийн зохион бай­гуу­лалтад том өөрчлөлт орсныг нийслэлийн иргэн бүр мэдэрч байна. Та, бид өдөрт хаашаа ч зорч­сон автобусанд ердөө 500-хан төгрөг зарцуулж байна. 

Аль 60 жилийн өмнөх сүл­жээ төлөвлөлтөөрөө ний­тийн тээвэр иргэдэд үйл­чил­сээр өнөөдрийг хүрэв. Тиймээс шинэчилсэн энэ марш­рут хүмүүст танин мэдэхүй болж буй нь ойл­гомж­той. Дэлхийн өндөр хөг­жилтэй орнуудын нийтийн тээврийнхээ салбарт хийсэн хувьсал, өнөөгийн хөгжлийн замд хүрсэн туршлага зэр­гийг манай нийслэлийн удирд­лагууд судалсны дүнд ийн хэрэгжүүлж байгаа нь мэдээж. Өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн автобусны буухиа төлөвлөлт арав хоног л мөрдөгдөнө. Хотын замын түгжрэлийг бууруулж иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэм­нэ­сэн энэхүү ажил цаашид үргэлжлэх боломжтой эсэхийг нийслэлчүүд шийднэ. Арав хоногийн дараа автобусны уг үйлчилгээний талаар иргэдээс санал авч эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Манайд анх удаа хэрэгжиж буй нийтийн тээврийн шинэ­чил­сэн маршрут иргэдэд хэр­хэн хүрч байгаа юм бол. Энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаараа нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээвэрт өнжлөө.

Иргэд болон билет борлуулагч нар чиглэлийн автобуснуудын мэдээллээр хомс байв

2014.08.22.Баасан гариг. Буухиа автобусны маршрут энэ өдрөөс иргэдэд үйлчлэх болсныг  холбогдох албаныхан хэвлэлээр мэдээлж байсны дагуу хэрэгжлээ.  Автобусны буудал болгон дээр “Тасалбар борлуулагч” зогсчээ. Тэд иргэ­дийг автобусанд суухаас нь өмнө билетээ борлуулахыг бодохоос чиглэл маршрутын талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байлаа. Телевиз, радио, сонин хэвлэлээр мэдээлэл авсан хүмүүсийн хувьд буудал дээр ирэнгүүтээ түүнээс бүтэн өдрийн турш үйлчлэх 500 төгрөгийн тасалбар худалдан авч байв.

Харин энэ үйлчилгээний тухай ямар ч мэдээлэлгүй хүмүүс ихэд гайхаж байсан юм. Байнга явдаг чиглэлийнх нь бус огт өөр, өөр хаягтай автобусууд ойр ойрхон ирэхээр иргэд тэр болгон суухгүй, төөрөлдсөн янзтай хүлээж авч байлаа. Тэд “Энэ хаашаа явах автобус вэ” гэхэд билет таслагч “Ганцхан чиглэлд явна, энэ автобусаар үйлчлүүлж байгаад чиглэлийнхээ автобусанд сэлгэж суучихаж болно шүү дээ” гэв. Харин ямар автобусанд хэрхэн сэлгэж суух боломжтой талаар тэд ямар ч мэдээлэл өгч чадахгүй байв. Автобусанд орсон зорчигчдыг гаднаас тасалбар авсан эсэхийг шалгах хяналтын ажилтан тэдний дундуур явж зогсч нягтална. Гаднаас тасалбар авч орж ирээгүй хүмүүс хяналтын ажилтнаас нэг удаагийн билет авах нь цөөнгүй байсан юм. 

Зорчигчдын хувьд шинэ үйлчилгээнд өөр өөрийн өнцгөөр хандаж байлаа.  500 төгрөг төлөөд бүтэн өдөржин нийтийн тээврээр үйлчлүүлж, мөнгөө хэмнэж байгаадаа таатай иргэдийн баярласан царай андашгүй. Ар гэрийнхэн рүүгээ залган “Гадаа буудал дээрээс билет авч суугаарай. Хаашаа ч хамаагүй өдөржин явж болно гэж байна шүү. Дотроос билет авбал нэг л удаа үйлчлэх юм байна” гэхчилэн ойр тойрныхон руугаа сануулж байлаа. Харин зорьсон газартаа ямар чиглэлийн автобусанд хэрхэн суухаа мэдэхгүй, мөнгө хураагч, хяналтын ажилтнаас энэ талаарх лавлагааг авч чадахгүй байгаа иргэд нийтийн тээврийнхэн рүү уурсаж байв.  “Ямар хачин юм бэ, ажлаасаа хоцорчихлоо ш дээ. Одоо ямар автобусанд суух юм бэ” гэхчилэн ам амандаа шаагилдана. Шинэ үйлчилгээний маршрут төлөвлөлтийн талаар хаа хаанаа мэдээлэлгүйн улмаас дэмий бухимдацгаана. Нөгөөтэйгүүр үйлчилгээнд явж буй автобусууд шинэ чиглэлийнхээ хаягийг тодорхой бичээгүйгээс иргэд төөрөлдөж байсан юм. Зарим нийтийн тээвэр нь хуучин хаяг дээрээ цагаан цаас наачихсан явж байх ч жишээтэй. 

Энэхүү нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт нь автобусууд буухиа маягаар өртөөлөн явах учиртайг иргэд тэр бүр ойлгохгүй байх нь аргагүй биз ээ. Манай улсад ямар метро гэж байх биш. Бүхэл бүтэн 60 жилийн турш нэг автобусанд сууж явсаар хэдэн ч цаг хамаагүй түгжирсээр зорьсон газартаа очоод сурчихсан юм чинь. Гэтэл нэг л өдөр амьдралынх нь энэ хэв маяг автоматаар өөрчлөгдчихөөр хүмүүс тийм ч шууд дасан зохицохгүй нь ойлгомжтой. Баасан гаригийн орой ажил албаа тараад ар гэртээ харьж яваа хүмүүсийн сэтгэгдэл өглөөний бухимдлаас тэс ондоо өөрчлөгдсөн байв. Автобус доторх уур амьсгал нэг л өөр болжээ. “Өнөөдөр чинь 500-хан төгрөгөөр гадуур ажлаа амжуулчихлаа шүү дээ. Энэ чинь уг нь зүгээр юм аа. Даанч автобусныхаа чиглэлийг тогтоох болтол нэлээд толгой эргэх бололтой” гэж зорчигчид ам уралдуулж байв. Өдөрт дор хаяж 1000-2000 төгрөг автобусанд өгдөг байсан хүмүүсийн сэтгэл өег байв. 

Бямба гариг. Хичээл сургууль эхлэх цаг хаяанд ирж, хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Ялангуяа амралтын өдрүүдэд нийтийн тээврийнхэн нэлээд ачаалалтай ажиллаж байв.  Урьд өдөр нь автобусаар зорчсон иргэд ч учраа түвэггүй олж байгаа бололтой. Харин хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд их л будилж байгаа харагдана лээ. “Зах орох унаа ирэхгүй юм байх даа” гэж бие биенээсээ асууцгаана. Ойр ойрхон, ердөө хоёр минутын зайтай ирээд явах автобусанд тэр болгон суусангүй. “Зах орохгүй юм уу” гэж асуухад тасалбар борлуулагчид “500 төгрөг төлөөд хаашаа ч хамаагүй явах юм чинь суугаад яв л даа” гэж давхар таниулга хийнэ. Ерөнхийдөө автобусны маршрут хэрэгжиж эхэлсэн хоёр дахь өдөр иргэдийн дийлэнх нь мэдээлэлтэй болсон байлаа. Автобусаар зорчигчдын 65 хувь нь энэ үйлчилгээг сайшаан олзуурхаж байв.

Энэ өдөр хамгийн ачаалалтай ажиллаж байсан зам нь Энхтайваны өргөн чөлөө. Офицеруудын ордноос “Таван шар” хүртэлх зам нийт 39 автобусны буудал бий. Буудал болгон дээр хүн гэж пиг. Уг нь энэ төв замд “Тэнүү-Огоо”, “Автобус-1”, “Эрдэнэ-транс”, “Blue buss” компанийн нийт 100 автобус иргэдэд үйлчилж байгаа аж. Автобусууд хоёр хоёр минутын зайтай явж байхаар зохицуулалт хийсэн байна. Гэвч замын түгжрэлээс шалтгаалан автобусууд саатаж, буудал дээр хүмүүс оволзжээ. Автобуснууд нь ирэхээрээ бөөн бөөнөөрөө нэг дор ирэх юм. Тухайлбал, Саппорогийн буудал дээр Сонсголонгийн автобусыг 30 гаруй минут хүлээн зогсч байна гэж иргэд ярьцгааж байлаа. Тэнд дөрвөн тасалбар борлуулагч ажиллаж байсан бөгөөд иргэдэд чиглэлийнх нь талаар мэдээлэл өгч чадахгүй, зорчигчдод загнуулцгаах нь энүүхэнд ажээ. Буудал дээр автобус хүлээн зогсох иргэд хэсэг хэсгээрээ санаагаа нэгтгэж, сайн дурын “үйлдвэрчний эвлэл” байгуулчихсан зогсч байх жишээний. Тэд “Хуучин чиглэлээрээ автобусууд нь явах ёстой. Тэгээд бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчвол болж байна” гэх нь тэр. Нийтийн тээврийн маршрут  төлөвлөлт задарч, метро схемээр шинэчлэгдэж байгаагийн ач холбогдлыг тэд ойлгохгүй байгаа бололтой. Ингээд иргэдийг удаан хүлээлгэсэн чиглэлийн автобусууд замын гацаанаас гарангуутаа буудал дээр шил шилээ даган ирж зогсоцгоох юм. Харин тэнд оволзож байсан хүмүүс ч яах ийхийн зуур алга болцгоов. Тиймээс зарим автобус нь хүнгүй шахам, нэг хэсэг нь хүнээ багтааж ядан явцгаах нь анхаарал татлаа. Мөн энэ их ачааллын үеэр троллейбуснууд суудлынхаа тоогоор зорчигчтой явж байсан юм. 

Мөн нийтийн тээврийн энэ төлөвлөлтөөр микро автобуснууд мэр сэр явж байгаа харагдав. Бүтэн өдрийн турш хүчинтэй 500 төгрөгийн тасалбар микроныхонд үйлчлэхгүй. Тиймээс иргэд тасалбараа дахин ашиглах гээд микрод тэр болгон суухгүй байлаа. 

Замын цагдаа нар ажлаа хийвэл хотын даргын санал амжилттай хэрэгжих боломж байна

Офицеруудын ордноос Таван шар хүртэлх Энхтайваны өргөн чөлөөнд зорчиход хэдэн минут зарцуулж байгааг сонирхлоо. Офицеруудын ордноос 13.16 цагт хөдөлсөн нийтийн тээвэр яг 40 минутын дараа Таван шар дээр ирлээ. Уг нь үүнээс богино хугацаанд туулах боломж байсан юм. Төв замын нэгдүгээр эгнээ нийтийн тээврийн зорчих хэсэг болсон. Хичээл сургууль эхлэх гээд ачаалал ихтэй болсон энэ өдрүүдэд төв зам их  түгжирч байгаа. Тээврийн хэрэгслүүд автобусны замаар зорчсоноос нийтийн тээврийн зорчих хугацаанаас хугаслаж байлаа. Уг нь автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчвол иргэдэд л хэрэгтэй. Гэтэл автобусны урдуур машин орж түгжрэл үүсгэчих юм. Энхтайваны өргөн чөлөөнд замын цагдаа нар ойр ойрхон гарсан харагдав. Харамсалтай нь тэд автобусны урдуур орсон тээврийн хэрэгслүүдийг зохицуулж байгаа нь харагдсангүй. Харин ч дугаар нь явдаггүй машинуудыг хэд хэдээр нь нэгдүгээр эгнээнд зогсоож торгуулийнхаа ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байсан гэхэд болно. 

Офицеруудын ордноос Таван шар хүрсэн автобус бүх зорчигчоо буулгачихаад буцаад явчихаж байлаа. Орбит, Нисэх, Яармаг, Сонсголонгийн чиглэлийн автобусууд тэндээс хүнээ аваад цаашаа өртөөлж байв. Хотын төв шугам болсон Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал их байсан бол гэр хорооллын замд ямар байгааг сонирхохоор “Таван шар”-аас Орбитыг чиглэв. Автобусан дахь хяналтын ажилтан зорчигчдын билетийг нэг бүрчлэн шалгана. Өврөө байн байн ухаж, тасалбараа хайн зогсох арав гаруй насны лам хүү нүдэнд туслаа. Хяналтын ажилтан түүнээс тасалбараа авсан эсэхийг лавлахад “Би 200 төгрөгийн тасалбар авсан даа. Одоохон” гээд хамаг халаасаа нэгжсэний эцэст нандигнаж хадгалсан тасалбараа сая нэг юм гаргаж үзүүлэв. Тэр автобусанд зорчиж байсан иргэдийн дийлэнх нь тасалбараа гаднаас авчихсан байлаа. Хяналтын ажилтны ярьснаар хүмүүс урьд өдрийнхийгөө бодвол тасалбараа гаднаас аваад сурчихсан гэв.  Таван шараас автобусанд бөөнөөрөө суусан хүн Орбитын буудал болгон дээр буусаар бараг хоосон шахуу эцсийн зогсоол дээр очив. Бидний суусан автобус тэнд очингууд нэг автобус зөрөөд хөдөллөө. Эцсийн зогсоол дээрх тасалбар борлуулагч эмэгтэйгээс зарим зүйлийг тодруулсан юм. Түүнийг Я.Дуламсүрэн гэдэг бөгөөд “Тэнүүн-Огоо” компанийн ажилтан ажээ. Тэрбээр “Өдрийн тал өнгөрчихсөн байхад 200 гаруй мянган төгрөгийн тасалбар борлуулаад байна. Нэг тасалбараар тухайн гэр бүлийн хэдэн ч хүн үйлчлүүлж байгааг бид мэдэхгүй, хянах аргагүй. Гэрээсээ гарч ирсэн хоёр хүний нэг нь л тасалбар авч байх жишээний. Гадаа байнга зогсох жаахан хүндрэлтэй юм. Тоос шороо ихтэйн дээр зэврүү хүйтэн өдөр хэцүү юм шиг санагдсан. Үүний оронд автобусандаа явж байж болдоггүй юм байх даа. Иргэд 500 төгрөгөөр явж байгаад их таатай хүлээж авч байгаа. Миний бодлоор сургуулийн насны хүүхдүүдээс мөнгө авч байхын оронд оюутнуудаас авмаар байгаа юм. Тэд орой үдшийн цагаар голдуу халамцуу явж байдаг. Тэгээд биднийг загнадаг. Уг нь ямар ч орлогын эх үүсвэргүй жаахан хүүхдүүдээс мөнгө авч байхын оронд сардаа 70 мянган төгрөгийн тэтгэмж авдаг оюутнуудыг мөнгөөр нь явуулдаг болох хэрэгтэй” гэлээ. 

Цэвэрлээд хөдөлсөн автобус хэдхэн буудал яваад л шороонд дарагдчихав

Нийтийн тээвэр иргэдэд соёлтой боловсон үйлчилбэл замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо багасна гэх яриа бий. Энэ бол биелэх боломжтой асуудал. Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, маршрут төлөвлөлтөө задалснаар энэ асуудал түвэггүйхэн шийдэгдчихмээр. Харамсалтай нь өнөөдөр манай автобуснууд орлогын төлөө, цаганд баригдаж, даац хэтрүүлэн давхиж байна. Нийтийн тээвэрт бодлого дутаж байгаагийн бодит үнэн энэ юм. Харин энэ салбарынхан метро зураглалаар явж байгаа арав хоногтоо иргэдэд аль болох ая тухтай үйлчлэхийг хичээж байгаа нь илт. Автобуснуудын гаднах өнгө будаг, дугуйны обуд зэрэг нь өнгөлөг харагдана. Орбитын эцсийн буудал дээр ирсэн автобусуудад хяналтын ажилтнууд нь чийгтэй цэвэрлэгээ хийгээд хөдөлж байв. Тэндээс цэвэрхэн гарсан автобус хэдхэн буудал яваад тоос шороонд дарагдах нь тэр. Манай зам ч гэж зам. Орбитын зам маш их эвдрэлтэй болохоор автобус тарчигнаж, чихэнд чийртэй, зорчигчдын тав тухыг алдагдуулна. Үүний оронд намбалзсан цэвэрхэн автобус үйлчилгээнд явбал иргэд дуртайяа суух нь тодорхой. 

Зорчигчдоос нийтийн тээврийн шинэ үйлчилгээ, тав тухтай байдлын талаар лавлахад “Би автобусанд сууж явахаар хамаг цагаа алддаг юм шиг санагддаг. Өнөөдөр миний машин явдаггүй болохоор би автобусанд суучихлаа. Бас 500 төгрөгөөр хаашаа ч хамаагүй явна гэхээр хэмнэлттэй санагдаад зориуд суусан юм. Би өдөрт хамгийн багадаа 10 мянган төгрөгөөр шатахуун хийдэг. Автобусныхаа чиглэлийг тодорхой болгоод иргэд өөрсдөө хэд яваад  сурчихвал энэ боломжийн санаа байна. Мөнгөнд ч хэмнэлттэй. Манай хотын зам, орчин маань хэцүү л дээ. Тоос шороотой нөхцөлд хичнээн цэвэрхэн автобус яваад нэмэргүй. Дээрээс нь манай зорчигчид соёлтой боловсон байхыг өөрөөсөө эхлүүлэх ёстой. Гэтэл автобусанд хогоо хамаагүй хаядаг хүмүүс олон бий” гэлээ. Хотын жирийн иргэний үг ийм байна. 

Автобус таксины үүрэг гүйцэтгэхээ болив

Сүүлийн гурван өдөр нийтийн тээврийнхэн салхинд туугдсан юм шиг давхихаа больж, нэгэн жигд хурдаар хөдөлгөөнд цэгцтэй оролцож байгааг иргэд анзаарсан байх. Автобусанд өнжиж байхад иргэд ч энэ тал дээр ам сайтай байв. Өмнө нийтийн тээврийнхэн хоорондоо уралдаж, бие биеийнхээ урдуур дайран галзуу юм шиг л эрсдэлтэй үйлдэл хийдэг байв. Замд гараа өргөсөн хүн болгоныг авч, таксины үүрэг гүйцэтгэдэг байлаа. Харин арав хоногийн хугацаатай хэрэгжих шинэ маршрут төлөвлөлтөөр эдгээр асуудлуудад цэг тавьж чадлаа. Хамгийн гол нь нийтийн тээврийнхэн орлогын араас биш, үйлчилгээндээ анхаарвал энэ салбар хөгжих бүрэн боломж байна гэдгийг энэ цөөхөн өдрүүд харуулах биз ээ. Автобусны буудал дээр тасалбар борлуулагчид цагийн 4000 төгрөгөөр цалинжиж байгаа. Өдөрт 12 цаг ажиллалаа гэхэд 48 мянган төгрөгийн цалин авна. Дээрээс нь борлуулсан тасалбарынхаа үнийн дүнгээс 10 хувийг нь нэмэгдэл цалин болгож авч байгаа. Хэрэв өдөрт 500 мянган төгрөгийн тасалбар борлуулбал нийтдээ 98 мянган төгрөгийн цалин авчихаж байна. Сардаа бараг гурван сая төгрөгийн цалин авчихна гэсэн үг. Жолооч кондукторуудын цалингийн асуудлыг ингээд шийдчихвэл нийтийн тээвэр зөвхөн иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээг үзүүлэхийг нийслэлийн удирдлагууд шаардах эрхтэй болох юм. Тэд иргэдэд ч соёлтой боловсон үйлчилдэг болно шүү дээ. 

Автобусны жолооч Н.Бат-Эрдэнийн ярьснаар “Жолооч бидний хувьд энэ маршрут төлөвлөлт таалагдаж байгаа. Бид замд гар өргөсөн хүн болгоныг өрсөлдөн авч, дүрэм зөрчдөг байлаа. Харин одоо орлогын араас явахгүй болохоор гараа өргөсөн хүмүүсийг авахаа больчихож байгаа юм. Ингэснээр иргэд ядаж автобусны буудал дээрээсээ сууж сурна. Манай иргэд бараг гэрийнхээ үүдэн дээр буух гэж уурлацгаадаг. Ийм хүмүүс автобус сэлгэж суухдаа залхуурах нь аргагүй. Эхэндээ арга барилаа олохгүй будилж байх шиг байна. Яваандаа болох байх аа” гэв.

Хуурамч тасалбараас болгоомжил

Автобусны буудлын ачааллаас хамаарч 1-4 тасалбар борлуулагч тэнд ажиллаж байгаа юм. Иргэд өдөр бүр өөр өнгийн билетээр зорчино. Гэтэл автобусны буудлууд дээр хуурамч тасалбар борлуулж байгаа гэсэн мэдээлэл Нийслэлийн цагдаагийн газарт иржээ. Тасалбар борлуулагчдын ярьж байгаагаар “Драгон”-ы автобусны буудал дээр ахмад настай эрэгтэй хүн хуурамч билет борлуулж байгаад нийтийн тээврийн ажилчдад баригджээ. Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн цагдаа ахлах, ахлагч Э.Бат-Ирээдүй тасалбар борлуулагчдыг овог нэр, хувийн дугаараар нь шалгаж явж байхтай таарлаа. Тэрбээр “Бэлэн мөнгө биедээ авч явж байгаа та бүхэн аливаа халдлагаас болгоомжтой байгаарай. Ямар нэгэн асуудал гарвал 102-т мэдэгдээрэй” гэж тасалбар борлуулагчдад захилаа. Иргэд тасалбар авахдаа борлуулагчийн таних тэмдэг, ажлын үнэмлэх зэргийг нягтлан харж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна лээ. 

Энэхүү сүлжээ төлөвлөл­тийг хийхэд хотоос 1.3 тэрбум төгрөг, нийтийн тээврийнхнээс 1.8 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа юм. Тэд хамаг эрсдлээ өөрсдөө хариуцаж алдагдалтай ажилласан ч хамаагүй сүлжээ төлөвлөлтөө сайжруулан иргэдэд хүрч үйлчлэхийг зорьж буй ажээ. 

“Нийтийн тээврийн чиглэлүүдийн мэдээллийг бүрэн таньчихвал Э.Бат-ҮҮл даргын санаачилгыг бүрэн дэмжиж байна” гэв

Ням гариг. Автобусны шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн гурав дахь өдөр буюу өчигдрөөс иргэдийн дийлэнх нь зүг чигээ олчихсон байсан гэхэд болно. Гэхдээ өндөр настай хүмүүсийн хувьд автобус дамжиж бууж суухад хүндрэлтэй байгаагаа нуусангүй. Арга ч үгүй биз. Тэд хагас зуун жил хэрэгжсэн нийтийн тээврийн хэв маягт дасан зохицчихсон байсан улс шүү дээ. 

Залуучуудын хувьд энэ төлөвлөлтийг маш их дэмжиж байгаагаа илэхийлж байсан. Автобусны буудал дээр зогсч байсан хэсэг залуу “Э.Бат-Үүл дарга зөв алхам хийлээ. Өмнөх хотын удирдлагууд иргэдийнхээ төлөө ингэж зоригтой шийдэл гаргаж байсан удаагүй. Бүтэн өдөржин 500 төгрөгөөр зорчиход үнэхээр мөнгөнд хэмнэлттэй. Даанч нийтийн тээврийн чиглэлүүдийн талаар иргэдэд мэдээллээр хангах ажил дутмаг санагдлаа. Ядаж тасалбар борлуулагчид нэг нэг маршрут бариад суучихаж яагаад болохгүй гэж. Хүмүүс билет зарахын хажуугаар та ийм автобусанд суувал зорьсон газартаа очноо гэх тайлбар бидэнд хэрэгтэй байна. Жишээлбэл, Саппорогийн урд буудлаас Сонсголон явна гэж бодоод 40 минут хүлээж зогслоо. Тасалбар борлуулагчдаас асуухаар мэдэхгүй гэх юм. Тэгээд нийтийн тээвэр рүү утасдаж асуутал замынхаа урд талын буюу эсрэг урсгалын автобусны буудлаас сууна гэж байх юм. Энэ бол иргэдэд хүндрэлтэй. Нэг буудал дээр бууж суухад түвэгшээж байгаа хүмүүс замын эсрэг талд гараад автобусандаа суухад юу гэж дуртай байв. Хүмүүс ямар автобусанд сууж явахаа мэдэхгүй байна. Манайхан нэг хэсэг будилах нь ойлгомжтой. Автобусны шугамд нэг өөрчлөлт гарахаар хүмүүс яаж төөрөлддөг билээ дээ. Гэтэл нийслэл даяар бүх чиглэлд өөрчлөгдсөн болохоор хүмүүс төөрөлдөх нь аргагүй. Автобусны шугамны талаар мэдлэгтэй болоод хэд яваад сурчихвал энэ бол гоё санаа” гэлээ. 

Анхандаа ямар нэгэн таних тэмдэггүй явж байсан автобусууд өчигдрийн байдлаар чиглэлээ бичээд хадсан байв. Мөн автобусны шилэн буудлууд дээр сүлжээ төлөвлөлтийн талаарх схемийг томоор байрлуулжээ. Тасалбар борлуулагчид ч тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байв. Иргэдэд чиглэлүүдийг нь зааж өгч, тухайн автобус ямар маршрутаар явахыг тайлбарлаж байгаа харагдав. Энэ мэт сувгаар мэдээлэл авсан иргэд нийтийн тээврийн метро төлөвлөлтөд ам сайтай байна лээ. Автобусны буудлууд ч сэлүүхэн болжээ. Энхтайваны өргөө чөлөөний замын ачаалал эхний өдрүүдийнхээс эрс буурчээ. Замын цагдаа нар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажилд идэвхтэй ажиллаж байгаа нь ч нүдэнд тусав.

Нийслэлийн нийтийн тээврийн төлөвлөлтийг задалж шинэчилнэ гэдэг амар ажил биш юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ийм л замаар явж өнөөдрийн ололт амжилтдаа хүрсэн. Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хамгийн сайн хийсэн орон бол Солонгос гэгддэг. Өнөөдөр тус улсын нийтийн тээвэрт том том дарга нь зорчоод явж л байдаг. Хүмүүс нь чихцэлдэж, хөл гар дээрээ гишгэлцэх асуудал байдаггүйг кинон дээрээс та бид цөөмөөрөө харсан. Харин ч иргэд нь суудлаараа зорчоод явж байдаг шүү дээ. Манай улсад ч ийм өдөр ирэх л болно. Нийслэлийн хүн ам цаашид өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс нийтийн тээврийн хуучинсаг үзлээ халж, өөрсдөдөө таатай орчин бүрдүүлэхэд нийслэлийн иргэн бүрийн оролцоо чухал юм. 

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сэтгэлийн нүдтэй хүн л амин нүдийг олж харна

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Амаржаргалыг олны танил болгосон дуу бол яах аргагүй “Амин нүдэн”. 

“Давхраат алаг нүд чинь хө 

Далдын гунигийг үргээнээ

  Аз заяасан алаг нүдэн

  Амьдрал хайрласан амин нүдээ” гэсэн үгтэй сайхан дууг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй биз. Амараа гавьяат энэ дууг хүний сэтгэл зүрхэнд шингэтэл дуулсан нь урлагийн шид увидас гэж тайлбарлаж болох ч хамгийн гол нь чин сэтгэлээсээ дуулсанд гол утга учир нь байгаа юм. Тэр төрөлхийн харааны бэрхшээлтэй ч сэтгэлдээ хайртай хүнийхээ нүдийг төсөөлж, аз жаргалын гэгээг олж харснаар түмний дуртай нэг сайхан дууг амилуулж. Монголчууд “Ухаан сохор бол нүд сохор” гэдэг. Харин сэтгэлдээ мэлмийтэй хүн хөгжлийн бэрхшээлтэй ч амьдралын гэрэл гэгээгээр орчлон хорвоог гийгүүлж тольддог аж. Тиймээс л амин нүдийг амилуулж, аялгуу дууны шидээр амжилтын шатаар өгсдөг байнам. Хэрвээ “Амин нүд” дууг сэтгэлгүй хүн дуулсан бол хүн олны сэтгэл зүрхэнд ч хоногшиж амжилгүй амьгүй хөндий хүйтэн үгсийн цуглуулга төдий л байх байсан нь лавтай. Аливаа ажил үйлд сэтгэл зүрхээ зориулбал амжилт ойрхон байдгийн жирийн жишээ л энэ буюу.

Л.БАТЦЭНГЭЛ