Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүнээс стрессийн гормон ялгардаг ажээ

Муу мэдээ сонсох, таагүй зүйл үзэж харахад кортисол гэдэг стрессийн гормон хүнээсялгардгийг Германы эрдэмтэд нотолжээ. Энэ дүгнэлтийг хийхийн тулд судалгаа явуулсан байна. Ингээд хар бараан зүйл үзэж, харж байгаа хүний кортисолынхэмжээ 24 хувиар нэмэгддэгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл стресс гэдэг нь хүнээс хүнд халддаг нэг төрлийн “өвчин” гэнэ.Тухайлбал, аймшгийн кино үзэж байгаа хүнээс ялгарсан стресс бусдад нөлөөлж байдаг гэсэн үг.

Монголчууд бухимдаж байгаа, бусадтай хэрэлдэж муудалцаж буй хүнийг хар энерги цацлаа хэмээн муу хэлэх нь бий. Ер нь ч хэн нэгэн хажууд уурлаж уцаарлаад бичиг цаас шидлээд эхэлбэл дагаад нэг хэсэгтээ сэтгэл тавгүйтдэг. Магадгүй энэ нь тухайн хүний ажлын бүтээмжийг бууруулах нэг шалтгаан ч болдгийг үгүйсгэхгүй. Үнэндээ энэ бүхнийг л бид хар энерги гэж нэрлээд байгаа юм. Гэвч энэ нь шинжлэх ухааны үндэстэй гэдгийг Германы эрдэмтэд нотолжээ хэмээн хар ухаанаар ойлгож болохоор байна.Гэхдээ хамгийн гол нь хүн уурлаж бухимдаагүй байхдаа, зүгээр л бараан сэдэвтэй кино, жүжиг, элдэв янзын бичлэг үзэхдээ ч бусдад хар энерги цацагч болон хувирдгаа яахин мэдэх билээ. Тэгвэл үүнийг л эрдэмтэд олж тогтоожээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоолой яагаад сөөдөг вэ?

Хоолойны сөөнгө хоёр шалтгаантай юм байна. Төрөлхийн дууны хөвч нь эмгэгтэй хүмүүсийн хоолой бүдэг, сааралтсан байдаг ажээ. Гэхдээ анагаах ухаан өндөр хөгжсөн улс оронд дууны хөвч суулгах, өөрчлөх зэргээр эмчилдэг.

Хоолой хүндүүрлэхгүй хэрнээ үе, үе сөөнгөтөж, хэлэх гэсэн үг, авиа тод биш гарах нь түвэгтэй байдаг. Шалтгаангүйгээр хоолой сөөх нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг юм байна. Ихэвчлэн дууны хөвч гэмтсэн буюу үрэвссэний дохио болохыг анагаах ухаан тогтоожээ. Тодруулбал, нармай, төвөнх, дууны хөвчний аль нэг хэсэг эсвэл тэр хэсэгт үрэвссэн гэсэн үг. Эсвэл дуу авиаг зохицуулагч мэдрэл гэмтсэнтэй холбоотой гэнэ. Энэ нь даамжраад дуу гарахгүй, бүр таг болох ч нь бий. Голдуу уртавтар тархи саажих өвчний үед хоолой сөөнгөтөж байснаа улмаар гуншиж ярих, чанга дуугарч чадахгүй шивнэх зэрэг бэрхшээл үүсдэг байна.

Хоолой сөөх шинж тэмдэг гүйлсэн булчирхайн эмгэгийн үед түгээмэл илэрдэг болохыг эмч хэлэв. Иймд үрэвслийн эсрэг эм, тариа хийлгэж болно. Хоолойн үрэвсэл намдаагч, хаван буулгагч эм бүхий уусмалаар зайлах хэрэгтэй гэсэн. Эмийн сангуудаар жоргүй олгодог царингосепт, стрепсис зэрэг хүлхдэг эмийг уух заалттай. Энэ мэтчилэн цацлага, утлагыг эмчийн заавраар хэрэглэснээр 2-3 хоногт үндсэндээ илааршдаг байна. Харин залгиур орчим хүчил, шүлт, халуун зүйлд түлэгдсэн бол сорвижин эдгэхдээ хоолой сөөнгө хэвээр үлдэхтохиолдол байдаг ажээ.

Мэдрэлийн шалтгаантай сөөнгөтөх нь дууны хөвчийн чөлөөтэй хөдөлгөөн хязгаарлагдсанаас болдог байна. Ийм үед харьцангуй удаан тууштай эмчилгээ шаардлагатай. Хэрэв эмчилгээ тасалдвал сөөнгө хэвээр үлдэх аюултай ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Урамшуулал хүртэл ухаалаг байх шаардлагатай

Бүх л бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийг татахын тулд урамшуулал зарладаг. Тухайлбал, 80 хувь хүртэл хямдрал зарлахаас эхлээд олон арга бий. Ихэнх нь худлаа байдаг гэж иргэд амнаас ам дамжин ярьдаг ч нотлогдсон зүйл өнөөдөртөө алга. Гэхдээ бодож үзмээр урамшуулал бас байна. Жишээ нь Монголд үүрэн телефоны дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Тухайн компаниудаас хэрэглэгчид хэдхэн жилийн өмнө утсаар ярих хоног, хугацаагаа худалдаж авдаг байлаа. Харин тэд хэрэглэгчдийг татахын тулд нэгж худалдаж авбал дугаар ашиглах хугацаа үнэгүй дагалдана гэх болсон. Ийм үйлчилгээ гарснаас хойш дөрөв, тавхан жил өнгөрч байгаа. Гэтэл өнөөдөр урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчдийн үйлчилгээний эрх 2060-2070 онд хаагдах хэмжээнд хүрч сунажээ. Өнөөдөр 50 настай хүн 2070 онд амьд байх уу. Дугаар ашиглах эрхийг үнэгүй өгч байгаа нь сайшаалтай ч зарим тохиолдолд ухаалаг урамшуулал явуулж хэрэглэгчдэд хэрэгтэй зүйлийг нь өгч баймаар юм.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Борооны дараахь солонго

Борооны дараа солонго татахыг харах ямар гоёыг зүйрлэх юм биш. Хааяахан нутагтаа очихоороо, Жинтүү толгойн наахна ирэхээрээ яагаад ч юм тэр агшныг хачин тод санадаг. Гараа алдлан нойтон өвсөн дээр тэрийж хэвтээд найзтайгаа юуг ч юм их л амтархан ярьдаг байсан үеэ өөрийн эрхгүй дурсдаг. Солонготой, борооны дараахь чийгтэй зуны нартай өдөр ямар сайхан гээ. Бас гэрийнхээ сүүдэрт суугаадАлександр Дюма, Жюль Вернийг амтархан уншиж суу­сан өдрүүдээ дурсах дуртай. Бүр уйлж, инээж байгаад уншдаг байснаа зураг шиг өнгө будагтай нь санадаг. Ж.Ф.Куперийн “Мөрч”-ийг уншиж суухдаа баахан уйлснаа мартаж чаддаггүй юм. “Парисийн Дарь эхийн сүм”-ийн зураглал.

Яг л дэргэд сүмийн хонх жингэнэж, өрөвдөлтэй хэрнээ зүйрлэж хэлэхийн аргагүй хайр татамбөгтөр залуу хажууд гунигтай нүдээр ширтэн зогсч байх шиг санагддаг байж билээ. Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”-ий зүйрлэл бас их гоё.Сэтгэлээрээ байхын сайхныг мэдэрсээр яваа минь тэр үед догдлон уншиж байсан номноос үүдэлтэй шиг санагддаг. Хүүхдийн кино бүтэн сайн өдрийн дөрвөн цаг арван минутад гардаг байлаа. Орой кино гарахаар том хүний кино гээд унтуулчихдаг аав, ээж энэ цагт харин хорихгүй. Сэтгэлд тод үлдсэн агшин нь ханхүү гүнжийг авардаг хэсгүүд. Өөр өчнөөн гоё агшин бий л дээ. С.Оюун гишүүнтэй ярилцлага хийж суухад гэртээ зурагт тавихгүй гэж ярихад нь гайхаж билээ.

Дараахан нь Б.Болдсайхан эмчийнд очихдоохүүхдүүддээ нэг цаг л зурагт үзэхийг зөв­шөөрд­гийг нь мэдсэн. Ер нь өөрийн гэсэн үнэлэмжтэй айл гэрт зочлох бүрд л хүүх­дүүдээ мэдээллийн их урсгалаас хамгаалсан ийм “дэг” үйлчилдэг юм билээ. Бодоод байхнь ээ ийм л “дэг” бяцхануудад минь борооны дараахь үгээр хэлэмгүй таатай агшныг мэдрүүлж, дэлгэсэн номоо шимтэн унших “шунал”-ыг төрүүлэх юм шиг санагддаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Б.Мөнхдорж: Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй

Драмын урлагийн “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Уг наадамд нэр дэвшсэн, шалгарсан бүтээлүүдийн талаар найруулагч Б.Мөнхдоржийн байр суурийг сонирхлоо.

-“Гэгээн Муза” наадмын хөгжимт жүжгийн төрөлд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа таны найруулан тавьсан “Галдан бошигт хаан” жүжиг гран при шагналыг хүртлээ. Энэ нь өнгөрсөн жилийн томоохон бүтээл байсныг үзэгчид мэдэж байгаа байх. Хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдсөн бусад жүжгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Хөгжимт жүжгийн төрөлд дөрвөн жүжиг оролцсон. Драмын театрт манай Ч.Найдандоржийн тавьсан “Чөлөөт хос”, Өвөр Монголын “Хар торгон хамжаар”, Буриадын театрын авчирсан хэлмэгдлийн сэдэвтэй жүжиг ийм дөрвөн бүтээл орж ирсэн. Буриадын театрын тэр жүжиг бол их сайн жүжиг байна лээ. Ер нь бүгдээрээ сонирхолтой жүжгүүд байсан. Манай Ц.Баясгалан Драмын театрын “Чөлөөт хос” жүжгийнхээ дүрээрээ шилдэг жүжигчний шагналыг нь авлаа. Авахаас аргагүй сайн тоглож байсан. Үнэхээр тэр бол их нямбай хийгдсэн жүжиг байхгүй юу. Маш нямбай, маш их номын дагуу их тийм цэгцтэй хийсэн жүжиг байсан. Тэнд хөгжмийн зохиолч нь жааз ансамблийг хэрхэн бий болгож байгаа, орчин ахуйг нь жааз хэлбэрээр яаж гаргах вэ гэхчлэн бүх юмнуудыг бодож гаргасан бүтээл байна лээ. Өвөр Монголын “Хар торгон хамжаар” бол сайхан дуулалт жүжиг. Ардынхаа дуугаар жүжгээ задлаад дууныхаа бадгуудаас санаа аваад сюжетээ зохиомжилсон юм байна гэж харагдсан. Гагцхүү яг жүжгийн зохиол нь мөн үү үгүй гэдэг дээр бол би дотроо бодож л байсан. Үйл явдлын өрнөл нь хаашаа юм, зөрчил нь яах юм гэдэг зарим юмнууд нь бас бүдэг юм уу гэж бодогдсон.

-Ардын харилцаа дууны хэлбэрээс хальж гараагүй юм байх л даа, тийм ээ?

-Ер нь дуунуудаараа л голлоод явчихсан байсан. Дуунуудаараа голлочихоор бас гоё л юм байна лээ. Дуу, хөгжим, бүжиг нь их сайхан пластик харагдсан. Буриадын жүжиг бол хэлмэгдлийн тухай байсан. Тавилтын хувьд тэр бол нэлээн их орчин цагийн театрын болзолт, томъёоллын гэж ярьдаг тийм аргуудыг айхтар сайн хэрэглэсэн байна лээ. Тайзны шийдэл, өрөлт, тавилтын хувьд сонирхолтой харагдсан. Манай Ховдын театрын “Галдан бошигт хаан” жүжиг бол тэр чигээрээ амьд оркестртой. Ховдын театрын жараад уран бүтээлч бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон том жүжиг. Өнгөрсөн намар намайг Галдан бошигт хааны мэндэлсний ойгоор очиж ажиллахад байсан бүрэлдэхүүн тэр чигээрээ орж ирсэн. Хөгжим нь амьд. Удирдаачтайгаа, оркестртойгоо, дуучидтайгаа, бүжигчид, найрал дуучидтайгаа. Манай гавьяат жүжигчин А.Даваахүүгийн тавьсан бүжиг бол тэр жүжгийн хамаг л өнгө төрх, бүх юмыг бий болгож өгсөн. Энэ жүжиг маань гран при-г нь авлаа. Ховдын театрын уран бүтээлчдийн нэлээн томоохон үзүүлэлт юм гэж би ойлгож байгаа.

-Гадаадын оролцогчдоос та шинэ юм олж харах бололцоо байв уу. Харахаар юм хэр их байв?

-Харахаар юм зөндөө байна. Гадныхан ирэхдээ арга байхгүй, бүтэн оркестроо бариад ирэлтэй биш. Буриадын театрынжүжиг бол үзүүштэй жүжиг. Тавилт нь арай өөр. Сонирхолтой шийдлүүдтэй. Театрын метафорын арга гэж байдаг. Зүйрлэлийн арга юм даа. Тэрийг маш их томоор хэрэглэж гаргаж ирсэн юм билээ. Найруулагч нь шилдэг найруулагчийн шагнал авсан. Өвөр Монголын жүжгийн дуу хөгжмийн асуудал нь аятайхан байсан. “Улаан мөчир” чуулгын жүжигчид юм байна лээ.“Улаан мөчир” чинь эдний урдаа барьдаг, нүүр царай нь болсон гол том чуулга шүү дээ.Зураач нь шилдэг зураачийн шагналыг нь авсан. Манай зураач Энхтуяа шүүгчийн нэрэмжит шагнал, Сүхдорж зохиолч маань цомнолоороо шилдэг зохиолчийнх нь шагналыг авсан. Ховдын жүжиг зохиолч, хөгжмийн зохиолч, дуулалт жүжиг гэдэг гурван номинацийг нь авсан юм байна.

-Ховдын жүжиг сэдвээрээ бас их жин дарж байна л даа, тийм ээ?

-Жин дарсан асуудал бий. Яагаад гэвэл, Галдан хаан гэдэг чинь өөрөө Монголын эв нэгдлийн төлөө, монгол үндэстний төлөө байсан болохоор энэ бол зөвхөн Баруун Монголын асуудал биш шүү дээ. Монголын төрийн тухай, монгол төр манжид эзлэгдэхгүй гэсэн бодлогын үүднээс хандсан Галдан хааны тэр тэмцэл, үзэл санаа бол асар жинтэй. Түүнийг нь түүхийн эх сурвалжаас нь маш зөв олж авч, маш зөв гаргаж ирсэн учраас энэ жүжгийн цар хүрээ нь нэлээн өргөн юм. Галдан хааны тухай янз бүрийн ойлголтууд байдаг шүү дээ. Ийм нөхцөлд түүхэн эх сурвалжийг нь их зөв гаргаж ирсэн нь үнэ цэнтэй. Ерөөсөө монголчуудын эв нэгдлийн тухай хэлсэн жүжиг л дээ. Үндэстний эв нэгдлийн тухай хэлнэ гэдэг бол сэдвийн хувьд ч, үзэл санааны хувьд ч цар хүрээ нь өргөн юм байхгүй юу. Тэр нь ч бас нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа.

-Моно жүжгүүдийн тухайд та юу үзэж харав?

-Орж ирсэн бүх жүжгийг би үзээгүй. Гэхдээ моно жүжиг ер нь хэцүү шүү дээ. Жүжигчин дээр тулгуурлаж байдаг. Олон орны жүжигчдийг энд оруулж ирж үзүүлсэнд би их талархаж байгаа. Яагаад гэвэл, бидэнд сурах юм их байгаа. Жишээ нь, Польшийн жүжиг сонирхол татаж байлаа. Өвөр монголчуудын авчирсан жүжиг, манай Дарханы театрын Төмөрбатын авчирсан жүжиг бас л сонирхолтой харагдаж байсан. Манай СУИС-ийн багш Бат-Өлзийгийн найруулсан, Питер Турриний “Ашгүй бүх юм дууслаа” гэдэг жүжиг бол уг нь маш сонин шийдэлтэй жүжиг шүү дээ. Энэ мэтээр янз янзын театрын хэллэгүүд, янз янзын дүрслэлүүдийг барьж авч байгаа нь ололт гэж бодож байгаа. Моно жүжиг бол жүжигчнийг тодруулж гаргаж ирдгээрээ их онцгой. Үүгээрээ нэлээн том өрсөлдөөн болсон. Өрсөлдөөн болсны үр дүнд ч гэсэн авах ёстой шагналуудыг нь зөв өгсөн гэж харж байлаа. Би энэ жилийн шүүгчдийг маш их зөв онож шүүсэн гэж олзуурхсан. Жилийн жилд хүмүүс янз бүрээр ойлгодог л доо. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэгчлэн дүгнэлээ гэх юм энэ удаа байсангүй. Яг бодитоор харж гарцаагүй байх ёстой шалгуураар нь харсан шүүгч нарын шаардлага бол өндөр байсан.

-Моно жүжиг гэж туйлшраад байна уу,драмын жүжиг энэ жил орж ирсэнгүй гэхчлэн олон янзаар хүмүүс харж байна л даа. Моно жүжгийг энэ удаа онцолж байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Дэлхийд моно жүжгийн төрлийг бий болгосон асуудал нь жүжигчнийг нээх гэсэн асуудал л байхгүй юу. Жүжигчин өөрийгөө бүх талаар нээж байгаа. Тоглох бүх өнгө аясыг, хөгжимтэй дуу шумтайгаа өөрийгөө зохицуулж чадах, тэр жүжгийн бүх л орчныг өөртөө авчрах чадварыг нь нээж байдгаараа онцгой юм. Энэ төрөл манайд гарч ирж байгаа нь сайн хэрэг. Магадгүй хүмүүс туйлшраад явцуурч байна гэж үзэх талтай. Гэхдээ тэгж ойлгох нь дэмий. Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл харин ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй. Ганц хүний жүжиг дээр ажилласан найруулагч, зураач, жүжигчид бол хамгийн олон талт, хамгийн өргөн цар хүрээг өөртөө бий болгож гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, маш нарийн нягт ажиллагаа орно. Ур их нэхдэг төрөл. Жүжгийг тавихад ур гэж юм бий. Урыг хамгийн их бий болгож чадаж байгаа төрөл бол энэ моно жүжиг юм.

-Өнгөрсөн жил найруулагч нар драмын жүжиг огт хийгээгүй юм уу. Эсвэл Хүннү, Эзэнт гүрэн, төр гэх мэтээр түүхийн том орон зай руу нэг хэсэг хандчихаад эргээд мухардах хандлагатай болчихов уу. Драмын урлаг яг ямар нөхцөл байдалд байгааг та хэлээч?

-Драмын урлагийг мухардалд орчихлоо гэж үзэж ерөөсөө болохгүй. Бүх төрлүүдээрээ явах нь үнэн боловч үүн дээр эдийн засаг, улсын бодлого хоёр үгүйлэгдэж байгаа юм. Театр өөрийнхөө урын сан дотор бол жүжигчинд зориулж жүжиг гаргана, үзэгчид зориулж жүжиг хийнэ. Цар хүрээг нь том харах хэрэгтэй юм. Би тэр Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийг наян хэдэн онд яах гэж тавьсан бэ гэвэл, Ц.Гантөмөр гэдэг жүжигчнийг гаргаж ирэхийн тулд тавьсан юм. Нэг тийм үсэрсэн, хүнийг өөр ертөнц рүү аваачсан тийм алхам хийх хэрэгтэй байхгүй юу. Тэр алхмыг бол урын сангийн бодлогод барьж явах ёстой юм. Тэр бодлогыг дэмждэг санхүүжилт байх ёстой. Дээхнэ үед театр өөрөө уран бүтээлийн мөнгөтэй байсан болохоор зовлонгүй хийдэг байсан. Одоо бол тийм юм хийхийн тулд төсөл бичнэ хэдэн сар хөөцөлдөнө, батлах батлахгүйд хүрнэ, тэгсээр байтад жүжгийн зохиол чингь алга болоод хүлээгдчихдэг. Би гэхэд л жишээ нь, “Зуун жилийн ганцаардал” гэж ярьсаар байгаад бараг найман жил болж байна шүү дээ.

-Театр аль болох бүх төрлөөрөө дуугарч байгаасай л гэх гэсэн юм.Эсвэл дуулалт, эсвэл моно гэхчлэн хандлага, хэмжүүр, үнэлэмж явцуурах вий гэх болгоомжлол төрөх ньзайлшгүй л дээ?

-Үгүй. Энэ хэмжүүр рүү орно гэж байхгүй. Дуулалт жүжиг бол гарцаагүй хийгдэх ёстой. Энд чинь найрал дуу, гоцлол гэхчлэн бүх юм ордог болохоор драмын жүжигчний өөрийнх нь хөгжилд асар том хувь нэмэр болдог. Энэ жил драмын жүжгийн төрөлд өрсөлдөх театруудын бүтээл байгаагүй. Байхгүй болохоор ганцхан УДЭТ өөрсдийн жүжгийг оруулж болохгүй болчихож байгаа юм л даа. Орон нутагт драмын жүжиг тавигдаагүй.

-Долоон найруулагчийн бэсрэг жүжгүүдийн тухайд та юу хэлэх вэ?

-Тэр яах вэ. Энэ бол бидэнд олдсон боломж юм. Театр өөрөө орон зайн урлаг. Тэр орон зайд бид нар хэн ямар сэдвээр, ямар зохиолоор өөрийнхөө орон зайг тэнд тавьж өгч хүмүүст тэр жүжгийг хүргэхвэ гэсэн эрэл хайгуул, туршилтын алхам юм. Хамгийн сонирхолтой нь долоон өөр өнцгөөс харсан жүжгүүд орж ирсэн шүү дээ. Дандаа бэсрэг жүжгүүд. Гурван хүнтэй, хоёр хүнтэй, нэг хүнтэй, таван хүнтэй гэхчлэн. Гэхдээ хүнийхээ тоонд гол нь биш юм. Тэр талбарыг бид юугаар туршиж, юуг эрж хайж байна вэ гэдэг тэр эрэл хайгуулыг олоход, эрэл хайгуулаа үргэлжлүүлэхэд, шинийг санахад тус болсон алхам юм. Би бол тэр долоон жүжгийг ингэж үздэг.

-Тэр долоо тогтмол тоглуулаад явах жүжгүүд мөн үү?

-Тогтмол тоглуулах жүжгүүд биш гэж хэлэхгүй. Яг тогтмол тоглуулж болно. Гэхдээ бид үзэгчдээсээ түрүүлж явахаас биш дагаж явахгүй учраас зарим жүжиг нь нь хүлээж авахад бэлэн биш байж болох талтай. Миний хувьд тэгж харсан жүжгүүд бол бий. Жишээ нь, Н.Наранбаатарын тавьсан жүжиг бол нэлээн хүнд. Манайхан бас бэлэн юм хүлээж аваад байдаг, дандаа тийм байгаад байж бас болохгүй шүү дээ. Тийм учраас бид аль болох түрүүлж харуулахын тулд хийгээд байгаа эрэл хайгуулууд юм шүү дээ.

Н.Пагма

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

“Агт-Эрдэнэ” галын уяа эхэлжээ

Зуны тэргүүн цагаагчин могой сарын таван шар мэнгэтэй шаргачин гахай өдөр “Агт-Эрдэнэ” галыг зорилоо. Уяачид хэдийнэ зусландаа гарч наадамд бэлдэж эхэлжээ. “Агт-Эрдэнэ” гал Төв аймгийн Баян сумын Их булагийн Сөдөт гэдэг газар морьдоо ногоолж байна. Тэд зусландаа гараад долоо хонож байгаа юм байна. Буянтай хэмээн алдаршсан Нийслэлийн алдарт уяач Ганбаатарын Буянтогтох “Агт-Эрдэнэ” галын ахлагч. Биднийг Г.Буянтогтох уяач угтан авсан юм. Гэртээ морины дөрвөн хүүхэд, хоёр туслах уяачтайгаа аль хэдийнэ төвхнөчихөж. Хүүхдүүдийнх нь хичээл тараагүй учир албандаа байгаа гэнэ. Эхнэр Ц.Батжаргал нь хүүхдүүдээ хараад Багахангайд байгаа юм байна. Г.Буянтогтох дөрвөн хүүхэдтэй. Том охин Анударь нь Багахангайн Хангай цогцолборын гуравдугаар анги, хоёр дахь охин Оюундарь нь нэгдүгээр анги. Дөрвөн настай Батсүлд хүү цэцэрлэгийнх. Хамгийн бага Баттөр хүү ой таван сартай. Биднийг очсон өдөр аав нь цэцэрлэгийн жаалаа дагуулаад ирчихсэн байв.

Гэрт нь орлоо. Морины хүүхдүүд нь шалмаг гэгчээр цай үйв. Г.Буянтогтох морины хүүхдүүдээ өхөөрдөөд жигтэйхэн. “Наад нөхдийг чинь шалгалтандаа бэлд гээд орхиод ирсэн юм. Гэтэл моньднууд чинь араас дугуйтайгаа яваад ирчихдэг байгаа. Удахгүй буцаана аа” гээд инээж байна. Моринд хорхойтой нөхдийг Итгэл, Дугарваанчиг гэдэг аж. Хоёулаа 2010, 2011 оны шилдэг унаач хүүхдүүд гэнэ. “Одоо мориндоо томдоод тавиач болж байгаа” гэж Г.Буянтогтох ярив. Уяачийн гал Багахангайгаас бас ч үгүй зайтай. 22 км газар дугуй унасаар хүрээд иржээ. “Ийм хол замд ядарсан уу” гэж асуухад Дугарваанчиг “Дугуйтайгаа гурван цаг явж байж ирсэн л дээ. Гэхдээ дуртай юм руугаа ирж байгаа болохоор гоё байсан” гэж хэвлүүхэн хэлчихээд гарч одов. Удалгүй цай даргиллаа. Итгэл сурмаг гэгч нь цай аягалж өгч байна. Г.Буянтогтох Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийг дагаж моринд дурлажээ. Түүний уяач болсон түүх их сонин юм. Тэр дөрвөн хүүхэдтэй айлын том нь гэнэ. Төрж өссөн нутаг нь Төв аймгийн Баян сум. Монгол Улсын манлай уяач Д.Оюунбилэгийн төрсөн дүү Д.Оюунбаатар Г.Буянтогтохын сургуульд багшилдаг байж. Хүү нэгдүгээр ангид сурч байжээ. Нэг өдөр багш нь “Морь унаж чаддаг хүүхэд байна уу” гэж асууж л дээ. Морь харахаар унаад давхихсан гэж хүсдэг Г.Буянтогтох хүү ч уухайн тас гараа өргөж “Багш аа би чадна” гэчихэж. Ингээд лморь унахаар болж багшийгаа дагаад явсан аж.

Хүү анх Д.Оюунбилэг уяачийнд очихдоо морь унаж чаддаггүй байжээ. Эхэндээ морь унаж чадахгүйдээ, худлаа хэлсэндээ санаа зовж байсан ч удалгүй сурсан гэнэ. Түүний аав, ээж нь хоёулаа төмөр замын хүмүүс юм байна. Хүүгээ морь унана гэхэд хорьж сүйд болоогүй аж. Г.Буянтогтох бие жижигтэй байсан учраас долоон настайгаасаа есдүгээр анги хүртлээ морь унажээ. Моринд хорхойтой хүү сургуулийн амралт эхлэнгүүт дүн өвлөөр ч хамаагүй Оюунбилэгийнх руу алхаад ч болтугай явах гээд зүтгэдэг байжээ. Тав дахь өдөр очоод нэг дэх өдөр нь хичээлдээ амжиж очдоггүй байсан гэнэ. Г.Буянтогтох есдүгээр ангиа төгсөөд морь тавиач болжээ. Дараа нь туслах уяач болсон байна.Түүнийг Оюунбилэгийн аав Дондог гуай Буянтай гэж дууддаг байж. Тэгээд л хавь ойрынхон нь Буянтай гэдэг болжээ.

Г.Буянтогтох 2002 онд аравдугаар ангиа төгсөөд оюутан болохоор Хууль зүйн Шихихутаг дээд сургуульд бүртгүүлчихсэн байж. Хөдөөнөөс эгч нь конкурс өгүүлэхээр дагуулаад ирэхэд нь зугтаачихсан гэж байгаа. Номыг биш морийг сонгоод ирсэн хүүг манлай уяач дуртай гэгч нь хүлээж авсан гэнэ. Гэхдээ шууд морины хүн болгохыг хүсээгүй аж. Д.Оюунбилэг манлай уяач уран гартай дархан хүн байж. Багаасаа морийг нь унаж, ойр дотно явсаар ирсэн хүү дуран дархны эрдмээ зааж өгөхөөр болжээ. Г.Буянтогтохыг хотод байдаг дархны газар руугаа явуулсан ч дахиад л морио гээд хүрээд ирж.

Г.Буянтогтох цай оочлонгоо “Тэр үед Оюунбилэг ах намайг галзуурах нь гэж бодсон байх сүүлдээ явуулахаа байчихсан” гээд инээмсэглэв.

Удсан ч үгүй туслах уяач залуу оройн хоолоо бэлтгэж эхэллээ. Энэ зуур галынхан зүгээр суусангүй. Хоол болтол шийр зугаа гэдэг шиг хөзөр тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөв. Хөзөрдөж суух зуур борцтой гоймонтой шөл бэлэн болов. Галын ахлагч “Бид ид ажлын үеэр тогооч авчихдаг юм. Одоохондоо өөрсдөө бантан ч хамаагүй хийж идчихээд л болоод байна” хэмээв.

Дандаа эрчүүд байгаа гэхэд гэр нь их цэвэрхэн юм. Г.Буянтогтох “Морь ёслохоос өмнө сунгааны зам дээрээ буучихна. Арав хоноод бууна. Одоохондоо адуугаа сайхан ногоолж байна” гэж яриагаа үргэлжлүүлэв. “Агт-Эрдэнэ” галд одоогоор Нямбаяр, Буянжаргал, Энхмандах, Энхтөр гэсэн унаач хүүхдүүд байгаааж. Туслах уяачид нь Алтансүх, Түвшинбаяр хоёр. Буянтай 1985 оных, туслах уяачид нь дөнгөж 20 гарч байгаа залуус гэнэ.

Биднийг яриа өрнүүлэх зуур морины тавиач хоёр хүү унаач хөвгүүдтэй хамт хөл бөмбөг тоглоцгоов. Уяачийн гэрийн гадаа энэ мэтээр хүүхдийн дуу шуугиан ер нь л тасардаггүй бололтой.

Хөвгүүд багаасаа моринд тун эвлэгхэн байгаа харагдана. Ямар ч морин дээр зайдан мордож тэжээгдэж буй бага адуунуудаа сурамгай нь аргагүй бугуйлдана. Тэд хэдийгээр бяд суугаагүй ч сурцаараа ямар ч адууг татаж унагах нь бахархалтай харагдаж байлаа.

Галын ахлагч “Д.Оюун­билэг ахтай хамт морь уяж эхлээд 2007 оноос хойш морьд маань хурдалж эхэлсэн. Бид хоёр нийлж олон ч морь уясан даа. Морь уях эрдмийг ахаасаа л сурсан” гэж байна. Дархан хэмээх Оюунбилэг агсан бол энэ цаг үеийн тодорсон уяачдын нэг байсан. Энэ эрхэм хүний уяаны эрдмийг даацтай өвлөж авсан залуусын нэг бол Г.Буянтогтох ажээ. 2007 онд Халтар халзан морь нь Багануурт түрүүлсэн ч Улсын баярт айрагдаж чадаагүй аж. Хөвсгөлийн “Хотгойдын хурд-2007”-д хязаалан насанд Сувдан зээрд нь аман хүзүүдсэн жилээс хойш хурд нь эхэлжээ. Сүмбэн зээрд нь 2010 оны улсын наадамд түрүүлж байж. Хоёр жилийн өмнө гэхэд лайраг түрүү нь 30 хол давсан байжээ.

Г.Буянтогтох “Ер нь гардаад олон жил уяж байгаа морь андашгүй. Ханачихсан байна даа, уяа нь орчихож гэдгийг төвөггүй анзаарчихдаг. Морь болгон өөрийн гэсэн онцлогтой болохоор шинэ ирсэн морийг мэдрэхийн тулд багагүй хугацаа ордог. Оюунбилэг ах дутааж байхаар гүйцээж байгаарай гэж захидаг байсан. Ахынхаа захиасыг байнга л боддог. 2010 онд би Хонгор морио Төв аймагт уралдуулж айрагдуулаад Их хурдын эрх авчихъя, тэгээд дараа нь гурван морь уралдуулъя гэж ахад хэлсэн юм. Тэгсэн чинь ганцааранг авч яваад яахав миний хүү гээд Цогоо ахын зээрд морийг бас хамт явууллаа. Төв аймагт очсон чинь хонгор морь түрүүлээд, зээрд морь нь аман хүзүүдчихсэн. Маргааш нь улсын наадам болсон юм. Азарга үзэж байтал саарал азарга маань дөрөвт явж байгаад хадуурчихдаг байгаа. Тэр үед Сүмбэн зээрд түрүүлээд, Цоглог гурваар ирж байлаа. Халтар азаргаа хадуураад явахаар нь сэтгэлээр их унаж байсан ч хоёр морио хараад тайвширсан шүү” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

“Уяачийн хөдөлмөр хэцүү шүү дээ” гэж байна. Тэрээр “2010 онд юм байна. Их хурдад гурван морь мордуулах гэж байсан чинь Билгээ ах Баянцагааны Батжаргал ахтай наймаа хийгээд зарчихсан. Тэгээд хоёр морьтой боллоо. Тэр жил хоёр их нас, хоёр азарга уралдуулсан. Сүмбэн маань гуравт ороод, Цоглогдолоод орсон. Их нас гарах гэж байхад Халтар халзан морины хүүхэд нь төхөөрөмжийн цаана ойччихсон. Гурван их морь уралдуулдаг хүн чинь ганцхан их морьтой болсон доо. Гэхдээ Хонгор морь маань тасархай түрүүлсэн шүү. Өмнө нь би найзууддаа манай Хонгор морь хурдан байгаа гэж тэрүүхэндээ омогшоод хэлчихсэн байсан юм” гэж хэлээд хөгжилтэй инээв.

Г.Буянтогтох одоо “Нүү­­дэл­­чин” группын Ш.Лхамсүрэнгийн морьдыг уяж байгаа гэнэ. Тус группээс Буянтай уяачийн нийгмийн даатгалыг төлдөг аж. Ер нь л уяачаа нэлээд харж үздэг бололтой. Өнгөрсөн хавар гэхэд л хоёр өрөө байр авч өгчээ. Мөн Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Мөнгөншагай гэдэг хүний морийг ч уяж байгаа аж. Биднийг ийн яриа хөөрөө үүсгэж суухад түрүүнээс хойш гарч орж гүйлдэж байсан хүүхдүүд “Үхэр ирчихлээ” хэмээн хэлээд саахаар гарцгаалаа. Бид ч араас нь гарлаа. Нэг нь ивэлгэж өгөөд, нөгөөх нь төвөггүй саачихав. Галын ахлагч “Хүүхдүүд амраад эхнэр ирчихвэл цагаатай болох байх даа. Одоохондоо ч цайны сүүнээс цаашгүй л сууцгаана” гэж байна.

Тэрээр галынхаа Хонгор морины угшлыг сонирхуулав.Баян сумын Мөнхөө гэдэг хүний олон айрагдаж түрүүлсэн хул азарга Хонгор мориных нь эцэг байж. Г.Буянтогтох “Түүний төл хул азарга манай талийгч ах дээр ирсэн юм. Үүнээс гадна Баянцагаан сумаас Ш.Батжаргал гэдэг айлынхаас нэг хүрэн гүү ирсэн юм. Тэр хүрэн гүүг ам цагаан хул азаргандаа хураалгасан чинь дундаас нь Дөлгөөн хонгор морь маань гарсан. Дөлгөөн хонгорын ах нь их хурдад гуравт орсон Халтар морь. Их хурдад төрсөн ах дүү хоёр түрүүлсэн түүх байхгүй. Энэ хоёр маань Төв аймгаас гарсан угшлын морьд шүү дээ” гэж бахархангуй ярилаа.

Буянтай уяач “Бид чинь морь айрагдаж түрүүлэхэд баярлах тэр сэтгэлийг л мэдрэх гэж морь уядаг улс. Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг шүү дээ. Дөрвөн сарын сүүлээр л сэтгэл хөдлөөд сайхан болдог. Хөндлөнгийн хүмүүст бидний ажлыг харахад хэцүү л санагддаг байх. Харин бидний хувьд жинхэнэ аз жаргал энд л бий. Морио хаяад хотод хэд хонох ямар хэцүүг хэлэх юм биш” гэж байна. Хурдан морины эргэн тойронд янз бүрийн сайн муу яриа байдаг. Энэ нь магадгүй монгол ахуйгаас хол хөндий өссөн ч юм уу, монголоосоо гарч үзээгүй хүмүүсийн яриа байж болно. Харин монголоосоо олон жилээр гадна байсан ямар ч монгол хүнд өнөөдөр бидний зүхээд байгаа энэхүү хөдөө ахуй, монгол наадмын сайхан нь илүү тод мэдрэгддэг юм билээ. Америкт сурахаар очсон хотын унаган охин тэнд байх хоёр жилийн хугацаандаа “Толин хул” дуунд жигтэйхэн дуртай болсноо ярьж байсан. Энэ бол би монгол хүн юм байна гэдгээ мэдэрч байгаа шинж биз ээ. Монголынхоо сайхныг ийнхүү мэдрүүлж өгч буй монгол эрчүүдийн нэгэн төлөөлөл бол залуу уяач Буянтогтох гэж хүндэтгэн үзэх ёстой санагдана.

“Танд унаган адуу байгаа юу” гэж асуухад “Олон сайхан азарга уяж байсны хэрэг юу билээ. Буянтайгийн унаган адуу гэж нэрлэгдэх морьд бий.Энэ жилээс өөрийн нэр дээр уралдуулна. Нас насны долоо, найманморь байгаа” гэснээс өөр үг унагасангүй.

Тэд орой 19.00 цагийн үедадуугаа услахаар явцгаалаа. Гурав хувааж усалдаг юм байна. Морьдоо усалж ирэх хооронд нь гэртээ үлдсэн туслах уяач Алтансүх зүгээр суусангүй. Морьдын тэжээлээ зуураад уутанд хийгээд бэлдчихэв. Одоогоор 30 морь тэжээж байгаа учраас нэг тэжээхэд л хоёр шуудай хивэг хэрэг болдог гэнэ. Тэжээлээ бэлдээд дуусч байхад нь хотоос нэг портер ирэв. Тэдний галын Мөнгөншагай туслах уяачдад шинэ мотоцикль явуулжээ. Энэ галынхан зуны гурван сард нэг мотоциклийг адуундаа явж элээдэг юм байна.

Усаа уугаад ханасан морьд шууд гэрийнхээ гадаа ирээд тэжээлээ идэхээр овоорлоо. Туслах уяачид бэлтгэсэн тэжээлээ нэг нэгээр нь толгойд нь углаад хоорондоо булаалдахаас сэргийлж харж зогсов. Анх тэжээж эхэлж байгаа дааганаас бусад нь өөрсдөө хүрч ирээд тэжээлээ сурмаг гэгч нь идчихлээ. Зарим даагыг бугуйлдаж байж тэжээлийг нь өгч харагдав. Ингээд бид 21.00 цагт Г.Буянтогтохын галаас буцлаа. Хүй мандлын буурал дэнж наадмаа хүлээн буй энэ цаг дор ийнхүү Буянтогтох уяачийнхаар бууж мордлоо. Монгол наадмын чимэг болсон морь хүүхэд хоёрынхоо дунд Буянтогтох уяач жаргалтай нь аргагүй алхаж монгол наадмаа тэсч ядан хүлээн байгаа нь хэдхэн цаг саатсан энэ мөчид мэдрэгдэж байлаа. Морины уяан дээр муу үг хэлэлцэгдэж, муу санаа оршдоггүй гэсэн өвгөдийн үг бий. Гэгээн тунгалаг энэхүү ахуй орчноос гэрэлтэй сайхан сурвалжлага бэлдэх урамтай байлаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Цээж хорсох

Цээж хорсох явдал хүн бүхэнд түгээмэл тохиолдох нь бий. Уг өвчлөлийг хэрхэн анагааж, урьдчилан сэргийлэх талаар товчхон өгүүлье. Шар хөөрөх буюу цээж хорсолтын үед өвчүүний толгойн дээд талаас цээжний урд хэсгээр түлж байгаа мэт халуу оргино. Энэ нөхцөлд айраг цагаа уувал өвчүүн тушаа гал манараад л явчихна. Тэр бүү хэл бүлээн сүү, хүйтэн хар цай уусан ч улаан хоолой, цээж зураад ордгийг бид мэдэх юм.

Анагаахын шинжлэх ухаанд үзсэнээр энэ нь ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болж рефлюкс үүсэх процесс аж. Ямар нэгэн өвчин зовиургүй эрүүл хүнд ч цээж хорсох тохиолдол гардаг байна. Ихэвчлэн хоол хүнсээ тохируулж хэрэглээгүйгээс, ялангуяа улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл, халуун ногоо, шоколад, кофе, улаан лоолийн соус, хийжүүлсэн ундаа зэргийг хэт давамгай хэрэглэж хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг гэнэ. Мөн архи хэтрүүлэн уух, гүн шарталт хордлого өгөх, мэдрэлийн ядаргаа болоод стресс нойргүйдлээс цээж хорсох явц мэдрэгддэг ажээ.

Цээж хорсолтыг цагаан лууван, далайн байцаа, жууцай, зуун наст, долоогонын шүүсээр анагаах арга бий. Цагаан лууванг чанаж буцалгах, эсвэл шарж хайралгүйгээр түүхийгээр нь хэрэглэвэл мах болоод өөх тостой хоолыг шингээх чадвар өндөр байдаг аж. Хөдөөгийнхөн цээж хорслоо гээд шанага шанагаар сүү залгилдаг. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Гэр бүлийн нөхцөлд хүмүүс содатай ус уудаг. Үүнийг ч шинжлэх ухаан таашаадаггүй. Учир нь ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлэх аюултай. Цээж хорсолтыг бий болгодог дээрх бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, уурлаж бухимдалгүй тайван байж буцалсан ус зэргийг тогтмол хэрэглэвэл цээж хорсох зовиургүй болохыг эмч нар зөвлөдөг.

Ө.МАНЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар эртийн яргуйн шид

“Нээрэн, яргуй идэх сайн” гэж монголчууд бие биедээ захиж өдий цагт нэгийг ч болов үмхээдэх гэж зөвлөдөг. Хавар эрт цэцэглэдэг олон наст энэхүү ургамал нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Яргуйг нэг дор олноор нь иддэггүй. Өдөрт нэгээр гурав эсвэл долоо хоног идвэл хор тайлан, хавдар хариулж, хүний биеийн хэм барьж, булчирхайн сүрьеэ, шамбарам зэргийг эдгээх бөгөөд ходоодны гал илчийг сайжруулж тамир тэнхээ оруулан, шар усны өвчнийг хатаадаг шидтэй цэцэг гэнэм.

Дэлбээг нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цус­ны даралт буурдаг аж. Дээр үеэс монголчууд уг цэцгийг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралыг анагааж, үргүйдэл, сүрьеэ, хөхүүл ханиад, хоолойн өвчнийг эдгээж, толгой таллаж өвдөхийг ул мөргүй эмчлэхэд хэрэглэсээр ирж. Түүгээр ч зогсохгүй арьс өнгөний өвчнөөс хамгаалж, сарын тэмдэг саатах, гуурсан багтраа зэрэгт сайн нөлөө үзүүлэх агаад зүрхний дутагдал, зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд тан­гийн оронд буцалгаж уухад тустай гэж ардын уламжлалт эмчилгээний ном сударт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ ходоодны ил шархлаа, элэг­ний хатуурлын үед хориглодог бөгөөд жирэмсэн эхчүүдэд цээрлэдэг ч төрөх үед хүнд­рэлгүй амаржуулахад ганцыг идэхэд гэмгүй гэжээ. Ийм олон талын ашиг тустай энэ ургамал манай орондургадаг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай ч шид нь жилээ барьдаг гэдэг юм билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гандан стилийн үгс

Экс Ерөнхийлөгч Н.Бага­банди “Титэм” үг тэрлэдэг. Гандантэгчинлэн хийдийнханан дээр тэрлэсэн гоё үгсийг “Гандан стиль”-ийн хэмээн тодотгохоор шийд­лээ. “Уурлуулсан хүн рүү далайхаас өмнө, уур руугаа далайн номхотгох нь чухал, хязгааргүй сэтгэлээ хазаарлан дарагч л хамгаас гарамгай баатар мөн” гэнэ дээ.Уураа барьж сурахад тустай өөр нэг ашигтай дөрвөн мөртийг одоо хүргэе.

“Хамаг сэтгэл амгалан болоод, хараал ерөөлийгогтоос тоолгүй,

Хажуугаас чамайг үгээр дэлдэвч, хагарсан хонх шиг дуугаа хураана” гэж байгаа юм.Болдоггүй хар муу сэтгэлээ дарж сурах өөр нэг жор байна. “Уураа урвуулж хайраар дар, улмаар хорслоо энэрлээр дар, хуурах санаагаа үнэнчээр дар, хувхай хармаа өглөгөөр дар” гэжээ. Бага байхад эмээ маань “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг” гэдэг сэн. Хорыг хороор гэдэг бол харин энэ удаа усыг сүүгээр сүлдэгтэй агаар нэг “технологи” байгаа биз.

“Яллаа дийллээ гэвч өстөн төрүүлж үлдээнэ. Ялагдан уналаа гэвч өширхөн гомдож зовно. Ялах ялагдах хоёрыг эгнэгт гэтэлгэгч хүн л ямагт амгалан жаргаж баясгаланд сая хүрнэ” гэсэн сургаальтай мөрүүд дурайна. Өглөгийн дээд нь номын өглөг гэнэ билээ. Юугаараа баян түүгээрээ дайл гэдэг дээ. Хүнд хэрэгтэй тустай үгсийн эрэлчин бидний өглөгийн дээд нь үгс билээ.

Б.ЯНЖМАА

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн сая, тэрбум төгрөг татварын байцаагчдын гарын салаагаар урсаж байна вэ

-25.5 сая төгрөг эхнэрийнхээ компаниар дамжуулан авч, тус компанид “Татварын өргүй” гэсэн бичиг хүртэлгарган өгчээ-

Эдийн засаг хямарч, дээр дооргүй хэмнэх, танах горим руу шилжиж байна. Гэтэлулсын төсвөөс тэр тусмаа татварын мөнгөнөөс хумслагчдын хэрэг буурахгүй байгаа нь нууц биш. Төрийн албанд шургалж,амар хялбар аргаар эрх мэдлээ урвуулан ашиглаж хувьдаа мөнгө завших явдал гарсаар байна. Тухайлбал,саяхан Баянгол дүүргийн татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт статистикийн тасгийн дарга Н.Буянжаргалыг албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэдгийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоожээ. Түүний хэргийгшүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Тэрбээр тасгийн дарга болсныхоо дараа буюу 2009 оноос эхлэн өөрийн ажилладаг Баянгол дүүргийнтатварын хэлтсийн данснаас аж ахуйн нэгж болон нэр бүхийкомпанийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж хувьдаа завшсан гэнэ.

Тэрбээрэхнэр Х-гийнхээ үүсгэн байгуулсан компанийндансанд 2010 оны хоёрдугаар сард 39, мөн оны 11 дүгээр сард 15, 2011 оны хоёрдугаар сард 39 сая төгрөг шилжүүлэн авчээ. Мөн Н.Буянжаргал нь найз П-ийнхээ данс руу 2009 оны 11 сард 37 сая төгрөг шилжүүлсэнаж.Түүний хууль бус үйлдэл үүгээр ч зогсоогүй байна. Татварын өртэй нэгэн компанийн удирдлагаас 25.5 сая төгрөг эхнэрийнхээ компаниар дамжуулан авч, тус компанид “Татварын өргүй” гэсэн бичиг хүртэлгарган өгчээ. Энэ мэтээрганцхан татварын тасгийн дарга ийм олон сая төгрөгийг ойр тойрныхоохүмүүсийн данс руу шилжүүлсэн нь олны гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ганцхан дүүргийн тасгийн газрын дарга ийм хэмжээний мөнгө завшиж болдог юм бол дүүргийн дарга, Нийслэлийн болон газрын дарга нар яадаг гэсэн үг вэ гэсэн эргэлзээ төрж байгаа юм.Хувийн бизнес хийхээсээ илүү төрийн албанд орохыг хүсэгчдийн тоожил ирэх тусам нэмэгддэгтнэг их гайхаад байхааргүймэт. Хувийн бизнес хийж байхаар энэ мэтээрАшиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуутөрийн албанд орохдоо“ашиг сонирхлын зөрчилгүй” хэмээнмаягт бөглөөд ордог нь нэр төдий зүйл гэдэг нь ч харагдах биз. Үнэн чанартаа хувийн бизнес хийснээс илүү төрөөсмөнгө олж болдогучраастөрийналба хаших нь“хаданд” гарчавлигыних хэмжээний мөнгө араасаа дагуулдаг нь нууц биш.Нэг жилд дунджаар50гаруй сая төгрөгийг улсаасцалин авч байгаад өөрийн болгоно гэдэг амархан болохоор л тэр биз. Тасгийн даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа юм байна.Дээрх гэмт хэргийг гарахад хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирж буй албан бичиг, хүсэлтийг нэг бүрчлэн бүртгэдэггүй, хэлтсийн удирдлага, тасгийн дарга нарын байнгын хяналт шалгалт хангалтгүй байдаг гэнэ. Нөгөө талааралбан хаагч ямар материал хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар мэддэггүй, татварын программд нэмэлт мэдээлэл засвар оруулах эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн талаар худал мэдээ, мэдээлэл оруулдаг, татварын илүү төлөлттэй аж ахуйн нэгжийн илүү төлөлтийг татвар төлөх гэж буй өөр аж ахуйн нэгжийн татварт суутгаж тооцдог зэрэг зөрчил, дутагдал илэрсэн байна. Мөрдөн байцаагчдын ярьж байгаагаар бол өөрийнойр тойрныхондоодансаар шилжүүлсэн мөнгө нь баримтаар нотлогдож байгаа ч ямар аж ахуйн нэгжийн татварын өрийг бусад аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн гэдэг нь нарийн тогтоогдохгүй байгаагэнэ. Үүнээс үзэхэддээрххэрэг нь зөвхөн нотлох баримтаар цаасан дээр баталгаажсанүйлдлүүд нь гэсэн үг аж. Тэгэхээр тасгийн даргын дансны бус аргаар хувьдаа завшсан байж болох хэдэн төгрөг бийг тогтоож чадахгүй байгаа аж. Иймээс дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр арга хэмжээг авахыг тус дүүргийнхэнд сануулсан байна. Энэ нь дан ганц Баянгол дүүрэгт гардаг зөрчил биш аж. Нийслэлийн бүх дүүргүүдэд ийм зөрчил гардаг гэдгийгхуулийнханхэлжбайгаа юм. Тэгэхээр татварын байцаагч нарын гарын салаагаар Улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн сая, тэрбум төгрөг урсаж буйг таах аргагүй юм.

Тус дүүргийн татварын хэлтсийн мэдээлэл, бүртгэл хариуцсан ажилтнуудаж ахуйннэгжүүдийн татвар төлөлтийн талаар худал мэдээлэл оруулдагнь ч тогтоогдсон байна. Тэдгээр хүмүүсийннэг нь Н.Буянжаргал байсан гэдгийг эхсурвалжууд бас хэлж байна. Татвараа илүү төлсөн компаниудынмөнгөнөөс өөр компанийнтатвар төлөлтийн бүртгэлд авч бүртгэж байсан нь мөн нотлогдож байгаа ажээ.

Хагас жилийн өмнө татварын байцаагчид өөрсдийгөө хоёр тэрбум гаруй төгрөгөөр шагнаж, урамшуулсан гэх асуудал олны эгдүүцлийг хүргэж, тэдний булхай луйврыг дэлгэн тавьжбайсан билээ. Тэгтэл тэдний урамшууллын мөнгө нь хоёр тэрбум биш бүр дөрвөн тэрбум төгрөг болохыг АТГ-ын шалгалтаар тогтоосон байдаг. Энэ тухай аль дүүргийн хэн гэдэг эрх мэдэлтэн хэдэнсая, тэрбум төгрөгийг урамшуулал нэрээр өөртөө олгож байсанжагсаалтыг ч манай сонин тухайн үед нь олон нийтэд дэлгэж байсан.Хамгийн гол нь энэ их хэмжээний урамшууллын мөнгийг хэн авч байсан бэ гэдгийг тодруулах, сайтар шалгах шаардлага гарч байсан. Улсын төсөвт буцаантөлүүлэх арга хэмжээ шийдвэрүүд ч тухайн үед гарч байв.Гэвч тэр их хэмжээний мөнгийгбуцаан төсөвт төвлөрүүлсэн эсэх ньөнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс гэхэд574 сая төгрөг, мөн 200 саяыг нь Татварын ерөнхий газар руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байдаг. “Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран зарцуулахаар зохицуулсан нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ажиллаж байсан билээ. Энэ бас л иргэдийн татвар төлөгчдийн мөнгө. Татварынхан ийм маягаар төсвийн мөнгөнөөс хумсалж байгаа ньолон нийтийн хардлага, эсэргүүцлийг төрүүлэхээс хэтэрхгүй байгаа юм. “Аж ахуйннэгжийн татвар төлөх бүртгэлийг буруу хийнэ”, ”Татварын өргүй” гэсэн бичиг хийж авлига авна”, ”Дараа нь төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн” хэмээн өөрсөндөө урамшуулал олгоод байхад төсвт төвлөрөх ёстой мөнгө хэд байсан хичнээн нь дутсан гэдгийг мэдэж, тооцоолж чаддаггүй нь хачирхалтай.

Харинард олон төлөх ёстой мөнгөө төлөөд лнуруун дээрээ хамаг ачааг үүрсээр явна.Жил гаруйн өмнө Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Гансүх нарын хүмүүсийг хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан билээ. Ч.Гансүх нь хууль бусаар хөрөнгөжиж, 17 тэрбум төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгийг угааж, нууц амраг О.Бямбасүрэн, хүү Ч.Ганзулынхаа данс руу шилжүүлсэн байсныг хуулийн байгууллагынхан илрүүлэн шалгасан юм. Шүүхээс Ч.Гансүхэд 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулж байв. Түүнчлэн хууль бусаар олсон 2 тэрбум 845.309.193 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.Мөн Баянгол дүүргийн Татварынхэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Энхбатыг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэн50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулсан байдаг. Мөн хууль бусаар олсон 592 сая 835.500 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр, 50 сая 41.300 төгрөгийг гаргуулж Татварын Ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ мэт хэргүүдээс харахад л татварын байцаагч нартөсөв төвлөрүүлэх их мөнгөн дээр сууж өөрийн дураар завшиж суудаггүй гэх баталгаа байхгүй юм. Эцэст нь иргэдийн амин зуулга амьжиргаа доройтож буй. Харин тэр их мөнгийг тэрбум тэрбумаар нь халааслаад суудаг татварын зарим нэг ажилтнууд баяжиж, хэдэн жилийн ялаар шийтгүүлээд өнгөрч байна.

Д.МАРГАД